Categories
мэдээ спорт

Багануур дүүрэг “Үндэсний лиг”ийн дэд хэсгийг тэргүүллээ

Үндэсний лиг”-ийн дэд хэсгийн улирлын сүүлийн тэмцээнээ хийж буй Багануур баг энэ удаад Өмнөговь аймгийн эсрэг тоглож Багануурынхан хожлоо.Тэд эхний үед тэнцүүхэн тоглосон ч хоёрдугаар үеэс эхлэн Багануур баг илүүрхсээр 92:76-гаар яллаа. Багануур баг тоглолтын турш бөмбөгний шилжилтийг сайн хийсэн юм. Тус тоглолтын шилдгээр 19 оноо, 13 самбар, 4 бөмбөг таслалт, 3 хаалт хийсэн Н.Ганбаатар нэрлэгдлээ. Багануур баг ийнхүү MNBA 21 аймгийн “Үндэсний лиг”ийн дэд хэсгийн хүснэгтийг тэргүүлсэн амжилттай улирлаа дуусгасан бол Өмнөговийн баг хоёрдугаар байрт бичигдэж байна.

Categories
мэдээ улс-төр

НИТХ энэ сарын 26-нд ээлжит бусаар хуралдахаар боллоо

НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар НИТХ-ын ээлжит бус хуралдааныг товлолоо. НИТХ-аас С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгож, шийдвэрээ батламжлуулахаар Ерөнхий сайдад хандсан. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг батламжлахаас татгалзсан юм. Ингэсэн тохиолдол хуулийн дагуу 15 хоногийн дотор НИТХ дахин хуралдаж энэ асуудлыг хэлэлцэх ёстой. Тиймээс НИТХ-ын Тэргүүлэгчид НИТХ-ын ээлжит бус долдугаар хуралдаанаа энэ сарын 26-ны 11.00 цагт хийхээр товлолоо.

Categories
мэдээ спорт

П.Орхоны барилдах эрхийг 2022 он хүртэл хаслаа

Индонезийн нийслэл Жакарта хотноо 2018 оны наймдугаар сард болсон Азийн зуны спортын XVIII наадмын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхоноос хоритой бодис илэрсэн тухай мэдээлэл дэлхийн болоод дотоодын хэвлэлээр цацагдсан.

Дэлхийн бөхийн холбооноос түүнд ямар хариуцлага хүлээлгэх нь тодорхойгүй байсан ч хоёр хоногийн өмнө албан ёсны шийдвэр гарчээ. Тодруулбал П.Орхоны барилдах эрхийг нь дөрвөн жил буюу 2022 оны есдүгээр сар хүртэл хассан байна. Мөн Монголын чөлөөт бөхийн холбоог мөнгөн торгуулиар торгох аж.

Эргэн сануулахад П.Орхоны хувьд дээрх тэмцээнд 62 кг-ын жинд өрсөлдсөн юм. Тэрбээр Киргызстаны бөх Айсулуу Тыныбековаг цэвэр ялж, аварга болсон. Гэвч Азийн олимпийн зөвлөлийн шийдвэрээр П.Орхоноос допинг илэрсэн үндэслэлээр алтан медалийг нь хураасан билээ.

Уг тэмцээнд мөн дахин нэг тамирчнаас допинг илэрсэн нь Туркменистаны бөх Назаров байв.

