Categories
мэдээ нийгэм

Гэр бүлийн тухай хуулийг олон нийтээр хэлэлцүүлнэ

“Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо” Гэр бүлийн тухай хуулийг олон нийтээр хэлэлцүүлэх санаачлагыг гаргаж, “ХАМТДАА ХЭЛЭЛЦЬЕ” аяныг орон даяар эхлүүлэх гэж байна. Энэ тухай УИХ-ын гишүүн З.Нарантуяа, АЭХ-ны ерөнхийлөгч С.Одонтуяа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Үүрийнтуяа, Р.Булгамаа нар өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл өглөө. “Эх орноо гэсэн сэтгэл өрх гэрээс эхэлдэг” уриан дор зохион байгуулагдах энэ удаагийн аян ирэх сарын 01-нээс зургадугаар сарын 01-нийг хүртэл үргэлжилнэ. “Хамтдаа хэлэлцье” аяны хүрээнд “Миний гэр бүлийн аз жаргал” сэдэвт гар зураг, эссэ бичлэг, илтгэл, нийтлэл, гэрэл зургийн уралдааныг тус тус зохион байгуулахаар төлөвлөжээ.

Гэр бүлийн хууль нь Монгол хүн бүр, өрх бүрийн амьдрал, өрхийн гишүүдийн харилцааг зохицуулдаг нийгмийн харилцааны хамгийн чухал суурь хууль юм. Тиймээс ч АЭХ энэ асуудалд онцгойлон анхаарал хандуулж байгаа гэв. Аяны хүрээнд Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхээр боловсруулсан Гэр бүлийн тухай хуулийн төслийг олон нийтэд танилцуулан, өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд саналуудыг нэгтгэж, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын эмэгтэй гишүүд, Засгийн газарт хүргүүлэхээр төлөвлөжээ.

1999 онд батлагдсан Гэр бүлийн тухай хууль нь өнөөгийн хэрэгцээ, шаардлагад нийцэхгүй байгаагаас гэр бүлийн харилцаанд тулгарсан олон асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх эрх зүйн боломжууд хаалттай хэвээр байна. 2018 онд 2945 гэрлэлт цуцлагдаж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах 1146 хэрэг, эцэг тогтоох 392 хэрэг шийдвэрлэгдсэн нь өмнөх оныхоос өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн Монгол Улсын хэмжээнд өрх толгойлсон эцэг, эхийн тоо 76893-т хүрсэн нь гэр бүлийн асуудал төрийн бодлогын эхэнд эрэмбэлэгдэх зүй ёсны шаардлага бий болсныг харуулж байна.

Гэр бүлийн тухай хууль нь 2014-2016 онуудад УИХ-аар хэлэлцэгдэж байсан боловч батлагдахгүй өнөөдрийг хүрсэн. Энэхүү хууль батлагдсанаар төрөөс гэр бүлийн хөгжил, хамгааллын бодлого хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж, гэр бүлд тулгамдсан асуудлаа хуулийн хүрээнд шийдвэрлэх эрхзүйн боломж нээгдэнэ.

Categories
мэдээ нийгэм

Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гаригт иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөгийг зохион байгуулдаг.

Энэ сарын зөвлөгөө өгөх өдөрлөг 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн өглөө 09 цагаас 17 цаг хүртэл Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, “Оргил” салбаруудад зохион байгуулагдана.

Холбоо барих: 70116004

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Huawei” утсыг 5G сүлжээнд ашиглах эрсдэлийг бууруулах боломжтой

Их Британийн тусгай албаныхан тус улсын хөдөлгөөнт холбооны тавдугаар үеийн систем буюу 5G сүлжээнд “Huawei” компанийн харилцаа холбооны тоног төхөөрөмжийг ашиглах эрсдэлийг бууруулах боломжтой гэсэн дүгнэлтэд хүрчээ.

“Их Британийн Цахим тагнуулын тусгай албанд багтдаг Кибер аюулгүй байдлын үндэсний төв нь өндөр хурдтай хөдөлгөөнд холбоонд “Huawei”-н тоног төхөөрөмжийг ашиглах эрсдэлийг бууруулах боломжтой гэсэн дүгнэлтэд хүрчээ. Европын холбоотнуудыг үүрэн холбооны шинэ сүлжээндээ Хятадын харилцаа холбооны тоног төхөөрөмжийг ашиглахад нь саад учруулахын тулд АНУ-ын эрх баригчид боломжтой бүхнийг хийж байгаа хэдий ч Их Британи, Герман зэрэг Европын зарим улс үүнд итгэхгүй байна” гэж тус сонинд дурдсан байна.

