Categories
мэдээ цаг-үе

Г.Цэрэн: Философийн эхлэл буддизмаас цаашлаад бүр чулуун зэвсгийн үе рүү орчихлоо

Философийн ухааны доктор, дэд профессор Г.Цэрэнтэй ярилцлаа.


-Социализмын үеийн Монгол Улс Марксизм, Ленинизмийн философиор замнасан гэж ярьдаг. Үнэхээр улсаараа нэг философи сэтгэлгээнд баригдсан байсан уу?

-Философи гэх мэдлэг нь тодорхой бие, хувь хүний бүтээлч, шүүмжлэлт сэтгэлгээний үр дүн. Ер нь хүний сэтгэхүйд гадны нөлөөгөөр янз бүрийн дарамт саад учруулахгүй бол хүн бүр философич сэтгэлгээгээ ашигладаг. Социализмын үед, нэг намын үзэл суртал давамгайлж бүх хүмүүсийг ижилхэн сэтгэдэг болгох гэсэн үйл явц өрнөсөн. Гэхдээ энэ үйл явц зарим хүмүүсийн боддог шиг нэг хэв, загварт орчихоогүй. Би тэр үеийн хүмүүстэй ажиллаж, амьдарч, уулзаж явсан хүн. Янз бүрийн асуудлаар ярилцаж байсан. Элдэв янзын хов жив ярьж, мэдээлэл дамжуулдаг хүн биш гэдэгт итгэдэг байсан хүмүүс надад өөрсдийн цэвэр философи, үзэл бодлоо нуулгүй ярьдаг байсан байх.

-Өнөөдөр манай улсад философич гэж онцлохоор хүмүүс хэр болон байгаа бол?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр буюу радио, телевиз, сонин, сэтгүүлээс харахад философи гэж нэрлэж болох шүүмжлэлт сэтгэлгээний үр дүн гэж хэлэхээр зүйл туйлын ховор байна. С.Молор-Эрдэнэ гэдэг хүн л өөрийнхөө үзэл бодлоо олон нийтэд ил тод хүргэж байна. Тэрнээс философийн ном, өгүүлэл бичиж, эрдмийн зэрэг хамгаалсан гэх хүмүүс сонин, сэтгүүлд юм бичихгүй байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч эдгээр хүмүүсийг урьж санаа бодлыг нь сонсохгүй байна. Ихэнх нь үзэл бодлоо хүмүүст хүргэхийн тулд мөнгө төлнө. Мөнгөтэй нь ном уншдаггүй. Ном уншдаг нь мөнгөгүй гэсэн зовлон байна.

-Философийн томоохон байгууллагуудаас философийн ухагдахуунуудыг хялбарчилсан лекц, орчин үеийн философийн ололт амжилтыг хялбаршуулсан сэтгүүл, ном гаргадаг уу?

-Шинжлэх ухааныг хялбаршуулсан бүтээл байхгүй гээд хэлчихэд хилсдүүлсэн болохгүй. Философи бол оюун ухааны шилэгдмэл, шигшигдмэл хэсэгт л ойлгомжтой ухаан гэж үздэг ерөнхий хандлага байдаг. Хүмүүстэй уулзаад ярихаар философи гэдэг үг хэлэнгүүт л сэтгэх, бодох үйл явц нь хаагдчихдаг. Блоклогдох гэдэг үг байдаг даа. Яг тэгчихдэг.

-Философи нь хэцүүдээ биш, хүмүүс өөрсдөдөө хаалт тавиад ойлгохыг хүсдэггүй байх нь ээ дээ?

-Сэтгэл зүйн саад бэрхшээл л байна. Уг нь энэ ухаан шинжлэх ухааны үндэстэй. Нейро физиологи, гүн ухааны үндэслэлүүд гэж ирээд яривал хүний тархинд буухаар ухаан. Манай филисофичид гадаад үг, нэр томьёо их хэрэглэдэг. Хамгийн гол нь тэр нэр томьёогоо эгэл хүн ойлгохоор орчуулж чаддаггүй. Тухайлбал, матер гэдэг үг бий. Грек хэлээр бол филин гэдэг үг. Шавар гэсэн утгатай. Шавраар янз бүрийн зүйлс хийдэг гэсэн утгаар хэрэглэсэн байдаг юм. Матер гэдэг нь харин латин үг. Монголоор “бие” буюу “бодис” гэж орчуулна. Чой.Лувсанжав, Б.Ренчин гуайн бичсэн номон дээр физикийг бодис гэж бичсэн байгаа. Үзэл суртлын дарангуйлал, давамгайлсан хуучин нийгмийн үед Б.Ренчин гуайг, Чой.Лувсанжав багшийг бодис гэж орчуулахаар “Интернационалист үг хэрэглэсэнгүй, үндэсний үзэл гаргалаа. Интернациональ үг хэрэглэхгүй болохоор гадаадад очоод юу ч ойлгохгүй байна шүү дээ” гэх маягаар шүүмжилж харддаг байсан. Ийм учраас философийн ойлголт, нэр томьёог монгол хэл рүү орчуулах асуудлыг хэн ч сэдэхээ байсан. Сэдсэн ч дэмжээгүй л дээ.

-Та бүхэн хуучин тогтолцооны үед Аристотель, Платон, Сократ, Кантыг уншдаг байсан. Энэ бүхнээсээ болж зэмлэж шүүмжлүүлж байсан уу?

