Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан

Төрийн хамаг дээд шагналыг хамсан математикийн ангийнхан

Монголын хөгжил дэвшилд гар бие оролцсон олон гавьяатууд төгссөн нэгэн ангийнхны түүхийг уншигчдадаа хүргэе. Тэд бол Завхан аймгийн Б.Элдэв-Очирын нэрэмжит арван жилийн сургуулийн 1948-1958 оны төгсөлтийнхөн юм. Энэ ангийн сурагчдын ихэнх нь дээд боловсрол эзэмшжээ. Одоо улс төр, нийгэм эдийн засаг гээд олон салбарт доктор профессор гавьяатууд төрөн гарсан байна. Эрдэнэтийн уурхайг анх нээсэн багийн ахлагч геологич Л.Мягмар, социализмын үед Монгол Улсын хэмжээнд баригдсан бүхий л гүүрийг барьсан И.Гүррагчаа нар эл ангийн сурагчид. Бид энэ ангийн хөвгүүн Монголын ахмад эдийн засагч профессор С.Жамьянсүрэнтэй ангийнхных нь талаар хууч хөөрлөө.

Математикийн хичээлд хорхойтой ангийнхан

1948 оны намар. Завхан аймгийн бүхий л сумаас эрдэм мөрийн зам хөөхөөр ирсэн хөдөөний бор жаалууд, бондгор охид Б.Элдэв-Очирийн гэх тодотголтой сургуульд нэг анги болон нэгджээ. Газар газраас ирсэн эл хүүхдүүдийг ирээдүйн доктор, профессор, гавьяатууд болно гэж хэн ч төсөөлөөгүй байх. Тухайн үед Б.Элдэв-Очирын нэрэмжит дунд сургууль Худгийн ам гэх өвөрмөц сонин тогтоцтой нутагт хэдхэн шавар байшин барьж төвхнөж байсан юм. Эл газар нь Хатанбаатар Магсаржав, Ванданов нарын хуарагнаж байсан түүхтэй гэдгийг уншигчид гадарлах байх. Манай булангийн зочин анги энэ сургуулийн зургаа дахь элсэлт нь. Тэгэхээр тухайн үед зургадугаар ангийн сурагчид хамгийн том ах эгч нар нь байсан байгаа юм. Түүнчлэн энэ сургуулийн зургаа дахь төгсөлт гэсэн үг. Зургаагийн тоогоор нөхөрлөсөн тэд эл сургуульд 62-уулаа элсэн оржээ. Эдгээр балчируудыг тэр үед дээд ангийн ах эгч нараас эхлэн багш нар нь хүртэл алган дээрээ тосон хүмүүжүүлжээ. Анги даасан багш нь З.Цэрмаа. Ангиараа математикийн хичээл сонирхон судалж, амьдралынхаа зам мөр болгоход нь түлхэц болсон хүн нь тэр. Сайн багш нарынхаа буянд ангиараа хичээлийн хорхойтнууд болсон талаар С.Жамьянсүрэн ярив. 1953 оны хавар. Зөвлөлтийн агуу удирдагч Сталин нас барлаа гэх мэдээ дуулдсан. Цагт хэдхэн шавар байшинд төвхнөж байсан Б.Элдэв-Очирын нэрэмжит сургууль буурь сэлгэлээ. Нүүх нүүхдээ Завхан аймгийн Улиастай хотын төвд байрлах Хорлоо инженерийн барьсан хоёр давхар “Цагаан ордон”-д оржээ. Аймгийн хамгийн том барилгад сургууль нь нүүж очсон тэр он цаг С.Жамьянсүрэнд тод мөрөө үлдээжээ. Тэрээр энэ цаг үеийн талаар тэмдэглэсэн ангийн хөвгүүн Ц.Цэндээхүүгийн бичвэрийг гаргаж үзүүлсэн юм. Тэнд “Хоёр шургааг сугавчлаад Жавхлант толгойн шилээр цуварцгааж байлаа. Тэр жил боломж муу байснаас сургууль маань цэлгэр том хашаандаа олон гэр ярайлгаж барьсан. Дотуур байрны бид өнгөлсөн эсгий цавган дээр зулцгааж байсан ч ор дэвсгэрээ хаяагаар тэг дөрвөлжин засч, цэвэр нямбай сууцгаадаг байв. Булан талхны яриа ихтэй, Гүррагчаа, Гэлэгбал, Шаалав бид нэг дор бөөрөө нийлүүлж унтацгаана. Ильичийн гэрэл түгж чадаагүй учир аймгийн төв лаагаар орлуулж байв. Лааны гал алдсанаас байрны гэрүүдээс Сантмаргацынхан голдуу байдаг хамгийн шинэ гэр нэгэн шөнө шатчихаж билээ. Хүүхдүүд нь гэмтэлгүй зүгээр, сургуулиас шинель, цэрэг маягийн хувцас иж бүрнээр нь юм хумаа шатаасан хүүхдүүдэд олгосон” гэж тэмдэглэжээ. Сургуулийн сурагчдад байрны гэрүүдийн дэргэд юм юм нь гял цал болсон хоёр давхар шинэ барилга сүндэрлэх нь тун чиг содон байсан нь тодорхой. Эрс ялгаатай хоёр дүр зураг нийгмийн шинэчлэлийн дохиог тэд анх тэр үед мэдэрсэн биз ээ. Сонирхуулахад 1940, 50-иад оны эрэгтэй сурагчид хөх өнгийн дээл, түнжгэр толгойгоор ижилсдэг байж. Харин охид нь хошмоготой ногоон дээл, хоёр салаа гэзгээ өнгийн туузаар гоёж сургуульдаа очдог байжээ.

