Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Казүо Ишигүро “Хөвөлзөх ертөнцийн зураач”

Японы Нобелийн шагналт
зохиолч Казүо Ишигүрогийн
“Хөвөлзөх ертөнцийн зураач”
номыг энэ удаагийн “Ном
ярьж өгье” буландаа онцолж
байна. 1986 онд бичигдсэн
энэхүү зохиолын үйл явдал
дайны дараахь Япон улсад
/1948-1950/ өрнөдөг бөгөөд
Масүжи Оногийн дурсамж
хэлбэрээр бичигдсэн. Казүо
Ишигүро “итгэж үл болох
хүүрнэл” хэмээх энэхүү
хэлбэрийг уг романдаа анх
удаа туршиж үзсэн гэдэг.
Уншигч тухайн зохиолын гол
баатар болох хүүрнэгчийг
үнэн ярьж байгаа эсэх, аль
дурсамжинд нь итгэх, алинд
нь итгэхгүй байхаа өөрөө
шийддэгээрээ онцлогтой эл
аргаараа Нобелийн шагнал
хүртсэн “Өдрөөс үлдсэн зүйл”
романаа бичсэн байдаг.
Романы гол дүр болох
Масүжо Оно нь “хөвөлзөх
ертөнц” хэмээн нэрлэгддэг
бар зургийн чиглэлээр зурдаг,
чамгүй авьяастай нэгэн
байжээ. Тэрээр залуудаа
шаргуу хөдөлмөрлөж ,
амжилтанд хүрч олноо
алдаршсан байна. Японы
эзлэн түрэмгийллийн үед
тэдэнд үйлчилж, нэр нүүр
олсноор нийгэмд том байр
суурийг эзлэх болжээ. Улмаар
“Эх оронч бус үйлдэлтэй
тэмцэх газар” гэдэг газар
мэдээлэгч болсноор байр
суурь нь улам л батжина.
Гэвч дайн дуусахын алдад
эхнэр нь бөмбөгдөлтөнд өртөн
нас барж, ганц хүү нь цэрэгт
амиа алдаад мань зураач
хоёр охинтойгоо үлддэг.
Цаг үеийн байдал ч эсрэг
тийшээ эргэж нийгэм, улс төр,
ахуй амьдрал орвонгоороо
өөрчлөгдөнө. Америкчууд
Хирошима, Нагасаки хотуудад
бөмбөг хаяснаар Япон эзлэн
түрэмгийллээ зогсоон бууж
өглөө.
Дайны үеэр нэр нөлөөтэй
байсан эрхмүүд одоо нүд
үзүүрлэгдэх болж, шинэ залуу
үе нь тэднийг үгүйсгэх болно.
Бага охин Норико нөхөрт гарч
чадахгүй байгаадаа аавыгаа
буруутган бодно. Шалтгаан
нь аавынхаа дайны үед хийж
байсан үйл хэргээс улбаатай
хэмээн хоёр охин нь итгэдэг.
Хүмүүс зай барьж, дөлөөд
байгаа мэт мэдрэмж төрж
эхлэхэд Оно сан өөрийгөө
зөвтгөн боддог. Би хэн хүнд
гай тарих үйл хийгээгүй дээ,
намайг хүмүүс тэгж бодох
учиргүй гэх мэтээр. Гэвч
хүмүүсийн хандлага үнэхээр
түүний эсрэг байна уу, хоёр
охин нь аавдаа далдуур
дургүй байна уу, бага охин
нь аавынхаа өнгөрсөнд хийж
байсан зүйлсээс болоод
нөхөрт гарч чадахгүй байна
уу гэдэг нь уншигчдад тийм
ч баттай мэдээ биш юм шиг
санагдаж магадгүй. Яагаад
гэвэл тухайн үеийн үйл
явдлуудыг Оно хэрхэн дурсаж
байгаагаас л шалтгаалж
уншигч дүгнэлтээ хийхээс
аргагүй тийм хүүрнэлийн
хэлбэртэй. Романы өрнөл
маш эргэлзээтэй, ээдрээтэй.
Нэгэн цагт хамтдаа зүтгэж
асан анд Мацудатайгаа
уулзахдаа залуу насандаа
хийж, зорьж явсан үйл хэргээ
дурсан санацгаадаг. Одоо
биднийг хэн ч тоохоо больжээ,
хэнд ч бидний хийсэн зүйлс
утга учиргүй санагдах болж.
Гэхдээ л бид тухайн үедээ
өөрсдийнхөө чадах хэмжээнд
тодорхой зүйлсийг эх орныхоо
төлөө хийж байсан юм шүү.
Үүнийгээ бид өөрсдөө л
мэдэж байхад хангалттай
юм хэмээн тэд ярьцгаадаг.
Насны төгсгөлдөө ирчихээд
туулж өнгөрүүлсэн амьдралаа
дүгнэн цэгнэж, утга учир,
үнэ цэнийг нь тодорхойлох
гэж оролдож байгаа, зөв
амьдарсан эсэхдээ эргэлзэж
байгаа хоёр өвгөн хүний
бодролд зохиолын гол
санаа зангилагдаж байна уу
гэлтэй.
Хуучин цагт зугаа
цэнгээний дүүрэг байсан
газарт өдгөө том том шилэн
барилгууд сүндэрлэж ажил
хэрэгч, эрч хүчтэй залуус
холхих болжээ. Масүжи
Оно энэ бүгдийг ширтэн
зогсохдоо өөрийнхөө залуу
насыг шинэ үеийн залуустай
жишин бодохын зэрэгцээ
зугаацдаг байсан цэнгээний
газруудаа санагалзаж байгаа
нь нийгмийн өөрчлөлт хувь
хүнд хэрхэн тусч байгааг
харуулж байна. Улс орон
маань ямар алдаа гаргаж
байсан нь хамаагүй, одоо
зөв голдрилдоо орж байгаа
нь сайшаалтай юм даа
хэмээн өвгөн зураач бодож
байгаагаар роман төгсдөг.

