Categories
мэдээ нийгэм

Таван саяын азтанаар 27, арван саяын азтанаар нэг хүн тодорлоо

НӨАТ-ын урамшууллын 2019 оны хоёрдугаар сарын сугалааны тохирлоор 10 сая төгрөгийн нэг азтан тодорлоо.

Нэгдүгээр сарын 1-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн нийт 23.905.820 баримт бүртгэгдсэнээс:

  • 30 мянган төгрөгийн азтан 21.356
  • 100 мянган төгрөгийн азтан 2.202
  • Нэг сая төгрөгийн азтан 185
  • 5 сая төгрөгийн азтан 27 тус тус тодорлоо.
  • 50 саяын супер шагналд 27575743 дугаар тохирсон боловч азтан тодорсонгүй.


Энэ оноос сугалааны тохирлын системд өөрчлөлт орсон бөгөөд баримтын сүүлийн

3 орон таарахад 50 мянга

4 орон таарахад 100 мянга

5 орон таарахад 1 сая

6 орон таарахад 5 сая

7 орон таарахад 10 сая

8 орон таарахад 50 сая төгрөг хожих боломжтой байжээ. 2018 онд сүүлийн орон таарахад 50 мянган төгрөг хождог байв.

Categories
мэдээ нийгэм

Хоёрдугаар сарын 18-нд болох үйл явдaл

09.30 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Татварын багц хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг болно.

10.00 цагт Буянт-Ухаа спорт цогцолборт XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн 14, Өндөр Гэгээний их дүйчэн өдрийн тохиолдуулан Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц сүсэгтэн олонд ном айлдана. Утас: 88081261, 88048481

10.00 цагт ШУТИС-д УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон яамны газрын удирдлагууд ШУТИС-ын Барилга, архитектурын сургуулийн үйл ажиллагаатай танилцана. Утас: 88010867

10.00 цагт “Norphei Art галерей”-д өсвөр үеийнхний дуу хоолой, үзэл бодлыг урлаг, уран бүтээлээр дамжуулан багш, сурган хүмүүжүүлэгчид хүргэх зорилготой “Гинжийг тасал-2” үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 80709688

10.00 цагт Монголын хөрөнгийн бирж “Ард Кредит” ББСБ-ын үнэт цаасны захиалгын нээлт болно.

10.30 цагт НМХГ-т “KFC” сүлжээ хоолны газарт хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ. Утас: 91887887

11.00 цагт Төрийн ордонд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд Гамшгаас хамгаалах бүх нийтийн сургалтын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ. Утас: 325044

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос “Гэр бүлийн тухай хуулийн талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Төрийн ордонд УИХ-ын Цахим бодлогын түр хорооноос мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын сагсан бөмбөгийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Спортын төв ордонд Гавьяат тамирчин Э.Содномпилжээ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

14.00 цагт СУИС-д “Соёл урлагийн тайлбар толь” номын “Хөгжим” (IV), “Бүжиг” (V)-ийн ботийн нээлт болно. Утас: 99237173

15.00 цагт Монголын Хүүхдийн урлан бүтээх төвд тус төвийн багш нарын шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.

Categories
мэдээ цаг-үе

Соёлын гавьяат зүтгэлтэн, цагдаагийн хурандаа Л.Гаваасүрэнгийнх

Сар шинийн босгон дээр Соёлын гавьяат зүтгэлтэн болсон Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын дарга, цагдаагийн хурандаа Л.Гаваасүрэнгийнхийг шинийн дөрөвний өдөр зорилоо. Л.Гаваасүрэн хурандаагийн эхнэр нь “Бодолд өнжсөн хайр”, “Тэнгэрийн бүсгүй”, “Хайрлаарай” зэрэг олон сайхан дууны аялгууг хийсэн хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг гэдгийг уншигчид андахгүй. Эдний том охин нь дуучин Эрдэнэтунгалаг. Урлагийн гэр бүл гэдгээрээ олны хүндэтгэлийг хүлээсэн хурандаагийнх Замын цагдаагийн хажууханд есөн давхар орон сууцанд амьдардаг юм байна. Хаалганых нь хонхыг дарахад зээ охин нь үүдээ нээв. Зээ гэдэг нь дуучин Эрдэнэтунгалагийн охин Есүй. Бүрх малгай, торгон дээлээр гоёсон гэрийн эзэгтэй “Сониныхон хүрээд ирэв үү, хүний хөл тасрахгүй л байна шүү” гэж инээмсэглэсээр ширээнээ урив. Бууз, салат, тавгийн идээ, сархад ундаа өрсөн ширээний хойморт гэрийн эзэн сууж байна. Гэрийн эзэн, эзэгтэй хоёр ухаа шаргал өнгийн дээлээр ижилсжээ. Золгож, хөөрөг зөрүүлсний дараа яриа хөөрөө эхэллээ. Зочны өрөөний ханаар дүүрэн түүх өгүүлсэн зураг дурсгалууд. Гэрийн эзэн хоймортоо залсан Янжинлхам бурханыхаа дэргэд зогсоод “Б.Лхагвасүрэн найрагч бид дотны найзууд байлаа. Гурван удаа Болор цом авсан их найрагчийн нэг Янжинлхам нь энэ байгаа юм. Манай хоёр хөрш зэргэлдээ амьдардаг байлаа, нэгэн үе. Лхагвасүрэн маань нэг өдөр эхнэрээ дагуулчихсан, хуйлаатай зүйл сугавчилчихсан ороод ирлээ. Тэгж л ирсэн эрхэм дурсгал даа. Төрдөө үнэлэгдсэн гавьяат болоорой гээд дурсгаж билээ. Тэр эрхэм ерөөл нь биеллээ” гэж дурсав. Зочны өрөөний хананд Отгонтэнгэр хайрханы зургийг хүндэтгэлтэйгээр голлуулан залсан нь нүднээ содон. Л.Гаваасүрэн хурандаа Отгонтэнгэр хайрханы өвөр бэлд төржээ. Хажууханд нь жаазлан өлгөсөн овооны зураг ч утга учиртай эд аж. Увс нуурын эрэгт байх Цагаан эргийн овооны зураг юм байна. Гэрийн эзэгтэй Увсын Тэсийн бүсгүй учраас нутгийнхаа овооны зургийг зочны өрөөнийхөө хойморт залжээ.

Л.Гаваасүрэн хурандаагийн уг удамд алдартай лам нар олон байж. Гэрийн эзэн сүүтэй цай оочлонгоо “Өвөө минь 11 хүүхэдтэй айлд мэндэлсэн хүн. Тав нь охин, зургаа нь хүү. Зургаан хүүгийн тав нь бурханы ном үзсэн. Зүгээр ч нэг хуварга биш, бүгдээрээ номд нэвтэрсэн лам нар байсан гэдэг. Нэг нь гэхэд л нутагтаа хүндлэгдсэн маарамба байсан юм билээ. Нэр нь Санжжав л даа. Гэхдээ нутгийнхан нь Чүнж маарамба гэж авгайлан дуудаж явж. Манай нутагт Халтарын хүрээ, Голын хүрээ гэж хоёр том хийд байсан. Хоёр авга маань тэр хийдүүдийн том лам нар байж. Таван охинтой гэж ярьсан даа. Таван ах нь мундаг лам нар байсан учраас бүсгүй дүү нар нь тогоог нь барьдаг байжээ” хэмээн удам судраа дурсав. Хэлмэгдүүлэлтийн үед ах дүү таван ламын дөрвийг нь буудан хороожээ. Гэрийн эзний өвөө амьд үлдсэн ганц нь.

Л.Гаваасүрэн хурандаагийн аав Лэгдэнсүрэн эхээс гурвуулаа аж. 1930-аад оны эхээр Гандан хийдэд шавилж суусан аав нь 1945 оны чөлөөлөх дайнд оролцож байж. Л.Гаваасүрэн хурандаагийн ээж үе удмаараа малчин айлд мэндэлжээ. Ээжийнх нь ээж их өнөр айлын охин байж. Гэрийн эзэн “Миний эмээ чинь эхээс 22-уулаа. Элэнц эмээ маань дөрвөн удаа ихэр хүүхэд төрүүлсэн гэдэг.

Тэгээд л 18 төрөхдөө 22 хүүхэд гаргасан хэрэг л дээ” хэмээн хууч дэлгэв. Таван настайдаа ахтайгаа хамт сургуульд орсон, дөрвөө төгсөөд нэгдлийн хоньчин болсон, сүүлд 1969 онд хотод орж ирээд оройгоор бүрэн дунд, дээд боловсрол эзэмшсэн гэж ирээд яривал гэрийн эзний намтар сонин содон түүхээр дүүрэн юм.

