Categories
мэдээ улс-төр

Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн барилаа

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Төсөлд эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний чанар, аюулгүй байдлыг бүрэн хангах зорилгоор эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг эрсдэлээр ангилан бүртгэх шинэ зохицуулалтыг оруулж, эм, уламжлалт эм, малын эмийг сонгох, бүртгэх зарчим, шалгуур болон эм үйлдвэрлэгч, импортлогчийн эмийн чанар, аюулгүй байдлын чиглэлээр хүлээх хариуцлага, Эмийн зөвлөлийн гишүүний шалгуурыг нэмэгдүүлж, эмийн хяналтад нэгдсэн цахим программ хангамж хэрэглэхээр заасан байна.

Эмийн зохистой хэрэглээ, сонголт, жор бичилтийг сайжруулах зорилгоор эмийн жорыг заавар, удирдамжид үндэслэн бичих, цахим жор хэрэглэх, эм хангамжийн байгууллага, эмч төлөөлөгч нараас эмийг зах зээлд таниулах, нэвтрүүлэх үйл ажиллагааны зохицуулалт энэхүү хуулиар боловсронгуй болох юм. Энэ зохицуулалтын хүрээнд иргэд эм гэж төөрөгдөн хэрэглэдэг эрүүлжүүлнэ, тураана гэх мэт хэт дөвийлгөсөн сурталчилгаатай бүтээгдэхүүний зохицуулалт ч сайжрах аж.

Түүнчлэн эмийн үнийн ил тод байдлыг хангах, гадаад дотоодын жишиг үнийг нэвтрүүлэх, түгээлтийн шат бүрд эмийн үнийг зохицуулах, иргэд шуудан илгээмжээр эм хүлээн авах эрх зүйн орчин бүрдэнэ.

Энэхүү хууль батлагдсанаар эрүүл мэндийн салбарт тулгамдаад байгаа асуудал болох эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж төсөл санаачлагчид үзэж байна.

Categories
мэдээ улс-төр

Б.Пүрэвдорж: У.Хүрэлсүх цэрэг хувцсаа өмсөөд түймэрт явах хэрэгтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийлээ. Дараагаар нь гишүүдийн асуултад хариулж байна. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Хуурайшилт ихтэйгээс ой, хээрийн түймэр их гарч байна. Онцгой байдлын албан хаагчид хүнд нөхцөлд ажиллаж байна. Хөдөлмөрийн багаж, хувцасны хангамж муу харагдсан. Энэ хүнд нөхцөлд У.Хүрэлсүх цэрэг хувцсаа өмсөөд явах хэрэгтэй. Энд яриад суугаад байж болохгүй гэлээ. Шадар сайд Ө.Энхтүвшин:

-Онцгой байдлын албан хаагчид сайн ажиллаж байгаа. Харин хувцасны тухайд хангаж өгөх хэрэгтэй. Ялангуяа усны хувцасны хангамж муу байгаа. Дарга нар энд яриад суугаагүй. Ариунбуян дарга Хэнтий аймагт урьд шөнө ажиллаж байгаад өнөөдөр мэдээлэлтэй учир энд ирээд сууж байна хэмээв.

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийж байна

15:30 цаг:

УИХ-ын үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийж байна.

Хуурайшилт ихтэйгээс ой хээрийн түймэр гарч, урьдчилан сэргийлэх талаар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа аж. Ялангуяа зүүн аймагт хуурайшилт ихтэй байгаа гэнэ. Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт ихтэй байгаа тул нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, зургадугаар сарын 15-ныг хүртэл ногоон бүсэд аялал жуулчлахыг хорьж, хяналт шалгалт тавьж ажиллаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Гурван автомашин мөргөлдсөн осол гарчээ

Гурван автомашин мөргөлдсөн осол гарчээ.

Тодруулбал СБД-ийн 7-р хороо Денверийн гудамж, Сити их сургуулийн урд замд өнөөдөр 12 цаг 30 минутын орчим Lexus RX маркын автомашин H.Sonata-6 маркын автомашинтай мөргөлдөж замын хайс ногоон байгууламж мөргөж онхолдохдоо N.Tiana маркын автомашин мөргөсан зам тээврийн осол гарсан байна

Осолд холбогдсон дээрх гурван тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсан бөгөөд ослын улмаас нэг жолооч хөнгөн зэргийн гэмтэл авчээ.

