Categories
мэдээ улс-төр

Байнгын хороо 23 асуудал хэлэлцэж, найман хууль батлуулжээ

-УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хорооны гүйцэтгэсэн ажлын товч тайлан-

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд эрх зүйн бодлого, хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаа, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлогын хэрэгжилтийг хангах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийн талаар болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тодорхой асуудлаар санал, дүгнэлт гаргах, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх, эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлж ажиллалаа.

Намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо нийт 13 удаа, Хүний эрхийн дэд хороо 1 удаа, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 10 удаа тус тус хуралдлаа.

Байнгын хорооны хуралдаанаар 7 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 3 тогтоолын төсөл, Байнгын хорооны 17 санал, дүгнэлт, 1 танилцуулга, зарчмын зөрүүтэй 10 саналын томьёолол бэлтгэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүллээ.

Түүнчлэн Байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 5 дүгнэлт, албан тушаалтныг томилох 1, бүрэн эрхийг түдгэлзүүлэх 5 асуудал, харьяа байгууллагын 1 илтгэл, 1 мэдээлэл хэлэлцэж, холбогдох шийдвэр, санал, дүгнэлтийг гаргав.

Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор хуулийн төсөл болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий 1 ажлын хэсэг байгуулагдан 10 удаа хуралдаж, Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан 1 танилцуулга /санал, дүгнэлт/-ыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлжээ.

Хууль зүйн байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хуулийн төслүүдийг хэлэлцэж, санал, дүгнэлт, танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаан болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, нийт 8 хууль, Улсын Их Хурлын 3 тогтоолыг батлууллаа.

Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар:

Хууль зүйн байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд дараах асуудлыг хэлэлцэж, санал, дүгнэлт, танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэн холбогдох Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүллээ.

Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 07, 12, 13 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Нотариатын тухай хуульд /шинэчилсэн найруулга/ өөрчлөлт оруулах тухай, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 12, 13, 15 дугаар дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын тогтоолуудыг тус тус хэлэлцэн батлуулав.

Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10, 14 дүгээр дүгнэлт, Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх Улсын ерөнхий прокурорын мэдээлэл, Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон холбогдох бусад хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг, Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулах тухай асуудал, Улсын Их Хурлын 5 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар ирүүлсэн Улсын ерөнхий прокурорын санал, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл, Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Байнгын хороо тус тус хэлэлцлээ.

Бусад байнгын хороонд хүргүүлсэн санал, дүгнэлт:

“Ялтан шилжүүлэх тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэж Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж Төсвийн байнгын хороонд тус тус хүргүүлсэн.

Хүний эрхийн дэд хороо:

Хүний эрхийн дэд хороо 2018 оны 10 дугаар сарын 30-ны хуралдаанаараа Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэлийг хэлэлцэж санал, дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэн.

Бусад:

Хууль зүйн байнгын хороо холбогдох байгууллагатай хамтран “Хилийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” Олон улсын эрдэм шинжилгээний хурал, “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулжээ.

Хууль зүйн байнгын хорооны ажлын албанаас “Хилийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” Олон улсын эрдэм шинжилгээний хурлын 1 эмхэтгэлийг бэлтгэн хэвлүүллээ. Мөн 1993-2018 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хууль болон Улсын Их Хурлын тогтоолд тавьсан хоригийн талаарх судалгааг хийж судалгааны санд орууллаа.

Цахим сүлжээнд 10 хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл, 2 байгууллагын илтгэл, мэдээлэл, 16 санал, дүгнэлт, хуулийн төсөлтэй холбогдох мэдээ, мэдээлэл, танилцуулгыг оруулжээ.

Байнгын хороо хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл болон бусад материал нийт 10329 хуудас бүхий материалыг олшруулан тарааж, архивт нийт 600 хуудас бүхий 7 боть хууль, тогтоолын хувийн хэргийг Улсын Их Хурлын Тамгын газрын архивт хүлээлгэн өгөв.

Байнгын хороонд байгууллага, аж ахуйн нэгжээс 29 албан бичиг, иргэдээс 18 өргөдөл, гомдол ирж, асуудлыг тухай бүр нь шийдвэрлэж, хариуг өгсөн болно.