Categories
мэдээ нийгэм

Орон сууц, байрнуудын подвальд шалгалт явуулж байна

Дүүргийн Засаг даргын А/370 тоот захирамжийн хүрээнд Хан-уул дүүргийн Засаг даргын тамгын газар, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, цагдаагийн хэлтэс, Орон сууц нийтийн аж ахуйн газрын Хэрэглэгчдэд үйлчлэх 10 дугаар төв, хороодын Засаг дарга нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан тус дүүргийн орон сууцны байрнуудын техникийн хонгилд амьдарч буй иргэд, аж ахуйн нэгжийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тухайн байрнуудын дундын өмчлөлийн шугам сүлжээний аюулгүй байдлыг хангуулах, сууц өмчлөгчдийн холбоодын хууль бус үйлдлийг илрүүлэх таслан зогсоох зорилгоор хяналт шалгалтыг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр эхлүүллээ. Шалгалтаар инженерийн шугам сүлжээний узельд хог новш овоолсон, цахилгааны утас ил задгай, цахилгааны шид хаалгагүй, цонхгүй, байгалийн гэрэлтүүлэггүй, агааржуулагч салхивчгүй орчинд хүн амьдарч, үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа зэрэг зөрчил дутагдал илэрсэн бөгөөд шалгалт үргэлжилж байна.

image

image

Categories
мэдээ спорт

Марафонч Б.Мөнхзаяа ДАШТ болон “Токио-2020” олимпийн эрх авчээ


Хонконг хотноо болсон хөнгөн атлетикийн олон улсын тэмцээнд Үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа 2 цаг 35 минут 44 секунд гүйж VI байрт шалгарсан байна.

Олон улсын хөнгөн атлетикийн холбооны “Алтан зам” ангиллын тэмцээнд түүнийг хань Б.Доржалам нь дасгалжуулсан юм. Б.Мөнхзаяа уг амжилтаараа энэ жил Катарт болох ДАШТ, 2020 онд Токиод зохион байгуулах Олимпийн наадамд оролцох болзол хангажээ. Тэмцээний өмнөх бэлтгэлээ тэрээр Хөх хотод хийсэн байна. Б.Мөнхзаяа 17 наснаасаа марафон гүйлтийн спортоор хичээллэн, ес дэх жилдээ уралдаан тэмцээнд оролцож байгаа юм.

“Рио-2016” олимпийн наадамд анх хурдаа сорихдоо 72 дугаар байрт шалгарсан юм. Тэрбээр таван зай (3, 5, 10, 21, 42 км)-д Монгол Улсынхаа дээд амжилтыг эзэмшдэг. Өдгөө 26 настай Б.Мөнхзаяа 2017 онд Тайванийн марафонд түрүүлж алтан медаль хүртсэн Монголын анхны, Ази тивийн хоёр дахь тамирчин болсон билээ.

Categories
мэдээ нийгэм

Санхүүгийн боловсрол олгох сургагч багш нарын сургалт төв аймагт боллоо

Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээнд “Орон нутгийн иргэдэд санхүүгийн боловсрол олгох сургагч багш бэлтгэх” сургалт Төв аймагт 19-21-ний өдрүүдэд үргэлжилж байна. Сургалтад тус аймгийн 27 сумын БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төвийн 30 багш хамрагдаж байна. БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв, Монголбанк, Бичил санхүүгийн хөгжлийн сан болон Санхүүгийн зохицуулах хороо хамтран орон нутгийн иргэдэд санхүүгийн боловсрол олгох сургагч багш бэлтгэх сургалтыг 2018 оноос зохион байгуулсан бөгөөд Баруун болон Зүүн бүсэд нийт 250 сургагч багш бэлтгэгджээ. Энэ жил Төв болон Зүүн бүсэд бэлтгэхээр зорьж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

332.886 ширхэг хувьцаа арилжжээ

2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр I, II, III ангиллын 24 хувьцаат компанийн 138,699,015 төгрөгийн үнийн дүн бүхий 322,866 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Дархан Гурил Тэжээл” ХК (DAR+14.40%) болон “Баянтээг” ХК (BTG+14.10%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Монгол Шуудан” ХК (MNP-8.12%) болон “Улсын Их Дэлгүүр” ХК (UID-6.83%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“TOP 20” индекс 0.24 хувиар өсч 21888.16 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,602,272,431,228.47 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Categories
мэдээ нийгэм

Хотын зарим хэсэгт түүхий нүүрс түлэхийг зөвшөөрнө

Засгийн газар одоогоос жилийн өмнө Түүхий нүүрс түлэхийг хориглох тухай тогтоол баталсан. Уг тогтоолын хэрэгжилтийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат өчигдөр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо энэ онд 32 ажил хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, дараах ажлууд үүнд багтаж байгаа юм байна.

