Categories
мэдээ нийгэм

Эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүд чуулж байна

Монгол Улсын эдийн засгийг үүрч яваа уул уурхайн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүд 2018 оноос эхлэн жил бүр тулгамдаж буй асуудлаа тодорхойлж, ойрын ирээдүйн зорилтоо дэвшүүлэн, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн болон нийгмийн асуудлыг шийдэхэд өөрсдийн дуу хоолойг төр, засагт хүргэдэг уламжлал тогтсон. Энэ жил 2019 оны 05 дугаар сарын 03-нд Эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүдийн үндэсний II чуулганыг Төрийн ордонд, өргөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж байна.

УУХҮЯ-наас санаачлан зохион байгуулж буй энэ удаагийн чуулга уулзалт хүрээгээ тэлж, уул уурхайн салбараас гадна геологи, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын эмэгтэйчүүд оролцож байгаагаараа онцлог юм. Эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүдийн үндэсний II чуулганд төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудад ажиллаж буй эмэгтэйчүүдийн төлөөлөл болж 500 орчим эмэгтэй оролцож байна.

Чуулганыг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нээж хэлсэн үгэндээ “2018 оны байдлаар уул уурхай, олборлох салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувь, экспортын бүтээгдэхүүний 87 хувь, улсын төсвийн орлогын 30 гаруй хувийг тус тус бүрдүүлж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд манай салбарын оруулах хувь нэмэр өмнөх оныхоос 2 хувиар нэмэгдлээ.

Эдгээр эерэг үр дүнгүүд бол манай салбарын эмэгтэйчүүдийн маань хүнд хүчир ажлын талбарт эрчүүдтэй мөр зэрэгцэн ажилласан хөдөлмөр бүтээл, гэр бүл үр хүүхдээ умартан зүтгэсэн итгэл зүтгэл, эх орон, ард иргэдийнхээ төлөө гэсэн чин сэтгэлийн бодит илрэл, бахдам амжилт юм. Энэ бүх зүтгэл, амжилтын тань төлөө та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс, Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарынхаа эрчүүдийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлье” гэлээ.

Мөн тэрбээр “Ард иргэд маань эрдэс баялгийн салбарын ашигтай байдлыг ирээдүйн амьдралынхаа санхүүгийн баталгаа, сайн сайхан бүхний боломж хэмээн итгэл найдвар тавьсаар буйг бид анхааран ажиллаж ирлээ. 2019 онд манай салбар улсын төсөвт 3 их наяд төгрөгийг татан төвлөрүүлэх үүрэг хүлээгээд байна. Зөвхөн улсын төсвийн бүрдүүлэлт, улс орныхоо баялгаас ард иргэдэд ногдох хувийг шударгаар хуваарилах, ингэснээр айл өрх бүрийн амьдралын боломжийг дэшлүүлэх, бусад салбаруудыг хөгжүүлэх санхүүгийн хуримтлал үүсгэх зэрэг нэн хариуцлагатай үүргийг хүлээж буйгаа бид сайтар ойлгож байна.

Энэхүү хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлэхийн тулд Засгийн газар болон манай яамны зүгээс голлох ашигт малтмалын салбаруудаа тэрбум ам.долларын эргэлттэй салбар болгон хөгжүүлэхийг зорьж байна. Тухайлбал, зэсийн салбар одоогоор 3 орчим тэрбум ам.доллар, нүүрс 2 тэрбум гаруй ам.долларын эргэлттэй байгааг зэсийн үйлдвэрлэлийн өсөлт, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэргээр дамжуулан өсгөх бүрэн боломжтой. Харин алтны салбар өнөөдрийн байдлаар 800 орчим сая.ам долларын эргэлттэй байгааг 1 тэрбум ам.доллар давсан салбар болгох, бусад 1-2 ашигт малтмалыг 1 тэрбум ам.доллар давсан салбар болгон хөгжүүлэх зорилт тавиад байна. Энэхүү хариуцлагатай үүргийг амжилттай хэрэгжүүлэхэд та бидний нэг зүгт чиглэсэн хамтын ажиллагаа хамгийн чухал юм” хэмээсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Хоёр настай хүүхдийн амь насыг хохироогоод зугтсан этгээдийг илрүүлжээ

Энэ долоо хоногт буюу 2019.04.30-2019.05.02-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нь нийт 1082 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 787 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгав. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэл хотод 31 хүн гэмтэж, 1 хүний амь нас хохирсон ба орон нутагт бүртгэгдсэн 5 ноцтой зам тээврийн ослын улмаас 7 хүний амь нас хохирч, 8 хүн гэмтэж бэртсэн хэргүүдийг нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагууд шалгаж байна.

