Categories
мэдээ нийгэм

Ё.Баатарбилэг: Шинжлэх ухааны хүрээлэнгүүд олсон орлогоо өөрсдөө зарцуулдаг болгохын төлөө ажиллана

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг өчигдөр Шинжлэх ухааны академийн тэргүүлэгч, Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн захирлуудтай уулзлаа. Сайд Ё.Баатарбилэг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байх үедээ 2016 онд шинжлэх ухааны салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, шаардлагатай бол хууль тогтоомжийн төсөл боловсруулж УИХ-д танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ахлан ажиллаж байсан юм. Шинжлэх ухааны академи, хүрээлэнгүүдийн удирдлагууд БСШУС-ын сайдаар салбараа мэддэг хүн ирсэнд талархалтай байгаагаа илэрхийлж баяр хүргээд салбарын өмнө тулгамдсан асуудлуудынхаа талаар санал хүсэлтээ сайдад танилцууллаа.

Шинжлэх ухаан академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, ШУ-ны Академийн эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн барихаасаа өмнө академийн гишүүдтэй зөвлөлдөхийг хүслээ. Мөн салбарын санхүүжилт бүтэцтэй холбоотой саналаа хэлсэн юм.

Хүрээлэнгүүдийн тухайд, орон тоо, хүний нөөц хангалтгүй, үйл ажиллагаа явуулдаг барилга байгууламж хуучирч муудсан, засварлах зардал төсөвт суугдахгүй байгаа, санхүүжилтийг цаг алдаж олгодог зэрэг хүндрэлийг дурдаж байлаа. Мөн Байнгын хорооноос гарсан тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулахыг сайдаас хүслээ.

Уулзалтын төгсгөлд БСШУС-ын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг “Ажил хариуцаж байгаа хүмүүс асуудалдаа гаргалгаа гаргах, менежмент хийх, маш тодорхой санал оруулж ирэх хэрэгтэй. Та бүхний тавьж байгаа асуудалд санал алга, харин хүсэлтүүд байна” гэдгийг сануулаад зарим асуудалд товч хариулт өглөө.


Тухайлбал, санхүүжилтийг цаг тухайд нь өгөх, санхүү хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг судлах болно. Орон тооны тухайд ОУВС-тай тохиролцсон нөхцөлийн дагуу энэ жил болон ирэх жил нэмэх боломжгүй гэлээ.

Эрдэм шинжилгээний байгууллагууд тодорхой хэмжээнд орлого олдог. Түүнийгээ урсгал зардал, ажилтныхаа нийгмийн халамж, шаардлагатай техник тоног төхөөрөмж, бодис зэрэгт зарцуулдаг болох нь зүйтэй. Үүний төлөө ажиллах болно.

Энэ онд салбарын томоохон хуулиуд, ЗГ-аар батлагдах хөтөлбөр, журмуудаа шийдвэрлэхийг зорьж байна.

Шинжлэх ухааны нэгдсэн лаборатори байгуулах асуудлыг дэмжих болно. Зөвхөн академи биш олон нийтэд, аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээ үзүүлэхэд өөрийгөө санхүүжүүлээд явах боломжтой учраас энэ талаарх саналаа ШУА тодорхой танилцуулахыг хүсье гэлээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга Г.Занданшатар ажлын хэсэг байгуулах захирамж гаргав

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2019 оны хоёрдугаар сарын 04-ний өдөр 33 дугаартай захирамж гарган “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж, санал дүгнэлт гарган, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан байна.

Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт ахалж, бүрэлдэхүүнд Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны, Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын дарга нар ажиллах юм. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтжээ.

Шаардлагатай тохиолдолд холбогдох албан тушаалтан, мэргэжилтнийг ажлын хэсэгт оролцуулах бөгөөд санал, дүгнэлтээ Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд танилцуулахыг Захирамжаар даалгасан байна.

Монгол Улсын хэмжээнд бүтээн байгуулалтыг өрнүүлснээр хот төлөвлөлт, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, авто замын сүлжээг олон улсын жишигт хүргэх, хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, иргэдийг ажлын байраар хангах замаар улсын хэмжээнд тулгараад байгаа эдийн засаг, нийгмийн бэрхшээлтэй асуудлуудыг цогцоор шийдэн хөгжлийг жигд хангах, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь ханган баталгаажуулах зорилго бүхий дээрх хөтөлбөрийг Улсын Их Хурлын 2010 оны зургадугаар сарын 25-ны өдрийн 36 дугаар тогтоолоор баталжээ.

Categories
мэдээ спорт

Ө.Батзул Красноярскоос хүрэл медаль хүртлээ

ОХУ-ын Красноярск хотод зохион байгуулагдсан чөлөөт бөхийн нэрт дасгалжуулагч Дмитрий Миндиашвилигийн нэрэмжит олон улсын тэмцээний эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник-спорт хорооны тамирчин, ОУХМ Ө.Батзул хүрэл медаль хүртжээ. Тэрээр шигшээд нутаг нэгт Б.Намхайг 7:0-ээр, шөвгийн наймд Хойд Осетийн Георгий Гогаевыг 14:8-аар тус тус ялж, хүрэл медалийн төлөөх барилдаанд Дагестаны Асадулла Ибрагимовыг 7:2-оор ялсан байна.

Categories
мэдээ нийгэм

Ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье

Он гарсаар улсын хэмжээнд нийт 768 удаагийн объектын гал түймэр гарч, түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ. Үүний 9 нь том хүн, 2 нь хүүхэд байгаа юм. Түймрийн шалтгаан нөхцлийн дийлэнх хувь нь айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам, хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд, иргэдийн болгоомжгүй үйл ажиллагаа, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалал зэргээс үүдэж байна.

Иймд:

-Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх, пийшин, зуух яндангийн эвдрэл гэмтлийг засч, хүүхэд хүрч, түлэгдэх, гэмтэхээс сэргийлэх, цахилгааны утас, залгуур, ил гарах зүйлс, шатах, тослох материалыг бага насны хүүхдээс хол байлгах,

-Халуун үнс нурам, галтай хог хаягдлыг хогийн ил цэгт хаяхгүй байх, шингэрүүлсэн шатдаг хийгээр болон цахилгаанаар ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг баримтлах,

-Цахилгаан халаагуур, халаагчийг ашиглахдаа цахилгаан ашиглалтын дүрэм, журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчаар холбуулах, холбогдох байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх,

-Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зайн хэмжээг баримтлах, ил галаар автомашины мотор болон бусад явах эд ангийг халаахгүй байх,

-Аж ахуй, нэгж байгууллагууд барилга байгууламжийн галын аюулгүй байдал, гал унтраах автомат тоног төхөөрөмж, дохиолол, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, хяналтын камер, харуул хамгаалалтыг сайжруулах, яаралтай үед холбогдох утасны дугаар жагсаалтыг тодотгох,

-Шашны байгууллага, сүм хийдүүд хурал ном айлтгах арц, хүж асаах, зул барихдаа гал түймрийн аюулгүй байдлыг хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Оюунжаргал: Цаг агаар харьцангуй дулаарах төлөвтэй байна

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргалаас ойрын үеийн цаг агаарын төлөв байдлын талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Сар шинийн өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрсэн. Энэ хүйтрэл үргэлжлэхээр байна уу?

