Categories
мэдээ нийгэм

Төрийн албан хаагчдыг цахим бүртгэлд оруулна

Төрийн албаны тухай шинэ хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж буй. Найман жилийн дараа шинэчлэн найруулсан уг хуулийг дагаад төрийн албан хаагчдыг цахим бүртгэлд оруулахаар болжээ. Түүнчлэн төрийн албан хаагчдын орон тоо, цалин хөлсний нэгдсэн цахим систем нэвтрүүлэх аж. Алба хаагчдыг бүртгэлжүүлж орон тоо, цалин хөлсний зардлын төлөвлөлт, санхүүжилтийг цахимжуулснаар бүртгэл, хяналт сайжирна гэж үзжээ. Мөн цалин хөлс болон төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангахтай холбоотой зардлыг оновчтой төлөвлөх, санхүүжүүлэх боломжтой болох аж. Улмаар төсвийн үр ашиггүй зарцуулалт арилна гэж холбогдох албаныхан тооцож байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

БСШУСЯ, ЖАЙКА-гийн хамтарсан 8 төсөл хэрэгжиж байна

БСШУС-ын Сайд Ё.Баатарбилэг Япон Улсын ЖАЙКА байгууллагын суурин төлөөлөгч Сато Мүцүмитаг хүлээн авч уулзлаа.

БСШУСЯ болон ЖАЙКА-гийн хамтарсан нийт 8 төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. “Инженер технологийн дээд боловсролыг дэмжих” хөнгөлөлттэй зээлийн төслөөс бусад нь ЖАЙКА-гийн шууд хяналтад БСШУСЯ-ны холбогдох газар, хэлтэс, харьяа байгууллага болон хэрэгжүүлэгч их, дээд сургуулийн оролцоотой хэрэгждэг. Одоогийн байдлаар төслүүдийн үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу цаг хугацаандаа амжилттай хэрэгжиж байгааг талууд онцоллоо.

Уулзалтаар Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв үндэсний бизнесийн хүний нөөцийг чадавхжуулах төслийн үр нөлөө цар хүрээг улсын хэмжээнд жигд түгээх талаар болон Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөрийн үр дүнг нэмэгдүүлэхэд Япон улсад оюутан хүлээн авч суралцуулах их сургуулиудын тоо, мэргэжлийн сонголтыг нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцов. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөгжүүлэх, боловсрол олгох, монгол хүүхдийг эх оронч болгон төлөвшүүлэхэд Японы туршлагаас суралцах зүйл их буйг Сайд онцоллоо.

Ноён Сато Мүцими, “БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон бодлогын газрын удирдлагуудтай нягт хамтран ажиллаж, төслүүд амжилттай хэрэгжиж байна. 2020 оноос хойш дөрвөн жилд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн төлөвлөгөө гаргах судалгааны баг төв байгууллагаас Монголд ирж ажиллана. Тэр үед тодорхой саналаа тавих болно” гэв.

Categories
мэдээ нийгэм

Хуурамч 100 ам.доллар илэрчээ

Сүүлийн үед мөнгөн тэмдэгт болон ам.долларыг хуурамчаар хийж, гүйлгээнд нэвтрүүлэх тохиолдол мэр сэр гараад байна. Цагаан сарын өмнө хуурамч 20 мянгатын дэвсгэртийг илрүүлсэн бол өчигдөр хуурамч ам.доллар илрүүлжээ. Тодруулбал, өчигдөр 16:30 цагийн орчим 19 настай эрэгтэй Ю-гийн орлогын гүйлгээнээс /JE0616…..A/ серийн дугаартай хуурамч 100 ам.доллар нэг ширхэг илэрснийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж эхэлжээ. Тиймээс иргэдийг гүйлгээ хийхдээ, банкнаас мөнгө авахдаа хуурамч мөнгө эсэхийг сайтар нягталж шалгаж авахыг сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

54.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэжээ

Компанийн тухай Монгол Улсын хуулийн 46.5-д заасны дагуу Хувьцаат компани (ХК)-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэдэг. Уг шийдвэрээ гурав хоногийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдлээр ирүүлдэг байна. Хуульд заасан 50 хоног энэ сарын 19-нөөр дуусгавар болсон бөгөөд хуулийн хугацаанд Хороонд нийт 51 ХК мэдэгдлээ ирүүлснээс 11 нь нийт 54.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэжээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Samsung” компани шинэ загварын гар утаснуудаа танилцууллаа