Түүнчлэн Их Британийн тусгай албанаас гаргасан дүгнэлт нь Европын удирдагчдын санаа бодолд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ гэж эх сурвалж мэдэгдсэн байна.

“Huawei”-аар дамжин кибер аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх тохиолдлыг Кибер аюулгүй байдлын үндэсний төв хэзээ ч олж илрүүлж байгаагүй. 5G хөдөлгөөнт холбоонд Хятадын аль ч технологи эрсдэл учруулж байна гэх мэдэгдэл нь утгагүй зүйл юм” гэж Их Британийн цахим тагнуулын тусгай албаны тэргүүн асан Роберт Хэнниген “Financial Times” сонинд ярилцлага өгөхдөө онцлон тэмдэглэжээ.

АНУ-ын хүсэлтээр “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг баривчлан саатуулснаас хойш буюу өнгөрсөн 12 дугаар сарын эхээр “Huawei” компани дэлхий дахины анхаарлыг татаж эхэлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

​Гаальчид дахин хар тамхи илрүүлжээ

Image result for хар тамхи

Хэдхэн хоногийн өмнө их хэмжээний хар тамхи авч явсан этгээдүүдийг баривчилсан. Тэгвэл өнөөдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 18-нд Гаалийн ерөнхий газрын харъяа Гашуунсухайт дахь гаалийн газрын ажилтнууд Монгол Улсын иргэн “Т” гэгчийн биедээ нууж улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан мансууруулах бодис болох “мөс”-ийг илрүүлжээ. Одоогоор тус боомтын хилийн тагнуулын албатай хамтарсан ажиллагаа явуулж байгаа юм байна. Нэг хэргийн шуугиан нь намдаагүй байхад дахин хар тамхи илрүүлсэн нь уг хэрэгтэй холбогдсон хүмүүст хүлээлгэх хариуцлага ямар сул байгааг харуулж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Тэмээ сургах тэмцээн боллоо

“Тэмээчдийн зөвлөгөөн, тэмээн соёлын өдөрлөг-2019” арга хэмжээ Дорнод аймагт зохион байгуулагдлаа. Тодруулбал, Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан “Тэмээ дэд хөтөлбөр”-ийн хүрээнд энэ сарын 15-16-нд тус аймгийн Цагаан-Овоо суманд тэмээчдийн зөвлөгөөн, тэмээн соёлын өдөрлөг болсон байна. Эл арга хэмжээнд 10 сумын 140 гаруй малчин болон аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, Засаг даргын орлогч Ч.Ганбат, ИТХ-ын төлөөлөгч Л.Түвдэнням, ХХААГ-ын дарга Б.Батсайхан нар оролцжээ.

Тус өдөрлөгийн үеэр тэмээн соёлын уламжлалт зан үйл болох буйл зорох, тэмээ сургах, ногт, бурантаг зангидах, шилмэл буур, шилмэл ингэ, ганган ботго, сайхан тэмээтэй хос шалгаруулах болон тэмээн уралдаан болсон байна.

Дашрамд дуулгахад, өдөрлөгийн үеэр тэмээ сургах тэмцээн зохиогдож, Гурванзагал сумын малчин Г.Түвшин аваргалсан бол Сэргэлэн сумын дөрөвдүгээр багийн малчин А.Мөнхбаяр, Чойбалсан сумын малчин О.Хүрэлбаатар нар удаалсан байна.

Categories
мэдээ спорт

NBA бүх оддын тоглолт Леброны ялалтаар өндөрлөв

Хойд Америкийн NBA-ийн 2019 оны Бүх-оддын тоглолт энэ амралтын өдрүүдэд эхэлж, өнөө өглөө дуусав. Тэмцээний эхний өдөр залуу тоглогчдоос бүрдсэн Дэлхийн шигшээ баг болон Нэгдсэн Улсын шигшээ багуудын тоглолт болсон. Тус тоглолтонд К.Ирвингийн дасгалжуулсан Нэгдсэн Улсын шигшээ баг өрсөлдөгчөө 161-144 харьцаатай хожсон байна.

