Categories
мэдээ нийгэм

Архи согтууруулах ундааг сурталчилахгүй байх хэрэгтэй гэв

Зар сурталчилгааны тухай хууль болон Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хангахад ШӨХТГ ямар хяналт тавьж буй талаар мэдээлэв. “Сүүлийн үед зарим томоохон дэлгүүр, ресторанууд архи согтууруулах ундааны зар сурталчилгааг явуулахдаа хууль зөрчиж байна. Тодруулбал, архи согтууруулах ундааг хямдрал урамшуулал зарласан байдлаар сурталчилж байгаа юм”гэж ШӨХТГ-ын төлөөлөл хэллээ.Хамгийн сүүлд хийсэн хяналт шалгалтаар“Наран Март” ХХК нь Австралийн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан“ Австрали виног хямдруулан худалдаж байна” гэх зарыг фейсбүүкээр тараасан. Мөн ихэнх сүлжээ дэлгүүр, цэнгээний газар, ресторанууд өөрийн пэйж хуудсаар согтууруулах ундаанд хямдрал урамшуулал зарлаж, зөрчил гаргаж байна. Тиймээс ШӨХТГ хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж,10 гаруй бар ресторануудад, архидан согтуурахыг уриалсан шинжтэй сурталчилгаа явуулахгүй байх шаардлагыг хүргүүлсэн аж.

Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийн хяналтыг өнгөрсөн онд нэг сарын турш хийжгүйцэтгэсэн байна. Хяналт шалгалтыг нийслэлийн зургаан дүүргийн гудамж талбайд байх ил самбар, зар, мэдээлэл, үйлчилгээний байгууллагын нэр зэргийг ажиглалтын аргаар судалжээ. Ингэхдээ хууль тогтоомжид хэрхэн нийцэж байгаа эсэхийг анхаарч ажилласан байна. Үүний нийтлэг зөрчил нь гадаад хэлийг орчуулалгүйгээр шууд хэрэглэдэг байдал юм. Иймд Монгол хэлний тухай хуулийнхэрэгжилтийг хангах үүднээс ШӨХТГ-ын дарга Б. Лхагва энэ оны хоёрдугаар сарын 13-нд Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй ажиллах санамж бичгийг байгуулжээ. Санамж бичгийн хүрээнд ХМХ-үүд орчин цагийн монгол хэлний хэм хэмжээг баримталж буй эсэхэд. Гудамж талбайд ил байрлуулсан самбар, байгууллагын хаягжилтад хяналт тавих зэрэг болно.

П.САЙНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

E-POLICE апплишейшн ашиглан 90 зөрчилд хариуцлага тооцлоо

E-POLICE гар утасны аппликейшныг ашиглан жолооч нарын гаргасан зөрчлийг Замын хөдөлгөөний удирдлагын төвд илгээснээр асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэжээ. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын хувьд урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэгээ зөрчих, зогс шугам давж зогсох, уулзвар гарц хаах, уулзварт давхар эргэх, эгнээ хааж зогсох, эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих гэх мэтээр замын хөдөлгөөний дүрмийг ихээр зөрчдөг. Үүний улмаас түгжрэл үүсч, хөдөлгөөний ачааллыг ихээр бий болгож байна. Тиймээс замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба хамтран “E-Police аппликейшнийг гарган ажиллаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар андройд утас-8.7мянга, Iphone-1.4мянган хүн татаж авч ашигласан байна. Өнгөрсөн 7 хоногт E-POLICE гар утасны аппликейшныг ашиглан 90 зөрчилд хариуцлага тооцсон байна.

Categories
мэдээ нийгэм

Оюутолгой компани 200 гаруй ажилчдынхаа цалинг хасчээ

Дэлхийн топ 50 компаний нэг болох Оюутолгой ХХК ажилчдын ажлын байранд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэжээ. Уг үнэлгээг Хөдөлмөр Орчны Эрүүл Мэндийн Институтаар (ХОЭМИ) 2017 оны зургаадугаар сарын 24-нөөс аравдугаар сарын 2-ны хооронд Өмнөговь аймагт байрлах уурхайн талбарын хүнд, хортой нөхцөлд ажиллаж буйажилчдын дунд хийсэн байна. Оюутолгой ХХК нь уг нөхцлийн тайланд үндэслэн 200 гаруй ажилчдынхаа хөдөлмөрийн хэвийн бус, нөхцлийг хэвийн болгож, нэмэгдэл цалинг нь хасчээ.

