Categories
мэдээ нийгэм

Ирэх сарын 1-нээс “Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл эхэлнэ

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх гуравдугаар сарын 1-нээс эхэлнэ. Уг хөтөлбөрийг манай улсад хэрэгжүүлж эхлээд зургаан жил болж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд 5000 гаруй залуус “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагджээ.

Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн сургуульд хамруулан цэргийн алба хаалгах бололцоог бүрдүүлж буй юм. Мөн эх орноо батлан хамгаалах, төрийн алба хаших, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусыг олшруулж, улс орныг батлан хамгаалах чадавхийг сайжруулан дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг хангахад уг хөтөлбөрийн зорилго чиглэгддэг.

2014 оноос хэрэгжиж эхэлсэн “Оюутан цэрэг” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын их, дээд сургуулийн бакалаврын ангид суралцаж байгаа оюутнуудад сайн дурын үндсэн дээр “Цэргийн ерөнхий бэлтгэл” хичээлийг хоёр кредит, 96 цагаар сонгож судлуулдаг бөгөөд шаардлага хангасан оюутан залуусыг 12 кредит, 560 цагийн “Цэргийн тусгай бэлтгэл” сургалтад хамруулж, цэргийн алба хаадаг юм.

"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 1-нээс эхэлнэ

Энэ жилийн “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутнууд дараах материалыг бүрдүүлэх шаардлагатай юм байна.

-Иргэний үнэмлэх

-Цэргийн үүрэгтний үнэмлэх
-Оюутны үнэмлэх
-Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх/
-Сургуулийн тодорхойлолт “Оюутан-цэрэг’ сургалтад хамрагдах зөвшөөрөл/
-Сурлагын дүнгийн хүснэгт /сурлагын голч дүн 2.8 аас дээш байх/
-Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл

Categories
мэдээ нийгэм

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд М. Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Сайд Ё.Баатарбилэг Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд М. Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын хүрээнд Сургуулийн өмнөх боловсролын багш бэлтгэх сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, эрх зүйн орчны судалгаа, сургалтын хөтөлбөр боловсруулах, баталгаажуулах үйл явцын талаар туршлага судлах үйл ажиллагааг хамтран зохион байгуулах, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах тусгайлсан хөтөлбөртэй сургалтад багш нарыг оролцуулах, ижил төрлийн цэцэрлэг, сургуулиудтай хамтын ажиллагаа тогтоох, туршлага солилцох талаар санал солилцлоо.Мөн Хоёр улсын их сургуулиудын туршлага солилцох зорилгоор хамтарсан археологи, этнографийн хээрийн судалгаа, миграци судлал, хот судлал, үндэсний шашин, хэл, соёл, түүхийг танилцуулах үйл ажиллагаа, эрдэм шинжилгээний хурал, семинар хамтран зохион байгуулах боломжийн талаар ярилцлаа.

Турк Улсын чөлөөт бөх, хүндийн өргөлт, хөлбөмбөгийн спортын төрлийн дасгалжуулагчдыг Монгол Улсад 2019-2021 онд гэрээгээр ажиллуулахад хамтран ажиллах уулзалтын хүрээнд мөн яригдлаа.

Монгол Турк хоёр орны найрамдалт хамтын ажиллагааны хүрээнд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт өргөн хүрээний арга хэмжээ зохион байгуулж ирсэн түүхэн замналтай. Үүнийг улам бүр өргөжүүлэх талаар хоёр тал харилцан санал солилцлоо.

Categories
мэдээ нийгэм

Хувиараа таксинд явж байгаа иргэдийг торгохгүй

Хувиараа такси эрхлэгчдийг өчигдрөөс эхлэн торгож эхэллээ гэсэн мэдээлэл гарч эхэлсэн билээ.
Тэгвэл энэ шийдвэрийг иргэд эсэргүүцэж эхэлсэн. Учир нь амьдралд нийцээгүй дүрэм журам гаргадгаа болих хэрэгтэй. Таксигаар амьдрал ахуйгаа залгуулдаг хүмүүсийг торгуулиар дарамталж, халаасыг нь ухахаа болих хэрэгтэй хэмээн эсэргүүцсэн. Тэгвэл хувиараа таксинд явж буй иргэнийг 100 мянган төгрөгөөр торгох ажлыг Нийслэлийн тээврийн газраас хийж эхэлснийг Засгийн газраас буюу Зам тээврийн, хөгжлийн яамнаас зогсоожээ. Иргэдийн халаас руу гар дүрсэн байдлаар торгууль давамгай хэрэгжүүлэх нь буруу гэж Засгийн газрын тэргүүн үзэж, чиглэл өгсөн тул хувиараа таксинд явж буй иргэдийг торгохгүй байх шийдвэрийг дөнгөж сая гаргалаа.

