Увс, Завхан, Баян-өлгий, Ховд аймаг нь төвийн болон зүүн бүсээс 1-2 цагийн зөрүүтэй байдаг. Тиймээс баруун бүсийн тулгуур төв болох Ховд аймагт баруун бүсийн цаг бүхий соёмбот цамхаг бүтээхээр болжээ. Үүнийг тус аймгийн Засаг даргын Тамгын газраас 60 сая төгрөгийн төсөвтэйгөөр бүтээх аж. Уг бүтээл нь Монгол Улсын төрийн соёмбо болон баруун бүсийн цагийг дөрвөн зүгээс харж болохуйц хийцтэй байх нь . Үүнийг дотоодын иргэд болон жуулчдад зориулан бүтээж байгаа гэнэ.
Month: March 2019
Монголбанкнаас орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд энэ сард 15.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 197 иргэнд олгожээ. Оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 47.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 684 иргэнд олгосон аж. Тэгвэл шинэ он гарснаар Засгийн газраас нэгдүгээр сард 13 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтээр 241 иргэнд ипотекийн зээл олгосон бол хоёрдугаар сард 96 иргэнд 6.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ. Өнгөрсөн онд ипотекийн зээлд 300 тэрбум төгрөг зарцуулсан бол энэ онд ипотекийн зээлийн санхүүжилтэд 500 тэрбум төгрөгөөр тусгахаар болсон. Өөрөөр хэлбэл, санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлж байгаа юм. Дашрамд дурдахад, ипотекийн зээлийн шинэ журам хоёрдугаар улирлаас эхэлнэ.
“БӨӨДИЙ” сангийн тэргүүн Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Галсангийн Жамьянтай ярилцлаа.
-Бөөдий гэж ер нь юу юм бэ?
-Бөөдий гэдэг чинь зарааны зулзага шүүдээ. Зарааны нялх зулзага үзсэн хүн бол мэднэ дээ. Дүрлэгнэсэн хоёр нүдтэй хачин хөөрхөн амьтан байдаг юм.
-Та чинь яагаад зараатай холбогдчихсон хүн бэ? Арай л зараа судлагч биш байлтай?
-Тохиолдлын юм. Намайг хүүхэд байхад манайх хоёр зараатай байлаа. Манай Алтанширээ сум бол зараа элбэгтэй. “Зараа” “Бударгана” гээд нэршчихсэн газрууд бий л дээ. Би сургуульд ороогүй жаахан хүүхэд байж. Манай хоёр зараа, яг л гэрийн тэжээмэл амьтан шиг амьдардаг байсан. Гэтэл нэг өдөр гурвуул болчихсон, нэг хачин хөөрхөн амьтан дагуулчихсан явсан. Зулзагалчихаж. Нялх зулзага нь тийм хатуу үзүүртэй үс арьсгүй, зөөлхөн үстэй, их хөөрхөн дөө. Бид барьж аваад гар дамжуулж өхөөрдөнө. Хүүхэд шиг, биднээс юм горьдоно. Тавганд жаахан сүү хийгээд өгөхөөр хачин дуртай идчихнэ. Ишиг, хурга оруулаад ирэхээр айгаад зугтаагаад алга болчихно. Өдөр бол сүүдэр, дулаан газар сүргээрээ амьдарна. Шөнийн харанхуйд ч ёстой ажиллана даа. Юм тожигнуулаад л байна. Идэх юм л эрээд байгаа нь тэр. Ил задгай сүү, өрөм хурууд, мах шөлийг бол байлгахгүй. Хоёр ээж минь ядаад л, идэж уух юмаа дээш нь тавиад, бүтээж хучдаг байсан. Өдөр бол тэгтлээ үзэгдэхгүй.
-Хүнд их дасдаг амьтан байх нь дээ?
-Дасахаар барах уу. Гэр амьтай, гадна дотнын хүнийг бол хачин ялгаж танина. Ээж минь нэг өдөр, “Энэ муу гурваас салъя. Хоол унд байлгахгүй юм” гээд гурвууланг барьж авч шуудайд хийгээд, тэмээний бөхөнд өлгөөд аваад явчихсан. Баг дээр аваачаад тавьчихлаа гээд орой хоосон ирж билээ. Баг гэдэг маань манайхаас хагас өртөө (15 км) газар шүү дээ. Тэгсэн чинь гурав хоногийн дараа өнөө гурав чинь ирчихсэн байсан. Яаж гэрээ олсон юм, бүү мэд. Хэзээний ирчихсэн, нэг шөнө тожигнуулаад эхлэх нь тэр. Хэдэн сарын дараа ээж минь бас л аваад явсан. “Сумын төв дээр орхичихлоо. Одоо олж ирэхгүй” гэсэн. Хориод хоногийн дараа гурвуулаа ирчихсэн байсан. Яаж гэрээ олдог юм, ухаан мэдрэмжээрээ онцгой амьтан билээ.
-Гурван зараанаасаа яаж салсан бэ?
-Намайг долоон настай байхад аймгийн сургуульд оруулна гэж нүүсэн. Нүүхдээ гурвууланг барьж аваачаад сургуулийн дотуур байрны хоолны гэрт орхичихсон. Тэгж л салсан даа. Би уйлахыг хэлэх үү.
-Говийн зараа тэгвэл сонин амьтан байх нь ээ. Судалсан хүн байдаг л байх даа?
-Байдаг юм гэсээн. Хуучин ном сударт их гардаг. Этгээд сонин домог яриатай амьтан шүү дээ. Зараа,зарааны үс байгаа газарт хар цагаан хэл ам,хараал зүхэл халддаггүй гээд зарааны арьсыг орон доороо тавьсан, зарааны хэдэн туг үс биедээ хадгалж яваа хүмүүс байдаг л даа. Өөр ч олон ач холбогдолтой гэж байгаа.
-Та яагаад “Бөөдий сан” байгуулах болов. Үүнд заавал нэг учир шалтгаан байгаа даа?
-Арваад жилийн өмнөөс ийм сан байгуулах юмсан гэж мөрөөдөж явлаа. Сангийн гол зорилго нь гадаадад эмчилгээгээр явж байгаа балчир үрсдээ, тэдний гэр бүлийнхэнд туслах л зорилготой юм. Би энэ амьдралыг бие сэтгэлээрээ туулсан хүн. Ямар гашуун, хатуу үнэн тулгардгийг сайн мэднэ. Бид галын ганц зээгээ Бөөдий гэж өхөөрддөг байсан юм. Яг л бөөдий шиг бүлтэгнэсэн цагаан хүү. Арваннэгдүгээр ангийг онц төгсгөөд, анагаах ухааны дээд сургуульд орсон даруй өвчилж билээ. Англи, орос хэлтэй,Хятадад жил зургаан сар эмчлүүлэхдээ хятадаар чөлөөтэй ярьдаг болсон. Компьютерт гаргуун. Бүх мэдээллийг гадаадын хэвлэл мэдээллээс авна. Хичээлээ тарж ирээд л компьютер шагайгаад суучихна. Шөнө дөл болтол программтай ноцолдоно. Тэгээд “компьютерийн өвчин” авчихсан юм. Би тэгээд энэ компьютер, ухаалаг утас гэхчлэн бүх зүйл маань ирээдүйд хүн төрөлхтнийг цөмийн зэвсэгээс дутуугүй хөнөөх юм биш байгаа даа гэж бодох болсон.
Манайх гэж, айл шиг айл, би гэж хүн шиг л хүн явлаа. Хүүгээ гадаадад эмчлүүлэхийн тулд бүх зүйлээ зараад гуйлгачин болсон. Нэг муу ядуу сэтгүүлч 160 сая төгрөг цуглуулна гэдэг амар ажил биш билээ. Монголын сэтгүүлчдийн холбооны дарга асан, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, “Петровис” компанийн захирал Оюунгэрэл нарын ярилцаж өгсөн 10 сая төгрөгийг тарааж бүслүүлээд явуулж байж билээ. Олон түмэн сайн хандсан. 200 орчим байгууллага, хүмүүсээс 160 сая төгрөгөө цуглуулчихсан. Гадаадад ч хэцүү шүү дээ. Төлбөрөө хоёр хоног хождуулахад л эмчилгээгээ тасалчихна. Нэг үгээр хэлбэл, хүний эрхэнд үхэлтэй тулалдаж байгаа юм даа.
-Та олны танил хүн болоод их мөнгө цуглуулчихаж. Гар татах байгууллага, хүмүүс таарах уу?
-Олны дунд байх л юм билээ. Жирийн хүмүүс бол “өгье гэвэл ганцаасаа” гээд боломжоороо л тусална. Харин энэ тэрбумтнууд, баячууд бол хэцүү л юм билээ.
-Нууц биш бол ганц хоёрыг хэлж болох уу?
-Бололгүй яахав. Одоо энэ УИХ-ын гишүүн тэрбумтан оффшорчин Б.Дэлгэрсайхан чинь манай нутгийн, аав ээж нь бидэнтэй аяга амандахаа хувааж байсан хүмүүс л дээ. Ядарсан үед энэ хүү л тусалж магадгүй гээд хоёр удаа өргөдөл өгч арваад удаа ажил дээр нь очсон. Уулзах байтугай оруулаач үгүй. Тэдний оффис Урт цагааны ард байсан л даа. Сүүлдээ жижүүр нь миний нэрийг асуугаад л захирал алга байна гэдэг болсон. Хүмүүсээс нь асуухаар байж байсан байдаг. Ингээд хэдэн сар яваад уулзаж чадаагүй.
-Төрийн албаны том хүмүүст хандаж байв уу?
-Хандсаан хандсан. Эрүүл мэндийн яамны тухайн үеийн удирдлагуудтай уулзсан. Жинхэнэ эмч, хүний төлөө санаа тавьдаг хүмүүсийг энд л олж харсан. Эх нялхсын эрүүл мэндийн төвийн асуудал хариуцсан Соёлгэрэл гэж эмэгтэй ямар сайхан хандсан гээч. Ээлжийнхээ амралтыг орхиж ирээд өчнөөн хоног хөөцөлдөж арван сая төгрөгийн зөвшөөрөлийн бичиг гаргуулж өгсөн. ЭМЯ гэдэг газар ийм л сайдтай баймаар юм билээ гэж бодогдож байсан. Түүнийг нь бариад Сангийн Яамны сайд С.Баярцогт дээр очсон чинь “Сайд дарга нарт 10 саяын тусламж үзүүлдэг юм. Жирийн хүмүүст бол таван саяас илүү олгох ёсгүй” гээд талыг нь хасаад хаячихаж билээ. Өнөөх тэрбумтан-оффшорчин С.Баярцогт шүү дээ. Би “Монголын төрд гавьяат болтлоо зүтгэлээ. Битгий хасаач дээ” гэж бараг л өвдгөнд нь сөхөрч гуйсан даа. Тэрээр огт жишимч үгүй “харин танд жирийн иргэдийн дээд хэмжээгээр олголоо шүү дээ” гэхчлэн тохуурхана билээ. Ийм явдал бол тохиолдох л юм билээ. Гачууртын Чинбатыг яаж царайчиллаа даа! Баячууд хүний зовлонг мэддэггүй, тоглож тохуурхдаг юм билээ.
-Та тэгээд л Бөөдий сан байгуулъя гэж шийдэв үү?
-Тэгсэн. Миний адил мянга мянган хүн хүүхдээ эмчлүүлэх гэж, өөрсдийгөө эмчлүүлэх гэж харь оронд, харь хүмүүсийн өмнө аврал эрж яваа шүү дээ. Энэ дээд ямбатнууд чинь үүнийг ойлгодоггүй юм. Тэдэнд мөнгө байна. Дуртай цагтаа дэлхийн хамгийн хөгжилтэй орон руу онгоц хөлөглөөд алга болж байна. Өвчин зовлон, үхэл хагацал гэдгийг бараг л мэдэхгүй хүмүүс тэнд сууж байна. Монголд, дотооддоо эмчлэх ямар ч боломжгүй гуч дөчөөд өвчин байдаг гэсэн. Тэр өвчнүүдийг, ядахдаа хүүхдийг нь эмчлэх “эрхтэн шилжүүлжэн суулгах эмнэлгийн цогцолборыг Улаанбаатарын агаар ус сайтай хамгийн сайхан газар, орчин үеийн лабораторийнх нь хамт байгуулаач, эрдэмтэн мэргэдээ энэ чиглэлд гадаадад сургаач” гэж би мөн ч олон удаа бичсэн дээ. Төр , засгийн газар солигдох болгонд л бичиж байсан. Ахмад сэтгүүлч миний үгийг нохой хуцсантай адил өнгөрөөх юм билээ. Гавьяат эмч Жамбалжав, Дорж нарын хүмүүс сайхан санаачилгууд гаргаж байсан боловч бараг л өөрсдөө хэрэгт ороход дөхсөн. Харин сүүлийн үед манай эмч нар элэг, бөөр, чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж, олон хүний амь аварч байгааг сонсоод баярлаж л суух юм даа. Баар цэнгээний газар, архи тамхины үйлдвэр, сан нэртэй шулааны газруудад мөнгө цацаж байхын оронд хүнийхээ, тэр дундаа хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн төлөө орчин үеийн бүх төрлийн шаардлага хангасан эмнэлгийн цогцолбор бариасай гэж бодож явдаг.
-Та үүнд л тус болох гэж Бөөдий санг санаачлаад байна аа даа?
-Тэгэлгүй яахав. Ойрын хэдэн арван жилд зайлшгүй гадагшаа явж эмчлүүлэх цуваа зогсохгүй. Өнөөдөр үл танигдах шинэ өвчнүүд нэмэгдэж байгаа нөхцөлд, гадагшаа явж эмчлүүлэх шаардлага илүү ч гарч мэднэ. Иймээс Бөөдий сан хэзээ ч чухал.
-Та “Бөөдий” сан байгуулсан тухайгаа ярина байгаа?
-Сан ч гэхэд “ичмээр дамшиг” л даа. Би чинь нэг л сайхан юм мөрөөдөхөөс биш, Монголын хамгийн ядуу сэтгүүлч нь. Зовоод энэ сангаа албан ёсоор бүртгүүлж чаддаггүй юм. Хувьдаа л сантай хүн. Эх үүсвэр нь, надад сар болгон олгодог “гавьяатын” 150 мянган төгрөг, сүүлийн үед хэвлэгдсэн таван номныхоо борлуулалтыг нэмэрлээд “Бөөдий сан” гэж байгаа юм. Уул нь хөрөнгө мөнгө сайтай сан бол эхний удаад, гадаадад явж эмчлүүлж байгаа хүүхдүүддээ дор хаяж л 1-5 сая төгрөг бэлнээр аваад өгчих юмсан гэж боддог байхгүй юу. Гол нь төрийн ачааллыг хамт үүрэлцэх гээд байгаа юм. Одоо чинь Ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ-ын өргөдлийн байнгын хороо, Засгийн газрын яамдууд дээр туслалцаа дэмжлэг хүссэн өргөдлүүд овоолоотой байдаг юм гэнэ лээ. Тэндээс , горьдсон хүмүүст олдох ч байна, олдохгүй ч байна. Тэгж олон сар, жилээр хүлээж цөхрөлөө барж байхын оронд “Бөөдий” сандаа хандаад л өдөрт нь хэдэн төгрөг авчихдаг болоосой гэж бодсон хэрэг. Надад нь даанч тийм чадал алга. Гэхдээ зүгээр суугаагүй ээ.
-Бага ч гэсэн таны тус дэмийг сонсмоор байна?