Энэ талаарОюутолгойн далд уурхайн аврах албаны ахлах ажилтан Л.Эрдэнэбат, Оюутолгой Үйлдвэрчний хорооны дарга Ц.Дэлгэрхүү, хуульч Б.Тунгалагнаран, нар хэвлэлийн бага хурал хийж дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Хэвийн бус нөхцлийн нэмэгдэлийг хассанд ажилчид бухимдалтай байгаа ба уг үйлдлийг эс зөвшөөрч Оюутолгой ХХК-д Монгол Улсын хууль тогтоомж зөрчиж, ажилчидын эрх хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байгаа үйлдлээ таслан зогсоохыг хүссэн аж. Гэвч Монгол Улсын хууль тогтоомжийн тодорхой бус байдлаас болсон гэж тайлбарлан Үйлдвэрчний эвлэлийн саналыг хүлээж аваагүй байна.Мөн ХОЭМИ гэх газар нь хөдөлмөрийн хүнд, хортой ажлын байранд хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллага биш болох нь тогтоогджээ.

Иймээс Үйлдвэрчний эвлэлийн зүгээс хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэж улмаар Хөдөлмөрийн хууль тогтоомжид заасан журмаар Сүхбаатар дүүргийн Засаг даргад хөдөлмөрийн зуучлагч томилуулах хүсэлтийг гарган томилуулсан боловч хуралд Оюутолгой ХХК-ийн зүгээс оролцоогүй байна. Ингээд ч зогсохгүй уг зуучлагч томилсон захирамжийг хүчингүй болгуулахаар нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд ханджээ.

Оюутолгойд эзэн суусан гадныхан хууль бус дүгнэлтээр хэмнэлт хийж буйг Үйлдвэрчний эвлэлээр дамжуулан ажилчид эсэргүүцлээилэрхийлж, арга хэмжээ авахгүй бол нийтийн тэмцлийн дараагийн шатанд шилжинэ гэдгээ мэдэгдлээ.

М.САЙНЗАЯА

Categories
мэдээ улс-төр

УИХ хүний эрх, шударга ёс зөрчигдсөн асуудлыг хянан шалгах чиглэлээр ХЭҮК-тай хамтарч ажиллана

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Чуулган завсарлахаар Улсын Их Хурал амарчихдаг юм шиг буруу ойлгоод байдаг. Байнгын ажиллагаатай парламентын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байх ёстой. Тиймээс ойрын өдрүүдэд ээлжит болон ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа Татварын багц хуулиуд, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ. Өнөөдөр УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Түүнчлэн УИХ-ын харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, санал бодлыг сонсох ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Тантай уулзаж байгаа юм. Ардчилсан нийгмийн суурь зарчим бол хүний эрхийг дээдлэх, хангах, хамгаалах явдал юм. Хугацаат цэргийн албан хаагч амиа алдсан, иргэд олноороо хоолонд хордсон, 13 настай охины амийг хөнөөсөн хэрэг гээд анхаарал татсан олон асуудал байна. Хуулийн байгууллага хүний эрхийг зөрчдөг талаар мэдээлэл цөөнгүй ирж байгаа. Тиймээс манай улсад хүний эрхийн байдал ямар байгаа талаар болон анхаарах асуудлын талаар байр суурийг чинь сонсъё гэлээ.

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж “Монгол Улс улс төр, хууль эрх зүйн тогтолцоо талаасаа хүний эрхийг хангах, хамгаалах баталгаа бүрдсэн орон хэдий ч зөрчил буурахгүй байгаа нь голчлон эдийн засгийн баталгаа муутайгаас болж байна” гэв.

Тэрбээр манай улсад түгээмэл тохиолдож байгаа хүний эрхийн зөрчилд хөдөлмөрлөх эрхийн зөрчил, түүний дотор ажлын байрны бэлгийн болон бусад дарамт, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд иргэнийг дарамталдаг, сүрдүүлдэг, зоддог зөрчил хамаарч байна. Түүнчлэн баривчлах шийтгэлийг ногдуулахдаа цагдан хорих байрны багтаамжийг хэтрүүлж эрхийг нь зөрчдөг, манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц дотоодынхоо хууль тогтоомжтой зөрчилддөг, сэтгэл санааны хохирол, хүний амийг үнэлэхгүй байх явдал анхаарал татаж байна. Харин тоон үзүүлэлт нь буураагүй ч хүүхдийн эрхийг хамгаалах арга хэрэгсэл, олон нийтийн санаачилга эрс сайжирсан, бага насны хүүхдээр хурдан морь унуулсны улмаас хүүхэд гэмтэж бэртэх, цаашлаад амь насаа алдах зөрчил ихээхэн багассан гэж тэмдэглэв.