Бид цай оочлонгоо С.Жамьянсүрэн гуайгаас сурагч үеийнх нь сонирхолтой түүхүүдийг нь яриуллаа. Тэрээр “Биднийг зургадугаар ангид байхад болсон үйл явдал. Газар зүйн багш Төмөрсүх сурагчдын гал тогоонд дежур багшаар ажиллаж байхад манай ангийн Гомбожав гал тогоонд юм идээд сууж байсан байгаа юм. Тэгээд багш “Чи наадах тэшүүрээ надад өгөөч. Би гол дээр очиж гулгаж байгаад өгье” гэж л дээ. Тэгтэл мань Гомбожав “Та яасан хачин багш вэ. Өчнөөн их цалинтай байж тэшүүр дэлгүүрээс худалдаад аваач. Надаас авах гээд байх юм” гэж томорсон байгаа юм. Та нар шиг сахилгагүй сурагчид энд тэнд хамаагүй шээгээд тэрний торгуульд өгөөд цалин маань хүрэлцэхгүй байна гэж багш тэр үед егөөдсөн л дөө. Гоёо маань тийм их зүрхтэй, эрээ цээргүй, нүүрэмгий шогч эр байж билээ гэж одоо бодож инээж суудаг юм. Гоёо бид хоёрын бас нэг түүх байдаг юм. Долдугаар ангид байсан санагдаж байна. Манай гоёо сэргэлэн, овжин, шооч хүүхэд байсан. Сурагч байхдаа хоолонд нугасгүй. Байнга л хоол асууж явна. Биднийг сурагч байх үед гал тогоонд ээлжилж жижүүр хийлгэдэг байсан. Бас нэг сонирхолтой зүйл нь сурагчид бүрээн дуунаар жагсаж хоолонд ордог байв. Намар сонгуулийн өдөр би гал тогооны дежур хийж таарсан юм. Урьд орой нь Гомбосүрэн нэг л зүйлийг үнэн сэтгэлээсээ захиж хэлье, маргааш өглөө найз нь хоол дахимаар байна аа гээд болдоггүй. Өглөө нь аз болж сонгуулийн өдөрт зориулаад зүсэм талх, элсэн чихэр, цагаан тостой өглөөний цай угтав. Мань хашир ч өглөө хамгийн эрт ирэхээр нь өгөөд явууллаа. Бүрээн дууны хамгийн эхний дараалалд ирсэн шүү бүр. Хүүхдүүд өглөө хоолондоо ороод бараг дундаа ороход Гоёо дахин ороод ирлээ. Дахиад л өглөө. Одоо ч болсон байх аа хэмээн бодож байтал хамгийн сүүлд гэмгүй царайлан сээмийтэл дахиад ороод ирдэг байгаа. Дахиад л нөгөөдөхөө өглөө. Өдрийн хоолонд ч дахиад дахисан юм даг. Орой нь ажлаа дуусгаад Чүлтэм тогоочтой тооцоо хийхэд нэг бүтэн талх дутаж мань хүнээр зэмлүүлж билээ. Үүнийг далимдуулан нэлээд хүүхэд өглөөний талхыг дахисан учраас дутсан нь илэрхий болсон. Байрны сурагчид тэгж л өлсдөг байлаа. Голдуу шар будаа л иддэг байсан даа” гээд хөгжилтэй инээв.

