Categories
мэдээ спорт

Г.Наранцэцэг, Б.Ганхайч хоёр алтан медаль хүртлээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулсан “European Judo Open Oberwart” тэмцээн өчигдөр Австрийн Оберварт хотод боллоо.
Энэхүү Европын нээлттэй тэмцээнд 35 орны 199 эмэгтэй жүдоч өрсөлдсөнөөс Монгол Улсын баг тамирчид хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаар хоёрдугаар байр эзлэв. Тэмцээний 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, 63 кг-д Б.Ганхай нар алт, 52 кг-д Л.Сосорбарам мөнгөн медаль хүртлээ. Мөн 57 кг-д Л.Энхрийлан шагналт тавдугаар байр эзэлжээ. Г.Наранцэцэг Их Британи, Польш, ОХУ, БНХАУ, Б.Ганхайч Австри, Польш, Бразилын бөхчүүдийг ялж, аваргын алтан медаль хүртсэн байна. Мөн 57 кг-ын жинд хамгийн олон буюу 40 бөх барилдсанаас Л.Энхрийлэн Австри, Серб, Унгарын бөхчүүдийг ялсан ч Польшийн Анна Боровска, Японы Кана Томизавад ялагдан шагналт тавдугаар байрт орсон байна. Австрийн баг тамирчид хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Монгол, БНХАУ, Япон, Польшийн багууд удаалжээ.


Categories
мэдээ цаг-үе

Психоанализийн эцэг Зигмунд Фрейд

Дэлхийн алдартай эрдэмтэн, эмч, онолын болон хэрэглээний психоанализийг үндэслэгч Зигмунд Фрейдийг онцолж байна. Тэр өөрийгөө шинжлэх ухааныг байлдан дагуулагч гэдэг байж. Тийм ч чинээлэг биш арьс ширний худалдаачны гэр бүлд тухайн үед Австрид харьяалагдаж байсан Моравии хотноо Фрайберг хэмээх газарт мэндэлсэн эрдэмтний бага насны амьдрал ээдрээтэй байсан тухай намтар судлаачид онцолж бичицгээдэг. Академич, сэтгэл засалч Д.Эрдэнэбаатартай Зигмунд Фрейдийн тухай хөөрөлдсөн ярилцлагаа энэ сэдвээр эхэллээ.


-Психоанализийг үндэслэгч Фрейдэд бага насных нь амьдрал гүнзгий нөлөө үзүүлсэн гэх судлаачдын дүгнэлтээр ярилцлагаа эхлэх үү?

-Тэр еврей хүн байсан. Австрийн нэг жижигхэн тосгоны хүү. Фрейдийн аав Якоб Фрейд Галицигээс гаралтай. Ээж Амалия нь нөхрөөсөө олон дүү, анхны хүүхдээ төрүүлэхдээ 21 ч хүрээгүй байж. Амалия Якоб Фрейдийн хувьд хоёр дахь гэрлэлт нь. Эхний эхнэрээс нь төрсөн хүүхдүүд хоёр дахь эхнэртэй нь үе шахуу байж. Ээж нь аавынх нь өмнөх эхнэрийн хүү Филипптэй дотно харилцаатай байсан гэх яриа таамаг дуулддаг. Энэ харилцаа олонд ил болсон учраас Вена руу шилжин суурьшсан ч гэдэг. Гэхдээ Фрейдийн албан ёсны намтарт өөр тайлбар байдаг л даа. Аж үйлдвэржилтээс болж гэр бүлийн бизнес нь дампуурсан учраас шилжсэн гэдэг. Төрсөн дүү нь болох Юлиус найман сартайдаа нас барсан нь Фрейдэд гэмтэй байсан гэх мэдрэмж, буруугаа хүлээх сэтгэгдлийг үлдээсэн гэсэн тайлбар бий. Бүр хожим энэ тухайгаа “Буруутай гэх мэдрэмж сэтгэл мэдрэлийн олон төрлийн өвчний эхлэл болдог. Ингэхдээ тухайн хүний бага нас ямар байсан нь чухал биш. Аз жаргалтай, эмгэнэлтэй байсан эсэхээс үл хамаарах зүйл” гэсэн нь бий.

