Categories
мэдээ цаг-үе

Д.Баяндүүрэн: УИХ-ын 42 дугаар тойрогт 29 нам оролцох боломжтой

УИХ-ын 42 дугаар тойрог буюу Хэнтий аймаг дахь нөхөн сонгуулийн бэлтгэл ажлын талаар Сонгуулийн Ерөнхий хорооны ажлын албаны дарга Д.Баяндүүрэнтэй ярилцлаа.


-УИХ-ын 42 дугаар тойрог буюу Хэнтий аймаг дахь нөхөн сонгуулийн тов гарлаа. Бэлтгэл ажил хэрхэн өрнөж байгаа вэ?

-Хэнтий аймаг дахь нөхөн сонгууль зургадугаар сарын 30-нд явагдахаар товлон зарлагдлаа. Өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд уг сонгуулийг явуулахаар УИХ-аас товлон зарлаад байсан. Тиймээс энэ хүрээнд бэлтгэл ажлууд хийгдэж байсан учир ямар нэг асуудалгүй, бэлтгэл ажил хэвийн явагдаж байна. Манай байгууллагаас сонгууль товлон зарлагдсантай холбогдуулан бэлтгэл ажлын төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Энэ хүрээнд хамтран ажилладаг байгууллагууд руугаа хуулийн заалтыг хэрэгжүүлэх албан бичгүүдийг явуулсан. Бид нэлээн олон байгууллагатай хамтран ажилладаг.

Мөн улс төрийн намуудад сонгууль товлон зарласантай холбогдуулж, бэлтгэл ажлаа хангах болон Сонгуулийн тухай хуулийн зарим заалт хүчингүй болсон талаар албан бичиг явуулсан. Тодруулбал, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийн дагуу төрийн албан хаагч сонгуульд нэр дэвшихтэй холбоотой заалтад нэмэлт орсон. Төрийн албан хаагч сонгууль товлон зарласнаас хойш тав хоногийн дотор тухайн төрийн байгууллагадаа ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж сонгуульд нэр дэвшихээсээ өмнө чөлөөлөгдсөн байх хуулийн зохицуулалт орсон учраас энэ тухай мэдээлэл өгсөн. Мөн сонгуулийн санал авах тоног төхөөрөмж бэлэн байдалд байгаа.

-УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн талаар ярихгүй юу?

-Уг тойрог Хэнтий аймгийн Хэрлэн, Мөрөн, Жаргалтхаан гэсэн гурван сумыг хамардаг. Энд санал авах, сонгуулийн 21 хэсэг ажилладаг. 2016 оны УИХ-ын сонгуулиар 16600 сонгогчид бүртгэгдэж, 75 хувь нь сонгуульд оролцсон. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар 16800 орчим сонгогч бүртгэгдэж, 65 хувь нь оролцсон. 42 дугаар тойрогт 2017 оны сонгуулиар санал авах 22 хэсэг ажилласан байгаа. Нийтдээ сум болон санал авах байр, сонгуулийн ерөнхий хороодын 200 гаруй ажилтан зохион байгуулалтын үйл ажиллагаанд оролцоно. Дээрээс нь Улсын бүртгэлийн байгууллага, Цагдаагийн байгууллага, ажиглагчид гээд нэлээн олон хүмүүс сонгуулийн үйл ажиллагаанд хамрагдах төлөвтэй байна.

-Цэц дээр маргаан үүсч Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орсон. Тиймээс хуулийн талаасаа ямар нэгэн зөрчил гарах асуудал байхгүй гэж ойлгож болох уу?

-Өмнө нь энэ сонгуулийг зарлахад Үндсэн хуулийн маргаан гарч хойшилсон. Энэ удаа хуулийн дагуу явуулах боломжтой гэж харж байгаа.

-Өмнөх сонгуулиудад тус тойргийн ирц өндөр хувьтай байсан гэсэн. Энэ удаад ч хангалттай сайн байна гэж бодож байгаа юу?

-Сонгогчдыг идэвхтэй оролцуулахын тулд бид тодорхой арга хэмжээ авна. Ухуулга сурталчилгаа явуулна. Энэ тойрог ирцийн хувьд харьцангуй гайгүй болов уу гэж харж байна. Сонгогчдын идэвхийг нэмэгдүүлэхэд сонгуулийн санал авах байр, сумын сонгуулийн хороод идэвхтэй ажиллах шаардлагатай. Бидний зүгээс радио, телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан сонгогчдыг сонгуульд оролцуулах талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Ирц хуулийн дагуу 50+1 форматаар явна.

-Нийт хэчнээн нам сонгуульд оролцохоо илэрхийлсэн бэ?

-Бид Улсын дээд шүүхээс намуудын талаарх лавлагаа гаргуулж авсан байгаа. Одоогийн байдлаар улсын бүртгэлд бүртгэгдсэн 31 нам байна. Энэ 31 намаас санал авах өдрөөс 180 хоногийн өмнө бүртгэгдсэн бүх нам оролцох эрхтэй. Өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд явагдах сонгуулийн үеэр намуудыг бүртгэчихсэн байсан. Энэ үеэр нийтдээ 13 нам бүртгэгдээд нэг намыг бүртгэхээс татгалзсан байдалтай байсан. Одоо энэ намууд хуулийнхаа хугацаанд дахин шинээр бүртгүүлэх шаардлагатай.

-31 намын судалгаа ирсэн гэлээ. 180 хоногтоо багтаагүй буюу сонгуульд оролцох боломжгүй нам байгаа юу?

-31 намаас Иргэний зориг ногоон нам санхүүгийн тайлангаа 2016 онд манайд ирүүлээгүй. Хуулийн дагуу дараагийн сонгуульд оролцох боломжгүй болдог. Тиймээс энэ сонгуульд оролцох боломжгүй. Манай байгууллагатай шүүх дээр асуудлаа шийдэж байгаа. Шинээр бүртгүүлсэн гурван намын талаар нарийн мэдээлэлгүйн улмаас зөвлөмж хүргүүлээгүй. Өнгөрсөн хугацаанд хоёр нам нь манай байгууллага дээр ирж уулзсан. Ард түмний олонхын засаглал нам өнгөрсөн оны наймдугаар сарын 26-нд, Их эв нам өнгөрсөн оны есдүгээр сарын 29-нд бүртгүүлсэн юм билээ. Тиймээс оролцох боломжтой болсон. Харин Гэр хороолол хөгжлийн намын бүртгүүлсэн хугацаа нь 180 хоногтоо багтаагүй учраас оролцох боломжгүй. Нийтдээ 29 нам оролцох боломжтой.

-Бүртгэх хугацааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Сонгуульд оролцох нам, эвсэл санал авах өдрөөс 50 хоногийн өмнө буюу 2019 оны тавдугаар сарын 1-нээс өмнө сонгуулийн Ерөнхий хороонд хуульд заасан баримт бичгээ ирүүлэх боломжтой. Энэ хугацаанаас хойш намуудыг бүртгэх ажиллагаа явагдана. Тавдугаар сарын 1-нд намууд материалаа ирүүлж, Сонгуулийн Ерөнхий хороо тавдугаар сарын 5-наас өмнө тухайн тойрогт оролцох намуудыг бүртгэж дуусна.

-Нэр дэвшигчдийн нэрс хэдийгээр тодорхой болох вэ?

-Бүртгэгдсэн намууд нэр дэвшүүлэх үйл ажиллагаанд оролцоно. Уг үйл ажиллагаа тавдугаар сарын 24-нөөс тавдугаар сарын 28-ны хооронд явагдах учиртай. Бие даан нэр дэвшигчдийн хувьд тавдугаар сарын 24-нөөс 30-ны хооронд болно. Гэхдээ бие даан нэр дэвшигчид тухайн тойрог дээрээ очиж 801-ээс дээш сонгогчдын гарын үсгийг цуглуулах ёстой. Үүний дараа нэр дэвшүүлэх бичиг баримтыг нам эвсэл болон бие даан нэр дэвшигчид Сонгуулийн Ерөнхий хороонд ирүүлнэ. Сонгуулийн Ерөнхий хороо зургадугаар сарын 7-ны дотор нэр дэвшигчдийг бүртгэж авна.

