Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Хар тамхи цар тахлын хэмжээнд очив уу

Хар тамхи хэрэглэгчдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Бүр Монгол Улс зуу мянга орчим байнгын хэрэглэгчтэй болсон гэх ноцтой мэдээллийг судлаачид хэлээд байгаа. Дээрх мэдээлэлтэй зэрэгцээд хууль хяналтын байгууллагынхан “Монголд хар тамхи хэрэглэгчдийг хууль хяналтынхан хяналтаасаа алдсан. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас эхлээд оюутан залуус, гэр бүл, гэр бүлийн найзууд, ажлын хамт олон, найзуудаараа нийлж мансуурдаг. 63 настай хөгшид хүртэл хар тамхи хэрэглэж байгаад саатуулагдсан” гэж мэдэгдсэн. Түүнчлэн он гарсаар ердөө сар гаруйн хугацаанд энэ төрлийн 24 хэрэгт 59 хүнийг холбогдуулан шалгаж байгаа гэдгийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахмад С.Мөнхжин мэдээлээд буй. Тэрбээр өнгөрсөн жил хар тамхитай холбоотой 199 хэрэгт 412 хүн бүртгэгдэн шалгагдсан. Үүнээс 337 нь эрэгтэй, 75 эмэгтэй байсан. Өсвөр насны 2000 хүүхдийн дунд судалгаа хийхэд 463-т нь мансууруулах бодис хэрэглэж үзэх санал ирж байсан гэх судалгаа бий гэдгийг онцлон ярьсан юм.

Хар тамхитай тэмцэх хэлтэс гэж байсныг Хууль зүйн сайдын тушаалаар Хар тамхитай тэмцэх газар болгон өөрчилж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд төрөөс онцгойлон анхаарч эхлээд багагүй хугацаа өнгөрч буй. Сүүлийн нэг сарын хугацаанд тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий хар тамхийг цагдаа нар хураан авч, гэмт хэрэгтнүүдийг баривчиллаа. Тодруулбал, хэдхэн хоногийн өмнө Нигер улсын гурван иргэнээс 300 сая төгрөгийн хар тамхи хураан авсан. Харин одоогоос гурав хоногийн өмнө буюу энэ сарын 12-нд 500 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэх хар тамхи тээвэрлэж явсан монгол залуусыг хуулийнхан саатуулсан. Тэд нэг грамм нь 800 мянгаас нэг сая төгрөгөөр үнэлэгдэх хар тамхи буюу мансууруулах бодис тээвэрлэж явсан гэгдэж буй. Гэхдээ энэ зөвхөн хууль хяналтын байгууллагынхан илрүүлсэн баримт юм. Үүний цаана бидний болоод хуулийнхны нүднээс далд хичнээн тэрбум төгрөгийн мансууруулах бодис хүүхэд залуусыг хэрж байгааг таах аргагүй. Өөрөөр хэлбэл, Монголд хар тамхины хэрэглээ ямар түвшинд хүрсэн, энэ төрлийн хууль бус бизнес хэрхэн цэцэглэсэн нь дээрх цөөн тооны хэргээс л тодорхой харагдаж байна. Тэрбум төгрөгийг Монголын томоохон алтны уурхайнууд л олдог байх.

Гэхдээ сард тэрбум төгрөгний борлуулалт хийдэг уурхай гарын таван хуруунд багтахаар цөөхөн биз ээ. Ихэнх алтны уурхай сард 400 орчим сая төгрөгийн алт тушааж байгаа. Монголд хамгийн ашигтай бизнесийг алт гэдэг. Гэтэл алтны уурхайнуудаас хоёр дахин ашигтай бизнес манайд хар тамхины наймаа болсон гэсэн үг. Тэгэхээр хар тамхи Монголд цар тахлын хэмжээнд хүрсэн гэхэд буруудахааргүй байна. Цар тахал гэдэг нь дэлхий дахинд холбогдох албаныхны хяналтаас гарчихсан, алдагдчихсан, гамшгийн хэмжээнд хүрсэн зүйлийг нэрлэдэг. Ингэж хар тамхины наймаа алтны уурхайгаас илүү ашигтай болсон байгаа нь Монгол Улс мансууруулах бодис хэрэглэгчдийн тоогоор, энэ төрлийн бизнесээр цар тахлын хэмжээнд хүрснийг илтгэж буй хэрэг юм.

Тэгвэл хар тамхины наймааг хэн тэтгэж явуулаад байна вэ. Мансууруулах бодис их хэмжээгээр худалдан борлуулах хууль бус үйлдлийн ар талыг хэн хариуцаж, их хэмжээний мөнгөний ашиг хүртэж байгаа нь нэн тэргүүний чухал асуудал. Хил гаалиар нэвтрүүлэхээс эхлээд бусдад худалдан борлуулах гээд хууль хяналтын байгууллагын хараа хяналтаас мултарч чадаж буй наймааны цаана мэдээж эрх мэдэлтнүүд байгаа нь тодорхой. Нэг хэсэг хар тамхины наймааны хэрэгт хууль, хяналтынхан орооцолдож байсан. Бүр прокурор, шүүхийн ажилтнууд ч хар тамхи татдаг, худалдан борлуулах наймаанд гар бие оролцож, дундаас нь их хэмжээний ашиг хүртдэг нь нийтэд ил болж байлаа. Ойрхны жишээ гэхэд,Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын таван хүн хар тамхи, авлигын хэрэгт 2015 онд холбогдсон байдаг. Уг хэргийг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 11-нд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцсэн билээ. Тэд “мөс” хэмээх мансууруулах бодисыг худалдан авч байгаад үйлдэл дээрээ баригдсан байдаг. Шүүхийн шийдвэрээр Х.Тамир, Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат, Д.Жавхлан нарт тус бүр таван жилийн хорих ял, Б.Сүхбаатар гэх этгээдэд 6.5 жилийн хорих ял оноосон. Өөрөөр хэлбэл, цагдаагийн хамгаалалт байхгүй бол Монголд энэ төрлийн бизнес хийх боломжгүй гэж хуулийнхан ярьсан ч удаатай.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ МОНГОЛД ХАР ТАМХИ ЦАР ТАХЛЫН ХЭМЖЭЭНД ХҮРСЭНД БУРУУТАЙ

Манай улсад хар тамхины хэрэглээ хэд дахин нэмэгдэж, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэнд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд буруутай. Бүр тодруулбал, хамгийн гол буруутан нь телевизүүд. Рок, попын од гэсэн нэртэй, хар нүдний шил зүүсэн, шал нял хийсэн яриатай, мансуурагчдыг бараг өдөр бүр нэвтрүүлэгтээ урьж, даль даль гэсэн яриаг нь гаргадаг байлаа. Ингээд зогсохгүй мансуурах нь гоё, сайхан гэх далд агуулга, ил цагаан үгтэй дууг нь өдөрт хэдэн арван удаа давтаж гаргадаг байлаа. Зарим нь хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж мансуурчихаад телевизийн ярилцлага, тоглолтод орсон тохиолдол ч цөөнгүй давтагдаж, урлагийн хүрээнийхэн дунд яригдсаар ирсэн. Рок, поп, хип хоп урсгалын мансуурагчдаас гадна зарим загвар өмсөгч, мисс ч ийм хэл аманд өртөж байсан удаатай.

Мөн нэр алдартай, рок попын “Харанга” хамтлагийн дуучин, МУГЖ Х.Лхагвасүрэн, “Лемонс” хамтлагийн аргил гитарчин Б.Анар болон рок хөгжим сонирхогч Г.Билгүүн, Б.Билгүүн Н.Энх-Учрал, Н.Инжинаш, О.Содбилэг, Э.Бархас, “Icetop” хамтлагийн гурван гишүүнээс “Дижитал” хамтлагийн ахлагч Баавар “Гайз 666” хамтлагийн дуучин Г.Төгсбаяр, Л.Мягмар, Х.Лхагва, У.Бат-Ундрал, “А-Capella” хамтлагийнхан гээд л урлагийнхны хар тамхи хэрэглэгчдийн цуваа хөвөрдөг. Сүүлийн жишээ гэхэд, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй нэр холбогдоод байсан Г.Сарангэрэл, “Ice Top” хамтлагийн дуучин 38 настай С.Чулуунбаяр буюу Коби, дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа нар шалгагдаж байгаа. Рок, поп дуучдын энэ байдал залуусыг хэдэн мянгаараа хар тамхинд ороход гол нөлөө үзүүлж байгааг албаныхан тодотгодог. Өсвөр насныхан “Нэр алдартай, гоё хүмүүс хар тамхи хэрэглэдэг юм байна. Хар тамхи хэрэглэх ёстой юм байна” гэсэн ойлголттой болох нь түгээмэл гэнэ. Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Тэр баяны хүүхэд хар тамхи татлаа. Тэр улстөрчийн хүүхэд мансуурч байгаад баригджээ. Сайдын хүүхэд хар тамхинд холбогджээ” гээд л дэвэргээд бичээд байдаг. Бүр БНХАУ-д хар тамхи зөөж байгаад баригдаж, цаазаар авах ялаар шийтгүүлсэн Байгалмаа гэх эмэгтэйг баатарлаг гавьяа байгуулсан юм шиг л хэдэн удаагийн нэвтрүүлэг бэлтгэн нийтэд цацаж байв. Ерөнхийлөгч нь хүртэл төрийн айлчлал хийхдээ “Амийг нь өршөө” гэж гуйж байсан удаатай. Энэ бүхэн хар тамхи татах нь нийгмийн элитүүдийн хийдэг зүйл гэж нийгэмд, тэр дундаа өсвөр үеийнхэнд ойлгогддог гэдгийг албаныхан онцолдог. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сүүлийн арав гаруй жил хар тамхичдыг санаатайгаар дэмжээд байгаа юм шиг тухай бүрт дэлгэрэнгүй мэдээлж, заримыг нь өмөөрч, өөгшүүлэх байдал гаргасаар ирсэн билээ.

ХАР ТАМХИЧДЫН ТУХАЙ ОЙЛГОЛТОО ӨӨРЧИЛЬЕ

Хар тамхи цар тахлын хэмжээнд хүрэхэд нөлөөлсөн өөр нэг гол зүйл нь хүмүүсийн хэдэн төгрөгийн төлөө төрсөн эхээ ч худалдахад бэлэн шуналтай зан. Энэ шунал хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээг улам бүр дэвэргэж байна. Нутаг нэгтэн, элэг нэгтнээ үл хайрлан хэдэн төгрөг олохын төлөө нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй шунал залуусыг хар тамхинд донтуулж живүүлж буй. Өөрөөр хэлбэл, тодорхой хүрээний залууст хар тамхи зараад мөнгө олох боломжийг хар тамхи борлуулагчид бий болгоод байгаа юм. Амар хялбар аргаар мөнгө олох боломж байхад ашиглахгүй байна гэдэг хүн төрөлхтний ааш араншингаас харш зүйл. Ашиг олох зүйл байвал түүнийг өөрт байгаа боломжоор хүн бүр ашиглахыг бодно. Энэ араншинд нь дөрлөж, хууль бус наймаачид залуусыг гар хөлөө болгож буйг хуулийнхан онцолдог.

