Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн тээврийн газраас авто үйлчилгээ эрхлэгч иргэд болон байгууллагуудад ангиллын гэрчилгээ олгож байна

Нийслэлийн Тээврийн газар нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 90 дүгээр тушаалаар батлагдсан “Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох журам”, “Тээврийн хэрэгслийн техникийн үйлчилгээ хийх журам”-уудын хэрэгжилтийг нийслэлийн нутаг дэвсгэрт хангуулан ажиллаж байна. Уг ажлын хүрээнд Улаанбаатар хотод авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад авто үйлчилгээний A, B, C хүрээний ангилал тогтоох ажлыг зохион байгуулж байна.

Авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагад ангилал тогтоож, нэгдсэн цахим мэдээллийн санд бүртгэснээр иргэд автомашин худалдан авахдаа тухайн автомашины талаарх бүрэн мэдээллийг авах, цахимаар урьдчилан захиалга өгөх боломжтой болно. Мөн тухайн авто үйлчилгээний байгууллага нь өөрийн хийсэн засвар үйлчилгээндээ баталгаа гаргах боломжтой юм.

2019 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр авто засварын үйлчилгээ эрхлэгч “Буянт-Оюу” ХХК-ийн UB авто засварын газрын төлөөлөл Нийслэлийн Тээврийн газраас “Ангиллын гэрчилгээ”-гээ гардан авлаа.

Categories
мэдээ нийгэм

Гамшгаас хамгаалах бүх нийтийн сургалтыг зохион байгуулна

Улаанбаатар хотод газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаа энэ үед газар хөдлөлтийн аюул занал, нөхцөл байдал, цагийн байдалтай уялдуулж бүх нийтийг хамарсан гамшгаас хамгаалах сургалтын ирэх 4 дүгээр сарын 24-26ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Иргэдийн бэлэн байдлыг хангах, мэдээллээр бүрэн хангагдсан байх үүднээс энэ тухай мэдээллийг Онцгой байдлын Ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хүргэж байна. Энэ талаар нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга П.Баярхүү, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, НОБГ-ын дэд дарга Б.Мягмардорж нар мэдээлэл өглөө.

Гамшгаас хамгаалах сургуулилтыг газар хөдлөлтийн аюул занал, цагийн нөхцөл байдалтай уялдуулан зохион байгуулна. Уг сургалтын гол зорилго бол иргэдийн болзошгүй аюул занал, тэр тусмаа газар хөдлөлтийн аюулаас хамгаалах, хохирол багатай даван туулах талаар мэдлэг олгох юм. Мөн нүүн шилжих дадлага сургуулилт хийнэ. Аливаа гамшиг, газар хөдлөлтийн чичиргээ болсны дараа барилга байгууламж, орон сууцны барилгаас ард иргэдийг аюулгүй цэг талбайд шилжин байрлах тухай зөвлөмжийг хүргүүлж энэ хүрээнд Улаанбаатар хотын орон сууцны бүх барилга, аж ахуй нэгж, барилга байгууламжид байгаа бүх иргэд нүүн шилжих дадлага сургуулилтад хамрагдана.

Улаанбаатар хотын аюулгүй цэг талбайг нийслэлийн ИТХ-аар тогтоосон. Үүнд 40 гаруй цэг байгаа. Өмнөх сургалтад ихэвчлэн аж ахуй нэгж, албан байгууллага хамрагддаг байсан бол энэ удаагийн сургалтад иргэдийг бүгдийг хамруулах юм. Ингэхдээ иргэдэд газар хөдлөлтийн үед хэрхэн биеэ хамгаалах зөвлөмж хүргэнэ. Мөн тухайн орон сууцнаас гараад ямар чиглэл, маршрутаар явж цэг талбайд очих талаар газрын зураг гаргах юм. Дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хагас өдрийн хугацаанд уг сургалт зохион байгуулагдана. Улаанбаатар хотын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох юм. Нүүлгэн шилжүүлэх сургуулилт төвийн 6 дүүрэг тус бүрт аюулгүй байрлах сонгогдсон цэгт хийгдэнэ. Мөн эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургалтыг зохион байгуулах юм. Мөн нийслэлд байгаа томоохон нэгдсэн эмнэлгүүд, төрийн, цэргийн эмнэлгүүдийг хээрийн эмнэлэг дэлгэж, бэлэн байдлыг шалгах юм. Газар хөдлөлтийн нөхцөл байдал үүссэн үед шат шатны байгууллагууд хэрхэн уялдаа холбоотой ажиллах нь уг сургалтын томоохон зорилго юм.

Сургалтын бэлтгэл ажлын хүрээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагааны чиглэлээр шат шатны сургалтыг дүүрэг, хороодод зохион байгуулна. Мөн ОБЕГ-ын зүгээс НҮБ-ын суурин зохицуулагчийн ажлын албанд хамтран ажиллах санал хүргүүлэх юм. Тус байгууллагын дэргэд 11 кластерын төлөвлөгөө байдаг. Гамшгийн үед хамтран ажиллах арга хэмжээг хэрхэн зохион байгуулж, цаашид төлөвлөгөөг зохион байгуулах зэрэг олон талын ач холбогдолтой юм. Энэ удаагийн сургалт иргэдийн оролцоонд тулгуурласан Улаанбаатар хотыг бүхэлд нь хамарсан сургалт болно