Нэр дэвшигчдийн үнэмлэхийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнө буюу зургадугаар сарын 8-нд зэрэг гардуулна. Сонгуулийн сурталчилгаа санал авах өдрөөс 18 хоногийн өмнө эхэлж, санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дууссан байх ёстой. Өөрөөр хэлбэл зургадугаар сарын 12-28-ны өдрийн хооронд явагдаж, 29-ний өдөр сонгуулийн сурталчилгаа явагдахгүй.

-Сонгуулийн төсвийн тухай мэдээлэл өгөөч?

-УИХ-ын 42 дугаар тойрогт сонгууль товлон зарласантай холбогдуулан сонгуулийн төсвийг УИХ-ын тогтоолоор баталсан. Сонгуулийн зардалд нийтдээ 287.6 сая төгрөгийг баталж өгсөн. Эндээс Улсын бүртгэлийн байгууллагад 32 сая төгрөг, Цагдаагийн байгууллагад найман сая төгрөг, үлдсэн зардал нь Сонгуулийн Ерөнхий хороонд зарцуулагдана.

-Санал авах, тоолох технологиуд шинэчлэгдсэн үү?

-42 дугаар тойргийн сонгуультай холбоотой бүртгэлийн үйл ажиллагаанд техник хэрэгсэл ашиглах тухай УИХ-ын тогтоол гарсан байгаа. Өнгөрсөн аравдугаар сарын 7-нд болох сонгуультай холбогдуулан гарсан тогтоол хүчин төгөлдөр хэвээр байгаа. Тиймээс улсын бүртгэлийн үйл ажиллагаанд техник хэрэгсэл, компьютер ашиглана. Хурууны хээгээр бүртгэнэ. Дэлгэцэн дээр сонгогчийн мэдээлэл гарч, санал авах тоолох үйл ажиллагаанд санал авах тоолох төхөөрөмжөө ашиглана. Энэ төхөөрөмжөөс гарсан дүнгээ сонгуулийн төв хорооны сервер рүү явуулж, дэлгэцээр шууд дамжуулах байгаа. 42 дугаар тойрог мэдээлэл дамжуулахад тохиромжтой. Өмнөх сонгуулиудаар Баян-Өлгий зэрэг аймгийн мэдээллүүд ирэхдээ удаашралтай байсан.

-Цаашдаа тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийх үү?

-Сонгуулийн техник хэрэгслийг ашиглах үйл ажиллагаа 2012 оны сонгуулиас хойш явагдлаа. Энэ үйл ажиллагаанд гадны олон ажиглагчид ирдэг. Тэд бидний сонгуулийн үйл ажиллагааг харьцангуй сайн байна гэдэг дүгнэлтийг өгч байгаа. Цаашдаа техник хэрэгслээ улам боловсронгуй болгох шаардлага бий. Сонгуулийн Ерөнхий хорооны энэ жилийн төсөвт дөрвөн тэрбум төгрөгийг баталж өгсөн. Энэ мөнгийг сонгогчийн бүртгэлийн компьютер техник хэрэгсэл авахад зарцуулна. 2020 оны УИХ, орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд шинэ технологи ашиглана. Санал авах, тоолох машины шинэ хувилбар гарсан. Энэ хэрэгслээс нэмж авах бодолтой ажиллаж байна. Энэ хаврын УИХ-ын чуулганы төрийн байгуулалтын байнгын хороонд зөвшилцөх албан бичгээ явуулна.


Categories
мэдээ нийгэм

Хоёрдугаар сарын 20-нд болох үйл явдал

10.00 цагт УУХҮ-ийн сайд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар, НИТХ-ын дарга С.Амарсайхан Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Дэд бүтцийн төв”-ийн бүтээн байгуулалттай танилцана. Утас: 88010867, 99995105

10.00 цагт Төрийн ордонд “УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилт, бусад орны туршлага, түүнийг нэвтрүүлэх боломж” хэлэлцүүлэг болно.

10.00 цагт ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Түлэнхий төвийн барилгын явцтай танилцана.

11.00 цагт “Зайсан Хилл” цогцолборт “Бидний цөөхөн Монголчууд” төслийн багийн гишүүд явган аялал хийх талаар мэдээлэл хийнэ.

12.30 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд иргэд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдлагууд авлигын гэмт хэрэг үйлдсэн талаар мэдээлэл хийнэ.

14.30 цагт “Aurug place”-т Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Мэдээлэл, технологийн үндэсний парк хамтран “Тусгай зориулалтын дроны хөгжлийн чиг хандлага, ач холбогдол, хэрэглээ, боломжууд” зохион байгуулна. Утас: 80679370

18.00 цагт Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд “Яндашгүй өргөн сэтгэмж” үзэсгэлэнгийн нээлт болно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.30 цагт “Шударга ёс хөдөлгөөн”-өөс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Оюутолгой” компанийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажлын байрны тэгш бус байдлын талаар мэдээлэл хийнэ.

13.30 цагт Зайсан дахь “Peace Villagе” хотхоны оршин суугчдын эрх ашиг зөрчигдөж байгаа талаар тус хотхоны оршин суугчид, болон арилгын компаниуд хамтран мэдээлэл хийнэ.

Categories
мэдээ цаг-үе

Г.Ганзориг: Уламжлалаа харвал Монгол циркуляр эдийн засагтай байсан

ХААИС-ийн Хөдөө аж ахуй, хэрэглээний эдийн засгийн тэнхимийн ахлах багш, доктор Г.Ганзоригтой ярилцлаа.


-Өнөө жилийн Давосын чуулга уулзалтаар циркуляр эдийн засгийг нэлээд онцоллоо. Циркуляр экономи гэдэг тодорхойлолтыг монголоор орчуулбал юу гэх вэ?

-Циркуляр эдийн засгийг янз бүрээр орчуулж байна л даа. Бид түрүү жил гаргасан ногоон эдийн засгийн тухай номондоо тойрог хэлбэрт эдийн засаг гэж орчуулсан.

-Хэдэн оноос эхлэлтэй ойлголт юм бол?

-1966 оноос эхлэлтэй. Английн эдийн засагчдын гаргасан санаа. Гэхдээ тойрог хэлбэрт буюу циркуляр гэдэг нэр томьёо нь бүр сүүлд гарсан. Зогсолтгүй эргэлддэг эдийн засгийн тогтолцоо байх ёстой гэсэн санаа 2012 онд гарсан юм.

-Өнөөгийн шугаман эдийн засагт хэрэгцээгүй болсон зүйлийг хаядаг. Бүдүүн тоймоор хэлбэл хүн төрөлхтөн хаягдлаа булах маягаар л шийдсээр ирсэн. Тойрог хэлбэрт гэхээр элдэв хог хаягдалгүй, эдийн засгийн эргэлтэд нэг орсон л бол дахин боловсруулагдаад ашиг, өгөөжөө өгөөд явах эко шийдэл гэж ойлгож болох уу?

-Ер нь бол тийм. Эдийн засгийн одоогийн систем таны хэлсэн шиг л дээ. Нэг түүхий эд материал эдийн засгийн процесст ороод бүтээгдэхүүн болж хэрэглэгдээд шууд хаягдаж байгаа. Системээр нь харвал аливаа түүхий эд, материалыг оруулаад л гаргадаг. Гарсан нь дэлхийд хаягдал болдог. Өөрөөр хэлбэл нэг чиглэлээс нөгөө чиглэл рүү шилждэг систем. Ийм учраас шугаман эдийн засаг гэж тодотгодог юм. Улс орнууд энэ системээс татгалзахгүй бол эх дэлхий хогийн сав болсоор байна. Яваандаа өнөө хогийн сав маань дүүрэхээр бид яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Ихийг хэрэглэх хэрээр байгалийн баялаг хомстоно гэсэн асуудал бас бий.

-Циркуляр эдийн засаг жараад оны дундаас яригдаж байгаад 2012 оноос л эрчээ авсан хэрэг үү?