-Албан ёсны Ленинизм, Марксизм гэх үзэл ноёрхож байсан тэр үед үзэл суртлын цензур, шалгалт гэдэг чинь бүдүүлэг юм байсан. Би МУИС-ийн философийн тэнхимийн багшаар ажилладаг байсан юм. Монгол хэлний ангийн оюутнуудад диалектик материализмын хичээл заадаг байв. Гэтэл их сургууль дээр МАХН-ын төв хороо, Дээд боловсролын хорооны хамтарсан шалгалт ирлээ. Миний хичээл дээр МАХН-ын төв хорооны орлогч эрхлэгч, Дээд боловсролын хорооны даргатай хамт суусан л даа. Би эсрэг, тэсрэгийн нэгдэл тэмцлийн хууль гэдэг сэдвээр лекц уншив аа. Тэд миний хичээлд суучихаад “Чи Лениний нэрийг гурван удаа хэлсэн. Марксийн нэрийг ганцхан удаа хэлсэн” гэж шүүмжилж байгаа юм. Нэг тиймэрхүү л шалгалт дарамт байдаг байлаа. Түүнээс биш язгуур үндэст нь ороод шалгаад байсан асуудал ховор.

-Философийн онцлогийг энгийнээр тайлбарлаач?

-Философи бол шүүмжлэлт, чөлөөт сэтгэлгээ. Хоёр хүн яг адил ном уншаад өөр өөрөөр ойлгоно. Би гэхэд л философийг “За даа философи гэдэг чинь” гэж ирээд Платоны философиос өнөөдрийн философи хүртэл ярина. Өмнөх философичдын яриагүйг ярь гэвэл олдохгүй. Бүх үеийн философийн асуудлуудын талбар нэг. Бид хаана байна, дэлхий дээр. Хэн билээ, хүн. Юу хийх вэ гэх мэт л ийм хэдхэн асуултад хариулт хайдаг.

-Сая таны хэлсэн асуудлуудад философичид өөр өөрийн байр сууринаас хариу өгнө байх. Тэгэхээр ялгаа, зааг нь философич болгоны тоогоор шахам өөр гарна гэсэн үг үү?

-Үг нь өөр болохоос биш цаана нь тэмдэглэж байсан зүйлүүд дээрээ нэг. Тухайлбал, би хүүхдийн аав, нэг хүүхний нөхөр, нэжгээд хүмүүсийн ах, нэг хүний хүү. Нэг хэсэг нь намайг багш гэнэ. Үндсэндээ намайг л янз бүрээр нэрлэчихсэн байгаа биз дээ. Яг үүн шиг л ажил. Тэр юунаас үүссэн, ямар вэ гээд л. Нарийн түвэгтэй асуудлыг янз бүрийн түвшинд таньж мэдээд, олж авсан мэдлэгээ гүнзгийрүүлж, баяжуулж янз бүрээр нэрлээд байна гэсэн үг.

-Философид туйлын санаа, буддын философид бурхан гээд хуучин идеалист үүсгүүрүүдийг хийсвэр эзэн бие рүү түлхдэг байсан. Энэ одоо хэрхэн тайлбарлагдаж байна вэ?

-Би өөрийнхөө бодлыг зүйрлэл ашиглан илэрхийлье. Өнгөрсөн үед байсан философийн бүх үзэл сургаалуудыг барилгын материал гэж үзье. Би уран барилгачин. Нэг зураг зурчихсан. Барилгын материалыг ашиглаад оюун ухааны нэг сайхан барилга барьж, мундаг бүтээл туурвих санаатай. Философи сэтгэлгээнд нэг дэх үе нь Платоны философийн тайлбар, хоёр дахь үе нь Гегелийнх, гурав дахь нь Хайдгарых. Дөрөв дэх үе нь Цэрэнгийн бичсэн философийн номын тайлбар. Яагаад болохгүй гэж. Өнөөдөр бүх хүн философичид болчихсон. Философийн доктор гэсэн нэрийн хуудас барьчихаад философийн ямар ч мэдлэггүй хүмүүс яваад байна гэсэн шүүмжлэл дуулддаг. Цаанаа юмыг таньж мэдэх гэсэн асар их тэмүүлэл байгаагийн илэрхийлэл гэж хармаар санагддаг.

-“Байгалийн диалектик”, “Капитал” гэх зохиолууд хоцрогдсон гэх мэтээр тайлбарладаг. Барууны улс орнуудад эдгээр онолууд агуулга, ач холбогдлын хувьд ямар байдаг вэ?

-Нэг зүйлийг шууд хэлье. Философийн сургаал гэдэг зүйл үеэ өнгөрөөгөөд хоцрогдоод огт хэрэггүй болно гэж огт байхгүй. Харин ч философийн сургаал хэдий чинээ эртнийх байна, тэр хэмжээгээрээ үнэн бөгөөд үнэ цэнэтэй. Одоогийнх шиг улс төр, бизнесжээгүй, яг үнэнийг олох гэсэн чин зорилготой хүмүүсийн бүтээл учраас.

-Марксизм, Ленинизмийн сургаалуудад урсгал бий юу?