Categories
мэдээ улс-төр

Т.Батцогт: НИТХ-ын тэргүүлэгчдээр төсөв мөнгө шийдүүлж, тогтоол гаргуулах нь хууль зөрчсөн үйлдэл

Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо хууль зөрчсөн шийдвэр гаргасан талаар НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт мэдээлэл хийлээ. Тус хорооноос өнгөрсөн нэгдүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль явуулах шийдвэр гаргасан аж. Харин энэ шийдвэрийг Сонгуулийн хууль зөрчсөн хэмээн үзэж байна. Учир нь сонгуулийн хорооноос гаргасан тогтоолын үндэслэл хэсэгт тусгагдсан Сонгуулийн тухай хуулийн 160.4 дэх заалтыг ҮХЦ хэлэлцэж, УИХ-аас хүчингүй болгосон аж. Энэ талаар төлөөлөгч Т.Батцогт “Энэ хүчингүй болсон заалтыг үндэслэж, Баянзүрх дүүргийн сонгуулийн хороо сонгогдсон төлөөлөгчийг хасч, дахин сонгууль зарласан. Хууль зөрчсөн энэ шийдвэрээ НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх гээд оруулж ирж байна. Бүхэл бүтэн дүүргийнхээ сонгуулийн хороог алгасаад нийслэлийн НИТХ-ын Тэргүүлэгчдээр төсөв мөнгөө шийдүүлж, тогтоол гагуулах гээд оруулж ирж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл” гэлээ.

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү.

Categories
мэдээ нийгэм

М.Амарболд, Д.Жавхлан нарын давж заалдах шатны шүүх хурал болно

Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах “Очир” төвийн зочид буудлын өрөөнд өнгөрөгч 2017 оны наймдугаар сарын 22- 23-нд шилжих шөнө 13 настай охин амиа алдсан хэрэг гарсан. Уг хэрэгт Д.Жавхлан, М.Амарболд нарыг холбогдуулан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс бүх насаар нь хорих ял шийтгэсэн билээ. Уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Амарболд, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, шүүгдэгч Д.Жавхлан, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, нар тус тус давж заалдах гомдол гаргасан бөгөөд Давж заалдах шатны шүүх хурал хоёрдугаар сарын 14-нд Нийслэлийн шүүхэд болсон ч хохирогчийн өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралд ирээгүй тул шүүх хурлыг энэ сарын 21-ны өдрийг хүртэл хойшлуулсан юм. Өнөөдөр Нийслэлийн шүүхэд М.Амарболд, Д.Жавхлан нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал болно

Categories
мэдээ нийгэм

Эх хэлний өдөрт зориулан ЮНЕСКО-ийн ерөнхий захирал илгээлт гаргажээ

Олон улсын Эх хэлний өдрийг өнөөдөр дэлхий нийтээр тэмдэглэж байна. Энэхүү өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн ерөнхий захирал Одри Азулэй илгээлт гаргажээ. Уг илгээлтэд “Бидний хэл хаа сайгүй нулимсаа урсган уйлж байна. Учир нь хүүхдүүд эх хэлээ хүндрэл бэрхшээлийнх нь хамт эзэнгүй ганцааранг нь орхиод байна” хэмээн Сенегалын яруу найрагч Усейно Гей Косаан өөрийн Волоф хэмээх шүлэгтээ өгүүлсэн байдаг” хэмээн онцолжээ. Түүний илгээлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.

ЮНЕСКО-ийн хувьд, эх хэл болгон нийтэд танигдан, хүлээн зөвшөөрөгдөж, нийгмийн бүхий л салбарт чухал байр суурь эзлэх нь зүй ёсны хэрэг хэмээн үздэг. Гэсэн ч газар бүрд ийм байдаггүй. Эх хэл нь үндэсний, албан ёсны эсвэл сургалт явуулдаг хэл болоогүй тохиолдол их байдаг. Энэхүү байдал нь эх хэлний ач холбогдлыг сааруулж, урт хугацаандаа тухайн хэлийг устах аюул нөмөрч байдаг. Эх хэлний олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж буй 20 жилийн ойн босгон дээр бид дэлхий дээрх бүх эх хэлний амин чухлыг ямагт санан, тэдгээрийн энх тайвныг цогцлоох, тогтвортой хөгжлийг дэмжихэд оруулж буй хувь нэмрийг ухаарууштай юм.