Тэрбээр:

-сэтгэцийн өвчтэй хүмүүсийн асрамжийн газрыг тусгайлан байгуулах;

-химийн хортой, аюултай бодисын хэрэглээ замбараагүй болж, хяналтаас гарчмэдэх түвшинд хүрснийг онцгой анхаарах;

-лабораторийн шинжилгээ, баталгаагүй хүнсний бүтээгдэхүүнийг хилээр оруулахыг бүрмөсөн хориглох;

-Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг сэргээн байгуулах зэрэг саналуудыг дэвшүүллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын үйл ажиллагааны нэг үндсэн чиглэл нь хянан шалгах юм. Тиймээс энэ ажлыг эрчимжүүлж, харьяа байгууллагуудтайгаа хамтран ажиллах ёстой гэж үзэж байна. Тухайлбал хууль, хяналтын байгууллагууд болон бусад орчинд гарч буй хүний эрхийн зөрчил, төрийн алба, албан хаагчдад сахилга хариуцлагыг сахиулах зэрэг чиглэлээр Та бүхэнтэй хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллана. УИХ хүний эрх, шударга ёс зөрчигдсөн асуудалд онцгой анхаарах болно. Үүнд Хүний эрхийн үндэсний комиссын гүйцэтгэх үүрэг чухал ач холбогдолтой” гэв.

Categories
мэдээ нийгэм

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав

Онцгой байдлын ерөнхий газраас гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх зорилгоор Монголын даатгалын холбоотой хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.

Санамж бичигт ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэн, Монголын даатгалын холбооны гүйцэтгэх захирал Ж.Батжаргал нар гарын үсэг зурсан юм.

Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Даатгалын тухай хууль болон холбогдох хууль, тогтоомж, бодлогын баримт бичиг, дүрэм журмыг даатгалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа даатгагч, даатгуулагчдад сурталчлан таниулах, гамшгийн эрсдэлийн даатгалын хуулийн төсөл боловсруулахтай холбоотой судалгаа хийж гүйцэтгэх, олон улсын гамшгийн эрсдэлийн даатгалын тэргүүн туршлагыг судлах, мэдээлэл солилцох юм.

Categories
мэдээ нийгэм

Угсармал орон сууцны барилгын дулаалгыг хувийн хэвшилтэй хамтран хийнэ

“Угсармал орон сууцны барилгын дулаан техникийн шинэчлэл”-ийг хэрэгжүүлэх ажил нь “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хөтөлбөр, Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр, Монгол Улс Парисын хэлэлцээрт нэгдэн орсноор хүлээх үүрэг, Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан юм. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан Даян дэлхий ногоон хөгжлийн байгууллагатай хамтран “Угсармал орон сууцны барилгын дулаан техникийн шинэчлэл”-ийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Барилга, хот байгуулалтын яам, нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Даян дэлхийн ногоон хөгжлийн төв, Монголын барилгачдын нэгдэн холбоо, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, Базалтвүүл ХК, Люкс констракшн зэрэг төр, хувийн хэвшлийн байгууллагын удирдлагууд оролцож, угсармал орон сууц дулаалах материалын судалгаа, танилцуулга, эдийн засаг, санхүү болон арилжаа, стратеги, менежмент зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Сангийн яам болон УИХ-ын гишүүдтэй ярилцаж, ойлголцсоны үндсэн дээр Угсармал орон сууцны дулаалгын төсөв болох 12.7 тэрбум төгрөгийг УИХ-аар батлуулж Улсын төсвөөс гаргахаар болсон. Өнгөрсөн хоёр жилд нийслэлд 1965-2000 оны хооронд баригдсан 1077 блок угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэлийг хийх ажлын хүрээнд угсармал орон сууцны барилгуудад эрчим хүчний аудит, барилгын гадна ханын дулаалга хийх ажлын зураг төсвийг боловсруулсан” хэмээн ярилаа. Мөн 5, 9, 12 давхар угсармал орон сууцны барилгын дулаан алдагдлыг бууруулах ажлын жишиг зураг төсөв боловсруулан Барилга хөгжлийн төвөөр магадлал хийлгэх, Дулаан техникийн шинэчлэл хийх санхүүгийн механизм техникийн эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулах ажлуудыг олон улсын болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж гүйцэтгэжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

