Categories
мэдээ нийгэм

Менингококктын эсрэг вакциныг зөвхөн хаврын улиралд хийдэггүй

Эрүүл мэндийн яамнаас томуу томуу төст өвчин болон менингококкт халдвараас урьдчилан сэргийлэхийг олон нийтэд анхааруулж буй. ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын төвд менингококкт халдварын эсрэг вакциныг ажлын өдрүүдэд 08.30-14.30 цагт хийж байгаа аж. Менингококкт өвчний эсрэг вакциныг жилийн дөрвөн улиралд иргэд сайн дураараа хийлгэх боломжтой. Зөвхөн хаврын улиралд энэ өвчний дэгдэлтийн үед урьдчилан сэргийлж вакцинжуулалт явагддаггүй гэдгийг тус төвөөс өмнө нь мэдэгдэж байсан. Одоогоор уг өвчний эсрэг вакциныг 1000 гаруй иргэн сайн дураараа хийлгээд байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Төмөр замын тээврээр тээсэн ачаа 10.1 хувиар өсчээ

Төмөр замын тээврээр тээсэн ачаа 2019 оны 1 дүгээр сард 2.3 сая тонн, зорчигчид давхардсан тоогоор 197.3 мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 215.3 (10.1%) мянган тонноор өсөж, зорчигчид 23.2 (10.5%) мянгаар буурсан байна. Харин тээсэн ачаа өмнөх сараас 60.4 (2.6%) мянган тонн, зорчигчид 11.5 (6.2%) мянган хүнээр өсжээ. Төмөр замаар тээсэн нийт ачаанд дотоодын ачаа 2019 оны 1 дүгээр сард 41.6 хувь, экспортын ачаа 33.0 хувь, импортынх 12.9 хувь, дамжин өнгөрсөн ачааных 12.6 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс импортын ачааных 2.4 пунктээр өсөж, экспортын ачааных 1.6 пункт, дотоодын ачааных 0.7 пункт, дамжин өнгөрсөн ачааных 0.1 пунктээр буурсан байна. Төмөр замын тээврийн салбарын орлого 2019 оны 1 дүгээр сард 54.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.0 (17.3% ) тэрбум төгрөгөөр өсжээ. Агаарын тээврээр тээсэн ачаа 2019 оны 1 дүгээр сард 241.0 тонн, зорчигчид давхардсан тоогоор 78.8 мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 11.5 (4.5%) тонноор буурсан бол зорчигчид 7.5 (10.5%) мянган хүнээр өсжээ. Харин тээсэн ачаа өмнөх сараас 46.2 (16.1%) тонноор буурсан бол зорчигчид 1.7 (2.2%) мянган хүнээр өссөн байна. Агаарын тээврээр дотоодод зорчигчид 2019 оны 1 дүгээр сард 31.1 (39.5%) мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс 1.9 (6.6%) мянга, олон улсад зорчигчид 47.7 (60.5%) мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс 5.6 (13.2%) мянгаар тус тус өссөн байна. Агаарын тээврийн салбарын орлого 2019 оны 1 дүгээр сард 27.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.1 (7.3%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх сараас 928.5 (3.5%) сая төгрөгөөр өссөн байна.

Categories
мэдээ нийгэм

Мэргэжлийн хяналтын байгууллага төрийн үйлчилгээг цахимаар үзүүлнэ

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллага “Иргэн төвтэй, үр дүнд хүрсэн төрийн үйлчилгээ”-г үзүүлэхээр иргэдэд нээлттэй, түргэн шуурхай үйлчлэх зорилтыг тавин ажиллаж байна. Тэр дундаа төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх ажлыг эрчимжүүлэхээр техникийн шинэчлэлтийн ажлыг эхлүүлжээ. Ингэснээр иргэд, ААН тус байгууллагаас олгодог гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, дүгнэлт зэргийг цахимаар авах боломжтой болох юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

О.Энх-Эрдэнэ Энэтхэг улсын 11 настай төгөлдөр хуурч Лидиан Надхасварамтай өрсөлдлөө