-Ээжийн хайртай хүү байсан учраас ээжийгээ нас барахад сэтгэлийн гүнзгий гутралд орсон гэдэг байх аа?

– Жаахнаасаа бичиг үсэг сурч, гадаад хэл үзэж, найман настайдаа Шекспирийг эх хэлээр нь уншиж байсан хүүдээ Амали маш их хайртай байж. Фрейд грек, латин, франц, англи, итали, испани хэлээр ярьж, яруу найрагч, философич, жүжгийн зохиолчдын сонгодог бүтээлийг уншиж байсан тухай намтарт нь бий. Наснаасаа нэг жилээр өмнө буюу естэйдөө гимназид элссэн хүүгийн шинжлэх ухааныг хөнгөхөн түвэггүй ойлгодог чанар нь ангийнхных нь атаархлыг төрүүлдэг байсан гэдэг. Хамгийн ойр хүн нь учраас ээжийгээ нас барахад ихэд эмгэнэж сэтгэл гутралд орж байсан юм билээ. Тухайн үед Австрид еврейчүүд тодорхой хэдхэн мэргэжил эзэмших боломжтой байсан юм. Хууль, цэрэг, анагаах ухаан гээд. Тэр жишгээр Фрейд анагаахын сургуульд орсон. Мань эрд эмч болох хүсэл төдийлөн байгаагүй. Ер нь үхэн үхтлээ эмчийн мэргэжилд гүнзгий ороогүй. Оюутан үедээ судалгааны ажил хийх дуртай байсан нь намтраас нь харагддаг. Удирдаж ажилласан профессор нь сургуулиа төгсөөд судалгаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй Зигмундад мөнгө олох газар ажилла гэж зөвлөөд клиникт ажиллахад нь нөлөө үзүүлсэн байдаг. Мэс заслын болон арьс өнгөний эмчээр ажиллаж байгаад сонирхолгүй гээд орхисон бол мэдрэлийн эмч хийхдээ сэтгэцийн өвчтөнүүдтэй ажиллаж, ховсыг эзэмшсэн. Сүүлдээ ховсоор бүхнийг эмчилж болохгүй нь гээд өөрийнхөө аргыг гаргаж ирсэн нь психоанализ. Сэтгэл заслын аргыг шинжлэх ухааны байр сууринаас нэвтрүүлсэн нь анагаахын салбарт том хувь нэмэр болсон. Фрейдтэй холбоотой нэг асуудал бол мань хүн кокайн их хэрэглэдэг байсан.

-Кокайн их хэрэглэдэг байсан гэхээр кокайнист болчихсон гэсэн үг үү?

-Кокайнист болчихсон байсан. Зигмунд “Гаж хэрнээ гүн сэтгэгдэл төрүүлсэн тухайн үед тийм ч нэртэй биш байсан алкалойдын төрөл болох кокаины физиологийн үйлчилгээг судлах боломж 1884 онд гарсан юм” гэж бичсэн байдаг. Тухайн үед Германы цэргийн нэг эмч кокайнтай усыг цэрэг рүү цацахад эрч хүчтэй болж ирсэн талаар илтгэл бичсэн нь олны анхаарал орсон байдаг л даа. Фрейд тэр бодисыг өөр дээрээ туршиж үзэхээр Германы Мерк хотоос авчирч байж. Бага зэргийн тунг уухад ажиллах чадвар нэмэгдүүлж байсныг илрүүлж л дээ. Тухайн үеийн эрдэмтэд кокайныг мэдрэлийн гаралтай өвчин, зүрх судасны өвчнийг эмчлэхэд үр дүнтэй гэж үзэж байсан гэх баримт бий. Зигмунд Фрейд дараа нь энэ бодисыг өвчин намдаах өндөр үйлчилгээтэйг олж тогтоож. Үйлчлүүлэгчдэдээ, найздаа хүртэл кокайныг эмчилгээний чанартай гэж санал болгосон байдаг юм. Анагаах ухаан бүр сүүлд хар тамхины төрөл болохыг нь баталж, хор хөнөөлийг нь илрүүлсэн л дээ. Кокайны хор хөнөөл батлагдсаны дараа эмч нар Фрейдийг архидалт, хар тамхины дараахь гурав дахь том аюулыг оруулж ирсэн гэж буруутгасан.