Үүнээс гадна бид хар тамхичдын тухай ойлголтоо өөрчлөх хэрэгтэй байна. Нийгмийн элит хэсэг хар тамхи хэрэглэж байна гэж харж ойлгох биш, нийгмийн шаар шавхруу, ажил хийж амьдралаа аваад явах чадваргүй, нийгэмд эзлэх байр суурь огт байхгүй сул дорой хүмүүс хар тамхи хэрэглэж байгааг ойлгох цаг нь болсон. Ингэж байж хар тамхины хэрэглээг хянаж, багасгаж чадна. Өөр нэг чухал асуудал нь олны танил улстөрчид, дуучид болон тэдний үр хүүхдүүд нэг л удаа хар тамхи хэрэглэсэн байвал бодлогоор эцэг, эхтэй нь холбоотой бүх төрлийн ажил, гэрээг зогсоодог болох хэрэгтэй. Дуучин, жүжигчдийг хар тамхи хэрэглэсэн бол тайзан дээр гарах эрхийг хасдаг болох цаг нь болсон. Уран бүтээлийг нь олон нийтэд хүргэлээ гэхэд Хар тамхитай тэмцэх газраас хянаж байгаад нийт орлогын 80-90 хувийг хураан авдаг баймаар байна.

Хэрэв хэвлэл мэдээллийн хэрэгслээр хар тамхичныг гаргах юм бол сайн сайхан байгаа үеийг харуулалгүйгээр хар тамхины эцсийн шатанд орсон байдлыг ичиж нэрэлхэлгүй харуулж байх хэрэгтэй. Нүүрээр нь дүүрэн хөх толбо үүсч, турж эцсэн биетэй, тариа хийлгээд өвчтэй болсон байдлыг тод томруунаар харуулах ёстой. Ингэж байж хар тамхинаас залуус жигшин зэвүүцнэ. Баян тансаг айлын хүүхдүүд хар тамхи хэрэглэж байна, хар тамхи хэрэглэх нь энгийн зүйл гэсэн буруу ойлголтыг зогсоож чадна. Мөн хар тамхины эсрэг хуулийн заалтыг хатуу чанга болгох хэрэгтэй байна. Ингэж л нийгэмд хүчтэй хөдөлгөөн өрнүүлж, үлгэр дуурайл үзүүлж, хар тамхи хэрэглэвэл амьдралгүй болох юм байна гэдгийг сайн ойлгуулах хэрэгтэй. Ингэж байж л хар тамхичин бол нийгмийн хог шаар, адгуус маягийн амьтан гэсэн харилцаа, ойлголт, сэтгэл зүйг бий болгоно. Монголчууд донтомхой ард түмэн. Хар тамхи, мансууруулах бодисын цар тахлыг ийм аргаар даруй дарж авахгүй бол цөөхөн хүн амтай манайх шиг улс маш богино хугацаанд үгүй болно.


Categories
мэдээ цаг-үе

М.Энхсайхан: Дэлхийн улс төрд популизм оройдоо хүрээд төгсгөл рүүгээ явж байна

Ерөнхий сайд асан М.Энхсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Ерөнхий сайд нь Ерөнхийлөгчтэй нийлж зүтгүүлээд хууль батлуулж УИХ-ын даргыг суудлаас нь буулгалаа. УИХ эрхэндээ халдуулсан, УИХ засгийн халаасанд орсоны нотолгоо гэх мэт байр суурь дуулдаж байна. Энэ үйл явдлыг та яаж харж байна вэ?

-Би сүүлийн үед өрнөсөн энэ үзэгдлийг арай өөдрөгөөр төсөөлж байна. УИХ-ын даргыг хууль батлаад олонхоороо чөлөөлсөн. Энэ үйлдэл зөвхөн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зүгээс хийсэн хэрэг биш. М.Энхболд хууль ёсыг мөрдүүлэх ажлыг төгс хийлгэсэн. Тэрэнд нь талархаж байгаа. Төрийн хариуцлагатай албан тушаал хашдаг хүмүүс хэн нэгний дарамт, шахалтаар албан тушаалаа өгөөд байж болохгүй. Нэгдүгээрт тавигдах зарчим нь энэ л дээ. Тийм учраас хууль ёсоо мөрд гэсэн хатуу байр суурин дээр бат зогсч, өөрсдөөр нь хууль өргөн бариулж, олонхын саналаар суудлаасаа буусан нь М.Энхболдын гавьяа. Нийгэмд үлдээсэн маш чухал дохио. Бүх зүйл хууль ёсоор өрнөх ёстой шүү гэдгийг харуулчихлаа. Одоо үйл явдал цааш яаж өрнөхийг харъя.

-Өөрсдийг нь удирддаг даргын асуудлыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зүгээс оруулж ирэхэд УИХ-ын гишүүдийн хэн нь ч “Ингэж болохгүй шүү, болиорой та нар” гэж дуугарсангүй, парламентын дархлаа алдагдсаны илрэл гэсэн тайлбар бас бий. Энэ тайлбартай санал нийлэх үү?

-Би болж байгаа үйл явдлыг аль болох хүнээс зайлуулж харахыг эрмэлзэж байна. Тэр хүн тэгж тоглож байгаа гэж хараад явбал бид дэндүү явган болчихно. Манай төрийн тогтолцоонд өөрчлөлт хийгдэх ёстой юу гэвэл хийгдэх ёстой. Том процессоор нь харвал өөрчлөлт хийх гээд бие биеэ буруутгаж байгаа үйл явц өрнөж эхлэв үү гэж ажиглаж сууна. Дунд нь эрүүл ухаан эрхбиш байгаа биз. Засч, зөв зүг рүү нь эргүүлээд явах байх.

ШХАБ-Д ЭЛСВЭЛ ЭДИЙН ЗАСГИЙН
АШИГГҮЙ, ХООСОН ГОРЬДЛОГО

-Цаашид яахыг харна гэснээс УИХ-ын даргыг чөлөөлсний дараа, залгуулаад ШХАБ-д элсэх нь зөв, буруу гэсэн яриа эхэллээ. ШХАБ-д элсэх эсэх дээр таны байр суурийг сонсъё?

-Үгийн завдалгүй ШХАБ-ыг муухай гэж ярихын эсрэг байгаа. ШХАБ байгуулах ажил 1996 оноос эхэлсэн. Ихэнх нь Төв Азийн шинэ тутам байгуулагдсан улс орнууд байсан л даа. Өөр зуураа итгэлцэл муутай, хил хязгаарын зөрчилтэй нөхцөлд энэ байгууллагыг үүсгэх ажил хийгдэж эхэлсэн. Казахстан, Узбекистан, Тажикстан, Хятад, Орос улсуудын хооронд өчнөөн асуудал байсныг үгүйсгэхгүй. Байр сууриа ойртуулах үүднээс анх Шанхайн тав гэсэн санаачилга ШХАБ-ыг байгуулахаар явсан. Явсаар 2001 он хүрч байж ШХАБ байгуулсныг албан ёсоор зарласан юм. Монголын хувьд шинэ тутам байгуулагдаж байгаа Төв Азийн улс орнуудтай харьцуулахад эртний түүхтэй, төрийн уламжлалтай улс. Түүнээс гадна хөрш зэргэлдээ улсуудтай улс төрийн ямар нэгэн зөрчилгүй. Хил, газар нутгийн зөрчил, маргаангүй. Ийм шалтгаанууд байсан учраас ШХАБ-ын эхний давалгаанд оролцоогүй. Төрийн түүхтэй байсны л нэг жишээ. Тийм учраас ШХАБ 2001 оноос хойш аль чиглэл рүүгээ илүү хөгжиж явна вэ гэдгийг л ажиглах ёстой.

-Аль чиглэл рүүгээ илүү хөгжиж байгаа юм бол?

-ШХАБ-ын гаргасан бүх баримт бичиг интернэт дээр бий. Гаргасан баримт бичгийг нь сөхөж харах хэрэгтэй.

-ШХАБ-аас гаргасан бичиг баримтуудыг хараад жишээ нь та юу бодож байна. Болгоомжилж эргэлзээ төрүүлэхээр би-чиг баримтуудаас нь сонирхуулаач?

-Санаа зовох асуудлууд бий. Жишээ нь, ШХАБ-д гишүүнээр элсэхийн тулд гаргасан бүх л баримт бичиг, мэдэгдэл, хэлэлцээрүүдийг нь тухайн улс хүлээн зөвшөөрөх ёстой.

Тэр олон баримт бичгийг хүлээн зөвшөөрөх үү, үгүй юу гэдгийг судлахгүйгээр орно, орохгүй гэдэг асуудал ярьж манаргаж болохгүй. ШХАБ-ын орнууд найман гишүүнтэй. Ихэнх нь авторитар дэглэмтэй. Дэглэмээ хамгаалахын тулд иргэдийн чөлөөтэй бодох, үйл ажиллагаа явуулах эрх чөлөөнд халддаг явдал бий. ШХАБ-ын хүрээнд тэд нэг хэлэлцээр байгуулсан байдаг юм. Терроризм, сепаритизм, экстремизм гэсэн гурван зүйлтэй хамтарч тэмцэх агуулгатай хэлэлцээр. Шан-хайн конвенц гэсэн нэртэй. Тэр конвенцээр авторитар дэглэмтэй санал нэгдээгүй ямар ч хүний эсрэг ШХАБ-ын гишүүн орнуудын нутаг дэвсгэрт гүйцэтгэх ажиллагаа явуулж болно. Нэг талынх нь хүсэлтээр тухайн оронд үйл ажиллагаа явуулж болохоор харагдаж байгаа. Авторитар дэглэмтэй улсуудын өөрс-дийгөө хамгаалах гэж буй оролдлогыг бид буруутгаад яахав. Харин бидний үнэ-лэмжид нийцэх эсэхийг бодох учиртай. Бид ШХАБ-ын гишүүн орнуудын удирдагчдын эсрэг юм яриад суугаа хүмүүсийг бариад өгдөг орон мөн үү. Дамжуулаад явдаг улс мөн үү. Яг үүнтэй адил үйл явдал гэвэл манайд өнгөрсөн онд болсон турк багшийн хэрэг. Турк багшийг золтой л ачуулаад явуулчихаагүй. Оросын эрх баригчидтай санал нийлдэггүй Монголд амьдардаг орос хүний эсрэг ажиллагаа явагдаж болно гэсэн үг. Хятад юмуу бусад улс орны эрх ашигт нийцэхгүй зүйл ярьж байгаа хүний эсрэг үйл ажиллагааг Монголд хийж болохоор гэрээ хэлэлцээр л дээ.

-Санаа зовох өөр ямар асуудал байна?

-ШХАБ-ын гишүүн ор-нуудын боловсролын салбарт хамтарч ажиллах гэрээ гэж бий. Бие биенийхээ туршлага мэдээллийг солилцоно, үе үе эрдэм шинжилгээний бага хурал гэх мэт арга хэмжээ зохион байгуулна. Гишүүн орнуудын төрийн байгууллагын туршлагыг солилцоно. Туршлага солилц-сон мэдээллийг сургалтын хөтөлбөрт оруулж байна гэсэн утгатай үүрэг бас бий.

-Сургалтын хөтөлбөр гэхээр дунд сургуулийн сурах бичигт авторитар дэглэмтэй улсуудын төрийн байгууллагын туршлагыг оруулна гэсэн үг үү?