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ улс-төр

Дуурийн дуучин Э.Анхбаярыг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо

Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Э.Анхбаярт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг өнөөдөр гардуулан өгөв.

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Э.Анхбаяр нь 2018 онд Оросын нэрт хөгжмийн зохиолч Н.А.Римский-Корсаковын нэрэмжит уралдаанд тэргүүн байр, 2017 онд Австрийн нэрт дуурийн дуулаач Отто Эдельманы нэрэмжит олон улсын дуурийн дулаачдын уралдаанд 40 орны 230 дуучнаас II байр, 2017 онд Санкт-Петербург хотноо зохион байгуулагдсан Елена Обрасцовагийн нэрэмжит дуурийн дуулаачдын дэлхийн аврага шалгаруулах тэмцээний дэд байр эзэлж байсан юм. Э.Анхбаяр нь Монгол Улсын Соёлын элчээр томилогдон ажиллах хугацаандаа Монгол Улсыг, монголын соёл, урлагийг дэлхий дахинд идэвхтэй сурталчлан таниулах, хөгжүүлэх чиглэлээр ажиллана.

Categories
мэдээ нийгэм

“Хар хорин” худалдааны төвийг аюулгүй бүс болгоно

Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Урьдчилан сэргийлэх хэлтэс, Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс “Хар хорин” худалдааны төвийн удирдлага, ажилтан алба хаагчид болон лангуу түрээслэгч иргэдэд “Халаасны хулгайн гэмт хэргийн гаралт, түүнийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний үр нөлөө, цаашид авах арга хэмжээ” сэдэвт сургалт, зөвлөгөөнийг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 09 цагт “Хар хорин Хүрээ” ХХК-ний хурлын зааланд зохион байгууллаа.

Сургалт, зөвлөгөөнд НЦГ-ын МШГ-ын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн х/а Э.Бат-Эрдэнэ, НЦГ-ын УСХ-ийн ахлах байцаагч, цагдаагийн а/д М.Зоригтбаатар, Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн д/х Т.Эрдэнэбат, ахлах байцаагч, цагдаагийн х/ч Б.Түвшинбаяр, , МШГ-ын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгчид болон “Хар хорин” худалдааны төвийн удирдлагууд ажилтан алба хаагч, түрээслэгч 130 орчим иргэд оролцсон юм. Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хар хорин” худалдааны төвийн түрээслэгч, иргэдийн санал бодлыг сонсож цаашид хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ зохион байгуулах ажлын талаар зөвшилцөж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дээрх аж ахуй нэгж байгууллагын туслалцаа дэмжлэгтэйгээр тухайн орчныг “Аюулгүй бүс” болгох зорилгоор эхний ээлжид сүүлийн үеийн чанарын стандарт шаардлагыг хангасан, сэжигтэй этгээдүүдийн царай төрх таньдаг IP технологийн иж бүрэн телекамерыг системийг суурилуулахаар тус худалдааны төвийн удирдлагаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Categories
гадаад мэдээ

