Categories
гадаад мэдээ

АНУ-ын визний талаар жүжигчид, уран бүтээлчдэд зориулсан анхааруулга гаргажээ

Мэргэжлийн уран бүтээлчид тоглолт хийхээр АНУ-ыг зорьж буй бол В ангиллын визээр явж болохгүй гэдгийг АНУ-ын ЭСЯ-наас анхааруулжээ. Үүнд тайз болон киноны жүжигчид, хөгжимчид, дуучид, бүжигчид, түүнчлэн нүүр хувиргагч, зураглаач, гэрэлтүүлэгч, техникч зэрэг туслах ажилтнууд багтах юм байна. Тоглолт хийх гэдэг нь урлаг, уран сайхны мэргэжлийн аливаа тоглолт хийхийг хэлнэ гэдгийг тодотгожээ. Урлаг, уран сайхны мэргэжилтэй аливаа хүн АНУ руу В ангиллын визээр зорчсон тохиолдолд санхүүжилтын хэмжээ болон эх үүсвэрээс үл хамааран, түүнчлэн АНУ дахь төрийн бус байгууллага эсвэл үндэсний соёлын арга хэмжээндээ ч хандивын тоглолт хийх нь хориотой ажээ. АНУ-д аливаа тоглолт хийхийн тулд зохих төрлийн виз мэдүүлдэг байна. Хамгийн нийтлэг визний ангилал нь Р-1 болон Р-3 юм. Тоглолтын виз мэдүүлэхийн тулд эхлээд АНУ дахь холбогдох хувь хүн, байгууллага нь I-129 Petition for Non-Immigrant Worker өргөдлийг United States Citizenship and Immigration Service (USCIS) буюу АНУ-ын Иргэншил ба Цагаачлалын Албанд гаргах ёстой аж. АНУ-ын Иргэншил ба цагаачлалын албанаас уг өргөдлийг баталсан тохиолдолд тоглолтын визээ мэдүүлж болох юм байна. I-129 өргөдлийг хянан шийдвэрлэхэд нэлээд хугацаа шаардагдах тул аль болох эрт төлөвлөх хэрэгтэй гэдгийг анхааруулжээ. АНУ-д тоглолт хийж буй багийн бүх гишүүд АНУ-ын татвар төлөх ёстой аж. АНУ-ын визийг хуулийн дагуу ашиглаагүй тохиолдолд визийг нь цуцалж, дахин виз олгохгүй байх үр дагавартай.Тиймээс хуурамч бичиг баримт үйлддэг, өөрсдийгөө АНУ-ын засгийн газраар зөвшөөрөгдсөн, эсвэл хамтран ажилладаг гэх виз зуучлагчдаас болгоомжлохыг тус ЭСЯ-ны зүгээс олон нийтэд анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

С.Жавхлан Л.Болд, Ж.Батзандан нарын намд элсжээ

Image result for С.Жавхлан

УИХ-ын гишүүн С.Жавхлан Л.Болд, Ж.Батзандан нарын байгуулж буй “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” намд элсэж байгаа аж. Тэрээр “Өнгөрсөн хугацаанд би ганцаардлыг маш хүчтэй мэдэрсэн. Ингээд энэ хоёр дээрээ нэмэгдэж тулгын гурван чулуу болж Монголд үнэний галыг бадраая гэж зориг шулуудан “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл”-д намд нэгдэж байна.” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

З.Дашдавааг АТГ-ын даргаар томиллоо

Image result for Зандраагийн Дашдаваа

УИХ-ын чуулганы хуралдаанаар АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж дууссаны дараа АТГ-ын даргаар Зандраагийн Дашдавааг томилуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 94.6 хувь, Авлигатай тэмцэх газрын дэд даргаар Жанжаагийн Батсайханыг томилуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг гишүүдийн 87.5 хувь нь тус тус дэмжлээ. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох санал дэмжигдсэн тул Авлигатай тэмцэх газрын дарга Хүрэлсүхийн Энхжаргалыг, Авлигатай тэмцэх газрын дэд дарга Цээсүрэнгийн Нямдоржийг тус тус үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн юм. Иймд энэ талаарх УИХ-ын чуулганы санал, дүгнэлтийг Ерөнхийлөгч Х.Баттулгад бичгээр хүргүүлэхээр тогтов.