-Яг ч тийм биш. Шугаман эдийн засгаар явбал цаашдаа асуудал үүсэх нь ээ гэсэн болгоомжлол 1980-аад оны сүүлчээр хүчээ авсан. Тухайн үед хог хаягдал хамгийн том асуудал болох нь гэдэг санаа илүү хүчтэй яригдсан. Цэнхэр эдийн засаг, хог хаягдалгүй эдийн засаг, материалын хомсдлыг бууруулсан эдийн засаг гэх мэт янз бүрийн нэр томьёо гаргаж байсан л даа. Энэ ойлголтууд нь баяжиж дэлгэрсээр сүүлд 2012 оны хавьцаа “Тойрог хэлбэрт эдийн засаг” гэдэг нэр томьёо гарч ирсэн.

-Өндөр хөгжилтэй орнууд тойрог хэлбэрт эдийн засгийг онцгойлж анхаараад байх шиг. Шотландууд нэлээд идэвхтэй хэрэгжүүлж яваа анзаарагдсан…?

-Европын холбоо, Европын улс орнууд нэлээд дэмжиж байгаа. Тэр дундаа англичууд онцгой анхаарч байна. Сая таны дурддаг Шотландаас гадна Австри гэх өндөр хөгжилтэй орнууд тойрог хэлбэрт эдийн засагч ач холбогдол өгөөд эхэлчихсэн. Ер нь өндөр хөгжилтэй орнууд бүхний түрүүнд явдаг. Бүгдийг түрүүлж хардаг.

-Дэлхийд хүчээ авсан энэ хандлагын яг хаахна нь бид явна вэ?

-Бид 2014 онд “Ногоон хөгжлийн бодлого”-оо баталсан улс. Ганц манайд ч биш, дэлхий даяар хожуу яригдсан сэдэв. Ногоон хөгжлийн бодлого олон улсын хэмжээнд хүчтэй яригдсан цаг хугацаа гэвэл 2016 оноос эхэлнэ. Сүүлийн үед улс орнууд тойрог хэлбэрийн эдийн засгийг хөгжлийн бодлогодоо тусгаж байгаа. Манай улсын хөгжлийн бодлогод энэ ойлголтыг тусгасан бичиг баримт одоогоор байхгүй. Тэгэхдээ тусаагүй байна гэдэг нь энэ ойлголт огт байхгүй гэсэн үг биш. Хог хаягдлын менежмэнтийн асуудлыг л тойрог хэлбэр эдийн засагтай холбож ойлгодог. Хог хаягдлын менежмэнт манайд бий. Гэхдээ хараахан сайн хөгжүүлж чадаагүй байна. Хэд хэдэн бодлогын баримт бичиг бий. “Үндсэн хууль”-даа хүртэл хог хаягдлын асуудлыг тусгачихсан. “Монгол Улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол экологийн тэнцвэрт байдал алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэсэн заалт байгаа. Тэгэхээр манай улс Үндсэн хуулиа батлахдаа тойрог хэлбэрт эдийн засгийн асуудлыг тусгасан гэсэн үг. Ер нь ногоон эдийн засгаас бид хол амьдраагүй. Уламжлалаа сөхөөд харвал хоггүй эдийн засгийн систем угаасаа байсан. Дээр үед пластик, хуванцрын хэрэглээ байгаагүй. Хуванцар нийт хог хаягдлын ихэнхийг эзэлдэг юм. Мал аж ахуйгаас гарсан бүх бүтээгдэхүүн эргээд байгальд шингэдэг. Ямар нэг хуванцар, химийн бодис ашигладаггүй. Тэгэхээр Монгол циркуляр эдийн засагтай байсан болж таарч байгаа биз.

-Циркуляр эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлээд эхэлчихсэн Шотландад хэрэгслийн номын сан гэж ажиллаж байгаа юм билээ. Ганц ч номгүй, зүгээр л элдэв төрлийн багаж хэрэгсэлтэй. Өнөөхөөр нь хүмүүс эвдэрснээ засч янзлахад суралцдаг. Элдэв хоггүй ухаалаг амьдрах аятайхан шийдэл санагдсан. Улс орнуудад хэрэгжиж буй иймэрхүү жишээнүүд сонирхуулаач?

-Шотландын жишээ бол нэлээд сонгодог. Өндөр хөгжсөн орны хийж байгаа ажил. Өндөр хөгжилтэй, үйлдвэрлэгч улсын иргэд телевизээ ашиглахгүй гээд гаргаад хаядаг. Илүүг авахуулахгүйн тулд хуучин муудсаныг нь янзлуулах санаа сэдсэн нь сайн жишээнүүдийн нэгд зүй ёсоор орно. Хөгжилтэй орнуудад нэг эерэг тал анзаарагддаг. Хуучин эдлэл, хувцсаа хаяхдаа хүн аваасай гэсэн сэтгэлээр гэрийнхээ гадаа цэмбийтэл нь хураагаад тавьдаг. Гэтэл манайд эсрэгээрээ. Хүнд хэрэглүүлэхгүй гэж эвдэж урж хаядаг. Заримдаа бүр шатааж хаядаг. Шатаана гэдэг хүлэмжийн хийн ялгаралтад нөлөөлж, экологид халтай амьдарч байна гэсэн үг.

Германд second hand product буюу хуучин бүтээгдэхүүний зах гэж гардаг. Хотын захиргаанаас нь зохион байгуулдаг юм. Хуучин бүтээгдэхүүний зах ажиллуулна гэсэн зар гарангуут иргэд нь бүртгүүлдэг. Бүртгүүлсэн иргэд гэртээ ашиглахгүй зүйлсээ аваачиж зардаг. Гэхдээ ашиг олох зорилгоор биш. Хэрэглэж болох хүнд нь өгье гэсэн чин хүслээр хүүхдэдээ 40 еврогоор авсан тоглоомоо 50 центээр зардаг.

-Манайхан өмссөн хувцсаа хүнд хэрэглүүлэхгүй гээд шатаагаад байх шиг анзаарагддаг. Ядаж л ногоон эдийн засаг, байгальдаа халгүй амьдрах гэдэг талаас нь ойлголт, хандлага суулгамаар юм байна?

-Монголчууд өчнөөн тэрбум төгрөгийг комиссын бараанд зарцуулдаг. Наад зах нь энэ логикоор хандах хэрэгтэй л дээ. Ногоон эдийн засагт нийгмийн тэгш бус байдал гаарсан гэж үздэг. Хэсэг бүлэг нь асар баян, нийт олон нь асар ядууг тэгш бус байдал гээд байгаа юм. Манайд энэ ялгаа бүр нэмэгдэж байна. Тойрог хэлбэрт эдийн засгийн салшгүй нэг ойлголт л доо. Экологийн ул мөр гэх ойлголт бий. Тухайн улсын нэг хүнд ноогдох хүлэмжийн хийн ялгарлыг ингэж тодотгодог. Хүлэмжийн хийн ялгарлын гол шалтгаан нь хүмүүсийн хэрэглээ. Улс орон өндөр хөгжилтэй баян байх тусам иргэд нь ихийг хэрэглэдэг. Хэрэглээ зардал өндөр байх тусам их хог гардаг. Энэ жишээнд Америкийг их ярьдаг. Үрэлгэн, хүнсний хаягдал их, таргалалт ихтэй улс шүү дээ. Ихэнх иргэд нь том байшин, машинтай. Тэр хэрээр тог цахилгаан, түлш эрчим хүч урсана. Мэдээж ийм улсуудтай харьцуулбал манай улсын хэрэглээ бага. Гэхдээ жилээс жилд хэрэглээ өсч байгааг хог хаягдлын хэмжээнээс харж болно.

-Хог хаягдлын хэмжээ хэр өссөн бол, харьцуулсан статистик хэлээч?

