Categories
энтертаймент-ертөнц

Дуучин Э.Амартүвшин Германы театрт гоцолно

Монгол Улсын гавьяат жүжигчин, алдарт баритон Э.Амартүвшин ирэх тавдугаар сард Герман улсын Мельбурн хотын Улсын Театрт алдарт “Риголетто” дуурьд гоцолно.

Тэрбээр 2019 оны анхны тоглолтоо Италийн Торино хотын “Театро Рэжио” театрын тайзнаас эхэлсэн билээ. Дуучин Э.Амартүвшин тус театрт энэ сарын 9, 12, 14, 16-ны өдрүүдэд Ж.Вердийн сонгодог бүтээл болох “Риголетто” дуурийн гол дүрд дөрвөн удаа дуулж, тоглолтоо амжилттай дуусгасан байна.

Алдарт баритон өнгөрөгч онд Итали улсын Наполи хотын “Сан Карло”-гийн нэрэмжит их театраас эхлэн Франц улсын нийслэл Парис хотын “Champs-Élysées” театр, Испани улсын Валенсиа хотын дуурийн театр, Израиль улсын нийслэл Тел Авив хотын их театр, ОХУ-ын нийслэл Москва хотын Большой театр зэрэг дэлхийн алдартай тайзнаа тоглоод байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

Тэшүүрийн тэмцээний хуваарь гарчээ

Томуу, томуу төст өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс нийслэлийн хэмжээнд болох спортын тэмцээн уралдааныг түр хугацаагаар хойшлуулаад байсан билээ. Уг хориотой холбогдуулан Хандгайтад болох тэшүүрийн зарим тэмцээний тов цуцлагдсан юм.

Энэ сард зохион байгуулагдахаар төлөвлөөд байсан тэшүүрийн тэмцээний хуваарь гарчээ. Тодруулбал, ирэх гуравдугаар сард гүйлтийн тэшүүр, шорт-трекийн төрлөөр хүүхдийн өвлийн наадам болон Бүх ард түмний өвлийн спартакиад болохоор болжээ.

ХУВААРЬ:

•Гуравдугаар сарын 01-03-ны өдрүүдэд-Хүүхдийн өвлийн наадам

•Гуравдугаар сарын 11-13-ны өдрүүдэд-Бүх ард түмний өвлийн спартакиад /гүйлтийн тэшүүр болон шорт-трекийн төрөл/

Categories
мэдээ спорт

Сонсголын бэрхшээлтэй иргэд тивийн АШТ-д оролцож байна

Монголын сонсголын бэрхшээлтэй иргэдийн футзалын баг анх удаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна. Тайландын Бангкок хотод өчигдөр нээлтээ хийсэн тэмцээнд эрэгтэй есөн баг өрсөлдөж байгаагаас манай хөлбөмбөгчид Тайланд, Индонез, Малайз, Казахстаны багуудтай “А” хэсэгт багтжээ. Монголын баг эхний тоглолтоо Тайландтай хийсэн бол маргааш Малайзын багтай тоглох юм. Улмаар хэсгийн гурав дахь тоглолтоо энэ сарын 20-ны өдөр Казахстантай, 22-нд Индонезийн багтай хийх аж. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн хөлбөмбөгийн багийг бүрдүүлэх гэж олон жил болсон ч, энэ жил анх удаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна. Багийн бүрэлдэхүүнд дунд сургуулийн 16 настай сурагч, футзалын үндэсний лигийн тоглогч залуучууд болон олон жил хөлбөмбөг тоглож байгаа ахмад тамирчид багтжээ. Манай тамирчид энэ удаа замын зардлын санхүүгийн асуудлаас болж Замын-Үүд, Бээжин хүртэл галт тэрэг, автобусаар явсан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Чулуунчимэг: Бүсгүй хүний дотоод сэтгэл, гэгээлэг сэдвүүдийг хөндсөн дуунуудаа цомогтоо багтаасан

МУСТА, дуучин Э.Чулуунчимэгтэй ярилцлаа.


-Удахгүй бие даасан “Бүсгүй ертөнц” тоглолтоо хийх гэж байна. Тоглолтын талаар яриагаа эхлүүлье?

-Би хоёр жилийн өмнө “Зүгээр л инээмсэглэ” тоглолтоо төрсөн өдрөөрөө хийж байсан. Тэрнээс хойш 21 аймгаа нар зөв тойрон аялан тоглолтоо хийсэн л дээ. “Бүсгүй ертөнц” тоглолт маань бие даасан хоёр дахь тоглолт. Уран бүтээлийн тоглолт дээр 20 орчим дуу дуулагдаж таардаг. Энэ 20 гаруй дууны тэн хагас нь сонсогчдын маань сонсох дуртай дуу байна. Харин 30 хувьд нь шинэ дуу дуулагдана. Үлдсэн дуунууддаа хуучны сайхан дуунуудыг багтаасан. Үүнээс гадна маш олон уран бүтээлчдийг хамруулахыг зорьж байгаа. Motive хамтлагийн Ганбаа ах маань миний “Эрхэмсэг” гээд дууг маш гоё дуулсан. Тоглолт дээр маань ч дуулна.

-Тоглолтоо дагаад шинэ цомог гаргасан. Ямар дуунууд багтсан бэ?

-Нийтдээ би бие даасан дөрвөн цомог гаргасан байна. Оюутан байхдаа анх “Санаандгүй учирсан дурлал” цомгоо гаргаснаас хойш “Сэтгэлийн зурвас”, “Зүгээр л инээмсэглэ” гэсэн цомгууд маань гарч байсан. Энэ удаагийн “Бүсгүй ертөнц” цомогт маань нийтдээ 15 дуу багтаж байгаа. Хамгийн гол нь цомогт маань 14 шинэ дуу багтсан ба нэг нь л хуучин дуу байгаа юм. 2009 онд анх уран бүтээлийн гараагаа эхэлж байхдаа анхны уран бүтээл “Санаандгүй учирсан дурлал” дуугаа цомогтоо багтаасан. Миний хамгийн хайртай уран бүтээл л дээ. Анхны тоглолтоо хийснээс хойш хоёр жилийн хугацаанд чамгүй олон уран бүтээл хийсэн байна. Эдгээр дуунуудаасаа шүүж “Бүсгүй ертөнц” цомогтоо оруулсан. Ерөнхийдөө “Зүгээр л инээмсэглэ” нэртэй дууг дуулснаас хойш миний дууг сонсдог сонсогчдын маань дийлэнх, тоглолтын зрителийн 80 хувь нь бүсгүйчүүд байсан л даа. Тэгээд л охид бүсгүйчүүд рүүгээ хандсан уран бүтээл түлхүү хийе гэж зорьсон. Хөгжмийн зохиолч, яруу найрагчдаас ирж байгаа уран бүтээлийн саналууд маань ч тэр тал руугаа хэвийж байна. Энэ хугацаанд “Бүсгүй ертөнц”, “Бүүвэй”, “Хамгийн гоё хайр” дуунуудаа дууллаа. Ер нь бүсгүй хүний дотоод сэтгэл, гэгээлэг сэдвүүдийг хөндсөн дуунуудыг энэ цомогтоо багтаасан. Нэг ч гунигийн дуу байхгүй. Би өөрөө уран бүтээлч хүн учраас олон эмэгтэйчүүдийн дуу хоолой, төлөөллийн нэг нь болж уран бүтээлээ хийхийг зорьж явдаг. Бүсгүйчүүд маань урам зоригтой, өөртөө итгэлтэй, өөдрөг аливаа зүйлийн гэрэл гэгээтэй талыг нь дандаа харж байгаасай гэх уриалгыг уран бүтээлээрээ тод томруун харуулахыг эрмэлзэж байна. Цомгийн баяраа энэ сарын 16-нд Хүннү моллд зохион байгуулна. Цомгийн баяртаа зориулж “Бүсгүйн ертөнц” нэртэй теле концерт хийлээ.

-Охинтойгоо хамтарч “Хамгийн гоё хайр” дууг дууллаа. Охиноо дуучин болгоё гэж зорьж байх шиг санагдсан?

-Энэ дуу маань “Зүгээр л инээмсэглэ” дуунаас эхтэй л дээ. Миний охин чинь нэгдүгээр ангид сурдаг. Энэ дууны шүлгийг надад дандаа хэлдэг үгүүдээс нь санаа авч бичүүлсэн. Хамт дуулахыг охин минь санаачилж, ярилцаж байгаад шийдсэн. Манай охин чинь ээжтэйгээ цомог гаргана, цомгийн баяраа ч хийнэ гээд ярьдаг юм. Магадгүй яваандаа охины маань хүсэл биелэх байх гэж боддог. Цаашдаа хүүхдийн ертөнцөд хандсан цомог, тоглолт ч хийе гэж бодож байгаа. Энэ болгонд охин маань түлхүүр болж байна л даа. Цаашдаа охинтойгоо дагнан уран бүтээл хийхээ сайн хэлж мэдэхгүй байна. Охины маань хүсэл сонирхлоос л шалтгаалах байх даа.

– Дуучин СТА Б.Алтанжаргалтай хамтарч ардын дуу дууллаа. Уран бүтээлч хүний хувьд өөр жанраар өөрийгөө сорьсон хэрэг байв уу?

