Categories
мэдээ улс-төр

МАН УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох хүлсэлтээ СЕХ-нд хүргүүлэв

Монгол Ардын Нам /2019.04.29/ IV Бага хурлаа хуралдуулж УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох шийдвэрийг Бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар шийдвэрлэсэн. Өнөөдөр буюу 4-р сарын 30-ны өдөр Монгол Ардын Намаас УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Т.Тогтохсүрэн, МАН-ын Намын Байгуулалтын Газрын дарга Б.Баярбаатар, МАН-ын Орон нутаг,намын хөгжлийн хэлтсийн дарга Б.Пүрэвдагва, МАН-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Р.Саруул нар Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцох хүсэлт, холбогдох баримт бичгүүдээ Сонгуулийн Ерөнхий Хороонд хүлээлгэн өгөв.

Сонгуулийн хуулийн дагуу намууд нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ өгөх хугацаа өнөөдөр дуусгавар болж байгаа юм. Харин Сонгуулийн Ерөнхий Хороо хуулийн дагуу нөхөн сонгуульд оролцох боломжтой намуудад батламж гардууладаг бөгөөд энэ хугацаа нь тавдугаар сарын 5-ны өдөр дуусгавар болно.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн ярилцлагадаа “МАН-ын Бага хурал дөрөвдүгээр сарын 29-ний өдөр хуралдаж, Сонгуулийн хуульд заасан 10 гаруй баримт бичгийг бүрдүүлсэн, Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ албан ёсоор хүргүүлж байна. Нэр дэвшигчийг намын Бага хурал хуралдаж, тавдугаар сарын 25-28-ны өдрүүдэд шийдвэрлэнэ. Ер нь бол хэн гэдэг нэр дэвшигчийг бүртгүүлэх вэ гэдгээ ярилцаж, судалж байгаа, дахин Бага хурлаараа шийдвэрлэнэ. Хэнтий аймгийн 42-р тойргийн сонгууль улс төрийн намууд, улстөрчдийн рейтинг тогтоосон сонгууль болно гэж бодож байгаа учраас МАН хариуцлагатай оролцоно” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Зөвшөөрлийн тухай болон бусад хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, түүнтэй холбогдуулан боловсруулсан “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

1.Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төсөл

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг УИХ-аас 2001 онд батлан мөрдүүлсэн.Тусгай зөвшөөрөлтэй холбоотой харилцааг энэхүү хуулиас гадна салбарын 100 гаруй хуулиар зохицуулж байна.

Гэвч тусгай зөвшөөрлийн төрөл, тоо, түүнийг олгох эрх бүхий субъектийг шинээр тогтоох зэргээр эрх зүйн зохицуулалтын гажуудлыг үүсгэж ирсэн байна. Түүнчлэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар тусгай зөвшөөрлийн төрлийг шинээр бий болгох, эсхүл тусгай зөвшөөрөлд хамаарах үйл ажиллагааг дотор нь задлах зэргээр яам, агентлагуудаас олгох тусгай зөвшөөрлийн тоог нэмэгдүүлж иржээ.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд салбарын яамдаас олгох 18 чиглэлийн 103 ерөнхий төрөл, түүнд хамаарах 210 гаруй дэд төрлийн үйл ажиллагаа болон аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргаас олгох 7 төрлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхээр заасан боловч одоо 54 байгууллага, 914 төрлийн зөвшөөрөл олгож байна.

Түүнчлэн хуулиар эрх олгоогүй боловч тодорхой үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын шийдвэрээр бий болгож, хууль бус төлбөр, хураамж ногдуулах тохиолдол түгээмэл байна.

Иймээс Монгол Улсад тусгай зөвшөөрөлтэй холбоотой хууль тогтоомжийн зохицуулалт өөр хоорондоо зөрчилтэй, хуулиас гадуур зөвшөөрөл бий болгодог практик түгээмэл байгааг өөрчлөн засах шаардлагыг үндэслэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг шинэчилсэн найруулгын түвшинд өөрчлөн Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төслийгболовсруулжээ.

