Categories
мэдээ улс-төр

Ч.Хүрэлбаатар: ЗГ-ын үнэт цаасыг бүх ААН-үүд, хүмүүст санал болгох боломж бүрдлээ

Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Өнөөдөр ЗГ-ын хуралдаанаар Сангийн яам хоёр асуудал орууллаа. 2018 оны гуравдугаар сард Монгол Улсын эдийн засгийн форумыг хийж байхад блокчейн технологи дээр үндэслэгдсэн флатфорумыг ашиглаж ЗГ үнэт цаас гаргах асуудлыг анх судалж ярьсан. Өнөөдрийн хуралдаанаар үүнийг гаргах журмыг баталлаа. Урд нь ЗГ үнэт цаасыг арилжааны банкуудад голдуу санал болгодог. Арилжааны банкууд хүү тогтоож авсны дараа хоёр дахь зах зээл дээр гаргадаг байсан. Мөн хөрөнгийн бирж дээр ашиглаж, ЗГ-ын үнэт цаасыг зардаг. Хэрвээ ЗГ үнэт цаас гаргахаар бол блокчейн технологи дээр үндэслэсэн флатфорумыг ашиглаж бүх хүн, ААН-үүдэд ЗГ-ын үнэт цаасыг санал болгох боломжийг бүрдүүлж өгч байна.

ЗГ-ын зарим тусгай сангуудад хийгдсэн шалгалтын дүнг ЗГ-ын гишүүдэд танилцууллаа. Авах арга хэмжээний төслийг танилцуулсан. Үүнийг ЗГ-ын тогтоол болгож дараа долоо хоногт гаргахаар болсон. Тариалан эрхлэлтийн санг үүссэн цагаас нь эхлэн шалгалаа. Олон тооны зөрчил гарсан байна лээ. үүнийг засаж залруулах, ямар зөрчил гарсныг олон нийтэд ил болгох талаар ярьсан. Шалгалтын дүнтэй ЗГ-ын гишүүд танилцаад гаргасан шийдвэрийг ирэх долоо хоногт хэрэгжүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх зориулалт бүхий тоног төхөөрөмжийг гардууллаа

Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв нь 2013 оноос үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус төв нь улсын хэмжээний гамшиг, аюулт үзэгдлийн мэдээ, мэдээллийг хүлээн авч дүн шинжилгээ, үнэлгээ хийх, удирдлагад мэдээллийг хүргэх, хүч хэрэгслийг зохион байгуулах, шуурхай удирдлага зохицуулалтаар хангах, гамшгийн нөхцөл байдлаас хамаарч зарлан мэдээлэх үйл ажиллагааг бүх нийтийн буюу хэсэгчилсэн байдлаар зохион байгуулахад өдөр тутмын үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг юм.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-д гамшгийн аюулын тухай дохио, сэрэмжлүүлэх мэдээллийг харилцаа холбооны бүх төрлийн хэрэгслээр нэн даруй хүргэнэ гэж заасан байдаг.

Тиймээс гамшгийн аюулын зарлан мэдээллийн системийг өргөтгөх ажлын хүрээнд сансрын холбооны сүлжээгээр олон сувгийн телевизийн үйлчилгээ үзүүлэгч “Монголсат Нэтворкс” ХХК-тай хамтран ажиллахаар инженер, техникийн ажилтнуудын уулзалтыг зохион байгуулж, техникийн шийдэл, холболт, туршилтын ажлын талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр “Монголсат Нэтворкс” ХХК-ийн зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд гамшгийн аюулыг зарлан мэдээлэх зориулалт бүхий тоног төхөөрөмжүүдийн багцыг гардуулан өгсөн юм.

Энэхүү хиймэл дагуулын тоон телевизийн хүлээн авагч төхөөрөмжийн тусламжтайгаар зарлан мэдээллийг орон даяар хүргэх боломж бүрдлээ.

Categories
мэдээ улс-төр

Х.Баделхан: Шинээр барих цэвэрлэх байгууламж хоногт 2500 м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Засгийн газрын шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр “2000 оноос эхлэн цэвэрлэх байгууламжийг шинээр байгуулах ажил яригдаж эхлэсэн. 2014 онд Францын Артелло компаниар ТЭЗҮ хийлгэсэн байна. Үүний үндсэн дээр хөрөнгийн эх үүсвэрийг олж, барих ажил эхэлсэн. Өнгөрсөн оны Засгийн газрын хуралдаанаар Хятадын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд барих үүрэг надад оногдсон. Үүний дагуу хятадын талаас цэвэрлэх байгууламжийг барих гурван компанийг шалгаруулж ирүүлсэн. Эдгээрээс “Бээжин констракшн инженеринг” гэсэн компанитай гэрээ байгуулсан. Гэрээгээр хоногт 2500 м3 бохир ус цээвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж баригдана. Цэвэрлэхдээ гаргасан лагийг шатааж эрчим хүч гаргана. Үүнээс өөрийн үйлдвэрийн эрчим хүчний хэрэгцээний 50 хувийг хангах нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан.

