Categories
мэдээ цаг-үе

М.Лхамсүрэн: Бид хөрөнгө оруулагчдыг бизнес эрхлэгчидтэй холбох гүүр нь болно

Бизнесээ өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй бизнесменүүд болон хөрөнгө оруулагч нарт дуулгах сайхан мэдээгээр шинэ долоо хоногийн дугаараа эхлүүлж байна. Хөрөнгө оруулагчдыг санхүүжилт хүссэн бизнес эрхлэгчтэй холбож, тэдний үйл ажиллагааг амжилттай явуулахад нь тусалж, дэмжих зорилготой шинэлэг үйлчилгээг “Крауд Ассет” компани Монголдоо нэвтрүүллээ. Энэ талаар тус компанийн захирал М.Лхамсүрэнтэй ярилцлаа.


-Монголын эдийн засагт үгүйлэгдэж байсан хамтын санхүүжилтийн үйлчилгээг танай байгууллага эхлүүлж байгаа нь сайшаалтай. Юуны өмнө үйл ажиллагааныхаа талаар танилцуулахгүй юу?

-“Крауд Ассет” нь санхүүжилт хүссэн бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагч нарыг холбох зээлийн хамтын санхүүжилтийн платформ компани юм. Манай байгууллагын тусламжтайгаар бизнес эрхлэгчид маань өөрийн бизнестээ шаардлагатай 50-500 сая хүртэлх төгрөгийн хөрөнгийг босгох боломжтой. Нѳгѳѳ талаас, хөрөнгө оруулагчид нь тухайн төсөлд өөрийн хѳрѳнгѳѳсѳѳ хүссэн хэмжээгээрээ санхүүжилт олгоод зогсохгүй бусад хөрөнгө оруулагчидтайгаа хамтран санхүүжүүлэх боломжтой юм. Хѳрѳнгѳ оруулагч нь сонирхсон тѳсѳлдѳѳ хамгийн багадаа нэг сая тѳгрѳгѳѳр ч хѳрѳнгѳ оруулаад явах боломжтой гэсэн үг.

Манай платформын давуу тал нь дотоодын бизнес эрхлэгчид тэр дундаа жижиг дунд ба бичил бизнесийн компаниудыг дэмжинэ. Нөгөөтэйгүүр энэ зах зээлд хөрөнгө оруулах сонирхолтой томоохон компани, хөрөнгөтэй хувь хүмүүст хамгийн өндөр, тогтмол өгөөж хүртэх боломжийг бий болгоно. Иймд дэлхий дахинд амжилттай хөгжиж буй хамтын санхүүжилтийг Монголынхоо хөрсөнд буулгахыг зорьсон юм. Ингэснээр манай улсын эдийн засаг өргөжин тэлэхэд хувь нэмрээ оруулж чадна гэж харж байгаа.

Телевизээр Шарк Танк гэдэг хѳрѳнгѳ оруулагчдад тѳслүүдийг танилцуулдаг нэвтрүүлгийг манайхан сайн мэдэх байх. Товчхондоо манай платформ нь тодорхой хуримтлалтай эсвэл хѳрѳнгѳ оруулах сонирхолтой хувь хүн бүрт, Шарк Танкийн хѳрѳнгѳ оруулагчтай адилаар, тэгэхдээ бага мѳнгѳн дүнгээр ч хамаагүй хѳрѳнгѳ оруулах боломжийг олгох юм.

-Хамтын санхүүжилт гэдгээ тодруулахгүй юу. Яаж зээл хэлбэрээр олгох юм бэ?

-Хамтын санхүүжилт буюу Краудфандинг нь дэлхий дахинд гурван хэлбэрээр хөгжиж байна л даа. Тодруулбал, зээлийн, компанийн хувьцаанд хөрөнгө оруулалтын, хандивын гэсэн гурван чиглэлээр хѳгжөөд явж байгаа. Ер нь хамтын санхүүжилт бол цоо шинэ ойлголт биш. Бидний амьдралд ойр жишээ дурдахад, өмнө нь найз нөхөд, гэр бүл, танилын хүрээнд бусдаас бага багаар зээлсээр томоохон санхүүжилт босгох үйл явц бизнесийн хүрээнд байсан. Гэвч орон зай, цаг хугацааны хувьд хавчигдмал, албан бус байлаа. Харин хамтын санхүүжилтийн зээл нь 2000 онд өнөөгийн дүр төрхөө олсон. Тэр үед АНУ-д “ArtistShare” гэдэг веб сайт дээр уран бүтээлчид уран бүтээлдээ зориулж олон нийтээс санхүүжилт хүссэнээр өөрсдийн дэмжигч фенүүдээсээ амжилттай хөрөнгө босгосон байдаг. Ингэж Краундфандингийн хөгжлийн эхлэл тавигдсан гэж үзэж болно.

-Краудфандингийн талаарх ойлголт өмнө тодорхой хэмжээгээр байсан юм байна. Сүүлийн үед дэлхий дахинд хурдтай хөгжихөд нь юу нөлөөлж байна вэ?

-Краудфандинг одоогийн түвшинд хүрч өсөхөд гурван гол шалтгаан нөлөөлсөн гэж үздэг л дээ. Эхнийх нь мэдээллийн технологийн өндөр хөгжил. Тэр дундаа компьютер болон ухаалаг утасны хэрэглээ өргөжиж өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон явдал. Хоёр дахь гол нөлөөлсөн хүчин зүйл бол 2008 оны санхүүгийн хямрал. Энэ хямралаас үүдэж, хувь хүмүүс болон хөрөнгө оруулагчид нь уламжлалт санхүүгийн зах зээлээс гадна, шинэ хөрөнгө оруулалтын боломж сувгуудыг эрэлхийлэх болсон. Эдгээр хүчин зүйлээс гадна нийгмийн технологийн боловсрол дээшилж санхүүгийн аливаа үйл ажиллагааг интернетээр болон ухаалаг утсаар дамжуулан хийх явдал энгийн мэт ойлголт болсон нь Краудфандингийн хөгжилтэй шууд холбоотой. Энэхүү бизнесийн хувирч буй орчинд Финтекийн олон шинэлэг, дэвшилтэт үйлчилгээ, компаниуд гарч ирсний томоохон төлөөлөл нь Краудфандинг юм. Эхэн үедээ хандивын болон ашгийн төлөө бус төслүүд онлайнаар хөрөнгө босгож амжилттайгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Мөн “start-up” буюу гарааны ирээдүйтэй бизнесүүдэд хөрөнгө оруулалт босгох платформууд хэдийнээ олонд танигдсан байдаг. Жишээлбэл, Indiegogo, Kickstarter зэргийг дурдаж болох юм.