-Марксизм, Леннизмийн олон урсгалтай. Марксист, Лениний философийн үндэс гэдэг хичээл зааж байлаа. Марксизм гэхэд олон хувилбартай. Монгол, ОХУ-д байсан нь зөвхөн нэг хувилбар нь. Тэрний цаана Марксийн залуу үеийнх нь бүтээл дээр суурилсан сургаал, эмэгтэйчүүдийг чөлөөлөх тухай сургаал, барууны марксизм гээд олон зүйл бий. Монголд марксизм орж ирэхээс өмнө философи байхгүй байсан гэж ярьдаг. Зарим хэсэг нь буддизм үүсэхээс өмнө философи байгаагүй гэж үздэг. Гэтэл өнөөдөр бүр чулуун зэвсгийн үеийн философи гэж ярьж байна. Яг тэр үед ямар байсан нь хүмүүст ойлгомжгүй байж магадгүй. Энэ талаар монгол эрдэмтдийн бүтээсэн бүтээлүүд байгаа.

-Марксизмын урсгалуудаас хамгийн сонирхолтой нь юу вэ?

-XX зууны эхэн үеэс эхлэн марксист философийн нэг сонин урсгал гарч ирсэн. Энэ үзэл онолыг каннафинцал гэдэг. Энэ нь социализм, капитализм хоёрын хамгийн сайн зүйлийг нь нийлүүлэн hybrid нийгэм байгуулна гэх утга. Бээжин, Ханойд энэ үзэл санааг хэрэгжүүлж байна. Капитализмын эдийн засгийн механизмыг амжилттай сайн ашиглаж байна. Дэг журмыг сайн мөрдөж байна. Хүн төрөлхтөн хурдтай өөрчлөгдөж байгаа энэ үед бидэнд шинэ үзэл бодол, сэтгэлгээ үнэхээр хэрэгтэй.

-Бид бүхэн ямар нийгэм байгуулах гээд яваад байна вэ?

-Зөвхөн монголчууд биш, хүн төрөлхтөн төөрчихсөн явна. Тас харанхуй шөнө төөрчихсөн байна. Шөнө төөрсөн бол үүр цайхаар л хаашаа явахаа мэднэ. Хаана ямар нийгэмд, хаана амьдраад байна гэдэг хэнд ч ойлгомжгүй байна. Америк, Франц, Герман, ОХУ, Хятадын иргэдийн хэнээс нь ч асуусан ямар нийгэмд амьдарч байгаагаа мэдэхгүй. Бидний өмнө нь хэрэглэж байсан үг ойлголт, нэр томьёог ашиглаж энэ ийм нийгэм гэж хэлэх маш хэцүү.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ цаг-үе

Ж.Цогтсугар: Архидалт нэмэгдэхийн хэрээр мунхрал төөрөгдөл газар авч, шинжлэх ухаанч үйлчилгээ орхигдож байна

Монголын эрэгтэйчүүийн хөгжлийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, аюулгүй байдал судлаач Ж.Цогтсугартай ярилцлаа. Тэрээр сүүлийн 20 жил архидан согтууралтыг бууруулах, нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлд тогтвортой ажиллаж олон мянган хүнийг архины хэрэглээгүй амьдралд уриалан олон мянган үр хүүхэд гэр бүлд аз жаргал бэлэглэсэн нэгэн.


-Таны хувьд 20 жил архидалтын эсрэг шантралгүй тэмцэж байна. Санаачилга, хөдөлгөөний чинь үр дүн их гарч байсан. Олон мянган залуус таныг багшаа гэж хүндэтгэж, хайрлаж явдагийг мэдэх юм. Эндээс яриагаа эхлэх үү?

-Архины ховслог чанарт хууртан үнэт бүх зүйлээ алдаж, архины эрхшээлд орон, түүнд бие сэтгэцийн хамааралтай болж амьд гарах гарц хайн зовж шаналж байгаа хүмүүсийн оюун тархинд нэвтэрч нөлөөлөх амаргүй ажил. Мэдлэгжүүлэх, архигүй амьдрах сэдэл төрүүлж, ур чадвар олгох аргаар эмгэг дадал зуршлаас нь ангижруулах нийгмийн хүнд салбарт миний бие олон жил хүчээ сорьж явна. Ихээхэн зүрх сэтгэл гаргаж хувь хүний сэтгэлийн ерөнцөд нэвтэрч архинаас гарах хүч боломж өөрийх нь тархинд байгааг итгүүлэхийн тулд 10 гаруй жилийн өмнө “Оюуны есөн дэвшил” гэдэг Монгол ёс заншил, үндэсний ухамсар онцлогт тохирсон оюун санаа сэтгэл зүйн хөтөлбөр боловсруулсан. Энгийнээр хэлбэл жолоо барих ур чадвар олгодог шиг энэ хөтөлбөрөөр архинаас гарах ур чадвар олгоно гэсэн. Ийм чадвар олгохын тулд итгэн үнэмшүүлэх хүчтэй сургалт лекцээр архины хор хөнөөлийг тухайн хүний ухамсарт суулгах мэргэжлийн тусгай сургалт явуулдаг. Хүний оюун санаанд бараг ёс заншил мэт тогтсон хэвшмэл ойлголтыг арилгаж, архи огт амсахгүй амьдрах үзэл санаа суулгах амаргүй. Эрүүл амьдралын андгай өргөж, багш шавийн хатуу барилдлагатай олон жил хамт явж зөвлөгөө авч, үр дүн нь удаж гардаг үйлчилгээ учир яах аргагүй багш нь болдог. Өөрийнхөө алдааг ухаарч амьдрал хувь заяагаа өөрчилсөн, эдийн засгийн эрх чөлөө, өндөр албан тушаалд хүрсэн,аз жаргалтай гэр бүл бүтээсэн залуусаа хараад бахархах сэтгэл төрдөг. Бид бие биенээ орхиж чадахгүй болтолоо дасаж хүндэлж хайрладаг. Тэгээд эрүүл идэвхтэй амьдрал клубт нэгддэг.