Мөн ослын улмаас амь нас нь хохирсон, гэмтсэн хүний 12 нь бага насны хүүхэд байна. Хүүхэд өртсөн ослыг судлахад дийлэнх нь буюу 11 нь явган зорчигч хэлбэрээр, 1 нь зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна.

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

  • 2019.05.02-ны 18.25 минутын орчим Налайх дүүрэг 3-р хороо Нарангийн 24-р гудамжны задгай хашаанд H.Accent маркын автомашины жолооч Б нь тус задгай хашаанд оршин суудаг 2 настай М-г мөргөж амь насыг хохироогоод хэргийн газрыг орхиж явсан хэргийг Багахангайн хяналтын постод үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч илрүүлэн саатуулж шалгаж байна.
  • Мөн 2019.04.30-ны өдрийн 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг “Монгол зоог” гэх газрын урд замд Kia Granbird маркын автобусны жолооч нь явган зорчигч 45 настай Н-г мөргөж амь насыг нь хохироосон зэрэг ноцтой зам тээврийн ослууд бүртгэгджээ.

Машины ард болон доогуур хүүхэд байгаа нь жолоочид харагддаггүй тул ухрах болон хөдөлгөөн эхлэх үед хүүхэд осолд өртөх аюултай байдаг. Машинаа гражаас гаргах, зогсоолд тавих, ойр зуур хөдөлгөөн хийхдээ, машиндаа суухаас өмнө машинаа тойрч үзээд ард болон ойр орчимд хүүхэд, явган зорчигч байгаа эсэхийг тогтмол шалгах хэрэгтэй. Жолооч ухрах хөдөлгөөнийг маш хянуур болгоомжтой хийж, болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүрэгтэй ба тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед хүүхдийг байнга анхаарч байвал зохино.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн нийт ослыг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээх хэлбэрээр 25 осол, мөргөлдөх хэлбэрээр 33 осол, үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 5 осол, мөн зорчигч унагааж гэмтээсэн 2 осол тус тус бүртгэгдсэн байна.

Гудамж замд хийж буй хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 192 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон ба эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 40 жолоочийг шүүхээр 7-30 хүртэл хоногоор баривчилж ажиллав.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага 3,2 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 6 хувиар, гэмтсэн хүн 8 хувиар буурч, амь нас нь хохирсон хүн 3 дахин, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 56 хувиар тус тус өссөн байна.

НИЙТИЙН ТЭЭВЭР ЗОРЧИГЧ УНАГАЖ ГЭМТЭЭСЭН 8 ОСОЛ БҮРТГЭГДСЭН

2019 он гарсаар эхний 4 сарын байдлаар нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл буюу автобус зорчигч унагаж гэмтээсэн 8 осол бүртгэгдсэний дийлэнх нь сууж, буух үед нь хөдлөсөн, огцом тоормослож зорчигч унагаж гэмтээсэн ослууд эзэлж байна.

Тухайлбал:

  • БЗД-ийн нутаг Баянзүрхийн товчооны зам “МТ” ШТС-ын хойд замд зорчигч тээврийн автобусны жолооч нь огцом тоормослож, зорчигч 62 настай Т гэмтсэн, мөн ЧД-ийн нутаг Бага тойруугын замд Aero city маркын автобусны жолооч нь огцом тоормослож зорчигч 23 настай Ц гэмтсэн хэргүүд бүртгэгдсэнийг шалгаж байна.
Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумд оролцогчдод илгээлт хүргүүлэв

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр, Үндэсний сэтгүүл зүйн 106 жилийн ойн өдрийг тохиолдуулан өнөөдөр Соёлын төв өргөөнд “Хараат бус сэтгүүл зүй-2019” үндэсний форум боллоо.