2007 онд АНУ-ын “LendingClub” нь онлайн P2P (Peer-to-Peer) буюу хувь хүн хоорондын хэрэглээний зээлийг олгож эхэлсэн. Энэ компани нь уламжлалт санхүүгийн байгууллагуудтай харьцуулахад, зээлдэгчийг санхүүжүүлэгчтэй шууд

холбож өгч, дундын зуучлагч байгууллагуудын оролцоог бууруулснаараа онцлог давуу талыг бий болгож байсан байдаг.

-Одоо дэлхий дахинд хэрхэн хөгжиж байна вэ?

-Дээр дурдсанчлан Краудфандинг нь нэмж өргөжин хөгжсөнөөр зээлийн, хувьцаанд хөрөнгө оруулах, хандив, урамшууллын гэх мэт хэлбэртэйгээр улам нарийсч төрөлжиж байна. Уг бизнесийн оролцогч талууд нь өсөхийн хэрээр мэргэжлийн томоохон санхүүгийн байгууллагууд ч сонирхож оролцох болсон байдаг.

Уламжлалт банк, ББСБ ба үнэт цаасны компаниудын зүгээс ч, салбарын хөгжлийн чухал чиглэл болсон Краудфандингт ач холбогдол өгч байна.

Өрсөлдөгч гэхээсээ илүүтэйгээр, хөрөнгө оруулах, санхүүжүүлэх гэх мэтээр төрөл бүрийн хэлбэрээр Краудфандингийн компаниудтай хамтарч ажиллаж эхэлж байгаа. Жишээлбэл, анх хувь хүнээс хувь хүнд зориулагдсан зээлийн үйл ажиллагаа явуулдаг байсан LendingClub-ийн хувьд 2015 оноос хойш зээлдүүлэгчдийнх нь 85-аас дээш хувь нь, мэргэжлийн хөрөнгө оруулалтын байгууллагууд болсон байна. Одоогийн байдлаар Краудфандингийн салбарт зээлд суурилсан хэлбэр нь хамгийн өндөр хувийг эзэлдэг.

-Зээлийн хэлбэрийн Краудфандинг нь хамгийн өргөн хэрэглэгддэг гэж ярилаа. Энэ хэлбэрийн талаар илүү дэлгэрэнгүй ярьж өгнө үү?

-Тухайн хэрэглэгчид нь Краудфандингийн платформоор дамжуулан тодорхой төслүүдийг санхүүжүүлэхдээ, уламжлалт мөнгө зээлдүүлэх хэлбэрээр санхүүжүүлэх үйл явц гэж ойлгож болно. Уг хэлбэр нь хамтын санхүүжилтийн бусад хэлбэрүүдээсээ хамгийн том зэх зээлийн хэмжээг эзэлдэг. Энэ дотроо хэрэглээний зээл болон бизнесийн зээлд чиглэсэн голлох хоёр хэлбэр байгаа. Мэдээж мөнгөн дүн болон зээлийн зориулалтаараа ялгардаг.

Бүс нутгаар нь ярих юм бол, Краудфандингаар босгодог зээлийн платформ нь АНУ, Хятад, Англи зэрэг орнуудад түлхүү хөгжсөн. 2017 оны байдлаар, салбарын нийт санхүүжилтийн хэмжээ нь 430 тэрбум ам.доллар байсны 307 тэрбум ам.доллар нь Хятад улсад, 105 тэрбум.ам.доллар нь АНУ-д, 10 тэрбум.ам.доллар нь Англи улсад тус тус санхүүжилт хийгджээ. Сүүлийн жилүүдэд, Зүүн Ѳмнѳд Азийн хѳгжиж буй улсуудад хүчтэй нэвтэрч эхэлж байна.

Та Краудфандинг гадаадын орнуудад амжилттай хэрэгжиж байгаа талаар нэлээд ярилаа. Тэгвэл Монгол Улсад хэрэгжих боломжийг нь хэрхэн харж байна вэ?

-Краудфандинг нь манай улсад амжилттай хэрэгжих бүрэн боломжтой. Учир нь банкны санхүүжилт давамгайлсан эдийн засагт, цоо шинэ хөрөнгө оруулалтын болон санхүүжилтийн эх үүсвэр татах боломжийг бий болгох шаардлага бий. Финтекийн хувьсгал ба дэлхийн санхүүгийн салбарын хөгжилтэй уялдаад, санхүүжилт эрэлхийлж байгаа жижиг дунд үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгч талаасаа ч, хадгаламж эзэмшигч эсвэл хөрөнгө оруулагч хувь хүн ба байгууллага талаасаа ч ийм хэрэгцээ, шаардлага үүсч байгаа юм. Энэхүү бий болоод байгаа шаардлагыг л, манай Краудфандинг платформ хангах зорилготой. Бидний харж байгаагаар зах зээл маань ч аль хэдийн болсон гэж үзэж байгаа. Манай улсын ДНБ-ийн 20 хувийг бүрдүүлэгч жижиг, дунд бизнес эрхлэгчид маань нийт ажиллах хүчний 50 орчим хувьд ажлын байр бий болгодог. Тэд эдийн засгийн аливаа давлагааны ямар ч нөхцөл байдалд тогтвортой бат бөх тэсч үлдэцгээдэг. Эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэдээ тааламжтай нөхцөлтэй санхүүгийн үйлчилгээг хүргэх нь бидний бас нэг зорилт юм. Ийм ч учраас хамтын санхүүжилтийн зээлийн хэлбэр манай улсад үгүйлэгдэж байна гэж үзэж байгаа.

-Монголдоо нэвтрүүлэхийн тулд багагүй хугацаанд судалгаа хийсэн байх?

-Тэгэлгүй яахав. Бид сүүлийн жил илүүтэй хугацаанд гадаадын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг судалж, заримтай нь холбоо тогтоож туршлагаас нь суралцаж ирсэн. Мөн олон улсын Финтек салбарын форумуудад ч идэвхтэй оролцож, туршлага судаллаа. Гадаадад болсон бидний оролцсон формуудаас нэгийг нь дурдвал 2018 оны аравдугаар сард Хонк Конг хотноо зохион байгуулагдсан “FINNOVASIA” финтек форумд оролцсон. Тухайн үед SoftBank, Citibank, Standard Chartered гэх мэт дэлхийн томоохон санхүүгийн байгууллагууд, мөн технологийн салбарын акулуудын төлөөлѳл болсон Tencent (WeChat / WePay), Microsoft зэрэг компаниуд тус салбарт маш их хөрөнгө оруулалт хийж байгаа нь сонирхол татсан. Ингээд бид уг салбарыг Монголдоо хөгжүүлнэ гэсэн зорилгодоо улам их урам, итгэл үнэмшил авсан л даа.