З.Дашдаваа нь:

Мэргэжил: Эрх зүйч, хууль зүйн ухааны магистр

Боловсрол: 1992-1996 онд Цагдаагийн дээд сургууль

МҮДС Хууль зүйн ухааны магистр

Ажлын туршлага:

1995-1996 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгч;

1996-2001 онд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч,

2002-2003 онд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч;

2003-2006 онд Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга;

2006-2008 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга;

2008-2014 онд Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалт, аюулгүй байдлын хэлтэст тасгийн дарга, хэлтсийн дарга;

2014-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал;

2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн даргаар тус тус томилогдон ажилласан.

Одоо Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар ажиллаж байна.

Ж.Батсайхан нь:

Боловсрол: Төв аймгийн Жаргалант сумын дунд сургуулт

Цагдаагийн дээд сургуулийг Хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн

Мөн ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид Хууль зүйн ухааны доктор зэрэг хамгаалсан.

Ажилласан байдал:

2007-2016 оны хооронд АТГ-т хэлтсийн дарга

2016-2017 оны хооронд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан туршлагатай юм.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Мах, хүнсний ногооны хангамжийн баталгаат байдал” сэдэвт хэлэлцүүлэг болно

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Мах, хүнсний ногооны хангамжийн баталгаат байдал” сэдэвт хэлэлцүүлгийг 2019 оны тавдугаар сарын 6-ны өдөр 09:00 цагт Төрийн ордны Их танхимд зохион байгуулах гэж байна.

Хэлэлцүүлэгт, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл, Махны холбоо, төмс хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч зэрэг төр, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ЭНД ДАРЖ ОВОГ НЭР, РЕГИСТРЫН ДУГААР, ГАР УТАСНЫ ДУГААРАА БҮРТГҮҮЛЖ ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ.

Бүртгэл 2019 оны тавдугаар сарын 3-ны өдрийн 12:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Мандат авч хэлэлцүүлэгт оролцохоор ирэхдээ та үндэсний хувцас, эсвэл албан хувцаслаж ирэх ёстойг анхаарна уу.

Хэлэлцүүлэгтэй холбоотой асуудлаар 51-265003 дугаарын утсаар лавлана уу.

Categories
мэдээ нийгэм

Увс аймагт хоёр удаа газар хөдөлжээ

Увс аймагт өчигдөр 4.6 болон 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Увс аймгийн Сагил сумын Баярзүрх багийн “Цагаан шувуут” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 33 км-т/ 2019 оны 5 дугаар сарын 1-ний 07:46 цагт 4.6 магнитуд, 07:55 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай 5 дугаар сарын 1-ний 08:08 цагт Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Сагил сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад “Иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй” гэсэн тухай мэдээллийг Онцгой Байдлын Ерөнхий газраас өглөө.

Categories
мэдээ соёл-урлаг

​Руди Янгблад: Сайн жүжигчин болохын тулд хайрцагнаасаа гарч, хөндлөнгөөс өөрийгөө харж сурах хэрэгтэй

”Холливуд Монголд“ кино уран бүтээлчдийн анхдугаар наадмын нээлт өчигдөр Корпорэйт зочид буудалд боллоо.

Наамдын хүрээнд Холливудаас хүрэлцэн ирсэн 16 уран бүтээлч жүжиглэх, кастинг, найруулга, зураглал, өнгө хувиргалт гэх мэтээр өөрсдийн мэргэшлийн дагуу “Мастер класс” сургалтыг явуулж байна.

Энэ үеэр Apocalypto киноны гол дүрийн жүжигчин Руди Янгбладтай ярилцлаа.

-Танаас жүжигчин болохыг хүсдэг залуус мэргэжлийн зөвлөгөө авахыг их хүсдэг нь тодорхой. Энэ хүмүүст хандаж ямар зөвлөгөө өгөх гэж байна?

-Анхны тоглосон кино болох апокалипто киноны дүрдээ би маш их хайртай. Миний амьдралын бүх зүйл салхиар ирж байдаг. Энэ кино надад маш их зүйлийг ойлгуулж ухааруулсан.

