Агаарын бохирдол, замын түгжрэлээс шалтгаалан сурагчдын амралтад өөрчлөлт орсон. Тухайлбал, БСШУС-ын сайд “Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай“тушаал гаргаж, хоёрдугаар улирлын амралт хоёр сар гаруй үргэлжилсэн байдаг. Ингэж сурагчдын амралтад өөрчлөлт оруулснаар бусад улирлын амралтад мөн адил өөрчлөлт орсон юм. Ингэснээр гуравдугаар улирлын амралтаар нийслэлийн бүх ангийн сурагчид дөрөвдүгээр сарын 6-14-нийг дуустал нэг долоо хоног амарна. Харин аймаг, сум, тосгон, багийн сурагчдын амралт гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 14-нийг дуустал гурван долоо хоног амарна.
Month: March 2019
Ховд голын усанд хоёрдугаар сарын 13-ны өдөр эндсэн зургаан настай хүүхдийн цогцсыг энэ сарын 29-нд олжээ. Тухайн үед хүүг осолдсон тухай дуудлагыг аймгийн Онцгой байдлын газар хүлээн авснаас хойш тасралтгүй долоо хоног эрэн хайсан ч үр дүнд хүрэхгүй байсан учир ар гэрийн хүсэлтээр эрлийн ажиллагааг хоёрдугаар сарын 19-ны өдөр зогсоосон байсан бол сая ийнхүү олжээ.
Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 5.5 хувь нь тусгай зөвшөөрөл бүхий талбай байна. Өөрөөр хэлбэл, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай 8.9 сая га байгаа юм. Өдгөөгөөс дөрвөн жилийн өмнө буюу 2015 онд олгосон тусгай зөвшөөрөл 2691 байсан. Түүнээс хойш графикийг ажиглахад өсөлт үргэлжилсээр 3000 гараад байв. Харин тусгай зөвшөөрлийг олгохгүй шийдвэр гарснаар өсөлт саарсан дүр зурагтай байгаа бөгөөд одоогоор 3029 зөвшөөрөл байна. Үүнээс ашиглалтынх 1679, хайгуулынх 1350 байгаа юм. Төрлөөр нь үзэхэд, алтны тусгай зөвшөөрлийн тоо хамгийн их буюу 547, нүүрснийх 318 байна. Гадаадын 100 хувь хөрөнгө оруулалттай 255 эзэмшигчийн 444 тусгай зөвшөөрөл байгаа аж. Харин дотоодын хийгээд гадаадын хамтарсан хөрөнгө оруулалттай 100 аж ахуйн нэгжийн 203 зөвшөөрөл байгаа юм байна. Тэгвэл 10-аас дээш тусгай зөвшөөрөл эзэмшдэг 13 компани байгаа талаар Ашигт малтмал газрын тосны газраас мэдээлэв.
Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Хэрэг бүртгэх алба, JCI Монгол төрийн бус байгууллагатай хамтран “Ойлголцох нэг хором” аяныг өрнүүлж байгаа билээ. Аяны хүрээнд өнөөдөр /2019.03.31/ 11.00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Нэг хором-Спорт өдөрлөг”-ийг зохион байгуулж байна. Уг өдөрлөг нь амралтын өдрийн турш үнэ төлбөргүй үргэлжлэх нь ээ.
Өдөрлөгийн үеэр:
- Албаны нохойн үзүүлбэр
- Хөлбөмбөгийн тоглолт
- Дугуйн уралдаан
- Амьд хөгжмийн тоглолт
- Гар зургийн уралдаан зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд болох юм.
Мөн аяны хүрээнд өнгөрөгч баасан гаригт Тээврийн цагдаагийн албанаас Автотээврийн үндэсний төв, Албан журмын даатгагчдын холбоо болон бусад үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж байгууллагатай хамтран “Нэг хором хүлээ” жагсаал зохион байгуулсан. Энэ аян олон нийтэд нэг хором хөдөлгөөн хүрч, танхай зодооны хэрэг энэ сард 300 хэргээр буюу 20 хувь буурсан мэдээг албаныхан өгч байв.
Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэлбичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтсон билээ. Монгол хэлбичгийн эхний шалгалтыг гуравдугаар сарын 23-ны өдөр улсын хэмжээнд нэгэн зэрэг зохион байгуулсан. Эхний удаагийн Монгол хэлбичгийн шалгалтын дүн дөрөвдүгээр сарын 1-ний өдөр гарна гэдгийг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.