Сургуульд суралцах эхний жилүүдэд унших, бичих, тоо бодох зэрэг үндсэн чадварыг эзэмшин бичиг үсэгт тайлагдахад эх хэл чухал үүрэгтэй. Эдгээр чадвар нь хувь хүний хөгжлийн үндэс суурь болдог билээ. Эх хэл нь тухайн үндэстний уламжлах, бүтээх сэтгэлгээний өвөрмөц илэрхийлэл төдийгүй мэдлэг, инновацийн эх булаг юм.
Ер нь олон зүйлийг хийх шаардлагатай байна. Суралцагчдын эх хэл нь сургуулийн бага ангиудад хичээл ордог хэл биш байх явдал цөөнгүй байна. ЮНЕСКО-ийн судалгаагаар, дэлхийн хүн амын бараг 40 хувь нь өөрийн ярьж, ойлгодог хэлээр сурч чадахгүй байна. Хэдийгээр эх хэл нь хүний суурь олон чадварыг эзэмшихэд ихээхэн ач холбогдолтойг баталсан зэрэг судалгааны үр дүнг үл анхааран хуучин нөхцөл нь хэвээр хадгалагдсаар байна.
Уугуул иргэдийн эрхийн тухай НҮБ-ын тунхаглалд заасанчлан уугуул иргэд эх хэлээрээ боловсрол эзэмших хүсэлтэй байгаагаа байнга илэрхийлж байдаг. 2019 оныг Уугуул хэлний олон улсын жил болгон зарласантай холбогдуулан энэ жилийн Эх хэлний олон улсын өдрийн сэдэв нь хөгжил, энх тайван, эвлэрлийн нэгэн хүчин зүйл болж буй уугуул хэлийг онцолж байна.
Дэлхий дээр 370 сая орчим уугуул иргэд байдаг ба энэ нь өдгөө хэрэглэгдэж буй 7000 гаруй хэлний дийлэнх хувийг эзэлж байна. Олон уугуул иргэд бусдаас ялгаварлан гадуурхагдаж, хэт ядууралд өртөж, хүний эрхийн зөрчлийн хохирогч болсоор байна. Хэнийг ч ардаа үл орхихгүй байхыг уриалсан Тогтвортой хөгжлийн 4 дэх зорилгын хүрээнд уугуул иргэд өөрсдийнхөө хэлээр боловсрол эзэмших нь нэн чухал юм. ЮНЕСКО-ийн гишүүн орнууд болон боловсролын түнш байгууллагуудад уугуул иргэдийн эрхийг хүлээн зөвшөөрч, мөрдлөг болгохыг Эх хэлний олон улсын өдрөөр уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх албан даалгавар гаргажээ

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн урьдчилан сэргийлэх мэдээллээр 2,3,4 дүгээр саруудад нийт нутгаар олон жилийн дунджаас 0,5-1 градуссаар дулаан байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд нутгийн хойд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар ялангуяа нутгийн зүүн хагаст дунджаас бага хур тунадастай, хаврын улиралд нийт нутгаар хуурайшилт өндөр байх төлөв гарчээ. Тиймээс Монгол Улсын шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний талаар” албан даалгавар гаргасан байна.