Улаанбаатарт шилжиж ирэх гэж бөөн адал явдал болж байж. Л.Гаваасүрэн хурандаа “Тухайн үед эмчлүүлэх, албан тушаал дэвших гэх мэт цөөхөн шалтгаанаар нийслэлд шилждэг байлаа. Ээж эмчлүүлэх болоод манайх нийслэлд шилжиж ирсэн түүхтэй. Паспорт олдохгүй, орой болгон хөөгддөг байсан минь санаанаас гардаггүй дурсамжийн нэг дээ. Сүүлдээ муу аав минь хаалга дуугарахаар цочиж ухасхийдэг болчихсон байж билээ. Паспорттой болж байна гэж зүүдэлнэ шүү дээ” гэж хотын хүн болж байсан олон жилийн өмнөх дурсамжаа сөхөв. Зүүдэлж мөрөөдөж явсан паспорт олгодог газрынхаа дарга байснаа бас ярилаа. Гэрийн эзэн жигнүүрээс дөнгөж гарсан буузнаас өмнөх тавгандаа хийнгээ “Намайг иргэний бүртгэлийн хэлтсийн дарга байх үе шилжилтийн хэцүү цаг байсан. Амьдрал хөөгөөд хөдөөнөөс ирсэн хотын паспортгүй улсад ажил олдохгүйгээс эхлээд саад бэрхшээл их. Зовлонг нь мэдэрсэн учраас ирсэн болгоны асуудлыг шийдээд өгчихдөг байлаа. Нийслэлийн хүн амын өсөлтөд их хувь нэмэр оруулсан байх аа, би” гэж хэлээд хөгжилтэй инээв. Л.Гаваасүрэн хурандаа цагдаад 47 жил ажиллажээ.

Бидний яриа ид дундаа өрнөх үеэр хонх дуугарлаа. “Сүлд” чуулгын уран бүтээлчид даргатайгаа золгохоор иржээ. Дуучин Долгормаа, Содномдаржаа, Хатанбаатар, морин хуурч Батбаяр нар ирснээр яриа хөөрөө бүр хөгжөөд ирэв. Гэрийн эзэгтэй СУИСийг байгуулагдсан үеэс хойш багшилсан учраас золгуутаар ирсэн залуус “Багш аа” гэж хүндлээд жигтэйхэн. Оюутан цагийн хөгжилтэй дурсамж, чуулгын уран бүтээлийн сонин сайхнаар хачирласан яриа сүүлдээ концерт болж хувирав. Д.Цэцэрлэг хөгжмийн зохиолчийн төгөлдөр хуурын аялгуун дор Содномдаржаа “Элгэн нутаг”ийг дууллаа. Гэрийн эзэгтэйн аялгууг нь хийсэн энэ дуу 2006 оны “Морин хуур” наадмын Гран При хүртжээ. Долгормаа мөн л багшийнхаа зохиосон “Цагдаагийн гэргийн дуу”г дуулав. Гэрийн эзэгтэйн хайртай дуу гэнэ. Л.Гаваасүрэн хурандаа маршал Чойбалсангийн тушаалаар анх байгуулагдсан “Сүлд” чуулгынхаа талаар яриа дэлгэх дуртай юм. Гэрийн эзэн “Энэ сайхан залуусынхаа хүч хөдөлмөр, уран бүтээлийн гэрэл гэгээгээр соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх хүндтэй шагнал авлаа” хэмээлээ. Хоёр жилийн дараа Монголын цагдаагийн байгууллагын 100 жил, “Сүлд” чуулгын 85 жилийн ой тохиох юм байна.

Эцэг өвгөдөөс уламжилж ирсэн үнэт зүйлсийг нь сонирхоход гэрийн эзэн “Амьдралын өмнө нугарахгүй хатан чанарыг эцэг өвөг минь үлдээжээ гэж сүсэлж явдаг даа. Дээдэс минь гайхалтай малч улс байжээ, одоо эргээд бодох нь ээ. Өвөө маань мориныхоо амгайг ханцуйлж явдаг байлаа. Мориныхоо амыг хайрахгүй гэж тэр шүү дээ. Тийм л мундаг малч улс байсан” гэв.

Сүлд чуулгынхныг гарсаны дараа хүн сийрэх үеэр гэрийн эзэгтэйтэй хууч хөөрлөө. Сар шинээр эднийд 200 гаруй хүн ирдэг юм байна. Энэ жил дунд охин нь Есүйтэй хамт зочдод үйлчилж байгаа аж. Бага охин нь нялх биетэй учраас шинийн нэгэнд хоночихоод явжээ. Д.Цэцэрлэг хөгжмийн зохиолчийн уугуул нутаг нь Увс аймгийн Тэс сум. Баяд ястан. Аав нь Увс аймгийн Тэс сумын нэгдлийн анхны даргаар ажиллаж байж. Нэгдэл байгуулахаар хуралдаж байтал хүү төрлөө гэсэн мэдээ иржээ. Тав дахь хүүгээ Нэгдэл гэж нэрлэсэн нь ийм түүхтэй юм байна. Нэгдэл начины хүү нь өдгөө улсын заан Жаргалбаяр. Гэрийн эзэгтэй бөх, урлагийн удамтай гэж сонирхуулав. Айлын зургаан хүүхдээс хамгийн бага нь аж. Ахыг нь бөх, өөрийг нь урлагийн хүн болоход аавынх нь нөлөө их байжээ. Урлагт хөл тавихад эмээ нь их нөлөөлж. Гэрийн эзэгтэй бидний өмнө салат таваглаж тавингаа “Эмээ минь янз бүрийн хөгжим тоглодог хүн байсан юм. Морин хуур хачин сайхан тоглоно. Ээж маань зочломтгой гэж жигтэйхэн хүн байлаа. Нэг хонины мах гурав хоноод л дуусдаг байж билээ. Аавынхаа нэг үгийг амьдралынхаа дадал болгосон доо. Ядарсан нэгэнд дэмтэй яваарай гэсэн үг нь өнөө ч сэтгэлд тод байдаг. Эрдэнэтунгалаг яг манай аавыг дуурайсан дайчин зантай. Бас их өглөгч. Эрдэнэтунгалаг бид хоёр хүнд юм өгч байж л тайвширдаг улс” гэж хэлээд тас тас хөхөрлөө. Гэрийн эзэгтэйн үе үе тасхийлгэх хөгжүүн инээд энэ гэр бүлийн эерэг дулаан өнгийн нэг том хэсэг нь байх аа, байсхийгээд л инээд цангинуулан сонин сайхан хууч дэлгэнэ.

Гэрийн эзэгтэйг долоон настай байхад Мөрдорж гуай нутагт нь очиж байж. Өөрөөсөө том баян хуур хөгжмийг түүртэлгүй тоглох жаахан охиныг хотод урлагийн сургууль руу авч явах гэтэл ээж нь уйлаад явуулаагүй гэнэ. Хөгжмийн зохиолчийг бага байхад аав нь 1000 төгрөгөөр баян хуур хөгжим авч өгч байжээ. Алтан үеийнхний багш байсан “Солгой” Баяр гэж хүнээр багадаа хөгжим заалгаж байснаа сонирхуулав. Дунд сургуульд байхдаа багшийнхаа дарсан ямар ч аяыг тэр дор нь сурчихаад хөгжимдөж суудаг адтай охин явснаа ярилаа. Бүр сүүлд багшийн сургуулийн хөгжмийн ангид байхдаа л нот сурч эхэлжээ. Ямар ч нотгүйгээр дээд сургуулийн хөгжмийн дөрөвдүгээр курсийнхны тоглодог аяыг түвэггүй эгшиглүүлсэн хөдөөний охин тухайн үедээ их сургуулийн багш нарын гайхширлыг төрүүлж явж.

