Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутагт цас багатай байгаа тул ус хомсдлын асуудал үүсчээ

2019 оны 2 дугаар сарын 1-ний байдлаар цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгийн ихэнх нутаг, Говь-Алтай аймгийн өмнө болон хойд хэсгээр, Архангай, Дорнод, Сүхбаатар аймгийн зүүн, Төв аймгийн хойд, Өвөрхангай, Хэнтий аймгийн зарим газраар 1-21 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увс аймгийн Зүүнговь суманд 21 см, Малчин суманд 18 см, Баруунтуруун суманд 17 см, Хяргас суманд 17 см, Хөвсгөл аймгийн Хатгал суманд 15 см, Завхан аймгийн Баянтэс суманд 14 см, Улиастай суманд 12 см зузаан цастай байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Онцгой байдлын ерөнхий газраас томилогдсон ажлын хэсгүүд өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр танилцаж, нөхцөл байдлын үнэлгээ хийсэн. Энэ жил ихэнх нутгаар цас ороогүйн улмаас мал усгүйдэж, малчид малаа 3-5 км газар тууж худгаас услаж байгаа бол баруун бүсийн зарим аймагт цас ихтэй байгаагаас мал өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй байгаа юм.

Тиймээс орон нутгийн удирдлагууд, малчид, иргэдээс худаг, уст цэгийн хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна гэсэн саналыг ирүүлж байна. Энэ дагуу малын тарга тэвээрэг доройтохоос өмнө Улсын нөөцөөс малчдад хөнгөлөлттэй үнээр өвс тэжээл борлуулах, олгох, ундны ус зөөврийн автомашин олгох, цэвэр усны эх үүсвэрийг хангах цахилгааны нөөц эх үүсвэрээр хангах зэрэг тодорхой саналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Улсын онцгой комисст уламжлан, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

Сар шинийн өдрүүдэд нийт нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, явган шуургатай байсан, ойрын өдрүүдэд ч хүйтэн байгаа энэ үед малаа алсын бэлчээрт бэлчээхгүй, бага насны хүүхдээр мал хариулуулахгүй байх, хувийн бэлтгэлээ сайтар хангаж, дулаан хувцастай малаа хариулах зэргээр сонор сэрэмжтэй байхыг аймаг, орон нутгийн удирдлага, иргэд, малчдад зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Нар мандахаас жаргахын хооронд амжиж Цагаан дарь эхийг бүтээнэ

Цагаан Дарь эх бурхныг нэг өдөр бүтээх зан үйл өнөөдөр Богд хааны ордон музейд болж байна. “Соёлоор гийгүүлэхүй” ТББ, Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Занабазарын нэрэмжит Монголын Бурхан шашны дээд сургууль, Соёл урлагийн их сургуулийн 10 гаруй уран бүтээлч уламжлалын дагуу, нар мандахаас жаргахын хооронд амжиж Цагаан дарь эхийг бүтээх юм.

Хорьдугаар зууны эхэн үеэс эхлэн Их хүрээнд сар бүрийн шинийн найманд Цагаан Дарь эх бурхны хөргийг нэг өдөрт бүтээн зурдаг уламжлал тогтжээ. Энэ нь 1924 он хүртэл үргэлжилсэн байна. Ер нь бурхдыг зурахад маш их хугацаа шаарддаг. Харин хүний нас охордох ч юм уу, цаг тулсан үед насыг нь уртасгахын тулд нэг өдөрт багтаан Цагаан дарь эх бурхныг бүтээдэг зан үйл байдаг аж.

Өнөөдөр дээрх зан үйлтэй хамтатган, 1924 он хүртэл бүтээсэн Цагаан Дарь эх бурхны хөргийг Богд хааны ордон музейд дэлгэсэн юм. Тэдгээрийн дунд 100 гаруй жилийн өмнөх зээгт наамлаас эхлээд, 1918 он хүртэлх гар зургийн бүтээлүүд, Марзан Шарав гэж алдаршсан зураачийн бодит бүсгүйн дүрээр бүтээсэн хөрөг ч байв.

