Categories
мэдээ нийгэм

ОУПХ-ны Ази, Номхон далайн бүлгийн чуулган Улаанбаатарт болно

Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүлгийн II чуулган энэ сарын 27-28-нд Улаанбаатар хотноо болно.

Чуулганыг зохион байгуулах ажлын багийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ахлан ажиллаж буй юм. УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр буюу энэ сарын 1-нд ажлын багт чуулганаар хэлэлцэх асуудал, түүнд Монгол Улсын парламентын оролцоог хангах үүрэг өглөө. Энэ удаагийн чуулганд ОУПХ-ны гишүүн ба гишүүн бус Ази, Номхон далайн бүсийн 40 гаруй орноос 150 орчим төлөөлөгч оролцох юм.

Чуулганаар чанартай боловсрол олгох замаар ядуурлыг бууруулах зорилтын хэрэгжилт, эх, хүүхэд, өсвөр насныхны эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх, урьдчилан сэргийлэх Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг хэлэлцэх юм. Монгол Улс “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичгийг 2016 онд баталсан бөгөөд энэхүү зорилтын хэрэгжилт ямар байгааг дүгнэх, танилцуулах, бусад улс орнуудтай жишин харьцуулах боломж гарч байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлоод, салбар хуралдаануудад боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбар хариуцсан сайд нар үндсэн илтгэл тавьж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

ОУПХ нь 1899 онд байгуулагдсан, дэлхийн 179 парламентыг эгнээндээ нэгтгэсэн, НҮБ-д ажиглагчийн статустай олон улсын томоохон байгууллага юм. Манай улс ОУПХ-нд 1962 онд элсэж, 1992 онд байнгын ажиллагаатай парламент байгуулсан үеэс эхлэн үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцсоор ирсэн билээ. Өдгөө УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Б.Саранчимэг, Н.Учрал нар ОУПХ-ны бүрэлдэхүүн хороодын гишүүнээр ажиллаж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Дархан” ба “мужаан” бэр

-ФЕЛЬЕТОН-

Бүх юм шагналаас эхэлжээ. Ер нь, монголчууд эдийн засаг нь унаснаас болж сүйдэхгүй, угаасаа нээх муудаад байх эдийн засагтай ч биш. Харин шагналаас болж юм дуулгах улс.

Манай нэгэн сумынхан эмэгтэйчүүдээ шагнах ажил зохиосон байна. “Дархан бэр” шалгаруулна гэнэ. Энэ нь төмрөөр элдэв шалдав юм хийдэг, шанаганы иш хугарвал залгаад хадчихдаг эхнэрүүдийн нэр биш юм байна. Харин “Дар” (дарах, дарсан, дарагдсан, дармал?) гэсэн үгнээс гарсан гэх хүн ч байна. Нөгөө зарим нь “дарь” гэсэн үгнээс үүдэлтэй, олон хөвүүн төрүүлж, “муусайн хадмуудынхаа дор дарь булдаг”, тэдний эрх мэдлийг дэлбэлж хаядаг болоод тэр гэхийг ч сонслоо. Бүүр байчихаад, Дарханыхан л бэрдээ нэр хоч өгөх дуртайгаараа гаргаа биз гэж дүгнэх этгээд ч тааралдав. Тэгж ярих юм бол “Дара Эх” болгож байгаа хэрэг гэж хэлэх хүн ч байна. Ямар ч байсан “дархан бэр” болох амаргүй, болзол маш хатуу аж.

Сумын даргын тушаалд зааснаар, дөрвөн хүү төрүүлсэн бэрийг шалгаруулна гэнэ. Улмаар дөрвөн хүүхдийн эцэг нь нэг эр хүн байх учиртай ажээ. Харин шалгаруулах, тэрнийх нь төлөө шагнах гээд байгааг бодоход тухайн нутагт ийм явдал их л ховор бололтой.Сүүлийн үед заавал эм хүн жирэмслэх, эр хүнээс жирэмслэх албагүй болсон нь үнэнтэй бөлгөө.

Болзол улам чангарсаар…Дөрвөн хүүхдийнх нь эцэг ба өөрийнх нь нөхөр хоёр нэг хүн байх ёстой юм байна. Цаашлаад нэг хадамтай гэдгээ нотариусаар батлуулж ирэх ажээ.

Болзол бүүр чангарсаар, тэр дөрвөн хүүгийн дундуур завсар гарсан байх учиргүй аж. Энэ их чухал заалт. Юуны өмнө нэг эцгийн дөрвөн хүүхдийн дундуур амаржилгүй жил өнжихийг хоригложээ. Хоёрдугаарт, энэ завсарт өөр эцгийн хүүхэд гаргасан бол хүчингүй аж. Гуравдугаарт, хөвүүдийн дундуур охин хавчуулагдан төрсөн бол цол шагналаас хасагдана гэсэн үг. Эцэст нь, нэг эцгийн дөрвөн хөвүүн төрүүлэх явцад өөр хүнтэй түр суугаад эргэж (жирэмслэхгүйгээр)ирсэн бол мөн л завсардсанд тооцох юм байна.

Говийн нөхцөлөөр “Дархан бэр” болох үнэхээрийн амаргүй. Алунгоо эх маань хүртэл тэнцээгүй хасагдсан гээд бодчих. Сумын засаг даргын цохолтод “…Иргэн Добугийн эхнэр Алунгоо таван хүүхэдтэй нь үнэн боловч дундуураа завсартай, улмаар сүүлийн гурван хүүхдийн эцэг тодорхойгүй тул “Дархан бэр” болох эрхийг нь хассугай. Нэхэмжлэгч Алунгоо нь дахин нэрээ дэвшүүлэх, давж заалдах эрхгүй болно. Цаашид “таван сумны домог” гэхчлэнгийн нотариатаар баталгаажуулаагүй бичиг үзүүлж, сум орны удирдлагыг залхаахаа зогсоохыг шаардаж байна” гэжээ, базарваань хумпад!

Дархан бэр болох ихээхэн үр ашигтэй гэнэм. Юуны өмнө үнэмлэх, өргөмжлөлөөр шагнах юм байна. Хэрвээ, гэр бүлийн асуудалд ороолдох юмуу, хүүхдийнх нь эцгийн талаар хов дэгдвэл тэрхүү өргөмжлөлөө барьж очоод бут ниргэх нигууртай ажаам. Улмаар, “Дархан бэр”-ийг гэр бүлийн дотоод асуудал шийдвэрлэхэд оролцох эрхийн мандат олгох тухай уг бичигт дурджээ. (Сонгуулийн эрхийг дараа нь ярина)

Ямар ч сайхан шийдлийг муухай бэрхшээл дагаж ирдэг номтой. Дархан бэр дахиад хүүхэд гаргавал, эсвэл охин төрүүлээд эхэлбэл яах вэ?

Ухаалаг дарга нар энэ асуудлыг тооцоолоогүй биш, тооцоолсон байна. Эхний ээлжинд монгол бөхийн уламжлалаар чимэг нэмнэ. “Улам нэмэх”, “саруул сайжрах”, “машид гайхуулагч” гэхчлэн, хүү нэмэхийн хэрээр чимэг нэмнэ. Харин “олныг баясуулагч” гэдэг чимгийг шийтгэлийн журмаар хэрэглэх болсныг дуулгая.

Хэрвээ хоёр дахь удаагаа “Дархан бэр” болсон тохиолдолд сонгох, сонгогдох эрх яригдана гэнэ. “Хошой дархан бэр” нь гэр бүлийн ямар ч гишүүнээр сонгогдох эрх эдэлж, “өрхийн тэргүүн”, хүсвэл “хадам ээж”, бүүр их хүсвэл “хадам аав”-аар ч сонгогдож болно гэсэн үг.

Нэг чухал юм мартах гэж байна. Дархан бэр охин гаргаад эхэлбэл түүнийг “хөдөлмөрийн сахилга батыг ноцтой зөрчиж, ажлын байрандаа тавих хяналтыг сулруулсан” үндэслэлээр цолыг бууруулж, “Дархан бэрийн үүрэг гүйцэтгэгч” болгох ба дутагдлаа засах, хугацаатай үүрэг өгнө гэнэ. Улмаар “Дархан бэр”-ийн үнэмлэх, өргөмжлөлийг ашиглах эрхийг нь тодорхой хугацаагаар хасна гэсэн.

Энэ бүхнийг үл хайхран хоёр дахь охиноо төрүүлбэл “Дархан бэрийн хэргийг түр хамаарагч” болтол тушаал бууруулан, хүүхдийнхээ хүйсийг солиулах боломж олгохоор тусгасан гэх. Эцэст нь “мужаан бэр” болтол тушаал бууруулах арга хэмжээнүүд тэнд байна.

Цаашдаа, “дархан бэр” төвтэй гэр бүл хөгжүүлэлтийн бодлого боловсруулжээ. Бодлого ёсоор бол “Дархан бэрийн хүүхдүүд хоорондоо гэрлэх явдлыг дэмжих” замаар цэвэр цусны элит гэр бүл гарган авах юм байна. Oh My God!

Амжилтандаа урамшсан дарга нар “Дархан хүргэн” төрүүлэх шинэ санаа сэдэн ажиллаж байгаа юм байна. Тэдний гаргасан болзлын эхний өгүүлбэр “Дархан хүргэний хадам ээж нь заавал Дархан бэр байна…” гээд л эхэлж байна гэнэ. Oh Your God!

Цааш нь бичих үү, яахав?

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Учрал: Фэйсбүүкт зөвхөн утасны дугаараараа бүртгэл үүсгэдэг болно

УИХ-ын гишүүн Н.Учралтай ярилцлаа.


-Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа. Уг хуулийн зохицуулалтаар фэйсбүүкт регистрээрээ нэвтэрдэг болох нь гэх ойлголт үүсээд байгаа. Ер нь яг ямар зохицуулалт орж байгаа юм бэ?

– Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд батлагдсаны дараа бид Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль, Өгөгдөл хамгааллын тухай хууль Засгийн газраас өргөн баригдах гээд бэлтгэгдсэн. Эдгээрийг салбарын суурь хуулиуд гэж ойлгож болно. Харилцаа холбооны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хүмүүс сайн уншиж танилцах хэрэгтэй. Элдэв буруу мэдээллийг өөгшүүлэх шаардлагагүй болов уу. Регистрийн дугаараараа орно гэсэн зүйл байхгүй.

Хууль гарснаар “Mobile id” гэдэг зүйл анх удаа хэрэгжинэ. Хүмүүс гар утасны дугаараараа id-тай болно гэсэн үг. Олон нийтийн сүлжээнд орохдоо гар утасны дугаараараа бүртгүүлнэ. Одоо ч гэсэн гар утасны дугаар, и-мэйл хаягаараа фэйсбүүкт бүртгэл үүсгэдэг шүү дээ. Харин тэрхүү дугаар нь бүртгэлтэй л байх ёстой юм. Утасны дугаар авахыг хүсвэл хурууны хээ болон мэдээллээ заавал өгөх хэрэгтэй. Тэрхүү утасны дугаараараа л фэйсбүүкт бүртгүүлнэ гэсэн үг. 2016 онд 600 гаруй мянган бүртгэлгүй утасны дугаар байсан. Одоо тэр тоо багассан. 99 хүртэлх хувь нь бүртгэлжчихсэн. Гарч буй гол өөрчлөлт нь и-мэйл хаягаараа бүртгүүлэхээ л болих юм.