Багшийн сургуульд Төрийн соёрхолт Чинзоригийн шавь байж. Чинзориг багш нь хөгжмийн зохиолч болоход нь нөлөөлсөн гэнэ. Сургуулиа төгсөөд дөрвөн жил багшилсны дараа Эрхүүгийн багшийн их сургуулийн хөгжмийн багшийн ангид элсэн суралцжээ. 2000 оноос хойш хөгжим зохиох ажилд дурлаж оржээ. 1999 онд ээждээ зориулж “Сэтгэлд мөнхөрсөн ижий” дуугаа хийсэн юм байна. “Номин талст” хамтлагийнхны ардын жүжигчин А.Долгортой хамтран амилуулсан энэ дуу өнөө ч эгшиглэсээр байгаа. Энэ дуугаараа “Алтан микрофон” хөгжмийн наадмын шилдэг хөгжмийн зохиолч шагналыг авч байж. Үүнээс хойш “Ханьсахын жаргал”, “Бодолд өнжсөн хайр”, “Зүрхэнд буйлдаг говь”, “Зүүдэнд уяатай аав” дуунуудаа бүтээжээ. “Ханьсахын жаргал” дууны түүх нь их сайхан. 2003 оны гуравдугаар сарын 8нд төрсөн дуу аж. Мартын наймны өглөө сэртэл Л.Гаваасүрэн хурандаа төгөлдөр хууран дээр шүлэг бичээд үлдээчихсэн байж. Гэрийн эзэгтэй “Ханийнхаа үлдээсэн шүлгийг уншаад баярласан мэдрэмжээ зүйрлэхэд үг дутах байх. Зүсээ гундтал ханилахдаа чамаасаа уйдахгүй гэсэн мөрнөөс л аяа олсон. Үүнээс илүү яаж хайрлах вэ дээ. Аяа хийчихээд өдрийн цайны цагаар нь ханийгаа дуудаж сонсголоо. Манай хүн ч сайхан дуу болж гэж урам өгсөн. Эрдэнэтунгалаг сонсонгуутаа, би дуулъя гээд авчихсан. Тэгж л төрсөн дуу даа” хэмээн дурслаа. Эрдэнэтунгалаг дуучны хоёр эмэгтэй дүүгийн нэг нь хөгжим бүжгийн коллежид төгөлдөр хуурын багшаар ажилладаг, харин нөгөө нь урлагийн чиглэлээр төсөл дээр ажилладаг юм байна.

Гэрийн эзэгтэй яриа хөөрөө дэлгэж цай аягалах зуур Л.Гаваасүрэн хурандаа манай бас нэг шүтээн Наро Банчин гэгээнтний дурсгасан Очирваань бурхан. Наро Банчин гэгээнтэн чинь манай нутгийн хүүхэд шүү дээ. Түүнийг гэгээнтэнд залахад би албан бус ажлын хэсгийн ахлагчаар нь ажиллаж байсан юм. Дүр тодруулна гэдэг овоо ажил болдог юм билээ. Хамгийн гол нь урд насны дүрийн шинж чанарыг сайн мэдэж байх ёстой. Наро Банчин гэгээнтний урд төрөл “Би эргэж нутагтаа төрнө. Буянт голоо өгсөж төрнө” гэж хэлж байсан гэдэг. Бүхэл бүтэн шашин судлаачдын баг бүрдүүлж урд үеийн захиж хэлсэн шинжүүд гэгээнтэнд бий эсэхийг судалсан. Наро Банчин гэгээнтэн манай Гандан дамжиж өссөн гурван гэгээнтний нэг нь. Тэр хутагтуудаас Наро Банчин гэгээнтэн ганц орчин үеийн боловсролтой нь юм хэмээн хуучлав. Наро Банчин гэгээнтэнд урд насных нь шинж тэмдэг олон байдаг аж. Гэгээнтэнд зориулсан дууны хөгжмийг гэргий нь хийж, шүлгийг нь Төрийн соёрхолт, яруу найрагч Ц.Бавуудорж бичжээ. Эл дууг МУГЖ С.Ганзориг дуулж амилуулсан байна. Биднийг ийн хөөрөлдсөөр суутал гадаа аль хэдийнэ бүрэнхий болсон байлаа. Биднийг явах дөхөхөд гэрийн эзэгтэй баянхуураа тоглож, зээ охин Есүй нь “Катюша”, “Миний ээж тэмээчин” дууг дуулсан юм. Тэрээр бага байхад нь гэрт нь хүн орж ирэхэд би “Катюша”-гаа дуулъя гэдэг байж. Урлагт хайртай гэр бүлийн нэг өдөр дуутай хууртай, хүн олны хөдөлгөөн ихтэй ийм өрнүүн байлаа.

Гэрэл зургуудыг Г.БАЗАРРАГЧАА

Categories
мэдээ цаг-үе

Х.Тэмүүжин: Манайх иргэнийхээ эрхийг орхигдуулж төрөө бөөцийлсөн хуулийн философитой

Монголын эдийн засгийн клубийн энэ сарын зочин Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин байлаа. Тэрээр сайдаар ажиллаж байхдаа эхлүүлсэн хууль зүйн шинэчлэл хэр үр дүнд хүрсэн, ямар саад гацаа байсан талаар ярьсан юм. Илтгэлийг нь товчлон хүргэе.


Монголчуудын хуулийн тухай ойлголт нэг талаараа явцуу, нөгөө талаараа өрөөсгөл. Хуулиас хол явсан нь дээр дээ гэсэн социализмын үеийн хандлага одоо хүртэл өөрчлөгдөөгүй. Тийм хүмүүс шийдвэр гаргагчдын, нийгмийг авч явагчдын байр суурин дээр маш олуулаа байгаа нь түгээмэл харагддаг. Хуулийн салбарт шинэчлэл хийхэд тулгарч байсан нэг том бэрхшээл бий. Хуулийн нэрээр амьдардаг, хуулийн сүр хүчээр хувийн ажлаа амжуулдаг хүмүүсийн хандлагыг өөрчлөх нь хамгийн том сорилт байсан. Миний хувьд хуулийн салбарын шинэтгэлтэй холбоотой судалгаа, үйл явцад 2000 оноос хойш оролцсон. 2002 оны Эрүүгийн болон Иргэний хууль тогтоомжуудын өөрчлөлтөд судлаачаар оролцож байлаа. Бодлогын судалгаа хийдэг хүн тэр үед бараг байгаагүй. Академик түвшний юм яривал ярина. Академик гэдэг нь шинжлэх ухааны арга барилтай гэхээс илүү профессор, доктор гэх мэт том хэргэм цолтой хүмүүсийн хууль зохиол болоод хувирчихсан. Би хуулийг ингэж харж байна гэсэн хувийнхаа бодлыг нийгэм рүү тулгадаг. Одоо ч гэсэн манай академич, доктор гэгдээд буй хуулийн салбарын том эрдэмтэд хувийнхаа бодлыг л ярьдаг. Судалгаа тооцоотой юм бараг дуугардаггүй.

Гадаадад суралцсан, гадаадын судалгаанд оролцсон хэсэг нь л арай эрүүл саруул юм ярьдаг. Эрүүл саруул ярьдаг залуус олонх болж байгаа ч яг нийгмийн байр суурин дээр Ж.Амарсанаа, С.Нарангэрэл хоёртой зэрэгцээд ярихад олон нийт ахмадыг нь л мундаг гэнэ. Ярьж байгаа үндэслэлийнх нь утга учрыг ухаж хардаггүй. Ийм учир шалтгаанаар хуулийн салбарт хийхээр зориглосон шинэтгэл маань маш их бэрхшээлтэй тулсан.

ХУУЛИЙН САЛБАРЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ХАМГИЙН ТҮРҮҮНД ЭСЭРГҮҮЦСЭН ХҮМҮҮС НЬ ЭРДЭМТЭД

Эрдэм шинжилгээ, судалгааны ололтууд нь шинэчлэл хийж байгаа бодлогуудаа дэмжих ямар ч боломжгүй байсан. Хуулийн салбарт ийм өөрчлөлт хийж, тийм бодлого хэрэгжүүлнэ гэхэд хамгийн түрүүнд эрдэмтэд эсэргүүцдэг. Хуучин академич, профессор, их сургуулиудад байгаа хуучинсаг эрдэмтэд нь хамгийн түрүүнд эсэргүүцсэн. Маш прагматик ганц эрдэмтэн гарч ирсэн нь Суурийн Жанцан гэж хүн. Цагдаагийн академид ажиллаж байсан доктор. Эрүүгийн эрх зүйн шинэчлэлтэй холбоотой танилцуулга хийгээд сууж байтал “Номнуудаа маш хурдан зарах ёстойгоо ойлголоо. Та нарын ярьж байгаатай холбоотойгоор цаг алдалгүй гарын авлагууд бичих хэрэгтэй юм байна” гэсэн. Хууль бүхэлдээ өөрчлөгдөхөөр ном нь, мэдлэг нь ямар ч үнэ цэнэгүй болох юм байна гэдгийг олоод харчихсан хэрэг. Бусад нь ойлгоогүй. Өөрсдийнх нь гуч, дөчин жил бүтээсэн зүйл зах зээлээс шахагдахыг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй. Шууд эсэргүүцсэн. Эрүүгийн хууль тогтоомж ингэж өөрчлөгдөж болохгүй гэчихэж байгаа юм.