-Манай улс 2009 онд 820 мянган тонн хог хаясан бол 2015 онд 2.9 сая тонн болж өссөн байх жишээний. Зургаахан жилийн дотор 3.2 дахин өснө гэдэг том тоо. Хэрэглээ асар хурдтай өсөхийн хэрээр байгальд аюул заналтайг энэ тооноос харчихаж болно. Статистик мэдээллээр Улаанбаатар хотод нэг ганцхан 3000 тонн хог хаягдал гардаг. Үүнийг 365 хоногт үржүүлээд үзээрэй.

-Хог хаягдлаа багасгахын тулд хамгийн түрүүнд яах ёстой юм бол оо?

-Хог хаягдлыг ахуйн, үйлдвэрлэлийн гэж ангилдаг. Манай улсын хувьд ахуйн хог хаягдал 90.9 хувийг эзэлдэг. Тэгэхээр хог хаягдлаа багасгахын тулд айл өрхүүдтэй тулж ажиллах хэрэгтэй. Хуванцар, шилний хог хаягдлын ихэнх нь иргэдээс гардаг. Тойрог хэлбэрийн эдийн засаг талаас харвал шил, лааз цуглуулж яваа хэсэг л байгаль орчинд ээлтэй хүмүүс болж таарч байна. Бидний хаясан хогийг тойрог хэлбэрт эдийн засагт оруулдаг гол систем нь хог, лааз, шил түүдэг хүмүүс болчихоод байгаа нь бодитой үнэн. Энэ талаас нь харвал тэднийг дэмжиж, ажлын байрыг нь баталгаатай болгож, даатгалд хамруулмаар байгаа биз. Иргэдийн хувьд хаяж л чадаж байгаа болохоос тойрог хэлбэрт эдийн засагт хувь нэмэр оруулахгүй яваа. Шил, лааз түүдэг хүмүүст дутагдал бий. Шил, лаазаа ялгаж авах гээд бусад хогийг нь бусниулчихдаг. Энэ мэт процессийн алдааг тухай бүрд нь сайжруулаад явбал тойрог хэлбэрийн эдийн засгийн суурийг аятайхан тавьчих боломжтой. Хог хаягдлын асуудлыг системд оруулбал ядуурлыг бууруулах боломж бий.

-Аюултай хаягдал нийт хогны хэчнээн хувийг эзэлдэг бол, шууд л газарт булчихаж байна уу?

-Амархан шатамхай, химийн урвалд ордог, амьтны бус гаралтай, байгаль орчинд хурдан задардаггүй хог хаягдлыг аюултай гэж тодотгодог. Аюултай хог хаягдалд батарей, аккумлятор, эмнэлгийн хог хаягдал ордог. Үүнээс гадна арьс ширний гэх мэт боловсруулах үйлдвэрүүд, уул уурхай, цементийн үйлдвэрүүдийн хаягдал ч багтана. Жилдээ 10 мянган тонн аюултай хог гардаг. Үүний 10-50 хувийг л дахин боловсруулж байна. Үлдсэн нь хаягдаж байгаа. Хаях зориулалтын арга нь ландфил буюу булшлах. Гүн нүхэнд хогоо хийгээд харагдахгүй болтол хөрсөөр булах арга л даа. Харамсалтай нь бид ингэж чадахгүй, нүх ухсан болоод хогоо газарт овоолчихоод байна.

-Хог хаягдлаа дахин ашиглахын тулд хамгийн эхний том ажил нь хогоо ялгаж сурсан иргэд гэж ойлголоо. Энэ тал дээр жишиг болохоор орон гэвэл аль улсыг онцлох вэ?

-Герман нэлээд өндөр түвшинд хөгжсөн. Бүх айл нь цаас, шил, лааз, хүнсний хог хаягдлыг тусад нь ялгах системд орчихсон. Тэнд эдийн засгийн хөшүүрэг байгаа учраас хогоо ялгаж байна л даа. Шил гэхэд л дотроо хоёр гурав ангилагдана. Жимсний чанамал, дарс, шар айрагны шил тусдаа. Томоохон худалдааны төвүүд шар айрагны хаягдал шил лааз худалдаж авдаг автомат машинтай. Шар айрагны шилэн дээр шошго нь байвал бар код уншуулаад л болоо. Нэг лаазыг зургаан центээр авдаг. 100-200 төгрөг гэсэн үг. Ундааны хуванцар лааз арай үнэтэй. Манайхаар 500-600 төгрөг. Жимсний чанамал, дарсны шилнүүдийг худалдаж авдаггүй. Ийм шилнүүдийг тусгай төмөр танканд хийдэг. Тэр танканд ерөөсөө шил л хийх зориулалттай. Бүх юмаа ингээд ялгачихаар боловсруулах үйлдвэрт очихоороо бэлэн түүхий болж байгаа юм. Хүнсний хаягдлын ялзралын процессийг ашиглаж газ үйлдвэрлэх, газнаасаа эрчим хүч гаргаж авах, хаягдсан хүнсний ялзмагаар бордоо хийх гэх мэт өчнөөн үйлдвэрлэл өрнөдөг.

-Давосын чуулганы үеэр Европын хөрөнгө оруулалтын банк циркуляр эдийн засагт шилжсэн улсуудад санхүүжилтийн дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгдсэн. Циркуляр эдийн засагт шилжих чиглэлд анхаарна гээд санхүүжилт татах боломж нээгдэж эхэлсэн гэж ойлгож болох уу?

-Энэ чигийн төслүүдэд санхүүжилт олгох боломж нэмэгдэж байгаа. Эдийн засаг талаас нь аваад үзвэл хямдхан нөөц буюу капитал , түүхий эд материал байна шүү дээ. Түүхий эд материалыг байгалиас олборлож боловсруулаад үйлдвэрлэл хийхэд их зардал шаардлагатай. “Адидас” хуванцар лаазаар спортын хувцас хийж байна. Бидний өмсдөг сагсны майк, пудволк, хослолыг синтетик буюу хуванцар лааз боловсруулж гаргаж авсан маш нарийн нийлэг утсаар хийдэг. Ийм материалаар хийсэн хувцасны тухайд их гүйх тусам улам сэрүүцэх давуу талтай. Байгаль орчинд ээлтэй гэгдэх юмс дэлхий даяар энэ маягаар тархаад ирэхээр том брэндүүд тэр чиглэл рүүгээ хандаж эхэлж байгаа. Манайд ч дурдахаар жишээ бий. Хаягдал дугуйг боловсруулаад замын хавтан, тоосго хийдэг. Хуванцрын хогоор сандал, хогийн сав хийж байна. Хувийн компаниуд сонирхож байна гэдэг чинь тойрог хэлбэрийн эдийн засаг Монголд хөгжих суурь бүрэлдэж эхэлсэн гэсэн үг. Төсөл санаачилж боловсруулбал санхүүжилт олдоцтой гэж би түрүүн хэлсэн. Азийн хөгжлийн банк, НҮБ гэх байгууллагууд онцгойлон дэмжиж байгаа.

-Манай улсад хог дахин боловсруулах үйлдвэр барилаа, барих гэж байна л гэдэг. Ашигтай, амжилттай ажиллалаа гэсэн мэдээ дуулдахгүй юм?

-Хэд хэдэн оролдлого бий. “ЖАЙКА”-гийн төслөөр Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн хогийн цэгийн хогийг дахин боловсруулах анхны алхмууд хийсэн. Сонгинохайрханд нэмж барьсан үйлдвэрээ ашиглаагүй асуудал байгаа. 2014 онд Дарханы удирдлагуудтай уулзахад Солонгосын Засгийн газраас хог шатааж эрчим хүч гаргадаг үйлдвэр, цахилгаан станц байгуулах санал тавьсныг сонирхуулж байсан. Үнэ тарифын систем, станц байгуулах зөвшөөрлийг Засгийн газраас хүсэхэд хууль тогтоомжтой зөрчилдсөн учраас гаргаж чадаагүй гэсэн. Тэгэхээр Солонгосын Засгийн газар нэлээд хэдэн жилийн өмнө хогийг чинь мөнгө болгоод эрчим хүч үйлдвэрлэе гэсэн санал тавьсан гэсэн үг. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Баянзүрх дүүргийн Цагаан даваа, Сонгинохайрхан дүүргийн Нарангийн энгэрт “Эко парк” цогцолбор үйлдвэр байгуулах санаачлага гаргасан. Хогийг ангилах, устгахаас аргагүйг нь шатаах замаар эрчим хүч гаргаж авах гэсэн ерөнхий агуулгатай төсөл. Өртөг зардал нь 246 тэрбум төгрөг. Энэ төслийг хэрэгжүүлье гэж Европын холбоо болон санхүүжүүлэгч байгууллагууд руу хандаад байгаа юм билээ.

