Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Энхсайхан: Ерөнхийлөгч маань Элчин сайдуудыг татаж, томилохдоо гуравдагч хөршүүдээ холдуулаад байх шиг

Түрүүч нь №036(6137) дугаарт

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Ерөнхий сайд асан М.Энхсайхантай ярилцлаа.


-Таныг Шведэд суух элчин сайдын албанаас эргүүлэн татсан. Ямар шалтгаанаар эргүүлэн татсан бэ гэсэн асуулт өнөөдөр ч олны анхааралд байна?

-Одоогийн Ерөнхийлөг-чийн сонгууль болохоос өмнө намайг элчин сайдаар томилчихсон байсан. Шведийн Стокгольм хотоос Скандинавын таван орныг хамаардаг элчин сайдын алба л даа. Би Шведийн хаанд, Эстонийн ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ барьчихаад бүрэн эрхтэй элчин сайдын үүрэгт ажлаа гүйцэтгэж байсан юм. Энэ зуур Ерөнхийлөгчийн шинэ сонгууль болоод Х.Баттулга төрийн тэргүүн болсон. Элчин сайдаас татах асуудлын тухайд яг нарийндаа энэ хүний хувийн тооцоо байх. Түүнийгээ үндэслэлтэй болгох гэж хууль хяналтынханд элдэв шалгалт хийх даалгавар өгч байсан. Энэ тухай дэлгэрэнгүй яривал тэр чигээрээ шог үзэгдэл. Х.Баттулга М.Энхсайхан гэдэг хүнтэй тооцоо хийж болно. Гэвч Ерөнхийлөгч нь элчин сайдаа эгүүлэн татах нь улс орнуудын харилцаанд буруу ойлголт өгөх эрсдэлтэй. Миний санаа зовж суусан асуудал энэ л дээ. Томилсон элчин сайдаа эргүүлж татах гэдэг бол зөөлхөн хэлэхэд гоё харагддаг үйлдэл биш. Намайг Норвегид итгэмжлэх жуухаа барих гэж байхад жуух бичиг битгий бариул гэсэн үүргийг шинэ Ерөнхийлөгчийн зүгээс Гадаадын хэргийн яаманд өгсөн юм билээ. Нэгэнт бодлого нь тийм бол гээд жуух бичиг барих ажлаа хойшлуулаад байсан юм.

-Элчингээр томилогдсон хүн тодорхойгүй шалтгаанаар жуух бичиг өргөн барих ажлаа хойшлуулж болохгүй байх. Улс төрийн нөхцөл байдал энэ тэр гээд болсон процессийг хэлсэн үү, эсвэл өөр тайлбар тавьсан уу?

-Монголоо буруу ойлгуулчихгүйн тулд элдэв шалтгаан тайлбар хэлж байсан л даа. Монголын улс төрийн өрнөл, шалтгааныг тайлбарлалтай биш. Норвегийн хааны ордноос надад хандаж итгэмжлэх жуух бичгээ бариач гэж гурван удаа захидал ирүүлсэн. Монголоо эвгүй байдалд оруулахгүйн тулд гурван удаа техникийн бололцоогүй гэх мэт тайлбар хэлж татгалзсан. Эцэстээ байдлаа хэлж ойлгуулаад ирсэн.

-Улс орнуудын гадаад харилцаа талаас харвал ямар нэг үндэслэлгүйгээр элчин сайдыг эргүүлэн татах асуудал байж болохгүй биз дээ?

-Голчлон харилцаа хүйтрэх, хурцадахаар л элчингээ татаж байгаа харагддаг шүү дээ. Швед, Скандинавын орнуудад олон монгол бий. 8-9 мянган монгол иргэн амьдардаг. Европын орнуудаас монголчууд хамгийн олноороо амьдардаг нь Герман. Дараа нь Швед, Скандинавын орнууд ордог юм. Нэгэнт шинэ Ерөнхийлөгч дургүй, ажил боомилж байгаа юм чинь Монголдоо буцъя гэж бодсон. Гэхдээ Монголынхоо талаар зөв ойлголт өгчихөөд буцах ёстой гэж харсан. Ямар ч тохиолдолд тэнд амьдардаг иргэдийн эрх ашиг хөсөрдөхгүй байх нь чухал. Тэр талаас нь хандсан.