-Монголын уламжлалт Сар шинийн баяр болоод өнгөрлөө. Таны уриалгыг дэмжиж архигүй баяраа тэмдэглэсэн 1000 гэр бүлд мэнчилгээ хүргэсэн байна лээ. Бид баярыг архигүй тэмдэглэж чадаж байна уу?

-Миний болон шавь нарын минь зөвлөгөөгөөр архинаас татгалзсан 6000 гаруй хүн байдаг. Тэд баяр ёслол Цагаан сарыг архигүй тэмдэглэдэг. Тэдний нөлөөгөөр ахан дүүс нь ч архийг тоохоо байсан. Энэ Цагаан сарыг архигүй тэмдэглэсэн мянган гэр бүл бол бидний уриалгыг дэмжсэн шинэ хүмүүс. “Архины хэрэглээгүй шинэ үеийн монголчууд” гэдэг үзэл санаа явж байгаа. Бас оюутан охидын “Согтуурлын ард хэлсэн хайрын үгийг хүчингүйд тооцно” гэсэн хөөрхөн санаачилга ч байгаа. Бид архийг моодноос гаргаж архиддаг хүнээр бус архи хэрэглэдэггүй хүнээр бахархдаг шинэ хандлагыг нийгэмд төлөвшүүлсэн. Хамгийн оюунлаг, хамгийн эр зоригтой, өндөр мэдрэмжтэй бүлгийнхэн манайд хандаж өөрийгөө хэт доош орж алдаагүй байгаа дээрээ оюун санааны үйлчилгээ авдаг. Заавал архичин, архины тэнэгрэлтэй болсны эцэст, архинаас гарах магадлал багассан хойноо эмчилгээнд хандах албагүй биз дээ.

-Элбэгдорж Ерөнхийлөгчийн “Архигүй Монгол” уриалгыг ажил болгож зүтгэсэн хүний нэг нь та. Орон тооны бус зөвлөх нь ч байсан. Тэр тухай яривал олон зүйлийг ярих байх?

-Улс төрийн хэн нэгэн зүтгэлтэнтэй хамтрах жаахан хэцүү юм билээ. Манай байгууллага Ц.Нямдорж сайдыг анх сайд болсон үеэс л үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. АН –ыхан эхлээд намайг Ц.Нямдоржийн хүн гэж жаахан цэрвэсэн. Сүүлдээ монгол хүний ген фонд, удмын сан, үндэсний аюулгүй байдлын төлөө бидний ажил үйлс, бодит үр дүн Ерөнхийлөгчийн анхаарлыг татаж хамтран ажиллахад хүргэсэн. Мэргэжил туршлагын хувьд Ерөнхийлөгчид нөлөөлж төрийн бодлогоор үйл ажиллагаагаа дэмжүүлж чадсандаа бид бахархдаг. Би танд Ерөнхийлөгчийн ажлын тайлангийн 39 дүгээр хуудсыг үзүүлье. “Архийг бус сүүг дээдэлдэг хөдөлгөөн өрнүүлсэн. Энэ чиглэлэд олон жил ажилласан Цогтсугар гэж идэвхтэй иргэн байдаг. Энэ хүн надад хандаж санал тавьж байсан.Тэгээд энэ уриалгыг гаргаж чадсан” гэж бичсэн байгаа биз. Энэ уриалгыг бид санаачилсан болохоор сайн зүтгэсэн. Засгийн газар солигдох бүр өмнөхөө үгүйсгэн төрийн бодлогын залгамж чанар алдагдаж бүх зүйл шинээр, тэгээс эхэлдэгт жаахан харамсдаг. Одоо намайг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх нэртэй Төрийн ордон руу нэвтрэх ганц эрхтэй цалин хөлсгүй, төсөлгүй нэгэн явсан болохоор нэгэн цагт Ц.Нямдорж сайдын хүн гэж харж байсан шиг “Ерөнхийлөгчийн хүн” гэж хараад байх шиг байгаа юм. Би Ц.Элбэгдоржтой бус Монгол Улсын Ерөнхийлөгчтэй ажилласан. Саяхан Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулан уулзаад “Та бол манай үнэт эрдэнэ, хамтарна” гэж жаахан уянгын халилтай ч гэсэн сайхан үг хэлэхэд баярлаж л байлаа. Харин У.Хүрэлсүх Ерөнхий сайдын төрийн албан хаагч ажлын байран дээр архи хэрэглэхгүй байх тухай 258 дугаар тогтоолыг бид “байгаа оносон, мэргэн тогтоол” гэж харж байгаа. Дэмжих хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн. Бид төсөлтэй ч төсөлгүй ч архидан согтууралтын эсрэг төрөө дэмжиж ажилладаг мэргэшиж чадваржсан байгууллага болсон. Би төрөө ямар ч цаг үед дэмжиж ажилладаг нийгмийн захиалгаар төрсөн мэргэжилтэн гэдгээ дахин хэлье

-Ингэхэд та өөрөө залуу насандаа архитай нөхөрлөж явсан гэдэг. Архинаас яаж гарсан бэ. Архинаас гарахад хамгийн ихээр нөлөөлдөг хүчин зүйл юу вэ. Та бол оюун ухаанаар гарах боломжтой гэдэг?