Categories
мэдээ нийгэм

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ

Улсын хэмжээнд өнгөрсөн онд 77 удаагийн ой, хээрийн түймэр гарч, 568,6 мянга га талбай түймэрт өртөж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад 39,5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн урьдчилан сэргийлэх мэдээллээр 2,3,4 дүгээр саруудад нийт нутгаар олон жилийн дунджаас 0,5-1 градуссаар дулаан байх төлөвтэй. Хур тунадасны хувьд нутгийн хойд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар ялангуяа нутгийн зүүн хагаст дунджаас бага хур тунадастай, хаврын улиралд нийт нутгаар хуурайшилт өндөр байх мэдээллийг ирүүлсэн.

Тиймээс Монгол Улсын шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Ө.Энхтүвшин “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээий талаар” албан даалгавар гаргасан байна.

Албан даалгаварт ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангаж, гал түймэр унтраах зохион байгуулалтыг эртнээс сайжруулах, бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж ажиллахыг БОАЖЯ, БХЯ, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга нар болон аймаг, нийслэлийн засаг дарга нарт холбогдох арга хэмжээ авч, хамтран ажиллахыг үүрэг болгожээ

Categories
мэдээ улс-төр

АБГББХ: Мянганы сорилтын корпорацаас Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэхэд 350 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох гэрээг батлууллаа

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Мянганы сорилтын компакт гэрээ, Санхүүгийн хамтын ажиллагааны тухай, Иргэний агаарын хөлөг, хөдөлгүүрийн холбогдох тоног төхөөрөмж, эд ангийг гаалийн татвараас чөлөөлөх тухай, нийгмийн хамгааллын тухай, иргэний болон аж ахуйн хэрэг, эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх болон гэмт этгээд шилжүүлэх тухай, ялтан шилжүүлэх тухай зэрэг хоёр талт олон улсын 13 төрлийн гэрээ, хэлэлцээрийг хэлэлцүүлж, соёрхон батлуулсан байна.

Чуулганы хугацаанд тус байнгын хороо 7, Тусгай хяналтын дэд хороо 2, Цахим бодлогын түр хороо 1, хуулийн төсөл, шийдвэрийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг 2 удаа тус тус хуралдаж, 21 асуудлыг хэлэлцсэн. Байнгын хорооноос чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлуулсан хууль, тогтоол, олон улсын гэрээ, хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлын талаар 19 санал, дүгнэлт, соёрхон батлуулсан хууль, тогтоолын бусад шийдвэрийн 18 инфографик, 14 танилцуулгыг тус тус бэлтгэжээ.

Улсын Их Хурлаар соёрхон баталсан гэрээ, хэлэлцээрийг тоймловол:

1.Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний дагуу Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэхэд 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Мянганы сорилтын корпорацаас олгохоор болсон. Уг санхүүжилтийг Улаанбаатар хотын усны хангамжийг нэмэгдүүлэх дэд бүтцийг байгуулах, ус цэвэршүүлэх, дахин боловсруулах байгууламж барих, тус салбарын тогтвортой байдлыг хангах цогц арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулна.

2.Монгол Улс нь дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орны хувьд дотоодын иргэний нисэхийн салбарын үйл ажиллагааг бодлогоор дэмжих үүднээс тус байгууллагын Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээрт нэгдэн орсон. Хэлэлцээрт нэгдэн орсноор МИАТ компани гадны томоохон нислэгийн компаниудын агаарын хөлөгт засвар хийх хүчин чадалтай болсон тул засварт ашиглах тоног төхөөрөмж, эд ангийг хямд үнээр худалдан авахад томоохон түлхэц үзүүлэх ажээ.

3.Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай 1907 оны конвенцыг Улсын Их Хурлаар соёрхон баталснаар Монгол Улсаас бусад гишүүн улсууд, Засгийн газар болон олон улсын байгууллага, аж ахуйн нэгжийн хооронд үүссэн олон улсын маргааныг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцох эрх үүснэ. Түүнчлэн Монгол Улсаас Арбитрын байнгын Шүүхэд олон улсын эрх зүйн мэдлэгтэй, арбитрын үүргийг гүйцэтгэх чадвартай, ёс зүйн өндөр нэр хүндтэй хүнийг гишүүнээр сонгох боломж нөхцөл бүрдэнэ.

Түүнчлэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын худалдаа, эдийн засаг, банк санхүү, хөрөнгийн зах зээл, аялал жуулчлалын төв болсон Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай тогтоолыг Улсын Их Хурлаар хэлэлцэн баталлаа. Ингэснээр Шанхай хотноо суралцаж буй манай улсын 700 орчим оюутнууд, тус хот болон хөрш зэргэлдээ Гуандун, Фужян, Жөжян, Анхуй, Жянсу мужуудад ажиллаж, амьдарч, суралцаж буй олон тооны монгол иргэд, оюутнуудын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, консулын үйлчилгээг түргэн шуурхай хүргэхээс гадна манай улсад жуулчлах, хөрөнгө оруулах зорилгоор зорчих БНХАУ-ын болон бусад орны иргэдэд визийн үйлчилгээг ойртуулах боломж нээгдэж байна.

Цахим бодлогын түр хорооны хуралдаанаар ажлын ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэн баталж, төрийн байгууллагуудын мэдээллийн систем, сүлжээний нууцлал, аюулгүй байдал, хамгаалалтын өнөөгийн түвшинтэй танилцах, төрийн үйлчилгээг цахимжуулах, иргэнд хүнд сурталгүй, чирэгдэлгүй хүргэх, түүний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар хэрэгжүүлсэн арга хэмжээ, хөтөлбөр, төсөлтэй танилцах, үр дүнг үнэлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий чиглэлээр дөрвөн ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.

Мөн Байнгын хорооны хуралдаанаар “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын хэлэлцээр”, Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай, Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах ‘‘Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр’’ зэрэг олон улсын гэрээ, хэлэлцээрийг зөвшилцөх дөрвөн асуудлыг хэлэлцэж, санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлээ Засгийн газарт хүргүүлсэн.

Хяналт, шалгалтын ажлын хүрээнд Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яамны 2018 оны үйл ажиллагааны тайлан, холбогдох мэдээллийг авч Байнгын хорооны гишүүдэд хүргүүлж хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан. Түүнчлэн Дархан-Уул, Орхон аймгуудад байрлах Зэвсэгт хүчний анги байгууллагын үйл ажиллагаатай Байнгын хорооны ажлын хэсгийн гишүүд танилцсан.

АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Categories
мэдээ улс-төр

БОХХААБХ:Ээлжит чуулганы хугацаанд Ерөнхий хяналтын сонсголыг анх удаа зохион байгуулжээ

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо есөн удаа хуралдаж, давхардсан тоогоор 18 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын төсөл нэгийг хэлэлцэж, яам, агентлаг, байгууллагын тайлан, илтгэл, мэдээлэл гурван удаа сонсож, албан тушаалтныг томилох, чөлөөлөххоёр асуудалд хэлэлцэж, таван хууль, Улсын Их Хурлын тогтоол хоёрыг тус тус батлуулсан байна.

Тус байнгын хорооны 2019 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хуралджээ.

Хууль, тогтоолын хэлэлцүүлгийн талаар:

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэжээ. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай, Эрүүл ахуйн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ынчуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулсан байна.


Түүнчлэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж санал, дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хамт Төсвийн байнгын байнгын хороонд хүргүүлжээ. Мөн Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийгтус тус батлуулсан байна.

Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 16 гишүүн өргөн мэдүүлсэн Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэний дагуу Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа аж. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлсэн байна.

Бусад ажлын талаар:

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд “Ургац хураалтын явц, хэрэгжүүлж буй ажил”, “Мал тооллого, хадлан, тэжээл, ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажил, хүнсний ногооны хангамж”-ийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын, “Агаарын бохирдлыг бууруулах талаар” Улсын Их Хурлын болон Байнгын хороодын хамтран баталсан тогтоолын биелэлтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээллийгтус тус сонсжээ.

Өнгөрсөн хугацаанд Байнгын хорооны гишүүд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн газар тариалангийн бүс нутгаар хадлан, тэжээл, ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажил, хүнсний ногооны хангамжийн талаар газар дээр нь очиж танилцаад Монгол Улсын Засгийн газарт “Чиглэл өгөх тухай”, “Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх зорилгоор ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тухай”, “Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох тухай” Байнгын хорооны гурван тогтоолыг баталсан байна.