Хуулийн салбарт шинэчлэл хийхэд хамгийн хялбар байсан зүйл бол парламент дахь кноп дардаг улстөрчдийн талыг эргүүлэх байсан. Тэд үндсэндээ юу ч ойлгохгүй байсан л даа. “Зөв биз дээ дарах уу” гэдэг л үгтэй. Шийдвэр гаргагчдын хувьд юу зөв буруу талаар хувийн туршлага гэж байхгүй. Хуулийн тухай бүрэн цогц мэдлэггүй. Ийм хүмүүсийн хувьд зөв гэсэн өнгөтэй чигтэй салхи байвал дагаад кноп дарах боломжтой байдаг юм билээ. Эхний жил хагасын хугацаанд хуулийн төсөл, концепцууд ямар ч саадгүй явсан. Тахарын албыг байгуулах ёстой юм байна, Эрүүгийн, Цагдаагийн албаны хууль өөрчлөгдөхөөс аргагүй болж гэх мэтчилэнгээр кнопоо дарж эхэлж байтал зохион байгуулалт, бүтэцтэй холбоотой зүйл гараад ирэнгүүт байдал бишэдсэн л дээ. Дарга цэрэг нь хэн байх, албан тушаал яаж өөрчлөгдөх, бодит эрх мэдэлтэй хүмүүсийн нөлөө хэрхэн хумигдах вэ гэх мэт асуудал гараад ирэнгүүт улстөрчдийн гар татагдаж эхэлсэн. Наад шинэчлэл чинь Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумьж эхэлж байгаа юм байна. Цагдаагийн даргын эрх мэдэл багасах нь, АТГ, Тагнуул хоёрын эрх мэдлээр оролдож эхлэх гэж байна шүү дээ, ингэхээр ажил хийхэд түвэгтэй болох юм биш үү гэсэн асуултууд тавьцгаасан. 2016 оны хавар процессын хуулиудыг батлахаар алх тогших гэж байхад АТГ, Цагдаа, Тагнуулын гурван дарга сонинуудаар эсэргүүцэл зарлаж, Ерөнхий сайд дээр орж “Энэ хуулиудаа татахгүй бол” гэсэн заналхийллийг бий болгосон.

Тэгсэн гол шалтгаан нь гуравхан заалт. Нэгдүгээрт, цагдан хорих 461 дүгээр ангид гүйцэтгэх ажил явуулахыг хориглоно гэчихсэн юм. Хүнийг барьж хорьчихоод гүйцэтгэх ажиллагаа явуулах замаар хэрэг илрүүлэх нь олон улсын жишгээр эрүүдэн шүүх үйл ажиллагаа гэж харж, өөрчлөх гэж байсан. Хоёр дахь өөрчлөлтийн хувьд прокурорын зөвшөөрөлгүйгээр өмнө нь явдаг байсан тодруулах, эрэн сурвалжлах бүх ажиллагаа хууль ёсны болж стандартчилагдах байлаа. Хэн нэгнийг дураараа чагнадаг, мөрддөг, араас нь хувийн мэдээллийг нь цуглуулах байдлаар явдгийг зогсооно гэсэн л дээ. Эрүүгийн хэргийг хянан шийтгэх хуульд хүнтэй холбоотой ямар нэгэн гүйцэтгэх ажиллагаа, далд мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулсан бол нэг бол шүүх рүү явна. Шүүх рүү явахгүй бол тухайн хүнд эргэж хандаад “Тантай холбоотой ийм мэдээлэл цуглуулсан, устгах уу үгүй юу” гэж асуух ёстой. Өөртэй нь холбоотой мэдээллүүд хуулийн байгууллага цуглуулсан бол хууль ёсны байсан эсэхийг шалгуулах эрх тухайн иргэнд нээгдэж байх учиртай. Тэгэхгүйгээр хэн нэгэн даргын сейфэнд хадгалагдаад шантаажны хэрэгсэл хэлбэрээр ашиглагдаж болохгүй. Ийм системтэй байж гэмээ нь эх захаа алдсан мөрдөн шалгах ажиллагаа дэгэнд орно. Энэ өөрчлөлтийг бүгд эсэргүүцэж босч ирсэн. Гурав дахь гүйцэтгэх ажилтай холбоотой. Гүйцэтгэх ажилтай холбоотой зөвшөөрлийн систем шүүхэд хянагдана. Шүүхэд хянагдах системтэйгээр та нарын ажиллагаа дараа нь нотлох баримт болох уу, үгүй юу гэдэг нь шийдэгдэнэ гэчихсэн юм. Хуучин ногоон малгайтнууд гэдэг шиг НАХ яамын арга барилаар ажилладаг байсан бүх байгууллагын гол зүрх рүү нь хатгасан өөрчлөлт л дөө. Тийм учраас бүгд эсэргүүцсэн.

Тэр үед Ч.Сайханбилэг Ерөнхий сайд, Д.Дорлигжав Хууль зүйн сайд байсан юм. Үндсэндээ найман багц хууль байсан. Энэ бүх хуулиудын эцсийн хэлэлцүүлэг болох өглөөнийх нь есөн цагт төслүүдийг татах бичгийг Засгийн газраас УИХ-д өгчихсөн. Ч.Сайханбилэгийн өрөөнд орж “Үүнтэй холбоотой асуудал үүсвэл танай Засгийн газартай ярина” гэсэн тулгалт хийж байж татлаа гэдэг бичгийг нь болиулсан л даа. Ийм түүхтэйгээр тэр хуулиудыг арай гэж батлуулсан. Гэсэн хэдий ч 2016 оны сонгуулийн дараа МАН гарч ирэнгүүтээ хамгийн түрүүнд тэр хуулиудыг ёсчлоогүй учраас гэсэн шалтгаанаар хүчингүй болгож буцаасан. Өөрөөр хэлбэл өнөөдөр мөрдөгдөж буй бүх хууль 2000 онд Ц.Нямдоржийн үед ямар байсан, яг тэр чигээрээ үйлчилж байна. Хуулийн байгууллагуудын амбицыг давж хүний эрхийн болон эрүүл саруул оюун ухаанаар тооцсон хэм хэмжээг батална гэдэг Монголын хувьд зовлонтой. Тэрийг даах дийлэх хэмжээний улс төрийн эр зориг, улс төрийн нэгдэл үүсгэнэ гэдэг хэцүү гэдгийг яс махандаа тултал ойлгосон.

УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ДИЙЛЭНХ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АТГАНД БАЙДАГ

УИХ гишүүдийн дийлэнх ямар нэгэн байдлаар хуулийн байгууллагуудын атганд байдаг. Тэр байгууллагуудын атгаж байгаа ид шид нь гүйцэтгэх ажиллагаа нэрээр цуглуулж авсан мэдээллүүд. Цуглуулсан мэдээллээ шүүх рүү хэзээ ч аваачиж өгдөггүй. Өнөө мэдээлэл нь албан ёсоор шүүхийн хэлэлцүүлэгт орж, гэмт хэрэг мөн эсэх, ял шийтгэл авах уу, үгүй юу гэдэг хэлэлцүүлэгт ордоггүй. Гэхдээ тэр мэдээллүүд ямар нэгэн байдлаар тодорхой эрх мэдэлтнүүдийн гарт ордог. Монгол Улсын хуулийн салбарт таван удаа сайдаар ажилласан хүн хэзээ ч шүүх рүү аваачдаггүй баримтуудыг “би мэднэ” гэж яриад өрсөлдөгчөө, нөгөө талын хүмүүсээ намнахад ашиглаж суугааг та бүхэн саяхан харсан. Хэн ч түүнээс гэмт хэрэг хийгээд суугаа юм биш үү, юу нуун далдлаад яваа юм гэж асуухгүй байгаа биз. “Би мэднэ, тэгсэн шүү та нар, тэрнээс ч илүү юмыг би мэднэ” гэдэг том заналхийлэлтэй хүн. Гэмт хэрэгтэй холбоотой тэр дундаа албан тушаалтантай холбоотой мэдээлэл хэзээ ч шүүх рүү явдаггүй. Гэхдээ нэг газар байж л байдаг. Тэр мэдээллийг олохын тулд хуулийн байгууллагын эд эсүүд үргэлж ажилладаг. Харамсалтай нь тэдний олж буй зүйл зөвхөн дарга нарт зориулагддаг. Тэр мэдээлэл хэн нэгнийг албан тушаалаа ахиулж, албан тушаалд тогтвортой байх хэрэгсэл болоод хувирчихсан. Хууль сахиулагч гэж нэрлэгддээг мөрдөгч, тагнуул, АТГ, цагдаа, прокурор гэх мэт байгууллагуудад нөлөө бүхий, тогтвортой оршин тогтнож байдаг бүлгүүдийн хэрэгсэл болж хувирсан нь нууц биш.