Энэ зуур элчин сайдыгаа татах шийдвэрээ төр хууль ёсныхоо хүрээнд гаргахыг хүлээж суусан. Төдий удалгүй УИХ-аас элчин сайдаа татах шийдвэр гарсан ч Гадаад харилцааны яам эцсийн хариуг хэлэхгүй яваад байсан л даа. Сүүлдээ би Гадаад харилцааны сайдад мессэж илгээж, хугацаагаа өөрөө товлож “Ажлаа өгөөд явж очъё” гэсэн. Тэгээд өнгөрсөн жилийн наймдугаар сард ирсэн юм. Элчин сайд нар буцахдаа итгэмжлэх жуух бичиг барьсан орнууддаа яагаад буцах болсон, юу үлдээсэн тухайгаа тайлбарласан уулзалтууд хийдэг юм билээ. Би тийм уулзалт хийгээгүй. Учир нь надад тайлбарлах зүйл байгаагүй. Тийм учраас дипломат шугамаар “Намайг эргүүлэн татаж байна” гэсэн утгатай захиа бичээд ирсэн.

-Шведэд өнөөдөр ч Монголыг төлөөлсөн элчин сайд байхгүй. Тэнд амьдардаг монголчууд өөрсдийг нь төлөөлсөн элчин сайдгүй удаж байна шүү?

-Би Шведэд очоод итгэмжлэх жуух бичгээ харьцангуй хурдан барьсан учраас жил хагас элчин сайдтай байсан гэж хэлж болно. Норвеги, Дани, Финланд зэрэг улсуудад Монголыг төлөөлсөн элчин сайд байхгүйгээр бараг дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Миний дараа томилогдож очсон хүн нь төдий л удаагүй буцаад ирсэн. Тийм учраас Монгол Хойт Европын орнуудад элчин сайдгүй байгаа. Би болсон явдлыг арай том өнцгөөр харахыг эрмэлзэж байгаа. Хийсэн дүгнэлтээ хэлье. Өнөөгийн Ерөнхийлөгч маань Монгол Улсыг гуравдагч хөршүүдтэй нь тааламжгүй хүйтэн харилцаатай болгох гэсэн юм боловуу л гэж бодсон.

-Гуравдагч хөрштэй тогтоосон харилцаагаа элчин сайд нараа татах хэлбэрээр үймүүлээд байна уу гэдэг сонирхож тавих ёстой асуулт байна. Яагаад тэгж бодоход хүрэв?

-Миний өмнө Англид ажлаа хийж байсан С.Баярыг дуудсан. АНУ-д элчин сайд томилохгүй удааж гацаасан. Японыг мөн л удаасан. Тэрнээс ч дутахгүй Европод хамгийн чухал хойд Европын орнуудад тавьсан элчин сайдаа татсан. Энэ бүгдийг багцлаад том бодлогын хэмжээнд харвал манай улсын гуравдагч хөрш рүүгээ хандсан харилцааг муутгах гэсэн алхам шиг харагдаад байгаа юм.

-Тэгж харагдахаар юм байна…?

-Харагдахаар барах уу, би дотроо тэгж анзаарчихаад Монгол маань буруу харагдчих вий гэж санаа зовсон байдлаар ажилласан. Тэгж харагдуулахгүйн тулд ажлаа хэл амгүй өгсөн юм. Элчин сайдыг татах томилох асуудал дээр Монголын дотоод улс төрийг би хувьдаа ойлгоно. Юу ч болсон төрийн шийдвэр гээд дагах нь гарцаагүй. Гэхдээ гадаад ертөнцөд гуравдагч хөршийн эсрэг хандаад байна уу даа гэсэн ойлголтыг манайхан бараг төрүүлсэн байж магадгүй. Тэнд оршин амьдардаг монгол иргэдэд алсдаа сөргөөр битгий тусаасай гэж бодож байна.

-Та Шведэд очоод ажлаа бүрэн эрхийнхээ хүрээнд хийгээд эхэлсэн гэж ярилаа. Хойд Европын орнуудтай ингэж тэгж хамтарна гэсэн ажлын зургаа гаргачихсан байсан уу?