-Сэтгэл гутралтай байсан гэж түрүүн цухас дурдсан. Бага насных нь амьдрал, ээжийнх нь үхэл, кокайн нөлөөлсөн байж мэдэх юм. Хамгийн том нөлөө нь юу байсан бол?

-Амьдралдаа өндөр зорилго тавьсан ч түүндээ хүрч чадаагүй гэх шалтгаан гутралд нь нөлөөлсөн гэж үздэг. Дэлхийн нэгдүгээр дайн эхлэнгүүт үүсгэн байгуулсан Психоанализийн нийгэмлэгийнх нь үйл ажиллагаа суларч, шавь нар нь үзэл бодол зөрөлдсөний улмаас холдож, үйлчлүүлэгчдийнх нь тоо цөөрсөн учраас сэтгэл гутралд орсон л доо. Гутрал гэдэг бол донтолтын нэг шинж. Тэгэхээр түүнийг сэтгэцийн хувьд асуудалтай хүн байсан гэж харах үндэстэй. Фрейдийн сэтгэлийн гүн хямралд орсон үе нь 1890 оны төгсгөл. Энэ үед тэр психоанализын шинэ аргыг өөр дээрээ туршсан байдаг.

-Фрейдийн нээсэн онол, анхаарал татсан бүтээлүүдийнх нь тухай сонирхуулаач?

-Фрейдийн гаргаж ирсэн бас нэг ойлголт нь Эдипийн комплекс. Хүүхэд төрлөө гэхэд эрэгтэй хүүхэд ээжтэйгээ, эмэгтэй хүүхэд аавтайгаа сэтгэлийн холбоотой байдаг. Тэр утгаараа аавыгаа ээжтэйгээ харддаг, дайсагнадаг. Дараагийн гаргаж ирсэн зүйл нь трансфер. Жишээ нь, би хэн нэгэнд дургүй байлаа гэхэд надтай амьдарч буй хүн нөгөө нөхөрт дургүй болдог юм байна л даа. Бас зугтаах дайсагнах, дуугүй болох гэх мэт сэтгэл зүйн хамгаалалтын онолуудыг гаргасан. “Зүүдний мөн чанарын тухай” гэсан бүтээл бий. Фрейд зүүдний тайлал дээр нэлээд ажилласан байдаг. Психоанализ аливаа зүйлийг бэлгийн чиг хандлага, бэлгийн амьдрал, бэлгийн сэтгэл зүйтэй холбох гээд байдаг онцлогтой. Тэр нь зүүдний тайлал дээр нь анзаарагддаг. Үзүүртэй юм гэхээр эр хүний бэлэг эрхтэн, ямар нэг байдлаар нүхтэй байвал үтрээ гэх мэтээр холбож тайлбарласан нь бий. Бүх зүйлийг энэ мэтээр тайлбарлах хандлага тод харагддаг. Сэтгэл гутралын үедээ Фрейд зүүдээ тайлахыг оролдож байсан. Хэт өөрийн гүн би гэдэг рүүгээ, дотоод ертөнц рүүгээ орсон үедээ зүүдээ тайлахыг оролдож байсан гэдэг. Өөртөө анализ хийсэн судалгааны дүнгээ “Зүүдийг тайлах нь” номондоо бичсэн байсан. Үүнийг Фрейдийн оригиналь бүтээл хэмээдэг.

-Хүмүүс энэ бүтээлийг нь яаж хүлээж авсан бол?

-Зөгнөлт инээдмийн ном мэтээр хүлээж авсан тухай шавь нарынх нь нэг хэлсэн байдаг юм. Гэхдээ Фрейдийн хувьд энэ бүтээл нь ялалт болсон. Учир нь энэ бол хүний сэтгэхүйг судлах аргуудын судалгааны эхлэлийг тавьсан бүтээл.

-Ховсоор өвчин эмчилж болохыг олж харсан хүн гэж та түрүүн сонирхуулж байсан. Жаахан тодруулаач?

-Фрейдийн бас нэг том ажил нь сэтгэл мэдрэлийн эмч, неврологич Шарко дээр дадлага хийж байхдаа ховсоор стери өвчнийг эмчилж болох юм байна гэдгийг олж харсантай холбоотой. Стеригийн судалгаанд анхаарсан нь ийм шалтгаантай.

