Categories
мэдээ нийгэм

Гэмт хэргийн тоо 18,5 хувиар буурчээ

Нийслэлийн Цагдаагийн газраас иргэдийн эрүүл аюулгүй, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхийн тулд дүүргийн Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг бодитой дэмжин, хамтран ажилладаг Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын Тамгын газарт талархал илэрхийллээ.

Тухайлбал өнгөрсөн онд дүүргийн ИТХ болон ЗДТГ-аас Цагдаагийн I,II,III хэлтсийн гэмт хэрэг илрүүлэх үйл ажиллагаанд шаардлагатай техник хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж мөн хангаж, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтийн дунд ухуулга сурталчилгааг амжилттай хийсэнг Нийслэлийн Цагдаагийн газраас онцолсон юм. Үүний үр дүнд дүүргийн хэмжээнд гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18,5 хувиар буурчээ.

Categories
мэдээ нийгэм

Замын тэмдэг, тэмдэглэгээ эвдсэн бол нөхөн төлүүлнэ

Баянзүрх дүүрэг дэх Замын Цагдаагийн хэлтсээс ‘’Тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн бүрэн бүтэн байдал’’ хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа. Тухайлбал тус арга хэмжээний хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж, байгууллагын тээврийн хэрэгсэл болон дүүргийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт, шалгалт хийж байна. Өнөөдрийн байдлаар тус хэлтсийн албан хаагчид дүүргийн НҮГ-1,2,3,4 ОНӨААТҮГ-ын техник хэрэгсэл болон MCS-CocaCola ХХК-ий автомашинуудад шалгалт хийж заавар зөвлөгөө өгч байна.

Түүнчлэн Замын хөдөлгөөнд оролцож байхдаа замын тэмдэг тэмдэглэгээ, хайс хашлага эвдсэн буруутай этгээдийг камерын тусламжтайгаар илрүүлэн нөхөн төлүүлэх арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Иймд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган, замын хөдөлгөөний дүрмийн дагуу зам тээврийн ослоос урьдчилан сэргийлнэ үү.

Categories
мэдээ нийгэм

Мөсний баяр болох хэсгийн мөсний зузааныг хэмжжээ

Хөвсгөл аймагт зохиогдох “Мөсний баяр” арга хэмжээг зохион байгуулах комиссоос энэ сарын 26-ны өдөр мөсний хөлдөлтийн байдалд хэмжилт хийлээ. Хэмжилтээр Сомо/Хүслийн/ хад орчимд 1.2 м, Монгол далай 1.3 м, баярыг зохион байгуулах Хүй толгой орчимд 1.3 м зузаантай байв. Өрх үүссэн болон мөс цөмөрч болзошгүй газруудад хаалт, дарцаг, тэмдэглэгээг байршуулах ажил өнөөдрөөс хийгдэж байгаа аж.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус баярыг зохион байгуулагчдад байгаль орчин, эрүүл ахуй, авто тээвэр, усан зам болон авто замын хяналтын чиглэлээр зөвлөмж хүргүүлээд байна.

Цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэдийг автомашин болон явганаар гол, нуур, цөөрмийн мөсөн дээгүүр дур мэдэн зорчихгүй байх, баталгаат зам, гүүрээр зорчихыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Эрх зүйн хөтөч бэлтгэх сургалт боллоо

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар тогтоолоор “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан.

Хөтөлбөрийн нэг гол зорилт нь эрх зүйн хөтчийн үндэсний тогтолцоог бүрдүүлэх ажил бөгөөд төлөвлөгөөний дагуу Хууль, зүйн үндэсний хүрээлэнгээс сургалтын хөтөлбөр, гарын авлагыг бэлтгэж хэвлүүлсэн байна.

Сургалтын хөтөлбөр, гарын авлагын дагуу “Эрх зүйн хөтөч” бэлтгэх сургалтын хоёрдугаар ээлжийн сургалтыг энэ сарын 25, 26-ны өдрүүдэд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд зохион байгуулсан байна.

Сургалтад нийслэл, есөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын Эрх зүйн сургалт, сурталчилгааны мэргэжилтэн, 23 хорооны нийгмийн ажилтнууд оролцсон ба цаашдаа нийслэлийн бүх хороодын нийгмийн ажилтнуудыг хамруулна.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж Бельгийн Вант Улсын Элчин сайд Марк Винк-тэй уулзав

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж Бельгийн Вант Улсын Элчин сайд Марк Винк-тэй уулзав. Уулзалтад ЭМЯ-ны холбогдох газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүд байлцав.

Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд Бельгийн Вант Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл болон 2008-2011 онд хэрэгжсэн Зүүн бүсийн оношлогоо эмчилгээний төвийг бэхжүүлэх төслүүд нь уудам газар нутагтай, дэд бүтэц хангалттай хөгжөөгүй манай улсын хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд их хувь нэмэр оруулж байгааг онцлон хэллээ.

Үүний дараагаар Элчин сайд Марк Винк хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын хамтын ажиллагаа зохих түвшинд амжилттай хэрэгжиж байгаатай санал нэг байгааг илэрхийлэхийн зэрэгцээ Ховд аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төслийн эхний үе шатанд нийлүүлэгдэх тоног төхөөрөмжүүд бүрэн ачигдсан бөгөөд хоёр дахь шатны тоног төхөөрөмжүүд ачигдахад бэлэн болж байгааг мэдэгдэж, төслийн хэрэгжилтийн одоогийн явц, байдалтай танилцах, тулгамдсан, шийдвэрлэвэл зохих асуудлуудыг хэлэлцэх зорилготой байгаагаа мэдэгдлээ.

Уулзалтын явцад талууд төслийн явц, санхүүжилттэй холбоотой асуудлуудаар дэлгэрэнгүй харилцан ярилцаж, санал солилцохын зэрэгцээ Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж дээрхи төслүүдийг хамтран хэрэгжүүлсэн туршлагад үндэслэн ижил төрлийн төсөл хэрэгжүүлэх, эмнэл зүйн урт хугацааны тэтгэлэгт хөтөлбөрт эмч мэргэжилтнүүдийг сургах зэргээр хамтын ажиллагааг өргөжүүлэх саналтай байгаагаа мэдэгдлээ. Элчин сайд Марк хамтын ажиллагааны саналуудыг таатай хүлээн авч, холбогдох газруудад уламжлах болохыг мэдэгдснээр уулзалт өндөрлөв.

Categories
мэдээ нийгэм

Эмэгтэйчүүд залуучуудын эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр хэрэгжиж байна

НҮБ-ийн Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Өмнөговь аймагт хэрэгжүүлж байгаа “Эмэгтэйчүүд залуучуудын эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч КАОРИ ИШИКАВА-тай аймгийн удирдлагууд уулзаж хийгдэж буй ажлын талаар санал солилцлоо. Уг хөтөлбөр хэрэгжих явцад Тодруулбал 2019 онд манай аймгийн 10 суманд явуулын үзлэг хийнэ. БОЭТ болон эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ. БОЭТ-д нөхөн үржихүйн эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээ үзүүлэх кабинетыг байгуулах гэх мэт томоохон ажлуудыг хийх юм.

Categories
мэдээ улс-төр

“Эрдэнэт”-ийн 49 хувийг “Монголын зэс” корпорацид шилжүүлсэн тэмдэглэлийг нууцаас гаргалаа

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Тэрбээр мэдээллийнхээ үеэр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн талаар авсан зарим арга хэмжээний тухай буюу 2016 оны 32 дугаар тэмдэглэлийг нууцаас гаргасан тухай мэдэгдлээ.

Энэхүү тэмдэглэлийг нууцаас гаргаж шалтгааны талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “2016 оны ёсдүгээр сарын 9-ний Засгийн газрын хаалттай хуралдсан энэхүү 32 дугаар тэмдэглэлээр, тухайн үеийн аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат танилцуулга хийж, Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалтын боломжгүй учраас Эрдэнэт үйлдвэрийн давуу эрхээсээ татгалзаж, Монголын зэс корпорацид худалдах тухай танилцуулгыг хийсэн байна. Хуралдаанд танилцуулахдаа өмчлөлийн хувьд Худалдаа хөгжлийн банк Д.Орхон захирал, Монголын зэс корпорациас Эрдэнэбилэг захирал нарыг дурдсан байна. Хуралдаанд Орхон, Мөнхбаатар, Пүрэвтүвшин нар оролцсон. Энэ хуралдааны тэмдэглэлийг тодорхойгүй шалтгаанаар нууцын зэрэглэлд байсныг нууцаас гаргаж байна.

