Categories
мэдээ нийгэм

“Газар чөлөөлөлтийн ажил” шилдэг ажил боллоо

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийслэл, дүүргийн газрын албаны дарга нарын ээлжит зөвлөгөөн энэ өдрүүдэд болж байна.

Зөвлөгөөнд газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн салбарын хэмжээнд 2018 онд хэрэгжсэн төсөл, хөтөлбөр, арга хэмжээний тайлан, 2019 онд хэрэгжүүлэх гол үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна.

Зөвлөгөөний үеэр идэвхи санаачлага, үр бүтээлтэй ажиллан 2018 оны ажлын үр дүнгээр тэргүүлсэн аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрууд, шилдэг менежер, шилдэг мэргэжилтэн, шилдэг даамлуудыг шалгарууллаа.

Шилдэг байгууллагаар Дундговь, Архангай, Хэнтий аймгуудийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрууд шалгарсан бол “Шилдэг ажил”-аар нийслэлийн Газрын албаны хийж хэрэгжүүлсэн “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд иргэдийн эрүүл, тав тухтай, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хэрэгжүүлсэн “Газар чөлөөлөлтийн ажил” болон Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, чирэгдэлгүй бөгөөд ил тод, нээлттэй үзүүлэх зорилтын дагуу хэрэгжүүлсэн “Иргэдэд зориулсан ухаалаг Цахим бүтээгдэхүүн апликейшн” тус тус шалгарлаа.

Мөн “Шилдэг менежер”-ээр нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, Дундговь аймгийн ГХБХБГ-ын дарга Э.Чагнаадорж, “Шилдэг мэргэжилтэн”-гээр Сүхбаатар дүүргийн газрын албаны ахлах мэргэжилтэн Э.Түвшинбаяр, Сэлэнгэ аймгийн ГХБХБГ-ын ГЗБТөлөвлөлт, газар өмчлөлийн асуудал хариуцсан мэргэжилтэн А.Алтанцэцэг, “Шилдэг газрын даамал”-аар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Газрын даамал Мөнхжаргал, Хэнтий аймгийн Дадал сумын Газрын даамал Х.Саранчимэг болон Увс аймгийн Өмнөговь сумын Газрын даамал Ц.Пүрэвсүрэн нар тус тус шалгарлаа.

Categories
мэдээ нийгэм

13 настай охиныг хохироосон этгээдүүдийн давж заалдах шатны шүүх хурал хойшлов

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байрлах “Очир” төвийн зочид буудлын өрөөнд өнгөрөгч 2017 оны наймдугаар сарын 22- 23-нд шилжих шөнө 13 настай охин амиа алдсан. Уг хэрэгт Д.Жавхлан, М.Амарболд нарыг сэжиглэн шалгасан.

Улмаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр М.Амарболд, Д.Жавхлан нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж, бүх насаар нь хорих ял шийтгэсэн билээ.

Уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Амарболд, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, шүүгдэгч Д.Жавхлан, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, нар тус тус давж заалдах гомдол гаргасан бөгөөд Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн шүүхэд боллоо. Хохирогчийн өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралд ирээгүй шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулжээ.

Талийгаач охины аав Т.Лхагвасүрэн “Юу хийсэн гэж давж заалдаад ажил, амьдралд минь гай болоод байгаа хүмүүс вэ. Хүний сэтгэлийн шархыг хөндөөд хэцүү хорвоо вэ” хэмээн цахим хуудсандаа нийтэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Гранд мастер тэмцээнээс Өмнөговийн тамирчид есөн медаль хүртжээ

2019 оны Улсын аварга шалгаруулах Самбо бөхийн гранд мастер тэмцээнээс Өмнөговь аймгийн тамирчид 1 алт, 5 мөнгө, 3 хүрэл нийт 9 медаль хүртэж багийн амжилтаар дөрөвдүгээр байрт орсон байна.

45-49 насны 84 кг төрөлд С.Баярсайхан Алтан медаль
50-55 насны -100 кг төрөлд Ш.Баттулга Мөнгөн медаль
45-49 насны 84 кг төрөлд Б.Баттөр Мөнгөн медаль
45-49 насны +100кг төрөлд Ш.Азжаргал Мөнгөн медаль
Эмэгтэй 35-40 насны +80кг төрөлд Н.Алтанцэцэг Мөнгөн медаль
35-40 насны -80кг төрөлд Д.Баяртуяа мөнгөн медаль
50-55 насны +100кг төрөлд Б.Баянмөнх Хүрэл медаль
35-39 насны 90кг төрөлд Г.Энхэрдэнэ Хүрэл медаль
35-39 насны 76кг төрөлд Ц.Ганзориг Хүрэл медаль
тус тус хүртлээ.
Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймаг 2019 оныг хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил болгон зарлалаа

“Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил”-ийн нээлтийн арга хэмжээг нэгдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн боловч орон нутагт гарсан H1N1 вирусын гаралттай холбоотойгоор хойшлуулсан билээ.