Америкийн CBS телевизээс зохион байгуулж буй “The world’s best” шоуны хоёрдугаар шатанд шилдэг 13 оролцогчийн нэгээр “Авьяаслаг монголчууд” шоуны ялагч О.Энх-Эрдэнэ шалгараад байв. Тун саяхан тус шоу нэвтрүүлгийн дараагийн шатны шалгаруулалт явагдаж О.Энх-Эрдэнэ Энэтхэг улсын 11 настай төгөлдөр хуурч Лидиан Надхасварамтай өрсөлдсөн боловч О.Энх-Эрдэнэ 10 онооны зөрүүгээр ялагдлаа. Сонирхуулахад уг нэвтрүүлгийн шүүгчид дунд дэлхийд алдартай UFC тулаанч, загвар өмсөгч, жүжигчин, дуучин, балетчин зэрэг урлаг, спортын салбарын төлөөллүүд багтсан. Олон улсын 50 шүүгчийн нэгээр Реппер, продюсер О.Баярсайхан буюу Рокит бэй ажилласан юм. Уг шоу нэвтрүүлгийн шилдэг авьяастан нэг сая ам.долларын эзэн болох аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Оюунцэцэг: “Үхсэн хүүхдийнхээ ясыг өндөлзүүлэх дэмий л байгаа юм” гэсэн мессэж ирдэг байсан

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн 22 настай Мөнхбаярын Мөнхтулга нь 2017 оны зургаадугаар сарын 7-ны өдөр 4882УНР улсын дугаартай Honda Fit загварын машинаар долоон настай хүү М.Түвшинбаярыг мөргөж, үүгээр ч зогсохгүй 50 метр газар чирэн амь насанд нь хүрсэн хэрэг гарсан. Тэгвэл энэ хэргийн талаар хүүгийн ээж Н.Оюунцэцэг, аав Д.Мягмар, итгэмжилсэн өмгөөлөгч Д.Эрдэнэ нар Монголын үндэсний мэдээллийн төвд мэдэгдэл хийлээ.

Энэ үеэр талийгаач хүүгийн ээж Н.Оюунцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Та хүүдээ тохиолдсон явдлын талаар дэлгэрэнгүй ярьж өгнө үү?

-Энэ хэрэг нь 2017 оны зургадугаар сарын 7-ны өдөр 12:00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрэх тосгонд гарсан. Тэр өдөр хүү минь 11 настай эгчтэйгээ хамт явж байсан. Харин М.Мөнхтулга гэгч хүн хүүг минь мөргөөд зогсохгүй 50метр газар чирч амь насанд нь хүрсэн. Ингээд ГССҮТ-д ирж хэвтэн эмчилгээ хийлгэж тав хоногийг өнгөрөөсөн. Тэгээд л миний хүү 2017 оны зургаадугаар сарын 12-ны өдөр нас барсан. Энэ хүнээс болж хүүгийн минь амь нас хохирсон. Ийм байхад М.Мөнхтулга гэгч 22 настай залууд шүүхээс хөнгөн гэмт хэрэг гэж үзээд нэг жилийн тэнсэн харгалзах ял оноосон. Гэтэл тээврийн хэрэгсэл жолоодоод, юу ч болоогүй мэт алхаж байна. Шүүхээс 2017 оны наймдугаар сарын 29-ний өдөр анхан шатны шүүх хурлаар нэг жилийн тэнсэн харгалзах ял, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь гурван жилээр хассан юм.

Хүүг тань гэмтэл согог судлалын төвд хэвтэн эмчлүүлж байхад хэрэгтний ар гэрээс ирж, уулзсаж байсан уу?

-Ах Мөнхэрдэнэ нь эмнэлэгт байх хугацаанд нь ирж хоол унд өгдөг байсан. Хүүд маань хоёр, гурван удаа шөл авчирч өгсөн. Гэхдээ энэ бүх хоолны өртөгийг шүүхийн дэвтэр дээрээ бичсэн байна лээ. Бас энэ ГССҮТ-ийнхэн их хэцүү санагдсан. Тэнд өвдөж зовсон өчнөөн хүн байхад годгоносон жаахан жаахан охид л хөгжмөө чанга дээр нь тавьчихаад л дуулж бүжиглээд байдаг. Тэнд чинь ч жаргалтай зүйл юу ч болоогүй шүү дээ. Харин эмчилгээний хувьдэмч нь үнэтэй тариа, эм бичиж өгдөг ч хийдэг эсэхийг нь мэдэхгүй байна. Биднийг өрөө рүү оруулдаггүй.Гуурсаар нь жаахан хар цай өгчихье гэхээр би өгчихье гээл аваад ордог.Гэхдээ цайг нь өгдөггүй байсан байна лээ.

-Эмнэлэгт хэвтэж байх хугацаанд ямар эмч хүүг тань хариуцаж ажиллаж байсан юм бэ?

-Нямаа гэдэг эмэгтэй эмч байсан.

-М.Мөнхтулгын ар гэрээс сэтгэл санааны хохирол,нөхөн төлбөр олгосон уу?