Хэргийг СБД-ийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын эмэгтэй гишүүдтэй хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудлаар ярилцав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ дахь албан бус эмэгтэй гишүүдийн бүлэг буюу УИХ-ын 13 эмэгтэй гишүүнтэй хүүхдийн эсрэг хүчирхийлэл, тэр дундаа бага насны хүүхэд балмад хэрцгийгээр хүчирхийлэлд өртөж, сураггүй алга болж байгаа асуудлаар болоод хууль эрх зүйн асуудлын хүрээнд уулзаж, санал солилцлоо.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахын тулд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс баримталж буй бодлого, зарим шийдвэрийг танилцуулсан бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Р.Булгамаа одоо хэрэгжиж буй хуулиуд нь хэрхэн хэрэглэгдэж байгаа асуудлаар УИХ-ын эмэгтэй гишүүдэд хэрэг, баримтад тулгуурласан мэдээлэл өглөө.

Мөн дээрх сэдвийн хүрээнд УИХ-ын эмэгтэй гишүүн бүр өөр, өөрийн санаа бодол, судалгаа, хүүхдийн эсрэг хүчирхийлэл гарч буй шалтгаан нөхцөл, удаах үр дагавар, хуулийн хариуцлага зэрэг сэдвээр өргөн хүрээнд ярилцав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын төгсгөлд бага насны хүүхдийг хүчирхийлэх асуудлаар цаашид уулзалт, яриа хэлэлцээгээ багасгаж, цаг алдалгүй ажил хэрэгтээ орох хэрэгтэй хэмээн санууллаа.

Уулзалтад оролцсон талууд бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгах асуудлаар санал нэгдэж, цаашид хамтран ажиллахаар зарчмын санал нэгдэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бага насны хүүхдийг хүчиндсэн, амийг нь хөнөөсөн, тарчлаан зовоосон, балмад хэрцгий аллагын гэмт этгээдүүдэд цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх саналаа 2017 оны арваннэгдүгээр сард Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн ч Хууль зүй, дотоод хэргийн яам одоогоор ямар нэг хариу ирүүлээгүй байна.

Categories
мэдээ улс-төр

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.05.03) нэгдсэн хуралдаан 10 цаг 26 минутад эхэлж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Уг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхэлж, хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж байгаад хуралдаан завсарласан юм.

Ингээд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалтыг үргэлжлүүлэв. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 3 дахь заалтын буюу 6.1.14 дэх заалтыг харилцаа холбоо, мэдээллийн технологитой холбогдуулж төрийн цахим мэдээллийн сан хариуцсан байгууллагаас үйлчилгээ үзүүлэх журам; захиргааны байгууллагын цахим мэдээллийн санг байршуулах, шинэчлэх, хадгалах, түүхчилсэн бүртгэл үүсгэх, ашиглах журам; төрөөс иргэдэд хүргэх радио, телевизийн нэвтрүүлгийг дамжуулах үйлчилгээний журам; интернэтийн дундын холболтын журам баталж мөрдүүлэх гэсэн агуулгаар өөрчлөн найруулахаар болов. Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 6 дахь заалт буюу 25.2 дахь хэсэгт “хэрэглэгчийг регистрийн дугаараар бүртгэх”; “бусад үйлчлэгчид ижил нөхцөлөөр үйлчлэх” гэсэн агуулгатай 25.2.11, 25.2.12 дахь заалтыг нэмж оруулахыг гишүүдийн олонх нь дэмжсэн юм.

Түүнчлэн төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалтын буюу 6.1.3 дахь хэсгийг “харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр шинэ технологи нэвтрүүлэх, давамгай байдлаа сөргөөр ашиглахыг хязгаарлаж, өрсөлдөөнийг дэмжихэд баримтлах чиглэл, шинэ технологи нэвтрүүлэхтэй холбогдсон журам, заавар, аргачлал батлах, хэрэгжилтийг зохион байгуулах” гэж өөрчлөн найруулахаар тогтов. Харин төслийн 3 дугаар зүйлийн 3 дахь заалт буюу 8.7 дахь хэсгийг “3охицуулах хороонд харилцаа холбооны улсын байцаагч ажиллана” гэж өөрчлөн найруулах саналын талаар гишүүд ойлголтын зөрүүтэй байсан тул уг саналыг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагч өгсөн юм.