Форумд оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт хүргүүлснийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга уншиж сонордууллаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТЭД:

“Хараат бус сэтгүүл зүй-2019” үндэсний форумд оролцогчдод

Эрхэм сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд аа,

Хүндэт зочид төлөөлөгчид өө,

Та бүхэнд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэе.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 оноос эхлэн жил бүрийн 5 дугаар сарын 03-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг болсон билээ.

Энэ өдөр дэлхий даяарх хэвлэл, мэдээллийн байгууллагууд нийтлэг тулгарч буй асуудлаа томьёолж хэлэлцдэг. Өнөө жил Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Ардчиллын төлөө хэвлэл мэдээлэл: Хуурамч мэдээллийн эрин үе дэх сонгууль ба сэтгүүл зүй” уриан дор таван тивийн 100 гаруй оронд тэмдэглэж, ёс зүйтэй, хариуцлагатай мэргэжлийн сэтгүүл зүйг төлөвшүүлж байж, нийгэмд шударга ёс тогтоно гэдгийг дэлхий нийтээрээ энэ өдөр хүлээн зөвшөөрч байна. Өнөөдрийн энэ форум болон бусад хэлбэрээр дамжуулан Монголын сэтгүүл зүйн салбарын хөгжилд ч өнөө жилийн сэдэв бодит тусгалаа олно гэдэгт итгэлтэй байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын гэрээ конвенц, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалахын төлөө бид нэгдэн нягтрах ёстой. Нөгөө талаар хэвлэлийн эрх чөлөөг илүү бэхжүүлж хамгаалахын тулд хариуцлагатай сэтгүүл зүйг төлөвшүүлэх учиртай юм.

Монголын сэтгүүл зүйн салбараар овоглогдож буй хүн бүр сэтгүүлчийн нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, мэргэжлийн үүргээ гүйцэтгэн олон нийтийн сүлжээн дэх мэдээ, мэдээлэл, тэр дундаа хуурамч мэдээллийн урсгалд анхаарлаа хандуулж, мэргэжлийн сэтгүүл зүй, нийгмийн сүлжээний зааг ялгааг гаргаж, олон түмнийг соён гэгээрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулахыг Та бүхнээс хүсье.

Энэ үйлсэд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл тууштай анхаарал хандуулж, нөгөө талдаа хэвлэл мэдээллийн салбарт гарч буй алдаа дутагдалд хэвлэл, мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтын байгууллага болох Хэвлэл, мэдээллийн зөвлөлийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй хэмээн үзэж байна.

“Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Монголын сэтгүүл зүйн салбарынхны дуу хоолой ямагт хараат бус байх болтугай” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаярт гардууллаа.

Categories
мэдээ нийгэм

Амралтын ногоон бүсэд түймэр гарсан нь иргэдийн буруутай үйлдлээс үүдсэн байх магадлалтай

Дархан-Уул аймгийн Зулзагын голын ногоон бүсэд ойн түймэр гарчээ. Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар зугаалж явсан иргэдийн хайхрамжгүй байдлаас үүдэн гал гарсан байх магадлалтай гэлээ. Гал түймэр 300мкв талбайг хамарсан байна. Түймэр гарсан мэдээллээр аймгийн онцгой байдлын албаны нэг бүлэг очиход иргэд галыг нурманд оруулж унтраасан байжээ. Манай орны ихэнх нутгаар хуурайшилт их байна. Хуурайшилтын ид үед иргэд амарч зугаалахдаа гал түймрийн аюулаас дээд зэргээр урьдчилан сэргийлж ил задгай гал түлэхгүй байх, түлсэн тохиолдолд цог нурмыг гүйцэд унтраах, татсан тамхиныхаа ишийг унтраалгүй үл хаях зэрэгт онцгой анхаарах шаардлагатайг Дархан сумын ЗДТГ, ОБГ-аас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Хуурамч шатахууныг хянах лаборатори ашиглалтад орно

Ашигт малтмал, газрын тосны газраас өнөөдөр /2019.05.03/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Монгол Улс нефтийн бүтээгдэхүүнийг 100 хувь импортоор оруулж ирдэг. Өнгөрсөн 2018 онд 1.1 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортоор авснаас 60 хувийг нь ДТ, 30 гаруй хувийг А-92 авто бензин эзэлжээ.