-Манай хууль эрх зүйн орчинд нийцүүлж фэйсбүүк компани нэвтрэх хэсэгтээ өөрчлөлт хийх үү?

-Бид дуртай зүйлээ хуульчилаад глобал компани түүнийг дагана гэж байхгүй. Ямартаа ч бид энэ өөрчлөлтийг сая ирсэн фэйсбүүкийн төлөөлөгчдөд уламжилсан. Хуулиа баталсныхаа дараа фэйсбүүк компанид мөн хандана. Хэрвээ манай эрх зүйн орчныг хүндэтгэх юм бол зөвхөн гар утасны дугаараараа фэйсбүүкт бүртгэл үүсгэдэг болно.

-Энэ өөрчлөлт орсноор нэр нүүрээ нууцалж бусдыг гүтгэн доромжилдог, худал мэдээлэл цацдаг байдлыг хянах боломж бүрдэнэ гэж ойлгож болох уу?

-Гар утасны дугаараараа бүртгэл үүсгэсэн ч энэ аккаунтын цаана хэн байгааг мэдэх боломж нь хязгаарлагдмал. Энэ хаягны цаана ямар хүн байна, тэрний мэдээллийг өгөөч гэж бид фэйсбүүк компанид хандлаа ч өгөхгүй. Тодорхой нууцлалтай шүү дээ. Тухайн фэйсбүүк хэрэглэгч хүн гүтгэн доромжилж, хэн нэгнийг гэмт хэрэгт уруу татсан гэх зэргээр хууль зөрчсөн үйлдэл гаргасан бол түүнтэй холбоотой гомдлыг цагдаагийн байгууллагад гаргаж болно. Энэ тохиолдолд тэр нь хууль хяналтын байгууллагын асуудал болчихож байгаа юм. Харин хууль хяналтын байгууллагаас фэйсбүүк компанитай өөрсдөө харилцана. Түүнээс хэн нэгэн хүн фэйсбүүк компанид хандаад тэрний, энэний мэдээллийг өгөөч гээд авах боломж байхгүй. Энэ глобал компани хүний нууцыг маш сайн хадгалдаг. Харин бид фэйсбүүк компанийн төлөөлөгчидтэй яриад “Green channel” буюу “Ногоон суваг”-ийг үүсгэхээр болсон. Ингэснээр хуурамч мэдээ мэдээллийг цаг алдалгүй түргэн, шуурхай шийдвэрлэх боломж бүрдүүлж байгаа юм. Үүнийг Харилцаа холбооны зохицуулах хороо, Фэйсбүүк компанитай хамтарч ажиллуулах юм. Манай улсад энэ асуудлыг хариуцах төлөөлөл бий болно. Мөн манай “Ногоон суваг”-ийг удирдаж ажиллах монгол хүмүүсийг ажилд авна гэдгээ албан ёсоор хэлсэн.

Дээрээс нь хүмүүс төрийн байгууллага бүх мэдээллээ фэйсбүүкт өгөх гээд байна гэх зүйлийг ярьдаг. Үнэн хэрэг дээрээ та бүхэн өөрсдөө мэдээллээ өгчихсөн шүү дээ. Хүн болгон гар утасны дугаар, бусад мэдээллээ өгөөд аккаунтаа нээчихсэн. Иргэн бүр тэр компанитай өөрсдөө харилцдаг. Түүнээс төр албадаагүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.

-Та өмнө нь Монгол Улсын төрийн мэдээллийн сервер, төрийн мэдээллийн сайтууд халдлагад өртсөн талаар хэлж байсан. Энэ асуудал хэрхэн шийдэгдсэн юм бол?

-Монгол Улсын төрийн мэдээллийн сервер, төрийн мэдээллийн сайтууд халдлагад өртсөн талаарх мэдээлэл “Kaspersky Lab”, securelist.com, cyberscoop.com, pressreader.com сайтуудад гарсан. Эдгээр нь маш хариуцлагатай сайтууд л даа. “Kaspersky Lab” нь мэдээллийн аюулгүй байдлыг хангадаг, вирусээс хамгаалах программыг хийдэг компани юм. Бид ч гэсэн вирусээс хамгаалахын тулд албан ёсны лиценз бүхий программыг нь компьютертээ суулгаж мэдээллийн аюулгүй байдлаа хангадаг. “Kaspersky Lab” нь аль нэг улс мэдээллийн аюулгүй байдал халдлагад өртвөл хамгийн түрүүнд мэддэг. Тиймдээ ч тус компани 2017 онд “Танай улсын төрийн мэдээллийн сан халдлагад өртжээ. Энэ асуудалдаа анхаараач ээ” гэж албан ёсоор мэдэгдсэн юм билээ. Энэ талаарх нарийг мэдээллийг авахыг хүсвэл тодорхой хэмжээний төлбөр төлөх шаардлагатайг ч хэлжээ. Гэтэл тэр үед Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас энэ асуудлыг Засгийн газрын түвшинд авч хэлэлцэлгүйгээр шууд хариуг нь явуулчихсан байгаа юм. Үүний дараа “Kaspersky Lab”-аас Монгол Улсыг төрийн мэдээллээ алдсан болох талаар мэдээлчихсэн юм билээ. Ингэснээр мэдээллийн аюулгүй байдлын индекс 104-т ороод ирсэн. Энэ хэрээрээ гадны хөрөнгө оруулагчид эмээж эхэлсэн. Гадны хөрөнгө оруулагчид оюуны өмчийн хамгаалалт, мэдээллийн аюулгүй байдалд асар их анхаардаг.

-Тэгэхээр бид цаашид хэрхэн мэдээллийн аюулгүй байдлаа хангах вэ?

-Бид ч үүнд их анхаарч байгаа. Цахим мэдээллийн аюулгүй байдлын хуулиар Мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах үндэсний төвийг байгуулах юм. Тэнд мэргэжлийн залуусыг авч ажиллуулна. Хадгалалтыг нь Дата төв, хамгаалалтыг нь Мэдээллийн аюулгүй байдлын үндэсний төв нь хийдэг байхаар зохицуулах юм. Зөвхөн Монгол Улсын төрийн бүх байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагатай болох нь тун чухал. Дата төв дээрээ төрийн мэдээллийн сангаа хадгалахын сацуу иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулдаг ажлыг нь хийлгэдэг байя гэж байгаа юм. Дээрээс Дата төвд байгаа хувийн, гадны компанийн серверүүдийг бүгдийг нь гаргана. Энэ нь Төрийн ордонд гадны байгууллага орж ирээд оффис түрээслээд байгаатай адил юм шүү дээ. Дата төв орлого гэж жилдээ 200 гаруй сая төгрөгийг Засгийн газарт бүрдүүлж өгдөг. Тэр мөнгөө олохын тулд тэрхүү мэдээллийг байршуулдаг юм байна. Цаашдаа Дата төв төсөвт орлого бүрдүүлдэг байгууллага байхаа болино. Төрийн мэдээллээ хадгалдаг, иргэдийнхээ мэдээллийг авч байгаа учраас үйлчилгээ үзүүлдэг л байгууллага байх ёстой. Энэ ажлуудыг хамгийн эхэнд хийхээр төлөвлөж байна. Түүнчлэн Өгөгдөл хамгааллын тухай хуулийг гаргах гэж байна. Хууль зүйн орчнууд нь шинэчлэгдээд ирэхээр бид Засгийн газрын түвшинд энэ ажлуудыг зохион байгуулахад хялбар болно. Одоо хууль эрх зүйн орчин нь баталгаатай бус, шинэчлэгдээгүй учраас ийм асуудлууд гараад байгаа юм.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа байх. Ардчилсан намын зүгээс нэг хүчин дангаараа Үндсэн хууль батлах нь зохисгүй гэх байр суурийг илэрхийлж байгаа. Энэ тухайд?

-Үндсэн хуулийг дариу өөрчлөхгүй бол улс төрийн тогтворгүй байдал, шийдвэр нь гарчихаад хэрэгжихгүй байх, кабинетын зарчмаар хариуцлага хүлээдэггүй явдлууд дуусахгүй юм билээ. Тиймдээ Үндсэн хуулинд хурдан хугацаанд өөрчлөлт оруулах нь зөв. Үндсэн хуулиа баталчих юм бол үе үеийн парламентын үйл ажиллагааг тодорхой болгох давуу талтай юм. Ялангуяа парламтентыг томилгооноос холдуулах, Засгийн газрын төсөв мөнгөн дээр дураараа өөрчлөлт хийдэг байдал өөрчлөгдөнө. Өнөөдөр Засгийн газар нь парламентынхаа барьцаанд орчихсон байна. Ерөнхий сайд ямар бүрэлдэхүүнээр ажиллах гэж байгаа талаараа УИХ-д танилцуулахад болох хэлбэрээр бид явах ёстой. Хууль хяналтын байгууллагын томилгоог ч тэр улс төрөөс холдуулах ёстой. Ер нь бол эрх мэдлийг нь багасгаж хууль л баталдаг мэргэжлийн парламент болгосон цагт улс төрд оръё, УИХ-д сууя гэх хүмүүсийн тоо буурна, сонирхол нь багасна. Ингэж гүйцэтгэх болон хууль тогтоох эрх мэдлийн хараат бус байх зарчмыг хэрэгжүүлэх ёстой. Мөн сум, орон нутаг дахь улстөржилтийг багасгах ажил нэн тулгамдаад байна. Төрийн тогтвортой байдлыг хангаж сонгуулиас сонгуулийн хооронд амьдардаг байдлаа зогсоох нь ч зөв юм. Ийм өөрчлөлтүүдийг хийе гэж бодож байгаа. Одоо Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө хийж байж энэ оны сүүлээр Сонгуулийн тухай хуулийг баталж гаргана. Сонгуулийн тухай хуулиа Үндсэн хуулиндаа нийцүүлж гаргаад 2020 оны сонгуульд оролцвол энэ тогтворгүй байдал арай л эмхэрнэ гэж ойлгож байна.

-Та ОУПХ-ны хуралд оролцсон. Тэдний С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор гаргаж буй санал, зөвлөмж сая байгуулагдсан Түр хорооны чиг үүрэгтэй нийцэж байна уу?