-Тэгнэ. Өөрөөр хэлбэл бид боловсролын тогтолцоо, системдээ авторитар тогтолцоотой орнуудын түүх, үнэлэмжээр өөрчлөлт оруулах уу, үгүй гэсэн асуудал үүснэ. Үр дүнгээр нь харах юм бол Монгол ШХАБ-ын орнуудын дундах ардчиллын арал болчихоод байгаа. Өөр бас нэг гэрээ бий. Мэдээллийн аюулгүй байдалд хамтран ажиллах тухай гэсэн гэрээ. Өнөөдөр болж буй мэдээллийн дайнд санаа зовж буйгаа илэрхийлсэн гэрээ. Гэхдээ болж байгаа үзэгдлийг сөрж зогсохын тулд хамтарч ажиллана гэсэн утгатай. Мэдээллийн ертөнцөд өрнөж буй зүйлсийг зөвхөн ШХАБ-ын гишүүн орнуудын хүсэл зоригт нийцүүлж харвал хэр зөв алхам болох вэ?

-Яаж ч бодсон зөв алхам биш л дээ. Дэглэмээ хамгаалсан зүйлсийг нь л дэмжинэ, бусдыг нь үгүйсгэж хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үг биз дээ?

-Тэгж ойлгож болно. Мэдээж авторитар дэглэмийг хамгаалах тухай мэдээлэл эхэнд тавигдана. Тэр орчинд зохицох эсэхээ бодох ёстой. Ингээд харахаар хэрвээ ШХАБ-ын гишүүн болвол дотоодын маш олон хууль, тогтоомжид өөрчлөлт хийх хэрэг гарна. Хийгдэх өөрчлөлтийн чиг нь тодорхой. Ерөнхийдөө авторитар дэглэм рүү хандана. Хуучин түүх хүртэл сонин байдалд орох байх. Өөрөөр хэлбэл орно, орохгүй гэж маргалдахаасаа өмнө энэ байгууллагын гаргасан баримт бичгүүдийг салбар, салбарынхан сайтар судлах ёстой. Тэгж байж саналаа хэлэх учиртай. Түүнээс биш байгууллагыг нь үгүйсгэх хэрэггүй. Тэдний дунд хэрэгтэй ажлууд байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ бид очоод толгойгоо шургуулах уу гэдэг бол санаа зовоосон том асуудал. Тийм амархан ч шийдчих асуудал биш. Монголчууд улс төрийн эрх чөлөөтэй, ардчиллын үнэлэмжтэй ард түмэн. Тэр утгаараа бидний илүү их сонирхох асуудал бол эдийн засгийн харилцаа.

-ШХАБ-ын гишүүн болбол хоёр хөрштэйгөө эдийн засгийн интеграцид орох давуу талтай, том төслүүд хэрэгжих магадлалтай гэсэн горьдлого бий. Энэ горьдлого хэр ортой вэ?

-Хоосон горьдлого. ШХАБ-ын хүрээнд тусгайлан хэрэгжүүлдэг олон талт эдийн засгийн хамтын ажиллагаа, том арга хэмжээ үндсэндээ байхгүй. Улс төр, оюун санаа, авторитар дэглэмүүд өөрөө өөрсдийгөө хамгаалах гэх мэтэд анхаарлаа түлхүү хандуулдаг. Тэр хүрээн дотор хоёр талын хамтын ажиллагаанууд өрнөдөг. Тийм учраас ШХАБ-д элссэнээр энэ байгууллагын олон талт эдийн засгийн харилцаанд монголчууд оролцоно гэж ойлгож, харах нь том эндүүрэл. Монгол, Хятадын эдийн засгийн харилцааны хувьд хоёр талын эдийн засгийн харилцаа өрнүүлээд явж болж байгаа. Монгол, Орос ч ялгаагүй. Харин Орос, Хятадын хоорондох эдийн засгийн харилцаа өөр. Хоёулаа ШХАБ-ын гишүүн. Тэд идэвхтэй хамтраад, тэр харилцаанд бид хамрагдчихвал гэсэн горьдлого бий. Дахиад хэлье. Хоосон горьдлого.

-Яагаад. Орос, Хятад хоёр эдийн засгийн том төсөл хэрэгжүүлбэл газар нутгийн давуу тал маань бидэнд мөнгө, ашиг өгнө гэдэг таамаг итгэл үнэмшилтэй сонсогддог шүү дээ?

-Бүс нутгаар нь харвал Оросын Алс Дорнод, Сибирт зургаа, долоохон сая хүн бий. Хүн ам нь байнга хорогдож байгаа. Тэгэхээр ийм зах зээл дээр эдийн засгийн идэвхтэй интеграци үйл ажиллагаа явуулна гэсэн яриа хөөрөө итгэлтэй биш сонсогддог. Хятадын хувьд долоохон сая хүн бол сонирхолтой зах зээл биш. Тэнд том интеграци болно гэж хүлээх хэрэггүй. Өнгөрсөн жил Владивостокт болсон Алс Дорнодын эдийн засгийн форумын үеэр сонирхол татсан нэг мэдээлэл цацагдсныг санаж байна. Путин тэр форумд оролцохдоо “Бид Алс Дорнод Сибирт хүн амаа л өсгөх ёстой юм байна” гэсэн. Энэ үгнээс Орос эдийн засгийн интеграци гэхээс илүү хүн амаа өсгөхөд санаагаа чилээж байгаа нь түвэггүй харагдана.

-Хийн хоолойн гэх мэт том төслүүд нь хэрэгжих боломжгүй гэж үү?

-Орос, Хятадын хооронд том төслүүд яригдаж байгаа. “Сибирийн хүч” гэсэн нэртэйгээр хийн хоолой тавья гэсэн л дээ. Гэхдээ өнөөг хүртэл чимээ сураг алга. Маш эргэлзээтэй төслүүд болчихсон. Тийм учраас би ШХАБ-ыг авторитар орнуудын дэглэмээ хамгаалах гэж оролдсон чиг рүү хөгжөөд байна уу гэж хардаг. Бүс нутгийн интеграцид хувь нэмрээ хараахан оруулж чадахгүй, тэр нь лоозон хэлбэртэй. Тэгэхээр ШХАБ-аас ашиг, өгөөж горьдох хүлээлт бидэнд лав байхгүй.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ БУСНИУЛАГЧ БАЙЛГАСНААС ГҮЙЦЭТГЭХ ЭРХ МЭДЭЛД ХАМРУУЛАХ ХЭРЭГТЭЙ

-УИХ-ын дарга Г.Зандан-шатар үндсэн хуулийн өөрчлөлтийг хаврын чуулганаар хэлэлцэнэ гэчихлээ. Үндсэн хуульд гар хүрэхдээ юунд яаж анхаарах ёстой вэ?

-Эцэс төгсгөлгүй маргаан үүсгэхээр асуудал. Би өмнө нь ч ярьж байсан. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий. Төрийн салаа мөчир бүрийг бие биетэйгээ байлддаг болгочихсон сул тал байгаа. Гүйцэтгэх засаглал нь хууль тогтоох засаглалтайгаа байлддаг. Гүйцэтгэх, хууль тогтоох засаглал дундуур Ерөнхийлөгч орж ирж үздэг. Шүүх нь орж ирдэг. Монголд болж буй энэ процессыг гадны эрдэмтэд нэлээд дээр үед “Монголчууд төрөө шатаадаг тоглоомоор тоглосоор байна” гээд хэлчихсэн. Төрөө шатаадаг тоглоом олон жил үргэлжилж болохгүй. Хэн хэнийхээ ажилд хутгалдан ордоггүй, биенээ хянадаг тогтолцоо руу орох шаардлагатай. Тэр утгаар нь Үндсэн хуулийг өөрчилье гэж ярьж суугаа хүний сайн, мууг шүүхээс илүү өөрчлөлт хийгдээсэй билээ гэж хүсч байна. Сэтгэл хөдлөлийн байдлаас харвал нэг өнцөг бий. Явцуу эрх ашиг нь давамгайлсан, ЖДҮ хулгайлсан улсууд Үндсэн хууль өөрчлөх нь гэсэн дургүйцэл байж магадгүй. Эрх зүйн хувьд өөрчлөх эрх нь МАН-д байгаа. Зөв өөрчилж чадвал хэрэгцээ, шаардлага нь байна. Эрхбиш эрүүл ухаан ялах байлгүй дээ.

-Сүүлийн үед өрнөж байгаа үйл явдлаас анзаарахад Үндсэн хуулийн өөрчлөлтийг эрүүлээр харж, зөв хийнэ гэсэн найдлага нийт олонход лав алга. танд үнэхээр тийм найдлага байна уу?

-Зөв болгох гээд оролдоод үзэг. Оролдох нь огт юм хийгээгүйгээс арай дээр.

-Эсрэгээр нь эргүүлээд хаячих вий гэж болгоомжлохгүй байна уу?

-Тийм юм болдог юм аа гэхэд монголчууд ардчиллын үнэлэмжтэй юу гэдэг асуудалтай тулгарах байх. Монголчууд нүүдэлчид. Бие даасан индивидуаль шинж чанартай улс. Анх төрөхдөө л эрх чөлөөтэй төрсөн шиг эрх чөлөөг онцгой хүсэмжлэгчид. Тийм учраас хавь ойрын, түрүүн хэлсэнчлэн ШХАБ-ын орнууд шиг авторитар дэглэм рүү тийм хурдан явж чадах ч үгүй. Хүсээд хүсээд явж чадахгүй гэсэн итгэл байна.

-Ерөнхийлөгчийн засаглал руу явах нэг хэрэгсэл болгочихвол яах вэ?

-Та маш том асуудал хөндөөд байна. Миний байр суурь тов тодорхой. Өнөөдрийн Ерөнхийлөгч институцийнхээ хувьд хаана нь хамаараад байгаа нь мэдэгддэггүй хамелеон маягийн хүн. Бэлгэ тэмдгийн юм шиг хэрнээ шүүх, Засгийн газар, хууль тогтоох эрх мэдэлд оролцоно. Тов тодорхой Ерөнхийлөгчийн институци нэг талдаа гарах ёстой. Үндсэн хуулиар. Миний бодлоор Ерөнхийлөгчийг саармаг, бусниулагчийн үүрэг рольд байлгаснаас гүйцэтгэх эрх мэдэлд нь нэгмөсөн хамруулах хэрэгтэй. Ингэснээр Ерөнхийлөгчийн засаглал тогтчихгүй. Нэгэнт л улс орон хууль ёсоор засаглана гэж байгаа бол хуулиараа засаглана. Үүргээ гүйцэтгэхгүй, хуулиа сахихгүй Ерөнхийлөгчийг УИХ нь импичмент хийчихдэг хэлбэртэй байх ёстой. Үндсэн хуулийн өөрчлөлт ийм хэлбэр рүү явах байх гэж найдаж байна.

-Үндсэн хуульд эрх мэдлийн хуваарилалтыг хэрхэн хийх вэ гэдэг дээр янз бүрийн байр суурь дуулддаг. Таны хувилбар, гарцыг сонирхмоор байна?