Categories
мэдээ нийгэм

Мөсөн дээгүүр автомашинтайгаа зорчихгүй байхыг анхаарууллаа

Он гарсаар мөс цөмөрсөн зургаан удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна. Тухайлбал, энэ сарын 15-ны өдрийн байдлаар Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг багийн “Хадтай сэрүүн булаг” гэдэг газар Хадтай амралтын газраас Улаанбаатар хотын чиглэлд Туул голын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин цөмөрч усанд суусан дуудлагаар НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллан, иргэн О-ийн эзэмшлийн “Агила терефорт” загварын 5 зорчигчтой суудлын автомашиныг татан гаргажээ. Мөн Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багт тус сумын иргэн Г /6 настай эрэгтэй/ энэ сарын 13-ны өдрийн 16:55 цагийн орчим Ховд голд осолдсон тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газар, сумын Засаг даргын тамгын газрын нийт 73 хүн, 8 автомашинтайгаар Ховд голын мөсөнд 96 цооног гаргаж, 96 удаа гүний шумбалт, голын харзалсан хэсэгт 3 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Түүнчлэн цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр хоёрдугаар сарын эхний арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм. Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыгОнцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Хөрөнгө оруулгын мэдүүлгээ дутуу өгсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцов

Хөрөнгө, орлогын мэдүүлгээ дутуу мэдүүлсэн нийтийн албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн дагуу хариуцлага тооцлоо. Тодруулбал, Нийслэлийн Нэгдүгээр сургуулийн сургалтын менежер Д.Даваасүрэн, Ц.Цэрэнхүү, Н.Манлай нарын 2016, 2017 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэгт шалгалт хийхэд дараах зөрчил тогтоогдсон юм.

Сургалтын менежер Д.Даваасүрэн нь

-Мэдүүлгийн “Орлого” хэсэгт гэр бүлийн гишүүний цалин, бусад 2 иргэний хамт өмчилж байсан Сүхбаатар дүүрэг дэх сууцны өөрт оногдох хувийг худалдан борлуулсны орлогыг мэдүүлээгүй.

-Өөрийн болон гэр бүлийн гишүүдийн харилцах данс, картын дансны үлдэгдлийг “Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах данс болон төлбөрийн данс, картын үлдэгдэл” хэсэгт дутуу мэдүүлсэн.

Сургалтын менежер Ц.Цэрэнхүү нь

-Мэдүүлгийн “Орон сууц, барилга байгууламж” хэсэгт өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг дэх 57 дугаар байрны зоорийн давхрын автомашины зогсоол, Хан-Уул дүүрэг дэх 25 дугаар байрны зоорийн давхрын автомашины зогсоол, гэр бүлийн гишүүний бусад 3 иргэний хамт өмчилдөг Сонгинохайрхан дүүрэг дэх орон сууцыг мэдүүлээгүй.

-Гэр бүлийн гишүүний өмчлөлийн Лексус 470 маркийн автомашиныг “Тээврийн хэрэгсэл” хэсэгт мэдүүлээгүй.

-Өөрийн болон гэр бүлийн гишүүдийн банк дахь дансны үлдэгдлийг “Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картын үлдэгдэл” хэсэгт дутуу мэдүүлсэн.

Сургалтын менежер Н.Манлай нь

-Гэр бүлийн гишүүний өмчлөлийн Баянзүрх дүүрэг дэх 48д байрны зоорийн давхрын автомашины зогсоолыг “Орон сууц, барилга байгууламж” хэсэгт мэдүүлээгүй нь Авлигын эсрэг хуулийн10.2-т /.Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй/ заасныг тус тус зөрчсөн байна.

Хууль, тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүй, зөрчил гаргасан Д.Даваасүрэн, Ц.Цэрэнхүү нарыг Авлигын эсрэг хуулийн 13.8.4-т/ нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан бол албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах/ заасны дагуу тус тус албан тушаалаас нь чөлөөлсөн.

Н.Манлайд мөн хуулийн 13.8.3-т /зургаан сараас дээш нэг жил хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн бол албан тушаал бууруулах, эсхүл албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах/ заасны дагуу сарын цалингийн 30 хувийг гурван сарын хугацаатай бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлээрэй

Айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам, хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд, иргэдийн болгоомжгүй үйл ажиллагаа, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалал зэрэг хувь хүний санамсар болгоомжгүй байдлаас шалтгаалан ахуйн гал түймэр гарсаар байна. Улсын хэмжээнд он гарсаар нийт 828 удаагийн ахуйн гал түймэр гарч, түймрийн улмаас 13 хүн нас баржээ. Үүний 9 нь том хүн, 4 нь хүүхэд байгаа юм.

Иймд иргэн та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж:

– Аж ахуй, нэгж байгууллагууд барилга байгууламжийн галын аюулгүй байдал, гал унтраах автома т тоног төхөөрөмж, дохиолол, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, хяналтын камер, харуул хамгаалалтыг сайжруулах, яаралтай үед холбогдох утасны дугаар жагсаалтыг тодотгох,

–Шашины байгууллага, сүм хийдүүд хурал ном айлтгах арц, хүж асаах, зул барихдаа гал түймрийн аюулгүй байдлыг хангах,

Пийшин, зуухны янданг дээврийн гадаргуугаас 50 см-ээс багагүй өндөртэйгээр гаргах, дээвэр таазнаас яндан хүртэл 50 см-ээс багагүй зайтай байх, пийшин зуух нь хананаас 1,25 см-ээс багагүй зайтай байх бөгөөд галлагааны амны өмнө 70х50 см-ийн металл хуудас, төмөр байрлуулах,