“Соёлоор гийгүүлэхүй” ТББ, Богд хааны музей хамтран долоо дахь жилдээ дээрх түүхэн ёслолыг зохион байгуулж байна. Энэ үеэр Монголын буддист эмэгтэйчүүдийн “Буманханд” холбооны тэргүүн Ч.Гүнзэ Цагаан Дарь эх бурхны тарнийг аялгуулан уншсан юм. Тэрбээр, “Цагаан Дарь эхийн олон зан үйл байдаг. Нэг өдрийн Цагаан Дарь эхийг бүтээж байгаа нь насыг уртасгагч, аюулаас хамгаалах зан үйлд ордог юм. Ер нь бурхдыг зурахад маш их хугацаа шаарддаг. Харин гэнэт нас охордох ч юм уу цаг тулсан үед насыг нь уртасгахын тулд нэг өдөрт багтаан Цагаан Дарь эх бүтээдэг. Бурхны шашинд Дарь эхийг эмэгтэй хүнээр дүрсэлж, ээж хүн болгон хүүхдээ аюулаас хамгаалдаг шиг Цагаан Дарь эх бурхан хамаг амьтныг авран хамгаалж байдаг” хэмээн тайлбарлалаа.

Categories
мэдээ нийгэм

Христийн шашныг нийтэд сурталчилж, санхүүжүүлсэн байгууллагын зөвшөөрлийг цуцлав

Гадаадын иргэн, харьяатын газраас мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд “ Тус байгууллагаас зөвшөөрөл аван үйл ажиллагаа явуулж байсан Америкийн Нэгдсэн Улсад төвтэй “Жи Эс Эм” /GSM/ төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газар нь олгогдсон зөвшөөрлийн дагуу зорилгодоо нийцсэн үйл ажиллагаа явуулаагүй, христийн шашныг нийтэд сурталчилж, санхүүжүүлсэн тул Гадаадын иргэн, харьяатын газрын даргын энэ сарын 02-ны тушаалаар үйл ажилллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгов” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг ирэх сараас эхлүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын хуралдааны үеэр нэр бүхий сайд нарт үүрэг өгөв. Тухайлбал:

-Тавантолгойн IPO буюу гадны зах зээлээс хөрөнгө босгохтой холбоотой бэлтгэл ажлын явцыг танилцуулахыг сайд Д.Сумъяабазарт

-Энэ оны тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хот руу ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахыг хориглосонтой холбоотойгоор хяналт, шалгалт, зохион байгуулалт болон яамд, нийслэл хоорондын хамтын ажиллагаа зэргийн талаар танилцуулахыг сайд Н.Цэрэнбатад

-Боловсруулсан түлшний үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нөөц бүрдүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх, чанарын талаар танилцуулахыг сайд Ц.Даваасүрэнд

-Тавантолгойн төмөр зам, авто замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажлын талаар танилцуулахыг сайд Б.Энх-Амгаланд

-Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг ирэх сараас эхлүүлэх бэлтгэл ажлын явцыг танилцуулахыг сайд Х.Баделхан нарт даалгалаа.

Сайд нар ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулгаа хийх юм.

Categories
мэдээ нийгэм

“Залуу дадлагажигч” хөтөлбөр зарлагдлаа

ЕБС-ийн 11 дүгээр ангийн сурагчдыг мэргэжлээ сонгоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой уг хөтөлбөр хоёр дахь жилдээ дахин зарлагдсан байна.

ХӨТӨЛБӨРИЙН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ:

Энэхүү хөтөлбөр нь СУРГАЛТ+ МЭРГЭЖЛИЙН ДАДЛАГА гэсэн 2 үндсэн хэсгээс бүрдэнэ. Сургалтын програм нь хувь хүний хөгжил, хандлага, мэргэжил сонголтын талаар цогц хөтөлбөр буюу сурагчдаа олон талаас нь хөгжүүлэхийг зорьдог. Энэ жилийн сургалтын хөтөлбөрт тухайн салбартаа манлайлж буй мэнторуудаас зөвлөгөө авах боломж нэмэгдсэн ба дадлагын хэсэгт сонирхсон мэргэжлээрээ томоохон компаниудад богино хугацааны дадлага хийх боломжтой юм.

ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХАД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

– Улаанбаатар хотын ЕБС-ийн 11 дүгээр ангийн сурагч байх;

– Хөтөлбөр үргэлжлэх 2 сарын туршид зохион байгуулагдах бүхий л үйл ажиллагаанд оролцох боломжтой байх;

– Хамт олноо манлайлагч, цаашид сурч хөгжих хүсэл тэмүүлэлтэй байх;

– Хөтөлбөрөөс сурсан мэдсэнээ бусдад түгээх эрмэлзэлтэй байх.

Дээрх шаардлага хангасан сурагчид анкетыг цахимаар https://form.jotform.me/JIP_Mongolia/jip-application-form хаягаар бөглөж илгээх ба хөтөлбөрийн анкет хүлээж авах сүүлийн хугацаа 2019 оны 02 сарын 15-ны өдрийн 00:00 цагт дуусна.

Categories
мэдээ спорт

Н.Төгсцогт АНУ-ын тамирчин 30 настай Гери Рассельтай тулалдана

Мэргэжлийн боксчин Н.Төгсцогтын дараагийн өрсөлдөгчөөр АНУ-ын тамирчин, 30 настай Гери Рассель тодроод байгаа аж. Тэрбээр мэргэжлийн боксын ринг дээр 30 удаагийн халз тулаанд хүчээ сорьсоноос 17-г нь хүнд цохилтоор ялжээ. Тамирчны замналдаа ганцхан удаа ялагдаж, дэлхийн аварга цолыг гурван удаа хамгаалсан шилдэг боксчин юм байна. WBC холбооны аваргын бүсийн төлөө өрсөлдөх энэ боксчны тулааны тов гараагүй байна. Мэргэжлийн боксын рингэнд 11 тулаан хийж бүгдэд нь ялалт байгуулан IBO холбооны хөнгөн жингийн дэлхийн аварга болсон Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин, “King Tug” хочит Н.Төгсцогтын 12 дахь тулаан түүний амжилт гарааг тодорхойлох юм.

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэс Оюутолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар Ц.Түмэнцогтийг томилов

“Эрдэнэс Оюутолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар Ц.Түмэнцогтийг томилжээ. Уг албан тушаалд ажиллаж байсан Б.Мөнхбаатар БХБ-ын дэд сайдаар томилогдсон билээ.

Ц.Түмэнцогт 2016 оны есдүгээр сараас хойш “Эрдэнэс монгол” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байгаад 2018 оны зургадугаар сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдоод байсан юм.

Тэрбээр 2011-2016 онд Монгол дахь “Женерал электрик”-ийн Гүйцэтгэх захирал, Эрчим хүчний Сайдын Зөвлөх, Эрчим хүч зохицуулалтын комиссийн Бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байв.

Categories
мэдээ нийгэм

Сонгон шалгаруулалт зарлалаа

ОХУ-ын “Иргэний хамгаалалтын академи”, “Гал эсэргүүцэх албаны академи”-д бакалаврын 4 жилийн сургалтад Онцгой байдлын байгууллагын ахлагч бүрэлдэхүүн болон ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийн сонсогчдоос, магистрын 2 жилийн сургалтад офицерийн бүрэлдэхүүнээс, мөн Бүгд Найрамдах Польш Улсын “Галын академи”-ийн бакалаврын 5 жилийн /1 жилийн хэлний бэлтгэлтэй/ сургалтад Онцгой байдлын байгууллагын алба хаагч, сонсогч болон иргэдээс сонгон шалгаруулж суралцуулна.

Иймд суралцах хүсэлтэй, “Гадаадын академи, их, дээд сургуульд суралцагчдыг сонгон шалгаруулах, суралцуулах журам”-д заасан ерөнхий шаардлага хангасан алба хаагчид өөрийн анги, байгууллагын дарга, захирагчаар уламжлан хүсэлтээ Захиргааны удирдлагын газарт 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

(Харилцах утас: 262510, 262416)

БНПУ-ын Бакалаврын сургалтын тавигдах шаардлага:

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагч, Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа иргэн.

Бүрдүүлэх баримт бичиг:

Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцаж буй иргэн:

  • Өргөдөл
  • Суралцаж буй сургуулийн тодорхойлолт;
  • Дүнгийн хуулбарын эх хувь /голч дүнтэй/;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Сонгон шалгаруулалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг;
  • Бүртгэлийн хураамж 15000 төгрөг төлсөн баримт.
  • Хэлний бэлтгэлийн гэрчилгээ /оноо/

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагч

  • Өргөдөл
  • Сонгон шалгаруулалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг;
  • Сүүлийн хагас жилийн дүнгийн тодорхойлолт;
  • Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Бүртгэлийн хураамж 15000 төгрөг төлсөн баримт;
  • Гадаад паспорт

Бакалаврын сургалтад бүртгүүлсэн иргэд математик, англи хэлний нэгдсэн шалгалтыг тест хэлбэрээр өгөх юм.