-Стери гэдэг нь ямар өвчин бэ?

-Стери гэдэг нь огцом уурлаж уйлах гэх мэт сэтгэлийн цочмог хөдлөлтэй хамаатай. Эрүүл хүн огцом уурласан ч биеэ барьж чаддаг бол стеритэй хүмүүс өөрийгөө барьж чаддагүй. Тэр нь янз бүрийн байдлаар стерийн шалтгаант хэлгүйрэл, дүлийрэл, таталт, уналтууд өгдөг. Стерийн уналт хэцүү. Хойшоо нумарч унадаг. Тэр үед ухаан нь саруул байдаг ч биеэ хянаж чаддаггүй. Флепсийн уналт бол өөр. Уналт өгсөн хүн унаснаа санадаггүй юм. Миний эмчилгээнд стерийн тохиолдол таарч байсан.

-Стерийн уналтын тохиолдолтой таарсан гэж үү?

-Тийм. Арваад жилийн өмнө Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт намайг дуудлаа. Яг тийм тохиолдолтой таарсан. Ховсдсон чинь маргааш нь босоод ирсэн нь л дээ. Тухайн үед нэгдүгээр эмнэлгийнхэн гайхаж л байсан.

-Фрейдийн аргаар эмчилжээ?

-Тэгсэн.

-Хүн төрөлхтний хөгжилд нөлөөлсөн хувь нэмэр нь гэвэл та юуг онцлох вэ?

-Үл ухамсарлахуйн ойлголтыг гаргаж ирсэн нь хорьдугаар зууны хүн төрөлхтний хөгжилд оруулсан хамгийн том хувь нэмэр гэж үздэг. Учир нь тэр сэтгэл судлалд үл ухамсарлахуй гэдэг ойлголтыг оруулсан. Үл ухамсарлахуй хүнийг тодорхойлдог, хүний амьдралын бүх асуудал үл ухамсарлахуйд хадгалагдаж байдаг учраас үл ухамсарлахуйд нэвтэрснээр асуудлуудыг нь гаргаж ирэх боломжтой гэдэг санааг анх гаргасан хүн.

-Үл ухамсарлахуй руу нэвтэрнэ гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Нэг бол Шаркогийнх шиг ховс хийнэ. Эсвэл Фрейдийн гаргасан психоанализ буюу чөлөөт нийлэмжийн онолын дагуу шийднэ. Фрейд үйлчлүүлэгчээ хэвтүүлж байгаад үг хэлүүлдэг. Хүссэн үгээ хэлээд бай л гэдэг. Үйлчлүүлэгчийнхээ хэлсэн үг бүрийг бичиж тэмдэглэж авах, дэмжиж яриулах л үүрэгтэй. Өнөө хүн элдэв үг хэлсээр байгаад сүүлдээ үл ухамсарлахуйтай холбоотой үгсээ хэлж эхэлдэг. Ингэсний эцэст үл ухамсарлахуйн шалтгааныг нь мэдэж авдаг. Шалтгааныг нь мэдсэн тохиолдолд тухайн хүн дотоод асуудлаасаа чөлөөлөгддөг. Өөрөөр хэлбэл тухайн хүний асуудлууд шийдэгддэг. Дотоод асуудлаас чөлөөлөгдөх энэ процессыг катарсис гэдэг. Энэ бол яах аргагүй анх удаа сэтгэл заслын шинжлэх ухаанч байр сууринаас хандсан хандлага. Фрейдийн хувьд сэтгэл засал өртөг өндөртэй эмчилгээний арга байсан. Тийм учраас мөнгөтэй хүмүүс их очдог байж л дээ. Цаг хугацаа их ордог эмчилгээний арга.

-Хэр хугацаанд хүнийг бүрэн эмчилдэг байсан юм бол?

– 3-5 жил. Нөгөө талаар Фрейд шавь нартаа бас тийм шаардлага тавьдаг байсан. Шавь нараараа зогсохгүй шавь нарынхаа дотны хүмүүст нь хүртэл заавал психоанализ хийлгэх ёстой гэсэн шаардлага тавьдаг байсан юм.

-Өнөө үед ийм удаан хугацаанд засал хийх аргыг хэрэглэдэггүй биз дээ?