1956 оны намар. Зочин анги маань наймдугаар ангид дэвшихэд Завхан аймгийн Нөмрөг, Тосонцэнгэлийн сургуулиас 20 шахам охид, хөвгүүд ирж элсэн суралцжээ. Тэдгээр хүүхдүүд Улиастайн довон дээр сурч, хүмүүжин, өсөцгөөсөн гэнэ. Гэвч ангид хот хөдөөгийн ялгаа ер гардаггүй байж. Нэг зорилготой нэгдмэл анги болжээ. Одоо ч ангийнхан уулзалдаж, хамт олноороо хуучин цагаа дурсдаг байна. Хорвоогийн жам ёсоор ангийн 62 сурагчаас 18 нь л өдгөө эрүүл энх, түвшин амгалан аж төрж байгаа гэнэ.

Эл ангийнхнаас төрсөн төрийн соёрхолтууд, гавьяат, эрдэмтэд, профессоруудын дийлэнх нь оюуны чадавхтай хүмүүс. Тэд Завхан аймгийн Нөмрөг, Түдэвтэй, Цэцэн Уул, Яруу зэрэг хойд сумдаас гаралтай гэнэ. Б.Элдэв-Очир мөн л Нөмрөг сумынх ажээ. Тэр утгаараа ч тэр үү, эл ангийнхан хичээлээс холддоггүй онцгой зуршилтай байж. Энэ талаараа С.Жамьянсүрэн “Тухайн үед зурагт, радио гэх мэт анхаарал сарниулах зүйл байсан биш дээ. Хааяа л нэг нэгдсэн журмаар кино үзнэ. Жилд хоёр, гурван удаа л үзүүлнэ. Ганц хийдэг зүйл нь хичээл, ном л байсан. Тэр үеийн багш нартаа талархаж явдаг. Хосгүй сайн багш нарын гар дээр очсон учраас бидний сурах идэвх тэр хэрээрээ өндөр байлаа. Климов гээд багш орос хэлний ганц нэг үг цээжлүүлдэг. Гэхдээ хөдөөний хүүхдүүд бид тийм ч сайн сурч чадаагүй” хэмээн ярилаа. Үргэлжлүүлэн тэрээр “Биднийг есдүгээр ангид байхад багшаар МУИС-ийн тоо физикийн анги төгссөн, физикийн мэргэжлээр өндөр мэргэшсэн, заах арга сайтай бидэнд мэдлэг олгохын тулд үнэхээр хичээж, зүтгэл гарган ажилладаг багш Баатар ирлээ. 1957 оны тавдугаар сард санагдаж байна. Сургуулийн хичээлийн байр улаан туйпуу байшингийн урд талд Баатар багшийн маань улаан өнгийн унадаг дугуй харагдана. Тэр үед Оросын унадаг дугуй нэлээд ховор байсан. Бэл бэнчин сайтай сэхээтнүүд л ганц нэг унадаг байлаа. Гэтэл манай ангийн сурагч Гэрбиш багшийн дугуйг нууцаар унаад алга боллоо. Багш гарч ирсэн унадаг дугуй нь байхгүй. Тэгсэн мань Гэрбиш дугуйг нь уначихсан чанх урдаас нь гараад ирдэг байгаа. Би ч айгаад таг дуугүй зогсчихсон. Тэгсэн л Баатар багш чангаар “хар хулгайч аа. Хэлээд унахгүй яасан юм бэ” гэж хэлэх нь надад хагас дутуу сонсогдсон доо. Гэрбиш тэр дороо “сүүлээ хавчаад” зугтсан санагдана. Одоогийнхоор бол хэт айснаасаа болж зүрх нь зогсчих дөхсөн дөө, хөөрхий. Хүүхэд нас аа гэж. Аль зүггүйтэхийг тэр гэх вэ дээ” гэж хэлээд зургийн цомгийнхоо урагдаж муудсан сурагч үеийнхээ зургийг илбээд дурсамжаа үргэлжлүүллээ.

1958 оны хавар. Төө орох зайгүй эвсэг эл ангийнхан цаг хугацааны жимээр тарсан будаа шиг цацран оджээ. Бахархууштай нь тэд бүгд дээд сургуульд элсэн орсон. Арга ч үгүй биз. Хичээлийн хэнээтэй гэмээр энэ ангийнхан математик, биологи, физикийн талаар ам булаалдан мэтгэлцэж, тухайн үеийн хүмүүсийн төдий л мэдэхгүй ДНХ, капитализмын талаарх мэдлэгээрээ уралдаж явжээ. Ангийн арав гаруй сурагч гадаад руу явж их сургуульд суралцсан гэдгийг онцлох хэрэгтэй байх. Тухайлбал, М.Мэрэгшир Москва хотын төмөр замын дээд сургууль, Г.Нямжав Москвагийн ХАА-н инженерийн академи, И.Гүррагчаа Москвагийн авто замын дээд сургууль, Ц.Жанчив Ломносовын их сургууль гээд тоочоод байвал урт дараалал үүснэ.