– Би дуурийн дуулаачаар төгссөн л дөө. Ардын дууг төдийлөн дагнаж уран бүтээл хийж байгаагүй. Тэгэхдээ ардын дуу бол дураараа оролдоод байх сэдэв биш л дээ. Үнэхээр хоолойнд таарсан уран бүтээлээ дуулахгүй, зоргоороо дуулаад байх салбар биш гэж боддог. Б.Алтанжаргал ах маань өөрөө ардын дууг маш сайхан дуулдаг. Нэг өдөр ах маань надад хамтарч дуулах санал тавьснаар хамт дуулсан юм. Сар шинийн өмнө дуучин А.Түмэн-Өлзийтэйгээ хамтарч Монгол Улсын хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав гуайн зохиосон “Анхны хайрын дуу” киноны Янжингийн дуу хэмээх цэргийн сэдэвтэй хуучны дууг дуулсан. Мөн шинэ цомогт маань багтсан “Бид нэгэн үеийнхэн” дууг дуучин Д.Найдандорж, Э.Чинбаттайгаа хамтран дууллаа.

-Урлагийн хүмүүс яалт ч үгүй олны нүдэнд ил байдаг. Гоо сайхандаа хэр анхаардаг вэ?

-Сайхан дуулахаас гадна зүс царайндаа мэдээж анхаарна. Үзэгч олноо ч хүндэтгэсэн тэр гоо сайхандаа цаг зав гаргадаг. Заавал урлагийн хүн гэлтгүй эмэгтэй хүн бүр л өөрөө өөртөө анхаардаг шүү дээ. Ид ачааллын үеэр гэртээ цаг зав маш бага гаргадаг. Бидний ажил орой эхлээд л үдэш тарж байх жишээтэй. Намайг гэртээ харихад охин маань унтчихсан байдаг. Өглөө охиныгоо унтчихсан байхад гараад явчихна. Ээж, аав маань л арын албыг хариуцаж байна. Ажил бага үед аль болох охинтойгоо хамт байхыг боддог. Урлагийн хүний амьдрал цаг нартай биш юм даа.

-Хөдөө орон нутгаар тоглолт их хийж байх шиг санагддаг?

-Сумдад тоглолт хийх маш гоё байдаг шүү. Халуун дулаан уур амьсгал тэнд л бүрддэг дээ. Ер нь аль болох л сонсогчидтойгоо ойр байдаг. Залуу уран бүтээлчийн хувьд ч тэр сонсогчидтойгоо ойр байхыг эрмэлздэг. Энэ сарын 22-нд UB palace-д тоглолтоо хийчихээд 24-нөөс нь эхлэн 21 аймгаа тойрон тоглоно. Сар гаруй аялан тоглолтоор явна даа.

-Таныг бага байхад эмээ тань гавьяат жүжигчин Эрдэнэтийн Чулуунчимэг гэж өхөөрдөн дууддаг байсан гэсэн үү?

-Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Чулуунчимэг гэж сайхан дуучин бий. Намайг төрөх үед Чулуунчимэг гуай ардын болон богинын дуугаар ид алдаршиж байсан юм билээ. Тийм болохоор эмээ маань өхөөрдөөд тэгж дууддаг байсан гэсэн. Амны билгээс ашдын билэг гэж эмээгийн маань хэлсэн үгийн хүч биелэн дуулж яваа болов уу гэж боддог. Түүнчлэн би Л.Чулуунчимэг гавьяаттай хамтарч “Таван сүрэг” дууг дуулсан. Хамт дуулах саналыг маань маш сайхнаар хүлээж авсан л даа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

KFC-гийн хоолноос болж гурваас 14 насны 20 гаруй хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна

-ОДООГООР 50 ГАРУЙ ИРГЭНД ХООЛНЫ ХОРДЛОГЫН ШИНЖ ИЛЭРСЭН БӨГӨӨД ЭНЭ ТОО НЬ НЭМЭГДЭХ ХАНДЛАГАТАЙ ГЭНЭ-

Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2013 оны тавдугаар сард дэлхийн 135 оронд салбартай гэж тодотгогдсон түргэн хоолны KFC сүлжээ Монгол Улсад албан ёсоор үүд хаалгаа нээж байсан. Гэвч нээгдсэн цагаасаа эхлээд л олон асуудал, хэл амыг араасаа дагуулах болов. Цахим орчинд төдийгүй олны дунд хүртэл “KFC-гийн тахианаас өт гарч ирсэн, тахиагаа ханасан тосонд шардаг, Монголд байгаа салбарыг бусад орныхтой харьцуулбал хэмжээ, орцын хувь жижигхэн боловч үнэ нь өндөр. Жил ирэх тусам чанар нь муудаж, дэлхийн стандарт гэх тодотголоо алдаж байна. Зарим салбар нь иргэддээ хүйтэн хоолоор үйлчилсэн” зэрэг гомдлууд дараалан хөвөрдөг. Мөн дэлхийн нийтэд “KFC-гийн хэрэглэдэг тахианы мах нь мутацид орж, өөрчлөгдөн зургаан хөлтэй болсон. Эдийн засгийн хэмнэлт хийхийн тулд хүмүүст мутант тахиагаар хоол үйлдвэрлэн үйлчилдэг” гэх яриа хүртэл гарах болсон. Тэгвэл тэд саяхан дахин нэг асуудал дэгдээж, хэрэглэгчдээ хохироолоо. Тодруулбал, энэ сарын 11-ний өдрөөс эхлэн хөСҮТ-д гэдэсний халдварт өвчин, суулгалтын зовиуртай иргэд ихээр нэмэгдэх болсон байна. Учир нь хоёрдугаар сарын 9-11-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Зайсан дахь KFC-гийн салбараар үйлчлүүлсэн иргэд идсэн тахиандаа хордож, эхний хоёр өдөрт 10 гаруй хүний биеийн байдал муудсаны улмаас эмнэлэгт хүргэгджээ. Бүр нэг гэр бүлийн таван хүн бүгд хордлогын шинж тэмдэгтэйгээр яаралтай хүргэгдэн ирсэн байна.

Тэд Зайсан дахь KFC-гийн салбараар үйлчлүүлсэн бөгөөд “Гэр бүлийн багц” авсан гэнэ. Хордлого авсан иргэдийн дийлэнх нь “Найзууд” багц захиалсан аж. Тухайн өдөр 300 гаруй багц худалдаанд гарсан гэдэг. ийм асуудал гарсан тул уг салбарт ажилладаг 27 хүнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан байна. Шинжилгээг энэ сарын 11-ний өдрөөс эхлэн авсан бөгөөд KFC-д хийгдсэн Мэргэжлийн хяналтын газар, эрүүл ахуйн газрын шинжилгээний хариу гараагүй байгаа ч бүтээгдэхүүнээс нь хүнсний бүтээгдэхүүнийг уртасгагч бодис илэрч болзошгүй гэнэ. Гэвч мэргэжилтнүүд шинжилгээний хариу гараагүй байхад урьдчилан дүгнэлт хийж болохгүй гэж үзэж байгаа аж.

ЗАЙСАНД БАЙРЛАЛТАЙ KFC-ГИЙН САЛБАРЫГ ТҮР ХУГАЦААНД ХААСАН БӨГӨӨД ХЭЗЭЭ НЭЭГДЭХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА

Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнээс тодруулахад “Өнгөрсөн даваа гаригаас эхлэн ХӨСҮТ-д хордлогын шинжтэй олон тооны иргэн гэнэт хүргэгдэх болсон гэсэн. Үүний дагуу Мэргэжлийн хяналтын газрын зүгээс тандалт судалгаа хийж, шинжилгээ авсан. Тэднээс асуулга асуухад ихэнх нь KFC түргэн хоолны газрын тодорхой салбараар үйлчлүүлсэн гэж мэдэгдсэн. Сэжиг бүхий нөхцөл бүрдсэн тул иргэдийн үйлчлүүлсэн гэх тус салбар дээр нь мэргэжлийн хяналтын шинжээчдийн баг ажиллагаа явуулж одоогоор үйл ажиллагааг нь түр зогсоосон. Хэзээ нээгдэх нь тодорхойгүй байна. Одоогоор 50 орчим хүнд хордлогын шинж илэрсэн гэж бүртгэгдээд байгаа. Иргэд ХӨСҮТ болон Интермэд эмнэлгүүдээр үйлчлүүлж, эмчилгээ, үзлэгт орсон. Өнөөдрийн байдлаар нэлээд хүн хоолны хордлогын улмаас хэвтэн эмчлүүлж байна. Гэхдээ энэ тоо нь албан ёсных биш. Учир нь иргэдээс авсан шинжилгээний хариугаар хүмүүс KFC-гийн тахианаас хордсон уу, эсвэл өөр ямар нэгэн зүйлээс болсон уу гэдэг нь баталгаатай гарч ирнэ. Өнөөдөр шинжилгээний хариу эцэслэн гарна. Тэгэхээр энэ тоо нэмэгдэх, эсвэл буурч болно” гэв. KFC-гийн тахиаг идэж хордлогын шинж тэмдэг илэрсэн иргэдийн ихэнх нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгааг мэдсэн тул уг төвөөс мэдээлэл авахаар очсон боловч “Мэдээлэл өгөх боломжгүй. Одоогоор тодорхой хэлэх зүйл алга” гэхчлэн бодит мэдээллийг авах гэж нэлээд удаав. Гэсэн ч ХӨСҮТ-ийн халдварт өвчин тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас хүргэгдэж ирсэн өвчтөнүүд анх ямар шинж тэмдэгтэйгээр ирсэн, тэдэнд ямар эмчилгээ хийлгэж буй талаарх тодорхой мэдээллийг авсан юм. Тэрбээр “Одоогоор хоолны хордлогын шинж тэмдэгтэй 20 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Үүний 10 гаруй нь 3-14 насны хүүхдүүд бол үлдсэн нь насанд хүрэгчид. Өвчтөнүүд эхлээд өндөр халуурсан, усан суулгалтын шинж тэмдэгтэйгээр хүрч ирсэн. Эмчилгээ хийсний үр дүнд хэвтэн эмчлүүлэгчдийн биеийн байдал мэдэгдэхүйцээр сайжирч байна. Тэдэнд хоолны хордлогын үед хийгддэг суулгалт намдаах, болон хордлого тайлах эмчилгээ хийж байна. Хордлогын шинж тэмдэгтэй иргэдээс шинжилгээ авч байгаа. Хэрэв нянгаар үүсгэгдсэн гэж үзвэл нэмж нянгийн эсрэг эмчилгээ хийнэ. Ер нь хоёрдугаар сарын 9-ний өдрөөс эхлээд хордлогын адилхан шинж тэмдэгтэй хүмүүс ар араасаа ирсэн. Тэдний ихэнх нь ижилхэн газарт хооллож, улмаар хордлогод орсон байсан. Хордлогод орсон хүмүүс дунд нэг гэр бүлийн таван хүн ч бий. Иргэдийн хордлого авсан уг хоолны газар нь дотооддоо махаа бэлтгэдэг тоног төхөөрөмжтэй юм билээ. Ер нь иргэд өөрсдийнхөө идэх гэж буй хоол хүнсээ маш сайн анхаарч нягтлах ёстой. Учир нь манайхан хүнснийхээ он, сарыг нэг их анхаарч хараад байдаггүй. Тиймээс ямар ч төрлийн бараа авахдаа үйлдвэрлэсэн он сар, дуусах хугацааг нь шалгах хэрэгтэй. Түүнчлэн хүнсэндээ хэрэглэх зүйлсээ аль болох чанартайг нь сонгох учиртай” хэмээв.

