Categories
мэдээ нийгэм

Дүүргүүдийн Газрын алба дотоод ажлын өдөргүй боллоо

Нийслэлийн Газрын албаны даргын 2019 оны А/13 дугаар тушаал гарч дүүргүүдийн Газрын албадыг дотоод ажлын өдөргүй болголоо. Өмнө нь иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн хүсэлтийн дагуу хээрийн судалгаа хийх, газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлийн хурал хийх зорилгоор 7 хоногийн нэгээс хоёр өдрийг дотоод ажилтай байхаар зохицуулагдаж байсан.

Газар зохион байгуулагчид нь иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр зайлшгүй хээрийн судалгаанд явах шаардлага гардаг учраас шинэ зохицуулалтаар зөвхөн газар зохион байгуулагчид ээлжээр хээрийн судалгаанд явах бөгөөд байхгүйгээ нөхөж ажиллахаар зохицуулсан байна.

Ийнхүү дүүргүүдийн Газрын албад дотоод ажлын өдөргүй болсноор иргэн, хуулийн этгээдийг ажлын 5 өдрийн 40 цагт нээлттэй хүлээн авч үйлчилгээ үзүүлэх юм.

Нийслэлийн Газрын алба нь иргэдэд төрийн үйлчилгээг тасралтгүй түргэн шуурхай, нээлттэй, ил тод үзүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Эрчим хүчний импорт буурчээ

Эрчим хүчний импорт буурсан байна. Тодруулбал, өнгөрсөн сард манай улс ОХУ-аас импортоор 15 сая кВт.цаг эрчим хүч импортолжээ. Энэ нь төлөвлөгөөнөөс 17.5 сая кВт.цагаар, өнгөрсөн оны мөн үеэс 1.2 цаг кВт.цагаар буурсан үзүүлэлт аж.

Системийн нийт хэрэглээний тухай мэдээлэл хүргэхэд өнгөрсөн сард боловсруулалт 681.3 сая кВт.цаг байжээ. Харин дотоодын үйлдвэрлэлтээр хэрэглэгчдэд 577.1 сая кВт.цаг эрчим хүч түгээсэн байна. Ингэснээр дотоодын үйлдвэрлэлтээр хэрэглэгчдэд түгээсэн эрчим хүч төлөвлөгөөнөөс 10.9 сая кВт.цагаар, өнгөрсөн оны мөн үеэс 30.7 кВт.цагаар давжээ. “Диспитчерийн үндэсний төв”-ийн гаргасан энэхүү харьцаанаас харахад жил бүр өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээгээ бид дотоодын үйлдвэрлэлээр хангах ихэсч, импортынх багасаж байгаа аж. Гэсэн хэдий ч манай улсын эрчим хүчний систем тогтвортой, найдвартай биш гэдгийг өнгөрсөн онд гарсан асуудлуудаас харж болох юм. Дашрамд дурдахад, өнгөрсөн сард эрчим хүчний оргил ачаалал 1112 МВт-д хүрсэн байна.

Categories
мэдээ спорт

Индонез улс 2032 оны зуны Олимпийн наадмыг зохиох хүсэлт гаргав

Индонез улс 2032 оны зуны Олимпийн наадмыг зохион байгуулах хүсэлтээ Олон улсын олимпын хороонд /ОУОХ/ албан ёсоор өгсөн тухай тус улсын мэдээллийн “Antara” агентлаг мэдээлэв.

Швейцар улсад суугаа Индонезын Элчин сайд Мулиаман Хадад хоёрдугаар сарын 11-нд тус улсын Ерөнхийлөгч Жоко Видодогийн нэрийн өмнөөс ОУОХ-нд захидал илгээсэн байна. Индонезийн эрх баригчид өнгөрсөн онд Азийн наадмыг амжилттай зохион байгуулсны дараа хүсэлтээ өгөхөөр шийджээ.

2032 оны Олимпийн наадмыг хамтран зохион байгуулах хүсэлтээ өгөхөөр төлөвлөж буйгаа өмнө нь БНСУ болон БНАСАУ мэдэгдсэн билээ.

Categories
мэдээ спорт

Хөлбөмбөгийн “Үндэсний шигшээ багийн өдөр” тохиож байна

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны Зөвлөлийн 2018 оны хоёрдугаар сарын 14-ний хурлаар жил бүрийн хоёрдугаар сарын 19-ний өдрийг “Үндэсний шигшээ багийн өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн билээ.