Албан даалгаварт ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангаж, гал түймэр унтраах зохион байгуулалтыг эртнээс сайжруулах, бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж ажиллахыг БОАЖЯ, БХЯ, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга нар болон аймаг, нийслэлийн засаг дарга нарт холбогдох арга хэмжээ авч, хамтран ажиллахыг үүрэг болгожээ. Улсын хэмжээнд өнгөрсөн онд 77 удаагийн ой, хээрийн түймэр гарч, 568,6 мянга га талбай түймэрт өртөж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад 39,5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх албан даалгавар гаргажээ

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх албан даалгавар гаргажээ

Categories
мэдээ нийгэм

Цахим тоглоомын газруудыг шалгаж эхэллээ

Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, дүүрэг дэх мэргэжлийн хяналт, боловсрол, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, цагдаагийн хэлтсүүд хамтран “Цахим тоглоом” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд зөвшөөрөлгүй, цаг хэтрүүлэн, насанд хүрээгүй хүүхдийг хууль, журамд заасан хугацаанаас хэтрүүлэн тоглуулдог газрын үйл ажиллагааг зогсоох, төв серверийг нь хурааж авах, холбогдох хууль журмын дагуу хариуцлага тооцох ажлыг эрчимжүүлэх зорилготой юм.

Categories
мэдээ нийгэм

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн 2019 оны I улирлын ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Тус хуралдаанаар Санхүүгийн мэдээллийн албаны 2018 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцсэн байна. Энэ үеэр Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны харилцан үнэлгээний мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэлтэй Зөвлөлийн гишүүд танилцаж, санал солилцжээ.

Categories
мэдээ нийгэм

Валентин гэгээн монгол хүн байжээ…

Хүн мичнээс үүссэн, харин мич нь монгол хүнээс үүссэн гэдгийг шинжлэх ухаан нэгэнт нотолсоон. Энэ гайхамшигт нээлт шинэ шинэ нотолгоогоор баяжсаар байна. Евроцентризмын бурангуй үзэлтнүүд “Хомосапиенс Африкт үүссэн баримт”-ыг сөргүүлэн тавьж биднийг гомдоосоор ирсэн явдалд цохилт өгсөн нээлт өчигдөрхөн гарлаа.

Үнэн хэрэгтээ Хомосапианс нь Африкт очиж харласан монголчууд байсан бөгөөд тэд гоомой явдлаараа ихэд алдаршсан, сапирсан хэдэн юм байсан тул “Гоомой сапиичид” буюу Эритрэй хэлээр “хоомой сапийнс” хоч авснаас Homo sapiens нэршил үүдсэн байна. Яг нарийндаа эр эмээрээ өөр нэртэй, гоомой харчуудыг нь “Гоомой эрэгтэйчүүд”

(Homo erectus) гэхчлэн ялгаж байжээ.

Өнөөгийн Этиопоос олдсон Хомосапиенсийн амаа ангайсан гавалтай хохимойг судласан эрдэмтэд эхлээд “Хараал хэлсэн хэвээ амны хайрцагтаа хадгалан чулуужсан” болохыг тогтоосон байдаг. Улмаар амны хайрцагт авиа зүйн шинжилгээ хийсний үрээр “П,з,д х.ж” гийгүүлэгч “и, а, уу” эгшгүүд хэлж байсан гэж үзэх болсон юм. Эрдэмтэд дараагийн алхмаараа анхны хомосапиенсын гавал “Пиздаа…хужаа” гэж хэлэнгээ чулуужсан болохыг нотолжээ.

Дашрамд дуулгахад анхны эмэгтэй хүний нэрийг “Луси” гэдэг байсан нь ч монгол нэр юм шүү, хүүхдүүд ээ. Анхны, тэгээд цор ганц эм амьтныг чинь хүссэн хүсээгүй “Лусын дагина” л гэнэ биз дээ, бодвоос. Монгол хэлэндээ маруухан барууны судлаачид “Лусын дагина” гэдэг нэрийг “Луси…” хавьд тогтоосон нь их юм даа.

Өмнөх судалгаандаа бид “Обама монгол хүн байсан” тухай өмнө нь та бүхэнд толилуулсан билээ. Өнөөдөр түүнээс дутахгүй сайхан мэдээг олсноо хүргэж байна. Энэ бол өнөөдөр баярыг тэмдэглэж байгаа Валентин гэгээний тухайд болно.

Валентин гэгээн монгол хүн байсан бөгөөд уг нэр нь Балин тойн болно. Балин сайхан хийдэг тойн хувраг байжээ. Олноороо түүний хийсэн амтат балинг идэх дуртай байсан гэнэ.