-Ажил явдлын зардал нийт долоон сая орчим болсон. Тэрний дөрвөн сая төгрөгийг өгсөн. Тэгэхдээ “-яахаараа оршуулгын зардал долоон сая төгрөг болдог юм” гэж хэлж байсан.Эх хүн хүүгээ алдчихаад ажил явдлыг нь хэд бол хэдэн төгрөгөөр л хийнэ биздээ. Тэгээд ч зогсохгүй М.Мөнхтулгын ах М.Мөнхэрдэнээс дарамтын шинж чанартай мессеж ирдэг байсан.

-Яг ямар мессэж ирдэг байсан юм бэ?

– “Чиний энэ муухай санаа чинь хоёр хүүхдэд чинь нөлөөлөх вий дээ,-үхсэн хүүхдийнхээ ясыг өндөлзүүлэх дэмий л байгаа юм даа, -санаатай алчихсан биш гэх зэрэг мессэж ирдэг байсан.

-М.Мөнхтулга нь ял эдлэх чадвартай юу?

-Анх 2017 онд 70 хувийн грүппэд байдаг гэж байсан. Одоо бол 90 хувь болсон байна лээ. Өмгөөлөгч нь болох С.Оюунцэцэгийн ярьж байгаагаар анх шүүх хурал болоход тэр хүүхэд үхэх гэж байгаа юм шиг л юм ярьсан. Тэгээд нэг шүүх хурал болхоор миний үйлчлүүлэгч уушгаа тайруулсан, сүрьеэ тусчихсан гэдэг. Сая хүртэл ах нь “-чи миний дүүд ял оногдуулах гээд яахав дээ, өнөө маргаашгүй болчихсон хоногоо хүлээж байгаа ” л гэж байсан. Хоногоо хүлээж байгаа хүүхэд нь эцсийн эцэст машин бариад гадуур зүгээр л явж байна.

-Энэ хэрэг яагаад одоог хүртэл шийдэгдэхгүй хоёр жил болсон юм бол?

-Энэ бол ерөөсөө л Хэрлэн шүүгчээс болсон. Хэрэгтэн хэрэгээ хүлээчихсэн байхад өмгөөлөгч С.Оюунцэцэг, хэргийн шүүгчээр ажиллаж байгаа Хэрлэн шүүгч хоёр ерөөсөө эсэргүүцээд байгаа. Анхан шатны шүүх хурал болохоос гурав хоногийн өмнө Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах “City“ зочид буудал руу хэрэгтний ах Мөнх-эрдэнэтэй хамт орсон. Ороод бууз жигнүүлж идээд, долоон настай хүүгийн талаар ярьсан гэж байгаа юм. Бүр өмссөн хувцас, зүс царайг нь тодорхой харсан хөндлөнгийн гэрч байгаа. Гэтэл шүүх дээр гэрчийн мэдүүлгийг ерөөсөө сонсоогүй. Энэ талаар нь ярих гэхээр Хэрлэн шүүгч “Суу, дахиж үг дуугарвал шүүхийн танхимаас хөөж гарга” гэдэг.Авлига авсан байх л гэж бодож байна.

-Хүүгийн тан шинжилгээний хариу юу гэж гарсан бэ?

-Шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтээр хүүд маань ямар ч тархины саа өвчин байгаагүй. Толгойн гэмтэл баруун талт бөмбөлгийн доторх цус хуралт, няцралт, эрүүний хугарал, хэвлийн зүүн талын ташаа тархмал зулгаралт тогтоогдлоо гэсэн. Энэхүү гэмтэл нь доргих, үрэгдэх үед эсвэл авто ослын үед үүснэ.

Шүүх эмнэлгийн шинжилгээгээр үхэлд хүргэх эмгэг өвчин миний хүүд огт байхгүй” нь тогтоогдсон. Гэтэл миний хүүг аймгийн нэгдсэн эмнэлэгт “Тархины усжилтаас үүдэн саажилттай хяналтанд байдаг” гэсэн хуурамч дүгнэлтийг цагдаагийн хошууч Н.Сүхбаатар гэх хүн гаргуулсан байсан.Үүнээс болж хоёр жил шүүх хурал эцэслэн шийдэгдэхгүй байгаа юм. Байцаагч Н.Мөнхтулга Эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Лхагвадорж гэдэг хүнээс хуурамч бичиг гаргуулж авсан байдаг.