АМЬДРАЛД ГАНЦ ТОХИОХ БАЯРЫН ӨДРӨӨРӨӨ НЭР ХҮНДТЭЙ ГЭХ КОМПАНИЙН ХАРИУЦЛАГАГҮЙ ҮЙЛДЛЭЭС БОЛЖ ХОХИРЧ ҮЛДЛЭЭГЭВ

Хүргэгдэж ирсэн иргэдийг гэдэсний халдварт өвчний тасагт хэвтүүлжээ. Эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн заримаас нь мэдээлэл авах гэсэн ч гадны хүн оруулахыг хориглон, хорио цээр тогтоосон байлаа. Иймд хоёрдугаар сарын 9-ний өдөр KFC-гийн Зайсан дахь салбараар үйлчлүүлэн бие дэх махбод, эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсон иргэнтэй ярилцаж, зарим зүйлийг тодруулаа. Тэрбээр нэрээ нууцлахыг хүссэн юм.


-KFC-гийн яг аль салбараар хэдүүлээ үйлчлүүлсэн бэ?

-Гадуур шуугиад байгаа KFC-гийн Зайсанд байрлалтай салбараар хоёрдугаар сарын 9-ний өдөр долуулаа үйлчлүүлсэн.

-Тухайн өдөр яг юу болов?

-“Зайсан хилл”-д кино үзэх гээд тухайн өдөр нөхөртэйгөө болон хамаатныхаа дүү нартай явж байсан. Учир нь тэр өдөр бид хоёр гэрлэлтээ батлуулах тухайгаа дүү нартаа дуулгахаар хамт явж байсан. Ингээд кино үзэхээр болоод цагаа хүлээж байхдаа өлсөөд байхаар нь хамгийн ойрхон байрлалтай KFC-гийн салбараар үйлчлүүлсэн юм. Түргэн хоолны газраас “Андууд багц”, “Өнөр бүлийн багц”-аас нь захиалсан. Мөн хүн бүрт буюу 12-22 насны долоон хүнд нэмж бургер захиалсан. Захиалга 25-30 минут болж байж ирсэн. Хүүхдүүд ч өлссөн байсан болохоор “гоё амттай байна” гээд л идэцгээсэн.

-Идсэн даруйд хордлогын шинж илэрсэн үү?

-Тухайн үед юу ч мэдэгдээгүй. Үзье гэсэн киногоо үзчихээд л өнгөрсөн. Гэтэл хоёр хоногийн дараахь оройноос нь эхлээд манай нөхрийн биеийн байдал муудаж эхэлсэн. Хоолны хордлого тэр даруйдаа илэрдэггүй 1-2 хоногийн дараа шинж тэмдэг нь мэдэгддэг юм билээ. Удалгүй үлдсэн хүмүүс нь бүгд зэрэг халуурч, гүйлгэх болсон. Хамгийн дээд тал нь 40C хүртэл халуурсан. Манай нөхөр, дүү хоёр нэлээд хүнд гүн шокны байдалтай халуун нь эм уугаад ч буухгүй, гүйлгэлт нь зогсохгүй байсан. Минийх тэгэхэд арай гайгүй байсан юм. Учир нь тухайн үед би тахианаас нь нэг их идэлгүй өнгөрсөн. Нөхрийн бие муудсан өдрийн маргааш нь бид хоёр гэрлэлтээ батлуулах байсан учраас би яахаа мэдэхгүй сандарч болохоо байхаар нь ХӨСҮТ дээр очин шинжилгээ өгсөн. шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа. Гэвч тухайн өдөр хамт явсан бүх хүмүүст яг адилхан шинж тэмдэг илэрч байгааг харахад KFC-гийн тахианаас болсон л гэж бодож байна.

-Эмнэлгийн зүгээс юу гэв?

-Шинжилгээ өгсөн даруйд хэвтэн эмчлүүл гэж байсан. Тэгэхээр нь үнэн учраа хэлээд маргааш гэрлэлтээ батлуулж, хуримаа хийх ёстой юм. Үүнийгээ дуусгаад буцаад ирье гэж гуйгаад эмчилгээ бичүүлэн гэртээ харьсан. Гэтэл эмнэлэгт үзүүлсэн тэр өдрөө бүр илүү ихээр халуурч, бөөлжөөд байхаар нь гэрлэлтээ батлуулахаа больчихдог ч юм уу, эрүүл мэндээ л бодъё гэж бодоод эмнэлэг рүү буцах талаар бодож байсан. Гэтэл хоёрдугаар сарын 13-ны өглөө буюу хурим болох өдөр миний бие хямраад эхэлсэн. Хуримын цаг болох гээд байхад дотор муухай оргиж, хоолны үнэр авахаар огиулан, суулгалт өгөөд босч чадахгүй, инээх үү, уйлах уу гэмээр л хэцүү зүйл тохиолдоод байна.

-Эмнэлэгт хэвтсэн үү?

-ХӨСҮТ-д гэр бүлээрээ буюу дөрвөн дүүтэйгээ, нөхөртэйгөө хамт хэвтэж байна. Хуримаа хийж, гэрлэлтээ батлуулчихаад шууд л эмнэлэгт ирсэн. Уг нь амьдралд ганц тохиох хуримын өдрөө дурсгалтай өнгөрүүлэх ёстой биз дээ. Гэтэл ийм байдалд орсондоо үнэхээр гомдолтой байна.

-Тухайн үед хоолноос нь ямар нэгэн эвгүй зүйл ажиглагдаагүй юу?

-Манай дүүд мэдэгдсэн гэсэн. Идэх гээд автал нэлээд удчихсан мах шиг зөөлрөөд, шалчийчихсан байсан гэж байна лээ. Гэхдээ хүүхэд л хойно гайгүй байлгүй гээд юу ч бодолгүй идчихсэн гэсэн.

-Одоогоор биеийн байдал нь ямархуу байна вэ?

-Өнөөдөр өглөө миний бие нэлээд хямарч бөөлжих гээд байсан. Бие эвгүй байна.

-Ямар эмчилгээ хийж байгаа вэ?

-Өчигдөр оройноос эхлэн дусал хийлгэсэн. Биеийн байдал дээрдэж байгаа. Эмч нарынхаа өгсөн эмийг заавраар нь уугаад хоолны дэглэм барьж байна. Хамаагүй хоол идэж болохгүй. Зөвхөн эмнэлгээс өгсөн хоолыг л идэж байна.

-Гомдолтой байна уу?

-Үнэхээр гомдолтой байгаа. Тийм учраас энэ хэргийг зүгээр орхих бодол алга. Биднийг хэвтсэний дараа эмнэлэгт яг ижилхэн газарт хоол идсэн иргэд хордлогын шинж тэмдэгтэйгээр хүрч ирсээр байна. Гэрлэх ёслолын ажиллагааны үеэр нэр хүндтэй гэх газрын хариуцлагагүй үйлдлээс болж ийм байдалд орсондоо гомдолтой байгаа. Хордлогоос болж бие сульдаж, ядарч байгаа.

З.МӨНХСУВД

Categories
мэдээ нийгэм

“Аав ээж хоёр минь” дуунд зориулсан хөшөөтэй боллоо

Ардын уран зохиолч Т.Галсангийн шүлэг, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын аялгуу “Аав ээж хоёр минь” дуунд зориулсан хөшөөний нээлтийг өнөөдөр хийлээ. Энэхүү хөшөөг Байгалийн түүхийн музейн урд, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн зүүн талд байрлуулжээ.

Хөшөөний нээлтийн ёслолд Ардын уран зохиолч Т.Галсан, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тэргүүтэй хүмүүс оролцсон байна. Мөн энэхүү хөшөөний нээлтэд зориулсан тоглолт Дуурь, бүжгийн эрдмийн театрт болжээ.

“Аав, ээж хоёр минь” дуу төрснөөс хойш 35 жилийн хугацаа өнгөрчсөн аж.

