Categories
мэдээ цаг-үе

“Сити” сургуулийн шилдэг ангийнхан

1990-ээд оны сүүл, зах зээлийн ороо бусгаа цагт Монголжингоо нэртэйгээр байгуулагдаж байсан жижигхэн сургууль өнөөдөр урлаг уран сайхан, маркетинг менежмэнт, бизнесийн салбарт чадалтай боловсон хүчин бэлтгэдэг том их сургууль болжээ.

“Сити” их сургууль нэртэйгээр үйл ажиллагаа явуулж буй энэ их айлыг 2016 онд төгссөн Бизнесийн удирдлагын сургуулийн хамт олныг “Нэг ангийнхан” буландаа онцоллоо.

2012 оны намар Бизнесийн сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхмийн нягтлан бодох бүртгэл, олон улсын худалдааны менежмент, үйлдвэрлэлийн менежмент, маркетингийн менежментийн ангид 80 орчим хүүхэд элсч байжээ. Банк санхүүгийн салбарт цахиур хагалах хэтийн зорилготой охид хөвгүүдийг дэд профессор Б.Алтантовч багш хүлээн авч их эрдэмд сурах үйлст нь зүглүүлэхээр томилогдсон аж.

Юу сурч хаа хүрэх ёстойгоо бүрэн ухамсарлаж, гүйцэд төлөвшсөн хүүхдүүд нэг ангид орж ирсэн талаар ангийн багш нь ярьж байв. Спорт, урлаг болоод мэргэжлийн ур чадвартай, улсын томоохон сургуулиудтай эн тэнцүү өрсөлддөг авьяаслаг санхүүчид энэ ангид цуглаж дурсамж дүүрэн дөрвөн жилийг өнгөрүүлжээ.

Сити сургуулийн урлагийн наадам гэж нүсэр юм болно. Бизнесийн сургуулийнхан мэргэжлийн бус гээд хойшоо сууна гэж хэзээ ч үгүй, нийгмийн идэвх сайтай. М.Чингүнжав гитар хөгжмөөр ямар ч аяыг эвлэгхэн тоглочихдог. Харин Э.Энхмөнх нь тааруухан халтуурын дуучнаас дутахгүй. Задгай чөлөөтэй сэтгэдэг хэд нь урлагийн номер бэлдээд тайз дэлгэц, театрын ангийнхантайгаа урлагийн наадамд өрсөлдөхөд хол хоцордоггүй байжээ.

Харин спортод бол энэ ангийнхан сургуульдаа бусдаасаа хол тасархай. Улсын их, дээд сургуулийн оюутнуудтай л өгөө аваатай үзнэ. Сургуулиасаа баг бүрдүүлж лигийн тэмцээнд оролцох саналыг С.Барсболд, Ц.Батжаргал захиралдаа тавьснаар оюутны лигт алдартай “Сити” сургуулийн баг бүрдсэн түүхтэй гэнэ. Н.Ганболор дасгалжуулагчтай сургуулийн шигшээ багийн 15 оюутны ес нь Бизнесийн удирдлагын сургуулийн хүүхдүүд байсан гэнэ.Т.Хашхүү, Б.Батбуян, Д.Баярмагнай, А.Сумъяа, Г.Билгүүн, Ч.Энхмөнх, Ө.Хүдэрбат, Ц.Баянмөнх, Ц.Батжаргал С.Барсболд нар их сургуулиа төлөөлж сургуулиудын лигийн тэмцээнд өрсөлдөнө. Оюутны лигт тоглож буй багаа ангиараа очиж дэмжинэ. Спортын төв ордны “А” заалыг нураачих шахам юм болдог байсан талаар ангийн нөхөд нь дурсана лээ. Багийн амжилт гаргахад энэ ангийн хүүхэд бүрийн оролцоо чухал. Талбай дээр гараад бөмбөг залж гүйхгүй ч сургуулиа төлөөлж буй нөхдөө сэтгэлээрээ дэмжинэ. Уух ус, ундаа, халуун хоол цайг нь бэлдээд өгчихдөг байжээ. Хамтын хичээл зүтгэлийн хүчээр Сити их сургуулийн баг 2016 онд оюутны лигийн аварга болж нэгэн шинэ хуудсыг нээжээ. Оюутны лигийн 22 жилийн түүхэнд хувийн хэвшлийн их, дээд сургууль аварга болж байсан удаа үгүй аж. Тэд 2017 болон 2018 онуудад аварга цолоо хамгаалсан байна. Аварга боллоо гэж эдний хамт олон найрлаж архи дарс болж сүржигнэдэггүй нь бусад байгууллагуудаас ялгарах онцлог юм билээ. Сагсан бөмбөгийн хөгжлийн өнөө цагийн өнгийг тодорхойлж буй “Танан гарьд”, “Хасын Хүлэгүүд” зэрэг мэргэжлийн клубүүд оюутны лигийн аварга Сити багаас хэд хэдэн тоглогчдыг эгнээндээ элсүүлжээ. Г.Билгүүн өнөөдөр Танан гарьд багийн бүрэлдэхүүнд Б.Мөнхболд, О.Ууганбаяр нарын шилдгүүдтэй мөр зэрэгцэж дээд лигт өрсөлдөж байна.

Бизнесийн сургуулийнханд “Бид мартахгүй” киноны олны хэсэгт тоглуулах урилга иржээ. Өнөө хэд ч бараг л гол дүр бүтээж дэлгэцэд дүрээ мөнхлөх юм санаж л дээ. Үс зүсээ янзалж, нүүр амаа будахаас өгсүүлээд бөөн л юм болж байж автобусанд дүүрэн чихэж суугаад сургуулийнхаа үүднээс Тусгаар тогтнолын ордон руу хөдөлсөн байна. Очиход найруулагч нь өндөр дуугаар “Чи тийшээ зогс, энд суу” гэж зандраад л сүртэй гэж жигтэйхэн. Уран сайхны киноны зураг авалтад өдөржингөө шахуу оролцсон ангийнхан ч сэтгэл өндөр гэр гэртээ харьцгаасан гэнэ. Хэд хоногийн дараа “Бид мартахгүй” киноны нээлт болж өөрсдийгөө үзэхээр ангийнхан ч бүгдээрээ кино театрыг зорьсон байна. Харамсалтай нь өөрсдийгөө харж амжихгүй байсаар кино өндөрлөжээ.

Харин төгсгөлд нь олон хүний нэр гарахад тус тусын нэрээ олж харснаар гомдлоо багахан ч гэсэн тайлсан байна. Ийнхүү уран сайхны кинонд дүрээ мөнхлөхийг зорьсон ангийнхны хүсэл биелсэн түүх ийм. “Сити” сургуулийн оюутнууд ийм л нийгмийн идэвхтэй. Гэхдээ хичээлээ орхигдуулна гэж үгүй. Улсын чанартай олимпиадуудад тогтмол амжилттай оролцдог байсан гэнэ. Ийм л шилдэг ангийнхнаараа цаг тутам бахархаж явдаг талаараа ангийн нөхөд нь дурссан.

Бизнесийн удирдлагын ангийнхан болохоор ч тэр үү, өлсөхийн зовлон үзэлгүй оюутны дөрвөн жилийг элээсэн байна. 1980-аад оны сүүл үеэр төрсөн нөхөд нь аль хэдийнэ хувийн бизнестэй болж хөл дээр нь босгочихсон, халаасны мөнгөөр тасардаггүй байжээ. Дүү нараа өлсгөнө гэж бараг л үгүй. Дагуулж гараад л хоол аваад өгчихдөг байж. Нягтлангийн ангийнхан ч нарийн тоцоотоотой, мөнгөө бодлоготой зарцуулдаг учраас халаас хоосорно гэж байхгүй. Хэтэвч нимгэрсэн үед нягтлангуудаа дагаад хоолонд ороход ходоодоо борлуулчихаад л гараад ирдэг байж.

Эдний ангийн Т.Анар, Э.Энхтөр нар хичээлийнхээ хажуугаар томоохон ресторанд тогоочоор ажилладаг байсан гэнэ. Хааяа нэг ангийнхан нь очиж хоёр найзыгаа хүндрүүлнэ. Д. Оргил-Эрдэнэ бол ангийг гол нийлүүлэгч, хөгжилтэй зүйл хүүрнэн ярьдагаараа алдартай, ахмад гэж бааварладаг томоохон яриатай том нүдтэй, бие нь жижигхэн ч бэлчээр нь том нэгэн байсан гэнэ.