Нефтийн бүтээгдэхүүнээ гаднаас импортолдог тул бүтээгдэхүүний үнэ өсөж буурахад ам.долларын ханшийн өсөлтөөс гадна дэлхийн зах зээл дэх баррел тосны үнийн хэлбэлзэл нөлөөлдөг гэдгийг албаныхан тодотголоо.

Тухайлбал, 2017 оны нэгдүгээр сард ам.доллар 2500 орчим төгрөг байсан бол 2019 оны тавдугаар сарын 3-ний байдлаар 2640 орчим төгрөг болсон.

Хэдий валютын ханш өссөн нь газрын тосны бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх шалтгаан болсон ч дэлхийн зах зээлд баррель тосны үнэ буурсан нь эерэг нөлөө үзүүлж, Засгийн газраас тодорхой татварын зохицуулалт хийж, жижиглэнгийн үнийг тогтвортой барих арга хэмжээг хэрэгжүүлж иржээ. Мөн өнгөрсөн онд нефтийн бүтээгдэхүүний үнийг гурван удаагийн арга хэмжээгээр нийтдээ литр тутамд нь 250 төгрөгөөр бууруулж чадсан аж. Гэвч 2019 оны гуравдугаар сараас дэлхийн зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ буцаж өссөн. ОХУ хилийн үнээ нэмэгдүүлсэн зэргээс үүдэж нефтийн бүтээгдэхүүний үнэ Монголд өсөхөөс аргагүй болсон гэлээ.

Сүүлийн жилүүдэд Монголын зах зээлд чанарын шаардлага хангахгүй нефтийн бүтээгдэхүүн худалдаалагдах болсон тухай яригдах болсон. Түүнийг шинжлэх гурван лаборатори улсын хэмжээнд ажилладаг байна. Тодруулбал, Ашигт малтмал газрын тосны газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын харьяанд тус бүр нэг, нэг лаборатори ажилладаг аж. Гэхдээ хүчин чадал багатай. Харин энэ онд багтаан Ашигт малтмал газрын тосны газар хилээр импортлогдон орж ирж буй бүх нефтийн бүтээгдэхүүнийг бүрэн шинжлэх лаборатори ашиглалтад оруулах ажээ.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна

Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна.

ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 26 дугаар чуулганаар гаргасан Зөвлөмжийн дагуу 1993 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаар жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэхээр баталсан байдаг. Дэлхийн 100 орчим улсад тэмдэглэн өнгөрүүлдэг энэхүү өдрийн ач холбогдол, үр нөлөөг дээшлүүлэх үүднээс жил бүр дэлхийн хэвлэл мэдээллийн салбарт тулгамдаж буй асуудлуудаас тодорхой сэдвүүдийг онцлон ач холбогдол өгсөөр ирсэн. Энэ жилийн тухайд “Ардчиллын төлөө хэвлэл мэдээлэл хуурамч мэдээллийн үе дэх сонгууль ба сэтгүүл зүй” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байна. Уг өдөрт зориулсан үйл ажиллагааг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Глоб Интернэшнл төв хамтран өчигдөр зохион байгуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг өвлийн хуваариар үлдээлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг өөрчлөх, эсэх талаар хэлэлцэж, бүсчлэлийг өвлийн хуваариар үлдээхээр шийдвэрлэлээ. Энэ асуудлаар өнгөрсөн сард иргэд, олон нийтийн дунд санал асуулга явуулсан бөгөөд асуулгад оролцсон 7000 гаруй иргэдийн 72 хувь нь өвлийн цагийн бүсчлэлийг хэвээр үлдээх хүсэлтээ илэрхийлсэн байна.

Олон нийтийн санал болон мэргэжлийн байгууллагын судалгаа дүгнэлтийг үндэслэн ийн шийдвэрлэжээ. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал зургаагаас есдүгээр сард хамгийн бага байдаг. Тээврийн цагдаагийн байгууллагын мэдээллээр энэ үед замын хөдөлгөөний ачаалал 30 хүртэл хувиар буурдаг гэсэн тооцоо байна.