-Эрс цөөрсөн. Орчин үеийн сэтгэл засалд баримталдаг гол зүйл бол аль болох үр дүнтэй богино хугацааг чухалчилж байна. Стратегийн богино хугацааны сэтгэл засал ч гэдэг юм уу тэр зүг рүү хандах болсон. 500 гаруй төрлийн сэтгэл заслын урсгал байдаг гэж үздэг. Эмч нар өөрсдийнхөө хэрэглэдэг хэд хэдэн аргаас өөрсдөдөө таалагдсан аргуудыг нийлүүлээд ашигладаг. Түүнийг нь эклектик гэж тодотгодог.

-Фрейд өөрт нь хандсан өвчтөнүүдийн тухай “Тэд тохиолдсон үйл явдлынхаа гол юмнуудыг ярихдаа ихэвчлэн сексийн үед авсан мэдрэмжүүдээ дурдсан, тэр нь давамгай байсан” гэж ярьж бичсэн нь тухайн үедээ шуугиан шүүмжлэлийн бай болсон гэдэг байх аа?

-Мэдрэлийн гаралтай өвчнийг ихэвчлэн бэлгийн амьдралтай нь холбож судалж байсан. Бэлгийн амьдралаас хөндийрөх нь сэтгэцийн хямралд хүрэх гол шалтгаан болдог гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Үүнээс нь болж 1890 оны дундуур академи тэр чигээрээ Фрейдийн эсрэг зогссон нь үнэн түүх. Дотны найз Йозеф Брейер нь “Чиний энэ ажлын нэг ч үгэнд би итгэхгүй байна” гэсэн байдаг юм. Венад илтгэл тавихад мэргэжил нэгтнүүд нь хүйтнээр хүлээж авч, тухайн цагийн алдартай мэдрэл эмгэг судлаач Рихард фон Крафт-Эбинг “Үлгэр шиг юм ярьж байна” гэж ундууцсан удаатай. Дэмийрэл болон сэтгэцийн хямралын үндэс нь секстэй холбоотой гэсэн судалгааны баталгаанаасаа болж Венийн анагаахын нийгэмлэгээс хөөгдсөн ч тэр байр сууринаасаа татгалзахыг хүсээгүй.

-Дэлхийн хоёрдугаар дайны үед Германы Засгийн газар цагаачлах эрх өгөхгүй нэлээд асуудал болсон гэдэг билүү?

-Психоанализтай холбоотой сэтгүүлүүдийг хааж, Фрейдийн бүтээлүүдийг устгаж байсан нацистууд охиныг нь баривчилсан л даа. Дараахан нь Германаас Англи руу явах гэтэл явуулахгүй гэсэн хариу сонссон. Явбал их хэмжээний татвар төлж яв гэсэн шаардлага тавьсан байдаг юм. Тэр мөнгийг нь Фрейдийг шүтэгч Францын гүнж Мари Бонапарт төлсөн түүх бий. Тухайн үед маш олон хүн Герман Засгийн газарт хандаж Фрейдэд цагаачлах эрх олгооч гэж хандсан гэдэг. Ингээд Англи руу цагаачилж, дараа жил нь буюу 1939 онд өвчин нь хүндэрч, өөрийнхөө хүслээр морфин тариулан нас барсан түүхтэй.


Categories
мэдээ нийгэм

Архангай аймагт 4,6 магнитудын хүчтэй газар хѳдөлжээ

Архангай аймгийн Өлзийт сумын нутанд өчигдөр өдөр 4,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 7033105 утсанд Ѳлзийт сумаас зүүн урд зүгт, Ямаат багийн нутаг дэвсгэрт 4,6 магнитудын хүчтэй газар хѳдлѳлт болсон тухай мэдээлэл 13.48 цагт ирсэн байна. Ямаат баг нь Архангай аймгийн тѳвѳѳс 120 км-ын зайтай бѳгѳѳд тус аймгийн тѳвийн зүүн дэнж буюу Цогт-Уул, Бор толгой мѳн Прокурорын байр зэрэг орчимд байшин доргих, тавилга савлах чичирхийлэл мэдэгджээ.
Газар хөдлөлтийн төв нь сумын төвөөс зүүн урагш 28 км-ийн зайд, өргөрөгийн 47.88, уртрагийн 102.79-т байсан аж. Энэ нь хүн малгүй эзгүй хээр газар бөгөөд газар хөдлөлтийн улмаас ямар нэг хохирол учраагүй байна.

