Categories
мэдээ нийгэм

Хаваржилт хүндэрсэн аймгуудад улсын нөөцөөс хямд үнээр өвс, тэжээл олгоно

Өчигдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хаваржилт хүндэрсэн Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Хөвсгөл, Увс аймагт улсын нөөцөөс 4000 тонн өвс, 3000 тонн тэжээлийг 50 хувийн хямд үнээр олгохоор шийдвэрлэв.

Мөн түүнчлэн Улсын онцгой комиссын даргын 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн тушаалаар хаваржилт хүндэрсэн зарим аймагт Шуурхай бүлэг томилон ажиллуулахаар боллоо. Улсын онцгой комиссын шуурхай бүлгийн ахлагчаар Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, гишүүдэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле болон ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын холбогдох мэргэжилтнүүд багтаж байна. Шуурхай бүлэг баруун болон төвийн бүсийн 13 аймагт ажиллаж, хаваржилтын нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцах, гамшгаас хамгаалах улсын албадын бэлтгэл, бэлэн байдлыг шалган, үүрэг чиглэл өгөх, үүссэн цагийн байдалтай холбогдуулан газар дээр нь шийдвэр гаргаж, цаашид авах арга хэмжээний талаар санал дүгнэлт гаргах юм.

Тэр дундаа отроор хаваржиж буй, алслагдмал газарт байгаа айл өрх, малчидтай уулзан, тэдний аж байдал болон отрын штабын үйл ажиллагаатай танилцан, улсын нөөцийн өвс, тэжээлийг хямдруулан худалдахтай холбогдуулан хяналт шалгалт явуулж, өвс, тэжээл нэн шаардлагатай байгаа сум, баг, малчдад хүргэх талаар удирдамж, чиглэл өгнө.

Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, авч хэрэгжүүлж буй арга хэмжээг удирдлагаар хангах, сумдад байгуулж буй мал эмнэлгийн тасгийн үйл ажиллагаатай танилцаж, Засгийн газар, сайдын шийдвэрийн биелэлтэд хяналт тавих зэрэг цаг үеийн олон шуурхай ажил хийж гүйцэтгэх юм.

Одоогоор 16 аймагт хаваржилт хэвийн байна.

Categories
мэдээ нийгэм

Нисэх буудлын нүүлгэн шилжүүлэлтийг судалж байна

ИНЕГ-ын тэргүүн дэд дарга Б.Алтанцом тэргүүтэй Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудалд нүүлгэн шилжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийн гишүүд олон улсын нисэх буудлын нүүлгэн шилжүүлсэн ажлын туршлагаас нь судлахаар БНСУ-д ажиллаж байна.

ИНЕГ-аас БНСУ-ын Инчеоны нисэхийн академитай хамтран зохион байгуулж буй “Нисэх буудлын үйл ажиллагааг нүүлгэн шилжүүлэх” туршлагыг судлах сургалтад нисэх буудалд нүүлгэж шилжүүлэлт хийх агаарын тээвэрлэгчид, хилийн хяналтын байгууллагууд, “Чингис хаан” Олон улсын нисэх буудал, Газрын тусгай үйлчилгээний алба болон Шинэ нисэх буудлын ашиглалтын өмнөх захиргааны албаны төлөөлөгчид хамрагдаж байна. Тус сургалтаар БНСУ-ын Гимпо нисэх буудлыг Инчеон нисэх буудалд нүүлгэн шилжүүлсэн зохин байгуулалт болон нүүлгэлтийн үеийн хүндрэлийг тооцоолж, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх аргачлалаас туршлага судлах юм. Ингэснээр шинэ нисэх буудалд нүүлгэн шилжүүлэлт хийх төлөвлөгөөг нарийвчлан боловсруулж, нүүлгэн шилжүүлэх ажиллагааг оновчтой зохион байгуулах юм.

