Categories
мэдээ улс-төр

Мөнгө санхүүгийн орчны тогтвортой байдлын талаар хэлэлцлээ

Монгол Улсын Их Хурал, Монголбанк хамтран “Think Thank –Мөнгө санхүүгийн орчин” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг УИХ-ын дарга Г.Занданшатар нээж, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан өнгөрсөн хугацаан дахь Мөнгөний бодлогын хэрэгжилт, санхүүгийн тогтвортой байдлын төлөө Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцууллаа. Түүний хэлсэн үгэнд Мөнгө, зээлийн зохистой өсөлтийг хангаснаар инфляци зорилтот түвшнээс бага буюу 7.3 хувьтай, харин эдийн засаг 6.9 хувиар өсч, сэргэлт эрчимжсэн. Монголбанкнаас эдийн засагт гарсан нааштай, эерэг нөхцөл байдалд тулгуурлан зээлийн хүүг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү 2018 oны эцэст 16.9 хувь болж өмнөх онтой харьцуулахад 2.5 нэгж хувиар буурсан. Зээлийн хүүний бууралтын нөлөөгөөр банкуудын бизнесийн зориулалттай, төгрөгөөр олгосон зээл өнгөрсөн онуудтай харьцуулахад өндөр хувиар өссөн. Энэ нь бизнес эрхлэгчдийн дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ажлын байр, үйлдвэрлэл өсөхөд чухал түлхэц болсон зэрэг эдийн засагт гарсан эерэг өөрчлөлтүүдийн талаар дурдагдлаа.

Хэлэлцүүлэгт Монголбанкнаас мөнгөний бодлого, валютын захын нөхцөл байдал, хүүний тэнцвэрт байдлыг хэрхэн тодорхойлох, экспорт импортын эрэлт болон финтекийн хөгжил, эрх зүйн зохицуулалтын талаар илтгэл тавьж хэлэлцүүллээ. Мөн хэлэлцүүлэгт эдийн засагч Р.Амаржаргал “Гадаадын банкны санхүүгийн зах зээлд үзүүлэх нөлөө, нэвтрүүлэхэд тохиолдох эрсдэлийг бууруулах арга зам” сэдвээр илтгэл тавьж оролцлоо.

Хэлэлцүүлгийн үеэр Эдийн засгийн байнгын хорооны гишүүн Б.Баттөмөр Монголбанкнаас хийгдэж байгаа судалгаа шинжилгээний ажлууд үр дүнтэй байгааг онцлоод яамд дэргэдээ суурь судалгааг өргөн хүрээнд хийж байх шаардлага бийг хэлж байлаа.

Оролцогчдын зүгээс эдийн засгийн өсөлтөө хадгалж үлдэхийн тулд уул уурхайн бус салбарыг дэмжсэн бодлогын дорвитой шийдвэрүүд гаргах, бизнесийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээг тууштай үргэлжлүүлэх тухай асуудлуудыг голлон хөндлөө.

Categories
мэдээ нийгэм

Тэргүүн дагуул одтой, цагаагчин туулай өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 23, Санчир гариг. Билгийн тооллын 19, Тэргүүн дагуул одтой, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 7:45 цагт мандан, 18:26 цагт жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал Сайн нөхөртэй учрах хэмээх сайн.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Занданшатар: Бидний хамгийн нэгдүгээрт эрхэмлэх ёстой зүйл бол ард түмний хүсэл зориг

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Төрийн ордонд болж буй Орон нутгийн удирдах ажилтны улсын зөвлөгөөнд оролцож үг хэллээ. Зөвлөгөөнд Монгол Улсын 21 аймаг, 330 сумын Засаг дарга нар оролцож байгаа юм.

Тэрбээр энд хэлсэн үгэндээ Монгол Улс, монгол хүний хөгжлийг хангасан эрхзүй, нийгмийн цоо шинэ орчныг бүрдүүлэх шаардлагатай байгааг онцлоод,

-төрийн албанд сахилга, хариуцлагыг сайжруулж, ард түмэндээ чин шударгаар үйлчлэх замаар төрийн нэр хүндийг сэргээх;

-төр-ард түмний шууд холбоог бэхжүүлэхийн тулд парламентад цахим шилжилт хийх, баримт нотолгоонд суурилсан мэтгэлцээн өрнөдөг парламентын соёлыг хэвшүүлэх;

нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах зарчмыг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар хангах;

орон нутагт хүн хүчний болон санхүүгийн нөөц, эрх мэдлийг оновчтой хуваарилан төвлөрлийг сааруулах;

Монгол Улсын Үндсэн хуульд ард түмний эрх ашигт нийцсэн, Монгол Улсын хөгжлийн замыг зөв тодорхойлсон, зайлшгүй шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг хийх гэсэн 5 үндсэн зорилт дэвшүүлж байгаагаа тайлбарлалаа.

Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь толилуулж байна.


