Categories
мэдээ улс-төр

В.Путины Монгол Улсад хийх айлчлалын бэлтгэл ажлыг хангаж байна

УИХ дарга Г.Занданшатар өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизовыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ноён Элчин сайд Монгол Улсын Их Хурлын даргын албанд томилогдсонд нь баяр хүргээд ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володины УИХ-ын даргад ирүүлсэн баярын мэндчилгээг гардуулан өгөв.

УИХ-ын дарга Г.Занданшатар манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай хөгжиж байгаад баяртай байна гээд үүнд ноён Элчин сайд И.К.Азизовын зүтгэл чармайлт ихээхэн үүрэг гүйцэтгэж ирснийг уулзалтын эхэнд онцлон тэмдэглэв. Тэрбээр, ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володинд чин сэтгэлийн мэндчилгээг уламжилж, энэ онд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалууд болон хэд хэдэн томоохон хамтарсан арга хэмжээ зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг дуулгав. Тухайлбал, Халх голын байлдааны 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володин Монгол Улсад айлчлан гэдэгт найдаж байна. Түүнчлэн энэхүү түүхэн ойн арга хэмжээний хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын бэлтгэл ажлыг хангаж эхлээд байна гэлээ.
Элчин сайд И.К.Азизов хоёр улсын төр, засгийн удирдлагууд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэд хэдэн өндөр, дээд хэмжээний уулзалтууд хийсний дүнд хоёр орны хамтын ажиллагаанд ахиц гарсныг тэмдэглэлээ. Тухайлбал, худалдааны эргэлт өнгөрсөн жилд 1,8 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэн амжилт. Түүнчлэн Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь өнгөрсөн жилд 25,8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх жилүүдтэй харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт юм гэв. Тэрбээр, уулзалтын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт энэ оны долдугаар сарын 01-02-нд Москва хотноо зохион байгуулагдах Парламентаризмыг хөгжүүлэх асуудлаарх олон улсын хоёр дахь чуулга уулзалтад оролцох урилгыг гардуулан өгөв. Уулзалтын үеэр талууд Халх голын байлдааны 80 жилийн ойг хамтран тэмдэглэн өнгөрүүлэх тухай, мөн энэхүү арга хэмжээний хүрээнд хоёр орны парламентын гишүүдийн дунд шатрын нөхөрсөг тэмцээн зохион байгуулах талаар санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Эрүү шүүлттэй холбоотой 51 гомдол мэдээлэл ирүүлжээ

Өнгөрсөн 2017 онд ХЭҮК-т цагдаагийн албан хаагчийн үйл ажиллагаа, эрүү шүүлттэй холбоотой асуудлаар иргэдээс 51 гомдол, мэдээлэл ирүүлжээ. Эдгээрээс 40 гомдол нь цагдаагийн албан хаагч, үлдсэн нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон прокурорын байгууллагын албан хаагчийн зүй бус үйлдэлтэй холбоотой байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Зөвлөлөөс хууль сахиулах албан хаагчид, төрийн бусад албан хаагчдын сургалтын хөтөлбөр болон шүүгч, хуульчдын байнгын сургалтын хөтөлбөрт эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцахаас урьдчилан сэргийлэх олон улсын зохицуулалтыг тусгах тухай зөвлөмж өгсөн ч эдгээрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр тухайн зорилтот бүлэгт шууд чиглэсэн тодорхой ажлыг Засгийн газраас хангалттай авч хэрэгжүүлээгүй байна.

Categories
мэдээ улс-төр

Сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар энэ оны гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 2-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог юм.

Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй албан ёсны хэлэлцээ хийж, БНХАУ-ын дэд дарга Ван Чишань, Худалдааны сайд Жун Шань нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-ын хармөрөн мужийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2019 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн БНХАУ-ын Хармөрөн мужийн дэд дарга Чөн Жымин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд 2019 он бол Монгол, Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн түүхэн ой тохиож, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт идэвхтэй өрнөн урагшлах сайхан төлөв харагдаж байгааг талууд тэмдэглэв.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт, Хармөрөн мужийн томоохон аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт, хоёр талын хөдөө аж ахуй, уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл, Хармөрөн мужид зохион байгуулагдах үзэсгэлэн яармагт Монголын аж ахуйн нэгжүүдийг урьж оролцуулах зэрэг саналыг дэвшүүлэв.