-Асрамжийн ясль цэцэрлэгийн хүүхдүүдэд живх тараагаад л эхэлсэн дээ. Сүүлийн хэдэн жилд, жил бүр Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн цусны тасагт эмчлүүлж байгаа хүүхдүүдэд агааржуулагч, хол нутгаас ирсэн, амьдралын боломж муутай хүүхдүүдэд мөнгөн тусламж үзүүллээ.
-Мөнгөн тусламж нь?
-Жил бүр 10 хүүхдэд тавь тавин мянган төгрөг буюу хагас сая төгрөг бэлнээр өгдөг юм. Миний чадал тэр боловч, хүүхэд эцэг эхчүүд чамлалгүй их баярладаг юм шүү дээ. Гадаадад явж эмчлүүлж байгаа хүүхэд, өөрийгөө болон хүүхэд гэр бүлийнхнээ эмчлүүлж байгаа сэтгүүлч нөхөд, арав хориод хүнд 100-200 мянган төгрөг хандивласан. Өгье гэвэл ганцаасаа гэгч л юм даа.
-Өөр ямар ажлууд зохиов?
-“Бөөдий” гэж дууны үг бичсэнд, хөгжмийн зохиолч Шараа ая хийгээд хүүхдийн дуртай дуутай болсон. Хүүхдийн ордонтой хамтарч энэ дууг дуулаачдын уралдааныг нийслэлийн цэцэрлэг, сургуулийн, бага ангийн сурагчдын дунд хэдэн удаа зохион явуулсан. Нэг удаагийн уралдаанд 100 гаруй хүүхэд оролцдог байсан. Эхний байруудад алт, мөнгө хүрэл медаль, диплом, мөнгөн шагналтай. Оролцсон бүх хүүхдэд гарын бэлэг өгнө. Хүүхдүүд их урамшдаг юм шүү дээ. Энэ уралдааны тухай болон Бөөдий дууны хамтлагийн дуу бараг бүх телевизээр цацагдсан. Бас ном, сонинд зөндөө хэвлэгдсэн л дээ.
-Та бол, нэр хүнд бүхий дарга сайд нар, урлаг соёлынхон, бизнесмэнүүд олон хүн таньдаг, заримтай нь их дотно холбоотой ч байдаг биз. Тийм хүмүүсээс дэмжлэг алга уу?
-Би ч сэтгэл зовоод, дэмжлэг хандив эрээд явсангүй. Хүмүүс ч надад санал тавьж байгаагүй. Одоо чинь хүмүүс заавал нэг “хариу” хардаг болсон байна. Тэтгэврийн хөгшнөөс ямар хариу харах билээ дээ. Сонгуулийн үеэр хүмүүс намайг санаж, надад “хайртай” болдог л доо. Би зарим тэрбумтанд энэ саналаа тавьж байсан. Нэг нөхөрт би “Чи уяачдын холбооны наадмыг тэрбумаар ивээн тэтгээд, санал гуйж явахын оронд “Бөөдий” санд ганц зуун сая төгрөг хандивлачих л даа. Би сайхан сурталчилаад өгнө. Хаанаас ч дэвшлээ гэсэн таныг “Буянт үйлстэн” гээд хүн бүхэн санал өгнө. Та дэвэн дэлхий тойрч, дэмий юм ярьж явсны хэрэггүй. Монгол хүний нэг онцлог нь буянт үйлс бүтээсэн хүнд их дуртай. Таныг гэртээ гэдсээ илээд хэвтэж байхад чинь л, зуун хувь саналаа өгчихсөн байна” гэсэн чинь чихээ бөглөөд л арилж өгсөн. Одоо хүртэл уулзаагүй. Дээдчүүл иймэрхүү л байдаг байхгүй юу.
-Та “Бөөдий” сангаа албан ёсоор бүртгүүлэх үү?
-Надаас өмнө албан ёсоор бүртгүүлчихсэн “Бөөдий сан” байдаг юм билээ. Ямар зорилготой, юу хийдэг сан гэдгийг мэдэхгүй. Хэрэв би бүртгүүлэхэд хүрвэл “Их Бөөдий” “Том Бөөдий” гэхчлэн арай өөр нэрээр л бүртгүүлэх байх. Санг бүртгэхэд хөрөнгийн хэмжээ ч гэх юм уу, зохих шаардлага хангасан байх ёстой л доо. Миний сан бол дэндүү ядмаг. Гэхдээ Монголд буянтан олон л доо. Хэн нэгэн буянтан дэмжээд, олны талархал хүлээсэн “Бөөдий” сан болохыг ч байг гэх газаргүй. Гол нь , монголчууд намайг сан байгуулах нэрээр хэдэн төгрөг тонших хүн биш гэдгийг л сайн ойлгож байгаа байх.
-Та чинь номнууддаа “Миний ээжийн арван сургаал” гээд юу гэж бичдэг билээ?
-Миний ээж , арван сургаал дотроо “Хөлс гаргалгүй олсон ганц зоос ч хоол болдоггүй юм” гэж сургасан. Би болон манайхан тэр л сургаалаар яваа.
-Та түрүүн хэллээ. Гадаадад зайлшгүй явж эмчлүүлэх шаардлагатай хүмүүсийн цуваа ойрын хэдэн арван жилдээ татрахгүй гэж. Тэгэхээр “Бөөдий” сангийнхаа ирээдүйг та ер нь юу гэж харж байна?
-Би мөрөөдөмтгий хүн гэдгээ түрүү хэлсэн. Хэзээ нүд анина, тэр хүртэл “Бөөдий” сангийн тухай сайхан бодол сэтгэлд минь байх л болно. “Бөөдий” сан арвижаад, нэр хүнд нь өсөөд ирвэл Улаанбаатарын ойролцоо хамгийн сайхан газар нутагт “Бөөдий” цогцолбор сүндэрлэж босно. Бөөдий цогцолборт орчин үеийн тоног төхөөрөмжөөр өвч бүрэн тоноглогдсон эмнэлэг, лаборатори, сувилал байнга ажиллаж байна. Дотооддоо хүүхдийн бараг бүх өвчнийг эмчилдэг, зайлшгүй гадаадад явах болбол бүх зардлыг нь “Бөөдий” сан даадаг, сан тайлангаа жил бүрийн эцэст эцэг эх олон түмэнд тавьдаг, нээлттэй орчин байна. Гадаадын хүүхдийн эмнэлэг, сувилгааны газруудтай холбоо тогтоож байнга өвчтөн, сувилуулагчид солилцдог болно гэхчлэн…
Жишээ нь, цацрагийн хордлогыг гүүний саамаар эдгээсэн туршлага Монголд л бий. Хэдэн жилийн өмнө нэрт эмч Батчулуун “Найрамдал” зуслангийн захирал байхдаа Украины цөмийн цацрагийн хордлогод нэрвэгдсэн олон хүүхдийг авчирч амраахдаа гүүний саам уулган сайхан эдгээсэн шүү дээ. Ийм харилцан эмчилгээ-сувилгааны газар болгох зорилготой юм. Энэ бүхнийг ганцхан “Бөөдий” сан амжуулна гэвэл худлаа л даа. Төр засаг, олон нийтийн зүгээс дээд зэргийн анхаарал халамж чухал. Магадгүй, “Бөөдий” сан хожим хойно Монголын бүх ард түмэнд үйлчилдэг өгөөмөр буяны сан болохыг ч байг гэх газаргүй. Бөөдий сангийн ордны босгыг алхахад л энэ ариун үйлсэд хандив өргөсөн хүмүүсийн нэр хаяг алтан үсгээр бичигдсэн самбар, угтах болно. Энэ бол өвгөн сэтгүүлчийнх нь зөгнөл ч гэх үү дээ.
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Нэг, Хоёр, Гуравдугаар арван жилийг 19881998 онд төгссөн төгсөгчдийг энэ удаагийн “Нэг анги” буландаа оролцууллаа.
Өнгөрсөн онд төгсөлтийнх нь хорин жилийн ой тохиожээ. Тэртээ 1998 онд сургуулиа төгсөөд үеийн найзууд өөр өөрийн сонгосон замаараа салан одоцгоож байжээ. 1998 онд дунд сургууль төгсөгчдийн хувьд их онцлогтой байж. Тухайн үеийн боловсролын системийн туршилттай холбоотойгоор улс даяар 1989 онд нэгдүгээр ангид элсэн орсон сурагчдыг гуравдугаар ангиас нь шууд тавдугаар ангид нь анги алгасуулан оруулж гэнэ. Өмнөх жилийнх нь 1988 оны нэгдүгээр ангийн элсэгчидтэй нь хамт нэг ангид оруулж байсан гэж ангийнхан дурсацгаана. Өөрөөр хэлбэл, 1980 болон 1981 онд төрсөн хүүхдүүд 1998 онд аравдугаар ангиа төгсөж байсан аж.
Ангийн анд Ж.Нямсүрэн нь ардын жүжигчин Д.Ичинхорлоогийн нэрэмжит Архангай аймгийн Хөгжимт драмын театрын даргаар ажилладаг юм байна. Тэрээр “Манай ангийнхан их олуулаа. Бусад оны төгсөгчдөөс хоёр дахин олон гэсэн үг. 1990ээд оны нийгмийн шилжилтийн үед сурч, хоёр өөр нийгмийн үед хоёр өөр боловсролын тогтолцооны бодлогоор суралцацгаасан. Социализмын үед пионерт хүртэл элсээд амжсан хүмүүс. Тухайн үедээ олон хүүхэд байсан учраас сургуулиуд олон бүлэгтэй. Анги дүүргэлт 40-өөс багагүй хүүхдүүдтэй. Аливаа уралдаан тэмцээн их өрсөлдөөнтэй болдог байлаа” хэмээн хуучлав. Архангай аймгийн төв гурван дунд сургууль, нэг бага сургуультай байсан.
Гурван сургуульд тус бүрт нь долоогоос найман бүлэг, аймгийн хэмжээнд арван жилийн сургуультай. Арваад суманд хоёроос гурван бүлгийн 1000 гаруй сурагчид төгссөн байдаг гэв. Ангийнхан сургуулиа төгсөөд элсэлтийн шалгалт өгөхөд л олуулаа төгсчээ гэдэг нь илт мэдрэгдсэн байна. Жил жил ирдэг их, дээд сургуулийн хуваарийн тоо хэвээрээ боловч нэг сургуулийн хуваарь дээр өрсөлдөж байгаа хүүхдийн тоо их олон байсан гэнэ. Харин одоо эдний ангийнхан дундаас салбар бүрт амжилттай явж, нийгэмд манлайлж яваа хүмүүс олон бий. Эргээд бодоход хүүхэд насны олон сайхан дурсамжууд байдаг аж. Хавар намрын цэвэрлэгээ, намар өвсөнд явах, өвөл замын мөс цэвэрлэх гэх зэргээр нийтийн ажилд зохион байгуулалттайгаар их оролцдог байжээ. Энэ хүмүүжил төлөвшил нь ангийнхныг 20 жилийн ойгоороо нийгэмд тустай ажлууд санаачлан хэрэгжүүлэхэд нөлөөлсөн юм болов уу.
Эдний ангийнхан ойн баяраараа олонд тустай, нийгэмд хэрэгтэй, төрөлх нутаг, байгаль орчноо хамгаалах чиглэлээр ажил санаачлан хийж, тэмдэглэн өнгөрүүлжээ. Хорин жилийн ойдоо зориулан хорин сайн үйлсийг санаачлан өнгөрсөн оны хавар дөрөвдүгээр сараас эхлүүлэн он дуустал бүтэн есөн сарын хугацаанд нөр их ажлуудыг хамтран хийж амжилттай дуусгасан байна. Тухайлбал, 98 зорилтот бүлгийн хүүхдүүдэд хүүхдийн баяраар бэлэг гардуулж урам, сэтгэлийн дэмээр бэлэг барьжээ. Тамирын голоо цэвэрлэж амралт зугаалгын бүс болох голын эрэг дагуу гурван километр газрыг хамгаалсан. Тамир зуслангийн хүүхдийн тоглоомын талбайг тохижуулсан аж. Зорилтот бүлгийн гурван айлыг иж бүрэн дулаалгатай өргөө цагаан гэртэй болгож хашааны газартай болгожээ. Нийслэлд нэг айлд өргөө цагаан гэр бэлэглэсэн аж.
Харж хандах хүнгүй дөрвөн хүүхдэд хувцас, хоол хүнс, мөнгөн тусламж үзүүлсэн гэх зэргээр ангийнхан хуучиллаа. Хүнд өвчтэй болон хавдартай гурван хүнд эмчилгээний зардалд нь туслав. Нийт 13 хагас болон бүтэн өнчин хүүхдүүдэд ирээдүйн боловсролд нь зориулж хадгаламжийн дэвтэр нээж өгсөн. Хагас өнчин оюутанд сургалтын тэтгэлэг олгожээ.
Аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурдаг тусгай сургуулийн 25 сурагчид хичээлийн хэрэгсэл бэлэглэж сурах эрмэлзэл, урам зориг бэлэглэсэн гэж ярилаа. Аймгийн төрөх тасагт очин шинээр төрсөн дөрвөн нярайд Монголын үрс маш олон болохыг бэлгэдэн нярайн хэрэгсэл бэлэглэсэн байна. Аймгийн төрөх тасагт нэн яаралтай хэрэгтэй байсан, суурин автомат эмнэлгийн аппарат хоёр ширхэгийг бэлэглэжээ. Мөн аймгийн нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн тасагт тус аппаратыг хоёр ширхэгийг бэлэглэв. ”I Love Arkhangai” гэсэн дэлхийн жишиг хотуудад байдаг “Би хотдоо хайртай” хөшөөг нутгийн өнгө аясаа шингээн хийж аймгийн гэрэлт гудамжинд байрлуулан нутгийнхаа өнгө үзэмжинд болон дотоод гадаадын аялагч, жуулчдын нүдийг хужирлах бүтээл болгон хүлээлгэн өгсөн гэж байлаа.
Ахмадын баярыг тохиолдуулан аймгийн 98 ахмад настанд баярын тоглолт хийн гарын бэлэг гардуулсан гэнэ.
Мөн ойн ажлын хүрээнд хийсэн бас нэг томоохон ажил нь МУАЖ Д.Ичинхорлоогийн нэрэмжит Архангай аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийнхээ хийж байгаа шинэ уран бүтээл болох шашин төрийн гурван зулын нэг, нэрт соён гэгээрүүлэгч халхын Зая бандид Лувсанпэрэнлэйн түүхэн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн төрийн соёрхолт С.Соронзонболдын хөгжим “Зая гэгээнтэн” түүхэн дуулалт жүжгийн санхүүжилт болон энэ түүхэн жүжгийг энэ оны гуравдугаар сард Улаанбаатар хот дахь тоглолтын зохион байгуулалтад ангийн төгсөгчид дэмжиж оролцжээ. Энэ нь ард иргэдэд маш их таалагдсан үйл ажиллагаа болсон гэх зэргээр хорин ажлыг ойдоо зориулан санаачлан хийж гүйцэтгэсэн гэнэ. Нийгмийн сайн сайхны төлөө олон санаачилга гаргаж, хүмүүст эерэг хандлага төлөвшүүлэхийн төлөө сайхан сэтгэл өвөрлөн эдгээр ажлыг хамтдаа хийсэн гэдгээ ангийнхан дурссан юм.
