Categories
мэдээ нийгэм

“Эх дэлхийн цаг” арга хэмжээ маргааш болно

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголт, оролцоог нэмэгдүүлэхээр “Эх Дэлхийн Цаг” хөтөлбөрийг 2007 оноос хэрэгжүүлж байгаа билээ. Энэ нь дэлхийн бүх хүмүүсийг нэг цагийн турш нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг арга хэмжээ юм. Гол утга санаа нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчноо авран хамгаалахад хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олны, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулахад оршдог.

Анх 2007 онд Австралийн Сидней хотоос гараагаа эхэлсэн “Эх Дэлхийн Цаг”-т нийт 2.2 сая айл өрх, албан байгууллага хамрагдан нэг цагийн турш гэрлээ унтрааж байсан бол 2008 оноос энэхүү уриалга нь дэлхийг хамарсан хөдөлгөөн болон өргөжиж, 2018 онд дэлхийн 188 орны 5251 хотын 3 тэрбум 600 сая хүнийг хамруулж чаджээ. Дэлхийн алдартай газрууд болох Сан-Франциско дахь Голден гэйт гүүр, Ромын Колоссейн театр, Нью-Йоркийн Тайм талбай, Торонто дахь CNN цамхаг энэхүү уриалгыг дэмжиж нэг цагийн турш гэрлээ унтрааж байв.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн ерөнхий захирал Марко Ламбертини “Иргэд уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтлыг зогсоох амлалт үүргийг шийдвэр гаргагчдаас шаардаж байна. Тэдний оролцоо их байгаа болохоор бид амьдран суугаа энэ гаригийнхаа эрүүл мэндийг хамгаалж, хадгалах арга хэмжээг нэн даруй авах хэрэгтэй болж байна. Үүнд хүрэхэд “Эх дэлхийн цаг” арга хэмжээ чухал үүрэгтэй юм” гэж ярьсан байна.

Мэдээж эх дэлхийгээ хамгаалах ажилд хамтын ажиллагаа их чухал. Улс орон болгон, иргэд өөрсдийн боломжоороо байгаль хамгаалалд хувь нэмэр оруулах шаардлагатай юм. Амлалтуудаас жишээ дурдвал, Кени улс ойгоо нөхөн сэргээх зорилгоор 2030 он хүртэл нэг тэрбум мод тарихаар болжээ. Малайз улс бар хамгаалах үндэсний хөтөлбөртэй болох, Индонез улс 5 сая гаруй залуусыг амьдралын хэв маягаа болгох, Эквадорчууд нийслэл хотоо хуванцраас ангид байлгахын тулд олон ажил хийхээр төлөвлөжээ.

“Эх дэлхийн цаг” Монголд 10 дахь жилдээ

2010 онд манай улс анх удаагаа нэгдсэн бөгөөд энэ жил 10 дахь удаагаа албан ёсоор оролцоно. Энэ удаа зохион байгуулагчид хуванцрын хор холбогдлыг олон нийтэд сурталчлах, хуванцраас татгалзахад чиглэсэн үйл ажиллагаанд анхаарал хандуулах юм.

Уламжлал ёсоор “Эх дэлхийн цаг-2019” гуравдугаар сарын 30-ны өдрийн Бямба гаригт орон нутгийн цагаар үдшийн 20:30-т дэлхий даяар нэгэн зэрэг эхэлнэ. Д.Сүхбаатарын талбайд болох арга хэмжээг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, “Байгаль орчны манлайлагчид” ТББ, Нийслэлийн Байгаль орчны газар, Эрчим хүчний зохицуулах хороо, Ариг банк, Цэнгэг ус, байгаль хамгаалах төв, Скаутын холбоо, хөл бөмбөгийн “Дэрэн” баг хамтран зохион байгуулна. Уг арга хэмжээний үеэр 20:30 цагаас 21:30 цаг хүртэл Д.Сүхбаатарын талбайн эргэн тойрны гэрэл унтарч, лаа гэрэлтэнэ. Мөн урлагийн тоглолт болж, монголчууд эх дэлхийгээ хамгаалах үйлсэд нэгдэнэ. Нийслэлийн иргэд маань арга хэмжээнд биечлэн оролцож чадахгүй байсан ч гэрийнхээ гэрлийг нэг цаг унтрааж “Эх Дэлхийн Цаг”-т нэгдэж болох юм.