Би жүжигчин болмоор байна, нэр алдарт хүрч сая сая доллартай болмоор байна гэж жүжигчин болдоггүй.Тэгэхээр жүжигчин болох гэж байгаа хүмүүс хөнгөн хийсвэр хандаж болохгүй. Аливаа зүйлийн эхний үе шатыг давахдаа өөрийнхөөрөө байж, хэн нэгнийг давах гэж оролдох хэрэггүй. Миний оролцсон төслүүдийн баг хамт олон өөрийнхөөрөө байсан хүмүүст хүрч очоод хамтран ажиллах санал тавьж байсан. Тиймээс хиймэл дүр гаргаад байсны хэрэггүй. Мэдээж тухайн хүн өөрөө өсөж дэвшихийг бодно. Хэнд туслах вэ гэдэг нь чухал, түүнээс гадна хүний сэтгэлд хүрч, хүмүүсиын санаанд нийцэж энгүүн сайхан өөрийнхөөрөө байж чадах юм бол бүх зүйл чамд ирнэ. Нэг үгээр хэлбэл өөрөө өөртөө үнэнч байгаарай. Хэрвээ өөр замаар явж өөр хандлага гаргавал үүнийг бүгд анзаарч мэдэх болно. Би ингэж л асуудалд ханддаг. Ингэж л асуудлаас гардаг. Би юусан гэдэгтээ чбиш. Хамгийн гол нь би хаанаас ирсэн билээ, би яаж үүнд, тэнд оролцох боломж гарав аа гэдэг өнцгөөс нь харах дуртай. Надад хүнд үеүүд зөндөө байсан. Заримдаа бүр амиа хорломоор санагдаж, хүмүүсийнзүгээс ч гэсэн иймэрхүү хандлага дуудлага ирж байлаа. Үүнийг үгээр хэлэхэд их хэцүү юм.

-Жүжигчин хүний хувьд кинонд тоглохдоо юуг шинээр харж, ухаарч байсан бэ?

-Хэлэх үг чинь хэр хол хүрэх вэ гэдэг нь их чухал. Үүнийг би эхний кинондоо тоглож байхдаа ойлгосон. Энэ кинонд би өөрийнхөө хамаг хүчээ дайчлан ажилласан. Сонирхуулахадби жүжигчнээс гадна бас бүжигчин хүн. Бүжиг надад олон сайхан боломжуудыг олгосон. Олон ч зүйлийг хийсэн.

Аливаа зүйлд амжилт гаргахыг хүсч байгаа бол зоригтой, шийдэмгий, эргэлт буцалтгүй байх нь хамгаас чухал. Энэ л амжилтын үндэс. Тэгэхээр гайхамшигтай сайхан зүйлийг хийж бүтээж болно гэсэн үг.

Цагаа зөв зүйлд зөв зарцуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол хайран цагаа хэрэггүй зүйлд үрж хүч чадлаа дэмий үрэх болно.

Би гудамжинд өссөн хүн. Тэмцэл гэдэг бол миний хувьд байгалиас заяасан чанар. Энэ чанар надад үргэлж түлхэц өгч байдаг. Жүжигчний салбарт, кино урлагийн салбарт хүчээ үзэж, сайн жүжигчин болохыг хүсч байгаа хүн хайрцагнаасаа гарч өөрийгөө хөндлөнгөөс харж үзэх хэрэгтэй. Хэн нэгэн алдаа гаргалаа гэхэд хэнд хамаатай юм бэ. Хамгийн гол нь чиний өөрийн хүсэл тэмүүлллийнхээ төлөө зогсолтгүй тэмцэх нь чухал.

  • Апокалипто кинонд тоглож байхдаа ямар хүнд зүйлиийг давж туулсан бэ?
  • Апокалипто кинонд тоглож байхдаа хэдэн жил хамаг юмаа хаяад зүтгэхээс өөр аргагүй болсон. Энэ кино төсөл дээр байхдаа тасралтгүй 24 цаг ажиллачихаад 2.5 цаг унтаад л өглөө таван цагт босоод ажилладаг байлаа. Энэ бол зөвхөн өөрийгөө үзүүлээдхэдэн мөр уншаад дуусчихдаг ажил биш шүү дээ. Жүжигчин байна гэдэг бол гоё сайхан, нэр алдартай байхын нэр биш юм. Жүжигчний ажил үнэндээ хэцүү ажил. Өдөржин шөнөжин ажиллах хэрэгтэй. Энэ бүхнийг давж байж жүжигчин болох эхлэл тавигддаг.
  • Майами хэлээр кинонд тоглож байсан уу?
  • Тоглож байсан. Тухайн үедээ Майами хэлээр ярьж сурахыг надад хэлэхээ мартчихсан байсан. Миний тоглосон кинонд хүрхрээний доор зогсож байгаад хэлдэг үг байдаг. Тэр үг бол миний хамгийн анх сурч байсан Майами үг юм.
  • -Та хэн нэгнээс урам хугалсан үг сонсож байсан уу?-Хэн нэгэн урам хугалсан үг хэлэхэд гутарч, ухарчболохгүй. Надад ийм зүйл тохиодож байсан. Би кинонд тоглох гэж байхад нэгэн хүн намайг чи чинь уугуул Америк юм уу гэхэд нь би тиймээ гэсэн. Тэгэхэд тэр хариуд минь би чиний хажууд мэргэжлийн жүжигчин шүү дээ гэсэн утгатай зүйл хэлсэн. Тэгсэн ч би үүнийг үл тоосон. Иймэрхүү бүдүүлэг хүмүүсийг үл тоож, орхиж сурах хэрэгтэй.
  • Холливудын жүжигчин болохыг тулд ямар чадвартай байх ёстой вэ?
  • Холливудын жүжигчин болохын тул заавал академик түвшинд сурч, жүжигчний дээд боловсрол эзэмших шааардлагагүй. Зарим нь эдгээр шаардлагыг биелүүлэх ёстой гэсэн буруу бодолтой байдаг. Холливудын жүжигчин болохын тулд энэ шаардлага хангах шаардлага ч байдаггүй. Энэ шаардлага хангасан ч холливудын жүжигчин болж чадна гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл холливудад жүжигчин болж чадахгүй ч байж болно. Холливуд монголд гэдэг энэхүү арга хэмжээ бол та бүхний хувьд ялангуяа жищүжигчин болохыг хүсдэг залуучуудад холливудад хөлөө тавих боломжийг ойртуулах гэж байгаа арга хэмжээ шүү дээ. Бие биенээсээ суралцах, мэдлэг туршлагаа хуваалцах, хичээл зааж сургалт явуулах зорилготой байгаа.