Ухаант хүний түүхэнд мянга мянган суутнууд, эрдэмтэн мэргэд төрөн гарсан, гарсаар ч байгаа. Мэдээж өнөөдрийн шинжлэх ухааны шилдэг амжилтууд гэнэт гараад ирээгүй нь ойлгомжтой. Зарим үед амиа ч алдаж магадгүй байсан түнэр харанхуй эрин үеийн дундаас бамбар болон дүрэлзсэн оюун билэгийн суу ухаант охид хөвгүүдийн замналаас өнөөгийн шинжлэх ухаан төрөн гарсан билээ. Тэдгээр суут мэргэдийн нэг бол Польшийн одон оронч Николай Коперник ажгуу. Тэрбээр 1473 онд Торунь гэх жижгэвтэр хотын гэгээн Аннын гудамжинд боломжийн ахуй амьдралтай гэр бүлд мэндэлсэн гэдэг.
1489 оноос Варминскийн хамба лам болох нагац ах Лукас Ватценрод Николай Коперникийг халамжлах болов. Коперник 1491 онд математик, одон орон судлалаараа алдартай Краков хотын академид суралцаж эхэлсэн байна. Тэрээр одон орон судлаач Войцехын шавь болов. 1495 онд сургуулиа төгсч, жилийн дараа Болонид хуулийн чиглэлээр суралцаж эхэлжээ. Коперник одон орон судлаач Мария Новаратай ойр дотно хамтран ажиллаж, түүний нөлөөгөөр сарны хөдөлгөөний онолыг эсэргүүцсэн судалгааг хийж эхэлжээ. 1497 онд тэрээр Варминскийн бүрэн эрхт санваартны хэргэм хүртэв. Харин 1500 онд Ром дахь католик шашны албанд өөрийн ах Андрей Коперникийн хамтаар хуулийн дадлага хийж байжээ. Тэнд байхдаа Коперник арваннэгдүгээр сарын 5-6-ны шөнө болсон сар хиртэлтийг ажигласан байна. Тэрээр Варминскийн тэргүүнээс зөвшөөрөл аван Падуан дахь анагаахын сургуульд суралцаж эхэлсэн ба хуулийн чиглэлээр ч үргэлжлүүлэн суралцсан юм.
Тухайн үедээ өндөр боловсрол эзэмшсэн түүний үзэж судалсан эрдэм нь голдуухан шашны талын ном байсан. Гэвч цаг заваа ашиглан өмнөх үеийн эрдэмтэн мэргэдийн нээлтүүд, одон орны бүтээлүүдийг хичээнгүйлэн судалж, энэ талаар тун сайн мэдлэг олж авсан байдаг. Мөн улс төр, анагаахын болон гүн ухааны талаар сайтар боловсорсон Коперник эх орондоо буцаж ирэхдээ тал бүрийн өргөн мэдлэгтэй болсон байв. Ер нь бол одоогийн хэллэгээр мань хүний үндсэн мэргэжил нь одон оронч биш бөгөөд сонирхол нь байсан гэж тэмдэглэгджээ. Гэвч түүний сонирхол нь хүн төрөлхтний түүхэнд эгнэгт мөнхрөн үлдэх аугаа нээлтүүдийг хийсэн юм. Коперник нутагтаа эргэн ирснийхээ дараа сүмд дээгүүр албан тушаал хашиж байсан бөгөөд шөнийн цагийг ашиглан одон орны судалгаануудаа хийж байлаа. Н.Коперник Италид сурч байхдаа нар дэлхийг тойроод эргээд байдаг юм биш, харин дэлхий нарыг тойрч эргэдэг гэх үзэлтэй сайтар танилцан яв цав үнэн гэдэгт итгэжээ.
Одоогийнхтой харьцуулахын аргагүй хүчин чадал муутай дурангаар тэнгэр эрхэсийн хөдөлгөөнийг уйгагүй ажиглан зүтгэсээр, олон жилийн ажиглалт, судалгаандаа тулгуурлан “Гариг эрхэсийн хөдөлгөөн” гэх бүтээлээ туурвилаа. Тэрбээр эл суут бүтээлээ 40 орчим насандаа бичив. Гэвч тухайн бүтээл нь албан ёсоор нэлээд хожуу буюу 1543 онд түүнийг 70 настай байхад хэвлэгдсэн байдаг. Ийнхүү бараг 30 шахам жил хэвлүүлэлгүй байсны учир нь шашныхны улайрсан, галзуурсан эсэргүүцэлтэй л тулгарсаных. Тухайн үед шашны үзлээс өөр үзэл санаа гаргавал ад зэтгэртэй нөхцсөн хэмээн шууд амьдаар нь шатаачихдаг байсан цаг үе. Энэ бүтээл нь тухайн үед ноёлж байсан “Дэлхий бол ертөнцийн төв бөгөөд огт хөдөлгөөнгүй оршдог. Гагцхүү бусад гариг эрхэс, нар тэргүүтэн бурханы тааллаар түүнд зориулагдан оршдог юм” гэсэн шашны сүм хийдийн ойлголтод томоохон доргио өгсөн юм. Н.Коперник Ангараг, Буд зэрэг бусад гаригууд дэлхийг тойроод байдаг биш юм байна аа. Харин дэлхийтэй хамт нарыг тойрон эргэдэг, сар нь дэлхийг тойрон эргэдэг гэж дүгнэн, нарны системийн гаригуудын хөдөлгөөнийг харуулсан одон орны зургийг зохион зурлаа. Сонирхуулахад, Н.Коперник 1528 онд “Зоос хийх аргачлал” нэртэй бүтээлийг бас гаргасан байдаг. Энэ үедээ тэрбээр мөнгөний системийг боловсронгуй болгох тал дээр давхар ажиллаж байжээ.
1543 онд хэвлэгдэн гарсан “Гариг эрхэсийн хөдөлгөөн” гэх бүтээл нь гарсан даруйдаа маш их шуугиан дэгдээлээ. Мартин Льютер хамба тэргүүтэй шашныхан түүний онолыг идэхтэй эсэргүүцэж байв. Гэсэн ч Коперникийн нээлтийг Данийн Тиго Браг, Германы одон оронч Кепплер нар улам боловсронгуй болгон олон олон шинэ нээлтүүдийг хийсэн юм. Эртний Грекийн гүн ухаантан Аристрах Самоский уг нь наран төвт гариг эрхэсийн системийн талаар таамаглаж байсан хэдий ч баталж чадаагүй байдаг.
Тэгвэл хүн төрөлхтний түүхэнд нар төвтэй системийг гагцхүү Н.Коперник баталж чадсанаараа өнөөгийн шинжлэх ухаанд үл мартагдах гавьяаг байгуулсан билээ. Энэ нээлтийг хийснээрээ тэрээр харанхуйд төөрч явсан хүн төрөлхтний мэлмийг нээж, араасаа олон олон судлаач эрдэмтдэд зам мөрийг нь засч өгсөн юм. Тэдгээр эрдэмтэн судлаачдын дунд суут Г.Галилей, И.Ньютон, И.Кепплер нар нэн тэргүүнд бичигдэнэ. Н.Коперник тун нарийн тооцоо хэрэглэн наран төвт системийн онолыг нээсэн нь гаригуудын хоорондын зайг бодож гаргах зэрэгт үнэн зөв тайлбар өгөх боломжийг бүрдүүлэв. Олон зууны туршид ноёрхож байсан дэлхий төвд үзэл буюу Птолемейн сургаалыг үгүйсгэсэн нь шашны шаргуу эсэргүүцэлтэй тулгарч байсан тухай дээр өгүүлсэн. Ямартаа ч дэлхий төвд үзэл ямар нэгэн байдлаар няцаагдсаар өнөөгийн одон орны шинжлэх ухааны хөгжлийн замыг гэрэлтүүлсэн гавьяа Польш эрдэмтэнд үүрд оногдох ажгуу…
Тухайн үеийн эрдэмтэн судлаачдаас Н.Коперникийн онол болон нээлтийг хамгийн сайн хөгжүүлсэн нь Галилей Галилео байлаа. Тэрээр тэнгэр эрхэсийг дурангаар хянан ажиглаж, Коперникийн онолыг баталгаажуулж байсан юм. Гэвч мөн л шашныхны хатуу эсэргүүцэлтэй мөн л тулгарч байв. Ямар сайндаа насныхаа эцэст өөрийн үзлээсээ хүртэл ухрахаас өөр сонголтгүй хүртэл болж байв. Шашны шүүхээс гарахдаа “Дэлхий яалтгүй л нарыг тойрч эрэгэдэг юм даа” хэмээн амандаа бувтнасан байх вэ дээ. Н.Коперникийн онолоос бас нэг чухал нээлтийн санаа дэвшүүлсэн хүн бол Жордана Бруно юм. Тэрээр өөр, өөр олон ертөнцүүд байдаг бөгөөд тэд мөн л өөр өөрийнхөө нарыг тойрон эргэдэг гэсэн санаа байв.
Энэ нь ертөнц болгон бие даан оршдог. Тэд эмх замбараагүйгээс цэгцэд ороод буцан задардаг гэх санаа юм. Өнөөгийн шинжлэх ухааны өндөрлөгөөс харвал Дэлхий төвт үзэл үнэхээр гэнэн, хүүхдийн тоглоом гэхээр. Гэвч энэхүү үзлээс татгалзан, нар төвт системийг үнэн зөв юм аа гэх болтлоо хүн төрөлхтөн чамгүй урт хугацааг зарцуулсан билээ.
Ч.Цэрэндолгор Лүнгийн сургуульд байхдаа
Түүний ханьдаа зориулсан шүлэг.
САЙХАН ЧИ МИНЬ
Эх дэлхийн дагуул нь
Саран эгч гуай бол
Энэхэн миний дагуул
Сайхан чи минь юм
Шөнийн цагтаа саран
Дэлхийн ертөнцийн дэнлүү бол
Өдөртөө ч гэсэн чи наддаа
Өрхт гэрийн минь дэнлүү
Сайншанд 1974 он
“БАЯРЛАСАН ӨДӨР”
Би Пунцагийн Бадарчийг төрийн соёрхол хүртэхэд, Дэчингийн Доржийг гавьяат багш болоход баярласандаа хорь гаруй жил амсаагүй архи гэдэг ундаанаасаа ганц хундага татмаар санагдаж билээ. Энэ бол миний ээж ааваасаа авч үлдсэн төрөлхийн араншин юм. П.Бадарчийг Монголын ард түмэн танина. Харин дотны нөхөр Д.Доржийг маань тэр болгон мэдэхгүй байж магадгүй. Тийм учраас хорин настай, хонгорхон үстэй байхаас нь өнөөдрийн өдрийг хүртэл найз нөхөр явсаны хувьд түүний эгэл бус нээлтүүд, сонирхолтой түүх намтраас товч боловч өгүүлэхийг хичээлээ.
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН АХМАД НАСТАН, АНАГААХ УХААНЫ “ЭНЭРЭЛ” ДЭЭД СУРГУУЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ДОКТОР ПРОФЕССОР Д.ДОРЖИЙН ХИЙЖ БҮТЭЭСЭН АЖИЛ, НОТЛОХ БАРИМТУУД
Боловсролын улсын хяналтын алба анх байгуулагдахад тулгын чулууг нь тавилцсан ахмад настан Д.Дорж нь улсад 55 жил ажиллахдаа, 53 жилийг нь эрүүл мэндийн боловсрол, эрдэм шинжилгээний байгууллагад хүчин зүтгэж (53 жил багшилсан), 10 гаруй мянган эмнэлгийн дээд ба дунд мэргэжилтэн бэлтгэн гаргахад багшилж, мөн 10 гаруй зүйлийг санаачилж Монголдоо анхдагч нь болсон бөгөөд одоо ч сурган хүмүүжүүлэгч, удирдах ажлаа хийсээр яваа, шинийг санаачлах байнгын эрмэлзлэлтэй, хөдөлмөрч бүтээлч хүн юм.
Д.Дорж Боловсорлын улсын хяналтын албанд байхдаа чамгүй сайн ажиллаж байжээ. Анагаахын сургуулиуд, түр сургалтуудыг хариуцдаг байв.
Эдгээрийг цэгцлэхийн тулд 1992 онд анагаахын чиглэлээр сургалт явуулах журам боловсруулж, боловсролын сайд, эрүүл мэндийн сайдын 995/б 181 тоот хамтарсан тушаалаар, 1996 онд түр сургалтыг аттестатчилах журам боловсруулж, ШУБЯ-ны сайдын 81 дүгээр тушаалаар тус тус баталгаажуулан мөрдөж ажиллажээ.
АЛДРАЙХАН НАСНЫ МИНЬ АНДУУД
(Б.Ядамсүрэн, Г.Улаан нарын эмхэтгэн найруулсан номоос…)
…Ангийн маань өндөрдүү нуруутай хөвгүүдийн нэг Дорж 10 дугаар ангиа төгсөхдөө ангийн багш, нэрт зохиолч Д.Маам багшаасаа “Дорж хийе гэснээ хийж, хэлсэндээ заавал хүрдэг, шудрага”-гэсэн тодорхойлолт авсандаа урамшиж, насан туршдаа баримтлах зарчмаа болгосон бүтээл арвинтай нэгэн. Дорж Анагаахын сургуулиа төгсмөгц хүмүүсийн төдий л их дурладаггүй байсан говь нутагт хуваарилагдаж залуу насаа өнгөрөөсөн. Дорноговь аймгийн Хар-Айраг, Даланжаргалан суманд хүний их эмчийн салбарын эрхлэгч, Сайншанд хот дахь АУ-ны дунд сургуульд багш зэрэг ажлыг 10 гаруй жил хийж, чухам хөдөөгийн ард түмний дунд жинхэнэ эмч болж боловсрох, “элдүүр нь хангагдах”, байнга шинийг эрэлхийлэх замд эргэлт буцалтгүй оржээ. Ингээд 1975 оноос Улаанбаатар хотод шилжин ирж, АУХ-д эрдэм шинжилгээний ажилтан, МУИС, АУИС-д багш, 1991-1999 онуудад БУХА-д хяналтын албаны байцаагч, мэргэжилтнээр ажиллаж байгаад цаг төрийн өөрчлөлтийг овсгоотой ашиглан Анагаах Ухааны “Энэрэл” коллежийг үүсгэн байгуулах ажилдаа идэвхийлэн орсон байна.
Энэ хугацаанд 1973 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шугамаар ЗХУ-д мэргэжил дээшлүүлэх курс, 1978 онд эрүүлийг хамгаалахын зохион байгуулагчийн курс, 1985 онд МУИС-ийн дэргэдэх дээд сургуулийн сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх зүйн үндэс судлах хоёр жилийн, орос хэлний нэг жилийн курс зэргийг төгсөж, мэдлэг мэдргэжлээ дээшлүүлэх талаар уйгагүй, цаг хугацаа харамгүй зарсан ажээ. Мэргэжил дээшлүүлэх курсэд сурч байхдаа ЗХУ-д туршилт зүйн мэс заслыг хөгжүүлэхэд онцгой гавъяа байгуулсан доктор В.П.Демиховтой ойр дотно танилцаж, нохойд эрхтэн суулгах мэс заслыг үзэж, зарим хагалгаанд нь оролцон, гардан хийж туслалцах сайхан боломж олдсон байна. Эх орондоо буцаж очоод урдын хийж байсан туршилтуудаа улам боловсронгуй болгон, Улаанбаатар хотод шилжин томоохон клиникуудад ажиллах юмсан гэдэг чин хүсэл түүнийг эзэмдэж эхэлсэн байна.
Д.Дорж маань бас зохиолч, сэтгүүлч хүн. “Сувилагч” сониныг санаачлагч, “Өвөл ургасан цэцэг”, шүлгийн түүвэр, “Нар тоссон говь” үргэлжилсэн үгийн ном, “Бэлтгэл сувилагчийн сурах”, “Эмч зөвлөж байна”, “Монголын даамчид” зэрэг уран зохиол, мэргэжлийн 10 гаруй ном бичиж, бас 60 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн байна.