Төслийн хүрээнд хог дахин боловсруулах 26 үйлдвэртэй болно гэсэн зорилт дуулдсан. Цаашаа явахаар ирээдүйтэй санал, санаачлага. Орчин үеийн хандлага тодорхой болж эхэлж байна. Эко, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн л ирээдүйд зах зээлд амжилттай эргэлдэнэ. Экологид ээлгүй бүтээгдэхүүн зарагдахгүй гэдэг дохио зах зээлд цацагдаж байгаа тохиолдолд хог хаягдал эргээд эдийн засгийн процесс болох ёстой. Ингэж байж тойрог хэлбэрт эдийн засгийн тогтолцоо үүснэ .

-Тойрог хэлбэрт эдийн засагт бүх хогийг ашиглана гэсэн ойлголт байна уу, эсвэл ашиглах аргагүй хог хаягдал гэсэн тодорхойлолт бий юу?

-Тойрог хэлбэрийн эдийн засаг нь хаалттай дугуй, тэр дугуй руу орсон л бол гарахгүй гэдэг ойлголт онолын хувьд байгаа боловч амьдрал дээр шууд биеллээ олохгүй. Хэн ч ашиглахгүй, дахин юу ч хийх боломжгүй хог заавал гарна. Тэрийг нь үлдэгдэл хог гэж нэрлэж байгаа. Үүний нэг жишээ нь цөмийн хаягдал. Цөмийн хаягдлыг юунд ч ашиглаж болохгүй. Гол арга нь газарт булах эсвэл сансарт хаях л байна.

П.САЙНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Ч.Чамин-Эрдэнэ агсны ээж Г.Чимгээ: Миний охины амиа алдахад хүргэсэн шалтгаан нөхцөлийг цагдаагийнхан тогтоох хүсэлгүй байна

“MNTM-2” шоу нэвтрүүлэгт амжилттай оролцож байсан Ч.Чамин-Эрдэнэ өнгөрсөн оны аравдугаар сарын 24-нд өөрийн амьдардаг “KH” хотхоны 11 давхраас унаж нас барсан. Түүний үхлийг ар гэрийнхнийх нь зүгээс гадны нөлөөтэй хэмээн үзэж, хэд хэдэн хүнийг буруутгаад байгаа бол цагдаагийн байгууллагаас эл хэргийг гадны нөлөөгүй гэж үзээд буй. Иймд талийгаач Ч.Чамин-Эрдэнийн ээж Г.Чимгээтэй ярилцлаа.


-Энэ хэрэг хэдэн сарын турш үргэлжилж байна. Өнгөрсөн хугацаанд та бүхний буруутай гэж үзээд байгаа хүмүүсийн зарим нь телевизийн нэвтрүүлэгт орж үзэл бодлоо илэрхийлсэн. Гэтэл одоо хэрнээ тэднийг буруутай гэж та нар үзээд байгаа. Яагаад тэр вэ?

-Миний охиныг тэмцээнд оролцох үеэс эхлээд л MNTM шоуны оролцогч О дээрэлхэж, дарамтлан, элдвээр харааж байсан гэсэн. Үүгээр ч зогсохгүй тэмцээний үеэр охид дээр гэр бүлийнхэн нь очиход О-гийн ээж гар утсаа гарган хар дом мэтийн зүйл хийсэн байх магадлалтай. Мөн нэг цаг гаруй хугацаанд маанийн ерөөл тавьсан. Тэр үед ээж минь байсан. Миний ээжийн ухаан эрүүл саруул байгаа. Гэтэл тэнд дөрвөн ээж байхад хэнээс нь ч асуулгүй маанийн ерөөлөө тавьсан хэрнээ телевизийн нэвтрүүлэгт орохдоо ээжүүдээс асуусан гэж хэлсэн байна лээ. “Наадахаа болиоч, энд ямар үхсэн хүн байгаа биш дээ” гэж хэлэхэд О-гийн ээж ерөөсөө болихгүй, сонсоод л байсан гэсэн. Үүнд маш их эмзэглэж байна. Үнэхээр О-гийн ээжийн хэлж байгаа шиг тэр маанийн ерөөл нь дууны хэсэг байсан юм бол тухайн үед ятга, хөгжмийн ая нь бас сонсогдох учиртай байсан шүү дээ.

-Танайхан шашин шүтдэггүй гэсэн хэрнээ яагаад маанийн ерөөл тавьсанд эмзэглээд байгаа юм бэ?

-Маанийн ерөөл нь миний охинд нөлөөлсөн гэж хэлэхгүй ч яагаад заавал охидын амьдарч байсан байранд бурхан болсон хүний араас уншдаг маанийг охины минь эмээгийнх нь урдаас харуулаад бүтэн цаг гаруй тавьсан юм бэ. Уг нь алтан хайрцгийг нь нээлгэхэд урт наслах хүүхэд байсан гэж байна лээ. Хүний хорлол, цагаан хэл ам үхэлд нь нөлөөлсөн гэсэн. Тэгэхээр О-гийн ээжийг л хар хэл амны дом уншуулсан гэж бодож байгаа.

-Ер нь О-гийн гэр бүлийн зүгээс тантай уулзсан уу?

-Гэм буруугүй л юм бол 49 хоног нь болж өнгөрөхөөс өмнө надтай ирж уулзаж болно шүү дээ. Өнөөг хүртэл уулзаагүй байж нэр хүндээ сэргээхээр явж байгаа гэсэн. Тийм хэрнээ манай дүүг өөрсдөөс нь уучлалт гуйх ёстой гээд байгаа.

-Шоуны ялагчийг тодруулж, сүүлчийн шалгаруулалтыг хийсэн шүү дээ. Энэ үеэр тэмцээнд оролцож байсан бүх охид байсан гэсэн. Хэн нэгэн нь ирж эмгэнэл илэрхийлсэн үү. Шоунд хоёр ялагч тодруулсан билүү?

-Эцсийн шалгаруулалт болох үед бүх охид бас гэр бүлийнхэн нь ирсэн байсан. Гэвч тухайн үед надтай хэн нь ч ирж уулзаагүй. Харин дараа нь Том, Жерри болон Н.Бадмаараг нар 49 хоног болохын өмнө ирж уулзсан. Мөн багш Д.Болормаа нь ирсэн. Телевизийн зүгээс Н.Мэндбаяр нарын гурван хүн ирсэн. Шоунд хоёр ялагч тодруулчихмаар байна гэж надаас гуйсан. Тиймээс би зөвшөөрч эхний ялагч нь миний охин болж, шагналыг нь төрсөн дүү нь гардаж авсан. Хоёр дахь ялагч нь Б.Анужин болсон. Хэргийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн өмгөөлөгчдийн шинэ баг авч ажиллаж байна.

-Найз залуу нь энэ хэргийн талаар тантай ярилцсан уу?

-Найз залуу н.Нэмэхбаярын хувьд анх миний охиныг 17 настай байхад харж хамгаална гэж авч явсан. Амиа алдсан байна гэхэд нь “Амиа хорлосон гэдгийг нь цагдаагийн байгууллага нотолно биз” гэж хэнэггүй хэлсэн. Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс хэрэг гарсны дараа н.Нэмэхбаяр, О нарыг хэрэгт холбоогүй гэж үзээд байгаа юм. Арваннэгдүгээр сарын 2-нд охиныгоо чандарлаагүй хөдөөлүүлсэн. Тэр үед н.Нэмэхбаяр энэ хэргийн эцсийг нь үзье гэж надтай ярьж байсан ч нэг ч удаа хэргийн араас санаа тавиагүй, чимээгүй алга болсон. Уг нь зургаан жилийн турш тэр байранд хамт амьдарсан хүмүүс шүү дээ. Хэрэв байдал эвгүйтэх юм бол дахиж шинжилгээ авахуулна.