Хармөрөн мужийн дэд дарга Чөн Жымин монголын талтай тогтоосон харилцаагаа шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх, орон нутгийн хамтын ажиллагааг төлөвлөгөөтэйгээр явуулах, хүмүүнлэгийн салбарын солилцоо, харилцан итгэлцлийг бэхжүүлэхээр ажиллахаар зорьж буйгаа онцлов.

Categories
мэдээ нийгэм

Д.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид Монгол-Оросын хамтарсан “baikal trade – 2019” бизнес форумд оролцож байна

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн А.С.Цыденовын урилгаар 2019 оны 3 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотноо зохион байгуулж буй “Baikal Trade – 2019” Монгол-Оросын хамтарсан бизнес чуулга уулзалтад оролцож байна. Монголын талын албан ёсны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “Алтанбулаг” чөлөөт бүсийн захиргаа, Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хотын захиргаа, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг зэрэг байгууллагууд оролцож байна. Айлчлалын хүрээнд Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн А.С.Цыденовтой албан ёсны уулзалт хийж, Монгол Улс болон Бүгд Найрамдах Буриад Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, салбар хоорондын шинэлэг туршлага, арга барилын талаар харилцан мэдээлэл солилцох замаар тээвэр, эрчим хүч, байгаль орчны салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хамтран судлахаар тохиролцов. Түүнчлэн, өнөөдөр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Буриад Улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч П.В.Ертановтай уулзалт хийснээс гадна “Baikal Trade – 2019” олон улсын бизнес чуулга уулзалтын нээлтийн ажиллагаанд оролцож, “Монгол Улс тогтвортой хөгжлийн замд” сэдвээр илтгэл тавив.

Чуулга уулзалтын хүрээнд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Бүгд Найрамдах Буриад Улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа бөгөөд хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын 22 аж ахуйн нэгж өөрсдийн үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнээ танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд мал аж ахуйн салбарын оруулах хувь нэмрийг хэлэлцэв

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас эрхлэн гаргасан “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх замаар мал аж ахуйн салбарыг шинэчлэх нь” сэдэвт илтгэлийг танилцуулах хуралдаан 2019 оны гуравдугаар сарын 28-ны өдөр Женев хотноо болов. Олон жилийн турш мал аж ахуйн салбарт боловсруулалт, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж ирсэн бол Тогтвортой хөгжлийн зорилтууд-2030 батлагдсанаар эдгээр зорилтуудад хүрэхэд мал аж ахуйн салбарын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхэд чиглүүлж, салбарын хөгжлийг илүү өргөн хүрээнд авч үзэх шаардлагыг бий болгосон талаар тайланд дурджээ. Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг биелүүлэхэд мал аж ахуйн салбар шууд болон шууд бусаар бүх зорилтод хамааралтай байна. Тухайлбал, ажил эрхлэлт, орлого нэмэгдүүлэх, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, хүүхдийн бие бялдрын хөгжил, боловсролд хувь нэмэр оруулах, хөдөөгийн эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх зэрэг бүх зорилтыг дурдаж болно. Товчдоо Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд мал аж ахуйн салбарын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, салбарыг бүхэлд нь шинэчлэх шаардлага тулгарч байгаа талаар тайланд дурджээ.

Хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон Олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн хэлэлцүүлэгчээр оролцож, мал аж ахуйн салбарын Монгол Улсын эдийн засагт гүйцэтгэж буй үүрэг, цаашид хэрэгжүүлэх зорилтуудын талаар танилцуулав.