Тоглолтын эхний хагас 83-71 харьцаатай Нэгдсэн Улсын багийн тэргүүлэл дор явагдсан бол сүүлийн хагаст Нэгдсэн Улсын шигшээ баг тэргүүллээ хадгалсаар ялалт байгуулсан юм. Нэгдсэн Улсын шигшээ багаас 4 тоглогч 20-иос дээш оноо авсан бөгөөд талбайд гарсан бүх тоглогчид оноо авчээ. К.Кузма 35 оноо, 6 самбар, 2 дамжуулалт өгч шилдэг тоглолт үзүүлэн тус тоглолтын ҮНЭ ЦЭНЭТЭЙ ТОГЛОГЧ болсон байна.

Дэлхийн шигшээ багаас Б.Симмонс 28 оноогоор багаа тэргүүлж Д.Аятон, Б.Богданович, Ш.Гилжес-Александр нар тус бүр 15 оноо, Л.Дончич, Ж.Окожи нар тус бүр 13 оноо авсан байна. Ийнхүү өнгөрсөн жилийн Бүх-оддын тоглолтоор хожил байгуулж байсан Дэлхийн шигшээ баг энэ жил Нэгдсэн Улсын шигшээ багт хожигдож байна.

ЛЕБРОНЫ БАГ ЯЛАЛТ БАЙГУУЛЖ, К.ДРАНТ ҮНЭ ЦЭНЭТЭЙ ТОГЛОГЧ БОЛЛОО

Бүх оддын тоглолт сүүлийн өнөө өглөө болов. Тэмцээний хамгийн оргил үйл явдал болох бүх оддын тоглолтоор төгсгөлөө. Энэ удаагийн тоглолтонд ЛеБрон Жеймсийн баг өрсөлдөгч Яннис Антетокунмпогийн багийг 178:164 харьцаатай хожсон. Тоглолтын эхний хагаст Грек тоглогч Яннисын баг 95 оноо авсан бол ЛеБроны баг 82 оноо авсан. Ингээд тоглолтын сүүлийн хагаст ЛеБроны баг эргэн ирэлт хийж тоглолтын төгсгөлийг сайн хийснээр энэ удаагийн тоглолтын ялагч болсон байна.

ЛеБрон Жеймсийн багаас К.Дюрант 31 оноогоор багаа тэргүүлсэн бол Л.Жеймс, К.Леонард 19 оноо, К.Ирвинг 13, Ж.Харден 12 оноо авсан бол сэлгээнээс К.Томпсон 20 оноо, Д.Лиллард 18, Б.Бейл, К.Таунс нар 11, Б.Симмонс 10 оноо авчээ. Харин Д.Уэйд 7, Э.Дэвис 5, Л.Алдриж 2 оноо авчээ. Хожил байгуулсан Л.Жеймсийн багаас энэ удаагийн бүх-оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогч тодорсон бөгөөд К.Дюрант карьертаа 2 дахь удаагаа үнэ цэнэтэй тоглогч болжээ. К.Дюрант одоогоос 7 жилийн өмнө бүх-оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогч болж байсан.

Categories
мэдээ нийгэм

​“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын 1-нээс эхэлнэ

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын 1-нээс эхэлнэ. “Оюутан цэрэг” хөтөлбөрийг манай улсад хэрэгжүүлж эхлээд зургаан жил болж, 5000 гаруй оюутан хамрагдаад байна.

Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн сургуульд хамруулан цэргийн алба хаалгах бололцоог бүрдүүлж буй. Мөн эх орноо батлан хамгаалах, төрийн алба хаших, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусыг олшруулж, улс орныг батлан хамгаалах чадавхийг сайжруулан дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг хангахад уг хөтөлбөрийн зорилго оршино.

2014 оноос “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар баталж байсан юм. Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын их, дээд сургуулийн бакалаврын ангид суралцаж байгаа оюутнуудад сайн дурын үндсэн дээр “Цэргийн ерөнхий бэлтгэл” хичээлийг хоёр кредит, 96 цагаар сонгож судлуулдаг бөгөөд шаардлага хангасан оюутан залуусыг 12 кредит, 560 цагийн “Цэргийн тусгай бэлтгэл” сургалтад хамруулж, цэргийн алба хаадаг байна.