– Шинэ асуудлуудыг өдөөд, яриад явж байсан. Жишээ нь, хойд Европын Швед гэж орон жилдээ бараг тэрбум ам.долларыг олон улсын тусламжийн хүрээнд олон оронд өгдөг. Тэр тусламжийн шалгуурыг нь Монгол давсан учраас хасагдсан л даа. Монголчуудад биеэ даах чадамж нь суусан гэж үзээд хассан юм. Гэхдээ миний сая хэлсэн тэрбум ам.долларын 200 сая нь ардчиллыг дэмжих тусламж. Миний зүгээс “Эдийн засгийн үзүүлэлтээрээ манай улс танай тусламж олгодог хэмжүүрээс ахисан нь үнэн. Гэхдээ нэг зүйлийг анхаараач. Монгол Улс Орос, Хятадын дунд арал болж үлдсэн чөлөөт орон. Ардчиллын төслүүдийг дэмжсэн хэвээр урагшлах шаардлага бидэнд байна. Манай улсад болж буй үзэгдлийг анзаарвал хоёр хөршийнхөө авторитар нөлөөнд автах хандлага багагүй бий. Ардчилал өндөр хөгжсөн танайх шиг улсуудаас суралцах шаардлага Монголд байгаа. Тэр тусмаа Үндсэн хуулийн хүрээнд эрх мэдлийг тэнцвэржүүлэх, харилцан хяналт тавьдаг арга зүйн талаас сурах заалгах эрэлт үүссэн” гэж хандсан. Найрсгаар хүлээж авч судалж байсан байх.

Швед маш том ойн аж ахуйтай. Ой нь улам бүр ихэсч байгаа учраас ойн цэвэрлэгээ сайтай. Монгол газар нутаг томтой учраас ой ихтэй. Гэхдээ ойн цэвэрлэгээ байхгүй. Дэлхийн дулаарлаас болоод манай ой сөнөх байдалтай яваа. Ойн аж ахуйд туслалцаа үзүүлээч, хамтраач гээд яриа эхлүүлээд явж байсан. Данид “Нүүдэлчин Монгол” үзэсгэлэн зохион байгуулахад оролцсон. Тэр талаар pax­mongolica.org сайтад бий. Монголын тусгаар тогтнолд даничууд ямар үүрэг рольтой байсан тухай миний хувийн ажиглалт ч байгаа. Норвегид итгэмжлэх жуух бичгээ бариагүй ч дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тэмдэглэж, Ослод “Чингисийн хүүхдүүд” гэдэг монгол киноны нээлтийг хийсэн. Европт нээлтээ хийсэн анхны монгол кино болсон юм. Эргээд харахаар богино хугацаанд бага боловч ач холбогдолтой ажлууд амжуулжээ.

-Ерөнхийлөгч Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн дээр Таван толгойн гэрээ байгуулах ажлын зохион байгуулагч нь Ц.Элбэгдорж, хэрэгжүүлэгч нь М.Энхсайхан, Таван толгой төслийг хийхдээ гадныханд 100 жилээр үнэгүй өгөх гэж байсан гэж мэдэгдсэн. Энэ талаар та байр сууриа илэрхийлээгүй байгаа…?

-Х.Баттулга Ерөнхийлөгч асуултандаа таны хэлснийг дурдаж, шалгаж өгөөч гэсэн асуудлыг прокурорт гаргаж байгаа харагдсан. Х.Баттулга гомдол гаргахдаа Прокурорын байгууллагын Удирдах ажилтны индэрийг ашиглалаа. Ерөнхийлөгч гомдол гаргахдаа би иргэнийхээ хувьд гэж хэлж байна лээ. Иргэд гомдол гаргахдаа хэзээ ч төрийн байгууллагын индэрийг ашиглах бололцоогүй. Энэ бол Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн хууль, Авлигатай тэмцэх хуульд заасан албан тушаалаа хэтрүүлэн хэрэглэхийг хорьсон заалтад илтэд харшилсан үйлдэл болсон. Эрх зүйт төр хэвшсэн соёлтой оронд бол хуулийн байгууллагаас анхааруулга, сануулга авахаар үйлдэл. Дээр нь прокурорын шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах үйл хэрэгт хөндлөнгөөс оролцохыг тас хориглосон Прокурорын тухай хуулийн заалтад нийцэхгүй хууль бус буруу жишиг байлаа. Яг үүнтэй адилхан үйл явдал АНУ-д болоход хууль хяналтын байгууллага нь ерөнхийлөгч Трампын багийнханд хууль зөрчих үйлдэл рүү орж байна шүү гэж анхааруулж байсан. Бусдаас суралцахад гэмгүй гэж бодож байна. 100 жилээр үнэгүй өгөх гэж байсан гэх мэдэгдлийн тухайд худал гүтгэлэг хийсэн. Тухайн үед боловсруулсан төслүүдийг эргэж харвал 100 жил гэсэн үг хаанаас ч олохгүй. Үнэгүй гэсэн үг хайгаад ч байхгүй. Хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа нь төсөлд зааснаар гучин жил. Сунгалтын тухайд зөвхөн Монголын тал буюу 30 жилийн дараахь тухайн үеийн Засгийн газрын шийдвэрээр хийгдэх асуудал байсан.