Эл ангиас Монгол Улсын гавьяат хоёр, Монгол Улсын төрийн соёрхолт хоёр, Академич нэг, Шинжлэх ухааны доктор гурав, Дэд докторууд ес, Профессор цолтон арав, Ардын их хурлын депутат хоёр, Монгол Улсын шинэ үндсэн хууль батлалцсан депутат нэг, спортын цолтон дөрөв гээд л дурдаад байвал дуусахгүй их. Гавьяа шагналыг нь цааш үргэлжлүүлбэл, Алтангадас одон 18, Хөдөлмөрийн хүндэт медаль 14, Салбарын тэргүүний ажилтан 28 гээд л цааш үргэлжилнэ. Түүнчлэн олон улсын шагналаар шагнагдсан дөрвөн сурагч байдаг аж. Ангийн Ц.Жанчив, дэлхийн шилдэг 100 эрдэмтдийн жагсаалтад орсон, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн захирал. Б.Бурмаа Герман Улсын физик, математикийн ухааны доктор, МУИС-ийн хүндэт профессор. Ц.Цэндээхүү МУИС-ийн биологийн факультетийн ургамал, судлалын тэнхимд 40 гаруй жил ажилласан, Биологийн ШУ-ны доктор. Ш.Гэрбиш МУИС-ийн цөмийн судалгааны төвийн секторын эрхлэгч, Дубнагийн олон улсын цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн инженер, тасгийн эрхлэгч, Нью-Йоркийн академийн гишүүн. И.Гүррагчаа Монголын зам гүүрийг хөгжүүлэх үйлсэд гавьяа байгуулсан, Монгол Улсын төрийн соёрхолт инженер, Монголын Хүндэт замчин. Я.Бадрал Дархан дахь ургамал газар тариалангийн, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн секторын эрхлэгч, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор. Ч.Бямбаа ШУА-ийн Физик, техникийн хүрээлэнгийн соронзон судлалын тасгийн эрхлэгч, солир судлагч, доктор. Г.Нямжав инженер нийтлэлч, нийгэм улс төрийн ахмад ажилтан. Д.Цагаандорж Эрдэнэт үйлдвэрийг байгуулахад илгээлтээр ажилласан анхны монгол инженер гээд л маш олон алдартай эрдэмтэн судлаачид төрөн гарчээ. Зах цухаас нь дурдахад ийм байна. Улс орондоо хийж бүтээх насандаа зүтгэж, хөгжилд нэмэр болсон буурлууд минь өтөл цагтаа ч зүгээр суулгүй хойч үеэ бэлдэх ариун цагаан мөрийг гаргаж явна.

Б.АМАРТҮВШИН

Categories
энтертаймент-ертөнц

“The world’s best” шоуны хоёрдугаар шатанд О.Энх-Эрдэнэ, Димаш нар өрсөлдөнө

Дэлхийн шилдгүүд оролцож буй “The world’s best” шоу нэвтрүүлгийн хоёрдугаар шатны шалгаруулалтанд О.Энх-Эрдэнэ шалгарч үлдлээ. Түүнчлэн сошиал сүлжээнд төдийгүй хоолойн ур чадвараараа алдаршаад байгаа казакстаны дуучин Димаш мөн хоёрдугаар шатанд шалгарч үлджээ. Сонирхуулахад уг нэвтрүүлгийн шүүгчид дунд дэлхийд алдартай UFC тулаанч, загвар өмсөгч, жүжигчин, дуучин, балетчин зэрэг урлаг, спортын салбарын төлөөллүүд шилгүүдийг шалгаруулах гэж байна. “Дэлхийн шилдгийн шилдэг” шоу нэвтрүүлгийн шилдэг авьяастан нэг сая ам.долларын эзэн болох аж. Одоогийн байдлаар хоёрдугаар шатанд 13 оролцогчид шалгарч үлдээд байна:

Kukkiwon – 99 оноо
TNT Boys – 99 оноо
Dimash Kudaibergen – 98
Enkh Erdene- 97
Dundu – 97
Naturally 7 – 95
Justin Flom – 95
Duo Suining – 91
Jordan McKnight – 91
Manami Ito – 86
Lydian Nadhaswaram – 85
Matt Johnson – 81
Sister Cristina Scuccia – 78