-ОУПХ-ны Хүний эрх, ардчиллын байнгын хорооны хуралд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь гишүүн бид гурав оролцсон. С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуултуудад тодорхой хариулт өгсөн. Манайд жилийн өмнө ОУПХ-ноос зөвлөмж ирсэн. Тэр зөвлөмжид “Эрүүдэн шүүсэн байж болзошгүй тул анхааралдаа ав, хурдан хугацаанд эрх зүйн орчиндоо өөрчлөлт хий” гэсэн. Хэрвээ сая ҮАБЗ Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын тухай болон Авлигын эсрэг хуулиудад өөрчлөлт хийгээгүй байсан бол Монгол Улс олон улсын тавцанд маш эвгүй байдалд орох байсан юм билээ. Хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гаргачихаад байхад Монгол Улс анхаарахгүй, парламент нь ямар нэгэн шийдвэр гаргахгүй нь ямар учиртай вэ гэх асуудал үүсэх байж. Бид дээрх хуулиудад өөрчлөлт оруулсан тухайгаа хэлсэн. Мөн тэр хүмүүсийг эрүүдэн шүүсэн болон мөрдөн байцаалтад оролцсон прокурорууд, хэргийг шийдсэн шүүгчид, энэ хэрэгт оролцсон хууль хяналтын байгууллагынхныг албан тушаалаас нь чөлөөлсөн талаар мэдээлсэн. “Монгол Улс тодорхой дэвшил гаргасанд баяртай байна. Хүнийг эрүүдэн шүүсэн байхад зүгээр сууж болохгүй” гэдгийг ОУПХ-ны Хүний эрх, ардчиллын байнгын хорооны дарга нь бидэнд хэлсэн.

Тухайн үед УИХ-ын даргын захирамжаар ОУПХ-ны зөвлөмжид хариу өгөх Ажлын хэсэг УИХ дээр байгуулагдаж байсан. Одоо Түр хороог байгуулж байна. УИХ-ын бүтцийн байгууллага байгуулчихлаа. Манай улс тухайн хүмүүсийг ажлаас нь чөлөөлөх хууль эрх зүйн орчинг нээчихлээ. Түр хороогоороо холбогдох мэдээллүүд дээр ажиллаад ОУПХ-ны зөвлөмжид албан ёсоор хариу өгнө. Ер нь бол тодорхой дэвшил гарлаа гэж ойлгож болох юм.


Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганаар дараахь асуудлуудыг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагийн хуралдаанаар 13 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын төсөл, Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Харилцаа холбооны тухай, Шуудангийн тухай, Радио долгионы тухай болон Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтжээ.

Мөн Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай, Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийн тайлан, “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” болон “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ.

Түүнчлэн чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын явц” сэдвээр мэдээлэл хийх юм. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Ерөнхий сайдын мэдээллийг баасан гарагийн үдээс хойш буюу 15.00 цагт сонсоно.

Categories
мэдээ цаг-үе

ММСУХ-ны Тэргүүлэгч гишүүн Т.Төрбат: Монголчуудын морио дээдэлдэг цагаан сэтгэлийг улс төрийн зорилгоор ашигладгаа болих хэрэгтэй

ММСУХ-ны ээлжит VII их хурал болж дүрэмдээ шинэчлэл хийж, бүтэц зохион байгуулалтаа өөрчилж, шинэ удирдлага, Тэргүүлэгчидээ сонгож, улмаар бодлого чиглэл, үйл ажиллагаагаа шинэ түвшинд гаргахаар ажиллаж байгаа билээ. Монголдоо хамгийн олон гишүүнчлэлтэй тус ТББ-ын ажлын алба нь өдөр тутмын үйл ажиллагаатай болжээ. Ингээд тус холбооны Тэргүүлэгч гишүүн Т.Төрбаттай сүүлийн үед өрнөж буй үйл явц, цаашдын чиглэл, бодлого зорилтынх нь талаар ярилцлаа.


-ММСУХ-ны 7 дугаар их хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд болж аймаг, сум бүрээс төлөөлөгч оролцсон маш өргөн бүрэлдэхүүнтэй хурал болох шиг болсон. Та бол хурлын бэлтгэл ажлын бүх процесст оролцсон хэдэн хүний нэг. Дүрмийн төсөл дээр ч хуульчийнхаа хувьд ажилласан. Их хурлын үр дүнг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Их хурлын гол онцлог нь өмнө болсон зургаан их хурлаасаа илүү ардчилалтай, төлөөлөгч бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн, зарчмын санал бүрийг дүрэмдээ тусгах эсэх талаар санал хураасан, энэ хэрээрээ бараг 20 цаг үргэлжилсэн хурал болсон. Хамгийн гол нь бүх аймаг, сум, дүүргээс төлөөлөгч ирсэн. 2018 оны хавар УИХ-ын нэр бүхий гишүүд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсан. Төслийн хэлэлцүүлэгт ММСУХ, ММСЗУХ зэрэг ТББ-ууд оролцож тодорхой саналуудыг өгсөн. ММСЗУХ-ны хувьд Төрийн ордонд зөвлөгөөн хийж уяачдын саналыг нэгтгэсэн. Харин ММСУХ-ноос орон нутгийн салбар холбоодоороо тойрч, 20 аймагт очсон байдаг юм билээ. Энэ үеэр уяачдын зүгээс Холбооны их хуралд төлөөлөгчөөр оролцох хүсэлтэйгээ маш их илэрхийлсэн байдаг. Мөн дээрх хуулийн төслийн тодорхой өөрчлөлт, үзэл баримтлалд өгөх саналыг нийт уяачдын олонхын дагуу нэгтгэх нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр засаг захиргааны нэгж бүрээс төлөөлөл ирж нийтдээ 728 төлөөлөгч их хуралд оролцсон. Үүний 80 орчим хувь нь орон нутгийн төлөөлөгчид байсан. Их хурлаар холбооны удирдлагын асуудал яригдах нь тодорхой. Үүн дээр нэмэгдээд ер нь хурдан морины уралдаан гэдэг маань дан ганц Монголын ард түмний бий болгосон өв соёл, уламжлал гэдгээсээ гадна спортын чиг хандлагатай болсон, бусад нийгэм, эрх зүйн харилцаа үүсдэг болсныг тусган дүрэм журамдаа өөрчлөлт оруулж цаасан дээр буулган баталгаажуулах, энэхүү суурь баримт бичгүүдээ өнөөгийн Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, бусад захиргааны хэм хэмжээнд нийцүүлсэн байх, тийм ТББ-ын дүрэм, морин уралдааны дүрмийг батлах шаардлагатай болжээ гэж үзсэн. Холбооны их хурлаар хэлэлцэх суурь баримт бичгүүдийг боловсруулах ажлын хэсэг тусдаа байгуулсан юм. Ажлын хэсэгт голдуу хуульч, эрх зүйч мэргэжилтэй залуучууд орж ажилласнаараа мөн онцлог юм.

-Ажлын хэсэгт уяачдаас хүн ороогүй юм уу?

-Дан ганц хуульч, эрх зүйч хүмүүс биш л дээ, давхар хурдан морины уралдааныг сонирхдог, морь уядаг, морины орчинд ойр байдаг тийм хүмүүс дүрмийн төслийг боловсруулсан. Тус ажлын хэсгээс Их хуралд танилцуулсан дүрмийн төсөл бол маш сайн болсон гэж хувьдаа үзэж байгаа.

-Холбооны хуучин дүрэм журмуудыг үндсээр нь өөрчилсөн гэсэн үг үү?

-Хуучин холбооныхоо дүрмийг бол эвдээгүй. Нэмж сайжруулсан, баяжуулсан, илүү задалж нарийвчилсан. Ялангуяа цаашдаа уяачийн үүрэг хариуцлагын асуудлыг илүү сайжруулах зорилтынхоо дагуу тодорхой шинэ бүтцийг нэмж өгсөн гэх мэт шинэлэг өөрчлөлтүүд бий. Мөн цаашдаа төрийн байгууллагууд, салбар холбоодтойгоо уялдаж ажиллах чиглэлээ тодорхой болгож өгсөн байгаа.

-Сая болсон их хурлын үйл явцыг харж байхад уяачид яах аргагүй хоёр хуваагдан үзэж тарж байгаа харагдсан. Хэрүүлийн гол сэдэв нь өнөө л эрлийз, монголоор нь ялгаж уралдуулна, өндрийн хэмжээ, үүлдэрлэг байдлаар нь ялгана, ялгахгүй гэсэн хэрүүл байсан. Үүн дээр Монголын уяачид нэг мөр шийдэлд хүрч чадсан уу?

-Их хурлын төлөөлөгчдийн олонх нь энэ асуудалд л онцгой анхаарлаа хандуулсан тал бий. Энэ асуудал нь өөрөө зарим хүмүүсийн эрх ашгийг зөрчдөг, заримынх нь эрх ашигт нийцдэг маш их маргаан дагуулдаг сэдэв. Их хурлаар хэлэлцэх асуудлын дарааллыг эвдэн түрүүлж яригдсан нь зарчмын хувьд алдаатай мэт боловч тийм хурцадмал түвшинд хүрснийг илтгэнэ. Уг нь бид эхлээд суурь бичиг баримтуудаа батлаад явах ёстой. Гэвч уяачдын маань өмнө тулгараад байгаа гол асуудал учраас энийгээ эхэлж ярих нь зөв юм байна гэж үзээд энэ асуудлаар холбогдох шийдвэрүүдийг эцэслэсэн байгаа.

-Яаж эцэслэсэн юм бэ. Өнөөдөр ч маргаантай л байх шиг харагдах юм?

-Их хурал хангалттай хэлэлцэж, олонхоороо шийдсэн. Нээлттэй, бүгдийнх нь үг, үнэт санал бодлыг сонсож, түүнээс нь зарчмын зөрүүтэй саналууд гарч маш тодорхой санал хураалтуудыг явуулсан. Жишээ нь, монгол адууг эрлийзээс ялгах ёстой юм уу, үгүй юм уу гэдэг дээр санал хураагаад олонх нь “Ялгах ёстой” гэсэн шийдвэр гаргасан. Ялгахдаа яаж ялгах юм, үүлдэрлэг байдлаар нь уу, сэрвээний өндрөөр нь үү, эсвэл хоёуланг нь харгалзан үзэж ялгах уу гэхчлэн тус бүр дээр нь санал хурааж тооллогын комиссыг 25 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан саналыг нэгтгэсэн.

-Тодорхой л гээд байх юм, яг ямар үр дүн гарсан гэж?

-Олонхоороо зөвхөн сэрвээний өндрөөр нь ялгана гэсэн шийдвэр гаргасан байгаа. 2015 онд Улсын баяр наадмын зохион байгуулах хорооноос баталсан журамд заагдсан хэмжээнүүдийг нэг бүрчлэн танилцуулаад, үүн дээр зарчмын зөрүүтэй саналтай хүн байна уу гэж асууж байгаад баталсан. Ингээд цаашид сэрвээний өндрөөр нь эрлийз, монгол адууг ялгаж уралдуулах ММСУХ-ны байр суурийг тодорхой болгох тогтоолыг гаргасан. Энэ бол Их хурлын эцсийн шийдвэр. Харин зарим нэг уяачид үүн дээр их буруу зөрүү ойлголттой байгаа. Зөвхөн ММСУХ-ны шийдвэр мэтээр ярьдаг. Тийм биш. Тэгж яривал Холбооны их хурлыг зохион байгуулагчид буюу тодорхой хэлбэл ММСУХ-нынхон энэ асуудлыг бүр эсрэгээр нь гаргаж дэвшүүлсэн. Үүлдэрлэг байдал, сэрвээний өндөр хоёуланг нь харж ялгана гэсэн өмнөх шийдвэрээ хадаглах байр суурьтай байсан. Үүлдэрлэг байдлаа орхигдуулж болохгүй гэж шинэчилсэн дүрмийн төсөлдөө үүнийгээ үг үсгээр нь яг таг тусгаж Их хуралд оруулж ирсэн. Харин төлөөлөгчдийн уур амьсгал бол өөр байсан. Их хурлын төлөөлөгчид олонхоороо шийдсэн асуудал гэдгийг манай нийт уяачид маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ нь дан ганц Уяачдын холбооны шийдсэн асуудал биш гэдэг нь хэнд ч тодорхой юм шүү дээ.