Энэ ангийн хамт олны өөр нэг хобби нь аялах гэнэ. Ялангуяа М.Чингүнжав, Ч.Батзориг нар бол цэлгэр уудам талтай Монгол орныхоо ихэнх аймгаар байтугай дэлхийн ихэнх орноор аялачихсан юм билээ. Хонхны баяраараа хөвгүүд нь гоёлын хувцастайгаа шахуу Хөвсгөл явж далайн эрэгт ромбо, дипломтой зургаа даруулж байсан сайхан дурсамж тэдэнд бий. “Аялал зугаалгад явахдаа бид рестораны тогоочийн гарын хоол иддэг азтай оюутнууд” гэж ангийн нөхөд нь дурссан юм.

Энэ ангийн М.Дамдинжав, Д.Цэндзэсэм нар гэр бүл болжээ. Өдгөө Хэнтий аймгийн Бор-Өндөр хотын Хаан банкинд гэр бүлээрээ ажилладаг бөгөөд хөөрхөн хүүтэй ч болсон юм байна. Эдний хамт олноос хилийн чанадад мэргэжил дээшлүүлж буй хүүхдүүд олон. Т.Анар Швейцарьт, Н.Баяржаргал АНУ-д, Э.Энхтөр Японд, О.Одгэрэл БНХАУ-д тус тус мэргэжил дээшлүүлж байгаа ажээ. Мөн Б.Буян-Ундрах төрөлх сургуульдаа бизнесийн удирдлагын магистрт суралцан эрдмийн зэргээ ахиулж Европын холбооны оюутан солилцооны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж Францийн Ницца хотыг удахгүй зорих гэж байгаа гэнэ.

2012 онд Сити их сургуулийн босгоор алхаж байсан жаахан хүүхдүүд өнөөдөр сайн мэргэжилтнүүд болж тус тусын ажил албаа нэр төртэй гүйцэтгээд явж байгаа аж. Энэ хамт олноос хэд хэдэн залуус арилжааны банкуудад ажилладаг юм байна. Б.Бурмаа “Хаан банк”-нд, Б.Буян-Ундрах “Голомт банк”-ны олон нийттэй харилцах албанд, Б.Уярал “Таван богд” группийн хүний нөөцийн албанд, Б.Батзаяа “Бодь даатгал”-д Б.Бямбахишиг “Монос” группт маркетингийн менежерээр тус тус ажилладаг юм байна. Харин М.Чингүүнжав ИНЕГ-т ажилладаг гэнэ. Н.Янжиндулам мэргэжлээ сольж “Стар” мэдээллийн албанд сэтгүүлчээр ажиллаж байна. Мөн төрөлх сургуульдаа ажиллаж, түүхэн хөгжилд нь хувь нэмрээ оруулж буй оюутнууд ч байдаг гэнэ.

Эд маань тус тусын амьдралаа хөөж тал тал тийш тарж одсон ч багштайгаа өдөр бүр холбоотой байж, бие биедээ тус дэмтэй явцгаадаг талаар ангийн багш нь ярив.

Дуу, хуур, инээд хөөрөөр дүүрэн дөрвөн жилийг хамт өнгөрүүлсэн шавь нараа Б.Алтантовч багш нь төгсөлтийнхөө таван жилийн ойгоор 2020 онд төрөлх сургууль дээрээ уулзах урилга хүргүүлснийг энд дуулгая.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Чинзориг: Ирэх онд инфляцийн түвшинтэй уялдуулж цалин нэмэгдүүлэх арга хэмжээ авах нь тодорхой

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Он гарснаар төрийн албан хаагчдын цалин хэдэн хувиар өссөн бэ?

-2014 оноос нэмэгдэж чадахгүй байсан төрийн албан хаагчдын цалинг хоёр удаа нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Нийтдээ төрийн албан хаагчдын цалинг 16.8-35 хувиар нэмэгдүүлэх арга хэмжээ авлаа. Энэ нь эдийн засагт гарч байгаа өсөлттэй холбоотой Олон улсын валютын сантай хамтарч хэрэгжүүлсэн санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөрийн үр дүн гарч байна гэсэн үг. Нөгөө талаас сүүлийн нэг жил гаруйн хугацаанд төсвийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх талаар Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн гарлаа. Уг арга хэмжээний ачаар гарсан төсөв санхүүгийн боломжийг төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх замаар иргэдийнхээ худалдан авах чадваруудыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн чиглэлд Засгийн газар анхаарлаа. Төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулж хоёр удаа нэмэгдүүлсэн. Мөн эрүүл мэнд, боловсролын салбарт ажиллагсдын ажлын байрны нөхцөлд хийсэн судалгаанд үндэслэж багш, эмч нарын ангилал зэрэглэлийг шинэчлэх арга хэмжээ авсан.

-Ангилал зэрэглэлийг шинэчилснээр төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд нөлөөлсөн үү?

-Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхдээ хоёр янзын арга хэрэглэсэн. Нэгдүгээрт, инфляцийн түвшинтэй уялдуулж цалинг нэмэгдүүлсэн. Өнгөрсөн жил болон энэ онд найман хувиар нэмэгдүүллээ. Инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэгдүүлэх энэ арга хэмжээнд төрийн үйлчилгээний албан хаагчид хамрагдлаа. Тиймээс нийтдээ 16.8 хувиар нэмэгдсэн. Мөн багш, эмч нарын ажлын байрны нөхцөлд үнэлгээ хийж, ажлын ачаалал, ур чадвар, хариуцлагаас хамаарсан цалингийн тогтолцоо руу оруулсан учраас илүү нэмэгдсэн юм. Бид 2020 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхдээ бага албан тушаалтны цалинг арай ахиу нэмэгдүүлэх боломжтой. Тухайлбал, ажлын байрны нөхцөлийн үнэлгээ хийх ажлаа бага албан тушаалын албан хаагчдад хийж болох талаар судална. Боломжтой бол ажлын байрны хийсэн судалгаагаар ангилал, зэрэглэлийг нь өөрчилж болох эсэхийг судалж үзнэ.

-Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2019-2020 оны Гурван талт улсын хэлэлцээрээр төрийн албан хаагчдын цалинг хэдэн хувиар нэмэгдүүлэх вэ?

-Төсөв санхүүгийн боломжтой холбогдуулан төрийн албан хаагчдын цалин хөлс болон тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий. Гэхдээ Гурван талт улсын хэлэлцээр эхлээгүй байна. Мөн Гурван талт улсын хэлэлцээрт орохдоо би дангаараа мэдэж, цалин тэтгэврийг нэмнэ гэж хэлэх боломж хязгаарлагдмал. Засгийн газраас өгсөн удирдамжийн дагуу хэлэлцээрт ордог. Ирэх онд инфляцийн түвшинтэй уялдуулж цалин нэмэгдүүлэх арга хэмжээ авах нь тодорхой.

-Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилт 83.2 хувьтай байна гэсэн. Энэ талаар ярихгүй юу?

-Гурван талт улсын хэлэлцээр байгуулна гэдэг нь Хөдөлмөрийн хуулиар зохицуулагдсан харилцаа. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулиар Засгийн газар, Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд, ажил олгогч эздийн байгууллагын төлөөлөл гурван талт улсын хэлэлцээр байгуулан ажиллана гэсэн хуультай. Хуулийн дагуу Засгийн газар хоёр жил тутам нэг удаа гурван талт улсын хэлэлцээр байгуулж ажилладаг. Ер нь гурван талт хэлэлцээр байгуулан ажилласнаар нийгэмд тогтвортой байдлыг хангахад чухал үүрэгтэй гэж нэг талаас үздэг. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд Засгийн газар гурван талт хэлэлцээрт хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж байгаа. Засгийн газрын зүгээс нийгмийн түншлэлийнхээ байгууллагуудад хүндэтгэлтэй ханддаг. У.Хүрэлсүх сайдын Засгийн газар байгуулагдсанаас дөрөв хоногийн дараа л анхныхаа Засгийн газрын хуралдааныг хийсэн. Тэр үеэр өмнөх Засгийн газар байгуулаагүй гэх шүүмжлэлтэй холбоотой үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын тавьж байсан 2017, 2018 оны улсын хэлэлцээр байгуулах ёстой гэсэн асуудлыг авч үзсэн. Удахгүй 2019, 2020 оны Гурван талт улсын хэлэлцээр байгуулах ажилд орно. Маргааш, нөгөөдрөөс Ерөнхий сайдын захирамж гарах байх.

-Нийт хүн амын 30 хувь нь ядуу байна гэсэн судалгаа гарсан. Ядуурлыг бууруулахаар хэрхэн ажиллаж байна вэ?