Би хуулийн салбарт ерөнхийдөө долоо, найман талбарт шинэтгэл хийх гэж оролдсон. Эхнийх нь саяны ярьсан эрүүгийн эрх зүйн салбарын шинэтгэл. Хүнийг гэмт хэрэгтэн мөн үү, ямар хэмжээний ял шийтгэл авах вэ гэдгийг тогтоох хэрэгсэл нийгмийн шударга ёсны тогтолцоог хамгаалах хэрэгсэл гэхээс илүү тодорхой бүлгийн оршин тогтнох зэвсэг болоод хувирчихсан учраас шинэчлэхээс аргагүй байсан юм. Уг нь бусад улс орнуудад эрүүгийн гэмт хэрэгтэй холбоотой шийтгэл хариуцлагын тогтолцоо тухайн нийгмийнхээ хамгийн чухал үнэт зүйлсийг хамгаалахад чиглэдэг. Гэтэл манайд албан бус авлига, албан бус хууль улс төрийн бүлэглэлийг хамгаалдаг систем болоод хувирчихсан. Үүнийг шийдэхгүйгээр эдийн засаг хөгжихгүй, шударга ёс тогтохгүй, хүний эрхийн баталгаа хангагдахгүй. Энэ нийгмийг эрүүл саруулаар хөгжүүлэх өрсөлдөөн ч цааш явахгүй.

Хоёр дахь шинэтгэл нь төртэй хамаатай. Авлига сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлыг шийдэхийн тулд төрийн захиргааны өдөр тутмын үйл ажиллагааг стандартчилах ёстой л доо. Захиргааны ерөнхий хууль гаргах замаар төрийн хүнд суртал, ойлгомжгүй байдал, дур зоргоос иргэдийн сонирхол, хүний эрхтэй холбоотой асуудлуудыг хамгаалж өгөх ёстой. Тэгж байж бизнес, хувь хүний нийгмийн өдөр тутмын харилцаа хуулийн хамгаалалтад ордог. Ингэхийн тулд Захиргааны ерөнхий хууль, Захиргааны шүү, төрийн захиргаатай холбоотой хууль тогтоомжийг сайжруулах учиртай. Эдгээр хууль тогтоомжийг сайжруулах үйл явц бүр 2000 оноос эхэлсэн ч гүйцэд хийгдээгүй байсан. Бид Захиргааны ерөнхий хуулийг боловсруулж, Засгийн газарт зургаан удаа оруулсан ч дэмжээгүй. Дэмжээгүй нь ч тодорхой шалтгаантай. Засгийн газар болон захиргааны бүх байгууллагын дураараа хөдөлдөг үйл явцыг хязгаарлачихаар хуулиас гадуурх, хууль тойрч хөдөлдөг бүх үйл ажиллагаа дэг журамд орчих гээд байсан хэрэг. Зургаан удаа татгалзсан хариу авсаны эцэст тухайн үед Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдоржид хандсан. Өргөн бариад өгөөч гэж. Ерөнхийлөгч зөвшөөрсөн. Захиргааны ерөнхий хууль ийм түүхтэйгээр батлагдсан юм. Одоо Захиргааны ерөнхий хуулиас Засгийн газартай холбоотой хэсгийг авч хаях гэж байгаа. Ц.Нямдорж өргөн бариад, бөөн хэрүүл маргааш болж байгааг та бүхэн мэднэ. Төрийн хүнд суртал, сонирхлын зөрчил, авлига гэх мэт олон үйл явцыг жигдлэхэд зориулагдсан хуулийн шинэтгэлийн үйл явц байсан гэдгийг дахиад онцолъё.

НЭГ ХҮНИЙ ЯВЦУУ ХАНДЛАГАД ҮЙЛЧИЛДЭГ ЦЭЦИЙГ ӨӨРЧЛӨХ ГЭЭД БАРААГҮЙ

Шинэтгэлийн гурав дахь талбар бизнесийн орчныг таатай болгоход чиглэсэн. Гэхдээ бид төлөвлөж зорьсон ажлынхаа 40 хувийг л хийж чадсан. АН засгийн эрх барьсны дараахан бизнес эрхлэгчид хуулийн салбарынханд гомдол гаргаснаас үүдэж ийм шинэтгэл хийх ёстойг олж харсан юм. Намайг Хууль зүйн сайд байхад өчнөөн хүн “Танай нам хэрэг алга. МАН арай ч ийм байгаагүй. Тэд биднээс авлига нэхдэг байсан. Авлигыг нь өгөхөөр ажил явчихдаг байлаа. Гэтэл танайхан авлига нэхэх биш, бизнес булааж эхэллээ. Лицензээ өг, бизнесийнхээ төчнөөн хувийг өг гэх маягаар хандаад эхэлчихлээ. Үүнийг хууль хүчнийхний туслалцаатайгаар хийж, дуртайгаа барьж хорьж байна” гэж хандсан. Ингээд шалтгааныг нь судаллаа. Цагдаа, хуулийн байгууллагууд ямар нэг бизнесийн хойноос зургаан сар хөөцөлдөхөд юу ч олж болдог тогтолцоог олж харсан.Бизнес эрхлэгчдийн татвар төлөлт, санхүүгийн бүртгэлтэй холбоотой асуудлууд “но” ихтэй байсан. Цаана нь шилжилтийн үеийн эдийн засаг гэх мэт олон шалтгаан бий. Бизнесийг нь булаахын тулд юу ч хамаагүй өлгөөд гаргаад ирдэг байдлыг зогсоох, бизнесийнхнийг энэ өлгүүрээс суллах ёстой учраас Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гаргах ёстой болсон. Ийм хууль баталж компаниудын санхүүгийн бүртгэл, бичилтүүдийг шинэчлэхгүйгээр хуулийнхны бизнес рүү ордог байдлыг цэгцэлж чадахгүй нь тодорхой байсан л даа. Эдийн засгийн ил тод байдал, Татварын өршөөлийн хуулийг баталсан нь ийм учиртай. Мөн худалдаа гэрээтэй холбоотой асуудлыг иргэний хууль тогтоомжоос салгаж худалдааны гэрээний хууль тогтоомжийг өөрчлөх шаардлагатай гэж үзсэн. Арбитрын орчныг сайжруулахгүйгээр бизнесийн маргааныг шийдэхгүй гэдгийг ч харсан. Бизнесийн маргаан эцэстээ Дээд шүүхийн иргэний танхимын долоо, найман шүүгчийн мэддэг асуудал болоод хувирчихсан байсан юм. Шүүгч нарын хариуцлагыг сайжруулахтай холбоотой зохицуулалтыг яаж хийх, Дээд шүүхийн бугшсан зүйлийг хэрхэн задлах вэ гэдэг талаас нь ажилласан. Харамсалтай нь энэ асуудлыг шийдэх гэж оролдсон ч чадаагүй. Үүнтэй холбоотой шийдсэн бүх хууль тогтоомжийн гол нюанс дандаа Цэц дээр очиж унасан. Дээд шүүх Цэцийн гурван хүнийг санал болгодог. Дээд шүүхийг хязгаарласан, зохицуулалтад оруулсан өөрчлөлтүүд, зарим нэг эдийн засгийн боломжтой хуулиудыг Цэцэд маргаан гаргаж санал болсон гурван хүнээрээ дамжуулж цохиод байсан.

Шинэтгэл хийх дөрөв дэх талбар энэ асуудлаас ургаж гарч ирсэн юм. Үндсэн хуулийн Цэцийн энэ асуудлыг шийдэхгүйгээр Монголд ямар ч эрүүл саруул өөрчлөлт явахгүйг олж харсан л даа. Учир нь Цэцийн нөлөө бүхий хүмүүс өнөө цагдаа, прокурор. Онигоо шиг зүйл ярихад ерөнхий прокурорын санаачилгаар ҮХЦ гурван маргаан үүсгээд шийдвэр гаргаж байсан. Захиалагч нь маш тодорхой. “Яахаараа ерөнхий прокурор ҮХЦ-д захиалга өгөөд энэ хуулийн энэ зохицуулалтыг унагаж байдаг юм бэ” гэсэн асуудал тавихад ерөнхий прокурор Цэцийн хуралдаанд орохын өмнө “Уучлаарай наад хууль чинь надад таалагдахгүй байна. Та нар надаас зөвшөөрөл аваагүй” гэх жишээний. “Таны ардчиллын алтан хараацай байх эсэх сонин биш. Танд энэ хууль таалагдах, таалагдахгүй хэнд хамаатай юм” гэж хэлэхэд “Би мэдэж байна” л гэж байгаа юм. Зөвхөн нэг хүний ийм явцуу хандлагыг хэрэгжүүлдэг Үндсэн хуулийн Цэцтэй гээд бод доо. Эдийн засгийн худалдаа гэрээтэй холбоотой шүүхийг эрүүлжүүлэх гэж оролдсон процесс ингээд нурж байгаа юм.