-Охиноо зургаан жилийн өмнөөс эхлээд н.Нэмэхбаяртай хамт амьдруулсан юм уу?

-н.Нэмэхбаяртай 16 настайдаа танилцаж, үерхээд 17 настайдаа тусдаа гарсан. н.Нэмэхбаярыг анх харахад нүдэнд дулаахан, сайн залуу шиг санагдаж байсан. Анх тусдаа гарахад нь ийм юм болохыг нь яаж мэдэх вэ дээ. Бүх зүйлийг сайхнаар л төсөөлж байсан. Гэхдээ тухайн үедээ хэд хэдэн удаа охинд минь эвгүй зан гаргасан гэсэн.

-Охиныг тань зоддог байсан гэл үү?

-Тийм. н.Нэмэхбаярыг гар хүрдэг байсныг охин минь эхний удаад надад хэлж, би сануулга өгсөн. Харин дараа нь дахин зодоход н.Нэмэхбаяр охиныг минь ээждээ хэлж болохгүй гэж заналхийлсэн гэсэн. Тэгээд энэ явдлаа үеэл дүүдээ нууцаар хэлсэн байна лээ.

-Охиныг тань өмнө нь хүүхдээ авахуулж байсан гэх яриа гарсан байна лээ?

-Миний охин жирэмсэн болж байгаагүй. Сүүлд тэмцээнд орохын өмнөхөн жирэмсэн болсон байж магадгүй. Үүнийг нь н.Нэмэхбаярын талынхан хүлээн зөвшөөрөөгүй, хуучин эхнэр нь хүртэл уулзсан гэсэн.

-Ч.Чамин-Эрдэнийг нас барсныг хэн танд анх хэлсэн бэ?

-Хэргийг хариуцаж авсан цагдаа Н.Чойжилсүрэн хэлсэн. Над руу утастаж, цагдаагийн газар руу хүрч ирнэ үү гэсэн. Тэгэхээр нь миний охин хэрэгт холбогдсон юм уу, одоо хэлээдэх гэтэл охин тань 11 давхраас унаж, амиа хорлосон байна гэж хэлсэн. Гэтэл үнэндээ амиа хорлохоор өөрөө үсэрснийг нь цагдаагийн байгууллагынхан нүдээрээ хараагүй шүү дээ.

-Хэргийг анх авсан өмгөөлөгч алга болсон гэсэн үү?

-Анх Боловсрол ТВ-ийн зүгээс өмгөөлөгч гаргаж өгье гэтэл тэр хүн нь миний охины хэрэг дээр ажиллахгүй гэдгээ илэрхийлсэн байна лээ. Дараа нь Б.Тамир, Н.Ганбат гэж өмгөөлөгчид аравдугаар сарын 25-ны өдөр надтай уулзаж, гэрээгээ хийчих юм бол өмгөөлөгчийн багаараа энэ хэрэг дээр орж ажиллана, хоёр дахь шүүх шинжилгээнийхэн хариуг авчихаж чадна гэж хэлсэн юм. Түүнээс хойш хэл сураггүй байж байгаад аравдугаар сарын 30-ны өдөр Б.Тамир ирж ганцаараа гэрээ хийсэн. Боловсрол ТВ-ээс өмгөөлөгчдийн урьдчилгаа мөнгийг нь гарган Б.Тамирт хоёр сая төгрөг өгсөн. Мөнгөө авснаасаа хойш тэгээд л таг алга болсон. Энэ хооронд охины минь шүүх шинжилгээний хариу гарахгүй нэлээд удсан. Тэгэхээр нь эмнэлэг дээр очин шинжилгээний хариуг нь асууж, хариу гараагүй байгааг мэдээд буцахад Тамир гэнэт над руу залгаж “Та эмнэлэг дээр очсон юм уу” гэж холбоо барьж, арваннэгдүгээр сарын 27-ны өдөр надтай уулзсан. Эхний шүүх шинжилгээний хариу арваннэгдүгээр сарын 27-ны өдөр гарсан.

-Эхний шинжилгээний хариу юу гэж гарсан бэ?

-Анх аравдугаар сарын 24-ний өдөр охиныгоо морог дотор харсан. Тэр үед би бүх биеийг нь харж, хугарсан яс, хөхрөлд байгаа эсэхийг нь шалгаж үзсэн. Тэгэхэд миний охины тархины гавал бүтэн, нүд нь тунгалаг, цус хураагүй нээлттэй байсан. Хамар, чих, амнаас нь ер цус гараагүй. Харин ам нь том ангайж зууван болсон ч шүд нь бүтнээрээ байсан. 11 давхраас унасан хүний ам, хамраас цус гараагүй, шүд нь хөдөлгөөнд ороогүй байх уу. Бас хүн унахдаа орилсон бол ам нь дугараг хэлбэртэй болохоос биш, босоо зууван болохгүй шүү дээ. Мөн хэргийн газарт ямар ч цус байгаагүй. Ганцхан баруун талын хөл нь гуяараа хугарсан байсан. Анхны дүгнэлттэй танилцаж байхад эмч нь надад охины хувцсыг өгчихөөд “Тархи толгой нь бүтэн байсан” гэж хэлсэн. Би анх охиныхоо энэ байдлыг нь хараад л алуурчид охиныг минь зохион байгуулалттайгаар алж, чирч тэр газарт аваачиж тавьсан гэж бодож байгаа. Дээрээс унасан хүн гэрийнхээ түлхүүрийг гартаа тас атгачихсан байх уу. Түлхүүр битгий хэл нүүр ам нь бүгд зулгараад бяцарна шүү дээ. Гэтэл энэ хэрэг дээр цагдаагийн байгууллага болон өмнөх өмгөөлөгчдийн зүгээс ер ажиллаагүй, амиа алдахад хүргэсэн шалтгаан нөхцөлийг тогтоох хүсэлгүй байна. Болж өгвөл хаалгачих гээд л байгаа. Тиймээс дур мэдэн хэргийн талаар худал, үнэн нь мэдэгдэхгүй мэдээлэл өгөхгүй байхыг хүсч байна. Цагдаагийнхан хэргийн газарт очиж хүн унаж болно гэж тогтоосон гэсэн. Энэ туршилтыг хийх үеэрээ яагаад хохирогч, өмгөөлөгчийн талаас хүн дагуулж яваагүй юм. Хэзээ туршилт хийж үзсэн нь ч тодорхойгүй байгаа. Яагаад гэхээр хэрэг болсон газар руу ордог хашааны хаалга одоог хүртэл цоожтой, цоож нь хөдлөөгүй байна лээ. Харин хоёр дахь шинжилгээний хариу гарахад охиныг минь надаас ч зөвшөөрөл авалгүй, дур мэдэн задланд оруулж, эрүүнээс нь цавь хүртэл биеийг нь үеэр нь салган, тархийг нь гавалнаас нь гаргаад тавьчихсан байсан. Ийм зүйлийг нь өнгөт зургаар шинжилгээний хариунд хавсаргаж намайг хар гэж өгсөн. Үүнд би гомдолтой байгаа. Хоёр дахь шинжилгээний хариун дээр ходоодыг нь 2.5 хувийн спирттэй болгон хариуг гаргасан байсан. Нэг дэх шинжилгээн дээр нь спирт огт илрээгүй. Мөн 11 давхраас унасан болгох гэж тархины гавал цоорсон, хавирга нь хугарсан гэж хариуг гаргасан байна лээ. Энэ нь нэг дэх хариунаасаа зөрсөн. Нэг дэх хариун дээр хоёр хавирга нь бүтэн байсан шүү дээ. Тухайн үед өмсөж явсан цамц нь шороо ч байгаагүй. Ганцхан зүүн талын бөөрөн хэсэгтээ дугараг цустай байсан. Гэтэл богино ханцуйтай цулгуй цамцыг нь улаан бичигтэй, ханцуйгүй болгон сольсон байсан.