Ялангуяа найз охиноо дагуулж очсон хүнд илүү том балин өгдөг байсан тухай түүхийн сурвалжуудад өгүүлжээ. Залуус цагаан сарын дараа Хүрээ хийд шинийн тавгаа хурааж, балин элбэгших цагаар найз охиноо дагуулан очиж балингаар дайлуудаг байснаас “Балингийн өдөр”, “Балин тойны өдөр” үүссэн ажээ. Эцэг эхийн зөвшөөрөлгүй гэрлэсэн хосууд түүний өгсөн балингаар гол зогоон амьдрах явдал ч байсан аж. Түүнийг нийгмийн халамжийн байгууллагыг үндэслэгч ч гэдэг. Улмаар халамжийн санд цугларсан хамаг юмыг авчихаад зөвхөн балинг нь өгдөг байсан учраас “сантай холбоотой юм”-нд хутгалдсан эхний алдартан ч гэдэг.

Зарим судлаач Балинтойны тухайд арай өөр байрь суурьтай байдаг. Тэд Балинтойныг өөрөө балин хийж чаддаггүй байсан гэж мэтгэдэг. Нэлээн том балин хамартай, яггүй хүүхэмсэг тойн байснаас “Балин (хамарт) тойн” гэсэн нэр үүссэн. Тэрээр өөрөө балин хийж чадахгүй тул хийдийнхээ балингаас сэмхэн базаж аваад цаасанд боогоод хүрээний хүүхнүүдэд тараадаг, тэрнийхээ хэргийг ч гаргадаг нэгэн байсан гэх. Чухамхүү Балинтойны цаасанд боосон балингаас боодолтой чиклаад анх үүссэн ба охидыг найрахдаа чиклаад өгдөг менежмэнт тэгж анх гарсан тухай “цайны замын худалдааны тэмдэглэл”-д дурьдагдсан байна. Чиклаад гэдэг ч монгол үг юм.

Хүрээнд байсан Анддерсон Мэйрийн пүүсийн төлөөлөгчид энэ тухай өрнөдөд мэдээлснээс Загалмайн ертөнцийнхөн “Балинтойны өдөр” тэмдэглэх болж. Тэд балин хийж чадахгүй учраас арга буюу чиклаадаар орлуулах болжээ хэмээн “нууцын ном”-д өгүүлжээ.

Сайны хажуугаар саар гэгчээр дамчид Балинтойны балинг ЖДҮ-дэж аваад бөөнөөр нь аваад ББСБ-аараа дамжуулан шагийн үнээр зардаг байсан гэх. Хүүхнүүд найз залуугаа “шаглаад” ч болов балин олоод ир гэж шаналгадаг байснаас “шаглаад”хэмээх дамын балин гарчээ. Энэ үгийг Андерсон мэйрийн пүүснийхэн буруу тогтоосноос “Чиклаад” хэмээх гуйвсан нэртэй балин Өрнөдөд гарчсан гэдээг.

Балингийн бизнесээр хөл дээрээ тогтсон хойноо тэрээр хүрээнд байсан европчуудтай нийлэн архи, самгоон нэрэх болсон ба “Балинтойны амьд ус” гэдэг брэнд хүртэл гаргаж байжээ. Монголчууд хутагт тойдынхоо шингэнийг рашаан ус хэмээн хүртдэг байсан гэдгийг сануулах юун. Үнэхээр ч амьд усны өнгийг санагдуулам шаргал сархадын нэр цагийн эрхэнд товчлогдон “Балинтойны ус” болсон гэдээг. Балинтойн хөх толботой монгол хүн байсныг тэмдэглэн уг сархдыг одоо болтол хөх хайрцагт хийж, хөх шошго зүүсээр байгааг “ballantines” ууж үзсэн хэн боловч хэлээд өгөх буй заа. За одоохондоо нэг иймэрхүү сонинтой…

“Балин тойны амьд ус” буюу “Балинтойнус” хэмээх сархдыг хөх толбот монгол хүн анх сэтгэснийг дурсан, нэг бол хөх хаягтай, эсвэл хөх хайрцагтай үйлдвэрлэж ирсэн гэх. Шошгон дээр байгаа 12-ын тоо бол “Балин тойн амьд усаа чанартай гаргахын тулд 12 хоног нойльд оролгүй биедээ нэрсэн” домогт явдлын дурсгал гэх нь ч бий.