Ингээд бид уг салбарыг Монголдоо хөгжүүлнэ гэсэн зорилгодоо улам их урам, итгэл үнэмшил авсан л даа

Тиймдээ ч манай компанийн технологийн хөгжүүлэлт дээр Япон улсын техник, технологийн тэргүүлэх компаниудад ажилласан туршлагатай инженерүүд хариуцан ажиллаж байгаа.

-Дэлхий дахинд санхүүгийн технологи буюу финтек гэх ойлголт нэлээд хүчээ авч байгаа. Та бүхний явуулж буй үйл ажиллагаа финтек мөн үү. Бусдаасаа юугаараа ялгагдах вэ?

-Тиймээ. Гэхдээ дотоодын финтек салбарынхнаасаа бизнесийн болон үйлчилгээний хэлбэрийн хувьд нэлээд ялгаатай талууд бий. Бидний бэлдсэн хүснэгтийг харвал уншигчид маань илүү ойлгомжтой байх болов уу (Хүснэгт 1).

-Танай платформд хэрхэн бүртгүүлэх вэ?

-Хэрэглэгчид орон зай, цаг хугацаанаас үл хамааран манай www.crowd.mn вэб сайтаар дамжуулан бүртгүүлэх боломжтой. Заавал өөрийн биеэр ирж цаасан анкет бөглөх шаардлагагүй. Мөн 7777-0330 утсаар ба Facebook-ын CrowdAsset хуудсаар мэдээлэл авч болно. Бид бүртгүүлсэн хэрэглэгчдээ цаашдаа санхүүжилтийн төслүүдээ танилцуулаад явах юм. Мобайл апп-үүд маань одоогоор хөгжүүлэлтийн шатанд явж байгаа, удахгүй бэлэн болно.

-Краудфандингийн талаар цаг зав гарган ярилцаж, манай уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье.


# Бизнес загвар Монголын анхны финтек компаниуд
1 Мобайл зээл /Mobile Lending – богино хугацааны бичил зээл LendMN, Ard App, Zeely.mn, K Mobi, Numur
2 Краудфандинг /Crowdfunding – бизнесийн зээлд чиглэсэн Crowd Asset
3 P2P зээл – иргэд хоорондын бичил зээл Zeel.mn
4
Дижитал болон мобайл төлбөр тооцоо
– Хэтэвч Lend wallet, Ard wallet, Most Money, Candy Pay (Mobicom)
– Цахим мөнгө Candy, U-Point, RedPoint, UMoney (автобусны карт)
– Систем Social Pay (Golomt), QPay, Erxes, Gerege
5 Зохицуулалтын технологи /Regtech ХУР system, ДАН System, EBarimt
6 Блокчейн /Крипто валют MGL token, Ard Coin, Trade.mn (ICT group)
7 Дижитал банк M Bank (MCS)
8 Даатгалын технологи /InsurT ech Insur.mn
9 Хиймэл оюун ухаан /AI Dentsu Data Artist, jobs.today
10 Бусад Алтан Бумба, MFE

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга “Мах хүнсний ногооны хангамжийн баталгаат байдал” хэлэлцүүлгийг нээж үг хэллээ

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Мах, хүнсний ногооны хангамжийн баталгаат байдал” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордны Их танхимд болж байна.

Энэхүү хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Махны холбоо, төмс хүнсний ногооны үйлдвэрлэлийн салбарынхан үндсэн илтгэлээ танилцуулж байна.

Илтгэл тавьж дууссаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүнсний салбарынхантай хэлэлцүүлэгт оролцоно.

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ НЭЭЖ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Та бүгдийн амгаланг айлтгая.

Монгол Улсын хувьд тулгамдсан асуудлуудын нэг бол Мах, хүнсний ногооны хангамж, түүний баталгаат байдлын асуудлыг хэлэлцэж, цаашид хийх ажил, гаргах шийдлүүдийн саналыг төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах байгууллагуудад, тухайлбал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын Их Хурал, Засгийн газарт хүргэхээр бид хуран чуулаад байна.

Хүнсний аюулгүй байдлыг хангах нь бүх нийтийн асуудал бөгөөд үүнээс ангид нэг ч хүн, нэг ч байгууллага байх ёсгүй.

Хүнсний аюулгүй байдал гэх цогц ойлголт нь гурван тулгуур дээр тогтдог. Үүнд, нэгдүгээрт, хүнсний хангамж нь найдвартай олон эх үүсвэртэй байх; хоёрдугаарт, зах зээл дээр эрүүл, баталгаатай, аюулгүй хүнс тогтвортой, хүрэлцээтэй байж хувь хүн газар зүйн байршил болон эдийн засгийн чадамжаас үл хамааран хоол, хүнсээ хүртэх боломжтой байх, гуравдугаарт, иргэд эрүүл ахуйн болон ариун цэврийн шаардлага хангасан ус, хүнсийг хадгалах, хэрэглэх суурь мэдлэг, дадалтай байх зэрэг асуудлууд багтдаг байна.

Бид 30 жилийн өмнөөс урьд өмнө хүнс бэлтгэдэг, боловсруулдаг, худалдаалдаг байсан тогтолцоогоо өөрчилж, зах зээлийн тогтолцоо руу шилжсэнээр хүн бүр, өрх бүр үйлдвэрлэгч гэсэн ойлголт түгэн дэлгэрч, үүнтэй зэрэгцэн хүн бүр өөрсдийн дур дураар хүнс үйлдвэрлэгч, хүнс импортлогч, худалдаалагч болж хувирчээ.

Сүүлийн хориод жилд хүнсний салбарын бодлого, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааны чиглэл нь өөр хоорондоо уялдаа холбоогүй, нэгдсэн удирдлагаар хангагдаагүйн улмаас хүнсний аюулгүй байдлыг тодорхойлдог дээрх гурван тулгуур маань тогтворгүй байдалд орсон.

Нэгэнт задарсан системийг буцаан тохинуулах, эмхлэн цэгцлэх амаргүй ажилд манай төр, засаг, үйлдвэрлэгчид, мэргэжлийн байгууллага, иргэд чамгүй их хүч зарцуулж байгааг бид сайн мэдэж байгаа.

Салбарын судлаачид, бодлого боловсруулагчид, салбарын ажилчид, хүнсний сүлжээний оролцогчдоос гарсан саналуудад үндэслэн хууль эрх зүйн орчныг шинэчлэх, дэлхийн хөгжилтэй улс орнуудын сайн туршлагыг нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн олон асуудлын шийдвэрийг төрийн бүх л түвшинд гаргасан боловч үр дүн сайн гарахгүй байна.