Орон нутгийн удирдах ажилтны улсын зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн аймаг, сумдын Засаг дарга нар, төрийн албаны удирдах ажилтан, хүндэт зочид, төлөөлөгчид та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

Монголын ард түмний 1992 онд хийсэн түүхэн сонголтын үр дүнд ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойш 27 жилийн нүүрийг үзэж байна. Шинэ тогтолцоонд шилжих шилжилт цэглэгдэж, тахиа жилд үндэсний ухамсар сэргэн, нохой жилд эрс өөрчлөлтийн уур амьсгал сэвэлзэж эхэллээ. Шинэ гарч буй гахай жилд өөрчлөлт шинэчлэлт үр дүнд хүрсэн, үр шимээ өгсөн сайхан жил болно гэдэгт итгэж байна. Хувьтай хүн хулгана жилийг үзнэ гэдэгчлэн 2020 он гэхэд Монгол Улсын сэргэн мандлын үе эхэлж, хөгжил дэвшлийн шинэ замд тууштай замд орно гэдэгт эргэлзэхгүй байна. Үүний тулд бид Монгол Улс, монгол хүний хөгжлийн төлөөх эрхзүй, нийгмийн цоо шинэ орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. Тиймээс төрийн удирдах ажилтан бүр энэ зорилгод үлгэрлэж, өөрчлөлтийг хошуучлан дэмжиж, монгол хүний төлөө, Монгол Улсынхаа төлөө, Монгол төрийн төлөө сэтгэлгээ, үйл ажиллагаандаа өөрчлөлт хийх шаардлагатай болжээ.

Би та бүхэнд хандаж 5 зүйл хэлэхийг хүсэж байна.

Нэгдүгээрт, Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1-т, төрийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна, ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, эрх мэдлээ өөрсдийн төлөөллөөрөө дамжуулж эдэлнэ гэж заасан.

Тэгэхээр төрийн бүх эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай, энэ бол ардчилсан төрийн үндсэн суурь зарчим гэдгийг бид байнга санаж явах ёстой. Энэ зарчим зөвхөн 4 жил тутам болдог сонгуулиар илэрхийлэгдэх биш, сумын Засаг даргаас авахуулаад УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгчөө хүртэл бидний өдөр тутмын мөрдлөг байх ёстой. Ард түмнийхээс илүү хэсэг бүлгийн, хувийн, хамаатан садны ашиг сонирхол гэж байх ёсгүй. Тэр бол 20, 30, 100 дугаар асуудал. Тэгэхээр та бидний хамгийн нэгдүгээрт эрхэмлэх ёстой зүйл болбоос ард түмний хүсэл зориг шүү. Иргэд өнөөдөр шударга ёсыг, төр нь иргэндээ энэрэнгүй, харин буруутанд хатуу байхыг шаардаж байна. Тэгэхээр дээрээсээ эхлээд бүх шатанд хэрэгжих ёстой хатуу сахилга бат, дэг журмыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нар үлгэрлэн манлайлах учиртай.

2019 оныг бид “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгож зарласан. Төрийн албаны үндсэн философи, үзэл санаа нь ард иргэддээ үйлчлэх явдал юм. Төр, төрийн алба иргэддээ үйлчилж чадахгүй, тэгш шударга хандаж чадахгүй бол төрд итгэх ард түмний итгэл буурсаар байх болно. “Төрийн минь сүлд өршөө” гэж сүүгээ өргөдөг, төрдөө сүсэглэн залбирдаг ард түмэн бол монголчууд. Гэтэл Монгол Улс төрд итгэх итгэлийнхээ индексээр Азийн улсууд дотор дороосоо дээгүүрт жагсаж байна. Төрд итгэх ард түмний итгэлийг сэргээх нь “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн үндсэн зорилго юм. Та бүгд энэ ажлыг нутаг дэвсгэртээ сайн зохион байгуулж, дүн тайланг улирал тутам гаргаж, төлөвлөж зорьсон үйл ажиллагаагаа бодитой хэрэгжүүлснээр төрд итгэх иргэдийн итгэл нэмэгдэнэ.

Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтаасаа авахуулаад энгийн иргэдэд хүрдэг бүхий л үйлчилгээ, бэлчээр, ус, худгийн асуудалд нь хүртэл ард түмнийхээ санал санаачилгыг тусгаж ажиллах шаардлагатай байна. Улс орны хөгжлийн тулгуур баганын нэг бол төрийн алба. Төрийн алба ил тод, нээлттэй, мэргэшсэн, тогтвортой байхын зэрэгцээ хариуцлагатай, сахилгатай байх нь чухал. Төрийн түшмэд нь дээр, дооргүй ёс суртахуунтай, зарчимч, ажлын бүтээлч хандлага, идэвх санаачилгатай байж чадваас төр нэр хүндтэй болж, төрд итгэх иргэдийн итгэл батжиж, бөхжинө.

Улсын Их Хурал Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн баталж, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж байна. Энэ хуулиар төрийн албанд шатлан дэвших мерит буюу чадахуйн зарчмыг тунхагласан. Төрийн албан хаагчийг мэргэшүүлэн, тогтвортой ажиллуулах, төрийн албаны төв байгууллагын хараат бус, бие даасан байдлыг баталгаажуулж, улс төрийн болон хөндлөнгийн нөлөөллийг хориглох, хариуцлагыг чангатгахад чиглэсэн эрх зүйн шинэчлэл энэ хуульд туссан гэдгийг онцлон тэмдэглэе.

Төрийн албаны бүх шатанд, бүх түвшинд сахилга, хариуцлагыг эрхэмлэж, гагцхүү ард иргэддээ чин шударгаар үйлчилдэг үзэл санаа, зарчим, ёс суртахууныг нэвтрүүлэх хэрэгтэй байна.

Хоёрдугаарт, бид төртэйгээ, парламенттайгаа, ард түмэнтэйгээ яаж холбогдож байх вэ? Бид УИХ, УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлага, дэг журмыг сайжруулах зорилгоор Улсын Их Хурлын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж эхэлсэн. УИХ-ын гишүүд гагцхүү ард түмнийхээ хүсэл зоригийг илэрхийлж, баримт нотолгоонд суурилсан парламентын мэтгэлцээн өрнүүлж, хууль тогтоодог байх зарчмыг мөрдлөг болгохоор зорьж байна.