-Иргэд цахилгааны хэт ачаалал / халуун тогоо, плитка, ус буцалгагч гэх мэт / үүсгэх, шингэрүүлсэн шатдаг хий, пийшин зуухны аюулгүй байдлыг хангаж, ил задгай үнс нурам асгахгүй байх, тагтай төмөр зориулалтын саванд хийх, бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр орхихгүй байх,

-Гал унтраах тусгай зориулалтын автомашин хүрэлцэн очих зам, гарц, барилга байгууламжийн авралтын зам, гарцыг чөлөөтэй байлгах,

-Хөлдсөн, хөрсөн автомашиныг ил галаар гэсгээхгүй байх, галласан гэрийг эзэнгүй орхихгүй байх, цахилгаан тень, халаагуур бусад цахилгаан хэрэгслийг ашиглахдаа цахилгаан ашиглалтын дүрэм журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчаар холбуулж, холбогдох байгууллагуудаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхаарууллаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

KFC-гийн тахианд хордсон иргэн “SHIGELLA SPP” нянгаар халдварласан болох нь тогтоогджээ

Зайсан дахь KFC салбараар үйлчлүүлсэн хүмүүс олноороо хордсон тухай мэдээлсэн билээ. Мэргэжлийн байгууллагууд тус салбарт хяналт шалгалт хийж, үйл ажиллагааг нь тодорхойгүй хугацаанд хаагаад байгаа юм. Ингэсэн ч KFC Зайсан салбараар үйлчлүүлж, хоолонд нь хордсон гэх иргэд ХӨСҮТ-д хүргэгдэн ирсээр байгаа аж. Өнгөрсөн пүрэв гаригийн байдлаар хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 20, хордлогын шинжтэй 50 гаруй иргэд бүртгэгдээд байсан бол хагас өдрийн дотор буюу өнгөрсөн баасан гаригийн 18 цагийн орчимд ХӨСҮТ-д хордлогын улмаас хэвтэн эмчлүүэгсдийн тоо 37-д хүрсэн, KFC-гийн тахианд хордон эмнэлэгт хандсан хүний тоо 70 гаруй болжээ. Учир нь хоёрдугаар сарын 8-ны өдөр тус салбараас “Гэр бүлийн багц” 28, “Андууд багц” 24, Давхар бургер зургаан ширхэг болон бургер сэт, твистер сэт, тэнд сэт тус бүр нэг ширхэг гарч 137 хүн авч явсан бол хүргэлтээр 67 хүн захиалж, тухайн өдөр нийт 168 хүн үйлчлүүлсэн байна. Харин хоёрдугаар сарын 9-ний өдөр “Гэр бүлийн багц” 31, “Андууд багц” 30, “Давхар бургер багц” 21, бургер сэт 85, давхар бургер 107, твистер сэт 14, тахиатай сэт 27, тэндер сэт 37 гарсан байна. Эл өдөр уг салбараар 191 хүн үйлчлүүлсэн байна. Харин хоёрдугаар сарын 10-ны өдөр 160 хүн үйлчлүүлсэн бол 11-ний өдөр үйлчлүүлсэн хүний тоо 200 гаруй байжээ. Иймд хоолны хордлогод орсон хүмүүсийн тоо цаашид ч нэмэгдэхийг үгүйсгэхгүй аж.

БУСАД САЛБАРУУДАД ХООЛНЫ ХОРДЛОГО ГАРАХААС НААШ ШАЛГАЛТ ХИЙЖ БОЛДОГГҮЙ БОЛОЛТОЙ

Мөн энэ сарын 14-ний өдөр НМХЕГ-т “Home plaza” дахь KFC-гийн салбараар үйлчлүүлсэн иргэнд хордлогын шинж илэрсэн гэх гомдлын дагуу Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс тухайн газар очиж, шалгалт хийж хүнсний болон бүтээгдэхүүнийг шинжлэхээр дээж авсан байна.

KFC-гийн Зайсан дахь салбараас үүдсэн хоолны хордлогын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Лабораторийн төвийн эрхлэгч М.Бадамцэцэг, Эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш өнгөрсөн баасан гаригт мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Д.Цэнд-Аюуш “Хоёрдугаар сарын 8,9,10-ны өдрүүдэд Зайсан KFC салбараас хоол идсэн гэх 16 хүнд цусархаг гүйлгэлт, бөөлжих, дотор муухайрах, өндөр халуурах зэрэг эмнэл зүйн шинж илэрч ХӨСҮТ-д эмчлүүлэж байсан гэсэн мэдээллийг НМХЕГ-т хоёрдугаар сарын 12-ны 15 цагийн орчимд ХӨСҮТ-өөс мэдээлсэн. Үүний дагуу Зайсан салбар дээр дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс байцаагч нарыг томилсон. Энэ хугацаанд тоног төхөөрөмж, эд зүйлийн гадаргуугаас арчидас болон 9,10,11,12-ны өдрүүдэд хэрэглэсэн 39 төрлийн хоолны дээж, 24 нэр төрлийн хүнсний түүхий эд бүтээгдэхүүн, ундны усны хоёр дээж, агаарын таван сорьц, хэрэглэж байсан ундааны дөрвөн сорьцыг лабораторид илгээсэн. Мөн ажилчдаас нь нян тээгч илрүүлэх шинжилгээг авч ХӨСҮТ-д шинжлүүлж байгаа. Иймд Зөрчлийн хуулийн 1.8-д зааснаар зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна. НМХЕГ-ийн Лабораторийн шинжилгээний хариу хоёрдугаар сарын 18-ны өдрийн 20 цагт гарна. Урьд нь ийм олон хүнийг хамруулсан хоолны хордлого гарч байгаагүй. Гомдол мэдээлэл ирж байсан” гэв.