БҮРТГҮҮЛЭХ ОЮУТНЫ БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

-Иргэний үнэмлэх
-Цэргийн үүрэгтний үнэмлэх
-Оюутны үнэмлэх
-Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх/
-Сургуулийн тодорхойлолт “Оюутан-цэрэг’ сургалтад хамрагдах зөвшөөрөл/
-Сурлагын дүнгийн хүснэгт /сурлагын голч дүн 2.8 аас дээш байх/
-Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Я.Эрдэнэ-Очир: Мөнгийг нь аваад, цагийг нь үрээд, өвчлөлийг нь хүндрүүлж байна

Сүлжээний эм тухайн хүний өвчлөлийг ихэсгэж, цаг хугацаа алдахад хүргэж байна

Олон улсадпирамид тогтолцоотой сүлжээний бизнесийг луйвар гэдгийг нотлоод үйл ажиллагаа явуулахыг нь хориглосон байдаг. Манай улсад ч мөн адил Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар хориглодог. Харамсалтай нь энэ хууль хэрэгжихгүй байна. Үүний нотолгоо нь эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн гэх нэрээр өндөр өртэгтэйгээр зарагдаж байгаа сүлжээний бүтээгдэхүүн газар аваад байгаа явдал мөн.

Ханиаднаас эхлээд хортой хоргүй бүх хавдрыг эмчилдэг гэх эдгээр бүтээгдэхүүнийг өвчиндөө шаналсан иргэд ихээр худалдан авч байна. Өвчтэй хүн юу эсийг хийж, юу ч эсийг туршихад бэлэн, магадгүй гайхамшиг тохиогоод үнэхээр эдгэнэ гэдэгт найддаг тухай ярьсан иргэд цөөнгүй таарч байлаа. Яг үүнийг л сүлжээний луйварчид овжин ашиглаж ашиг олдог гэхэд хилсдэхгүй болов уу.

Манай оронд мөнгө өгч элсдэг, эрүүл мэнд, гоо сайхны бараа бүтээгдэхүүн борлуулдаг гэх гурван төрлийн сүлжээний бизнесийн луйвар байна.

Тэгвэл, сүлжээний эм бэлдмэлийг хэрэглэх нь хэр зөв болох, хор уршиг бий эсэх, үүнийг хэрэглэснээр эмнэлэг орж мэс засалд оролгүй эдгэчих нь хэр үнэний ортой болох тухай иргэдийн эргэлзээтэй асуултад хариулт авахаар ЭМЯ-ны Хавдар судлалын ерөнхий мэргэжилтэн, Хавдар судлалын Төвийн мэс заслын клиникийн удирдагч, Анагаах ухааны доктор (Ph.D), Клиникийн профессор Я.Эрдэнэ-Очироос зарим зүйлийг асуулаа.

-Сайн байна уу?Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглээд эмнэлэг орохгүйгээр эдгэрээд байгаа хүмүүс байна гэх… Энэ хэр үнэний ортой вэ? Зарим нь харин ч улам ихээр өвчин нь хүндрээд нас барсан тохиолдол хүртэл гарсан юм билээ?

Хүмүүс хэрэглээд эдгэрсэн байхыг би үгүйсгэж чадахгүй. Хүний биед тийм сайн хэрэгтэй юу гэдгийг нь бас нотолж чадахгүй. Эцсийн эцэст үүнийг хэрэглээд эдгэрээгүй, эцсийн шатандаа орчихоод ирж байгааг нь л хэлж чадах байна. Хамгийн гол нь энэ янз бүрийн сүлжээний тураах, залуужуулах, эмчлэх, хорт хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг гэх бүтээгдэхүүнүүдийг хүний биед маш сайн эсвэл маш муу гэдгийг нь нотолж хэлж чадахгүйд л гол асуудал байгаад байна. Үүнийг ЭМЯ, мэргэжлийн хяналт, хуулийн байгууллагууд судалж,хянаж шалгаж, үнэн зөвийг нийтэд ил болгох хэрэгтэй гэдэг нь тодорхой.