Бид аливаа асуудлыг цогцоор нь буюу системээр нь харж, гарц, шийдлийг тодорхойлж, цаашид боловсруулах бодлого, гаргах шийдвэр, хэрэгжүүлэх арга хэмжээгээ уялдуулан зохицуулахгүй бол 10, 20 жилийн дараа мөн л өнөөдрийнх шигээ системийн гажуудалд орж, өнөө л ярьдгаа ярьсаар, хийдгээ хийсээр суух вий гэж болгоомжилж байна.

Бид түүхэн замналдаа цаг агаарын мөчлөг, улирлын онцлогоос хамааралтайгаар мах бэлтгэл, ургац хураалтыг явуулж ирсэн, хавар, зундаа махны болон хүнсний ногооны хангамж байнга доголддог байдлыг сөрөх, даван туулах шийдлийг одоо болтол олоогүй, хэрэгжүүлээгүй байгаадаа дүгнэлт хийх хэрэгтэй байна.

Мэдээлэл, техник, технологийн хурдацтай хөгжлийн 21 дугаар зуунд амьдарч байгаа хэдий ч ийм дорой үйлдвэрлэл, доголдолтой хангамжтай байх нь таатай зүйл биш. Энд гагцхүү зөв бодлого, оновчтой шийдвэр дутаж байгаа бөгөөд үүнд сэтгэл, зүтгэл илт үгүйлэгдэж байгаагаас биш шийдэл, гарц өчнөөн байгаа.

Бид хүнсний салбарын хууль эрх зүй, хүнсний сүлжээний бүх үе шат, эдгээр үе шатад авч хэрэгжүүлж байгаа бүх арга хэмжээний уялдаа, Монгол орны байгаль цаг уурт нийцсэн хүнсний аж ахуй, хүнсний ногооны шинэ сорт гаргахад чиглэгдсэн хөрөнгө оруулалт, дотоодын үйлдвэрлэгчийг дэмжсэн татварын бодлого, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болон хэрэглэгчийн боловсрол, мэдлэгт анхаарах хэрэгцээ байна.

Хүнсний хангамж нь олон эх үүсвэртэй байх асуудал ихээхэн доголдолтой явж ирсэн бөгөөд хүнсний ногооны хангамжийг ихээхэн хэмжээгээр импортоор шийдэж ирсэн байдал арилахгүй байна. Уг нь дотоодын төмс, хүнсний ногооны жилийн нийт хэрэгцээ тийм ч их биш 370 мянган тонн орчим байгаа. Үүний 180 мянган тонныг төмс, 190 мянган тонныг бусад хүнсний ногоо бүрдүүлдэг. Ийм хэмжээний тариалалт, үйлдвэрлэл явуулах нөөц бидэнд хангалттай бий. Гэтэл 2018 онд хүнсний ногооны хэрэгцээний ердөө 42 хувийг дотоодын үйлдвэрлэлээс хангажээ. Аль 10 жилийн өмнө 2009 оноос эхлэн дотоодын төмсний хэрэгцээг 100% хангах хэмжээнд хүрсэн боловч одоог хүртэл гаднаас төмс зөөсөөр л байна. Хүнсний нарийн ногооны хэрэгцээний 90 гаруй хувийг импортоор хангаж байна. Импортын хүнсний ногооны нөөц, хангалт, хадгалалт, түгээлт, тээвэрлэлтийг Барс худалдааны төв дээр зохицуулж, хүнсний ногооны үнийг тэнд тогтоож байгаа монопол тогтолцоог халах шийдлийг бид ярих ёстой болж байна.

Жилийн дөрвөн улиралд иргэдээ шинэ ургацын ногоогоор хангахад 4 улирлын хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхээс өөр арга байхгүй. Тийм учраас хүлэмжийн дэвшилтэт цогцолбор аж ахуйг барьж байгуулан, хүлэмжийн ах ахуй эрхлэгчдийн мэдлэг чадварыг сайжруулах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх ажилд төрөөс дэмжлэг үзүүлэх, хадгалалт борлуулалтын сүлжээг бүрдүүлэх, хүнсний ногооны зоорь агуулахуудын ашиглалтыг сайжруулах зэргээр цогцоор нь хандах ёстой болж байна.

Тухайлбал, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуйн яамнаас тариаланчдад олгох татаас хуваарилах ажлын хүрээнд шилэн болон пластик хүлэмжийн барилгын 50 хүртэл хувьтай тэнцэх капитал хөрөнгө оруулалтын зардлыг хариуцдаг юм байна. Энэ мэт бусад улс оронд Засгийн газраас хүлэмжийн аж ахуйгаа дэмждэг оновчтой бодлогыг судалж, сайн туршлагыг нэвтрүүлэх шаардлага бидний өмнө тулгамдаж байна.

Мөн хоол, хүнснээс шалтгаалсан хордлого, халдварын дэгдэлт 2019 оны эхний дөрвөн сарын байдлаар олон тохиолдол бүртгэгдэж 337 хүн өвчилсөн нь хүнсний бүтээгдэхүүнд тавих хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх, тогтсон хяналт хийх арга барилыг өөрчлөх, хууль эрх зүйн орчны гажуудлыг засах шаардлагатай байгааг харуулж байна. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиар 2013 оноос эхлэн эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг явуулдаг болсон. Гэвч Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар төлөвлөгөөт шалгалтыг заавал оны эхэнд зарлаж, тогтсон хугацаанд шалгалт хийхээр хуульчилсан тул мэргэжлийн хяналтынхны хийж буй шалгалт ямар ч үр дүнгүй, ор нэр төдий болох үндэс бүрэлджээ. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, боловсруулалт, худалдаа үйлчилгээ эрхлэгчид төлөвлөсөн шалгалтын үеэр л стандарт шаардлагыг баримталж, бусад үед аж ахуй эрхлэлтийг стандарт бусаар явуулах эрсдэл байсаар байна. Иймд хуульд өөрчлөлт оруулж, хүнсний сүлжээний бүх шатанд бодит нөхцөл байдалд тохирсон хяналт шалгалтаар энэ үр ашиггүй байдлыг халах, эрсдэлийг арилгах хэрэгтэй байна.

2017 онд Хүнсний аюулгүй байдал Үндэсний чуулганыг миний бие санаачлан зохион байгуулж, уг чуулганаас төрийн байгууллагуудад хандсан 17 заалт бүхий зөвлөмж гарсан боловч хэрэгжилт тун хангалтгүй, бодит үр дүн гарсангүй.