Categories
мэдээ нийгэм

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна

Шинийн 4 буюу энэ сарын 08-ны өдөр Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан “Лексус-470” загварын 5 зорчигчтой суудлын автомашин мөсөнд цөмөрч усанд живсэн, 5 зорчигч эсэн мэнд гарсан тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн. Дуудлагын дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, 2 автомашинтай нуурын усанд живсэн автомашиныг татан гаргахаар 30 метрийн гүнд хоёр удаагийн шумбалт хийхэд автомашин дотор шороо хайрга их хэмжээгээр орсон байжээ. Түүнчлэн автомашин доторх эд зүйлсийг хайх боломжгүй учраас жолоочийн хүсэлтээр аврах ажиллагааг зогсоосон байна. Түүнчлэн цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын сүүлийн арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм. Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын буцаан олголт ороогүй бол 70115019 дугаараас лавлаарай

2018 оны НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг 2019 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр гэхэд иргэдийн дансанд шилжүүлж дууссан. Тэгвэл буцаан олголт аваагүй 65 мянга орчим иргэд байгаа талаар албаныхан мэдээлж байсан. Тиймээс НӨАТ-ын буцаан олголттой холбоотой гомдол байвал 70115019 дугаараас тодруулах боломжтой. Еbarimt.mn-д өнгөрсөн жил бүртгүүлсэн 808,000 иргэн нийт 121 тэрбум төгрөгийн буцаан олголт авах юм. Өнөөдрийн байдлаар 271,6 сая НӨАТ-ын баримт хэвлэгдсэн бөгөөд 628141 иргэн бүртгэлээ баталгаажуулсан бол 651008 иргэн урамшуулал авах боломжтой байгаа юм байна. И-баримтад нийт 911856 иргэн бүртгэлтэй байдаг аж.

Categories
мэдээ нийгэм

Цаг агаарын аюулт үзэгдэлтэй холбоотой дуудлагын тоо буурав

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 02 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар 1-24 см зузаан цасан бүрхүүл тогтжээ. Үүнээс Увс аймгийн Зүүнговь сум 24 см, Малчин, Хяргас сум 21 см, Улаангом, Баруунтуруун сум 19 см, Завхан аймгийн Баянтэс сум 16 см, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон, Улаан-Уул сум 15 см, Завхан аймгийн Улиастай сум 14 см зузаан цастай байна. Харин сар шинийн өдрүүдэд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар болон нийт нутгаар цас орж, Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд 6.0 мм, Ховд аймгийн Үенч суманд 4.2 мм, Завхан аймгийн Тэлмэн суманд 4.0мм, Өвөрхангай аймгийн Хархорин суманд 3.9 мм, Ховд аймгийн Мянган суманд 3,8 мм цас оржээ. Хэдийгээр сар шинийн өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарсан ч салхи шуурганд уруудсан, төөрсөн, цасанд боогдсон зэрэг цаг агаарын аюулт үзэгдэлтэй холбоотой дуудлага өмнөх жилүүдийнхээс бага буюу буурсан үзүүлэлттэй байлаа.

Categories
энтертаймент-ертөнц

Фото: “Грэмми”-гийн шагнал гардуулах ёслолд хүрэлцэн ирсэн одод

www.dailymail.co.uk” сайт АНУ-ын Лос Анжелес хотноо 61 дэх удаагийн “Грэмми”-гийн шагнал гардуулах ёслол амжилттай зохион байгуулагдаж, ялагчдаа тодруулсан талаар мэдээлэв.

Тус ёслолын улаан хивсээр алхсан алдартнуудыг фото зургуудыг сонирхуулъя.

Matching: Katy posed with Anna Kendrick, who wore a pink feathered Ralph And Russo dress with tons of gems upon it

The cat's meow: The Million Reasons singer played up her peepers with smokey cat-eyed shadow












