Categories
мэдээ нийгэм

Нэг удаагийн нийлэг уутыг хэрэглэхийг хориглосон шийдвэр хэрэгжиж эхэлнэ

Маргаашнаас өргөн хэрэглээний нийлэг нэг удаагийн уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэр хэрэгжиж эхэлнэ. Уг шийдвэрийг 2018 оны зургаадугаар сард Засгийн газраас гаргасан юм. 0.035 мм буюу 35 микроноос нимгэн нэг удаагийн нийлэг уутыг хэрэглээнээс хасах бөгөөд зах, худалдааны төвүүдэд хүнс бараа савлаж өгдөг уутны хэрэглээг бүрэн хориглоно. Шийдвэрийн хэрэгжилтэд ГЕГ, МХЕГ хяналт тавьж ажиллана.

Categories
мэдээ нийгэм

Экспорт, импортын гэрчилгээ олгох үйлчилгээг журамлана

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас олгодог хилээр нэвтрүүлэх амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд экспортын болон импортын гэрчилгээ, импортын мэдэгдэл олгох үйлчилгээнд АТГ хяналт тавин ажиллаж байна.

Бизнес эрхлэгчдээс АТГ-т ирүүлж байгаа гомдол мэдээллээс үзвэл энэ төрлийн үйлчилгээ авахад бичиг баримтын бүрдүүлэлт нь томоохон бэрхшээл, дарамт учруулдаг ажээ. Жагсаалтын дагуу бичиг баримтаа бүрдүүлээд очиход нэмэлт материал шаарддаг. Бичиг баримтын хуулбар гэж заасан байх атал заавал нотариатаар баталгаажуулсан байх, орчуулсан байх, орчуулгын товчооны тамгатай байх зэргээр бүрдүүлэх материалын жагсаалтад дурдаагүй зүйлийг шаарддаг. Үүнээс үүдэн бизнес эрхлэгчид нааш цааш олон удаа явах, цаг хугацаа алддаг байна. АТГ-ын ажлын хэсэг МХЕГ-т ажиллах явцад иргэд, аж ахуйн нэгжээс тус байгууллагад өгсөн гомдол мэдээллийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариуг өгдөггүй, олон дарга нарын гар дамжуулан цохдог, бүрдүүлсэн материалын хариуг хэзээ гаргах нь тодорхойгүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн юм. Эдгээр зөрчлийг нэн даруй арилгах, иргэдээс өгсөн өргөдөл гомдол шийдвэрлэх хугацааг тодорхой болгох, экспорт, импортын гэрчилгээ олгох үйлчилгээг журамлах, бичиг баримтын бүрдүүлэлтийг тодорхой болгох, хүнд суртлыг арилгах үүрэг чиглэл өглөө. АТГ-аас амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд экспортын болон импортын гэрчилгээ, импортын мэдэгдэл олгох үйлчилгээг үзүүлэх шатанд хөндлөнгийн хяналтын тогтолцоо бий болгох, цаашлаад цахимжуулах ажлыг түргэсгэхэд анхаарч ажиллаж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Занданшатарын дөвчигнөл гавьяат хуульчийг үхэлд хүргэлээ

УИХ-ын дарга Г.Занданшатар Их хурлын дарга болохоосоо өмнө буюу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа айхавтар дөвчигнөсөн. 2019 оны босгон дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн даалгавраар Салхитын алт мөнгөний орд дээр бүрэн зэвсэглэсэн тусгайгийнхан, мөн бүрэн камержсан сэтгүүлчдийн багийг дагуулж очсон. Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байх тус ордын 2043, 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалж Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийг Монгол Улсын мэдэлд хурааж авсан. Тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр сүрийг үзүүлэн очиж, тухайн орд газрын ажилчдыг гарыг нь гавлаж өмнөө сөгдүүлэн мөлхүүлээд түүнийгээ хэвлэл мэдээллээр зай завсаргүй цацаж, гадны хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийг цаашид ч ийм байдлаар улсын мэдэлд авах болно гэдгээ мэдэгдсэн. “Захиргааны ерөнхий хуулиар нийтийн ашиг сонирхол, улсын аюулгүй байдал, Үндсэн хуулийн заалтуудаар сонсох ажиллагаа явуулахгүйгээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож болно. Салхитын мөнгөний ордын цаана асар том сүлжээ байгаа. 770 мянган тонн мөнгөний нөөцтэй, алт газрын ховор металлтай компанийн 154 мянган тонн хүдэр экспортод гаргах гэж байхад нь зогсоолоо” гээд баахан сүржигнэсэн.