Categories
мэдээ нийгэм

Гал түймрийн улсын хяналтын байцаагч нар сургалтад хамрагдаж байна

Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байгаа Гал түймрийн улсын хяналтын байцаагчдын “УХБС-19” сургалт өнөөдөр эхэллээ.

Сургалтыг ОБЕГ, Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” төсөлтэй хамтран зохион байгуулж байна.

Сургалтад ОБЕГ, Үндэсний аврах бригад, НОБГ, дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон 21 аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын 70 гаруй байцаагч хамрагдаж байгаа юм.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр, Азийн хөгжлийн банкны Байгаль орчны эдийн засагч Анна Белл нар оролцож, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Сургалтаар шинэчлэгдэн батлагдсан хууль, дүрэм, журам, заавар, стандартыг танилцуулах, гал түймрийн нөхцөл байдал, анхаарах асуудал, гал түймэр унтраах автомат тоног төхөөрөмж, галын дохиоллын системд хяналт хийх аргачилал, гал түймрийн шалтгаан нөхцлийг тогтоох арга зүй, анхаарах асуудлууд зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өгөх юм.

ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвд зохион байгуулагдаж байгаа тус сургалт 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжилнэ

Categories
мэдээ нийгэм

МҮХАҮТ-ын даргад нэр дэвшигч Ч.Ганхуягаас хохирлоо нэхэмжилж иргэд, жагслаа

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ээлжит хурал дөнгөж сая эхэллээ. Хуралдаанаар танхимын шинэ даргыг тодруулна. Одоогийн байдлаар хуучин дарга “Урбанек”-ийн Б.Лхагважав, “Буян”-гийн Б.Жаргалсайхан, “Хас”-ын Ч.Ганхуяг, “UFC”-ийн О.Амартүвшин нар өрсөлдөж байгаарай.

Энэ үеэр Ч.Ганхуягийн үйл ажиллагааны нөлөөллөөр хохирсон крипто вальют хэрэглэгчид гэх хэсэг хүмүүс ирж хохирлоо нэхэмжлэн жагслаа. Тэд “Чоно борооноор гэгчээр биткойны үнийн өсөлтийг далимдуулан ард түмний мөнгийг ард санхүүгийн нэгдэлдээ төвлөрүүлсэн үү”, “Крипто вальют хэрэглэгчид ард хэрэглэгчид ард санхүүгийн нэгдлийн тэргүүн Ч.Ганхуягтай тэмцэнэ”, “Төрийн ордон руу салаавч гаргадаг хүн бизнес эрхлэгчид рүү салаав ч гаргах юм биш биз” гэх мэтээр лоозогносон байлаа.

Categories
мэдээ нийгэм

Ж.Баярцогтод хоёр өрөө байр хүлээлгэн өгчээ

Дорноговь аймгийн Зүүнбаян дах цэргийн ангид хоёр жилийн өмнө алба хааж байсан байлдагч Ж.Баярцогт ахлагчдаа дэглүүлснээс болоод хөлийн есөн хуруугаа тайруулан хөгжлийн бэрхшээлтэй болж үлдсэн билээ. Ингээд хөгжлийн бэрхшээлтэй болсон залууд туслах хандивын аяныг дуучин Э.Энх-Эрдэнэ санаачлан эхлүүлсэн юм. Тэрбээр Ж.Баярцогтыг орох оронтой болон ажилтай болгохоор ийнхүү сэтгэл шулуудан монгол түмнийхээ дунд хандивын аян өрнүүлсэн билээ. Хандивын аяны төгсөлд Ж.Баярцогтын дансанд 51.5 сая сая төгрөг цугларсан аж. Тэгвэл өчигдөр тус аяныг санаачлагчид Ж.Баярцогтод “Саруул тэнгэр” хотхонд байрладаг хоёр өрөө байрыг хүлээлгэн өглөө. Энэ үеэр Ж.Баярцогт хандивын аян зохион байгуулсан хүмүүст талархал илэрхийлээд “Нийт монголчуудынхаа тус дэмээр гал голомтоо бадраах боллоо” хэмээн талархал илэрхийлэв. Харин дуучин Э.Энх-Эрдэнийн хувьд хандивын аяныг амжилттай зохион байгуулсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, залуу гэр бүлд аз жаргал хүсэн ерөөлөө. Тэрбээр “Халуун сэтгэлт монголчууддаа маш их баярлалаа. Энэхүү хандивын аянд нийт 51.5 сая төгрөг цугларч, хоёр дүү маань хоёул ажилтай орлоготой боллоо. Мөн Ж.Баярцогтынхоо охинд хоёр сая төгрөгийн хадгаламж нээж өгсөн. Сэтгэлийн дэм өгч, тусалж дэмжсэн нийт монголчуудаа баярлалаа. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” гэж ярилаа.