-Ер нь өмнөх холбооны дүрэм журам цаг үеэсээ хоцорсон гэж үзсэн үү?

-Тэгэлгүй яахав. ТББ-ын дүрэмд холбогдох хууль тогтоомж болон төрийн байгууллагуудын тавьсан шаардлагын дагуу батлагдах ёстой. Мөн 2005 онд Засгийн газраас баталсан “Хурдан морины уралдааны дүрэм” тогтоолын хавсралт байгаа, тэр дүрэм маань өнөөдрийн хурдан морины уралдаантай холбоотой үүсэх харилцааг зохицуулахад дутагдалтай зүйл их бий. Яг энэ хоёр асуудал дээр Холбоо бол эхлээд хуулийн шаардлагад нийцсэн дүрэмтэй байх ёстой юм байна. Хоёрдугаарт, өнөөдрийн хурдан морины уралдааны түвшинд яригдаж байгаа асуудлыг бүгдийг нь тусгасан, нарийвчилсан тодорхой зохицуулалттай болох ёстой юм байна гэсэн байр сууринаас хандсан. Бичиг баримтыг ч ингэж боловсруулсан. Их хурлын төлөөлөгчид үүнийг сайн нягталсан, зарчмын зөрүүтэй саналууд гарвал тухайн бүрт нь санал хураагаад асуудлыг эцэслэсэн байгаа. Цаашдаа бид дүрмээ улам сайжруулах, зорилго, зорилтдоо илүү сайн нийцүүлэх, түүнээсээ цаашлаад холбооны эрх зүйн чадамжийг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлж ажиллах шаардлагатай байна. Үүнийг хуулинд тусгаж өгөх, төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх эрхийг олж авах замаар шийдэх арга замыг эрэлхийлж байна. Үүний тулд бид энэ баталсан дүрмээ ягштал дагаж мөрдөх хэрэгтэй. ММСУХ нь шинэ бүтцээрээ “Хууль эрх зүй, дүрмийн хэрэгжилтийн бодлогын хороо”-той болсон. Энэ Бодлогын хороо маань энэ бүх асуудалд анхааралтай хандаж, эрчимтэй ажиллаж байгаа.

-Бүтэц гэснээс саяны их хурлаар ММСУХ нь шинэ удирдлагуудтай болсон. Үүнийг уяачид, морь сонирхогчид маань сонирхож, анзаарч байгаа. Товчхон мэдээлэл өгөөч?

– Шинэ бүтцээрээ ММСУХ нь дотроо зургаан бодлогын хороо хариуцсан дэд Ерөнхийлөгч нартай болсон. Удирдах зөвлөл болон Тэргүүлэгчид маань 61 гишүүнтэй байгаа. Энэ 61 хүн зургаан бодлогын хороондоо хуваагдаж ажиллана. Өмнөх бүтэц дээр шинээр нэмэгдсэн нь дээрх Хууль эрх зүй, дүрмийн хэрэгжилтийн бодлогын хороо байна. Залуу уяачид, унаач хүүхдийн хөгжил, тэдний сургалтын асуудлыг хариуцсан бодлогын хороо, Бүртгэл мэдээллийн сан хариуцсан бодлогын хороо бас нэмэгдсэн. Хурдан морины уралдаанд оролцогчид болох уяачид, уралдаанч хүүхдүүд, хурдан морьдоо бид бүртгэж, мэдээллийн сан үүсгэх ёстой. Гэхдээ энэ бол дунд хугацааны ч гэх юмуу, ирээдүйд зорьж буй ажил. Дээр нь холбооны ажлын алба өдөр тутмын байнгын ажиллагаатай болсон.

-Их хурлаас хойш нэгэн шинэ мэдээлэл түгэх болсон нь хэсэг хүмүүс шинээр “Үндэсний морин уралдааны холбоо” байгуулснаа зарлаж, их хурлаа хийхээ мэдээлсэн. Тэгэхээр ММСУХ маань хоёр хуваагдчихав уу?

-Юуны өмнө нэг зүйлийг тодорхой хэлэхэд ММСУХ дотроо хуваагдаж, салж сарнисан зүйл огт байхгүй. Монгол Улсын хуулиар иргэн бүр эвлэлдэн нэгдэх, эвсэл холбоо, ТББ байгуулах эрх нь нээлттэй. Энэ хуулийн хүрээнд хэсэг хүмүүс Монголын Үндэсний морин уралдааны холбоо гэх ТББ байгуулж анхдугаар их хурлаа хийх гэж байх шиг байна. Үүн дээр ММСУХ ямар нэгэн сөрөг байр сууринаас хандсан асуудалгүй байгаа шүү гэдгийг онцлон хэлье. Бид бусдын үзэл бодол, үйл ажиллагаанд шууд оролцох эрхгүй. Гэхдээ цаашид бидний ярих сэдэв нэг учир тодорхой асуудлууд дээр байр сууриа илэрхийлэх байх. Ер нь өөр, өөрсдийн үйл ажиллагаагаараа ялгарах байлгүй дээ гэсэн төсөөлөлтэй байгаа.

-Тэгээд юу гэж, хүлээн зөвшөөрсөн гэсэн үг үү. Монголд дорвитойхон үйл ажиллагаа явуулж байгаа, томоохон гишүүнчлэлтэй олон нийтийн байгууллагууд бүгдээрээ л ямар нэг байдлаар улс төрийн нөлөөнд ордог. Улстөрчдийн гар хөл болчих гээд байдаг. Монголын уяачид хоёр хэсэг болсон мэт харагдаж байгаа нь энэ хардлагыг бас төрүүлж байгаа. Танай холбоо жишээ нь улс төрөөс хэр ангид байгаа вэ?

-Энэ асуудлыг ярихаар эргээд Их хурлынхаа сэдэв рүү орох гээд байна. Би түрүүнд хэлсэн Үндэсний баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлгийн үеэр хэсэг залуучууд хөдөлгөөн байгуулсан юм. “Морин уралдааны уламжлал шинэчлэл хөдөлгөөн” гэж. Энэ хөдөлгөөн маань тухайн үед үүссэн нөхцөл байдал, бий болсон асуудлыг хэлэлцэж 300-аад уяачийн төлөөлөл оролцсон зөвлөгөөнийг бас хийсэн. Тэндээсээ санал дүгнэлтээ нэгтгэж шийдвэр гаргах эрх бүхий хүмүүст хүргүүлсэн байдаг юм билээ. Ингээд ММСУХ-ны VII их хурлын өмнөхөн тус хөдөлгөөн татан буугдсан. Татан буугдсан үндэслэлээ хэлэхдээ “Бид Уяачдын холбоотой нэг зүйлийн төлөө яваа, ижил зорилго чиглэлтэй учир нэгдмэл байх нь зүйтэй” гэсэн утга илэрхийлсэн байдаг. Ингээд VII их хурлын төлөөлөгчөөр тус хөдөлгөөний хүмүүс саналын эрхтэйгээр оролцсон. Тус хөдөлгөөнийг үүсгэн байгуулагчдын нэг болох залуу их хурлаар хэлэлцэх дүрэм журмыг боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан. Бид нэг зорилготой гэдэг дотор нь морин уралдаан бол цаашдаа улс төрөөс ангид байх ёстой, улстөрчдийн нөлөө байх ёсгүй, улстөрч удирдлагуудтай байж болохгүй гэдэг байр суурь орно. Их хурлаар өнгөрсөн хугацаанд холбоо улстөрч удирдлагуудтай байсан нь үйл ажиллагаа болон морин уралдаан, уяачдын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна гэх асуудал нэлээн ширүүн яригдсан. Төлөөлөгчид хатуу байр суурь илэрхийлсэн. Хурлын уур амьсгал ширүүн байсан нь тухайн үед холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшихээр зэхэж байсан улстөрч эрхэм нэрээ татах хүртэл хэмжээнд нөлөөлсөн. Өнөөдөр холбооны удирдлагад улс төрийн ямар нэгэн албан тушаал, эрх мэдэлтэй нэг ч хүн байхгүй. Цаашид ч үүн дээр хатуу байр суурьтай байна гэсэн бодлоготой байгаа. Уяачид маань ч бүгдээрээ тийм байр суурьтай байна. ММСУХ-ны хувьд улстөрчид үйл ажиллагаанд нь оролцдог, холбоог улс төрийн зорилгоор ашигладаг явдалд цэг тавьж цаашид улс төрийн нөлөөнд автахгүй байх арга замыг сонгосон гэдгийг хариуцлагатай хэлье. Мөн сая Удирдах ажилтны V зөвлөгөөнийг хийлээ. 21 аймгийн салбар холбоодын удирдлагууд цуглаж өөрсдийн санал, хүсэлтийг дэвшүүлсэн ба холбооны зүгээс цаашид VII Их хурлаас баталсан дүрэм, холбооны бодлого шийдвэрүүдийг ягштал мөрдөж байх чиглэлийг өгсөн байгаа.

-Шинээр байгуулагдсанаа зарласан Үндэсний морин уралдааны холбооныхон төрийн ордноор нэлээн байршингуй, томоохон улс төрчидтэй их холбоотой байх шиг харагдсан. Төрийн өндөрлөгүүдтэй уулзаж дэмжлэг авсан гэж дуулддаг. Та бүхэн хоорондоо уулзсан уу, ойлголцсон уу. Үндэсний баяр наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулах комисст энэхүү шинэ холбоо чинь албан ёсоор оролцох чимээтэй байна уу, үгүй юу?