Хууль хоорондын давхардал, зөрчил, хийдлийг арилгах, хуулиас гадуур тусгай зөвшөөрлийн ангилал, төрлийг бий болгож иргэдийг чирэгдүүлдэг байдлыг хориглох, төрөөс зөвшөөрөл олгох үйл ажиллагааны нэгдсэн зохицуулалтыг бий болгох хүрээнд зөвшөөрлийн төрөл, түүний ангилал, түүнийг олгох эрх бүхий этгээдийг тогтоосон Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Зөвшөөрлийн тухай хуулийн төсөлд:

– Зөвшөөрлийн ангилал, түүнд хамаарах төрлийг шинэчлэн тогтоож, зөвшөөрөл бүрийг кодын системд оруулж, түүнийг олгох, бүртгэх, хянах үйл ажиллагааны нэгдсэн журмыг тогтоох;

– Хуулиар хориглоогүй үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх иргэний эрхийг баталгаажуулах;

– Эрх бүхий этгээдээс олгох зөвшөөрлийн төрлийг Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулиар тогтоож, тус хуульд заагаагүй зөвшөөрлийг шинээр бий болгохыг хориглох;

– Зөвшөөрөл нь -онцгой; -тусгай; -энгийн гэсэн ангилалтай байх;

– Зөвшөөрлийн ангиллаас хамаарч зөвшөөрөл олгох нийтлэг хугацааг уртасган тогтоож, зөвшөөрөлтэй холбоотой хяналт-шалгалтын давхардал, хүнд суртлыг арилгах;

– Зөвшөөрөл эзэмшигчид тавигдах нийтлэг шаардлагыг шинэчлэн, үйл ажиллагааны онцлогоос хамаарч ялгамжтай байдлаар тогтоох, хүнд суртал, чирэгдэл учруулдаг ач холбогдолгүй, хэт хавтгайруулсан шаардлагыг халах;

– Зөвшөөрөл олгох, хугацаа сунгах, хүчингүй болгох, цуцлах, түдгэлзүүлэх, сэргээх үндэслэл, журмыг нарийвчлан тогтоож, олон шат дамжлагыг цөөлж, зөвшөөрөл олгох ажиллагааг хялбаршуулсан журмаар хэрэгжүүлэх;

-Зөвшөөрөл олгохтой холбоотой төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлэх, зөвшөөрөл эзэмшигчийн хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор зөвшөөрлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан бий болгох зэрэг зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг тусгасан байна.

2.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт 5 бүлэг, 20 зорилтын хүрээнд 118 бодлогын арга хэмжээг тусгажээ.

Эдгээр арга хэмжээний хүрээнд нийтдээ 10 их наяд 216.3 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээс улсын төсвийн хөрөнгөөр 1 их наяд 325.5 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 2 их наяд 111.9 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 6 их наяд 174.2 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 604.7 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөн тусгасан байна.

3.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, түүнтэй холбогдуулан боловсруулсан “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслүүд

Монгол Улсын эдийн засаг 2018 онд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хамгийн өндөр буюу 6.9 хувиар өсөв. Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалт 2018 онд 30 хувиар, экспортын хэмжээ 13.1 хувиар өссөн байна. Улсын төсөвт төвлөрүүлсэн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 2017 оноос 32 хувиар нэмэгджээ. Мөн ажил эрхлэлт нэмэгдэж, өрхийн орлого 15 хувиар өсөөд байна. Боловсруулах аж үйлдвэрийн салбар 2017-2018 онд 16-20 хувиар, уул уурхайн бус салбар 7.5 хувиар өсчээ.

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2018 онд 12.9 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 22.5 хувиар өсөж гадаад худалдааны тэнцэл 1,153.7 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оноос 38.1 хувиар сайжирсан байна. Монгол Улсад 2018 онд цэвэр дүнгээр 1,951.5 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн байна.

Засгийн газар 2019 онд эдийн өсөлтийг эрчимжүүлэх, амьжиргааг дээшлүүлэх бодлого хэрэгжүүлэх ажээ. Энэ хүрээнд: Татварын шинэчлэлийг хэрэгжүүлж, бизнесийн орчныг сайжруулснаар, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зориулж төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээг өсгөх, эдийн засгийн өсөлтөд хөрөнгө оруулалтын оруулах хувь нэмэр нэмэгдэхээр байна.

Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлт 13.9 тэрбум ам долларт, гадаад худалдааны тэнцэл 1.5 тэрбум ам.долларт, экспортын хэмжээ 9.1 хувиар өсөж 7.7 орчим тэрбум ам.долларт, импортын хэмжээ 5.5 хувиар өсөж 6.2 орчим тэрбум ам.долларт хүрэхээр тооцжээ. Төлбөрийн тэнцэл 2019 онд ашигтай гарна гэж үзэж байна. Инфляцын түвшин 2019 онд зорилтот түвшин буюу 8 орчим хувьд хадгалагдах аж.

Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2020-2022 онд урт хугацааны өсөлтийн түвшинд буюу 6 орчим хувьд хүргэх зорилттой байна. Экспорт 2020 онд өсөж 7.8 орчим тэрбум ам.долларт, импорт 8.0 хувиар өсөж 6.7 тэрбум ам.долларт хүрэхээр төсөөлжээ. Инфляцын түвшин дунд хугацаанд буюу 2020-2022 онд 8 орчим хувьд байна гэж тооцжээ.

Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, Засгийн газрын 2012-2016 онд гаргасан бондуудыг 2021-2023 онуудад эргэн төлөхтэй холбогдуулан төсвийн алдагдлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хэмжээнээс сайжруулан 2021 онд ДНБ-ий -2.8 хувь, 2022 онд ДНБ-ий -1.4 хувь, цаашид 2023 оноос ашигтай гаргах бодлого баримтлах ажээ.

-Засгийн газрын зүгээс 2021-2024 онуудад төлөгдөх нийт 2.9 тэрбум ам.долларын өндөр хүүтэй гадаад үнэт цаасны төлбөрийг төсөв болон эдийн засагт дарамт үүсгэхгүй байх өрийн менежментийг хэрэгжүүлэх;

-Татвар, гаалийн шинэчлэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж бизнесийн орчныг сайжруулах;

-Тэтгэвэр, тэтгэмж болон төрийн албан хаагчдын цалин хөлсийг зөвхөн инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх;

-Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулиар батлагдсан 2020 онд шилжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг бүрэн санхүүжүүлж, Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр барих ажлыг эхлүүлж, Үндэсний номын сангийн тоног төхөөрөмжийг шинэчлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна.

Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичигт:

• Төсвийн сахилга батыг сайжруулах, санхүү мөнгөн хөрөнгийн оновчтой удирдлагыг хэрэгжүүлэх бодлогыг тууштай үргэлжлүүлэх замаар төсвийн алдагдлыг бууруулж, шинээр зээллэг үүсгэх хэрэгцээг бууруулах;

• Гадаад зах зээлийн нөхцөл байдал, зардал эрсдэлийн судалгааг тогтмол хийж, гадаад үнэт цаасны төлбөрийг мөнгөн хөрөнгийн хуримтлалаас боломжит хэмжээгээр төлж барагдуулах, хугацаанаас нь өмнө худалдан авах, дахин санхүүжүүлэх арга хэмжээг авах;

• Дахин санхүүжилт хийхээс өөрөөр арилжааны нөхцөлтэй гадаад үнэт цаас гаргахаас татгалзаж, өрийн дахин санхүүжилтэд урт хугацаанд жигд төлөгдөх эх үүсвэрийг олж ашиглахыг эрмэлзэх;

• Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжаанд орчин үеийн дэвшилт технологи ашигласан систем нэвтрүүлэх;

• Олон улсын санхүүгийн байгууллагуудаас санал болгож буй болзошгүй эрсдэлээс сэргийлэх зээлийн шугамыг ашиглах механизмыг нэвтрүүлэх;

• Барих-шилжүүлэх концессийн гэрээ байгуулах, вексель бичих зэрэг өрийн хэрэгслээр өр үүсгэхгүй байх бодлогыг баримтлах зэрэг арга хэмжээнүүдийг тусгажээ.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний бичиг үсгийн баярын нээлт энэ баасан гарагт болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлиг, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эх хэл, бичиг үсэг, түүх, соёлын дурсгалаа судлах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Үндэсний бичиг үсгийн баяр” 2019 оны тавдугаар сарын 3-8-нд болох бөгөөд нээлтийн арга хэмжээ нь 3-ны 11:00 цагт Монгол Улсын Үндэсний номын санд болно.