-Сүүлийн үед “ALIVE MAX” гэх сүлжээний бүтээгдэхүүн эрүүл мэндийн шинжлэх ухааны шийдвэрлэж чадахгүй байгаа эмчилгээг шийдэж байгаа хэмээн телевизээр рекламдах боллоо. Хараагүй хүн хэрэглээд хараа орж гэнэ, тэргэнцэртэй хүн босоод алхсан гэх юм. Энэ хэр үнэний ортой вэ?

Үнэхээр хорт хавдартай хүн хэрэглээд эдгээд байгаа бол эмнэлэг байсны хэрэг гэж байхгүй. Олон жилийн турш эмчийн мэргэжлээр сураад ч хэрэггүй.Орчин үед янз бүрийн тоолж барахгүй олон сүлжээний бүтээгдэхүүн байна. Сонсоод байхад бүх л юм эдгээх ид шидтэй гэж ярих юм. АLIVE MAX –ын тухайд үнэхээр хэрэглээд хараа ороод, хорт хавдар нь эдгэрсэн эсэхийг би үнэндээ мэдэхгүй байна. Би өөрөө ходоодны хорт хавдарын мэс заслын эмч хүн. Чаддаг зүйл дээрээ л яръя, хэрвээ ходоодны хорт хавдартай болсон нь оношлогдсон л бол шууд л мэс засал хийлгэх хэрэгтэй. Үүнд төөрөөд төөрөлдөөд байх юм ерөөсөө байхгүй. Учир нь энэ бол цорын ганц арга.

  • Та ингэхэд сүлжээний эм бэлдмэлүүдэд хэр итгэдэг вэ? Өөрөө хэрэглэж байсан уу?

Би сүлжээний зарим нэг нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэдэг. Тодорхой яривал дархлаагаа сайжруулах зорилгоор, биеэ гайгүй эрүүл байгаа дээр нь гамнахын тулд хэрэглэдэг гэсэн үг.

Түүнээс биш яг эмчилгээний зорьсон зорилгоор хэрэглэнэ гэвэл худлаа. Энэ эм бэлдмэл хэзээ үйлчилж тухайн хүнийг эдгээх нь баталгаагүй.Манайхан өөрсдийгөө турших тун ч их дуртай. Жишээ нь: хорт хавдартай хүмүүс хагалгаанд орохоосоо өмнө өвс ургамал, хорхой шавьж идсэн байдаг. Энэ ч дүүрсэн хэрэг. Яахав байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэж бодъё. Дээр нь нэмээд янз бүрийн сүлжээний хүний биед сайн, хорт хадварыг үгүй хийх тустай гэж хэлсэн үгэнд итгээд биологийн нэмэлт бүтээгдэхүүн авч хэрэглэдэг. Тэгж явсаар биеэ хачин юм болгочихоод эмч дээр ирдэг. Энэ үед аль хэдийн эцсийн шатандаа орчихсон байх нь элбэг.

-Сүлжээний бизнес хийж буй хүмүүс эмч мэргэжилтэй хүмүүсийг элсүүлэх эрмэлзэлтэй байдаг. Энэ нь мэдээж эрүүл мэндийн бүтээгдэхүүнийн борлуулалт сайжирахад чухал нөлөөтэй. Өвчтэй хүмүүс эмч нарт хамгийн их итгэдэг шүү дээ. Таньд ийм санал ирж байсан уу?

Ирж байгаагүй. Би зөвшөөрөх ч үгүй.Миний мэдэх зарим эмч нар, бүр зарим гавьяат эмч хүртэл сүлжээнд элсчихээд яваад байх шиг харагддаг. Энэ бол миний таамаг төдий зүйл л дээ. Үүнийг мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн яам гэж байдаг бол цэгцлэх хэрэгтэй гэж бодож байна. Хүмүүс үүнд итгэж хамаг мөнгө, алтан амиа золиослож туршилт хийж байна шүү дээ.

Гадаадын зарим улсад энэ талаар зохицуулалт хийсэн байдаг юм байна лээ. Жишээ нь хятад улсад сүлжээнд эмч нарыг элсүүлэхгүй байх тал дээр анхаардаг. Энэ бол ерөөсөө л иргэдээ бодсон чухал шийдвэрүүдийн нэг.