Орон нутгаас Ховд, Увс, Говь-Алтай, Баян-Өлгий, Хэнтий, Дорнод, Дорноговь зэрэг аймгууд нэгдэхээр болоод байна.

“Эх дэлхийн цаг”-ийн бэлгэдлийн тухай

Лаа асаах нь “Эх дэлхийн цаг”-ийн үйл ажиллагааны үеийн чухал илэрхийлэл билээ. Энэ нь гэрлээ унтраасан үеийн орчны гэрэлтүүлэг болохоос гадна асаасан лаа нь итгэл найдвар, эерэг бүхнийг урин дуудах бэлгэдэлтэй.

60+ хэмээх бэлгэдэл нь зөвхөн нэг цаг гэрлээ унтраах төдийхөн бус, өдөр тутмын амьдралдаа эх дэлхийгээ хайрлан, байгалийн нөөцийг гамнасан алхам хийх болно гэсэн хүмүүсийн эв нэгдлийг илэрхийлдэг. 60 гэдэг тоо нь 60 минутыг илэрхийлж байгаа бол + тэмдэг нь 60 минутын үйлс цаашид нэмэн дэлгэрэх болно гэдэг утгыг агуулж байгаа юм.

Хуванцар хог хаягдал Монголд

Монгол Улсын хэмжээнд жилд 2,1 сая тонн /хоногт дунджаар 5750 тн/ хог хаягдал цуглуулан зайлуулдгаас дахин боловсруулах боломжтой 976 мянган тонн хог хаягдал үүсдэг. Үүний 9,5% буюу 92700 тонн нь хуванцар, нийлэг материалын хаягдал байна. Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд жилд 1,2 сая тонн хог хаягдал үүсдэг. Үүнээс 13% буюу 156000 тонн нь хуванцар, нийлэг материалын хаягдал эзэлж байна.

Энэ удаагийн арга хэмжээнд “Хуванцраас татгалзъя” уриаг дэвшүүлж байгаа нь Засгийн газраас 0,035 мм ба түүнээс нимгэн гялгар /нийлэг/ уутыг худалдаа, үйлчилгээнд ашиглахаар импортоор оруулж ирэх, үйлдвэрлэх, хэрэглэхийг энэ оны гуравдугаар сарын 01-нээс эхэлж хориглосонтой уялдаж, хуванцрын хор хөнөөлийг олон нийтэд ойлгуулахад чиглэгдэж байгаа юм

Categories
мэдээ нийгэм

Өргөө амаржих газарт кесар хагалгааны 10 ширхэг иж бүрдэл хандивлалаа

Жил бүр тохиодог “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн Өргөө амаржих газарт өнөөдөр “Хаан” банкнаас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн иргэдийн тав тухтай үйлчлүүлэх нөхцөлийг сайжруулах зорилгоор кесарь мэс заслын 10 ширхэг иж бүрдэл хандивлалаа.

Энэхүү мэс заслын багаж нь эх, үрсийн эрүүл мэндийг хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийгддэг кесар буюу олны хэлж заншсанаар “хийсвэр” хагалгааны үед хэрэглэх зориулалттай юм.

Тус амаржих газарт жилд дунджаар 12.000 эх нярайлдаг бөгөөд 30 орчим хувь нь кесар хагалгаагаар амарждаг юм байна. Сүүлийн жилүүдэд кесар хагалгааны тоо нэмэгдэж, зарим тохиолдолд багаж ариутгах цаг хүлээгдэх, хүрэлцэхгүй байх зэргээс шалтгаалсан хүндрэл, бэрхшээл цөөнгүй гардаг аж. Харин эдгээр иж бүрдэл багажтай болсноор дээрх хүндрэл, бэрхшээлээс урьдчилан сэргийлэх боломж байгаа юм