-Цагаан захтай архины хамааралтай нэгэн явлаа. Монголын уран зохиолын 108 ботийн анхны хоёр боть, “Болор цом” яруу найргийн наадмыг ивээн тэтгэсэн компанийн захирал явсан сайн үйлтэй ч зохиолчдын хороог “архины хороо” болгосон төлөөлөгчдийн нэг гэдгээ хүлээн зөвшөөрнө өө. Уудаг байсан учраас л архийг мэддэг байхгүй юу. Миний бие архийг 23 жил хүртэж шинжлэх ухаан юм бол өөрийнхөө бие махбод дээр хор хөнөөлийг нь туршсан. Бас 20 жил архи амсахгүй амьдарч 20 гаруй бүтээл туурвиж, аюулгүй байдал судлалын докторантур төгсөж, шинэ шинэ амжилт олж архи хэрэглэхгүй байх тохиолдолд оюун тархи яаж сэргэдгийг өөрийнхөө тархиар нотолсон. Тэгэхээр архины хувьд уусан, гарсан 43 жилийн туршлагатай, архины асуудалтай хүний амьдралыг мэдэрдэг багш болсон гэсэн үг. Инженер юм бол тостой инженер гэж болно л доо (инээв). Архинаас гарахад нөлөөлдөг хүчин зүйл бол гэр бүлийн хайр, хувь хүний чин хүсэл, дахин уултаас өөрийгөө хамгаалах насан туршийн идэвхтэй үйл ажиллагаа байдаг. Хамгийн гол нь өөрийгөө архины хамааралтай гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ их хэцүү л дээ. Гэхдээ хүлээн зөвшөөрсөн хүн аврагддаг. Дэлхийн хөгжингүй орнууд хувь хүний оюун санааг өөрчлөх хөтөлбөр хэрэгжүүлж архидалтыг даван туулсан байдаг. Архинаас л гаргаж байвал бүх аргыг би хүлээн зөвшөөрдөг. Миний хувьд Монголд байгаа архинаас гаргадаг бүх газраар явж үзсэн. Тэгээд Америк мэргэжилтний нэг сургалтанд суугаад өөрийгөө эмгэг согтолттой, өвчилсөн юм байна гэдгээ мэдсэн. Архинаас гарах ид шид гэмээр хүч хүний тархинд байж болох юм байна гэж олж хараад маш их уншиж судалж сүүлдээ мэргэжилтэн болчихсон. Архинаас гарч эрүүл оюун ухаанаар ард түмнээ хараад айсан шүү. Тэгээд л цэргийн хүний хувьд эх оронч үндэсний үзэл бадарч тэмцлээ эхлүүлсэн. Би алдаагүй шүү. Нийгмийн маш том эсэргүүцлийг туулж, элдвээр хэлүүлж өнөөгийн амжилтанд хүрсэн.

-Амьдралын бүхий л болж бүтэхгүй бүхэн архинаас үүдэлтэйг бүгд мэднэ. Гэвч манайхан гарчихаж чадахгүй байгаа юм. Архи уухын сайн тал гэж байна уу?

-Ажил бүтээд ч байгаа юм шиг, мөнхийн найз нөхөд ч юм шиг хуурамч сэтгэгдэл төрүүлж үнэт цаг хугацаа алдуулж хүнийг амьдаар нь үхүүлдэг аймшигтай ундаа л даа, энэ архи. Гэмт хэрэг, осол эндэгдэл, өвчин эмгэг, гэр бүл салалт, эрт нас баралт, ажилгүйдэл ядуурлын үндсэн шалтгаан архидан согтууралт байдаг. Хортойг нь мэдэж байгаа мөртлөө амьдралаа алдан дурладаг энэ галт усыг хэн хэзээ зохиосныг бүү мэд. Хөгжингүй улс орнууд иргэдийнхээ оюун санааны аюулгүй байдлыг хамгаалж байж үсрэнгүй хөгжсөн түүхтэй. Бид архидалтын хувьд Америкийн 1930 оны түвшинд явж байна.Нэг хүнд ноогдох архи үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлсэн тал бий. Архи уухын сайн тал авлигач, долигоногч, хуйвалдагчдад л байдаг байх. Архи асар их сөрөг энерги бий болгож хүний тархины эсийг үхүүлэн тал тархитай бүтэн биетүүдийг үйлдвэрлэдэг. Архинаас гарч чадсан, архи огт амсахгүй амьдарч яваа тохиолдолд тархины эс нөхөн сэргэж санаанд багтамгүй амжилтанд хүргэсэн жишээ баримтууд дэлхий төдийгүй манай залууст олон байна. Дагваа аварга маань “Танайд хоноё” нэвтрүүлгээр архинаас оюун ухаанаар татгалзсанаа нийгэмд ил хэлж үлгэр жишээ үзүүлэхэд хөл газар хүрэхгүй баярлаж омогшиж байлаа. Нийгэмд ил гараагүй маш олон шавь надад бий.

-Та мөн аюулгүй байдал судлаач хүн. Энэ талаар олон газар очиж иргэд залууст лекц сургалт явуулсан. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал алдагдах түвшинд хүрлээ гэж та их яридаг даа. Тэр тухай сонирхмоор байна?