Д.Дорж нь Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат Ч.Цэрэндолгортой гэр бүл болон, 6 хүүхэдтэй, 12 ач зээ нартай, 57 жил хамт жаргалтай сайхан амьдарч байна. Гэргий нь эх баригч бага эмч мэргэжилтэй, одоо хувийн сургуульдаа ажиллаж, аж ахуйн болон сувилагч, эх баригч бэлтгэх ажилд бүтээлч хувь нэмрээ оруулсаар байна. Хүүхдүүд нь бүгд боловсролтой, ажил хөдөлмөр эрхлэж байгаа, өнөр өтгөн сайхан гэр бүл бөлгөө. Хүүхдүүдийнх нь зарим АНУ-д амьдарч, ажиллаж даяаршиж буй Монголын нүүр царайг харуулж буй.
Д.Дорж нь уйгагүй хөдөлмөрч, байнгын тэмүүлэлтэй, аливаа юмыг сэдэж санаачлахдаа сайн, зорьсон зорилтондоо заавал хүрэх чин зүтгэлтэй, зүгээр суудаггүй, муугүй бизнесмэн хүн. Энэ чанар нь түүнийг олон зүйлийг санаачлах, өсч өндийхөд нь чамгүй тус болсон нь мэдээж гэжээ.
Үнэхээр тийм. Би Дорноговиос эхлээд Улаанбаатар хотод одоо хүртэл хамт амьдарч байгаагийн хувьд санаачилж сэдсэн, анхдагч болсон 11-н зүйлийг нь он дарааллаар сийрүүлэн бичье.
Нэг. Одоогоос 45 жилийн өмнө буюу 1974 онд нохойн цээж, бөгсийг салгаж, нөгөө нохойд залган, толгой, зүрхийг тусгаарлан ажиллуулсан нь манай улсад эрхтэн шилжүүлэн суулгах ажлын анхны эхлэл болжээ. (Манай улсад 30 гаруй жилийн дараа буюу 2006 онд Хятад, Солонгостой хамтран хүн дээр бөөр суулгаж эхэлсэн).
Д.Дорж Дорноговь аймгийн Сайншанд хотод Анагаахын сургуульд багшилж байхдаа оюутнуудын дунд мэс заслын дугуйлан байгуулж туршилтыг хийжээ. Хичээлийн эрхлэгч Д.Нямхүү (гавъяат багш болсон) ажилд нь анхаарал тавьж тусалдаг байсан ба Улаанбаатар хотоос шинэхэн ирсэн залуу багш Р.Шагдарсүрэн (одоо Монгол Улсын гавьяат эмч, академич болсон) хамтран зүтгэгч нь болжээ. Дорж туршилтынхаа ажлыг бүр суманд ажиллаж байхаасаа эхэлсэн бөгөөд /тэр үед малын эмч найз Б.Цэнд-Аюушийн сургуулиа төгсөхөд нь бэлэглэж өгсөн “малый хирургический набор” буюу хагалгааны иж бүрдэл багажнууд их хэрэг болдог байж/ 1967 онд Анагаахын сургуульд ирээд дэлүү авах, гэдэс залгах, бөөр суулгах туршилтыг хийсээр байв. Нохой олоход нь эрэгтэй оюутнууд их тусалдаг, өөрсдөө ч их сонирхдог байжээ. Тэр үед дэмжлэг хүсч Эрүүлийг хамгаалах яаманд албан бичиг явуулахад ийм хариу иржээ.
“Одоогоор манай улсад ийм хагалгаа хийгдэх бололцоогүй байна. Харин орон нутагтаа амьтад дээр хийхийг зөвшөөрнө. Таны хүсэлтийг сайдад танилцуулсаны үндсэн дээр хариу бичлээ.
ЭХЯ-ны Боловсон хүчний дарга Б.Амгаабазар” гэжээ.
/хавсаргав/.
Тэр үеийн яамны сайд ийм зөвшөөрөл өгсөн нь өнөөдрийн өндөрлөгөөс харвал анагаахын туршилтыг хүлээн зөвшөөрсөн, үнэ цэнэтэй албан бичиг болж байна. Нэгэнт яам зөвшөөрсөн тул Дорж элдэв туршилтын хагалгааг нохойн дээр хийж үзэх ажилдаа шуударч, хөдөөгийн анагаахын дунд сургууль лабораторийн бааз болох нь тэр. Чухам энэ үеэс л тэрбээр бөөр шилжүүлэн суулгах, зүрх тусгаалан ажиллуулах туршилтын мэс заслыг нохойд зоригтой хийж эхэлжээ. Энэ нь эрхтэн шилжүүлэн суулгах хүн төрөлхтний хүсэл мөрөөдөл залуу эмчид хүчтэй туссаны илрэл, залуу халуун эрч хүчтэй, оргилуун, тэргэл сар шиг гэрэлтэй байсан үе нь гэлтэй.
Энэ тухай миний бие 1974 онд “Ялалт” сонинд “Зүрх дахин цохиллоо” нэртэй нийтлэл хэвлүүлсэн билээ.
Түүнээс хэсэгчлэн авав.
2009 оны Өдрийн сонины 308 дугаарт
Эрүүл мэндийн сайд асан Ш.Батбаяр (Шаабар) “Монголд 35 жилийн өмнө эрхтэн суулгах мэс заслыг хийжээ” гэсэн өгүүлэл, 2012 оны Зууны мэдээ сонины №15-д “Монгол Улсын гавьяат эмч, зүрхний зөвлөх А.Өлзийхутаг “Эрхтэн суулгах ажлыг эхэлж сэдсэн, хийсэн хүн бол Дорноговийн Дорж” нийтлэл бичсэнээр анхны анхдагч нь түүхэнд мөнхрөн үлдсэн байна.
Хоёр. Мөн одоогоос 45 жилийн өмнө буюу 1974 онд “Донор” нэртэй зөгнөл сэдвийн өгүүлэл бичсэн нь 1975 онд “Нар тоссон говь”- номонд хэвлэгдсэн. Энэ өгүүлэл нь 2013 онд “Ардчилал”, 2014 онд “Зууны мэдээ”, 2017 онд “Өдрийн сонин”-д тус тус хэвлэгдэн гарчээ. Анхдагч гэсний учир 1978 онд Англи, дараа нь АНУ, Япон, Солонгост “Хуруу шилний хүүхэд” нэртэйгээр хэрэгжиж эхэлсэн ба Монголд одоогоос 10-аад жилийн өмнө хэрэгжиж эхлээд байна.
Гурав. 1978 онд Анагаах ухааны хүрээлэнд байхдаа “Ачит нуурын сав газар” иж бүрэн хэмжээний экспидеци удирдан явуулж “флюороз” гэдэг нутагшмал өвчин шүд ба ясны хэлбэрээр байгааг анх удаа оношлон илрүүлж, шалтгааныг тогтоож, түүнээс урьдчилан сэргийлэх зөвлөмж боловсруулсан.
3.1. Флюорозоос урьдчилан сэргийлэх зөвлөмж (ЭХЯ-ны сайдын 1979 оны 298-р тушаалаар)
3.2. “Шүдний флюороз” илрүүлэх үзлэгийн заавар (ЭХЯ-ны сайдын 1981 оны 133 дугаар тушаалаар) тус тус баталгаажсан.
Флюороз буюу шүд толботох, яс хатуухах өвчин нь фтор ихтэй ундны усыг удаан хугацаагаар хэрэглэснээс хүүхдийн сүүн шүд байнгын шүдээр солигдох үед шинж тэмдэг нь илэрдэг бөгөөд эмчилгээ авахдаа маш муу. Насан туршид нь барын арьсыг санагдуулам шар алаг судал, хар хүрэн толбо тогтож гоо сайханд нь нөлөөлөхөөс гадна хүндэрвэл шүд үйрч унах эмгэг элэгдэл болон улмаар ясны хатуурал болдог, бүх биеийн фторын хордлогот өвчин юм. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх нь л чухал юм. Манай улсад Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймгуудад нутагшмал хэлбэрээр зонхилон тохиолддогийг тогтоосон байна.
Дөрөв. Дорж хэдийгээр эмч хүн боловч 1990 онд Монгол улсад эмнэлгийн газар зүйн шинжлэх ухаанаар эрдмийн зэрэг хамгаалсан анхны эрдэмтэн. Одоогоор эмнэлгийн газар зүйгээр хамгаалсан эрдэмтэн гараагүй байна.
НОТЛОХ БАРИМТУУД:
4.1. География флюороза МНР дисеертаци 1990 г
4.2. Академич Ш.Цэгмид “Газар зүйн шинжлэх ухаан Монголд” ном 2003 он, 51 дүгээр хуудас.
Эмнэлгийн газар зүй нь байгаль орчны нөлөөллийг хүний эрүүл мэндтэй холбон судалдаг шинжлэх ухаан юм. Тэрээр 1980-аад оны үеэс шинжлэх ухааны академийн газар зүйн хүрээлэнгийн эрдэмтэдтэй ойр дотно танилцаж, улмаар ЗХУ-ын (тухайн үеийн нэр) төрийн соёрхолт, газар зүйн доктор Б.Б.Прохоров, академич А.А.Жаворонков, С.В.Рященко нартай холбоо тогтоон ажилласан нь ихээхэн ач холбогдол өгсөн байна. Д.Дорж МУИС, АУДС-д багшилж, ШУБЯ-ны Боловсролын улсын хяналтын алба (БУХА) -нд ажиллаж байхдаа ч, одоо ч эрдэм шинжилгээний ажлаа үргэлжлүүлэн хийж ирсэн юм. Тухайлбал, 1985-1986 онуудад МУИС-иас удирдан зохион байгуулсан хамт олны нийгмийн хөгжлийн (ХОНХ) төлөвлөгөө сэдэвт эрдэм шинжилгээний ажилд хүн амын эрүүл мэнд, өвчлөлийг хариуцан оролцож, Дорнод аймгийн Сэргэлэн, Төв аймгийн Жаргалант сумуудад, Өвөрхангай аймгийн төвийн хүн амын ерөнхий өвчлөлийн түвшинг олон улсын ангиллын дагуу тогтоосон байна. Энэ ажлыг эдийн засгийн тэнхимийн эрхлэгч С.Нямзагд (гавьяат эдиийн засагч болсон) удирдаж байв. 1988-1989 онд Дархадын хотгор, фосфоритын орд газарт доктор Ж.Амгалангийн (шинжлэх ухааны гавьяат ажилтан болсон) удирдаж явуулсан хүн, малын эмч, газар зүйч, геологич, усны химич гэх мэт 20-иод мэргэжлийн хүмүүс оролцсон Биогеохимийн иж бүрэн судалгааны экспедицийн бүрэлдэхүүнд оролцсон юм. Судалгааны үр дүнд хангайн бүсүүдэд зоб, фосфоритын орд газар флюороз харьцангуй өндөр байж болох таамаглалыг баталгаажуулсан байна.
Тав. “Хүний амьдрах ландшафт геохимийн нөхцөл” зураг зохиосон. 1986 он
5.1. Үндэсний атлас – 132 дугаар хуудас, 266 дугаар зураг. Энэ зургийг зохиоход эрдэмтэн С.В.Ряшенко, Эрүүлийг хамгаалан яамны ажилтан А.Дамдинсүрэн (миний багш) ихээхэн тусалжээ.
Зургаа. 1994 онд Эмнэлгийн газар зүйн холбоо байгуулсан.
6.1. Гэрчилгээ №438. Регистр 1014137. Хууль зүйн яам, 1994 он.
6.2. Тус холбоо нь Дэлхийн банкны болон Нидерландын засгийн газрын байгаль орчны итгэлийн сан, Монголын төрийн бус байгууллагын холбооноос зарласан тендерт 2 удаа шалгарч, Дундговь, Сүхбаатар аймагт 2 төсөл хэрэгжүүлсэн. Энэ нь Засгийн газрын 2006 оны 150 дугаар тогтоолтой уялдсан ажил юм. Энэ онд энэ төслөө (2018 оны Засгийн газрын 255 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл шүд – Эрүүл хүүхэд” төслийн хүрээнд) үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Төслийн зорилго нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд флюорозыг эрс багасгах, улмаар устган арилгах, цаашид улсын хэмжээнд нэвтрүүлнэ. Ингэснээр Монгол улсад устаж арилсан өвчний тоо нэгээр нэмэгдэнэ. Энэ төслийг хэрэгжүүлэхэд манай залуу судлаачид, эмч, эрүүл ахуйч нар их үүрэгтэй гэнэ.
Долоо. ШБОС хоёрыг гаргажээ.
7.1. Фтор тодорхойлох хуваарь. Гэрчилгээ №14520
7.2. Ундны усны фторыг ясаар шүүх арга. Гэрчилгээ №16656
Найм. 1999 онд орчин үед эрэлт хэрэгцээ ихтэй, сувилахуйн хувийн хэвшлийн анхны сургуулийг байгуулж, одоо хүртэл удирдах зөвлөлийн даргаар нь ажиллаж байна.
8.1. Гэгээрлийн сайдын 1999 оны 97 дугаар тушаалаар байгуулагдсан.
8.2. Сургууль нь хоёр удаа аттестатчлагдаж, хоёр удаа магадлан итгэмжлэгдсэн. Энэ жил 20 жилийнхээ ойг хийнэ. Нийт 1500 гаруй хүн төгссөнөөс 90 гаруй хувь нь ажлын байртай байна, төгсөгчдийн дотроос олон хүүхэд эх барьж авсан, мэс заслын сувилагч болоод олон удаа хагалгаанд орсон, сувилахуйн арга зүйч, сувилахуйн албаны дарга, их дээд сургуульд тэнхимийн эрхлэгч, сувилахуйн албаны дарга /хуучнаар хичээлийн эрхлэгч/ хийж байгаа, одон медалиар шагнагдсан хүмүүс олон байдаг. Түүгээр ч барахгүй төгсөгч Т.Суранхай ОУУЗ-н нийгэмлэгийн шагнал, Флюоренс-Найтенгелийн шагнал хүртжээ. Д.Дорж сургууль байгуулахад дэмжиж тусалсан курсын андууд, Эрүүл мэндийн яамны боловсон хүчний дарга асан Б.Лхагважав, Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, мэс заслын эмч Г.Нямхүү, Эрүүл мэндийн сайд асан Ш.Батбаяр, сургууль хөгжүүлэхэд тусалж англи хэлний болон мэдээллийн кабинетад 10 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийн тохижуулсан “Итгэл- Хавдаргүй Монгол” сангийн тэргүүн, тэргүүн хатагтай Х.Болормаа нарыг дурсан ярих дуртай. Сургууль шулуун дардан замаар явсангүй. Заримаас дурдахад: Хичээлийн байр барихаар 2002 онд газрын зөвшөөрөл авсан боловч, эмнэлгийн удирдлагууд, газрын албаны зари нөхдүүд эсэргүүцэн, барилгын хашааг трактороор 3 удаа буулгаж, нураах зэргээр 7 жил саад болсон байна. Гэвч Д.Дорж шантралгүй хөөцөлдсөөр 3 шатны шүүхээр орж байж сая нэг барилгаа барьж эхэлжээ.