Гэрээний давуу талд: Нийт ажлын 50 хувийг хятадын тал хийнэ.Мөн монголд үйлвэрлэх боломжтой тоног төхөөрөмжүүдийг 35 хувийг манай талаас нийлүүлэх боломжтой болсон.Энэ байгууламжийг гурван жилийн хугацаанд барьж дуусгах төлөвлөгөөтэй байна.

Ашиглалтад орсны дараа эхний жилд зүгшрүүлнэ, дараагийн зургаан сард манай талын мэргэжилтнүүдийг мэргэшүүлэн хүлээлгэж өгнө.

Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад ортол үнэр дарах ажлыг хийнэ. Картан дахь шинэ лагийн үнэрийг дарахын тулд лаг өтгөрүүлэх, үнэргүйжүүлэх төхөөрөмжийг суурилуулж байна. Энэ төхөөрөмж наадмын өмнө ашиглалтад орно.

Мөн олон жил хуримтлагдсан хуучин лагаас үнэр гарч байгаа. Хуучин лагийн үнэрийг саармагжуулахаар сонгон шалгаруулалт зарлаж Монгол, Япон хоёр компани шалгарсан. Одоогоор тэр хоёр компани лагийг боловсруулж, хар шороо болон бордоо хийж байна. 2019 ондоо багтаад лагийн өмхий үнэрийг бүрэн дарах болно” гэв.

Categories
мэдээ улс-төр

ТБХ: Ээлжит чуулганы хугацаанд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд, даргыг томилох асуудлыг хэлэлцэн баталжээ

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо 10, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хоёр удаа хуралдаж, мөн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг болон дэд ажлын хэсгийн долоон удаагийн хуралдааныг зохион байгуулжээ.

Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хууль, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулиуд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрүүд, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоолыг хэлэлцэн батлах, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зарцуулалтыг шалгаж судлах “Түр хороо байгуулах тухай”, “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүийг хэлэлцэн шийдвэрлэх, гадаад улс, олон улсын санхүүгийн байгууллагатай байгуулсан зээлийн гэрээ, хэлэлцээрийг зөвшилцөх талаар санал, дүгнэлт гаргах чиглэлээр ажилласан байна.

Мөн Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж, Төсвийн байнгын хороонд санал, дүгнэлтээ хүргүүлжээ.

Улсын Их Хурлын 2018 оны намрын чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо бие даасан хууль гурав, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль найм, Улсын Их Хурлын тогтоол зургааг батлуулж, Олон Улсын зээлийн хэлэлцээрийн хоёр төсөлзөвшилцсөн. Түүнчлэн тус Байнгын хороо Улсын Их Хурлын Тамгын газрын 2019 оны төсвийн төсөл, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2019 оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа. Түүнчлэн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд болон зөвлөлийн даргыг томилох асуудлыг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн баталсан байна.


УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд 10 гаруй хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүд байна. Тухайлбал, Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болонхамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдХувь хүний орлогын албан татварын тухай, Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хууль, тогтоолын төслүүдөргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа аж.

Categories
энтертаймент-ертөнц

Олон улсын циркийн тэмцээнээс манай циркчид алтан цом хүртжээ

Энэ сарын 14-19-ний өдөр Испани улсын Жироно хотноо зохион байгуулсан Олон улсын циркийн тэмцээнээс манай циркчид алтан цом хүртлээ. Олон улсын циркчдийн “Festival Internacional del Circ Elephant d’Or” тэмцээнд дэлхийн 100 гаруй уран бүтээлч оролцсон байна. Продюсер Н.Эрдэнэ “Бидний хийж буй үзүүлбэр дэлхийн хаана ч байхгүй. Зөвхөн Монголын циркийн жүжигчин хийж байгаа нь бахархалтай” гэв. Ноднин тус циркийн уран бүтээлч нар Унгарын Будапешт хотноо болсон олон улсын циркийн жүжигчдийн тэмцээнд амжилттай оролцож, мөн л алтан цом авч байжээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга ээлжит бус чуулган зарлах санал хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай” албан бичиг хүргүүлэв.

ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАН ХУРАЛДУУЛАХ ТУХАЙ АЛБАН БИЧИГТ:

Улсын Их Хурлын өмнөх дарга, гишүүдийн хооронд үүссэн зөрчил, тэмцлээс шалтгаалан төрийн эрх барих дээд байгууллагын ажил 40 гаруй хоногоор гацаж, 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн 23 хууль, тогтоомжийн төслийн дийлэнхийг нь хэлэлцэлгүй орхин, шийдэл хүлээж байгаа нийгэм, эдийн засгийн амин чухал олон асуудал хойшлох нөхцөл үүссэнтэй холбогдуулан миний бие 2019 оны 01 дүгээр сарын 22-ын өдөр Е/03 тоот албан бичгээр Улсын Их Хурлын даргад албан ёсоор хандаж, чуулганы хугацааг сунган хуралдуулах санал, шаардлагыг хүргүүлсэн боловч намрын ээлжит чуулганыг хуулийн хугацаанд нь завсарлуулаад байна.