Categories
мэдээ улс-төр

Архивын лавлагаа авах гэж аймаг, дүүрэг хооронд явах шаардлагагүй боллоо

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өнөөдөр захиалагчийн мөнгийг тараасан гэх хэрэгт сэжиглэгдэж байгаад эхнэр хүүхдүүдтэйгээ шатаж нас барсан Отгонбаатар гэх залуугийн гэр бүлээс уучлалт гуйж байгаа мэдэгдсэн. Мөн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг мэдээлэл хийх үеэр талийгаач Отгонбаатарын ах Нэргүй хэвлэлийн хуралд байлцсан юм.
Тэрбээр энэ үеэр “Манай дүүг цахилгаанаас үүдсэн галд 2006 онд шатаж амиа алдсан гэж өнөөдрийг хүртэл үздэг. Хэрэг хаагдаад зургаан жил өнгөрсний дараа манай эмэгтэй дүүг дуудаж байцаасан байдаг юм. Бидэнд энэ хэргийн талаар ямар ч мэдээлэл байдаггүй байсан. Эмэгтэй дүү маань байцаалтаас гарч ирээд “Манай Паар чинь алуулсан биш. Тэр хэрэгт нь оролцож алалцсан юм байна шүү дээ” гэж хэлээд л ухаан алдаж унаж байсан. Ингэж л бид энэ хэргийн талаар ойлгож эхэлсэн. Тагнуулын газарт намайг байцааж, шинжилгээ хүртэл авсан. 80 гарсан ээжийг минь цонхгүй өрөөнд суулгаад, намайг хотоос авч гараад дүүгийн минь шарилыг заалгаж, ухаад шинжилгээ хийсэн. Захиалагчийн мөнгийг тараасан гэх асуудлыг сонсож байгаагүй. Би төрсөн дүү Хишгээгийн хамтаар шүүх хуралд оролцож байсан ч нарийн зүйл ярилцаж болохгүй гэсний дагуу ярьж байгаагүй. ХЗДХ-ийн сайд нь хүүхдүүдэд таваас гучин мянган төгрөг тараасан тухай ярьж байна. Би мөнгө төгрөгийн асуудлыг үнэхээр мэдэхгүй. Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар нэг гудамжинд амьдардаг хамар хашааны хүүхдүүд байсан. Т.Чимгээг сайн мэдэхгүй ч, Б.Содномдаржаатай манай дүү нар нэг дошин дээр тоглож өссөн” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

ЭХЭМҮТ-ийн хүүхдийн сонсголыг шалгах “зан үйлийн сорилын кабинет” нээгдлээ

Сонсголын Бэрхшээлтэй Хүүхдийн төлөө Дэлхийн Сангийн дэмжлэгтэйгээр ЭХЭМҮТ-д анх удаа хүүхдийн сонсголыг шалгах “Зан үйлийн сорилын кабинет”-г шинээр байгууллав. Олон улсын жишигт нийцсэн энэхүү кабинет байгуулагдсанаар сонсгол бууралттай аппарат зүүдэг, чичиргээнт суулгацтай, ясан дамжуулалтын аппараттай ба дунгийн суулгацын дараах хүүхдийн сонсголыг үнэлэх сорилуудыг иж бүрэн хийснээр сонсголын бэрхшээлтэй хүүхдийн оношилгоо, эмчилгээнд шинэ дэвшил гарч байна.

Мөн ЭМЯ, Сонсголын Бэрхшээлтэй Хүүхдийн төлөө Дэлхийн Сан, Пийс авенью Ротари клубын дэмжлэгтэйгээр ЭХЭМҮТ-д “СОНСГОЛ, ХЭЛ ЗАСЛЫН ЭМЧИЙН УР ЧАДВАРЫГ САЙЖРУУЛАХ ЭМНЭЛЗҮЙН СУРГАЛТ-III” 2019 оны 3-р сарын 25-наас 30-ны хооронд амжилттай зохион байгуулж байна. Сургалтад улсын хэмжээний лавлагаа төвүүд, дүүргийн эмнэлэг, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн сонсгол, хэл заслын 40 гаруй эмч хамрагдаж мэдлэг, чадвараа дээшлүүлж байна.

Гурав дахь удаагийн энэ сургалтад Дэлхийн Сонсголын Бэрхшээлтэй Хүүхдийн Сангийн тэргүүн Пайж Стрингер болон АНУ-ын сонсгол судлал, хэл заслын эмч нарын баг сонсголын бэрхшээлтэй хүүхдийн орчин үеийн оношилгоо, эмчилгээний менежмент, ар гэрт өгөх зөвлөмж, хэл заслын эмчилгээний аргуудын талаар сургалт зохион байгууллаа.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсад анх удаа мэс заслын шинэ эмчилгээ нэвтрүүллээ

ЭХЭМҮТ-ийн Нүдний мэс заслын тасгийн эмч нар Канад улсын Английн Колумбын их сургуулийн нүдний тасгийн профессор Кристофер Лайнс эмчтэй хамтран Монгол улсад анх удаа 2 төрлийн мэс засал эмчилгээг амжилттай хийв.