-Тантай санал нийлж байна. Маш тодорхой хэлэхэд Үндэсний морин уралдааны холбоог үүсгэн байгуулагчдыг миний хувьд одоогийн байдлаар улс төрчдийн гар хөл болсон гэж харахгүй байгаа. Харин нөхдүүд өөрсдийн зорилгодоо хүрэх арга замаа сонгохдоо улс төрчдийг ашиглаж байгаа байж магадгүй гэсэн бодитой хардлагууд харагдаж эхэлсэн. Шинэ холбооны үүсгэн байгуулагч болох нэг залуу бий. ММСУХ-ны VII Их хурлаар хэлэлцэх шинэ дүрмийг боловсруулах ажлын хэсэгт ажилласан залуу. Үйл явдлыг дарааллаар нь ярья. Их хурлаар дэвшүүлсэн дүрмийн төслүүдийг 100 хувийн саналаар баталсан байгаа. Мэдээж дээр дурдсан “ялгах” асуудал дээр зарчмын зөрүүтэй санал гарч тэр нь олонхоор дэмжигдсэн. Үүний дараа холбооны Ерөнхийлөгч сонгох процесс явагдсан. Нөгөө залуу маань өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн бөгөөд олонхын дэмжлэг аваагүй. Логикоор бодоход зохион байгуулах ажлын хэсэгт байсан техникийн ажилтан нь удирдлагад нэрээ дэвшүүлж болох уу даа.. Үүнийг нөгөө талаас нь харвал хэрвээ тэр залуу олонхын дэмжлэг авч Ерөнхийлөгчөөр сонгогдсон бол, тухайн их хурлаар хэлэлцэн баталсан дүрмийг хэрэгжүүлэх үүрэгтэй л Ерөнхийлөгчийн албанд очно. Тэгэхээр тухайн батлагдсан дүрмийг өөрөө хүлээн зөвшөөрсөн гэсэн үг мөн биз дээ. Гэтэл одоо өөрийнх нь яриад байгаа зарчмын байр суурь нь болохоор нөгөө “ялгах” асуудлын тухайд шийдвэрлэсэн сэрвээний өндөр хэмжих VII Их хурлын тогтоол болоод байгаа юм. Тэгэхээр шийдвэр бол гарсан, тухайн үед тэр залуу Ерөнхийлөгчөөр сонгогдсон бол тэр шийдвэрийг биелүүлэх л үүрэгтэй. Дахин хэлэхэд эндээс юу харагдаж байна гэхээр тэр хүн олонхын шийдвэрийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр өөрийнхөө нэрийг Ерөнхийлөгчид дэвшүүлсэн байна, хэрвээ сонгогдсон тохиолдолд түүнийг хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ гэсэн маш тодорхой логик ойлгогдож байна. Тухайн үед холбооны Ерөнхийлөгчид хэд хэдэн хүн нэрээ дэвшүүлсэн. Тэр дотор тус холбооны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Мөнхбаясгалан гэж хүний нэрийг заалнаас дэвшүүлсэн ч нэрээ татсан. Татсан шалтгаанаа тайлбарлахдаа “Өнөөдрийн их хурлаар зөвхөн сэрвээний өндрөөр ялгана гэсэн олонхын шийдвэртэй би хувьдаа санал нийлэхгүй. Хэрэв Ерөнхийлөгчөөр сонгогдвол олонхын энэ шийдвэрийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж байгаа учраас нэрээ татаж байна” гэсэн. Яг л энэ шүү дээ. Зарчмын маш тодорхой байр суурь харагдаж байгаа юм. Ингээд шинээр Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Батсайхан өөрийн багийг бүрдүүлэхдээ нөгөө нэр дэвшсэн залуу болоод түүний хөдөлгөөний бусад залуусыг хамтарч ажиллахыг урьсан. Гэвч тэр залуу маань өөрөө татгалзсан. Мөн бусад хамтрагчид нь ч идэвхи гаргаагүй. Ингээд их хурлаас хойш сар хүрэхгүйн дараа шинэ холбоо байгуулж байгаагаа зарлаж хэвлэлийн бага хурал хийсэн. Эндээс харахад тэр хүнд ямар нэг хувийн шинжтэй ашиг сонирхол байгаа ба олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх огт боломжгүй гэж миний хувьд үзэж байгаа. Энэ бол зөвхөн миний л байр суурь шүү. Харин өнөөдөр тэр хүн гаргасан санал санаачлагадаа уяачдынхаа дэмжлэгийг эхлээд авах ёстой байтал Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд УИХ-ын гишүүд, Засгийн Газрын тэргүүн бусад улстөрчдөд хандаад яваад байгааг гайхаж байна.

-За тийм байж, тэгэхээр тавдугаар сарын 1-нээс албан ёсоор хурдан морины уралдаанууд эхэлж байгаа. Удахгүй Засгийн газрын тогтоолтой томоохон бүсийн уралдаанууд эхэлнэ. Улсын наадам болно. Энэ бүгдийн зохион байгуулалтад энэ хоёр холбооны чинь аль нь албан ёсоор оролцох юм бэ. Уяачид төөрөгдсөн үйл явц болж байна?

-Үнэхээр уяачид төөрөлдчих гээд байгаа. Тодорхой жишээ хэлье. Сая дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар 2019 оны бүсийн уралдаануудын товыг тогтоосон. Засгийн газраас тогтоолын төсөлд уралдааныг зохион байгуулах байгууллагуудийн нэр, чиг үүргийг тодорхой зааж өгдөг. Өмнөх жилүүдэд бол тогтоолын төсөлд “…зохион байгуулалтыг аймгийн Засаг дарга, Монголын морин спорт, уяачдын холбоонд даалгасугай” гэж тодорхой зааж ирсэн. Энэ жилийн товыг тогтоох тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах тухай ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан санал дэвшүүлсэн байна лээ. Тогтоолын төсөлд санал оруулахдаа тодорхой чиг үүргийг бүрхэгдүүлж, тодорхойгүй болгож “Морин уралдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг холбоодод” гэсэн маш бөөрөнхий утгатай заалт оруулсан байна. Энэ нь үл ойлгогдох байдал үүсгэж байгаа юм. Эндээс харахаар шинээр байгуулагдаж буй гэх холбоо маань үйл ажиллагаандаа улстөрчдийн идэвх оролцоог гүнзгий оруулж эхэлжээ гэсэн хардлагыг гарцаагүй төрүүлж байна. Шууд хэлэхэд Ч.Улаан сайд энэ холбоог дэмжиж байгаа юм байна. Эзэн биегүй, хамааруулах этгээдгүй тогтоол Засгийн газраас гарч болохгүй. Шинэ холбоо маань хамгийн түрүүнд уяачдынхаа дэмжлэгийг авах ёстой гэж би түрүүнд хэлсэн. Гэтэл үүнийг алгасаад Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нараас дэмжлэг хүсээд явсан. Одоо Ч.Улаан сайдаар дэмжүүлж байгаа нь тодорхой харагдлаа. ММСУХ-ны VII Их хурлаар улс төрийн нөлөөллөөс салснаа илтгэсэн Монголын уяачдыг төөрөгдүүлж, эргээд улс төр рүү чирч байгаа нь харамсалтай. Тэрнээс биш тэр хүмүүсийн үзэл бодол, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хүндлэх ёстой. Ганцхан шүүмжлэхээс өөр аргагүй зүйл нь Их хурлын шийдвэрт цөөнх болсон уяачдыг дөрөөлөн, нэмээд улстөрчдийг ашиглан тодорхой зорилгод хүрэх гэж идэвх үзүүлж байгаа нь үнэхээр буруу байна. Эргээд энэ нь морин уралдааныг, уяачдыг энэ улстөрчид нь ашиг сонирхлынхоо дагуу хөдөлгөдөг болох вий, үүнээс улбаатай талцал, турхиралд уяачид автах вий гэж л ММСУХ-ны зүгээс санаа зовниж байгаа.

-Эдгээр тусдаа гараад байгаа хүмүүсийн үндсэн шалтгаан нь нөгөө л монгол наадамд зөвхөн Монгол адуу уралдах ёстой гэсэн байр суурь уу. Эсвэл хүмүүс анзаарахгүй байгаа огт өөр шалтгаан байдаг юм уу?

-Монгол наадамд монгол адуу л уралдах ёстой гэдэг дээр бидний байр суурь нэг шүү дээ. Монгол адуугаа бид цаашид яаж ойлгох юм гэдэг санал хөтөлбөрүүд явж байна. Эрлийз, монголоо яаж ялгах юм гэдэг дээр бид хамтраад ажиллачихсан, хамт сууж байгаад дүрэм журмаа баталчихсан. Бид цаашдаа ойлголтоо, зорилгоо нэгтгээд явахад тулгамдсан асуудлуудаа шийдээд явчихаж чадна. Хаврын уралдааныг хэзээ, хэрхэн, яаж зохион байгуулах нь оновчтой байх вэ, уралдаанч хүүхэдтэй холбоотой харилцаагаа яаж улам сайжруулах вэ, Өвөр Монгол руу ажиллахаар явж байгаа адуучин, уяач залуус, хурдан морины хүүхдүүдийн асуудлыг хэрхэн зохицуулах вэ, Үндэсний баяр наадмын тухай хууль маань өнөөдрийн шаардлагад нийцэж байна уу гэх мэт олон асуудлууд дээр бид гол анхаарлаа төвлөрүүлж ажиллах ёстой. Гэтэл уяачдын маргааны сэдвийг үндэслээд, улстөрчдийн дэмжлэгийг аваад, ММСУХ-ны хамтран ажиллах саналыг үгүйсгээд, өөрсдийгөө тусгаарлаад явж байгаа энэ хэсэг хүмүүсийг харахаар хувийн эрх ашигтай л гэж дүгнэж байгаа. Энд олон нийтийн эрх ашиг харагдахгүй байна. Олон нийтийн эрх ашиг байгаа бол бид хамтарч ажиллах ёстой. Миний хувьд ийм л байр суурьтай байгаа. ММСУХ ч ийм байр суурьтай байгаа.

ММСУХ бол 24 жилийн түүхтэй байгууллага. Төлөвлөгдсөн ажлууд хийгдээд явж байна. 21 аймгийн салбар холбоодын удирдах ажилтныхаа зөвлөгөөнийг хийлээ. Дараагийн Их хурлаараа дэвшүүлэх бодлогын шинж чанартай асуудал, алхамуудаа одооноос боловсруулаад эхэлсэн байна. Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Монголын хамгийн том ТББ-ын хувьд өдөр тутмын үйл ажиллагаа маань тасалдахгүй, идэвхтэй, ачаалалтай л байна.

-ММСУХ-ноос эхний уралдааны тов гарчих шиг болсон, хамгийн эхний уралдаан хаана, хэзээ болох вэ?

– Ер нь бол тавдугаар сарын 1 хүртэл морин уралдааныг хорьсон шийдвэр нь унаач хүүхдийн аюулгүй байдалтай холбоотой гарсан. Хүүхдийн асуудал хариуцсан төрийн байгууллагатай манай холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Тодорхой асуудлууд дээр ойлголцлууд явагдсан. Хамтран ажиллах санамж бичгийн дагуу бид харилцан мэдээлэл солилцон судалгаануудаа нэгтгэж, бодитой төлөвлөгөө гарган энэ бүгдийгээ шийдвэр гаргагчдад хүргүүлж хаврын морин уралдааны асуудлыг эргэн харж хэлэлцэнэ гэдгийг хэлье. Аливаа дүрэм журам, шийдвэр нь амьдралд ойр, нийцэлтэй байх ёстой. Аливаа хориглосон шийдвэрийн сөрөг тал заавал бий. Асуудлыг олон талаас нь харж ажиллаж байгаа. Эхний уралдааны тухайд ирэх тавдугаар сарын 12-нд ММСУХ-г үүсгэн байгуулагчдын нэг Пунцагбалжир агсны нэрэмжит хаврын бүсийн уралдаан Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд болно. Энэ уралдаан дээр бид анх удаа холбооны их хурлаас гарсан шийдвэрийн дагуу сэрвээний өндрийг хэмжих шинэ төхөөрөмжийг ашиглана.

-Хаанахын ямар төхөөрөмжийг ашиглахаар болов?