М.Сайнзаяа

Categories
мэдээ нийгэм

Дасгалжуулагч Л.Энхбаатар “Олимпийн алдар” одон хүртлээ

МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган ДАШТ-ний хүрэл медальт, Азийн наадмын хүрэл медальт, Дэлхийн цомын мөнгөн медальт, Монгол Улсын 11 удаагийн аварга, ОУХМ М.Нандинцэцэгийн багш, дасгалжуулагч спортын мастер Л.Энхбаатарыг өнөөдөр /2019.02.21/ хүлээн авч уулзан, Олимпийн алдар одонг гардууллаа. М.Нандинцэцэг нь 14 наснаасаа Л.Энхбаатар багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийж, 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, Монголын эмэгтэй боксчдоос дэлхийн анхны медалийг эх орондоо авчирсан түүхэн амжилтын эзэн болсон билээ. Л.Энхбаатар нь 18 жил боксын дасгалжуулагчаар ажиллаж байгаа бөгөөд одоогоор “Zeus” клубт М.Нандинцэцэг болон өсвөрийн тамирчдыг бэлтгэж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүх: Ажилгүйдэл, ядуурлыг хэр бууруулснаар нь дарга нарын ажлыг дүгнэнэ

Орон нутгийн удирдах ажилтны улсын зөвлөгөөн Төрийн ордонд эхэллээ. Зөвлөгөөнд бүх аймаг, нийслэл, сум, дүүрэг, тосгон, хорооны Засаг дарга болон Тамгын газрын дарга 500 гаруй хүн оролцож байна.

Зөвлөгөөнийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэлэв. Тэрээр төрийн албаны шинэчлэл, эдийн засгийн бүсчилсэн хөгжил, Үндсэн хуулийн өөрчлөлт, байгалийн баягийг иргэддээ хүртээмжтэй хүртээх, төрийн үйлчилгээг цахимжуулж, хүнд сурталгүй үйлчлэх зэрэг сэдвийг хэлэлцэх энэ зөвлөгөөн улс орны хөгжлийг 20-25 жилээр харж, дотооддоо биш дэлхийд өрсөлдөх үндэс суурийг тавина гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож үг хэллээ. Тэрээр улс орны эдийн засгийн өнөөгийн байдлын талаар оролцогчдод товч мэдээлэл өгөв. 2018 онд эдийн засаг 6.9 хувиар өсч, сүүлийн найман жилд төсвийн тэнцэл анх удаа ашигтай гарсныг тэмдэглэв. Гадаад валютын нөөц 3.5 тэрбум ам.долларт хүрч зээлжих зэрэглэл нэмэгдсэн, 5.7 их наяд төгрөгийн өр, зээлийг төлж барагдуулсан, малын тоо толгой, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн экспорт өссөн, гурил, төмсний хэрэгцээгээ дотоодоос хангах боломжтой болсон зэргийг дурдав.

Цаашид Засгийн газар болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлд тусгасан төсөл, арга хэмжээг хугацаанд нь, үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд тодорхой үүрэг өглөө.

Тухайлбал;

– Үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилт, арга хэмжээнийхээ хэрэгжилт удаашралтай байгааг нь эрчимжүүлэх

– Улс орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийх арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийг хугацаанд нь хэрэгжүүлэх

– Нэр бүхий есөн аймагт дулааны станц, 10 аймгийн цэвэрлэх байгууламжаас гадна 117 сургууль, 34 цэцэрлэг, анхан шатны 62 эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг ил тод, шуурхай зохион байгуулж, чанар, гүйцэтгэлд анхаарах

– Төсвийн сахилга бат, хариуцлагаа чангатгаж, хөрөнгийг үр ашигтай зарцуулах, ач холбогдолгүй зүйлд зарцуулахыг зогсоох

– Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулах, танил талдаа өгөхийг таслан зогсоох, иргэдийн оролцоог хангах, ил тод, шударга байх зарчмыг алдагдуулахгүй байх

– Төрийн бодлого, ажлын залгамж чанар, тогтвортой байдлыг хангаж, төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулж, нийгмийн баталгааг нь хангах, сургаж чадавхжуулах, шатлан дэвшүүлэх зарчим баримтлах

– Байгууллага, орон нутагтаа хууль, журам нэн тэргүүнд хэрэгждэг байх соёл тогтоож, өөрсдөө сахилга, хариуцлагатай байж бусдыгаа манлайлах