Уг баярын зорилго нь Үндэсний монгол бичгээ хүүхэд залуучууд, хойч үедээ зааж сургах, өвлүүлэх, тэдний бүтээлч идэвхийг дэмжих, түүх соёлоороо бахархах үзлийг дэлгэрүүлэх зорилгоор монгол бичгийн улсын төрөлжсөн олимпиад, уран бичлэг, тэргүүний уншигч, зөв сайхан бичигтэн шалгаруулах уралдаан зэрэг уламжлалт арга хэмжээг орон даяар зохион явуулах юм. Энэхүү баярын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх тухай” 2018 оны 46 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Соёл, урлагийн газар ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУБИС-тай хамтран “Үндэсний бичиг–Судалгаа, сургалт, хэрэглээ” эрдэм шинжилгээний хурал, Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран “Аймаг, нийслэлийн хэмжээнд хаягжилт болон бараа бүтээгдэхүүнийхээ шошгыг үндэсний бичгээр бичиж хэвшсэн тэргүүний байгууллага, аж ахуйн нэгжийг шалгаруулах” ажлыг зохион байгуулж байна.

Мөн Монгол бичгийн нийгэмлэгээс Үндэсний бичгээр улирал тутам гардаг “Уламжлал” сэтгүүлийн хоёрдугаар улирлын дугаарыг “Үндэсний бичиг үсгийн баяр-2019” арга хэмжээнд зориулан гаргаж, уншигчдын хүртээл болгоно. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн А/253 дугаар тушаалын дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар нь Үндэсний номын сан, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар, “Бичиг соёл” боловсролын төв, аймаг, орон нутгийн номын сангууд зэрэг боловсрол, соёлын байгууллагуудтай хамтран нэгдсэн төлөвлөгөөний дагуу тус арга хэмжээг зохион байгуулж байна.

Ерөнхий зохион байгуулагч: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Үндэсний номын сан.

Хамтран зохион байгуулагч: Хүүхдийн төв номын сан, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, “Бичиг соёл, боловсролын” төв, Аймаг, нийслэлийн соёл, урлагийн байгууллагууд тус тус оролцоно

Categories
мэдээ нийгэм

Тамгын газрын ажилтнууд манлайллын ур чадвар хөгжүүлэх сургалтад хамрагдаж байна

Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудад зориулсан манлайллын ур чадвар хөгжүүлэх хоёр өдрийн сургалт өнөөдөр /2019.04.30/ эхэллээ.

Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь төсөлтэй хамтран зохион байгуулж байгаа энэхүү сургалтын зорилт нь төрийн албан хаагчдад сайн манлайлагч болон удирдах албан тушаалтны манлайллын арга зүй эзэмшүүлэх, байгууллагын менежмент, стратегийн манлайлал ба төлөвлөлт, төсөл төлөвлөх, урьдаас төлөвлөн шийдвэр гаргах онолын ойлголт олгох, манлайллын ёс зүй, багааар ажиллах арга эзэмшүүлэхэд чиглэж байна. Сургалтад хамрагдсан ажилтнууд мөн АНУ-ын парламентын үйл ажиллагаа, хуулийн төслөөр нээлттэй сонсгол, хэлэлцүүлэг зохион байгуулах талаар мэдлэгээ дээшлүүлж, үйл ажиллагааны туршлагаа нэмэгдүүлэх юм. Сургалтыг Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн нээж үг хэлээд, оролцогчдод амжилт хүслээ.