Дүгнээд хэлэхэд Монгол Улсын хүнсний аюулгүй байдал суурь шаардлагуудыг бүрэн хангах хэмжээнд биш байна. Хийх, шийдвэрлэх, сайжруулах асуудал маш их байна. Хүн амаа аюулгүй, баталгаат хүнсээр бүрэн, тогтвортой хангахад төр, төрийн бус байгууллагууд, энэ салбарт ажиллаж байгаа бүх хүн, мөн хэрэглэгчид ч анхаарах, тал талын идэвхтэй хариуцлагатай оролцоо чухал болоод байгааг сануулъя.

Хүнсний салбарын хуулийн хэрэгжилт, хүнсний аюулгүй байдлыг хангуулах, үүсэж болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд бүх нийтийн оролцоог хангахад төлөөлөгчид, оролцогчид Та бүхэн анхаарлаа хандуулж, бодит шийдлүүдийг Засгийн газарт санал болгон, үр бүтээлтэй ажиллана гэж найдаж байна.

Миний бие хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмж, гарц шийдлийг хэрэгжүүлж, бодит үр дүнд хүргэхийн төлөө Засгийн газарт үүрэг чиглэл өгч, хамтран тууштай ажиллах болно гэдгээ мэдэгдэж байна.

Та бүхэнд амжилт хүсье” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

ХАБЭА-н шилдэг илтгэлүүд шалгарлаа

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2019” арга хэмжээний хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс Их дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, ХАБЭА-н сургалтын төвүүд, аж ахуйн нэгж байгууллагын ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнуудын дунд ХАБЭА-н шилдэг илтгэлийн уралдааныг зарласан.

Тус уралдааны шилдгийг шалгаруулах арга хэмжээ /2019.05.03/-нд ХНХЯамны 10 давхрын хурлын зааланд амжилттай болж өндөрлөлөө. Уралдааны шүүгчээр ХАБЭА-н Үндэсний хорооны гишүүн, ХАБЭМТөвийн дарга М.Даваабат, тус төвийн газрын дарга П.Энхтайван, МХЕГ-ын хөдөлмөрийн харилцааны хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс, ХАБЭА-н Үндэсний хорооны гишүүн Р.Ганхуяг, ХНХДСургуулийн ХАБЭМ-н тэнхимийн эрхлэгч Н.Уранчимэг, Монголын ашигт малтмалын тээвэр эрхлэгчдийн Арвин зам холбооны гүйцэтгэх захирал Т.Мөнхсэргэлэн нар ажиллав. Уралдаанд нийт 17 илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд ХАБЭА-г сайжруулах, осол гэмтлээс сэргийлэхэд олон чухал шинэлэг санаануудыг дэвшүүлсэн илтгэлүүд хэлэлцүүлэгдэж шилдэгүүдээ шалгаруулсан.

1-р байр Д.Батбаатар /Ошми групп ХХК-ийн зөвлөх/

2-р байр Н.Очирбат /Номин констракшнийн инженер/

3-р байр Д.Пүрэвсүрэн /Төв аймаг, Заамар сум, Арнаймган “Улз групп”-ын ХАБЭА-н ажилтан/ нар тус тус шалгарлаа.

Харин тусгай байрын шагналыг ШУТИС-мйн ГУУС ХЭМАБ-ын магистрант Л.Бямбаа, МҮЭ-ийн дэргэдэх ХНХДСургуулийн ХЭМАБ-ын 3-р курсын оюутан Э.Сандаг нар шалгарсан.

Илтгэгч нар ХАБЭА-н ахисан шатны сургалтыг зохион байгуулах, тэр тусмаа хүүхдэд багаас нь ХАБЭА-н мэдлэг, боловсрол олгох, ХАБЭА-н соёлыг эрт төлөвшүүлэх нь чухал гэдэг асуудлыг хөндөж байлаа. Мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд ХАБЭА-н ойлголт хэрэгжилт тааруу, харин томоохон аж ахуйн нэгжүүд ХАБЭА-н сургалт, зааварчилгаа, хууль дүрмээ харьцангуй сайн мөрдөн ажиллаж байгааг судалгаандаа тусгажээ.

Categories
мэдээ спорт

Улсын арслан Э.Оюунболд найм даван түрүүллээ

“Арвайн үндэс” ХХК-ийн нэрэмжит Монгол Улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаан өчигдөр Бөхийн өргөөнд болж улсын арслан Э.Оюунболд найм даван түрүүлж, улсын аварга Н.Батсуурь үзүүрлэв. Барилдааны их шөвөгт улсын харцага М.Бадарч, улсын начин Ч.Хөхчирэнгэр нар үлджээ. МҮБХ-ноос зохион байгуулдаг уламжлалт барилдааны нэг болох арслан цолны хүндэтгэлийн барилдаанд улсын аварга Н.Батсуурь, арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, улсын заан Н.Жаргалбаяр, Б.Батмөнх, Б.Соронзонболд тэргүүтэй улс, аймгийн алдарт цолтой 256 бөх уран мэхийг уралдуулан барилдлаа.

Categories
энтертаймент-ертөнц

“Яг түүн шиг-4” шоуны анхны дугаарын ялагчаар Б.Амархүү шалгарлаа

“Боловсрол суваг” телевизийн уран бүтээлчид “Эндемол Шайн” группийн “Яг түүн шиг” шоуг албан ёсны эрхтэйгээр 2016 оноос эх орондоо зохион байгуулах болсон. Анхны шоу нэвтрүүлэг хүрсэн даруйдаа үзэгчдийг байлдан дагуулж ням гарагийн үдэш цэнхэр дэлгэцийн өмнө уях болсон билээ. Тэгвэл “Яг түүн шиг” шоуны дөрөвдүгээр улирал өчигдрөөс үзэгчдэд хүрч эхэллээ. Энэ удаа өмнөх 3 улирлын нэвтрүүлгийн 24 уран бүтээлчээс сонгогдсон 8 шилдэг оролцогч өрсөлдөх юм.

“Яг түүн шиг-4” шоуны анхны дугаарын ялагчаар Б.Амархүү шалгарлаа

Хүлээлт ихтэй байгаа шинэ дугааруудын шүүгчдийн талаар үзэгчид олон таамаг дэвшүүлж байсан. Тэгвэл энэ улирлыг шүүгч Г.Ганхүүгийн хамт Монголын соёл, урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүд болох “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Гавьяат жүжигчин, дуучин Д.Жаргалсайхан, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин О.Энхтуул нар шүүгчээр ажиллана. Түүнчлэн энэ жилийн нэвтрүүлэг нь агуулга, хийцийн хувьд олон онцлогтой болно хэмээн нэвтрүүлгийн багийнхан хэлж байна.