КFC-ийн тахианд хордсон иргэдийн нөхөн олговорыг олгуулахад ШӨХТГ анхаарч ажиллана гэв

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр KFC-ийн үйл ажиллагаанд хэрхэн хяналт шалгалт хийж байгаа талаар мэдээлэл өгөв. ШӨХТГ-ын ажлын хэсэг өчигдөр ХӨСҮТ-д ажиллалаа. Одоогийнбайдлаар KFC-ийн хоолноос хордсон гэж 247 иргэн тус төвд хандсан байна. Энэ төрлийн шалтгаанаар 44 иргэн хэвтэн эмчлүүлсэн. Үүнээс 24 нь хүүхэд, 20 нь том хүн аж. Харин өчигдрийн байдлаар 14 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 11 нь хүүхэд, 3 нь том хүн байжээ.“KFC-ийн түргэн хоолонд хордсонтой холбоотой анхаарвал зохих хэд хэдэн асуудал байна. Нэгдүгээрт, тусгай зөвшөөрөл олгож байгаа байгууллагуудын үйл ажиллагаанд хатуу анхаарах. Жишээ нь, Зайсан дахь KFC салбар тухайн дүүргээсээ зөвшөөрөл авч ажиллаж байсан. Иймээс тухайн үйлчилгээ, үйл ажиллагааг явуулах эрх олгож байгаа байгууллага гэрээнийхээ хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Хоёрдугаарт төрийн болон бүх шатны байгууллагууд үүнд хяналт тавьж ажиллах нь зүйтэй юм” гэж Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш. Цэрэндулам ярив. Хохирол учирсан иргэд холбогдох нотлох баримтын хамт гомдлоо гаргах эрхтэй. Одоогийн байдлаар KFC-ийн асуудлаар ШӨХТГ-т хоёр иргэн хандсан байна. “Хэрвээ энэ асуудлаар хохирогчид манай байгууллагад хандаж, ажлын хэсгийн хүрээнд гомдлоо барагдуулахыг хүсвэл бид тусалж ажиллана” гэдгийг тус байгууллагын төлөөлөл хэлж байсан юм. Зөрчлийн тухай хуулийн 10.2.5-т “Хэрэглэгчийн байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа ажил үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас эрүүл мэнд болон, хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсан эсвэл заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр. Харин хуулийн этгээдийг 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн хуулийн заалт бий. Тус хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.1, 12.6 дугаар заалтыг ШӨХТГ-ын ажлын хэсэг удирдлага болгож байгаа юм. Одоогийн байдлаар ажлын хэсэг гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр МХЕГ, НМХГ болон ХӨСҮТ-д холбогдох байгууллагуудаас тодорхой хариу тайлбарыг авч ажиллаж байна.

П. САЙНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

“Дэд бүтцийн төв”-ийн бүтээн байгуулалт 70 гаруй хувьтай явж байна

Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд хэрэгжиж буй “Дэд бүтцийн төв”-ийг ирэх тавдугаар сард бүрэн хүлээлгэж өгнө

Өнөөдөр БХБЯ, Нийслэлийн удирдлагууд Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд хэрэгжиж буй анхны “Дэд бүтцийн төв“-ийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

Өнөөдрийн байдлаар нийт ажлын гүйцэтгэл 70 гаруй хувьтай явж байна. Эхний ээлжинд айлуудаа дулаанд холбосон. Харин ирэх дөрөвдүгээр сарын 15-аас бохир, усаа өгөхөөр төлөвлөн ажиллаж байна. Бид энэ хэсгийг “жишиг” хотхон болгох зорилготой ажиллаж байна. Өөрөөр хэлбэл авто зам, явган хүний, дугуйн зам, гэрэлтүүлэг, камержуулалт гээд тохижилтын ажлуудыг нь давхар шийдэж, хийж өгөх юм. Ирэх тавдугаар сард бид тохижилтын ажлыг бүрэн хийж, хүлээлгэж өгнө.
“Дэд бүтцийн төв”-ийн хувьд өөрийн гэсэн цэвэрлэх байгууламжтай. Цэвэрлэх байгууламжийн хувьд хоногт 520 куб метр боловсруулж, 1000 хүртэлх айлын бохирыг цэвэршүүлэх хүчин чадалтай. Өнөөдөр нийтдээ төсөлд хамрагдсан 285 айлыг халуун ус, дулаан, бохирт холбох ажлуудыг бүрэн хийгээд дууссан. Төсөлд хамрагдсан бүх айл, өрх рүү шугам оруулах зардлыг НЗДТГ-аас шийдсэн. Харин айл, өрхүүдийн хувьд өөрсдөө ванн, душ, 00 суултуур, паар зэргээ шийдэх ёстой. Цэвэрлэх байгууламжаас гарч байгаа саарал усаар бид жижиг хэмжээний цөөрөм хийх бодол байна. Өөрөөр хэлбэл цэвэрлэх байгууламжаас 99,9 хувийн цэвэршүүлсэн саарал ус гарах юм.
Нийслэлийн хувьд 2019 оны төсөвт 20 тэрбум төгрөгийг суулгаж, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт хоёр “Дэд бүтцийн төв”-ийг барихаар төлөвлөсөн байгаа.