– Хууль бус төлбөр хураамж авч хяналтгүй зарцуулдаг, худалдан авах ажиллагааг хууль бусаар явуулж танил тал, хамаарал бүхий этгээдээ шалгаруулдаг, төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас нь чөлөөлсний улмаас төсөвт хохирол учруулдаг, Сум хөгжүүлэх сан, Орон нутгийн хөгжлийн сан, Засаг даргын нөөц хөрөнгийг хууль бусаар зарцуулдаг, нөхөн сэргээлт нэрээр гэрээ байгуулж ашигт малтмалын олборлолт явуулдаг, ИТХ-ын даргын нөөц хөрөнгө гэх зүйл бий болгосон, улстөрждөг, иргэдэд хүнд сурталтай ханддаг зэрэг дутагдлыг зогсоох

– Төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулах чиглэлээр идэвх, санаачилгатай ажиллах. Иргэдэд учирч байгаа бэрхшээлтэй асуудал, хэрэгцээ, шаардлагыг нь мэдэрч, төрийн бодлого, шийдвэрт тусгах, түүнд нийцүүлэх, ил тод, нээлттэй засаглалыг төлөвшүүлэх

– Малын зүй бус хорогдлоос урьдчилан сэргийлж, мал төллөлтөд хариуцлагатай хандах. Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд шинэ технологи нэвтрүүлэх, бүтээгдэхүүний гарц, чанарыг нэмэгдүүлэхэд анхаарах

– Байгаль орчны нөхөн сэргээлт, бэлчээрийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарах. Шаардлагатай бол дээд шатны байгууллагад мэдэгдэж, холбогдох арга хэмжээ авч байх

– Төрийн албан хаагчдын хариуцлага, санаачилгагүй байдлаас болж гарах гэнэтийн аюул, ослыг эрс бууруулах, хүний амь нас, тэр дундаа хүүхдүүдийн амь нас үрэгдэх явдлыг таслан зогсоох чиглэлээр шийдвэртэй арга хэмжээ авч байх

– Хөдөө аж ахуйн салбарын дэвшилтэт техник, технологи, инноваци нэвтрүүлэн хүнсний аюулгүй байдлыг хангахад анхаарч ажиллах

– Орон нутгийн өрсөлдөх чадвараа сайжруулах

– Түүх, соёлын өвийг хадгалах, хамгаалах. “Соёлын биет бус өв”, “Чулуун соёлын өвийг хамгаалах” үндэсний хөтөлбөрийг тухайн нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх

– Бодлого, шийдвэр, хууль тогтоомж, тэдгээрт заагдсан иргэдийн эрх, үүрэг, оролцоог шинэлэг арга хэлбэрээр сурталчилж байх, иргэдээ соён гэгээрүүлэх зэргээр ажиллахыг үүрэг болголоо.

Дарга нараас нэн тэргүүнд ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ. Засаг дарга нар ажилгүйдэл, ядуурлыг хэр зэрэг бууруулсан гэдгээр нь ажлыг нь дүгнэнэ гэдгийг анхааруулав. Ажлын байр бий болгож байгаа жижиг, дунд үйлдвэрлэгч, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэд, баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжихийг чиглэл болголоо.

Орон нутгийн удирдах ажилтны зөвлөгөөнөөр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, 2019 оны хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх, “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн ажлыг зохион байгуулах, санхүүгийн ил тод байдал, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, хаврын бэлтгэл ажлаа хангах, байгаль орчны бодлого зэргийн талаар хэлэлцэнэ. Орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцан Засгийн газраас гаргах шийдвэрийн төсөлд тусгах юм.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хятадын “Xiaomi” компани шинэ ухаалаг утас танилцууллаа

БНХАУ-ын ухаалаг утас үйлдвэрлэгч “Xiaomi” компани “Mi 9” шинэ ухаалаг утас танилцуулсан тухай “The Verge” цахим хуудсанд мэдээлжээ. Шинэ ухаалаг утас нь 450-600 ам.долларын үнэтэй байх бөгөөд эхлээд Хятадын зах зээлд гаргасны дараа бусад оронд худалдаалах юм. АНУ-ын “Qualcomm” компанийн “Snapdragon 855” процессорт суурилан бүтээсэн уг ухаалаг утас нь 256 гигабайтын санах ойтой байна. Мөн 48, 12 болон 16 мегапикселийн нягтрал бүхий гурван үндсэн камертайгаас гадна нүүрэн талдаа 20 мегапикселийн камертай аж. “Xiaomi”-гийн шинэ ухаалаг утасны зай маш хурдан буюу 40 минутын дотор бүрэн цэнэглэгддэг байна. Төхөөрөмжийг нэг цагийн дотор цэнэглэдэг утасгүй цэнэглэгч дагалдана. БНХАУ-ын ухаалаг утас үйлдвэрлэгч “Xiaomi” компани “Mi 9” шинэ ухаалаг утас танилцуулсан тухай “The Verge” цахим хуудсанд мэдээлжээ. Шинэ ухаалаг утас нь 450-600 ам.долларын үнэтэй байх бөгөөд эхлээд Хятадын зах зээлд гаргасны дараа бусад оронд худалдаалах юм. АНУ-ын “Qualcomm” компанийн “Snapdragon 855” процессорт суурилан бүтээсэн уг ухаалаг утас нь 256 гигабайтын санах ойтой байна. Мөн 48, 12 болон 16 мегапикселийн нягтрал бүхий гурван үндсэн камертайгаас гадна нүүрэн талдаа 20 мегапикселийн камертай аж. “Xiaomi”-гийн шинэ ухаалаг утасны зай маш хурдан буюу 40 минутын дотор бүрэн цэнэглэгддэг байна. Төхөөрөмжийг нэг цагийн дотор цэнэглэдэг утасгүй цэнэглэгч дагалдана.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Дэмбэрэл: Чуулганы хуралдааны 50 хувьд суугаагүй бол тухайн гишүүний бүрэн эрхийг автоматаар хасахаар хуульчлах хэрэгтэй

“Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдал, бусад орны туршлага, түүнийг нэвтрүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэхдээ “УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганаас эхлэн УИХ-ын гишүүд ирцээ хурууны хээгээрээ, саналаа мөн хурууны хээгээрээ өгч хууль баталдаг болно. Бусдын өмнөөс кноп дарлаа, эрхэнд халдлаа, эсвэл цөөн ирцтэйгээр хууль баталлаа гэдэг асуудал байхгүй болж цэгцэрнэ” гэдгийг онцлов. Энэ үеэр УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэлтэй ярилцлаа.


-УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн хэрэгжилт ямар байна. Гишүүд хурлаа таслах, ирцийн асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Гишүүдийн хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох оролцооны асуудал Дэгийн тухай хуулиар бүхэлдээ шийдвэрлэгдэж байдаг. Дэгийн хуульд өөрчлөлт олон удаа орсон. Гэхдээ суурь зарчмуудыг өөрчилж чадаагүй. Манай Дэгийн хууль муу биш. Юм л бол дутагдлыг хүнээс шалтгаалж байна гэхийн оронд хууль руу заадаг болж. Дэг зөрчигдөөд УИХ-ын хууль тогтоох ажиллагаанд тааруу оролцлоо гэвэл хуулиас боллоо гэдэг. УИХ-ын гишүүн гэдэг бол өөрөө ард түмний итгэлийг зүтгэлээр хариулах ёстой гэсэн байдал одоогийн Дэгийн хуулиараа явахад хангалттай. Гэхдээ Дэгийн тухай хуульд засахаар зүйл бий. Жишээлбэл, УИХ-ын гишүүн өглөө ирж ирцээ бүртгүүлнэ. Бүртгэлд орсон бол өдрийн хуралдаанд бүхэлдээ суусан гэж тооцдог. Бүтгэлд орсон гишүүн санал өгөөгүй бол эсрэг санал өгсөнд тооцно гэж заасан. Одоо үүнийг засах цаг болсон. УИХ-ын гишүүд задгай, сэлдэн байсныг одоо бүсээ бүсэлж, зөв болгох хуулийн заалтууд хэрэгтэй. Ирцийг хурууны хээгээр бүртгээд бүх юм сайхан болчихно гэж найдах нь зөв үү, үгүй юу. УИХ-ын гишүүд ямар нэгэн байгууллага, холбооны дарга, тэргүүн, ерөнхийлөгч гэсэн ажлуудыг их авчихсан байдаг. Эдгээр нь чуулганы хуралдаанд орох боломжуудыг алдагдуулдаг хүчин зүйлүүдийн нэг. Үүнийг хүмүүс тооцож үздэггүй. Засгийн газрын гишүүдийн давхар дээлийг л яриад байдаг. Гишүүд олон нийтийн удирдлагын ажилд орчихсон явж байгааг хумих хэрэгтэй. Мөн дэг сахиулагч гэж олон орны парламентад байдаг. Дэг сахиулагчийн эрх үүргийн хуульд тодорхой заагаагүй учраас Тамгын газрын ажилтнууд энэ ажлыг хийдэг. Нөгөө талаар хяналтын механизм их муу. Тийм учраас энэ хууль амьдрал дээр дагаж мөрдөгдөхөд учир дутагдалтай.

-Үүнийг яаж засах вэ?