Categories
мэдээ улс-төр

Тогтвортой хөгжлийн асуудлаарх ази, номхон далайн VI чуулга уулзалтад монгол улсын төлөөлөгчид оролцов

2019 оны гуравдугаар сарын 27-29-нд Тогтвортой хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн 6 дугаар чуулга уулзалт Тайланд Улсын нийслэл Бангкок хотноо “Иргэдийг чадавхжуулах, тэдгээрийн оролцоо болон тэгш байдлыг хангах” сэдвээр болж өнгөрөв. Жил бүр зохион байгуулагддаг тус чуулга уулзалтаар бүс нутгийн улс орнуудын төлөөлөгчид “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийн хүрээнд чанартай боловсролыг дэмжих (зорилт 4), зохистой хөдөлмөр ба эдийн засгийн өсөлтийг дэмжих (зорилт 8), тэгш бус байдлыг бууруулах (зорилт 10), уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах (зорилт 13), энх тайван, шударга ёсыг цогцлоох (зорилт 16), хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх (зорилт 17) зэрэг зорилтоор хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааныхаа талаар танилцуулж, санал бодлоо солилцов. Чуулга уулзалтын үр дүнг 2019 оны 7 дугаар сард Нью-Йорк хотноо болох Тогтвортой хөгжлийн асуудлаарх өндөр түвшний улс төрийн чуулга уулзалтын үеэр танилцуулах юм. Тус чуулга уулзалтад Монгол Улсын Сангийн дэд сайд Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Чуулга уулзалтын үеэр Монголын төлөөлөгчдийн тэргүүн “Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөрийн хэрэгжилтийн бүс нутгийн хэтийн төлөв” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээнүүдийг танилцуулав. Манай улс 2019 оны 7 дугаар сард Нью-Йорк хотноо болох Тогтвортой хөгжлийн асуудлаарх өндөр түвшний улс төрийн чуулга уулзалтын үеэр Тогтвортой хөгжлийн зорилтуудын үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулахаар бэлтгэж байгаатай холбогдуулан дэд сайд Х.Булгантуяа Монголын туршлагаас чуулга уулзалтын төлөөлөгчидтэй хуваалцав. Түүнчлэн тэрээр Тогтвортой хөгжлийн 10 дугаар зорилтын хэрэгжилтийг хангах асуудлаар болсон дугуй ширээний уулзалтын илтгэгчээр ажиллав.

Чуулга уулзалтын явцад Сангийн дэд сайд Х.Бултантуяа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Армида Салсиа Алижабанатай уулзаж, Монгол-АНДЭЗНК-ын хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.

Categories
мэдээ эдийн-засаг

“Эрдэнэт” үйлдвэрийн ҮЭХ хуваагдаагүй

“Эрдэнэт” үйлдвэр 8400 гаруй ажилчидтай том айл. Нийт ажилчдынх нь 7900 орчим нь ҮЭХ-ны гишүүн юм байна. Үйлдвэрчний эвлэлийн хувьд энэ бол мөн л том салбар гэсэн үг. Ийм олон ажилчдын эрх ашгийг хамгаалж ажилладаг ҮЭХ хоёр хуваагдлаа гэсэн мэдээлэл саяхан олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Аливаа төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод хоёр хуваагдаж, талцаж толхилцдог нэг тийм муу жишиг Монголд бараг жирийн үзэгдэл мэт болчихсон. “Эрдэнэт” үйлдвэрийн ҮЭХ тэр жишгийг давтав уу гэж олон нийтийн сүлжээнд цацагдсан мэдээллийг уншсан хүмүүс бодсон байх.

Ямартай ч хагарал талцал сайн юманд хэзээ ч хүргэдэггүй. Энэ том үйлдвэрийн ажилчдын эрх ашгийг хамгаалах ёстой байгууллага хагарч хуваагдах нь хэнд ч ашиггүй гэдэг нь мэдээж. Тиймээс “Эрдэнэт” үйлдвэрийн ҮЭХ-ны дарга Б.Төгсбаяр хэвлэлийн хурал хийж энэ асуудалд албан ёсоор хариу өгчээ.