Энэ жилийн монгол хэлбичгийн эхний шалгалтад нийт 18500 орчим шалгуулагч бүртгүүлсэн байсан. Гэвч улсын хэмжээнд шалгалтын ирц 87 хувьтай байжээ. Зарим шалгуулагчид хүндэтгэн үзэх шалтгаан гарсан бол зарим шалгуулагчид дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн шалгалтад хамрагдах боломжтой юм. Уг шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 1-нээс 15-ны өдрүүдэд болно. Монгол хэлбичгийн шалгалт авах хугацаа 100 минут бөгөөд эссэ, найруулан бичих чадвар, монгол бичгээс крилл үсэг рүү хөрвүүлэх зэрэг бичгийн даалгавруудаас бүрдсэн байна.
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна. Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, агаарын температур 5-7 градус дулаан байна гэдгийг Ус цаг уур орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээлж байна. Дөрөвдүгээр сарын 1-нд буюу даваа гаригт нутгийн хойд хэсгээр, 4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи дөрөвдүгээр сарын 3,4-нд ихэнх нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна.
Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө дөрвөн градус дулаанаас нэг градус хүйтэн, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө гурван градус хүйтнээс хоёр градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.
ӨНӨӨДӨР /2019.03.31-НЫ ӨДӨР/
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 5-10 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 15-17 градус, бусад хэсгээр 9-11 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байх аж.
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих” төслийг эхлүүлж, хуримтлагдсан лагийг бүрэн боловсруулах, үнэргүйжүүлэх, дахин ашиглах технологи нэвтрүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа билээ. Шинэ төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орох хүртэл лаг өтгөрүүлэх, үнэргүйжүүлэх төхөөрөмжийг суурилуулж, энэ онд лагийг үнэргүйжүүлж дуусна гэдгийг албаны эх сурвалж хэлж байна. Түүнчлэн БНХАУ-аас Монгол улсад олгож буй 350 сая юаны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдах “Ногоон нуур” орчмын 1008 айлын орон сууцны барилга, угсралтын ажлыг ирэх тавдугаар сард эхлүүлэхээр төлөвлөжээ.
“Буянт-Ухаа 2” хорооллыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ашиглалтанд оруулна гэж байсан ч хугацаа хойшилсоор ирэх зургаадугаар сард ашиглалтанд оруулахаар болжээ.
Төрийн орон сууцны корпорацийн захирал Ж.Хичээнгүй “Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийг өмнөх журмаар заавал өөрийн биеэр ирж бүртгүүлдэг байсан бол шинэ журмаар цахимаар бүртгэж, шалгуурын дагуу эрэмбээр тогтооно. Одоогоор бүртгэл эхлээгүй байна.
Орон сууц ашиглалтад орж улсын комисс хүлээж авсны дараа Засгийн газрын хуралдаан болон Хөгжлийн банкны хурлын шийдвэрээр “Буянт Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцыг “Түрээсийн орон сууц” хөтөлбөр рүү шилжүүлэх үү эсвэл худалдан борлуулах уу гэдэг нь шийдэгдсэний дараагаар бүртгэл эхэлж холбогдох журмууд нь батлагдана. Ирэх зургадугаар сар гэхэд ашиглалтад орно. Энэ сарын нэгнээс барилгын дулаанаа авсан. Одоо дотоод заслын ажлууд хийгдэж байна” гэжээ.
“Элит Брайн” олон улсын шатрын академийн үүсгэн байгуулагч, олон улсын шатрын их мастер А.Энхтуулын санаачилгаар Монголын хамгийн дэлхийн жишигти нийцсэн “Яагаад шатар гэж” өдөрлөг ирэх тавдугаар сард Улаанбаатарт болох гэж байна.
“Яагаад шатар гэж” багийн хамт олон Монголын хамгийн том шатрын өдөрлөгийг болон хамгийн анхны өсвөрийн шатарчдын бодлого бодолтын тэмцээний бүртгэл дөрөвдүгээр сарын 25-ыг хүртэл хийгдэх юм байна. “Яагаад шатар гэж” өдөрлөгийн хүрээнд олон улсын стандартын дагуу бүтээгдсэн “64 ухаалаг дэвтэр” -ийн нээлтийн баярыг тэмдэглэж, 2019 оны “Өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах” тэмцээнд оролцох тэтгэлэгт тамирчдыг шалгаруулахаар болжээ. Түүнчлэн “Яагаад шатар гэж” өдөрлөг нь өсвөрийн шатарчдыг тэдний эцэг, эхчүүдийн хамт хөтөлбөртөө хамруулж, шатрын спортыг ойлгож үр хүүхдүүддээ оюуны хөрөнгө оруулалт хийж буй ээж, аавуудад урам зориг хайрлах арга хэмжээ болохоороо онцлог бөгөөд өдөрлөгийн үеэр оролцогчдод зориулсан олон төрлийн сонирхолтой сургалтуудад хамрагдах болон Монгол Улсад шинэхэн төрөөд буй залуу Их мастеруудтай өсвөрийн шатарчид тоглох боломжийг “Яагаад шатар гэж” багийн хамт олноос буюу зохион байгуулагчдаас олгож байгаа юм байна.