Лхагва гаригт БНСУ-ын технологийн тэргүүлэгч “Samsung” компани ирэх сарын 8-нд худалдаанд гарах “S10”, “S10 Plus”, “S10E”, “S10” загварын ухаалаг гар утсаа Лондон болон Сан Франциско хотын олон улсын технологийн үзэсгэлэнгийн үеэр танилцуулжээ. “Бидний хийж чадах бүх зүйл дууссан гэж хэлдэг хүмүүст энэхүү технологи хариултыг өгсөн. Тэдний буруу байсан гэдгийг бид одоо нотолж байна” хэмээн “Samsung” компанийн Ерөнхийлөгч Донг Джин Ко Сан Франциско хотод болсон үзэсгэлэнгийн үеэр хэлэв. Нүүр хэсэг нь бүхэлдээ дэлгэц байхаар бүтээгдсэн шинэ загварын ухаалаг утаснуудын дэлгэцийн өнгөний нягтралыг илүү тодруулсан байна. Үүний зэрэгцээ эдгээр утсанд хөх туяа бага ялгаруулах өндөр нягтаршилтай “quad HD+AMOLED” болон өнгийг дээд зэргийн чанараар дамжуулах “Dynamic Amoled” дэлгэцийг суулгаж өгчээ. Ухаалаг утаснуудын мэдээлэл хадгалах багтаамж 128 гигабайтаас 1024 гигабайт буюу нэг терабайт хүртэл байна. Түүнчлэн дэлгэцийн хэмжээ хамгийн багадаа 5.8-аас 6.4 инч байх бөгөөд өнгөний хувьд хар, цагаан, цэнхэр, ягаан гэх мэт сонголттой байх ажээ. “Galaxy S10+” урдаа 12-13 мегапикселийн хос камертай байх бол ардаа 16 мегапикселийн гурван камертай байна. Мөн урд камер нь өргөн дурантай бөгөөд зураг, дүрс авахад тохиромжтой өнцөг, түвшинг тохируулах боломжтой автомат “HDR 10+” стандартыг агуулжээ. Үүний зэрэгцээ царай таних болон хурууны хээ мэдрэгчтэй байхаас гадна USB болон өөр бусад ямар ч утасгүй цэнэглэгчээр цэнэглэх боломжтой гэнэ. Мөн гар утаснаасаа өөр бусад утас болон чихэвч зэргийг цэнэглэх боломжтой болжээ.

“Galaxy S10+” загварын утас өмнөх загваруудаас 25 хувиар илүү удаан цэнэгээ барих аж. Түүнчлэн хос сим карт хэрэглэж болохоос гадна “Wi-Fi 6” сүлжээнд тохирох хамгийн анхны гар утас юм.

-Samsung Galaxy Fold-

Дундуураа нугалардаг “Galaxy Fold” загварын ухаалаг утсыг зохион бүтээгчид “ном” хэмээн нэрлэжээ. Учир нь 1536 x 2152 хэмжээтэй таблет дэлгэцийг дундуур нь нугалж эвхэх боломжтой юм. Энэхүү ухаалаг гар утсыг дөрөвдүгээр сарын 26-аас худалдаанд гаргах бөгөөд ойролцоогоор 1600-2000 мянган ам.долларын үнэтэй байх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Үр дүнд суурилсан сургалтыг явуулах аргачлал семинарыг зохион байгууллаа

“ТЭРГҮҮЛЭХ ИХ СУРГУУЛЬ БЭЛТГЭХ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨСӨЛ” МҮИС СУВИЛАХУЙН ТЭНХИМИЙН БАГШ НАРЫН СОЛОНГОС ДАХЬ СУРГАЛТ

Чусонь Их Сургууль Захирлын үүрэг гүйцэтгэгч Ким Жэ Хён нь “Тэргүүлэх их сургууль бэлтгэх олон улсын хамтын ажиллагааны төсөл”-ийн хүрээнд энэ сарын 11-14-ны хооронд таван өдөр Чусонь Их Сургууль, Чусонь Их Сургуулийн сувилахуйн сургууль, Ёнсэ Их Сургуулийн сувилахуйн сургууль, Шиньчунь дахь Сэбиранс эмнэлэгт МҮИС-ийн багш нарт “Үр дүнд суурилсан сургалтыг явуулах аргачлал семинар”-ыг зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалт семинар нь 2017 оноос эхлэн Солонгосын Боловсролын яам болон Солонгосын судалгааны хүрээлэнгийн тусламжтайгаар хэрэгжиж буй “Тэргүүлэх их сургууль бэлтгэх олон улсын хамтын ажиллагааны төсөл”-ийн нэг хэсэг ба МҮИС-ийн сувилахуйн тэнхимийн сургалтыг сайжруулах зорилгоор явагдлаа.