Уг нь олон арван хүнийг хамруулсан хоолны хордлого гарчихаад байхад бусад салбаруудад нь яагаад шалгалт хийхгүй байгааг Мэргэжлийн хяналтын газрын зүгээс тайлбарлахдаа “KFC нь нийт 12 салбартай. Хоолны хордлого нь юунаас болсныг тогтоогоогүй байгаа учраас бусад салбаруудыг нь МХЕГ зүгээс шалгаж болдоггүй. Бид хуулийнхаа дагуу ажлаа явуулна” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, хордлого юунаас болсныг нь тогтоож байж л бусад газруудыг нь шалгах эрх зүйн үндэслэл бүрддэг гэнэ. Нэг ёсондоо шинжилгээний хариу гараагүй учир бусад газруудад хүн хордохоос нааш шалгалт хийж болдоггүй аж.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛ: ИЙМ АСУУДАЛ ҮҮСЭЭД БАЙГАА НЬ ЦААШДАА ФРАНЧАЙЗИНГИЙН БИЗНЕС МОНГОЛД ОРЖ ИРЭХЭД ХААЛТ БОЛНО

Монголд франчайзинг бизнесийн орчинг зохицуулдаг эрх зүйн орчин нь дутмаг байдаг. Франчайзинг бизнесийн эрх зүйн орчинг бий болгохоор УИХ-ын гишүүн Н.Учрал судалж байжээ. Иймд түүнээс Дэлхийн алдартай брэндийн салбарыг оруулж ирдэг компаниуд хариуцлагагүй алдаа гарвал хэрхэх талаар асуулаа.

-Монголд франчайзинг бизнесийн эрх зүйн орчин ямар байдаг юм бол?

-Монголд франчайзингийн бие даасан хууль гэж байдаггүй. Одоогоор иргэний хуульд заасан франчайзингийн гэрээгээр зохицуулагддаг. Гэрээ нь өөрчлөгдөх, дуусгавар болоход хэрхэх талаар нарийн зохицуулалт алга. Тэгэхээр иргэний хуульд заасан гэрээнүүдтэй адилхан бие даасан гэрээ маягаар авч үздэг. Уг нь франчайз нь систем хэлбэрээр бусад улс орон хэрэгждэг. Франчайзингийн бие даасан хуультай орнууд олон байна. Тухайлбал, ОХУ, Малайз зэрэг орнууд маш сайн хууль боловсруулан хэрэгжүүлсэн. Энэ ч утгаараа Малайзад маш олон компаниуд франчайзинг хийж орж ирсэн. Манайд ч гэсэн худалдааны, үйл ажиллагааны, үйлдвэрлэлийн франчайзингийн гэрээгээр олон компани орж ирж байна. Гэтэл манай улс ашигтай загвар, тэмдэглэгээн нь л оюуны өмчөөр хамгаалаад явж байгаа болохоос биш бүхэлд нь зохицуулж чадаагүй.

-Хэрэв франчайзингийн эрхийг авсан газар нь алдаа гарган хэрэглэгчидээ хохироовол хэнд хариуцлага тооцдог вэ. Мөн толгой компани нь сүлжээг өөрийн орондоо оруулж ирэгч компанид хариуцлага тооцдог болов уу?

-Эрх шилжүүлэгч, эрх хүлээн авагч гэсэн хоёр тал бий. Эрхийг нь шилжүүлж байгаа тал болох төв компани нь мастер франчайз буюу эрхийг нь дамлах Азийг хариуцсан компани нь бусад орнууд руу зуучилдаг. Манайх тус компанийн төв газартай шууд харьцахаас илүү Азийн хариуцагчтай нь гэрээ хийн, эрхийг хүлээж авдаг. Эрх шилжүүлж байгаа болон эрх хүлээн авагчид гэрээ хийхдээ тухайн стандартаар нь үйл ажиллагаагаа явуулж, тэдний тоног төхөөрөмжийг хэрэглэнэ, түүхий эдээ тэднээс худалдаж авна гэх мэт олон төрлийн гэрээг хийдэг. Харин хэрэглэгчдээ хохироосон, компанийн нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлсэн үйл ажиллагаа явуулсан тохиолдолд эрх шилжүүлж байгаа тал гэрээгээ цуцлах бүрэн боломжтой. Дээрээс нь мөнгө хүртэл нэхэмжилдэг. Тэгэхээр Франчайзинг системээр орж ирэгч компаниуд стандартаа маш сайн баримталж, чанарыг эрхэмлэх ёстой. Учир нь франчайзинг гэдэг нь брэндийн нэр хүндийг ашиглаж байна л гэсэн үг. Иймд нэр хүндэд халдсан үйлдэл гаргасан тохиолдолд хэрхэх талаар бүгдийг гэрээнд тусгаад өгчихдөг. Харин бусад асуудлаар хэрэглэгчдийг хохироосон тохиолдолд нэгэнт манай улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа тул гэрээ хийж оруулж ирэгч компани нь хариуцлага хүлээнэ.

-KFC-гийн хоолноос иргэд хордлоо гэх мэдээлэл гарсан. Энэ нь дэлхийн түргэн хоолны бизнесийн зах зээлд Монголын нэр хүндийг унаж магадгүй гэсэн үг үү?