-Олон хүн төрийн эрх мэдэл хуваагдах ёстой гэж үздэг. Тэр нь ч зөв. Зөвхөн нэг хүн дээр эрх мэдэл төвлөрвөл араатан амьтан шиг загнана. Хүн уг утгаараа нэг талаасаа амьтан. Нөгөө талаасаа оюун ухаантай нийгмийн амьтан. Тэгэхээр сайн, муу ямар ч хүнд дэндүү их эрх мэдэл хуваарилбал яг араатан шиг загнана. Тиймэрхүү төлөв байдал авторитар дэглэмтэй орнуудад анзаарагддаг. Тийм ч учраас хүнийг хүнээр нь хянасан тогтолцоог үүсгэх хэрэгтэй. Манайхан төрийн эрх мэдлийг гурав хуваадаг гээд ойлгочихсон. Шүүх, гүйцэтгэх, хууль тогтоох эрх мэдэл гээд. Гэтэл тав хуваасан улс ч байна. Зарим орны Үндсэн хуульд шалгаруулах эрх мэдэл гэж бий. Төрийн албаны зөвлөл гэх мэт нь Үндсэн хуулийн эрх мэдэлтэй. Аль нэг улстөрч, сонгуулиас хамаарахгүйгээр төрд хэн ажиллах вэ гэдгийг зөвхөн мэргэжлийн хяналт шаардлагаар хийдэг. Гэтэл манай Төрийн албаны зөвлөл улс төрөөс хараат учраас төрийн алба бохир хүнээр дүүрэх бололцоотой. Өөр нэг эрх мэдэл нь хянах. Үндсэн хуульдаа хянах эрх мэдлийг тусгачихсан улс орнууд байгаа. Жишээ нь АТГ, хяналтын байгууллагууд улстөрчдөөс хамаарахгүй гэсэн үг. Үндсэн хуулийн эрх мэдлийн байгууллага болгочихдог юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын энэ мэт дэлхийн жишгийг өргөн хүрээнд харах хэрэгтэй.

-Х.Тэмүүжин саявтар Монголын хуулиуд иргэнээ орхиж, төрөө бөөцийлсөн философитой гэсэн утгатай үг унагасан. Үнэхээр тийм үү?

-Үгүй байх. Хорь гаруй жил хүний эрх, иргэнд илүү ач холбогдол өгсөн философи давамгайлж ирсэн. Олон хууль иргэдээ хамгаалж байгаа. Х.Тэмүүжин бүхлээр нь яаж харсныг мэдэхгүй байна. Хуулийн ерөнхий концепци иргэдээ хамгаалсан чигт бий. Ардчиллын буянаар тийм болж чадсан. Ганцхан тэр хуулийг хэрэгжүүлж яваа шүүх, хяналтын байгууллагууд нь улстөрчдийн нөлөөн дор учраас хуулийг нөгөөдүүлийн талд хэрэглэдэг байж магадгүй.

-Тэгвэл шүүхийг хараат бус, бие даасан байлгахын тулд яах ёстой вэ?

-1990 оноос өмнөх тогтолцоотойгоо харьцуулбал Монголын шүүх харьцангуй бие даачихсан. Тэнд ажилладаг хүмүүсийн чадамжийн асуудал л болов уу. Ардчилалд шилжихээс өмнө шүүх нийгэмд тэгтлээ үнэлэгддэг тогтолцоо байгаагүй. Шүүх намаас бүрэн хараат байсан. Хуульчид дунд шүүгч үү, прокурор уу гэхээр хамгийн гоё ажлыг нь прокурор гэдэг байсан юм. Сонгуулиас хамаардаг улстөрчдийн томилгоогоор шүүх явдаггүй байвал зүгээр. Хугацаа, санхүүгийн хувьд хамгаалалттай байх хэрэгтэй. Энэ чиглэлээр дажгүй ажлууд хийгдсэн байх. Улстөрчдийн том хэрүүлүүд дээр зөв буруу шийдвэр гарч байгаа дээр л хүмүүс бухимдаж суугаа болов уу. Харин системийн хувьд бие даах чиг рүүгээ хөгжсөн байх.

ДУНДАЖ ДАВХАРГЫНХНЫГ СЭР ГЭЖ ХЭЛМЭЭР БАЙНА

-Танай намыг харахаар таны үеийн үгийг нь сонсчихоор хүмүүс нам жим хувь хувиа хөөгөөд яваа анзаарагдах юм…?

-Би намгүй сууж байгаа хүн шүү дээ.

-Таныг ингэж хэлсэн ч ан гэж л харна. ан-д дунд үеийн боловсрол, мэдлэгтэй улстөрчдөө шахаад орон зайгүй болгочихсон, одоо байгаа хүмүүсээс нь лидер хайхад хэцүү гэх мэт шүүмжлэл бий. улс төрд идэвхтэй байх хэсэг яагаад идэвхгүй болчихов оо?

-Би өөрийгөө улс төрд идэвхтэй гэж боддог. Улс төрийн идэвхийг саналаа өгөх эрхээр хардаг.

-Таны хувьд оролцоо гэж ярих ёстой байх аа?

-Дуу хоолойгоо хэзээ ч буулгахгүй.

-Тогоонд нь орохгүйгээр үү?

-Шинэ үеийг бэлдэх хэрэгтэй гэж хардаг.

-Шинэ үе бэлтгэгдэж байна уу?

-Бэлтгэгдэж байгаа гэж ойлгож яваа. Ер нь үе солигдох цаг болчихсон.

-Та нарын дараагийн үе гэвэл хэн хэн байна?

-Залуус зөндөө байгаа.

Нэрлэ дээ?

-Лидер төрүүлэх зорилготой бол хэлнэ (инээв). Баг болж зохион байгуулагдахаас л хамаарна. АН, МАН аль альд нь бий.

-Шинэ үе гарч ирэх гэхээр улс төрөөс явах ёстой хэсэг нь эрх мэдэлтэйгээ зууралдаад байдаг гэсэн шүүмжлэл сонсогддог. Энэ шүүмжлэлтэй санал нийлэх үү?

-Дэлхийд нэг үзэгдэл болж байна. Улс төрд идэвхтэй байх ёстой, үгээ хэлэх учиртай хэсэг амин хувиа хичээгээд хойшоо суудаг гэсэн дүгнэлт байгаа. Дэлхийд үүнийг “Дундаж давхарга”-ынхан амиа бодож байна” гэж шүүмжлээд эхэлчихсэн. Буруу сэтгэлгээ, мэдээлэл давамгайлж, буруу улс толгой дээр гараад байгаагийн бурууг улстөрч, эрх мэдэлтнүүдээс биш идэвхигүй дундаж давхаргаас хайх ёстой гэсэн үзэл хандлага давамгай байгаа. Хуучин цагт нэг орцныхон биенээ анддаггүй байсан бол өнөөдөр хажуугийн айлаа ч мэдэхгүй. Ийм идэвхгүй орчинд дундаж давхарга аж төрж яваа нь эргээд өөрсдийг нь хорлож байна. Тийм учраас би дундаж давхаргыг сэр гэж хэлмээр байна. Өнөөдөр болж буй оюун санааны хямрал бол амиа хичээсэн дундаж давхаргын оюун санааны хямрал.

-Дундаж давхаргынхан нэгдэж нийлээд дуу хоолойгоо хүргэж, эрүүл зөв лобби хийгээд явах ёстой гэдэгтэй санал нэг байна. Манайд тийм нэгдэл байна уу?

-Мэр сэр бий. Янз бүрийн клубүүд байгуулагдах ёстой. Сонирхлын бүлэглэлүүд. Орчин үеийн нийгэмд нам гэхээс илүү сонирхлын бүлэглэлүүдийн ач холбогдол маш өндөр. Сүүлд хийсэн социологийн судалгааг саяхан харсан. Намуудын нэр хүнд тээр дор, олон нийтийн байгууллагуудын нэр хүнд хамаагүй давуу харагдсан. Сонирхлын бүлгүүд дээр нийгэм өөрийгөө бэхжүүлдэг үзэгдэл явагдаж байгаагийн л илрэл. Тэгэхээр сонирхлын бүлгүүд нийгмийг танин мэдүүлэхэд туслах уулзалтыг олноор нь хийх хэрэгтэй. Ардчиллыг, Монголыг аваад явж байсан хүмүүс ийм чиглэлээр маш их ажил хийх ёстой.

-Жишээ нь та юу хийж байна?

-Мэдээж би зүгээр суугаагүй. Монголчууд хоёр том асуудлыг сайн мэдэж байх хэрэгтэй. Нэгдүгээрт уул уурхайн засаглал. Сүүлийн үед баялгийн сан гэж яриад эхэллээ л дээ. Баялгийн сан бол уул уурхайн засаглалын зөвхөн эцсийн дамжлага нь. Уул уурхайгаас олох ашгийг баялаг болгоод, баялгийн сангаа ирээдүйд үлдээхийн тулд хэрхэн яаж хөрөнгө оруулалтын сан болгож хувиргах вэ гэсэн эцсийн дамжлага. Энэ дамжлагыг хийхээс өмнө геологи хийх, нөөц олох, олсноо ашиглаж олборлох, олборлосноо зарах, зарснаа мөнгө болгох, олсон мөнгөөрөө сан байгуулах гэх мэт урт дараалал бий. Гэтэл зөвхөн сүүл хэсгийг нь яриад суух юм. Томоор харж, ойлгоод дарааллаар нь хийвэл уул уурхайн засаглал номер нэг асуудал. Хүн бүр ярьсаар залхсан гээд хойш тавья гэвэл дараа нь анхаарах ёстой нэг том асуудал байгаа. Тэр нь хотжилт. Хот зөв хөгжихгүйгээр улс орны эдийн засаг зөв хөгжихгүй. Тэгэхээр хотын эдийн засаг гэдэг бие даасан эдийн засгийн ухааныг зааж сургах хэрэгтэй. Олны анхаарлыг энэ зүг рүү татах шаардлага үүсчихсэн. Би тэр чигийн материал цуглуулж, харж шинжлээд яваа. Анхны лекцүүдээ ойрын үед тавина. Товчхоноо сонирхлын бүлгүүд нийгмийн асуудлаа зөв тавьж өгвөл нийгэм хурдан дэвжих, хөгжих боломжтой.

САЛХИТЫН АЖИЛЛАГАА ХҮЧТЭЙГЭЭ ХАРУУЛАХ ГЭСЭН ПОПУЛИСТЫН ҮЙЛДЭЛ

Салхитад ЗГХЭГ-ын дарга тусгайгийнхантай очсон доо. Дараа нь Ерөнхий сайд олигархиудтай тэмцэнэ гээд компанийн нэр зарласан. Төрийн томчуудын энэ хандлага хөрөнгө оруулагчдад яаж харагддаг бол?

-Муу муухай гэж бодож яваа бүхэнтэйгээ зөвхөн хуулийн хүрээнд тэмц гэж хэлмээр байна.

-Хуулийн хүрээнд тэмцэж байгаа хэлбэр мөн үү?

-Хуулийн хүрээнд бүх юм хийгдэх ёстой гэдгийг М.Энхболд өөрийнхөө жишээн дээр харуулсан. Тэр жишээг дага л гэмээр байна.

-ЗГХЭГ-ын дарга нь тусгайгийнхантай очиж нэг орд руу дайрах нь хуулийн хүрээнд өрнөсөн үйл явдал уу, эсвэл?

-Хуулийн дагуу гэхээс илүү өөрийгөө хүчтэй гэж харуулах гэсэн популист улстөрчдийн хийж буй үйлдэл гэж харагдахаар байсан. Ер нь нэг юмыг сайн ойлгуулах хэрэгтэй. Популистууд өөрсдийгөө толинд харах дуртай байдаг гэсэн.

-Толинд харах аа?