Энэхүү ойд зориулан хөшөө босгох санаачилгыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж анх гаргасан юм байна. Монгол ард түмний дуулах дуртай энэхүү сайхан дууг олон алдартай дуучид дуулж амилуулсан байдаг. Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав тус дуугаа Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Отгонжаргалаар дуулуулах хүсэлт тавьжээ. “Аав, ээж хоёр минь” дууг түүний дуулсан хувилбараар удахгүй сонсох юм байна.

image

Categories
мэдээ цаг-үе

Ш.Пүрэвсүрэн: Харийнхнаас авлига авч газар шороогоо өгнө гэдэг чинь эх орноосоо урвасан гэмт хэрэг

Г.ЖАМЪЯН (МУГЗ)


“Монголын Ногоон загалмай” нийгэмлэгийн тэргүүн, доктор Шаравын Пүрэвсүрэнтэй ярилцлаа. Тэрээр ХАА-н дээд сургуульд Агрономын факультетын декан гэсэн хариуцлагатай албыг, мөн Их, дээд сургуулиудын консерциумын анхны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нэгэн юм.


-Сайн байна уу. Пүрэвсүрэн доктор оо. Таныг монголчууд андахгүй. Гэлээ ч бага залуу насны тань амьдрал, манай уншигчдад сонин болов уу. Эндээс яриагаа эхлэх үү?

-Бололгүй яахав. Би чинь Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул “Хаминдаа Шаравынх” хэмээн нутаг олондоо хүндлэгдсэн, олон хүүхэдтэй айлын дунд хүү. Аав Шарав маань цэргийн алба хааж ирээд сумын эмнэлэг, яслид нярав (хаминдаа)хийж байгаад 84 сүүдэр зооглоод таалал төгссөн. Их л уран хүн байсан даа. Мод, төмөр, мөнгөөр бол юу л бол юу хийнэ. Ээж Маамуу насаараа цэцэрлэгийн асрагч хийсэн. Тэр үеийн сумын хүүхдүүд манай хоёрыг Турууны өндөр аав, ээжүүд гэдэг байлаа. Ийм нэг дуу хүртэл гарч байсан:

… Хол л явлаа даа, хүүхдүүд чинь

Хонхтой бойтог нь үлдлээ дээ

Машин хөлөглөөд явлаа даа

Маамуу ээж нь үдлээ дээ .. гэж дуулдаг байсан.

Баруунтурууны хүүхдүүд, аавын минь урласан мөнгөн хонхтой бойтог өмсдөг байж. Ээж минь насаараа цэцэрлэгийн хүүхдүүдийг өвөр энгэртээ тэвэрч өсгөсөн. Аавын минь “хонхтой бойтог” өмсөж, ээжийн минь саальтай энгэрт тэврүүлж өссөн мянга мянган хүүхдүүд сайн яваа. Монгол Улсын аварга Мөнхбатын аав Сүхбаатар, хөдөлмөрийн баатар дэлхийн аварга Сумъяагийн аав Доржсүрэн гээд Турууны хүүхдүүд олоон олон. Бид хэд аав ээжээсээ есүүлээ. Манайх гэж хүний өөрийн арван хэдэн хүүхэд бужигнасан, аяга таваг нь бүгдээрээ сэтэрхий айл байсан даа.

-Та ийм нөхцөлд өсөж өндийж. Сургууль номоо хаана дүүргэлээ?

-Би Баруунтурууны арван жилийн дунд сургууль төгсөөд Москвагийн их сургуульд суралцаж “хөрс судлагч, хөрсний химич” мэргэжил эзэмшсэн. Сургуулиа төгсөж ирээд 1982 онд Хөдөө аж ахуйн яаманд газар тариалангийн хэлтсийн мэргэжилтнээр орж ажил амьдралын гараагаа эхэлж байлаа. Суралцсан, ажилласантайгаа нийлээд 40 гаруй жил газар шороотой амьдралаа холбож явна даа.

-Хөдөө аж ахуйн яаманд анх ажилласан гэв үү?

-Би Содномдорж сайдын үед, энэ яамны босго алхсан хүн. Газар тариалан эрхэлсэн шадар сайд маань Б.Бадамжав гэж сайхан хүн байлаа. Эндхийн хүмүүстэй гар нийлээд сайхан ажиллаж байсаан. Нэг л юманд сэтгэл дундуур байлаа. Яаманд өдөр болгон алба ажил хөөцөлдөнө. Би болохоороо, үзсэн харснаа амьдралд хэрэгжүүлж, сурсан мэдсэнээ залууст хүргэмээр судалгааны ажил хиймээр, эрдмийн зэрэг цол хамгаалмаар санагдаад байдаг. Энэ тухайгаа сайд дарга нартаа удаа дараа үглэж байж ХААДС руу шилжсэн юм. Эндхийн хоолыг 20-иод жил хороосон доо. Энэ үедээ их зүйлийг мэдэж, судалгааны овоо их материал цуглуулж аваад эргээд МГУ-даа очиж эрдмийн зэрэг хамгаалсан юм. Ирээд ХАА-н дээд сургуульдаа Агрономийн факультетийн декан гэсэн хариуцлагатай хашиж байж, профессор С.Ичинхорлоо тэргүүтэй нөхөрсөг хамт олны дунд, оюутнуудтай ажиллалаа. Олон ч шавьтай болсон, олон ч хүүхдийг гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн. Ингэж байтал 1995 онд манай факультетийг Дархан хот руу нүүлгэнэ гээд баахан бужигналаа. Бид ч нүүхгүй, явахгүй гэж зүтгэсэн, олон ч хүн намайг дэмжиж байсан нь санаанд тод байна. Удалгүй тэр үеийн нэрээр МУИС, УБДС, ПДС, АУДС ХААДС гээд таван дээд сургуулийг нэгтгэсэн ПДС-ийн захирал асан Бадарч доктор тэргүүнтэй Их, дээд сургуулиудын консерциум байгуулж би анхных нь гүйцэтгэх захирлаар ажилласан юм. Удалгүй Бадарч захирал ЮНЕСКО-д алба хашихаар Москва явж, би ч энэ ажлаа өгөн шинэ тутам хөгжиж байгаа аялал жуулчлалын салбарт нэг хэсэг хүчээ сорьсноо орхиж, байгаль орчноо хамгаалахад нэмэр хандив болъё гэсэн сэтгэлээр “Монголын Ногоон загалмай нийгэмлэг” ТББ үүсгэн байгуулж сүүлийн 20 гаруй жил энэ үйлсэд зүрх сэтгэлээ зориулж явна.

-Хоёулаа одоо ярианыхаа үндсэн сэдэв рүү оръё. Би тантай анх 2006 онд Д.Сүхбаатарын талбайд уулзан танилцсан. Тэр үед УИХ-ийн гишүүн асан Д.Энхбатын удирдсан иргэний хөдөлгөөн ид хүчээ авч байсан үе. Д.Энхбат гэдэг маань миний эртний танил цогт эх оронч Дангаасүрэнгийн хүү. Эцэг нь шударга үнэний төлөө зоримог тэмцсэнээсээ болж МХЗЭ-ийн Төв хорооны нэгдүгээр даргаасаа чөлөөлөгдөн “сэхээтний төөрөгдөл” гэх хилс хэргээр арга хэмжээ авагдан зовж зүдэрч явсан хүн. Д.Энхбат яг эцгийгээ дуурайсан эх оронч залуу. Тэр хөдөлгөөнд таны адил олон шударга эх орончид нэгдсэн байсан. Тэгээд л би та нартай нийлж бичиж, сурвалжилж явсан л даа. Энэ хөдөлгөөн яаж эхлээд, ямар зорилго тавьж байв ?

-Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй эх оронч хүмүүс нэгдэж, энэ хөдөлгөөнийг байгуулахдаа цөөн хэдэн хүн эрх мэдлээ ашиглан гадаадынхантай хуйвалдаж эх орноо хэсэглэн худалдаж байсныг зогсоох гэсэн зорилготой байсан. Нэг үгээр хэлбэл тэд баялагтай газар нутгийг сорчлон хувааж авангаа гадаад дотоодгүй лицензийн “хар зах” ажиллуулан Монгол орны тал хувийг зарчихсан юм. 1997 онд УИХ-ийн эрх мэдэлтнүүд хуйвалдан “Ашигт малтмалын хууль” гэгч хаа ч байдаггүй “сонгомол” хуулийг гадныхны захиалгаар баталснаар энэ ажил маш эрчимтэй хүрээгээ тэлсэн. Биднийг юугаа ч мэдэхгүй алмайрч явахад “Үндсэн хуулиа” зөрчин энэ хуулийг баталж байхад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга хэн байсныг та санаж байгаа байх. Энэ ашигт малтмалын хуулинд хамгийн баялаг орд газруудаа үнэгүй, хүссэн хүн болгонд хүссэн хэмжээгээр нь өгч болохоор хуульчилсан юм. Тухайлбал өөрсдөө аваад зогсохгүй гэр бүлийнхэн, ах дүү төрөл саднаараа Монголын сор болсон газар нутгуудыг хуваагаад авчихсан. Нэг лицензээр 450 мянган га хүртэл талбайг авах эрх олгогдож байсан гээд бод доо. Өмнөговь аймаг л гэхэд 137 мянган км.кв нутагтай манай хамгийн том аймаг. Гэтэл үүнээс том нутгийг нэг хүнд өгчихөж байсан юм шүү. Тэр “Айвонхоу Майнзын” эзэн албин чөтгөр “хорт Боб” хочит Фридланд олон улсын нэг томоохон хурал дээр “Би Монголд Калифорниос том, эрдэнэсийн нутаг эзэмшдэг” хэмээн сайрхаж байсантай таарч байлаа. Япон нөхөртэй нэг монгол хүүхэн ганцхан өдрийн дотор 70 гаруй лиценз авчихдаг байлаа. Энэ мэтээр л Монголын газар нутгийг гадныхантай эвсэн тонон дээрэмдэх ажиллагаа эхэлсэн юм даа. Газрын лицензийг ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын удирдлагуудаас эхлээд төрийн эрх мэдэлтнүүд эхлээд 60 жилээр олгож, дараа нь хоёр удаа хорь хорин жилээр сунгаж 100 хүртэл жил эзэмшихээр хуульчилж зарим хүмүүс өнөөдөр дэлхий даамгүй баяжсаны товч түүх гэвэл энэ. Үүний эсрэг иргэний хөдөлгөөнүүд тэр үед тэмцээд хүчин мөхөсдсөн дөө. Их мөнгө харсан шуналын туламнууд одоо хүртэл төр засгийг эзэгнэсээр сууна.