-Охины тань амь насыг санаатай хөнөөчихөөд хэрэг гарсан гэх газарт аваачиж орхисон гэж та үзээд байна уу?

-Охиныг минь алчхаад зөөврөөр аваачиж тавьсан гэж бодож байгаа. Дээрээс унаж нас барсан гэдэг нь орчин тойронтой нь ямар ч авцалдаагүй байгаа юм. Хувцсыг нь харахад чирсэн байдалтай байсан. Учир нь гаднах өмднөөс нь гадна дотуур хувцас нь хүртэл зулгарч урагдсан байна лээ. Охины минь арьс өмсөж явсан тавчик, хувцсан дээр нь наалдсан байна лээ. Таван давхраас унасан хүний бие бяцарч байхад 11 давхраас унасан хүний бүх зүйл нь бүтэн байна гэж байх уу.

-Өмсөж явсан хувцсыг нь гадаад руу шинжилгээнд өгч явуулсан гэсэн. Хариу нь гарсан уу?

-Шинжилгээний хариу гараагүй байгаа. Охины өмсөж явсан биеийн тамирын цамц, подволк, өмд, оймс, дотуур хувцас, тавчикийг нь өгч явуулсан. Энэ долоо хоногтоо багтаан Монголоос өмгөөлөгчдийн орчуулгатай хүсэлт гаргасан факс явуулна. Хэрэгт холбогдуулан гадаадад олон улсын өмгөөлөгч авч байгаа.

-Амьдарч байсан гэрт нь очиж шалгалт хийсэн гэсэн. Тэр үед сэжигтэй зүйл илэрсэн үү?

-Цагдаагийнхантай н.Нэмэхбаяр бид нар хамт гэрт нь орсон. Тэр үед варианы шилний тал хүртэл бүдүүн иштэй тамхи, нэг ширхэг пивоны шил байсан. Эд бүгдийг н.Нэмэхбаяр хэрэглэсэн. Гэтэл тэднийг нь цагдаагийнхан шинжлээгүй гэсэн. Байцаагч нь пивоны шилэнд шингэн байхгүй болохоор нь хаячихсан гэж байсан. Мөн гар утсыг нь шинжилгээний эд зүйлд оруулаагүй. Хамгийн сүүлийн дуудлагыг нь шалгахад л болно шүү дээ. Бид байцаагчаас хэргийн талаар асуухад “Ингээд байх юм бол өөрсдийг чинь хэрэгт хийчихнэ шүү” гэж ээжид минь хэлсэн.

-Хэргийг гэрчлэх гэрч байгаа юу?

-Энэ хэргийг гэрчлэх хоёр хүн бий. Тэр өдрийн болсон үйл явдлыг хэлсэн. Тэдний яриа байгаа. Одоо хэргийг шалгаж байгаа байцаагчид гэрчүүдийн мэдээллийг өгсөн боловч нэг ч дуудаж байцаалт аваагүй байна лээ.

-Нэвтрүүлгийн үеэр оргож, тэмцээний дүрмийг зөрчин гэртээ ирсэн гэсэн.

-Есдүгээр сарын 20-нд өглөө есөн цагийн орчимд ирэхдээ охины минь царай нь их эвгүй болчихсон байсан. Уйлж, сэтгэл санааны хямралд орсон нь илт анзаарагдсан. Охин “Ээж ээ, би энэ тэмцээнээс гармаар байна. Уг нь хүсэл мөрөөдлөө биелүүлье гэж бодсон ч О намайг доромжилж, хамгийн муухайгаар харааж байна” гэсэн. Тэгэхээр нь охиныгоо “Нэгэнт дуусах дөхөж байгаа юм чинь тоох хэрэггүй. Тэвчээрэй” гэж хэлж аргадсан.

-Нэг дэх шинжилгээний хариу гарахад тань дээр хэдэн залуучууд хүрч ирсэн гэж байсан. Яг юу болсон юм бэ?

-Хариу гарахад би зөвшөөрсөн гэдэг хэсэгт нь гарын үсэг зураагүй юм. Гэтэл дараахан нь өдрийн цагаар гэрийн хаалга тогшиж дуудлага өгсөн үү гэсэн. Би өгөөгүй гэдгээ хэлтэл хаалгаа онгойлго гэхэд нь онгойлгоход цагдаагийн хувцастай хүн дайрч орж ирэн, охины зураг руу харж инээгээд байсан юм. Чи яагаад инээгээд байгаа юм гэтэл би инээгээгүй гэж хэлчихээд цаасан дээр цагдаад дуудлага өгөөгүй гэж бичээд гарын үсэг зураадах гэж хэлсэн юм. Би өөрийнхөө үнэмлэхээ үзүүлж, нэрээ хэлэхийг шаардахад гараад явсан. Бас саяхан шөнийн 12 цаг болох гэж байхад дулааны шугам сүлжээнээс хүмүүс явж байна гэж хэлэн хаалга маш чанга нүдэхээр нь би айгаад дуугарч чадаагүй. Нэлээд удаан байсны дараа тэд явсан. Охины амьдардаг байсан байранд зул өргөөд байдаг байхад шөнө болгон хаалгыг нь гаднаас нь түлхүүрддэг, хүний хөлийн чимээ байнга сонсогддог байсан. Хэргийн үнэнийг олохоор ТМ телевизийн “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэгт оролцсон. Гэтэл мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар олон нийтэд дэлгэж болохгүй гэж цагдаагаас хэлсэн болохоор гаралгүй хойшилсон.

-Хэрэв энэ бүх хэрэг нэг мөр шийдэгдсэний дараа О болон түүний ээж буруугүй байсан нь тогтоогдвол та энэ хүмүүсээс уучлалт гуйх уу?

-Би уучлалт гуйж чадахгүй. Хэдий охины минь үхэлд буруугүй байсан ч нөлөөлсөн, сэтгэл санааны дарамтад оруулсан гэж үзнэ. Ийм байхад яагаад уучлалт гуйх ёстой гэж. Магадгүй өөрсдөө алдаагүй ч захиалга өгч хүнээр хорлуулсан байж магадгүйг би хэлж мэдэхгүй. Тэгэхээр хэрэгт хамаатай гэсэн үг.

-Одоо цаашид яах вэ?

-Энэ хэргийг дааж авсан холбогдох хүмүүс нь сайн ажилласан бол аль хэдийнэ шийдэгдэх байсан ч, одоог хэрнээ хэрэг удаашралтай байна. Тиймээс эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан хүсэлт гаргамаар байгаа. Миний охины хэрэгт анхаарал хандуулж, үнэн зөвийг олохын төлөө багахан ч гэсэн сэтгэл зүрхээ зориулж өгөөч ээ гэж хэлмээр байна. Хэрэв миний охины хэргийн үнэн, зөв нь шударгаар илэрвэл, өмнө нь гадны нөлөөгүй, амиа хорлосон гэх байдлаар хаагдсан хэргүүдийн цаадах үнэн нь илрэх магадлалтай.

З.МӨНХСУВД

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Завсрын үеийн сюртюктэй гахайнууд” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Завсрын үеийн СЮРТЮКТЭЙ ГАХАЙНУУД” хэмээн өгүүлжээ.

“Мерит зарчимд үндэслэсэн карьерийн тогтолцоог төрийн албанд бий болгоно гэв” гэж “Улс төр” нүүрт бичсэн байна.

“Улс төр” нүүрт “Ирэх жилд 100 сургууль, 130 цэцэрлэгийн барилга барьж, өргөтгөл хийнэ” гэж бичлээ.

UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин: Бизнес эрхлэгчдийн хүчтэй нэгдэл үгүйлэгдэж байгаа учраас би танхимын ерөнхийлөгчид өрсөлдөнө

“Саалийн үнээнүүдийг “хашсан” Ц.Пүрэвтүвшинг шалгачих цөстэй аавын хүү Монголд алга уу?” хэмээн “Энэ тухай” нүүрт өгүүлжээ.