Төрийн эрх барих дээд байгууллагын үр дүн муутай ажил нь сахилга, хариуцлагыг бүх түвшинд алдагдуулж, нийгмийн хөгжлийг сааруулах, аливаа бэрхшээлийг гааруулах шалтаг, шалтгаан нь болох тул алдагдсан цаг хугацааг нөхөж улс орон, ард иргэдийн амьдралд тулгамдаж байгаа шийдэл хүлээсэн асуудлуудыг нэн даруй хэлэлцэн шийдвэрлэх арга хэмжээг шуурхай авах шаардлагатай юм.

Ард иргэн олон нийт, эрх баригч нам, Улсын Их Хурал, Засгийн газар болон холбогдох бусад төрийн байгууллага, албан тушаалтнаас “хууль тэгш үйлчилж, хэлбэрэлтгүй хэрэгждэг” шударга нийгмийг цогцлоох дорвитой бодлого, шийдэл хүлээж, шаардаж байна.

Үүний хүрээнд Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд болон иргэний нийгмийн байгууллагууд 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор зарлан хуралдуулж, тодорхой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх санал, шаардлагыг мөн гаргаад байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу Улсын Их Хурлын гишүүдийн санал болгон шаардаж буй асуудлаар ээлжит бус чуулганыг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор зарлан хуралдуулах саналыг үүгээр хүргүүлж байна.

Судлан үзэж, хуулийн дагуу шийдвэрлэнэ үү” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Үерийн далан гэмтээсэн байгууллагын газрыг чөлөөлнө

Геодези, усны барилга байгууламжийн газраас хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг зохион байгуулж байна. Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалт, хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах, далан суваг, ус гаргуурын бөглөрлийг арилгах шуурхай арга хэмжээ авч байна. Мөн үерийн ус чөлөөтэй нэвтрэх боломжийг алдагдуулж хамгаалалтын зурвасын журмыг ноцтой зөрчсөн иргэн, аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааг зогсоох, газар чөлөөлөх арга хэмжээг холбогдох газрууд зохион байгуулж байна.



Categories
мэдээ спорт

Б.Хишигбаярыг оюутны шигшээ багийн дасгалжуулагчаар томиллоо

Монголын жүдо бөхийн холбоо оюутны шигшээ багийн дасгалжуулагчаар ОУХМ Бүүвэйбаатарын Хишигбаярыг томиллоо. -66, -73 кг-ын жинд оргил амжилтуудаа гаргаж байсан тэрбээр Сингапурын шигшээ, Дорнод Казахстаны өсвөр үе залуучуудын шигшээ багийг удирдаж байсан туршлагтай бөгөөд “Аварга” биеийн тамирын дээд сургууль, Монголын жүдо академид багшилж байлаа. Тэрбээр энэ онд зохиoгдох “Наполи-2019” оюутны Универсиад наадамд баг, тамирчдаа бэлтгэн оролцуулах юм.

Categories
мэдээ нийгэм

Огцом дулаарлаас үүдэлтэй гарч болзошгүй эрсдэлүүдээс сэрэмжилж ажиллахыг үүрэг болгов

Ойрын өдрүүдэд үүсэх огцом дулаарлаас үүдэлтэй шар усны үер буух, далан, суваг шуудуу бөглөрөх, шугам сүлжээ гэмтэх зэрэг гарч болзошгүй эрсдэлүүдээс урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг хангаж ажиллахыг ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом өнөөдөр болсон Үйлдвэрлэлийн шуурхай зөвлөгөөнөөс үүрэг болголоо.

Мөн тэрбээр дулаарч цас, мөс хайлж байгаа учир байгууллага, аж ахуйн нэгжүүд орчны тохижилт, хог цэвэрлэгээндээ анхаарч их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах, жил бүрийн хавар, намарт хийгддэг навигацийн үзлэгийн бэлтгэл ажлыг хангахыг үүрэгдлээ.

Үйлдвэрлэлийн ээлжит шуурхай зөвлөгөөн Нисэх буудлуудын удирдах газар/НБУГ/-т болж, алба, салбарын удирдлагууд ИНЕГ-аас анх удаа тусдаа бие даан гарсан тус байгууллагын үйл ажиллагаатай танилцсан юм.