Нийтийн сонсголын тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнээс хойш анх удаа тус Байнгын хорооАгаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг тодруулах зорилготой Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулсан. Ерөнхий хяналтын сонсголд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Цэрэнбат, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Үндэсний аудитын газар, Үндэсний статистикийн хороо, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүд, ажлын албаны албан хаагчид, яам, агентлагийн холбогдох албан тушаалтнууд, Шинжлэх ухааны академи, иргэд, төрийн бус байгууллага, компанийн төлөөлөл зэрэг нийт 100 гаруй хүн оролцжээ.

БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн З.Нарантуяа Эрхүү мужийн Залуучуудын бодлогын сайд А.Поповыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн З.Нарантуяа ОХУ-ын Эрхүү мужийн Засгийн газрын Залуучуудын бодлогын сайд Александр Попов болон “Монгол хурандаа” нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.Уулзалтаар хоёр орны найрсаг харилцаа, түүний дотор Монгол, Оросын хүүхэд, залуучуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд харилцан туршлага судлах талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд сайд Александр Попов ОХУ-ын Эрхүү хотноо 1981 онд болсон хоёр орны хамтарсан “Найрамдал” наадмынбэлтгэл ажлын багт оролцож байсан талаараа дурсаад, энэ оны зургадугаар сарын 25-наас долоодугаар сарын 1-ний өдрүүдэд Байгал нуурын эрэгт “Залуучуудын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах болсон талаар хэллээ. Тэрбээр, уг арга хэмжээнд Монголын залуучуудын төлөөллийг урин оролцуулж, цаашдаа ч хоёр орны залуучуудын дунд ийм төрлийн арга хэмжээг тогтмол зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Мөн сайд Александр Попов энэ онд тохиож буй Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулахаар Эрхүү мужийн Амбан захирагчаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна гээд “Бид Халхын голын байлдаанд оролцож байсан хүмүүсийн төрөл, төрөгсдийг хайж байгаа. Та бүхний дэмжлэгтэйгээр уг түүхэн ойн арга хэмжээг амжилттай зохион байгуулна гэж итгэж байна” хэмээсэн юм.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа хоёр орны залуусын харилцааг хөгжүүлэн, бэхжүүлэх хамтарсан арга хэмжээ зохион байгуулж, энэ хүрээнд багш, сурагчдын солилцооны хөтөлбөрийг идэвхжүүлэх боломжтойг онцлов.

Categories
мэдээ нийгэм

Нийт нутгийн 70 орчим хувь цасан бүрхүүлтэй байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас 2019 оны 02 дугаар сарын 10-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 70 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтжээ.

Үүнд Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Дундговь, Говьсүмбэр, Хэнтийн ихэнх, Завхан, Дорноговь, Дорнодын зарим сумдын нутгаар 0-5 см, Увсын Тэс, Түргэн, Хяргас, Давст, Ховдын Алтай, Чандмань, Булган, Мянгад, Завханы Идэр, Цэцэн-Уул, Их-Уул, Тосонцэнгэл, Эрдэнэхайрхан, Шилүүстэй, Сонгино, Булганы Тэшиг, Сэлэнгэ, Хангал, Дархан-Уулын Дархан, Сэлэнгийн Орхонтуул сумдын нутгаар 6-10 см, Баян-Өлгийн Алтай, Сагсай (Даян), Увсын Улаангом, Баруунтуруун, Завханы Цагаанхайрхан, Алдархаан, Тэлмэн, Улиастай, Яруу, Баянхайрхан, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ (Хатгал), Улаан-Уул, Сэлэнгийн Ерөө (Бугант) сумдын нутгаар 11-20 см, Увсын Зүүнговь, Малчин, Завханы Тэс, Цагаанчулуут, Нөмрөг, Баянтэс сумдын нутгаар 22-23 см зузаан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Завсрын үеийн СЮРТЮКТЭЙ ГАХАЙНУУД


БААБАР ИНГЭЖ ХЭЛЭВ

Аль ч нийгмийг 40-60 насныхан авч явдаг. Нийгмийн салбар болгонд. Наслалт урттай Япон шиг нийгэмд 50-70 насныхан болж хойшилсон байна. Гэхдээ Мэйжийн хувьсгалын үед Японы ерөнхий сайд 24 настай байв.