Өдөрлөгийн хөтөлбөрийн дагуу шатарчдад зориулсан маш олон гэнэтийн бэлэг байхаас гадна бидний сайн мэдэх олны танил уран бүтээлчид мэндчилгээ дэвшүүлж, азтан шалгаруулж “64 ухаалаг дэвтэр”-ийн 2019 оны бүх дугаарыг захиалах эрхийг авах юм байна. Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд шатрын спортыг дэмжигч маш олон хүндтэй зочид хүрэлцэн ирж, нийт шатарчдад амжилт хүсч өдөрлөгийг дэмжин оролцохоо илэрхийлснийг зохион байгуулагчид хэлж байна.
Монгол Улсад хамгийн анх удаагаа дэлхийн жишигт зэрэгцсэн бүрэн хэмжээний шатрын өдөрлөг болон өсвөрийн шатарчдын хамгийн өндөр шагналын сантай тэмцээн зохион байгуулагдах гэж байгаа нь оюуны спортыг хүндлэн ойлгож, шатрын спортыг үндэсний хэмжээнд хөгжүүлэх зорилгод нэгдэж буй дэмжигч байгууллагуудтай салшгүй холбоотой юм. Оюуны спортын ноён оргил болсон шатрыг үндэсний хэмжээнд хөгжүүлэх уриалгыг хүлээн авч, хамтран ажиллахаар олон байгууллага нэгдсэн байна. Тодруулбал, “Holiday Inn” зочид буудал, “Нар-Мон” ХХК, “Богд” банк, “Хаан жимс” ХХК, “АБИКО” ХХК, “Гэрэлт тайёо” ХХК, “Бльюмон” групп, “Innovstyle” ХХК, “Чинсан” академи, “Элит брайн” ХХК болон “Зууны шатар” клубын хамт олон дэмжин ажиллахаар болжээ.
Хэрвээ та оюун ухааны ноён оргил шатрын спортыг маш олон талаас нь ойлгож, мэдэхийг хүсвэл ирэх тавдугаар сарын 4-ний өдөр “Holiday Inn” зочид буудлын их танхимд зохион байгуулагдах “Яагаад шатар гэж” бүрэн хэмжээний шатрын өдөрлөгт оролцоорой!
“ЯАГААД ШАТАР ГЭЖ?” өдөрлөгийн удирдамж
/дэлгэрэнгүй/
Нэг. Зорилго:
Монголын өсвөрийн шатарчид болон тэдний эцэг, эхийг дэмжих зорилгоор “64 Ухаалаг дэвтэр” –ийн нээлтийн баярыг тохиолдуулан “Яагаад Шатар Гэж?” шатрын өдөрлөгийн хүрээнд сургалт, чөлөөт арга хэмжээ болон өсвөрийн шатарчдын “Дэлхийн Аварга Шалгаруулах” тэмцээнд оролцох тэтэглэгт тамирчинг шалгаруулах бодлого бодолтын тэмцээнийг олон улсын стандартын дагуу өндөр түвшинд зохион байгуулах.
Хоёр. Зорилт:
Олон улсын шатрын их мастер А.Энхтуулын санаачилгаар үүсгэн байгуулагдсан “Яагаад Шатар Гэж?” багийн хамт олон нь Монгол Улсад шатрын спортыг үндэсний хэмжээнд хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Гурав. Ерөнхий зохион байгуулагч:
“ЭЛИТ БРАЙН” олон улсын шатрын академи, Хамтран зохион байгуулагч: “Holiday Inn” олон улсын сүлжээ зочид буудал
Дөрөв. Журам:
3.1 “Яагаад Шатар Гэж?” өдөрлөгийн сургалт, хичээл болон бусад арга хэмжээ нь шатар сонирхогч болон 12 хүртэлх насны өсвөрийн шатарчдад нээлттэй бөгөөд оролцогчид гэр бүлийн 1 гишүүний (аав, ээж, ах, эгч, дүү) хамт оролцож болно. Гэр бүлийн гишүүн нь оролцогчоос ахмад насны хүн байна.