Николас Мадурог түлхэн унагах оролдлого бүтэлгүйтсэнийг хүлээн зөвшөөрчээ

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог түлхэн унагах оролдлого цэргийнхнээс зүгээс хангалттай дэмжлэг авч чадаагүйн улмаас амжилтгүй болсныг тус улсын сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо хүлээн зөвшөөрсан байна. Тэрбээр мөн хэрэв цэргийн хүчээр Венесуэлд халдан орох саналыг АНУ-ын эрх баригчид тавьсан бол зөвшөөрөх байснаа үгүйсгээгүй байна. Гуайдо “The Washington Post” сонинд бямба гарагт ярилцлага өгөхдөө ингэж мэдэгджээ. Түүний хэлснээр, цэргүүд сөрөг хүчний тал олноороо орж эхэлж байсан учраас Мадуро огцорно гэж тооцоолж байжээ. Гэвч ийм зүйл болоогүй аж. Үүнтэй холбогдуулан Гуайдо тэрбээр болон түүний дэмжигчид буруу тооцоолсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. “Магадгүй бидэнд Үндсэн хуулийг хамгаалахын тулд иүү олон цэргүүдийн дэмжлэг хэрэгтэй хэвээр байгаа гэдэгт шалтгаан нь байгаа болов уу” гэж тэрбээр хэлжээ. Хэрэв АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан туслах Жон Болтон түүнтэй утсаар ярьж, Вашингтон цэргийн хүчээр хөндлөнгөөс оролцох санал тавьсан бол юу гэж хариулах байсан бэ гэдэг асуултад Гуайдо, “Ийм хувилбар санал болгосонд баярлалаа. Бид энэ саналыг үнэлэн үзнэ, энэ хямралыг шийдэхийн тулд магадгүй парламентаар хэлэлцүүлнэ. Хэрэв шаардлагатай бол бид баталж магадгүй” гэж хариулсан байна.

Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт Венесуэлд Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал эхэлсний дараа хэсэг бүлэг цэрэг сөрөг хүчний талд орсон юм. Эсэргүүцлийн ажиллагааны үеэр жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болсны улмаас зөвхөн нийслэл хотод гэхэд хэдэн арван хүн бэртжээ. Төрийн бус байгууллагуудын мэдээлснээр, эсэргүүцлийн ажиллагаанд оролцсон 200 гаруй хүнийг хоёр өдрийн дотор баривчилсан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол банк 3.4 тонн алт заржээ

“World Gold Council” зөвлөлөөс дэлхийн алтны зах зээлийн ээлжит илтгэлээ тавьлаа. 2019 оны эхний улиралд хамгийн их алт зарсан улсаар Узбекистан тодорчээ. Тус улсын төв банк энэ жилийн 1-3 сард 6.2 тонн алт зарсан байна. Хоёрдугаар байрт 3.4 тонн алт зарсан манай улс орж, 3-т 1 тонн алт худалдаалсан Тажикистан оржээ. 2019 оны эхний улиралд үндэсний төв банкууд 145.5 тонн алт худалдан авсан нь сүүлийн зургаан жилд гараагүй өндөр үзүүлэлт бөгөөд өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 68 хувь их байна. Хамгийн их алт худалдан авсан улс бол ОХУ. Оросын төв банк 55.3 тонн алт худалдан авч, алтны нөөцөө 2 168,3 тонн болгон нэмэгдүүллээ. Мөн Турк (40,1 тонн), Хятад (33 тонн), Казахстан (11,2 тонн), Эквадор (10,6 тонн), Катар (9,4 тонн), Энэтхэг (8,4 тонн), Колумб (6,1 тонн) улсууд алт ихээр худалдан авсан байна

Categories
мэдээ нийгэм

21.9 мянган га ой түймэрт өртөөд байна

Улсын хэмжээнд энэ сарын 02-ны байдлаар нийслэл Улаанбаатар хот, Булган, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн 33 суманд нийт 48 удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан байна. Урьдчилсан байдлаар 21.9 мянган га ой, 217.2 мянган га хээрийн талбай, нийт 239.2 мянган га талбай түймэрт өртөөд байна. Эдгээр түймэртэй тэмцэхээр Онцгой байдлын байгууллагаас 1253 алба хаагч, 148 автомашин, ЗХЖШ-аас нисдэг тэрэг 7 удаа, Хил хамгаалах байгууллагаас 120 алба хаагч, 20 автомашин, Цагдаагийн байгууллагаас 17 алба хаагч, 2 автомашин, орон нутгаас 1782 иргэн, 213 автомашин, 17 мотоцикль, 69 морь, нийтдээ 3172 хүн, 7 нисдэг тэрэг, 383 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна

Categories
мэдээ нийгэм

Цэрэг татлага үргэлжилж байна

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын хэмжээнд энэ оны цэргийн албаны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 3-5-нд зохион байгуулна. Өнөөдөр /2019.5.5/ цэрэг татлагын сүүлийн өдөр. Энэ жилийн цэрэг татлагын нэг онцлог нь улс орны стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалтад оролцуулах учраас автозам, барилга, инженерийн чиглэлээр сурч байгаа болон төгссөн мэргэжлийн залуусыг гэрээт болон хугацаат цэргийн албанд татах аж. Ингэхдээ найман төрлийн нарийн шинжилгээнд хамруулж байгаа билээ.

Цэрэг татлагын байр

  • БГД 96 дугаар сургууль /”Оюуны ундраа” цогцолбор сургууль/
  • БЗД 14 дүгээр сургууль
  • СБД 31 дүгээр сургууль
  • СХД 83 дугаар сургууль /“Ирээдүй” цогцолбор сургууль/
  • ХУД 34 дүгээр сургууль
  • ЧД 5 дугаар сургууль
  • БНД “Гүн галуутай” цогцолбор сургууль
Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх зүүн аймгуудыг зорьлоо

Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын сайд нарынхаа хамтаар ирэх долоо хоногийн даваа гаригаас эхлэн баруун, зүүн аймгуудад ажиллахаар болжээ. Түүний эхний ажиллах аймаг Хэнтий аймаг байх бөгөөд өнөөдөр /2019.05.05/ замдаа гарчээ. Орон нутагт ажиллах энэ удаагийн томилолт нь бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, зарим асуудлыг шийдвэрлэхэд чиглэх аж. Өнгөрсөн онд 13 аймагт ажиллаж байсан бөгөөд түүний үргэлжлэл болж, энэ удаагийн томилолт үргэлжлэх нь ээ. Орон нутагт ажиллах энэ удаагийн томилолт шинэ долоо хоногийн турш үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Нарны замын зарим зорчих хэсгийг хязгаарлалаа

Замын цагдаагийн гүүрэн гарцыг барьж буй барилгын ажилтай холбоотойгоор Нарны зам дээгүүр хөндлөн гарах хэсгийн ажлыг гүйцэтгэх болж, өчигдрөөс Замын цагдаагийн баруун урд уулзвараар баруунаас зүүн, зүүнээс баруун тийш чиглэсэн авто замын зорчих хэсгийн 1-р эгнээг хааж нарийсган, уулзвар дээр буцаж эргэх үйлдлийг хязгаарлалаа.

Энэ сарын 18-ны өдрийн 22:00-06:00 цагуудын хооронд дээрх уулзвар дээр буцаж эргэх үйлдлийг хязгаарлаж байгаа юм. Гүүрэн гарцын үргэлж дам нурууг хийхэд Нарны замаар зорчиж буй тээврийн хэрэгслүүд металл тулаасны дотор гаргасан тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх нүхэн гарцаар зорчино. Уг бүтээн байгуулалтын ажил хийгдэж, Замын цагдаагийн баруун урд уулзварын зорчих хэсгийн нэг эгнээг хязгаарласнаас замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх тул Нарны зам дагуух буцаж эргэх гарцуудыг нээсэн ба бүтээн байгуулалтын ажил дуустал иргэд та бүхнийг хүлээцтэй хандаж, байршуулсан тэмдэг, зохицуулагчийн дохиогоор замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцохыг зөвлөж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Бямбацогт: Улс төрийн шоуг биш, хуулийг сурталчлах хэрэгтэй

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.


-Хүүхдийн эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх тал дээр алдаа дутагдалтай байх шиг байна. Хуулийг хэрхэн хэрэгжүүлэх вэ. Энэ тал дээр таны байр суурь ямар байгаа вэ?