Нийгэм солигдох үед шинэ залуу үе цоо цохин гарч ирдэг. Нийгмийн донсолгооны үед арвин туршлага гэхээсээ эрч хүч илүү чухал байдаг бололтой. Ийм үед ихэнхдээ туршлага үгүйсгэгддэг. Энэ нь ч аргагүй байх, нийгмийн шинэ дэг тогтоох гэж байгаа бол хуучин туршлага хэрэг болохгүй.

1911 оны үндэсний хувьсгалыг толгойлогчид залуучууд байлаа. Хамгийн ахмад нь гэгдэх Богд хаан дөнгөж дөч шүргэж байв. 1921 онд ч ялгаагүй. Хамгийн ахмад нь гэгдэх Бодоо, Данзан нар дөнгөж гуч гарч байсан юм. Чойбалсанг нас барсны дараа 1953 оноос Монголыг 36 настай Цэдэнбалаар ахлуулсан залуучууд удирдах болжээ. 1990 оны ардчилсан хувьсгалын толгой дээр мөн л залуучууд байсан. Ахмад нь болох Гончигдорж 36 настай байжээ. Зориг, Элбэгдорж нар гуч хүрээгүй байв. Гэхдээ тэд хожим 1996 онд анх удаа төрийн эрх мэдэлд хүрсэн юм. Нийгмийн хувьсгал гэдэг нь шинэ эрч хүчийг шаарддагаараа тэргүүний залуучуудад түүхэн бололцоо олгодог аж. Гэтэл үе болгоны залуучуудад ийм бололцоо олддоггүй. Тогтсон нийгэмд юун түрүүн туршлага хэрэгтэй. Харин нийгмийн хувьсгалын үед туршлага гээч юмтай уялдаагүй шинэ цус шаарддаг онцлогтой аж.

Энэ чанараараа биологийн эволюцитай их төстэй. Алив организм байгалийн жамаар шалгарлаараа дасан зохицож аажмаар хөгжиж байснаа, явцдаа орчинтойгоо огт таарахаа болиод эхлэнгүүт мутаци хэрэгтэй болдог. Мутаци бол хувьсгал. Гэхдээ мутаци амьд байгальд өдөр тутам тохиолдож байдаг авч 99,99999… хувь нь хортой, организмыг өөрийг нь ихэнхдээ үхэлд хүргэнэ. Чухам тэр ховор 0,0000…1 хувьд л аугаа ололт, түүнд цаашид шинээр хөгжин дэвжих үр хөврөл бий. Иймээс амьд байгалийг хөдөлгөх жинхэнэ хүч нь өдөр тутмын шалгарал биш, хэдэн сая живаад нэг тохиолдох мутаци билээ.

Ерэн оны бацаанууд өнөөдөр 50 хүрцгээж байна. Тогтсон нийгмийг удирдан авч явах ид насныхан. Ерэн оны хувьсгалын оройлогч төдийгүй оролцогч, хөндлөнгийн ажиглагч, эсэргүүцэгч бүгдээрээ нийгмийн энэхүү донсолгоонд хамрагдсан бүтээгдэхүүн юм. Өнгөрсөн хорин жилд эд бүгдээрээ нийгмийг удирдахад оролцсон. Чухам тэд өнөөдөр манай нийгмийг удирдаж яваа 40-60 насныхан болчихоод байгаа юм. Эдэнд Монголын нийгмийг удирдан авч явах дахиад арван жилийн хугацаа бий, их бодож л. Гуч хүрээгүй нийгмийн хувьсгалд оролцон оройлж явсан Элбэгдорж өдгөө Ерөнхийлөгчийн насанд хүрсэн, улс орныг хөгжүүлэх арван жилийн хөтөлбөр гаргажээ, энэ бол түүний нийгмийн идэвхтэй байх хугацаатай мөргөж байна. Чухам энэ хугацаанд л нийгэм түүнээс хамаг ашгаа шимэн авах ба дараа нь хүссэн хүсээгүй нийгмийн менежмэнт шинэ үеийнхэнд очно. Анхны парламентын гишүүн асан Баяр ч тавь өнгийлөө, дахиад арван жил тэрээр цуглуулсан туршлагаа нийгмийн сайн сайханд зориулна, дараа нь өвгөн партизаны яриа эхэлнэ.