Түүний мэдээлснээр “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчид Эв хамтын үйлдвэрчний эвлэл гэж байгуулсан гэдэг мэдээллийг олон нийтийн сүлжээнд цацсан юм байна. Гэтэл хэрэг дээрээ энэ нь 7-8 хүний л хийж байгаа ажил болохоос “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчид өөр үйлдвэрчний эвлэл байгуулж хуваагдсан зүйл үгүй гэнэ. Гэхдээ уг мэдээллээ олон нийтийн сүлжээгээр зохион байгуулалттай тараагаад байгаа учир энэ нь “Эрдэнэт” үйлдвэрийн ҮЭХ-ны гишүүд, нийт ажилчдын дунд эргэлзээ тээнэгэлзэл төрүүлэх хор уршигтай гэж үзэж тайлбар хийж байгаагаа Б.Төгсбаяр тодотгов. Шинээр байгуулагдсан гэх үйлдвэрчний эвлэлийн холбоонд бүртгэгдсэн гишүүн байхгүй ажээ. “Эрдэнэт” үйлдвэрийн ҮЭХ-ноос гарсан, эсвэл гарна гэж мэдэгдсэн хүн ч байхгүй юм байна. Тэгэхээр тус үйлдвэрийн ҮЭХ хоёр хуваагдлаа гэдэг мэдээлэл ор үндэсгүй, баримт нотолгоогүй мэдээлэл гэдгийг онцлов.

Шинээр үйлдвэрчний эвлэл байгуулсан гэх мэдээллийг цацаж буй хүмүүс нь “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн ҮЭХ-ы дарга асан С.Эрдэнэ, “Эрдэнэт” үйлдвэрийн ҮЭХ-ны дарга асан П.Баттөр нарын хүмүүс гэнэ. С.Эрдэнийг олон нийт хэвлэлийн бага хурлын үеэр өөрийгөө шатааснаар нь мэддэг. Харин П.Баттөр нь 2007 оноос “Эрдэнэт” үйлдвэрийн ҮЭХ-ны дарга, салбар ҮЭ-ийн хорооны даргаар ажиллаж байжээ. “Эрдэнэт” үйлдвэрийн ҮЭХ-ны даргаар ажиллаж байхдаа тэргүүлэгчдийнхээ санал бодлыг сонсолгүй, олон асуудал дээр ганцаарчилсан шийдвэр гаргаж байсан аж. Ямар ч тохиолдолд ҮЭХ-ны дарга хүн ганцаарчилсан шийдвэр гаргах ёсгүй гэдгийг ийнхүү олонтаа зөрчжээ. Тэрчлэн ажил олгогч буюу “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагаас мөнгө гаргуулан автомашин авч байсан бөгөөд энэ талаараа мөн л тэргүүлэгчдэдээ хэлэлгүй нууцалжээ. Түүнийг ажиллаж байх хугацаанд “Эрдэнэт” үйлдвэр болон ҮЭХ хооронд 11 удаагийн хамтын гэрээ байгуулсан бөгөөд энэ бүх гэрээг байгуулахад П.Баттөр огт оролцож байгаагүй гэнэ. Мөн гишүүддээ 22500 төгрөгийн цахим карт олгох асуудлыг ганцаараа толгой мэдэн шийдэж 135 сая төгрөгийн захиалга өгч, мөнгийг нь шилжүүлчихсэн байжээ.

Энэ мэт үйлдлүүдээсээ болж П.Баттөр “Эрдэнэт” үйлдвэрийн ҮЭХ-ны даргын албан тушаалаасаа буусан юм байна. Ийнхүү хариуцлага алдаж, хууль бус үйлдэл хийж байсан хүн дахин шинээр ҮЭХ байгуулах гэж байгаа нь цаагуураа улс төрийн зорилготой. Энэ бол үйлдвэрийн ажилчдыг бодсон алхам биш. Үүнээс ҮЭ-ийн гишүүд огт хожихгүй, харин ч хохирч үлдэнэ гэдгийг “Эрдэнэт” үйлдвэрийн ҮЭХ-ны дарга Б.Төгсбаяр хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Ё.Баатарбилэг: Хувийн сургуулиуд шаардлагатай мэргэжилтэнг бэлтгэх сул орон зайд чиглэх хэрэгтэй

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг хувийн их, дээд сургуулийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад 39 их, дээд сургуулийн удирдлага оролцож, санал бодлоо хуваалцсан юм.