-2016 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн тоо шүү дээ. Үндэсний статистикийн хорооноос Дэлхийн банктай хамтарч хийсэн судалгаагаар хүн амын 29.9 хувь нь ядуу байна гэсэн судалгаа гарсан. Энэ судалгаанаас хойш ер шинэчлэгдэж гараагүй. Ядуурлыг бууруулж, ажлын байрыг нэмэгдүүлэх нь ядуурлыг бууруулах үндсэн арга гэж үзэж байгаа. Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгуулсан. Ажилгүйдлийг бууруулах гол арга нь мэргэжлийн боловсролын байгууллагуудыг нэмэгдүүлэх. Тэнд залуучуудыг сургаж мэргэжилтэй болгох юм.

-Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад гарч буй өөрчлөлтийн талаар танд ямар мэдээлэл байна?

-МСҮТ, политехник коллежийн багш, албан хаагчдад цалингийн таван хувийн урамшуулал олгож байсныг 10 хувь болгосон. МСҮТ, Политехникийн коллежийн багш, ажилчдын цалингийн асуудлаар гурван удаа ажилласны дүнд 30.8 хувиар нэмсэн. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш нарыг компьютержүүлэх хүрээнд хоёр тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлэн, тендер зарлан сонгон шалгаруулахаар ажиллаж байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцаж буй оюутнуудад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор боллоо. Өмнөх Засгийн газрын үед 24 хүртэлх насныханд олгож байсан тэтгэлгээс ялгаатай нь нас харгалзахгүй.

-Тэтгэлгийг дүнгийн голч харгалзахгүй олгох уу?

-Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад босго оноо тогтооход хүндрэлтэй байдаг. Тиймээс энэ удаад дүн харгалзахгүй. Гэхдээ ирцээр босго тогтоож байгаа. Ирц 75 хувиас дээш байвал тэтгэлэг олгоно. Тэтгэлгийг сургуулиар дамжуулалгүй Хаан болон Төрийн банкаар дамжуулан олгоно.

-Манай улс гаднын орноос жилд хичнээн ажиллах хүч авч ажиллуулдаг вэ?

-Монгол Улс 2000 оны үед 24 мянга орчим хүн гаднаас авч ажиллуулдаг байсан. Сүүлийн жилд энэ тоо нэлээд буурсан. Тухайлбал, 2018 онд 8000 ажиллах хүчнийг гаднаас авсан. Энэ нь 2016 оноос 40 хувь, 2017 оноос 23 хувиар буурсан үзүүлэлт. Харин 2019 онд гаднаас авах ажиллах хүчний тоог 20 хувиар бууруулна. Ингэж чадвал Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан гаднаас авах ажиллах хүчнийг 50 хувиар бууруулах зорилтоо хангах юм. Ингэснээр гаднаас авах ажиллах хүчний оронд монгол хүн ажиллана.

-Ихэвчлэн ямар ажлын байранд гаднаас хүн авдаг вэ?

-Барилга, зам, уул уурхайн салбарт гаднаас хүн авч ажиллаж байгаа. Дотооддоо бэлтгэж, ур чадвар эзэмшүүлж чадаж байгаа салбарт гаднаас ажиллах хүч авахгүй. Тухайлбал, 2019 онд автомашин засварын чиглэлээр гаднаас ажиллах хүч авахгүй. Автомашин засварын ажлыг монголчууд өөрсдөө шийдэх бүрэн боломжтой.

-Оюутнуудыг чадваржуулахаар гадны оронд сургах чиглэлд ямар бодлого баримталж байгаа вэ?

-Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцаж байгаа, төгссөн оюутнуудын гадаадад ажиллах боломжийг хангах бодлоготой байдаг. Тэр дундаа Япон руу ажиллах хүчин чадваржуулахаар нэлээд ажилладаг.

-ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох ёстой юу?

-Жижиг, дунд үйлд-вэрлэлийн сантай холбоотой асуудал ХХААХҮЯ-тай холбогддог. Тодорхой хэм-жээгээр энэ сангийн санхүүжилттэй холбоотой асуудал нэлээн улстөржсөн. ЖДҮ бол нэг талаасаа зээл. Улстөрчдийн ар гэр аж ахуй эрхэлж болохгүй, жижиг зээлээс санхүүжилт авч болохгүй гэсэн хууль байхгүй. Тэндээс өөрсдийн хамаарал бүхий компанид зээл авсан гишүүдийг өмгөөлж хамгаалахгүй. Хамгийн гол нь УИХ-ын гишүүн өөрт байгаа мэдээллийг ашиглаж, өөртөө давуу байдлыг бий болгосон гэдэг талаас харвал ёс зүйн асуудал зайлшгүй яригдах ёстой. Мөн авсан зээлээ зориулалтын дагуу ашигласан бол өөр хэрэг. Харин өөр хэлбэрээр буюу ББСБ-аар эргэлдүүлж, мөнгө угаасан бол хариуцлага хүлээнэ. Үүнд хууль хяналтын байгууллагууд ялгаж, салгаж хандах байх.

-Ахмадуудын тэтгэврийн зээлийн дарамтыг бууруулж тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 10 хувь болгон бууруулсан байна. Энэ тухай?

-2017 онд жилийн 15 хувийн хүүтэй байсан тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 2018 онд 12 хувь болгон бууруулсан. Энэ оны нэгдүгээр сарын 16-наас Төрийн болон Хаан банктай хамтран тэтгэврийн зээлийн хүүг 10 хувь болгон буурууллаа. Тодруулбал, дээрх хоёр банкнаас тэтгэвэр авдаг ахмадууд тэтгэврээ барьцаалсан зээлийг 12 сар хүртэлх хугацаагаар сарын 0.83, жилийн 10 хувиар тооцон авах боломжтой болж байгаа юм. Мөн зээл авсан нөхцөлд тэтгэврээ 100 хувь зээл болон хүүгийн төлбөрт өгдөг байсныг өнгөрсөн жилээс өөрчилж тэтгэврийн 30 хувь ахмадуудын гар дээр үлдэж байх зохицуулалтыг хийсэн. Энэ онд тэтгэвэр авагчид дөрөв орчим тэрбум төгрөгийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдөх урьдчилсан тооцоо гарч байгаа. Мөн Засгийн газрын зүгээс нийгмийн түншлэлүүдийн тавьж байгаа хүсэлтэд анхаарч байна. 2017 онд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэрт гарч байгаа иргэдийн насыг жил бүр зургаан сараар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийг иргэдийн зүгээс нэлээдгүй эсэргүүцсэн. Тиймээс бид дээрх шийдвэрийг нөхцөл байдалдаа нийцээгүй гэж үзэн жил бүр гурван сараар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.


Categories
мэдээ цаг-үе

Их жанжин Дамдины Сүхбаатар Хамниган хүн

Д.Сүхбаатар нь 1893 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр ОХУ-ын Чита мужийн Бооржийн районы нутагт манай улсын Улз голд цутгадаг Тарь нуураас хойш Дорнод аймгийн Чулуун хороот сумын хойд талд орших Гүн жалгатай нэртэй газарт цагаан дээлт жаахан Дамдин хэмээх хамниган айлын 2 дахь хүү нь болж Цагаангууд омгийн буриад Лувсангийн Хандаас төржээ. Түүний ах Чүлтэм хэдэн онд хаана төрсөн нь тодорхойгүй, их нүүдэл болоход нутагтаа үлдсэн аж. Охин дүү Д.Дулам нь ОХУ-ын Чита мужийн Бооржийн районы Бухын харуул нэртэй газарт 1906 онд төрж, аав ээж болон ээжийнхээ төрсөн дүү Лувсангийн Жанга, ойрын хамаатан Дамбийням лам, Намдагийн Жигмэд нарын хамт 1918 оны эхээр олон зуун өрх айлын хамт Монгол оронд нүүж ирээд одоогийн Халхгол сумын Таван Ташгайд нутаглаж байгаад 1930-аад оны эхээр зүүн хязгаарт Япон улс өнгөлзөж хил түгшүүртэй болоход тэдгээр айлууд одоогийн Цагаан-Овоо сумын нутагт нүүж ирж суурьшжээ. Д.Дулам нь тус нутагт бүх насаа өнгөрүүлсэн байдаг.