“Яг түүн шиг-4” шоуны анхны дугаарын ялагчаар Б.Амархүү шалгарлаа

“Яг түүн шиг-4” шоуны анхны дугаарын ялагчаар Б.Амархүү шалгарлаа

“Яг түүн шиг-4” шоуны анхны дугаарын ялагчаар Б.Амархүү шалгарлаа

Өчигдөр эхэлсэн “Яг түүн шиг” шоуны дөрөвдүгээр улирлын эхний дугаарын ялагчаар оролцогч Б.Амархүү дуучин Justin Timberlake болон хувирч “My Love” дууг дуулан шилдгээр шалгарлаа.

“Яг түүн шиг-4” шоуны анхны дугаарын ялагчаар Б.Амархүү шалгарлаа

Сонирхуулахад, шоуны эхний дугаарт оролцогчид баззер дараагүй өмнөх улирлын шилдэг үзүүлбэрүүдээрээ эргэн ирсэн юм.

“Яг түүн шиг-4” шоуны анхны дугаарын ялагчаар Б.Амархүү шалгарлаа

“Яг түүн шиг-4” шоуны анхны дугаарын ялагчаар Б.Амархүү шалгарлаа

“Яг түүн шиг-4” шоуны анхны дугаарын ялагчаар Б.Амархүү шалгарлаа

“Яг түүн шиг-4” шоуны анхны дугаарын ялагчаар Б.Амархүү шалгарлаа

“Яг түүн шиг-4” шоуны анхны дугаарын ялагчаар Б.Амархүү шалгарлаа

“Яг түүн шиг-4” шоуны анхны дугаарын ялагчаар Б.Амархүү шалгарлаа

“Яг түүн шиг-4” шоуны анхны дугаарын ялагчаар Б.Амархүү шалгарлаа

“Яг түүн шиг-4” шоуны анхны дугаарын ялагчаар Б.Амархүү шалгарлаа

Тиймээс энэ дугаарт пуучин П.Баярцэнгэл Bruno Mars болж, загвар өмсөгч С.Сарнай Lana Del Rey-д хувирч, жүжигчин Т.Бархүү “Никитон” хамтлагйин ахлагч дуучин Б.Батчулуунтай үзэгчдийг уулзуулж, дуучин Г.Сүндэрмаа LP болон , дуучин Б.Маралжингоо Amy Winehouse-г дахин амьдруулж, дуучин Б.Халиун Сэрчмаа, дуучин Б.Нацагдорж хүйсээ солин жаахан жин нэмсэн Beyonce болсон гээд шоу тэр чигээрээ л гэнэтийн бэлэг дүүрэн байлаа.

Шоунд сонгогдсон 8 уран бүтээлч өөрсдийн авьяас чадвар, хүч, хөдөлмөрөө дайчлан дахин давтагдашгүй үзүүлбэр үзүүлж үзэгчдэдээ бэлэг барих нь дамжиггүй.

Ням гарагийн үдэш бүр гэр бүлээрээ тухлан сууж, инээд хөөрөөр цалгин, хөгжим, соёл урлагийн тухай сонин содон мэдээлэл авах боломжийг олгодог “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийг үзээрэй.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Мөрөн суманд ажиллалаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Мөрөн суманд ажиллаж дараах асуудлуудыг шийдлээ.

Хэнтий аймгийн хүнсний ногооны хэрэгцээний 40 хувийг хангадаг Мөрөн сумын ногоочид гар аргаар ногоогоо тарьж буй цөөн хэдэн сумын нэг юм байна. Иймээс таван га газрын усалгааны системийг шийдвэрлэж өглөө. Мөн трактор, 60-70 метрийн гүний худаг гаргаж бариулахаар боллоо. Түүнчлэн соёлын төв, ерөнхий боловсролын сургууль шинээр барьж байгуулахаар боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд тус сумын иргэдтэй уулзаж Засгийн газрын бодлого шийдвэрийг танилцуулж, иргэдийн асуултанд хариулж байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь намын бүлэг, зөвлөл хуралдана

Өнөөдөр УИХ дахь намын бүлэг, зөвлөл хуралдана. Хуралдаанаар энэ долоо хоногт чуулган байнгын хороогоор хэлэлцэх хууль тогтоолын төсөлд байр сууриа нэгтгэх юм.

Мөн цаг үеийн асуудлыг хэлэлэхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Увс аймгийн Улаангом суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

Увс аймгийн Улаангом суманд 2019.05.05-ны өдөр тарваган тахал өвчний сэжигтэй 1 тохиолдол бүртгэгдлээ. Үүний дагуу Увс аймгийн ЗӨСТ болон холбогдох мэргэжлийн байгууллагууд шинжилгээ авч, онош тодруулах болон тархвар зүйн судалгаа эхлүүлэн ажиллаж байна.

ЗӨСҮТ-өөс мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа ба иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна.

– Хууль тогтоомжид зааснаар тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эдийг худалдаалах, худалдан авах, тээвэрлэхгүй байх;

– Тарваганы түүхий эд, махыг хэрэглэхгүй, гэртээ хадгалахгүй, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;

– Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх;

– Тарваган тахлын дархлаажуулалтанд жил бүр хамрагдах;

– Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, тарваганы арьс өвчсөн, мах эвдсэн болон идсэний дараа өндөр халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай дуудлага өгнө үү.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Уул уурхай зогсчихвол бид яг юугаар амьдрах вэ, эх орончид оо

Хэдэн парламент дамжиж ямба эдэлсэн, өнөө ч УИХ-ын гишүүн гэсэн сэтэртэй яваа улстөрчдийг анзаарах нь ээ бүгд л уул уурхайн эсрэг попрогчид байдаг. Ч.Улаан, Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, Г.Занданшатар гээд жагсаавал цөөнгүй нэрс бий. Уул уурхайн эсрэг дуугарахаар л эх оронч, гоё харагддаг, аль болох чанга дуугарах тусам сонгогдох магадлал ихэсдэг нь парламентын өнгөрсөн түүхээс хачин тод харагддаг. Тийм учраас уул уурхайн эсрэг дуугарах попчин гишүүдийн дараа үе амжилттайгаар төрөн гарсаар байна. Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ гээд жагсаавал нас залуу, цус шингэн попчдын тоо жил ирэх бүр өсөх прогноз бий. Өөрийн гэсэн үнэ цэнэтэй, ардчилал, зах зээлийн зарчмыг ойлгож ухдаг, эдийн засаг яаж ажилладгийг гадарлах нь бүү хэл доторлодог хашир улстөрчид ч попчдын эгнээг тэлсээр байгаа. Хамгийн тод сонгодог жишээ нь Лу.Болд гишүүн. Уул уурхайн эсрэг үг дуугарахаар УИХ-ын гишүүн болчихдог учраас попчид хүрээгээ тэлээд байгаа нь булзах аргагүй үнэн л дээ.