Categories
мэдээ нийгэм

5 дугаар сарын 9-нд Улаанбаатарт “Мөнхөд дурсагдах дайчид” парад болно

Аугаа их Эх орны дайны ялалтын 74 жил, Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотод “Мөнхөд дурсагдах дайчид” хүндэтгэлийн явган жагсаал 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 9:30 цагт болно. Явган жагсаал Офицеруудын ордны өмнөх “Монгол ард” эскадрилын хөшөөнөөс – Маршал Г.К.Жуковын хөшөө гэсэн маршрутаар явна.

Халх голын дайн, Аугаа их Эх орны дайны ялалтад хувь нэмрээ оруулж явсан ойр дотны хүмүүсийнхээ хөргийг барьж оролцох боломж бүх хүнд нээлттэй аж.

“Үхэшгүй мөнхийн хороо” нь Дэлхийн II дайны аймшигт үеийг даван туулсан өвөг дээдсийнхээ тухай гэгээн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор байгуулагдсан олон улсын иргэний эх оронч хөдөлгөөн юм. 2012 оны 5 дугаар сарын 9-нд энэхүү хөдөлгөөний орчин үеийн хэлбэр нь мэндэлсэн түүхтэй.

2018 онд ОХУ-д энэхүү хөдөлгөөнд оролцогчдын тоо 10 саяас дээш гарсан бол хилийн чандад 1 саяас давж, 80 гаруй улс орныг хамарчээ.

Categories
мэдээ нийгэм

Налайхын замын бетон хуулалтын ажлыг хийж эхэлжээ

Нийслэлд авто замын бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Зарим бүтээн байгуулалтын ажлын явцын мэдээллийг хүргэе.

Налайх Чойрын чиглэлийн 20.9 км урттай 4 эгнээ асфальтобетон хучилттай авто замын ажилтай холбоотой түр замын ажил бүрэн дуусжээ.

Мөн түр замаар зорчих зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгслүүдэд зориулж 100 гаруй тэмдэг тэмдэглэгээний ажлуудыг хийж дуусгасан байна.

Одоогоор Налайхын замын бетон хуулалтын ажлыг хийж эхэлжээ.

Тус чиглэлийн авто замыг 4 дүгээр сарын 20 өдөр хаасан юм. Энэ 11 дүгээр сард ашиглалтад өгөх гэрээтэй.

Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэл 1.4 км зам, 57 у/м гүүр”-ийг наймдугаар сард ашиглалтад өгнө.

“Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэл 1.4 км зам, 57 у/м гүүр”-ийн ажил 80 хувьтай байна. Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хуваарилах гол зам болох уг ажил нь газар чөлөөлтийн асуудлаас гэрээт хугацаа хойшилж он дамжин хийгдэж байгаа юм.

2019 оны 8 дугаар сарын нэгэн гэхэд замыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх, Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, Нийслэлийн газрын алба, болон холбогдох албан хаагчид ажлын явцтай танилцсан байна. Энэ үеэрээ ажлыг гэрээт хугацаанд өгөхөд тулгараад байгаа газар чөлөөлөлтийн асуудлын талаар газар дээр нь иргэдтэй уулзжээ.

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх: Нийслэл хотод хийгдэж байгаа бүтээн байгуулалтыг ард иргэд та бүхэн дэмжин ажиллана гэж итгэж байна. Бид ч гэсэн иргэд та бүхнээ хуулийн хүрээнд бүхий л боломжоор нь дэмжин ажиллана гэдгийг хэлж байв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цагаан суваргын төсөл урагш хөдөлж эхэллээ

Саяхан Бээжин хотноо болж өнгөрсөн “Бүс ба Зам” Дээд хэмжээний уулзалтын үеэр “Жиансу Хенгюан Интернэшнл Инженеринг” компанийн дарга Шү Хуйлонг, “Монголын Алт” (МАК) ХХК-ийн охин компани болох “Эрдэнэс Цагаан Суварга” ХХК-ийнгүйцэтгэх захирал Галсангийн Цогт нар Цагаан Суваргын зэс-молибденийн үйлдвэрийн төслийн санхүүжилт шийдэгдсэнээс хойш 26 сар буюу 2021 оны 7-р сарын 1-ний дотор үйлдвэрийн туршилтын залгалтыг хийх нөхцөлтэй гүйцэтгэлийн Ерөнхий Гэрээнд гарын үсэг зуржээ.