Д.Сүхбаатар нь монголчуудын нэгэн адилаар бага насаа хурга ишигтэй ноцолдож, тугал хариулж малын захад эцэг эхийн асрамжинд өнгөрүүлжээ. Тэрээр Бооржийн районы буриадын Хада Булагийн бага сургуульд амжилттай суралцаж төгсчээ. Тэднийхтэй айл хөрш нутаглаж явсан Дорнод аймгийн алдарт уяач Жигмэдийн Цэрэндоржийн эцэг Намдагийн Жигмэд, Д.Сүхбаатарын эхийн төрсөн дүү Лувсангийн Жанга, Д.Сүхбаатар нар нь хоорондоо ганц ганц насны зөрүүтэй үеийн хүүхдүүд байсан тул багадаа цуг тоглож наадаж өссөн ажээ. Д.Сүхбаатар бага сургуулиа төгсөөд Чита хотын орос гимназид элсэн орж 1908 онд төгсчээ. Д.Сүхбаатарын эцэг нь Бооржийн районы Бухын харуулд орших хасаг цэргийн албанд олон жил харуулын алба хашсан байна. Д.Сүхбаатар нь төрөлхийн сэргэлэн цовоо хүүхэд байсан бөгөөд хил хамгаалах үүрэгтэй хасаг цэргүүдийг хар багаасаа дуурайн ах нарынхаа хамт морин дээрээс малгай шүүрэх, хонь шүүрэх, сэлэм эргүүлж бургас цавчих мэтээр сургуулилан байсаар эр төөлөх 15, 16 насанд хүрэх үедээ эдгээр дасгал сургуулилтуудыг тун чадамгай хийж сурсан юмсанж.

Эцэг Дамдин нь Омск хотод хасаг цэргийн бага дарга нарыг бэлтгэдэг сургууль байдгийг сонссон тул хүү Сүхээгээ Чита хот дахь орос гимназийг төгсөнгүүт нь тэр үеийн тэргүүний хасаг хөвгүүдийн суралцдаг Омск хотын Кадетад сургахаар 1909 оны намар илгээжээ. Тэнд 3 жил суралцах хугацаандаа Д.Сүх нь цэргийн дасгал сургуулилтад бүрэн төгс боловсорчээ. Д.Сүхбаатар нь 1912 онд сургуулиа дүүргээд Оросын хаант засгийн армид пулемёт бууны салааны даргаар томилогдсон байна. Нийслэл хүрээн дэх хаант оросын бүрэн эрхт тусгай төлөөлөгч И.Я.Коростовец, Монголын талаас Ерөнхий сайд сайн ноён хан Т.Намнансүрэн, цэргийн яамны сайд Г.Гомбосүрэн нар 1913 оны хоёрдугаар сард Орос, Монголын “Цэрэг бэлтгэн сургах гэрээ”-нд гарын үсэг зурж, Оросоос зээлээр авсан 2 сая рублиэс суутган төлөхөөр тохирчээ. Энэ гэрээ ёсоор Монгол Улс 2 морьт хороо, пулемёт бууны баг, их бууны салаанаас бүрдсэн нийт 1900 хүн бүхий цэрэгтэй болно. Тэднийг сургаж боловсруулахын тулд Оросын засгийн газар 2 штаб офицер (удирдах офицер), 15 обер офицер (ахлах офицер), 42 бага даргаас бүрдсэн сургагчдын багийг Өргөөд томилон ирүүлэхээр тогтжээ. Хаант Оросын армиас монгол цэргийг сургахаар ирсэн эдгээр 58 сургагч нарын дунд 1921 оны ардын хувьсгалын удирдагч нарын нэгээр тодорсон Оросын цэргийн хамниган бага дарга Дамдины Сүхбаатар байлаа. Монгол Улсад ирсэн цэргийн бага дарга сургагч нарыг буриад, халимаг, хамниган, тува зэрэг гол төлөв монгол угсааны хүмүүсээр бүрдүүлсэн бололтой. Тэд үндэс угсаа нэг болохоор халхчуудтай хэлмэрчгүйгээр үг хэлээ ололцож чадна гэж үзсэн байх. Д.Сүхбаатар нь 20 нас хүртлээ буюу Монголд ирэхдээ Д.Сүх нэртэй байжээ. Энэ нэрийг нь батлах баримт сэлт ч олон байдаг. Үүнийг билгүүн номч Б.Ренчин өөрийн дуртгал номондоо бичсэн байдаг. Д.Сүх Монгол Улсад ирсэн даруйдаа 3 настай Галсандэндэв гэдэг хүүтэй Дондооны Нэмэндэйн охин Янжинтай танилцжээ. Н.Янжингийн нөхөр нь 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд идэвхтэй оролцсон ноён хүн байсан бөгөөд Хятад, Оросын тагнуулын байгууллагын хар саварт өртөж хорлогдсон ажээ. Д.Сүх (хожим Д.Сүхбаатар нэртэй болсон), Н.Янжин (хожим Сүхбаатарын Янжмаа болж овог нэрээ өөрчилсөн) нарт сангаас гэр олгосон учир өрх тусгаарлажээ.

Д.Сүхбаатар морин дээр харайж гарах, үсэрч буух болон морины давхиа дунд хойшоо урагшаа бас хоёр тийш харайж савах нь нүдэнд оногдмооргүй түргэн, дөрөөгөө дээш нь холбож тавиад морин дээрээ босоо зогсож давхил дунд нь хоёр тийшээ цавчина. Даавуунд боож газарт тавиад давхиут шүүрүүлдэг мөнгөн янчааныг Сүхбаатараас өөр хэн ч авч чаддаггүй байжээ. Хурдаараа давхиж яваа мориныхоо ууцан дээр сандайлан сууж, зүг бүхэндээ буй байг чадмагаар буудаж мэргэн онодог. Сүхбаатар савлуур, дүүжин дээр сургууль хийж байхыг үзвэл толгой, хөл нь чухам аль болохыг ялгаруулахад бэрхтэй гэж Хужирбулан дахь монгол цэргүүд бахдан дурсдаг байжээ хэмээн Дамдины Сүхбаатар намтар зохиолын 30,31 дэх талд бичжээ. Хужирбулан дахь монгол цэргүүд түүний Сүх гэдэг нэрийг мэдэхгүй тул өндөр гоолиг нуруутай учраас Гоймон баатар гэх болж, 1918 оны хүртэл Баатар гэж нэрлэж байсныг нь 5, 4 дүгээр зэргийн жинс, тогосын отгоор шагнасан Богд хааны зарлиг дээрх Баатар гэсэн нэр нь гэрчилдэг. Д.Сүх нь Гоймон баатар гэдэг нэрээрээ ард олны дунд ихэд алдаршжээ. Үүнээс үзвэл Д.Сүхбаатарын эцэг Дамдин ОХУ-ын Чита мужийн Бухын харуулын албанд алба хашиж байх үед хасаг цэргийн сургуулилтыг багаасаа харж дадлагажсан, Омскийн цэргийн бага дарга нарыг бэлтгэдэг Кадетад 3 жил суралцах хугацаандаа бүрэн төгс боловсорсон болох нь тодорхой харагдаж байна.

Д.Сүхбаатар Омскийн Кадет төгсөөд Оросын цагаан хааны цэрэгт алба хааж байх үедээ өмсөж байсан суран мөрөвчтэй бага даргын хувцасаа өмсөөд 1921 оны 5-р сарын 17-өдөр Хиагт хотноо Кубанийн алдарт V морьт дивизийн удирдах бүрэлдэхүүн болох цэргийн дарга 16 хүний хамт авахуулсан фото зураг түүхэн үнэний бодит гэрч болж үлджээ. Энэхүү фото зураг нь МАХН-ын түүхийн институтээс 1974 онд хэвлүүлсэн гэрэл зургийн цомогт орсноос гадна Е.Д.Соловьев, А.И.Чугунов /По граничние войска СССР 1918-1928/ Москва 1973 год номын 781 дэх талд хэвлэгдсэн байна. Энэ зураг дээрх хүмүүс нь ардын журам цэргийн 16 зөвлөх сургагч нар бололтой. Зураг дээр ардын журамт цэргийн штабын дарга монгол нэр нь Эрдэнэ хэмээх Стретенскийн морин бригадын дарга П.И.Литвинцев байна. Тройцкоосавск дахь Зөвлөлт Орос улсын ардын комиссарын төлөөлөгч ардын комиссар О.И.Макстенекийн тушаалаар П.И.Литвинцев, Г.И.Демко, улаан цэргийн дарга Лятте, Беритте, Лярский, цэргийн эмч Ружецкий, тагнуулч Ленский, Александров, офицер И.В.Давыдов, Волков, Мельников, Михиал Афсина нарын 16 зөвлөх сургагчийг Монгол ардын журамт цэргийн зөвлөх сургагчаар томилсон байна. Ардын Засгийн газраас тэдэнд сар бүр 300 төгрөгийн тэтгэмж олгож байсныг архивын баримт гэрчилдэг.