Мөн төслийн 3 дугаар зүйлийн 6 дахь заалт буюу “Дотоодын хэрэглээний холбооны сүлжээ” гэсэн 21 дүгээр зүйлийг ”Аж ахуйн нэгж, байгууллага дотооддоо ашиглах зориулалтаар дотоодын хэрэглээний холбооны сүлжээ байгуулан ажиллуулж болно”, гэхдээ энэ сүлжээг ашиг олох зорилгоор бусдад ашиглуулахыг хориглох бөгөөд Зохицуулах хороо дотоодын хэрэглээний холбооны сүлжээнд зохицуулалт хийх журмыг баталж, хэрэгжилтэд хяналт нь тавихаар өөрчлөн найруулж зохицуулах нь зүйтэй гэж үзлээ.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 17, найруулгын шинжтэй 11 саналаар санал хурааж дуусган, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Дараа нь Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал, хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Байнгын хороо хуулийн төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг тус Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлангаар ахлуулан байгуулж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ, Л.Болд, М.Оюунчимэг, Б.Ундармаа нар багтаж ажиллажээ.

Эдийн засгийн байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг өнгөрсөн 04 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хийсэн. Хэлэлцүүлгийн явцад ажпын хэсгээс харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын радио долгионы талаар хэрэгжүүлэх эрхэнд тусгай хэрэглээнд ашиглах радио давтамжийн зурвасын нэгдсэн төлөвлөлтийг батлахаар, олон улсын радиогийн байгууллагад Монгол Улсыг төлөөлөх, гишүүн орнуудаас урьдчилан гаргасан санал, дүгнэлт, судалгааны үр дүнг судлах, олон улс, бүс нутгийн хуралд бэлтгэх, оролцохтой холбогдсон ажлыг зохион байгуулахаар, харилцаа холбооны зохицуулах хорооны бүрэн эрхэнд тусгай хэрэглээнд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалтыг тусгай хэрэглээний радио давтамж ашиглах эрх бүхий байгууллагатай хамтран боловсруулах, хуульд өөрөөр заагаагүй бол тохирлын баталгаагүй радио тоног төхөөрөмж ашиглах болон радио холбооны сүлжээ сарниулах тоног төхөөрөмж ашиглах, импортлох, үйлдвэрлэх, худалдахыг хориглох зохицуулалтуудыг шинээр нэмэх зэрэгтэй холбогдсон санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнийг Байнгын хороо санал, дүгнэлтдээ дурджээ.

Радио долгионы тухай хуульд харилцаа холбооны тухай хууль, бусад шинээр батлагдсан болон нэмэлт өөрчлөлт оруулсан хуулиудын өөрчлөлттэй нийцүүлэн эшлэл, заалтуудыг өөрчлөх, Олон улсын цахилгаан холбооны байгууллагын конвенц болон Дэлхийн радио холбооны дүрмийн нэр томьёонд нийцүүлэн хуулийн зарим нэр томьёог өөрчлөх, хоорондын зөрчил, давхардлыг арилгах, үг хэллэг, томьёоллыг ойлгомжтой, тодорхой болгож өөрчлөн найруулах зэрэг саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулсны дараа хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 9 саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Иймээс хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас өнгөрсөн оны 10 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын энэ оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Тиймээс дээрх хуулийн төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлангаар ахлуулан байгуулж ажиллуулжээ.

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Жавхлан нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Байнгын хороогоор дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад ажлын хэсгээс улс хоорондын шуудангийн илгээмжийн үйл ажиллагааны зохицуулалтыг тодорхой болгох, шуудангийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхэд үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн үйлдвэрлэлт, борлуулалт, дахин үнэлэлт, улсын фондын баяжуулалт, хадгалалт, хамгаалалтын журмыг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих, олон улсын шуудангийн байгууллагад Монгол Улсыг төлөөлөх, гишүүн орнуудаас урьдчилан гаргасан санал, дүгнэлт, судалгааны үр дүнг судлах, олон улс, бүс нутгийн хуралд бэлтгэх, оролцохтой холбогдсон ажлыг зохион байгуулах, үйлчлэгчийн үүрэгт салбарын өрсөлдөөнийг дэмжих зорилгоор үйлчлэгч өөрийн сүлжээг бусад үйлчлэгч холбогдоход нээлттэй байлгах болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22.2-т заасны дагуу бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэх гэсэн зохицуулалтуудыг шинээр нэмэх зэрэг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Мөн хуулийн төсөлд хуулийн зүйл, заалтын давхардал, хийдэл, хуулийн зарим нэр томьёог өөрчлөх, хоорондын зөрчил, үг хэллэг, томьёоллыг ойлгомжтой, тодорхой болгож өөрчлөн найруулах зэрэг санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Хэлэлцүүлгийн явцад Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.

Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Н.Оюундарь, Я.Содбаатар нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй 8, найруулгын шинжтэй 3 санал гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 8 дахь заалт буюу 25.3 дахь хэсгийг “Үнэ бүхий шуудангийн тэмдэгт маркийг үйлдвэрлэх, борлуулах, хадгалах бодлогыг Засгийн газар батална” гэж, 3 дугаар зүйлийн 10 дахь заалт буюу 25.2 дахь хэсгийг “Шуудангийн марк нь Монгол Улсын тусгаар тогтнолыг илэрхийлсэн, шуудангийн илгээмжийн төлбөр төлөгдсөнийг баталгаажуулсан, үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн төрөл” гэж тус тус өөрчлөн найруулахаар тогтов.

Мөн төслийн 3 дугаар зүйлийн 7 дахь заалт буюу 21.1 дэх хэсгийг “Улс хоорондын агаарын болон газрын шуудангийн үйлчилгээнд Монгол Улсын олон улсын гэрээ, үйлчлэгч хоорондын гэрээ, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөнө” гэж, 3 дугаар зүйлийн 7 дахь заалт буюу 21.2 дахь хэсгийг “21.2.Улс хоорондын шуудангийн илгээмж гэдэгт хилийн чанадаас Монгол Улсад хүргэж байгаа, Монгол Улсаас хилийн чанадад илгээж байгаа, эсхүл дамжин өнгөрч байгаа шуудангийн илгээмж хамаарна” гэж тус тус өөрчлөн найруулах нь зүйтэй гэж үзлээ. Харин төслийн 1 дүгээр зүйлийн 3 дахь заалт буюу 7.1.8 дахь заалтыг “Олон улсын шуудангийн байгууллагад Монгол Улсыг төлөөлөх, гишүүн орнуудаас урьдчилан гаргасан санал, дүгнэлт, судалгааны үр дүнг судлах, олон улс, бүс нутгийн хуралд бэлтгэх, оролцохтой холбогдсон ажлыг зохион байгуулах” гэж өөрчлөн найруулах санал дэмжигдсэнгүй. Иймээс эцсийн хэлэлцүүлгийн шатанд энэ саналыг анхаарч нягтлах чиглэлийг хуралдаан даргалагч ажлын хэсэгт өгөв.

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын тусгай илтгэгч Мишель Форстыг хүлээн авч уулзав

Хүний эрхийг хамгаалагчийн асуудал хариуцсан Нэгдсэн үндэстний байгууллагын тусгай илтгэгч Мишель Форстыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга нар хүлээн авч уулзав.

Тусгай илтгэгч М.Форст нь тавдугаар сарын 13-ны өдрийг хүртэл Монгол Улс дахь хүний эрхийг хамгаалагчийн нөхцөл байдалтай танилцаж зөвлөмж гаргах бөгөөд энэ хүрээнд УИХ, Засгийн газар, Захиргааны хэргийн шүүх, Улсын Ерөнхий прокурор зэрэг газрын удирдлагуудтай уулзаж, мөн орон нутагт ажиллахаар төлөвлөжээ.

Ноён М.Форст дээрх газруудад ажиллаж нөхцөл байдалтай танилцсаны дараа Монгол Улс дахь хүний эрхийн хамгаалагчийг тойрсон асуудал, хууль эрх зүйн орчин ямар байгаа талаарх урьдчилсан зөвлөмжийг Засгийн газар болон Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлж, дэлгэрэнгүй зөвлөмжөө НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 43 дугаар хуралд танилцуулах талаараа ярив.