  1. Гэмтлийн гаралтай нүүрний 6-р мэдрэлийн саажилттай хялар хүүхдэд “Ботулины токсин”хийснээр нүдний хөдөлгөөн хязгаарлагдаж баруун нүд гадагш хөдлөхгүй байсан 6 настай хүүгийн нүдний хөдөлгөөн сэргэж, хэвийн хардаг боллоо.
  2. Төрөлхийн нүдний даралт ихсэх өвчтэй хүүхдэд анх удаагаа “Өнцөг нээх” мэс засал буюу гониотоми хийлгэснээр 6 настай охины нүдний даралт буурлаа.

Categories
мэдээ нийгэм

Цусны албаны Үндэсний семинар цахим хэлбэрээр боллоо

ЦССҮТ-өөс зохион байгуулдаг Цусны албаны Үндэсний семинар 2019 оны гуравдугаар сарын 28-нд цахим хэлбэрээр боллоо. Энэ удаагийн семинараар Цусны салбар төвүүдийн 2018 оны ажлын тайлан, ололт амжилт, анхаарвал зохих асуудлуудыг хэлэлцэж, харилцан сайн туршлагаа солилцлоо. Зардал мөнгө хэмнэхээс эхлээд олон талын үр ашигтай тул ЦССҮТ цахим хэлбэрийг онцолж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Бичил уурхайнуудын шалгалт оруулсан байна

МХЕГ-аас өгсөн үүрэг чиглэлийн дагуу орон нутагт үйл ажиллагаа явуулж буй уурхайнуудад хяналт шалгалт хийх ажил үргэлжилж байна.

Баян-Өлгий

Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулж буй “СС Монголия” ХХК-ийн үйл ажиллагаанд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас геологи, уул уурхай, байгаль орчин, хөдөлмөр, тээвэр өргөх механизмын хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийлээ. Тус компани нь “Ашигт малтмалын тухай” болон “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуульд заагдсан бүрдүүлвэл зохих баримт бичгийг бүрдүүлсэн, уурхайн байгууламжуудыг ерөнхий дэвсгэр зурагт тусгасны дагуу байршуулсан, уурхайн аюулгүйн параметр, хажуугийн тогтворжилтын үзүүлэлтэд нөлөөлөх хүчин зүйлийг ТЭЗҮ болон 2019 оны уулын ажлын төлөвлөгөөнд тусган үйл ажиллагаа явуулж байна. 2018 онд 5.5 га газарт биологийн, 26,6 га газарт техникийн нөхөн сэргээлт хийжээ.
Дундговь
Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Говь-Угтаал, Баянжаргалан сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Аргатай”, “Монголросцвeтмeт”, “Үнэн анд”, “Говь шоо”, “Мөнх болор хүрээ”, “Хан хас трейд”, “Эм жи би”, “Болор жонш” зэрэг найман аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар хугацаатай албан шаардлага өгч хоёр аж ахуй нэгжид зөрчлийн тухай хуулийн дагуу захиргааны арга хэмжээ тооцож, хоёр аж ахуй нэгжийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ.
Өмнөговь
Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн баруун, зүүн 8 сумын төсөвт байгууллагууд, худалдаа үйлчилгээний цэг салбар, сумдын нутаг дэвсгэрт уул уурхай, нүүрс тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллагуудад хяналт шалгалт, зөвлөн туслах, хяналт шинжилгээ, урьдчилан сэргийлэх тандалтын хяналт шалгалтыг хийж байна. Хяналтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчдын хамтарсан 27 албан шаардлага, 5 дүгнэлт, 15 зөвлөмж үйлдэж хүргүүлжээ.
Сэлэнгэ
Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол, Ерөө, Хүдэр, Сайхан сумдын нутагт ашигт малтмалын олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдэд “Ашигт малтмалын тухай” хууль болон “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хууль тогтоомжуудад заагдсан бүрдүүлбэл зохих баримт бичгийг бүрдүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа эсэх, уурхайн аюулгүй параметрүүд төсөлд тусгагдсанаар байгаа эсэхэд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг явуулж байна.
Увс
Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Бөхмөрөн сумын нутаг дэвсгэр дэх нүүрс олборлох тусгай зөвшөөрөлтэй “Хотгор” ХХК, “Хотгор шанага” ХХК, “Эрчимбаян-Өлгий” ХК-иудын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийв.
Ховд
Ховд аймагт ашигт малтмал, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “МоЭнКо” ХХК, “Тефисс майнинг” ХХК, “Талст молор” ХХК, “Булган стар” ХХК, “Бодонч их бүрд” нөхөрлөл /бичил уурхай/ болон “ОдЦэ” ХХК, “Жаргалант рашаан” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас байгаль орчин, геологи, уул уурхай, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын хяналтын чиглэлээр энэ сарын 19-ний өдрөөс эхлэн хяналт шалгалт хийж байна.
Хөвсгөл
Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Могойн голын ил уурхайн нүүрс олборлолтын байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ. Шалгалтын явцад уурхайн геологийн 1-3 огтлолт болон нурах эрсдэлтэй хэсэгт нүүрс олборлох үйл ажиллагаа явуулахыг түр хугацаагаар зогсоов. Энэ хугацаанд хөрс хуулалтын ажлаа эрчимжүүлж, уурхайн аюулгүй параметрүүдийг хангаж ажиллахыг зөвлөжээ.
Хэнтий
Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Бэрх, Батноров, Баян-Адарга, Хэрлэн зэрэг сумдад жонш олборлож байгаа бичил уурхайн үйл ажиллагаанд энэ сарын 19-22-ны өдрүүдэд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар ашиглалтын шаардлага хангахгүй, техникийн үзүүлэлтийг тодорхойлох боломжгүй, гар хийцийн лыботкуудыг буулгуулж, үйл ажиллагааг нь зогсоон, өргөх механизмын даацын туршилт, магадлал хийх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагаар даацын туршилт, магадлал хийлгүүлэх, илэрсэн дутагдлыг арилгуулахаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн.