Ес. Монголд анх удаа 100 буудалт даамын дэлхийн аварга төрүүлжээ. Түүний даам зааж сургасан, дасгалжуулсан ач хүү Г.Гэрэлболд нь 2007 онд Франц улсад болсон өсвөрийн даамчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, оюуны спортын анхны дэлхийн аварга болсон юм. Энэ тухай, тухайн оны радио телевиз, хэвлэл мэдээллээр өргөн сурталчилсан. Дорж өөрөө 2015 онд Узбекистан улсад болсон Ахмад даамчдын Азийн аваргаас хүрэл медаль хүртжээ. Эднийд одоо дэд мастер ба түүнээс дээш зэрэг цолтой 7 тамирчин байдаг аж. Хичээлийн хөтөлбөртөө 100 буудалт даамыг оруулж, зэрэгтэй тамирчид олныг төрүүлжээ. Түүний хөдөлмөрийг Монголын Даамын холбооноос өндрөөр үнэлж, “Биеийн тамир спортын тэргүүн” цолоор шагнажээ. Д.Дорж 4 салбарын тэргүүн юм.
1 дүгээрт. Ардын боловсролын Тэргүүний ажилтан (үнэмлэх №5395)
2 дугаарт. Улсын хяналтын Тэргүүний ажилтан (үнэмлэх №633)
3 дугаарт. Эрүүлийг хамгаалахын Тэргүүний ажилтан (үнэмлэх №021669)
4 дүгээрт. Биеийн тамир, спортын Тэргүүний ажилтан (үнэмлэх №150285)
Ажилласан бүх салбартаа тэр тэргүүний ажилтан байжээ.
Арав. 2016 онд нам дор газар даралт ихтэй хүмүүсийн даралт хэрхэн буурахыг өөрийн биеэр туршиж үзжээ.
10.1. Өвөр Жанчивлан, Булагтай зэрэг өндөрлөг газар амарсан хүмүүсийн цусны даралт ихсээд байгааг ажиглажээ. Өөрөө дээрх газруудаар амарч үзэхэд даралтын эмээ уусан ч даралт нь олигтой буухгүй байлаа.
10.2. Нэгэнт өндөрлөг газар даралт ихэсдэг юм бол нам дор газар яахыг үзэхээр далайн түвшнээс дээш 532 м өргөгдсөн Улаанбаатар хотоос тойруу замаар 900-аад км-т орших Дорнод аймгийн Хөх нуурын хотгорыг сонгож (Монголын хамгийн нам дор газар гэдэг) Эрээн цавын эмчтэй тохиролцон 10 хүний бүрэлдэхүүнтэй очжээ. (8 нь нутгийнх, 2 нь Улаанбаатар хотынх)
10.3. Хөх нуурын эрэгт өглөөний 9:00 цагаас оройн 16:00 цаг хүртэл байж даралтуудаа 2 цаг тутам хэмжсэн байна. Тэгэхэд 200 хүрдэг Доржийн даралт 150 хүртэл буурчээ.
10.4. Үүнээс үндэслэн нам дор газар даралт ихтэй олон хүний даралтыг нэгэн зэрэг бууруулж болох юм байна гэсэн дүгнэлтээ Анагаах ухааны хүрээлэнгийн захирал, доктор профессор Б.Мөнхбатад илтгэх хуудсаар мэдэгдсэн байна. Цаашид судалгаа явуулах шаардлагатай (амралтын газар байгуулах гэх мэт).
Арван нэг. 2017 онд Хятадын эрдэмтэдтэй хамтран анх удаа монгол хүний шээсэнд фтор тодорхойлов. 0.38-4.83ppm байв.
11.1. Өөрийн тэргүүлдэг эмнэлгийн газар зүйн холбооны нэр дээр, Хятад улсын Харбин хотын Анагаах ухааны их сургуулийн флюороз судлах төвийн захирал, доктор профессор Сун Дан Жунтай хамтран Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд “Флюорозоос урьдчилан сэргийлэх” төслийг хэрэгжүүлэв. Энэхүү төсөл нь төрийн ажлыг төрийн бус байгууллага хариуцан гүйцэтгэж болно гэсэн Засгийн газрын 19 дүгээр тогтоолын заалтад үндэслэгдсэн бөгөөд Засгийн газрын 2017 оны 82 дугаар тогтоолоор баталсан эрүүл мэндийг дэмжих сангийн дүрэм журамтай уялдуулан хийгдсэн болно.
11.2. Хятадын эрдэмтдийн урилгаар Монголоос АУЭДС-ийн захирал Д.Сүхбаатар, химийн багш Л.Нармандах, Сүхбаатар сумын лабораторич эмч Ц.Туяа нар Харбин хотод батлагдсан удирдамжийн дагуу 4 хоног ажиллаж, монгол хүний шээсэнд фтор тодорхойлсон.
ХАРУУСАЛ
1970-аад оны дундуур хөдөөнөөс Улаанбаатар хотод шилжинэ гэдэг маш хэцүү байлаа. Гэвч аймгийн дарга асан Ж.Гомбожав халуун сэтгэлээр хандаж тусалсан байна. Д.Доржийг Улаанбаатарт шилжүүлээд АУХ-ийн зохион байгуулалтын салбарт эрдэм шинжилгээний ажилтнаар авсан байгаа юм. Түүнийг мэс заслын орчин биш, эрдэм шинжилгээний ажил угтав. Хүн дээр эрхтэн суулгах ажлыг эхлүүлнэ гэсэн түүний чин хүсэл хад мөргөв. Хөдөөнөөс ирсэн эмч аргагүй биз ээ. Нэгэнт харааны хурц, хурууны хурдтайдаа хийх гэсэн хүсэл нь мухардсан ч Д.Дорж хаа ч газардахгүй сэхээтэн тул шинэ орчинтойгоо зохицож, эрдэм шинжилгээний ажилд шимтэн орсон юм. Хэрэв Улаанбаатарт ирсэн үед нь олигтойхон дэмжсэн бол манай улсад хүн дээр эрхтэн суулгах мэс засал арай эрт эхэлж хөгжих байсан байж магадгүй. Хүнийг цагт нь хөгжүүлдэггүйн гай л энэ байх даа гэж харуусна. Түүнийг хаа ч газардахгүй гэдгийг гуравхан жишээгээр дурдахад:
1 дүгээрт. 1994 онд ЮНОСЕП-ээс зарласан уралдаанд түүний бичсэн “Цоохор шүдтэй охидууд” өгүүлэл нь тэргүүн байрын шагнал хүртжээ. (Сувилагч сонин №06)
2 дугаарт. 2012 онд “Энэ цагийн эгэл баатрууд” тодруулах санал асуулгад эхний 16-д багтжээ. (Зууны мэдээ 2012.02.27 №310)
3 дугаарт. 2014 онд АУДЭС-г 1964 онд төгсөгчдийн 50 жилийн ойгоор “Шилдэг багш” хүндэт өргөмжлөлөөр шагнагджээ. (өргөмжлөл)
ЭМЧ МЭРГЭЖЛИЙГ СОНГОСОН НЬ
Д.Дорж Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул. Жирийн малчин айлын өргөмөл хүү. Өргөж авсан Дэчингээрээ овоглодог. 4-хөн настай байхад өргөж авсан ээж Лхамжаа нь бурхан болжээ. Өвөө нь, аав нь, ах дүү хамаатан садангийн олон хүн гаднаас орж ирэхдээ “Тэвэрсээр байгаад яаж ч чадалгүй алдчихлаа даа” гэсээр нулимс дуслуулан орж ирэхэд, ийм олон чадалтай том хүмүүс ээжийг минь тогтоож барьж чадалгүй хааш нь алдчихдаг байна аа гэж гайхжээ. Хожим өвчин гэдэг ийм аюултай болохыг ойлгож, хүний амийг авардаг эмч болохоор эргэлт буцалтгүй шулууджээ. Ингээд 1959 оны хавар аймгийнхаа арван жилийн дунд сургуулийг дүүргэж, Анагаах ухааны дээд сургууль (АУДС)-ийн эмчилгээний ангид элсэн суралцжээ. Оюутан байхдаа, эхлэн бичигчид нэртэй зохиолчдыг даган гүйдэг шиг, мэс заслын эмч нарыг дагаж орой болгон жижүүр хийж, сайн дурын туслах нь болж явсаар ойр зуурын хагалгаа, мухар олгой авах зэрэгт бол гаргуун болоод төгссөн гэдэг.
Яруу найрагч хүн анхны хэвлүүлсэн шүлгээ төрсөн хүүхэд шигээ хайрлан хадгалдаг шиг түүний 1963 оны №02 тэмдэглэлийн дэвтэрт (одоо 76 дахь дэвтрээ хөтөлж байгаа юм байна):
1. Цэцгээ, 18 настай, техникумын 3 дугаар курс
2. Амгалан, 29 настай, халдвартын сувилагч
3. Ганаа, 14 настай, 14 дүгээр сургууль гэж бичсэн нь оюутан байхдаа бие дааж хагалгаа хийсэн хүмүүсийнх нь нэр ажээ.
Д.Дорж сургуулиа төгсөхдөө Дорнот аймагт саналаа өгсөн боловч Дорноговь аймагт хуваарилагджээ. Түүнд гомдсонгүй, харин ч вагонд анх удаа сууж үзээд сонин санагдав. Дорноговь аймгийн Айраг суманд их эмчийн салбарын эрхлэгчээр очсон боловч Даланжаргалан, Сүмбэр, Алтанширээ, Их хэт, Дэлгэрэх зэрэг таван сумыг хариуцаж ажилладаг байлаа. Таван сумын дунд нэг их эмч байв. Өвлийн цагт дуудлага олон, хувцасаа тайлалгүйгээр хонох явдал олон байжээ. Хар Айраг сум аймгийн төвөөс 130 гаруй км хол, яаралтай хагалгаа гарахад хүргэх юмуу, түргэн тусламж дуудах шаардлага гарна. Энэ нь мэс заслын эмч болох дуртай залуу эмчид тун ч таалагдсангүй. Хорихын эмч Банзрагчтай нийлэн хааяа нэг нохойд туршилт хийхийн зэрэгцээ, оросуудаас ариутгалын аппарат худалдан авч, өөрийнхөө сувилагч Дандарыг аймагт мэс заслын курст суулгаж мэргэшүүлээд, орон нутагтаа (сумандаа) ойр зуурын хагалгаа (мухар олгой авах гэх мэт) хийж эхлэв. Энэ нь удалгүй шуугиан тарьж, аймагт мэс заслын эмч, хагалгааны тасаг, өрөө, багаж хэрэгсэл байсаар байтал, хөдөө орон нутагт хагалгаа хийлээ гэсэн “матаас” ч гарав. Аз болоход тэрээр удалгүй аймгийн төвд, анагаахын сургуульд мэс заслын багшаар очсон юм.
ХҮҮХНИЙ ТЭНГЭРТЭЙ ЭР
Түүний амьдралын түшиг тулгуур болсон хань Ч.Цэрэндолгор нь Төв аймгийн Лүнгийн сургуульд сурч байхдаа Дархан аварга Жигжидын Мөнхбат, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн нартай найз нөхөд байжээ. Хувь заяаны тохиолдлоор Д.Дорж Ч.Цэрэндолгортой хожуухан учирсан ч, аз болоход аваргуудад алдчихаагүй аваад суучихсан байгаа юм. Ж.Мөнхбат ид байх үедээ 1967 онд Дорноговь аймагт барилдахаар Баянмөнхтэй хамт ирээд буцахад нь аймгийн дарга нар хөл алдаж, олон айлаар ороход нь үйлчилсэн байдаг (аймгийн хариуцлагатай нарийн бичгийн дарга Содномцэрэн гуай байсан санагдана).
Хамгийн сүүлд Д.Доржийнхоор ороход Ж.Мөнхбат би ганцаараа орно гээд дарга нарыг дагуулалгүй орхиод оржээ. Суудал явах дөхсөн байсан тул тэднийд нэг их удсангүй. Доржийн хадам ээж Бат-Очир гуайд хандан, би таны өвөр дээрх ач хүүг чинь үнсье, та намайг үнс гээд ээж рүү нь эгц харж байгаад “үнэн юм үнэнээрээ сайхан, би таны охин Цэрэндолгорт их сайн байсан шүү” гэж хоолой зангируулан хэлжээ. Олны яриа ортой. Хүмүүс янз янзаар л ярьдаг байсан. Үүнийг ингээд орхиё. Харин дэлгүүрийн худалдагч, ахмадуудын амнаас “энэ хоёр таарсан хосууд, нэг л зангаараа байдаг улс” гэж ярихыг олонтаа сонссон билээ. Доржийнх зургаан хүүхэдтэй. Том охин Д.Найгалмаа нь “Энэрэл”сургуулийн гүйцэтгэх захирал хийж байгаад энэ жил тэтгэврээ тогтоолгож байна. Жанжнаараа нэрлэсэн хүү Сүхбаатар нь “Энэрэл” сургуулиа цааш авч явах нь ээ.
Би, нийтлэлээ түүний ханьдаа зориулсан шүлгээр төгсгөе.
Ардын уран зохиолч, төрийн соёрхолт, сгз Балжирын Догмид
Гэрэл зургийг ц.мягмаүрсүрэн
Монгол цэргийн өдрөөр Монгол Улсын гавьяат жүжигчин цол, тэмдгээр шагнуулсан дуучин, хөгжмийн зохиолч Лхамхүүгийн Батсүрэнтэй Сүхбаатар дүүргийн хориннэгдүгээр хороолол дахь гэрт нь очиж хөөрөлдлөө. Шинэхэн гавьяат маань хөдөө гадаанаас ирсэн ахан дүүстэйгээ хөл газар хүрэхгүй баярлан суусан юм.
-Та аль нутгийн хүн билээ?
-Ах нь Өмнөговь аймгийн Ханхонгор буюу одоогийн Номгон сумын уугуул хүн. 1949 оны гуравдугаар сарын 17-ны хаврын өдөр Монголын өмнөд хилийн хамгийн урд талын цэг Орвог гашууны бор толгойд төрсөн хүн. Цагаан зааны нуруу ч гэж нутгийнхан ярьдаг даа. Төрсөн өдрийнхөө маргааш төрийн дээд шагналаар энгэрээ мялаалгасандаа үнэхээр их баярлаж байна. Миний дүү Түмэнжаргал надаас долоо дүү. Ахыгаа гавьяат авлаа гээд хөдөөнөөс ирчихээд байж байна.
-Сургууль соёлын мөр хөөснөө яриач!
-Өмнөговь аймгийн арван жилийн сургуулийг 1968 онд төгсөөд Соёлын ажилтны сургуульд элсэн 1972 онд клубийн эрхлэгч мэргэжлээр төгссөн хүн шүү дээ. Сургуулиа төгсчихөөд Улаанбаатар хотын Соёлын ордонд ажилд орох гэсэн чинь авдаггүй ээ. Тэгээд хувь тавилангаа дагаж цэргийн албанд татагдан Зүүнбаянгийн дивизэд хуваарилагдлаа. Аавынхаа найз хурандаа Цэрэндоржийн хөөцөлдлөгөөр хугацаанаасаа өмнө халагдаж Дорноговийн Соёлын ордонд нэг жил ажиллалаа. Багшийн сургуулийн нөгөө Соёлын ажилтны сургуулиа дүүргэхдээ Чанцалдулам хэмээх сайхан бүсгүйтэй ханилж ууган үр маань төрсөн байсан болохоор хот руу ирэхийн бөөн мөрөөсөл. Хань минь надад Баярсайхан, Дэлгэрсайхан, Өнөрсайхан, Болорсайхан гэж дөрвөн сайхан үр хайрласан хүн дээ. Хорвоогийн жамаар хоёр тийшээ болсон юм. Удаахь хань минь Сүрэнцэцэг гэж багш мэргэжилтэй сайхан бүсгүй надад Ариунзаяа охиныг минь төрүүлж өгсөн.