Энэ сургалт семинарт МҮИС-ийн АУС-ийн захирал С.Сэдэддулам болон сувилахуйн тэнхимийн 5 багш Э.Сувд-Эрдэнэ, Б.Болорчимэг, М.Ууганцэцэг, Э.Оюун-Эрдэнэ, Б.Долгорсүрэн, “Тэргүүлэх их сургууь бэлтгэх олон улсын хамтын ажиллагааны төсөл”-ийг гүйцэтгэгч профессор Ким Жинь Хый, Ким Хён Ре, Юү Жэ Юун болон Чусонь их сургуулийн сувилахуйн тэнхимийн профессор Мүнь Су Хёнь, Жоннам их сургуулийн сувилахуйн тэнхимийн профессор Чэ Дог Хый нар оролцов.

Сургалт семинарын хөтөлбөр нь :

-Мэргэжлийн хичээлийн онолдадлагыг явуулах аргачлал эмэгтэйчүүдийн сувилахуй, насанд хүрэгчдийн сувилахуй, хамт олны сувилахуй, сувилахуйн удиртгал.

-Сургалтын хөтөлбөрийг боловсруулах аргачлал болон төгсөх курсын оюутны хөтөлбөрийн үр дүнг үнэлэх

-Зохиомол орчинд өгөгдсөн тохиолдол дээр ажиллах болон simulation сургалтын явцтай танилцах хөтөлбөр Чусонь Их Сургуулийн клиник дадлагын сургалтын танхим.

-Ёнсэ Их Сургуулийн Сувилахуйн сургууль болон Шиньчунь Сэбиранс эмнэлэгтэй танилцах аяллаас бүрдсэн.

Энэ удаагийн сургалт семинараар дамжуулан МҮИС-ийн сувилахуйн тэнхимийн багш нар Солонгосын сувилахуйн сургуулийн багш нараас үр дүнд суурилсан сургалтын үйл ажиллагааг явуулахын тулд онол болон дадлагын хичээлийг төлөвлөх, сургалтын төлөвлөгөө боловсруулах, сургалт явуулах тодорхой тактик гэх мэт олон зүйлсийг суралцав.

Мөн зохиомол орчин (virtual reality, VR) болон simulation сүүлийн үеийн хөгжингүй техникийг ашиглан дадлагын сургалтыг хэрхэн явуулж буйтай танилцаж, Солонгос улсын дотооддоо алдартай сувилахуйн сургалт болон эмчилгээний байгууллагатай танилцах боломж бүхий хөтөлбөрт хамрагдсан.

Сургалт семинарт хамрагдсан МҮИС-ийн сувилахуйн хөтөлбөрийн багийн ахлагч Э. Сувд-Эрдэнэ: “Энэ удаагийн сургалт семинараар дамжуулан үр дүнд суурилсан сургалтын явуулахад хэрэгцээтэй бодит мэдээлэл болон арга барилын талаар суралцлаа. Мөн “үр дүнд суурилсан сургалтын үйл ажиллагаа”-г эхлүүлж буй энэ цаг үед маш их хэрэгтэй мэдээлэл олгосонүр дүнтэй сургалт байлаа. Сургалт семинарыг зохион байгуулсан бүх хүмүүст талархал илэрхийлье.” хэмээн өөрийн сэтгэгдэлээсээ хуваалцлаа.

Сургалт семинарыг зохион явуулсан Ким Хёнь Ре профессор: (Чусонь Их Сургууль сувилахуйн тэнхим) “Энэ удаагийн сургалт маань МҮИС-д үр дүнд суурилсан сургалтын үйл ажиллагааг суурьшуулах явцад хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна”. Мөн “цаашлаад энэ удаагийн сургалтанд хамрагдсан багш нар маань Монголын Сувилахуйн боловсролд идэвхтэйгээр оролцож Монголын сувилахуйн салбарын хөгжилд хувь нэмэр оруулаасай хэмээн хүсэж байна.” гэв.

Categories
мэдээ нийгэм

Мансууруулах бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байсныг илрүүлжээ

Мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байсан жолоочийг тээврийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлжээ. Тодруулбал, СБД дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, а/д Ц.Дүүрэнбилэг, а/а Б.Амарбат нар СБД-ийн 8-р хорооны нутаг дэвсгэрт “T.Lexus” RX450 маркийн автомашиныг зогсоож шалгахад, жолооч 29 настай эрэгтэй А, 23 настай эмэгтэй Н нар нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явжээ. Хэргийг харьяа цагдаагийн байгууллагад шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэгийн удирдах бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах мэдлэг олголоо

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж эхлээд байна. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдах бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Гамшгаас хамгаалах менежмент, үйл ажиллагаа” НОБГ-ын дэд дарга, хошууч Б.Мягмардорж “Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” сэдвийн хүрээнд хичээл сургалтыг явуулсан юм.