Нийт 26 бичил уурхай эрхлэгчдэд улсын байцаагчийн зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллах талаар хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.

Түүнчлэн холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг хэрэгжүүлэн аюулгүй байдлыг ханган ажиллахыг сумдын удирдлагуудад танилцуулан, сум орон нутгийн зүгээс хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов.

Categories
мэдээ нийгэм

Архивын лавлагаа авах гэж аймаг, дүүрэг хооронд явах шаардлагагүй боллоо

“Танд ойрхон найрсаг үйлчилгээний жил”-ийн хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газар нь архиваас олгох лавлагааны үйлчилгээндээ шинэчлэл хийж шуурхай болголоо. Өмнө нь иргэд тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох, төлбөр зардал авахдаа аймаг, дүүргийн хэлтэс хооронд архивын бүрдүүлэлтээ өөрсдөө хөөцөлдөж цаасан лавлагаа авдаг байсан бол одоо Нийгмийн даатгалын хэлтсүүд хоорондоо цахимаар солилцож иргэдийн ажлыг хөнгөвчилж, цаг мөнгийг хэмнэж эхэллээ.

Categories
мэдээ нийгэм

Эмч нарын баярыг тохиолдуулан Шагнал гардууллаа

Олон улсын эмч нарын өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эмч эмнэлгийн ажилчдыг төрийн дээд одон медаль болон салбарын шагналаар шагналаа.

Нэг. “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор

  1. Цэнд Бадам – Нийслэлийн түргэн тусламжийн төвийн даргаар ажиллаж байсан өндөр настан
  2. Чойжилсүрэн Өнөрсайхан – Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга

Хоёр. “Алтан гадас одон”-гоор шагнагдсан хүмүүсийн нэрс

  1. Цэдэндамба Алтантуяа – Налайх дүүргийн ЭМТ-ийн их эмч
  2. Хувцагаан Баялагмаа – УНТЭ-ийн Мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасгийн эрхлэгч
  3. Рэгжий Базаррагчаа – УНТЭ-ийн Мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасгийн их эмч
  4. Бямбасүрэн Мягмар – Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга
  5. Доржханд Отгонгэрэл – Гурван гал эмнэлгийн гүйцэтгэх захирал
  6. Лувсан Соня – НЭМҮТ-ийн
  7. Чулуун Отгондаваа – УГТЭ-ийн Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн их эмч