Мөн Монгол Улсад хүний эрхийн хамгаалагчийн асуудал муу биш ч сайжруулах боломжтой талаар, Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлыг дээшлүүлэх асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай санал солилцов.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан илгээлт хүргүүллээ

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг зохион байгуулж байгаа юм. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тус форумд оролцогчид болон Монголынхоо нийт сэтгүүлчдэд хандан илгээлт хүргүүллээ. УИХ-ын дарга Г.Занданшатарын илгээлтэд:

-Монгол Улсын шинэ түүхийг дархлагч эрхэм сэтгүүлчид ээ,

Монголын сэтгүүл зүйн өнөр бүлийн гишүүн хэвлэл мэдээллийн байгууллагын нийт ажилтнууд аа,

1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн тавдугаар сарын 3-ныг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон зарлан тунхагласан. Энэ өдөр Монголын сэтгүүлчид дэлхий дахины мэргэжил нэгт нөхөдтэйгээ дуу хоолойгоо нэгтгэж чөлөөт хэвлэлийн хөгжил, сорилт бэрхшээл, туршлага сургамжаа хуваалцаж, хэлэлцэн ярилцдаг сайхан уламжлалтай билээ.

Тиймээс дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Та бүхэндээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, үнэнийг дархлах, түүхийг шаштирлах үзгэн хөлөг тань шандастай байхын ерөөл өргөе.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш энэ өдрийг тохиолдуулан “Тунгалаг, үнэн бодит мэдээлэлгүй бол ардчилал үнэ цэнэгүй болно. Хэвлэлийн эрх чөлөөгүйгээр шударга, алагчлалгүй нийгмийг цогцлоож, эрх мэдэлтнүүдийн үйлдэл, засаглалын бодит үнэнд хүрч чадахгүй” гэж хэлсэн байна.

Хараат бус, мэргэжлийн ёс зүйд суурилсан сэтгүүл зүй Монголд юу юунаас үнэ цэнэтэй боллоо. Шударга ёс алдагдаж, авлига, албан тушаалын гэмт хэрэг нийгмийг, хөгжил дэвшлийн ирээдүйг бохирдуулж байгаа нь үнэн. Хуулийг үл тоомсорлох, ард түмнээ алагчлах нь ердийн үзэгдэл болж, хууль шүүхийн байгууллага хэсэг бүлгийн хүсэл шуналаа гүйцэлдүүлэх хэрэгсэл болон хувирлаа гэсэн яриа олон жил үргэлжиллээ. Монголын асар их эрдэнэс баялаг цөөн гэр бүлийн мэдэлд төвлөрч, амь амьдралынхаа төлөө зүтгэж, хөдөлмөрлөж яваа жирийн иргэд ядууран доройтож, доромжлогдож байгааг нуух аргагүй. Хариуцлага, сахилга хаа сайгүй алдагдаж, нийгмийн хийгээд иргэний ёс зүй бохирдож, түгшүүр дэлдэж эхэлснийг ч бид харж, мэдэрч байна.

Ийм байж таарахгүй, энэ хэвээр байвал ирээдүй минь бүрхэг болно гэдгийг хүн бүхэн мэдэж, ойлгож, үнэн шударгын төлөөх үндэсний ухамсар сэргэж байна. Тиймээс шударга ёс тогтоох, гагцхүү хууль засагладаг тогтолцоог бүрдүүлэх зорилтыг Монголын төр, засаг дэвшүүлэн тавьж, өөрчлөлт шинэчлэлт хийж эхэлсэн. Олон жил бугшиж, тогтолцоо болтлоо бэхэжсэн шударга бусын ийм хана хэрмийг нураах ажил хялбар биш, бэрхшээл саад ч багагүй байгаа. Гэхдээ дөрөв дэх засаглалынхан болох Монголын сэтгүүл зүй, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллага бидэнтэй хамт байж, нэгдэн тэмцэнэ гэдэг итгэл ямагт дүүрэн байдаг.

Нийт монголчуудыг сэрээсэн шударга ёсны төлөөх тэмцэл үр дүнд хүрч, сайн цаг удахгүй ирнэ гэсэн ард түмний минь итгэл найдвар биелэхэд Та бүхний оруулах хувь нэмэр нэн чухал шүү гэдгийг энэ өдөр сануулж хэлэхийг хүсэж байна.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг энэ жил “Ардчиллын төлөөх олон нийтийн мэдээллийн хэрэгсэл: Хуурмаг мэдээллийн эрин дэх сонгууль ба сэтгүүл зүй” гэсэн уриан дор тэмдэглэхээр ЮНЕСКО-гоос шийдвэрлэжээ. Монголын сэтгүүлчид “Хараат бус сэтгүүл зүй”-н асуудлыг өнөөдөр хэлэлцэж байна.