Хүний үе солигдох хугацааг 20-25 жил гэж үздэг. Ингэхээр дараагийн Шинэ үеийнхэн өдгөө гуч ч хүрээгүй гунхаж явна. Социализм, коммунизмын тухай сураг ажгаар л мэддэг, өөрөөр хэлбэл тэр үзэл суртлаар хордоогүй, эрх чөлөөг бэлэг гэж үздэггүй, хүнд угаасаа заяамал зүйл гэж хар нялхаасаа мэдэрсэн, зах зээлийн харилцааг луйвар гэхээсээ хүний нийгмийн байх ёстой ердийн төлөв гэж хардаг, ардчилсан тогтолцоогүйгээр хорвоо оршин тогтнох бололцоогүй гэж үздэг өнөөгийн нялхас. Нийгмийн менежмэнтийн төлөөх тэдний өвөр хоорондын өрсөлдөөн хожим эрүүл саруулаар явагдах болно. Шалгарч гарч ирэх боловсрол мэдлэгтэй залуус нь өрнийн боловсролтой, соёлтой, хүнлэг, шударга, хариуцлагатай байх болно. Нийгэм жинхэнээрээ төлөвшинө. Урт хугацаагаар үргэлжилсэн шилжилт дуусах болно. Нийгэмд мутаци биш, ердийн шалгарал голлох үүрэг гүйцэтгэнэ. Гэхдээ л Шинэ үеийнхэн гарч ирэхэд хамгийн багаар бодоход дор хаяж л арван жилийн зай байна. Хорь ч юм уу?!

Монголчуудад үе мултрах хэмээх 12 жилийн мөчлөг бий. Энэ нь бэлгэдлийн тоолол болохоос хүний үеийн мөчлөгтэй хамаагүй. Ерэн оныхон ба арав хорин жилийн дараа гарч ирэх учиртай Шинэ үеийнхэн хоёрын голд монгол тооллоор үе дөнгөж мултарч буй Завсрын үеийнхэн зоолттой байна. Энэ насны мянга мянган залуусыг энд хэлээгүй, нийгэм улс төрийн гаж шалгарлаар тодорч өдгөө улс төрийн тавцанд үүрэг гүйцэтгэж байгаа болон гүйцэтгэхээр бэлэн гозолзож буй цөөн бүлгийг хамруулж байна. Голдуу хоёр зууны зааг дээр тодорсон. Тэд ерэн оны хавьцаа арван жилийн сургуульд, зарим нь дээд сургууль дөнгөж элсээд байлаа. Шилжилтийн эхэн үед хорвоотой танилцсан. Социалист мораль нуран унасан боловч хүний мораль нийгэмд бүрэлдэж амжаагүй байх завсрын үеийн бүтээгдэхүүнүүд. Олон жил тогтсон боловсролын шалгарсан систем дампууран унасан үед мэргэжлийн үнэмлэхтэй болцгоосон. Боловсролын үнэ цэнэ шалан дээр байсан үе учраас өөрөө ч тогтоож амжаагүй олон мэргэжлийн үнэмлэх өвөртөлсөн төдийгүй жуулчилж явсан орнуудынхаа худал үнэн нь мэдэгдэхгүй өргөмжлөл маягийн гуншинтай болцгоосон. Ихэнх нь мөнгөөр зодож жилийн дотор хуульч, эдийн засагч хоч зүүцгээсэн.

