Categories
мэдээ эдийн-засаг

Банкны салбарын активын чанарын асуудлаар ОУВС-тай үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохирчээ

Монгол Улсад хэрэгжүүлж буй Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн багийн ахлагч Жэф Готтлийб багийн гишүүдийн хамт 2019 оны нэгдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Монгол улсад айлчилж, бодлого боловсруулагч байгууллагуудтай уулзаж хөтөлбөрийн зургаа дахь үнэлгээний яриа хэлэлцээг хийжээ.

Энэ удаагийн яриа, хэлэлцээрүүд Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн дэмжлэгтэй хэрэгжиж буй хөтөлбөрийн хэрэгжилт, эдийн засгийн төлөв, цаашид арга авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд өрнөсөн байна.

Эдийн засгийн сэргэлт үргэлжилж, 6 хувийг давж өсөх төлөвтэй байгаа, экспортын үнэ болон гадаад орчин эдийн засгийн засгийн идэвхжлийг дэмжин хэрэглээ, хөрөнгө оруулалт нэмэгдэж байгааг онцоллоо.

Монголбанкны зүгээс инфляцийн төлөв, эдийн засгийн сэргэлт, валютын нөөцийн хуримтлал, зээлийн өсөлт зэрэгтэй уялдуулан бодлогын хүү болон макро зохистой бодлогыг хослуулан бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар уулзалтын үеэр хэлэлцжээ.

Түүнчлэн банкны салбарын активын чанарын үнэлгээний явц, үр дүн цаашид авч хэрэгжүүлэх, анхаарах асуудлуудын талаар ОУВС-тай үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохирчээ.

Categories
мэдээ нийгэм

Бага ангийн сурагчдыг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг зөвлөлөө

Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 04-10-ны өдрүүдэд улсын хэмжээнд Тээврийн цагдаагийн алба нь нийт 1,903 дуудлага, мэдээллийг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 489 дуудлагыг хүлээн авч шалгажээ.

Нийт бүртгэгдсэн ослын улмаас 13 хүний амь нас хохирч, 60 хүн гэмтсэн ба амь нас нь хохирсон хүний 92 хувь буюу 12 нь орон нутгийн замд, гэмтсэн хүний 80 хувь буюу 49 нь нийслэл хотод бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн осол, хэргийг өнгөрсөн 2018 оны сар шинийн баярын өдрүүдтэй буюу Битүүн, Шинийн 1-3-ны өдрүүдийн нөхцөл байдалтай харьцуулахад дуудлага мэдээлэл 13 хувиар, бүртгэгдсэн осол 3 хувиар, гэмтсэн хүний тоо 23.8 хувиар, хүүхэд өртсөн осол 77 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 24 хувиар тус тус буурсан боловч олон хүний амь нас орон нутгийн замд хохирчээ.

Зам тээврийн ослын шалтгаан, хэлбэрийг авч үзвэл орон нутгийн замд буруу тээвэрлэлт, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу гүйцэтгэх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг шалтгаан байгаа боловч 65 орчим хувь нь буюу тэргүүлэх шалтгаан нь хурд хэтрүүлснээс, үүний улмаас онхолдох, мөргөлдөх хэлбэрээр гарсан байх ба хүүхэд амь насаа алдсан хэргийн гол шалтгаан нь буруу тээвэрлэлт эзэлж байна.

Орон нутагт Архангай, Дундговь, Булган, Төв, Орхон аймгуудад ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн бөгөөд тухайлбал Булган аймгийн Хутаг өндөр сумын Уньт багийн нутаг “Уран тогоо” гэх газар асфальтан замд Toyota Harrier маркийн автомашин онхолдож, зорчигч 7 настай.эрэгтэй Б нас барж, зорчигч нарын 3 хүн гэмтсэн, Төв аймгийн Лүн сумын 2 “Цагаан хөтөл” гэх газар асфальтан замд Toyota Prius маркийн автомашин онхолдож, зорчигч нарын 2 хүний амь нас хохирч, 3 хүн гэмтсэн зэрэг ноцтой зам тээврийн ослууд бүртгэгдсэнийг харъяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад шалгаж байна.

Сүүлийн жилүүдэд баярын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурч байгаа нь иргэд баяр, ёслолоо согтууруулах ундаагүй сайхан тэмдэглэн өнгөрүүлж байгаа мөн цагдаагийн байгууллагаас хийж буй хяналт шалгалттай шууд холбоотой байгаа юм. Түүнчлэн баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг тасралтгүй ханган ажилласан алба хаагч, сонсогч нарт иргэд талархалтай хандаж байлаа.