Энэ бүхэн Монголын төрд ч хамаатай сэдэв юм. Учир нь шударга сонгуульгүйгээр шударга төрийг эмхэлж чадахгүй. Шударга сонгуулийг ард түмний, хэвлэл мэдээллийн, сэтгүүлчдийн хяналт дор л хэрэгжүүлж чадна. Хараат бус сэтгүүл зүй, иргэний эр зориг, мэргэжлийн ёс зүйтэй сэтгүүлчгүйгээр шударга ёсыг тогтоох зорилт хэрэгжих боломжгүй. Хуурмаг мэдээлэл, зөрчил сөргөлдөөн, хагарал бутралаас Монголоо сэргийлэн хамгаалж, зөвхөн бодит үнэнийг ил тод хэлж мэдээлж, эв нэгдэл, ойлголцол зөвшилцлөөр нийгмээ тохинуулахад хэвлэл мэдээлэл чухал үүрэгтэй.

Тиймээс Та бид нийтлэг эрх ашгаа нэгтгэж, нэг завин дээр хамт суух ёстой гэж би бодож байна. Монголын сэтгүүл зүй, сэтгүүлчид Монгол эх орныхоо гал голомтыг цэвэр тунгалаг байлгахын төлөөх зорилгын хамтран зүтгэгч, итгэлт нөхөд минь байгтун хэмээн энэхүү илгээлтийг сонордуулж байна.

Нийгмээ эрүүлжүүлэх энэ тэмцэл Та бүхнээс ихээхэн тэвчээр хатуужил, зориг зүрх, мэдлэг ухаан шаардана. Тиймээс сэтгүүлчийн хөдөлмөрийг шударгаар үнэлэх, нийгмийн сайн сайхны төлөөх бүтээл туурвилыг хөхиүлэн дэмжих, тулгамдсан бэрхшээлтэй асуудлуудыг тань шийдвэрлэх, чөлөөт хэвлэлийн эрх зүйн орчныг бүрэн төлөвшүүлэх, иргэдийнхээ үнэнийг мэдэх эрхийг хангах чиглэлд Монгол Улсын Их Хурал онцгой анхаарах болно.

Монгол оронд шударга ёс тогтоох, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хуулийн засаглалыг бэхжүүлэх, эрүүл нийгмийг цогцлоох эрхэм үйлсэд тань амжилт хүсье.

Эрх тэгш, элбэг хангалуун, хөгжин цэцэглэсэн шинэ Монголыг бүтээхийн төлөө хамтран тэмцье хэмэээжээ.

Categories
мэдээ нийгэм

Эх орны төлөө тангараг өргөсөн мөрдэстнүүд нэгдэн чуулж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлдэг “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ноос өнөөдөр Орхон аймагт “Мянган мөрдэстөн” чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Чуулга уулзалтад орон нутаг дахь төрийн цэргийн байгууллагын алба хаагчид, тэтгэвэр, чөлөөнд байгаа буй ахмадууд болон орон нутгийн удирдлагууд оролцож, “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны салбар зөвлөлийг Орхон аймагт байгуулах юм.

Төр-нийгмийн түншлэлийн хүрээнд Монгол Улсын аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн цэргийн байгууллагуудын алба хаагчид, тэтгэвэр, чөлөөнд буй ахмадууд, нийгмийн хариуцлагаа дээдэлсэн байгууллага, иргэд нэгдэж “ Монгол цэргийн нэгдсэн холбоо” нийгэмд үйлчлэх ТББ байгуулсан. Төрийн хууль, хүчний мэргэжлийн 30 гаруй байгууллагыг нэгтгэсэн тус холбоо улс төрөөс ангид, нийгэмдээ хандсан ажил, үйлчилгээ явуулах эрхэм зорилго, зорилтуудыг дэмжих ажлын хүрээнд үйл ажиллагаан чиглэгддэг. Тэдний хувьд Монгол хүмүүн бүрт жинхэнэ эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн суулгах нөлөөллийн ажиллагааг хийж, Монгол эх орноо хайрлан хамгаалах, түүний төлөө хүчин зүтгэх чанартай эх оронч зүрх , сэтгэлийг утгаар нь дэлгэрүүлэн үндэсний үзэл, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлэхийг зорьдог байна.