Categories
мэдээ нийгэм

Энэ онд цаг ашиглалтын судалгаа хийнэ

Үндэсний статистикийн хорооноос энэ онд цаг ашиглалтын судалгааг орон даяар зохион байгуулахаар болжээ. Өчигдөр болсон тус хорооны даргын зөвлөлийн хурлаар энэхүү судалгааны үзэл баримтлал, асуулга, ангиллыг хэлэлцэн баталсан байна.

Цаг ашиглалтын судалгаанд бага насны хүүхдүүд ханиад, томуугаар өвчилснөөс үүдэн эцэг, эхчүүд эдийн засгийн хувьд хэчнээн цаг хугацаа, мөнгө зарцуулж байгааг тодруулах нэмэлт бүлэг асуулга нэмэгдсэн аж. Монгол Улсын Статистикийн тухай хуульд заасны дагуу цаг ашиглалтын судалгааг 2019 онд дөрөв дэх удаагаа зохион байгуулах гэж байгаа нь энэ юм. Манай улс цаг ашиглалтын судалгааг 2000 онд туршилтын байдлаар явуулсан бөгөөд 2004 онд Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар 2007 онд анх удаа үндэсний хэмжээнд 3200 өрх, 2011 болон 2015 онуудад 4000 өрхийг тус тус хамруулан явуулсан байна. Энэ удаагийн судалгаанд 5 бүсийг төлөөлүүлэн 4000 өрхөөс мэдээллийг цуглуулах юм.

Манай улсын эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлийн талаарх тоо мэдээлэл нь гол төлөв зах зээлийн үйл ажиллагаанд хүн амын зарцуулж байгаа цагийг тооцож үнэлэх боломжийг олгодог бол цаг ашиглалтын судалгаа нь өрхийн түвшинд эдийн засгийн бус үйл ажиллагаанд зарцуулж байгаа цагийг тооцож үнэлэхэд ашиглагдах мэдээллийн нэг гол эх үүсвэр ажээ. Цаг ашиглалтын судалгааны гол ач холбогдол нь хөлсгүй хөдөлмөрт өрхийн гишүүдийн зарцуулж байгаа цагийг тодорхойлж гаргах, хүн амын цаг зарцуулалтын ерөнхий дүр зургийг гаргах, өрхийн түвшинд бий болж байгаа нэмэгдэл өртгийг тооцох, ҮТС-д шаардлагатай тоо мэдээллийг гаргах түүнчлэн бодлого боловсруулахад хэрэгцээтэй тоо мэдээллээр хангахад чиглэгджээ.

Цаг ашиглалтын судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг 2019 оны 3, 6, 9, 12 дугаар сарын 3 дахь долоо хоногт зохион байгуулах бөгөөд мэдээлэл цуглуулалтад таблет ашиглан ярилцлага хийх (computer assisted personal interview – CAPI) болон цаасан асуулга ашиглан ярилцлага хийх (paper assisted personal interview – PAPI) аргыг хослуулан ашиглах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Менингококкын халдвараас сэргийлье

Дэлхийн улс орнуудад менингококкт халдвар жилд дунджаар 500.000-1.200.000 тохиолдол бүртгэгдэж, 50-135 мянган хүн нас бардаг гэсэн судалгаа бий. Манай улсад 1950 оноос хойш менингококкт халдварын гурван удаагийн томоохон дэгдэлт бүртгэгдсэн байдаг.

Сүүлийн таван жилд менингококкт халдварын өвчлөл Орхон, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Архангай аймаг болон нийслэл хотод 0-5 хүртэлх насны хүүхдийн дунд бүртгэгджээ. Уг өвчлөл 3-4 дүгээр сар болон 9-11 дүгээр саруудад зонхилон тохиолдож, гол төлөв А, В, С, W135 хүрээний нянгаар үүсгэгдсэн байна. Менингококкт халдвар нь амьсгалын замаар дамжин халдварладаг тул дэгдэлт хэлбэрээр тархвал нас баралт өндөртэй өвчин юм.