Нэг талаар сургалтын, нөгөө талаар бизнесийн байгууллага болох хувийн их, дээд сургуулиудын дунд маш хариуцлагагүй, стандартын бус байр танхимтай, магадлан итгэмжлэгдээгүй сургууль цөөнгүй бий. Магадлан итгэмжлэгдээгүй сургуульд суралцагч оюутан боловсролын зээлийн сангаас зээл авах боломжгүй, гадаадад шилжин суралцахад кредит оноо нь хүлээн зөвшөөрөгдөхгүй зэргээр эрх ашиг нь зөрчигдөж байдаг. Ийм сургуулиуд сайн ажиллаж байгаа хувийн их, дээд сургуулийн нэр хүндийг унагаж байгааг энд ирсэн удирдлагууд хүлээн зөвшөөрч санал бодлоо хуваалцлаа.

БСШУСын сайд Ё.Баатарбилэг, Их дээд сургууль төгсөгчид мэргэжлээрээ ажиллах нь бага байна. Тиймээс ойрын тав, арван жилд эрэлттэй байх, эрэлтгүй болох мэргэжлийн чиг баримжааны судалгааг нарийн гаргах чиглэл холбогдох газарт өгсөн. Эрэлтгүй болох мэргэжлүүдээр мэргэжилтэн бэлтгэхийг хумих бодлого барих болно. Харин эрэлттэй, хүнд учраас оюутан элсдэггүй мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх тохиолдолд төрөөс тухайн суралцагч болоод сургуулийг дэмждэг тогтолцоог бий болгохын төлөө ажиллана гэлээ. Босго онооны тухайд тодорхой цензур байх ёстой. Дээд боловсролын зах зээл дээр өрсөлдөж нэр хүндээ сайжруул, нөгөө талаар хүүхдүүд их дээд сургуульд орохын тулд хичээдэг болох хэрэгтэй гэсэн хатуу байр суурьтай байгаагаа мөн сайд хэллээ.

Салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүднээс Боловсролын багц хуулийг намрын чуулганаас өмнө бэлэн болгож өргөн мэдүүлнэ. Зөвхөн өөрийн сургуулийг ярих биш харин Монгол Улсын дээд боловсролын тогтолцоо гэх өргөн хүрээнд харж, нэгдсэн санал танилцуулах чиглэлийг хувийн их, дээд сургуулийн удирдлагуудад өгөв.

Боловсролын үнэлгээний төвд өгсөн үүргийн дагуу түүврийн аргаар хувийн их, дээд сургуулиудад гэнэтийн шалгалт хийнэ. Сургалтын чанар, оюутны мэдлэг ямар байгааг ийм байдлаар харьцуулж үнэлэх шаардлага байгааг дурдлаа.

Их сургууль байх гэж улайрах биш, зах зээлээ мэдэрч сул байгаа орон зайд чиглэхийг сайд санууллаа. Өөрөөр хэлбэл, их сургууль байж чадахгүй бол дээд сургууль бол, дээд сургууль байж чадахгүй нь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болж шаардлагатай байгаа мэргэжилтэн бэлтгэх хэрэгтэй гэв.

Categories
мэдээ нийгэм

Агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд учруулах нөлөөг судлаачид хэлэлцлээ

АШУҮИС-ийн санаачилгаар “Агаарын бохирдол ба эрүүл мэнд” сэдэвт үндэсний чуулган Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор өнөөдөр зохиогдлоо. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болон гадаадын их дээд, сургуулийн профессорууд, эрдэмтэн судлаач, багш нар, оюутан залуус оролцсон тус арга хэмжээг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээлээ. Тэрээр хэлсэн үгэндээ, 2018 оны 11 дүгээр сард Женев хотод Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анх удаа “Агаарын бохирдол ба эрүүл мэнд” глобал чуулганыг зохион байгуулж, 2030 он гэхэд агаарын бохирдлын шалтгаант нас баралтыг бууруулах зорилт дэвшүүлсэн. Монгол Улсын Засгийн газар уг уриалга, зорилтыг хэрэгжүүлэхээр олон талт арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байгаагийн нэг томоохон хэсэг нь агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөөг судлах, судалгааны үр дүнд тулгуурлан бодлогын шийдэл гаргах, амьдралд хэрэгжүүлэх юм. Засгийн газар техник технологийн сүүлийн үеийн ололтод тулгуурласан нэлээд ажил хийхээр төлөвлөсний зэрэгцээ Улаанбаатар хотод энэ оны 5 дугаар сарын 15-наас түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Түүхий нүүрсний оронд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэнэ. Энэ хэрэглээг хангах зорилготой “Таван толгой түлш” ХХК байгуулсан гэдгийг тэмдэглэлээ.

Агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд учруулж буй сөрөг нөлөөллийг эрдэм шинжилгээний судалгаа, баримтаар тодорхойлох, агаарын бохирдлыг бууруулах үндэсний бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, дэлхийн шилдэг эрдэмтдийн санал, туршлагыг хуваалцах зорилготой арга хэмжээний нээлтэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан оролцлоо.

Тэрээр, агаарын бохирдлыг бууруулах талаар хурдан хугацаанд дорвитой арга хэмжээ авах хүртэл хичээлийн жилийн улирлын бүтцэд өөрчлөлт оруулах судалгаа хийгдэж байна. Манай орны хувьд 12 дугаар сарын 15-наас 2-р сарын 15 хүртэл хугацаанд сурагчдын амралтыг зохицуулах талаар олон нийтийн зүгээс санал шаардлага тавьсаар байна. Энэхүү чуулганаас тодорхой үр дүнд хүрэх шийдэл, арга зам санаачилга гарна гэдэгт итгэж байна гээд оролцогчдод амжилт хүслээ.

Өнөөдөр Улаанбаатар хотод нийтдээ 381471 хүүхэд, 157000 оюутан суралцаж байна. Тэдний хувьд агаарын бохирдол орчны хамгийн том эрсдэл болж, цаг уурын хүчин зүйлтэй хавсран олон өвчлөл үүсэх шалтгаан болж байгаа юм. ДЭМБ-аас хортой агаар нь хорт хавдар үүсгэгч болохыг зарлаад байна.

2016 оны байдлаар агаарын бохирдол нь нийслэлийн хүн амын амьсгалын замын өвчлөлийн 53%, зүрх судасны өвчлөлийн 20%, уушгины хавдрын 40%, нийт нас баралтын 34%-ийн шалтгаан болж байгааг тодорхойлсон байдаг. Агаарын бохирдлын улмаас дэлхий дахинд жил бүр 7 сая хүн нас барж, 10 хүн тутмын 9 нь маш ихээр бохирдсон агаараар амьсгалж, ялангуяа Ази, Африкийн бага ба дунд орлоготой улс орнуудад агаарын бохирдлын шалтгаант нас баралтыг эзэлж байгаа талаар ДЭМБ –аас мэдээлсэн байна. НҮБ-ын Хүүхдийн Сангийн мэдээлж байгаагаар агаарт буй нарийн ширхэгтэй хорт бодисууд нь хүүхдийн уураг тархины эд эсийг гэмтээж, танин мэдэхүйн хөгжилд сөргөөр нөлөөлж, улмаар хөгжлийн хоцрогдолд хүргэн, насан туршийн сөрөг үр дагавар дагуулдаг болохыг нотолсон байдаг.

Тус чуулганд 2007 оны Нобелийн Энхтайвны шагналт, АНУ-ын Беркелейн Калифорнийн их сургуулийн профессор Кирк Смит хүндэт илтгэгчээр уригдан оролцлоо. Мөн АШУҮИС –ийн судалгааны баг, профессор О.Чимэдсүрэн нар хамтран хийсэн “Улаанбаатар хотын агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөө” судалгааны үр дүн, мөн Сеүлийн Үндэсний их сургууль, Тайваны Үндэсний их сургууль, Канадын Саймон Фрезерийн их сургуультай АШУҮИС –ийн судлаачдын хамтран агаарын бохирдлын чиглэлээр хийгдсэн судалгааны үр дүнг танилцууллаа.