-Хотод орж ирээд хаана ажилд оров?
-Улсын академик дуурь, бүжгийн театрт найрал дууны дуучин болсон. Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, агуу их хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав намайг оруулсан юм. Хотын паспортгүй болохоор боловсон хүчин нь ажилд авдаггүй. Хотын паспорттой болсон өдрөө Сүхбаатарын хөшөөнд очиж мөргөж байлаа. Тэгээд Лууяа багш дээрээ гүйгээд очтол Палам гэдэг хүнд хэлж тэр өдөртөө ажилд орон хөл газар хүрэхгүй баярлаж явлаа даа. Арга ч үгүй юм, зургаан сар ажилгүй байхдаа Дуурийн ягаан байшинг хараад “Энэ дотор орж дуулах юм сан” гэж өдрийн бодол болон суудаг байсан хүн чинь. Миний ажилд орсон өдөр чинь 1972 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр байлаа даа. Ингэж л “Аа гэвэл аа гэдэг, өө гэвэл өө” гэдэг навсайсан нэг муу хоорын дуучин болсон хүн.
-Дуурийн театртаа удав уу?
-Дуурийн театрт ажиллахдаа дэлхийн болон Оросын хөгжмийн их суутнуудын бүтээл “Игорь ван”, Гётегийн “Фауст”, “Чио Чио Сан” дуурь, Монголын хөгжмийн зохиолчдынхоо “Учиртай гурван толгой”, “Жаргалын зам” зэрэг үндэсний дуурьт дуулж дүр бүтээж л явсан. Гурван жил ажиллаад Улаанбаатар төмөр замын Соёлын ордны гоцлол дуучнаар очсон. Би орос дуу дуулна. Оросоор гайгүй ярьчихна. Жаахан оросдуу царайтай. (инээв. сур) Тэрэнд маань ч болсон юм уу төмөр замын орос дарга нь ажилд урьсан юм даг. Энд би наян найман он хүртэл ажиллалаа. Анх ийшээ очихдоо “Авдар дээр тавьсан малгай, айлд орсон хүргэн хоёр адилхан” гэгчээр байр орон ч үгүй л хүн очсон доо.
-Хилийн цэргийн ансамбльд та бас дуучин байсан санагдах юм?
-Төмөр замчдын соёлын ордноосоо Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгад очин ерэн дөрвөн он хүртэл зургаан жил гоцлол дуучин байлаа. Монголын хилийн цэргийн байгууллага намайг хүмүүжүүлсэн дээ. Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгад сүүлд очин ажиллаж байгаад шинэ мянганы босгон дээр гавьяаныхаа амралтанд гарсан даа.
-Таны дуулснаар ард түмний сонорт хоногшсон олон сайхан дуу бий дээ?
-Ардын жүжигчин Д.Лувсаншаравын “Хатан цэнхэр сэрвээ”, урлагийн гавьяат зүтгэлтэн, хурандаа Т.Эрдэнэ-Очирын “Богд Дүнжингарав”, урлагийн гавьяат зүтгэлтэн, их хөгжмийн зохиолч Чойгивын Сангидоржийн “Цэцээ гүн”, урлагийн гавьяат зүтгэлтэн Гаадангийн Алтанхуягийн аялгуу “Тавын даваа”, гавьяат жүжигчин найраг баян хуурч Г.Тэрбишийн “Дэлгэр мөрөн”, хөгжмийн зохиолч Ж.Жаргалсайханы “Хотгойдын унага” зэрэг дөрвөн зуу гаруй дууг дуулсан хүн л дээ. Ардын дуунууд гэвэл “Гандий мод”, “Могой хээр”, “Сэрвэгэр хадны зэрэглээ” гээд миний дуулснаар Монголын радио, телевизийн алтан санд орсон дуунууд бий. Бадарчийн Бямбабаярынхаа “Эрийн сайхан хийморь” дууг Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын үндэсний хөгжимтэй “Аав аа…” гэж дуулан анхлан олон түмэнд хүргэж байлаа. Сүүлд төрийн шагналт, гавьяат жүжигчин Догмидын Сосорбарам маань ард түмэнд түгтэл дуулсан даа. Миний Со бол агуу шүү дээ. Агуу жүжигчин. Бид хоёр чинь нэг булганы арьс булаацалдаж байгаа юм шиг нэг дууг булаацалдаж дуулсан хоёр. Би яаж тэр агуу хүнд зэрэгцэх билээ дээ.
-Та чинь нэг хэсэг хөдөө гарч адуу малласан гэл үү?
-Адуу малласаан. (инээв. сур) Дүү үүнийг хаанаас дуулаав. Миний дүү нар “Та ганц нэг морь уралдуулахгүй юм уу” гэж хэсэг тэгсэн юм. Морь уяна гэдэг чинь мань шиг хүнд болохгүй зүйл юм байна лээ. Одооны УИХ-ын гишүүд, дарга нар чинь “Чи миний морийг уячих” гээд хэн нэгнийг зарцлаад байгаа биз дээ. Би бол тэгж чадахгүй юм билээ. Морь бол үнэхээр агуу. Морь ч агуу, эх орон ч агуу. Ажнай гэдэг үг бол морины дууны үгийн гайхамшиг шүү. Төрийн ордны өмнө их хааны хөшөөний дэргэд намайг цэцэг барьж угтсан найз Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, зураач Жүмпэрэлийн Саруулбуянгийнхаа “Хардэл бэйсийн унага” гэж гайхамшигтай дуунд анх аялгуу зохиож ард түмэндээ “Морины” хэмээн алдаршсан гавьяат жүжигчин Гэнэнгийн Батбаяр шавь минь дуулж байлаа. Саруулбуянгийн маань гэргий, Монголын радиогийн нэвтрүүлэгч, “Хүргэн хүү” кинонд тоглосон Батсүрэн гэж Баянхонгор аймгийн Заг сумын уугуул гайхамшигтай сайхан монгол эмэгтэй байсан.
-Та Саруулбуян ахтай олон дуу зохиосон биз?
-“Ээжээ зорьё” гэж дуу бичсэн. “Хээр алаг морио хө
Хэтийг нь тааруулж сойсон юм аа хө
Хаваржаа нутагтаа суугаа
Ээж тандаа зорьё доо хө
Хүүгээ харуулдсан ээжийнхээ
Хүслийг нэг амраая даа хө
Зууван сартай хээр морь минь
Зуузай даран тэлгүүлнэ дээ
Зуслан нутагтаа суугаа
Ээж тандаа зорьё доо хө
Зүүдэнд уяатай ээжийнхээ
Зүсийг нэг харъя даа хө
Наран шарга морь минь ээ
Намрын шөнөдөө сойлгоостой
Намаржаа нутагтаа суугаа
Ээж тандаа зорьё доо хө
Намайгаа санасан ээжийнхээ
Нарыг нэг гаргая даа хө
Өндөр борлог морь минь ээ
Өвлийн шөнөдөө сойлгоостой
Өвөлжөө нутагтаа суугаа
Ээж тандаа зорьё доо хө
Үрдээ ганцхан ээждээ
Үнсүүлж баярлуулж ирье дээ хө” гэсэн үгтэй бид хоёрын анхны дуу байна. Их сайхан даа. Саруултайгаа “Баатар уул Байтаг” гэсэн дуу хийж байсан.
-Та ер нь хэд орчим дууны аялгуу зохиов?
-Ц.Сандагсүрэнгийн шүлэг “Хатираатай борлог”, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Данзангийн Алтангэрэлийн шүлэг “Их говийн наран” гээд дурдаад байвал зуу гаруй тооны дуунд аялгуу зохиосон байна шүү.
-Шавь нар чинь хэн хэн билээ?
-Түрүүн дурдсан “морины” Батбаяр маань байна. Гавьяат жүжигчин Б.Шийлэгмаа, Н.Амгалан, Д.Батсүх, Э.Бүрнээбаяр, соёлын тэргүүний ажилтан, дуучин Ц.Батмэнд нар намайг багш гэх нь багш аа гээд, ах гэх нь ах аа л гэж явдагт би их баярладаг даа.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч Л.Цэрэндолгортой ярилцлаа.
-2012-2016 оны хооронд 92 хүүхэд сэтгэл гутралаас болж амиа хорлосон, үүнд цахим орчин нөлөөлсөн гэсэн судалгаа гарчээ?
-Хүүхэд, өсвөр насныхан, залуучуудын хувьд сэтгэл гутралд орох нь элбэг байдаг. Сэтгэл гутралын хариу урвал уу, сэтгэл гутрах эмгэг байна уу гэдэг шалгуурууд нь янз янз л даа. Таны дурдсан тоо баримтын хувьд цахимаас болоод сэтгэл гутралд ороод, түүнээс үүдээд амиа хорлох үйлдэл хийсэн гэдгийг би баттай мэдэхгүй. Яагаад вэ гэвэл тэр хүмүүс ямар учраас тийм үйлдэл хийснийг мэдэхгүй. Манайд хандаж ирж байгаа өсвөр насны хүүхдүүдийн хувьд сэтгэл гутралд орсон шалтгаан нь янз бүр байдаг. Цахим нөлөөлөл гэдэг дотор авч үзвэл өсвөр насныхныг хамгийн их сэтгэл гутралд оруулах, хямраах нөлөөлөл нь цахим гадуурхал байдаг. Нэг нь нөгөөгөө сэтгэгдэл бичиж гутаан доромжилдог. Эсвэл худал цуурхал тарааж, тэрийг нь шейрлэж, постлоод нэгнийхээ нэр хүндэд халддаг. Иймэрхүү байдал нь тухайн хохирогч болсон хүүхдүүдийн хувьд маш их сэтгэл санааны хүнд дарамтад оруулдаг. Энэ дарамтаасаа гарч чадахгүй болохоороо тухайн хүүхэд хямралд орно. Хямрал нь даамжирсаар байгаад сэтгэл гутралд ордог.
-Ямар шинж илэрч байвал сэтгэл гутралд орж байна гэж үзэх вэ?
-Хоолонд дургүй болох, хичээл номондоо явах сонирхолгүй болох, нийгмийн үйл ажиллагаанд оролцохгүй болох, бусад хүмүүстэй харилцах сонирхолгүй болох, идэвх сонирхол нь тэр чигээрээ уналтад ордог. Өөртөө үйлчлэх, гэр орныхоо хүрээнд болон сургууль нийгмийн орчинд тодорхой үүрэг гүйцэтгэн сурч боловсрох, олон нийтийн үйл ажиллагаанд оролцох тэр бүх идэвх сонирхол нь уналтад ордог гэсэн үг. Ийм шинж тэмдэг илэрсэн хүүхэд нийгмийн харилцаанд орохгүй, өрөөндөө ганцаараа байхыг илүүтэй үздэг. Ихэнх цагийг ганцаараа өнгөрөөнө. Найз нөхөд, үе тэнгийнхнээсээ харилцаагаа багасгасаар байгаад зожигроно, ямар ч идэвхгүй болно. Цаашлаад бүр хичээл сургуульд явах сонирхолгүй болдог. Эдгээр шинжүүд бие махбодын зовиурын шинжүүдтэй хавсарч гарч ирдэг. Хоолны дуршилгүй болно. Толгой нь байнга өвдөнө. Нойрны хямрал хавсарна. Хүүхэд нойргүй болж, унтахаа болино. Унтах гэхээр л сэтгэл санаа нь хямраад байдаг. Эсвэл унтахын өмнө янз бүрийн муу юм бодогдож эхэлнэ. Өөрийнхөө тухай бодно, өөрийгөө бусдаас доогуур юм байна, би бусдад хэрэггүй юм байна, энэ дэлхий дээр амьдрах хэрэг байна уу, үгүй юу гэж бодолд автаад эхлэхээрээ хүүхэд бүр ч их гутралд орж эхэлнэ. Дээрх шинж тэмдгүүд нэг сарын хугацаатай тогтмол үргэлжлээд эхэлбэл сэтгэл гутрах эмгэг гэж авч үздэг. Үүнээс наана бол сэтгэл гутрах хариу урвал байдаг. Энэ үед нь хүүхдэд тодорхой тусламж үзүүлээд явбал тэр байдлаас гарах бүрэн боломжтой. Гутралд ороод эхэлбэл энэ үед нь заавал мэргэжлийн сэтгэцийн эмчид хандаж эмийн эмчилгээтэй хавсрахгүй бол хэцүү болж байна аа гэж ойлгож болно.
-Таны дурдсан шинж тэмдгүүд хүүхдэд нь илэрчихсэн байвал ямар арга хэмжээ авах вэ?
-Эдгээр шинж тэмдэг илрээд хугацаа нь сунжирсан байдалтай байгаа нь ажиглагдсан л бол та сэтгэцийн эмчид яаралтай хандах ёстой. Яагаад вэ гэвэл хүүхдүүд гутраад байгаа шалтгаанаа эцэг эхдээ хэлдэггүй. Ерөөсөө эцэг, эх, найз нөхдөдөө хэлдэггүй. Яагаад вэ гэвэл гутралд орчихсон учраас. Миний асуудал бусдад хамаагүй, би өөрөө л ингэж зовж явж байгаад дуусъя гэсэн бодолд автчихсан байдаг болохоор хэнд ч хэлдэггүй. Ингэж удаан явбал муу бодолдоо гүнзгий автана. Магадгүй тэр амиа хорлосон гэх хүүхдүүдийн тоог нэмэх ч юм уу. Ийм байдлыг үүсгэхэд эрсдэл их өндөр болж байна гэсэн үг. ДЭМБ-аас олон тоо баримт гарч байдаг. Эдгээр тоо баримтаас харахад өсвөр үе, залуу үе буюу 15-29 насныхны дунд сэтгэл гутрах эмгэгээр өвдөх болон түүнээс улбаалаад амиа хорлох эрсдэл маш өндөр гардаг. Нас баралтын шалтгааны нэгдүгээрт амиа хорлолт ордог. Амиа хорлолтын гол шалтгаан нь сэтгэл гутрал байдаг. Юунаас болж гутраад байна. Маш олон шалтгаан байгаа. Бүтэлгүй хайр дурлал байж болно, эцэг эхийн анхаарал, хайр халамж удаан хугацаанд дутагдсанаас байж болно, өөрөө өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч чадахгүй байгаа байдлаас байж болно. Цахим гадуурхал, эсвэл сургуулийн орчны гадуурхал байж болно, хүчирхийллийн маш олон төрлийн хэлбэрүүд бас байгаа. Энэ бүх нөлөөллүүд тухайн хүүхдэд удаан хугацаанд даамжирч нөлөөлөөд тэр шаналал зовлонгоосоо хүүхдүүд ямар нэгэн аргаар гарах ёстой ч гарах арга зам нь байхгүй, мухардалд ороод эхлэхэд л “За ингээд бүх юм дууслаа даа” гэсэн бодол орж ирдэг. Ингээд л эцсийн дүнд нөгөө сонголтод орчих гээд байдаг. Тэгэхээр дээрх гол шинж тэмдгүүд илэрч л байгаа бол “Манай хүүхэд арай тэгэхгүй байлгүй дээ” гэж бодох хэрэггүй. Тухайн хүүхэд дотроо юу бодож байгааг бид хөндлөнгөөс хараад мэдэх боломжгүй учраас заавал мэргэжлийн сэтгэцийн эмчид хандах нь хамгийн зөв шийдэл.
-“Нэгэнт үхэхээс хойш”, “Намайг үхсэний дараа”, “Удахгүй үхнэ”, “Үхэхийн хооронд” гэж байнга шахуу ярьдаг, үхэхээрээ айлгадаг хүмүүс бий. Энэ нь бас сэтгэл гутралын нэг шинж биз?