Занданшатарын энэ сүржигнэл явж явж гавьяат хуульчийн аминд хүрчихэв үү. Уг орд газартай хамаарал бүхий хэргийг өмгөөлж байсан Монгол Улсын гавьяат хуульч, манай нэртэй шүүгчдийн нэг Л.Бямбаа шоронд амь насаа алдлаа. Тодруулбал, талийгаач Салхитын алт мөнгөний орд газрыг 100 хувь эзэмшдэг гэж мэдэгдэл гаргасан “Амин билигт” компанийн хуульч, өмгөөлөгчөөр ажиллаж байжээ. Талийгаачийн цогцос хөрч амжаагүй байхад Авлигатай тэмцэх газраас өчигдөр “Талийгаач нь Салхитын ордын авлига хээл хахуулийн хэрэгт хамжигчаар оролцсон хэрэгт шалгагдаж байсан” гэж мэдээлж байна. Монголын нэртэй шүүгч шоронд амиа алдсан маш харамсалтай, эмгэнэлтэй явдал боллоо. Тэрээр Салхитын мөнгөний ордын асуудлаар шоронд хоригдоогүй, гэртээ сэтгэл амар сууж байсан бол ийм айхавтар зүйл болох байсан уу. Талийгаач суллагдахаасаа хэдхэн минутын өмнө амь насаа алдсан байна. Өөрийгөө орноос боомилсон байж болзошгүй байдалтайгаар амиа алдсан гэх мэдээлэл бий.

Салхитын алт мөнгөний ордын асуудал асар том улс төрийн нөлөөтэй. Монгол Улсын Ерөнхий сайд үүрэг чиглэл өгч Занданшатарыг тусгайгийнхантай явуулсан. Тиймээс талийгаач бүхий л насаараа хууль шүүхийн байгууллагад ажилласан хүний хувьд “үхэн үхтэлээ энэ хэргээс би мултрахгүй нь” гэдгээ мэдэж байсан байх. Ардаа улс төрийн айхавтар асуудалтай хэрэгт холбогдсон нөхдийг хуулийнхан хэрхэн яаж тамладгийг, ямар хатуу харгис ханддагийг талийгаач мэдэх учир амиа хорлосон ч байж магадгүй. Улс төртэй холбогдсон ийм хэрэгт хууль шүүхийнхэн үнэн мөнийг нь олохоосоо илүүтэй улс төрийн нөлөөллөө бодох нь бий. Тиймийн учир талийгаач өөрийн минь ээлж ирлээ гэдгээ мэдээд явчих шиг боллоо, хөөрхий минь.

Уг эмгэнэлт явдлын эхлэл нь Занданшатарын дөвчигнөл гэж хэлэхээс өөр арга байхгүй. Мань эр гадны хөрөнгө оруулалттай компанийн тусгай эрхийг шууд цуцалж булаан эзэлснийхээ шанд Улсын Их хурлын дарга болох шиг боллоо. Харин дөвчигнөлийнх нь үр нөлөөнд Монголын нэр нүүр болсон нэгэн сайхан хуульч амиа алдсан нь харамсалтай.Тэрээр Улсын дээд шүүх, нийслэлийн шүүхэд нарийн бичгийн дарга, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Монгол Улсын дээд шүүхийн шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны даргын албыг нэр төртэй хашиж ирсэн юм.

Ийм хүн амиа алдсаныг бодоход их л үнэтэй дэвшил, их л үнэтэй албан тушаал болж байна даа, Занданшатар минь. Таныг Их хурлын дарга болгох гэж Монголын төр бүтэн хоёр сар гаруй хугацаанд зогсолт хийсэн. М.Энхболдыг суудлаас нь авч хаях гэж чухам юу болов. Эрх баригчид талбай дээр суулт зарлаж, нийгмийг донсолгосон жагсаал цуглаан зохион байгуулж, Ерөнхийлөгч нь хууль санаачилж, түүнийг нь Их хурал баталж, Монголын парламент ёсны түүхэнд байгаагүй үйл явдал болсон. Энэ бүх тавилттай гэж хардахаар жүжгийн дараа та Их хурлын дарга болсон. Гадаадын хөрөнгө оруулагчдын амийг нь чангааж, аж ахуйн нэгжийг нь дээрэмдэж байж Их хурлын дарга болдог нь ч ямар учиртай юм. Ер нь тэгээд Гадаадын хөрөнгө оруулагчдыг хариуцсан дарга хүн байж гадаадын хөрөнгө оруулагчдын дундын маргаанд хүзүүгээ шаах хэрэг байсан уу.

Тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр очиж, компанийн ажилчдыг өмнөө сөгдүүлж сүр хүчийг үзүүлэн дөвчигнөхийн оронд хуулийн дагуу Мэргэжлийн хяналтын байцаагч, цагдаагийн энгийн албан хаагчтай очоод ном журмын дагуу албан шаардлагаа тавьсан бол ийм айхавтар хүнд тусгалтай үйл явдал болохгүй байх байлаа. Эцэст нь хэлэхэд, Г.Занданшатар та Их хурлын дарга болохынхоо өмнө ямар муухай балагтай, хар мөртэй зүйл хийсэн болохоороо ингээд гавьяат хуульчийн аминд хүрчихдэг байна вэ?

Б.Батболд

Categories
мэдээ улс-төр

НИТХ 15.00 цаг хүртэл хойшиллоо

НИТХ өнөөдөр 10.00 цагт хуралдахаар төлөвлөсөн юм. Гэвч хуралдсангүй. Учир нь, МАН-ын бүлэг хуралдаж чадахгүй байгаагаас болж хурал хойшиллоо. НИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөгчид хурлаа эхлүүлэхийг шаардаж хуралдааны танхимд орж ирсэн юм. Харин МАН-ын бүлгийн гишүүд хуралдааны танхимдаа орж ирсэнгүй. МАН-ын бүлгийн дарга Р.Дагва НИТХ-ын хуралдааныг 15.00 хүртэл хойшлуулж байгааг сэтгүүлчдэд мэдэгдлээ. Ингэснээр АН-ын төлөөлөгчид тэднийг хүлээх шаардлагагүй болж танхимыг орхин гарав.

НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагвын хэлснээр бол 15.00 цагаас өмнө тус намын бүлэг хуралдах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн болно

Нийслэлийн Онцгой байдлын газрын Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн 03 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Хүй долоон худагт зохион байгуулагдана. Алба хаагчдын бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг хангуулах, мэргэжлийн ур чадвар, цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой тус тэмцээнд 15 багийн 160 гаруй алба хаагч эр зориг, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм. Алба хаагчид жагсаалын ажиллагаа, дүрмийн мэдлэг, гранат шидэлтийн талбай дахь ажиллагаа, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, GPS /луужин/ ашиглан биетийг хайж олох, бие бялдрын шалгуураар норматив гүйцэтгэх ажиллагаа, гал унтраах тархалт, химийн хорт бодисоос хамгаалах нормативын ажиллагаа гэсэн цэгүүдэд үүрэг гүйцэтгэн, 10 км замыг туулж, аваргуудаа шалгаруулна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хятадын Синхуа агентлаг хиймэл оюун ухаант нэвтрүүлэгчээ танилцууллаа

БНХАУ-ын төрийн өмчит Синхуа агентлаг өнгөрөгч арваннэгдүгээр сард мэдээгээ хиймэл оюунт робот-нэвтрүүлэгчээр уншуулахаар болж буйгаа зарлаж, анхны эрэгтэй хиймэл оюунт хөтлөгчдийг танилцуулаад байсан билээ.

Тэгвэл тэд хэдхэн хоногийн өмнө хиймэл оюунт эмэгтэй робот-диктороо танилцуулж, ирэх гуравдугаар сараас улс төрийн томоохон мэдээ мэдээллийг хөтлүүлэхээр болсноо зарлав.

Дэлхийн анхны хиймэл оюунт энэхүү эмэгтэй дикторыг Синхуа агентлаг Хятадын томоохон хайлтын систем болох “Sogou”-ийн технологийн багийнхантай хамтран бүтээсэн ба түүнийг Шин Шиаомэн хэмээн нэрлэсэн байна.

Хиймэл оюунт робот-диктор нь мэргэжлийн хүний хоолойг ашиглан текст уншиж, телевизийн хөтлөгчдийн оронд ажиллана гэсэн үг. Видео дүрсэнд бодит диктор сууж байгаа харагдавч түүний амны хөдөлгөөнийг дижитал аргаар үүсгэсэн бөгөөд хоолой нь роботынх ажээ.