-Хүний оролцоо маш бага, олон нийтэд ил тод байх гэсэн хоёр үндсэн шаардлагын дагуу ажиллах шинэ төхөөрөмж хийх үйл явц өнөөдөр 90 орчим хувьтай байна. Анхны туршилтаа хийгээд үзчихсэн. “Цагаан хөтөл”-д албан ёсоор ашиглана. Хэмжих төхөөрөмж үр дүнтэй ажиллавал холбогдох мэргэжлийн байгууллагаар оруулж албан ёсны бүртгэл, гэрчилгээг авна. Цаашлаад Үндэсний баяр наадмын комисст албан ёсоор санал болгоно. Уг нь шинэ холбооныхон маань энэ эхний уралдааны хэмжилтийн үр дүнг гарсны дараа асуудлыг баримт нотолгоотой дэвшүүлэх ёстой байсан юм. Яарах ашиг сонирхол байдаг л юм байлгүй дээ. Ер нь нэг зүйлийг тодотгож хэлэхэд уяачидтай холбоотой бүх шийдвэр их хурлаас гарсан олонхын шийдвэр. Бид ямар ч тохиолдолд олонхын шийдвэрээ дагадаг тийм нийгэмд амьдарч байна. Хэрэв шийдвэрүүд буруу, алдаатай, хандлага нь буруу үр дүн үзүүлээд байвал бид бүгдээрээ нийлж асуудлыг эргэж харах, дүрмийн дагуу ММСУХ-ны ээлжит бус их хурлыг зарлах хүртэл шийдэх боломж нь нээлттэй юм. Тийм учраас эхний уралдаан, эхний хэмжилтийг харж байж дараагийн асуудлыг ярих дүгнэх ёстой ганц л зарчим баймаар. Түүнээс биш хэн нэгний “мэргэн” санаачилгыг зөв буруу гэж нийтээрээ ярих, дагах нь боломжгүй зүйл. Бөхийн холбоо хоёр хуваагдчихлаа, Сагсан бөмбөгийн холбоо хоёр хуваагдчихлаа. Монголчуудын хамгийн их сонирхдог, анхаардаг спортын хоёр салбар мөн. Салж сарнилаа гээд юу хожсон юм, ямар ахиц дэвшил гараад байгаа юм. Улам л дампуурал руугаа явж, нийгэмд нэр хүндээ алдаж байгааг бид бэлэхнээ харж байна шүү дээ. ММСУХ ийм замаар явах хэрэггүй. Нэгэнт их хурлаараа, олонхоороо, нийт уяачдынхаа төлөөллөөр ярилцаад “Уяачдын холбоо улстөрчдөөс ангид байна” гэсэн шийдвэрийг нэг мөр гаргасан. Нэг талдаа гарцгаасан. Тэгэхээр цаашид улстөрчдийн оролцоотойгоор, тэдний дэмжлэгтэйгээр уяачдыг хооронд нь хагалах гэсэн, монгол хүний морио дээдэлдэг тэр цагаан сэтгэлийг улс төрийн зорилгодоо ашиглах гэсэн увайгүй үйлдлээ болих хэрэгтэй. Үүнийг улстөрчид өөрсдөө гүнээ ухамсарлаж, хүндэтгэлтэй хандаж, ямар нэг оролдлого хийхгүй байгаасай гэдгийг хүсэх байна. Энэ бол ММСУХ-ны байр суурь гэж ойлгож болно. Миний хувьд VII их хурлын ажлын хэсэгт нь ажилласан, тус холбооны Тэргүүлэгч гишүүн учраас тодорхой зарим асуудлаар ММСУХ-г төлөөлөх бүрэн эрхтэй. Тус холбооны Хууль эрх зүйн бодлогын хорооны гишүүн хүний хувьд хэлэхэд холбоо цаашид дахиж улс төртэй хутгалдахгүй ээ. Ижил төстэй үйл ажиллагаа явуулна гэж шинээр байгуулагдсан холбооны нөхдөдөө хандаж хэлэхэд зорилгоо хэрэгжүүлэхийн тулд улстөрчдийн, улс төрийн ашиг сонирхлыг битгий ашигла. Эргээд тэднийхээ “хоол” нь болно шүү. Үүнийг Монголын нийт уяачид хүсч байгаа шүү. Уяачдын энэ хандлагыг уяачдын холбооны VII их хурал дээр та бид бүгдээрээ харсан шүү гэдгийг онцгойлон хэлмээр байна.

Categories
мэдээ цаг-үе

Д.Эрдэнэбаатар: Хүн бие болоод сэтгэл санааны өөрчлөлтүүдээ мэдэрч сурах хэрэгтэй

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Сэтгэл засалч эмч Д.Эрдэнэбаатартай ярилцлаа.


-Хавар дархлаа сулардаг, ядардаг гэж бие махбод талаас ярьдаг байсан бол одоо сэтгэл зүйг их онцолдог болж. Хаврын хямрал, хаварших, хаврын стресс, хаврын синдром, хаврын сэтгэл зүй гээд олон нэршил бий. Энэ бүхний шинжлэх ухааны албан ёсны тодорхойлолт нь юу вэ?

-Бие махбодын дархлаа хавар сулардаг. Зун, намар нь хамаг шим тэжээлээ нөөцөлчихөөд өвлийн хахир хүйтэн урт саруудыг тэр нөөцөөрөө л давдаг. Хаврын улирал ирэхэд тэр нөөц нь ерөнхийдөө шавхагдсан байдаг, бие махбодын хувьд. Бие махбод сульдахад сэтгэл зүй дагаж сульддаг. Бодисын солилцоо, нөөцийн хувь ч тэр. Нөгөө талаар хүнд өвчин тусах босго гэж байдаг. Тэр босго нь намар, өвөлдөө нэлээд сайн байснаа хавар нь буугаад ирдэг. Энгийнээр хэлбэл тухайн хүн их эмзэг болчихдог. Бие махбодын хувьд өвчлөмтгий болж, сэтгэл зүйн хувьд сэтгэл санаа нь хямарчих гээд байдаг. Бүр цаашилбал хаврын синдром гэдэг шиг сэтгэцийн архаг, нууц далд байсан өвчнүүд хурцдах тал руугаа ордог. Наад зах нь сэтгэл гутрал, сэтгэл түгшилтэд өртөнө.

-Монголчууд нийгэм маань хүнд байна, амьдрахад хэцүү болоод байна гэж нийтээрээ, бүгдээрээ ярих тусмаа тэрэндээ живээд байх шиг байна?

-Яг үнэн. Вертерийн хам шинж гэж байдаг юм. Өнгөрсөн зууны 30-аад оны үед Нью-Йоркт Вертер гэж залуу гүүрэн дээрээс нисч амиа хорложээ. Тэгтэл тэр хэргийг Америкийн бүх сонин сэтгүүл нийтэлсэн чинь шуугиан тарьсан. Тэр тухай нийтэлсэн сонин, сэтгүүлийн борлуулалт тодорхой хувиар нэмэгдсэн. Харамсалтай нь Нью-Йоркт Вертерийн насны, тухайн түвшний залуучууд гүүрэн дээрээс нисч амиа хорлох нь нэмэгдсэн байгаа юм. Манайд ч яг ийм хэрэг ойр ойрхон гарахад хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд мэдээлж нийтэд хүргэсэн нь магадгүй араасаа тийм үйлдлүүдийг дагуулах эрсдэлтэй байгаа байхгүй юу. Тийм болохоор манай сэтгүүлчид болж өгвөл үеийн үед эерэг нийтлэл, мэдээлэл ард түмэндээ түгээж баймаар байна. Нийгмийг эрүүлжүүлэх хамгийн том салбаруудын нэг нь яах аргагүй сэтгүүлчид байдаг.

Сүүлийн 28, 29 жилийн завхралын үр дүнд буюу МАНАН-гийнхны хийсэн гавьяагаар Монгол замбараагүй, бараг бардаак гэж хэлэхээр болчихсон л доо. Ард түмнийг хаячихсан. Ард түмэн чадлынхаа хэрээр явж бие махбод, сэтгэл зүйн хувьд чадах ядахаараа тэмцэж явж байгаа дүр зураг их байна.

-Монголчууд уг нь мэнд мэдэх ёсноос эхлүүлээд л амнаасаа буруу зөрүү үг, хар бараан өгүүлбэр унагахгүйг хичээдэг. Гэтэл одоо хоёр хүн уулзвал өвчин хуучаа ярихаас эхлүүлээд хамаг болохгүй бүтэхгүй байгаагаа ам уралдан ярьдаг болсон. Хар бараан зүйлийг яриад байвал түүнийгээ улам дэвэргэж, живнэ. Эсрэгээр нь өөдрөг, гэгээн юм яривал өөдөлнө гэдгийг мартаад байна уу даа?

-Монголын ард түмэн бэлгэдлийн ард түмэн шүү дээ. Амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг. Уламжлалаа сэргээе гэдэг нь маш чухал. Монголын сэтгэл зүйн тусгаар тогтнол, дархлааны үндсэн суурь бол манай уламжлал байсан. Эерэг бэлгэдлийн сэтгэл зүй байсан. Болсон ч, болоогүй ч эерэг сайхан юм ярих нь бодлын хүчээр нь дамжаад амьдралд нь нөлөөлж байдаг. Энэ нь томруунаар ард түмний амьдралд ч нөлөөлж байдаг.

Гэтэл нийгэмшилтэй холбоотой, нийгмийг дагаж ирж байгаа сөрөг болгонтой холбоотой, наад зах нь мэдээлэл, хоол хүнс, сэтгэл зүйн аюулгүй байдал зэрэг нь сэтгэл зүйн хүчирхийлэл болж явагдаад байна. Энэ болгон нийгмийг сүйтгэж байгаа. Сүйрүүлж байгаа гэж хэлж болохоор. Магадгүй гадны юм уу, эсвэл өөр ямар нэг нөлөөллийн механизм явж байдаг. Тэр нөлөөлж байгаа нөхөд хэзээ ч монголчуудыг бодохгүй. Монголын ард түмний ирээдүйг тоохгүй. Хөлсний бичээчид гэдэг бол тодорхой хэмжээний хэдэн халтар төгрөг аваад түүндээ сэтгэл нь ханаад явдаг. Тэр бол бас л өөрийгөө хуурч яваа нэг хэлбэр шүү дээ. Яг үнэндээ тэр бичээч эргээд тэр хорондоо идэгдэж байгаа. Муу юм бичиж байгаа хүнд тэр нь шууд утгаараа нөлөөлж байдаг. Наад зах нь сэтгэл зүй нь муухай, сөрөг болно. Тэр хүний хажууд гэр бүл, үр хүүхэд, аав ээж нь байна. Бүгдэд нь энэ сөрөг зүйл нь нялзана. Сэтгэл зүй, сэтгэцийн асуудал гэдэг бол өөрөө халдвартай. ДОХ-оос дутахгүй, тарваган тахлаас дутахааргүй халдвартай.

-Урьд нь мэр сэр хүмүүс л хавар болохоор сэтгэл хөдлөөд догдлоод байна гэдэг байсан бол одоо нийгмээрээ нэг тийм догдлолтой болж, цахим орчинд учир утгагүй, эх захгүй, тогтворгүй мэдээлэл оруулж өөрсдийгөө илэрхийлэх болжээ. Хаврын яг энэ үед хүн сэтгэлээ хэрхэн жолоодож явах ёстой вэ?