Монголын үндэсний шигшээ баг 2001 оны хоёрдугаар сарын 19-нд Бангладешийн шигшээ багтай 2:2-оор тэнцэж, ДАШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх тэмцээнээс анхны оноогоо авсан энэ түүхэн өдөр “Шигшээ багийн өдөр”-өө болгон тэмдэглэхээр болсон түүхтэй аж.


Хоёр дахь удаагаа тэмдэглэж байгаа “Үндэсний шигшээ багийн өдөр”-ийг өнөөдөр 18 цагт UB Event hall-д болно. Энэ үдэш бараг 60 жилийн тэртээх 1960 оноос өнөөг хүртэлх үндэсний шигшээ багийн төлөөллүүд нэг дор цуглаж, дурсамж дүүрэн мөч бүрээ эргэн дурсаж, өнөөдөр болон өнө ирээдүйн амжилт, ялалтын талаар халуун яриа өрнүүлэн тэмдэглэх юм.

Мөн энэ үеэр 1960 оноос хойшхи үндэсний шигшээ багийн хийсэн бүх тоглолтын статистикийг танилцуулж, сонирхолтой мэдээллүүдийг сонирхуулахаар зэхсэн байна.


МХБХ-ны 60 жилийн ойн хүрээнд хийх ажлуудаа “Үндэсний шигшээ багийн өдөр”-өөр эхэлж байгаа аж. 2019 онд “Цоо шинэ түүх” эмэгтэйчүүдийн шигшээ багт зориулсан ёслол, хөлбөмбөгийн спортын мастер цолтнуудаа алдаршуулах, Грассрүүтс болон MFF FAN DAY, Хөлбөмбөгийн эрдэм шинжилгээний хурал, 60 жилийн түүхийг өгүүлсэн ном, баримтат кино бүтээх зэрэг олон талт гэгээлэг үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ улс-төр

Д.Батбаяр: С.Мөнхчулууныг МАН-ын гишүүнээс гарсанд тооцсон шийдвэрийг гаргалаа

Image result for МАН

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр хуралдаж, хяналтын хорооны дутуу гишүүдээ томилох, энэ онд хийх ажлын төлөвлөгөө болон зарим гишүүнд хариуцлага тооцох зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Тус хурлаас гарсан шийдвэрийг МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаяр танилцууллаа. “2016 оны сонгуулийн дараагаас эхлэн “60 тэрбум” гэх асуудалд манай намын нэрийг холбох болсон тул эцэслэн хариу өгөхөөр тухайн үеийн удирдлагуудад хариуцлага тооцох тухай шийдвэрийг 2018 оны наймдугаар сард гаргаж байсан. Гэвч намын дүрэмд нь заасан ёсоор хариуцлага тооцоход учир дутагдалтай байсан тул сахилга хариуцлага тооцох механизмыг өнгөрсөн оны сүүлээр оруулсан” гэв. Ийнхүү сахилга, хариуцлагын асуудал тодорхой байдлаар зохицуулагдсан тул зарим хүнд хариуцлага тооцжээ.

Энэ тухай МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаяр “Монгол Ардын намын дүрмийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 4.2.8, 4.2.9 дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэн МАН-ын гишүүн Ц.Сандуйг МАН-ын гишүүнээс гарсанд тооцсон. Хоёрдугаарт, МАН-ын дүрмийн 4.2.1, 4.2.5, 4.2.8, 4.2.9, 4.2.10, 4.2.12 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж С.Мөнхчулууныг МАН-ын гишүүнээс гарсанд тооцсон шийдвэрийг гаргалаа” гэв. Гишүүнээс гарсан тохиолдолд тухайн хүнд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн заалттай аж.