Categories
мэдээ улс-төр

АТГ-ын дарга, дэд дарга нарыг томилох асуудлыг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар АТГ-ын дарга, дэд дарга нарыг томилох асуудлыг хэлэлцэж байна. ЕТГ-ын дарга З.Энхболд АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчдийн танилцуулгыг хийлээ. Ерөнхийлөгчөөс АТГ-ын даргад З.Дашдаваа, дэд даргад Ж.Батсайхан нарыг томилох асуудлыг оруулж ирсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авав.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Эрх мэдэлтэн албан тушаалтнууд сургалтын сангаас эхлээд бүх зээлийг авчихсан байна. Тэгээд энэ асуудлыг нийтэд нь нялзааж байгаад намжааж байна. Энэ асуудлуудыг тодорхой болгож, шийдвэрлэх хэрэгтэй. Оюутолгой, Капитал гээд асуудал үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Улс төрөөс ангид үйл ажиллагаа явуулаарай. Хуулиар хүлээсэн үүргээ шударгаар хэрэгжүүлээрэй. Иргэдийн хүсэн хүлээж байгаа шударга ёсыг тогтоох хүсэмжлэл дээр тулгуурлаж ажиллаарай. Өмнөх АТГ-ын удирдлагуудаар томилогдсон хүмүүсийг зарим асуудалд шуурхай ажиллажээ гэж боддог. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэхдээ ахиц гаргасан. Өндөр албан тушаалтнуудын холбогдсон хэргүүдийг шийдвэрлэхэд одоогийн удирдлагууд ахиц гаргаж ажилласан. Өмнөх парламентын гаргасан хууль тогтоолыг эргэж харах шаардлага байна уу. Тухайлбал, Өршөөлийн тухай, Ил тодын тухай хууль гээд. Олсон орлогууд нь ил болсон байх. Орлогыг нягталж үзэж болдоггүй юм гэхэд үйлдлийг нь шалгаж болохгүй юу. Хуулийн байгууллага үйл ажиллагаа явуулахад гар хөлийг нь боомилж байгаа тал байна уу.

Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд:

-33 их наяд төгрөгийн хөрөнгө татвар болон хууль хяналтын байгууллага дээр бүртгэгдсэн. Хуулиар энэ хөрөнгийг бүртгэхгүй гэдэг хуулийг баталсан. Тагнуул дээр хадгалсан. Гэхдээ өмч хөрөнгийг олж авсан үйлдлийг мөрдөн шалгах эрх нь байгаа. Үйлдийг нь Өршөөлийн хуулиар нээлттэй орхисон.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Цэргээс халагдсан залуусыг ажлын байранд зуучиллаа

Өнгөрсөн 2018 оны 1-р ээлжээр хугацаат цэргийн алба хаагчид өчигдөр халагдлаа. Халагдсан дайчдыг хүлээж авах ажиллагаанд Цэргийн штабын дарга дэд хурандаа Г.Ялалт, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Мөнхбаяр, хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүд, ажил олгогч байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Цэргийн албанаас халагдсан залуучуудад дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн хамт олон 113 ажил олгогч байгууллагын 685 сул ажлын байрыг танилцууллаа. Мөн энэ үеэр аж ахуйн нэгж байгууллагуудын хүний нөөцийн мэргэжилтнүүдийг оролцож, өөрсдийн байгууллагаа танилцуулан залуусыг ажлын байранд бүртгэж байсан юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлаа хамтран хэрэгжүүлнэ

Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагууд жил бүр хамтын гэрээ байгуулан, Эрдэнэт хотын хойч ирээдүй, иргэдийн сайн сайхны төлөө төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсээр байна. Өнөөдрийн онцлох ажлын нэг нь Эрдэнэт хотын төв талбай болох Амарын талбайд үргэлжилж буй “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт 2019” ёслолын ажиллагаа юм. Энэхүү ёслолын үеэр Орхон аймаг болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд 2019 оны хамтын гэрээгээ үзэглэж, хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажлуудаа нийтэд танилцууллаа.

Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын жил хэмээн тодотгосон энэхүү ёслолын ажиллагаанд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, ЗГХЭГ-ын дэд дарга Орон нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, А.Түвшинжаргал, Орхон аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, Орхон аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Техникийн ухааны доктор Х.Бадамсүрэн, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, ерөнхий инженер Т.Батмөнх, Санхүү эдийн засаг хариуцсан орлогч захирал Д.Үүрийнтуяа, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирал Д.Дэлгэрбаяр, Хөгжлийн асуудал хариуцсан орлогч захирал П.Энхбат, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирал Г.Баярцогт, “Ачит Ихт” ХХК-ийн Хүний нөөц хариуцсан захирал Ц.Ариунжаргал, “Эрдмин” ХХК-ийн захирал Ж.Баатар тэргүүтэй бусад албаныхан оролцлоо.

Орхон аймаг 2019 оны бүтээн байгуулалтын ажлаа улсын болон орон нутгийн төсвийн 61,9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр гүйцэтгэх бөгөөд хотын хөгжил цэцэглэлтэд өндөр ач холбогдолтой томоохон ажлууд төлөвлөжээ. Бүтээн байгуулалтын 17 ажил хийгдэхээс “Эрдэнэт” ДЦС-ын өргөтгөл, гэр хорооллын оршин суугчдын цахилгаан хангамжийг шийдвэрлэх, 5 байршилд баригдах хүүхдийн цэцэрлэг, хог боловсруулах үйлдвэр, залуучуудын ордон, өрхийн эрүүл мэндийн төв, гэрэлтүүлэг чимэглэлд эрс өөрчлөлт хийх шуурхай удирдлагын төв, 38 байршлын амралт чөлөөт цагийн талбай, 6.9 км хатуу хучилттай авто зам, 11.8 км сайжруулсан шороон зам, 2.1 км үерийн суваг, 7.2 км инженерийн шугам сүлжээ барьж байгуулах ажлыг онцоллоо. Мөн энэ онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Орхон аймагтай хамтран орчин үеийн Соёл амралтын хүрээлэн барьж байгуулахаар болсныг танилцууллаа.

Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлсэн үгэндээ, “Эрдэнэт хотынхоо өнгө төрхийг сайжруулахын төлөө бид хичээн ажиллаж, хөгжлийн төлөө их зүйл хийх болно. Өнөөдөр буюу 5 дугаар сарын 1-ний өдөр “Эрдэнэт үйлдвэр” бүтээн байгуулалтын ажлуудаа эхэллээ. Том ажил. Сайхан ажил. Сайн сайхан амьдралын төлөө хүчээ нэгтгэж, хамтран зүтгэцгээе. Эрдэнэтийн уурхайчдын яруу алдар мандан бадраг” хэмээсэн.

Categories
мэдээ нийгэм

Сураггүй алга болсон 11 настай охины эрэл үргэлжилж байна

Бага насны охин алга болсон тухай ОБЕГ-ын хоногийн мэдээнд бүртгэгдсэн байна. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл багт тус сумын харьяат иргэн Б-гийн охин Х /11 настай, эмэгтэй/ Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байрнаас 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 19:00 цагийн орчимд гараад сураггүй болжээ. Рашаант сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ахлуулсан орон нутгийн 80 иргэн явганаар 4 дүгээр сарын 30-ны өдрийн 21:00 цагаас эхлэн 5 дугаар сарын 1-ний өдрийн 21:00 цагийн хооронд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч олоогүй байна. Үргэлжлүүлэн аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашинтай, аймгийн Цагдаагийн газрын 7 алба хаагч, 1 автомашинтай 5 дугаар сарын 2-ны 00:16 цагт Рашаант сумын чиглэлд явж 03:40 цагт очиж эрлээ эхлүүлжээ.