Categories
мэдээ нийгэм

Нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтэц 70 хувьтай байна

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барьж буй нефть боловсруулах үйлдвэрийн менежментийн зөвлөх үйлчилгээний харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ. Тодруулбал, Энэтхэгийн “Инженерс индиа лимитэд” компанитай Монголын Засгийн газрыг төлөөлж төрийн өмчит “Нефть боловсруулах үйлдвэр” компани гарын үсэг зурсан юм. Энэхүү арга хэмжээ Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотноо болсон “Петротех” олон улсын зөвлөгөөний үеэр болжээ. Тус үйлдвэрийн дэд бүтцийн ажил 70 гаруй хувьтай байгаа талаар Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин хэллээ. Тэрбээр “Цахилгааны 110 кВт-ын шугамын ажил, дэд станц баригдаж дууссан. Авто замын хучилт хийхэд бэлэн болсон байна. Төмөр замын ажил 2-3 км явсан байгаа. Ирэх дөрөвдүгээр сард ажлаа эхлүүлбэл зургадугаар сар гэхэд нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүх ажил дуусах боломжтой” гэсэн юм. Анх 2015 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болж энэ зээлийн хүрээнд нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэр гарсан юм. Нийтдээ 150 га талбайг эзлэн орших бүтээн байгуулалтын талбайтай Алтанширээ дэх газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил 2022 оны дөрөвдүгээр улиралд багтаан ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа юм. Жилдээ 1.5 сая тонн түүхий газрын тос боловсруулах чадалтай энэ үйлдвэр дотоодын хэрэгцээний 30 гаруй хувийг хангах зорилготой билээ.

Categories
мэдээ нийгэм

Х.Мөнхбат: Охид маань “Аав аа” гэж дуудахад ухаан орсон

Онцгой байдлын алба энэ жил анх удаа онцгой гавьяа байгуулсан алба хаагчдаа мөнгөн шагнал 16 сая төгрөгөөр урамшуулсан юм. Эр зориг, мэргэжлийн ур чадвар гаргаж шилдэг гурван аврагчийн нэгээр шалгарсан Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахлах дэслэгч Х.Мөнхбатыг “Зууны мэдээ” сонин Монгол Улсын төлөө буландаа урилаа. Тэрээр онцгой байдлын байгууллагад 11 жил ажиллахдаа 174 хүний амь нас, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 860 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.

-Юуны өмнө онцгой гавьяа байгуулж шагнуулсанд баяр хүргэе. Анх хэрхэн аврагч болсон тухайгаа болон ажлын гараагаа хаанаас эхэлсэн талаар яриагаа эхэлье?

-Баярлалаа. Би Батлан хамгаалахын их сургуулийн харъяа Ахлагчийн коллежийг 2003-2004 онд суралцаж төгсөөд 2008 он хүртэл Зэвсэгт хүчний 150 дугаар ангид ажилласан. 2008 онд Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийн аврах отрядад усчин аврагчаар анх ажилд орж байлаа.

-Онцгой байдлын албанд 11 жил ажиллахдаа 174 хүний амь нас, иргэн аж ахуйн нэгж, байгууллагын 860 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ. Нэг ч хором хариуцлага алдах эрхгүй онцгой нөхцөлд ажиллахад шантрах үе гарч байв уу?

-Шантрах үе байсан. Онцгой байдлын алба хаагчид аврах туслах тангарагтай ч бусадтай адил жирийн л хүмүүс шүү дээ. Гэхдээ бид төр, эх орон, ард түмэндээ тангараг өргөж бие, сэтгэл зүрхээрээ хат суусан эрс. Бидний хийж буй ажил үүрэг, хором мөч бүхэн эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгө, байгаль дэлхийгээ аврах үйл хэрэг байдаг учир ямар ч хүнд хэцүү бүхнийг даван туулж чаддаг. Үүгээрээ өөрсдийгөө хурцалж энэ сайхан албаараа бахархдаг.

-Анхны тусламж үзүүлэхээс эхлээд үүрч, дүүрээд гүйх үе гардаг байх. Сэтгэлээс гардаггүй аврах ажиллагаа юу байсан бэ?