-Юунаас болсныг шалгаж тогтоох хэрэгтэй. Гэхдээ яг ийм тохиолдол болбол эрх шилжүүлж байгаа компани өөрсдийн дотоод шалгалтаа оруулж, мөнгө нэхэмжилдэг. Хүссэн ч эс хүссэн ч эрх шилжүүлэгч, авагч хоёр компанийн хооронд асуудал үүснэ. Уг нь бусад бизнестэй харьцуулахад франчайзинг нь хамгийн өндөр шаардлагатай, хариуцлагатай ажил. KFC Монголд үйл ажиллагаагаа явуулна гэдэг нь нэр хүндийн асуудал. Ийм асуудал дэгдээд байгаа нь цаашдаа франчайзингийн бизнес Монголд орж ирэхэд хаалт болно доо гэв.

НМХЕГ-аас 2017 онд Зайсан KFC-д шалгалт хийж байсан. Энэ үед бага эрсдэлтэй гэж бүртгэгдсэн бол 2018 онд дахин шалгахад дунд эрсдэлтэй гэж үнэлэгдэж байжээ. Дэлхийн сүлжээ хоолны газрыг оруулж ирэх эрхийг авч буй франчайзинг бизнес эрхлэгчид толгой компанийн тавьсан шаардлагын дагуу нэрийг нь ашигладаг байна. Энэ ч утгаараа Монголд ажиллаж байгаа KFC түргэн хоолны газрууд нь хоолны үндсэн түүхий эд болох тахианы махаа Хятад улсын Шандао мужаас авдаг аж. Мөн тогтсон хугацаанд толгой компаниас нь салбарууддаа хяналт шалгалт хийдэг гэнэ.

ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУНААС “SHIGELLA SPP” ГЭХ НЯН ИЛЭРЧЭЭ

Анх нэг гэр бүлийн таван хүн Зайсан дахь KFC-гийн салбараар үйлчлүүлсний улмаас биед нь хордлогын шинж илэрч ХӨСҮТ-д хандсан байдаг. Иймд уг гэр бүлийн тэргүүн Ч.Чинбатаас зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр “Гэр бүлийн таван гишүүн бүгд хоёрдугаар сарын 12-ний өдөр эмнэлэгт хэвтэж, өнөөдөр (Хоёрдугаар сарын 15)-нд эмнэлгээс гарсан. Анх хоёрдугаар сарын 8-ны баасан гаригийн зургаан цагийн орчимд Зайсангийн KFC-гээс “Өнөр бүлийн багц”, плей бургерээс хоёрыг авч гэртээ авчран идсэн. Манайх 9,11,14 насны хүүхдүүдтэй. Бидэнд дараа өдөр нь ямар ч шинж тэмдэг илрээгүй. Гэтэл 10-ны өглөө үүрээр гэнэт гэдэс базлаад сэрж нойл ороход шууд шингэн усан суулгалт өгсөн. Тэр үеэр манай хүүхдүүд, эхнэр бас тийм байдалтай сэрсэн. 9,11 настай хоёр хүү маань их хүнд туссан. Энэ хоёр 10-ны өдрөөс эхлэн гүйлгээд, бөөлжөөд, дээшээ, доошоо ойр ойрхон шингэн алдсан. Бие сульдаж, халууран, шингэн алдаж, бүх үе янгинаж өвдөж байлаа. Түргэний эмч болон эмийн санчаас ямар эм хэрэглэхээ асууж аваад хоёр хоног гэртээ гүрийн хэвтсэн боловч ер дээрдээгүй. Гурав дахь өдрийн өглөө нь ХӨСҮТ рүү очсон. Анх очиход асуулга асууж, биеийн байцаалт үзсэн. Бид хордлого хамгийн сүүлд идсэн зүйлээсээ болно гэж бодсон болохоор гайхаад KFC идсэн гэдгээ хэлсэн. Тэгээд биднийг хэвтүүлсний дараа ирсэн хүмүүс бас KFC-ээр үйлчлүүлсэн гэж мэдүүлсэн учир ХӨСҮТ-ийн эмч нар тэр дор нь учрыг олсон. Уг нь KFC-гийн бүтээгдэхүүнээс ямар ч өөрчлөлт ажиглагдаагүй. Анх очиход биднээс шинжилгээ авч өнөөдөр (хоёрдугаар сарын 15) эмнэлгээс гаргалаа. Уг нь гаргахгүй гэж байсан ч хордлогын шинжтэй өвчтөнүүд улам нэмэгдсэн болохоор гаргасан. Шинжилгээний хариунаас shigella spp гэхэд нян илэрсэн. Миний бодлоор үүссэн энэ асуудал нь монголчуудын хариуцлагагүй байдлынх гэж бодож байгаа. Энэ нян антибиотик л ууж байж дарагдсан. Манай гэр бүлийн итгэж үйлчлүүлдэг дэлхийн сүлжээ байсан юм. Гэтэл гэр бүлээрээ үхэхээ шахлаа шүү дээ. Бид гомдол мэдүүлэхээр цагдаа дээр очсон ч мэргэжлийн хяналт руу хандахыг зөвлөсөн болохоор нь гомдол саналаа өгсөн” хэмээв.

З.МӨНХСУВД

Categories
мэдээ улс-төр

Ипотекийн зээлийн хөтөлбөрийн талаар Засгийн газар, Монголбанкинд чиглэл өгчээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд давхардсан тоогоор 20 орчим асуудал хэлэлцсэн байна.

Тухайлбал, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийг тодорхойлох, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай, Хэмжил зүйн тухай, Ашигт малтмалын тухай, Харилцаа холбооны тухай, 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн талаар санал, дүгнэлт гаргаж хэлэлцүүлэх, зарим салбарын сайд нарыг томилох, чөлөөлөх зэрэг асуудлыг хэлэлцжээ. Эдгээр асуудлаар 18 санал дүгнэлт, танилцуулга бэлтгэн, УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсний зэрэгцээ хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын 9 хэсэг байгуулсан байна.