Та бүхэн www.parliament.mn, www.forum.parliament.mn гэсэн цахим хуудсуудыг байнга ашигладаг болохшаардлагатай байна. Дээр нь “Төрийн мэдээлэл” гэсэн цахим сэтгүүлийг нэмээд, энэ З аппликэйшнийг гар утсандаа суулга. Парламентын үйл ажиллагааг өдөр тутам тольдож, оролцож байх боломжийг та нарт нээж өгнө. Үүгээр цахим парламент, дижитал хэлэлцүүлгийн шинэ эринийг эхлүүлж байгаа юм. Энэ бол бидний парламентад хийх шинэчлэлийн нэг салаа мөчир юм.

Parliament.mn-ээр УИХ-ын үйл ажиллагааг та бүхэнд шуурхай хүргэнэ. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нар сумынхаа иргэдийн санал, бодлыг УИХ-д шууд хүргэдэг байх бололцоог энэ цахим хуудсууд олгоно. Жишээлбэл, бид дөрөвдүгээр сард Бэлчээрийн хуулийг малчдынхаа төлөөллийг оролцуулан энэ ордонд хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Parliament.mn дээр гишүүдийн хэлсэн үг, хуулийн төслүүд бүгд байгаа. Forum.parliament.mn-ээр хүмүүс нэр, хаягаа оруулаад, санал, бодлоо илэрхийлж болно. Гишүүддээ шууд хандах бололцоо ч нээгдэнэ. Гишүүд Үндсэн хуулийнхаа зарчмын дагуу иргэдийнхээ санал, бодлыг нэгтгэн дүгнэж, судалгаа шинжилгээ хийгээд хууль боловсруулах үйл ажиллагаандаа тусгадаг, иргэддээ эргэж тайлагнадаг байх ёстой. Ингэснээр Их Хурлын гишүүд маань сумынхаа иргэдийн санал, бодлыг шууд авдаг, түүнийхээ судалгаа, тооцоо, шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлаж мэтгэлцдэг парламентын соёлыг нэвтрүүлэхийг зорьж байна. Хоёр талт эргэх холбоотой ийм цахим мэдээллийн сүлжээг бий болгоё. Үүнд та бүхний оролцоо чухал.

“Төрийн мэдээлэл” эмхтгэл цахимаар та бүхний гар утсанд шууд очно. Эндээс бүх шаардлагатай хуулиудаа татаж авч харж болно. Сая Македон улс Үндсэн хуулийн өөрчлөлтөө хийлээ. Өдөртөө хүчин төгөлдөр болж байна. Манайх ч гэсэн “Төрийн мэдээлэл”-ийн цахим хэлбэр нь цаасан хэлбэртэйгээ адил хүчин төгөлдөр гэж хуульчилж болно. Тэгэхээр хууль батлагдсан өдрөө та бүхний гар утас, компьютерт “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн цахим хувилбараар очно гэсэн үг.

Монгол Улсын хэмжээнд 2 сая 567 мянган ухаалаг гар утас хэрэглэгч байна. 16 сум шилэн кабельд холбогдоогүй байгааг энэ жил холбосноор бүх сум интернэттэй болно. Малчид фэйсбүүк хуудсаараа дамжуулж мэдээлэл авдаг болсон. Тэгэхээр энэ З аппликэйшн дээр суурилаад цахим парламентын, иргэдийн оролцооны цоо шинэ нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Нэгдүгээрт, мэдээлэл хүргүүлнэ, хуулийг сурталчилна. Хоёрдугаарт, иргэдийн оролцоог хангаж, саналыг нь авна. Гуравдугаарт, санал асуулга зохион байгуулна. Ийм чиглэлээр парламентад шинэ технологи нэвтрүүлэх ажлыг бид хэрэгжүүлж байна.

Гуравдугаарт, Монгол Улсын хуульд заасан нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах зарчмыг одоогийн мөрдөгдөж буй Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд бүрэн тодорхойлж чадаагүй гэж бид үзэж байна.

Энэ хууль 2006 онд батлагдахад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан сумын Засаг дарга нохой алахаас өөр ажилгүй боллоо хэмээн шүүмжилж байсан. Хуулиар орон нутгийн төсөв, санхүүгийн бие даасан байдлыг ихээхэн хязгаарласан. Баталснаас хойш 19 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, сайжруулах гэж оролдсон ч хуулийн анхны үзэл баримтлал, үзэл санаа, зорилгыг гажуудуулж, тогтворгүй болгосон гэж УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын ХЭГ-аас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх төслийн хүрээнд хийсэн шинжилгээгээр дүгнэсэн.

Энэ дүгнэлтэд үндэслээд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулсан бөгөөд УИХ-ын намрын чуулганаар батлахаар төлөвлөж байна. Мөн дөрөвдүгээр сард малчдынхаа төлөөллийг оролцуулан Бэлчээрийн тухай хуулийн төслөөр Зөвлөлдөх санал асуулга явуулахаар Швейцарийн хөгжлийн агентлаг, “Ногоон алт” төсөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй тохиролцоод байна. Үүнийг мөн www.parliament.mn, www.forum.parliament.mn цахим хуудсаар дамжуулан ил тод, нээлттэй зохион байгуулна. Эдгээр хуулийн төслүүдийг сумдын Засаг дарга нар ИТХ-аараа, иргэдээрээ хэлэлцүүлж, саналаа өгч, идэвхтэй оролцохыг хүсч байна.