-Тийм үе олон бий. 2011 оны хоёрдугаар сарын 8-нд НИК компанийн 14 тонн шатахуун ачсан Урал загварын хоёр автомашин Хөвсгөл далай дээгүүр тээвэр хийж яваад далайн мөс цөмөрч осолдоход манай онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн дуудлагын газар очиж үүрэг гүйцэтгэсэн. Энэ аврах ажиллагаанд далайн мөсийг 2х2-ын хэмжээтэй цоолж цооног гарган 47 метрийн гүнд шумбаж нэрвэгдэгчийг гаргаж ирэх үе л мартагддаггүй юм. Тухайн үед 35-40 хэмийн хүйтэн байсан учир амьсгалын төхөөрөмж усанд хөлдчихөөд гурван өдөр шумбалт хийсэн. Гурав дахь өдөр 40 метрийн гүн рүү ороход амьсгалах зуултуур маань хөлдөж агааргүй болсон. Ард мөрдэс нэгт алба хаагчид, НИК компанийн ажилчид, нэрвэгдэгчийн ар гэр, бусад хамтран үүрэг гүйцэтгэж байгаа тэр олон алба хаагчдаа бодож зорьсон үүргээ заавал гүйцээнэ дээ гэж шийдсэн. Тэгээд машинаас нэрвэгдэгчээ өөртэйгөө бэхлээд дээш гарах үед үхлээ л гэж бодсон. Туулж өнгөрүүлсэн амьдрал минь хэдхэн хоромын хугацаанд нүдний өмнө харагдаад өнгөрдөг юм байна лээ. Гэнэт нүдэнд минь цооногны дээрээс хоёр охин маань тонгойчихсон “Аав аа нааш ир нааш ир” гээд дуудаад байгаа нь харагдсан. Тэр үед гэнэт ухаан орж амьд гарах ёстойгоо ойлгосон. Хүүхдүүдийн минь заяа намайг түшсэн.

-Ажиллаж байсан томоохон осол гамшгуудаасаа дурдахгүй юу. Хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалахад мэргэжлийн ур чадвараас гадна сэтгэл зүтгэл их гардаг болов уу?

-2011 онд НИК компанийн хоёр Урал автомашины осол, 2012 онд ОХУ-ын нутаг дэвсгэрт цасан нурангины аврах ажиллагаа, 2012 онд Хөвсгөл нууранд нэг хүн завьтайгаа осолдсон, 2016 онд Хөвсгөл нууранд дөрвөн хүүхэд нэг том хүн завьтайгаа хөмөрсөн. Мөн 2017 онд Мөрөн суманд болсон үер, 2018 онд Хөвсгөл нуурын мөс цөмөрч гурван том хүн, нэг хүүхэд машинтайгаа унаж осолдсон дуудлагад үүрэг гүйцэтгэсэн. Ер нь жижиг гэлтгүй аврах ажиллагаа болгон өөрийн онцлогтой. Аврагчдад нэг секунд ч үнэ цэнэтэй. Учир нь хором бүр хүний амь наснаас гадна нөхрийн болон өөрийн амь настай холбоотой байдаг болохоор их хариуцлага үүрч явдаг.

-Гал, ус, үер гээд ослын үед үүрэг гүйцэтгэж байхдаа бэртэж гэмтэх тохиолдол гарч байв уу. Мэдээж аварч хамгаалсныхаа төлөө хариу нэхдэггүй байх. Гэхдээ баярлаж талархсанаа илэрхийлэх хүмүүс хэр их байдаг вэ. Ямар ч мэргэжил урмын үгэнд улам хүч ордог шүү дээ?

-Аврах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байх үед бага сага бэртэл гэмтэл гардаг. Аврагчдын сэтгэлд аварч хамгаалсныхаа төлөө хариу нэхнэ гэсэн ойлголт өчүүхэн ч байдаггүй. Аврах ажиллагаагаа амжилттай гүйцэтгэх л аврагч хүний бахархал. Тэр ч утгаараа бидэнд “Баярлалаа” гэдэг үг л хамгийн том хариу болдог.

-Онцгой байдлын алба шилдэг гурван аврагчаа 16 сая төгрөгөөр урамшуулсанд олон нийт ч баяртай байна лээ.Танд ч гэсэн улам сайн ажиллах урам зориг өгсөн байх. Шагналын мөнгөө юунд зарцуулахаар төлөвлөсөн бэ?

-Онцгой байдлын алба энэ жил анх удаа онцгой гавьяа байгуулсан гурван алба хаагчдаа 16 сая төгрөгийн мөнгөн шагнал өгсөн. Гурван алба хаагчийн нэг болж шагнуулсандаа их баяртай байна. Энэ шагнал ганц миний хийсэн гавъяа биш. Хамтран үүрэг гүйцэтгэсэн мөрдэс нэгт хамт олны минь гавьяа юм шүү. Намайг Онцгой гавьяа байгуулсан алба хаагчаар тодруулсан ОБЕГ-ын дарга удирдлага, хойд бүсийн төв Орхон-Уул аймгийн Онцгой байдлын газрын дарга, удирдлага, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга, удирдлага алба хаагчиддаа баярласнаа илэрхийлье. Шагналын мөнгөө гэр бүлийнхээ хэрэгцээнд, ээжийнхээ эмчилгээнд, албандаа зориулна даа.