-Хелико бактери, элэгний В,С вирус, ходоод гэдэсний хортой хоргүй хавдар, миомтой хүмүүс сүлжээний бүтээгдэхүүн ихээр хэрэглэж харагддаг. Эдгээр хүмүүст хандаж юу гэж зөвлөмөөр байна?

Ний нуугүй ярихад манайхны боловсрол нимгэн болсон юм шиг санагддаг. Энэ бол их олон зүйл дээр яригдах байх л даа.

Эмчид үзүүлэхээр ирж байгаа хүмүүс наад зах нь өвчнийхөө талаар тодорхой хэмжээний мэдлэг мэдээлэлтэй болсон байх ёстой. Гэтэл бүр юугаа ч мэдэхгүй орж ирцгээдэг. Аль сайн гэж хэлсэн сүлжээний нэмэлт бүтээгдэхүүнийг авч хэрэглдэг. Үүний дараах үр дагаварыг нь тооцох ч үгүй. Үнэн баталгаатай эсэхийг нь өөрөө хэрэглэж байж л мэднэгэсэн хүмүүс.

Би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр, эмч байгаагийн хэрэг юу билээ. Ерөөсөө эмчтэйгээ дотно байж асуудлаа хэлж, ярилцаж зөвшилцөх хэрэгтэй. Үүний дараагаар эмч нь юуг хэрэглэж болох, юуг хэрэглэхгүй байхыг нь хэлээд өгнө. Манайхан өөрийн дураар эм бэлдмэл хэрэглэж турших дуртай. Үүнийг нь далимдуулаад үнэхээр хорт хавдар нь эдгэчих юм шиг санагдтал нь сэнхрүүлээд бүтээгдэхүүнээ борлуулаад байна. энэ бол мөнгийг нь аваад, цагийг нь үрээд, өвчлөлийг нь хүндрүүлэхээс цаашгүй л зүйл гэдгийг анхаарах хэрэгтэй.

Эмч өвчтөн хоёрын ойлголцол хамгаас чухал. Түүнээс биш хоёрдогч гуравдагч этгээдийн үгэнд орох хэрэггүй.

Б.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

Сургалтад 90 гаруй сургагч багш хамрагдаж байна

Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн-Зөн Монгол” ОУБ, нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран “Гамшигт тэсвэртэй хот” төслийн хүрээнд орон нутгийн гамшгийн менежментийн багийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг Олон улсын Найрамдал төвд зохион байгуулж байна.

Сургалтад “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төсөл хэрэгжих 9 дүүргийн зорилтот 9 хорооны 90 гаруй сургагч багш хамрагдаж байгаа юм.

Гурван өдөр үргэлжлэх тус сургалтаар сургагч багш нар заах арга зүйгээ нэмэгдүүлэх, ээлжит хичээлийн төлөвлөлт боловсруулах, орон нутаг, аж ахуйн нэгж, байгууллага болон ерөнхий боловсролын сургуулийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулах, Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх заавар, өрхийн бэлэн байдлын төлөвлөгөө, эрсдэлийн үнэлгээ хийх зөвлөмжийн дагуу танхимын дадлага сургуулийг хийнэ.

Сургалтад хамрагдсан гамшгийн менежментийн багийн гишүүдээр дамжуулан иргэдэд гамшгийн тухай ойлголт өгч, гамшгийн эрсдэлийг бууруулах даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чиглэгдсэн мэдлэг эзэмшүүлэх юм

Categories
мэдээ улс-төр

Хүүхдийн эрүүл мэнд, хөгжилд сөргөөр нөлөөлөхүйц нийгмийн сүлжээний мэдээллээс хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулжээ

УИХ-ын Цахим бодлогын түр хороо өнгөрсөн “Мэдээллийн аюулгүй байдал, түүнд дүн шинжилгээ хийх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай боловсруулах үүрэг бүхий”, “Аж үйлдвэрийн IV хувьсгалд бэлтгэх төрийн нэгдсэн бодлогыг боловсруулах үүрэг бүхий” болон хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төрийн цахим шилжилттэй холбоотой 4 ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа аж. Мөн нийгмийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах чиглэлээр хэд хэдэн байгууллагатай хамтран судалгаа хийж, Хүүхдийн хүмүүжил, эрүүл мэнд, хөгжилд сөргөөр нөлөөлөхүйц мэдээллээс хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Төслийг Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх зорилт тавин ажиллаж байгаа юм байна.