– Өнгөрсөн сар харьцангуй дулаан байсан болохоор өвөл хүйтрээгүйгээрээ Сар шинийн өдрүүдэд жиндүү байлаа. Дээр нь салхи ихтэй байснаас үүдэн хүнд мэдрэгдэх температур нь нэлээн хүйтэн байдаг болохоор хүмүүст илүү их мэдрэгдэж байгаа юм. Тэрнээс хоёр сарын эхний долоо хоногийн хүйтрэлт ерөнхийдөө байдаг л хүйтрэлт. Өнгөрсөн жилийн эхний арван хоног хүйтэн байсан. Тухайн үед хүйтэн газруудаараа шөнөдөө -46, -47, -48 градус хүрч байсан. Үүнтэй адил энэ жил ч мөн хүйтэрлээ. Ялангуяа баруун аймгуудын нутгаар, Увс нуурын хотгор, тэс голын хөндий зэрэг газрууд -47, -48 градусын хүйтэн хоносон. Сар шинийн үе таарсан болохоор хүмүүс гадуур их явсаны улмаас хүйтэн санагдсан байх. Энэ хүйтрэлт ерөнхийдөө өнөө маргаашдаа үргэлжлэх шинжтэй байна. Энэ цаг агаарын үзэгдэл энэ сарын 15-ныг хүртэл сулрахааргүй байна. Бүх нутгаар хүйтэн байх төлөвтэй. Түрүүчийн арав хоногтой харьцуулахад салхины эрч багасна. Тэгэхээр хүнд мэдрэгдэх темпратур нь ч гайгүй болоод ирдэг. Харин энэ сарын 16-ны өдрөөс хүйтний эрч нэлээд сулрах шинж харагдаж байгаа. Зарим газар олон жилийн дунджаас хүйтэн, зарим газраар дулаан, зарим газар яг дунджийн үзүүлэлттэй ижил байхаар янз бүр харагдаж байна. Олон жилийн дундажтай харьцуулах юм бол энэ сар болоод гуравдугаар сар дулаан байх зүйл анзаарагдаж байгаа.

-Олон жилийн дундаж гэдэг нь хэдэн жилийг хамруулсан үзүүлэлт вэ?

-Цаг уурын салбарт 30 жилийг хамруулсан дүгнэлт, үзүүлэлтийг олон жилийн дундаж гэдэг. Ард иргэд, ерөнхийдөө хоёр, гуравдугаар сар ямар байдаг билээ гэдэг өөрийн ой санамж дахь төсөөлөлтэйгөө харьцуулаад бодож багцаалахад болох юм. Ер нь иргэдэд өнгөрсөн жилтэй харьцуулахад ийм байна гээд мэдээлбэл илүү ойр байдаг.

-Энэ өвлийн хувьд цас бараг орсонгүй. Энэ хавар, зуны цаг агаарын төлөв ямархуу байхаар байна вэ?

-Манайхаас хүйтний улирал, дулааны улирлын төлөв гэж гаргадаг. Хүйтний улирлын төлөвийг найман сараас, дулааны улирлын төлөвийг гурван сараас гаргадаг. Энэ нь 60-70 хувийн магадлалтай. Одоо гарсан төлөвөөр зүүн аймгууд болох Дорнод Хэнтий болон баруун аймгуудаар олон жилийн дунджаас хүйтэн байна. Харин Дорноговь, Дундговь аймгуудын зүүн хэсгээр олон жилийн дунджаас дулаан байхаар байгаа. Нэг, хоёр сар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байсан бол гуравдугаар сар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй. Гэхдээ бид сар сараар ахиж гаргадаг.

Мөн олон жилийн дунджаас ч хамаарч гаргадаг. Манай улсын хувьд арванхоёрдугаар сарын сүүлээс хүйтэрч эхэлдэг. Харин урьдчилсан төлөв дээр цаг агаарын онцгой үзэгдлийг тодорхой гаргаж ирэх боломжгүй. Дэлхийн бусад улсууд ч аюултай үзэгдэл болно гэдгийг эртнээс мэдэх боломжгүй байдаг. Салхины 18-28м секунд нь аюултай үзэгдэл, 28м секундээс дээш болохоор гамшигт үзэгдэлд тооцогддог. Эрс хүйтэрсэн өдрүүдэд нутгийн баруун өмнөд хэсэг ялангуяа Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд тал Өвөрхангайн өмнө тал, Өмнөговь, Дундговь, Дорноговийн баруун талаар цас орсон. Урьд нь энэ газрууд цасгүй байсан. Эдгээр газруудад ахин өнөө маргаашдаа мөн цас орохоор төлөвтэй байгаа юм. Өчигдөрхөн бидний нарын хиймэл дагуулын мэдээллээс авсан зургаас харахад цасан бүрхүүлийн хэмжээ 46 см орчим байна.

Говийн аймгуудын нутгаар орсон цас гурван сар гараад ирэхээр хайлчихдаг. Харин Алтай хангай уулархаг нутгуудын цас гуравдугаар сарын сүүл, дөрөвдүгээр сарын эхээр хайлдаг. Энэ жилийн хувьд уг газруудаар цас багатай. Хоёр, гуравдугаар сар дулаан байхаар багахан орсон цас эрт хайлах магадлалтай болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, цас эрт хайлбал хуурайшилт эхэлнэ. Гуравдугаар сар салхи шуурга ихтэй байдаг. Дээр нь хаврын улирал эхэлж байгаа учир хуурайшилт улам нэмэгдэнэ. Хүйтэн сэрүүн салхитай байвал мал төллөлт ч хүндэрч, малчдад хүнд байх нөхцөлүүд бүрдэж болзошгүй байна гэдгийг анхааруулж байгаа.

Энэ бүгдээс харахад нэлээн хуурай хавар болох нь ээ. Хуурайшилт ихэсч, салхи шуурга болох төлөвтэй байна. Үүнтэй холбоотойгоор түймэр ихсэх вий гэсэн болгоомжлол төрж байгаа. Байгууллагууд, хувь хүмүүс энэ тал дээр л анхаараасай гэмээр байна.

-Цаг уурын хэмжилт, мэдээллийг хэр шуурхай авч, дамжуулдаг вэ?

-Монгол орны хэмжээнд манай 300 гаруй цаг уурын станц, харуулууд байна. Тэд маань температур, даралт, хурд тунадас, чийг, салхины зүг хурд, нарны гийгүүлэлт гээд олон үзүүлэлтийг хэмждэг. Бас усны ажиглалтыг маш олон гол дээр хийдэг. Орчны ажиглалт хийнэ. Тэгээд гурван цаг тутамд мэдээллээ ирүүлдэг. 300 станцын 200 орчим нь автомат станц юм. Бид 15 минут тутамд мэдээг нь авч байна. Автомат станцууд минут тутамд хэмжээд мэдээллээ явуулах боломжтой. Бас бөмбөлөг хөөргөж дээд агаар мандлын хэмжилтээ хийдэг. Мөн хиймэл дагуулын мэдээг ашиглаж байна.

-Манайх олон жилийн дунджаас дулаараад байна гэдэг?

-Мэдээж дулаарч байгаа. Уур амьсгалын өөрчлөлтийн илтгэлүүдэд Монгол орны агаарын температур сүүлийн 60, 70 жилд 2.4 градусаар нэмэгдсэн гэж байна. Мөн аюултай үзэгдлийн давтамж ч нэмэгдсэн.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хятад яагаад Оросоос илүү аюултай вэ?