-Онцгой байдлын салбарт ажиллах хугацаандаа нийт хэдэн сар, хоногоор хээр хөдөө үүрэг гүйцэтгэсэн байдаг вэ. Ялангуяа, Хөвсгөл аймгийн хувьд онцлогоосоо шалтгаалаад усны осол их гардаг уу?

-Энэ албанд орсноос хойш одоог болтол хэдэн сар хоног үүрэг гүйцэтгэснээ тооцож байсангүй. Их л өндөр тоо гарна даа. Гэр бүлтэйгээ байхаас илүү ажил, албандаа үүрэг гүйцэтгэх өдөр хоног нь олон байдаг. Гадаа гарч эр, гэрт орж эм болж амьдралыг минь санаа зоволтгүйгээр зохицуулж сэтгэлийг минь хоёрдуулалгүйгээр авч яваа ханьдаа их баярладаг. Амжилтын маань нэг үндэс нь гэр бүл юм. Хөвсгөл аймаг гол, нуур ихтэй үүнтэй холбоотой гол усны дуудлагууд өвөл зунгүй гардаг.

-Монгол Улсын төлөө зүтгэхийг тэр дундаа аврагч гэсэн онцгой албыг хэрхэн ойлгож хүлээн авч явдаг вэ. Ер нь аврагч хүн ямар байх ёстой гэж боддог вэ?

-Аврагч хүн мэдрэмжтэй, зоригтой, ухаалаг, багаар ажиллах чадвартай, бие бялдар сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй байх ёстой гэж боддог. Цэрэг хүн улс орны тулгуур багана байх ёстой. Тэр дундаа онцгой байдлын алба хаагчид энх цагийн баатрууд гэж ойлгож, мэргэжлээрээ бахархаж явдаг. Өөрийн амиараа дэнчин тавьж эх орон, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн ариун цагаан үйлстнүүд, үхлийг үргээсэн буянтнууд юм шүү гэж албаараа, аврагчдаараа бахархдаг.

-Гамшиг ослоос болж иргэд амь нас, эд хөрөнгөө алдах нь цөөнгүй. Энд иргэд ч хариуцлага болгоомжтой байх ёстой байх?

-Ер нь тохиолдож буй аюулт үзэгдэл болон техникийн холбогдолтой ослын ихэнх нь иргэдийн санамсар болгоомжгүй, буруутай үйл ажиллагаанаас болсон байдаг. Телевиз, радио, fm, сонин хэвлэл, тараах материал, уулзалт, сургалт гэх мэтчилэн бүхий л арга хэрэгсэлээр урьдчилан сэргийлж сануулж мэдэгдсээр байтал зарим иргэн хариуцлага, хор уршгийг тооцоолдоггүйгээс хүний амь нас, эд хөрөнгө, байгаль дэлхийд хохирол учруулдаг. Нэгэнт тохиолдсон явдлын дараа л харамсдаг. Иймээс иргэн бүр дор бүрнээ хариуцлагаа ухамсарлаж тохиолдож болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж байх хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм

Автобусны зогсоол дээр машинаа байршуулахгүй байхыг анхааруулж байна

“Автобусны зогсоол” нэгдсэн арга хэмжээг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, Нийтийн тээврийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран хоёрдугаар сарын 2-ны өдрөөс хэрэгжүүлж байна. Тэгвэл энэхүү арга хэмжээний хүрээнд Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн тасгаас Замын хөдөлгөөний дүрмийн 11.5 В заалтыг зөрчиж чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр зогсож нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан жолооч нарын жолоодох эрхийг хасаж захиргааны арга хэмжээ авч эхэлжээ. Иймд Замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоол дээр зогсож хөдөлгөөнд саад учруулахгүй байхыг нийт жолооч нартаа анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Сар шинээр гал түймрийн улмаас нэг иргэн нас баржээ

Сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 2019 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн 09:00 цагаас хоёрдугаар сарын 11-ний өдрийн 09:00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллажээ. Энэ хугацаанд аюулт үзэгдэл, ослын нийт 94 удаагийн дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллан, 20 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлэн, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажилласан байна. Харин нийт дуудлагын 70 орчим хувь буюу 64 нь ахуйн гал түймрийн дуудлага байсан бөгөөд гал түймрийн улмаас Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Ж /67 настай, эрэгтэй/ нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Сар шинийн баярын өдрүүдэд Онцгой байдлын байгууллагын нийт 10,626 алба хаагч /давхардсан тоогоор/ 2,300 гаруй аврах, гал унтраах автомашин, техник томилгоожин үүрэг гүйцэтгэжээ.