-Улс төрийн бодлогыг хэрэгжүүлж зохион байгуулах тал дээр алдаа дутагдал доод шатанд гараад байгаа юм болов уу. Дээрээс нь эцэг эхчүүдийн анхаарал халамж суларсан тал байдаг юм болов уу гээд олон талаас нь харах хэрэгтэй байх. Мөн хуулийг хэрэгжүүлэх зохион байгуулах талаас нь анхаарахаас гадна, дахиад иргэдийнхээ эрх зүйн боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй. Иргэд эрхээ мэддэг, үүргээ биелүүлдэг байх ёстой. Эрхээ мэддэг нэг нь эргээд бусдын эрхийг зөрчихгүй байх. Түүнчлэн эрх, үүргээ мэддэг хүн хууль зөрчвөл ямар хариуцлага хүлээдэг вэ гэдгийг мэдэх учраас хууль зөрчихгүй байх, өөрийнхөө эрхийг хамгаалж, өөрөө хохирохгүй байх давуу талтай. Нөгөө талаас үүргээ хэтрүүлж, хуулиа мэдэхгүйгээс болж өөрөө асуудалд холбогдохгүй байх гэдэг асуудал байна. Өөрөөр хэлбэл эрх зүйн боловсролыг дээшлүүлэх тал дээр анхаарах ёстой байх.

-Гэмт хэрэг хийж байгаа хүмүүст хуулийн хариуцлагыг нь чангатгах гэдэг асуудлыг зарим хүмүүс хөндөж тавьж байна. Та энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар маш хатуу хариуцлагатай болчихсон. Хүүхдэдээ анхаарал тавиагүй, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгааг хөндлөнгөөс харж, анзаарсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх орчин нөхцөлийг бий болгосон, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхгүй байх орчин нөхцөлийг бий болгоход анхаараагүй гэх мэтээр маш олон тодорхой зохицуулалтуудыг Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулинд оруулчихсан. Эхнэр, нөхөр хоёр зодолдох юм бол эр эмийн хооронд илжиг бүү жороол гээд хүмүүс нүдээ аниад чихээ таглаад явчихдаг байсан. Ард нь нөхөр нь эхнэрээ дээрэлхээд үлддэг ийм байдал байдаг байсан бол одоо харсан хүн нүдээ аниад, чихээ таглаад явах юм бол Эрүүгийн хуулийн хариуцлага хүлээдэг байх заалттай болчихсон.

-Тэгвэл наад жишээн дээр чинь нэг асуулт байна. Дөрөв болон зургаан настай хоёр хүүхдийг зодож байхад хөршүүд нь мэдсэн боловч мэдээлээгүй. Тэгвэл энэ хууль хэрэгжихгүй байгаа юм биш үү. Хэрэгжүүлэхийн тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ. Хэрэгжүүлэгч агентлагууд төсөв мөнгөний асуудалтай байгаа юм уу?

-Төсөв мөнгөнөөс болж хэрэгжүүлж чадахгүй байна гэж ойлгох өрөөсгөл. Тийм үү. Үнэхээр хэрэгжүүлье гэж бодоод үйл ажиллагаагаа явуулах юм бол Монгол Улсын Их хурлын баталсан хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг нь Засгийн газарт байдаг. Засгийн газар энэхүү ажлыг зохион байгуулаад холбогдох яам, агентлагууд үүнийг хийх ёстой л доо. Гэтэл энэ тал дээр бага зэргийн асуудлууд гарч байна. Тухайлбал, ажлын уялдаа холбоо муутай, эсвэл хариуцсан ажилтан нь жаахан сэтгэлгүй ажиллаж байгаа гэх мэт асуудалтай талууд байж магадгүй. Гэхдээ нөгөө талдаа яриад байгаа зүйл нь, бүх зүйлийг төр засгаас анхаарах биш, иргэн хүн болгон өөрсдөө эрх зүйн мэдлэгтэй, боловсролтой, өөрийнхөө эрхийг хамгаалж чаддаг, бусдын эрхийг хөндөхгүй, зөрчихгүй байх ийм мэдлэгтэй байх тал дээр анхаарах ёстой.

-Эрх зүйн боловсролыг иргэд иргэнийхээ үүргийг биелүүлээд олж авах нь зөв байх. Гэхдээ нэгэнт хууль баталж байгаа юм чинь сурталчлах ажил чухал шүү дээ. Энэ асуудалд хэр анхаарч байна вэ. Хүүхдэд төсөвлөсөн мөнгө нь жинхэнэ эзэндээ, зорилтот бүлэгтээ очдоггүй ширээ сандал болдог, нэг даргын хувийн хэрэгцээнд явчихдаг гэх мэт асуудлууд сүүлийн үед гарч ирж байна?