Мөн 5 тогтоолыг эцэслэн батлаж, Олон улсын 1 гэрээ, хэлэлцээрийн төслийг зөвшилцжээ. Тухайлбал, Валютын ханш, бензин, шатахууны үнэ болон “Ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар чиглэл өгөх тухай” байнгын хорооны шийдвэр батлаж, Засгийн газар, Монголбанкинд чиглэл өгөв.

Санхүүгийн зах зээлийн зөвлөл болон Олон улсын аудитын компани “Прайсуотерхаус Куперс аудит ХХК” (PWC)-тай хамтран “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх орчныг сайжруулах чиглэлээр хийж байгаа алхмууд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Макро эдийн засгийн бодлогын шинэ хандлагууд” сэдэвт хэлэлцүүлэг хийжээ.

Байнгын хороонд хандаж Төрийн болон бусад байгууллага, хуулийн этгээд, иргэдээс нийт 100 гаруй албан бичиг ирүүлснийг тухай бүрт нь шийдвэрлэн, хариуг хүргүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Хосбаяр: Үүргээ нэр төртэй биелүүлээд буцах тэр зам хамгийн гэгээтэй

Эзэмшсэн мэргэжилдээ эзэн болсон эгэлгүй аврагчдын төлөөлөл Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сумын Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45-р ангийн жолооч, ахлах ахлагч Бадам-Очирын Хосбаярыг энэ удаагийн “Аврагчийн хөрөг” буландаа урьлаа. Тэрээр Онцгой байдлын байгууллагад 15 дах жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа. Төр түмнийхөө төлөө тангараг өргөсөн түүний бас нэг ажил нь төрөл бүрийн жааз “урладаг”. Ингээд түүнтэй хэрхэн хөөрөлдснөө үргэлжлүүлэн хүргэе.

-Таны хувьд Онцгой байдлын байгууллагатай ажил, амьдралаа холбоод 15 жил болсон байна. Анх ажилд орж байсан дурсамжаас тань яриагаа эхлэх үү? Бололгүй яахав. Багын л цэргийн хүн болох мөрөөдөлтэй байлаа. Мөрөөдөлдөө хөтлөгдөн 2004 онд энэ албанд орж, ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байгаа минь бахархал юм даа. Анх ажилд ороход гурван байгууллага нэгдэж, Онцгой байдлын байгууллага байгуулагдаж байсан. Өдгөө энэ л байгууллагынхаа түүхэн он цагтай мөр зэрэгцэн зүтгэж байгаадаа билэгшээдэг. Анх Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангид гал сөнөөгчөөр ажилд орсон. Гал сөнөөгчөөр гурван жил гаруй ажиллаж байгаад жолоочоор томилогдон өнөөг хүртэл үүрэг гүйцэтгэж байна даа.

-Албаны болоод ажлын онцлогийн хувьд хэн бүхний хийгээд байдаг ажил биш шүү дээ. Ажиллах хугацаандаа мөрөөдлөөсөө ухрах тохиолдол гарч байв уу? Багаасаа аавтайгаа анд явж, нутаг орныхоо онцлог, зүг чиг баримжаалах, цаг агаарын аюулт үзэгдлийн тохиоллыг ажиглаж сурсан минь маш том дэм болдог. Мөн алдаж, оноход минь түшиг тулгуур болж, сурсан мэдсэнээ нэг нэгэндээ зааж, харилцан туршлагаа хуваалцдаг хамт олны минь итгэл, сэтгэл хэзээ ч шантрах, ухрах бодол төрүүлж байсангүй. Ер нь хүнд сурсан зүйл гэдэг хэзээ ч хэрэг болдог. Мөн сайхан хамт олны дэмжлэг бол ажиллах маш том урам зориг байдаг шүү.

-Таны ярианд албаараа бахархдаг, баярладаг талархлын үг олон дахин давтагдаж байгаа нь ажиглагдлаа…?

Баярлахгүй, бахархахгүй байхын аргагүй алба шүү дээ. Таны хэлснээр хүссэн бүхэн нь хүслээ биелүүлдэггүй. Төрийн өмнөөс эх орон, ард түмнээ аюулаас авран хамгаалах хүнд хэрнээ хүндтэй тангарагтай алба учраас сэтгэлтэй, зүтгэлтэй залуус л ажил, амьдралаа холбодог гэж ойлгодог. Учир нь Онцгой байдлын алба хаагчид бид бүгд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэдэг. Онцгой албаар минь ард иргэд, олон түмэн минь хүртэл бахархаж, мялаалга, ерөөлийн үгээ харамгүй хайрладагт бас талархдаг даа.

– Тэгвэл таны мэргэжлийн хамгийн сайхан нь юунд оршдог вэ? Хаана дуудлага гарна, тэнд аврагчдаа аюулгүй, богино хугацаанд хүргэж өгөх үүрэгтэй. Хэр хугацаанд ослын голомтод очиж, хүний эд хөрөнгө, амь насыг авран хамгаалж чадах вэ гэдэг жолооч хүнээс л хамаарна. Тийм болохоор маш том хариуцлага, итгэл найдварыг хүлээж байгаа биз. Учир нь өвөл, зун, хальтиргаа, гулгаа, өгсүүр, уруу гээд ямар ч нөхцөлд цаг хугацаатай уралддаг. Мөн алба хаагчдынхаа амь нас, эрүүл мэндийг давхар хариуцна. Энэ үүргээ нэр төртэй биелүүлээд хамт олонтойгоо баяр, баяслаа хуваалцаад буцах тэр зам хамгийн гэгээтэй. Бас үгээр хэлэмгүй сайхан байдаг.