БААБАР ИНГЭЖ ХЭЛЭВ


Өрнөдийн дэлхийд тэргүүлж буй үүрэг роль, үнэт зүйл, олон улсын дэг журмыг өнөөдөр хоёр хүчирхэг гүрэн эргэлзээнд оруулж байна. Энэ нь Орос, Хятад хоёр. Украин дахь цэргийн түрэмгийлэл, Сирийн дайн дахь бүдүүлэг оролцоо, барууны ардчилал руу чиглэсэн кибэр довтолгоо зэргээр Москва өрнөд рүү ил цагаан өдөөн хатгалга явуулж байна. Харин Бээжин дэлхий даяар нөлөөгөө өргөтгөх ажиллагаагаа тун нарийн аргаар явуулах аж. Путины дэглэм шил савны дэлгүүрт дайрч орсон заан шиг дэлхийн тавцан дээр түйвээж нядааж өгч буй бол, бээжингийнхэн өлмий дээрээ сэм гишгэлэн эрх мэдлээ тэлсээр.

Бүгд найрамдах Хятад ард улсын алсын зорилго нь өрнөдийнхний хувьд хүлээн авч болохуйц зэрэгцэл буй болгох гэж л байна гэсэн хуурмаг төсөөлөл олон жил төөрөлдүүлсээр ирлээ. Оросын эдийн засгийн хүчин чадал Өмнөд Солонгос хавьцаа байхад, Хятадынх дэлхийн хоёр дахь хүч болж чадсанд ч хамаг учир байгаа юм биш. Өөрийн мөхөл, задарлаас айсан Оросын мафижсан төр шинэ империалист санаархлаа түрэмгий үйлдлээр хаацайлж буй бол, үзэл сурталтай, зохион байгуулалттай, тодорхой зорилготой, тогтвортой тогтолцоотой Хятад улс нь дэлхийн тэргүүлэх гүрний хэмжээнд очих маш сайн бэлтгэлтэй аж.

Путины дэглэм их бодож л өрнийн ардчилалд ихээхэн хор учруулж чадах бол, Маогийн хэлсэн гэгдэх “Хөндийд хоёр бар тулалдан биенээ алж дуусахыг ухаант сармагчин уулан дээр суун ажиглах”, удаан хугацаандаа үр дүн өгөн сүйтгэх бодлогыг хятадууд баримталж байгаа юм.

Тавьтаргүй ерөнхийлөгч Трампаас болж АНУ манлайлах байр сууриа алхам алхамаар алдаж байгаа бол, дэлхийд тэргүүлэх сонирхолоо Бээжингийн удирдагчид шаргуу илэрхийлэх боллоо. Эдийн засгийн үсрэнгүй хөгжил нь яваандаа тэртэй тэргүй улс төрийн тогтолцоог нь либералчилж таараа гэсэн өрнөдийхний горьдлогыг сөрөн үзэл суртлын жолоогоо улам чангалах аж. Цахим системээр өөрийн иргэдийг нэг бүрчлэн хамарсан хаана ч хэрэглэдэггүй нарийн аргаар мөрдөн тагнах ажиллагаа үйлдэн, түүнээ улам өргөжүүлж, олон нийтийн “зохимжгүй авир”-ыг хамхих ялын цогцолбор дагалдуулж буй нь тэдний үзэл суртлын шинэчлэл юм.

Сүүлийн үед Хятадын удирдлагууд нэг бус удаа мэдэгдэхдээ: “Хятадын социалист загвар бол марксизм дээр суурилсан юм, иймээс Коммунист нам нь улс оронд дангаар ноёрхож эдийн засаг болон нийгмийн амьдралыг хянан, удирдан чиглүүлэх зайлшгүй шаардлагатай байна”.

Энэ бүхнээс үзэхэд “аугаа үндэстнийг сэргээх шинэ зам” нь өрнийн ардчиллыг сөрсөн нийгмийн загвар болох нь тодорхой. Нэгэн цагт улаан Бурхан гэгдэн тодорч асан Маогоос хойш энэ Ардын бүгд найрамдах улсад Си Жиньпинээс өмнө нэг ч удирдагч улс төр үзэл суртлыг ганц гарт зангидаж чадаагүй явсан. Маогийн үед эрх мэдлийн төвлөрлийг даган нийтийн ухамсрыг нэгэн жигд болгох бүхнийг хамарсан үзэл суртал ноёлж байсан.

Гэтэл мань шинэ “тэжээгч” олны өмнө гарахдаа Маогоос ялгаатай нь пролетари хувцас, улаан таван хошуутай тэвхүүз малгай өмсдөггүй. Үндэстэн дамнасан том концерний ерөнхий захирал шиг харагддаг гээ. Маоизмын үед Хятад нь гадаад ертөнцөөс таслагдсан бүдүүлэг коммунист нийгэм байсан бол одоогийн удирдагч нь гайхалтай тэсрэнгүй хөгжиж буй эдийн засгийн их гүрний толгой дээр сууж байна.

“Шинэ Торгоны зам”, “ШХАБ”, “Эдийн засгийн коридор” төслийнхөө хүрээнд хэдэн зуун сая долларын хөрөнгө оруулалт хийснээр Бээжин өөрийн нөлөөгөө дэлхий даяар өргөтгөх болов. Энэ төслийн амин сүнс нь Ази-Европыг холбосон тээврийн зам бөгөөд үүндээ тарааж буй зээллэгт цаад орнууд нь Хятадаас улам хараат болж байгаа юм.

Иймэрхүү ажиллагааныхаа үр дүнд тэд хөнгөлөлттэй зээл, үнэ төлбөргүй байгууламжаар ялангуяа Африкийн орнуудыг өөртөө татан тэндээс түүхий эд, газрыг нь сольж авч байна. Африк дахь дарангуйлалт орнуудын дэглэмд ийм маягийн эдийн засгийн тусламж үнэхээр таалагддаг, учир нь цадахаа мэддэггүй тэднээс хүний эрх, авлига зэрэг зөрчилт асуудлыг нь Бээжин хэзээ ч асууж зовоон шарлаадаггүй.

Си Жиньпиний тунхаглаж байгаагаас үзэхэд Хятадыг дэлхийн хүчирхэг гүрний хэмжээнд нь эргүүлж тавьснаар Бээжингийн дэглэм өөрийн нийгэм-улс төрийн тогтолцоог нийт хүн төрөлхтний шилдэг загвар болгох зорилготой бололтой. Социалист хуучирсан онолыг туйлширсан үндэсний үзэлтэй хутгасан энэ хольц нь олон мянган жил тэргүүлж бусдаар өөрийгөө хүрээлүүлж байсан соёлын давамгайллаа эргүүлж сэргээх гэсэн санаархал бололтой.

Мэдээж хэрэг энэхүү үзэл суртлын хольц нь дориун засвар өөрчлөлтгүйгээр ертөнцийн бусад цэгт хүлээн авагдахгүй. Гэхдээ эхэн үедээ авторитар дэглэмтэй газар маш хүчтэй нөлөөлөх нь тодорхой.