Жанжин Д.Сүхбаатарын удирдсан 400 орчим хүнтэй ардын журамт цэрэг Хиагт хотод бүгсэн Хятадын гамин цэргийн 1500 орчим хүнтэй цэргийн хүчтэй 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр тулалдаж их буу, пулемётын сум дуусч ухрахад Оросын улаан цэрэг зэвсэг сум хэрэглэлээр нөхөн хангалт хийж, П.И.Литвенцевийн удирдсан Стретенскийн морин бригадын цэргүүдэд урьдаас бэлдсэн монгол хувцас өмсгөж үдшийн бүрийгээр давшилт эхэлж, шөнө дунд Хиагтаас гамин цэргийг ховх цохин хөөжээ. Бут ниргүүлсэн гамин цэргүүдийн үлдэгдэл хүч хойд хил дээр амиа тээж ирэхэд нь улаан цэргүүд тосон авч вагонд суулган Бээжин рүү буцаасан гэдэг. Зөвлөлт оросын Большевик нам Хятадын Гоминданы намтай холбоо, гэрээтэй байсан болохоор манай цэрэг Хиагтад танай цэрэгтэй тулалдаагүй гэж худал залахаас өөр арга байгаагүй тул цэргүүддээ монгол дээл хувцас өмсгөхөд хүрсэн биз ээ.

1917 оны арваннэгдүгээр сарын 07-ны өдөр В.И.Ленин тэргүүтэй большевикүүд төрийн эргэлт хийж Оросын хаант засгийг унагаж, Автономит Монгол Улсын цэрэгт сургагчаар ажиллаж байсан 58 цэргийн офицероо эргүүлж татжээ. Яг энэ үед Д.Сүхбаатар нь ардын хатанбаатар Магсаржавын удирдсан 3000 цэргийн бүрэлдэхүүнд пулемёт бууны салаатайгаа харчин гүн Бавуужавын цэргийн үлдэгдлийг дарахаар хилийн чанадад Хятадын нутагт тулалдаж байсан учир Монгол Улсад үлдэж хоцорчээ.

Хатанбаатар Магсаржав Богд хааны зарлигаар дорнод хил хязгаар нутгаа төвшитгөж, мөн оны арванхоёрдугаар сарын эхээр Нийслэл хүрээнээ эргэж иржээ. Д.Сүхбаатар нь орос нутагтаа буцахаас бултаж, гарал үүслээ нууцалж хамниган буриад биш, хайс овогтой Төгөөгийн Дамдины хүү халх хүн болж хувирсан байна. Гарал үүслээ нууцлахдаа Д.Сүх нэрээ өөрчилж, Д.Сүхбаатар нэртэй болжээ. Д.Сүхбаатар нь Янжмаагийн төрсөн эцэг Д.Нэмэндэйн хөрш нэг нутаг усны хоосон ядуу айл Төгөөгийн Дамдиныхтай танилцаж хуурай ах дүү болон дотноссон гэдэг. Угийн сэргэлэн залуу болохоор Сүхбаатар нь Цэцэн хан аймгийн Ёст бэйсийн хошууны халх хүн болж хувирчээ. Тусгаар тогтносон Богд хаант улс, Автономит Монгол Улсын цэрэгт 7 жил алба хаасан үе нь Д.Сүхбаатарын амьдрал, тэмцэл, улс төр, үзэл санааны төлөвшилд тодорхой нэг шат болсон бөгөөд улс орныхоо тусгаар тогтнолыг эрхэмлэх, түүний эрх ашгийг хамгаалан амь бие хайргүй тэмцэх үзэл суулгажээ. Соц нийгмийн үед Сүхбаатарын түүхэнд тэр болгон эс дурдагдсан нэгэн түүхийг энд цухас тэмдэглэн үлдээх нь зүйтэй болов уу хэмээн санаад түүнийг энд дурдъя. Богд хаант Монгол Улсын үед өнөөгийнхнөөс парламентын тогтолцооноос илүү дэвшилтэт хоёр танхимтай тогтолцоотой байжээ. Д.Сүхбаатараар толгойлуулсан доод танхим Хятадын элчин сайд Чен И-гийн Монголыг Хятадын нэг хэсэг болгох гэсэн тулган шаардлагыг нь удаа дараа эсэргүүцэж байсан боловч харамсалтай нь Шанзав Бадамдорж тэргүүтэй түүний тойрон хүрээлсэн дээд танхимын хэсэг нөхөд Чен И-гийн тулган шаардлагыг хүлээн зөвшөөрч байсан нь өдгөө ил болсон бөгөөд тэр үед ч Д.Сүхбаатар тэргүүтэй эх орныхоо төлөө тэмцэж байсан нөхдийн түүхэн ач гавьяа өнөөгийн Монгол Улс бүрэн бүтэн тусгаар улс болоход түүхэн хувь нэмэр оруулсан нь дамжиггүй билээ.

Цагаан дээлт жаахан Дамдинг архи нэлээн балгадаг, мөрийтэй тоглох дуртай нэгэн байсан гэдэг ч, нэлээд чинээлэг амьдардаг байсан тулдаа хүү Сүхээгээ орос гимназид сургаж, боловсрол мэдлэгтэй хүн болгоод зогсохгүй Омскийн Кадетад 3 жил сургасан байдаг. Үүнээс үзвэл эцэг нь ихээхэн алсын хараатай, ухаалаг бодлоготой хүн байжээ. Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэдэг монгол ардын зүйр цэцэг үг бий. Ухаалаг аавын хүү удмаа дагаж ухаант хүн болох нь зүй юм. Д.Сүхбаатарын хайсу овгийг хаанаас ч хайгаад олсонгүй. Хамниганы 130 овог, буриадын 11 овгийн 100 хөхүүр, баргийн 87 овог, үзэмчиний 52 овгийг шүүрдэн үзэхэд ер олдсонгүй. Харин хайс овог Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын халхчуудын дотор мөн Өвөрмонголын Зүүн Үзэмчин хошуунд байгаа нь маш ховор овгийн нэгд тооцогддог аж. Д.Сүхбаатар нь Төгөөгийн Дамдины хүү болж халх хүн болж хувирахдаа хайс овогтой болсон нь эргэлзээгүй. 1922 онд хүн ам мал хөрөнгийн улсын тооллого явагдахад улсын тоологч түүний овгийг Хайсу гэж андуурч бичжээ гэсэн дүгнэлтэд эрхгүй хүрч байна. Д.Сүхбаатар нь тухайн цагийн монгол хэл, бичгийн нэрт эрдэмтэн Онход овогт Сангижавын Жамъян гүнд шавь орсон нь 1920 оны сүүл хавиар болов уу. Д.Бодоогийн тэргүүлсэн ардын намд С.Жамъян багтаж байсан билээ. Түшмэдийн ба Ардын нам 1920 оны зургадугаар сарын 25-нд нэгдсэнээс хойш тэд бие биеэ мэддэг болсон байж болох талтай. Ингэхлээр Д.Сүхбаатар нь аливаа бичиг хэрэг захидлаа С.Жамъянаар хянуулдаг байсан байж мэдэх юм. Зарим хамниган үгийг С.Жамъян зассаныг Сүхбаатар судлаач О.Пүрэв хамниган үгийг манж үг хэмээн эндүүрч Д.Сүхбаатарыг манж үг мэддэг хэмээн ташаарсан нь гарцаагүй. С.Жамъян гүн монгол хэлнийхээ утга гүн, яруу тансаг хэллэгийг гарамгай эзэмшсэн их бичгийн эрдэмтэн хүн байсан билээ.

Д.Сүхбаатар нь С.Данзантай танилцсанаар Ардын хувьсгалд удирдах үүрэгтэй оролцох боломж түүнд тохиосон байна. Магсар хурцын Дугаржавын дурдатгалд: “Хятадын цэргийн генерал Сюй Шү-жан үлэмжхэн тооны цэрэгтэй 1919 оны арваннэгдүгээр сард Монголд цөмрөн ямар ч эсэргүүцэлтэй тулгаралгүй Нийслэл хүрээнд орж ирээд Богд хаан болон түүний засгийн газрыг цэргийн хүч хэрэглэн элдвээр сүрдүүлж арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Монголын автономит эрхийг сайн дураар устгах хүсэлт бичгийг гаргуулж Хятад улсын бүрэн эрхшээлд оруулсныг нь мэдсэн даруйдаа буюу 1919 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр Баруун өргөөний улаан сахиусны өмнө С.Данзан, Д.Сүхбаатар, М.Дугаржав, Д.Догсом, Ө.Дэндэв, Тогтох, Галсан, Далай, Цэнд, Даш … нар хүж барьж ах дүү бололцон тусгаар тогтносон төр, бурхан шашнаа хамгаалах үйл хэрэгт нэгэн амь, сэтгэлээр зүтгэхээр ариун тангараг тавьж, ерөөлийн үг бичиж, бурханд өргөж анхны хувьсгалт нууц бүлэг үүсэн бий болсныг С.Данзан, Д.Сүхбаатар, Д.Догсом, М.Дугаржав, Ө.Дэндэв нар Богд гэгээнд мэдэгдсэн” тухай бичсэн байдаг нь одоо архивт бий. Хувьсгалт нууц бүлэг байгуулагдсан цагаасаа эхлэн итгэлт нөхдөө эгнээндээ элсүүлж, улмаар Түшмэдийн нам байгуулагдах суурь нь болжээ. Нам өөрийн туг, сүлд дуутай байсан аж.