Замын хөдөлгөөний ачааллын оргил үед хөдөлгөөний хязгаарлалтын бүс нь Саппорогийн уулзвар, III, IV хорооллын эцсийн уулзвар, Тасганы овоо болон 32-ын тойргийн уулзвар, Дарь эхийн уулзвар, КТМС-ийн урд талын аюулгүйн тойрог, Офицеруудын ордны тойрог, Чулуун овооны уулзвар, Дүнжингаравын уулзвар, 120 мянгатын уулзвар, Механик тээврийн сургуулийн хойд уулзвар, Гурвалжингийн гүүрний урд уулзварыг хамруулдаг байсан. Гэтэл замын хөдөлгөөний ачаалал багасадаг үе буюу зуны улиралд Геологийн төв лабаратори, Дамбадаржаа, ХСИС, Их тэнгэрийн ам хүртэл тэлж байгаа нь агуулга тооцооллын хувьд амьдралд нийцэхгүй байгаа тул өвлийн цагийн хуваариар хэвээр нь үлдээх саналаа Тээврийн цагдаагийн байгууллагынхан ирүүлжээ.

Тиймээс олон нийтийн санал болон мэргэжлийн байгууллагын судалгаа дүгнэлтийг үндэслэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг өвлийн хуваариар үлдээхээр шийдвэрлэв.

Categories
мэдээ улс-төр

БНХАУ Хөгжлийн банкинд 400 сая ам.долларын даатгалын дэмжлэг үзүүлнэ

Бээжинд болж өнгөрсөн “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны чуулганы үеэр Монгол Улсын Хөгжлийн банк БНХАУ-ын Гадаад зээлийн даатгалын корпораци хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ. Хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын Гадаад зээлийн даатгалын корпораци Хөгжлийн 400 сая ам.долларын даатгалын дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Гэрээ байгуулагдсанаар Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдийг Хятадын Экспортын зээлийн даатгалын корпорацийн даатгалтайгаар БНХАУ-ын банк, санхүүгийн байгууллагуудаас урт хугацаатай, хямд эх үүсвэрээр санхүүжүүлэх боломж бүрджээ. Энэ нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд томоохон түлхэц болох юм.

Categories
мэдээ нийгэм

“Токио-2020” олимпын наадмын үеэр “Mongolia house” ажиллуулна

Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, “Токио-2020” олимпын наадамд оролцох Монголын багийн ахлагч Б.Баттүшиг Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд, бүрэн эрх Элчин сайд, ноён Такаока Масатотай уулзжээ. Уулзалтаар хоёр орны спортын хөгжил, хамтын ажиллагааны талаар санал солилцож, “Токио-2020” олимпын наадмын үеэр Токио хотноо Монгол Улсын соёл, ёс заншил, спорт, олимпизмийн түүхэн замналыг олон нийтэд сурталчлах “Mongolia House” байгуулан ажиллахаар төлөвлөж буй гэдгээ дурдаад, хамтран ажиллахыг хүссэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.ДАШДОНДОВ: Чөлөөт хэвлэл гэдэг бол галзуу нохой биш, сэтгүүлч гэмээ нь яллагч биш, үнэнийг ярьж, мэдээлэгч

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Дашдондовтой ярилцлаа.


-Жил бүрийн тавдугаар сарын 3-нд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг өөрийн оронд өргөн дэлгэр утгаар тэмдэглэх үйл явцын эхлэлийг Та анх тавьсны хувьд уг өдрийн учир зорилгыг тодотгоно уу?

– Юуны өмнө онцолж хэлэхэд энэ удаад огт зарга ярихгүй, онцолж зарчим ярина. Ингэх нь хэнд хэрэгтэй юм бэ гэвэл хэт хожим нь хэвлэл, мэдээллийнхэнд маань хэрэгтэй. Тавдугаар сарын 3. Энэ нь орон бүхний сэтгүүлчдийн хувьд онцгой, манай гаригийн хэвлэл мэдээллийнхэнд маш чухал өдөр. Анх 1991 онд Африк тивийн өмнөд хэсэгт орших Намиби улсын нийслэл Виндхүк хотноо тус тив бүс нутгийн сэтгүүлчид тун өргөн төлөөлөлтэйгөөр хуран чуулахдаа “Бие даасан хараат бус хийгээд олон ургалч үзлийг дээдлэгч чөлөөт хэвлэл мэдээллийг хэрхэн дэлгэрүүлж хөгжүүлэх талаар” туйлаас нухацтай тогтож ярилцсаны эцэст тусгай тунхаглал гаргасан. Тэрнийг нь хүн төрөлхтний хамгийн өнөр том хамтын нийгэмлэг болох НҮБ дэмжиж тунхаглал гарсан өдөр буюу тавдугаар сарын 3-ныг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр хэмээн зарлаж цаашид жил болгон дэлхий даяарт дурсан тэмдэглэж байхаар тогтсон.