Мөн өнөөдрөөс ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх тул иргэдийг цагаа зөв тохируулж гардаг цагаасаа 5-10 минутын өмнө гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хүүхдийг автомашинд хамгаалах хэрэгсэл хэрэглэн тээвэрлэхийг зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Санхүүгийн болон татварын тайланг энэ сарын 15-ныг хүртэл авна

Сар шинийн баяртай холбогдуулан 2018 оны жилийн эцсийн санхүүгийн болон татварын тайлан хүлээж авах эцсийн хугацааг ажлын тав хоногоор сунгаж, хоёрдугаар сарын 15-ны өдрийг дуустал хүлээн авахаар шийдвэрлэснийг мэдэгдэж байна. Тиймээс энэ хугацаанд багтаж тайлангаа ирүүлэхийг ТЕГ-аас анхааруулж байгаа бөгээд хэрвээ хоцроовол хуулийн дагуу хариуцлага тооцохыг мэдэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Нарантуул” зах хоёрдугаар сарын 13-наас ажиллаж эхэлнэ

Сар шинийн баярын өдрүүдэд ажиллах цагийн хуваарийн дагуу хүнсний дэлгүүрүүд хоёрдугаар сарын 5-6-нд амраад өнөөдрөөс буюу хоёрдугаар сарын 7-ноос ердийн цагаар ажиллаж эхэлж байна.

Худалдаа, үйлчилгээний бусад байгууллагын ажиллах цагийн хуваарийг танилцуулвал, “Номин холдинг”-ийн хүнсний салбар дэлгүүрүүд хоёрдугаар сарын 5-нд амарч, хоёрдугаар сарын 6-нд 11:00-20:00 цаг хүртэл ажиллаж, 7-ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Алтан жолоо трейд” ХХК-ийн “Сансар” сүлжээний супермаркетуудаас хоёрдугаар сарын 7-ны өдөр “Сансар-39” Баянзүрхийн товчоо 09.00-22.00, “Сансар-40” Улаанбаатар их дэлгүүр 12.00-22.00 цагт ажиллаж,“Сансар-9.10” амарч, бусад салбар 09.00-22.00 хүртэл ажиллана. Хоёрдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн бүх салбар ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Оргил” супермаркетууд: Бүх салбар хоёрдугаар сарын 7-ноос энгийн цагийн хуваариар ажиллана.“Боса” сүлжээний дэлгүүрүүдмөн хоёрдугаар 07-ны өдрөөс ердийн цагийн хуваариар ажиллана. “Миний дэлгүүр” ХХХ-ний сүлжээ дэлгүүрүүд хоёрдугаар сарын 8-ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“И-Март” их дэлгүүр шинийн 6.7-ны өдрүүдэд 12.00-21.00 цагт ажиллаж, хоёрдугаар сарын 08-аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул” худалдааны төв хоёрдугаар сарын 4-ийг дуустал амрахгүй ажиллаж, хоёрдугаар сарын 5–ны өдрөөс 12-ны өдрийг дуустал амраад, хоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв хоёрдугаар сарын 9-ний өдрөөс,“Барс” 1, 2 худалдааны төвүүд мөн шинийн 5-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Хүчит шонхор” худалдааны төв хоёрдугаар сарын 11-нийг дуустал амарч, 12-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Да хүрээ” авто худалдааны төв хоёрдугаар сарын 8-ныг дуустал амарч, хоёрдугаар 9-ний өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд хоёрдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ресторан, баар, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд хоёрдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн байгууллагынхаа ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана.

Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн болон хотын доторх болон хот орчмын 89 чиглэлд их багтаамжийн 700 автобус, туслах 4 чиглэлд бага багтаамжийн 10, шөнийн тээврийн үйлчилгээний нэг чиглэлд, нийт 710 автобус үйлчилгээнд ажиллаж байна. Гэвч хотын гэр хороолол болон нийслэлээс гарах, орох чиглэлд түгжрэл, хөдөлгөөний ачаалал ихтэй байгаатай холбоотойгоор нийтийн тээврийн автобусууд тогтмол цаг, чиглэлийн хуваариар явахгүй байна гэсэн гомдол их ирэх болжээ.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ 70044040 утсанд 24 цагийн турш өгөх боломжтой аж.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймагт “Хөх сувд” мөсний баярыг ирэх сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулна

“Хөх сувд” мөсний баяр ирэх сарын 2-4-нд болно

Хөвсгөл нууран дээр жил бүр болдог уламжлалт “Хөх сувд” мөсний баярыг энэ жил ирэх сарын 2-ноос 4-ний өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын албан ёсны цахим хуудсанд энэ талаар мэдээлсэн байна. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Хөх сувд” мөсний баярын энэ жилийн хөтөлбөрт ардын урлагийн тоглолт, бөө мөргөлийн үзүүлбэр, мөсний шагайн тэмцээн, нохой болон морин чарганы уралдаан, тэшүүрийн уралдаан зэрэг үзүүлбэрүүд багтсан байна. Монгол улс энэ жил аялал жуулчлалын салбараас тэрбум ам.доллар олох зорилт тавьсан бөгөөд мөсний баяр энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Categories
мэдээ улс-төр