Хаант Орос улсад цэргийн эрдэм эзэмшсэн, орос хэл бичиг мэддэг Д.Сүхбаатарыг Ардын хувьсгалд маш их үүрэг гүйцэтгэж чадна хэмээн С.Данзан урьдаас тооцоолон харж, түүнийг өөрийн байгуулсан Түшмэдийн намд гишүүнээр элсүүлэн их хэргийн төлөө хамтран зүтгэжээ. Тэгээд ч Д.Сүхбаатар хойд хөрш Зөвлөлт Орос улс, Большевик намтай холбоо тогтоох, цэрэг зэвсэг, санхүүгийн тусламж авахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн байна. Монгол Улсын ардын арми байгуулагдах үндэс суурь нь болсон 400 орчим хүнтэй партизаны отряд буюу ардын журамт цэргийг эмхлэн байгуулах ажлыг Д.Сүхбаатар богино хугацаанд гардан гүйцэтгэж Хиагт хотыг 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хятадын гамин цэргээс чөлөөлөх онц чухал ажлыг биечлэн удирдаж, хувьсгалчдын гол түшиц газрыг бий болгосон юм. Монгол оронд ардын хувьсгал ялах урьдчилсан нөхцөл, боломж ийнхүү бүрдсэн түүхтэй. Энэ өдрийг Монгол Улсын ардын арми мэндэлсэн өдөр гэж жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Д.Сүхбаатар 1921 оны долдугаар сарын 10-ны өдөр Нийслэл хүрээнд Эвслийн засгийн газар байгуулагдахад Цэргийн яамны тэргүүн сайдаар Богд хааны зарлигаар томилогдсон юм. Д.Сүхбаатарыг хамниган гаралтайг нотлох баримт цөөнгүй байна. Эхний нотолгоог дурдвал, миний бие нь Чойбалсан хотын иргэн Дорнод аймгийн мал эмнэлгийн газрын даргаар олон жил ажилласан буриад судлаач “Монголын буриад зон” номын зохиогч 83 настай Дугаржавын Дамдинжавтай уулзаж байхад тэрээр Цагаан-Овоо сумын Галуут нэгдлийн дарга, Монгол Улсын гавьяат нэгдэлчин асан Доржийн Батхуяг гуай надад нэгэн удаа, “Жанжин Д.Сүхбаатар бол хамниган хүн шүү дээ” хэмээн хуучилсан гэж ярьсан юм. Д.Сүхбаатарын садан төрлийн хүмүүс дотор хамнигад цөөнгүй бий. Тухайлбал, Уляад хамниган Тарвийн Дэжид, баягид хамниган Т.Раднаабазар, шар намиад хамниган Бадамын Буджав нарыг энд дурдаж болно. Монгол Улсад Д.Сүхбаатарын эхийн талын хамаатан садан бүрэн бус мэдээгээр 540 хүний нэрийг тодруулсан. ОХУ-д Д.Сүхбаатарын ах Чүлтэм, үеэл дүү Дамбын үр сад, БНХАУ-ын ӨМӨЗО Хөлөнбуйр аймгийн Шинэхээн хошуунд эхийнх нь дүүгийн үр сад нар нутаглаж байна. Тэдэнтэй одоогоор холбогдоогүй байна.

Хамниган угсаатан өнгөрсөн 4000 жилийн урт хугацаанд төв халхын нутаг Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон голуудын сав нутгаар нутаглаж иржээ. Балар ойн иргэд болох барга, дөрвөд, буриадтай айлсан амьдарч эзэн Чингисийн их Монгол Улсын бүрэлдэхүүнд багтаж байсан 108 аймгийн нэг юм. Хамниган угсаатныг зарим эрдэмтэд Эвенк гаралтай гэж улмаар адилтган үздэг. Энэ нь огтоос үндэслэлгүй таамаг гэлтэй. Учир нь эвенк үндэстэн гэж Монгол нутагт байхгүй, байгаа ч үгүй. Иймд хамниган угсаатанг түнгүүс гаралтай гэж үзэх нь буруу. Харин монгол нутагт үүссэн эртний олон аймгуудын нэг агаад монгол үндэстний нэгэн хэсэг гэж үзэх нь зүйтэй болов уу. Монголын нууц товчоонд Добу мэргэн гунжин бугын гуяар сольж авсан Малиг баяуд овгийн хамниган зарцын тухай гардаг. МНТ-д Малиг баяуд хэмээн тэмдэглэгдэн үлдсэн овог нь өдгөө ч Хамнигадуудын дунд байгаа нь хамниган нар эртнээс нааш Монгол нутагт амьдарч ирсний нэгэн нотолгоо мөн буй за. Энэ нь хамниган нар эртнээс нааш монгол нутагт амьдарч ирсний нэг нотолгоо мөн. Б.Ренчин гуай хамниган хэл аялгууг 30 жил судлаад “Хамниган аялгуу” ном бичсэн нь одоо олдохуйяа бэрх болжээ. Тус номонд Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон голын нэрийг анх хамнигад өгснийг дурдсан байдаг. Эрдэмтэд хамниган угсаатны гарал үүсэл дээр одоо ч гэсэн янз бүрийн таамаг дэвшүүлсээр байна. Монгол үндэстний бүрэлдэхүүнд буриадын нэгэн адилаар хамниган угсаатныг хамруулах нь зүйтэй. Хамниган нар угаас монгол гаралтай болохоор казах, түрэг, эвенк, түнгүүс мэтийн харь угсаатан биш болов уу. Академич Б.Ренчин “Хамниганыг 4000 жилээс нааш монгол, түрэг лүгээ оролцсоор ирсэн хуучин их үндэстэн даруй мөн болох бөгөөд бие бялдрын шинж ба хэлний байдал нь нэгэн их үндэстний ард хэмээн мэдэгдмээр баймой” гэж “Монгол Ард Улсын хамниган аялгуу” (1969) номдоо бичжээ. Оросын эрдэмтэн А.Т.Решетов “Эл угсаатан МЭ-ны II зууны үед бүрэлдсэн” гэж бичсэнээс үзэхэд хамниган угсаатан өнө эртнээс нааш төв Азийн өндөрлөгт монгол, түрэг лугаа аж төрөн ирсэн агаад Хамниган хэмээн өөрсдийгөө өдий хүртэл нэрлэн ирсэн зарим нэг овог МНТ-д дурдагдан тэмдэглэгдэн үлдсэнээс үзвэл Хамниган хэмээх ард нь өвөг монголчууд тэдэнтэй холбоотой нь магадтай үнэн хэмээн Монгол Улсын Хамниган Судлалын Төвийн Удирдах Зөвлөлийн дарга, хатиган хамниган Санжаагийн Мөнхжаргал үздэг ажээ.

Д.Сүхбаатар нь Монголын ард түмний дунд ардын баатрын ёсоор домоглон хэлэлцдэг үндэсний баатар болж түүхэнд мөнхөрсөн юм. Түүхэн үнэнийг улс төрийн зорилгоор мушгин гуйвуулсныг нь засах гэж хичээснээс бус өөртөө нэр алдар олох зорилго өвөрлөж түүхэн үнэн, архивын бодит баримтуудыг засварлаж гуйвуулсангүй. Жинхэнэ үнэн далд нууцлагдсаныг нь олж хараад бодит баримтад тулгуурлан бичсэнийг минь өргөн олон түмэн уншигчид, түүхч эрдэмтэн мэргэд ойлгох биз ээ. 1921 оны гуравдугаар сарын 1,2-ны өдөр Оросын Дээд Шивээнээ хийсэн Монголын хэсэг хувьсгалчид, зарим аймаг хошууд, ардын журамт цэргийн төлөөлөл оролцсон оросын большевик намын шууд зааврын дагуу хийсэн зөвлөгөөнийг “МАХН-ын анхдугаар их хурлын протокол”, Монголын Хиагт хотноо 1921 оны гуравдугаар сарын 3-ны өдөр хийсэн зөвлөгөөнийг “МАН-ын хурлын бичиг” гэсэн нь үүнийг уншсан хэнд ч эргэлзээ төрөхөөр байна. Э.Ринчино зөвлөгөөний протоколыг сүүлд нь засварласан бололтой. Орос эх нь зөрдөг гэнэ билээ. Оросын Зөвлөлт Засгийн төлөөний хүн Макстенек хурал дээр хэлсэн үгэндээ: “… Монгол Ардын Нам байгуулагдсанд маш их баяр хүргэсэн ….” нь МНРП нам байгуулагдсаныг гэрчилж байна. Д.Сүхбаатар хорлогдож нас барахад хувцаснаас нь МНРП намын батлах олдсон гэдэг. С.Данзангийн гэрт нууц байдалд 1920 оны зургадугаар сарын 25-ны өдөр Ардын ба Түшмэдийн намын 47 хүн хуралдаж МАН-ыг анх байгуулж мөрийн хөтөлбөрөө батлан С.Данзанг намын анхны даргаар сонгосныг түүх гэрчилдэг. 1924 оны наймдугаар сарын 30-ны өдөр МАН-ын III их хурлын 26 дахь өдөр намын дарга С.Данзанг хилсээр цаазалж маргааш нь Э.Ринчино 1921 оны гуравдугаар сарын 01-ний өдрийг МАН анх байгуулагдсан өдөр гэж хүчээр батлуулсан нь түүхэн үнэнийг үгүйсгэсэн хэрэг юм.