3.2 Өсвөрийн шатарчдын “Дэлхийн Аварга Шалгаруулах” тэмцээнд явах Улаанбаатар – Бээжин 2 талдаа нислэгийн тийзийг олгох зорилготой “64 Ухаалаг Дэвтэр” –ийн нээлтийн баярын хүрээнд зохиогдож буй бодлого бодолтын тэмцээнд хүйс харгалзахгүй 12 хүртэлх насны өсвөрийн шатарчид оролцоно.
3.3 Бодлого бодолтын тэмцээнд 5 –р сарыг хүртэл хэвлэгдсэн “64 Ухаалаг Дэвтэр” –ийн зөвхөн бүх цувралыг уншигч 12 нас хүртэлх өсвөрийн шатарчид оролцох эрхтэй.
3.4 Тэмцээн нь нас харгалзалгүй ижил бодлогуудын даалгавартай явагдах бөгөөд нийт 6 бодлого бодохоос 3 нь “64 Ухаалаг Дэвтэр” –т багтсан бодлогууд байна.
3.5 Тэмцээний даалгаварт этюд, 2 болон 3 нүүдлийн мад, бод хожих, төгсгөлийн гэсэн тус бүр нь 5 оноо бүхий нийт 6 бодлого өгөгдөнө.
3.6 Бодогчдын авсан оноо тэнцсэн тохиолдолд зарцуулсан хугацаа нь дүгнэх үзүүлэлт болно.
3.7 Нийт 6 бодлого бодох хугацаа 60 минут
3.8 Бодлогын хариуг бичихдээ зөвхөн эхний нүүдлийг зорилгын (занал болон цугцванг) хамт бичих ёстой.
3.9 50% –с дээш амжилт үзүүлсэн оролцогчдыг бодогчийн чансаанд тодорхойлно.
3.10 Тэмцээнд оролцогчид зөвхөн зохион байгуулагчаас тарааж өгсөн цаас, үзгийг хэрэглэнэ.
3.11 Бодлогын тэмцээний шагналыг нийт дүнгээр болон насны ангилалаар хүйс харгалзахгүй шалгаруулна.
3.12 Өдөрлөг болон тэмцээнд оролцогч шатарчид мөн тэдний гэр бүлийн гишүүд тэмцээн болж буй газрыг хүндэтгэж, эмх цэгцтэй оролцохоос гадна техник хэрэгсэлтэй болгоомжтой харицах.
Тав. Шүүгчийн бүрэлдэхүүн
4.1 Бодлого бодолтын тэмцээнийг зохион байгуулж байсан бөгөөд оролцож байсан туршлагатай бодолтын мастер шатарчдаас шүүгчийн бүрэлдэхүүн бүрдэнэ.
4.2 Бодолтын тэмцээнд оролцож буй өсвөрийн шатарчдын гэр бүлээс 5 хүнийг өдөрлөгт оролцогч эцэг, эхчүүдийн саналаар сонгож, шүүлтийн явцад шүүгчдийн бүрэлдэхүүнд хяналт тавиулах. /Хяналт тавьж буй эцэг, эхчүүд шүүлтэд оролцохгүй/
4.3 Шүүгчид чин шударгаар шүүх хариуцлага хүлээнэ.
Жич: Бодлого бодолтын тэмцээнийг зохион байгуулагч, мастер Л.Тогоохүү хүндэтгэх шалтгааны улмаас шүүгчийн бүрэлдэхүүнд оролцохгүй болсныг мэдэгдэж байна.