-Засгийн газар гэрээг сунгахдаа тодорхой нөхцөлүүдийг харна гэж байл уу?

-Тийм, Засгийн газар гэрээг сунгахын тулд тодорхой нөхцөлүүд биелэгдсэн эсэхийг шалгаж байж шийдвэрээ гаргах байсан.

-Ямар нөхцөлүүд байсныг сонирхуулаач?

-Төслийн компани Таван толгойн бүс нутагт жилд 30 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадал бий болгох, боловсруулсан баяжмалаа хоёроос доошгүй гадаад улсын зах зээлд борлуулсан байх, “Эрдэнэс Таван толгой”-д хамтын ажиллагааны төлбөр төлсөн байх үүргээ биелүүлсэн эсэхийг нь харна гэж гэрээнд тусгасан байсан. За тэгээд “Чалко”-д төлөх өрийг дуусгах, “Эрдэнэс Таван толгой”-н үлдэгдэл өрийг барагдуулах, Таван толгой – Гашуунсухайтын төмөр замыг барих гэх мэт үүргээ биелүүлсэн эсэхийг харж байж хугацааг нь сунгах эсэхээ шийдэх эрх Засгийн газарт байсан. Би хувьдаа Ерөнхийлөгч дээрх төслийг уншиж үзээгүй гэдэгт 100 хувь итгэдэг болчихоод байгаа. Ийм энгийн юмыг ярихаасаа өмнө шалгачих хэрэгтэй. Гэхдээ юм унших дадал бөх барилдахаас дутахгүй хөдөлмөр шаарддаг гэдгийг ойлгож байна. Ингэж л хэлмээр байна. Бас нэг зүйлийг онцолмоор байна. Х.Баттулга Таван толгой төслийг хоосон улс төржүүлэхдээ өмнөх Ерөнхийлөгчөө буруутгахыг зорьсон байх. Өөрийгөө өндөг шиг өөгүй хүн гэж харуулах нь популистуудын толгойны өвчин гэж улс төр судлаачид онцолдог. Сайн найз явсан, Ерөнхийлөгч байсан хүнийг муу, муухайгаар дуудах нь популист сэтгэлгээний үр хөврөл л дөө. Ийм популист сэтгэлгээнээс Х.Баттулга Ерөнхийлөгч холдож чадахгүй яваа нь олон үйлдлээс нь харагдаж байна. Үүнийг анхааралдаа авах хэрэгтэй байх. Таван толгой төслийг хийж байхад Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч надад зааж зааварласан зүйл огт байхгүй.

-Ц.Элбэгдорж, М.Энхсайхан хоёрыг шалгуулах гэж 178 хуудас баримт өгсөн гээд байгаа нь ямар учиртай юм бол?

-Ц.Элбэгдорж саяхан Х.Баттулгад хандаж прокурорт өгсөн 178 хуудас гомдлоо ил болгочих гэсэн байна лээ. Бодоод байх нь ээ би өмнөөс нь ил болгох юм шиг байна. Таван толгойн гэрээ 178 хуудастай юм билээ. Тийм өчүүхэн юм ярьж болохгүй л дээ. Иймхэн асуудлаар өмнөх Ерөнхийлөгч болон ажил нугалсан хүнийг буруутгаж, гомдол тавиад яваа нь Монголд өрнөж буй эмгэнэлт үзэгдэл.

-Ерөнхийлөгч прокуроруудын зөвлөлгөөний үеэр “Эрдэнэс Таван толгой улсын төсөвт 500 тэрбум төгрөг төллөө. Ийм ашигтай бизнесээ хятадуудад өгөх гэж байж” гэсэн утгатай зүйл ярьсан. Таны ажилласан гэрээ УИХ-аар батлагдсан бол хэр ашиг өгөх байсан бэ?