Энэ бүгдийг хийж байхад дахиад нэг асуудал гарч ирсэн. Түрүүн дурдсан зүйлс бол салбаруудтай хамаатай. Эрүүгийн, захиргааны эрх зүй, бизнес худалдаатай холбоотой салбаруудын асуудал байсан. Эдгээрийг шийдэхэд хуулийг яаж бичих, яаж хэрэгжүүлэх, хуульч гэж хэн бэ гэх мэтчилэн асуудлууд гарч ирсэн. Цахилгааныг айлуудад аваачихын тулд дэд бүтэц хэрэгтэй. Тэрэн шиг сайн хуулийг хэрэгжүүлэх дэд бүтэц зайлшгүй хэрэгтэй. Дэд бүтэцтэй нь холбоотой хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага байсан юм. Хуульчдын холбоог бий болгох, Хууль тогтоомжийн тухай хуулийг батлах гэх мэтчилэн олон ажил хийсэн. Тэр олон ажил дахиад маш олон зөрчилтэй тулгарсан. Гэх мэтчилэнгээр системээр нь харж шийдэх гэж оролдсон шинэчлэл хуучин урхаг улстөрчид, хуулийн байгууллагуудын амбиц, бизнес улстөр хуулийн байгууллагуудын хэлхэлдсэн эдийн засгийн ашиг сонирхолтой бүтэц, мэдэхгүй, мэдлэггүй байдлаас шалтгаалж нурсан.

2012-2016 оны хооронд хийсэн шинэчлэлээс хэрэгжээд явж байгааг нь хувилбал 30 гэсэн тоо гарч ирнэ. Тухайн үед хийх ёстой ажлынхаа 60 хувийг л хийж чадсан. 60 хувийг 100 хувь гэж бодвол 30 хувь нь үлдсэн гэсэн үг. 70 хувь нь буцаад нурсан. Товчхондоо Монгол Улс дахь хуулийн философи огт өөрчлөгдөөгүй. Олон жишээ хэлж болно. Тахарын албыг бид байгуулахдаа гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлэх гэж оролдсон. Гурван сая хүнийг амьдралын чанар, хүний эрхийн байдлаар хэмжихэд хамгийн дор очдог хэсэг нь хохирогч. Стандарт дундаж хүнээс хэд дахин дор очдог хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалж чадахгүй бол төр оршиж байна гэж хэлэхэд хэцүү, эргэлзээтэй. Ардчилал хөгжсөн 28 жилийн хугацаанд төр хохирогчдыг хамгаалах ажлыг хийж байгаагүй. 2012 оноос төрийн хийх ёстой чиг үүрэг болгож хувиргаад зохион байгуулалтыг нь хийж өгсөн юм. Тэр нь тахарын алба. Гэтэл хохирогчид зориулсан тэр системийг алга болгочихсон. МАН-ынхан 2016 онд татан буулгаж зардлаар нь дотоодын цэргийг байгуулсан. Тахарын алба иргэнд үйлчилж, иргэний аюулгүй байдлыг хамгаалахад зориулагдсан бол дотоодын цэрэг тодорхой нийгмийн статус буюу дарга нарын улстөрийн дэглэмийг хамгаалагдахад зориулагдсан бүтэц. 1992 оны Үндсэн хууль хүний эрх талаасаа маш сайн хууль. Бичилт нь харьцангуй социалист ч гэлээ агуулгынхаа хувьд сайн. Гэхдээ 1992 оны Үндсэн хууль батлагдсанаас хойших хуулиудыг харахаар философи нь өөрчлөгдөхгүй байгаа. Манай хуулиуд ихэнхдээ ямар нэгэн төрийн байгууллагад зориулагддаг. Нэг төрийн байгуулага байгуулаад дарга цэрэг нь хэн байх, төсвөөс яаж санхүүжих вэ гэсэн хүрээнд гардаг. Харин бид өөр зүйлийг зорьсон. Барууны хуулийн стандартаар бол энэ хуулийн зорилго юу вэ гэсэн асуултад эхлээд хариулдаг. “Үндсэн хуулийн хүний эрх гэсэн хэсгийн яг тэнд нь заагдсан эрхийг хангахын тулд ийм хууль гарч байгаа” гэдэг. Хүний эрхийг хангахын тулд төрийн ямар чиг үүрэг байхыг тодорхойлно гэж тайлбарладаг. Гэтэл манайд хүний эрхийг тасдангуутаа ерөөсөө төр ийм байгууллага байна л гэчихдэг. Төрийг өөрийг нь өлгийдөж, бүүвэйлэхэд зориулсан хуулийн философитой. Энэ хуулийн философийг өөрчлөх гэж оролдсон. Бид хууль сахиулагч гэдэг ойлголтыг оруулж ирэхийн тулд гурван жил хэрэлдсэн. Тийм ойлголт байхгүй шүү дээ. Хүчний байгууллага гэж сэтгүүл зүйн ойлголт л бий. Хүчин төгөлдөр үйлчилж буй ямар ч хуульд байхгүй ойлголтыг хүлээн зөвшөөрч өөрсдийгөө хүчний байгууллага гээд ойлгочихсон. Хүчний байгууллага, тэгээд юу гэж гэсэн хандлагатай. Хүчний байгууллага гэдэг үгийн утгыг ух даа. Хэнд хүчээ гаргах гэж байгаа юм, тэр байгууллага. Саарал ордонд сууж байгаа улсад лав биш. Тусгай унаатай, тусгай статустай хүнд зориулагдахгүй. Аль ч ардчилсан улс оронд хүчний байгууллага гэдэг ойлголт байхгүй. Тийм хуулийн ойлголт ч байх ёсгүй. Хууль сахиулах үйл ажиллагаа явуулдаг л байгууллага. Бид хууль сахиулагч гэдэг ойлголт гаргаж ирээд хууль сахиулах байгууллага гэж үүнийг хэлнэ, хууль сахиулах байгууллагад ерөнхийлөгчийн оролцоо падлийгүй гээд эрх мэдлийг нь хязгаарлачихсан. Эрх мэдлийг нь хязгаарлангуут яахаараа миний гар хөл ордог хэсгүүдийг алга болгож байгаа юм гэж уурлаад “Энэ Засгийн газар байх эсэхийг шийднэ” гээд эхэлж байгаа юм. Улстөр нь ийм явдалтай. 1992 оноос хойш өөрийн удирдлага гэж ойлголтыг маш их ярьсан. Гэхдээ өөрийн зохицуулалт гэх ойлголтыг нэг ч ярьж үзээгүй. Зөвхөн парламентаас зохицуулсан хуулийн зохицуулалтын тухай л яриад байсан. Улстөрчдөөс үл хамааралтай, өөрийн зохицуулалттай, рациональ бөгөөд бодитой, ухаалаг орчин байж болохгүй юу.

Хамгийн эцсийн цэг нь иргэнд зориулсан хууль байх уу, эсвэл эрх мэдэлтнүүдийн хэрэгсэлд зориулсан хуулийн тогтолцоо байх уу гэдэг л товчхон асуултад бид хариу хайсан. Хариултаа шийдэх гэж оролдсон. Маш том өөрчлөлт эхлүүлсэн. Гэхдээ өөрчлөлт болгон амжилттай болоогүй. Нийгмийн оюун санаа, мэргэжилтнүүдийн дадал зуршил, академик түвшний хүрсэн байдал гэх мэт маш олон зүйл шинэлчлэлтийн эсрэг зогсож байсан. Тэр дотроо улс төрийн эр зориг буюу манлайлал буцаад нурчихсан учраас харамсалтай үр дагавар руу очсон.