Зургаа. Хөтөлбөр:
– 09:30 – 10:00 Хүндэт зочдыг хүлээн авах, оролцогчдод мандат олгох
– 10:00 – 10:30 “Яагаад Шатар Гэж?” өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаа
/Хүндэт зочид үг хэлнэ/
– 10:40 – 11:10 Сургалт №1 “Дэлхийн Шатрын Холбоо” –ны олон улсад баримталдаг дүрмийн тухай сургалт /Дэлхийн шатрын холбооны шүүгч Ц.Тулга/ (шатарчид, эцэг эхчүүд оролцоно)
– 11:10 – 11:20 Сургалтын талаар асуулт, хариулт /шатарчид, эцэг эхчүүд оролцоно/
– 11:20 – 11:30 Энтертайнмент завсарлага /шатарчид, эцэг эхчүүд оролцоно/
– 11:30 – 12:00 Сургалт №2 “Шатрын логик сэтгэлгээг хөгжүүлэх нь” хичээл
/Англи улсын шатарчин, дасгалжуулагч Alistair Nigel/
– 12:00 – 13:00 Их мастерууд болон 12 –с дээш насны өсвөрийн шилдэг шатарчидтай зэрэг тоглолт хийх
– 13:00 – 13:30 Өдрийн хоолны завсарлага /Holiday Inn зочид буудлын төв ресторан оролцогчдод хөнгөлөлттэй буюу тусгай менюгээр үйлчилнэ/
– 13:30 – 13:40 Бодлого бодолтын тэмцээний бэлтгэл
– 13:40 – 14:40 12 хүртэлх насны бодлого бодолтын нээлттэй тэмцээн
– 14:40 – 14:50 Та бидний сайн мэдэх уран бүтээлч мэндчилгээ дэвшүүлнэ
– 14:50 – 15:20 Сургалт №3 “Оюуны спортын тамирчин хүн эрүүл мэнддээ хэрхэн анхаарах ёстой вэ?” лекц (шатарчид, эцэг эхчүүд оролцоно)
/Уламжлалт анагаах ухааны ахлах зэргийн их эмч У.Насандэлгэр/
– 15:20 – 15:30 Шатрын тухай богино хэмжээний хүүхдийн кино үзэх
– 15:30 – 16:00 “Яагаад Шатар Гэж?” хэлэлцүүлэг
/Уригдсан зочид, шатарчид болон эцэг, эхчүүд оролцоно/
– 16:00 – 16:10 Хаалтын ажиллагаанд бэлдэх
– 16:10 – 17:00 Шагнал гардуулах & Хаалтын ажиллагаа
Долоо. Дэмжигч байгууллага:
– “Holiday Inn” 5 одтой зочид буудал
– “Абико” ХХК / Pegion брэндийн бүтээгдэхүүн болон Kagome жүүс/
– “APU” ХК /Маамуу брэнд/
– “Хаан Жимс” ХХК /Хуба Хаяа брэнд/
– “Богд” банк
– “Бльюмон” групп /Nike брэнд/
– “Гэрэлт Тайёо” ХХК / Монголын анхны танин мэдэхүйн хүүхдийн карт үйлдвэрлэгч/
– “Чинсан Академи” ТББ /Ярих урлаг болон гоо зүйн сургалт зохион байгуулагч/
– “Тоорил Ханы Хүрээ” /Тансаг зэрэглэлийн жуулчны бааз/
– “Зууны Шатар” шатрын клуб
– “Элит Брайн” ХХК /Аялал жуулчлал/
Найм. Шагналын сан:
– 3,700,000₮ /бэлэн бус/
Ес. Өдөрлөг зохион байгуулж буй нийт зардлын хэмжээ:
– 15,000,000₮
Арав. Шагнал урамшуулал:
Арваннэг. Өдөрлөг болох газар:
– Хаана: “Holiday Inn” зочид буудлын их танхимд /Дэлхийн алдартай сүлжээ зочид буудлын Улаанбаатар хот дахь 5 одтой салбар/
– Хэзээ: 2019 оны 5 сарын 4 –нд 10:00 – 17:00
Арванхоёр. Бүртгэл:
– 2019 оны 3 сарын 25 –с 4 сарын 25 хооронд бүртгэнэ.
– 2019 оны 4 сарын 25 –с хойш бүртгэхгүй.
– Бүртгэлийн хураамж: 50,000₮ /1 хүүхэд, 1 том хүн багтана/
– Бүртгэлийн тоо хязгаартай!
– Мандатыг өдөрлөг эхлэх өдрийн өглөө 09:30-09:50 хооронд олгоно.
Арвангурав. Холбоо барих:
– Facebook хаяг: ELITE BRAIN International Chess Academy
– Цахим шуудан: elitebrainllc@gmail.com
– Утас: 77110908, 88032888, 88060888, 90980090
– ТАНЫ АМЖИЛТ БИДНИЙ ЗОРИЛГО –
ЭХЭМҮТ-өөс “Өсвөр үеийн эрүүл мэндийн 7 хоног” аяныг маргаашнаас эхэлж, дөрөвдүгээр сарын 7 хүртэл үргэлжлүүлэх юм байна.
Сүүлийн үед өсвөр насныхны дунд хүсээгүй жирэмсэлт, бэлгийн замын халдварт өвчин их байгаа учраас энэ асуудалд эцэг эхчүүд болон асран хамгаалагч, багш нар нь хамтдаа анхаарал хандуулахыг уриалж байгаа ажээ. Мөн хичээлд нь эрүүл мэндийн хичээлийг сайн оруулж, эрүүл мэндийн талаар мэдлэг боловсрол олгох нь чухал байгаа юм.