АНУ дахиж “дэлхийн цагдаа”-гийн үүрэг гүйцэтгэхгүй гэж Трамп зарлангуут нэгэнт америкчууд дэлхийн дэг журамд баталгаа өгч чадахгүй гэж байгаа юм бол бид түүнийг хэрэгжүүлнэ гэж Си Жиньпин мэдэгдлээ. Хятад улс Тайваниас хэзээ ч татгалзахгүй гэдгээ давтсан төдийгүй үүнээ хүчээр хэрэгжүүлэх боломжтой хэмээн улайм цайм мэдэгдэх нь тэр.

Тайвань нь Алс Дорнодод оршсоор буй цөөхөн ардчилалын нэг. Цэцэглэж буй эдийн засаг, олон ургалч идэвхтэй иргэний нийгэм. Шууд ардчиллын үлгэр жишээ. “Хятад соёл” нь өөрийн уламжлалаас болоод ардчилсан тогтолцоотой таардаггүй гэсэн томьёолол нь Бээжингийн хуурамч суртал нэвтрүүлэг юм гэдгийг амьдрал дээр батлан харуулж буй жишээ. Иймээс Си Жиньпиний сүрдүүлэг тун аюултай заналхийлэл болой.

Хятадын дарангуйллын тогтолцоо хүссэн хүсээгүй нь хамаагүй, тэртэй тэргүй олон улсын нийгэмлэг Тайванийг албан ёсоор зөвшөөрдөггүй, тэр байтугай өрнөдийн ардчилсан улсууд ч дипломат шугамаар харилцахаас эмээдэг. Тэгсэн ч, тэгээгүй ч Америкийн цэргийн хүчин л өнөө болтол Тайванийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалсаар ирсэн. Яах нь мэдэгдэхгүй Трампын хэлсэн битүүлэг үг нь цаашид тэдэнд найдах эсэхийг эргэлзээтэй болгов. Хятадын заналхийллээс болоод аюулгүй байдалдаа эргэлзэх болсон өмнөд Азийн орнууд өдгөө санаа зовнихгүй байх аргагүй болчихлоо.

Хэдийгээр Трамп Хятадтай худалдааны дайн хийж байгаа боловч Си Жиньпинтэй найрсаг дотно харьцаатайгаараа сайрхдаг нь өөдтэй ёр биш дээ. Ерөөсөө ч мань хүн дарангуйлагчидтай нөхөрлөх дуртай нэгэн. АНУ-ын Конгресст сууж буй Ардчилсан намын улс төрчдийг бодвол Хятад нь хэлэлцээ хийхэд “илүү шударга” харилцагч юм гэж Америкийн ерөнхийлөгч дөнгөж саяхан зарлан олныг ганц сайн цочирдууллаа.

Улс төрийн харилцааны хувьд европчуудад үл итгэх Трампын бодлогыг өөрчилж болохгүйгээс хойш Хятадын заналхийллийн эсрэг европчууд өөрснөө урьдынхыг бодвол илүү шийдвэртэй сөрөн зогсох хэрэгтэй байна. Үүнийг одоо л Германы эдийн засгийн дээд ангийнхан ойлгож байх шиг. “Нээлттэй, либерал, нийгмийн хандлагатай бидний зах зээлийн эдийн засаг, Хятадын төрийн хяналттай эдийн засагтай тогтолцооны өрсөлдөөнд орлоо” гэж Германы аж үйлдвэрийн нэгдлийн гаргасан программд дурджээ.

Германы зарим улстөрчдийн дунд нэг ойлголт нэлээд тархжээ, юу гэвэл “Юун түрүүн Америк” гэсэн Трампын үндсэрхэг бодлогын эсрэг тэмцэхэд Хятад бол Европын хүчирхэг хамсаатан мөн гэсэн яриа. Үнэндээ энэ бол дэндүү гэнэн харалган бодол.

Хятадын удирдагчид хэдийгээр “олон туйлт дэг журам” сурталчилж байгаа ч гэсэн эрх тэгш хамтын ажиллагаанд суурилсан ямар ч үзэл бодол тэнд нь ор тас байхгүй. Харин ч хуульт төрийн байгууламж, хүний эрхийг хүндэтгэх үзлийг дээдэлсэн олон улсын дэг журмыг эвдэх гэсэн санаатай.

Коммунизмын сүйрлийг Өрнөд хэтэрхий эрт баярлан угтсан. Хятадын төрийн капитализмыг шинэ амьдралын эхлэл гэж харжээ. Гэтэл тэр нь ихээхэн эргэлзээ төрүүлсэн эд аж. Эцэст нь өрнөдийнхнийг өөрийнхөө үндэсний өчүүхэн тасалгаа руу зугтан орох боломж хайлгахад хүрч байна. Энэ л ёстой жинхэнэ аймшиг даа.

Richard Herzinger (Kor­respondent für Politik und Gesellschaft)

Warum China noch viel gefährlicher als Russland ist “Die Welt”. 01.02.2019

Categories
мэдээ нийгэм

Улаанбурхан өвчний талаарх тандалт судалгааг эхлүүлжээ

Дэлхий дахинд 2018 онд улаанбурхан өвчний 229,068 тохиолдол бүртгэгджээ. Одоогоор Энэтхэг, Тайланд, Бангладеш, Филиппин, Малайз, БНХАУ, Украин, Гүрж, Серб, Итали, ОХУ зэрэг орнуудад улаанбурхан өвчний дэгдэлт гараад байгаа аж. Эдгээр улс орнуудаас ирж буй зорчигчдоор дамжин манай улсад уг өвчний халдвар зөөвөрлөгдөн орж ирэх магадлалтай байгаа гэдгийг эрүүл мэндийн байгууллагынхан анхааруулж байна. Тиймээс Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс улаанбурхан өвчин болон вакцины талаарх нийт хүн амын мэдлэг, хандлагыг үнэлэх судалгааг эхлүүлжээ. Ингэснээр улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг илүү эрчимжүүлж, үр дүнтэй болгох юм байна.

Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэ: 60 тэрбумд У.Хүрэлсүх ч оролцсон

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.


-УИХ-ын намрын ээлжит чуулган завсарлалаа. Улс төрийн хүрээнд ээлжит бус чуулган зарлах талаар яригдаж байна. Энэ талаар таны байр суур ямар байна вэ?

-УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах зайлшгүй шаардлага нь юу вэ гэдгийг эхлээд тодорхойлох ёстой. Тэрнээс хийх ажилгүйдээ чуулган зарлаж байгаа мэт асуудалд хандаж болохгүй. Өнгөрсөн намрын чуулганд 40-өөд гишүүн тодорхойгүй шалтгаанаар их хурлыг бойкотлоогүй байсан бол ээлжит бус чуулган зарлах шаардлага гарахгүй шүү дээ. Төрийн ажлыг гацаах, хууль бус үндэслэлээр зогсоох нь өөрөө хуультай. Нэг талдаа шударга ёс яриад байгаа боловч нөгөө талдаа хууль зөрчиж, шударга, зарчимтай байх, төрд өргөсөн тангарагтаа үнэнч байх асуудлуудаа зөрчөөд байгаа юм. Шударга ёсны төлөө тэмцэхийг үгүйсгээгүй. Өнгөрсөн хоёр сар хэртэй УИХ-ын чуулганыг бойкотолсон нь өөрөө шударга ёс гэж би харахгүй байгаа юм. Яахав янз бүрийн улс төрийн хэлбэрээр тэмцлээ хийж болно. Үүнийг хэн ч үгүйсгээгүй. Явж явж тэд нар УИХ-ын даргыг олонхоор огцруулж болдог хуулийн төсөл оруулж ирж, тэрийгээ баталж, тэрнийхээ дагуу УИХ-ын даргыг огцруулж, орных нь хүнийг томиллоо шүү дээ. Анхнаасаа тэр хуулиа санаачлаад явахгүй яасан юм. Тийм ээ. Өч төчнөөн сар төрийн ажлыг гацаалаа. Одоо ээлжит бус чуулган зарлана гэсэн зүйл ярьж байна. Яг ямар асуудал хэлэлцэх гээд ч байгаа юм. Хэд хоног хуралдах юм. Ямар зорилготой вэ гэдэг талаар ямар ч мэдээлэл алга. Их хурлын гишүүний хувьд надад ямар нэг мэдээлэл ирээгүй байна. Чуулган хуралдах зайлшгүй шаардлага байгаа эсэхийг би мэдэхгүй байна шүү дээ. Үнэхээр шаардлага байгаа бол чуулган нь хуралдаж, би гишүүнийхээ хувиар эрх үүргийнхээ дагуу оролцоод явах ёстой.

-Шударга ёс гэдэг үг өнгөрсөн нохой жилд нэлээдгүй үнэ цэнээ алдлаа шүү дээ?

-Хэд хэдэн үгний үнэ цэнэ үгүй болсон. Шударга ёс, эх орон, ард түмэн гэдэг үгс нэлээд хүндтэй үгс. Энэ үгнүүдээр тоглолт хийсээр байгаад үнэ цэнийг нь унагаалаа. Шударга ёс ярьж, эх оронч гэж цээжээ дэлдэж, 60 тэрбумын хэрэг үнэн, МАНАН бүлэглэл, шударга ёсны хонгил гэж байдаг гээд л баахан ярилаа. Тэрнийг нь Ерөнхий сайд нь хүлээн зөвшөөрлөө. Хууль зүйн сайд нь хүлээн зөвшөөрлөө. Үнэхээр шударга ёс яриад байгаа юм бол шударга ёсны ард хариуцлага гэдэг үг дагадаг юм. Үнэхээр шударга ёсны төлөө тэмцээд, үнэхээр МАНАН гэдэг бүлэглэл бий, шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гээд 60 тэрбум гэх схемийг хийж, төрийн албыг наймаалцсан хэсэг хүмүүсийг буруутгах гээд байгаа. Үүнд Сөрөг хүчний намын даргын хувьд үг хэлэхэд танай намын дарга чинь 60 тэрбумыг хүлээн зөвшөөрчихлөө. 60 тэрбумын процесст У.Хүрэлсүх өөрөө оролцсон. Тэр схемийг зохиосон хүмүүстэй тэврэлдээд сууж байгаа зураг хөрөг гээд бүх юм нь л гарчихсан шүү дээ. Тэр шударга ёс гэж яриад явж байгаа нөхдүүд ч 60 тэрбумын схемийн үйлд явдалд оролцогсод байгаа юм.

Хэрвээ 60 тэрбум үнэн юм бол УИХ-д сууж байгаа 64 гишүүн бүгд хариуцлага хүлээж, огцрох ёстой. Тэр битгий хэл МАН татан буугдах ёстой. Яагаад гэвэл Монгол төрийн эрхийг хууль бусаар, хуйвалдааны замаар авсан байна. Хоёрдугаарт, 2016 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлтээс одоо хүртэл нэг нь ч биелээгүй. Тухайлбал, өрийг нэмэгдүүлэхгүй гэсэн. Одоо нийт гадаад өр дөрвөн тэрбум доллараар өсчихсөн явж байна. Инфляцийг нэмэгдүүлэхгүй, нэг оронтой тоонд барина гэсэн хаана байна. Инфляцийг өнөөдрийн байдлаар 8.6 хувь гэж зарлаад байгаа боловч, албан бус тооцооллоор 26 хувь байна. Өнөөх бензин, шатахууны үнийн нэмэгдэл, долларын ханшийн өсөлт, өргөн хэрэглээний барааны үнийн нэмэгдлүүд гээд яриад байвал олон юм бий. Гэтэл өөрсдөө эдийн засаг 6.2 хувьтай өсч байна гээд л гайхуулаад байна. Гэвч эд нар нэг ч баялаг бүтээгээгүй. Нэг ч бүтээн байгуулалтын ажил хийгээгүй шүү дээ. Төсвийн орлого нэмэгдүүлэх нэг ч шинэ эх үүсвэрийг бие болгоогүй байхгүй юу.

-Ямар үндэслэлээр эдийн засгийн өсөлт гарч байна гэсэн үг үү?