ЗГХЭГ-ын дарга Эрдэнэт үйлдвэр болон ЖДҮХС-гийн материалтай танилцаж эхэлжээ

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ажлаа авсан даруйдаа Хөгжлийн банк, Эрдэнэт үйлдвэр болон ЖДҮХС-тай холбоотой асуудалд анхаарч ажиллахаа мэдэгдсэн билээ.

Тэрбээр ЗГХЭГ-ын дарга нартай уулзаж Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, Хөгжлийн банкны бондын мөнгөний зарцуулалт гэх мэт олон нийтэд хүлээлт үүсгээд байгаа арваад асуудал дээр төвлөрч ажиллана гэдгээ хэлсэн.

Түүний хэлсэн үг ажил хэрэг болж эхэлж байна. Тухайлбал, Хөгжлийн банкны ТУЗ-ийн удирдлагуудтай өнгөрөгч Баасан гарагт уулзаж, зээлийн төлөлт, чанаргүй зээлийн эзлэх хувь зэргийг яаралтай нэгтгэж, маргааш буюу хоёрдугаар сарын 12-нд танилцуулахыг үүрэг болгохын зэрэгцээ бондуудын эргэн төлөлтийг шалгах гэж буйгаа мэдэгдсэн.

Харин үүнээс илүүтэй Эрдэнэт үйлдвэрийн асуудал болон мартагдах тийшээ хандаад байгаа ЖДҮХС-гийн асуудалд хэзээ анхаарч эхлэх вэ гэдэг хүлээлт олон нийтэд бий.

Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулсан юм.

Тус хэлтсээс өгсөн мэдээллээр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч амралтын өдрүүдэд Эрдэнэт үйлдвэртэй холбоотой материалуудтай нэг бүрчлэн танилцаж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгсөн байна.

Мөн зөвхөн ЖДҮХС гэлтгүй бүх тусгай сангийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, дундаж давхаргад зориулагдах чиглэлд анхаарч ажиллаж байгаа гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдэд орон нутгийн замд ноцтой осол гарч 10 хүн амиа алджээ

Баярын өдрүүдээр буюу хоёрдугаар сарын 04-ний өдрөөс 08-ны өдрүүдэд орон нутгийн замд нийт 9 ноцтой зам тээврийн гэмт хэрэг үйлдэгдэж 10 хүн амь насаа алдаж 11 хүн гэмтсэний тав нь бага насны хүүхэд байна. Тухайлбал хоёрдугаар сарын 05-ны өдөр Архангай, Дундговь аймгуудад, хоёрдугаар сарын 06-ны өдөр Төв, Орхон аймгуудад, хоёрдугаар сарын 07-ны өдөр Төв, Сүхбаатар, Булган аймгуудад, хоёрдугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгуудад зам тээврийн гэмт хэрэг бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын тэргүүлэх шалтгаанд тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон тохиолдлуудад хийж гүйцэтгэсэн мөн хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон шалтгаанууд эзэлж байна.

Categories
мэдээ нийгэм

“Болд сан”-ийн нэрэмжит шайбтай хоккейн тэмцээний цомын эзнээр Жалам хар баг шалгарлаа

“БОЛД САН”-ийн нэрэмжит шайбтай хоккейн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 8, 9, 10-ны өдрүүдэд Дархан хотноо 4 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн тэмцээнд Дархан, Шарын гол, Улаанбаатар хотын нийт найман багийн 100 гаруй тамирчид авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдсөнбайна.

Цомын эзнээр Улаанбаатар хотын С.Өлзийбаяр ахлагчтай Жалам хар баг шалгарсан бол Хоёрдугаар байрыг Шарын гол сумын Г.Мөнхтулга ахлагчтай Золбоот тамирчид баг, Гуравдугаар байрыг Сэлэнгэ аймгийн Б.Алдармөнх ахлагчтай Бугант багийн тамирчид тус тус эзэлжээ.

Мөн шилдэг хаалгачаар Б.Дашням, Шилдэг довтлогчоор Ц.Шинэбаяр, Шилдэг хамгаалагчаар Б.Батбаясгалан нар шалгарсан юм.