-Фитнесст явж дасгал хийгээд, булчин нь зангирсан нөхөр өөрийгөө толинд харахыг хэлж байна. Толинд харагдаж байгаа дүрс нь хүчтэй харагддаг байхгүй юу. Үнэн хэрэгтээ тийм хүмүүс амьдрал дээр хүчтэй байдаггүй. Манай олон улстөрчдийн сэтгэж хийж яваа үйлдлүүдийг анзаарахаар олонх нь өөрийгөө толинд харагчид гүйлдээд байна л даа. Яг бодитойгоороо ч гэсэн толинд хардаг улсууд. Булчинтай, юм өргөдөг. Энэ чинь дэлхий дээр болоод өнгөрсөн үзэгдэл. Адольф Гитлер хүртэл үгээ хэлэх гээд толинд харж бэлтгэлээ хийдэг байсныг бүгд мэднэ. Энэ солиорол зөвхөн Монголд шинээр үүссэн зүйл биш. Дэлхийд болоод өнгөрчихсөн үзэгдэл. Зэвсэглэсэн баахан хүн дагуулж очоод ажлаа хийж суугаа манаачийг газар хэвтүүлээд сүржигнэсэн нь үүнтэй төстэй үзэгдэл. Толин дотор болж байгаа үзэгдэл. Амьдрал дээр мэдрэгдэж нэмэр болсон зүйл байхгүй. Бодит амьдрал, толинд туссан хийсвэр дүр төрхийг ялгаж сурах явдал өнөөдрийн улстөрчдөд маш чухал.

-Улстөрч хүн өөрийн гэсэн үнэ цэнэтэй байж оршдог, үнэ цэнээ хадгалж чадахгүй бол хэн ч биш болдог. Нэг жишээ нь Лу.Болд гэж харагддаг. Эсвэл бизнес төрөөс хамааралтай учраас яах аргагүй үйлдэл гэж харах ёстой юу. гэхдээ үнэ цэнээ гээх улстөрчдийн тоо нэмэгдэж, үзэгдэл болох нь нийгэмдээ аюултай, хөгжилд нэмэргүй байх тийм үү?

-Ер нь бол санаа нэг байна. Популизм, зарим улстөрчдийн хандлага маш буруу байгаа зэрэг нь цаанаа шалтгаантай. Дэлхийд болж байгаа үйл явдал, үзэгдлийг өөр дээрээ буруу тусгаж авсаных. Тухайлбал, сая таны жишээ татсан Л.Болд ардчиллын үнэлэмжийг хамгаалах ёстой хүмүүсийн нэг. Яагаад өнөөдөр ийм байдалд орсон бэ гэдгийг “Юуны нөлөө вэ” гэсэн өнцгөөс харах ёстой. Ардчиллын үнэ цэнэ, үнэлэмж буурахад нөлөөлсөн хэдэн том хүчин зүйл бий. АНУ бусдад ардчиллын үлгэр жишээ болж явдаг үүрэг ролиосоо сайн дураараа татгалзаж эхэлсэн. Тэр хандлага нь олон хүний тархинд самуурал үүсгэж байна л даа. Европын холбоо задрах гээд, Англи гарна гэж мэдэгдээд байгаа. “Хөгжсөн орнууд үймэлдээд эхэллээ, бидний ардчилал юу билээ” гэсэн самуурал энэ бүхнээс үүссэн юм. Яг энэ үеэр Орос, Хятад гэсэн авторитар дэглэмтэй улсууд хүчирхэгжээд жаахан шоу хийчихсэн. Тэгэнгүүт өнөөдүүлийг үлгэр загвар гээд харчихсан тал бий. Тэгж харсан учраас ШХАБ гэхээр хуйлрах маягтай байна. Дэлхий өөрөө үзэгдэл. Тэрний нэг хэсэг нь л Монгол. Ардчиллын төлөө зүтгэж явсан улс нь тийм зүйлийг ялгаж салгахгүй яваа бол харамсалтай. Гэхдээ нэг сайхан мэдээ дуулдаж байна. Би “Экономист” сэтгүүлийг үе үе үзэх дуртай. Тэнд “Ардчиллын уналт 2018 онд төгсгөл боллоо” гэсэн байсан.

Одоо манайд болж байгаа үзэгдэл тэндээс улбаатай. Популизм оройдоо хүрээд төгсгөл рүүгээ явж байна. Ертөнцийн хандлага адилхан. Хэдий Трамп хэлж байгаа ч гэсэн нэг үнэн үг бий. АНУ-ын ерөнхийлөгч “Венесуэл, Латин Америкийг хар даа, социализмд төгсгөл ирлээ” гэсэн үг унагалаа. Ардчилал, хүний эрх, шинэ сонгууль, шинэ цаг үе ирэх нь гэдгийг зарлачихлаа. Тэгээд Венесуэлийн талаар хатуу арга хэмжээ авч эхэлснийг дэлхий нийтээрээ харж сууна. Өөрөөр хэлбэл унаж явсан ардчиллын үнэлэмжүүд эргэж босч ирэх цаг үе 2019 он болчихлоо. Энэ дүгнэлт манай популистуудад ч хамаатай. Яг энэ янзаараа яваад байвал та бүхний буруу хандлага өөрсдийг чинь хамна шүү гэж хэлмээр байна.

Үргэлжлэл бий.


Categories
мэдээ нийгэм

Д.Санжаасүрэнгийн нэрэмжит бүжгийн наадам болно

Нэрт бүжиг дэглээч, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Санжаасүрэнгийн нэрэмжит бүжгийн уралдаант наадам ирэх дөрөвдүгээр сарын 5,6-ны өдрүүдэд Чингис хотод болох нь. Зүүн Монголын олон ястны бүжгэн дэгийн өв санг баяжуулж, сурталчлан таниулах, хүүхэд, залуусын авьяас чадварыг хөгжүүлэх, Монголын уламжлалт бүжгийн урлагийг түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү уралдаан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулагддагаараа онцлог аж. Уралдаанд оролцогчид уламжлалт болон түүхэн бүжгээр өрсөлдөх бөгөөд уламжлалт бүжгийн төрөлд халх, буриад, хамниган, дарьганга, үзэмчин, барга зэрэг ястнуудын бүжгийг сонгож өрсөлдөх юм байна.

Categories
мэдээ цаг-үе

С.Зориг агсны нэг ангийнхан

1979 оны намар

“Алтан гадас” одонт нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 23 дугаар сургуулийг 1980 онд төгссөн 10“Б” ангийнхан энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд уригдан оролцож байна. Тус анги 38 хүүхэдтэй. Тэд 1970 онд Улаанбаатар хотын өнцөг булан бүрээс цугларан арван жилийг хамтдаа сурч боловсрон, хүүхэд ахуй насаа өнгөрүүлжээ. Хичээлийн шинэ жилийн анхны өдрийг сурагч бүхэн нэг л дэврүүн сайхнаар угтдаг. Удаан уулзаагүй ангийнхантайгаа уулзаж, баяр хөөр болохыг зуны турш сэтгэл догдлон хүлээсэн учраас тэр. Анги өсөх тусам охид, хөвгүүд бие биенээ сонжин харж, тэр нь хайрын харц болон хувирах нь бий. Энэ мэт явдал ч тэдний сурагч ахуйн дурсамж, дурдатгалд үлджээ. Одоо ч тэд тэрхүү гэгээн үеэ дурсан санадаг байна. “Хичээлийн шинэ жил эхэлж, хэсэг хугацаа өнгөрөхөд сургуулийн тогтсон хэмнэлд аажим уусан ордог сон. Хичээл ном, гэрийн даалгавартаа дарагдсан завгүй өдрүүд үргэлжилнэ. Энэ мэтээр хавар болтол хөвөрнө л дөө. Эхний улирлын дундуур олон нийтийн арга хэмжээ их зохиогдоно. Анги бүр урлагийн үзлэгт бэлдэж, бусад уралдаан тэмцээнд оролцоно. Бага, дунд, ахлах ангид шилжих мөч тухай бүр өөр өөрийн онцлог, сэтгэлийн хэмнэл, дурсамжаар дүүрэн байдаг” хэмээн 10“Б” ангийн сурагч Б.Түвшинтөгс ярьсан юм.

1970-аад оны сүүлээр гадаад орчин, соёл, хөгжмийн урсгал зэрэг эрс шинэчлэгджээ. Тэд ч түүнтэй хөл нийлүүлэн алхаж, хоцрохгүйн тулд ихэд хичээдэг байсан гэнэ. Рок, диско хөгжмийн урсгал ид моданд орж байж. Тэр утгаараа тухайн үеийн ахлах ангиудын дунд амьд хөгжмийн үдэшлэг болох нь олонтаа. Алдарт “Айзам”, “Соёмбо”, “Ногоон гэрэл”, “Инээмсэглэл”, “Дөмөн”, “Үүрийн туяа”, “Залуус” зэрэг цахилгаан хөгжмийн хамтлагууд уригдан ирж, үдэшлэгийг уянга, эгшиг дүүрэн болгодог байжээ.

23 дугаар сургуулийнхан ч өөрийн гэсэн хамтлагтай байсан гэнэ. Тэдгээрийн тэргүүн эгнээнд “Малыш” Энхтүвшин, Ганзориг, Батболд тэргүүтэй сурагчид ордог байсан гэнэ. Эдний төгсөлтийнхөн ч ах нарынхаа халааг авчээ. 40, 50 мянгат болон хотын бусад дүүрэгт нэрээ дуурсгасан “Black stars” гэдэг хамтлагтай байжээ. Уг хамтлаг одоо ч ангийнхаа уулзалт, арга хэмжээн дээр уригдаж, сонорыг нь мялаасаар л байгаа аж. Хамтлагийн гишүүдэд В.Энхбат, И.Ганбаатар, Гэрэлт-Од, Б.Түвшинтөгс нар багтдаг байна. Мөн Саранчимэг, Баярмаа, Энхтуяа зэрэг авьяаслаг дуучин охидтой гэсэн. Тэд есдүгээр ангиа төгсчихөөд төгсөлтөөрөө “Хөдөлмөр” зусланд амарчээ. Тэр үедээ “Black stars” хамтлаг үеийн нөхдөдөө ковер дуунуудаа сонсгож, мартахааргүй сайхан мөчийг өнгөрүүлсэн байна. Гурван банзан гитартай ч бөмбөр байхгүй учир нөгөө ангийнхаа охины том чемоданыг бөмбөр болгочихож. Бөмбөрийн үүрэг гүйцэтгэсэн тэрхүү чемодан хотын зүг хөдлөхөд эвдэрч, хэмхэрч, үүрэгээ гүйцэтгэхэд бэрх болсон хөгтэй дурсамж байдаг аж. “Black stars” хамтлаг тухайн үеийн бүхий л алдартай хамтлагуудын дуунуудыг коверлодог, урын сандаа 40-өөд дуутай чамгүй бүтээлч хамтлаг байжээ.

Төгсөлтийн 30 жилийн ойгоор С.Зоригийн хөшөөнд багш нарын хамт хүндэтгэл үзүүлж буй нь.

Тухайн үеийн сурагчдад наймдугаар ангиа төгсөх нь тун ч хариуцлагатай алхмын өмнө ирснийг сануулна. Сурлагаараа улаан зураасны ард зогсвол өөр сургууль руу шилжих, эсвэл ТМС-ийг сонгон цааш суралцаж таарна. Сурагчдын тоо багассан тохиолдолд зарим ангийг задлан бусад ангиудад ч хуваарилдаг байж. Энэ бүхэн ижилдэн дассан нөхдөөсөө холдох хүнд шийдвэр болдог байсан талаар тэд ярьж байлаа. Өөр ангид хуваарилагдан орсон нэг нь хэсэгтээ л гэрэвшиж, хуучин ангийнхнаа санагалздаг байжээ.