-Зарим хүмүүс сул үг маягаар ашиглаад байдаг л даа. Тэрэндээ эмзэглэдэггүй. Бусад хүн тэр үгэнд нь эмзэглэнэ гэж ойлгодоггүй. Сэтгэл гутралын шинж тэмдгүүд эдгээр үгтэй хавсарч, хамт илрээд байвал энэ аюулын харанга дэлдэж байна шүү гэж ойлгох хэрэгтэй. Ялангуяа хүүхэд нэг, хоёр удаа амьдрал утгагүй байгаа ч юм уу, амьдралд би үнэ цэнэгүй хүн юм байна, хэнд ч би хэрэггүй юм байна гэсэн утга санаатай үгийг хэн нэгэнд хэлсэн байдаг. Тэрийг нь хамгийн гол нь ойр дотны хүмүүс нь анзаараагүй өнгөрчихсөн байх тохиолдол их. Тэр дундаа найз нөхдөдөө их хэлдэг. Тэгээд ээж, аавдаа хэлэх гэж оролддог. Тэгтэл тэрийг нь анзааралгүй орхивол “Би бүр ч хэрэггүй юм байна. Хэлээд хэрэггүй юм байна. Огт авч хэлэлцэхгүй юм байна” гээд л тас нуугаад эхэлдэг.
-Сэтгэл гутралын шинж эмэгтэй, эрэгтэй хүн дээр өөр өөрөөр илрэх үү?
-Шинж тэмдгүүдийн хувьд хүйсийн нэг их ялгаа байхгүй. Охид, хөвгүүд гэлтгүй адилхан илэрнэ. Гэхдээ сэтгэл гутралаасаа үүдээд оролдлого хийж байна уу, хорт зуршилд автаад байна уу гээд хүйс дээр илрэх тохиолдол бий л дээ. Хөвгүүдийн хувьд хорт зуршилд илүү автах хандлагатай байдаг. Сэтгэлээ тайвшруулж, өөд нь татахын тулд янз бүрийн юм хэрэглэдэг бол охидын хувьд тэр тал дээрээ арай бага. Гэхдээ сэтгэл гутрал гэдэг бол хүйс, нас харгалзахгүй хэнд ч бий болж болно. Хамгийн гол нь зохистой аргаар цаг хугацаанд нь тэр асуудлыг нь шийдээгүйгээс даамжирсаар байгаад эмгэг болчихвол их хэцүү болж байна гэж үзнэ.
-Их, сургуулийн ширээнээс ажлын талбарт гарсан залуус ажлаа ойлгох гэж зүдэрч байхад дээрээс нь нэмж дарамт, шахалт өгдөг болохоор ажлаасаа гарах тухай ярьдаг. Мөн тухайн ажлын байрандаа олон жил ажилласан хүмүүс гэнэт ажлын идэвхигүй болж ажлаасаа гарах тухай боддог. Энэ хүмүүсийн сэтгэл гутарч байна гэж үзэж болох уу?
-Хүн аливаа юманд дасан зохицоход тодорхой хугацаа байдаг. 5-6 сарын дотор хүн аливаа орчинд дасан зохицчихдог. Тэрнээс удаан хугацаагаар дасан зохицож чадахгүй хямралд ороод байвал “Энэ хүнд асуудал үүсээд байна шүү. Шийдвэрлэх ёстой асуудал байна” гэж үздэг. Ер нь эрүүл сэтгэцтэй буюу эрүүл зан төлвөөр төлөвшөөд амьдраад ирчихсэн хүн зургаан сарын дотор аливаа ямар нэгэн орчинд заавал дасан зохицох чадвартай байдаг. Чадахгүй байна гэдэг суурь асуудал байж болно. Бие хүний онцлог байж болно. Эсвэл өссөн, төрсөн гэр бүлийн нөлөө байж болно. Эцэг, эх, асран хамгаалагчийн тухайн хүнийг хүмүүжүүлсэн арга барилын онцлог байж болно. Олон зүйл нөлөөлнө. Шинэ ажилд орсон ихэнх хүн зургаан сарын дотор тухайн ажлын байрандаа дасан зохицчихдог. Усыг нь уувал ёсыг нь дагадаг. Хэрвээ тэгж чадахгүй хүн байвал түүнд хөндлөнгийн хэн нэгний туслалцаа хэрэг болжээ гэсэн үг. Тодорхой үе шаттайгаар хүмүүс ажлаас залхах гэж байдаг. Энэ нь ажлаас халшрах хам шинж. Өдөр тутамдаа нэгэн хэвийн үргэлжлээд байвал тухайн ажил нь сэтгэлзүйн хувьд уйтгартай мэдрэмж төрүүлж эхэлдэг. Хүн өөрөө их сониуч. Тиймээс давалгаалсан, өөрчлөгдөж байдаг, бага зэргийн өөрчлөлт, сонирхолтой зүйлийг хүсч байдаг. Гэтэл тэр нь байхгүй, нэг л хэвийн үргэлжлээд байвал уйдаж эхэлдэг. Ганцхан уйдахаас болж ажлаас халшрах хам шинж үүсдэггүй. Өөрийнх нь хийсэн бүтээсэн зүйлийг удирдлагын түвшинд болон бусад хүмүүсийн түвшинд хэр зөв үнэлж чадаж байна вэ, тухайн үнэлгээнд өөрийнх нь хийсэн зүйл хэр нийцэж байна вэ гэдгээс маш их хамаардаг. Өөрийнх нь ажил хөдөлмөр нь зөв үнэлэгдэж, зөв урамшуулал, сайшаал авч чадаж байна уу, үгүй юу. Ачааллын байдал бас их нөлөөлдөг. Хэт их ачааллыг ганцаараа нуруундаа үүрээд байвал хэдий өндөр цалинтай, ажилдаа дуртай байлаа ч ажлаас халшрах хам шинж үүсдэг. Хүн тодорхой хэдэн жилийн дараа буюу 5-10 жилийн дараа ч юм уу ажлаа сольж үзэх, тэгэхдээ ажлаа бүр хаяад явах биш тодорхой өөрчлөлт, шинэчлэлтийг хийж байх ёстой. Update хийж байх ёстой.
-Сэтгэл гутралд орохгүй, өртөхгүйн тулд яаж сэргийлэх вэ. Амьдралдаа ямар дадлыг суулгах ёстой вэ?
-Сэтгэцийн эмгэг, сэтгэлийн ямар нэг таагүй мэдрэмжийг даван туулах чадварыг сайжруулж байж сэтгэцийн эмгэгээс сэргийлнэ. Тэгэхээр энэ даван туулах чадварыг сайжруулахад юу юу нөлөөлдөг вэ гэхээр, амьдралын зөв хэвшил л нөлөөлж байна. Тэр л аварч чаддаг. Амьдралын зөв хэвшил гэдэг бол ажлаа зөв зохицуулахаас эхэлнэ. Шөнийн нойроо бүтэн авахаас эхэлнэ. Өөрийн хэрэгцээ, жин, өндөртөө тохирсон хоол хүнсээ хэрэглэхээс эхэлнэ, чөлөөт цагаа хэр зөв боловсон өнгөрөөж чадаж байна вэ, өөрийгөө стрессээс хамгаалахын тулд ямар ямар арга хэмжээ авч чадаж байна вэ. Дуулж, бүжиглэж байна уу, спортоор хичээллэж байна уу. Ядаж явган аяллаар явж байна уу, амралтын хоёр хоногоо хэр үр дүнтэй өнгөрөөж чадаж байна вэ. Жил болгон ээлжийнхээ амралтыг авч чадаж байна уу, үгүй юу. Энэ олон зүйлс нөлөөлнө. Тэгж байж хүн сэтгэцийн хувьд тодорхой хэмжээний дархлаатай болдог. Дархлаа сайн суучихсан байвал ямар ч эрсдэлийг даван туулах чадвартай болно. Хэрвээ ийм чадвартай байвал зургаахан сарын дотор дасан зохицоод даваад ард нь гарчихна. Тэгэхээр хамгийн гол нь амьдралын зөв хэв маяг.
Үр хүүхдүүдийнхээ амьдралын зөв хэв маягийг эцэг эх өөрсдөө төлөвшүүлж өгөх ёстой. Тэгж байж бид хүүхдийнхээ сэтгэцийн байдлыг хамгаалж чадна. Хүүхэд 18 нас хүртлээ эцэг эхийн хараанд хайр халамж дунд нь тодорхой хэмжээний зааварчилгаа, зөвлөгөө авч байж бие хүн болж төлөвших учраас энд эцэг эхийн нөлөө маш чухал. Тэгэхгүйгээр зөнд нь хаяад өөрөө болчихно, биеэ даагаад явчихна гэж орхиж болохгүй.
-Сэтгэцийн асуудал өсвөр насныхан гэлтгүй нярайд хүртэл илэрдэг гэх юм. Уг нь хамгийн ариун нандин, цагаан цаас шиг биз дээ, тэд чинь. Гэтэл эхээс төрөхдөө л дээр нь сарааччихсан цаас шиг гарч ирж байна?
-Эхийн хэвлийд бүрэлдсэн цагаас эхлээд л сэтгэцийн хөгжил явагдаж байдаг. Эхийн хэвлийд байхад нь эх нь хэр стресстэй байсан бэ, эсвэл ямар ч асуудалгүй, аз жаргалтай байж байгаад хүүхдээ төрүүлсэн үү, асуудал ихтэй, өндөр стресстэй байж байгаад хүүхдээ төрүүлсэн үү гэдгээсээ хамаараад хүүхдийн сэтгэцийн хөгжил өөр гарч эхэлдэг. Тухайн хүүхэд төрсөн цагаасаа эхлээд ямар орчинд өсч байна вэ гэдэг нь чухал байдаг. Ээж нь хүүхдээ ядаж л ой зургаан сар хүртэл нь хөхөөрөө хооллоод энгэртээ тэврээд хажуунаас нь холдохгүй асарч хамгаалж чадсан уу гэдэг нь сэтгэцийн дархлаа бүрэлдэн тогтох, зөв төлөвшин тогтоход нөлөөлж байдаг. Дээрээс нь үр хүүхдээ эцэг эх нь таван нас хүртэл нь өөрсдийн гар дээрээ асарч хүмүүжүүлээрэй. Энэ бол маш их учиртай. Тэгж эцэг эхийнхээ хайр халамжид өссөн хүүхдийн сэтгэцийн дархлаа нь бүрэн тогтчихлоо гэж ойлгож болно. Гэхдээ эцэг, эхийн зөв хайранд хүмүүжсэн үү гэдэг нь бас нэг асуудал болдог. Хүүхдийг эд материалаар хангаад өсгөчихсөн халамж бол буруу хүмүүжил. Хамгийн гол нь хүүхдээ хүмүүжүүлэхэд эцэг эхийн мэдлэг, боловсрол гэдэг юм яалт ч үгүй чухал болчихоод байна.
-Танай эмнэлэгт сэтгэцийн ямар өөрчлөлт, шинж тэмдэгтэй хүүхдүүд хандаж байна вэ?
-Өмнө нь манайх зөвхөн оюуны хомсдолтой хүүхдүүдийг хүлээж авдаг байсан бол 2014 оноос сэтгэцийн бусад асуудалтай 18 хүртэлх насны хүүхдүүдийг бүгдийг нь хүлээн авч тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа. Стрессийн шалтгаантай эмгэгтэй хүүхдүүд байна. Шалтгаан нь л стресс боловч энэ төрлийн эмгэгт янз бүрийн асуудал гарч, шинж тэмдэг нь өөр өөр илэрдэг. Зарим нэг хүүхэд орондоо шээдэг болчихсон байдаг, эсвэл хуруугаа хөхдөг, хумсаа мэрдэг, нүдээ ойр ойрхон анивчаад цавчлаад байдаг болчихсон эсвэл нойрны хямралд орчихсон. Эсвэл хүүхдийн зан үйлд нь өөрчлөлт орчихсон, түрэмгий авиртай, өөрийгөө илэрхийлэх чадвар нь тогтворгүй, цочимтгой болчихсон ч юм уу ийм байдлаар зан авирт нь өөрчлөлт орчихсон, байвал манайд ирж байгаа. Сүүлийн 2-3 жилд цахим хэрэглээтэй холбоотой сэтгэцийн асуудалд холбогдсон хүүхдүүд хэвтэн эмчлүүлэх асуудал илүү байна. 2018 оноос эхлээд ямар нэгэн төрлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд сэтгэцийн асуудалд орсноос хэвтэн эмчлүүлэх тохиолдол нэлээд нэмэгдээд байна. Ерөнхийдөө ямар л бол ямар асуудлаар хүүхдүүд хэвтэн эмчлүүлж байна. Энэ бүгд хүүхдүүдээ анхаарахгүй бол болохгүй болчихоод байна гэсэн дохио өгөөд байна.
-Эмчлүүлээд гарсан хүүхэд давтан ирэх тохиодол хэр вэ?
-Давтан хэвтэх магадлал байгаа. Мэдээж хүүхдүүдтэй бид ажиллана. Эмийн эмчилгээ, сэтгэл заслын эмчилгээ хийнэ. Хүүхдийн сэтгэлийг засаад гаргаад явуулдаг. Тэгтэл нөгөө л орчин, нөгөө л хүчирхийлэлтэй орчин, нөгөө л хайхарч халамжилдаггүй орчин угтаад авбал буцаад л өмнөх байдалдаа орчихдог. Тиймээс тухайн хүүхдийг хүрээлж байгаа орчинтой нь бид давхар ажиллах шаардлагатай болдог. Ингэж ажиллахад манай эмнэлгийн хүний нөөц, хүн хүчний бололцоо дутмаг. Гэхдээ бид боломжоороо ажилладаг. Эцэг эхэд нь зааварчилгаа, зөвлөгөө өгнө. Юун дээрээ анхаарах ёстой вэ гэдгийг нь зааж сургана. Хүүхдэдээ анхаарал тавьдаг эцэг эхчүүд их идэвхтэй ирж уулздаг. Бас ирж уулздаггүй эцэг эхчүүд ч бий. Тэгэхээр хүүхдийн хүмүүжил гэдэг бол эцэг эхээс шууд хамааралтай. Эцэг эх үүн дээр маш торгон мэдрэмжтэй байж, мэдлэг мэдээллээ нэмж зузаатган хүүхэдтэйгээ харилцахгүй бол юугаа ч мэдэхгүй, уламжлалт аргаар харьцаад байж болохгүй. Одооны хүүхдүүдтэй харилцах арга арай өөр шүү. Тэгэхээр бид өөрсдийгөө маш сайн боловсруулах хэрэгтэй. Хүссэн хүсээгүй, ээж аав ямар байна тэрийг нь л хүүхэд дуурайгаад хүмүүждэг учраас бид нар өөрсдийгөө өөрчлөх нь хамгийн эхний асуудал.
-Эцэг эхийн аль нэгийнх нь стресс, таагүй харилцаа үр хүүхдэд нь нөлөөлсөнөөс хүүхэд дотогшоогоо болох нь бий. Тийм хүүхдийг яаж нээж, хэрхэн харилцвал энгийн байдалдаа орох вэ?