-Бид үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг системтэй. Нийгмийн шилжилт хөдөлгөөний явцад Монголчууд уламжлалт бус аюулд өртсөн. 10 жилийн өмнө Архидалтыг бууруулах үндэсний хөтөлбөрт “Архидан согтууралтын нөлөө үндэсний аюулгүй байдал алдагдах түвшинд хүргэж байна” гэж сануулсан байсан. Бид олигтой юм хийгээгүй. Архины үйлдвэрийн тоо багассан ч үйлдвэрлэсэн бүтээгдхүүн хэвэндээ байгаа. Одоо эмэгтэйчүүд, төр, яамныхан архидан согтуурдаг боллоо. Энэ байдлыг оюун санаанд хийж буй чимээгүй дайн гэж болно. Үндэсний ухамсар маш алгуурханаар доройтон суларч байгааг харах аймшигтай санагддаг. Тэгээд л нийгмийг соён гэгээрүүлэх ажлаа зогсоож чадахгүй, түрээсийн төлбөрт баригдсан ТББ-аа татан буулгаж чадахгүй явна. Архидалт нэмэгдэхийн хэрээр мунхрал төөрөгдөл газар авч шинжлэх ухаанч үйлчилгээ орхигдож байна. Нарийн яривал архидсан уу, архидуулсан уу гэдэг сэрэмжлэх сэдэв шүү. Эзэн холбогдогчийг нь бид судалсан. Америкийн уугуул инданчуудыг архиар хөнөөсөн гашуун сургамжийг бид мартаж болохгүй.

-Судлаач, лектор хүний хувьд Монголын нийгмийг хэрхэн дүгнэж байна. Хийж бүтээж байгаа нь бага,өөрийгөө дөвийлгөх, нийгэмд тодрох гэсэн хүмүүс нь давамгайлсан, наргиан наадмаар дүүрсэн ийм л дүр зураг харагдаад байх юм?

-Ерөнхий сайд зарим наадам цэнгээнийг таслан зогсоолоо. Ингэж л зоригтой эхлэх хэрэгтэй. Нийгмийн оюун санаа аймшигтай эмгэгшсэн. Их хурлын гишүүдийнхээ сэтгэлгээ, илэрхийлэх ур чадвар, харилцаа зан чанарыг хар л даа. Заримыг нь эрүүл оюун ухаантай хүн гэхэд эргэлзээ төрдөг. Эсвэл улс төр хүнийг ийм болгож өвчлүүлдэг байж болох юм. Ямар сайндаа “ордонд сэтгэцийн нэг тасаг баймаар юм” гэж хошигнож байхав. Зарим нь согтуу ч харагддаг. Маш сайхан залуу үе төрж байгаад л итгэж явна. Ер нь төрийг мэдлэгтэй хүн мэргэн жолоодох уу, мөнгөтэй хүн мэргэн жолоодох уу гэдэг асуудал шүү. Ажил үйлсээрээ бус амбицаараа тодрох, хоосон сүржигнэх, эх оронч дүр эсгэх хандлага их харагддаг. Үнэхээр л эх оронч юм бол ард түмнээ хайрла, нэг хүний ч гэсэн амьдралыг өөрчил, Монгол хүн, баялгийнхаа төлөө үхэн хатан зүтгэ. Тэгээд даруу бай. Шийдвэр гаргагчид өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Ахмад үеийнхнийхээ мэдлэг туршлагыг өвлөн авахгүйгээр, залуу үеээ сонсохгүйгээр хөгжих боломжгүй. Ер нь үлгэр дуурайл гэдэг юм алга болсон нийгэм. Өв уламжлалыг сэргээх хэрэгтэй. Өнөөгийн нийгмийн тухайд зөн билэгтэн мэт яруу найрагчийн ганц бадаг хэлье. “Хөдөө хотгүй уугаад л, хөгшин залуугүй согтоод л, улс орон минь нэг л уруудан доройтох шинжтэй” гэж Р.Чойном өнөөгийн нийгмийг 60, 70 онд мэргэн зурсан байгаа биз. Өнөөгийн нийгмийн дүр төрх яг л ийм байна. Чойном найрагчийн шүлэглэсэн шинж байдал одоо бодит зүйл болсон байна. Оюун ухааныг, мэдлэг боловсролыг дээдэлдэг хүмүүст манай үүд хаалга нээлттэй байдаг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Валентин гэгээн монгол хүн байжээ…” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Валентин гэгээн монгол хүн байжээ…” хэмээн өгүүлжээ.

“Улс төр” нүүрт Ерөнхий сайд асан М.Энхсайхан: Дэлхийн улс төрд популизм оройдоо хүрээд төгсгөл рүүгээ явж байна гэв.

УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл: Чуулганы хуралдааны 50 хувьд суугаагүй бол тухайн гишүүний бүрэн эрхийг автоматаар хасахаар хуульчлах хэрэгтэй хэмээн “Улс төр” нүүрт ярив.

“Баримт, үйл явдал” нүүрт ШӨХТГ: “Таванбогд фүүдс” ХХК иргэдийн хохирлыг барагдуулах ажлаа орхигдуулж байна гэжээ.

Говь-Угтаалын эрдмийн чуулган хэмээн “Аян замын тэмдэглэл” нүүрт бичлээ.

“Өөрөөс нь” нүүрт “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны ерөнхийлөгч б.Оюунгэрэл: Хосууд гэрлэхдээ Гэрлэлтийн гэрээ байгуулдаг болохыг хуульчлах нь зүйтэй хэмээв.

“Гүрэн” дээд сургуулийн захирал Д.Дэмбэрэл: Улс орныг өөрчилье гэвэл боловсролын салбараа л өөрчлөх хэрэгтэй хэмээн “Багш” нүүрт ярьжээ.