Categories
мэдээ цаг-үе

Д.Бүдрагчаа: Хэн ч танихгүй залуусыг шагнаж урамшуулаад, үлгэрийн баатар аятай яриад байна

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

МАН-ын ахмад гишүүн Д.Бүдрагчаатай ярилцлаа.


-Та улсад хичнээн жил ажилласан бэ. Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Улсад 43 жил ажиллаад, 2004 онд тэтгэвэртээ суусан хүн л дээ, би. Миний намтар гэвэл 1961 онд МУИС-ийн физик, математикийн ангийг дүүргэсэн. Ажлын гараагаа Төв аймгийн Жаргалантын 10-н жилийн сургуулиас эхэлж билээ. Тэндээ нэг жил ажиллаад, Төв аймгийн Боловсролын хэлтэст 12 жил ажилласан. Дараа нь хотод ирж, Төмөр замын намын хороонд зургаан ажил ажилласан. Тэгээд нийслэлийн 51 дүгээр сургуульд 27 жил багшаар, үйлдвэрчний хорооны даргаар ажиллаж байгаад 2004 онд тэтгэвэрт гарсан юм.

-МАн-д хэзээ гишүүнээр элссэн юм бэ?

-1972 оны гуравдугаар сарын 1-нд намын баярын өмнөхөн элсэж байв. Тэр үед удирдах алба хашиж байсан улсууд намын гишүүн хүн биш бол ажил хийхэд хэцүү байлаа.

-Та намдаа 50 шахам жил зүтгэсэн хүн юм аа даа. Ямар ажил хариуцаж байв?

-Ерөнхийдөө намынхаа үзэл суртлын ажлыг хариуцаж байсан. Намаа олон нийтэд, ард түмэнд таниулахад сурталчилгаа асар чухал. Сүхбаатар зангилаанаас Замын-Үүд хүртэл галт тэрэгтэй суртлын баригадаар явж байлаа. Нэг талдаа 14 хоног хүртэл явна шүү дээ. Кинотой, гуталчинтай, бараа, таваартай явдаг сан. Төв аймагт байхдаа хүртэл Хэрлэнбаян-Улаан руу майхантай сар гаруйн хугацаанд ингэж явж байв. Ард түмний дунд киногоо гаргаад л, худалдаагаа хийгээд л, гутлыг нь, радиог нь засч өгөөд л. Бас дээрээс нь эмчтэй. Ингэж намаа сурталчилж явж байлаа. Гэтэл манай нам энэ тал дээрээ тун хойрго байна. УИХ-ыг хар л даа. Хууль батлаад л байдаг. Хэрэгжүүлэх тал дээр дутагдалтай. Чухам хэн нь хэрэгжүүлж байна гэдэг дээр хяналт, шалгалт хангалтгүй байна.

-уиХ-д 65 суудал авч гарч ирсэн МАНхоорондоо талцаж, ард түмний итгэлийг үнэхээр хугалж байна. Энэ намын ахмад гишүүний хувьд та улс төрийн нөхцөл байдлыг хэрхэн харж байгаа вэ?

-Нам доторх талцал хуучин, шинэ гишүүдийн үзэл бодлоос шалтгаалав уу гэж бодож байна. Хуучин гишүүд нь хуучин арга барилаасаа салж чадахгүй байхад нь залуус өөрчлөлт шинэчлэлт хийх гээд байх шиг харагдах юм. Тэдний хоорондын үл ойлголцол хэрээс хэтэрсэн болохоор намын лидерүүд эвлэлдэж өгөхгүй байна. Намын дарга, УИХ-ын дарга, ЗГХЭГ-ын дарга нар энэ эрчээрээ шинэчлэл, хариуцлага, салхилга батыг сайжруулах талаар ажиллахгүй л юм бол ард түмний хэл амнаас гарч чадахгүй.