Categories
мэдээ нийгэм

Байгаль орчин, аялал жуулчлалын салбараар үйлчлүүлэгчдийн эрхийг хамгаална

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй үйлчилгээний жил”, тус агентлагаас “Хариуцлагатай хэрэглээ-Хэрэглэгчийн эрхийн жил” болгон зарласантай холбогдуулан яам, агентлагуудын хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тоооны бус салбар зөвлөлүүдтэй хамтарч тухайн салбарын иргэд, хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажлуудыг зохион байгуулж байна.
Энэ ажлын хүрээнд 2019 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр БОАЖЯ-ны хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус салбар зөвлөлийн дарга, гишүүдтэй ажил хэргийн уулзалт хийж, 2019 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцов.
ШӨХТГ-ын дарга Б.Лхагвын зүгээс яамны хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус салбар зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, 2019 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө гаргах, байгаль орчин, аялал жуулчлалын салбараар үйлчлүүлж буй нийт хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр идэвх санаачлага гарган ажиллах шаардлагатай байгаа талаар санал, зөвлөгөө өгч олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр буюу гуравдугаар сарын 15-ны өдрийг угтан хэрэглэгч рүү хандсан үр дүн үзүүлэхүйц ажлуудыг зохион байгуулж, хэрэгжүүлж, тайлангаа ирүүлэх талаар чиглэл өглөө.
БОАЖЯ-ны салбар зөвлөлийн дарга, төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хэрэглэгчийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох, эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх, сурталчилан таниулах, байгаль орчин, агаар, ус, хөрс бохирдлыг бууруулах чиглэлээр хийж буй ажлуудаа танилцуулан цаашид 2019 онд байгаль орчин, аялал жуулчлалын салбараар үйлчлүүлж байгаа иргэд, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах чиглэлээр хийгдэх ажлын төлөвлөгөө, хөтөлбөр гаргаж, биелэлтийг дүгнэж, тайлагнах ажилд онцгой анхаарч, идэвх санаачлагатай хамтарч ажиллахаа илэрхийлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Сургалтаа амжилттай дүүргэсэн номын санчид батламжаа гардан авлаа

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Монгол Улсын Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан хамтран зэвсэгт хүчний анги, байгууллагуудын номын санчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг 2019 оны хоёрдугаар сарын 25-наас 27-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтад зэвсэгт хүчний анги байгууллагуудын нийт 34 номын санч хамрагдсан бөгөөд батламж гардуулах үйл ажиллагаа өнөөдөр Нийслэлийн иргэний танхимд боллоо.

Сургалтаа амжилттай дүүргэсэн номын санчдад батламж гардуулах үйл ажиллагаанд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, Зэвсэгт хүчний Жанжин Штабын Иргэн-цэргийн харилцааны хэлтсийн дарга, хурандаа С.Төмөрхуяг, Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирал Д.Индра, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан офицер, дэд хурандаа Т.Мөнхбаяр нар оролцон батламж гардуулж, баяр хүргэв.