-Цэц хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гаргаагүй тохиолдолд УИХ-ын гишүүн байх эрх хэвээрээ байдаг. Гэмт хэрэгт холбогдсон байвал прокурор асуудал тавьж, чуулганаар хэлэлцэж байж бүрэн эрхийг түдгэлзүүлдэг. Үндсэн хуулийн Цэц хууль зөрчсөн үйлдэл гаргавал гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эрхтэй. Жишээлбэл, чуулганы бүтэн жилийн хуралдааны 50 хувьд ороогүй байвал тухайн гишүүн үндсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэн бүрэн эрхийг нь автоматаар хасах хуулийн заалт оруулж ирж болно. Гэхдээ парламентын гишүүд зориг гаргаж, яг ийм хууль гаргана гэдэг хэцүү л дээ. Тухайн парламентын бүрэн эрхийн төгсгөлийн үед дараагийн парламентдаа ийм өндөр шаардлага тавина шүү, та нар бидэн шиг байж болохгүй шүү гэх утгаар оруулж ирж болох юм. УИХ-ын Ёс зүйн хороо энэ асуудлаар хуралдах их түвэгтэй. Үнэхээр ёс зүйн томоохон дутагдал гарлаа гэж үзэж байгаа юм бол бүрэн эрх түдгэлзэх байдал руу орж, хууль зөрчсөн талаар Цэцээр дүгнэлт гаргуулах зарчмаар явах ёстой..

-Гишүүд бойкот зарласнаар төрийн ажил багагүй хугацаанд гацсан. Энэ байдал дахин давтагтахгүй гэх баталгаа байхгүй шүү дээ. Таны хувьд үүн дээр хуулийн ямар зохицуулалт хийх хэрэгтэй вэ?

-УИХ-ын гишүүд бойкотлох тухай асуудлыг УИХ-ын болон УИХ-ын Дэгийн тухай хуульд тодорхой заагаагүй. Үүнийг зааж өгөх ёстой. Дэгийн хуульд Үндсэн хууль зөрчигдөж байна гэж үзээд хуралдааны танхимаас гарч болно. Үүнээс өөр тохиолдолд гарч болохгүй гэж заасан байдаг. Гэхдээ УИХ-ын зонхилох гишүүд бойкот хийлээ. Үүнийг хуульчилж болно.

Ямар тохиолдолд бойкот хийх вэ гэх мэтээр шинээр зааж өгөх юм. Энэ бол УИХ болон УИХ-ын Дэгийн тухай хуулиудад энэ төрлийн заалт оруулах ёстой шүү гэдгийн илрэл. Хуулийг урьдаас тааварлаж хийдэггүй. Нөхцөл байдлыг харгалзаж хууль гаргадаг.

-УИХ гишүүн С.Эрдэнэ гишүүдийн эгүүлэн татах хуулийн төсөл санаачилсан. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

-Гишүүдийг сонгогчдын саналаар эгүүлэн татъя гэдэг санал яваад байгаа юм. Энэ бол олон жил яригдаж байгаа санал. Тухайн тойргийн иргэдийн 25 хувь нь сонгосон гишүүнээ эгүүлэн татъя гэсэн санал тавибал буцааж татна гэсэн үг. Үүнийг сайн бодох хэрэгтэй. Анхнаасаа сонгогдохдоо 51 хувийн санал авсан байвал 49 хувь нь зөвшөөрөөгүй байгаа шүү дээ. Сонгоогүй 49 хувиас жаахан дургүй нь хүрвэл хуудас явуулаад гарын үсгээ зураад хаячихна. Хоёрдугаарт, яагаад эгүүлж татах, ямар учраас татах вэ гэдэг тохиолдлуудыг зааж өгөөгүй. Үүнийг тодорхой заахгүй бол улстөржинө. Намууд л хүн дэвшүүлсэн байгаа шүү дээ. Нөгөө намынхаа дургүй гишүүнийг татах тухай асуудал тавихаар тойргийнх нь иргэд дэмжээд гарын үсэг зураад байвал юу болж хувирах уу. Би парламентын их олон хууль харж байсан. Сонгогчид буцаан татах тухай асуудал цөөн тавигддаг. Аргагүй буцаан татах нөхцөлүүдийг заах ёстой. Чуулганы хуралдаанд оролцдоггүй, бидний төлөө үг хэлдэггүй, сонгогчидтойгоо ажилладаггүй гэх зэрэг нарийн зааж өгөх хэрэгтэй. Ингэхгүйгээр парламентын гишүүдийг дархлаагүй байдал руу оруулж болохгүй. Үүнийг их л бодож тооцож хийх байх аа.