ИНЕГ-ын даргын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн тушаалаар Нисэх буудлуудын удирдах газрын зохион байгуулалтын бүтэц батлагдсан бөгөөд НБУГ-ын хэлтэс тасаг, харьяа алба салбаруудыг нийлүүлээд нийтдээ 1504 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.

Нисэх буудлуудын үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий “Нисэх буудлуудын удирдах газар”-ыг байгуулснаар нисэх буудлууд зах зээлийн зарчмаар бие даан ажиллах нөхцлийг бүрдүүлэх, төрийн үйлчилгээний ил тод, шуурхай байдлыг хангах, агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлэх, агаарын тээврийн салбарт өмчийн олон хэлбэрийг бий болгоход чухал алхам болох төдийгүй ИНЕГ-ын хүний нөөц, аж ахуйн үйл ажиллагааны ачаалал эрс багасч, аюулгүй ажиллагааны болон аюулгүй байдлын хяналт, зохицуулалт сайжирна гэж тооцож байгаа гэдгийг НБУГ-ын дарга Д.Эрдэнэбаатар мэдээлэлдээ онцоллоо. НБУГ нь тодорхой хугацаанд ИНЕГ-аас санхүүжилтийн хувьд хамааралтай байх ба цаашид төсвийн ачааллыг бууруулж, өөрийгөө санхүүжүүлэн ажиллах зорилт тавин ажиллаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар ИНЕГ-ын харьяанд орон нутгийн 21 нисэх буудал үйл ажиллагаа явуулж байна. Харин хувийн өмчийн 3 нисэх буудал ажиллаж байна.

Ховд аймгийн “Ховд” нисэх буудлын аэродромыг 4С хяналтын код бүхий агаарын хөлөг хүлээж авах хүчин чадалтай болгон өргөтгөх зураг төслийг гүйцэтгүүлж, батлуулсан. Увс аймгийн “Дэглий цагаан” нисэх буудлын явгалах замын өргөтгөж, Завхан аймгийн “Доной” нисэх буудлын аэродромын барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлсэн. Кувейтийн сангийн хөрөнгөөр Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх буудлыг шинэчлэн барих төсөл”-ийн санхүүжилтийг шийдвэрлүүлж, аэродромын болон зорчигч үйлчилгээний цогцолборын барилга угсралтын ажлыг 2019 онд эхлүүлж, 2020 оны тавдугаар сарын 20-ны өдрөөс өмнө дуусгахаар төлөвлөж байгаа гэдгээ НБУГ-ын дарга мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ховд аймагт түнхний үе солих мэс заслыг анх удаа хийжээ

Ховд аймаг дахь БОЭТ-ийн Гэмтлийн тасагт мэс заслын баг түнхний үений хугарлын үед хиймэл үе солих мэс заслыг анх удаа амжилттай хийсэн байна.

Тус тасгийн 10 гаруй эмч нарын бүрэлдэхүүнтэй баг хоёрдугаар сарын 9-нд ГССҮТ-ийн эмч нартай хамтран түнхний үений хугарлын үед хиймэл үе солих мэс засал 2 хүнд, энэ сарын 18-ны өдөр 3 дахь удаагийн мэс ажилбарыг БОЭТ-ийн Гэмтлийн тасгийн эмч нар бие даан амжилттай хийж, орон нутагтаа дунд чөмөгний хүзүүний толгой буюу дунд чөмөгний үеийг солих мэс заслын аргыг нэвтрүүллээ.

Энэ төрлийн хагалгаанд орсон өвчтөнүүд 2 дахь хоногоосоо хөл дээрээ гишгэж, 10 дахь хоногт шарх нь бүрэн эдгэрч гарсан гэж БОЭТ-ийн Гэмтлийн тасгаас мэдээллээ.

Сүүлийн үед замын халтиргаа, гулгаа их байгаагаас хөл, гар нь хугарсан, мултарсан гэмтэлтэй иргэд БОЭТ-ийн Гэмтлийн тасагт хандан эмчлүүлдэг. Тэдгээр иргэний дийлэнх хувь нь 60-аас дээш настай ахмадууд байдаг. Гэмтэл бэртэлтэй иргэдийн үений хөдөлгөөнийг идэвхтэй болгох, 3 сар гаруй шохой, гипстэй хэвтэж байж хагас дутуу хөл дээрээ босдог, хэвтрийн улмаас арьсны холголт цооролт үүсэх зэрэг хүндрэлээс сэргийлэх зорилгоор тус тасгийн хамт олон мөчний хугарлыг эмчлэх мэс ажилбар, ялангуяа шилбэ, дунд чөмөгний хугарлыг эмчлэх мэс заслыг 2014 оноос хойш хийж эхэлсэн юм.

Цаашид энэ төрлийн мэс заслыг орон нутагтаа бие даан хийхээр зорьж байгаа бөгөөд ирэх 3 дугаар сарын эхээр өвдөгний үе солих мэс засал хийхээр төлөвлөж байна.