-Оюу толгойн гэрээний асуудал ч үүнтэй холбоотой биз дээ?

-Тэгэлгүй яахав. Энэ бүлэглэлүүд чинь улсаа худалдаж, эх орноосоо урваж баяжсан л байхгүй юу. Улсаа худалдаж дээрэмдсэн, барьцаалсан бүлэглэлүүдийн гол удирдагчид өнөөдөр бидний толгой дээр зайдалсан учраас, бэлэн баримт байсаар байхад МАНАН бүлэглэлийн ганц нэг хүнийг барьж тавин муур хулгана болон тоглосоор л байна. Гадаадынхантай үгсэн хуйвалдаж газар нутгаа худалдаж буй явдал чинь эх орноосоо урвасан гэмт хэрэг юм шүү. Оффшор данстнуудыг сайн шалгавал Монгол Улсын энэ их өрийг дарчих хэмжээний хуримтлал тэнд элбэг бий болсон юм шиг ээ.

-Та “Ашигт малтмалын хууль” гарсан 90-ээд оны төгсгөл үеэс л эх орон ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр тэмцэж байгаа. Дэлхийн 30 гаруй оронд болсон байгаль орчны хуралд оролцож, 20 гаруй ном, 200 шахам нийтлэл бичсэн таныг монголчууд байтугай дэлхий таньдаг болсон. Газар шороо, байгаль орчныхоо төлөө тэмцсэн олон жишээ бий. Дархан-Уул аймгийн Хонгорын аймшигт хордлогын үеэр та тэнд л байсан. Дорноговийн нутгийг ураны цацраг идэвхтээр хордуулж байхад та мөн л тэнд явдаг байсан. Одоо Ноён уулынхаа төлөө та сүүлийн хэдэн олон жил тэмцэж олон нийтэд мэдээллийг цаг алдалгүй хүргэж байна. Энэ бүхнийг ярих гэвэл та бид хоёрт олон хоног хугацаа хэрэгтэй.

-Ноён уулаа үлдээх хоёр гол шалтгаан бий. Нэгдүгээрт, энэ уул чинь Монгол орны хойморт залардаг гол шүтээн. Эртний Хүннүчүүдийн сүнс шингэсэн байгалийн үзэсгэлэн төгс газар нутаг шүү дээ. Тэгээд монголчууд ноёд хаадынхаа алтан шарилыг энэ хайрханаа бараадуулж тавьдаг байж. Тийм онгон дагшин газар нутагтаа харийн луйварчдад сүйтгүүлмээргүй байгаа юм. Хоёрдугаарт, энэ уул, ойр орчмын газар доор хүнцэл (мышъяк) гэдэг аймшигт хор дүүрэн. Би хөрс судлаачийн хувьд энэ нутаг орны олон газарт судалгаа хийсэн. Лабораторийн шинжилгээ судалгааны цуглуулсан материал ч байна. Энэ уулын газар шороог хөндсөнөөс болж өнөөдөр Хараа гол руу жилд 3,3 тонн хүнцэл орж байгаа талаар Германы эрдэмтэн судлаачийн дүгнэлт бий. Хүнцэл ихэсвэл уул ус газар нутгийг хордож, яваандаа тэр хавийн хүн, мал үлдэхгүй дуусна гэсэн үг. Дээр үед хаад ноёдууд энэ л хороор бие биенээ хордуулж алж байсан юм. Би энэ тухай зөндөө л ярьж бичиж байгаа. Байгалийн ийм их хор хөнөөлтэй газрыг ухах гэлээ гэж л иргэний хөдөлгөөнийхөн хамтарч тэмцээд байгаа юм. Шүүхэд хандаад гурван жил гаран боллоо, 40 шахам удаа шүүх хуралдлаа. Олон улсын шүүхийн практикт ийм олон удаа хойшилсон хурал байхгүй, Гиннесийн номонд орохоор рекорд тогтлоо. Олон түмэн бол, их мөнгөтэй хүмүүс, авлигач шүүгчдэд нөлөөлж хойшлуулаад байна гэж үздэг. Манайх шиг тэрбумтан шүүгчидтэй орон олон байхгүй дээ. Арай л дэндэж байна.

-Та чинь нэг хэсэг БОАЖЯ-нд сайдын зөвлөх болчихсон яваа биз дээ?

-Тэгсэн. С.Оюун сайд мэргэжлийн хүний чинь хувьд тантай гар нийлж ажилламаар байна гэсэн. С.Оюун сайдын ах талийгаач С.Зоригтой хамт МГУ-д сурч байсны хувьд бид бие биенээ сайн мэдэх хүмүүс. Гар сэтгэл нийлэн сайхан ажиллаж байсаан. Одоо чинь тэгээд алба ажил болгон хугацаатай, хувь хүнээс үл хамаарах болж. Нам ялбал байж л байдаг, нам нь ялагдвал хэн ч байсан халагдаж солигддог хэцүү үе болжээ. Хувь хүнийг ажил мэргэжлээр нь бус аль намын, аль бүлэглэлийн, аль аймгийн, төрөл садан мөн үү, биш үү гэдгээр хэмжин, ямар ч мэдлэг мэргэжилгүй, бичиг үсэг мэддэг ч юмуу, үгүй ч юм уу хүмүүс алба хаших болж дээ. Хайран Монгол төр минь хогийн тантан болчихлоо.

-Таныг байгаль орчин, аялал жуулчлалын сайд С.Оюуны зөвлөхөөр ажиллахад, хүмүүс “ганц нүдээ оллоо” хэмээн их дэмжиж байсан. Тэгсэн чинь нэг л мэдэхэд халагдчихсан. Юу болчихов?

-Та мэднэ дээ, ер нь би чинь алба хэргэмд хэзээний дургүй огт шуналгүй хүн шүү дээ. Тэгээд ч ийм ороо бусгаа цагт яам тамга бараадах нь онцгүй санагдаж байлаа. Тэгэхдээ мэргэжлийн дагуу юм гэж бодоод очсон. С.Оюун сайд тал бүрийн мэдлэгтэй, их эвлэг ааш зантай сайн хүн. Одооны яам гэдэг газар чинь, янз бүрийн өв ургамал холилдсон, тэр дундаа хогийн өвс ургамал нь дийлэнх талдаа болчихсон газар юм билээ. Мөнгөний төлөө, албан тушаалын төлөө яахаас ч буцахгүй хүмүүс хааяагүй байна. Улсад юм бүтээе гэхээсээ, уут саваа яаж дүүргэх вэ гэсэн хүмүүстэй хамт ажиллах амаргүй юм билээ.

-Ганц хоёр баримт хэлж болох уу?

-Бололгүй яахав. Яам болгоны дэргэд улсын төсвөөс санхүүждэг олон сан байдаг юм. Эдний хамгийн жижиг БОАЖЯ-ны дэргэдэх “Байгаль хамгаалах сан” гэхэд л улсын төсвөөс жилд зургаан тэрбум төгрөгөөр санхүүждэг байлаа. Яамны сайд гарын үсэг зураад л дураараа зарлагаддаг сан. Би анх ажилд орохдоо энэ яамны дэргэдэх санг ийм маягаар ажиллуулж болохгүй гэдгээ сайдад шууд хэлдэг байлаа. Хэрвээ заавал байх шаардлагатай юм бол Сангийн тэргүүн болох сайд нь удирдах зөвлөл байгуулан зарлага орлого тооцдог, тайлангаа тавьдаг, ил тод сан байх ёстой гэж тэмцээд олон хүний дургүйг хүргэсэн. Голдуухан, тэр сангаас ямар нэг байдлаар хувь хүртдэг хүмүүс л эсэргүүцээд байдаг юм билээ. Харин С.Оюун сайд бол миний саналыг дэмжиж удирдах зөвлөл байгуулаад ил тод болгосон л доо. Яамны дэргэд ямар нэг сан байхыг би үгүйсгэхгүй. Гол нь улсын төсвөөс санхүүждэггүй, үйл ажиллагаа нь ил тод л байх ёстой. Одоо энэ ЖДҮ-ийг хар л даа. Яам тамгын газруудад ийм муухай зүйл үүрэлчихсэн байсан болохоор тэр доороо халагдаад чаддагаараа “Монголын Ногоон загалмай” нийгэмлэг ТББ-аа түшин ажил үйлчилгээ явуулж байна даа. Дэлхийн олон улс оронд ийм нэртэй 30 гаруй байгууллага байдаг юм. Байгаль хамгаалах чиглэлийн өргөн цар хүрээтэй ажил үйлчилгээ явуулдаг юм. Олон улсын төв нь Швейцарьт. Дэлхий нийтэд тулгамдаад байгаа асуудлууд ялангуяа хүн гэж араатнаас байгаль орчноо хамгаалах зорилготой байгууллага.