-2020 оны сонгууль хаяанд ирлээ. Ардын нам энэ янзаараа дараагийн сонгуульд амжилт олохгүй гэж судлаачид дүгнэж байгаа. Харин та ямар бодолтой байна?

-Сонгууль болоход ердөө жил гаруйн хугацаа үлдлээ. Янз бүрийн судалгаанаас харахад Ардын нам, Ардчилсан нам хоёрын рейтинг их доогуур явж байна. Одоо эрх баригчид 2016 оны сонгуульд ялсан амлалтаа биелүүлэхийн тулд хичээж ажиллахгүй бол ирээдүй нь тун бүрхэг байгаа нь үнэн. Ялангуяа бүтээн байгуулалтад анхаарч, шаргуу ажиллах ёстой. Өнөөдөр сургууль, цэцэрлэгийн ачаалал хэрээс хэтэрлээ. Сургуулиуд гурав, дөрвөн ээлжээр хичээллэж байна. Хүүхдийн эмнэлгүүдийн ор хүрэлцэхгүй коридортоо хэвтэж байна шүү дээ. Тиймээс сонгуульд өгсөн амлалтдаа хүрч, сургууль, эмнэлгүүдийн тоог нэмэх хэрэгтэй. Бас 100 айлын чиглэлийн барилгын материалыг нүүлгэн шилжүүлэх, нефтийнхээ үйлдвэрийг дорвитой хийх зэрэг бодитой ажлууд хиймээр байна. Улаанбаатарын утааг бууруулъя л гэж байгаа юм бол бэлэн барьчихсан байгаа 26 мянган орон сууцаа ипотекийн зээлд хамруулаад гэр хорооллын айлуудад хөнгөлөлттэй зээлээр өгчих ёстой. Ер нь манай нам сонгуулиас наана, эв нэгдэлтэй байж, Үндсэн хууль, Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн хуулиа шинэчлэх хэрэгтэй.

-Гэтэл албан тушаалын хэрүүлээ хийсээр байгаад их хугацаа алдлаа шүү дээ?

-Нэг нь нэгийгээ устгах, өөрчлөх албан тушаалын хэрүүл хийгээд байх юм. УИХ-д сонгогдсон зардлаа нөхөж авахын төлөө л эд нар ингэж зүтгэж байна шүү дээ. ЖДҮ-д нэр холбогдсон хүмүүст 950 сая төгрөг өгсөн гээд л яригдаад байна. Уг нь адууны нуруу хавдаж өвдөхийг малчид жидүүдэх гэдэг. Улс төр дээр ярих юм бол төрийн гол нуруу тиймэрхүү өвчин туссан гэж хүмүүс яриад байна. Ийм байдлыг өөрчлөх шинэчлэх, ажлын хариуцлага, сахилга батыг сайжруулахад өөрсдөөсөө эхэлмээр байна. Жишээлбэл, Мөнхчулуун хотын даргад олонхын санал авчихсан бол томилчих л хэрэгтэй. Гэтэл У.Хүрэлсүх гэдэг хүн ард түмэнд өөрийнхөө сул талыг энэ мэтээр харуулаад байх юм. Тэр өөрийнхөө хүнийг буюу НИТХ-ын дарга С.Амарсайханыг хотын даргад тавих гээд байна гэсэн хүлээлтийг нийгэмд үүсгээд байна.

-уиХ-ын үйл ажиллагааг тасалдуулан байж төв талбай дээр сүрхий жагсаал цуглаан болсон. Энэ цуглаанд оролцсон “Нэхүүл” хөдөлгөөний залуусыг төр засаг хүлээн авч, шагнаж урамшуулсан тухай мэдээлж байна. Харин энэ намд насаараа зүтгэж байгаа ахмад гишүүдээ ингэж хөл алдаж хүлээж авдаг юм уу?