Ажил, мэргэжлээсээ гадна танд “дурласан” нэг хобби байдаг гэж сонссон юм байна?

Өөрийгөө хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, үр хүүхдэдээ үлгэр дууриалал болж, гарын эв дүйтэй болгох гээд олон зорилгоор энэ хоббигоо дөрвөн жилийн өмнөөс хөгжүүлж эхэлсэн. Хүнд гайхуулаад байх зүйл биш ч гэсэн төрөл бүрийн жааз урлаж, хажуугаар нь стикерээр үзүүлэн самбар хийдэг. Энэ ажлыг минь нутаг, орны хүмүүс мэддэг учраас долоо хоногт нэгээс хоёр жаазны болон стикерийн захиалга орж ирнэ. Хүн аливаа зүйлийг хийх тусам дадлагажиж, туршлагажиж, шинэ зүйл сурахын төлөө хичээдэг шүү дээ. Энэ л зарчмаар ажиллаж, амьдарч байгаа жирийн л иргэн.

-Амьдралын утга учир болсон гэр бүлийнхээ тухай танилцуулаач?

Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Хань маань багш мэргэжилтэй. Гурван том хүүхэд оюутан. Бага нь зургадугаар ангийн сурагч. Том хүүхэд маань Засгийн газрын тэтгэлэгт хамрагдан Япон улсад барилгын инженерийн чиглэлээр суралцаж байна. Харин дунд хүү аавынхаа ажил, мэргэжлийг өвлөхөөр ХСИС-ийн Онцгой байдлын сургуульд, удаах нь Этүгэн их сургуульд суралцаж байгаа. Гэр бүлийн үнэ цэнэ гэдэг хамгийн эрхэм.Тийм учраас хань, үр хүүхдүүдийнхээ төлөө зөв л амьдрах явсан гэж хичээж явна даа.

-Таны ажил, амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?

Албаны онцлог ч юм уу аливаа юманд шантрахгүй, тэвчээр хатуужилтай, дайчин, сэтгэн бодох чадвартай байх зан чанарыг эрхэмлэдэг. Тиймээс би энэ зан чанараа хүүхдүүддээ өвлүүлж, албандаа нэр хүндтэй ажиллаж ард, иргэдийн амь нас, эд хөрөнгийг цаг алдалгүй авран хамгаалахын төлөө зүтгэж байна. Энэ албаны нэр төр, ажлын онцлог намайг олон түмэнд хайрлагдсан эх орны хүү болгосон учраас алдах эрх байхгүй.

-“Мэргэжлийн өвчин” гэж хүмүүс их ярьдаг. Онцгой байдлын албаны алба хаагчдад бүр илүүтэй байдаг болов уу гэж заримдаа боддог юм?

Мэргэжилдээ илүү дуртай, алба ажилдаа хүндэтгэлтэй ханддагийн л илрэл байх. Миний хувьд ч гэсэн нутаг орныхоо онцлогийг их судалж, танилцана. Амралт, чөлөөт цагаараа гэр бүл, найз нөхөдтэйгээ амарч, зугаалах, салхинд гарах үе гарна. Амарч явна гээд анхаарал, сэрэмжээ алдаж болохгүй. Тусламж хэрэгтэй нэгэнд нь ямар ч үед ямар ч нөхцөлд туслах ёстой. Алба маань өөрөө энэрэнгүй учраас тийм сайхан хүмүүжилд сургасан гэж боддог.

Хүний амьдралын утга учир таныхаар юу бол?

Бусдын төлөө ажилладаг хүний сэтгэл баян байдаг гэж боддог. Хүн, хүндээ тустай дэмтэй явбал амьдрал сайхан ш дээ. Өөгүй, өв тэгш хүн гэж байхгүй л дээ. Гэхдээ танихгүй хэн нэгэнд тусалж, амь насыг аварч, амьдрал хайрладаг ажил, мэргэжлийг минь ойлгодог, дэмждэг, бахархдаг гэр бүлийнхний минь итгэл, сэтгэл, баяр баясал бүхэн энэ амьдралын утга учир шүү дээ.

Ярилцсан таньд баярлалаа. Таны цаашдын ажил, амьдралд хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе?

Онцгой байдлын байгууллагынхаа удирдлага, нийт алба хаагчдадаа болон Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар, Хархорин сумын Онцгой байдлын хэлтсийн удирдлага, хамт олондоо сар шинийн мэндийг дэвшүүлье. Та бүхэндээ эрүүл, энх, ажил үйлсийн өрнүүн их амжилтыг хүсэн ерөөе.

Categories
мэдээ улс-төр

ЭЗБХ: Ээлжит чуулганы хугацаанд 9 ажлын хэсэг байгуулан ажиллуулжээ

2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хороо Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийгтодорхойлох, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай, Хэмжил зүйн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүд болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Харилцаа холбооны тухай багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн талаар санал, дүгнэлт гаргаж хэлэлцүүлэх, зарим салбарын сайд нарыг томилох, чөлөөлөх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.

Тайлант хугацаанд Байнгын хороо 13 удаа, ажлын хэсгүүд 30 гаруй удаа хуралджээ.

Хууль тогтоох үйл ажиллагааны талаар: 2018 оны намрын чуулганы хугацаандБайнгын хороо давхардсан тоогоор 20 орчим асуудал хэлэлцэж, тэдгээр асуудлаар нийтдээ 18 санал дүгнэлт, танилцуулга бэлтгэн гаргаж, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсний зэрэгцээ хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэх чиглэлээр 9 ажлын хэсэг байгууланажилуулсан байна.