-Монголын газар шороо, уул, ус, хэдхэн жилийн дотор сүйрч гүйцэж байгаагийн эсрэг л тэмцэнэ гэсэн үг биз дээ?

-Тэгэлгүй яахав. Гадныхантай гар ганзага нийлсэн мафийн гэмээр болчихсон бүлэглэлүүд чинь Монгол орноо даанч хайрлах сэтгэлгүй сүйтгэлээ. Та хөдөөгүүр явахдаа тал нутагаа хараад сэтгэл тань өвддөг байх. Хаа л ухсан нүх, овоолсон шороо. Арайхан амь тавиагүй байгаа гол мөрнүүд нь улаан булингар татуулан урсаж байна. Түүнээс хүн, мал уугаад өвчилж, үхэж үрэгдэж байна. Монгол Улс 60-70 сая толгой малын бэлчээр хумигдаж байна. Байгаль орчны энэ гайхалтай мөлжлөгийг харж хандах, хамгаалж өмгөөлөх төр засаггүй боллоо.

-Таны бичсэн олон арван ном зохиол, кино, сургамжтай зүйлүүд бий. Тэр дундаас би “Хорвоогоор аялахуй” номыг чинь хэд дахин уншсан. Миний ширээний ном л доо. Та гадаадын олон хэл мэддэг, дэлхийн олон орноор аялж, тэндхийн жирийн амьдралыг нүдэнд харагдахаар бичдэг болохоороо нэн сонирхолтой. Тэр бүхнийг уншихаар дэлхий тойроод ирсэн юм шиг бодогддог шүү?

-Баярлалаа. Төр түмний буянаар би дэлхийн 50 гаруй орноор аялаж үзсэн. Голдуухан хурал зөвлөгөөний хүрээнд л дээ. Гэхдээ би очсон газар болгондоо хуралд суугаад, алба ажлаа хөөцөлдөөд ирдэггүй. Чөлөө зав л гарвал хот, хөдөөгөөр нь явж, жирийн олны амьдралыг их сонирхдог. Айл хунараар ордог. Янз бүрийн ажил мэргэжлийн хүмүүстэй хуучилж, зовлон жаргалаа хуваалцдаг. Тэр бүхэндээ зураг авна, бичлэг байнга хийнэ. Энэ бүхэн маань миний номны материал болдог юм. Энэ төрийн төлөөлөгчид ихэнхдээ хуралд сууж, бэлтгэсэн үг хэлчихээд, тансаг зочид буудалд хоол цайны дээдээр дайлуулчихаад ирж байгаа шүү дээ. Би түүнийг жаахан өөр өнцгөөс харъя л гэж боддог хүн. Манайхан чинь нэг зочин төлөөлөгч ирэх л болвол аль эртнээс бэлдээд хөдөө нэг баяныхаар оруулж цайлж дайлаад, эхнэртэй нь ижил зүсмийн морь унуулж зургийг нь авахуулаад “Монгол Улс ардчиллын замаар үлгэр жишээ хөгжиж байна” гэсэн сэтгэгдэлтэйгээр л буцаадаг шүү дээ. Одоо тэдний үгэнд итгэх хүн даанч байхгүй болж дээ. “Алт бидний ирээдүй мөн үү”, “Монголдоо сайхан амьдаръя” гэхчлэн 2006 онд гарсан баримтат кинонуудыг та үзсэн болов уу. Мөн л байгаль орчныг хамгаалахтай холбоотой сэдвүүд. Лицензийн наймаа, мөнгөн ус, циан, хүнцлийн хорны талаар нэлээн хурц асуудлуудыг дэвшүүлж тавьдаг учраас хүмүүс сонирхдог юм.

-Сэдвээсээ нэлээн гажиж нэг зүйл асууя. Та УИХ-ын гишүүнд миний мэдэхээс хоёр удаа нэр дэвшиж байсан. Хүмүүс таныг яасан ч гараад ирнэ гэж хардаг байсан боловч, чаддаггүй байсан. Яагаад тэгсэн юм бол?

-Миний бодол бол УИХ-ын гишүүн болчихвол байгаль орчны талаар хүчтэй дуугарч, дэмжлэг авч болох юм л гэж боддог байсан. Шалдан гуялсан намайг “Ногоон намын” нөхдүүд УИХ-ын сонгуульд өрсөлд гэж бараг хүчээр шахалт үзүүлж байсан юм. Би ялаагүй ч гэсэн сонгууль гээч юмны мөн чанарыг сайн ойлгосон. Сонгуулийн өмнөх уулзалтууд дээр “таны төлөө санал өгнө “ гэж мөн ч олон хүн амласан даа. Дүн гарахад нөгөө л их мөнгө, эд бараа тараасан, цайлж, дайлсан, худлаа амласан хүмүүст саналаа өгчихсөн байдаг юм билээ. Дархан хотод тэндхийн дарга байсан, одоо энэ УИХ-ын гишүүн байгаа Д.Хаянхярваатай өрсөлдөөд ялагдчихсан. 2012 оны сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт Д.Тэрбишдагва, Н.Алтанхуяг, Л.Эрдэнэчимэг нарын хүмүүстэй өрсөлдөөд ялагдсан. Нэг найз маань надад “Банкиндаа зургаан сая төгрөгтэй хүн, зургаан тэрбум төгрөгтэй хүмүүстэй өрсөлдөж яахнав дээ” боль гэж байсан. Үнэн л юм билээ.

-Гэр бүлийн амьдралаа сонирхуулах уу?

-Эхнэрийнхээ хамт амьдардаг. Эхнэр Д.Батбулгаа багш-сэтгэл судлаач хүн. Багшийн сургуульд багш, сэтгэл судлаачаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Хүү, охин хоёртой, хоёулаа тусдаа гарчихсан. Одоо зургаан ач зээ, банди нар л бужигнаж байна. Сагсны сайн багтай болох байх.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатарын өвлийн наадам” үргэлжилж байна

Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээ өчигдөр албан ёсоор нээлтээ эхэлсэн билээ. Тэгвэл өнөөдөр ч үргэлжилнэ. Энэхүү арга хэмжээг НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, хамтран энэ амралтын өдрүүдэд Богд хан уулын Хүрхрээгийн аманд зохион байгуулж байна. Наадамд Монголын үндэсний тоглоом наадгай болох мөсөн сурын харвааны УАШТ, Мөсний шагайн харваа болон Снөүбоардын УАШТ, Цана, Параглайдинг, Рагбигийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнүүд болж байна.
Мөн үндэсний урлагийн тоглолт, шувуулахуй болон махчин шувуудын танин мэдэхүйн хөтөлбөр, дөрвөн дугуйт мотоцикл, нохой чарга, мөсөн хананд авиралт, гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн зохион байгуулагдах ажээ.
Тэмцээнд дотоод гадаадын 800, гадаадын 40 тамирчид оролцох юм. ОХУ-ын Буриад улсаас 10, Тува улсаас 10, ӨМӨЗО-оос 20 сур харваачид хүрэлцэн ирж цэц мэргэнээ сорьсон байна. Уг наадмаар дамжуулан Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг сурталчлах ач холбогдолтой билээ.

Наадмыг үзэх сонирхолтой иргэдэд “Ulaanbaatar City Tour” буюу хотын аяллын автобус үнэ төлбөргүй үйлчилнэ. Тухайлбал, Д.Сүхбаатарын талбайгаас “Скай резорт” цогцолбор чиглэлд 11:00, 13:00, 15:00, 17:00 цагт, “Скай резорт” цогцолбороос Д.Сүхбаатарын талбай чиглэлд 12:00, 14:00, 16:00, 19:30 цагт үйлчлэх юм.
Ulaanbaatar city Tourism department-н зураг.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол явагдана

НӨАТ-ын урамшууллын 2019 оны 02 дугаар сарын сугалааны тохирол өнөөдөр буюу хоёрдугаар сарын 17-ны ням гарагт орой Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2019 оны 01 дүгээр сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
Categories
мэдээ цаг-үе

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Доржготов: “Дэлхийг сэрдхийлгэсэн дэндүү найрагч яваарай, гайхамшгийг хичнээн бүтээлээ ч газрын татах хүчиндээ байгаарай” гэж Бавуугийн Лхагвасүрэн багш минь захисан

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Долгорсүрэнгийн Доржготовтой ярилцлаа.


-Сар шинэ хаяанд ирсэн энэ өдрүүдэд нутаг ус, ижий аав, өвөг дээдэс, оюун билэгт хүмүүсээ дурсах сайхан. Та бол яалт ч үгүй Баянхонгор аймаг, Ламын гэгээний нутгаас тодорсон найрагч мөн юм?