Уг өвчлөл 3-4 дүгээр сар болон 9-11 дүгээр саруудад зонхилон тохиолдож, гол төлөв А, В, С, W135 хүрээний нянгаар үүсгэгдсэн байна. Менингококкт халдвар нь амьсгалын замаар дамжин халдварладаг тул дэгдэлт хэлбэрээр тархвал нас баралт өндөртэй өвчин юм.

Нийслэлд энэ оны эхний хоёр сарын байдлаар, менингококкт халдвараар 1-4 насны хүүхдийн гурван тохиолдол бүртгэгдсэн тул өвчлөлөөс сэргийлье.

Categories
мэдээ эдийн-засаг

Малын гаралтай түүхий эдийн үнэ ханш

Малын зах зээлийн дундаж үнийн мэдээллээр энэ оны нэгдүгээр сард ат Дундговь аймагт хамгийн их буюу 1.2 сая төгрөг, Дорнод аймагт хамгийн бага буюу 730.0 мянган төгрөг, соёолон үрээ Баян-Өлгий аймагт хамгийн их буюу 983.3 мянган төгрөг, Хөвсгөл аймагт хамгийн бага буюу 599.5 мянган төгрөг, хязаалан шар Сүхбаатар аймагт хамгийн их буюу 1.2 сая төгрөг, Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 583.3 мянган төгрөгийн үнэтэй байна. Нас гүйцсэн эр хонины дундаж үнэ Улаанбаатар хотод хамгийн их буюу 170.0 мянган төгрөг, Увс аймагт хамгийн бага буюу 111.7 мянган төгрөг, нас гүйцсэн эр ямааны дундаж үнэ Төв аймагт хамгийн их буюу 124.4 мянган төгрөг, Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 81.7 мянган төгрөг байна.
Мал аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээллээр 2019 оны нэгдүгээр сард үхрийн 2 метрээс дээш урттай ширний дундаж үнэ Улаанбаатар хотод хамгийн их буюу 17.0 мянган төгрөг, Төв аймагт хамгийн бага буюу 8.0 мянган төгрөг, бусад аймагт 9.0-15.0 мянган төгрөг байна.
Адууны ширний дундаж үнэ Улаанбаатар хотод хамгийн их буюу 16.0 мянган төгрөг, Дорнод аймагт хамгийн бага буюу 7.0 мянган төгрөг, бусад аймагт 7.5-10.0 мянган төгрөг байна.
Хонины ноостой нэхийний дундаж үнэ Улаанбаатар хот, Баян-Өлгий, Дундговь аймагт хамгийн их буюу 2.0 мянган төгрөг, бусад аймагт 0.5-1.5 мянган төгрөг байна. Ямааны ноолууртай арьсны дундаж үнэ Говь-Алтай аймагт хамгийн их буюу 41.5 мянган төгрөг, Баян- Өлгий аймагт хамгийн бага буюу 20.0 мянган төгрөг, бусад аймагт 32.4-41.0 мянган төгрөг байна. Ямааны цагаан ноолуурын нэг килограммын дундаж үнэ Улаанбаатар хот, Завхан аймагт хамгийн их буюу 90.0 мянган төгрөг, Сүхбаатар аймагт хамгийн бага буюу 45.0 мянган төгрөг байна.

Categories
мэдээ нийгэм

Аймгуудад түргэний машин хүлээлгэн өгөв

Хүн амын эрүүл мэндийн төлөө, ялангуяа алслагдсан орон нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн салбарын парк шинэчлэлийн хүрээнд өнөөдөр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн яамнаас 21 аймгийн эрүүл мэндийн газарт түргэн тусламжийн автомашин гардуулж өглөө.


Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ яаралтай тусламжийг хэдий чинээ богино хугацаанд үзүүлж чадна, төдий хэмжээнд эрсдэлийг бууруулж байдаг учраас түргэн тусламжийн автомашин хамгийн чухал үүрэгтэй. Орон нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор хэнийг ч орхигдуулахгүй байх гэсэн ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу ажиллаж, нэн шаардлагатай байсан түргэн тусламжийн автомашиныг олгож байгаа гэлээ.