Шагнал гардуулах үеэр “Болд Сан”-гаас Баг тамирчдад Хоккейн хувцас, хэрэглэлийг гардууллаа. Монгол Улсын Их Хурлын гишүүн Болдын Жавхлан 2016 оноос эхлэн аавынхаа нэрэмжит шайбтай хоккейн нээлттэй тэмцээнийг Дархан-Уул аймагт явуулж эхэлжээ. Дархан хотын хүүхэд залуусын урлаг, спортын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Лувсангийн Болд нь спортод элэгтэй нэгэн байсан гэдгийг Дарханы иргэд хэлжбайсан юм.

Энэ удаагийн тэмцээнд Олон улсын хэмжээний мастер тав, Монгол Улсын Спортын мастер цолтой 40, спортын 1 дүгээр зэрэгцээ 60 гаруй тамирчид оролцсон нь тус тэмцээн жил ирэх тусам улам өргөжиж буйг илтгэж байна гэж аймгийн Хоккейн холбооны тэргүүн М.Жаргалсайхан онцолж байлаа.

Categories
мэдээ улс-төр

Нөхөн сонгуульд нэр дэвшигчид энэ сарын 15-ны дотор ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах үүрэгтэй

УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг 2019 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс товлон зарлаж, нөхөн сонгуулийн санал авах өдрийг 2019 оны зургадугаар сарын 30-ны өдрөөр тогтоох тухай УИХ-ын тогтоол баталсан.

Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5-д “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуульд нэр дэвших бол сонгууль товлон зарласан өдрөөс хойш ажлын таван өдрийн дотор хүсэлтээ гаргаж, энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө төрийн албанаас болон ажлаасаа тус тус чөлөөлөгдсөн байна” гэж заасан.

Иймд төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд нэр дэвших бол 2019 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ эрх бүхий албан тушаалтандаа гаргасан байх шаардлагатай юм.

Д.Гантулгад эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж, улмаар УИХ-ын гишүүнээсээ чөлөөөлөгдөөд байгаа. Тиймээс Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн сонгогчид төрд төлөөлөлгүй жил орчимын хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн хаврын чуулганаар УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах товыг гаргасан хэдий ч “төрийн албан хаагч нөхөн сонгуульд оролцох эрх зөрчигдөж байна” гэх иргэний гомдлыг ҮХЦ хүлээн авч шийдвэрлэсэн. Учир нь Сонгуулийн тухай хуулиар сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн өмнө төрийн албан хаагч албан тушаалаасаа чөлөөлөгдөх байх шаардлагатай гэснээс өөр заалт тусгаагүй байлаа. Тиймээс УИХ-аар Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж, нөхөн сонгууль явуулахад төрийн албан хаагч хэрхэн оролцох талаар заалтыг тусган баталсан.

Өнгөрсөн тус тойрогт нөхөн сонгууль зарлахад нийтдээ улс төрийн 14 нам нөхөн сонгуульд оролцохоор СЕХ-нд бүртгүүлээд байсан. Энэ удаад ч улс төрийн намуудын оролцоо буурахгүй байх гэж ажиглагчид үзэж байна.

Ирэх зургадугаар сард явагдах Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулиар 287.6 сая төгрөгийг зарцуулна. Уг сонгуулийн зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах юм.

СЕХ хуулийн дагуу өнөөдрөөс УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг товлон зарлаж, сонгуулийн хэсгийн хороо байгуулах, сонгогчдын нэрсийн жагсаалт гаргах, намууд, нэр дэвшигчдийг бүртгэх зэрэг сонгууль явагдах цаг хугацааны хуваарийг гаргана.

Categories
мэдээ нийгэм

Шинэчлэгдсэн 5000-ын дэвсгэртийг ATM хүлээн авах хөгжүүлэлтийг хийж байна

Сар шинийн өмнөхөн гүйлгээд гараад байгаа шинэчлэгдсэн 5000-ын дэвсгэртийг одоогоор орлогын АТМ-д хүлээж авахгүй байна. Тиймээс ХААН банкны бэлэн мөнгөний машинуудад шинэ дэвсгэртийг хүлээн авах хөгжүүлэлтийн ажил хийж байгаа гэв. Хуурамч мөнгөн дэвсгэртээс сэргийлэх үүднээс Монголбанкнаас 5000-ын дэвсгэртийг шинэчлэн гүйлгээд гаргаад байгаа юм. Шинэ таних тэмдэгтэй болсон 5000 төгрөгийн дэвсгэртийн хувьд нүүрэн талд байрлах Соёмбонд сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хийсэн гурван хэмжээст(3D) хөдөлгөөнтэй, дээш, доош налуу хөдөлгөхөд өнгө нь солонгорч харагдах Спарк бэхэн элемент оруулж өгснөөр иргэд энгийн нүдээр хараад жинхэнэ тэмдэгтийг хуурамчаас ялгаж танихад хялбар болжээ.