-Тийм ээ, миний бие Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын хүн. Намайг нутаг амьтай найрагч гэдэг. Үнэндээ Баянхонгор нутаг Гурванбулагийнхаа тухай дөчөөд дууны шүлэг тэрлэжээ. Тэр бүгдээ нэгтгэж “Хонгор нутгийн дуулал” нэртэй хоёр цомог гаргасан. Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ойд зориулж “Ламын гэгээний магтаал оршвой” гэсэн есөн бадаг шүлгийн чуулган бүтээсэн. Ер нь сүүлийн үед дууны уран бүтээл гэхээсээ илүүтэй магтаалын туульсын бүтээлд хүчээ сорьж байна. “Заг, Бадрагийн голууд түүх шивнэн замын холдоо амин холбоотой харгиатан, Орог, Бөөнцагаан нуур нь мэлтрэн одот тэнгэрээ тольдон ширтсэн” гээд арван бадаг бүхий “Баянхонгорын магтаал”-ыг ялгуусан модон морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн аравны билэгт өдөр бичиж дуусгасан. Энэхүү бүтээлд минь Загийн голын хүү, “Хөсөгтөн” хамтлагийн морин хуурч, хөөмийч В.Батзориг аялгуу хийж Хонгор нутгийн уугуул алдартнууд, дуучид, бүжигчид гээд 50 гаруй уран бүтээлч оролцон дүрсжүүлсэн. Ардын уран зохиолч Тангадын Галсан, ардын жүжигчин, төрийн шагналт Намсрайн Сувд, төрийн шагналт гавьяат жүжигчин Догмидын Сосорбарам, соёлын гавьяат нэрт нэвтрүүлэгч Жамьянгийн Батбаяр, соёлын тэргүүний ажилтан дуучин Н.Баасандорж, Д.Отгонжаргал болон “Хөсөгтөн”, “Жонон”, “Увертюра” хамтлагууд оролцсон. Хонгор нутгийнхны сэтгэлийг огшоосон бүтээл болсонд молхи би баярладаг юм. Гурванбулаг болон Галуут сумын магтууг бичсэн. Галуут нутагт Баянхонгор хайрхан оршдог. Уул нь манай аймагт чинь Эрхэт, Их Богд гээд олон сүрлэг хайрхнууд бий. Гэвч чиг Галуутын нутаг дахь Баянхонгор хайрхнаараа аймгаа нэрлэсэн нь учиртай. Галуут бол үнэн ачит мэргэн ухаантан чин сүзэгт Номун ханы хийд оршсон, эрдэнэ ноён хутагтын минь нутаг. Дандончоймзад ламтан гэж номч мэргэн хамба түвдэд ном хаялцах эрдмээрээ дийлдээгүй хүн байсан. Энэ хүний 265 жилийн ойг Галуутын 90 жилийн ойтой хамт тэмдэглэсэн. Тэгэхэд нь би гэдэг хүн залбирал магтаал зориулж хийсэн юм. Надад ерөөлтэй сайхан санагддаг.

-“Доржготов нийтийн дууны яруу найраг, гэгээнтнүүдийн магтаал хоёр төрлөөр найрагчдын тоосон дундаас сугаран гарч ирлээ” гэж таны тухай Галсан гуай бичиж байсан?

-Суу билэгт найрагч, өршөөлт ах Галсан гуайдаа зориулж “Хүн уул” хэмээх шүлэг тэрлэн түүнийгээ 2001 оны “Болор цом” наадмын дэвжээнд их шөвөгт шалгарахад нь гардуулж билээ. Тэр жилийн цомд Галсан гуай зодог тайлахаа мэдэгдэж отгон шүлгээ дуудсан сан. Сүүлд нутгийн сод авьяастнаа ардын уран зохиолч болоод төрдөө үнсүүлэхэд баяр бахдлын нулимс цийлэлзүүлж сууснаа мартдаггүй. Эл эрхэм хүмүүн “Ламын гэгээний магтаалыг гийнгоолохын учир” гэж “Утга зохиол урлаг” сонинд бүтэн нүүр бичсэн. “Дөрвөн түм, найман мянган нууцын цоож түлхүүрээс эрдэм чуулсан найман үеийн гэгээнтэнд найраг өргөх нь найдваргүй засгийн наймаачингуудын аманд бялдууч үгийн бялуу чихэхээс дэндүү тэнгэрлиг юм. Энэ бол бялдууч магтаал бус бясалгал магтаал юм. Монголын эрдмийн долоон бурхны дараа эрэмбэлэх ёстой их эрдэмтэн гүүш Л.Хүрэлбаатарын амьд сэрүүнд нь энэ шүлэг гарсан бол тэрхүү эгнэшгүй хүн Доржготовт яасан их баярлах байсан бол” хэмээн үнэн зүрхнээсээ бичсэн. Ламын гэгээний магтаал бол тодорсон найман дүрд нь зориулсан есөн бадаг шүлгийн чуулган. Наймдугаар дүрийн хувилгаан Данзанжамбалчойжишинэн Энэтхэгийн Гомон дацанд найм дахь жилдээ сурч байна. Билиг брамид буюу шашны номын хамгийн дээд охийг үзэж байгаа. Монголоос олон хутагт хувилгаад сүүлд тодорсон. Энэ дундаас Жалханз хутагтын хойд дүр, манай гэгээн хоёр ном эрдмээрээ оройлж байгаа юм билээ.

-Олонд түгсэн дуунуудынхаа тухай ярихгүй юу. “Зулай цагаан Алтай”, “Хөвсгөл далай”-г бичсэн агуу Сангидоржтой “Номгон хайрхан” гэж аатай дуу хийсэн дээ?

-Чойгивын Сангидорж бол үнэхээр билэг танхай авьяастан байсан. Тэр хүнтэй уран бүтээл туурвих нь байтугай нэг он цагт хамт төрсөн минь хувь заяа юм. Санги ах “Нутгийн дүү хүүтэй нэг юм хийнэ байгаа” гэж хэлээд л “Номгон хайрхан”-аа мандаасан. Д.Сосорбарам гавьяат ч аатай сайхан дуулсан. Ингэхэд Санги, Со хоёрыг “Номхон хайрхан” дуу эвлэрүүлж билээ. Хонгор нутгийн хоёр их авьяастан тухайн үедээ хэн хэндээ жаахан тунирхсан байсан юм. Энэ дууг бүтээгээд элгээрээ тэврэлдэж байв. Залуу морин хуурчдын наадам Баяхонгор аймагт болоход Со гавьяат “Номгон хайрхан”-ыг дуулахад хэд ч дахиулсан гэдэг билээ. Сүүлд Д.Нямжав маань сайхан дуулсан. Ингэхэд миний анхны дуу “Сэтгэлд уяатай нутаг”-ийн хөгжмийг алдарт “Сүүдэр царамын цэцэг”-ийг бичсэн Сайнцогийн Мөнхбат аялгууг нь хийсэн юм. Сүүлд би Монголыг даасан Очирваань хайрхныхаа тухай “Богд Очирвааньт хайрхан мину” гэсэн дуу хийлээ. Завхан нутгийн хүү, энэ цагийн цуут хөгжмийн зохиолч Д.Цэвээнравдан гавьяат аялгууг нь хийж, “Ньюанс” хамтлагийн Дүйнхэржав дуулахаар болоод байна. Миний унасан газар ундаалсан ус Шар усан голоос Отгонтэнгэр хайрхан жараадхан километрийн зайд оршдог. Тэгэхээр Очирваань хайрхны авшиг хүртэж, салхийг нь амсаж өссөн. Баянхонгорыг алдартан, авьяастнуудын өлгий гэдэг. Монголын орчин үеийн хөгжмийн ноён сүмбэр оргил болох Сэмбийн Гончигсумлаа, Гончигийн Бирваа, Чойгивын Сангидорж байна. Хэл бичгийн шинжлэх ухааны ноён оргил Шадавын Лувсанвандан, гоо зүйн соёл шинжлэх ухааныг үндэслэгч Сономын Лувсанвандан, бэлгэдэл зүйн шинжлэх ухааныг үндэслэгч Сэндэнжавын Дулам байна. “Хүрэн морь”-ны Лхамсүрэн, Тангадын Галсан, Пүрэвжавын Пүрэвсүрэн, Дожоогийн Цэдэв, Ванхүүгийн Батбаяр, сүүлийн үеийн дэлхийн хэмжээний хүн Аюурзана гээд бодохгүй юу. Хонгор нутаг тэгэхээр авьяас, онгод билгийн шүтээн орон, оюуны том өлгий мөн байгаа биз.Төрийн шагналт найрагч Чимидийн аав Чойжил гуай манай Гурванбулагийн хүн юм. Чимид гуай тэгэхээр аав талаа барьвал манай сумын хүн болно. Монголын сэтгүүл зүйн амьд домог болсон Хорлоогийн Цэвлээгийн Хонгор нутгийнхны онцлогийг бичсэн олон нийтлэлүүд бий.

-Ингэхэд таны уран бүтээлийн багш хэн билээ?

-Хадаг барьсан багш маань Бавуугийн Лхагвасүрэн юм. Хүүхэлдэйн театрын дарга байхад нь Лхагвасүрэн гуай дээр орлоо. Халамцуу орсон юм. Өмнө нь шүлэг зохиолоо үзүүлдэг л байсан учир намайг мэднэ л дээ. Тэгтэл өөдөөс “Чамаас дор хүмүүс номоо гаргачихаад байна. Чи одоо яв, номоо гаргаад ир” гэж адарч, өрөөнөөсөө хөөлөө. Би гэдэг амьтан хөөгдаж туугдсанаа жаахан гундуухан өрөөнөөс нь гарахаар алхаж явтал араас дуудаад, хөөе чи ном гаргаж ирнэ шүү гэж зөөлнөөр аргадаж хэлсэн. Ингээд би анхны ном “Зүрхний анир”-ын эхийг бариад багш дээрээ очсон. Өөрийн бүтээлээ өлгийдөж байгаа юм шиг баярлан хүлээж авч билээ. Тэгээд л халуун дулаан өмнөтгөл үг бичиж өгсөн. Дараа нь “Цээл холын анир”-т маань бас үг бичсэн. Өнгөрсөн онд гаргасан “Цаглашгүй гэрэлт дорно” номын өмнөтгөлд “Дэлхийг сэрдхийлгэсэн дэндүү найрагч яваарай, гайхамшгийг хичнээн бүтээлээ ч газрын татах хүчиндээ байгаарай. Хайртай дүү минь, хадаг барьсан шавь минь” гэж бичиж өгсөн. Энэ бол үнэхээр том хүндэтгэл юм. Багшийн өчүүхэн муу шавьдаа захисан сэтгэлийн захиас, зүрхний үг юм.