Эцэст нь дурдахад, миний бие нь их жанжин Д.Сүхбаатарын уг гарвалыг тодруулахаар 2016 оны дөрөвдүгээр сараас эхлэн хөөцөлдөж бичсэн нийтлэлээ “Зууны мэдээ” сонинд 2017 оны гуравдугаар сарын 15-20-ны өдрүүдийн таван дугаар дамжуулан гаргасан. Өнгөрсөн оны хоёрдугаар сарын 1-ний өдөр “Зууны мэдээ” сонины №24 (5731) дугаарт хамниган хүн болох талаар бичсэн билээ. Одоо 200 хуудас бүхий номыг хамниган судлаач С.Мөнхжаргалтай хамтарч бичээд байна. Дамдины Сүхбаатарын эцгийн овог ба ургийн омгийг мэдэх хүн одоогоор олдоогүй байгаа учир номоо хэвлүүлэх ажил хойшлогдсоор байгааг энд дурдах нь зүйтэй байх. Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат Жалцавын Жамц агсаны эхлүүлсэн ажлыг нэр төртэй үргэлжлүүлж буйдаа миний бие баяртай байдаг юм.

Хёлго бодонгууд

Цэдэндоржийн МӨНХДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Их зохиолчийн тухай ихийг өгүүлэх “Жаргаагүй нар”

Монголын шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, соён гийгүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдоржийн амьдрал уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” жүжиг саяхан Улсын драмын эрдмийн театрт тоглогдлоо. Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Шагдарсүрэнгийн Гүрбазарын бичсэн эл жүжиг үзүүштэй, ухаан бодолд уярал ухаарлын гэгээ хайрлах бүтээл болж чаджээ. Богд хаант Монгол Улс, Барон Унгерны Монгол, Хувьсгалт Монгол гээд тусгаар тогтнолоо эрж тэмцсэн таван засаглалын үед аж төрж асан түүхэн их хүмүүн Д.Нацагдоржийн тухай өгүүлэх эл жүжиг нь зохиолчийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээгдсэн түүхэн өгүүлэмж, бодол эргэцүүллийн уран бүтээл болсон байна. Хорвоод гучин нэгхэн насыг насалсан ч хязгааргүй их суу билэгт оюуны гайхамшигт их өв сангаа ирээдүй хойчдоо өвлүүлсэн түүнийг өнөө цагт бахархан мөнхжүүлэхэд энэхүү жүжгийн гол агуулга оршжээ. Жүжгийн тайзны хувьд монгол гэрийн хэлбэртэй засал, шаттай давхарлиг асар буюу их найрагчийн Герман улсад сурч байсан үеийг харуулсан байдал, мөн хоёр давхар шоронгийн гунигт ахуйг харуулсан гурван ч тайз заслыг харуулжээ.

Жүжиг Нацагдорж зүүдэлж буйгаар эхэлнэ. Зүүдэндээ ээжтэйгээ уулзаж, Магад гарахуйн сэтгэл хэмээх өөрийнхөө зүүдний дүртэй учирна. Үүгээр хүний зөн билгийн ертөнцийг харуулжээ. Зүүднийх нь өргөөнд “Өнчин цагаан ботго” хэмээх гунигт дуу эгшиглэнэ. Зургаахан насандаа эхээс өнчирсөн найрагчийн сэтгэл зүйг найруулагч Ч.Түвшин чухам зүүдний байдлаар үзүүлсэн нь сонирхолтой төдийгүй жүжгийг цаашид хөтлөх гол шугам болж өгчээ. Нацагдоржийн дүрийг жүжигчин Б.Шинэбаяр амилуулж, их зохиолчийг өнөөгийн үзэгчидтэй уулзуулав. Дорнын их боловсрол эзэмшсэн Хүрээний сайхан бүсгүй Пагмадуламд жүжигчин Н.Баярмаа тоглосон. Ээжээсээ өнчирснөө хар даран зүүдлэх Нацагдоржийн сэрэлт бол тухайн цөвүүн цаг үедээ эмзэглэсэн их хүний эмгэнэл байв. Германд сурахаар явахын урьд соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээн (соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр) тэднийд ирж монгол төрийн төлөө зүтгэх учиртайг нь хэлэхэд Нацагдорж эрдэм номд шамдах чухал буйгаа дурдан хундагатай архи өргөн барина. Цэвээн түүнээс үл амсах агаад Нацагдорж “Сархад хийхээр сайхан хүүхэн мишээдэг хундага байгаа юм” гэж хэлнэ. Энэ үг ч зохиолч Гүрбазарын зүгээр нэг урсгачихсан үг биш юм. Хожим цаг үедээ гутран бор дарсанд орсон үеэ их зохиолч ч

“Сайхан хүүхэнд тоогдох

Саруул зүсийг минь гутаав

Сайдын зэрэгт хүрэх

Сайн нэрийг минь муутгав” гэж сархдын тухай бичиглэн үлдээсэнтэй дээрх үг утга холбогдох нь дамжиггүй. “Төр өөртэйгөө орооцолдсон хүнийг нэг бол мөлхүүлдэг, нэг бол цовдолдог” гэсэн үг өнөөгийн улстөрчдөд ч холбогдох нь тодорхой. “Жаргаагүй нар”-д гарах А.Чингүний бүтээсэн Намдагийн дүр их өвөрмөц тодорхой болсон нь сайшаалтай.

Нацагдоржийн орос эхнэр Нина Шестоковад жүжигчин Б.Одгэрэл ч сайхан тоглолоо. Сайхан тоглох гэдгийн цаана жинхэнэ амьд дүр бүтээлээ гэж байгаа хэрэг л дээ. Жүжиг доторх жүжиг гэмээр хэсэг бий. Энэ бол их зохиолчийн бичсэн “Үйлийн гурван толгой” дуулалт жүжгийн хэсгүүд. Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нараа их зохиолч шоронд хоригдож байхдаа санаандаа ургуулан гэргий Нинагийнхаа эргэлтээр ирэхдээ авчирч өгсөн орос чихрийн цаасан дээр бичиглэж байна. Энэ жүжгийг сэтгэлийн долгисолд оруулж буй гол идээ нь их зохиолчийн шүлэг зохиолууд юм. Нацагдоржийн сэтгэл зүйг чухам л бүтээлүүдтэй нь холбож өгснөөр тухайн үеийн амьд Нацагдоржийг зуун жилийн дараах үзэгчдэд таниулж чадаж байгаа юм. Түүний шоронгийн шүлгүүд гэхэд бүгд хувийнх нь аж төрөл, сэтгэлийн байдал, гуниг гутрал, төр засагтаа үнэнчээ илтгэсэн нууцхан шаналлын бичээсүүд байсан билээ. “Та нар, надаас хэргим зэргийг минь булааж болно, газар шороог минь л харин хэзээ ч булааж чадахгүй” гэдэг үгийг их зохиолч хятад ший яанзны гуанзанд луухаан өвгөн, орос хувцастай байцаагч нарт хэлж “Миний нутаг”-аа уншиж буй нь ямархан эх оронч зүрх цээжинд нь цохилж байсныг гаргасан тодхон жишээ болжээ.