Цагаан Суваргын үйлдвэр нь Монгол улсын эдийн засагт өндөр ач холбогдолтой бөгөөд хүчин чадлын хувьд Оюу толгой, Эрдэнэтийн дараах 3 дахь том өнгөт металл боловсруулах үйлдвэр болох юм.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Н.Оюундарь БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны соёлын зөвлөх Ли Вэйг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн Н.ОюундарьБНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн ерөнхий захирал Ли Вэй тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2019.04.30) хүлээн авч уулзав.

Уулзалтаар талууд хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг соёл, урлаг, хүмүүнлэг, аялал жуулчлалын салбарт улам хөгжүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо. Тухайлбал, хоёр улсын соёл, урлагийн ажилтнуудыг харилцан туршлага солилцуулах хөтөлбөрийг зохион байгуулах, орон нутаг мужуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, “Нэг бүс – Нэг зам” санаачилгын хүрээнд хоёр улсын соёлын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар ярилцлаа.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Тавдугаар сарын 28,29-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 290 жилийн ой тохионо. Энэ хүрээнд гурван улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Чөлөөт бүсийг үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор гурван улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахаар ажиллаж байна” гээд энэ арга хэмжээнд хамтран ажиллахыг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн ерөнхий захирал Ли Вэйгээс хүсэв.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн ерөнхий захирал Ли Вэй хоёр орны соёл, урлаг, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг онцлов. Мөн тэрбээр, орон нутгийн хэмжээнд цаашдын хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх ямар боломж бололцоо байгааг судлах зорилгоор энэ долоо хоногт Сэлэнгэ аймагт ажиллах гэж буйгаа дуулгаад хоёр улсын боловсрол, соёл, урлагийн салбарын харилцааг хөрш орнуудын харилцааны жишиг болгон хөгжүүлэхэд бэлэн байгаагаа тэмдэглэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ улс-төр

Нөхөн сонгуульд У.Хүрэлсүх, Н.Ганбямба, МУГЖ Г.Эрдэнэбат нарын нэр яригдаж байна

Image result for Сонгууль

Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох намууд хуулийн дагуу тавдугаар сарын 01-ний өдрөөс өмнө СЕХ-нд хүсэлтээ өгөх ёстой. МАН өчигдөр бага хурлаа хуралдуулж, өнөөдөр СЕХ-нд хуульд заасан бичиг баримтаа өглөө. МАН-аас албан ёсоор нэр дэвшихээ илэрхийлсэн хүн алга байхгүй байгаа бөгөөд тус тойрогт судалгаа явуулж байгаа юм байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дэвших боломжтой хүн мөн МАН-аас үзэж байгаагаа бүлгийн дарга нь илэрхийлжээ. Нөхөн сонгуульд одоогоор Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, МУГЖ Г.Эрдэнэбат нарын нэр яригдаж байгаа ажээ. Нам эвслүүд ирэх 5-р сарын 24-28-ны өдрүүдэд нэр дэвшигчдээ тодруулах хуулийн хугацаатай юм.

Categories
мэдээ нийгэм

19500 га ой шатаад байна

Image result for Түймэр

Хэнтий аймгийн Батширээт суманд ОХУ-аас ойн түймэр орж ирсэн дуудлага Онцгой байдлын газарт энэ сарын 22-нд ирсэн бөгөөд түймэр бүрэн унтраагүй байна. Урьдчилсан байдлаар 19500 га ой шатаад байгаа аж. Түймрийг унтраахаар Онцгой байдлын 63 алба хаагч, Үндэсний аюулгүй байдлын 41 алба хаагч, Батширээт сумын 77 иргэн, Биндэр сумын 20 иргэн ажиллаж байгаа. Онцгой байдлын газрын алба хаагчид түймрийн урд талд, Үндэсний аюулгүй байдлын алба хаагчид түймрийн баруун, баруун урд талд түймрийг унтраахаар ажиллаж байна.