-Улсын их хурал бол хууль тогтоох, төрийн бодлого тодорхойлох, хууль батлах ийм үндсэн эрхтэй. Түүнээс гадна хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хуулийн хэрэгжилтийг хэрхэн зохион байгуулж байгаа талаар Засгийн газарт хяналт тавих ийм эрхтэй байгууллага. Тийм учраас бид нэгдүгээрт, хууль тогтоох ажлаа хийж байна. Ямар хуулийг ямар зорилгоор үзэл баримтлалтай батлав гэдгийг их хурлын зүгээс олон нийтэд зөв хүргэж чаддаггүй. Улсын их хурлын гишүүдийн тухай хэвлэл мэдээллээр гарч байгаа зүйл нь нөгөө л попорсон, хоорондоо хэрэлдсэн асуудал байдаг. Чи хулгайч, луйварчин. Чи ингэж хууль зөрчсөн гэдэг юмнууд нь л нийгэмд яваад байдаг гэх үү дээ. Гэтэл энэ хуулийн цаана ийм ач холбогдолтой. Энэ хууль батлагдсанаар ард иргэдийн амьдралд ийм хэрэгтэй юм гэдэг чухал зүйлийн талаар сурталчилгаа муу хийж байна. Тиймээс бидний баталж байгаа хууль маань олон нийтэд хүрэхгүй байна. Хоёрдугаарт, баталсан хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах тал дээр парламент өөрөө хяналтаа тавихгүй болохоор хуулийг хэрэгжүүлж, зохион байгуулах ажлыг хариуцаж байгаа агентлаг, төрийн албан тушаалтан сайн зохион байгуулахгүй байгаа асуудал ажиглагддаг. Үүнээсээ болоод асуудлууд үүсээд байна шүү дээ. Бусдаар Хүүхдийн эрхийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Гэр бүл, хүүхэд залуучуудын агентлаг гээд хангалттай төрөөс хийх зүйлүүдээ хийчихсэн байгаа байхгүй юу. Гэтэл яагаад гараад байна вэ гэдэг асуудал тэнд л байгаа байх. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Улсын их хурлаас гаргаж байгаа хуулиудыг агуулга, үзэл баримтлал, бодлого, ач холбогдол талаас нь нийгэмд хүргэх талаас нь анхаардаг байгаасай гэж хүсч байна. Түүнчлэн их хурлын гишүүд нь ч гэсэн ярьж хэлж байгаа зүйлдээ анхаарч, үнэхээр энэ хууль ийм зорилго, ач холбогдолтой, ийм үр дүн гарах юм гэдгийг олон нийтэд хүргэж, асуудалгүй ажилладаг байгаасай. Хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах тал дээр бид нар анхаарч, үнэхээр баталсан хууль маань амьдрал дээр тавьсан зорилгодоо хүрч чадаж байна уу, ач холбогдол үр дүнгээ өгч чадаж байна уу, үгүй юу гэдэг дээр их хурал илүү хяналт тавьж ажилладаг байгаасай гэж хүсч байна. Ингэх юм бол их хурлын ч нэр хүнд, их хурлын баталж байгаа хуулийнх нь ч нэр хүнд сэргэнэ. Эргээд ард түмний эрх зүйн боловсрол нэмэгдэнэ. Тухайлбал, энэ хууль батлагдсанаар миний амьдралд ийм ач холбогдолтой юм байна. Энэ хууль батлагдсанаар миний зөрчигдсөн эрх сэргээгдэх юм байна. Миний эрх хөндөгдөхгүй, хуулиар хамгаалагдах юм байна гэдгээ иргэд мэддэг болно л доо. Энэ тал дээр бид илүү ажиллах ёстой. Өшөө илүү хуулийг сурталчлах тал руу явах ёстой. Тэр улс төрийн шоуг сурталчлах биш, хуулийг сурталчлах хэрэгтэй.

-Захиргааны хэргийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар яригдаж байна. Энэ тухай?

-Ерөнхийдөө тодорхой хүрээнд хязгаарыг нь хумьж байгаа. Өөрөөр хэлбэл Улсын их хурлын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлоготой холбоотой асуудлаар хумьж өгч байгаа. Өргөн хүрээтэй биш учраас үүнийг би боломжтой гэж үзэж байна.