Тус арга хэмжээг хоёрдугаар сарын 27, 28, гуравдугаар сарын 01-ний өдрүүдэд Даланзадгад суманд зохион байгуулж, аймгийн аварга шалгаруулах “Тэмээний уралдаан”, “Малчдын зөвлөгөөн”, “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд малчдын оролцоо” бизнес экспо зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар бэлтгэл байдлыг хангаж байна.
Categories
мэдээ нийгэм

“Номоо солилцъё” бичил номын сангийн тавиурыг байрлууллаа

”Номоо солилцъё” бичил номын сангийн үйл ажиллагааг 2019 оны нэгдүгээр сараас НИТХ, НЗДТГ, нийслэлийн Соёл, урлагийн газар, нийслэлийн Боловсролын газар, Д.Нацагдоржийн нэрэмжит хотын төв номын сан, “JCI Grand” зэрэг байгууллагуудтай хамтран НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооноос санаачилсан “Уншлагыг дэмжих 2021” хөтөлбөр болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийн #4 Чанартай боловсролыг дэмжих зорилгын хүрээнд хэрэгжүүлэн ажиллаж байна.

Төслийн дараагийн номын тавиурыг 2019 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт”-ийн байранд байрлуулж, хүлээлгэн өглөө.

Энэхүү ажиллагаанд Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга, JCI Grand салбар байгууллагын 2019 оны Eрөнхийлөгч Ж.Дамдинцэрэн, “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт”-ийн захирал Д.Сүрэнчимэг болон институтийн ажилчид, Нийслэлийн Боловсролын газрын хамт олон оролцлоо.

Бичил номын санг EБС, Их дээд сургуулиуд, Төрийн байгууллага, хувийн хэвшил, эмнэлэг, цэцэрлэгүүдэд байрлуулах бөгөөд зөвхөн төрийн оролцоотой бус төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд энэхүү төсөл цаашид үргэлжлэх юм.

Өөрөө өөртөө үйлчлэх бичил номын санг тодорхой цэгүүдэд байршуулснаар хувь хүн, гэр бүл, байгууллага, хамт олны ном унших дадал зуршлыг нэмэгдүүлэх, өөрийнхөө уншсан номыг бусдад уншуулах, нийтээрээ номонд хайртай байх, эерэг хандлагыг бий болгох зорилготой юм.

“Номоо солилцъё” төслийн дүрэм энгийн бөгөөд нэг ном өгөөд нэг ном авах юм. Та бүхэн бичил номын сангаар үйлчлүүлэхийг уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

Зорчигч тээврийн компаниудын төлөөлөл, жолооч нартай уулзав

Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Мэргэжлийн хяналтын газар, Автотээврийн төв, Замын цагдаагийн тасгийн удирдлагууд болон нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Газрын Од”, “Цэнгэл-Транс” компаниудын төлөөлөл, жолооч нар хамтран уулзалт зохион байгуулав.

Уулзалтаар “Газрын Од”, “Цэнгэл-Транс” компанийн зорчигч тээврийн автобусны жолооч нар автобусандаа илүү ачаа ачиж тээвэрлэдэг зөрчлийг арилгуулах, хууль бусаар ачаа тээвэрлэсэн тохиолдолд эрхийг нь түдгэлзүүлэх талаар шийдвэр гаргажээ. Мөн автобусаар зорчигчдод ачааны зөвшөөрөгдөх хэмжээг хэтрүүлэхгүй байхыг сануулж байхаар болсон байна.

Categories
мэдээ нийгэм

“УЛААНБААТАРЫН ӨВЛИЙН НААДАМ 2019″ энэ амралтын өдрүүдэд болно

Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг хоёрдугаар сарын 16-17-ны амралтын өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд зохион байгуулна.

Улаанбаатарын өвлийн наадам нь гадаад дотоодын жуулчдад Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг ард иргэдэд сурталчлах, жилийн дөрвөн улиралтай Улаанбаатар хотдоо өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ач холбогдолтой юм.

Тус наадмын үеэр

  • Мөсөн сурын харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн
  • Мөсний шагайн харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн

Орчин үеийн спортууд болох

  • Снөүбоардын улсын аварга шалгаруулах тэмцээн
  • Цана, Параглайдинг болон Рагбигийн Улаанбаатар хотын аварга
  • үндэсний урлагийн тоглолт
  • шувуулахуй болон махчин шувуудын танин мэдэхүйн хөтөлбөр
  • дөрвөн дугуйт мотоцикл, нохой чарга, мөсөн хананд авиралт
  • гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн зохион байгуулагдана
  • хоол ундны үйлчилгээ
  • Ulaanbaatar City Tour буюу хотын аяллын автобусаар иргэдэд үнэгүй үйлчилнэ

Тэмцээнүүдэд дотоодын 800, гадаадын 40 тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорино. Үүнээс ОХУ-ын Буриад Улсаас 10, Тува Улсаас 10, БНХАУ-ын ӨМӨЗО-оос 20 сур харваачид хүрэлцэн ирнэ.