-Өнөөдөр Монголд байгаа уул, уурхайн түүхийн эдүүдийн гадаад зах зээл дээрх үнийн өсөлт нь нэлээн өндөр байгаа. Тэр нь одоо хүртэл хадгалагдаад байгаа юм. Тиймээс Монголд орж ирэх мөнгөний урсгал нэмэгдэх таатай нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Нэг үгээр хэлбэл 2016 онд нэг тонн зэсийн баяжмал 4200 доллар байсан. Гэтэл энэ жил оргил үедээ 7000 доллар хүрсэн. Өнөөдөр 6700 гаруй доллар байна. Төмрийн хүдэр, нүүрс, бусад уул уурхайн түүхий эдүүд бүгд өсөлттэй байгаа шүү дээ. Энэ бүгд гадаад зах зээл дээр эдийн засгийн таатай нөхцөлийг бие болгож өгч байна. Хоёрдугаарт, тэндээс орж ирж байгаа мөнгөний урсгал нэмэгдэж байна. Энэ нь манай эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх замаар эдийн засгийн өсөлт гарч байгаа юм. Тэр 6.2 хувийн өсөлтөөр орж ирж байгаа тэр их мөнгө, дээр нь өнгөрсөн гурван жил орчим хугацаанд дөрвөн тэрбум доллар буюу маш их хэмжээний мөнгийг гадаад зах зээлээс оруулж ирлээ. Зээл, тусламж, бонд хэлбэрээр. Тэр мөнгөөр өнөөдөр ямар бүтээн байгуулалт хийв. Авсан мөнгөөрөө бид ийм бүтээн байгуулалт хийлээ, ийм үйлдвэр барьсан, тэдэн ажлын байр нэмэгдүүлсэн гээд хэлчих юм юу байна вэ. Байхгүй. Ерөнхий сайдын ярьдаг гурван зүйл л байдаг шүү дээ. Нефтийн үйлдвэр барина, дотооддоо нефтийн хэрэглээгээ хангадаг болно гэж. Гэтэл тэр нефтийн түүхий эдээ хаанаас авах гэж байгаа юм. Тамсагийн нефтийн олборлолтоос үйлдвэрлэлтийн түүхий эдээ хангаж чадах уу. Хоёрдугаарт, ямар зардал гарах вэ. Гарч байгаа бензин нь ямар үнэтэй байх юм. Мэргэшсэн боловсон хүчин нь хаана байна. Одоо тэр үйлдвэр нь эхлээгүй л байж байна шүү дээ. Хэдэн км зам л тавьсан байх. Тэр нь өнөөгийн эрх баригчдын эхлүүлсэн ажил биш. 2015 онд Энэтхэгийн ерөнхий сайд Наренда Моди ирээд, парламентад үг хэлж, нэг тэрбум долларын нэн хөнгөлөлттэй зээл тусламж үзүүлэхээр болоод буцсан. Тэр мөнгө л өнөөдөр нефтийн үйлдвэр барих гээд яваад байгаа мөнгө шүү дээ. Хоёрдугаарт, цэвэрлэх байгууламжийн асуудлыг их хөнддөг. Хятадын засгийн газрын буцалтгүй тусламжаар цэвэрлэх байгууламжийг барина л гэсэн. Одоо хүртэл мөн л эхлээгүй байж байна. Хуучин цэвэрлэх байгууламжийнхаа үнэрийг дарах төдийгөөр л аргацааж байгаа. Гуравдугаарт, саарал ус, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлнэ, саарал усыг ашигладаг болох байгууламж бие болгоно гэсэн. Одоо хүртэл мөн л эхлээгүй байна. Яриа төдий байна. Ярьж байгаа гурван ажил нь л энэ. Эдгээр ажлууд нь өнөөдөр бодит амьдрал дээр хэрэгжиж эхлээгүй байгаа юм. Одоо нэг жил үлдлээ. Хэзээ эхэлж, дуусгах юм. Бүтээн байгуулалт ер хийгдээгүй. Нэг км зам ч ахисангүй. Хуучин эхлүүлчихсэн байсан ганц нэг замыг дуусгасан байх. Ийм байдлаар МАН-ын мөрийн хөтөлбөр биелэх ямар ч боломжгүй харагдаж байна. Өрийг өрөөр дарахгүй гэсэн. “Чингис” бондыг хугацаанд нь төлөхийн тулд “Гэрэгэ” гэдэг бонд босгосон. Энэ нь “Чингис” бондоосоо илүү өндөр хүүтэй. Эргэн төлөгдөх хугацаа нь 2021 он. Европын холбооны улсуудаас авсан “Евро” бондын өр тулаад ирсэн. Сү.Батболдын Засгийн газар 2011 онд авсан бонд шүү дээ. Тэр бондыг дарахын тулд “Хуралдай” гэдэг бонд гаргасан. Тэр нь мөн л “Евро” бондынхоо хүүнээс илүү өндөр. Хүүний зөрүүг хэн төлөх вэ. Ард түмний татвараар төсөв төлнө. Эд нар яг бодит орлогоос хуримтлал бие болгох замаар энэ өр зээл бондын төлөлтийг хийгээгүй шүү дээ. Дандаа өрийг дарахын тулд, өндөр хүүтэй бонд босгох замаар төлнө. Энэ зээл дарж байгаа хэлбэр биш шүү дээ. Төлөх хугацааг нь л хойшлуулж байгаа юм. Харамсалтай нь төлөх хүү нь л нэмэгдсэн. Хүүний төлөлтөөр бид маш их хохирол амсаж байгаа шүү дээ. Энэ бүх байдлыг харахаар Монгол орны нийгэм эдийн засгийн байдал тийм ч сайн биш байна. Маш их боломж байсан уу гэвэл байсан. Харамсалтай нь энэ боломжийг бүрэн дүүрэн ашиглаж чадсангүй.

-ЖДҮХС-гийн асуудал нэлээн орхигдоод байх шиг….

-Дундаж давхаргыг дэмжих гол боломж нь жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан байдаг. Энэ сан 580-аад тэрбум төгрөгийн эх үүсвэр бүрдүүлж, санхүүжүүлсэн байдаг. Гэтэл эндээс эргэн төлөгдөөгүй олон тэрбум төгрөгийн зардал нэгдүгээрт байна. Хоёрдугаарт, өнөөдрийн байдлаар 20, 30 тэрбум төгрөгийг эрх мэдэлтнүүд, УИХ, Засгийн газрын гишүүд нь мэдээлэлд ойр байдаг давуу эрхээ ашиглаж тэрбум, тэрбумаар нь аваад идчихсэн. Тэрийгээ зээл гэж яриад байгаа юм. Зээл биш. Энэ бол хөгжлийн банкнаас олгож байгаа хөгжлийн зээлтэй адилхан ЖДҮХС-гаас олгож байгаа жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжих сангийн мөнгө юм.

Энэ мөнгө бол тодорхой дундаж давхаргыг дэмжсэн ажлын байрыг нэмэгдүүлэх зориулалттай. Ийм мөнгийг авсан нөхдүүд өөрсдийн банк бус санхүүгийн байгууллага, банкаар дамжуулаад мөнгө хүүлсэн. Тухайлбал, Хас банк жилийн хамгийн бага буюу 24 хувийн хүүтэй. Гэтэл эд нар жилийн гуравхан хувийн хүүтэй ЖДҮ-ийн зээлийг аваад жилийн 24-өөс дээш хувийн хүүтэйгээр мөнгө хүүлж байна. Энэ чинь мөнгө хүүлэх гэмт хэрэг байхгүй юу. Шударга ёс гэдэг зүйл энд алдагдаад байгаа юм. ЖДҮХС-гаас мөнгө завшсан этгээдүүдэд хариуцлага тооцъё гээд хууль хяналтын байгууллага нь оруулаад ирэхээр янз бүрийн шалтгаан хэлж байгаад аваад үлдчихэж байгаа юм. Тэгсэн мөртлөө 60 тэрбум, МАНАН гэдэг зүйлийг ярина. Сүүлдээ олон түмний тархийг яаж угааж байна гэхээр МАНАН, 60 тэрбумтай холбоотой шударга бус үйлдлүүдийг илрүүл. Шударга ёсыг тогтоо. Тэр ЖДҮ жижиг асуудал гэнэ. Хулгайд жижиг, том гэж байдаг юм уу. Хулгай л бол хулгай. ЖДҮ-ийг цайруулах гэсэн ийм тархи угаалт нийгэмд их явж байна.

Хариуцлага хүлээж сурах ёстой. Үнэхээр шударга ёс ярьж байгаа юм бол ард нь хариуцлага гэдэг зүйлийг заавал тооцож, үүрүүлж чаддаг байх ёстой.

-АН-ын бүлэг хэрхэх болсон бэ?

-Биднийг бүлэггүй болчихлоо. Бүлэггүй болохоор нам ажиллаж чадахгүй болчих юм шиг яриад байгаа. Үгүй л дээ. Манайх үндэсний хэмжээний том нам. Бүх 330 сум, 152 хороонд намын үүртэй. 200 гаруй мянган гишүүнтэй. Энэ эрх баригчидтай гол өрсөлдөх боловсон хүчний болоод үйл ажиллагааны чадамжтай нам бол манай нам. АН-ын хувьд анх удаагаа бүлэггүй болох гэж байгаа юм биш. 2004 онд тухайн үеийн хуулийн нөхцөл байдлаас болж, бүлэггүй болоод зөвлөл байгуулагдаад хоёр жил гаруй ажиллаж байсан. 2012 онд өнөөгийн эрх баригч МАН мөн хуулийн зохицуулалтаас болоод бүлэггүй жил гаруй явсан.