Улс төрийн тавцанд тэдний гарч ирсэн шалтгаанд нь олон юм тоочиж болох авч юутай ч эх оронч дуудлага, авъяас, үзэл бодол гэх мэтийн “хийсвэр” зүйлс огтоос багтахгүй. Тэд прагматикчид боловч нэг зүйл дээр тун их андуурчээ. Нийгмийг залуучууд удирдаад байна, ингэхээр бид хоолноос хоцрох ёсгүй гэсэн эндүүрэл. Ерэн онд Зориг хорин наймтай байсан учраас одоо миний ээлж гэсэн гэнэн ойлголт. Үнэндээ хүний нийгэмд хувьсгал нь удирдагч нартайгаа хөгширсөөр тогтворжсон нийгэмтэй залгадаг. Элбэгдорж ч, Баяр ч, Бат-Үүл ч, Энхбаяр ч тэтгэвэрт гарч байж л нийгмийн биш биологийн шалтгаанаар зай тавьж өгнө. Нийгмийн дэвшил цаашдаа мутациар биш шалгарлаар явна, ингэж байж тогтворжсон нийгэм бүрэлдэнэ. Хүний нийгмийн бүхий л үед ийм байсан, гэнэт одоо л Монголд гаж өөр юм болох шалтгаан байхгүй. Нийгмийн хувьсгал ч өөрөө дэндүү өртөгтэй эд учир хэн нэгний дарга болох гэсэн сонирхлоос болоод байн байн давтагдаад байдаг зүйл биш аж. Харин тэд нэг зүйл дээр бодитоор оносон. Юу гэвэл МАХН хэмээх хуучин хүчин хөгшин хөвөөгөөрөө дуудуулж улс төрийн тавцан дахь байр суурь нь ганхаж байсан тул тэнд “орон тоо” элбэг байгааг гярхай ажиглажээ. Тэдний хэнээг ашиглаж улс төрийн хожоо гаргах гэсэн хэсэг этгээд удирдлагад байсан тул тохироо нь бүрэлдсэн тал бас бий. Гэхдээ энэ нь завсрын үеийнхэн Ардчилсан намд байхгүй гэсэн үг огт биш, концентраци нь одоохондоо арай л шингэн юм уу даа. Нэг хэсэг нь өнөөгийн улс төрийн голлох хоёр хүчнийг түлхэн унагаад оронд нь цоо шинээр гарч ирэх хий мөрөөдөлдөө хөтлөгдөн “эволюцийн хууль”-ийг зөрчих гэж мурчийна.

Ерэн оны хувьсгалчид, хоёр мянган оны завсрынхан хоёрын хооронд дэндүү том ялгаа бий. Эхнийх нь нийгмийн дуудлагаар төрж буй болсон, өөрийн гэсэн идеалтай, хэдийгээр хуучин нийгмийн бүтээгдэхүүн боловч үүнээсээ салах бүрэн эрмэлзэлтэй, гол төлөв романтик бодолд хөтлөгдсөн залуус. Тэд насан туршдаа нийгмийн зөв менежмэнт хийж чадахгүй төөрөгтэй, учир нь ид мэдлэг, мэдээлэл, боловсрол олдог үе нь социализмын хордлого. Ил ухамсар нь нийгмийн шинэчлэлийн төлөө авч нэгэнт бараг биеийн эд эрхтэн нь шахам болоод ургачихсан далд ухамсар нь хойш чангаана. Эрс тэс хоёр нийгмийн дунд тэлэгдэн хүмүүжсэн болохоор яриад хүсээд байгаа нийгмийн байгууламжаа өөрснөө гүйцэлдүүлэн бүтээх бололцоо ч үгүй, чадвар ч үгүй, ойлголт ч үгүй. Иймээс нэг талаас Алдагдсан үеийнхэн юм. Өнөөдөр нийгэм мөнгөжиж хөрөнгөжихийн хэрээр тэдний тарааж үрж цацаж “ард түмнээ харж үзэх” зөн билэг нь улам ил гарна. Нэг амаараа зах зээлийн зарчим сурталчлах боловч ард түмнээ өрөвдсөндөө болоод нөгөө амаараа төрөөс үнийг зохицуулж барих тухай сургана. Төрийг үйлчилгээний газар гэж онолдох авч өөрөө төр болчихоороо бүхнийг зохицуулж хянаж байдаг эцэг болон хувирна. Насжаад ирэхээрээ сентименталь, настолги нь хөдөлдөг бололтой уяраад л уйлаад л харж үзээд л буян үйлдээд л. Бэлэг тараадаг өвлийн өвгөнтэй улам төстэй болно. Социализм бол патриархи үзлээс гаралтай. Иймээс ард түмнийг өөрснөө шийдвэр гаргах чадваргүй гэж үздэг учраас эцгийн халамжийг байнга үзүүлнэ. Алдагдсан үеийнхний далд ухамсар өнөөгийн Монголын нийгмийн менежмэнтийг явуулж байгаа юм. Гэхдээ шилжилт хийж байгаа манай нийгэм эднээс зайлах бололцоо байхгүй. Зөв шалгарлаар гарч ирэх Шинэ үеийхнийг дахиад арав хорин жил хүлээхээс өөр арга үгүй.