-Ерөнхийлөгчийг тэгж хэлсний дараа хэрвээ Таван толгой төсөл хэрэгжсэн бол гээд тооцоог нь хийж үзсэн л дээ. Нэг их наяд 250 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулах байсан юм билээ. Энэ бол зөвхөн төсөвт өгөх мөнгө нь. Дээр нь төмөр замтай болж, жилд 30 сая тонн нүүрс боловсруулах үйлдвэр барьж, байгаль орчны бохирдлыг эрс багасгаж, 1072 хувьцааг амилуулах байсан. Үүнээс гадна төмөр зам барьж байна гээд “овоолсон шороо”-ныхоо мөнгийг төслийн компаниар төлүүлэхээр байсан. Х.Баттулгын учруулсан хохирлыг Х.Баттулга төлөхгүй нь ойлгомжтой. Харамсалтай нь төсөл бүтээгүй л дээ.

“Эрдэнэс Таван толгой”-г муулж байгаа юм биш. Энэ компани өнөөдөр хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа. Ордыг сорчлон ашиглаж байна. Ашигт малтмалын хуульд “Сорчлон ашиглахыг хориглоно” гэсэн заалт бий. Сорчилж ашиглахын хамгийн том аюул нь Таван толгойн ордын насыг богиносгоно. Ордын ерөнхий үнэлгээ унана. Ерөнхийлөгч нь ийм юмыг ойлгохгүй яваа нь харамсалтай. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг шат дараатай цацна. Хэн нэгэнтэй хэрэлдэх гэсэндээ биш. Алдаан дээрээ суралцах ёстой гэдэг үүднээс мэдээллүүдийг ил болгох хэрэгтэй юм байна гэж бодсон шүү.

-Таван толгойн гэрээг УИХ буцаасан үйл явдлыг олонх “УИХ-ын дарга аргагүй зоригтой байлаа. Хятадуудад зарах гэж байсан Таван толгойгоо аваад үлдлээ” гэж олзуурхаж алга ташсан. Тэр үед яг ямар процесс өрнөсөн юм бэ?

-Би ажлын хэсэг ахалсан, Засгийн газрын өмнөөс гэрээ хийж яваа сайд л байлаа шүү дээ. УИХ-ын даргыг үг хэлж байхад эсэргүүцэж тайлбар тавих хэмжээний албан тушаалтан биш гэж хэлэх гээд байна л даа. Тэгэх хэмжээний албан тушаалтан нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг байсан. Ч.Сайханбилэг тайлбар тавих ажлаа хийгээгүй. Миний хувьд хийсэн бүх ажлаа засагт тайлагнаад, гарын үсэг зурах хэмжээнд хүргэснээ хэлсэн. Тэр үед би З.Энхболд, Ч.Сайханбилэг гэдэг нэг намын улс хоорондын зөрчилд оролцох шаардлагагүй гээд дуугүй суусан. Одоо тэр цагаас хойш таван жил өнгөрч. Мэр сэр дуугарна гэж бодож байна.

-Та 2020 онд УИХ-д нэр дэвших үү?

-Тийм бодол алга.

-Таныг Ерөнхий сайдаар ажиллах хугацаанд хамгийн либерал гэгддэг Ашигт малтмалын хууль батлагдсан, үр дүнд нь Оюу толгойг олсон, гадаадын хөрөнгө оруулалт огцом өссөн, уул уурхайн boom гэж хэлж болох үзэгдэл бий болсон. Орон сууцыг хувьчилсан, ажлын өдрийг тав болгосон, импортын татварыг тэглэсэн, үр дүнд нь эдийн засаг тэлсэн, бизнес хөгжсөн. Энэ мэт реформын олон шинэчлэл хийсэн. Үүнийг л хийж чадаагүй дээ гэсэн харамсал байдаг уу?

-Надад харамсах юм байхгүй. Буцаад Монгол маань буруу тийшээ олон удаа алхсанд харамсдаг. Урагшлуулах гээд хөвчийг нь хэт хүчтэй татсанаас болсон байх гэж заримдаа боддог юм. Аливааг зөв чиг рүү сайн хийх тусам ойлгоогүй улсууд буцаагаад чангаахдаа

хэтэрхий хорлонтой татдаг юм билээ л дээ. Ингээд бодохоор шинэчлэлийг аажуу хийх ёстой байсан ч юм шиг. Гэхдээ аажуу хийсэн бол бүр замрах эрсдэлтэй нүүр тулсан байхыг үгүйсгэх аргагүй.