“Мянган мөрдэстөн” чуулганд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан, зөвлөх Л.Алтангэрэл, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны нарийн бичгийн дарга, бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, дэслэгч генерал Д.Даваа, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа З.Дашдаваа зэрэг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага оролцож байгаа юм.

“Монгол цэргийн нэгдсэн холбоо” нь анхны чуулганаа төрийн ордноо зохион байгуулж байсан бол, удаах ажлаа “Үндэсний санах ой” хэлэлцүүлгийг эрдэмтэн , судлаачдыг оролцуулан өнгөрсөн сард зохион байгуулсан юм. Энэ удаагын арга хэмжээ нь холбооныхоо салбарыг Эрдэнэт хотод байгуулан , улмаар салаалуулан бүх аймаг сумдад байгуулах төлөвлөгөөтэй аж. Эх орны төлөө зүрхээ өгсөн, тангараг өргөсөн эрхэм хүмүүн болгон энэ холбоонд нэгдэж, нэгдэхээр дэмжиж байгаа нь “Монгол цэргийн нэгдсэн холбоо” хэмээх агуу хүчирхэг байгууллага Монгол орныхоо төлөө хүчин зүтгэхээр төрөн гарч ирж байгаа нь бахархууштай.

image

image

image

image

image

image

image

image

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы хуралдаан түр завсарлалаа

чуулган зурган илэрцүүд

УИХ-ын чуулганы хуралдаанаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж, дараагийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Зарчмын зөрүүтэй санал хураалтын үеэр цахим үйлчилгээ /Фэйсбүүкт/ утас, регистрийн дугаараар бүртгэдэг байх заалтын талаар зарим гишүүд саналаа илэрхийлсэн юм.

Үүний дараа чуулганы хуралдаанаар Радио долгионы тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Ингээд 12 хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг сонссоноор өнөөдрийн чуулганы хуралдааны үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Үдээс хойш чуулганы хуралдаан 15.00 цагт Ерөнхий сайдын мэдээллээр үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Сагсан бөмбөгийн баг тамирчдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Монголын 3×3 сагсан бөмбөгийн холбооны удирдлага, дасгалжуулагч, тамирчдыг хүлээн авч уулзлаа.

Сагсан бөмбөгийн тус төрөл нь 2011 оноос албан ёсоор FIBA үйл ажиллагаанд орж, жилийн дотор 150 гаруй орныг хамарч, 2017 оноос олимпийн төрөлд багтсан. Монголын 3×3 сагсан бөмбөгийн холбооны үйл ажиллагаа Дэлхийн сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллаж харилцан итгэлцэл хүлээсэн харилцаа бий болгоод байгаа гэж тус холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав Ерөнхий сайдад танилцууллаа.

2019 оны зургадугаар сард манай улсад 23 насны Үндэстнүүдийн лиг, U18 насны Дэлхийн аварга, Улаанбаатар Гран-При гэсэн гурван том тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Эдгээр тэмцээний зохион байгуулалт болоод тамирчдын бэлтгэл ид үргэлжилж байгааг тэрбээр хэллээ.

3×3 сагсан бөмбөгийн төрлийг улс орондоо хөгжүүлж, олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцож буй багш, дасгалжуулагч, тамирчдад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх талархал илэрхийллээ. Мөн,

-Өөрсдөө санаачилж, хөрөнгө санхүүгээ зориулж эх орон, ард түмнийхээ нэр хүндийг олон улсын тавцанд гаргаж байгаад чин сэтгэлээсээ баярлаж байна. Манай улсад энэ спорт хөгжих бүрэн боломжтой. Хүүхэд залуус маань сагсан бөмбөгийн спортод сонирхолтой. Спорт бол зөв хүмүүжил, зөв төлөвшил олгодог. Ялангуяа, багийн спортын ач холбогдол өндөр. Тийм учраас Ерөнхий сайд нь тусалж дэмжиж ажиллана гэлээ.

Монголын 3×3 сагсан бөмбөгийн тамирчид 2015 оноос хойш Элсний наадмын хүрэл, Дэлхийн оюутны аварга, Ази тивийн мөнгө, хүрэл медаль хүртэж 2018 онд дэлхийн аваргын шилдэг найман багт оржээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дасгалжуулагч, тамирчдад олимпийн эрх авч, Токио-2020 олимпод амжилттай оролцохыг ерөөлөө гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлэв.