Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын айл өрхүүдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ

НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах төлөвлөгөөт бус шалгалт зохион байгуулах тухай” удирдамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт гарсан гал түймрийн тоо, хохирол, шалтгаан нөхцөл, судалгаан дээр үндэслэн 13,15,16,17,20 дугаар хорооны гэр хорооллын айл өрхүүдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.

Тус дүүргийн 20 хорооны 11 хороо нь гэр хороолол учраас дийлэнх дуудлагын 80 гаруй хувийг ахуйн гал түймрийн дуудлага эзэлдэг.

Тиймээс арга хэмжээний хүрээнд айл өрх болон объект хоорондын аюулгүй зай хэмжээ зөрчигдсөн, үнс нурмаа ил задгай асгасан, үнсний сав таггүй, цахилгааны холболт, ашиглалт, угсралтын аюулгүй байдал алдагдсан, пийшин зуухны гэмтэлтэй, яндангийн хамгаалалт хийгээгүй, залгаас буруу, бага насны хүүхдийг гэртээ цоожилж орхидог, шуурхай албаны автомашин очих боломжгүй мухар гудамж, өндөрлөг газар, өндөр хүчдэлийн шугаман дор буусан айл өрхөд мэргэжлийн заавар зөвлөгөө өгч, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулан иргэд олон нийтэд санамж сэрэмжлүүлэг өгч ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Ц.Амгаланбаатар мэдүүлгээсээ буцаж, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгасан мөрдөн байцаагчдыг цагдан хорьсон гэв үү

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг буруутган, гурван шатны шүүхээс 24-25 жилийн хорих ялаар шийтгэсэн билээ. Дээрх хэрэгтэй холбоотойгоор Тагнуулын ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газраас “Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар хэргийн гүйцэтгэгчид. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн захиалагч нарыг шалгаж эхэлсэн” хэмээн мэдэгдэж байсан удаатай.

Ц.Амгаланбаатар хүн амины хэргээр хоригдож байхдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын нэр бүхий алба хаагчдад С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэдгээ анх мэдэгдсэнээр энэ хэргийг үйлдэгчид тодорхой болсон гэх ойлголт нийтийн дунд бий. Энэ нь ч үнэний ортой гэдгийг албаны эх сурвалжуудын хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан ярианаас тодорхой харагддаг. Тэгвэл сүүлийн үед С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор өөр нэг ноцтой мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Тодруулбал, хэргийг анх хууль хяналтын байгууллагад мэдэгдсэн Ц.Амгаланбаатар 2018 оны арванхоёрдугаар сарын сүүлчээс эхлэн өгсөн мэдүүлгээсээ буцаж эхэлсэн гэнэ.

Энэ талаараа Хууль зүйн сайд Ц.Нямдоржид захидал хүртэл бичсэн байна. Тэрбээр “С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт худлаа мэдүүлэг өгсөн. Хэргийг шалгасан тагнуул болон бусад мөрдөн байцаагч миний өгөх мэдүүлгийг зааж өгдөг байсан. Энэ хэрэгт буруутгагдаад байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар огт буруугүй. Тэднийг хилс хэрэгт гүтгэсэндээ харамсаж байна” гэх утга бүхий захидлыг холбогдох албаныханд хүргүүлсэн гэнэ.

Өөр нэг эх сурвалжийн өгсөн мэдээллээр хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагчид Ц.Амгаланбаатарыг айлган сүрдүүлж, өгөх мэдүүлгийг үг бүрчлэн зааж өгдөг, түүнийг нь бэхжүүлэн авдаг байсан талаар болон мөрдөн байцаагчдын нэрийг маш тодорхой дурдсан захидал ирүүлсэн гэнэ.

С.ЗОРИГ АГСНЫ АМЬ НАСЫГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙГ ШАЛГАСАН АЖЛЫН ХЭСГИЙГ ТАРААСАН ГЭВ

Ц.Амгаланбаатарын захидалтай холбоотойгоор С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг дахин задарч магадгүй нөхцөл байдал үүсээд байгаа гэдгийг эх сурвалж онцолж байв. Өнгөрсөн сарын сүүлчээр буюу /2019.01.24/ ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцох үеэр төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг шалгасан Ажлын хэсгийг тараах чиг үүрэг өгсөн гэнэ. Сайд ажлын хэсгийг ямар шалтгаанаар тарааж байгаа талаараа тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Харин С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагааг гардан гүйцэтгэж байсан мөрдөн байцаагчид ажлаасаа халагдсан, Тагнуулын ерөнхий газар болон Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газрын алба хаагчид, нэр бүхий хурандаа нар мөн ажлаасаа халагдсан гэх мэдээлэл олон нийтийн дунд тараад буй.

Энэ талаар холбогдох албан тушаалтнууд тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсаар байгаа юм. Өөр ноцтой мэдээлэл нь ажлаас халагдсан ТЕГ-ын мөрдөх албаны ажилтнуудаас гурван хүнийг сар шинийн баярын өмнөхөн Цагдан хорих төвд 48 цаг саатуулсан гэх мэдээлэл гараад байгаа билээ. Тагнуулын ерөнхий газрын мөрдөгч нарыг цагдан хорьсон асуудалтай холбоотойгоор Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

Л.ЖАВЗМАА: Ц.АМГАЛАНБААТАР МИНИЙ ХҮҮД ТА НАРЫГ ХУДЛАА ХЭРЭГТ ГҮТГЭСЭН ГЭДГЭЭ ХЭЛНЭ. ХЭРГИЙН ТАЛААР ҮНЭНИЙГ ДЭЛГЭНЭ ГЭЖ ХЭЛСЭН ГЭСЭН

Харин энэ асуудлаар Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаатай холбогдож сүүлийн үед гараад байгаа мэдээлэлтэй холбоотой асуудлаар тодруулахад “Би хүүгээ хилс хэрэгт хэлмэгдэж байгаа гэдгийг баримттайгаар удаа дараа олон нийтэд мэдэгдэж байсан. Ц.Амгаланбаатар өгсөн мэдүүлгээсээ буцсан талаар надад ямар нэгэн мэдээлэл алга байна. Харин саяхан миний хүүг эхнэр, хүүхэд нь эргэж очсон. Тэр үеэр Ц.Амгаланбаатар миний хүүг ар гэрийнхэнтэйгээ уулзаж байгааг харсан гэсэн. Тэгээд “Ахаа, танай хүүхдүүдийг хараад би бүх юмыг ойлголоо. Та нарыг худлаа хэрэгт гүтгэсэн гэдгээ хэлнэ. Хэргийн талаар үнэнийг дэлгэнэ” гэж хэлсэн гэсэн. Надад тийм л зүйлийг хүү минь ярьсан” гэв.

Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайдаас С.Зориг агсны хэргийг шалгаж байсан ажлын хэсгийг тараах болсон асуудлаар асуулга тавьсан байдаг. Тэгвэл энэ талаар түүнтэй утсаар холбогдож тодруулахад “Энэ талаар надад тодорхой мэдээлэл алга. Гэхдээ Ц.Амгаланбаатар үнэхээр өгсөн мэдүүлгээсээ буцсан бол үүнийг шалгах ёстой” гэсэн хариулт өглөө.

Г.ЭРДЭНЭБАТ: НЭГ ЯЛТАН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГАД МЭДЭЭЛЭЛ ӨГСНӨӨР СҮҮЛИЙН ҮЕД БОЛЖ БАЙГАА ҮЙЛ ЯВДАЛ ӨРНӨСӨН ЮМ ОГТ БИШ

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгчийг илрүүлэхэд ажлын хэсгийн ахлагчаар нь ажилласан Улсын ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын Шадар зөвлөх Г.Эрдэнэбат хэргийн талаар манай сонинд өмнө нь ярилцлага өгч байсан. Тэрбээр “С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг 1998 онд гарсан. Энэ хэрэг 2018 онд эцэслэн шийдэгдэх эсэх дээрээ тулж ирээд байна. Гэхдээ нэг ялтан хууль хяналтын байгууллагад мэдээлэл өгснөөр сүүлийн үед болж байгаа үйл явдал өрнөсөн юм огт биш. Хэргийг шалгаж байсан ажлын хэсгийн ажлын арга барил, хэргийг шалгаж, ажиллагаанд ач холбогдол өгсөн байдлаас гол асуудал эхэлсэн байдаг юм. Өнөөдөр хүмүүс энэ хэргийг илэрсэн шалтгаан нь нэг ялтан мэдээлэл өгөнгүүт бүх зүйл ар араасаа ундарсан юм шиг ташаа ойлгоод байгаа юм. Тийм биш гэдгийг онцолж хэлмээр байна. Зарим мэдээлэлд ач холбогдол өгч шалгасан үеэс асуудлыг ярих нь зүйтэй юм. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгасан, шалгаж байсан нөхцөл байдал өөрчлөгдсөн. Энэ хэрэгт нэлээд хүч анхаарал тавьж ажилласан үеэс хэрэг шалгах ажиллагаанд өөрчлөлт гарч, хэрэг илрэхэд ахиц гарсан. Энэ хэргийн нотлох баримт дотор ил байдлаар нотлогдож байгаа олон зүйл бий. “1998 оны аравдугаар сарын 1-ний өдөр ийм хүнийг харсан. Ийм зүс царайтай хүн С.Зоригийн гэрийг асууж, сураглаад явж байсан.

Гэрийнх нь гадуур сэжигтэйгээр олон удаа эргэлдсэн. Ийм зүс царайтай хүн байсан” гээд 1998 онд мэдүүлэг өгсөн гэрчээс хуулийн дагуу дахин гэрчийн мэдүүлэг авсан. Гэрчүүдээс өөр өөр орон зай, цаг хугацаанд “Таны ярьж байсан хүн эдгээр хүмүүс дунд байна уу” гэхээр олон хүний дундаас гэмт этгээдүүдийг эргэлзэх юмгүй зааж байсан. Хэрэгт холбогдсон Б.Содномдаржаа гэдэг хүн санамсаргүй байдлаар энэ хэрэгт холбогдсон гэдгээ хуулийн байгууллагад бичгээр тайлбар хийж өгсөн. Хэрэг үйлдсэн хүнээс өөр мэдэх боломжгүй зүйлийг тэр мэдүүлсэн байдаг. Тэр хүн хэрэг гарах үед тэнд байгаагүй юм бол хэргийн талаарх тийм нарийн зүйлийг яаж мэдэх юм бэ. Хэрэг гарах үед Т.Чимгээ Дорноговь аймагт эмээгээ хараад хүүхдүүдтэйгээ байсан гэж ярьдаг.

Гэтэл Т.Чимгээ тэнд байгаагүй. Харин хүүхдүүд нь тэнд байсан нь тогтоогддог. Мөн Б.Содномдаржаа цэрэгт явчихсан байсан гэх асуудал гарч ирсэн. Цэрэг татлагын комисст түүний нэр байдаггүй. Хөдөө хадлан дээр байсан гэж яриад байгаа. Энэ нь юугаар ч нотлогдоогүй. Харин эсрэгээрээ Улаанбаатар хотод байсан нь нотлох баримтаар тогтоогдсон” хэмээн ярьж байсныг энд дахин дурдъя.

Албаны хүн ийн ярьсан ч С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг дахин задарч, бүр хэргийг шалгаж байсан мөрдөгчид ноцтой алдаа гаргаж, хууль зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Шинээр байгуулсан ажлын хэсэгт цагдаагийн чадварлаг, залуу олон мөрдөгч багтсан гэх мэдээлэл ч байна.


Categories
мэдээ нийгэм

Цахилгаан менингит өвчнөөр таван хүүхэд өвчилжээ

Сүүлийн үед цахилгаан менингит өвчний халдвар гарч байгаа талаар эмч нар мэдээлэл хийсэн. Өнөөдрийн байдлаар цахилгаан менингит өвчнөөр таван хүүхэд өвчилсөн байна. Тодруулбал, Увс аймагт хоёр хүүхэд, нийслэлд гурван хүүхэд өвчилж эмчлүүлж байгаа аж. Сар шинийн баярын өдрүүдэд буюу долоо хоногийн дотор хоёр тохиолдол илэрсэн нь эцэг эхчүүд, эмч нарыг айдаст автуулж эхэлсэн байна. Цахилгаан менингит нь маш хурдан хугацаанд хүндэрдэг учраас эцэг эхчүүд хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулах хэрэгтэй байгааг зөвлөе.

Categories
мэдээ нийгэм

Валентины баярыг тэмдэглэж эхэлсэн түүх

Гэгээн хайрын баяр жил бүрийн хоёрдугаар сарын 14-нд болдог билээ. Энэ нь Ромын тэрс үзэлтнүүдэд цаазлагдсан Христосын шашны зүтгэлтэн залуу ламын хайр дурлалаас үүдэн тогтсон баяр юм. Манай эрины III зуунд Ромын эзэн хаан Клавдий хүмүүсийг гэр бүл болохыг хориглосон хууль гаргажээ.

Залуу лам Валентин эзэн хааны энэ хуулийг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас залуу гэр бүлүүдийг нууцаар гэрлүүлдэг байв. Ийнхүү нууцаар хүмүүст тусалж байгааг нь мэдсэн Клавдий хаан ихэд хилэгнэж Валентиныг шоронд хатааж дараа нь цаазаар авах зарлиг буулгажээ. Валентин шоронд хоригдож байхдаа шоронгийн захирагчийн охинтой танилцаж хайр сэтгэлтэй болжээ. Цаазаар авахуулахынхаа өмнөхөн тэрээр хайртай бүсгүйдээ “Чиний Валентинаас” гэсэн хаягтай өөрийн хайр сэтгэлийг илэрхийлж, үүрд, тэнгэрийн орноос ч түүнийгээ хайрлаж явах болно гэсэн утга бүхий хайрын зурвас бичсэн байна. Хатуу ширүүн цаазыг ч даван дурлалт хосуудын хайр сэтгэлийг бурхны өмнө мөнхөлж байсан Валентиныг цаазалсан өдөр нь хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгөж, оюун санаанд нь үүрд хадагдан үлдсэн нь өнөөгийн бидний тэмдэглэдэг 2-р сарын 14 юм. Энэ өдрийг залуу хосууд өөрсдийн хайр сэтгэлийн илэрхийлэл, баталгааны өдөр болгож Валентиныг шүтээнээ болгон авчээ. Хожим нь сүм хийдүүд Валентиныг гэгээнтнүүдийн тоонд оруулснаар Гэгээн Валентины өдөр хэмээн нэрлэгдэх болжээ.

Ийнхүү дурлалт хосуудын энэ баярыг 18-р зуунаас хойш өнөөг хүртэл тасралтгүй тэмдэглэсээр ирсэн байна.

Сонирхуулахад, Япончууд Гэгээн Валентины өдрийг “Эрчүүдийн мартын 8” болгон хувиргажээ. Учир нь энэ өдөр Японд зөвхөн эрчүүдэд л бэлэг өгдөг гэнэ. Мэдээж улс орон бүрийн ёс заншил өөр байдаг ч хайр дурлал бол хил хязгааргүй билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Баатархүү: Ардын нам Улаанбаатар хотыг удирдаж чадахгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн

НИТХ-ын тэргүүлэгч, НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүүтэй ярилцлаа.


-Нийслэлийн Засаг даргыг томилох асуудал ямар явцтай байна вэ. Ерөнхий сайд С.Мөнхчулууныг Хотын захирагчид батламжлахгүй буцаах байх гэсэн хардлага олон нийтийн дунд гарах боллоо?

-Ерөнхий сайд буцааж байгаа, эсвэл буцаахгүй гэсэн мэдээлэл алга. Ямар ч байсан НИТХ санал хураалтаар нийслэлийн Засаг даргыг сонгож, Ерөнхий сайд руу бичиг хүргүүлээд хорь гаруй хонолоо. Ерөнхий сайд өөрийн бүрэн эрх мэдлийн хүрээнд буцаах, эсвэл томилохоо өөрөө шийднэ. Бидний зүгээс буцаах бол хурдхан шиг буцаачих, томилох бол хурдан томил гэсэн байр суурьтай байгаа.

-Батламжлахгүйгээр буцаасан тохиолдолд эрх зүйн ямар зохицуулалттай вэ?

-Буцаачихаад ээлжит бус хуралдаан дахин зарлаж, нийслэлийн Засаг даргыг дахин сонгох байх. Хэрвээ өмнө нь өрсөлдсөн хүмүүс дахиж өрсөлдөөд эхний ялсан хүн дахин ялбал Ерөнхий сайд тав хоногийн дотор шууд томилох үүрэгтэй болчихдог. Энэ бол одоо мөрдөгдөж байгаа хуулийн заалт.

-Ерөнхий сайд батламжлахгүй удаж байгаа нь цаанаа ямар нэгэн шалтгаантай юу. Үүнийг та улстөрч хүний хувьд хэрхэн харж байгаа вэ?

-Ерөнхий сайдын удааж байгаа шалтгааны талаар мэдээлэл алга. Бидний харж буйгаар үнэмлэхүй олон болсон МАН дотоод тэмцэл, тохироо, албан тушаалын арилжаа наймаагаа шийдэж чадахгүй байгаатай холбоотой.

-Нийслэлийн бүтээн байгуулалтын ажил улирлын чанартай байдаг. Хаврын бүтээн байгуулалтын ажил ямар явцтай байна вэ?

-Нийслэл гэдэг айл цаг наргүй ажиллаж байх ёстой. Хаврын бүтээн байгуулалтыг яаралтай эхлүүлэх шаардлагатай байна. Тиймээс нийслэлчүүдээ хүндэтгээд Ерөнхий сайд хурдан шийдвэрээ гаргах шаардлагатай. 2019 оны нийслэлийн төсвийг багцаар нь баталсан. Жишээ нь, авто замын төсөв гэхэд 30 орчин тэрбум төгрөг байдаг. Энэ хөрөнгийг яг ямар ажилд зарцуулах, дүүргүүдэд ямар зам барих вэ гэдгээ тодорхой болгоод төсвийн задаргаа хийдэг. Улмаар тендер зарлаж, дөрөвдүгээр сарын 15 гэхэд газар шорооны ажил эхэлчихдэг байсан. Үүний бичиг цаасны ажил хоёрдугаар сарын 15 гэхэд дуусчихсан байх ёстой л доо. Бичиг цаасны энэ ажлууд Засаг даргыг томилохгүй байгаа учраас хойшлоод байгаа юм. Үүнээс эргээд нийслэлчүүд хохирох эрсдэлтэй болчихлоо. Мөн энэ жилийн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт хойшилж, хугацаандаа амжихааргүй болсон. Жишээ нь, сургууль, цэцэрлэг, боловсролын салбарын бүтээн байгуулалт есдүгээр сарын 1 гэхэд бэлтгэлээ хангачихсан байх ёстой. Гэтэл энэ ажил дахиад хойшилж байна. Тиймээс нийслэлчүүдийг хүндэтгэж шуурхай ажиллах шаардлагатай.

-Эрх баригч намын ажилд ийнхүү хойрго хандаж буйг сөрөг хүчний зүгээс хэрхэн дүгнэж байна вэ?

-Дэлхийд хотжих үзэгдэл хүчтэй явагдаж байна. Хотод оршин суух хүн амын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Үүний үр дүнд хот эдийн засгийн төв болж эхэлсэн. Хоёрдугаарт, хотуудад агаар орчны бохирдол, авто замын түгжрэл, дахин төлөвлөлт, нийтийн тээврийг хөгжүүлэх, хотууд яаж ухаалаг байх вэ, эдийн засгийн бие даасан бодлогыг яаж явуулах вэ гээд тулгамдаж буй асуудлууд нь ойролцоо. Үүнийг хүчирхэг, ухаалаг засаглал шийддэг. Гэтэл өнөөдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг хэрхэн яаж хөгжүүлэх вэ гэсэн чиглэлээр Засгийг газрын хэмжээнд ч, НИТХ-ын хэмжээнд ч хангалттай ажиллахгүй байна. Бид өнгөрсөн гурван жилийн хугацаанд хангалттай их улстөржиж, хангалттай их албан тушаалын тухай ярилаа. Намууд хоорондоо улстөржөөгүй. Харин эрх барьж байгаа нам дотроо улстөржсөөр байгаад бүрэн бодлогын шинэчлэл хийх энэ потенциал, цаг хугацаагаа алдчихлаа. НИТХ-ын 45 суудлын 34-ийг МАН авсан. Энэ бол томоохон шинэчлэл хийхэд хангалттай тоо. Энэ боломжийг нэгэнт алдсан. Шулуухан хэлэхэд эрх баригч нам Улаанбаатар хотыг засаглаж буюу удирдаж чадахгүй юм байна гэсэн дүгнэлттэй байгаа.

-Засгийн газрын гишүүдийн томилгоог та хэрхэн харж байна. МАНАН-гийн эсрэг Монгол түмний тэмцэл, жагсаал хийж байсан гишүүд тухайн үедээ Бид дарга болохгүйгэж байсан. Гэвч яг томилгоо болонгуут өөрсдөө дарга болчихлоо шүү дээ?

-Хэнийгээ сайд дарга болгох нь МАН-ын дотоод асуудал. Бидний зүгээс хэн сайд дарга болох нь хамаагүй. Харин 2016 онд амласан агаар орчны бохирдлыг жил бүр 10 хувиар бууруулна, гэр хорооллыг шинэ үзэл баримтлалаар хөгжүүлнэ, дахин төлөвлөлтийг хөгжүүлнэ, нийтийн тээвэрт эрс шинэчлэл хийж нийтийн тээврийг шинэчилэх, өрх бүрийг орон сууцтай болгох амлалтаа хэрэгжүүлээч гэдэг шахалт үзүүлж байна. Ер нь сөрөг хүчний нам эрх баригчидаас амлалтаа биелүүлэхийг шахдаг, шаарддаг. Хоёрдугаарт, татвар төлөгчдийн мөнгөөр бүрдэж байгаа төсвийг үр ашигтай зүйлд зарцуулаач гэсэн шахалтыг үзүүлдэг.Энэ жил Улаанбаатар хотын түүхэнд байгаагүй хамгийн их төсөвтэй жил болж байна. Хамгийн их төсөвтэй жилд хамгийн их үр ашигтай, нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд явах ёстой. Харамсалтай нь засаглалын хямралаас болоод энэ их төсвийг зөв зүйлд, зөв газар, үр ашигтай менежмэнт хийж зарцуулж чадахгүй болоод байна.

-Ирэх тавдугаар сараас эхлэн нийслэлд түүхий нүүрс оруулахгүй байх журам гарсан. Үүний бэлтгэл ажил болох сайжруулсан түлш тараах борлуулах цэг байгуулж байгаа. Энэ ажлын явц ямар байна вэ?

-Агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр урт хугацааны бодлого гаргаж ажиллахгүй бол агаарын бохирдол буурахгүй. Шөнийн тарифыг тэглэсний үндсэн дээр айл өрхүүд цахилгаан халаагууртай болох ёстой. Харамсалтай нь айл өрхүүд цахилгаан халаагууртай болох эдийн засгийн нөхцөл боломж бага байна. Өөрөөр хэлбэл, шөнийн трафыг тэглэхтэй зэрэгцээд айл өрхүүд цахилгаан халаагуур авах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Тухайлбал, хөнгөлөлттэй зээл, лизинг авах зэрэг ногоон зээлийн сан үүсгэх ёстой ч үүсгэж чадаагүй. Тэгэхээр энэ шөнийн тарифыг тэглэж байгаа нь утгаараа үр дүнгээ өгч чадахгүй байна. Хоёрдугаарт, сайжруулсан түлш үйлдвэрлэх асуудлыг Засгийн газар хариуцаж, Улаанбаатар хот агуулахыг нь хариуцсан. 2018 онд төлөвлөгөөний дагуу явсан бол 80 мянган тонн сайжруулсан түлш Улаанбаатар хотод нийлүүлэх ёстой байсан. Харамсалтай нь нийлүүлэгдээгүй. Тэгэхээр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргасан агаар орчны бохирдлыг бууруулах төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж чадахгүй байна.

Өөрөөр хэлбэл, төлөв-лөгөөндөө хүрэхгүй байна гэсэн үг. Хот сайжруулсан түлшний агуулахуудыг гаргаад сайжруулсан түлшийг нүүрс худалдаалдаг цэгүүдээр дамжуулан борлуулах зохион байгуулалт, менежмэнт, ложистекийн асуудлыг хариуцаж байна. Харин ний-лүүлэх ажил Засгийн газрын түвшинд хийгдэх ёстой ч харамсалтай нь энэ ажил цаг хугацааны асар хоцрогдолтой яваа.

Э.ЯНЖМАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сандо амбаны “соёлын” довтолгоо

Б.Цэнддоогийн Соёлын довтолгоо: хоньчноос барилгачин номын шинэчилсэн дөрөв дэх хэвлэл саяхан гарлаа. Монголчуудын Хошин түүх хэмээн алдаршсан уг номын шинэ бүлгээс та бүхэнд толилуулж байна.


… Энэ явдлын огноог өөр содон сонин хэрэг явдалтай уялдуулан ой санамждаа тогтооход амаргүй. Жинхэнэ соёлын довтолгоо эхлэхээс 50 жилийн өмнө гэж огноолохоор нэг жил дутуу, мартагдах аргагүй Мартын наймны баяраар өдөрлөхөөр нэг өдөр дутуу үлдээд байх. Үнэхээр ч нэг л дутуу соёлын довтолгоон болох нь ч болсон юм.

Жинхэнэ соёлын довтолгоо 1959 онд Зөвлөлтийн дэмжлэг санаачилгаар өрнөж эхэлсэн бол хулхи соёлын довтолгоо нь түүнээс 49 жилийн тэртээ Бээжингийн заавар, удирдамжаар эхлэх тавилантай байж. 1910 оны хавар, гуравдугаар сарын 7-нд нүүдэлчдийн Их хүрээг иргэншлээр довтлон эзлэх даалгавартай нэгэн этгээд хатан Туулын хөвөөнд буувай. Тэр бол Манжийн шинэ амбан Сандо гэгч.

Өвөрмонгол гаралтай, өрнөдийн боловсролтой тэрээр Хятадад Бүгд найрамдах засаглал тогтоох үеийн зүтгэлтэн ажгуу. Япон, Францад суралцаж байсан гэх мэдээлэл байдаг энэ этгээд засаглалыг шинэтгэх үзэлтнээс гадна, хуучны дурсгалыг судлах хоббитой нэгэн бөгөөд Гадаад Монголд байх хугацаандаа тал нутгийн хөшөө дурсгалыг судлан бүртгэх ажлыг завчлан хийсэн мэдээлэл ч байдаг.

Тэр үеийн төрийн албан хаагч явсан Г.Навааннамжил бээр, орон нутагт нь ирсэн Бээжингийн монгол журганы төлөөлөгчийн нэг нь орон нутгийн хөшөө дурсгалыг сонирхон баруун зүгийн хошуудаар явахдаа Шүүх журганы сайд нь салж, манай хошууны Бичигт улаан хад гэдэг уулын хаданд байгаа хуучин бичгийг үзэж шинжлээд, нөгөө сайдын хойноос нэхэж хүрэхийг хэлэлцэж… хэмээн тэмдэглэсэн нь Сандо болон түүний даалгавартай ч холбогдож магад.

Богдын хүрээ, Да хүрээ буюу Их хүрээ, Богдын хүрээ, Нийслэл хүрээ нь ХХ зууны хориод оныг хүртэл хот тосгоны шинжийг олсон нь үгүй. Эзэн ноён, захирагч, хутагтаа тойрон буудалласан нүүдэлч малчдын хүрээлэл байлаа. Нэр нь ч тойрох, эмжээрлэх, дугуйрах утгатай Хүрээ гэсэн үгнээс гарчээ. Голлох этгээдийхээ өргөөг хүрээлсэн гэрүүдийг алсаас харахад хүрээндээ ургасан мөөг мэт харагдаж асан буй за. Монгол нүүдэлчний хүрээ нь хот суурины утгаасаа илүү цэргийн байгууламж маягтай, гэнэтийн довтолгооноос хамгаалах үүргийг чухалчилсан түр буудал гэхэд болохоор. Дуртай үедээ буулгаж, хүссэн газартаа байгуулж болдог нүүдлийн эсгий хэрэм, эсгий цайз зүйл.

Эсгий цайз Монгол нутгийн төв хэсгээр нүүдэллэж байснаа, сүүлдээ ачаа бараагаа зөөж дийлэхээ больжээ. Богд уулын араас 1727 оноос хойш хол явж чадахаа больсон нь их учиртай. Хиагтын гэрээгээр Хаант оросМанж чин улсын худалдаа ХүрээХиагтын чиглэлийн замаар хийгдэх болсон ба голлон тээвэрлэдэг бүтээгдэхүүнээрээ Цайны зам хэмээгдэх болж. Хүрээ нь Их говийн хойд цэг, Сибирийн их хөвчийн өмнөд зах давхацсан цэг учир Цайны замын чухал боомт болжээ. Улмаар Монголд худалдаа хийдэг хятад худалдааны пүүсүүдийн бараа цуглуулах, түгээх гол боомт болов. Тэд Бээжингээс авчирсан бараагаа эндээс хуваарилж, орон нутгаас ирсэн бүтээгдэхүүн түүхий эдийг Хүрээнд голлон төвлөрүүлнэ.

Ингээд хэдэн үеийн турш нүүмэл явсан Богдын хүрээ, ийнхүү нэгэн үеийн суумал хүрээ болжээ. Хүрээ нь суумал боловч аж төрөл нь гүймэл хэвээрээ. Ариун цэврийн дэг ёс, нийгмийн хэв журмыг сахих тогтоцоос эхлээд хот суурины анхан шатны дүрэм энд огоот үгүй.

Бурхан болооч нараа салхин талдаа ил задгай хаясан, тэнд нь хүүр идэгч буйлсан нохдоор дүүрэн, хогоо аль тааралдсан газраа хаяж, хот дотроо овоолсон, тааламжтай газраа бие зассан тийм л суурин. Аз болоход ер бусын хуурай, эрс тэс уур амьсгал ба золбин нохдын сүрэг нь бурхан болоочдын шарил ба хараахан бурхан болоогүйчүүдийн ялгадсыг хатаах, идэх ажлыг гүйцэтгэнэ.

Францын офицер, судлаач Эмиль Буиан де Лакост 1904 онд Өргөөгөөр явсан тухайгаа

Өргөөгийн гудамжинд их хөлийн газар хог новш нь овоорч, тухайлбал үхсэн малын сэг, есөн жорын хог хаягдал, эргэн тойронд нь ноход зуу зуугаараа тэнүүчилнэ…Шөнө болохтой зэрэг хот тэр чигээрээ нохдод эзлүүлнэ. Архиралдан ноцолдох, зэвүүн муухай гангиналдан гаслах, цөхрөн хуцах нь үүр цайтал тасрахгүй. Ноходгүй бол Өргөө хот хүний хүүрээр дүүрэх байсан биз. Учир нь гэвэл монголчууд үхсэн хүнийг булшилдаггүй, шашин нь зөвшөөрдөггүй…өлссөн ноход отон хүлээж, оршуулсан хүмүүс явцгаасны дараа хүүр рүү нь дайран хэдэн хэсэг болгон тастчин хаядаг хэмээн тэмдэглэжээ.

Шөнөдөө түнэр харанхуй нөмрөх Их хүрээнд золбин нохдууд ноёрхож журам сахиулна. Шөнөөр нөмөрлөн хулгай хийх гэвэл нохойн хоол болно, нохойноос хамгаалахын тулд дэнлүү барьж, зэвсэг хэрэглэвэл өөрийгөө барьж өгсөнтэй адил болно.

Чухам энэ түнэр харанхуйг хятад дэнлүү-гээр гэрэлтүүлэхийг л Сандо амбан хүсчээ. Ингээд юуны түрүүн хүрээ орчмын 15 мод газрыг хамгаалан амар амгаланг сахиулах цагдаагийн тогтолцоо бий болгосон байна. Журам сахиулж байсан талбайнхаа хэмжээгээр Арван тавны цагдаа хэмээн нэрлэгдсэн энэ байгууллага Монголын цагдаагийн албаны анхны үүсгэл сурвалж болж өгсөн ажгуу.

Улмаар, хүрээний зарим хэсгүүдийг холбосон замаар дэнлүү өлгөн шөнөдөө гэрэлтүүлж эхэлсэн нь Улаанбаатар хотын гэрэлтүүлгийн түүхийн анхдагч үйл явдал болсон бололтой. Хотын амгаланг сахиулах ажлыг нохойноос салган хүнд хариуцуулах ажил нь ингээд зогссонгүй.

Сандо амбан улмаар хүрээнийхний бие засах ажлыг удирдахаар санаа шулуудаж, анхны жорлонг бариулжээ. Гэвч хоолоо булаалгасан нохойноос илүү хүмүүс өөрснөө дургүйцсэн байна. Нэгдүгээрт, суугаад босохын хооронд гялс амжуулчихдаг ажлыг нь байр саванд орж үйлддэг түмэн түвэгтэй ажил хэрэг болгон хүндрүүлжээ. Хоёрдугаарт, урин дулаан орохын цагт мөнөөх цэвэрлэх байгууламжийн үнэр танар нь хамар хагалам болоод иржээ.

Монголчууд гуйсан юмыг нь өгөөгүй нэгнээ харамласан юм чинь хар нохойн идэш болно хэмээн харааж дарамталдаг. Гэтэл хар нохойноосоо хүртэл харамласан ялгадас нь үнэрээрээ дамжуулан өшөөгөө авч эхэлсэн гэмээр явдал болж дээ. Хүрээнийхэн шууд л амбаныхаа жорлонг жигшин тойрч, гадуур нь бие засах болсон ч Улаанбаатарын анхны нийтийн бие засах газрыг үүсгэн байгуулагч нь яах аргагүй Сандо болж үлдсэн байна.

…Тэрхүү худалдаачны байрын өмнө талд ший бүжиглэх өндөр тайз байшинг байгуулж, өдөр бүр хятад ший бүжиглүүлнэ. Улаан ханжаарт явган цагдаа нарт европ хувцас өмсүүлж, энд тэндхийн зам гудамж дээр пост манааны бяцхан шовгор пинг барьж суулгах болов. Их хүрээнээс Маймаа хот хүртэлх замын гудас, шөнийн цаг шилэн сав бүхий лаанпаг шатааж гэрэлтүүлэн эхлэв. Гудамж зээл, ил газар хүн хамаагүй өтгөн шингэн мөр гаргахыг зогсоож, тусгай жорлон савд ордог болгов…Эдгээр шинэ байдлыг эхлэхэд Их Хүрээний олон хүн, нэн ялангуяа Гандан хүрээний дээд доод лам нар, ноёд түшмэд дургүйцэж санаа хувьсах байдалтай элдэв яриа үүсэж гарав хэмээн тэр үеийн амьд гэрч нар бичиж үлдээжээ.

Монголын нийтийн жорлон, хотын гэрэлтүүлэг, цагдаагийн албыг үндэслэгч Сандогийн богино настай, богинохон шинэчлэлд олноороо дургүй, таагүй хандсан хоёр шалтгаан байдаг. Тэрээр шинэчлэлийн бүхий л зардлыг монголчуудаас гаргуулж байсан нь эрх баригчдын дургүйцлийг төрүүлжээ.

… Монголчуудыг хүмүүжүүлэх сургууль, (манж монгол хятад хэл заах) Оросын захиргааны сургууль (Орос хэл заах) эрүүл мэндийн газар, Монголын эргүүлийн цагдаагийн ангийг шинээр байгуулах эдгээрийн бүх зардлыг монголчуудад даалгав… Монголчуудын дургүйг хамгийн их хүргэсэн нь цэргийн бэлтгэлийн газар байлаа. Энэ нь монголчуудыг цэрэгт татаж сургууль хийлгэхийг оролдох зорилготой боловч морь унааг өөрсдөөс нь гаргуулж байсан тул зөвшөөрөх монголчууд байгаагүй гэдэг.

Нөгөө талаасаа Сандо хэрэгжүүлсэн бүхий л хөтөлбөр монголчуудын дургүйг хүргэх үндэслэлтэй байсан ажгуу. Түүний зорилго нь Манжийн Шинэ засгийн бодлого буюу Чингийн хаант засаглалыг өөрчлөн Бүгд найрамдах засаглалтай Дундад улс байгуулахад хүргэсэн хөтөлбөрийг Гадаад Монголд хэрэгжүүлэх явдал.

Шинэ засгийн бодлого нь 1691 онд Долнуурт Энх-Амгалан хаан ба Өндөр гэгээний хооронд байгуулсан гэрээний үзэл санааг ноцтой хөндөж байлаа. Энэ гэрээгээр Гадаад Монгол нь Чин улсын онцгой эрхт вассал болсон бөгөөд Манжийн империйн онцгой эрхт ноёлогч үндэстний хүрээнд багтан оржээ. Чин гүрний төрийн дээд албанд зөвхөн Манж ба монгол үндэстэн л томилогдох онцгой эрхтэй бөгөөд хоорондоо гэрлэж болдог байв. Хятад үндэстэнд ийм эрх байсангүй.

Улмаар, Гадаад Монголын нутаг дэвсгэрт хятад иргэд оршин суух, тариалан эрхлэх эрхгүй, худалдаа наймааны хэргээр явахдаа жил бүр виз авна. Монголчууд Бээжинд татвар төлөхгүй бөгөөд зөвхөн орон нутгийн төрийн албаны хэвийн ажиллагааг хангах зардлыг хариуцна. Түүгээр ч зогсохгүй төрийн түшээд, язгууртны цалин пүнлүүг Бээжин даах ажгуу.

Чухам энэ онцгой байдлыг Манжийн Шинэ засгийн бодлого үгүй хийж, Гадаад Монголыг Хятадын ерийн нэгэн муж хязгаар болгон хувиргахаар заналхийлжээ.

Энэ утгаараа, Сандо амбаны байгуулсан жорлон хүртэл үндэсний эрх ашгийн эсрэг үнэр ханхлуулж, замын гэрэлтүүлэг нь монголчуудын хувь заяаг бүдгэрүүлж, хэв журам сахиулах цагдаа нь хүртэл эв журмыг гажуудуулах мэт харагдсан бололтой.

ХХ зууны эхэн ба дундуур өрнөсөн соёлын довтолгоонуудад нийтлэг нэгэн шинж бий. Энэ нь тухайн үед Монголд нөлөөгөө тогтоож байсан хүчирхэг хөршүүд нь нэгдүгээрт, тус тусын соёл ба суртахуунаар нүүдэлчдийг хувьсган өөрчлөх, хоёрдугаарт тус тусын соёлын нийтлэгт шингээн авах сонирхлоор гараагаа эхлүүлжээ.

Харин ижил агуулга, санаагаар эхлүүлсэн эдгээр хувьсгалд монголчууд өөр өөр санаа бодлоор хандаж, ондоо ондоо үр дүнд хүрсэн байдаг.

Анхны соёлын довтолгоо нь монголчуудын нүүдэлчин амьдрал, эрх чөлөөт аж төрлийг тариачин маягийн иргэншил-хотшилд хувирган өөрчилж, Чин гүрний орон суурин залгамжлан байгуулагдсан Бүгд найрамдах засаглалтай хятад буюу Дундад иргэн улсын нэгэн хэсэг болгоход чиглэж байсан. Түүнийг зөнгөөрөө мэдэрсэн монголчууд эсэргүүцэн дургүйцэж, улмаар тэрхүү шинэчлэлийг сөргүүлэн үндэсний хувьсгал хийж тусгаар тогтнолоо зарласан билээ.

Монголчууд хотшин хөгжихдөө дургүй ч байсан юм биш. Богд хаанаасаа эхлээд Монголын язгууртнууд шинжлэх ухаан техникийн дэвшил, өрнөдийн аж үйлдвэрийн хувьсгалын талаар анхны мэдэгдэхүүнтэй болсон үе байв. Түүгээр ч барахгүй утсан харилцаа гэхчлэнгийн техник технологи тал нутагт хөл тавьж, анхны автомашины мөр зурайж, төрөлхийн сониуч нүүдэлчдийг дэвлээр гижигдэж эхэлсэн цаг. Гэвч Бээжингийн амласан, тулгасан соёлын довтолгоо нь монголчуудыг үнэт зүйл, үндэстний ялгааг арилгах заналхийлэл гэдгийг бүгдээрээ мэдэрч байсан ажгуу.

Монголчууд Сандо-гоос угшилтай гудамжны гэрэлтүүлэг буюу дэнлүү-нд нэн таагүй хандаж, түүнийг хятадуудаас Монголыг эзэрхийлэхийн бэлгэ тэмдэг маягаар ойлгож авсан бололтой. Барон Унгерн нийслэл хүрээг гамингаас чөлөөлөхөд зохиогдсон гэх нэгэн дуунд

Чиглээд ирсэн чийчаан тэрэг

Чих мултраад унаваа хө

….Өдөр шөнөгүй асаад байдаг,

Өмхий дэнлүү нь унтраад өгвөө хө гэхчлэн гардаг машин тэрэг, гэрэл чийдэнд дургүйнх бус, харин тэдгээр нь түрэмгийлэгч этгээдийн бэлгэдэл болж байсанд орших болов уу?

Улмаар 1921 оны Ардын хувьсгалын дуу болох Шивээ хиагт

Шивээ хиагтыг авахад

Шилэн дэнлүү хэрэггүй гэж орсон нь мөнөөх Сандо-гийн гудамжны гэрэлтүүлэгт гаргасан дургүйцэл үргэлжилсээр явсны гэрч буй за.

Түүнчлэн, ариун цэвэр, ахуйн соёлын чигтэй хүч далайлгасан өөр өөр арга хэмжээг авч байсан хүмүүсийн тоонд Жа лам хэмээх Дамбийжаа, мөн Барон Унгерн орно. Дамбийжаа 1910аад онд Ховдын хязгаарт хэсэг зуур ноёлж байхдаа сүм хийдийн хүрээнд ариун цэврийн дэглэм тогтоох оролдлого хийжээ. Тэрээр хийдийн орчим газарт чулуугаар тэг гортиг татуулж, түүнээсээ гадагш бие засч байх журмыг лам нар хийгээд сүсэгтнүүдэд мөрдүүлж байжээ.

Тэрхүү чулуугаар тэг, гортиг татах уламжлалыг Соёлыг довтолгооны үед ч үргэлжлүүлэн хэрэглэж, өргөн айлсалт, зуслан лагерь, хот айлын гадуур ариун цэврийн бүс тогтоохон ашиглаж байв.

Харин Барон Унгерн 1921 онд цөөхөн хоног Монголыг эзэгнэх зуураа нийслэл Хүрээний олон зууны хур хогийг цэвэрлэн Монголын нийслэлийн анхны их цэвэрлэгээг үйлдсэн тухай Ф.Осседовски дурсан бичсэн байдаг. Гэвч монголчууд Бароноос ч хойш хотдоо хогоо хаясаар байсан ба 1946 онд Улаанбаатарын Өндөр хог гэдгийг цэвэрлэн оронд нь сайхан талбай байгуулсан нь Сүхбаатар, Чингис хоёроор ээлжлэн нэрлэгдсээр өнөөг хүрчээ.

Ингэж явсаар 1960-аад онд албан ёсны соёлын довтолгоон-ыг монголчууд халуунаар дэмжин уухайлж, тусгаар тогтнолоо бататгах нэгэн их үйлс болгон өрнүүлсэн байдаг. (Хэдийгээр нам засгийн шийдвэрт бусад социалист бусад орнуудын хамтаар Зөвлөлттэй нэгдэн нийлэхийн тулд соёлын ялгаагаа арилгах шаардлага тулгарсан тухай заалт байгаа ч гэсэн)

Сандо амбаны Бээжин маягийн соёлын довтолгооны 49ний жил дээр Ю.Цэдэнбалын Зөвлөлт маягийн соёлын довтолгоо амжилттай өрнөж, Монгол орны нүүр царайг хувирган шинэчилсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Хаваржилт хүндэрч болзошгүй байна гэв

Энэ сарын 1-ний байдлаар цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгийн ихэнх нутаг, Говь-Алтай аймгийн өмнө болон хойд хэсгээр, Архангай, Дорнод, Сүхбаатар аймгийн зүүн, Төв аймгийн хойд, Өвөрхангай, Хэнтий аймгийн зарим газраар 1-21 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увс аймгийн Зүүнговь суманд 21 см, Малчин суманд 18 см, Баруунтуруун суманд 17 см, Хяргас суманд 17 см, Хөвсгөл аймгийн Хатгал суманд 15 см, Завхан аймгийн Баянтэс суманд 14 см, Улиастай суманд 12 см зузаан цастай байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Онцгой байдлын ерөнхий газраас томилогдсон ажлын хэсгүүд өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр танилцаж, нөхцөл байдлын үнэлгээ хийжээ. Энэ жил ихэнх нутгаар цас ороогүйн улмаас мал усгүйдэж, малчид малаа 3-5 км газар тууж худгаас услаж байгаа бол баруун бүсийн зарим аймагт цас ихтэй байгаагаас мал өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй байгаа юм. Тиймээс орон нутгийн удирдлагууд, малчид, иргэдээс худаг, уст цэгийн хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна гэсэн саналыг ирүүлж байна. Энэ дагуу малын тарга тэвээрэг доройтохоос өмнө Улсын нөөцөөс малчдад хөнгөлөлттэй үнээр өвс тэжээл борлуулах, олгох, ундны ус зөөврийн автомашин олгох, цэвэр усны эх үүсвэрийг хангах цахилгааны нөөц эх үүсвэрээр хангах зэрэг тодорхой саналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Улсын онцгой комисст уламжлан, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

Сар шинийн өдрүүдэд нийт нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, явган шуургатай байсан, ойрын өдрүүдэд ч хүйтэн байгаа энэ үед малаа алсын бэлчээрт бэлчээхгүй, бага насны хүүхдээр мал хариулуулахгүй байх, хувийн бэлтгэлээ сайтар хангаж, дулаан хувцастай малаа хариулах зэргээр сонор сэрэмжтэй байхыг аймаг, орон нутгийн удирдлага, иргэд, малчдад зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс ЭЕШ-ын бүртгэл эхэлж байна

2019 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл өнөөдөр 09:00 цагаас орон даяар эхэлнэ. ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 18:00 цаг хүртэл явагдах ажээ. Энэ жил ЭЕШ-ын материалыг шууд засах шилэн технологийг орон даяар ашиглах аж. Боловсролын үнэлгээний төвөөс энэ талаар өнөөдөр хэвлэлийн хурал хийнэ. Элсэлтийн ерөнхий шалгалтад 2019 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол Улсын их, дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой юм байна. Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог салбар яамнаас 400 байхаар тогтоосон бөгөөд монгол хэл бичгийн шалгалтыг 2019 оны гуравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах юм.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Базаррагчаа: Шинэ журамласан толийг бүтээхдээ Ц.Дамдинсүрэнгийн дүрмийг дагасан

Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс эрхлэн гаргасан Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь-ийн талаар Хэл шинжлэлийн ухааны доктор Ц.Базаррагчаатай ярилцлаа.


Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь-ийг Ц.Дамдинсүрэнгийн толь дээр суурилж хийсэн гэж та сая хэллээ. Юугаараа ялгаатай болсон бэ?

-Ц.Дамдинсүрэн гуайн толь 18 мянган үгтэй. Шинэ журамласан толь 38000 үгтэйгээрээ ялгаатай.

-Ц.Дамдинсүрэнгийн зөв бичих дүрмийн толь дээр миний хийсэн зүйл дээр алдаа мадаг байвал цааш нь засч залруулж яваарай, улам боловсронгуй болгож үргэлжлүүлээрэй гэсэн утгатай үг байдаг. Шинэ журамласан толь дээр тэр захиасыг нь хэр биелүүлсэн бол. Засч, сайжруулж чадсан уу?

-Ц.Дамдинсүрэн гуай зөв бичгийн дүрмийг 1959 онд нэг шинэчилсэн.Үүнээс хойш үе үед шинэчилж ирэхдээ цааш нь боловсронгуй болгож засах хэрэгтэй гэж хэлдэг байсан л даа. Ерөнхийдөө өөрийн зохиосон дүрмээ нэлээн хатуу баримталдаг байсан. 1942 онд зохиогоод 1946 оноос нийтээрээ мөрдөж эхэлсэн. Сая дурдсан онуудын хооронд дайн болсон учраас түр завсарласан юм. Зарим хүн энэ дүрэмд засах юм их байна гэж ярьдаг л даа. Зөв бичгийн дүрмийг зохиох зарчмын хувьд л ялгаа гардаг. Зарим нь үг бүтээврүүдийг тогтвортой болгодог. Энгийнээр хэлбэл хуучин монгол бичгийнх шиг тогтвортойгоор, өөрчлөлгүйгээр бичдэг. Харин Ц.Дамдинсүрэн гуай авиа зүйг баримталсан учраас хэллэгтэйгээ ойртуулж бичдэг. Энэ тохиолдолд нэг бүтээврүүд олон хувилбартай болдог. Балархай эгшиг гээдэг, нэмдэг. Үнэнийг хэлэхэд хүний ярианы хэл уян хатан. Балархай эгшгийг төдийлөн гаргаж хэлэхгүй. Хэмнээд явчихдаг. Хэлний хэмнэл гэж байдаг юм.

-Захирамжаар ч билүү хэсэг багш нарын баг гараад онцгой дөрвөн гийгүүлэгчийг хасна, хасахгүй гэж байгаад олны саналыг авч чадалгүй тэгсгээд замхарсан. Тэр багийнхны санаж бодсон зүйл шинэ толь дээр ямар нэг байдлаар тусгагдсан уу?

-Тусгагдаагүй. Онцгой дөрвөн гийгүүлэгчийг гадаад үгэнд зориулж бичсэн. Тэгэхдээ ихэвчлэн Оросоос орж ирж байгаа үгэнд зориулсан байдаг. Тэр утгаараа боломжгүй зүйл. Ялангуяа “Щ”-г хасъя гэж их ярьсан. Гэтэл “Щ” орсон үг олон бий. Яг тоолоод үзэхээр 17. 800 үг байна. Хоёрдугаарт, бараг далан жил болчихсон, нэгэнт хэвшсэн дүрмийг өөрчилнө гэхэд нийт олон хүлээж аваагүй л дээ. Тэгээд дараа нь Ц.Дамдинсүрэн гуайн 1983 онд гаргасан дүрмийг бариад явъя гэсэн шийдвэрийг засгаас гаргасан түүхтэй.

-Ц.Дамдинсүрэнгийн толиноос шинэ журамласан толь дээр тусгасан үгсийн тухайд нэг зүйл тодруулъя. Төдийгөөс өдий хүртэл бичиж хэвшсэн үгсээс өөрчлөлт орсон ямар үгс байна?

-Ер нь өөрчлөөгүй дээ. Ганц нэг жижиг өөрчлөлт л бий. Жишээ нь эмхэтгэл, цомхотгол гэж үг бий. С, х-ын дараа т,ч эгшиггүй бичнэ гэсэн дүрэм байгаа. Энэ дүрмээр бол “эмхтгэл” гээд х-ийн дараа эгшиггүй бичээд явчихдаг. Ингээд харахаар нэг дор дөрвөн гийгүүлэгч зэрэгцэж ороод байгаа юм биш үү гэсэн яриа гардаг. Уг нь эхний гийгүүлэгч нь урдаа эгшигтэй, сүүлчийн гийгүүлэгч нь ардаа эгшигтэй байгаа биз. Гэхдээ ийм маргаантай цөөхөн үг байдаг. Тэр үүднээс нь бид эгшиг жийрэглээд явах зарчмыг шинэ толь дээр баримталсан. Дараагийн жишээ нь эрвээхэй, дэгдээхэй гэсэн үгс. 1983 онд Дамдинсүрэн гуай эрвээхий, дэгдээхий болгочихсон юм. Дэлхий, мэлхий гэдэг үгийг монгол бичгээр бол эй-тэй бичдэг. Гэтэл орчин цагийн монгол хэлний дүрэмд дэлхий, мэлхий гэж буулгасан байдаг. Тэр жишгээр Ц.Дамдинсүрэн гуай 1983 онд эрвээхий, дэгдээхий гэж өөрчилсөн хэрэг л дээ. Гэтэл үгийг нь хөөгөөд үзэхээр ийм бичлэгтэй цөөхөн үг байсан. Тийм учраас хуучнаар нь буюу эрвээхэй, дэгдээхэй гэж бичье гэсэн шийдэлд хүрсэн. Энэ мэт ялимгүй гэж хэлэхээр цөөхөн өөрчлөлт орсон. Товчхондоо энэ толийг гаргахдаа Ц.Дамдинсүрэн гуайн дүрмийг барьсан. Тиймээс хамаагүй өөрчилж болохгүй гэж үзсэн. Зарчмын өөрчлөлт хийгээгүй гэсэн үг.

-Хэл шинжлэлийн эрдэмтэд үе үе монгол хэлний дүрмийг, үгийг өөрчилнө гэж ярьдаг. Яагаад, ямар шалтгаанаар ийм хэл яриа гараад байдаг юм бол, түрүүн таны хэлсэн барьдаг зарчмын зөрүүнээс болоод байна уу?

-Тэгж ойлгож болно. Бүр тодруулж тайлбарлая. Зөв бичгийн дүрмийг зохиоход үндсэн гурван зарчим бий. Нэгдүгээрх нь авианы зарчим. Өөрөөр хэлбэл халх хүн яаж ярьж байна, яг тэрүүгээр бичнэ гэсэн үг. Халхын аялгуун дээр суурилсан учраас тэр л дээ. Хэлдэг гэхээр д, г хоёрын дунд “э” дуулддаг. Харин хэлдгийг гэхээр дундах “э” нь дуулддаггүй. Тийм учраас Ц.Дамдинсүрэн гуай “э”-г нь гээчихсэн. Гээгдэх эгшгийн дүрэм гарч ирсэн шалтгаан нь энэ. Хоёр дахь нь бүтээвэр зүйн зарчим. Монгол бичигт бол хэлдгийг гэхэд “э”-г нь гээхгүйгээр хэлдэгийг гэж тэмдэглэдэг. Өөрөөр хэлбэл монгол бичгийн зарчмаар явахыг бүтээвэр зүйн гэж тодотгоод байгаа юм. Гурав дахь нь уламжлалын зарчим. Гаднаас орж ирсэн, тогтсон үгсийг баримталдаг туслах маягийн зарчим. Зарчмуудын ялгаа буюу ийм шалтгаанаас болж зөрөлдөөн гардаг юм. Ц.Дамдинсүрэн гуайг Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нар дуудаад гадны соёлтой уялдуулж шинэ үсгийн дүрэм зохиоё гэсэн. Тэр үедээ халх аялгуутайгаа уяж дүрэм зохиогоорой гэсэн байдаг. Ц.Дамдинсүрэн гуай авиа зүйн зарчмыг дагасан нь ийм учиртай. Харин Б.Ринчен гуай уламжлалыг хатуу баримталдаг байсан. Ер нь маргааны шалтгаан ийм зөрүүнээс үүсдэг юм. Сонирхуулж хэлэхэд тухайн үед буюу одоогоос 80-аад жилийн өмнө Монголын шинэ үсгийн төв комиссыг Ю.Цэдэнбал даргалж, орлогч даргаар нь Машлай, Гонгоржав, Доржсүрэн, Лувсанвандан, Дамдинсүрэн нар ажилласан ба гишүүдэд нь Сурмаажав, Далхжав, Цэвэгмэд, Тамжид, Лувсандорж нар сонгогдож ажиллаж байсан.

-Гариг, гараг гэх мэт зөрүүтэй бичигддэг үгс цөөнгүй байдаг. Жишээ нь энэ үгийг яаж бичих вэ?

-Шинэ тольд гараг гэж орсон. Нохой баахыг гариг гэдэг. Тэгэхээр гараг гэж бичээд “-ийг” гэсэн нөхцөл залгахдаа “а”-г нь гээнэ. Зураг, зургийг гэдэгтэй адил бичнэ.

-Нэлээд дээхнэ 700 үгийн жагсаалт гэж гарсан. Бичээд заншсан олон үгийг эвдсэн байсан л даа. Тэр жагсаалтад туссан үгс шинэ тольд багтсан уу?

-Ц.Дамдинсүрэн гуайн дүрмийг барьж хандсан. Таны асуусан 700 үгийг олон хүн сууж байгаад гар өргөөд шийдчихсэн юм шүү дээ. Тэгж болохгүй. Компаничилсан маягтай ийм зүйл шинжлэх ухаанч чанарыг алдагдуулахаас хэтэрдэггүй.

-Хуучин нийгмийн үед гаднаас, ер нь бол орос үг их орж ирсэн. Одоо интернэт зэрэг англи үг хэрэглээнд олноороо орж ирж байна. Энэ тал дээр ямар зарчим барьсан бол?

-Гадны үгсийг монгол хүн яаж дуудаж байна вэ гэсэн зарчмыг баримталсан. Монголчуудын орчуулаад хэлж заншсан үгсийг монголоор хөрвүүлж оруулсан байгаа. Наад захын жишээ гэхэд бид банана гэдэг үгийг гадил гэж хэлээд заншчихсан.

-Хэчнээн гадаад үг шинээр туссан бэ?

-Мянга гаруй гадаад үг багтаасан.

-Ц.Дамдинсүрэн гуайг зөв бичгийн дүрэм зохиож байхад хамгийн маргаан дэгдээсэн дүрэм нь юу байв?

-Түрүүн ярьсан гээгдэх эгшгийн дүрэм дээр нэлээд маргасан. Халх аялгууг баримталсан гэж би түрүүн танд тайлбарласан болохоор давтаад яахав. Өмнөд Монгол, Буриадын олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 1957 онд хийсэн юм. Тэр хурлын үеэр эрдэмтэд шүүмжилж байсан л даа. Энэ мэт олон эсэргүүцэл, шүүмжлэлийг Ц.Дамдинсүрэн гуай авиа зүйн зарчмаа хатуу бариад давж гарсан. Тавиад жил шүүмжилж байна даа. Шинээр дүрэм зохиогоод гаргаад ир гэхээр чаддаггүй юм. Тийм учраас Ц.Дамдинсүрэн гуайн бүтээл өнөөг хүртэл үнэ цэнээ алдалгүй ашиглагдаад явж байгаа.

-Зөв бичгийн дүрмийн талаарх мэргэжлийн маргаан цэгцэрсний дараа толь бичиг гаргах ажил эхэлсэн үү?

-Тэгсэн. 1950-иад он гэхэд бичиг мэдэхгүй хүн бараг арилжээ гэж дүгнэсэн байдаг юм. 1951 онд “Үсгийн дүрмийн зөв бичих толь”-ийг Ц.Дамдинсүрэн, Я.Цэвэл нар гаргасан. Үүнээс хойш гэвэл 1983 онд зөв бичих дүрмийн толийг зохион гаргасан байдаг.

-Хамгийн сүүлд зөв бичгийн дүрмийн толийг 1983 онд гаргаснаас хойш сая л шинэчилжээ дээ?

-1986 онд хэвлэсэн толио мөрдөхгүй, хүн хүн дур дураараа бичиж замбараагүйжсэн болохоос биш, уг толийг мөрдөж болох л байсан юм. Гэхдээ нийгэм хөдөлгөөн давлагаанд орсон тул шинэ үг хэллэг, нэр томьёо олноор бий болсныг анхаарахгүй байж болохгүй л дээ. Тухайн үндэстний соёлын ертөнцөд төрөлх хэл нь, тэр дундаа зөв бичих соёл давын өмнө хэрэгтэй болдог тул зөв бичих толийг ойр ойрхон засаж, шинэчилж байдаг нь зүй ёсны ажил. Иймээс Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс эрхлэн “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг өнгөрсөн онд хэвлэн гаргасан юм.

-Та ярилцлагын эхэнд шинэ толийн гол ялгаа нь үгийн тооны зөрүү гэсэн. Бага сага өөрчлөлтийнх нь тухай хоёулаа сая ярилаа. Шинэ тольд өөр ямар онцлог байгаа вэ?

-Улс үндэстэн, ястны нэрийн битүү үеийн балархай эгшгийг гээж бичихгүй гэж тогтлоо. Түмэдийн, ойрадын гэж бичнэ гэсэн үг. Мөн хамаатуулах утга бүхий “-хь, хи” дагаврыг “-х” гэж журамласан. Харин “тав дахь өдөр, ес дэх үе” гэвэл эр үгэнд зөөлний тэмдэгтэй, эм үгэнд зөөлний тэмдэггүй бичихээр тогтлоо. Үүнээс гадна ихэвчлэн алдаж бичдэг үгсийг тухай тухайд нь зөв буруугаар ялган тэмдэглэж,товч тайлбарыг хавсаргаснаараа онцлог. Мөн гадаад үгийн толийг нэрийн тийн ялгалын нөхцөлөөр хувилган орууллаа. Дараагийн онцлог нь жинхэнэ нэр ба үйл үгийн хувиллын жишээг үлгэр болгож оруулсан явдал. Нийслэл, аймаг, сум дүүргийн нэр, дипломат харилцаатай улс орнуудын нэрийг нэгэн мөр болгон журамласнаас гадна үг болгоныг кодолж, товч тайлбар хадсан нь энэ удаагийн толийн онцлог.

-Шинэ журамласан толийг зохиоход хэчнээн хүн оролцсон бэ?

-ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС, ХБҮЗ, “Хүмүүн бичиг” сонин зэрэг байгууллагаас 26-27 хүн оролцлоо.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Алгаа: Өмч хувьчлалаар хөлжсөн бүлэглэлүүд уул уурхай руу орох арга хайсан үеэс өнөөдрийн муу муухай эхэлсэн

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан, Далд уурхайн үндэсний олборлогч (UNS) компанийн зөвлөх Н.Алгаатай ярилцлаа.


-Лиценз хурааж авч, цуцлах нөхцөлүүд нэмэгдээд байгаа гэсэн шүүмжлэл бий. Үнэхээр тэгээд байна уу?

-Үнэн л дээ. 1997 онд гурван нөхцөлөөр лиценз хураах хууль үйлчилж байсан. Нэгдүгээрт, тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол цуцална гэсэн заалт байлаа. Хоёрдугаарт, тухайн аж ахуйн нэгж эрх зүйн чадамжгүй болсон буюу дампуурсан гэх мэт тохиолдолд цуцлах заалт үйлчилдэг байсан юм. Гуравдугаарт, тусгай зөвшөөрөлд хамрагдаж буй талбайг нийтийн эрх ашгийн үүднээс төр тусгай хэрэгцээнд авахаар бол олон улсын жишигт нийцсэн арга, аргачлалаар, нөхөн олговор олгосны дараа цуцлах үндэслэл байсан л даа. 2006 онд хоёр нөхцөл нэмэгдсэн. Хайгуулын ажлын зардлын доод хэмжээ гээд га тутамд заавал ийм хэмжээний мөнгө гаргана гээд хуульчилснаас үүдэлтэй нөхцөл нэмэгдсэн. Тодруулж хэлбэл гаргасан зардлынхаа хэмжээг нотолж чадахгүй бол цуцална гэсэн нөхцөл хуульд туссан. Нэмэгдсэн хоёр дахь нөхцөл нь байгаль орчинтой хамаатай. Үнэхээр нөхөн сэргээлт хийгээгүй нь мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтээр нотлогдсон бол цуцална гэсэн нөхцөл нэмэгдсэн. Сүүлд оруулсан өөрчлөлтийн тухайд лицензийн наймаа их явагдаж боллоо, явагдаж буй наймаанаас болж татвар төлөгдөхгүй байна гэсэн агуулгаар хийсэн юм билээ. Лицензийг хуульд наймаалсан гэдэггүй, эрх шилжүүлнэ гэж тодорхойлдог. Татварын хуулиар эрх шилжүүлбэл тодорхой хувийн татвар төлөх заалт бий. Компаниуд ашигт малтмалын тухай хуулиар хандаж, татварынхан эрх шилжүүлсэн гэсэн талаас нь харж татвар дээр маргаан гардаг юм. Энэ бүх байдал татвар төлөгдөхгүй байна гэсэн дүгнэлтэд хүргэсэн хэрэг л дээ. Эрх шилжүүлсэн гэдэг талаас нь татвар авна гэсэн өөрчлөлт татварын тухай хуульд орчихсон, яг тэр заалттай хамт үүнийгээ төлөхгүй бол лиценз цуцална гэсэн заалт Ашигт малтмалын тухай хуульд орсон байна.

-Энэ заалтыг уул уурхайнхан мэдээгүй явсаар өнөөг хүрсэн, төсвийн хуулийг батлах үеэр олон нийтийн хэлэлцүүлэг энэ тэргүйгээр баталчихсан гэж ярьж байна. Жишээ нь, та ийм өөрчлөлт хуульд туссаныг мэдэж байсан уу?

-Мэдээгүй. Салхит дээр болсон үйл явдлын үеэр л мэдлээ. Төсвийн тухай хууль баталж байхад төсөвтэй хамаатайгаар маш их хуулийн өөрчлөлт орж ирдэг л дээ. Хэлэлцүүлэг бараг өрнөдөггүй. Ерөөсөө жилийн жилд тэгж явсаар өнөөг хүрсэн.

Уснаас татвар авах өөрчлөлтийг гэхэд л усны тухай хуульд яг ингэж яаралтайгаар ямар ч хэлэлцүүлэггүйгээр суулгаад баталчихдаг. Энэ мэт олон жишээ бий. Татвар, хураамж, төлбөртэй холбоотой иймэрхүү өөрчлөлтийг үеийн үед ийм маягаар хийсээр ирсэн. Таны асуугаад байгаа Ашигт малтмалын хуульд тусгасан өөрчлөлт эхнийх ч биш, эцсийнх ч биш.

-Татвар, хураамжийн нэмэгдэл, лиценз цуцлах нөхцөлийг нэмэх гэх мэт хувийн хэвшилд эрсдэл үүрүүлэхээр заалтуудыг төсвийн хэлэлцүүлгийн үеэр олны анхаарлаас хол байдлаар хуульд тусгах нь зөв жишиг биш л дээ. Шуудхан хэлэхэд гишүүд тойргийн, хувийн эрх ашгаасаа болж алдагдалтай баталсан төсвийг нөхөх заль болгочихсон юм биш үү?

-Шууд тэгж хэлэхэд бас хэцүү. Гэхдээ хэрэглэж байгаа арга нь буруу. Төсвийн орлогын эх үүсвэрийг бүрдүүлэх алхмууд гэж хардаг байх. Нөгөө талаас бизнесийг зохицуулах гээд байна л даа. Лиценз ихээр олголоо гэж яриад байна аа даа.Үнэхээр лиценз ихээр олголоо, лицензийн наймаа замбараагаа алдлаа гэж харж байгаа бол хураамжийг нь л нэмээд явчих ёстой. Тэгвэл өнөө яриад байгаа асуудал нь аяндаа цэгцэрнэ. Харамсалтай нь төр засгаас эдийн засгийн ийм арга хэрэглэхгүй юм. Шууд захиргааны арга сонгоод байна.

-Бүхнийг төр зохицуулах ёстой гэсэн өнгөрсөн нийгмийн сэтгэлгээ арилахгүй байна аа даа…?

-Тэгж ойлгож, харахаас аргагүй алхам хийгээд байна. Лицензийн хураамжийг нэмээд байх тусам хууль бус элдэв үзэгдэл арилдаг, энэ бол зах зээлийн батлагдсан хууль. Шийдвэр гаргагчид үүнийг олж харахгүй байна л даа.

-Олж харж чадахгүй байна гэдэг юу л бол. Тэгэхийг хүсэхгүй байгаа юм биш үү?

-Магадгүй. Тийм тал ч бий байх.

-МАК-ийн хууль бусаар авсан лицензүүдийг хураана гэсэн утгатай мэдэгдлийг Ерөнхий сайд хийчихлээ. Зах зээлийн эдийн засаг талаас нь харвал толгой дохиж дагахаар хандлага мөн үү?

-Яаж ч бодсон зөв харагдахгүй. МАК-ийн Цагаан суваргын хувьд хөдөлгөх гэж арваад жил болж байна. Эхний гурван жилд нь төр засгийн шийдвэрээс болж гацсан. Цагаан суваргын ордыг стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад оруулна гээд гурван жил болсон юм. Миний сонирхсон мэдээллээр бол тэр хүртэл МАК-ийнхан их зүйл хийсэн, бүтээсэн байсан. Европоос санхүүжилт татсан, зарим газарт тоног төхөөрөмжөө захиалчихсан, ТЭЗҮ-ээ боловсруулж, техникийн зураг төслөө хийчихсэн байсан. Яг тэр үед нь төр стратегийн ордод багтаана гэсэн мэдээлэл цацагдсан. Санхүүжилт нь зогссон шалтгаан ердөө энэ. Баяжих, ашиг олох нь бүү хэл модоо барихдаа дөхсөн шүү дээ. Тийм хүнд нөхцөлд нүүрснийхээ бизнесийн ачаар тогтсон байх. Гурван жилийн дараа Цагаан суваргыг стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад багтаасан. Тэр хүртэл тухайн ордод оруулсан мөнгийг нь төрөөс гаргаж чадахгүй учраас УИХ “Цаашдаа өөрсдөө хэрэгжүүл” гэсэн шийдвэр гаргасан шүү дээ. Цагаан суваргыг хууль бусаар авсан гэхэд хэцүү. Тухайн үед үйлчилж байсан хуулийн дагуу авсан орд гэж хардаг. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул нь хийгдсэн орд гэсэн асуудал их яригддаг. Цагаан суварга дээр МАК нөөц өсгөх гэж их хэмжээний нэмэлт хайгуул хийсэн. Хөрөнгө оруулалт босгохын тулд геологийн тайлангаа олон улсын стандартаар хийлгэсэн. Олон улсын стандартаар нөөцөө батлуулсан. Ер нь хувийн хөрөнгө оруулагчид өмнө нь хэн нэг этгээдийн хийсэн хайгуулыг заавал нотолж шалгаж, мөнгө төгрөг зарцуулж олон улсын стандартаар нөөцийг нь тогтоолгож итгэл үнэмшилтэй болдог. Эрсдэлийг нь өөрсдөө үүрэх учраас ингэхээс аргагүй. Тэр дундаа уул уурхайн бизнес маш өндөр эрсдэлтэй. Ийм тов тодорхой асуудлыг улс төр болгоод байна л даа. Төрийн бодлого гэхээс илүү хувь хүмүүсийн амбиц юм уу даа гэж хараад байна.

-Та МУУҮА-ийн удирдлагад олон жил ажилласан, хөрөнгө оруулагчидтай нүүр тулж явсан голлох хүмүүсийн нэг. Ерөнхий сайд нь нэг компанийнхаа лицензийг хурааж авна гэх агуулгатай мэдэгдэл хийсэн тохиолдолд манай улсад бизнес хийхээр ажиглаж суугаа хөрөнгө оруулагчдад ямар сэтгэгдэл төрөх бол?

-Венесуэл, Боливийн араас явж байна гэсэн дүгнэлт хийгээд, аль хүртэл явах нь вэ гэж ажиглаад сууж байгаа. Үнэнийг хэлэхэд 2011 оноос хойш долоо, найман жил хайгуулын ажил ор тас зогслоо. Гадаадын хөрөнгө оруулагчид хоёр зүйлд л хөрөнгө гаргаж байгаа. Хөрөнгийн биржид бүртгэлтэй жуниор компаниуд эрсдэл үүрээд орд нээхийн төлөө явдаг. Том хөрөнгө оруулагчид өнөөдүүлийн нээж буй ордын их, багыг ажиглаад сууж байдаг. Жижгүүд нь эрсдэл үүрээд орд хайдаг, том орд олчихвол томчууд нь худалдаж авч төсөл болгож хэрэгжүүлдэг жишиг дэлхийд хөдөлмөрийн хуваарь маягтай тогтчихсон. Ийм төрлийн хөрөнгө оруулалт татах боломж одоогоор алга. Хайгуул зогсчихсон учраас. Яг өнөөдөр Монголд хөрөнгө оруулъя гэвэл том Таван толгойгоос өөр онцлохоор төсөл алга. Том хөрөнгө оруулагчдын хувьд сонирхох төсөл ганцхан л байна гэсэн үг.

-Салхитад болсон тусгай ажиллагаа дахиад болохгүй гэх баталгаа алга. Хуулиа дагаж байна, хуульд тийм заалт бий гэсэн тайлбар хийгээд явах нь тодорхой болчихож. Энэ тохиолдолд нөгөө ажиглаад суугаа хөрөнгө оруулагчид дараагийн Венесуэл байна гээд бүрмөсөн нуруугаа харуулах нь ээ?

-Нэг талаасаа тийм гэж хэлж болно. Шинэ хөрөнгө оруулагчдын тухайд Монгол руу алхах нь бүү хэл зүглэхийг хүсэхгүй. Тийм нөхцөл байдлыг нь бид аль хэдийнэ бий болгочихсон. Ажиглаж суугаа нь Монголын нөхцөл байдлыг ойлгодог цөөхөн хэдэн хөрөнгө оруулагч. Монголд урт хугацаанд ажиллах гэж байгаа хөрөнгө оруулагчдад олон эрсдэл ажиглагдаж байгаа. Засгийн газрыг үнэхээр ноцтой байдалд хүрсэн учраас ийм шийдвэр гаргажээ гэдгийг тэдний зарим нь ойлгоно. Гэхдээ Монголд олон жил болж хаширснууд нь л ингэж харна.

-Хайгуулд хөрөнгө оруулалт татахад юу саад болоод байна?

-Хоёр том асуудал бий. Ашигт малтмал хайх талбай гэвэл Монголын газар нутгийн 30 гаруй хувьд л бий. Бусад нь хуулиар хориотой хязгаарласан нутагт хамрагдчихсан. Үүнээс гадна хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийг 2014 онд шинээр олгохыг сэргээх гэж оролдоод өнөөг хүртэл олигтой үр дүнд хүрсэнгүй. Уг нь 2006 оны хуулиар бол өргөдлөөр ч, сонгон шалгаруулалтаар ч болно гэчихсэн. Түрүүн хоёулаа ярьсан даа, төсвийн хэлэлцүүлгийн үеэр Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулсан тухай. Тэр үеэр хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр өгдөг заалтыг хасчихсан. Түүнээс хойш сонгон шалгаруулалтын журмаа гаргаад хийх гэж үзээд барахгүй байна л даа. Дундын аргыг өнөөг хүртэл олоогүй явна. Яг таарсан арга олохгүй бол гацсан хэвээрээ байна. Манай сонгож авсан сонгон шалгаруулалтын арга нь англиар бол тендер. Сонгон шалгаруулалт, дуудлага худалдааны засварын хувилбар. Өөрөөр хэлбэл техникийн чадамжаараа хоёр нөхөр тэнцлээ гэхэд их үнэ өгсөн нь ялах магадлалтай. Тэгш өрсөлдөөнийг мөнгөөр хаасан ийм сонгон шалгаруулалтад өрнөдийнхөн болгоомжтой хандана. Хамгийн боломжтой хөрөнгө оруулагчид нь хятадууд. Мөнгө ихтэй хятадууд монголчуудтай нийлээд сонгон шалгаруулалтад ороод аваад байх бололцоотой. Тийм үүд хаалга нээгдчихсэн байгаа. Сайн жишиг гээд гадны зүйлийг ямар ч мэдлэггүйгээр шууд хуулж авах гэж оролдоод яваа нь бидний зовлон болоод байна.

-Нэг талаар тийм байх. Гэхдээ сайн жишгийг шууд хуулах гэж гэнэн царайлаад байна уу, эсвэл баялгийн дахин хуваарилалт явагдаад байна уу?

-Баялгийн дахин хуваарилалт гэдэг үгийг ямар утгаар нь хэлээд байна?

-Ерээд оны өмч хувьчлалаар хөрөнгөжсөн улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд хүрээгээ улам тэлэх сонирхлоор нэгэнт хувийнхан ороод дажгүй өнгөтэй болгочихсон уул уурхай гэх мэт том мөнгө үнэртсэн салбараа онилчихоод байгаа юм биш үү?

-Таны яриад байгаа дахин хуваарилалт аль 2005 онд эхэлчихсэн шүү дээ. Цэнхэр, ягаан тасалбарын үе дууссанаас үүдэлтэй. Дахиад худалдаж авах юм байхгүй, тэр хүрээнд явуулж байгаа ажил үйлчилгээ гурван сая хүнд хангалттай учраас томорч чадахаа больсон гэх шалтгаан бий. Уул уурхай шиг хэрэггүй юм байхгүй гэсэн хэсэг цэнхэр, ягаан тасалбар худалдаж авч өмч хувьчлалаас бизнесээ эхэлсэн. Гэтэл 1997 оны Ашигт малтмалын хууль маш том боломж нээгээд өгчихсөн. Тухайн үед лицензийг 50 мянган төгрөг төлсөн л бол хувь хүн авч болдог байлаа. Монголчууд олноороо тусгай зөвшөөрөл авсан. Тэгш байдал хангагдсан. Түрүүлж ирсэн нь авдаг болсон. Олон тусгай зөвшөөрөл авлаа гээд мөнгөгүй монголчууд хайгуул хийж чадахгүй. Ийм асуудал гарч ирсэн л дээ. Энэ тохиолдолд хөрөнгө оруулагч хайж эхлэх нь тодорхой. Лиценз наймаалдаг, хөрөнгө оруулагчидтай холбож өгдөг бизнес дэлгэрсэн. Ийм хүмүүсийг лицензийн ченж гэж нэрлээд хумих ажиллагааг эхлүүлсэн юм. Уг нь лицензийн төлбөрийг нь нэмээд явсан бол зах зээлийн жамаараа хумигдчих байсан л даа. Хүчээр, хуулийн хатуу заалтаар хумьдаг үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.Одоо таны асуулт руу буцаад оръё. Цэнхэр, ягаан тасалбараар хөлжсөн хүмүүс нэг сэхээ ороод хартал уул уурхайд байсан хэсэг төсөөлснөөс нь томорчихгүй юу. Монголчууд ташраараа нэг сул талтай. Гайгүй бизнес хийж яваагаа дагаад шуурчихдаг. Нэгэнт оройтчихсон учраас том мөнгө харагдсан уул уурхайн салбар руу яаж орох вэ гэж бодоод эхэлнэ ээ дээ. Тэр үеэс л өнөөдрийн муу муухай эхэлсэн. Стратегийн орд гээд хамаг ордоо төрд авна гэдэг чинь эргээд хамгийн хүнд хэлбэр рүүгээ орж байгаагийн л тод илрэл. Том дохио.

-Цаашдаа энэ янзаараа явбал бид яах бол?

-Венесуэлийн араас л явна.

-Уул уурхайн ордыг төрд авчихвал та нарт л хэрэгтэй, өгөөжийг нь та нар хүртэнэ гэсэн тайлбар мэдэгдлийг засаг зүгээс давтамжтай өгөх боллоо.Венесуэлийг хямраасан Мадуро төрийн эрхэнд гарчихаад газрын тосны ордуудаа төрд аваад яг ийм агуулгатай үгийг иргэддээ хэлж байсан. Венесуэлийн хямралын эхлэл манайд илэрч эхэллээ гэвэл арай сүржин тайлбар болох уу, эсвэл тэгж эмзэглэхээр бодит нөхцөл бүрдчихэв үү?

-Эхэлж байна гэж харах бүрэн үндэстэй. Популистууд Үндсэн хуулийн 6.2-т туссан газрын хэвлий дэх байгалийн баялаг төрийн өмч гэсэн заалтыг буруугаар ойлгуулж байна л даа. Гэтэл Ашигт малтмалын хуульд байгалийн байдлаараа байгаа ашигт малтмал төрийн өмч гэсэн утгатай заалт бий. Тэгэхээр төр өмчийн эзний хувьд Ашигт малтмалын тухай хуульд заасан хугацаа, болзол, нөхцөлөөр ашигт малтмал хайх, олборлох эрхийг бусдад олгох эрхтэй. Тодруулж хэлбэл хайх, олборлох эрх гэдэг нь өмчлөх эрх биш. Ганц стратегийн ч биш, Монголд байгаа ашигт малтмалын орд нь өөрөө бүгд төрийн өмч хэвээрээ. Өмчлөлийн асуудал юунд байгаа нь маш тодорхой. Тухайн ордыг олборлохоор байгуулагдсан компанийн өмчлөлийн асуудлыг байгалийн баялгийн өмчлөлийн асуудалтай хольж хутгаад байна. Аль нэг ордыг хайж, олборлохын тулд тодорхой компаниуд байх ёстой. Төр өмчийн эзэн учраас хайх, олборлох зөвшөөрөл өгч, яаж ажиллах хүрээ хязгаарыг нь тогтоож, татвараа авч байгаа. Улсын төсвийн 30 хувийг уул уурхайгаас бүрдүүлж байна гэж ярьдаг биз дээ. Төр өмчийн эзэн учраас татвараа ингэж авч байгаа хэрэг шүү дээ. Өмчлөгчийн хувьд төр татвараа авдаг ийм дэг 2000 жилийн өмнө тогтсон. Одоо ч хэвээрээ. Ганцхан Америкт л холбооны бус нутаг дээр хувийн өмчийн газар ашигт малтмалыг өмчилж байгаа компани өмчийн эзэн байна гэсэн хууль үйлчилдэг. Японд бас тиймэрхүү хууль бий. Засгийн газар гэх мэт шийдвэр гаргах түвшин дэх улсууд баталж хэрэгжүүлж буй хуулийнхаа утга учрыг ойлгохгүй, үзэл санааг нь ухахгүй, популизмд хөтлөгдөөд байна л даа. Ер нь хүний мэдлэг, хандлагыг өөрчилнө гэдэг их урт хугацааны процесс юм байна.

-Бизнесийнхэн нэгдээд эрх ашгаа хамгаалах тал дээр хэт идэвхгүй байх шиг анзаарагддаг. Та үүнийг хүлээн зөвшөөрөх үү?

-Нэгдэх оролдлого олон гарсан. Хүмүүс нэг түвшний ойлголт, мэдлэгтэй болоогүй нөхцөлд худлаа юм билээ. Нам төрийн дээр гарсан учраас нам гэж ярья. Намын тухайд үзэл санааны нэгдэл биш ашиг сонирхлын нэгдэл болчихлоо л доо. Бүлэглэлийн эрх ашиг сонирхол намаар дамжиж төрийн бодлогод тусч байна. Төр засгийн бодлого нь холбоодыг хуваагдах нөхцөл байдал руу оруулдаг. Урт нэртэй хууль гээд баталчихаар Алт олборлогчдын холбоо өнөөдүүлээсээ салаад урт нэрттэйгээ зууралдахаас аргагүйд хүрдэг. Энэ мэт өчнөөн жишээ бий. Төрийн гаргасан урагшгүй бодлого шийдвэрээс болж холбоод нэгдэж чадахгүй, өмнөх асуудал зовлонтойгоо тэмцээд өнөөг хүрлээ л дээ. Төрийн бус байгууллагын хуулийг өөрчилье гээд яриад байгаа нь үүнтэй холбоотой. Өнөөдөр манайд үйлчилж буй Төрийн бус байгууллагын хууль гэсэн нэрийн дор нийгэмд үйлчилдэг иргэний нийгмийн байгуулагууд, бизнест үйлчилдэг бизнесийн холбоод, хувь гишүүнд үйлчилдэг мэргэжлийн холбоод ажиллаж байна. Гурвуулаа улс төрийн нам шиг ажиллаж байна.

-Ямар утгаараа?

-Дандаа бодлого ярьж явдаг гэсэн агуулгаар нь хэлсэн юм. Уг нь бизнесийн холбоо тухайн бизнесүүдийг хуульд нийцэж ажиллахад анхаарч, эрх ашгийг нь хамгаалахын төлөө ажиллах учиртай. Чөлөөт ахмадын холбоо гэчихээд улстөр рүү харайгаад байж болохгүй л дээ. Баабарын тоолсноор арваад мянган ТББ ажилладаг гээд байгаа. Идэвхтэй ажилладаг нь цөөхөн. Биенээсээ ялгарахгүй, хэн нь юу хэлж нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхөө мэдэхгүй, дүрэм нь их муу, ямар ч шалгуургүй байхаар үр өгөөж хүлээхэд хэцүү.

Ц.БААСАНСҮРЭН