Дөрөвдүгээрт, төвлөрлийг сааруулах асуудлаар та бүхэнтэй УИХ хамтран ажиллахыг зорьж байна. Төвлөрлийг сааруулах гэдэг нь хүний нөөц, санхүүгийн нөөц гээд бүхий л нөөцийг хуваарилах, төлөвлөх, удирдах чиг үүргийг төв Засгийн газар болон яам, агентлагаас орон нутгийн байгууллагууддаа шилжүүлэх хэмээн ойлгодог. Өнөөдөр сумын нийгмийн даатгал, татвар, төрийн байгууллагын хүний нөөцийн томилгоо ямар байна вэ. Төвөөс, Сангийн яамнаас Увс аймгийн Давст сумын сургуулийн цонх хагархай, хаалга нь эвдэрхий байна гэж мэдээд мөнгө хуваарилах уу? Аль эсвэл, аймаг, орон нутгийн түвшиндээ энэ асуудлыг шийдвэрлэх үү? Үүнийг төвлөрлийг сааруулах аргаар шийдвэрлэнэ.

ЖДҮ-ийг дэмжих сангийн хөрөнгөнөөс аймаг бүрт нэг тэрбум төгрөг хуваарилъя, төв рүү арьс, ноосоо боловсруулахыг зорьж байгаа хүмүүстээ санхүүгийн, татварын, төсвийн бодлогоор дэмжлэг үзүүлдэг байя. Үүнийг төвлөрлийг сааруулах гэж ойлгож байгаа. Ийм учраас орон нутгийн түвшинд бие даан шийдвэр гаргах байдлыг хангах, төлөөлүүлэн гүйцэтгүүлэх, төсвийн төвлөрлийг бүрэн сааруулах гэсэн гурван хэлбэрээр төвлөрлийг сааруулах бодлогыг хэрэгжүүлнэ гэж үзэж байгаа. УИХ төрийн байгууллагуудын чиг үүргийг оновчтой хуваарилах, төвлөрлийг сааруулах шинэчлэлийг дэмжих бодлогыг хэрэгжүүлнэ. Ажлын зааг ялгааг нарийн тогтоож, давхардал хийдэлгүйгээр маш тодорхой зааж өгөх, чиг үүргийг дахин хуваарилах шаардлагатай гэж үзэж байгаа. Засгийн газрын ХЭГ-т бид байгаль орчныг хамгаалах асуудлаар чиг үүргийн давхардал, хийдэл ямар байгааг яамны хэмжээнд шалгаж үзсэн. Тусгай программаар хуулиудад байгаа давхардлыг шүүж үзэхэд байгаль орчныг хамгаалах үүргүүд сумын, аймаг, орон нутгийн, яамны, агентлагийн хэмжээнд маш их давхардсан байдал илэрсэн. Дунд нь ажил хаягддаг, байгалиа хайрлах, хамгаалах бодлого эзэнгүйддэг. Тусгай зөвшөөрөл олгох асуудалд хийдэл, зөрчил бас их гардаг нь тодорхойлогдсон. Ийм учраас энэ зорилгын хүрээнд төвлөрлийг сааруулах үйл явцыг тодорхой үе шаттай, харилцан уялдаатай, цогц байдлаар хэрэгжүүлэх замаар төрийн үйлчилгээний үр ашиг, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хэлбэрэлтгүй хангах, нээлттэй, хариуцлагатай, сайн засаглалыг бүрдүүлж, эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих нөхцөлийг хангах ёстой юм.

Төвлөрлийг сааруулах бодлого боловсруулах хэрэгцээ шаардлага их байна. Яамдад эрх мэдэл хэт төвлөрсөн. Нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын чиг үүргүүд давхардсан. Орон нутагт үйл ажиллагаа хэрэгжүүлэх санхүүгийн нөөц дутагдалтай, улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэгээс ихээхэн хамааралтай болсон. Анхан шатанд үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хүний нөөц, чадавхи бэхжээгүй зэрэг нөхцөл байдал нь эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой хийх шаардлагыг бий болгож байна.

Тиймээс УИХ-ын даргын захирамжаар төвлөрлийг сааруулах, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлээр хууль эрх зүйн орчныг судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хууль, УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар аймгийн Засаг даргаар олон жил ажилласан, орон нутгийн ажил, амьдралыг сайн мэдэх УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн ажиллана. УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Батзандан, Д.Ганболд, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар нар бүрэлдэхүүнд нь багтсан. Та бүхэн мөн www.parliament.mn, www.forum.parliament.mnцахим хуудсаар дамжуулан иргэдийнхээ санал бодлыг бодитой, судалгаатай, тооцоотой боловсруулж ирүүлэхийг хүсч байна.

Тавдугаарт, Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжих үндэс болсон Үндсэн хууль 1992 онд батлагдсанаас хойш 27 жил тогтвортой үйлчилж буй нь том ололт юм. Үндсэн хууль үндсэн үүргээ биелүүлж чадсан. Монгол Улс ардчилал, зах зээлийн замд эргэлт буцалтгүй шилжсэн. Гэхдээ Үндсэн хуулийг баталж мөрдүүлснээс хойших хугацаанд эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцэл, хариуцлагын тогтолцоонд зарим засах зүйл байгааг эрдэмтэн судлаачид, ард иргэд, хууль тогтоогчид илэрхийлсээр байгаа. Өнөөдрийн шударга ёсны хүсэмжлэл, хариуцлага сахилгын тогтолцоо, төр ард түмний холбоо зэрэг олон асуудал дээр Үндсэн хуулийн гажиг согог илэрч байна.