Ийнхүү роботуудыг хэвлэл мэдээллийн салбарт ажиллуулах болсноор үйл ажиллагааны зардлыг ихээр хэмнэхээс гадна 24 цагийн турш мэдээлэл түгээх боломжтой болж байгаагаа Синхуа мэдэгдсэн. Түүнчлэн Хятад улс сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаан /Artificial Intelligence/-ы салбарт маш амжилттай ажиллаж байгаагийн нэг илрэл нь энэ болж байна.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ-ын алба хаагчид цонхоор унах гэж байсан хүүг аварчээ

ОБЕГ-ын алба хаагчид цонхоор унах гэж байсан 6 настай хүүг аварчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд бага насны хүүхэд цонхоор унах гэж байна гэсэн дуудлагыг өнөө өглөө буюу хоёрдугаар сарын 28-ны өдрийн үүрээр 04:25 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай баг 04:44 цагт очиж, гэртээ цоожлогдоод үлдсэн 6 настай эрэгтэй Э хүүг гэр рүү нь тагтаар дамжин орж аюулгүй болгон Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Нэг сая 93 мянган иргэн үнэт цаасны данс нээлгэжээ

“Эрдэнэс-Тавантолгой” компани энэ жил хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараана гэдгээ мэдэгдсэн. Тус компанийн хувьцааг нийтдээ хоёр сая 511 мянган иргэн эзэмшиж байгаа ажээ. Эдгээр иргэдийн нэг сая 93 мянга нь үнэт цаасны данс нээлгэсэн байна. Харин олонх нь буюу сая 418 мянга нь данс нээлгээгүй байгаа ажээ. “Эрдэнэс-Тавантолгой” компани ногдол ашиг тарааж эхлэхээс өмнө хувьцааны данс нээлгэсэн байхыг зөвлөж байгаа юм.

Categories
мэдээ спорт

Казах курес бөхийн УАШТ анх удаа Улаанбаатарт болно

Казах үндэстний Казах курес бөхийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнийг гуравдугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Спортын төв ордонд болох уг тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Аравт” хамгаалалтын алба ажиллаж байна. Зөвхөн эрчүүдийн дунд зохион байгуулдаг Каках оурес бөхийн Монгол Улсын аварга тамирчныг анх удаа тодруулахаар болж, жин тус бүрийн түрүүлсэн тамирчныг 500 мянган төгрөгөөр шагнахаар болов. Мөн үнэмлэхүй аваргыг нэг сая төгрөгийн мөнгөн шагнал хүлээж байна. Тэмцээн 55, 60, 66, 74, 82, 90, -100, +100 кг жинд болох юм. Казах үндэсний бөхийн төрөл болох Казах курес бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн жил бүр болдог бөгөөд уг тэмцээнд Баян-Өлгий аймгаас бөхчүүд оролцдог байна.

Categories
мэдээ нийгэм

МҮХАҮТ-ын ээлжит их хурал болж байна

Дөрвөн жилд нэг удаа болдог Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ээлжит XX их хурал болж байна. Энэхүү их хурлаар тайлант хугацаанд хийсэн ажилд үнэлэлт дүгнэлт өгч, ирэх жилүүдийн зорилтоо тодорхойлох, МҮХАҮТын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулахаас гадна танхимын удирдах байгууллага, албан тушаалтнуудыг сонгох юм.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын ерөнхийлөгчид дараах таван хүн нэр дэвшиж байгаа юм. Тодруулбал,

  1. “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг
  2. МҮХАҮТын ерөнхийлөгчөөр одоо ажиллаж буй Б.Лхагважав
  3. “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан
  4. “UFC” группийн ерөнхийлөгч О.Амартүвшин
  5. “Өгөөж Чихэр Боов” ХХК-ийн захирал С.Түмэнгэрэл нар болно.

Танхимын ерөнхийлөгчид нэр дэвших хугацаа энэ сарын 26-ны өдрөөр дуусгавар болсонбөгөөд ингэснээр заалнаас нэрээ дэвшүүлэх боломжгүй болж байгаа юм.

Б.Лхагважав ерөнхийлөгчийн хувьд дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Эргэн сануулахад өмнөх XIX их хурлаар МҮХАҮТын дүрэмд өөрчлөлт оруулж, нэг хүн хязгааргүй удирдах боломжийг халсан байдаг. Ингэснээр удирдах албан тушаалтнуудыг Удирдах зөвлөлийн 75 гишүүний саналаар сонгох бөгөөд МҮХАҮТын ерөнхийлөгчид нэг хүн нэг удаа улиран сонгогдох эрхтэй буюу найман жил ажиллах боломжтой болгон өөрчилжээ.