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын жолооч Ө.Наранбаатар :

Өргөн уудам газар нутгийн 80 хувийг хамарч, 10 мянга гаруй хүн амд хүрч, 300 км-ийн радиуст дуудлагад явдаг тул түргэний машин нэн шаардлагатай байлаа. Жилд бид дунджаар 1000 орчим дуудлагад явдаг. Манай нөхцөлд бол хэвтрийн хүн зөөх, осолд орсон хүнийг зөөх, даваа гүвээ давахад туулах чадвартай сайтай машин хамгийн тохиромжтой байдаг.

Увс аймгийн Эрүүл мэндийн газрын жолооч С. Мягмарсүрэн:

Би байгууллагадаа 33 дэх жилдээ жолоочоор ажиллаж байна. Хөдөө орон нутагт уултай, хадтай маш их бартаатай замаар явдаг учраас туулах чадвар сайтай машин л хэрэгтэй байдаг. Машиндаа запас сэлбэг хийж, засаж янзалж явсаар 9 жилийн дараа шинэ машинтай болж байгаадаа баяртай байна.

Categories
мэдээ нийгэм

Шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын ажил ирэх сарын нэгнээс эхлэнэ

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил ирэх сар буюу гуравдугаар сарын 1-ээс эхлэхээр болжээ. Ажлын хэсгийнхэн өчигдөр газар дээр нь очиж, бэлтгэл ажлуудтай нь танилцсан байна. Цэвэрлэх байгууламжийг гурван жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулах юм.

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд төслийн ажлыг гүйцэтгэхэд талууд тус бүр 50 хувийн оролцоотой байна. Түүнчлэн төслийн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах барилгын материал, тоног төхөөрөмжийг Монгол Улсад үйлдвэрлэж байгаа дотоодын үйлдвэр, ААН, байгууллагуудаас ханган нийлүүлэхээр тусгасан.

Одоогийн төв цэвэрлэх байгууламж өдөрт 160-200 мянган ам.дөрвөлжин бохир усыг хүлээн авч механик биологийн цэвэрлэгээг хийж, хлор болон хэт ягаан туяагаар халдваргүйжүүлж, Туул голруу нийлүүлж буй.

Шинэ цэвэрлэх байгууламж 250 мянган ам.дөрвөлжин бохир усыг өдөрт хүлээн авах хүчин чадалтай байх юм.

Categories
мэдээ нийгэм

Маргааш гадаадад тэтгэлгээр суралцгаая өдөрлөг болно

Гадаадад тэтгэлгээр суралцах хүсэлтэй хэн бүхэнд зориулан хилийн чанадад суралцаж байгаа болон суралцаж төгссөн залуус маргааш Тусгаар тогтнолын ордонд мэдээлэл зөвлөгөө өгнө.

Энэхүү өдөрлөгт хамрагдсанаар АНУ, БНХАУ, ОХУ, БНСУ, Япон, Их Британи, Турк, Тайвань, Вьетнам, Герман, Австри ,Австрали, Украин улсын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломж, тухайн улсад суралцах шалтгаан, онцлог гэх мэт мэдээллүүдийг үнэн бодитойгоор, ямар нэгэн дундын зуучлалгүйгээр авах боломжтой юм байна.

“Гадаадад тэтгэлэгтэй суралцацгаая” өдөрлөгийг Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ, Гадаад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл хамтран зохион байгуулж буй аж.

Categories
мэдээ эдийн-засаг

МҮХАҮТ-ын шинэ ерөнхийлөгчийг энэ сарын 26-нд сонгоно

МҮХАҮТ манай улсын хамгийн том, хамгийн олон буюу 3500 бизнес эрхлэгчийг эгнээндээ нэгтгэсэн ТББ юм. Энэ байгууллагын бүх гишүүний ээлжит их хурал энэ сарын 28-нд СТӨ-нд болох гэж байна. Хурлаар танхимыг ирэх дөрвөн жилд удирдах Ерөнхийлөгчийг 800 төлөөлөгчийн нээлттэй саналаар сонгох аж.

Дөрвөн жилийн өмнөх их хуралд Б.Лхагважав, UFC группийн Ерөнхийлөгч О.Амартүвшин нар өрсөлдөж байсан билээ. Энэ удаад МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, “Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг өрсөлдөх юм байна. Нэр дэвшигчдийн нэрс энэ сарын 26-нд албан ёсоор тодорхой болох ажээ.