Иймээс Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байгаа. Ингэхдээ аль нэг нам, эвсэл, бүлэгт үйлчлэхгүй, зөвхөн ард түмний эрх ашигт нийцсэн, Монгол Улсын хөгжлийн замыг зөв тодорхойлсон, Монгол Улс, монгол хүний хөгжлийн төлөө эрхзүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр шинэ нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай.

УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлагыг бэхжүүлэх, УИХ-ын хууль тогтоох ажлын чанар, хариуцлагыг сайжруулах ёстой. УИХ-ын төсвийн эрх мэдлийг хязгаарлаж, төсвийг дураараа өөрчилж, төсвийн сахилга батыг алдагдуулдаг, улс орноо өр, зээлэнд оруулдаг буруу жишгийг зогсоож, хүний эрх, эрх чөлөөг хангасан, сахилга хариуцлага, шударга ёсыг тогтоох чиглэлд парламентын хяналт тавих чиг үүргийг бэхжүүлэх асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгахаар зорьж байна. Хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар 2017 онд явуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгаар ард иргэдийн хүсэл зориг илэрхийлэгдсэн. Өнөөдрийн өөрчлөлт шинэчлэлтүүд тэр зөвлөлдөх санал асуулгаас эх сурвалжтай. Энэ ордонд цугласан эгэл жирийн малчид, Хөвсгөл аймгаас хөхүүл хүүхдээ тэврээд ирсэн ээж хуралдаануудад тасралтгүй оролцож үзэл бодлоо илэрхийлэхдээ Монгол Улсад шударга ёс, тэгш эрх хэрэгтэй байна, дээрээ цөөхөн хүн баяждаг, энгийн ард түмэн ядуу байдаг, газрын дээр, дороо асар их баялагтай улс яагаад өрөнд ороод байгаа юм бэ. Энэ бүхэн төрийн тогтолцоо нь гажигтай, шударга ёсны хүсэмжлэлд хариу өгч чадахгүй байна гэдгийг илэрхийлсэн.

Энэ асуулгад оролцсон хүмүүсийн 78.9 хувь нь аймаг нь сум, хотод, сум нь баг, тосгонд, нийслэл нь дүүрэгт, хот, дүүрэг нь хороонд хуваагдах саналыг дэмжсэн байдаг. Өөрөөр хэлбэл аймгийн төвүүдийг хот болгоё гэсэн. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаарх ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай УИХ-ын 39-р тогтоолыг хэрэгжүүлэх явцад аймгийн төвийг хотын статустай болгох талаар 525, Орхон аймгийг Эрдэнэт хот болгох талаар 1014, Шарын гол сумыг дагуул хот, эсвэл дүүргийн статустай болгох талаар 2004, Дархан-Уул аймгийг Дархан хот болгох талаар 857, нутаг дэвсгэр хүн амын тоог харгалзан нутаг дэвсгэрийн нэгжийг дахин хуваарилах талаар 503, тосгоныг засаг захиргааны нэгжээс хасах, зарим аймгийн тосгоныг сумын зэрэглэлтэй болгох, Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулах тухай 573 санал ирснийг Үндсэн хуульд тусгах боломжийг судалж байна.

Түүнчлэн сум, дүүргийн хурлын сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлдэггүй байх санал давтамж өндөртэй байгааг үндэслэн нутгийн өөрөө удирдах байгууллагыг байгуулах журамд өөрчлөлт оруулах, сум, хот, дүүргийн Засаг даргыг сонгодог, аймаг, нийслэл, баг, хорооны Засаг даргыг томилдог байх санал мөн их байгааг үндэслээд бүх шатны Засаг даргыг томилох, сонгох болон Хурал, Засаг даргын эрх мэдлийн хяналт, тэнцлийг хангахтай холбоотой заалтыг Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгахаар ажиллаж байна.

Сумын Засаг дарга нартай уулзаж байхад нэг зүйлийг хэлдэг. Би ард иргэдийнхээ төлөө ажилламаар байна. Нэг бол намайг ард иргэдээс сонгогддог, эсвэл дээрээс томилдог болгоод өгчих гэж хэлдэг. Сумын Засаг дарга Хурлын төлөөлөгчдийнхөө шаардлагад тааруулж ажиллах уу, эсвэл ард түмнийхээ хүсэл эрмэлзэлд нийцэж ажиллах уу гэдэг зөрчил гарч байгаа. Сумын хурлын төлөөлөгчид огцруулах, томилох санал, шаардлага гаргадаг, төсөл, орон нутгийн хөгжлийн сангийн шалгаруулалт, тендер, томилгоонд оролцохыг хүсдэг нь Засаг даргын ажил хийх боломжийг ихээхэн тарамдуулдаг.

Энэ байдал аймагт яг адилхан. Засгийн газарт ч ялгаагүй байна. Энэ бол Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нэг шалтгаан юм. Өнөөдөр гүйцэтгэх эрх мэдэл хязгаартай, хууль тогтоох, хурлуудын эрх мэдэл хязгааргүй болж, жинхэнэ ажил хийж, гүйцэтгэдэг Засаг дарга, Засгийн газрын хийдэг ажил руу хэт оролцож, “хошуу дүрдэг”, саад учруулдаг байдал манай улсын хөгжлийн тушаа болж байна. Иймээс Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагатай холбоотой хэсэгт Та бүхний санал чухал тул www.parliament.mn, www.forum.parliament.mn, цахим хуудсаар дамжуулан идэвхтэй оролцоорой.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр улс орон даяар санал асуулга явуулсан тохиолдолд ч, парламентын хэлэлцүүлгийн үеэр ч гэсэн дороосоо Та бүхэн дэмжиж, хамтдаа хүчин зүтгэхийг уриалж байна.