Анхандаа “Internation­al press freedom day” гэж байснаа төдөлгүй жаахан өөрчилж Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр (World press freedom day) гэх болсон нь бодвол учиртай биз. Нэгэнт НҮБ дэмжсэн болохоор орон бүхэн ч онцгой анхаарч асар нүргээ дуулиантайгаар айхавтар нижгэр тэмдэглэдэг болсон. Манайд гэхэд л эхний жилдээ анир чимээгүйдүү байснаа арга буюу дараа жилээс нь нийтийн жишгээр анхаарч ажил хэрэгчээр хандаж тэмдэглэдэг болсоны эхлэлийг тавьсны хувиар би эргэж санахад сайхан л байна. Ардчилал, хүний эрх, эрх чөлөөний амин сүнс, гол шалгуур, үндсэн үзүүлэлт, тулгуур зарчим болох хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хөхиүлэн дэмжиж хөгжих явцыг нь түргэтгэж түлхэц үзүүлэх нь Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэхийн дэлгэр утга, тэргүүн буюу приоритет зорилт.

Тухайн өдрийг тохиолдуулж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон хүний эрхийн дээд комиссар, ЮНЕСКО-гийн ерөнхий захирал гэсэн тийм гурван эрхмийн илгээлт орон бүхэнд очдог байснаа яваандаа өөрчлөгдөж НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох ЮНЕСКО-ын ерөнхий захирлын илгээлт болж улам ч нарийсан тов тод хувилбарт шилжиснээр барахгүй тэр үеэр Gruillerm Cano-ын нэрэмжит хэмээх нэр хүндтэй шагналыг хүртэл олгодог болсон. Тэрхүү Cano гэдэг нь ажил үүргээ нэртэй гүйцэтгэж явахдаа амь эрсэдсэн Колумбын ихэд эрэлхэг зоригт сэтгүүлч.

-Ингэхэд хэвлэлийн эрх чөлөө гэдэг маань чухам юу юм бэ?

-Хэвлэлийн эрх чөлөө гэдэг нь угаас утга гүн, хүрээ өргөн ухагдахуун. Үүнийг энгийнээр болоод нарийнаар, товчоор хийгээд том дэлгэрэнгүйгээр ямар ч янз хэлбэрээр илэрхийлж болох. Энгийнээр гэвэл энэ нь хүн үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө юм л даа. Энийг илүү дэлгэрэнгүй томьёолоход хүрвэл хаанахын хэн ч болов өөрийн гэсэн өвөрмөц онцлог ойлголт, хандлага, үзэл бодол, үнэмшил итгэл, таашаал, эрмэлзэл, сонирхол, тэмүүлэлтэй байх агаад тэрнийгээ амаар, бичгээр, дүрс, дуу авиа зэрэг ер нь аль боломжтой арга хэлбэр хэрэгслээр илэрхийлж болох бөгөөд түүнд хил, хязгаар хамаарахгүй. Тэр тухайд хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйлд, иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын мөн 19-д бий. Олон улсын чанартай тэдгээр пакт, баримт бичигт манай улс ч нэгдэж улмаар өөрийн тулгуур суурь гол хууль болох үндсэн хуульдаа ч тусгасныг утгачилан танилцуулбаас: “Манай улсын иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх … эрх чөлөөтэй. Хэрэгтэй мэдээллээ эрж хайж олж авах эрхтэй” гэсэн байна.

-Хэвлэлийн эрх чөлөөний тухайд тийм байх нь. Тэгвэл чөлөөт хэвлэл гэдгийг ямраар төсөөлж бодох вэ?