Энэхүү сургалтыг мэргэжлийн байгууллагатай хамтран онол, дадлагыг хослуулсан тусгай хөтөлбөрөөр зохион байгуулж, зэвсэгт хүчний анги, байгууллагуудын номын санчдыг богино хугацаанд мэргэшүүлснээрээ онцлог болсон юм.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын төлөөлөлтэй уулзав

Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр өчигдөр Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын (ОУШХБ) Хятад болон Монгол дахь салбарын захирал Жьюзеппе Кросетийг хүлээн авч уулзав. Жьюзеппе Кросети нь шинээр томилогдсон даруйдаа Монгол Улсад айлчилж байгаагаа дурдаад тус байгууллагын үйл ажиллагаа, өнөөгийн зорилт, Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, харилцан санал солилцов.

ОУШХБ нь НҮБ-ын төрөлжсөн, олон улсын мэргэжлийн байгууллага бөгөөд Монгол Улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн “Хүн амын дотоодын шилжих хөдөлгөөн” болон “Хотод шилжин ирэгсдийн эмзэг байдал” гэсэн хоёр төслийн судалгааг амжилттай хийж, холбогдох зөвлөмжийг гаргасан байна.

Тус байгууллагатай цаашид “Дотоодын шилжилт хөдөлгөөнийг удирдах нь” төслийн хүрээнд хөдөө орон нутаг дахь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, шилжилт хөдөлгөөний менежментийн чадавхыг бэхжүүлэх зэрэг Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй асуудал болох хүн амын төвлөрлийг сааруулах чиглэлээр хамтарч ажиллахаа Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр илэрхийлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

“Буянт-Ухаа 2” хорооллын орон сууцанд зуучилна гэх зар хуурамч болохыг анхаарууллаа

Цахим орчноор Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд “Буянт-Ухаа 2” хорооллын хоёрдугаар ээлжийн орон сууцны бүртгэл эхэлсэн, квотыг худалдах замаар иргэдээ зуучлалын хөлс авч, хамруулж өгнө гэх олон нийтийг хууран мэхлэх, залилах шинжтэй мэдээлэл удаа дараа цацагдаж байна. Иймд төрийн байгууллагын нэрийг барин худал, ташаа мэдээлэл цацаж, иргэдийг хуурч, мэхэлж болзошгүй үйлдэлээс болгоомжлохыг салбарын яамнаас анхааруулж байна. Уг ташаа мэдээлэлтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар хандаад байна. “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцны барилгын ажил дуусаагүй бөгөөд Түрээсийн орон сууцанд зуучлагчаар дамжуулан хамрагдах боломжгүй юм.

Categories
гадаад мэдээ

Д.Трамп, Ким Жөн Ун нарын уулзалтын хоёр дахь өдөр эхэллээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах зорилгоосоо буцахгүй гэж мэдэгджээ.

Тэрбээр БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай уулзсаныхаа дараа сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ, БНАСАУ-ын удирдагчтай хийж буй хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалт амжилттай болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах зорилгоо умартахгүй гэдгээ онцлон тэмдэглэлээ.

Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр Солонгосын дайн дууссаныг зарлах албан ёсны тунхаг бичиг батлах эсэх талаар Д.Трампаас асуухад тэрбээр, “хариулт удахгүй мэдэгдэнэ” гэж хариулав.

Харин БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун мэдэгдэлдээ, АНУ-ын Ерөнхийлөгчтэй хоёр дахь удаагийн уулзалтыг хийхийн тулд олон тооны саад тотгорыг даван туулсан гэж дурдаад, Сингапурт болсон анхны уулзалтаас хойших хугацаанд аливаа асуудалд хүлээцтэй, тэвчээртэй хандсаар ирснээ илэрхийлсэн байна. Мөн тэрбээр энэ удаагийн уулзалт нааштай үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

Вьетнамын нийслэл Ханой хотод болж буй энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэх гол асуудал бол Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах явдал юм. Үүнээс гадна уг уулзалт БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг зөөлрүүлж, тус улсын эдийн засгийг дэмжих шинэ боломж бололцоог нээж магадгүй юм.