-Тэр жагсаал бол хэдэн залуу гишүүдийн лоббигоор цугласан улсууд шүү дээ. Хөдөлгөөний залуусыг шагнаад л байгаа харагдсан. Нам өөрөө хүнтэйгээ ажиллах ажиллагаа муу байна.Өөрийнхөө намын гишүүдээ, ахмад гишүүдээ хүндэлж, залуу гишүүдээ хүмүүжүүлэх тал дээр үлгэр жишээ байж чадахгүй байна. Зөвхөн сандал ширээний төлөө л эндээс ийшээ суучихъя гээд л яваад байх юм. Үүнийгээ гүйцэлдүүлэхийн төлөө жагссан, хэн ч танихгүй залуусыг шагнаж урамшуулаад л, үлгэрийн баатар аятай юм л яриад байна. Тэд сайндаа хоёр долоо хоног л талбай дээр суугаа биз. Гэтэл 20, 30, 40 жил намынхаа төлөө ажилласан улсууд нь амьд сэрүүн байж байна. Энэ намаар хүмүүжсэн бид санаа сэтгэл нэг байгаа шүү дээ. Өнөөдөр жагсъя гэнгүүт нь салбаганаж гүйж очоод жагсах нь буруу л даа. Иймэрхүү асуудлууд дээр нам дүгнэлттэй л хандах хэрэгтэй. Миний хувьд Төрийн ордондоо хоёр удаа л орж байсан. Ахмад багш нарын зөвлөгөөн гэх зэрэг ажлаар орж байлаа.

М.МӨНХ

Categories
мэдээ нийгэм

Хоёрдугаар сарын 21-нд болох үйл явдал

09.00 цагт “Holiday Inn” зочид буудалд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын орон тоогоор хангасан Европын холбооны шилдэг туршлагыг дэлгэрүүлэх семинар болно. Утас: 99931551

09.00 цагт “Новотел” зочид буудалд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болно. Утас: 91915340, 99047423, 99519677

09.00 цагт Төрийн ордонд Орон нутгийн удирдах ажилтнуудын зөвлөгөөн болно.

09.00 цагт ХХААХҮЯ-нд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болно.

09.00 цагт ХНХЯ-нд Аймаг, нийслэл, дүүрэг, яам, агентлаг, аж ахуйн нэгжийн ахмадын байгууллагын удирдах ажилтны улсын зөвлөгөөн болно.

09.00 цагт “Blue sky” зочид буудалд “Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого” хэлэлцүүлэг болно. Утас: 99089666, 99209315

09.30 цагт “Кемпински” зочид буудалд Улсын бүртгэлийн салбарын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн болно. Утас: 320710

10.00 цагт “Blue sky” зочид буудалд“Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-ийн нээлт болно.

10.00 цагт БШУСЯ-нд Ё.Баатарбилэг сайд тус салбарын хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний тендерт шалгарсан компаниудын удирдлагуудтай уулзана. Утас: 88008781

11.00 цагт Корпорейт зочид буудалд эдийн засгийн сэтгүүлчдийн Өөрчлөгч клубээс “Утааг бизнес болгох боломж бий юу?” хэлэлцүүлэг зохион байгуулна.

11.00 цагт Богд хааны ордон музейд “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэнгийн нээлт болно.

11.00 цагт Улсын бүртгэлийн ерөнхий газарт улсын бүртгэлийн цахим сүлжээнд сум, хороодыг холбох талаар мэдээлэл хийнэ. Утас: 320710

11.00 цагт НЗДТГ-т НИТХ-ын тэргүүлэгчдийн хурал болно. Утас: 70119921, 99268461

11.00 цагт Мэдээллийн технологийн үндэсний паркт “Монгол бичгээр бичих шинэ боломж болон Т.Дашцэдэн багшийн гар бичмэл фонт”-ыг танилцуулна. Утас: 89871140

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д долоон настай хүүг хөнөөсөн этгээдэд нэг жилийн тэнсэн харгалзах ял оноосон талаар талийгаач хүүгийн аав, ээж мэдээлэл хийнэ.

12.00 цагт ОБЕГ-т БОАЖЯ-наас гурав, дөрөвдүгээр сарын цаг агаарын нөхцөл байдлыг танилцуулна. Утас: 99007969, 99249813, 86150069

15.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд “Улаанбаатар хотын бохирдлыг бууруулах иргэнд ойрхон шийдэл” хэлэлцүүлэг болно.