“Цаглашгүй гэрэлт дорно” номын өмнөтгөлд Лхагваа багшийн шүлгийг, ар талд нь Галсан гуайн “Ламын гэгээний магтаал”-ыг минь оршоосон үгийг оруулсан. Ингэж хоёр сайхан ардын зохиолчоор номоо хашуулсан би мөн азтай хүн ээ. Лхагваа багш намайг “Яруу найраггүйгээр амьдарч чадахгүй гэдгээ нэгэнт нотолсон хүн” гэдэг, гарцаагүй үнэн гэвэл тэр. Би бол бага балчиртаа Дэндэвийн Пүрэвдорж гуайн шүлгийн түүврийг уншиж яруу найргийн амтанд анх орсон хүн. Пүрэвдорж гуай найраглал гэхээр манайхан “Сэгс цагаан Богд”, “Хөх даалимбан тэрлэг”, “Хар цас”-ыг л яриад байдаг. Энэ гурав бол яалт ч үгүй оргил нь мөн. Гэхдээ цаана нь “Ховдын цагаан тууж”, “Бөмбөл эрдэнэ”, “Шарлингийн хар Хас”, “Арван тавны сар” гээд маш гоё найраглалууд бий. Монголын яруу найргийг Дашзэвэгийн Сэнгээ гэж хүн амьдрал руу, Бэгзийн Явуухулан уянга руу, Бавуугийн Лхагвасүрэн ухаарал хөтөлсөн. Харин Дэндэвийн Пүрэвдорж гуайг ардын билэг цэц рүү нь буюу арай өөр юм руу нь оруулж өгсөн гэдэг. Арга байхгүй миний шүтээн байлаа. Пүрэвдорж гуайтай уулзаж ойр дотно явлаа. Би чинь Вьетнамын Ханой хотын их сургуулийг төгссөн. Гадаад харилцааны яаманд ажиллаж байсан хүн. Хувь заяаны эрхээр л яруу найрагч болчихсон болохоос. Пүрэвдорж гуайн гэргий Чанцал эгч мөн гадаад яаманд ажилладаг байв. Одоо бол Арлааны Эрдэнэ-Очирыгоо маш их үгүйлэх юм аа. Сэтгэл зүрх дэндүү ойр явжээ. Намайг зохиолчдын эвлэлийн шагнал хүртсэний дараа манайд ирээд надад жижиг гаанс бэлэглэсэн юм. Түүнийг нь гаргаж байн байн амандаа зуух юм даа. Эрдэнэ-Очирыгоо нутаглуулчихаад зохиолчдын хорооны Сэлэнгээгээс нөгөө зэд гэдэг зүйлийг нь аваад дотор нь байсан сүүг задалж дээжийг нь өргөсөн. Тэгээд өөрөө уух гэж байгаад бичгийн ширээн дээрээ цалгиулаад асгачихсан юм. Дүү минь намайг дээд тэнгэрээс харж байна гэдэгт итгэсэн. Ах аа танд баярладаг шүү гэж хэллээ хэмээн ойлгосон. Эрдэнэ-Очир бид эртний танилууд. Говийн санаачилга төслийн шугамаар хөдөө суугаа найрагчид хотод ирсэн. Баянхонгороос Ванхүүгийн Батбаяр, Санаадагва хоёр, Дорноговиос Эрдэнэ-Очир маань ирж байлаа. Тэр цагаас л хэн хэнээ мэдэх болсон. Манай хоёрын гэр ойрхон. Нэгнийхээрээ мөн ч их орж гарсан даа. Эрхэмбаяр гэж радиод ажилладаг залуу “Бавуу, Эрдэнэ-Очир, дархад Мийгаа байхгүй. Радио эзгүйрчихлээ” гэж хэлсэн. Бавуудорж радиогоос гараад явчихаж. Үнэндээ Эрдэнэ-Очироос хойш Монголын радио ч, зохиолчдын хороо ч эзгүйрэх шиг болсон.

-Танай гэр найрагчид цугладаг бас нэг сайхан газар. Хичнээн олон найрагчид шинэ шинэ шүлгүүдээ танайд уншиж байсныг мэдэх юм?

-Монголын зохиолчдын эвлэлийн түүхт 90 жилийн ой саяхан болж өнгөрлөө. Энэ үеэр надад “Утга зохиолын төлөө” гэдэг дээд шагналыг олголоо. “Дэлхий монгол туургатны утга зохиол, соёлыг хөгжүүлэх буянт үйлсэд олон жилийн хичээл зүтгэлээ зориулсан гэгээн замналыг тань талархан үнэлж батламжлав” гэсэн байна лээ. Сайхан л санагдсан. 90 жилийн ойн баярын хурал дээр тавьсан До.Цэнджавын илтгэл гойд таалагдсан. Монгол хэл соёлын дархлаагаа манаж яваа зохиолч найрагчдын үнэлэмж туйлын бага байна, үүнд төр засаг тодорхой бодлогоор дэмжих ёстой гэдгийг хатуухан хэлсэн нь маш үнэн сонсогдсон. Энэ цаг үеийн найрагчдаас Төрийн Баянсан, Мулцангийн Уянсүх хоёр сайхан бичиж байна. Баянсан “Хаврын хөх цаснаар сэтгэлийн цагаанаа нисгэхүй” хэмээх надад зориулсан шүлгэндээ “Бүрх малгайтай тэр хүн үл танигдах

Үл танигдах атлаа эс мартагдах

Зүрх уярамхай тэр хүн үл холдох

Үл холдох атлаа эс олдох…” гэж бичиж өгсөн. Намайг болоод миний нутгийг мэдэрч бичсэн нь анзаарагдсан. Галсан гуай Баянсанг бас айхтар үнэлдэг. Өвөрхангайн манай Даваадаш ах байна. Уртай, буурьтай, ухаантай, авьяастай хөдөлмөрч хүн юм. Амархүү, Ишхүү хоёртойгоо би ойр явдаг. Миний шавь Даш-Очирын Агваан гэж гүндүүгүй эр бий. Анхны номыг нь би редакторласан ухаантай. Агвааны “Хос шарга” гэж манай Баасандоржийн дуулдаг сайхан дууг ард түмэн мэднэ дээ.

-Чинжиг, Билэгжаргал гээд хөгжмийн аваргуудтай та анд нөхдийн барилдлагатай явсан. Тэр хоёртоо зориулсан шүлгүүдээ “Цаглашгүй гэрэлт дорно”-доо оруулсан харагдана?

-Цэдэн-Ишийн Чинзориг, Халтарын Билэгжаргал хоёр бол яалт ч үгүй амины минь нөхөд байлаа. Ууж идэж, уймарт туймарч явсан он жилүүд бидэнд бий. Чинжигтэйгээ “Амин холбоо” гэж дуу хийгээд хоцорсон. 24 жилийн дараа Баянхонгорын хөгжимт драмын театрын дуучин, соёлын тэргүүний ажилтан Р.Болортуяа дуулж анхны цомогтоо оруулсан. Нэг удаа Чинжиг “Найзад нь Германаас нэг хүн ботинк бэлэглэлээ, үүнийг ирж мялаана уу” гэж утастдаг юм. Далим байхгүй юу. Тэгээд л би Төмөр замын байранд нь яваад очиж байгаа юм. Манай хүн хөгжим бичихдээ исгэрээд л өрөөн дотуураа алхаад байна. Холхиж холхиж байгаад л нэг ирээд сууна. Тэгж л “Намрын дурсамж”, “Зүүдний говь”, “Илдэн уулын цуурай”-гаа бичээ байлгүй. Билэгжаргалын “Ламбугайн нулимс” дуурийг дэлхийн хэмжээнд бичигдсэн гэдэг. Мань мэт нь яаж мэдэхэв. Бид хоёр “Нутгаа санаад” гэж хайлган сайхан бүтээл хийсэн. Билгээгээ дагаад хөгжмийн зохиолч, өөрийнх нь шавь Тараагийнд хамт очиж л байлаа. Намайг хэн юу гэж хэлэх бол, яачих бол гэж бодох юм байхгүй. Юмны араар нуугдах тийм нэг нэр хичээсэн жижиг зангүй, оюун санааны том ертөнц байж дээ. Алдаа оноо нь бусдын нүдэн дээр ил байсан. Өнөөдөр Билгээ шиг, Чинжиг шиг өөрөөрөө байсан том хүмүүс цөөрч дээ. Бид ч байгаараа байж чадахаа байж. Дандаа худлаа, хуурамч дүр эсгэсэн хүмүүс. Бүгд л духаараа харсан, нэгнээ нүүрнээс далдуур муулсан ийм л байх юм. Билгээтэйгээ, Чинжигтэйгээ, Эрдэнэ-Очиртойгоо суухад онгодыг авдаг байлаа. Жинхэнэ хүний сэтгэл гээчийг мэдэрдэг байлаа. Тэр аваргуудын дунд явснаараа өнөөдөр би хэдэн дууны шүлэг тэрлэхтэйгээ болсон л байхгүй юу.