-Тийм нөхцөлд хүүхэдтэйгээ ярилцах нь хамгийн чухал. Гол асуудал юу байна вэ, би төв дээрээ байна уу, эсвэл бусдад асуудлаа хандуулсан чиглэлтэй байна уу, юунаас болж сэтгэцийн асуудал нь гарч ирээд байна вэ гэдгийг судлан тогтоохын тулд заавал өөртэй нь ярилцах нь чухал байдаг. Зарим нэг тохиолдолд аав нь, ээж нь ийм асуудалтай учраас хүүхэд нь ийм болоод байна гэж үзээд ярилцахаар өөр шалтгаантай байх нь бий. Тийм учраас хүүхэдтэй маш сайн нээлттэй ярилцах хэрэгтэй. Ярилцахын тулд хүүхдийнхээ итгэлийг олж авах хэрэгтэй. “Би чиний нууцыг хэнд ч ярихгүй, энэ нууц чи бид хоёрын дунд үлдэнэ” гэдэг нууцыг хадгална гэсэн зарчмыг маш сайн баримтална гэдгээ сануулах хэрэгтэй. Хүүхдийн итгэлийг олоход нэг удаагийн ярилцлага хангалтгүй. Байн байн ойр ойрхон уулзана. Чамайг сонсоход бэлэн хүн байгаа шүү гэдгээ ойлгуулна. Тэгж байж хүүхдэд “Энэ хүнд итгэж болох юм байна” гэсэн ойлголт суусны дараа хүссэн хүсээгүй хүүхэд өөрийгөө бага багаар нээж эхэлдэг. Ямар асуудалтай тулгараад байгаагаа ярьж эхэлнэ. Шалтгаанаа тодорхойлж байж шалтгааны эсрэг арга хэмжээгээ авах хэрэгтэй болно. Тэгэхээр эхлээд хүүхдээ нээх хэрэгтэй. Нээснийхээ дараа шалтгаан нь ээж нь байсан уу, аав нь байсан уу эсвэл өөр асуудал байсан уу, гэдгийг олно. Хэрвээ шалтгаан нь ээж нь байсан бол ээжтэй нь давхар ажиллах хэрэгтэй болж эхэлнэ. Тэгж байж давхар, дам стресст өртүүлэхгүй байх арга хэмжээг авна.
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН
Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Хорих ангиудад нэвтэрч шалгалт хийх бүрэн эрхтэй байгууллага бол Хүний эрхийн Үндэсний комисс. С.Зориг агсны хэрэгт байцаагдаж байсан иргэдийг эрүүдэн шүүж байхад та бүхэн хаана юу хийж явсан юм. Тэдний эрх ашгийг хамгаалах танай үүрэг биш үү?
-С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг шалгахтай холбоотойгоор 2015 оны долдугаар сараас эхлээд л “эргэлт оруулахгүй байна, тамлаж зовоож байна, эрүү шүүлт тулгаж байна” гэх мэт гомдол ар гэрийнхнээс нь олон ирсэн. Маш нууцын зэрэглэлтэй учир тухайн үед нь гаргаж тавьж болохгүй байлаа. Эрүүдэн шүүх гэдэг бол гэмт хэрэг. Гэмт хэргийг мөрдөн шалгах эрх мэдэл бидэнд байхгүй. Хуулинд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүх шатанд байгаа хэрэг маргааны талаарх гомдлыг хүлээж авахгүй гэж заасан байдаг. Гагцхүү бид түүнд дүн шинжилгээ хийж хэрэг мөрдөгч, албан тушаалтнуудад сануулж ажилласан. Ганцхан хариу бидэнд ирсэн. Нийслэлийн прокурор Б.Амгаланбаатар гэж хүний гарын үсэгтэй бичиг бидэнд ирүүлсэн. 2014 оны нэгдүгээр сарын 24-нд УИХ-ын есөн гишүүн санаачилж Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг татан буулгасан. Энэ үеэс л манайд эрүүдэн шүүх асуудал газар авч эхэлсэн шүү дээ. Комисс нийт 17 илтгэл бичсэн байдаг. Үүний 13 нь ямар нэгэн байдлаар эрүүдэн шүүхийн асуудлыг оруулсан. Өөрөөр хэлбэл иргэдийн эрүүдэн шүүхээс ангид байх эрхийн асуудлын талаар гэсэн үг. Харамсалтай нь энэ талаар дорвитой арга хэмжээ огт аваагүй. Мөрдөн байцаах албыг татан буулгаад янз бүрээр тэр үүргийг оногдуулах гэж оролдсон. Авлигатай тэмцэх газрын албан хаагчдыг асуудлыг цагдаа, Цагдаагийн асуудлыг Тагнуулын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын үйлдсэн хэргийг шүүх прокурор гээд шалгана, тойроод сүлжсэн сүлжээ бий болчихсон. Өнөөдөр томоохон хэргүүд хэргийн бүрэлдэхүүнгүй байна, нотлогдсонгүй гэх хариу ирүүлсэн гээд л чимээгүй болоод байгаа.
Байдал ямар байгааг олон түмэн харж байгаа байх. Одоо зарим аймаг суманд хэрэг мөрдөх үйл ажиллагаа ийм байдалтай явагдаж байгаа шүү. Дуулин тарьсан нь л С.Зориг агсных болохоос биш. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.6-д “Мөрдөгч мэдүүлэг авах гэж байгаа хүнд өөрийн болон гэр бүлийн гишүүд эзэгтэй, үр хүүхдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг нь тайлбарлах ба санаатай худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх тухай сануулна” гэж заасан байдаг. Үүнийг эсрэгээр нь хэрэглэж байгаа. Манайд ирж байгаа гомдлоос харахад “Чи хэргээ хүлээхгүй бол ээжийг чинь хорино шүү, эхнэрийг чинь шоронд хийнэ шүү” гэж дарамталдаг.
-Б.Содномдаржаагийн гэрийнхнээс ирүүлсэн хүсэлтэд юу дурдсан байв?
-Б.Содномдаржаагийн ч , Т.Чимгээгийнх ч тэр ар гэрийнхнээс ирүүлсэн гомдол төстэй. Утсанд нь мессэж ирээд л дараагаар нь толгойд нь уут углаж авч яваад өдөр шөнөгүй дарамталсан байсан. Хэрэв энэ хэргийг хүлээхгүй бол “Аюул болно шүү, хүлээчихвэл гайгүй” гэх мэтээр тархийг угаасан байна лээ. Хамгийн сүүлд өмгөөлөгчгүй тэд айж сандарсандаа хэлснээр нь мэдүүлгээ өгвөл гайгүй юм болов уу гээд хэлчихсэн байгаа юм. Өмгөөлөгч нь яагаад ийм мэдүүлэг өгсөн тухай асуухад “Энэ улсууд ингээд мэдүүлчихвэл гайгүй гэж хэлсэн шүү дээ” гэсэн байсан. Иймэрхүү л зүйл Хүний эрхийн үндэсний комисст ирүүлсэн. Нууцын зэрэглэлтэй учраас илүү мэдээлэл өгөх боломжгүй.
-Энэ хэрэг нууц ангилалд байгаа ч тухайн хүмүүсийн эрхийг хамгаалж эрүүдэн шүүж мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгааг нь та бүхэн олон нийтэд мэдэгдэж болоогүй юм уу?
-Маш нууцын зэрэглэлтэй учраас бидэнд ирүүлсэн материалыг би зарлаж болохгүй. Хүний эрхийн үндэсний комисс хариуцсан албан тушаалтанд л ханддаг. Удаа дараа хандсан. Цаазаар авах ялыг халсны хүчинд л тэр хүмүүс өнөөдөр амьд явж байна. Хэрэв халаагүй байсан бол магадгүй цаазлуулчихсан байхыг үгүйсгэхгүй. Эрэгтэйчүүдийг нь. НҮБ-ын хүний эрхийн комиссын төлөөлөгч 2006 онд Монголд ажиллахдаа эрүүдэн шүүлт бодитоор байдаг гэдгийг тогтоож, энэ тухайгаа НҮБ-ын илтгэлд дурдсан байдаг. Энэ үеэр мөрдөн шалгаж байсан иргэнийг 24 цагийн турш зодож амийг нь хөнөөсөн ноцтой хэрэг ч гарсан. Түүнчлэн таван хүнийг зургаан жил шалгаад, эрүүдэн шүүлтийн улмаас нэг нь нас барсан гэх мэт олон тохиолдлууд гарч байсан.
-Мөрдөн байцаах үйл ажиллагааг хэзээнээс камертай өрөөнд явуулах болсон бэ. Хэн үзэж шалгах эрхтэй вэ?
-ХЭҮК мөрдөх үйл ажиллагааг сүүлд нь шалгахад баримттай байлгахын тулд камертай, дуу бичлэгтэй өрөөнд явуул гэж 2012 оноос хойш л хөөцөлдсөн. Үр дүнд нь нийслэлийн есөн дүүрэг, аймгуудын төв, 461 дүгээр ангийн камер дуу бичлэгтэй өрөөнд байцаалт авдаг болсон. Шинэ хуулийн 25.1.2 дугаарт “Мөрдөгч мэдүүлэг авахдаа шаардлага хангасан өрөөнд явуулна” гэж заасан байгаа. Энэ дагуу Улсын ерөнхий прокурорын 2017 оны зургадугаар сарын 27-ны өдөр тушаал гарсан байгаа юм. Энэ шаардлага хангасан өрөө нь “Дуу, дүрсний төхөөрөмжийг мэдүүлэг өгөх гэж байгаа хүнийг бүтэн харуулах байдлаар тохируулах ба мөрдөгчийн хөдөлгөөн нь бичлэгийн төхөөрөмжийн харах өнцгийг хаахгүй байдлаар суурилуулна. Мэдүүлэг өгч буй хүний нүүр царай, үйл хөдлөлийг бүрэн хэмжээнд тусгах бол нэмэлт төхөөрөмж суурилуулж болно гэсэн заалттай. Үүнээс гадуур мөрдөхөд л эрүү шүүлтийн нэг хэлбэр гэж үзэж байгаа юм. Орон нутагт энэ ажил хэрэгжихгүй байгаа. Камерыг зөвхөн нэр бүхий прокурор, мөрдөн байцаагч нар шалгаж болно.
-Та есөн дүүрэг 21 аймгийн төвийн мөрдөн байцаах өрөөнд хяналтын камер байдаг гэж яриандаа дурдсан. Хүний эрхийн үндэсний комисс тус камерыг үзэх эрх байдаг юм уу?
-Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шатанд явж буй хэргийн талаар гомдол маргааныг Хүний эрхийн үндэсний комисс хүлээж авах эрхгүй. Тэр бичлэгийг нь холбогдох газрууд нь хараад арга хэмжээ авч байг гэж санасан юм. Сая С.Зориг агсны хэргийг эрүүдэн шүүж байсан нь ил гарлаа гэж дуу алдаад байна. Энэ чинь камертай болсны ач буян шүү дээ.
-Камеруудыг байршуулсан ч хянах боломжгүй нууцын зэрэглэлтэй үед энэ мэт хэргүүд цаашид гарах эрсдэл өндөр байна шүү дээ?
-Бид олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу шалгаж болно. Гэхдээ нууцын зэрэглэлтэй хэргийг мэдээлэх эрх байхгүй. Мөрдөн байцаах ажиллагааны нууцтай холбоотойгоор маш нууцын зэрэглэл дээр зөвхөн нэр бүхий прокурор, нэр бүхий мөрдөн байцаагч нарыг л оруулдаг журамтай. Цагдан харих төвүүд дээр ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд бид үзнэ. Үзэж ч байсан.
-Цаашид яах вэ?
-Цаашид бүгдээрээ хамтаръя. Олон түмэнд хүргэж, дэмжлэг авъя.
-Эрүүдэн шүүж байгаад хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж, амь насыг хохироовол ямар шийтгэл оногдуулдаг вэ?
-Эрүү шүүлтийн асуудал нийгэмд цочроо өгч байна гэхээс илүү эрүү шүүлттэй тэмцэж байгаа механизм, урьдчилан сэргийлэх механизм, хариуцлага тооцдог механизмаа хуулиар бүрэн тодорхой болгож өгөх хэрэгтэй. 2017 он хүртэл эрүү шүүлтийн эсрэг конвенцийн хуулинд орсон зүйл заалт нь конвенцтойгоо нийцэхгүй байсан. Одоо шинээр оруулж өгсөн хуулийн заалт нь ялыг нь хөнгөрүүлж шийдсэн. Эрүүдэн шүүж байгаад хүний амь нас болон ямар нэгэн байдлаар хохироосон бол тав хүртэлх жилийн хорих ялаар шийтгэнэ гэж заачихсан. Хуучин Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйл ангид 15 жилээр хорих зүйл ангитай байсан. Тэр залууг 24 цаг зодож амь насыг нь хохироосон хянагчид 13 жилийн ял өгч байсан.
-Ц.Нямдорж эрүүдэн шүүх сандалнуудыг оруулж ирсэн асуудал байгаа. Сандалнууд өнөөдөр хорих ангиудад ашиглагдаж байгаа юу?
-Аймаг дүүргүүдэд хуваарилсан сандалнууд байсан л даа. Хяналт шалгалт хийгээд тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Тэмүүжинд хандаж “Бүх тасаг хэлтсүүдэд хэрэглүүлэхгүй байх шаардлага” хүргүүлсэн. Аймгуудад хүртэл тараагдсан сандалнууд буцаж хураагдсан. Тухайн үед “Энэ сандал хөдөө орон нутгийн мөрдөн байцаагч нарт хэрэгтэй байсан” гэсэн маргаан гарч байсан. Монгол Улс Үндсэн хуулиндаа олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ гээд заачихсан байдаг. Үүний дагуу л хураасан хэрэг. Бид 2014 онд Эрүүдэн шүүх, хэрцгий хүнлэг бусаар, хүний нэр төрийг доромжлон харилцахын эсрэг конвенцийн нэмэлт протоколд манайх нэгдэж орсон байдаг. Үүнээс хойш таван жил өнгөрч хоёр парламент дамжиж байна. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх механизм байгуулах ёстой. Дэлхийн хөгжилтэй ихэнх орнууд энэ үйл ажиллагаагаа явуулж байгаа.
-Жил болгон та бүхэн илтгэл тавиад л хурдан морины хүүхдийн эрх ашгийг хамгаална, эрүүдэн шүүх гээд яриад байдаг. Энэ чинь ямар ч үр дүнгүй байна шүү дээ?
-Энийг та бүхэн тэр шийдвэр гаргагчдаас асуу.
“Гэр хороолол” хөдөлгөөнөөс зохион байгуулж буй газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг шаардсан суулт Баасан гаригт эхэлж, хоёр өдөр Сүхбаатарын талбайд суулт зарлаж байсан билл. Гэвч өчигдөр орой цагдаагийн байгууллагаас суулт зарлаж байсан иргэдийг албан хүчээр тараажээ.
Суултад 10 гаруй иргэд оролцож байсан бөгөөд тэд сайн дураараа оролцож буй гэдгийг хэлж байсан юм. Хөдөлгөөний зүгээс “Бид нийслэлийн удирдлагуудад хандан гэр хорооллын газрыг эдийн засгийн эргэлтэд оруулъя. Ажилтай, орлоготой болъё” гэдэг л шаардлага тавьж ирсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл тодорхой шийдвэр гарсангүй. Гэр хорооллыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар утаа униар багасаж, агаарын бохирдол ч буурах боломжтой. Иймээс гэр хорооллыг барилгажуулахад нийслэлийн төсөвт 40 тэрбумыг нь буцаан тавих. Хашааных нь газрыг байрны урьдчилгааны 30 хувьд тооцон авч иргэдийг хохироохгүй байх” зэрэг шаардлага тавьж буй гэдгээ онцолж байсан.
Тэд хотын удирдлагыг эдгээр шаардлагыг хүлээн автал суултаа үргэлжлүүлнэ гэж байсан юм.