-Дэлхий дахинаа дээдэлж нэг мөр хүлээн зөвшөөрч хүндэтгэж даган мөрддөг чөлөөт хэвлэлийн харти буюу Charter for a free press гэж байгаа. Тэрхүү баримт бичгийн хамгийн тэргүүн дээд мөрөнд “Чөлөөт хэвлэл гэдэг болбоос чөлөөт хүн ард” л гэсэн үг бий.

Энийг эргэцүүлж сайтар шүүн тунгааваас асар гүн утга тээж, айхавтар жинтэй шим шүлт шингэжээ. Юуны тул чөлөөт хэвлэлийн харти гэж байгаа билээ. Харти бол Харти үүнээс илүү үнэ хүндэт баримт бичгийг чөлөөт хэвлэлийн хүрээнд олныг олж нэрлэхэд бэрх.

-Таныг бид чөлөөт хэвлэлийн загалмайлсан эцэг хэмээн хэлж ярьж бичдэг. Тиймийн учир чөлөөт хэвлэл, хэвлэлийн эрх чөлөөний талаар ондоо олон зүйлийг хэлүүлмээр байна…

-Хэл гэвэл хэлье. Тэгэхдээ миний бодлоор хэмээн хэт чээждүү залж амны зоргоор авч давхиж бурахгүй. Одоо чинь аливаад мэдлэгээр хандаж ухаанаар шийдэж философиор сэтгэдэг цаг. Даан ялангуяа чөлөөт хэвлэлийн тухайд хамаа намаагүй хадуурч чалчих бүүр ч эвгүй. Учир нь Монголд чөлөөт хэвлэл хөгжиж байсан уламжлал байхгүй тул бусдаас суралцахаас өөр аргагүй. Хаанаас вэ гэдэгч хариулт нэхэх сэдэв.Өрнөдөөс л сурна уу гэхээс өвөр монгол ч юм уу, буриадаас гээд байх нь хангалтгүй. Өрнөдөөс суралцахдаа гагцхүү хэлээр дамжиж суралцахаас өөр юугаар дамжин суралцах билээ. Дохиж зангаад байлтай биш. Хэл гэхэд бас л сонголт. Алаг хорвоогийн хаан хэл гэгддэг англи хэл хамгаас тэргүүнд. Чухам тиймээс би хойно хийгээд өмнө өгүүлэх зүйлдээ хослуулсан хэл англи. Ингэх нь хэнд хэрэг болох вэ гэвэл өөрт минь биш өөр бусдад, өнөөгийнхөнд төдийгүй өнө хожмынхонд хэрэг болно.

Хэрэв зээ сэтгүүлчид авлига, ядуурал, айдас хүйдсийн дунд байвал тэнд хэвлэлийн эрх чөлөө хэрэгжихгүй.

Халаасны сэтгүүл зүйтэй байсан цагт хараат бус хэвлэлийн тухай ярих нь үл биелэх үлгэр. Хэвлэл мэдээлэл нь санхүүгийн талаар бие дааж хараат бус болоогүй цагт үйл ажиллагааны хувьд бие дааж чадахгүй.

-Өнөө цагийн хэвлэл мэдээллийн салбарын өнгө төрхийн өөрчлөлт, дэвшил, шинэчлэлтэй холбогдуулж та юу хэлэх бол?

-Уншиж сонсох аудиторийн өөрчлөлт, ашиг сонирхлын тэлэлтийг дагаж хэвлэл мэдээллийн салбарт төрөлжих, ондоошиж олширч, шинэчдэгдэх эгэл бус үйл явц илтэд ажиглагдах боллоо.

Телевиз гэхэд л, зар сурталчилгааны, олон нийтийн, захиалгын, тойм сүлжээ, тодорхой хүрээний, дүрст, зугаат гэхчилэн төрөлжиж байна. Сэтгүүлч, сурвалжлагчид ч гэсэн тодорхой чиглэлээр дагнан, төрөлжиж мэргэшихдээ цагаан ордны, пентагоны, хөрөнгийн биржийн сурвалжлагч ч гэх юм уу, спорт гэхэд л хөл бөмбөгийн … гэхчлэн тэр ч байтугай ахлах сурвалжлагч гэх мэтээр ангилагдан төрөлжих аястай байна.