Нууцаас гаргаж байгаа материал нь Худалдаа хөгжлийн банк, Монгол зэс корпораци нь хоорондоо удирдлага болон санхүүгийн хувьд хамааралтай гэдгийг нотлож байгаа юм. Тухайн үеийн Засгийн газрын хуралдаан дээр Худалдаа хөгжлийн банкны Орхон захирлын биечлэн хэлсэн үг нууцын зэрэглэлтэй материалд тэмдэглэгдсэн үлдсэн байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Хачгийн идэвхтэй үе эхэлж буй тул хачгаар дамжих халдварт өвчнөөс сэргийлээрэй

Монгол улсад 2005 оноос хойш 3 төрлийн хачигт халдвар болох хачигт энцефалит, хачигт боррелиоз, хачигт риккетсиоз зэрэг халдваруудыг албан ёсоор оношлон бүртгэж эхэлсэн. Хачгаар дамжих халдвар нь дамжуулагч хачгийн идэвхтэй үетэй давхцан 4-10 сарын турш бүртгэгддэг.

Хачигт энцефалит өвчин нь вирусээр үүсгэгддэг, эмнэл зүйн хувьд өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, бөөлжих, үе мөч, ууц нуруугаар шархирч өвдөх, уналт таталт, саа саажилт зэрэг шинжүүд илэрдэг. Манай орны 8 аймаг 17 суманд хачигт энцефалитийн байгалийн голомт тэмдэглэгдсэн. Улаанбаатар хот орчим хачигт энцефалитийн голомт бүртгэгдээгүй.
Хачигт боррелиоз өвчин нь нянгаар үүсгэгдэж, иксодын төрлийн хачгаар дамждаг, төв мэдрэл, зүрх судасны тогтолцоо, арьс салст, үе мөчний эмгэгээр илэрдэг байгалийн голомтот халдварт өвчин юм. эмнэл зүйн хувьд толгой өвдөх, халуурах, бие сулрах, булчин үе мөчөөр өвдөх, биен дээр цагирган тууралт гарах зэрэг шинжүүд илэрдэг.

Хачигт риккетсиоз өвчин нь риккетсигээр үүсгэгддэг. Эмнэл зүйн хувьд халуурах, толгой хүчтэй өвдөх, тууралт, тунгалагийн булчирхайн үрэвсэл, хачигт хазсан газарт үрэвсэх зэрэг шинжүүд илэрдэг. Хачигт риккетсиоз өвчин нь 12 аймаг, 53 сум, нийслэлийн 5 дүүрэгт байгалийн голомт тэмдэглэгдсэн.

Эдгээрээс хачигт энцефалит өвчин нь халууралт хордлого, төв мэдрэлийн тогтолцооны гэмтлээр илэрдэг, эмнэлзүйн хүнд хэлбэрээр илэрдэг, хүндрэл, үлдэц ихтэй өвчин.

Статистик мэдээ :
2018 онд Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Хөвсгөл, Ховд, Хэнтий, Дорнод, Дорноговь, Дундговь, Дархан-Уул, Өвөрхангай, Өмнөговь, Орхон, Завхан, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс, Төв аймгуудын 106 сум, нийслэлийн 7 дүүрэгт хачгаар дамжих халдварын 1099 сэжигтэй тохиолдол бүтгэгдсэн.
Үүнээс:

  • Хачигт риккетсиозын 202
  • хачигт энцефалитын 32
  • хачигт боррелиозын 23 тохиолдлууд тархвар судлал, эмнэлзүй, лабораторийн шинжилгээгээр тус тус онош батлагдсан.

2019 он гарсаар хачгаар дамжих халдвар өвчний нийт 5 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс хачигт энцефалитын 1 тохиолдол өвчлөл тархвар судлал, эмнэлзүй, лабораторийн шинжилгээгээр онош батлагдсан.
Хачгаар дамжих халдвараас өөрийгөө хамгаалах

  • Халдварын голомттой газруудаар явахдаа тод өнгийн, битүү хувцас өмсөж, гар хөлөө ил гаргахгүй байх
  • Хачгийн голомттой бүсэд ажиллаж байгаа тохиолдолд 3-4 цаг тутамд биеэ шалгаж хачгийг зайлуулах
  • Хачиг үргээгч бэлдмэлийг үйлдвэрлэгчийн заавраар хэрэглэх
  • Хачигт хазуулсан тохиолдолд хачигны хошууг арьсанд үлдээхгүйгээр болгоомжтой ганхуулж, сугалан авах
  • Хачигт халдварын эрсдэл бүхий голомтот нутагт амьдардаг тухайн газар нутагт зорчих хүмүүс хачигт энцефалитаас сэргийлэх дархлаажуулалтанд хамрагдах.
  • Хачигтай байж болзошгүй арьс шир, ноос ноолуурыг гэр орондоо байрлуулах, хадгалахаас аль болохоор татгалзах, хүүхдээс хол байлгах,
  • Малчид малаа хачиггүйжүүлэх арга хэмжээ авч, малаа эрүүлжүүлэх

Хачигт хазуулсан хүн бүр өвчлөхгүй өөрөөр хэлбэл хачиг бүр халдвартай байдаггүй.