Дараа нь хуульд засвар оруулж байж бүлгээ байгуулж байсан гэх мэт туршлагууд бий. Нөхцөл байдал ийм байдалд хүрч байгаа бол бидэнд зөвлөлөө байгуулаад явах бүрэн боломж бий. Хоёрдугаарт, бүлэг дээр манайх хэт цөөнх байгаа. Бид нарт байгаа ганцхан боломж нь завсарлах. Зургаан хүний цалингийн асуудал, завсарлагын асуудал байгаа. Өөр санаа зовох асуудал алга. Одоо жил гаруй хугацаа л үлдэж байна. Энэ хугацаанд бид бүлгээ тасралтгүй үйл ажиллагааг нь явуулаад, зохион байгуулалтад оруулж, бүлэг гэдэг үгийг зөвлөл гэдэг нэрээр солиод явах бүрэн боломжтой нэгдүгээрт. Хоёрдугаарт, бүлэг татан буугдах эрх зүйн орчин хараахан бүрдээгүй байна. Өнөөдөр Л.Болд гишүүний өгсөн өргөдлийг АН-ын дунд шатны намын байгууллага яаж шийдэхээс их зүйл хамаарна. Дунд шатанд ямар нэг шалтгаанаар Л.Болд гишүүнийг гишүүнчлэлээс хасах боломжгүй гэдэг хариу өгвөл дахиад л энэ асуудал дээр маргаан үүснэ.

-АН цаашдаа яах вэ. Ээлжит бус сонгууль зохион байгуулна гэсэн байр суурьтай байсан шүү дээ?

-Бид өнөөдрийн УИХ-ыг чадамжгүй гэж харж байгаа. Эрх барьж байгаа нам нь 65 гишүүнтэй байсан. Нэг гишүүн нь хууль зөрчсөн үндэслэлээр бүрэн эрхээсээ цуцлагдаад гарсан. Үлдсэн 64 нь дотроо хоёр хуваагдчихсан. Ер нь өнөөгийн эрх баригчид бүх шатандаа хоёр хуваагдчихсан байгаа шүү дээ. 20 аймаг дээр эрх барьж байгаагаас миний мэдэхийн 18 аймаг дээр хуваагдалтай байна. Нийслэл дээр хуваагдалтай байна. Энэ нөхцөл байдал юуг харуулж байна вэ гэхээр эрх барьж байгаа нам өнөөдөр эрх барих хэмжээнд ажиллах чадамжгүй болжээ гэдэг дүгнэлтийг бид хийж байгаа. Дээр нь мөн 60 тэрбумын схемээр төрийн эрхийг хууль бусаар авсан нам гэдэг утгаараа хуулийн хариуцлага хүлээх ёстой. Тиймээс цаг алдаж олон түмний өмнө хүлээсэн үүргээ умартаж байхын оронд, улс төр, эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдалд бодит дүгнэлт өгөөд эртхэн тараад, ард түмнээрээ дүнгээ тавиулаад, дараагийн ээлжит бус сонгуулиа явуулж, шинэ парламентыг бүрдүүлэх замаар төрийн хямралыг арилгаад явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.

-УИХ-ын даргаар Г.Занданшатар томилогдлоо. Та үүнийг хэрхэн дүгнэж байна вэ. Хувь хүн талаасаа хурал даргалах чадамжтай гэж харж байна уу?

-Одоо дүгнэлт өгөхөд эрт байна. Сайн, муу нь мэдэгдээгүй байна. Хувь хүнийх нь хувьд мэднэ. Парламентад удаа дараа сонгогдож байсан хүн. Их хурлын дарга гэдэг бол хариуцлагатай албан тушаал. Энэ түвшинд яаж ажиллах нь уу. Хэлж мэдэхгүй байна.


Categories
мэдээ нийгэм

Хоёрдугаар сарын 13-нд болох үйл явдал

09.00 цагт МҮЭСТО-нд МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн III хурал болно.

11.00 цагт Нийслэлийн Засаг захиргааны V байрны Иргэний танхимд НЗД-ын нэрэмжит ЕБС-ийн сурагчдын сагсан бөмбөгийн “Улаанбаатар лиг”-ийн 10 жилийн ойд зориулсан тэмцээний сугалаа явагдана.

11.00 цагт Бусдад туслахуй Анагаах ухааны Манба дацан хийдэд Монгол Улсын Морин хуурын чуулгын “Мөргөлийн эгшиг” тоглолт болно.

11.30 цагт Үндэсний мэдээллийн төвд “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”-өөс Ээлжит бус чуулганыг хуралдуулж УИХ-ыг тараахыг шаардаж, мэдээлэл хийнэ.

11.30 цагт Монгол Ньюс мэдээллийн төвд Болорсофт компаниас “Монгол бичгээр цахим орчинд бичих шинэ боломж”-ийг танилцуулна.

11.40 цагт Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд “Цагаан дарь эх бурхан”-ыг нэг өдөрт багтаан бүтээнэ.

13:00 цагт “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т Агаарын бохирдлыг бууруулах тeхнологи нэвтрүүлэх Монгол, БНСУ-ын хамтын ажиллагааны хурал зохион болно.

15.00 цагт Тэнгис кино театрт “Зоорь 2” УСК-ны нээлт болно.

Зая Бандида гэгээний VII дүр Лувсанданзанпүлжинжигмэд агсны “Гонзог” ерөөл буяны хүрээнд:

08.30 цагт Гандантэгчинлин хийдийн Идгаачойнзинлин дацанд VII Зая гэгээний лагшин шүтээнд сүсэгтэн олон мөргөж, хүндэтгэнэ.

12.00 цагт Идгаачойнзинлин дацангаас гэгээн хутагтын лагшин шүтээнийг Архангай аймгийн Заяын хүрээнд зална.

Categories
мэдээ цаг-үе

О.Адьяа: АНУ-ын хөдөө аж ахуйд ажиллах монгол залуусын тоог хязгаарлахгүй

Америкийн худалдааны танхимын гүйцэтгэх захирал О.Адьяатай ярилцлаа.


-Өнөөдрийн хэлэлцүүлэг ямар зорилго тавьж, ямар үр дүнд хүрэв?

-Монгол дахь АНУ-ын худалдааны танхимаас сар бүр хэлэлцүүлэг зохион байгуулдаг. Энэ удаагийн уулзалтаар бид Монгол Улсын Засгийн газрын 2019 оны зорилт, 2018 онд хийсэн ажлын талаар ярилцлаа. Ирэх онд Монголын Засгийн газар гадны хөрөнгө оруулалт татах талаар ямар бодлого баримталж байгаа талаар Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатараас мэдээлэл авлаа. Д.Цогтбаатар сайд манай танхимын хүндэт гишүүн гэж явдаг.

-Танай танхим зөвхөн Монгол-АНУ-ын бизнесийн харилцааг хөгжүүлэх зорилготой юу?

-Манай танхим хоёр зорилготой. Эхнийх нь Монгол – АНУ-ын бизнесийн харилцааг хөгжүүлэх. Хоёр Монголын дотоодын бизнесийн орчинг сайжруулах. Нэгэнт Монголын дотоодын бизнесийн орчин сайжирвал нийт гаднаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтад нааштай нөлөөлнө.

-Д.Цогтбаатар сайд ямар мэдээлэл өгөв?

-2018 оны гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өгч, санал бодлоо хэллээ.