Арга хэмжээний үеэр ОХУ-ын АИСТ ТВ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Монгол Одон телевизийн сурвалжлах баг хүрэлцэн ирж Монголын үндэстний ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг хөрш хоёр оронд сурталчилна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  1. Мөсөн сурын харвааны УАШТ- Монголын мөсөн сурын холбоо, 13 аймаг, 7 дүүрэг, 5 спорт хороодын нийт 300 гаруй тамирчид
  2. Мөсний шагайн харвааны УАШТ – Монголын Үндэсний мөсний шагайн холбоо, 8 аймгийн нийт 300 гаруй тамирчид
  3. Параглайдингийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн – 20 гаруй тамирчид
  4. Цанын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн – 70 гаруй тамирчид
  5. Снөүбоардын УАШТ – 60 гаруй тамирчид
  6. Рагбигийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн – 20 багийн 170 гаруй тамирчид
Categories
энтертаймент-ертөнц

“Frozen-2” хүүхэлдэйн киноны трэйлер цацагдлаа

Walt Disney Animation Studio-ийн 2013 оны шилдэг бүтээл Frozen хүүхэлдэйн киноны 2 дугаар ангийн трэйлер албан ёсоор цацагдлаа. Эхний бүтээлийн найруулагчаар Крис Бак, Женнифер Лий нар ажилласан бөгөөд нийт 876 сая ам.долларын ашиг олж, Оскараас Шилдэг анимэйшн, Шилдэг дууны төрөлд Let It Go дуу нь ялагч болсон билээ. Ханс Кристиан Андерсоны Мөсөн хатан үлгэрээс сэдэвлэн бүтээсэн Frozen хүүхэлдэйн киноны гол өгүүлэмж нь Элзаг найз залуутай болгох гэж зарим хэвлэлүүдэд бичжээ. Frozen 2 хүүхэлдэйн кино энэ оны арваннэгдүгээр сарын 22-нд АНУ, Их Британид нээлтээ хийх бол 26-нд нь Австралид нээлтээ хийхээр товложээ.

Categories
мэдээ спорт

Снөүбоардын улсын аваргыг шалгаруулна

Өвлийн олимпийн спортын нэг төрөл Снөүборд нь зориулалтын тавцан ашиглан зассан зам бүхий ресортод гулгахаас гадна мөнх цаст ууланд, элсэн дээр хүртэл гулгадаг спорт юм.

Снөүбоардын хувцас хэрэгсэл болох каск, нүдний шил нь хамгаалалтын хэрэгсэл болдог ба хүрэм, өмд зэрэг нь салхи нэвтрүүлэхгүй материалаар хийгдсэн биед эвтэйхэн дулаан байлгадаг тул заавал зориулагдсан хувцас хэрэгслийг хэрэглэдэг байна.

Монгол Улсад хөгжөөд арав гаруй жил болж байгаа ч жил ирэх тусам энэ спортод дурлан хичээллэгсдийн тоо нэмэгдсээр байна. Эрэгтэй эмэгтэй гэх хүйсийн ялгаа байхгүй ба хэдий чинээ бага насандаа хичээллэнэ төдий хэмжээнд сайжирч, төрөл бүрийн үсрэлт техник шаардсан гулгалтуудыг амархан сурдгаараа онцлогтой.

Монголын мэргэжлийн снөүбоардын холбоо 2010 оноос Снөүбоардын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ амралтын өдрүүдэд “Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд арав дахь улсын аваргаа шалгаруулна.

Categories
мэдээ нийгэм

Хоолонд хордсон иргэд ХӨСҮТ-д эмчлүүлж байна гэв

KFC сүлжээний хоолонд хордсон иргэд Халдварт өвчин судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа гэх мэдээлэл гарчээ. Тодруулбал, KFC сүлжээний Зайсан дахь салбараар энэ сарын 9, 10, 11-нд үйлчлүүлж “Найзууд” багцыг идсэн болон захиалж авсан хүмүүс хордсон талаар эх сурвалж мэдээлэв. Энэ талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс тодруулахад “Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Ажлын хэсэг гараад тандалт, судалгаа хийж байна. Асуудал тодорхой болохоор мэдээлнэ” гэсэн юм.

Бид энэ талаар KFC рестораны Зайсан дахь салбарт хандсан боловч “Дотоод ажилтай учраас ажиллахгүй байгаа” гэсэн хариу өглөө.

KFC сүлжээ ресторан нь дэлхийн 120 гаруй улс оронд үйл ажиллагаа явуулдаг. Монгол дахь KFC сүлжээ ресторан нь 2013 оны тавдугаар сард нээгдэж, одоо нийт 11 салбар үйлчилж байгаа аж.

Б.УРАН