-1992-1996 оны Засгийн газрыг хамгийн тогтвортой гэж ярьдаг. Нөгөө талд хамгийн унтаа, шинэчлэлийг урагш-луулаагүй засаг гэсэн шүүмжлэл дуулддаг. Шинэчлэлийг алгуурлуулсан гэдэгтэй нь та санал нийлэх үү?

-Алгуурлуулахаар барах уу, таг зогсоочихсон. Тэр үед би “Алдагдсан цагийн өртөг” гэсэн нийтлэл бичиж хэвлүүлж байсан юм. Гэхдээ буруутгаад хэрэггүй л дээ. Шинэ хуучны зөрчил хурцадсан цаг байсан. Хуучны төлөөллийн хамгийн шилдэг арга нь гацах. Шинэ рүү явах чадахгүй юм чинь тэгэхээс ч аргагүй.

-Олзуурхмаар нь ухраагүй гэж үү?

-Яг үнэн. Ухраагүй.

-Дэлхий рүүгээ харж байж алхахаас аргагүй болчихлоо л доо. Тэр дундаа эдийн засгийн харилцаан дээрээ таны хэлдгээр ертөнцийн хандлагыг анзаарах зайлшгүй хэрэгцээ үүсчихсэн. “Блүүмбэрг” дэлхийн ДНБ 2006 оныхоос уруудаж түүхэн доод хэмжээ рүү уналаа гэж байна. Худалдааны дайны нөлөө юу?

-Болж байгаа үзэгдлийн орой нь Америк, Хятадын маргаан. Дэлхийн эдийн засаг талаас харвал АНУ, Хятад бол нэг, хоёрт жагсдаг том эдийн засгууд. Тэдний хоорондын зөрчилдөөнөөс бүх асуудал, дэлхийн зураглалуудыг харах хэрэгтэй болох байх. АНУ, Хятадын зөрчил тийм амар шийдэгдэхгүй. АНУ Хятадын хооронд маргаантай асуудал олон ч том асуудал нь бүтцийн өөрчлөлт хий гэж Хятадыг шахаж байгаа явдал юм. Бүтцийн өөрчлөлт гэж юу болохыг хүмүүс сайн мэдэхгүй байж магадгүй. Бүтцийн өөрчлөлтөд нь 100 гаруй гомдол багтаж байгаа гэдэг юм. Хятад улсыг зах зээл дэх төрийн оролцоогоо зогсоо гэсэн л дээ. Урд хөрш төрийн оролцоогоо зогсоох уу.

-Зогсоохгүй гэх байлгүй.

-Зогсоохгүй гэж яваад өөрөө унахыг үгүйсгэхгүй. Болж буй үзэгдлийг урт хугацаагаар дүгнэвэл Хятад өнөөдөр уналтын байдал руу орчихсон. Орос ч ялгаагүй. Тэгэхээр дүр зураг тун эвгүй байгаа.

-Тэгэхээр худалдааны дайн дуусах цаг мөдгүй гэсэн үг үү?

-Хэлэлцээрүүд амжилтгүй болоод байна л даа. Энэ долоо хоногт ч хэлэлцээр үргэлжилнэ. Үр дүнд хүрэхгүй байгаа учраас хоёр тал хэлэлцээрийн хугацааг сунгах хүсэлтээ илэрхийлсэн. Ирэх сарын нэгэнд уулзах учиртай. Хэлэлцээрээ Америк 60 хоног, Хятад 90 хоног сунгаж магадгүй гэсэн яриа хөөрөө бий. Гэхдээ гуравдугаар сарын нэгэн болоогүй учраас хараахан тохиролцоонд хүрээгүй байна.

Нэг өнцгийг онцолъё. Өмнө нь хоёр тал маргалдаж бие биедээ тариф тогтоож худалдааны дайн хийж байсан. Тарифтай дайн нь бусад улсад нэг их сөргөөр нялзсан юмгүй. Гэтэл одоо болж буй үзэгдэл арай өөр. Хэрвээ энэ байдал даамжирвал бусад оронд сөрөг үр дүн нь нялзана. Хятад санхүүгийнхээ хувьд Америкаас өгөх цохилтыг зөвхөн өөр дээрээ авах биш бусад улстай хуваалцахын төлөө явах байлгүй дээ. Тэгэхээр бидэнд ч тойруу замаар цохилт өгч магадгүй гэж харах ёстой. Тийм амархан шийдэгдэхгүй. Хэцүү.