Categories
мэдээ нийгэм

Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардав

Төрийн албаны шүүх, хууль хяналтын байгууллагуудын алдаатай үйл ажиллагаанаас болж хохирч, хэлмэгдсэн иргэдийн төлөөлөл болсон “Шудрага ёс” хөдөлгөөний тэргүүн Д.Батдамба, гишүүн Д.Дунгармаа, “Худалдаачдын холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн Г.Эрдэчимэг нар “Шудрага ёс” хөдөлгөөнийг үүсгэн байгуулжээ.Уг хөдөлгөөнөөр дамжуулан хэд хэдэн шаардлагийг тавьж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшантар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нартхүргүүлж байгаа байна.

Тухайлбал Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг гуравдугаар сарын наймнаас өмнө огцрох, мөн шүүх, хууль хяналтын байгууллагуудын хууль бус тушаал, шийдвэрүүдийг дахин хянах онцгой эрх бүхий АРД ТҮМНИЙ ХЯНАЛТЫН ХОРОО-г байгуулах, шүүх, хууль хяналтын байгууллагууд тэдний алба хаагчдын буруутай үйл ажиллагаанаас болж хохирч хэлмэгдсэн иргэдийн гомдлыг нэг удаа тайлж барагдуулах ажлыг зохион байгуулах зэрэг шаардлагуудыг тавьж байгаа аж.

Тэд гуравдугаар сарын 8–ны дотор шаардлагын хариуг өгөхийг шаардаж, нааштайгаар шийдэж өгөхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэр болох өлсгөлөнгийн хэлбэрт шилжих болно гэв. Мөн өнөөдрөөс эхлэн 11:00-15:00 цагуудын хооронд Хууль зүйн яамны гадаа эсэргүүцлийн цуглаан зохион байгуулах аж.

М.САЙНЗАЯА

Categories
мэдээ спорт

Олимпд бэлтгэх үндэсний хороог ойрын үед хуралдуулна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр нар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газарт спортын салбарынхан болон холбоодын удирдлагатай ажил хэрэгч уулзалт хийлээ. Сайд Ё.Баатарбилэг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 30-нд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, спортын байнгын хорооны даргын хувиар энэ салбарынхантай уулзаж, тухайн үед тавьж байсан олон асуудал нааштай шийдэгдсэн болохыг уулзалтад оролцогчид дурдлаа.

Энэ удаагийн уулзалтаар Токио-2020 олимпын бэлтгэл ажлын хүрээнд тулгамдсан асуудал болон бусад нэн даруй шийдвэрлэх шаардлагатай арга хэмжээний талаар салбарынхны саналыг сонслоо.

Токио 2020 оны олимпд анх удаа багийн жүдо бөхийн төрөл нэмэгдэж байгаа. Тиймээс Үндэсний шигшээ багийн болон массажистын орон тооны асуудал, бэлтгэл хийх нэгдсэн өөрийн гэсэн баазтай болох, тамирчдын эрүүл мэнд витаминжуулалтын асуудлыг салбарынхан хөндөж байна.

Уулзалтын төгсгөлд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Олимпд бэлтгэх үндэсний хороог ойрын үед хуралдуулах нь зүйтэй. Энэ хуралд төсөв мөнгө, орон тоо, эм бэлдмэлийн асуудлаа тооцоотой, гарц шийдэлтэй нь оруулахыг ажил хариуцсан хүмүүст үүрэг болголоо. Тавигдсан төсвийн мөнгийг жижиг тэмцээн уралдаан зохион байгуулаад дуусах биш харин үлдэцтэй, нэн шаардлагатай ажил арга хэмжээнд зарцуулахыг санууллаа. Олимпын өмнөх жил учраас үүнд чиглэсэн ажил арга хэмжээнд яамны зүгээс түлхүү анхаарч ажиллах болно гэлээ.