Уул уурхайн хувьд Монголд төдийгүй дэлхийд гэж яригддаг төсөл бол Оюу толгой. Оюу толгойд ясны дургүй хэдэн гишүүн энэ УИХ-д бий. Найм, есөн жилийн хугацаанд төсөвт төвлөрүүлсэн мөнгө нь 1.6 тэрбум ам.доллараар хэмжигддэг энэ аварга төслийн эсрэг зогсогчдыг Ч.Улаан, Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва гурав тэргүүлдэг. Дөрвөн жилийн өмнөөс улсад төлдөг татвараараа Эрдэнэтийн өмнө гишгэх болсон Оюу толгой 2025 онд төсвийн орлогын 13 хувийг эзэлнэ гэсэн том тоо дуулддаг. Яг нарийндаа Оюу толгойгүй бол Монголын эдийн засаг элгээрээ хэвтэх байсныг захын эдийн засагч хэлдэг.

Уул уурхайг хаах попролтын үндсийг тавьсан улстөрчид бол Б.Бат-Эрдэнэ, Г.Занданшатар хоёр. Нэг нь урт нэртэй хууль санаачилж овоо дориун явсан алтны салбарыг унагачихсан. Дархан аваргыг урт нэртэй хууль санаачилж манаргаж явахад алтны хайгуул, олборлолтоор дэлхийд гэж яригддаг компаниуд Азийн Монгол руу хандаж эхэлж байв. Алтны салбар “нинжа”-гаас дэлхийн стандартыг барьдаг компаниуд руу шилжиж эхлэх үед аваргын зүтгүүлсэн хууль батлагдаж байлаа. Монголыг сонгосон дэлхийн уул уурхайн акулууд алтны лицензүүдийг хуйгаар нь хураасан тэр үед манай улсад бизнес эрхлэх шийдвэрээсээ ухарч эхэлсэн юм. Тэдний нэг нь саяхан Монголыг орхиж гарсан Канадын “Сентерра голд”.

Б.Бат-Эрдэнийн дараа уул уурхайг самарсан түүхэн зүтгэлтэн бол Г.Занданшатар. Стратегийн ач холбогдолтой салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах гэсэн сүржин нэртэй хууль санаачилж батлуулаад наашчилчихсан байсан ам.долларын урсгалыг цаашлуулчихсан. Монголын эдийн засаг өнөөг хүртэл тэр үеийн “шок”-оосоо гараагүй яваа. УИХ-ын даргын цөс ихтэй үедээ батлуулж хэрэгжүүлсэн хуулиас болж “BHP”, “Англо Американ” зэрэг дэлхийд гэж яригддаг компаниуд Монголыг орхисон түүхтэй. 2009 онд урт нэртэй хуулиас гадна өөр нэг балагтай хууль батлагдсаныг санах нэг нь санаж суугаа байх. Цөмийн эрчим хүчний тухай хууль гэж баталж, ураны салбарыг багтааж хуульчилсан нь даарин дээр давс болсныг онцлохгүй орхиж болохгүй. Ураны төслүүдэд төр 34 хувь хүртэл ямар ч үнэ төлбөргүйгээр хувь эзэмшиж ашиг хүртэнэ, улсын зардлаар хайгуул хийсэн ордуудын 50 хүртэлх хувийг төр нэг ч зоосны зарлагагүйгээр өөрийн болгоно гэсэн заалт ураны салбарыг унагачихсан. Бизнест үнэгүй, төлбөргүй зүйл гэж үгүйг цус махаараа мэдэрчихсэн барууны хөрөнгөтнүүдийн хувьд эвэртэй туулай харсан дайны шийдвэр л дээ. Ураны салбарт дэлхийн том компаниуд ороод ирчихсэн байсан ч энэ хуулиас болж бултаараа гарцгаасан юм.

Монголын Засгийн газар Канадын “Хан ресурс”-ийг бол ил цагаан хөөж байв. Ингэж хөөснийхөө төлбөрт сүүлдээ өчнөөн ам.долларын өрөнд улсаараа унаж байлаа. Хөрөнгө мөнгө зарж хэрэгжүүлж явсан төслөө булаалгасан компани Арбитрын шүүхэд хандаж, Арбитрын шүүх “Хан ресурс”-т учирсан хохирлыг Монголын засаг гаргах ёстой гэж алх тогшсон нь тийм ч эртний явдал биш. Хууль тогтоогчдын буруугаас болж унасан энэ өрийг 2012-2016 оны Засгийн газар татвар төлөгчдийн мөнгөнөөс төлж байв. Канадын “Камико” яг энэ хуулиас болж Монголыг орхисон бол Канадын “Вестерн пропектор” Хятадын төрийн өмчит компанид лицензээ зараад гарсан юм. “Арева” л Францын Засгийн газрын өмчтэй компани тулдаа өнөөг хүртэл Монголыг орхиогүй, оффис нь ажиллах төдий яваа. Товчхондоо ураны салбарт урагшилсан нэг ч төсөл өнөөхөндөө алга. Уул уурхайд дургүй попчин гишүүдийн хүчин зүтгэлээр Монгол Улс уранаа доллар болгож чадахгүй өнөөг хүрсэн. Уг нь бид Дулаан-Уул, Зөөвч-Овоо гэх мэт дэлхийн анхааралд орсон ураны ордтой. “Арева”-гийн охин компани “Кожи говь”-ийн хайгуул хийсэн Зөөвч-Овоод дэлхийн ураны 20 жилийн хэрэгцээг хангахаар нөөц илрээд байгаа.

Монгол Улс өнөөхөндөө зэс, нүүрсээ зарж доллар олж байна. Зэс нүүрснээс гадна уран, занар, газрын ховор металл зэрэг эдийн засагт валют цутгах шинэ ашигт малтмалууд бий ч попчдын балгаар энэ салбарт хэрэгжих магадлалтай төслүүд хөдлөх нь бүү хэл сураг ч үгүй байна.