Америк Хятадын хоорондын маргааны өөр нэг том асуудал бол “Made in China 2020” гэсэн хөтөлбөрөөс үүдэлтэй. Үүнийг нь манайхан мэдэж байгаа болов уу?

-Олонх нь анзаарахгүй яваа байх аа?

-Товчдоо Хятад улс 2020 он гэхэд бүх зүйлийг хийдэг болно гэсэн хөтөлбөр. Өндөр технологийн бүх үйлдвэрлэлийг хийнэ гэж байгаа. Тэгэхээр “Made in China 2020” хөтөлбөр олон орныг өөрийн үйлдвэртэйгээр урагшилж хөгжих бололцоогүй болгоно. Үйлдвэрлэгч байх боломжийг нь хаана гэсэн үг. Хааж ч байна. Хятадын энэ хөтөлбөр бүрэн хэрэгжвэл Солонгос, Японы өчнөөн үйлдвэр дампуурна. Монголд үйлдвэр сайн хөгжөөгүй. Гэхдээ үйлдвэрлэл хөгжүүлэх боломжууд бий. Бидний өмнө байгаа шинэ боломжууд Хятадын энэ хөтөлбөрөөс болж хаагдах өндөр эрсдэлтэй. “Бүх дэлхийд хийдэг, хэрэглэдэг бүтээгдэхүүнийг яахаараа зөвхөн Хятадад хийнэ гэж. Бүх улс Хятадаас худалдан авалт хийнэ гэж юу байдаг юм. Тэгж болохгүй” гэсэн зөрчил, маргаан л болж байна. Хятадад яагаад ийм боломж бий болчихов гэсэн асуулт тавигдаж таарна. Хятадын төрийн оролцоо энэ улсад тийм боломж, давуу тал өгсөн. Төрийн оролцоо зах зээлийг жам ёсоор нь, өрсөлдөөнтэйгөөр хөгжүүлдэггүй юм. Төрийн компаниудаар дамжуулж зах зээлийг дарамталж яваа учраас зах зээл унаад байна л даа.

Маргааны өөр нэг том сэдэв нь оюуны өмч хулгайлдаг асуудал. “Made in China 2020” хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэж оюуны өмч хулгайлж байгаа хэрэг л дээ. Маргаан хийх гэхээр хятадууд “Бид ямар толгойд нь буу тулгаад технологийг нь авсан биш дээ” гэдэг юм.

Америкийн компаниуд хямд ажиллах хүч гээд Хятадад бизнес хийдэг. Хямд ажиллах хүчин дээр ашиг хийх гэж очсон улс өөрийн эрхгүй оюуны өмчөө шилжүүлчихдэг. Ийм шалтгаанаар хоёр улсын дунд энэ асуудал дээр том зөрчил үүсч байна.

-“Галзуу баян Азиуд” гээд орлогоороо тэргүүлсэн киноны продюсер нь Оюу толгойг нээсэн “Айвенхоу майнз”. Уул уурхай л хөрөнгө оруулах ашигтай салбар гэсэн ойлголт моодноос гарч эхэлсний нэг жишээ гэцгээж байна. Улс орнууд хөрөнгө оруулалт татах ширүүн өрсөлдөөнд орсон, ашигт малтмалын их нөөцтэй улсад доллар хүссэн хүсээгүй орж ирнэ гэсэн хандлага үеэ өнгөрөөсөн гэдэгтэй та санал нийлэх үү?

-Хөрөнгө оруулалт урсамтгай болсон. Өмнө нь нэг газарт хөрөнгө оруулаад арав, хорин жил ажилладаг, оруулсан хөрөнгө оруулалтаа хамгаалах гэж зүтгэдэг байсан. Тэр хандлага өөрчлөгдсөн. Дургүйг нь хүргэвэл хөрөнгөө татаад өөр тийш хийх бололцоо бүрдчихсэн. Дэлхий глобальчлагдсаны л том илрэл.