23 дугаар сургуулийн багш нар ЗХУ-ын төвийн бүсээс шалгарч ирдэг байсан тул маш хариуцлагатай, басхүү чанартай сургалт явуулдаг байж. Түүний ачаар ч энэхүү сургуулийн төгсөгчид нийгмийнхээ түүчээ болсоор ирсэн нь лавтай. Эцэг эхчүүд ч хүүхдээ 23 дугаар сургуульд сургахыг ихэд эрмэлздэг байсан талаар тэд онцолсон юм. Мэдлэг чадвараа харамгүй зориулж ерөнхий боловсролын суурь мэдлэг олгосон багш Лидия Прокофьевна, Ким Кузмич, Пётр Лазаревич, Галина Степановна, Вера Семёновна, Муравьевский, Коломиецын гэр бүл, Любовь Алексеевна нартаа тэд үргэлж талархаж явдаг байна. Сахилгагүйтэж орос багш нарыгаа ч уйлуулж явсан тохиолдол тэдэнд байдаг гэсэн шүү.

Энэхүү сургуулийн нэг онцлог нь үндэсний хэл бичиг, утга зохиол, түүх, газар зүйн хичээлүүдийг төрөлх хэл дээр нь хамтатган заадаг байжээ. Өсвөр үеийнхэнд өв тэгш мэдлэг олгоход монгол багш нар ч онцгойлон анхаарч, идэвх зүтгэлтэй ажилладаг байсан аж. Захирал Галсан, хичээлийн эрхлэгч Дагвасүрэн, Цэрэнханд, багш Хүү, Жадамба, Гонгор, Долгор, Мөнхцэцэг, Зориг, пионерын удирдагч Соронзон нартаа ч ихэд баярлаж явдаг гэсэн. Б.Түвшинтөгс “Биднийг ахлах ангид орох үед орос, монгол хоёр багш хамтран дааж авсан. Ангийн багш Хүү маань боловсролын салбарт насаараа зүтгэсэн дээ. Хүүхэд, залуучуудын монгол хэл, уран зохиолын боловсролд өдийг хүртэл хувь нэмэрээ оруулсаар яваа. Багш маань одоо МУБИС-д Монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байгаа. Багш нартаа болон ангийн нөхөддөө хамгийн сайн сайхан бүхнийг хүсье” гэв.

23 дугаар сургуулийн 1980 оны төгсөлтийн гурван бүлгээс сурлагаараа цойлсон олон сурагч байжээ. Түүний нэг нь төр нийгмийн зүтгэлтэн, ардчиллын алтан хараацайнуудын нэг Санжаасүрэнгийн Зориг агсан юм. 10 “Б” ангийнхан С.Зоригийгоо мундаг нэгэн болно гэдэгт итгэлтэй байдаг байсан ч өөрсдийнх нь болоод улс орны ирээдүйг өөрчлөгч нэгэн болно гэж хараахан санаагүй гэдэг. Үеийн нөхөд нь “С.Зоригийгоо ямар хүүхэд байсныг яривал хүмүүс худлаа магтлаа л гэж бодох байх. Үнэн нь л тэр юм. Зориг маань оросдуу царайтай, уян зөөлөн хөдөлгөөнтэй хүү байлаа. Манай багш нар бүгд шахуу оросууд учир Зоригд их сайн. Анд маань ч тэр итгэлийг алдахгүй гэж боддог байсан уу хичээл, сурлагадаа ихэд шамдана. Тэр нь ч бидэнд мэдрэгддэг байлаа. Тэрээр сургуульд орсон цагаасаа л онц сурсан, ангийн үлгэр жишээ хүүхдүүдийн нэг байсан юм. Багаас дунд анги хүртэл ангийн даргын албыг ч хашиж байв. Хэдий онц сурлагатан ч бусдаасаа онцгойрно гэж үгүй. Ангийнхаа бүх л хүүхэдтэй ялгахгүй харьцдаг нийтэч хүүхэд байсан. Хичээлээ тараад бидний л адил сургуулийн гадна тоглож өнжинө. Тэгсэн хэрнээ маргаашийнхаа бүх л шалгалт дээрээ онц авна. Бид ч их гайхдаг сан. Ахлах ангид орох үеэс Зориг маань зураг дарах сонирхолтой болсон. Тэр үеийн орос аппаратаар зурагаа авч, өөрөө угаана. Ангийн зугаалга, нийллэг, бусад бүхий л арга хэмжээний зургийг мань хүн дарна. Үе үе маш ховор нандин зурагнууд дэлгэж, анги дотор бөөн шуугиан дэгдээдэг байж билээ. Зан чанарын хувьд их төлөв даруу. Ахмад настан болон эмэгтэй хүнтэй онцгой хүндэтгэлтэй харьцаг хүүхэд байсан шүү. Шударга, зарчимч, маш хүнлэг. Энэ зан чанар нь амьдрал дээр гарсан ч огт өөрчлөгдөөгүй” хэмээн түүний тухай хуучилсан юм.

Эдний ангиас эмч, физикч, багш, улстөрч, биологич, архитектор, геологич, тэргүүний төмөр замчин зэрэг улс эх орондоо хувь нэмрээ оруулсан олон боловсон хүчин төрөн гарчээ. Мөн хувиараа бизнес эрхэлж амжилт бүтээл дүүрэн яваа нь ч олон байна. И.Ганбаатар “Одоо бид бүгдээрээ аль хэдийнэ амьдралынхаа тэн хагасаас илүү насыг насалжээ. Үр хүүхэд, ач зээ нараараа хүрээлүүлсэн эмээ, өвөө болцгоосон ч ангийн хэдэн нөхдөө манай ангийн хүүхэд гэж ярьдаг хэвээрээ л байна шүү. Хүүхэд ахуйн гэгээн бүхэн хүний сэтгэлд ийн тод үлддэг байх. Ангийнхандаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэсэн юм.

Энэ үеийнхэн социалист нийгмийн ид бүтээн босголт, цэцэглэлтийг бие сэтгэлээрээ мэдэрсэн тийм л хүүхдүүд байсан аж. Аливаа олон нийтийн арга хэмжээнд анги хамт олноороо оролцож, улам бүр нягтран нэгддэг байжээ. Хүүхэд тус бүрийнхээ дотоод зан араншин, онцлог байдлыг дэндүү сайн мэддэг болоод сургуулиа төгсөцгөөсөн дөө хэмээн тэд дурссан юм. Мөн 23 дугаар сургуулийнхаа ид сэргэн мандалтын үед нь сурч төгссөндөө тун чиг олзуурхаж явдаг гэдгээ хэлж байлаа.


Categories
мэдээ нийгэм

Хоёрдугаар сарын 22-нд болох үйл явдал

09:00 цагт ХХААХҮЯ-ны хурлын танхимд “Жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Монголын эдийн засгийн төрөлжилтийг дэмжих хөтөлбөр” сэдэвт хурал болно. Хуралд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Европын холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд Траян Лауренцю Христеа нар болон бусад холбогдох албаны хүн оролцоно. Холбоо барих утас: 8001-9000

09:00 цагт “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн”-ийг “МУИС-ын номын сангийн 2 давхрын хурлын танхимд зохион байгуулна. Эрхэм сэтгүүлчид та бүхнийг гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудлаарх мэдээ мэдээллийг нэг дороос авч сурвалжлага бэлтгэхийг урьж байна. Холбоо барих: 80027744

09:00 цагт Нийгмийн даатгалын салбарын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн болно. Нийгмийн даатгалын төв, орон нутгийн бүх удирдах ажилтан оролцох бөгөөд хуулийн хэрэгжилт, шинэчлэл, орлого зарлагын гүйцэтгэл, 2018 оны ажлын үр дүн болон бусад асуудлаар мэдээлэл авах боломжтой. 3,4-р хороолол Өргөө кино театрын хойно Раяал хаусын 6 давхрын хурлын танхимд та бүхнийг урьж байна. Утас: 99070054

10:00 цагт Монголын хүүхдийн ордонд Нийслэлийн Архивын газраас үзүүлэх сургалт зохион байгуулна.
холбогдох дугаар: 88085588

12:00 цагт “ОЮУ ТОЛГОЙ”- компаний төв оффисийн нэг давхарт Хэвлэлйин хуралтай. ТУЗ- ийн гишүүдийн булхай, луйварыг дэлгэж, ажилчдын эрх ашгийн хамгаалах талаар
Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн 99191388, 88117157

Categories
мэдээ цаг-үе

Б.Эрдэнэбат: Дүүгийн минь үхэл золгүй мэтээр дарагдаад өнгөрөөсэй гэж бодохгүй байна

Дорноговь аймгийн Зүүнбаянд байрлах, хурандаа Д.Өлзийбаяр ахлагчтай 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч нэгдүгээр сарын 22-ны өдөр амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаач Б.Алтантулга нь 18 настайдаа буюу өнгөрсөн оны аравдугаар сарын 20-ны өдөр тус цэргийн ангид татагдан очжээ. Гэвч тэрээр 19 насандаа зуурдаар нас барсан юм. Үеийнхнээсээ хамгийн түрүүнд цэргийн алба хааж байгаа найзаараа бахархсан хөвгүүд Эрдэнэтийн төв талбайгаас дүүг нь үдэж өгч байсан тухай төрсөн ах Б.Эрдэнэбат нь ярилаа. Түүнтэй яриллцсанаа хүргэе.


-Тухайн өдөр дүүд тань яг юу тохиолдсон бол…?

-Энэ харамсалтай, гэнэтийн уйтай мэдээг бидэнд 0336 дугаар цэргийн ангийн штабын дарга н.Баяраа гэдэг хүн нэгдүгээр сарын 22-23-нд шилжих шөнө хэлсэн. Энэ тухай сонсоод Эрдэнэтээс Дорноговь аймгийн Зүүнбаянд байрлалтай цэргийн анги руу нь шууд хөдөлсөн. Тэр цэргийн анги нь дотроо камертай юм билээ. Тухайн өдөр болсон үйл явдлын зарим нь бичигдэн үлдсэн байсан. Нэгдүгээр сарын 22-ны 14 цагийн үед нийт 17 цэрэгт бүгдэд нь хөнжил дэвсгэрийг нь үүрүүлээд ангиас нь гаргасан нь камерын бичлэгт үлдсэн байсан. Харин 16 цаг дөнгөж өнгөрч байхад цэргүүд буцаж орж ирсэн. Энэ хугацаанд юу болсныг мэдэхгүй. Тэднийг гадаа хэрхэн тамласан нь тодорхойгүй байгаа. Ингээд дүү маань дөнгөж өрөөндөө орж ирчихээд малгайгаа тайлж өлгүүрт өлгөсөн боловч нимгэн цэргийн кителиэ тайлж ч чадалгүй хойшоо дайван уначих гээд байгаа дүрс камерт бичигдэн үлдсэн байсан. Энэ үед нэг цэрэг хойноос нь тэвэрч аван орон дээр нь хэвтүүлснийг бичлэгээс харж болно. Гэхдээ яг хэвтүүлсэн хэсэг нь камерын бичлэгт тусдаггүй юм билээ. Дүүг орон дээр хэвтүүлснээс хойш таталт өгөөд цаг гаруй хугацаа өнгөрсөн нь мөн л бичлэгт бий. Эхлээд цэргүүд тоохгүй хажуугаар нь яваад л байсан. Сүүлдээ дүүгийн минь зүг рүү хараад, очицгоосон. Тэднийг очих үед дүү минь аль хэдийнэ нас барсан байсан гэсэн.