Өөрсдийгөө халуун эх оронч гэж төсөөлдөг улстөрчид хайгуул, уул уурхайн төслүүдийг гацааж суугаагаа “Ард түмнийхээ төлөө” гэж тайлбарладаг. Бидний төлөө уул уурхайн эсрэг баатарлагаар тулалдаж яваа гэж боддог нь хэвлэлд өгсөн ярилцлагаас нь тод харагддаг. Гэтэл өнөөдүүлийн адалдаг уул уурхай татвар, хураамж хэлбэрээр нэг хоногт 8.1 тэрбум төгрөгийн өгөөжийг эдийн засагт оруулдаг. Уул уурхайн төслийн шууд бус өгөөжийг нэмж тооцвол үүнээс ч аварга тоо гарна. Коксжих нүүрсний нөөцөөрөө хорхой асаасан Таван толгойдоо хөрөнгө оруулагч хайж, харь улсын засаг, төрийнхнийг царайчилж явсан үе бидэнд бий. Тэр үед улсаараа тарчиг амьдарч байсан нь булзах аргагүй үнэн. Эрхбиш мал олонтой тулдаа өлсөхийн зовлон мэдрээгүй байх. Бусад үзүүлэлтээрээ дэлхийн өнгөтэй өөдтэй улс орнуудын иргэдийн амьжиргаатай харьцуулах аргагүй байсан нь мөн л бодитой үнэн. Өнөөдрийнхтэй зүйрлэх аргагүй хэцүү дутуу аж төрцгөөж явснаа статистикаас эргэж харцгаая. Нэг хүнд оногдох ДНБ -ээр жишээлэхэд 1990-1993 он хүртэл тасралтгүй буурч, 1994-2002 онд бага зэрэг өсч, буурч, 2003 оноос хойш тасралтгүй өссөн зурагтай харагдаж байна. 2003 гэдэг нь уул уурхай ид хөгжиж эхэлсэн цаг. 1993 онд нэг хүнд оногдох ДНБ 317 ам.доллар байсан бол өнөөдөр 4000 ам.доллараар хэмжигдэж буй. Уул уурхайн салбар эдийн засагт жин дарж эхэлсэн үеэс ДНБ огцом цойлсон гэж хэлж болно.

Инфляцийн түүхийг сөхье. 1992 онд 325.5 хувь руу үсэрч, 1993 онд 183 хувь хүрч цойлж байснаа уул уурхай сэргэж эхлэхийн өмнө буюу 1997 онд 20.5 хувь, уул уурхай эрчээ авсан 2002 онд бүр 1.6 хувь руу орж байж. Иргэдийн хэрэглээ ч огцом өссөнийг статистикаас харж болно. 2002 онд орлого багатай нэг иргэний сарын хэрэглээ 17 мянган төгрөг байсан бол 2007 онд 44 мянга, харин өнөөдөр хар таамгаар дор хаяж 300 мянган төгрөгөөр хэмжигдэх байх. Орлого дажгүй иргэдийн хувьд 2002 онд сардаа 47 мянган төгрөгөөр амьдарчихдаг байсан бол 2007 онд 131 мянган төгрөгөөр аж төрдөг байж. Өнөөгийн орлого өндөртэй хэсэг сардаа хэдэн төгрөг хэрэглэдгийг таамаглахад хэцүү. Дор хаяж сая төгрөгөөр яригдах байлгүй. Уул уурхайгүй амьдарч байсан үеийнхээс иргэдийн ахуй амьжиргаа тэс өөр болсныг сая дурдсан тоонуудаас харчихаж болно.

Уул уурхайгүй болгочихвол энэ улсын эдийн засаг дутуу гацуу тэр үе рүүгээ ухарна. Мэдээж хэн ч уруудахыг хүсэхгүй. Попчин гишүүд уул уурхай зогсчихвол нийт олноороо өлөн зэлмэн ч болтугай амьдарна, өөрсдөд нь өмнөх сонгуулиуд шиг саналаа өгсөөр явна гэж бодож яваа байж мэднэ. Харамсалтай нь тийм биш л дээ. iPhone барьж, “Adidas” өмсч, “Channel” түрхэж, LV-гээр гангарч, дэлхийн хөгжилтэй улсын иргэдийн хэрэглэдэг бүхнийг хэрэглэж, эдэлдэг бүрийг эдэлж яваа иргэд буцаад өнгөрсөн рүүгээ алхана гэж байхгүй. Хэрэглээ, амьжиргаагаа дээшлүүлэхийг л бодно. Попчдын тэмцлээс болж уул уурхай зогслоо гэхэд манай халуун эх орончдын улс төр дэх карьер дуусна гэдэг л булзах аргагүй үнэн.

Тэгэхээр уул уурхайтай тэмцэлдэж яваа түшээдээс асуух нэг л зүйл байна. Уул уурхайгүйгээр, яг өнөөдрийнх шигээ аятай таатай аж төрөх ямар гарц байна вэ. Тодорхой гарц гаргалгаа байхгүй бол нэгэнт босчихсон, бүхэл бүтэн улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа ганц салбараа адлах хэрэг байна уу?


Categories
мэдээ нийгэм

Тавдугаар сарын 06-нд болох үйл явдлын тойм

Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдана.

09.00 цагт “Холидэй Инн” зочид буудалд “Төрийн албаны топ мeнeжeр” сургалт болно. Утас: 91918297

09.00 цагт Туушин зочид буудалд “Тусгай хамгаалалттай газар нутаг дахь байгаль орчин- Аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” зөвлөгөөн болно. Утас: 99153766

09.00 цагт Төрийн ордонд “Мах, хүнсний ногооны хангамжийн баталгаат байдал” хэлэлцүүлэг болно.

10.00 цагт Нийслэлийн иргэний танхимд нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Монголын өмгөөлөгчдийн холбооноос иргэдэд төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгнө. Утас: 86863998

10.30 цагт БСШУСЯ-нд “Инновацийн 7 хоног-2019”-ийн нээлт болно.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Охидын түүх ТББ-аас хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар мэдээлнэ.

11.00 цагт Татварын ерөнхий газарт Татварын багц хууль, Татварын удирдлагын нэгдсэн системийг танилцуулна. Утас 11311143

11.40 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нэрт эрдэмтэн, академич Ц.Дамдинсүрэнгийн дурсгалын хөшөөний нээлт болно.

12.00 цагт Улсын ерөнхий прокурорын газарт “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-өөс “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдийг шалгах шаардлага хүргүүлнэ. Утас: 99191388, 88117157

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт “Өнөөдөр” сонины “Нийслэл хүүд зорилго бий” нийтлэлийн эзэд “Cool Mongolia” төсөл хэрэгжүүлэх талаар мэдээлнэ.

11.30 цагт “Баянзам” тээвэрчдийн холбоо, Нүүрс тээвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах зөвлөлөөс Тавантолгойн нүүрс тээвэрлэгчид ажил хаялт зарлах талаар мэдээлнэ.