Гурав. “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнагдсан хүмүүсийн нэрс

  1. Амгаа Циенпилжээ – УНТЭ-ийн Мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасгийн ахлах сувилагч

“Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэгээр

  1. Дүгэр Наранцэцэг – Ховд аймгийн БОЭТ-ийн дуудлагын эмч
  2. Сүх-Очир Мөнгөндолгион – ЧД-ийн ЭМТ-ийн Төв салбарын Сэргээн засах, уламжлалт эмчилгээний их эмч
  3. Бэгзсүрэн Баярмаа – Налайх дүүргийн ЭМТ-ийн Тэрэлж хэсгийн бага эмч
  4. Цэрэндорж Алтанцэцэг – Шүдний эмнэлгийн сувилагч
  5. Энхсүрэн Туул – УГТЭ-ийн Дүрс оношлогооны их эмч
  6. Дармаа Мажигсүрэн –
  7. Энэбиш Бүжинлхам – ТТАХНЭ-ийн Мэдрэлийн их эмч
  8. Ган-Очир Цэцэгмаа – Завхан аймгийн
  9. Цэрэнлхүндэв Оюунчимэг – УГТЭ-ийн их эмч

Яамны “Хүндэт жуух бичиг”-ээр

  1. Даваасамбуу Ариунжаргал – ТТАХНЭ-ийн Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн эмч
  2. Цогтбаатар Төгсбилэг – ТТАХНЭ-ийн Эмгэг судлаач эмч
  3. Болдбаатар Одончимэг – ТТАХНЭ-ийн Зүрх судасны эмч

Бабахумар Алибек – Баян-Өлгийн аймгийн Нэгдсэн эмнэлгийн Дотрын их эмч

Categories
мэдээ нийгэм

“Олон талт худалдааны тогтолцоо ба дхб” сэдэвт сургалт боллоо

ГХЯ-наас ДХБ болон ГХЯ-ны дэргэдэх Дипломат академи, МУИС-ийн Бизнесийн сургууль, Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуультай хамтран “Олон талт худалдааны тогтолцоо ба ДХБ” сэдэвт сургалтыг 2019 оны гуравдугаар сарын 26-28-ны өдрүүдэд МУИС-ийн Бизнесийн сургууль дээр зохион байгуулав. Энэхүү сургалт нь манай Засгийн газрын зүгээс 2018 онд тавьсан хүсэлтийг ДХБ-аас хүлээн авч Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон үндэсний хэмжээний 4 сургалтын эхний сургалт нь юм.

Сургалтаар олон талт худалдааны тогтолцоо, ДХБ-ын үндсэн зарчим, худалдааны бодлого хэрэгжүүлэх арга хэрэгсэл, гадаад зах зээлд нэвтрэх, дотоодын дэмжлэг, экспортын татаас олгох болон бараа, үйлчилгээний худалдааны тухай ойлголт, худалдааг хөнгөвчлөх, бүс нутгийн худалдааны хэлэлцээр зэрэг өргөн хүрээний асуудлаар мэдээлэл танилцуулга хийв.

Түүнчлэн, сургалтын үеэр ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хүрээнд байгуулсан манай улсын Худалдааг хөнгөвчлөх Үндэсний хороо, тус хорооноос хийж гүйцэтгэсэн ажил, арга хэмжээний талаар сургалтад оролцогчдод ГЕГ-аас товч мэдээлэл хийв.

Сургалтад холбогдох яам, агентлаг, эрдэмтэн, судлаачид, багш нар, хувийн хэвшлийн төлөөлөл идэвхитэй оролцож, сонирхсон асуудалдаа хариулт авч, өөрсдийн хариуцсан чиглэлээрх мэдлэг, мэдээллээ чөлөөтэй солилцож ажиллав.

Энэхүү сургалт нь олон талт худалдааны тогтолцоо ба ДХБ-ын талаарх олон нийтийн ойлголт, мэдээллийг нэмэгдүүлэхээс гадна худалдааны асуудал хариуцсан холбогдох яам агентлагийн үйл ажиллагааны уялдаа холбоог бэхжүүлэх, худалдааны хэлэлцээ хийх чадавхийг сайжруулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.