-Камерын бичлэгтэй хэн танилцуулсан юм бэ?

-Тухайн үед тэр бичлэгийг нь үзье, яагаад үзэж болдоггүй юм гэж зүтгэж байж л үзсэн. Гэхдээ заримыг нь үзүүлээгүй. Энэ үеэр дүүгийнхээ нас барсан зургийг авч чадсан учраас өнөөдөр буруутай хүмүүс нь бодит үнэнтэй нүүр тулж байна. Хэрэв зураг байгаагүй бол урьд өмнө нь гадны нөлөөгүй гэж хаагдсан хэргүүд шиг хэн ч хариуцлага хүлээлгүйгээр мартагдах байлаа.

-Яагаад тэр даруйд нь эмнэлгийн туслалцаа үзүүлээгүй юм бол?

-Зодож, тамласан гэдгээ нуух гээд л дуудаагүй байх. Эхний дүгнэлтээр гаднаа ил шарх сорвигүй гэж гарсан. Гэвч үнэндээ дүүгийн минь бие битүү шарх болсон байсныг цогцостой танилцах үеэрээ харсан.

-Хэзээ цогцсыг нь харсан юм бэ?

-Нэгдүгээр сарын 23-ны үүрийн таван цагийн үед очиход биднээс шууд байцаалт авсан. Үүнийхээ дараа талийгаачийн цогцсыг харахыг зөвшөөрсөн юм. Тэгэхэд нуруу хэсгээрээ битүү цус хуралттай, уруул нь дотроо язарч, гарны бугуй нь зулгарч, хөлийн дотор талын эрээн булчин хөхөрчихсөн байсан. Бас нурууны хэсэгт жижиг жижиг зүсэлттэй байсан нь ажиглагдсан.

-Мэргэжилтнүүдийн дүгнэж буйгаар ямар ч цогцос удаад ирэхээр өнгөн хэсэгтээ яг цохиулж хөхөрсөн мэт толботой болдог гэсэн. Дүүгийн тань бие дээр үүссэн хөхрөлт хүүрийн толбо байж болох уу?

-Ийм байх боломжгүй. Хүмүүсийн хэлээд байгаа хүүрийн толбо нь огт өөр байдаг. Үүнийг мэргэжлийн хүмүүс тайлбарлаад, миний дүүгийн бие дээр үүссэн хөхрөлттэй харьцуулаад тавьчихсан байсан. Дүүгийн минь нуруун дээр үүссэн хөхрөлт цус хуралттай, тэр нь суга руугаа орчихсон ором бий. Үүнийг эхний гаргасан гэх дүгнэлтээр ил болгоогүй. Гадны ямар ч нөлөөгүй, ил шарх сорвигүй гэсэн. Цогцсыг өнгөцхөн харсан хүн ч мэдэхээр ил шарх, сорвитой байхад худлаа дүгнэлт гаргасан. Бие дээр нь үүссэн хөхрөлтийг дарж үзэхэд цайрахгүй байсан. Тэгэхээр хүүрийн толбо биш, цус хуралт гэсэн үг шүү дээ. Эдгээр шарх сорви нь миний дүүг үхэлд хүргээгүй байж болно л доо. Гэхдээ бид гомдолтой байгаа. Ингэж худал хэлсэн шалтгаан нь хэн нэгэн хүнийг хамгаалахын тулд хийсэн үйлдэл гэж бодож байна.

-Цогцсыг задланд оруулчихаад тэр даруйд нь ачаад аваад явсан юм уу?

-Дорноговьд очиход аль хэдийнэ задлан шинжилгээнд оруулчихсан байсан. Цогцост задлан хийхдээ биднээс зөвшөөрөл ч аваагүй. Уг нь биднийг очтол гар хүрэхгүй байлгах ёстой юм шиг байна лээ. Гэвч аль хэдийнэ шинжилгээ авчихсан, задланд оруулсан байсан. Тэгэхээр нь учраа олохгүй Одоо бид яах вэ гэтэл хэргийг шалгаж байсан байцаагч н.Батцогт Одоо яадаг юм. Шарилаа ачаад явахгүй юу гэсэн.

-Цэргүүд тодорхой хэмжээнд ачаалал даах чадвартай байх ёстой. Ер нь талийгаачийн биеийн хөгжил, ачаалал даах чадвар нь ямархуу вэ?

-Манай дүү хэдэн километр гүйгээд, цохиулахад үхчихмээр туниа муутай хүүхэд биш. Багаасаа гүйлт, гимнастик, бүжгээр хичээллэж байсан. Амьсгаа нь задарчихсан хүүхэд. Бүр жүдо бөхөөр хичээллэдэг, биеийн хөгжил сайтай. Хэрэв ийм биш байсан бол анх цэргийн албанд татагдах биеийн үзлэгээр мэдэгдэнэ шүү дээ. Эрүүл мэнд, нарийн шинжилгээгээр ороход бүх зүйл нь эрүүл чийрэг, биеийн хөгжил сайтай гэж тодорхойлогдон тэнцээд л цэрэгт явсан.

-Магадгүй гүйгээд бахардсан нь үхэлд нь нөлөөлсөн байж болох уу?

-Үүнийг сайн хэлж мэдэхгүй юм. Гэхдээ тухайн үед гүйлгэчихээд дэглэсэн. Үүнийг дэглэлт биш, яргалал гэж хэлмээр байна. Ачаатай гүйлгэсний дараа галуун цуваагаар цэргүүдийг явуулсан гэж хэлж байна лээ. Хөнжил, дэвсгэртэйгээ галуун цуваагаар явах маш хэцүү байсан гэдгийг тэнд хамт дэглүүлсэн цэргүүд нь хэлсэн. Ямар сайндаа өвдөглөөд суухад нь баашиллаа гээд зодсон гэсэн. 18-хан настай хүүхэд ачаа үүрч гүйгээд, дэглүүлчихээд амьсгаадчихсан байхад нь нэмж зодохоор бүрэн ч амьсгалж чадахгүй шүү дээ.

-Хамт байсан цэргүүдтэй нь уулзсан юм уу?

-Сайн ярилцаж чадаагүй ч зодсон гэдгийг нь бүгд хэлж байна лээ. Үүнээс өмнө ч гэсэн дэглэлтээс болоод асуудал үүсч байсан. Аравдугаар сарын 20-нд цэрэгт татагдсан. Арваннэгдүгээр сарын 25-нд тангаргийн баяр болсон. Тэр үед дүү минь Цэргийн ангид дэглэлт их, зодож байна. Намайг эндээс гаргаад аваач гэж ээждээ хэлсэн байдаг. Зодуулж тамлуулсан болохоор л ээждээ ингэж хэлсэн байх. Түүнээс биш эрүүл, чийрэг биетэй биеийн хөгжил сайн хүүхэд хэзээ ч ингэж хэлэхгүй шүү дээ.

-Тангаргийн баяраар хэн хэн очсон бэ?

-Гэр бүлийнхэн болон эмээ нь очсон. Дүү маань эмээдээ Эмээ минь хамаагүй зүйл ярьж болдоггүй юм. Цэргийн нууц шүү дээ хэмээн ганц ч зүйл хэлээгүй. Хүү маань бүх зүйлийг нуусан шалтгаан нь дарга нарынхаа үүрэг даалгаврыг биелүүлэх гэсэндээ л тэр байх.

-Цэргүүдийг ер нь ямар буруу зүйл хийсэн гэж хөнжил дэвсгэрийг нь үүрүүлэн гүйлгэсэн юм бэ?

-Нэг цэргээс нь гар утас олдсон гэсэн. Тийм болохоор хүүхдүүдийг салаагаар нь дэглэсэн. Ер нь нэг цэрэг буруу зүйл хийхээр нийтээр нь шийтгэдэг юм шиг байна лээ.

-Цэргийн ангид хүний эрх чөлөөнд халдсан тохиолдлууд их гардаг гэж сонссон. Дүүгээ нас барснаас хойш энэ талаар тодорхой мэдээ баримт олж сонсов уу?

-Зөндөө бий. Энэ хэрэг болж өнгөрсний дараа манай гэр бүлтэй холбогдож цэргийн амьдралын бодит үнэнийг ярьсан хүмүүс олон бий. Ер нь аливаа буруу үйлдлийг жаахан гэлтгүй нууж дарагдуулаад байгаа нь хүний аминд хүрч байна шүү дээ. Энхийн цагт эр цэрэг нь дайн болоогүй байхад цэргийн албанд татагдаж очсоныхоо төлөө зодуулж нас барна гэж юу гэсэн үг вэ. Уг нь цэрэгт татагдаж байгаа хүүхэд бүр эх орноо хамгаалж, эр хүн болно гэсэн хүсэл мөрөөдлөө тээн очиж байгаа шүү дээ. Тиймээс миний дүүгийн хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлээсэй гэж хүсч байна. Дүүгийн минь үхэл золгүй мэтээр дарагдаад өнгөрөөсэй гэж бодохгүй байна. Цаашдаа олон хүүхэд цэргийн албанд татагдана. Тиймээс цэрэг, армийн боловсролын системд өөрчлөлт оруулж, дахин дэглэлт, яргалал цэрэг эрсийн дунд битгий гараасай.

-Дүү тань арван жилээ төгсчихөөд яагаад шууд их сургуульд орчихож болоогүй юм бэ?

-Орчин үед арван жилээ төгсөөд л шууд их сургуульд оюутан болохыг эрмэлздэг хүүхдүүд олон. Гэтэл эсрэгээрээ дүү минь өөрөө эр цэргийн албанд явна гэж зориглон шийдвэр гаргасан. Бүр эх орныхоо хил дээр манаанд гарна гэсэн санааг анх өөрөө гаргасан байдаг. Хилийн цэрэг болох мөрөөдөл нь байсан л даа. Тиймээс эхлээд цэргийн алба хааж, эр хүн болж ирчихээд ирэх жилээс их сургуульд орох бодолтой байсан юм. Цэргийн алба хаана гэдэг нь нэр хүнд, үүргийн асуудал гэж бодон баяртайгаар явсан хүүхэд шүү дээ. Мөн талийгаач маань цэргийн албаа хааж ирчихээд ээжийгээ дулаахан паартай байшинд оруулахын төлөө ажил хийнэ гэж байсан юм. Гэтэл өнөөдөр өөрөө биш шарил, зураг хоёр нь л эргэн ирж байна.

-Ээж нь энэ явдлыг одоо хэр нь хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа гэсэн үү?

-Энхийн цагт хүүхдээ алдчихсан эх хүний сэтгэл ямар байх нь ойлгомжтой шүү дээ. Дүү маань эхээс гурвуулаа. Айлын хамгийн бага нь. Ээж нь хүүгээ цэрэгт явуулсандаа харамсаад барахгүй байгаа. Одоо хэр нь энэ үйл явдлыг хүлээн зөвшөөрч, итгэж чадахгүй суугаа. Зүв зүгээр, эрүүл саруул хүүгээ эх орноо хамгаалахад бэлтгэгдэн, эр хүн болоод ирнэ гэхэд нь дэмжээд цагаан сүүгээ өргөөд явуулсан хүмүүст үнэхээр хэцүү байна. Хэдхэн сарын дараа шарилыг нь ачаад гэр рүүгээ буцаж ирнэ гэдэг бидний хувьд санаанд буумгүй айхавтар зүйл болж байна даа. Ээж нь хүүгээ цэрэгт явуулчихаад хаалгаа цоожлон Хүүгээ ирэхээр хамт амьдарна хэмээн айлд байсан хүн шүү дээ. Гэтэл хүү нь эргэж ирсэнгүй. Төр нь хамгаалж эр хүн болгоно гээд аваад явсан ч шарил болгоод бидэнд өглөө. Тиймээс амийг нь төрөөсөө л нэхнэ.