Сургалтад нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн нийт 330 орчим удирдах бүрэлдэхүүн хамрагдлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дотоодын цэргийн алба хаагчид хүний амь нас аварчээ

Дотоодын цэргийн 805 дугаар ангийн алба хаагч нарт аж ахуй нэгж, байгууллага, иргэнээс талархал ирүүлжээ. Улсын онц чухал объектын хамгаалалтыг хүч нэмэгдүүлсэн хамгаалалтад шилжүүлэн ажиллах үед Үйлдвэрийн бүсийн гүний худгийн үүрэг гүйцэтгэж байсан харуулчин ахлагч Б.Батмөнх, дэд ахлагч Х.Бат-Эрдэнэ нар объектын ойролцоо ухаангүй хүн байсныг илрүүлэн шалгахад иргэн М согтууруулах зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсныг анхны тусламж үзүүлэн тухайн иргэнийг төрсөн ахад нь хүлээлгэн өгчээ. Мөн Үйлдвэрийн бүсэд харуулын даргын үүргийг гүйцэтгэж байсан ахмад Ч.Алтанхуяг, ахлагч Н.Самдан нар нь Үйлдвэрийн бүсийн цэгийн хамгаалалтын бүсээс 400 орчим метр газарт байрлах барилгын сахиулын гэр шатаж байхыг хяналтаар илрүүлж, иргэн А, О нарыг галаас гаргаж, эрдэнэт хүний амь насыг аварч, Онцгой байдлын гал унтраах ангиийн жижүүрт дуудлага өгч шуурхай ажилласны үр дүнд галыг бүрэн унтраасан байна. Энэ сарын 14-ний өдөр гүний худгийн шалган нэвтрүүлэх цэгт “Улаанбаатар цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Зүүн түгээх станцын хашаанд хүчтэй дуу чимээ гарч, хар утаа олгойдон гарч байсныг эргүүлийн офицер, ахмад Р.Аззаяа, харуулчин, ахлах ахлагч Т.Пүрэвгэрэл, дэд ахлагч С.Гантогтох, жолооч, ахлах ахлагч Ц.Даваажав нарын хамт дэд станцын хашаа руу оржээ. Таслуур дэлбэрч хашаанд гал гарч, тархаж байсныг Шуурхай удирдлагын жижүүр, Шуурхай удирдлагын төвд мэдэгдэж, тархсан галыг унтраах ажлыг зохион байгуулсан байна. Ноцтой хохирол гарахаас урьдчилан сэргийлж, шуурхай ажилласан алба хаагч нарт “Улаанбаатар цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн салбарын хамт олноос талархал илэрхийлсэн байна. Өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж, эрдэнэт хүний амь нас эд хөрөнгийг хамгаалж, гавьяа байгуулсан дотоодын цэргийн алба хаагч нартаа ажлын амжилт хүсч байна.

Categories
мэдээ нийгэм

“Ёохор 2019” наадам долдугаар сард болно

“Ёохор-2019” наадам ирэх долдугаар сарын 18, 19-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Батширээт суманд зохион байгуулах юм байна. Буриадын уламжлалт ардын тойрон бүжиг ёохорыг хадгалж хамгаалан хойч үедээ өвлүүлэх, албан болон албан бус сургалтыг өргөжүүлэх, ёохор бүжгийн хамтлаг тодруулан алдаршуулах, дэмжих чиглэлээр тодорхой үйл ажиллагаа явуулж, утга соёлын өвийг баяжуулан хөгжүүлэх ажлыг тогтмолжуулснаар Хэнтий аймагт алялал жуулчлалын эвэнт арга хэмжээ бий болгох зорилгоор буриадын уламжлалт ардын тойрон бүжгийн “Ёохор” наадмыг Хэнтий аймгийн Батширээт суманд жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар Батширээт сумын ИТХ-ын тогтоол 2015 онд гарсан юм байна. Түүнээс хойш “Ёохор” наадам жил бүр зохион байгуулагдсан бөгөөд сүүлийн жилүүдэд олон улсын наадам болон өргөжжээ.
Энэ жил тав дахь удаагаа болох “Ёохор” наадмын үеэр эрдэм шинжилгээний хурал, хүчит бөхийн барилдаан, буриад сурын харваа, хатир жороо морьдын уралдаан, сээр цохих наадам зэрэг буриад ястны зан заншил, соёл, үндэсний спортын онцлогыг харуулсан тэмцээн уралдаан болох ажээ.