“Томилолт” нүүрт Эрдэнэт шиг том хот өмнийн говьд сүндэрлэх нь гэв.

“Дэлхийн мэдээ” нүүрт Карл Лагерфелд хайртай муурандаа 200 сая ам.доллар өвлүүлэн үлдээжээ гэсэн байна.

Зохиолч, сэтгүүлч Доржхандын Төрмөнх: Монгол хэмээх жижиг арал дээр байгаа монголчууд бид “Би, би” гэж хийрхээд баймааргүй байна хэмээн “Уран бүтээлч” нүүрт ярьжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 градус, бусад хэсгээр 15-17 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 20-25 градус, Хүрэн бэлчир, Их нууруудын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 14-19 градус, цас багатай газраар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Дархадын хотгороор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Туулын бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Хэрлэн голын хөндий болон Дарьгангын тал нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дундговийн баруун хэсгээр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

ХСИС-ийн сонсогчид хар тамхины гэмт хэргийг илрүүлэх, арга тактикаас суралцах танхимтай боллоо

Хууль сахиулахын их сургууль олон улсын жишигт нийцсэн сургалт, судалгаа, явуулах, “Хар тамхи мансуурах бодистой тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, материаллаг баазыг бэхжүүлэх зорилгоор “Хар тамхины гэмт хэрэг мөрдөх арга зүй” танхимыг байгууллаа.

Энэ танхим нь мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах зориулалт бүхий ХБНГУ-ын “Elisa” аппаратын иж бүрдэл, хар тамхины гэмт хэргийн нөхцөл байдал, тархацыг харуулсан газрын зураг болон шинжилгээ хийх зориулалт бүхий тоног төхөөрөмжөөр хангагджээ.

Хар тамхи хэрэглэсэн эсэхийг шалгах “Elisa”аппарат нь хүний цусан дахь мансууруулах бодисын хэмжээ, төрлийг илрүүлдэг лабораторын төхөөрөмж бөгөөд Их сургуулийн сонсогчид сургалтын зориулалтаар ашиглах, дадлага хийх боломж бүрдсэн төдийгүйэнэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, арга тактикаас суралцах, практик байгууллагын хүсэлтээр холбогдох шинжилгээг хийх боломж бүрдэнэ.

Түүнчлэн БСШУС-ын яамнаас 2017-2018 оныг “Багшийн хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан ХСИС-ийн захирлын тушаалаар Багшийн хөгжлийн төвийг байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа аж. Энэхүү ажлын хүрээнд багш нарын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, шаталсан сургалт зохион байгуулах зорилгоор багшийн хөгжлийн танхимыг тохижуулан багш нарын онол, арга зүйн сургалт зохион байгуулахад бэлэн болгож, нээлтээ хийлээ.

Мөн багш, судлаач, суралцагчийн ажиллах, суралцах, бие даан хөгжих боломжийг хангасан орчин нөхцлийг бүрдүүлэх хүрээнд 120 хүний багтаамжтай хурал, зөвлөгөөн, хичээл, сургалт, семинар, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах боломжтой, орчин үеийн загвар дизайн бүхий “Эрдэм-2” танхимыг нээжээ. Тус танхимыг нээснээр багшийн лекцийн хичээлийн ачаалал 3-4 дахин багасч, эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх, оюутан суралцагчдад зөвлөгөө өгөх, өөрийгөө хөгжүүлэхэд цаг гаргах боломж бүрдэх юм.

Categories
мэдээ улс-төр

Гишүүд хууль батлах саналаа хурууны хээгээр өгдөг болно

УИХ-ын 2019 оны хаврын чуулганаас эхлэн гишүүд хууль батлах саналаа хурууны хээгээр өгдөг болно гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр болсон “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдал, бусад орны туршлага, түүнийг нэвтрүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр онцлов.

Гишүүд ирцээ хурууны хээгээрээ бүртгүүлж, мөн хурууны хээгээ ашиглан санал өгдөг болсноор бусдын өмнөөс “кнопддог” асуудал үгүй болно хэмээн үзэж буй юм. Мөн УИХ-ын хуралдааны танхим популизм, хэрүүлийн тайз бус иргэдийнхээ хүсэл зоригийг илэрхийлдэг индэр, шинжлэх ухааны баримт нотолгоонд суурилсан парламентын мэтгэлцээн өрнүүлэх замаар хууль тогтоодог болно гэдгийг УИХ-ын дарга дурдсан юм.

Хэлэлцүүлгийн үеэр С.Бямбацогт гишүүн “УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн шинэчлэлийн зарим асуудал” сэдвээр мэдээлэл хийв. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай” хуулийг 2007 онд баталснаас хойг 21 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Энэ оны дөрөвдүгээр сарын 05-наас хэрэгжүүлж эхлэх шинэ хуулиар гишүүн чуулган болон Байнгын хорооны хуралдаанд оролцсон ирцийн мэдээг сар бүр гаргаж, олон нийтэд мэдээлэх юм. Түүнчлэн чуулганы хуралдааны үеэр гишүүдийн асуултад хариулж байгаа албан тушаалтан зөвхөн бодитой өгөх, асуултад бүрэн дүүрэн хариулахыг хуулиар үүрэг болгожээ. Хэрэв худал мэдээлэл өгсөн байвал хуулийн хариуцлага тооцно гэдгийг С.Бямбоцогт гишүүн хэллээ.