2019-2020 оны хичээлийн жилд гадаадын сургууль, дамжаанд суралцагчдын сонгон шалгаруулалтыг ирэх гуравдугаар сарын эхний 7 хоногт зохион байгуулна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Categories
мэдээ эдийн-засаг

Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ буурчээ

Монголбанкнаас мэдээлснээр банк, санхүүгийн байгууллагуудаас олгосон нийт зээлийн хэмжээ 17.1 их наяд төгрөг болоод байна. Үүнээс төгрөгийн зээл 14.4 их наяд, ам.долларын зээл 2.7 их наяд төгрөг байна.

Өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар зээлийн үлдэгдэл өмнөх 12-р сарынхаас 506 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Энэ нь гурван хувиар өссөн үзүүлэлт аж. Зээлийг төрлөөр нь авч үзвэл хэвийн зээл өмнөх сараас 915 тэрбум төгрөг буюу долоон хувиар өссөн байна. Харин хугацаа хэтэрсэн зээл мөн өмнөх сараас 125 тэрбум төгрөг буюу 13 хувиар, чанаргүй зээл мөн өмнөх сарынхаас 283 тэрбум төгрөг буюу 14 хувиар тус тус буурчээ.

Сүүлийн жилд манайд хэрэглээний зээл өссөөр байна. Манай улсын импортын 20 гаруй хувийг хэрэглээний бүтээгдэхүүнийэзэлж байна. Энэ нь нэг талаар импортыг өдөөж буйг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа мэдэгдэж байна. Импортын зээл өмнө нь хоёр тэрбум ам.доллараас хэтэрдэггүй байсан бол одоо дөрвөн тэрбум ам.долларт хүрч өсжээ. Тиймээс замбараагүй хэрэглээг хумих шаардлага гарч ирснийг мэдэгдэж, хэрэглээний зээлийг хумих бодлогыг Монголбанкнаас барьж буйг хэлж байна. Үүнтэй зэрэгцээд үйлдвэрлэл, бизнесийн зээл болон зөв хэрэглээний зээлийг дэмжих шаардлага гарч буй. 2018 оны шинэ зээлд хэрэглээ, үйлдвэрийн зээл тэнцүү гарсан байна. Тэгвэл өнгөрсөн оны эхний хагас жилд нийт зээлийн 80 хувийг хэрэглээний зээл эзэлж, үйлдвэрлэлийн зээл 20 хувьтай байжээ. Зээлийн үлдэгдлийг бүтцээр авч үзвэл:

  • цалин тэтгэвэр 26 хувь
  • худалдаа 14 хувь
  • үл хөдлөх 11 хувь,
  • барилга 9 хувь
  • уул уурхай 7 хувь
  • автомашин 3 хувийг тус тус эзэлж байна
Categories
мэдээ нийгэм

Түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ

Улсын хэмжээнд он гарсаар нийт 768 удаагийн объектын гал түймэр гарч, түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ. Үүний 9 нь том хүн, 2 нь хүүхэд байгааг Онцгой байдлын албанаас мэдээллээ. Түймрийн шалтгаан нөхцлийн дийлэнх хувь нь айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам, хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд, иргэдийн болгоомжгүй үйл ажиллагаа, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалал зэргээс үүдэж байна.

Иймд:

-Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх, пийшин, зуух яндангийн эвдрэл гэмтлийг засч, хүүхэд хүрч, түлэгдэх, гэмтэхээс сэргийлэх, цахилгааны утас, залгуур, ил гарах зүйлс, шатах, тослох материалыг бага насны хүүхдээс хол байлгах,

-Халуун үнс нурам, галтай хог хаягдлыг хогийн ил цэгт хаяхгүй байх, шингэрүүлсэн шатдаг хийгээр болон цахилгаанаар ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг баримтлах,

-Цахилгаан халаагуур, халаагчийг ашиглахдаа цахилгаан ашиглалтын дүрэм, журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчаар холбуулах, холбогдох байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх,

-Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зайн хэмжээг баримтлах, ил галаар автомашины мотор болон бусад явах эд ангийг халаахгүй байх,

-Аж ахуй, нэгж байгууллагууд барилга байгууламжийн галын аюулгүй байдал, гал унтраах автомат тоног төхөөрөмж, дохиолол, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, хяналтын камер, харуул хамгаалалтыг сайжруулах, яаралтай үед холбогдох утасны дугаар жагсаалтыг тодотгох,

-Шашны байгууллага, сүм хийдүүд хурал ном айлтгах арц, хүж асаах, зул барихдаа гал түймрийн аюулгүй байдлыг хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.