-УИХ-ын даргыг гишүүдийн олонхын саналаар огцруулдаг боллоо. Энэ нь парламентын дархлаанд нөлөөлж буй олон хүн хэлж байна. Энэ хуулийг хэвээр нь үлдээх үү. Эсвэл цуцлах хэрэгтэй юу?

-Хуульдаа өөрчлөлт оруулчихаад тодорхой нэг хүнд зориулаад хийчихсэн юм шиг үүнээсээ ухрах боломж байхгүй. Одоогийн парламент уг хуулийг өөрчилж чадахгүй. Энэ хуулийг болилоо гэвэл нэг хүнийг огцруулах гэж хууль гаргасан болно. Энэ нь хуулийн зарчимд огт нийцдэггүй юм.

Үүнийг дараачийн парламент чуулганы анхны хуралдаанууд дээрээ яах уу гэдгээ үзэх хэрэгтэй. УИХ-ын дарга гэдэг олон намын бүлэглэлүүдийн тэмцлийн дунд байдаг. Хэд хэдэн намын бүлэг нэгдчихээд гарын үсэг зурж, асуудал хэлэлцүүлнэ гэж дайраад, үгүй бол УИХ-ын дарга асуудал хэлэлцүүлж байхад чамайг огцруулна гэсэн сэтгэлгээний үүднээс хандаад байх аюултай. Энэ хууль яваандаа өөрчлөгдөнө. Үгүй бол Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр гарч байж өөрчилнө. Одоогийн парламент энэ хуулийг цуцалчихвал нэр хүндэд нь бүр муу. Үүнийг гишүүд бүгд мэдэж байгаа.

-АН УИХ-д бүлэггүй болж, зөвлөлийн статусаар ажиллана гэж байна. Энэ тохиолдолд хуулийн ямар зохицуулалттай вэ?

-Хуульд ганцхан тоон талаас нь заасан заалт бий. Найм болон түүнээс дээш гишүүнтэй тохиолдолд бүлэг байгуулж болно гэж заасан. Үүнийг хуульд дахин сайн авч үзэх ёстой. Бид гүйцэт авч үзнэ гэж олон удаа ярьж байгаа мөртлөө шийдээгүй. Ээлжит сонгуулиар гарсан парламентын тогтолцоо дараачийн ээлжит сонгууль болтол хадгалагдаж байх ёстой. Найман гишүүнтэй бүлэг байгуулна гэчихсэн. Гэтэл тэр нь долоон гишүүн болчихлоо. Уг нь ард түмний сонголтоор анх шийдэгдсэн тогтолцоо хадгалагдана гэдгийг заамаар байгаа юм. Хүний тоо нэмэгдэх, буурахаас үл хамааран бүлэг анхны тогтолцоогоороо байх ёстой гэж заамаар байна. Ардчилсан намын бүлэг хуулийн заалт тодорхойгүй байгаа учраас тарж байх жишээтэй. Гэтэл агуулгаараа ард түмэн 2016 онд бүлэг байгуулах хэмжээний хүнийг гаргаж санал өгсөн. Тэр үр дүнг хадгалаж чадахгүй болж байгаа юм. Ганцхан намын бүлэг үлдсэн. Энэ нь парламент ялангуяа олонхын хүсдэг зүйл биш. Цөөнхгүй байна гэдэг нь сөрөг санал гаргах, түүнийг авч үзэх, хяналт цөм алга болно. Парламентын бүлгийн дарга УИХ-ын даргын зөвлөлд ордог. Дэд даргын асуудал хүртэл яригдана. Энэ бүхний цаана эрх үүргийн хуваарилалт алга болж, ганц намын парламент бий болох нөхцөл үүсч байна.

Э.ЯНЖМАА

Categories
мэдээ нийгэм

Хамгаалалтын бүс, хамгаалах суудлын хэрэглээний судалгаа явуулж байна

Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Нийгмийн эрүүл мэндийн хөгжил, шинэчлэлийн хүрээлэн” ТББ хамтран халдварт бус өвчин, зам тээврийн ослыг бууруулах Блумбергийн санаачлагаар хэрэгжүүлсэн “Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг сайжруулах” төслийн үр дүнгийн судалгааг Улаанбаатар хотноо явуулж байна. Судалгааг энэ сарын 20-22-ны өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд 10 цэгт зохион байгуулах ба жолооч, зорчигчдын хамгаалах бүсний хэрэглээний түвшин, хүүхдийн аюулгүй тээвэрлэлт, хамгаалалтын суудлын хэрэглээний чиглэлээр хийгдэх юм. Иймд иргэдийг уг судалгаанд идэвхитэй оролцож бидний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг уриалж байна.