Categories
мэдээ нийгэм

300 ортой төрөх эмнэлгийн гадна фасадны ажил 80 хувьтай явж байна

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажил өнөөдөр 80 хувьтай явагдаж байна.Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр эмнэлгийн барилгын явц байдалтай танилцлаа. Одоогоор энэ эмнэлгийн барилгын бүх блокын дээвэр, Е блок, цахилгааны дэд өртөөний гурван барилга, гипсэн тааз, шал, шугам сүлжээний далд монтаж, салхивч болон сангийн шугам сүлжээний монтаж, инженерийн шугам сүлжээний ажил, гадна зам талбайг тохижуулж дуусчээ. Гадна фасадны ажил 80 хувьтай, лифтийг угсарч эхэлжээ. Гүйцэтгэгч “Томо бюлдинг” ХХК нь дотор заслын бараа, материалыг татан төвлөрүүлсэн бөгөөд 3 дугаар сарын 01-ний өдрөөс дулааны эх үүсвэрт холбогдсоноор барилга, угсралт, дотоод заслын ажлуудыг хийж дуусгахнээ.Тус эмнэлгийг барих шийдвэр одоогоос 9 жилийн өмнө гарч, Засгийн газар Нийслэл өргөө компани, Пума консерциумтай гэрээ байгуулан улсын төсвөөс 17.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж барилгыг эхлүүлсэн. Гэтэл нэмэлт санхүүжилт шаардлагатай болсноор 2013 онд барилгын ажил зогссон юм. Харин 2017 онд Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газар, “Томо бюлдинг” компанитай концессын гэрээ байгуулж “царцаад” байсан барилгыг үргэлжлүүлсэн. 2017 оны есдүгээр сараас барилгын ажлыг үргэлжлүүлж 34 хувьтай орхисон барилгыг “Томо бюлдинг” компани өнөөдрийн байдлаар 80 хувьд хүргэжээ. Эрүүл мэндийн яамнаас уг төрөх эмнэлгийг цаг хугацаанд нь ашиглалтад өгөх чиглэлээр ажлын хэсэг байгуулан холбогдох газруудтай удаа дараа уулзалт зохион байгуулан, газар дээр нь ажиллаж байгаа билээ.
Эмнэлэг ашиглалтад орсноор олон улсын шаардлага хангасан 140 ортой амаржих газар, 160 ортой хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн төв бүхий эх, хүүхдийн цогц эмнэлэг ажиллаж эхлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Боловсролын салбарын хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний талаар салбарын сайд уулзалт хийлээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Барилга хот, байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын удирдлагууд нийслэлийн удирдлага болон холбогдох албаныхантай уулзлаа. Уулзалтаар нийслэлийн Боловсрол, соёл, спортын салбарын хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа.

Боловсролын салбарт өнгөрсөн онд хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлууд болон газрын асуудлын талаар холбогдох албаны мэдээллийг сонслоо. Боловсролын салбарын хүртээмжийг сайжруулах чиглэлээр Улс, нийслэл, дүүрэг, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар 2018 онд нийслэл хотод 3 сургууль, 14 цэцэрлэгийн барилга ашиглалтад орж сургуулийн хүчин чадлыг 2240-өөр, цэцэрлэгийн хүчин чадлыг 2630-аар нэмэгдүүлсэн.

Хөрөнгө оруулалтын ажлын чиглэлээр 2018 онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 80 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр 13 тэрбум 119.1 сая төгрөгийн хөрөнгө батлагдсан. Үүнээс гүйцэтгэлийн үр дүнг тооцон 11 тэрбум 737.6 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 онд гэхэд нийт 100 сургууль, 130 орчим цэцэрлэгийн барилга барих, өргөтгөх ажил хийгдэх юм.

2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 15 сургууль, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр 4 сургууль, Хятад улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2 сургууль, Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2 сургууль ашиглалтад орно гэж Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Засаг даргын орлогч Ш.Анхмаа мэдээлэлдээ дурдлаа.