-Халаалтаа цахилгаанаар шийдсэн айл өрхөд шөнийн цахилгааны үнийн урамшуулал олгох

-Сайжруулсан түлшээр гэр хорооллын айл өрхийг бүрэн хангах

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлж төвлөрсөн болон хэсэгчилсэн инженерийн байгууламжийн хүртээмжийг нэмж, орон сууцжуулах

-Насжилт өндөр болон дизель хөдөлгүүртэй нийтийн тээврийн хэрэгслийг үе шаттайгаар хязгаарлах

-Агаарын бохирдлыг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоо, үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх

-Сайжруулсан түлшийг Төрийн болон бусад банкаар дамжуулан зээлээр түгээх, зээлийн хөнгөлөлт үзүүлэх

-Дөрвөн цэгт хяналтын пост ажиллуулж, түүхий нүүрсийг ахуйн хэрэгцээний зориулалтаар хот руу оруулахаас сэргийлэх

-Гэр хорооллын 17 цэцэрлэгийг цахилгаанаар хангах

-Эрсдэлт бүлгийн хүн амыг томуугийн эсрэг дархлаажуулалтад хамруулах.

Улаанбаатар хотод түүхий нүүрс түлэхийг хориглосон Засгийн газрын тогтоол ирэх тавдугаар сарын 15-наас хэрэгжиж эхэлнэ. Түүнээс өмнө хийсэн ажлаа Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Н.Цэрэнбат сайдад даалгажээ.

Энэхүү тогтоол нь Улаанбаатар хотын бүх хэсэгт түүхий нүүрс түлэхийг хориглохгүй юм. Тодруулбал, тогтоолын хоёрдугаарт “Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 20, Сонгинохайрхан дүүргийн 21, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороодын нутаг дэвсгэр энэ тогтоолын 1 дүгээр зүйлд хамаарахгүй байхаар тогтоосугай” гэсэн заалт бий. Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн Гачуурт, Сонгинохайрхан дүүргийн Жаргалант тосгон, Хан-Уул дүүргийн Био комбинат, Шувуун фабрик, Өлзийт хороололд түүхий нүүрс түлэхийг хориглохгүй.

Categories
мэдээ спорт

Пара буудлагын тамирчид мөнгөн медаль хүртлээ

Арабын нэгдсэн Эмират улсын Аль Айн хотод пара буудлагын “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 14-нд эхэлсэн. Уг тэмцээний зургаа дахь өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн 10м-ийн хийн гар бууны дасгалд манай баг тамирчид оролцож, З.Ганбаатар хувийн төрлөөс гадна Г.Баярцэцэг, Г.Ганзоригийн хамт холимог багийн төрлөөр мөнгөн медаль хүртжээ. Ингэснээр манай пара буудлагын тамирчид анх удаа багаараа “Дэлхийн цом”-ын медальтан боллоо.



Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын газар бүрэн тоноглогдсон автомашинтай боллоо

Дорноговь аймгийн Онцгой байдлын газарт аймгийн Засаг даргын тамгын газраас аврах ажиллагаанд зориулагдсан иж бүрэн тоноглол бүхий камаз маркийн автомашиныг гардуулан өглөө. Тус автомашин нь Монгол Улсын хэмжээнд аврах ажиллагааны иж бүрэн тоноглогдсон гуравдахь авто машин болж байгаагаараа онцлог юм. Ингэснээр аливаа гамшиг, ослын үед аврах ажиллагааг шуурхай, богино хугацаанд зохион байгуулах боломж бүрдэж байна.