Categories
мэдээ нийгэм

Цагдан хорих арга хэмжээнээс болж олон хүн сэтгэл санаагаар хохирч байна гэв

Хууль зүй дотоод хэргийн яамны харъяа ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан шүүгч амиа алдсан хэргийн талаар хуульчид мэдээллээ. Энэ үеэр төрийн тусгай харуул хамгаалалттай газар Монгол Улсын иргэн амиа алдсан анхны тохиолдол биш гэдгийг давхар сануулж байсан юм.“Иргэнээ хардаж сэрдэн баривчлан саатуулдаг тогтолцоо хуучин нийгэмд байсан.Харин одоо хууль эрх зүйн орчин өөрчлөгдөж, иргэний эрх чөлөөг ханган үнэн бодит байдлыг тогтоох ёстой . Гэхдээ хүнийг цагдан хорьдог, баривчлан саатуулдаг хандлага хүчтэй байсаар байна.Заавал цагдан хорихгүйгээр гэм бурууг шалгах ажиллагааг явуулах бололцоотой гэдгийг хүний эрхийн хуульчид үзэж байгаа юм” гэж хуульч Д. Оросоо ярилаа. Цагдан хорих явдлаас болж олон хүн нэр хүнд, сэтгэл санаагаар хохирч байна. Таслан сэргийлэх, цагдан хорих энэ арга хэмжээнээс аль болох татгалзаж, өөр арга хэмжээ авч болно гэдгийг ч хуульчид онцолж байсан юм. Монгол улсын иргэний Үндсэн хуулиар баталгаажсан амьд явах эрх ноцтойгоор зөрчигдөж байгаа олон асуудалд иргэдийн эрхийг хамгаалж чадаагүй Хууль зүй дотоод хэргийн сайд Ц. Нямдоржийг ард түмнээс уучлалт гуйж, сайн дураар огцрохыг тэд шаардсан юм.

П. САЙНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

Онцгой эрх бүхий ард түмний хяналтын хороог байгуулна гэв

Иргэний шурдага шүүхээс мэдээлэл хийлээ. Монгол Улсын гавьяат хуульч, шүүгч Л.Бямбаа цагдан саатуулагдаж байх үедээ амь насаа алдсан хэрэг гарсан. Тэрээр амиа хорлосон байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Тэгвэл шүүгчийн амь насаа алдсантай холбоотой цаг үеийн асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд (ҮАБЗ) шаардлага хүргүүлэх талаар “Иргэний шудрага шүүх” ТББ-аас мэдээлэл хийв.

Хүргүүлж буй бичигт шүүх хууль хяналтын байгууллагуудын хууль бус тушаал, шийдвэрүүдийг дахин хянах онцгой эрх бүхий ард түмнийхээ хяналтын хороог байгуулж шүүх хууль хяналтын байгууллагууд тэдний албан хаагчдын буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон, хэлмэгдсэн иргэдийн гомдлыг нэг удаа барагдуулах ажлыг зохион байгуулахыг шаардсан байна. Мөн шудрага шүүхийг нэн даруй байгуулах, төрийн албан хаагчдын үйл ажиллагаа, шийдвэрт сахилгын, мэргэжлийн төсвийн хяналтыг тавих эрх бүхий ард түмний хяналтын байгууллагыг төрөөс хараат бус байдлаар байгуулах, төрийн сахилга бат хариуцлагыг сайжруулах зэрэг ажлыг зохион байгуулахыг шаардаж байгаа ажээ.

Монголын үнэний төлөө намын дарга Х.Бат-Ялалт: Бид 13 жилийн өмнөөс ҮАБЗ буюу Ерөнхийлөгч Н.Энхбаяр гэдэг хүн байхад -шүүх чинь болохоо байлаа гэдэг шаардлагыг анх хүргүүлж байсан. Энэ шаардлагаа одоо дахиж хүргүүлж байна. Одоогоор бидэнд 10 мянга гаруй иргэд хандаж, хууль зүйн зөвлөгөө туслаж дэмжлэг авдаг.Учир нь шүүх маань үнэхээр асуудалтай байна. Ирээдүйд шудрага шүүхээр шүүлгэдэг, шүүхэд очихгүйгээр амьдардаг нийгмийг байгуулмаар байна гэсэн юм.

М.САЙНЗАЯА