-Хэвлэл мэдээллийн хөгжил хандлагыг ярихдаа бид хэрэгжүүлэгч гол эзэд болох магнатуудыг мартаж болохгүй. Дэлхийд дээгүүрт орохоор том том толгой магнатууд хэн хэн гэдгээс хэдийг боловч нэрлэнэ үү?

Австралийн Руперт Мердок, Керри Паркер, Энэтхэгийн Азим Премжи, Америкийн Тед Тернер,Ройтерсын Питер Жом… нарыг яагаад ч юм би ярьж дурьдах дуртай. Опра Уинфрийг ч аливаа оронд андахаа больж дээ. Тэрбээр CNN-ийн ПирсМорганд хэвлэл, мэдээллийн менежментийг хэрхэн чадмагаар хэрэгжүүлэх тухайд олоон жилийн өмнө ой тойнд буутал ярьсан нь одоо ч санаанаас гардаггүй юм.

-Таны бодлоор сэтгүүлч гэж яг хэнийг хэлэх ёстой вэ?

-Миний бодох энд гол бишийг бас хэлүүштэй.Сүүлийн үед “миний бодох” гэдэг үг хэт их хэрэглэж хэнхдэг дэлдэгчид олширсныг би нэгээр нэмж нүгэл үйлдэмгүй байна. Ер нь тэгээд юм бүхэн хэмжээтэй хэмжээ нь хэтэрсэн болгон хортой. Миний бодосноор гэж хэлэх ч юм бий, хэлэхгүй ч юм бий. Эндээ гэхэд сэтгүүлч хэмээн хэлдэг нь бүү хэл, хэлүүлдэг нь ч дутуу мэдлэг, дундуур ойлголттой байгаа л даа.

“Сэтгүүлч” гэсэн алдрыг ард зон хайрлана уу гэхээс бус өөрөө өөртөө өгчихдөг ч өргөмжлөл хэргэм хэрхэвч биш. Манай сэтгүүлчдийн бүтэц, бүрэлдэхүүн туйлын жигд бус ихэд эрээвэр хураавар Конгомерат шинжтэй байгаа.

Сэтгүүлчийн чадал хүчээ зориулдаг чөлөөт хэвлэл гэдэг галзуу нохой биш, харин хоточ нохой. Тиймээс хүн хүн рүү архирч дайраад, юм юм руу асаж ноцоод урж тасдчих гээд байх зохимжгүй. Сэтгүүлч гэмээ нь яллагч биш, харин мэдээлэгч. Тийм болохоор тэр зөв, энэ буруу, тэр гэмт хэрэгтэн, энэ биш гэж адгаж айлдах гээд байх хэрэггүй. Хэн нэгний гэм бурууг хэлж тогтоодэг субьект нь шүүх, прокурор. Сэтгүүлч хэмээх амаргүй албанд зүрх сэтгэлээ зориулж зүтгэгчдийн эрхэмлэх зүйл, идеал зорилт гэвэл: бодит үзэгдэл, болсон үйл явдлыг үнэн бодитойгоор тэгш тэнцүү, нэмэр хачиргүйгээр нэг нэггүй бүрсгэн дэнсэлж, бичиж, мэдээлэх явдал. Сэтгүүлч, сурвалжлагч хэмээх хүндтэй албанд хүчин зүтгэж яваа хүмүүсийн оюуны хөдөлмөрийн үнэлэмж ч онцгой өндөр түвшинд байгууштай. Эдний эрх ашгийг эвлэл, холбоод нь ихэд дээдэлж хамгаалууштай. Тиймээс хүн хүн рүү дайраад л, юм юм руу ноцоод, үсчин цовхчиж, хазаж хайрч, довтолж дошгирч, доромжилж гутаах юм уу, шүлс үсэргэж сэвсээр будаж, хөөс сахруулж хөөрцөглөх зэрэг жижиг улсын жижиг хүмүүсийн жижиг зангаас жинхэнэ сэтгүүлч ангид хол явж, ариун журмыг сахихын сацуу арга мэх, суртал ухуулга цензур буюу хянан цагдалт зэрэг хаа газрын чөлөөт сэтгүүл-зүйд хатуу цээрлэж цэрвэдэг тэвчишгүй гурван гэмтэй тэнхээ мэдэн тэмцэх үүрэгтэй.