Categories
мэдээ цаг-үе

“Аспайр майнинг” Хөвсгөлд 560 км авто замын бүтээн байгуулалт өрнүүлэх нь

-ЭРДЭНЭТ-ОВООТ ЧИГЛЭЛД ТАВИГДАХ ХҮНД ДААЦЫН АВТО ЗАМААР НҮҮРСНЭЭС ГАДНА ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮН ТЭЭВЭРЛЭНЭ-

Хувийн хэвшил хөрөнгөө гаргаж барих хамгийн урт замын бүтээн байгуулалт Хөвсгөл аймагт өрнөх гэж байна. Хөвсгөлийн Цэцэрлэгийг Эрдэнэт хотын төмөр замын өртөөтэй холбосон 560 км хүнд даацын хатуу хучилттай замыг бүтээн байгуулах компани нь “Аспайр майнинг”. Тус компани Хөвсгөлд орших Овоотын коксжих нүүрсний ордыг эзэмшдэг юм. Овоотын коксжих нүүрсний нөөц нь 230-250 сая тонноор хэмжигдэж байна. Олон улсын ЖОРК стандартаар нөөцийг нь тогтоосон энэ ордын нүүрс Таван толгойн коксжих нүүрстэй өрсөлдөхгүй, харин ч биенээ нөхөх, дэмжих давуу талтай. Коксжих нүүрсээр ган хайлдгийг уншигчид мэднэ. Хар үгээр тайлбарлавал ойролцоогоор гурваас таван төрлийн нүүрсийг хольж байж ган хайлдаг. Ган хайлахад Таван толгойнх шиг коксжих нүүрс их хэмжээгээр ордог бол Овоотынх шиг төрлийн нүүрс 15-25 хувийг нь эзэлдэг гэж нүүрсний салбарынхан онцолж байна. Өөрөөр хэлбэл Таван толгой, Овоотын нүүрсийг хольж байж ган хайлах боломж бүрддэг гээд ойлгочихож болно. Бүр энгийнээр тайлбарлавал энэ хоёр ордын нүүрсийг холихоор тун дажгүй чанарын коксжих нүүрс гарч ирдэг гэсэн үг. Овоотын нүүрсэнд өөр нэг том давуу тал бий. Хятадын Шаньси мужийн нүүрсний зарим орд, Оросын Кузбасаас Овоотынх шиг чанарын коксжих нүүрс гардаг. Гэхдээ сүүлийн үед Орос, Хятадад нэлээд гүний олборлолт хийж, багагүй зардал өртөг болсны эцэст энэ төрлийн нүүрсийг олборлож байгаа. Овоотоос нүүрс тээвэрлээд эхэлбэл зах зээлийн эрэлт их, өндөр үнэтэй нүүрсний экспортын орон зай бийг эндээс харчихаж болно. Тэгэхээр бүтээн байгуулалт нь удахгүй өрнөх 560 км хүнд даацын авто зам ашиглалтад орчихвол нүүрсний экспортоос олох ногоон валютын хэмжээ мэдрэгдэхүйцээр өсөх нь.

“Аспайр майнинг”-ийнхан нүүрсний ордоо хориос дээш жил ажиллуулна. Удахгүй барьж эхлэх авто замаараа жилд дөрвөн сая орчим тонн нүүрс тээвэрлэхээр төлөвлөжээ. Тэд эхний 5-8 жилд нь л барьсан авто замаа ашиглана. Үргэлжлүүлээд өөрсдийн барихаар төлөвлөж буй төмөр замаар нүүрсээ тээвэрлэнэ гэсэн зураг гаргажээ. Тэгэхээр цаад зах нь найман жилийн дараа 560 км үргэлжлэх хүнд даацын авто зам улсын мэдэлд ирэх нь. Олон нийтийн хэрэгцээнд ийм хэмжээний зам ирнэ гэдэг эдийн засаг талаасаа маш том давуу тал.

Энэ замаар жилдээ дөрвөн сая тонн нүүрс тээвэрлэнэ гэхээр Таван толгойн зам дээр үүсдэг шиг түгжрээ таглаа үүсэхгүй гэсэн үг. Эрдэнэтээс цааш тээх төмөр замын хүчин чадал ч энэ хэмжээнд нөлөөлсөн байх. “Аспайр майнинг”-ийн хөрөнгө босгож бүтээн байгуулах авто замаар нүүрснээс гадна авто замтай ойролцоох сумдынханд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ тээвэрлэх боломж бүрдэх эерэг талтай. Мөрөнгийн наахна орших зүүн талын сумдынхан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ өртөг зардал багатай тээвэрлэнэ гэж олзуурхаж суугаа юм байна. Энэ замаар Овоотын баяжуулах үйлдвэрээс гарах нүүрснээс гадна Могойн голын нүүрсний ордынхон ч тээвэрлэлтээ хийх боломжтой аж.

Авто замын ТЭЗҮ боловсруулах ажил эхэлжээ. Замын судалгааг хийхдээ дор хаяж гурван маршрутыг харьцуулан судалдаг. Ингэж судалсны эцэст эдийн засгийн ашиг, нийгмийн өгөөжийг харгалзаж аль нэгийг нь сонгодог юм. Орон нутгийн иргэд, удирдлагын саналыг онцгойлж сонсох чигийг компанийн зүгээс барьж буй бололтой. Гэхдээ маршрут сонгох эцсийн шийдвэрийг салбарын яам гаргадаг. Тэр утгаараа Хөвсгөлийн 560 км авто замын бүтээн байгуулалт одоогоор яг хаагуур яаж өрнөх нь тодорхой болоогүй байна. ТЭЗҮ батлагдаж, маршрут тодорхой болсны дараа хөрөнгө оруулалт татах ажил эхэлнэ. Хөрөнгө оруулалтын тухайд “Аспайр майнинг” олон улсын зах зээлээс мөнгө босгох төлөвлөгөө гаргаад байгаа аж.

“Аспайр майнинг” компанид Зам тээврийн хөгжлийн яамнаас баталж гаргасан ажлын даалгаврын хүрээнд ТЭЗҮ боловсруулах урьдчилсан судалгааг “Ай Си Ти Сайн Консалтинг” ХХК эхлүүлжээ. Тус компани авто замын зөвлөх үйлчилгээ эрхэлдэг Монголд бүртгэлтэй аж ахуйн нэгж. Төслийн ТЭЗҮ-д инженерийн хайгуул судалгаа, авто замын трассын хувилбар болон сонголт, урьдчилсан төсөөлөл, эдийн засаг нийгмийн ач холбогдол гэх мэт том ажлууд багтаж байна. “Ай Си Ти Сайн Консалтинг”-ийн хувьд замын трасс дээр Хөвсгөл, Улаанбаатарыг холбосон одоогийн замаас өөр маршрутыг санал болгож байгаа аж. Цоо шинэ маршрут биш, хангалттай сайн судлагдсан чиглэл гэх мэдээлэл чих дэлсч байна. Ямартаа ч Мянганы замын хэвтээ чиглэлийн трасс буюу Хөвсгөл, Булган аймгийн арав гаруй сумдын нутгаар дайран нийслэл, Эрдэнэт, Дархан зэрэг суурин газруудтай шууд холбогдох боломжтой зам байх болов уу гэсэн урьдчилсан төсөөлөл гарчихаж. Баруун аймгуудыг нийслэлтэй холбосон шороон замын маршрут учраас уул гүвээ сэтэлж, ус голын урсгал тасалдуулахгүй гэсэн давуу тал байгаа гэнэ. Судалгааны үндсэн дээр ТЭЗҮ боловсруулахтай зэрэгцэж байгаль орчны бүх л нарийвчилсан судалгаа хийгдэх юм байна. Мэдээж 560 км авто зам тавина гэдэг амар ажил биш. Нүсэр процесс өрнөж таарна. Энэ замыг үндэсний компаниудын хүч, нөөц бололцоогоор барих боломжтой гэсэн таатай мэдээ дуулдаж байна.

Сонирхуулж хэлэхэд Овоот-Эрдэнэт чиглэлийн энэ замыг ирээдүйд цахилгаан машин явуулах төлөвлөлтөөр барих гэнэ. Бүр тодруулж хэлбэл тусгай зориулалтын өргөн зам байх бололтой. Байгаль орчинд ээлтэй, хамгийн сүүлийн үеийн технологийн шийдлүүдийг шингээнэ гэсэн мэдээ дуулдаж байна. Герман, Шведэд өдгөө амжилттай туршиж буй шийдлүүдийг нэвтрүүлэх талын яриа хөөрөө аль хэдийнэ эхэлжээ. Цахилгаан машин явах учраас замыг бүхэлд нь гэрэлтүүлэх, цахилгаан цэнэглэгч тусгай станцуудыг зам дагуу байгуулах гэх мэт чихэнд чимэгтэй шийдлүүд ч яригдаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл дэд бүтцийн иж бүрэн шийдэлтэй зам дагасан хөгжил Хөвсгөлд бий болох нь. Дэлхий аль хэдийнэ хэрэглээд эхэлчихсэн, ойрын таван жилд өргөн хэрэглээнд хүч түрэн орж ирнэ гэж буй цахилгаан машины зориулалтын зам баригдчихвал хөвсгөлчүүдэд том боломж нээгдэх нь тодорхой. Товчхондоо Хөвсгөл, Булган аймгийнхны хувьд цахилгаан машин ердийн хэрэглээ болох суурийг “Аспайр майнинг”-ийнхан тавих гэж байна гэсэн үг.