Эдгээр таван асуудал бол парламентын шинэчлэлийн төдийгүй Монгол төрийн шинэчлэлийн, Монгол Улс сэргэн мандаж хөгжихийн эх үндэс байх болно гэдэгт итгэлтэй байна. Монгол төрийн төлөө, Монгол Улсын хөгжлийн төлөө, монгол хүний хөгжлийн төлөөх эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө хамтдаа зүтгэцгээе.

Монгол төрийн өлмий бат орших болтугай.

Categories
мэдээ нийгэм

Сургалт, хэлэлцүүлэг хийв

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “УРГАМАЛ, МАЛЫН ЭРҮҮЛ АХУЙ, ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АРГА ХЭРЭГСЛИЙГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ”-ийн хүрээнд МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас хилийн боомтууд дахь хяналтын алба, хэлтэс, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, НМХГ-ын төв лаборатори, Стандартчилал хэмжилзүйн газар, 21 аймгийн МХГ-ын лабораторийн шинжээчдийг оролцуулан сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулав.

Сургалт, хэлэлцүүлэгт төслийн лабораторийн чанарын удирдлагын олон улсын зөвлөх, профессор Саверио Маннино “Хилийн хяналт шалгалт ба хүнсний аюулгүй байдлын тогтолцоонд лабораторийн гүйцэтгэх үүрэг” сэдвээр илтгэл танилцуулж хэлэлцүүллээ.

Төслийн хүрээнд Замын-Үүд, Алтанбулаг, Дархан МХГ-ын лабораторийн барилгыг шинээр барих, тоног төхөөрөмж шинэчлэх, лабораторийн шинжилгээг олон улсад итгэмжлүүлэх, шинжилгээ хийх, дээж авах лабораторийн гарын авлагыг олон улсын стандартад нийцүүлэн бэлтгэх зэрэг ажил хийгдэж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Элбэгдорж: Монгол Улсын хууль бол миний хувьд хамгийн том хүч

АТГ-т мэдүүлэг өгсөн экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АТГ-аас гарч ирэхдээ сэтгүүлчдэд тайлбар өглөө.

Сайн байцгаана уу? Тавантолгойн орд газартай холбогдсон асуудлаар дуудаж асуулаа. ШХАБ-ын талаар асуугаагүй. Зөвхөн Тавантолгойн асуудлаар Ерөнхийлөгчийн бүрдүүлж өгсөн материалтай холбоотой асуудлаар гэрчээр асууж тодруулга авсан. Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй. Хууль дуудпах юм бол бүгд ирж тодруулга, мэдээлэл өгч асуусан зүйлд нь хариуулах үүрэгтэй. Хуулийн засаглалд Монголчууд бүгд итгэж явах ёстой гэж би хувьдаа бодож явдаг.

Бид гурван юм л хийхгүй байх ёстой гэж би боддог юм. Нэгдүгээрт албан тушаалтнууд хуулиас зугатаж болохгүй. Хууль дуудсан бол ирэх ёстой. Хуулийн байгууллагын ажлыг хүндэтгэх ёстой. Хоёрдугаарт Монгол Улс ШХАБ-д гишүүнээр элсэж болохгүй. Монголын ард түмний эрх, эрх чөлөө, биеэ даасан байдалд энэ нь аюул учруулна гэж боддог. Энэ хоёрыг нь л хэлье.

Тэр 178 хуудас материалтай би танилцаагүй. Хавтас хэрэгт нь байгаа. Би Ерөнхийлөгчөөс тэр 178 хуудас тамериалаа ард түмэн, хэвлэл мэдээлэлд ил болгооч ээ гэдэг ийм л хүсэлт тавьж байгаа. Тэнд нуух зүйл байх ёсгүй. Цаазын ялын асуудлаар дэлхийн конгресс гэж жилд нэг удаа болдог. Цаазын ялын эсрэг олон улсын комисс гэж байдаг түүнд би комишнейр гэдэг үүрэгтэй. Тэгэхээр энэ дэлхийн конгресс болох гэж байгаа. Тэр арга хэмжээ рүү би яваад ирнэ. Санаа зовох шаардлагагүй. Хурдан яваад хүрээд ирнэ.

Миний хамгийн санаа зовж байгаа зүйл бол бид бүхэнд гамшгийн хэмжээнд хүртэл тохиолдоод байгаа утааны асуудал байна. Энэ чиглэлээр иргэнийхээ хувьд хийхээр бодож байгаа зүйлүүд бий. Цаашид дуудсан цагт ирнэ. Ирэлгүй яахав. Хуулийн байгууллагаас асууя, тодруулъя гэх юм бол ирж, мэдүүлгээ өгнө. Монгол Улсын хууль бол миний хувьд хамгийн том хүч. Хаана ч байсан хууль намайг дуудах юм бол би хамгийн хурдан л ирэх болно. Хуулиас, хуулийн байгууллагаас зугатаах ямар ч шаардлага надад байхгүй.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Токио хотноо зохион байгуулагдаж буй Нянгийн тэсвэржилт-Нэг эрүүл мэнд Олон улсын бага хуралд оролцох үеэр Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд Ясухиро Сузуки-тай уулзлаа.

Уулзалтын эхэнд Сайд Д.Сарангэрэл хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа 1990-ээд оноос хойш өрнөж, энэ хугацаанд олон төсөл хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж ирснийг онцлоод Япон Улсаас үзүүлж буй тусламж дэмжлэг, техникийн хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүд нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжил, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах, шилдэг тэргүүн туршлагаас суралцахад дорвитой хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэн хэллээ.