Сургууль цэцэрлэгийн барилгын ажлыг цаг тухайд нь хүлээлгэн өгөхөөр холбогдох албаны хүмүүс ажлаа эрчимжүүлэхийг салбарын сайд үүрэг болголоо. Мөн газар чөлөөлөлт, концессын гэрээгээр гүйцэтгэх ажилтай холбоотой асуудалд нухацтай хандаж, харилцаа холбоотой ажиллахыг санууллаа.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг хэлэхдээ “Төсөл хөтөлбөр арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлын талаар ажил хэрэгч уулзалт зохион байгууллаа. Учир нь өнгөрсөн жилүүдэд нийслэлд хэрэгжихээр төлөвлөсөн сургууль, цэцэрлэг шинээр барих асуудлууд тодорхой шалтгаануудын улмаас саатсан. Тухайлбал газрын асуудал шийдэгдээгүй, тендерийн хугацаа хойшилсон, маргаан үүссэн гэх зэрэг зохион байгуулалтын олон асуудлаас үүдэн ажил хоцорч, зарим сургууль цэцэрлэгийн төсөв татагдсан. Тиймээс 2019 оны төсвийн хуулийг хэрэгжүүлэх ажлыг эртнээс тал талын оролцоотой зохион байгуулах үүднээс өнгөрсөн 7 хоногт Боловсролын сайдын тушаал гарсан. Төрийн өмчийн Бодлого зохицуулалтын газар, Сангийн яам, Боловсролын яам, нийслэл нэгдэн цаашид ажлыг хэрхэн хурдацтай зохион байгуулах, нийслэлд баригдах сургууль, цэцэрлэгийг хугацаанд нь ашиглалтад оруулах талаар өнөөдрийн уулзалтаар санал солилцлоо. Өнгөрсөн хугацаанд зарим хариуцлагагүй үйлдлээс болж олон газрыг хувийн хэвшлүүд концесс нэрээр авсан. Гэвч барилга баригдаагүй гацсан тохиолдол байна. Ийм асуудалтай эвлэрч болохгүй. Ойрын хугацаанд энэ асуудалтай холбогдох шийдвэр гаргана” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн “Оргонтын нуруу” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км/ 02.18-ны өдрийн 07:00 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн тухай мэдээллийг тухайн өдрийн 08:00 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Н.Лхагвадоржоос тодруулахад тухайн газар 3 өрх айл нутагладаг боловч иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй тухай мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

УГТЭ-ийн удирдлагууд 21 аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга нартай уулзлаа

Улсын гуравдугаар төв эмнэлэг Монгол Улсын Засгийн газар болон Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Монголын Зүрх судасны үндэсний төв ба Зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах нь МОН/006” төслийн 17∙1630 тоот гэрээнд тусгагдсаны дагуу Эмнэлгийн тусламж, үйчилгээний бүхий л шатлалд зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан, бэхжүүлэх зорилгоор нийслэл орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдийн Зүрх судасны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, 21 аймаг болон Зүрх судасны үндэсний төвийн хамтын ажиллагааны уялдаа холбоог улам бэхжүүлж, оношилгоо эмчилгээ урьдчилан сэргийлэх чадавхийг нэмэгдүүлэх зорилтод үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэг хүлээн ажилладаг билээ.


Энэ удаагийн ажлын уулзалтаар тус эмнэлгийн Зүрх судасны үндэсний төв болон аймаг, орон нутгийн хамтын ажиллагааны уялдаа холбоог улам бэхжүүлэх, орон нутгийн хэмжээнд зүрх судасны оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх тусламжийг чадавхийг сайжруулах, орон нутгийн зүрх судасны эмч, сувилагч болон бусад эмнэлгийн мэргэжилтнийг мэдлэг ур чадварыг сайжруулах чиглэлд хэрхэн хамтран ажиллах, зүрх судасны алсын зайн тусламж үйлчилгээнд МнКардио программын хэрэглээ, ашиглалтыг сайжруулах, төслийн хүрээнд орон нутагт шинээр хувиарилсан болон суурилагдсан тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, хэвийн ажиллагааг хангахад төслийн болон орон нутгийн эмнлэгийн байгуууллагын удирдлагын дэмжлэг, хамтын ажиллагааг хэрхэн уялдуулах талаар хамтран ярилцаж, санал солилцлоо.

Мөн дээрх уулзалтаар Эрүүл мэндийн сайдын 2019 оны 01.21-ны өдрийн А/22 дугаар тушаалаар тус эмнэлгийн удирдлагад үүрэг болгосон тархины харвалт, зүрхний шигдээсийн тусламж, үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх судалгаа хийх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний санал боловсруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдуулан орон нутгийн эмнэлгийн байгууллагуудад тархины харвалт, зүрхний шигдээсийн тусламж үйлчилгээ үзүүлэх анхдагч нэгжийг зохион байгуулах хэрэгцээ шаардлага болон хүний нөөц болон тоног төхөөрөмжийн хангамжийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, энэ чиглэлээр цаашид хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж, санал солилцлоо.

Categories
мэдээ нийгэм

Хуульзүйн үнэ төлбөргүй зөвөлгөө өгөх өдөрлөг болно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гаригт иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ сарын зөвлөгөө өгөх өдөрлөг 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн өглөө 09 цагаас 17 цаг хүртэл Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, “Оргил” салбаруудад зохион байгуулагдана.