Мөн үеэр УИХ-ын бүтцэд Дэгийн асуудал хариуцсан хороо байгуулах, ээлжит чуулганы хугацаанд нийт хуралдааны 50-аас дээш хувьд оролцоогүй гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх заалт оруулах саналыг УИХ-ын дарга асан Р.Гончигдорж, Д.Дэмбэрэл нар гаргав.

Мөн УИХ-ын гишүүн асан Л.Товуусүрэн, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл, академич Г.Чулуунбаатар нар гишүүдийн хариуцлагыг дээшлүүлэх, Монгол Улсад хууль зүйн судалгааны байгууллагыг байгуулах санал хэлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Тавдугаар сард түүхий нүүрсний хэрэглээг хорино

“Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар сайд Н.Цэрэнбат танилцуулав.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо энэ онд 32 ажил хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал:

– Халаалтаа цахилгаанаар шийдсэн айл өрхөд шөнийн цахилгааны үнийн урамшуулал олгох

– Сайжруулсан түлшээр гэр хорооллын айл өрхийг бүрэн хангах

– Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлж төвлөрсөн болон хэсэгчилсэн инженерийн байгууламжийн хүртээмжийг нэмж, орон сууцжуулах

– Насжилт өндөр болон дизель хөдөлгүүртэй нийтийн тээврийн хэрэгслийг үе шаттайгаар хязгаарлах

– Агаарын бохирдлыг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоо, үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх

– Сайжруулсан түлшийг Төрийн болон бусад банкаар дамжуулан зээлээр түгээх, зээлийн хөнгөлөлт үзүүлэх

– Дөрвөн цэгт хяналтын пост ажиллуулж, түүхий нүүрсийг ахуйн хэрэгцээний зориулалтаар хот руу оруулахаас сэргийлэх

– Гэр хорооллын 17 цэцэрлэгийг цахилгаанаар хангах

– Эрсдэлт бүлгийн хүн амыг томуугийн эсрэг дархлаажуулалтад хамруулах юм.

Хийсэн ажлаа тавдугаар сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг сайд Н.Цэрэнбатад даалгалаа.

Categories
мэдээ нийгэм

Татварын байцаагчид үйлчилгээндээ ПОС машин ашиглана

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг оны эхнээс тавдугаар сарын 31 хүртэл зохион байгуулдаг билээ. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрөө ННҮТ-үүд дээр биечлэн очиж төлдөг иргэдийн хувьд нэг цонхны үйлчилгээ дараалалгүй ч, банкин дээр ачаалалтай байдаг.

Тиймээс иргэдэд банкинд дугаарлах шаардлагагүйгээр үйлчилгээ авч цаг заваа хэмнэх боломжийг бүрдүүлэх зорилгоор төлбөр хураалтад ПОС машин ашиглах, үйлчилгээнд нэвтрүүлэх талаарх сургалтыг НҮНТ-ийн Дүнжингарав салбар дахь Татварын байцаагчдад явууллаа. Энэхүү ажлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Монголбанк, Татварын ерөнхий газар, Төрийн банк зэрэг байгууллагууд хамтран хэрэгжүүлж байгаа юм байна.

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын төлбөр хураалтыг НҮНТ-ийн Дүнжингарав дахь салбарын татварын байцаагчид тун удахгүй ПОС машин ашиглан авч эхлэх аж. Үүнээс гадна тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд та бүхэн ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон компьютерээс https://smartcar.mn/ цахим хуудсанд хандаж, орон зайнаас үл хамааран цаг заваа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөрийг төлөх боломжтой юм.

Categories
мэдээ улс-төр

Т​авантолгой-Гашуунсухайт чиглэлийн замын ажлыг эрчимжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 259 км хүнд даацын авто замын төслийг “зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр хэрэгжүүлэх ажлын явцыг эрчимжүүлэхийг Үндэсний хөгжлийн газарт үүрэг болгов. Дээрх чиглэлийн замд үүссэн эвдрэлийг засварлаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ачаа эргэлтийг нэмэгдүүлэхийг холбогдох компанийн удирдлагуудад даалгалаа. Авто зам нь дөрвөн эгнээтэй, 115 тонн ачаа, нэг тэнхлэг дээрээ 24 тонн ачаа даах чадвартай тусгай зориулалтын зам юм. Авто зам тавьснаар тээвэрлэлт одоогийнхоос хоёр дахин өсч, нүүрсний экспорт нэмэгдэн, эдийн засагт үр өгөөжөө өгч, орон нутаг хөгжин, ажлын байр нэмэгдэх зэрэг давуу талтай гэж тооцоолж байна.

Categories
мэдээ нийгэм

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт сургалт хийв

ЦССҮТ-өөс зохион байгуулдаг “ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” сэдэвт энэ оны брэнд сургалтын нээлт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг дээр боллоо.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шатлал бүрт ажиллаж буй эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдэд цусны аюулгүй байдлыг хангахтай холбоотой цогц мэдлэг олгох зорилготой уг сургалтад ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр, Чанар, цусны сонор сэрэмжийн албаны дарга Т.Алимаа, Технологийн тасгийн эмч Х.Мядагмаа нар “Цусны аюулгүй байдлыг хангах талаар ДЭМБ-аас баримталж буй стратеги”, “Эмнэлэг дэх цус сэлбэлтийг зохицуулах зөвлөлийн үүрэг”, “Цус, цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээний зарчим” зэрэг сэдвүүдээр сургалт хийж, харилцан ярилцлаа.
Сургалтын үр дүнд эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд цус, цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээний талаар мэдлэг, чадвар эзэмших юм.