Ээлжит чуулганы хугацаанд нийт 5 тогтоолыг эцэслэн батлаж, Олон улсын 1 гэрээ, хэлэлцээрийн төслийг зөвшилцсөн аж. Түүнчлэн нэг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, найман хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн байна.

Бусад ажлын талаар: Валютын ханш, бензин, шатахууны үнийн асуудлаар Засгийн газар, Монголбанканд чиглэл өгөх шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллуулж, уг шийдвэрийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн баталсан.


Ипотекийн зээл олголтын байдал, цаашид авах арга хэмжээний талаарх Барилга, хот байгуулалтын сайдын мэдээлэл сонссоны дагуу “Ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар чиглэл өгөх тухай” Байнгын хорооны шийдвэрийн төслийг боловсруулан батлаж, Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох үүрэг чиглэл өгөв.

Санхүүгийн зах зээлийн зөвлөл болон Олон улсын аудитын компани “Прайсуотерхаус Куперс аудит ХХК” (PWC)-тай хамтран “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх орчныг сайжруулах чиглэлээр хийж байгаа алхамууд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр Монголбанк, Сангийн яам, Хууль зүй, Дотоод хэргийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкны холбоо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын даатгагчдын холбоо, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо, Монголын барилгын үндэсний ассоциациболон арилжааны банкны төлөөллүүдийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

Монголбанктай хамтран “Макро эдийн засгийн бодлогын шинэ хандлагууд” сэдэвт хэлэлцүүлгийг Монголбанк болон эрдэмтэн, судлаачид, арилжааны банкны төлөөллүүдийг оролцуулан зохион байгуулсан байна.

Алт олборлолтын байдал, цаашид авах арга хэмжээний тухай УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын мэдээллийг сонсож, тулгамдсан асуудлуудаар үүрэг, чиглэл өгсөн юм.

Байнгын хороонд хандаж Төрийн болон бусад байгууллага, хуулийн этгээд, иргэдээс нийт 100 гаруй албан бичиг ирүүлснийг тухай бүрт нь шийдвэрлэн, хариуг холбогдох байгууллага, иргэдэд хүргүүлжээ. Мөн хугацаанд Байнгын хорооноос 11 тогтоол гаргасны зэрэгцээЗасгийн газар, яам, бусад байгууллагад нийт 39 албан бичигхүргүүлээд байгаа аж.

Ээлжит чуулганы хугацаанд батлагдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн хувийн хэрэг 5 нэгж, хуралдааны протокол 2 нэгж,албан бичиг 3 нэгжийг тус тус бүрдүүлж,архивт хүлээлгэн өгөөд байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн жүжгийн зохиолын уралдаан зарлагджээ

Улсын драмын эрдмийн театраас хүүхдийн жүжгийн зохиолын уралдаан зарлажээ. Тус уралдааныг зарлах болсон зорилго нь Монгол Улсын төрөөс хүүхэд залуучууд, гэр бүлийн талаар баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх, мэргэжлийн урлагийн байгууллагуудын урын санг хүүхдийн сэдэвт бүтээлээр баяжуулах зорилготой аж.

Мөн уран бүтээлчдийн авьяас чадварыг хөгжүүлэн дэмжих, жүжгийн зохиолчдын бүтээлийг нийтийн хүртээл болгох, хүүхэд өсвөр үеийнхнийг урлагаар дамжуулан бие хүн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэхэд орших юм байна.

Уралдаанд оролцох бүтээлд тавигдах шаардлага:

1.Хүүхэд өсвөр үеийнхэнд эерэг харилцаа, ёс зүйн зөв төлөвшил, гоо зүйн хүмүүжил, олгоход чиглэгдсэн түүхэн сэдвээс бусад агуулга бүхий бүрэн хэмжээний жүжгийн зохиол байх. /хүүхдийн хөгжил, хамгаалалын чиглэлээр явуулж буй төрийн бодлогод нийцсэн байх/

2. Жүжгийн зохиолыг А4 цаасан дээр компьютерт шивж ирүүлнэ.

3. Гар бичмэл хүлээж авахгүй. /Бичвэрийн мөр хоорондын хэмжээ 1,5,

үсгийн фонд Arial, үсгийн хэмжээ 12-т байна/

4. Зохиолыг 5 хувь ирүүлнэ.

Уралдааны шагналын сан:

1 дүгээр байр – 10,000,000 төгрөг

2 дугаар байр – 8,000,000 төгрөг

3 дугаар байр – 5,000,000 төгрөг

Уралдааны дүнг 2019 оны дөрөвдүгээр сарын 12-ны дотор Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Улсын драмын эрдмийн театрын хамтарсан тушаалаар байгуулагдсан комисс дүгнэнэ. Байр эзэлсэн бүтээлүүдийн шагналыг 2019 оны 2 дугаар улиралд багтаан зохиогчид олгоно.

Уралдаанд шалгарч байр эзэлсэн бүтээлүүд нь Төрийн өмч болно. Уралдаанд оролцох бүтээлийг 2019 оны гуравдугаар сарын 29-ны өдрийн 17 цагаас өмнө Улсын драмын эрдмийн театрын менежер Ш.Чандмань гэсэн хаягаар хүлээн авна. Хугацаа хоцорсон бүтээлийг хүлээн авахгүй.

Уралдааны талаарх мэдээллийг 9919-5318, /Н.Ганхуяг/ 8811-0707 /Б.Отгонбат/ дугаарын утсаар лавлана уу.