Алдагдсан үеийхний орыг одоо өнөө маргаашгүй шууд залган эрхийг эзэгнэх гээд байгаа Завсрын үеийнхэн бол харин нийгмийн зөв шалгарлаар гарч ирээгүй. Алдагдсан үеийнхэн нь өөрийн үеийхнийхээ тэргүүний хэсэг байсан бол Завсрынхан болохоор өөрийн үеийнхнийхээ хамгийн жудаггүй, ёс төргүй хэсгийн төлөөлөл. Шилжилтийн үеийн хамгийн хүнд, хамгийн дампуурсан, хамгийн моральгүй болсон үеийн зэрэмдэг бүтээгдэхүүн. Алдагдсан үеийнхэн шиг сайн боловсрол ч үгүй, нийтийн төлөө гэсэн романтик үзэл ч үгүй, шударга үнэн гэсэн баримтлал ч үгүй. Цэвэр прагматикууд. Гэхдээ хамгийн вулгар прагматизм. Мөнгөнөөс өөр ариун нандин эрхэм үнэлэмж үгүй. Мөнгөнд хүрэх цорын ганц аргыг эрх мэдэл гэж үзнэ. Өөрсдийгөө шинэ үеийнхэн хэмээж ээлж нь болсон гэж дайрцгаах авч үнэндээ ердөө л хоолны оочирын тухай ярьж буй хэрэг юм. Нийгмийн демораль жилүүдийн бүтээгдэхүүн нь, золиос нь, хог ургамал нь. Улаан ногоон, алтан мөнгөн сарнай саргай, ардчилсан ардчилаагүй, социалист капиталист залуучууд болон талцан бүлгэрхэж эх орон ард түмэн хэмээн зурагдсан пянз шиг орилолдох авч луйвар хулгай дээрэм гэсэн аль л олхиогүй болгоны үнэр нэвт шингээстэй. Нийгэм нээлттэй болж түмэн бололцоо үүсэнгүүт эдний үеийн олон залуучууд амь амьдралаа авч явах гэж ухаан сийлж, хөдөлмөр зарж байхад улс төрөөр бөөлжиж, популист хийрхлээр цамнаж хөнгөн аргаар амьдрах гэсэн адгийн хэсэг нь нийгмийн донсолгоог далимдуулан улс төрийн тавцан дээр од болон тодорч гарч иржээ.

Бүхий л сэтгэлгээ нь люмпэн. Люмпэн гэдэг нь харьяалалгүй, хүсэл эрмэлзэлгүй, эрхэлсэн ажил мэргэжилгүй нийгмийн шавхрууг хэлдэг. Тэд сэхээтэн ч биш, ажилчин ч биш, тодорхой хөдөлмөр хэзээ ч эрхэлдэггүй, нийгмийн паразит хэсэг юм. Харанхуй, бүдүүлэг, соёлгүй, залхуу, моральгүй орчинд хүмүүжсэн Завсрын үеийнхэн нь тогтсон нийгмийн үнэлэмжээр бол нийгмийн хамгийн доод шаар байдаг авч үймсэн нийгэмд дээш хөвөн гарч хөлжин цадаж манлайлагчийн дүрээр тодорч элитар анги болдог байна. Энэ бол нийтлэг үзэгдэл. Францын хувьсгалаар ийм люмпэн элитүүд хэрхэн тодорч байсан тухай Камю, Фромм нар бичиж гүнзгий анализ хийжээ. Ийм люмпэн элитүүд Октябрийн эргэлтийн дараа сүрэг болон гарч ирснийг Булгаков бичиж Шариков хэмээх дүрээр илэрхийлсэн байдаг. Орвэлийн “Амьтны ферм”-д гардаг сурвалжит язгууртан дүр эсгэсэн, сюртюктэй гахай. Организмыг өөрийг нь үхэлд хүргэдэг мөнөөх 99,9999… хувь болсон мутаци л юм даа.

2009 оны арваннэгдүгээр сарын 16

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд 08.00 цагт эхэлж, 21 асуудал хэлэлцэж байна.

Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO буюу гадны зах зээлээс хөрөнгө босгох бэлтгэл ажлын явц, энэ оны тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хот руу ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахыг хориглосон шийдвэрийг хэрэгжүүлэх хяналт, шалгалтын талаар, Боловсруулсан түлшний үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нөөц бүрдүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх талаар УУХҮ-ийн сайд, БОАЖ-ын сайд, Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсох юм. Мөн хуралдаанд Тавантолгойн төмөр зам, авто замын бүтээн байгуулалт, Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх бэлтгэл ажлын талаар ЗТХ-ийн сайд болон БХБ-ын сайд мэдээлэл хийх аж.