“KFC-ийн хоолонд хордсон монголчуудын талаар ийн бичжээ” хэмээн “Дэлхийн мэдээ” нүүрт өгүүлэв.

Харилцаа холбоо , мэдээллийн технологийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Б.Билэгдэмбэрэл: “Хур” болон суурь системүүдээс мэдээлэл алдагдаагүй хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт бичсэн байна.

Зохиолч, сэтгүүлч, кино найруулагч Д.Төрмөнх: “Санкара” эссэ романдаа өөрийнхөө үнэн түүхийг л бичсэн хэмээн “Уран бүтээлч” нүүрт ярилаа.

Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц: Би ямар ч мөнгө төгрөг хувьдаа завшаагүй гэж “Цаг үе” нүүрт ярьжээ.

“Тусгаар Монголынхоо төлөө тууштай зүтгэсэн Цэрэндашийн намсрай” хэмээн “Энэ тухай” нүүрт өгүүлэв.

“Андерсены үлгэр амьдрал дээр биелсэн нь” хэмээн “Энэ өдөр” нүүрт өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд хамгааллын хуулийг чангатгана

Хүүхэд хамгааллын тухай хууль 2016 онд батлагдсан. Хууль батлагдсанаар улсын хэмжээнд хүүхдийн эрхийг хангах үндэсний тогтолцоо бий болсон юм. Өөрөөр хэлбэл, 20 жилийн дараа өөрчлөлт орсон энэ хуульд хүүхдийн эрхтэй холбоотой олон харилцааг зохицуулсан ч нөгөө талдаа дахиж засч сайжруулах заалт байгааг албаныхан хэлж байна.

УИХ-ын НББСШУ-ны Байнгын хороо Хүүхэд хамгааллын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол баталсан байна. Энэ талаар тус байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг “Хүүхэд хамгааллын хуульд маш олон зохицуулалт нэмж хийх шаардлага байгаа. Хүүхдийн эрх зөрчигдөж байгаад хуулийн хариуцлага хөнгөдөж байна гэх шүүмжлэл их яригддаг” гэлээ. Хүүхдийн эрхийг хамгаалахад салбар дундын зохицуулалт сайжирч байгаа ч анхан шатны нэгжид гэр бүл, хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллах хүний нөөц дутмаг байна. Түүнчлэн шинээр батлагдсан хуулиудын хэрэгжилттэй холбоотой сум, хорооны нийгмийн ажилтны ажлын ачаалал нэмэгдэж, хуулиар хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэхэд хүндрэл үүсч байгааг ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр хэлж байсан юм. Хүүхдийн эрхийг хамгаалахад шинээр батлагдсан хууль зарим тохиолдолд хүчгүйдэж байна. Тиймээс УИХ-ын Хууль зүйн байнгын хороо энэ асуудлаар ажлын хэсэг байгуулсан байна. Хууль эрхзүйн орчныг нь өөрчлөх, чангатгах чиглэлд уг ажлын хэсэг ажиллаж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн сард 23.9 мянган жуулчин хүлээн авчээ

Нэгдүгээр сард манай улс 23.9 мянган жуулчин хүлээн авчээ. Ингэснээр тухайн салбарын орлого 11.7 хувиар өссөн аж.

Өнгөрсөн онд манай улс 529.3 мянган жуулчин хүлээн авсан байдаг. Тодруулбал, өнгөрсөн онд манай улсын хилээр давхардсан тоогоор 6.1 сая хүн нэвтэрсэн байна. Үүний 598.4 мянга нь гадаадын иргэн бөгөөд, 529.3 мянга нь жуулчид, 69 мянга нь ажиллах, суралцах зорилгоор ирсэн байна. Жуулчдын тоог үзвэл Тайланд, Индонез, Турк, Энэтхэг Улсын жуулчдын тоо нэмэгдэж, БНАСУ, Вьетнам, Австрийн жуулчдын тоо буурсан. Манай улс аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхээр зорин ажиллаж байгаа. Энэ талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “ Монгол Улсын хөгжлийн гурван тулгуурын нэг болох аялал жуулчлалыг шинэ шатанд гаргах алхмуудыг 2018 багтаан хийсэн. Монгол Улс анх удаа аялал жуулчлалын чиглэлээ албан ёсоор баталж, түүхэнд байгаагүй санхүүжилт буюу 6.2 тэрбум төгрөгийг ирэх жилийн төсөвт тусгасан нь аялал жуулчлалын салбарт анхдагч байлаа” хэмээсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Найман хувьцаат компанийн хувьцааны ханш буурчээ

Хөрөнгийн бирж өнөөдөр өдөр I, II, III ангиллын 24 хувьцаат компанийн 98,785,224 төгрөгийн үнийн дүн бүхий 470,884 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Үүнээс 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Талх Чихэр” ХК (TCK+14.95%) болон “Монгол Шуудан” ХК (MNP+5.28%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Эрдэнэ Ресурс Девелопмент” ХК (ERDN-6.84%) болон “Хөвсгөл Алтан Дуулга” ХК (ADU-3.76%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. “TOP 20” индекс 1.23 хувиар өсч 21835.21 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,555,239,216,315.34 төгрөг боллоо.

Categories
мэдээ нийгэм

“Жигдрэлтийн сургууль”-ийг зохион байгуулж байна

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, онолын болон цэргийн дүрмийн мэдлэг, жигдрэлтийг сайжруулах, өгөгдсөн цагийн байдалд үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулж, хор уршгийг богино хугацаанд арилгах дадлага эзэмшүүлэх зорилгоор “Жигдрэлтийн сургууль”-ийг зохион байгуулж байна.

Дадлага сургуулийн хүрээнд алба хаагчдыг “Яаралтай цуглар” дохиогоор цуглуулж, бэлтгэл, бэлэн байдлыг нь шалгалаа.

Мөн алба хаагчдын хууль эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль түүнтэй нийцүүлэн гаргасан бодлогын баримт бичгүүд болон алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд өнгөрсөн 2018 онд батлагдсан дүрэм, журмын талаар танхимын сургалтыг хийсэн юм.

Түүнчлэн цэргийн жагсаалын дүрэм, хууль эрх зүйн мэдлэг, жагсаалын бэлтгэл, машин техникийн жигдрүүлэлт, багаж хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлын үзлэг, байр зүйн зураг ашиглах, ажил мэргэжлийн онцлогийг харуулсан “Буухиа тэмцээн”-ийг зохион байгуулж байна.

Дадлага сургууль маргааш алба хаагчдын бие бялдар, сэтгэл зүйн сорилоор үргэлжилнэ гэж Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймгийн ажилгүйдлийн түвшин зургаан хувиар буурчээ

Иргэдийн хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх үндэсний болон орон нутгийн төсөл хөтөлбөрүүд Өмнөговь аймагт хэрэгжиж байна.

Тухайлбал: Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар өрх толгойлсон эмэгтэй, зорилтот бүлгийнхэнд чиглэсэн “Өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”, “Хөгжлийн ирээдүй-Оюунлаг залуучууд” гэх мэт хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа юм.

Ажил хайж байгаа иргэдийн мэдээллийн санг бүрдүүлж сар бүр шинэчилдэг. Өмнөговь аймаг дахь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт идэвхитэй ажил хайгчаар бүртгүүлснээр 2017 онд 815 иргэн шинээр ажилд орсон бол 2018 онд 1400 гаруй иргэн шинээр ажилд зуучлагдаж ажилд орж байгаа иргэдийн тоо нэмэгдсэн байна. Ажлын байр хөдөлмөр эрхлэлт нэмэгдсэнээр Өмнөговь аймгийн ажилгүйдлийн түвшин 2018 оны байдлаар 6 хувиар буурч 6,8 хувь болжээ.

2017 оноос Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрыг түшиглүүлэн Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв”-ийг байгуулж, уул уурхай болон бусад салбарт иргэдийг ажилд зуучилж байна. Өнгөрсөн хугацаанд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвөөр 15-34 насны ажил хайгч 686 иргэн үйлчлүүлж түүнээс 541 иргэн түр болон байнгын ажлын байртай болжээ.