Хамтын ажиллагаа олон жилийн хугацаанд өрнөж байгаа боловч хоёр улсын ЭМЯ-д хооронд албан ёсны баримт бичиг байгуулагдаагүй байсан бөгөөд өнгөрсөн оны дүгээр сард Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон Япон Улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам хоорондын эрүүл мэнд, анагаах ухааны салбарт хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан нь хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг баталгаажуулсан чухал ач холбогдолтой арга хэмжээ болсныг тэмдэглэн хэлэв.

Мөн тэрээр “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах”, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийслэлийн эмнэлэг болон түргэн тусламжийн төвд 10ш түргэний машиныг хандивлахад ихээхэн хүчин чармайлт, дэмжлэг үзүүлсэнд Ясухис Шиозаки-д талархал илэрхийлээд, туулах чадвар сайтай, эдэлгээ даадаг, ашиглалт өндөртэй эдгээр машинууд нь өнгөрсөн саруудад гарсан томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед ихээхэн хувь нэмэр оруулсныг хэллээ.

Түүнчлэн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжиж буй Монгол-Японы сургалтын эмнэлгийг 2019 оны 3 дугаар сард хүлээн авахад бэлэн бөгөөд эмнэлгийн үйл ажиллагаанд Японы эмнэлгийн менежмент, удирдлага зохион байгуулалтын зарчмыг хэрэглэх болохыг мэдэгдэв.

Уулзалтын явцад талууд дээрх болон сонирхсон бусад асуудлуудаар дэлгэрэнгүй харилцан ярилцав.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, тус танхимын Япон, Монголын бүлгийн зөвлөх Ясухиса Шиозаки-тай хийж, хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж санал солилцов.

2018 оны дөрөвдүгээр сард Токио хотноо зохион байгуулагдсан Дэлхийн сайд нарын гуравдугаар чуулга уулзалт болон наймдугаар сард Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хийсэн уулзалтууд найрсаг уур амьсгалтай, ажил хэрэгч уулзалтууд болсныг дурьдав.

Эдгээр уулзалтуудын үр дүнд “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах”, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийслэлийн эмнэлэг болон түргэн тусламжийн төвд 10 түргэн тусламжийн автомашиныг хүлээн авсан бөгөөд үүнд ихээхэн хүчин чармайлт, дэмжлэг үзүүлсэнд Ясухис Шиозаки-д талархал илэрхийлээд, туулах чадвар сайтай, эдэлгээ даадаг, ашиглалт өндөртэй эдгээр машинууд нь өнгөрсөн саруудад гарсан томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед ихээхэн хувь нэмэр оруулсаныг хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгийн эмч нар элэг тайрах мэс заслыг орон нутагтаа хийжээ

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн зөвлөх эмч, клиникийн профессор Б.Бейсен тэргүүтэй мэс заслын эмч Х.Хари, З.Исагул, наркозын эмч Г.Бахытжан, сувилагч К.Гүлзира, Н.Меруерт нарын эмч нарын баг 79 настай Х гэдэг иргэнд элэг тайрах мэс заслыг өнгөрсөн долоо хоногт амжилттай хийжээ.
Иргэн Х нь Бүгд Найрамдах Казахстан Улсын харьяалалтай байсан бөгөөд тус улсад ходоодны гарах хэсгийн хавдартай, хагалгаа хийх боломжгүй хэмээн оношлогдож эмчилгээ хийлгэхээр Монгол Улсад иржээ.
Тус аймгийн эмч нар тухайн иргэнийг дахин оношилж элэгний баруун дэлбэнгийн шохойжсон том хавдарлаг үүсвэр ходоодны гарах хэсгийг гаднаас дарж наалдсан байсныг илрүүлжээ. Улмаар элэгний баруун дэлбэнг 14х8 см том үүсвэртэй хамт тайрах хагалгаа хийсэн байна. Өвчтөний биеийн байдал сайжирсан ба өчигдөр эмнэлгээс гарсан байна.

Categories
мэдээ нийгэм

Умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах чиглэлд ажиллана

Умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах 2018-2021 онд хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан шуурхай зохицуулалтыг хангах зөвлөл өнөөдөр хуралдлаа.

ЭМЯ-ны харьяа ХСҮТ, НЭМҮТ, төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцож, үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн талаар ярилцсан юм.


Энэ үеэр ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн, Умайн хүзүүний хорт хавдрын тусламж үйлчилгээнд ХПВ-ийн хурдавчилсан тестийг нэвтрүүлэх төслийг танилцуулав. Мөн Умайн хүзүүний хорт хавдар буюу өмөн нь эмэгтэйчүүдийн дундахь тархалтаараа ходоод, арьс, хөхний өмөнгийн дараа дөрөвт ордог өвчин. Умайн хүзүүний өмөн нь умайн хүзүүг бүрхэж байгаа хэвийн эсээс үүссэн хорт хавдар юм. Жил бүр энэ өвчнөөр 600000-аас дээш тооны эмэгтэйчүүд өвчилж байна. Тиймээс эрүүл мэндийн яамнаас өвчлөл, нас баралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулахаар болж байна.


Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такеши Касай-тай уулзав

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица нар Япон улсын Токио хотноо болж буй Ази, Номхон далайн орнуудын “Нянгийн тэсвэржилт-Нэг эрүүл мэнд” олон улсын бага хуралд оролцох үеэр ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такеши Касай-тай уулзлаа.
Уулзалтын эхэнд Сайд Д.Сарангэрэл ДрТакеши Касай-д ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирлаар томилогдсонд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Үүний дараагаар Монгол улсын Засгийн газар ДЭМБ-ын бодлого, хөтөлбөрүүдийг тууштай дэмжин, өөрийн улсын онцлогт тохируулсан үндэсний олон хөтөлбөрийг боловсруулан, амжилттай хэрэгжүүлж ирснийг дурьдаад Монгол Улсын Засгийн газар-ДЭМБ-ын 2017-2021 оны Хамтын ажиллагааны стратегийн тэргүүлэх 3 чиглэл болох Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүх нийтэд хүртээмжтэй байлгах эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, Нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрүүдийг цогцоор нь хэрэгжүүлж, хүн төвтэй байх зарчмыг баримтлах, Эрүүл мэндийн асуудлыг төрийн бүх бодлогод тусгах замаар Монгол Улсын хүн амын эрүүл мэнд, сайн сайхан байдлыг баталгаажуулах асуудлуудыг удирдамж болгон, түүний хүрээнд үйл ажиллагаанууд хэрэгжиж байгааг мэдэгдлээ.

Түүнчлэн ДЭМБ-ын тасралтгүй дэмжлэг туслалцаа, нягт хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улсад нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж эрс нэмэгдэж байгааг тэмдэглэн хэлж, нийгмийн эрүүл мэндийн асуудлыг бодлогын түвшинд, салбар бүрийн шийдвэр гаргах түвшний төлөөллүүдтэй хамтран ажиллах замаар эрүүл мэндийн салбарынхаа бодлогыг бүх салбарт тусгах чиглэлээр ажиллаж байгаагаа мэдэгдэв.
Үүний дараагаар Др. Такеши Касай Монгол Улсад хийж хэрэгжүүлж буй ажлуудыг сайшааж, ялангуяа Монгол Улсын Засгийн газраас батлан улс орон даяар хэрэгжүүлж байгаа “Элэг бүтэн Монгол” Үндэсний хөтөлбөр нь дэлхий нийтэд шилдэг туршлага болж байгааг хэллээ.
Уулзалтын явцад талууд дээрх болон бусад чиглэлүүдээр дэлгэрэнгүй харилцан ярилцаж, ДЭМБ-ын НДББ-ийн захирал Др.Такеши Касай 2019 оны 6 дугаар сард Монгол Улсад хийх айлчлалын үеэр хамтран хэрэгжүүлж буй үйл, ажиллагаа, арга хэмжээг газар дээр нь үзэж танилцах боломж олдоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Нянгийн тэсвэржилт-Нэг эрүүл мэнд” олон улсын бага хуралд оролцож үг хэллээ

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Япон улсын Токио хотноо болж буй Ази, Номхон далайн орнуудын “Нянгийн тэсвэржилт-Нэг эрүүл мэнд” олон улсын бага хуралд оролцож байна.

Тэрээр хурлын нээлтэд хэлсэн үгэндээ Монгол Улсын хувьд 2017 oнд Нянгийн тэсвэржилттэй тэмцэх үндэсний төлөвлөгөө баталж, салбар хоорондын зохицуулах зөвлөл байгуулсан юм. 2018 онд ДЭМБ-аас анх удаа антибиотикийн хэрэглээний судалгаа хийхэд бүсийн зургаан орноос Монгол Улсын антибиотикийн хэрэглээ өндөр байгаа нь тогтоогдсон.

Антибиотикийн хэрэглээ өндөр байхад манай улсад нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйл байна. Улирлын чанартай томуу, томуу төст өвчний үед ард иргэд эмчийн заавар зөвлөгөө авахгүйгээр өөрсдөө дур мэдэн антибиотикийг замбараагүй хэрэглэсээр ирсэн нь нэн тэргүүний шалтгаан болж байна. Мөн хүн амын дунд амьсгалын замын болон шээс бэлгийн замын халдвар өндөр байна. Үүний зэрэгцээ сүрьеэгийн халдвар буурахгүй байгаа нь нянгийн тэсвэржилт нэмэгдэхэд нөлөөлж байна.

Гэхдээ 2015 оноос хойш манай улс ДЭМБ-тай хамтран антибиотикийн талаарх мэдлэг хандлагыг дээшлүүлэх дэлхийн долоо хоногийг тасралтгүй зохион байгуулдаг болсон нь антибиотикийн зохисгүй хэрэглээний тогтсон хандлагыг өөрчлөхөд хувь нэмрээ оруулсан юм.

Өнгөрсөн жил дэлхийн энэ өдрийг тэмдэглэхэд эмийн сангууд жоргүй антибиотик олгох явдал 40 хувиар буурч, иргэд жоргүй авах гэж шаардах хандлага ч буурсан байлаа. Эмч нар ханиадтай хүүхэд,тэр дундаа насанд хүрэгчдэд гол төлөв антибиотик бичдэг байсан дадал хэвшлээсээ салж эхэлсэн юм. Энэ нь тогтвортой сургалт явуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэл, сурталчилгаа явуулсны үр дүнд тодорхой ахиц дэвшил гарсан гэж бид үзэж байгаа. Түүнчлэн антибиотикт тэсвэржсэн лабораторийн илрүүлэлт,тандалт судалгааг сайжруулж, чадавхийг нэмэгдүүлсэн. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр нян судлалын лабораториудыг олон улсын жишигт хүргэж орчин нөхцөл, тоног төхөөрөмж, хүний нөөцийг бүрдүүлж чадлаа. Бид өнгөрсөн онд эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгож буй эмэнд цахим жорыг нэвтрүүлснээр антибиотикийн жор бичилт, хэрэглээнд хяналт тавих, зохистой хэрэглээг төлөвшүүлэх таатай боломж бүрдэж эхэлсэн юм гэлээ.