Жүжгийн хөгжмийн зохиолчоор ажилласан урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр хүний сэтгэлийн мэлмийг чийгтүүлэх уянгалаг аялгуугаар чимсэн нь сонссон хэнд ч тааламжтай сэтгэгдэл төрүүлэх биз. Хөгжмийн найруулгад “Цэнхэрлэн харагдана”, “Гоолингоо” дууны ард түмний дунд дуулагдаж асан эртний хэлбэрийнх нь дуулалт чимэг болсон нь лавтай. Жүжгийн туслах дүрүүдийн хувьд байцаагчид Г.Алтангэрэл, Хүн-Зөнд А.Очирбат, Галинад Г.Номуун, Цагдоржид Б.Золжаргал, харгалзагчид Р.Адьяабаатар, Борчулуунд Б.Золзаяа, Лэгцэгдоржид О.Итгэл, Содовт Ц.Төгсбилэгт, Үжийжаад Ц.Жаргалсайхан, Юндэнд Г.Ганбат, Нансалмаад Ц.Аззаяа, Хоролмаад Б.Одончимэг, Людмилад Д.Асардарь нар тоглож дүрүүдийг үнэмшилтэй амилуулсан Монголын драмын урлагт хүч түрэн орж ирж буй залуу авьяастнуудын нэгэн үе бойжсоныг харуулж байлаа. Жүжгийн зураачаар ажилласан М.Баярмагнайгийн хувьд гучаад оны үед өмсөж байсан хувцас хунарыг ч гаргууд судалсныг харуулсан уран бүтээл болжээ. Их зохиолчийн цаг үетэйгээ хийсэн сэтгэлийн их зөрчил эл жүжгийн гол өгүүлэмж болсныг дурдахгүй өнгөрвөл алдас болно.

Пагмадулам өөрийн язгууртан гарлаас болж хань нөхөр нь ахин дахин байцаагдаж хоригдох болсонд гутран хятад хороололд орогнож хар тамхинд орох болсон гунигт түүх ч энд багтаж. Нацагдорж харь үзэлтэн гэгдэж хяхагдаж хавчигдахын эрхэнд сэтгэл санаагаа засах гэж сархад хүртэн байх үед эр нөхөртөө хөөгдсөн Нина түүнтэй дотносон орчлонд ганц охиныг нь төрүүлсэн ч эрх мэдэлтнүүдийн явуулгаар нутаг буцсан нь их зохиолчид сэтгэлийн ямархан аймшигтай цохилт болсныг жүжигт өр өвдөм дүрслэн үзүүлжээ. Нацагдорж “Ананда Шри гэдэг чинь Аз жаргалын увдис гэсэн санскрит үг. Охин минь миний аз жаргалын увдис” хэмээн өөртөө өгүүлж, жүжгийн эхэнд Магад гарахуйн сэтгэл хэмээх өөрийнхөө дүртэй учирснаар жүжиг төгсөж буй нь цаанаа учиртай юм. Тэрээр магад гарахуйн сэтгэлээр аз жаргалын увдисыг хайсан эрэлчин байсан ч аж төрж байсан цаг үедээ үл тоогдон эмгэнэлтэйгээр орчлон сэлгэснийг “Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжигт харуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана

НӨАТ-ын урамшууллын 2019 оны хоёрдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг энэ сарын 17-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2019 оны нэгдүгээр сарын 01-ээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Хамтарсан зөвлөгөөн болов

Тээврийн прокурорын газраас Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба, Буянт-Ухаа дахь Гаалийн газрын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий удирдах албан тушаалтнуудад зориулсан зөвлөгөөн зохион байгууллаа.

Зөвлөгөөний үеэр 2018 онд шалган шийдвэрлэсэн зөрчлийн тоо мэдээ, зөрчил шалган шийдвэрлэх эрх зүйн хэлбэр, тэдгээрийг хуульд хэрхэн нийцүүлэх, цаашид анхаарах асуудлуудын талаар мэдээлэл өгч, санал солилцов.

Categories
мэдээ нийгэм

Худалдаа, үйлчилгээний салбар хариуцсан мэргэжилтнүүд мэргэшсэн шинжээчийн сургалтад хамрагдлаа

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан уг хуулийг хэрэгжүүлэх, хэрэглэгчдийг чанартай, аюулгүй, тохирлын баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн эрх, ашгийг хамгаалах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоолоор “Тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт”-ыг баталж нийт 181 зүйлийн бүтээгдэхүүн, 16 нэр төрлийн үйлчилгээг тохирлын баталгаанд заавал хамруулахаар тусгасан.

Дээрх 16 нэр төрлийн үйлчилгээнд багтсан хүнсний худалдаа, нийтийн хоолны газрууд, үсчин, гоёлын гоо засал, халуун ус, саун, хими цэвэрлэгээ зэрэг ахуйн үйлчилгээний газруудыг тохирлын баталгаанд хамруулахад шаардлагатай мэргэшсэн шинжээч бэлтгэх, эрх олгох сургалтыг 2019.02.13-2019.02.15-ны хооронд Стандарт, хэмжил зүйн газраас зохион байгуулж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн салбар хариуцсан мэргэжилтнүүд хамрагдлаа.

Categories
мэдээ нийгэм

Уулзалт-хэлэлцүүлэг зохион байгууллаа

Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний өнөөгийн байдал, анхаарах асуудал” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уулзалт хэлэлцүүлэгт ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газар, Нийгмийн эрүүл мэндийн газар, Нийслэл, дүүргийн Эрүүл мэндийн төв, аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга /онлайнаар/ нар болон Мэргэжлийн хяналтын байгууллагын эрүүл мэндийн хяналтын улсын байцаагчдын төлөөллүүд оролцов. Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2018 онд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт, “Хүнсний аюулгүй байдал-Иргэн таны төлөө” аяны хүрээнд худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтнууд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан байдалд тандалт, урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн юм. Шалгалтаар 499 аж ахуйн нэгж, 199 иргэн буюу нийтдээ арван мянган ажлын байран дахь иргэд хамрагдснаас 25 хувь нь эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдаагүй, товчоор хэлбэл “дэвтэргүй” байсан зэрэг зөрчил дутагдлууд илэрчээ. Уг шалгалтын дүнг тус хэлэлцүүлгийн үеэр танилцуулж, цаашид анхаарах асуудлуудыг мөн хэлэлцэв.

Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэг ясли, ЕБС-ийн 1-5 ангийн багш нар, худалдаа үйлчилгээний байгууллагын бүх шатанд ажил үйлчилгээ явуулж буй хүмүүс тэрчлэн ус түгээх байрны ажилтан, жолооч ариутгагч, бассейны сургагч багш, массажист зэрэг 12 төрлийн ажил үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүс энэхүү урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахаар заажээ. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаар та өөрийгөө болон өрөөлийг эрсдэлээс бүрэн хамгаалах боломж бүрдэх юм.

Categories
мэдээ спорт

АНУ-ын баг хожлоо

NBA-ын Бүх оддын тоглолт өнөөдөр залуу оддын тоглолтоор эхэллээ. Бүх оддын тоглолт энэ сарын 18-нийг хүртэлд үргэлжлэх бөгөөд Шарлотта хотын “Spectrum Center”-т болж байгаа юм. Залуу оддыг 2015 оноос хойш АНУ, дэлхийн багт хуваан тоглуулж эхэлсэн бөгөөд өмнөх дөрвөн жилд дэлхийн баг гурав, АНУ-ын баг нэг удаа хожоод байсан юм. Харин энэ удаад АНУ-ын баг дэлхийн багийг 161:144-өөр хожиж, хожлын харьцаа 3:2 боллоо. 2019 оны залуу оддын тоглолтын шилдэг тоглогчоор NBA-д хоёр дахь жилдээ тоглож буй Los Angeles Lаkers багийн тоглогч Кайл Кузма шалгарлаа. Тэрээр 35 оноо авснаар ийнхүү шилдэг тоглогчийн шагналыг хүртэх эрхтэй болсон юм.

Дэлхийн багт 10 орны тоглогчид орсон бол “Сакраменто Кингс” багийн гурван тоглогч залуу оддын тоглолтод багтаж, бусад багуудаа тэргүүлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд С.Мөнхчулууныг хотын даргаар батламжлахаас татгалзав

НИТХ С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгосон. Улмаар энэхүү шийдвэрээ батламжлуулахаар Ерөнхий сайдад илгээсэн юм. Ерөнхий сайд НИТХ-ын энэхүү албан бичигт өчигдөр хариу өгчээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “НИТХ-ын хурлын ээлжит бус VI хуралдаанаас нийслэлийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар томилохоос татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Нэр дэвшигчийг Ерөнхий сайд батламжлаагүй учраас НИТХ дахин хуралдаж энэхүү асуудлыг хэлэлцэх юм. Улмаар Ерөнхий сайд НИТХ-ын дараагийн шийдвэрт ажлын тав хоногийн дотор хариу өгөх хуулийн зохицуулалттай.

Ерөнхий сайд С.Мөнхчулууныг хотын даргаар батламжлахаас татгалзлаа