Нэлээд илэн далангүй нээлттэй байдлаар мэдээлэл өгсөн нь гадныханд таалагдах шиг болсон.

-Сайдын мэдээллээс шинэ юм сонсов уу?

-Ний нуугүй хэлэхэд өмнөх уулзалтууд дээр мэдээлэл хийж байсан төрийн түшээд бүх зүйлийг зөвхөн эерэг талаас нь тайлбарладаг байсан. Харин Д.Цогтбаатар сайд эерэг талуудаас гадна бэрхшээлтэй асуудал байгааг ч нуугаагүй.

-Ямар мэдээллийг илэн далангүй өгөв?

-Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнгөрсөн жил Засгийн газар чамгүй олон амжилт гаргасан. Эдийн засгийн байдал нааштайгаар эргэснийг тайлбарласан. Мах, нүүрс, зэсийн экспорт нэмэгдсэн гэх эерэг мэдээллүүдийг бодит байдлаар танилцуулсан. Мөн түүний хажуугаар хөрөнгө оруулалт буурч байгааг хүлээн зөвшөөрсөн. Үүнд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн. Мөн татвартай холбоотой, Засгийн газрын бодлогын тогтвортой асуудал байгааг тайлбарласан.

-Уулзалтад хэн оролцов?

-Манай танхимын гишүүн болон гишүүн бус бизнесийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, дипломат корпусын төлөөлөгчид оролцсон. Тэдний үзэж байгаагаар Засгийн газар алдаагаа хүлээн зөвшөөрч байгаа бол засах магадлал өндөр юм байна.

-Танай танхим өнгөрсөн оны Засгийн газрын үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна?

-Бидний үзэж байгаагаар Монголын эдийн засаг хоёрдмол байдалтай байсан. Засгийн газар ОУВС-тай гэрээ байгуулж хэрэгжүүлж байгаа гэдэг утгаараа эдийн засгийн макро түвшинд маш сайн үзүүлэлт гарсан. Төсөв, санхүүгийн сахилга бат сайжирсан. Харин нөгөө талаасаа Засгийн газар хөрөнгө оруулагч нартай нүүр тулж, хөрөнгө оруулагч нарт ямар таатай орчин бүрдүүлж байгаагаа ойлгуулж чадаагүй болов уу гэсэн бодол төрж байгаа.

-Тодруулахгүй юу?

-Гол нь татварын багц хууль байгаа юм. Энэ хөрөнгө оруулалт орж ирэхэд саад болоод байгаа юм.

-Яагаад, манай улсыг татварын таатай орчинтой улс гэдэг шүү дээ?

-Татварын багц асуудлын өөрчлөлтийг манай танхим ерөнхийд нь дэмжиж байгаа юм.

-Ерөнхийд нь гэхээр дэмжихгүй асуудал байгаа гэсэн үг үү?

-2017 онд 2018 оны төсвийн хууль батлахдаа уул уурхайн чиглэлийн газрын лицензийн татварыг 30 хувиар нэмсэн. Түүнээс хойш Засгийн газарт энэ хувийг арав болгох санал оруулах гэсэн чинь гацсаар байгаад өнөөг хүрлээ. Тэгэхээр 2018 онд энэ өндөр татвар хэрэгжсэн. Одоо ч хэрэгжээд явж байна. Энэ нь гадны хөрөнгө оруулагчдыг харзнахад хүргээд байгаа юм.

-Оюу толгойн хөрөнгө оруулалт тогтвортой байдлын гэрээтэй учраас тасралтгүй орж ирээд байна уу?

-Оюу толгой бол тогтвортой байдлын гэрээтэй учраас татварын өөрчлөлтөд хамрагдахгүй.

Энэ өндөр татварт нь Монголд шинээр уул уурхайн чиглэлээр хөрөнгө оруулах компаниудад хамаараад байгаа юм.

-АНУ Монгол Улсын ил тод байдлын гэрээ юу болсон бэ?

-2017 онд байгуулагдсан гэрээ л дээ. Гол агуулга нь хоёр санхүү, бизнесийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа аль аль талдаа урьдчилан мэдэгдэнэ гэсэн агуулгатай юм.

-Тийм болохоор манайхан “Хуулиа гаргахдаа та нараар заалгахгүй” гээд гацаачихсан уу?

-Харин нэг тийм ойлголт яваад байгаа юм. Зүгээр л хуульд оруулах өөрчлөлтийн тухай зургаан сарын өмнө мэдээлэл солилцох тухай асуудал байхгүй юу. Америкууд мэдээлэл аваад өөр санал тавьж болно. Манайх хүлээж авахгүй байх эрхтэй. Ингэлээ гээд ямар нэгэн асуудал үүсэхгүй. Харин тэдний тал бизнесменүүддээ анхааруулна. Бизнесийн орчинг л хамгаалах нэг хэлбэр шүү дээ. Аль нэг компани бизнесээ таван жилээр төлөвлөөд их хэмжээний зээл аваад Монголд орж ирлээ. Гэтэл таван жилийн дотор хууль гурав өөрчлөгдөхөөр нөгөө бизнес чинь дампуурна биз дээ. Тиймээс урьдчилан анхааруулах хэрэгтэй байгаа юм. Энэ анхааруулгыг л гэрээгээр хэрэгжүүлэх гээд байгаа юм.

-Танхимын ажлын үр дүнг юу гэж үзэж байна?

-Эхний үетэй харьцуулахад төрийн байгууллагууд хамтарч ажиллах нь зөв гэдгийг ойлголоо. Цаашдаа хамтарч ажиллахыг эрмэлзэж байна.

-АНУ-ын конгресс манай ноос ноолууран бүтээгдэхүүнд тарифын хөнгөлөлт үзүүлэх хууль батлагдах ажил ямар шатандаа байгаа бол?

-Гурав дахь хөршийн бараанд тарифын хөнгөлөлт үзүүлэх тухай хууль гэж байгаа юм. Тэр хуулийг хэлэлцэхэд бэлэн болсон. Конгресст орчихсон. Манай зүгээс шаардлагатай ажил хийгдсэн. Саяхан АНУ-ын ерөнхийлөгч конгрессийн хоорондох төсвийн маргаанаас болоод хуулиудын хэлэлцүүлэг зогссон. Удахгүй хэлэлцэх байх.

-АНУ Бүгд найрамдахчууд манайхтай сайн харилцаатай болохоор Ерөнхийлөгч дэмжих байх, Конгресс дэх ардчилагчид яах бол?

-Энэ хууль бол манайд чухал ч, америкуудын хувьд бол маргаад байх нөлөөтэй том хууль биш. Дээр нь хуулийн төслийг боловсруулах өргөн барихад хоёр намаас оролцсон. Бусад хуультайгаа харьцуулахад богино хугацаанд батлагдах боломжтой. Манайханд гарч байгаа бас нэг боломж бол H2 төрлийн виз. Хөдөө аж ахуй талдаа манайхан энэ ажлын байранд өрсөлдөх чадвар өндөр. Гол нь сурталчилгаагаа ажилчид авах хүсэлтэй компаниудад хийх хэрэгтэй байгаа юм.

-Энэ визний ангилалд тооны хязгаарлалт байна уу?

-Байхгүй манайхаас хэд ч гарсан тэнд мэдэгдэхгүй л дээ.