-Уг нь бол хаврын догдлол гэдэг бол өвс ногоо ургаж дэлбээлдэг, хайрын сэтгэлээ бие биедээ илэрхийлдэг, гар гараасаа хөтлөлцөөд алхдаг тийм цаг үе байсан юм. Гэхдээ тэр нь байгаа л даа. Гэтэл тэрнээсээ илүү хар нь илүү давамгайлаад байна уу даа гэсэн мэдрэмж төрдөг юм. Тэгэхээр үүнд дахиад л хэвлэл мэдээллийнхнийг хэлье. Та бүхэн дандаа эерэг, болж л өгвөл худал үгийг мянга давтвал үнэн болдог гэдэг шиг “Монголын амьдрал сайхан байна” гэж сошиал, сонин, телевиз, радиогоороо яриад байвал одооны энэ өөрчлөлт хийх гэж байгаа залуучуудын амнаас эерэг зүйл улам их гарч эхэлнэ. Монгол Улс гэрэлт ирээдүйнхээ босгон дээр ирж байна. Тиймээс бүгдээрээ, багаараа л ажиллах ёстой. Монголчуудаараа, гурван сая хэдэн зуун мянгуулаа хамтарч ажиллах ёстой.

-Хүн сэтгэл зүйн дархлаатай байхын тулд өглөө босохдоо, орой унтахдаа юуг дадуулбал зөв бэ?

-Хүүхдээсээ эхлэх хэрэгтэй. Гэдсэнд байгаа хүүхдээсээ эхлэх хэрэгтэй. Хүүхэд эхийн хэвлийд олдонгуут л насыг нь тоолж эхэлдэг. Жирэмсэн эхчүүдийг яаж хүндэтгэж хайрлаж хамгаалдаг билээ. Тэр болгон чинь монголчууд бидний үнэт зүйл. Хэдэн мянган жилийн өмнөөс бий болж уламжлагдаж ирсэн заншил. Гэв гэнэт бий болоод гараад ирээгүй. Хэдэн мянган жилийг туулахдаа шигшигдэж уламжлагдаж ирсэн ёс заншил. Цаана нь асар том, амьдралын, ахуйн, дасан зохицохуйн, байгалийн шалгарлыг давахуйн ухаан явж байдаг. Тийм болохоор Монгол цөөн хүн амтай ч гэсэн өнөө хүртэл яваад л ирсэн. Аав, ээж болгон залуу хүн болгон “Би ирээдүйд үр хүүхдээ яаж мундаг сэтгэл зүйн дархлаатай болгох вэ” гэдгийг бодох хэрэгтэй. Манай төвд эцэг эх-хүүхдийн асуудалтай хүмүүс их ирнэ л дээ. Аав, ээжүүд нь хүүхдээ авчраад “Манай хүү, охин даалгавар хийхгүй байна, залхуу байна, арчаагүй байна, PC тоглож байна, бидний өөдөөс хэрэлдэж байна” гэдэг. Гэтэл энэ бүх асуудлын үндэс нь эцэг эх нь өөрсдөө байж байдаг. Хүүхдэд багаас нь эцэг эх болох чадварыг суулгах хэрэгтэй. Зөв, сайн эцэг эх байх. Амьтан бол чадаад байна. Хүн амьтнаас долоон дор болчихсон л явж байна шүү дээ. ЕБС-иудад Эрүүл мэндийн хичээл дахиж орж эхлэх гэж байна. Тэрэн дундаа сэтгэл зүй, сэтгэцийн эмгэгтэй холбоотой сэдвүүд орохоор болж байгаа нь баярлууштай.

-Ид ажиллаж хөдөлмөрлөж байгаа насны хүмүүс хаврын улиралд өөрт нь ямар шинж илэрвэл “Би ер нь буруу болоод байна” гэж бодох вэ?

-Сэтгэл санаа тогтворгүй болж гэгэлзээд ирвэл, амархан гомдож, уурлаж уйлах гээд байвал, нойр нь тогтворгүй болж, толгой нь өвдөөд эхэлбэл, амархан сульдаж ядраад, гар хөл нь хөлрөөд ирвэл, бие нь сульдаад байвал, бүр цаашилбал зүрх нь үе үе хатгуулаад, шилэн хүзүү нь хөшөөд, ойр ойрхон шээс нь хүрээд, өтгөн нь хатаад байвал, хүмүүстэй яримааргүй ганцаараа байхыг хүсээд байвал, магадгүй архи уух хэмжээ нь нэмэгдээд ирвэл бодох л асуудал үүсчээ, стресс байна шүү гэж бодоорой. Амьдралын чанар нь эдгээрийн нийлбэрээрээ өмнөхөөсөө муудаад ирвэл “Болохоо байж байна шүү” гэж үзнэ.

-Гадны оронд сэтгэл зүйн асуудал үүсэхэд шууд сэтгэлзүйч дээр очдог. Манайд бол эмэгтэйчүүд нь найзаа дуудаж авчраад шар айраг уунгаа хамаг юмаа ярьж тайвширдаг бол эрчүүд нь чимээ сураггүй архи уугаад алга болох замаар тулгарсан асуудлаа шийдэх гэж үздэг?

-Тийм хандлага байгаа. Би сэтгэл засал, сэтгэл зүйгээр ажиллаад 17 жил болж байна. Харин сэтгэл засалчаар ажиллаад 11 жил болж байгаа. 11 жилийн өмнө байсан сэтгэл засалчид хандах хандлагыг өнөөдрийнхтэй харьцуулбал нэлээд хувиар өөрчлөгдсөн. Хуучин бол магадгүй 90-95 хувь нь энэ мэргэжлийг ойлгодоггүй байсан бол өнөөдөр харьцангуй багаар бодоход 30-40 хувь нь хүлээн зөвшөөрчихсөн. Илүү нээлттэй, чөлөөтэй ирдэг болчихсон байна. Гэр бүлээрээ ирж байна. Байгууллагууд ч байгууллага дээрээ сэтгэл зүйч ажиллуулдаг болж байна.

-Таны дээр дурдсан шинж тэмдэг хэрвээ илэрч байгаа бол шууд сэтгэл зүйч рүү гүйх хүн маш ховор. Хэрвээ эдгээр шинж тэмдэг илэрвэл өөрийнхөө хэмжээнд ямар арга хэмжээ авбал болох вэ?

-Энэ бол үнэхээр чухал асуудал. Хүний эрүүл мэнд гэдэг хамгийн чухал байдаг. Харамсалтай нь хүн мөнгөний төлөө ч гэдэг юм уу, өөр ямар нэгэн хуурамч үнэт зүйл, улс төр, карьерийн төлөө явсаар байгаад эцэст нь хүнд өвчнөөр өөд болчихож л байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр хуурамч үнэт зүйл чухал уу, эсвэл тодорхой хэмжээнд эрүүл байж байгаад ар гэрийнхэнтэйгээ нэг хэсэг аз жаргалтай амьдарчих нь чухал уу. Тийм учраас хүн нэг номерт, амьдралыхаа утга учрыг мэддэг, үнэт зүйлээ зөв тодорхойлж чаддаг байх хэрэгтэй. Нэгдүгээрт, эрүүл мэнд чухал учир өөрийгөө эрүүл байлгахад бүх талаар анхаарах боломж нь байна. Энгийн жишээ гэхэд, элдэв аминдэмүүд байна. Фитнесс, бассейн, ууланд алхалт, бүжгийн клуб, йог, бясалгалын төвүүд их нээгдэж байна. Тийм болохоор өөртөө ямар ч байсан тодорхой цаг гаргаад долоо хоногт багаар бодоход хоёроос гурван удаа, нэг удаад цаг гарны хугацааг өөртөө зарцуулах хэрэгтэй. Тэгж байж л харьцангуй урт удаан, аз жаргалтай амьдарна шүү дээ. Тэгэхгүй бол цус харвалт, зүрхний шигдээс, даралт, таргалалт залуужиж байна. Эрчүүдийн эмзэг сэдэв болох бэлгийн сулрал ч залуужсан. Гучин хэдэн настай махлаг залуус бэлгийн сулралын улмаас эхнэртэйгээ асуудал үүсч, дараа дараагийн асуудлууд нь гарч ирэх жишээний. Тийм болохоор хүн өөрийгөө бүхий л талаар эрүүл байлгах арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй.

-Тэгэхээр хүмүүс энэ хаврын цагт амнаасаа унагаж байгаа “Ядраад байна, нойр хүрээд байна, хэцүү байна” гэдэг үгсээ багасгаад гэгээн юм ярих хэрэгтэй байна?

-Гоё сайн сайхныг хар. Нар хар. Сайхан дулаарч байна. Удахгүй бороо орно. Ногоо ургана гэж ярь. Хүний хамгийн том чадваруудын нэг нь өөрийнхөө бие махбод, сэтгэл санааны өөрчлөлтүүдийг мэдэрч сурах хэрэгтэй байдаг. Ямар ч мэдрэмжгүй, ажлын мал шиг зүтгэсээр байгаад нэг өдөр ойчоод өгдөг байхгүй юу. Гэтэл “За би жаахан ядарч байна шүү. Нэг дугхийгээд авъя” гээд унтаад босоход бие, сэтгэл нь сэргэчихэж байвал болж байна. Тэгэхгүй унтсан ч нойр нь ханахгүй байвал “За даа, би ч болохоо байж байгаа юм байна шүү” гэж ойлго. Бие махбод чинь маш их ухаантай. Дохиогоо байнга өгч байдаг. Хүн тэрийг нь өөрөө сонсдоггүй болохоороо л оройтуулчихдаг.

Categories
мэдээ нийгэм

Дэлгэрүүлэгч одтой, шарагчин гахай өдөр

Аргын тооллын тавдугаар сарын 2, Бархасбадь гариг. Билгийн тооллын 28, Дэлгэрүүлэгч одтой, шарагчин гахай өдөр. Өдрийн наран 5:36 цагт мандан, 20:04 цагт жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу хонь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Дархан” ба “мужаан” бэр” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт ““Дархан” ба “мужаан” бэр” хэмээн өгүүлжээ.

Ц.Элбэгдорж-ийн өдрийн тэмдэглэл – Ардчилалд хүрСэн зам – бодит түүх – (1990/03/06-03/08-ны өдрийн тэмдэглэл)-ийг “Улс төр” нүүрээс уншаарай.

“Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: Монгол, Хятад хоёр улс
өнгөрсөн 70 жилийн харилцаагаа
дүгнэж, ирэх жилүүдэд хамтран
ажиллах зарчмаа тохирлоо” хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

“Төр “Жаст”-ын Ш.Батхүүгийн учруулсан хохирлыг дор нь төлдөг юм билээ. Бидний хохирлыг ч барагдуулах ёстой” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт өгүүлжээ.

“Эдийн засаг” нүүрт “Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд Оюу толгой хэрхэн нөлөөлж чадах вэ?” хэмээн өгүүлсэн байна.