Уул уурхайн төслийн өгөөж ашгийг хэмждэг нэг том шалгуур бол дэд бүтэц. Олборлолт, үйлдвэрлэл явуулж буй орон нутагтаа дэд бүтцийг аваачиж байгаа төслийг сайн гэж тодотгодог. Овоотын хувьд Хөвсгөлд хоёр том давуу талыг өгөх нь тодорхой болжээ. Эхнийх нь сая ярьсан 560 км авто замын бүтээн байгуулалт. Наад зах нь л тус замын бүтээн байгуулалтыг үндэсний компани хийнэ гээд бодохоор эдийн засагт нөлөөлөх өгөөж ашиг нь тэр хэрээр өсч таарна. Хоёр дахь том төсөл нь төмөр зам. Эрдэнэт-Овоот чиглэлийн 500 гаруй км төмөр зам баригдсан тохиолдолд орон нутаг, улсын эдийн засгаар тогтохгүй үр өгөөжтэй. Эрдэнэт-Овоотын төмөр зам Монгол Улсын Засгийн газрын “Талын зам” төлөвлөгөөний бүтэц хэсэг. Үндэсний төмөр замын сүлжээг Эрдэнэтээс Овоот рүү өргөтгөх, бүр цаашлуулж яривал ОХУ-ын хил рүү Арц Суурийн боомтоор холбох ирээдүйн зураг бий. ОХУ-ын Засгийн газар тус төмөр замыг цааш нь Транс Сибирийн төмөр зам руу Кызыл хотын боомтоор холбох, ингэснээр Сибир болон Монгол Улсын хойд бүс нутгийг Хятадтай холбох олон улсын төмөр замын холбоос үүсгэх төлөвлөгөө бийг энэ дашрамд давтан онцолъё. Тэгэхээр Овоот энэ утгаараа бүс нутгийн эдийн засагт өгөөж өгөхөөр цараатай төсөл юм.

Уул уурхайтай аймгууд хөгжлөөрөө түүчээлж байгаа. Овоотын нүүрсний экспорт эхэлбэл бусдаар тэжээлгэдэггүй, өөрийгөө тэжээгээд, улсын төсөвт их хэмжээний татвар төлөөд явах аймгийн тоо нэгээр нэмэгдэх давуу тал бас бий.


Categories
мэдээ нийгэм

Үнэг одтой, улаан нохой өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 18, Сумъяа гариг. Билгийн тооллын 14, Үнэг одтой, улаан нохой өдөр. Өдрийн наран 7:53 цагт мандан, 18:18 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Дэлхийн брэнд KFC Монголын яагуузайд өртжээ” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Дэлхийн брэнд KFC Монголын яагуузайд өртжээ” хэмээн өгүүлжээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: УИХ-ын ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор яаралтай зарлан хуралдуулъя гэж “Улс төр” нүүт ярьжээ.

“Үндэслэлгүй хөрөнгөжсөн зургаан шүүгчийн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг ШЕЗ шийднэ” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт бичжээ.

Хуульзүйн сайд асан Х.Тэмүжин: Хүчтэй
Ерөнхий сайдтай,
парламентын
хяналттай хувилбар
Монголд илүү зохино хэмээн “Улс төр” нүүрт ярьсан байна.

Морин сүлдэт монгол хүний сэтгэл бадраах “Хийморь” хэмээн “Кино” нүүрт өгүүлжээ.

Тогооч Ц.Мэнджаргал: Тогооч хүн гурван зүйлийг эрхэмлэх ёстой хэмээн “Өөрөөс нь” нүүрт ярьжээ.

Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэйв Воусан: Монгол, Австралийн эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах өргөн боломж байна гэж “Улс төр” нүүрт ярилаа.

“Далай лам Монголын сүсэгтэн олонд Дарамсалагаас номын айлдвар онлайнаар шууд айлдана” хэмээн “Нийгэм” нүүрт бичсэн байна.

“KFC-гийн тахианд хордсон иргэн “SHIGELLA SPP” нянгаар халдварласан болох нь тогтоогджээ”хэмээн “Цаг үе, үйл явдал” нүүрт бичив.

“Өнжье” нүүрт “Аврагчдаас төрсөн анхны гавьяат Ж.Баяртогтохынх” хэмээн өгүүлжээ.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав: Систем өөрчлөгдөх гэж байхад татварын шалгалт хийх хэрэггүй хэмээн “Энэ тухай” нүүрт ярьжээ.

“Брекситийн эргэн тойронд” хэмээн “Дэлхийн мэдээ” нүүрт өгүүлжээ.

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга Б.Өлзийбаяр: Үнэт цаасны хоёр дахь арилжаа цахимжвал “Рио Тинто”-гийн хувьцааг шууд гар утсаараа авна хэмээн “Эдийн засаг” нүүрт ярьсан байна.

“Английн хэвлэлүүдэд “Челси”-гийн талаар чимэгтэй үг дуурсахгүй нь” хэмээн “Дэлхийн спорт” нүүрт өгүүлэв.

“Усанд сэлэх нь хүний биеийн бүх булчинг зэрэг ажиллуулдаг” хэмээн “Энэ өдөр” нүүрт өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Ирэх сарын 23-нд Монгол хэл, бичгийн шалгалтыг авна

БСШУС-ын сайдын тушаалаар их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах монгол хэл бичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтоосон тухай Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлсэн. Тиймээс монгол хэл, бичгийн шалгалтыг 2019 оны гуравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулахыг албаныхан хэлж байна.

Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь монгол хэл, бичгийн шалгалтын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар нэвтэрч бүртгүүлнэ. Бүртгэл орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2019 оны хоёрдугаар сарын 14-ний өглөө 09.00 цагт эхэлж, 2019 оны гуравдугаар сарын 04-ний 18.00 цагт дуусна. Ерөнхий боловсролын сургуулийг 2019 онд төгсөх шалгуулагчдын мэдээллийг “Боловсролын удирдлагын мэдээллийн сан”-гаас татан авч бүртгэлд хамруулна. Өмнөх онд төгссөн шалгуулагчид www.eec.mn цахим хаягаар орж заасан хугацаанд бүртгэлд хамрагдах юм байна. Монгол хэл, бичгийн шалгалтыг 2019 оны гуравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах ба босго оноо 400 байна. Мөн шалгуулагчид суудлын хуваариа өөрийн регистрийн дугаарыг ашиглан гуравдугаар сарын 11-нээс 23-ны хооронд www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-гаас хэвлэн авахыг мэргэжилтнүүд санууллаа.

Categories
мэдээ нийгэм

Ховд голд осолдсон хүүг хайх ажиллагааг дахин эхлүүлжээ

Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багт амьдардаг зургаан настай хүү энэ сарын 13-ны өдөр алга болсон. Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж буйгаар зургаан настай хүү энэ сарын 13-ны 16.55 цагийн орчимд Ховд голд осолдсон байна.

Тус аймгийн Онцгой байдлын газарт ослын тухай дуудлага 17.05 цагт ирсэн бөгөөд аврах ангийн 21 алба хаагч хэргийн газарт очиж ажиллажээ. Албан хаагчдаас гадна аймгийн Засаг даргын Тамгын газрын 58 ажилтан, зургаан автомашин, ар гэрийн найман хүн, нийт 87 хүн, найман техник хэрэгсэлтэйгээр энэ сарын 15-ны өдөр Ховд голын мөсөнд 190 метр урт, 20 метрийн өргөнтэй өрх гаргаж, голын урсгалын дагуу эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан байна.

Эрэн хайх ажиллагааг энэ сарын 16-ны бямба гаригийн 08.30 цагт дахин эхлүүлжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бага насны хүүхдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байхыг анхааруулав

Томуугийн вирусын халдварын тархалт нэмэгдэх эрсдлээс сэргийлж Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн бүх төрлийн тоглоомын газруудын үйл ажиллагааг хоёрдугаар сарын 01-ээс гуравдугаар сарын 01-ний өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоохоор болсон.

Мөн дээрх хугацаанд нийслэлийн ЕБС, цэцэрлэгээс бусад сургалтын үйл ажиллагаа, олон нийтийн арга хэмжээ, кинотеатр, үзвэр үйлчилгээ болон ресторан, нийтийн хоолны газарт 0-10 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй байхыг холбогдох газруудад үүрэг болгосон байна.

Томуугийн вирусын халдварын тархалт сар шинийн баярын амралтын өдрүүдэд ихсэх хандлагатай байгаа тул бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулж, олон нийтийн газарт аль болох дагуулж явахгүй байх, улирлын байдалд нь тохируулан дулаан хувцаслах, амин дэм ихтэй илчлэг хоол хүнс хэрэглэх, амны хаалтыг тогтмол зүүлгэж хэвших, амьсгалын замын халдварт өвчин болон болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг эцэг эхчүүдэд уриалж байна.