-Хүсэл мөрөөдлөө тантай ярьж байв уу?

-Ээжтэйгээ их нээлттэй ярилцдаг байсан. Ээж, аавтайгаа нэлээд ойр дотно хүүхэд болохоор мэргэжил эзэмшээд ээжтэйгээ сайхан амьдарна гэдэг байлаа.

-Цогцсыг дахин шүүх шинжилгээнд оруулсан уу?

-Нэгдүгээр сарын 26-ны өдөр дахин шинжилгээнд оруулсан. Хариу нь гараагүй байгаа. Бүр эхний шинжилгээний хариу ч гараагүй. Гэтэл хариу нь гараагүй байхад олон нийтэд гаднаа ил шарх сорвигүй, гадны нөлөөгүй гэж мэдээлсэн. Ер нь анх удаагаа хэвлэл мэдээлэлд ярилцлага өгч байгаагийнх нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Хэрэг явдал болоод ганцхан хонож байхад хууль хяналтын байгууллагынхан хамгийн түрүүнд баяр ёслол болж буй мэтээр худал мэдээлэл өгдөгөө болих хэрэгтэй. Энэ үйл явдал миний дүүгийн хэрэг дээр мөн давтагдсан. Хохирогч гадны нөлөөгүй нас барсан гэж шинжилгээний хариу гараагүй байхад дүгнэж хэлж байгаа нь үнэхээр сэтгэл сэртхийлгэм явдал болсон. Ер нь цагдаагийнхан хэргийг үнэн зөв илрүүлэхийг эрхэм зорилгоо болгодог юм уу, эсвэл хэвлэлийн хурал хийснээ ажил хийсэн мэт үздэг юм уу. Үүн дээр үнэхээр гомдолтой байгаа. Гэхдээ шүүх шинжилгээний дүгнэлтээс үл хамааран зохих хүмүүс нь хариуцлагаа хүлээх ёстой. Учир нь энэ үйл явдлын бодит үнэн бүгд ил тодорхой. Гэрч, бичлэг, мэдэгдэхүйц бие махбодод учруулсан гэмтэл байна шүү дээ.

-Талийгаачийг хэдний өдөр хөдөөлүүлэв?

-Нэгдүгээр сарын 28-ны өдөр хөдөөлүүлсэн. Ажил явдал болсон өдөр Эрдэнэтийнхэн төв талбай дээрээ зул өргөн хүндэтгэл үзүүлсэн шүү дээ.

-Хөдөөлүүлэх үеэр нь цэргийн ангид хамт алба хааж байсан нөхөд нь ирсэн үү?

-Хамт цэргийн алба хааж байсан найзынх нь аав ирсэн. Хүү нь аавдаа Найзыгаа эцсийн замд нь гаргаж өгч чадахгүй нь ээ. Та найзыг минь хөдөөлүүлэхэд заавал очоод миний өмнөөс салах ёс гүйцэтгээрэй гэсэн байна лээ. Найзууд нь ирэхэд тэр дунд нэг охин маш ихээр гашуудан нэлээд удаан суусан. Бид бодохдоо талийгаачтай үерхдэг байсан юм болов уу гэж сэтгэл эмзэглэж байсан.

-Хэрэг гарснаас хойш хэсэг хугацаанд гэр бүлийн зүгээс ямар ч тайлбар мэдээлэл хийсэнгүй. Яагаад тайлбар хийсэнгүй вэ?

-Цагаан сарын баяр дөхсөн байсан тул муу мэдээлэл цацаж, хүмүүсийг бараан бодлоор дүүргээд яах вэ гэж бодон тэвчсэн, бас хүлээсэн. Баярын олон хоног уй гашуу дүүрэн хар дарсан зүүд шиг өдрүүд байлаа. Бид холбогдох хүмүүсийг нь уучлалт гуйх болов уу гэж харсан. Энэ хугацаанд зарим хүн Та нар мөнгө авчихаад дуугүй болчихсон уу гэж байв. Бидний зүгээс бүх байгууллагуудад хандсан. Тухайлбал, Хүний эрхийн үндэсний комисс, Прокурорын ерөнхий газар, Батлан хамгаалах яаманд болон Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хүртэл хандсан. Бид өнөөдөр нэг хүнээрээ хохироод гуньж, гутраад өнгөрөхгүй. Миний дүүгийн амь үнэ цэнэтэй байгаасай. Цаашид цэргийн алба хаах хөвгүүдийн амь нас миний дүүгийн үхлээр дуусч баталгаатай боловсролын системд шилжээсэй. Эр хүн болгоно гэж авч явчихаад ингэж болохгүй шүү дээ. Уг нь тэнд хөвгүүд эх оронч хүмүүжилтэй, зохих түвшний цэргийн боловсролтой, өв тэгш бие бялдартай болох ёстой.

-Энэ хэрэгт гэм буруутай ямар хүмүүс байна?

-Талийгаачид тодорхой хугацаанд эрүүл мэндийн туслалцаа үзүүлээгүй нь нотлогдчихсон. Өөрөөр хэлбэл, эс үйлдэхүй буюу үйлдэл гаргаагүй үйлдлүүд нь өөрөө талийгаачийн амиа алдахад хүргэсэн. Амь насанд эрсдэл учрахуйц нөхцөл байдалд талийгаачийг удаан хугацаанд орхисон. Тэгэхээр холбогдох хүмүүс нь зүгээр нэг ажлаас халагдаад орхигдохоор зүйл биш. Энэ хүүхдийн сүүдэр нь ч хорвоод байхгүй болчихоод байна. Ямар их мөрөөдөлтэй, эх орондоо үнэ цэнэтэй түүхийг бүтээх байсныг хэн ч таашгүй. Гэтэл дөнгөж өндийж байсан хүүхдийг нэг мөр үгүй хийчихсэн үйлдлийн дэргэд хэдэн дарга нарыг ажлаас халах, өөр газар руу шилжүүлэх нь хариуцлага хүлээж байгаа хэлбэр биш л дээ.

З.СУВД

Categories
мэдээ нийгэм

Тугчин одтой, цагаан бар өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 22, Сугар гариг. Билгийн тооллын 18, Тугчин одтой, цагаан бар өдөр. Өдрийн наран 7:47 цагт мандан, 18:24 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангаргаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Х.Энхжаргалын дараа ирэх хүнд илрүүлэх авлига бараг үлдсэнгүй” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Х.Энхжаргалын дараа ирэх хүнд илрүүлэх авлига бараг үлдсэнгүй” хэмээн өгүүлжээ.

“Ерөнхий сайд Жижиг дунд үйлдвэрлэл, баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжихийг үүрэг болголоо” хэмээн “Улс төр” нүүрт өгүүлсэн байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан: Хуулиас дээш эрх мэдэлтэй албан тушаалтан ямар ч улс оронд байхгүй, байх ч ёсгүй хэмээн “Улс төр” нүүрт ярилаа.

“ЭрдЭнЭс таван толгой”-д итгэл төрж байна шүү хэмээн “Эдийн засаг” нүүрт өгүүлжээ.

Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл судлаач, доктор ph.D Б.Номин: Дээрэлхүүлээд байгаа юм шиг санагдаад л зодоон эхэлдэг гэж “Нийгэм” нүүрт өгүүлжээ.

“Байгаль дэлхийгээ хайрлахыг багаасаа ухаарсан нэг ангийнхан” хэмээн “Нэг ангийнхан” нүүрт өгүүлэв.

АТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх: Төрийн алба хаагчийн нуугдмал хөрөнгийг илрүүлж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнийг нарийвчлан шалгадаг боллоо гэж “Баримт, үйл явдал” нүүрт ярилаа.

Ерөнхий сайд асан М.Энхсайхан: Ерөнхийлөгч маань гуравдагч хөршүүдээ Элчин сайдуудыг татаж, томилохдоо холдуулаад байх шиг” хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

“Д.Трамп, Ш.Абэ нар утсаар холбогдсон байна” хэмээн “Дэлхийн мэдээ” нүүрт өгүүлжээ.

“Өнөө жил 220 сумыг шилэн кабелиар холбоно” гэж “Цаг үе” нүүрт бичжээ.

“Арьсан хүрэмтэй Мадонна” номын тухай “Энэ өдөр” нүүрт өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Д.Жавхлан, М.Амарболд нарыг бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээлээ

Өнөөдөр “Очир” төвд 13 настай охины амийг хөнөөсөн Д.Жавхлан, М.Амарболд нарын өмгөөлөгчдийн гомдлыг Нийслэлийн давж заалдах шатны шүүх хэлэлцэж, тэдэнд оноосон бүх насаар нь хорих ялыг хэвээр нь үлдээв. Тодруулбал, өмгөөлөгчид тэдгээр гэмт этгээдэд тохирсон ял шийтгэл оноосон эсэхийг авч хэлэлцэхийг хүссэн юм. Шүүх хуралдаанаас тэдний хийсэн хэрэг, нийгэмд учруулах аюулын шинж чанар, нөхцөл байдлын хэр хэмжээнд бүх насаар нь хорих шүүхийн шийдвэр тохирсон хэмээн магадлав. Тус магадлагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэл байвал Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй юм.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон шүүх хурлаас тэдэнд бага насны хүүхдийн амь насанд онц хэрцгийгээр халдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.7, 2.11-д заасан зүйл ангиар чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Хэргийг тодруулбал, 2017 оны наймдугаар сард Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Очир төвд байрлах зочид буудлын өрөөнд 13 настай охин М-ийн амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан. Охиныг амиа алдах үед хамт байсан гэх А, Ж нарыг өнгөрсөн хугацаанд цагдаагийн байгууллага сэжигтнээр татан жил гаруй хугацаанд шалгаж, улмаар прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

“Монголын геологи- хайгуул 2019” чуулга уулзалт, үзэсгэлэн болно

Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Палеонтологи, геологийн хүрээлэн, Монгол Улсын Их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монголын үйлдвэрлэлийн геологчдийн холбоо хамтран “Монголын геологи, хайгуул-2019” чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна.

Чуулга уулзалт 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 31-ний өдрүүдэд МПМ цогцолбор, Формоса төв /Хаяг: Юнескогийн гудамж, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот/-д болно.

Тус чуулга уулзалтын үеэр:

– Чуулга уулзалтын үндсэн хуралдаан, хэлэлцүүлэг,

– Хөрөнгөоруулалтын бизнес уулзалт,

– Зураглалын шилдэг баг шалгаруулах,

– Хайгуулын шилдэг баг шалгаруулах,

– Оюутны эрдэм шинжилгээний хурал,

– Байгууллагуудын танилцуулга, үзэсгэлэн,

– “Монгол орны байгаль – Хайгуулчдын дуранд” гэрэ зургийн үзэсгэлэн,

– “Эрдэс чулуулгийн цуглуулга, дээжис” үзэсгэлэн

– Мэргэшүүлэх сургалт

– “Цэцээ гүн” спорт, гео-аялал зохион байгуулагдах тул Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.