“Нийгэм” нүүрт “Гангийн үйлдвэргүй Монгол дэлхийд хамгийн арчаагүй харагдаж байна” хэмээн бичжээ.

“Маяагийн түүхт Мексик нутгаар” хэмээн “Аяны дөрөө мултлахуй” нүүрт өгүүлжээ.

“Нийгэм” нүүрт “Хоригдлуудын эмчилгээг сэтгэл засалтай хослуулж байгаа нь өвчний эдгэрэлтэд эерэг нөлөө үзүүлдэг гэв” хэмээн бичжээ.

“Дэлхий мэдээ” нүүрт “Венесуэлд нөхцөл байдал хурцдав” хэмээн бичсэн байна.

“Эдийн засаг” нүүрт “Хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд ченжийн тогтолцоог халах хэрэгтэй гэв” хэмээн бичив.

“Зөвлөгөө болгон зөв байхгүй” хэмээн “Энэ өдөр” нүүрт бичжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

С.Зоригийн амь насыг хохироосон хэргийг шалгах түр хороо анхны хуралдаанаа хийжээ

С.Зоригийн хэргийг шалгах түр хороог Ж.Батзандан ахална

С.Зоригийн амь насыг хохироосон хэргийг шалгах “Түр хороо байгуулах” тогтоол УИХ-аас гаргасан. Энэ түр хороо анхны хуралдаанаа хийж, Ж.Батзанданг даргаараа сонгожээ. Түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн А.Сүхбат, Ө.Энхтүвшин, Я.Санжмятав, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нарын бүрэлдэхүүнтэй ажиллана.С.Зоргийн амь насыг хороосон хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, санал, дүгнэлт боловсруулах ажээ.

Categories
мэдээ улс-төр

Хөгжлийн банк томоохон төсөл, хөтөлбөрийг л санхүүжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хөгжлийн банк томоохон төсөл, хөтөлбөрийг л санхүүжүүлнэ

Хөгжлийн банк нь арилжааны банкуудын санхүүжүүлэх боломжтой төсөлд бага хүүтэй зээл олгож байгааг нэн яаралтай зогсоож, томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж байхыг Төлөөлөн удирдах зөвлөлд нь даалгав.

2012-2016 онд Чингис, Самурай, Евро бонд болон бусад эх үүсвэрээс аж ахуйн нэгжүүдэд зээл олгосонтой холбоотой асуудлаар банкны эрх бүхий албан тушаалтныг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, зээлээ хугацаанд нь төлөөгүй аж ахуйн нэгжүүдийн зээлийг төлүүлэх, шаардлагатай бол хуулийн байгууллагад хандахыг даалгалаа.

Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх, ажилдаа хариуцлагагүй хандаж, хууль, дүрэм, журам мөрдөж ажиллаагүй гүйцэтгэх удирдлагыг нэн яаралтай өөрчлөх, банкны менежментийг олон улсын туршлагатай багт хариуцуулах асуудлыг судлан шийдвэрлэхийг сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд даалгав.

Засгийн газрын 2019 оны 76 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг Хөгжлийн банкинд шалгалт хийж 62 зөрчил, дутагдал илрүүлсэн байна. Эдгээрийг арилгах, шалгалтын мөрөөр арга хэмжээ авах, шалгалтаар өгсөн санал, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр төлөвлөгөө боловсруулан ажиллаж, гуравдугаар улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг холбогдох сайд, Төлөөлөн Удирдах зөвлөлд даалгасан юм.

Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөрийг батлав

Хөтөлбөрийн хүрээнд:

– Залуучуудад эх оронч үзэл, эрүүл амьдрах зан үйлийг төлөвшүүлж, тэдэнд ээлтэй эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх

– Бүх шатны сургалтын чанарыг сайжруулж, насан туршдаа суралцахыг дэмжих

– Хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих

– Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх

– Залуучуудад ээлтэй, аюулгүй амьдрах, хөгжих орчныг нь бүрдүүлэхийг зорих юм.

Дэлхийн улс орнуудын залуучуудын хөгжлийг эрүүл мэнд, өрсөлдөх чадвартай мэдлэг боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн болон улс төрийн оролцоо гэсэн таван үзүүлэлтээр хэмждэг. Манай улс 2016 онд 183 орноос 71 дүгээр бичигджээ. Манай улсын 3.2 сая хүн амын нэг сая гаруй нь 15-34 насны залуучууд байна.

Үрийн болон хүнсний улаанбуудайг нөөцөөс нийлүүлнэ

Хаврын тариалалтад зориулж улсын нөөцөөс 6.6 мянган тонн үрийн болон хүнсний улаанбуудайг 30 хувийн урьдчилгаа төлбөр авч Тариаланг дэмжих санд олгохоор болов. Үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэх юм.

Манай улс өнгөрсөн жил 444 гаруй мянган тонн үр тариа, үүнээс 428 мянга гаруй тонн улаанбуудай хураан авч, 376 мянган га-д уринш боловсруулсан байна. Энэ хавар 387 мянга гаруй га-д үр тариа, үүнээс 367 мянга гаруй га-д улаанбуудай тариалахаар төлөвлөжээ.

Мал хамгаалах сангийн Ажлын албыг татан буулгав

Мал хамгаалах сангийн Ажлын албыг татан буулгаж, зээлийн авлага, хөрөнгө, өр төлбөр зэргийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд шилжүүлэв. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан бусад үйл ажиллагаа, төсвийн урамшууллыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамаар дамжуулж байхаар боллоо.

Мал хамгаалах сан 2018 оны эцсийн байдлаар 33.4 тэрбум төгрөгийн авлагатай, 23.5 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байна.

Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барина

Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих асуудлыг дэмжиж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд газар ашиглуулах гэрээ байгуулан хамтарч ажиллахыг холбогдох хүмүүст даалгав. Тус музейн барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай техникийн нөхцөл, зөвшөөрлийг холбогдох хууль, журмын дагуу олгож дэмжлэг үзүүлж ажиллахыг сайд Н.Цэрэнбат, Х.Баделхан, Ц.Даваасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нарт үүрэг болголоо.

Байгалийн түүхийн музей нь 1924 онд Үндэсний музей нэртэйгээр байгуулагдсан. Музейн барилга нь 1955 онд Хөдөө аж ахуйн техникумын зориулалттай анх баригджээ. Барилгын ашиглалтын хугацаа нь бүрэн дууссан. 2013 оны тавдугаар сараас Байгалийн түүхийн музейн олон нийтэд үйлчлэх үндсэн үйл ажиллагаг бүрэн зогсоогоод байгаа юм.

Цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжинэ

Байгууллага, аж ахуйн нэгжүүд ажилтан, албан хаагчид, оюутан багш, суралцагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор өөрийн санахүүжилтээр цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжиж, хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг сайд Ё.Баатарбилэг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

Мөн салбар бүлэг нэмэх, зуны цэцэрлэг ажиллуулахад шаардлагатай мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх асуудлаар зохион байгуулалтын арга хэмжээ авах, шинээр орон сууцны хороолол барих зөвшөөрөл олгохдоо сургууль, цэцэрлэгийг хамтад нь барих стандартыг мөрдөж зөвшөөрөл олгож байхыг үүрэг болголоо.

Товч мэдээ

– Мал эмнэлгийн ерөнхий газрын харъяаны “Биокомбинат” улсын төсөвт үйлдвэрийн газрыг төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон өөрчиллөө.

– Үлийн цагаан оготны хөнөөлийг багасгах зорилгоор 645 мянган га талбайд тэмцэх ажлыг шуурхай зохион байгуулахыг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанд даалгав.

– Худалдан авах ажиллагааг яаралтай байгуулж, 06 дугаар сарын 30-ны дотор гүйцэтгэгчтэй гэрээ хийж дуусган, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зохион байгуулах төсөл, арга хэмжээий зураг төсөл, ТЭЗҮ зэргийг 05 дугаар сарын 06-ны дотор тус газарт хүргүүлэхийг үүрэг болголоо.

– 2018 оныг дуустал орон нутгийн төсвөөс олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж болон бусад хөнгөлөлт, тусламжийн өр төлбөрийг эхний хагас жилд багтаан орон нутгийн нэмэлт орлого, хэмнэсэн зардлаас барагдуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов. 2018 оны эцийн байдлаар найман дүүрэг, 10 аймгийн халамжийн сангийн төсөв 7 тэрбум төгрөгийн өр төлбөртэй гарчээ.

– Газрын ховор элементийн хайгуул, олборлолт, ашиглалтын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, эдийн засгийн үр ашгийг тооцох судалгаа хийх үүрэгтэй төслийн нэгж байгуулахыг сайд Д.Сумьяабазарт зөвшөөрөв. Манай улс 10 тэрбум ам.долларын үнэ цэнэ бүхий газрын ховор элементтэй гэсэн тойм тооцоог Дэлхийн банк гаргасан байна.

– “Үндэсний геомэдээллийн сан” хөтөлбөрийг батлав. Таван жил хэрэгжүүлэх хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улсын төсөвт тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжаас гаргана.

– БНХАУ-ын Манжуур хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолыг дэмжиж өргөн мэдүүлэхээр болов. Энэ нь тус хот болон Сүмбэр-Рашаан, Хавирга-Ар хашаат, Баянхошуу-Өвдөг, Ханги-Мандал боомтоор зорчиж байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд Консулын үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх зороилготой юм. Өнгөрсөн онд дээрх боомтуудаар давхардсан тоогоор 260 орчим мянган иргэн дамжиж Манжуурт зорчжээ.

– Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

– “Токио-2020” зуны олимп, паралимпийн наадамд оролцох бэлтгэл хангах, Монгол Улсад зохион байгуулагдах “Азийн хүүхдүүд-2020” олон улсын спортын наадам, 2023 оны Зүүн Азийн залуучуудын спортын наадамд ашиглах зориулалтаар импортоор оруулж байгаа бараа, тоног төхөөрөмж, хэрэглэлийг Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцээд хуулийн төсөл, дагалдах хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

-Нийт нутгаар хур тунадасны хэмжээ 2019 оны зун, намрын улиралд олон жилийн дундаж түвшнээс ихсэх урьдчилсан төлөв гарчээ. Байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн улмаас осол, сүйрэл гарахаас урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах болон ойрын хугацааны тээвэрлэлтийн өсөн нэмэгдэх хэмжээг харгалзан “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн “Төв” коридорын суурь бүтцийн зарим хэсгийг эхний ээлжинд хөгжүүлэх хүрээнд гол замын их засварын хугацаа хэтэрсэн 177 км замд их засвар, металь гүүрийн их засвар, Толгойт-Улаанбаатар-Амгалан өртөө хооронд уулзваргүй буюу холбоосгүй зам тавих, найман өртөө, зөрлөгт өргөтгөл, таван өртөөнд зам сунгалт, зүтгүүрүүдийг нэмж тоноглох, ачааны зүтгүүрийн парк шинэчлэл хийх зэрэг арга хэмжээг нэн яаралтай хэрэгжүүлэх, шаардагдах хөрөнгийг арилжааны зээлээр бүрдүүлэх замаар санхүүжүүлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайдад даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.