Ойрын жишээ гэвэл Хятадаас хөрөнгө оруулалт гадагшлах өнгөтэй байгаа. Хямд ажиллах хүчтэй учраас гэсэн шалтгаанаар гадны хөрөнгө оруулагчид Хятадыг сонгодог байсан юм. Гэтэл өнөөдөр ажиллах хүч нь хямдхан биш болсон. Хятад ажилчдын цалин сүүлийн таван жилд хоёр дахин өссөн статистик бий. Хятад улс зам, гүүр, төмөр замын асар их бүтээн байгуулалт өрнүүлсэн. Баахан мөнгө зарж барьсан учраас хөрөнгө оруулалтын зардлаа нөхөх гээд зам, гүүрээр зорчсоны төлбөр гэж авна аа даа. Тэр төлбөр нь Америктай харьцуулахад их. Гадны хөрөнгө оруулагчдын хувьд том зардал. Бараагаа тээвэрлэх зардал нь өсчихөөр хөрөнгө оруулах сонирхол багасчихаж байгаа юм.

-Монгол руу гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа гол шалтгаануудыг нэрлээч гэвэл та юуг онцлох вэ?

-Бодлогогүй, гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөх популизм газар авсан, дэд бүтэцжээгүйг нь онцолно.

-Ингээд харахаар Оюу толгой шиг том төсөл хэрэгжүүлэх цаг мөдгүй нь ээ?

-Мега төсөл хийж сурахаас нааш, мега төслийг ойлгох хүртлээ хэрэгжүүлж чадахгүй. Тогтолцооныхоо хувьд бас хийж чадахгүй болчихоод байгаа юм.

-Том төсөл хэрэгжүүлж эдийн засгаа тэлье гэвэл тогтолцоогоо засахаас аргагүй гэсэн үг үү?

-Тийм

-Тогтолцоогоо засч янзалтал энэ хэвээрээ байх нь гэж ойлголоо?

-Ер нь тийм. Гэхдээ хэвээрээ байж чадах эсэх тухай асуудал бас зовлонтой. Социализмын үед байгуулагдсан цахилгаан станцууд тэтгэвэртээ гарах болчихсон. Буруу хандлагатай учраас шинээр барьж чадаагүй яваа. Техногенний сүйрэлд улам бүр ойртоод байгаа даа.

-Техногенний сүйрэл гэж юуг хэлээд байна?

-Биднээс үл хамаарсан зүйлийг хэлж байгаа юм. Хуучин тоног төхөөрөмж, машин механизм, манайд бол цахилгаан станцууд байна. Манай станцууд хөгширсөн. Хэзээ л бол хэзээ том осол гарах өндөр магадлалтай. Том осол гарлаа гэхэд ямар ч аврал байхгүй.

-Жаахан олзуурхмаар юм байна уу, ер нь?

-Хүн. Монгол хүн хавьгүй нүдээ нээчихсэн. Дундаж хятад, дундаж орос хүнтэй харьцуулбал монгол хүний нүд нээгдсэн. Зөв л ажиллах хэрэгтэй.

-Хөдөө аж ахуйгаа хөгжүүлбэл хоёр хөршдөө бүтээгдэхүүнээ зараад дажгүй амьдарна гэж ярьдаг. Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд яах ёстой вэ?

-Уламжлалт эдийн засаг гэвэл мал аж ахуй л байна. Гэхдээ манай мал аж ахуй хөдөлмөрийн бүтээмж өндөртэй эдийн засаг биш. Хөдөлмөрийн бүтээмж гэдэг чухал ойлголтыг эргэлтэд оруулмаар байгаа юм. Мал аж ахуйн ахуйн хувьд хөдөлмөрийн бүтээмж маш доор.

Орчин үеийн хүнд ойлгуулахын тулд нэг зүйрлэл хэлье.Товчхондоо ан амьтан шиг л зүйл гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Хээр бэлчээд явж байгаа малаасаа үе үе барьж авч идчихээд яваа улс шүү дээ, бид. Ямар нэг таваарлаг зүйл огт хийдэггүй. Мал аж ахуйн дийлэнх нь хонь, ямаа. Нэг хониноос их сайндаа 1.4 кг ноос авна. Бусад улсад үүнээс хавьгүй ихийг авдаг. Бидний хониноосоо авдаг ноос маш бүдүүн. Цаг уур нь ширүүн учраас бүдүүн ноостой хонинууд бий болчихсон. Махны чиглэлийн үхэр байхгүй, тэр чигийг хөгжүүлж чаддаггүй. Яагаад гэвэл малын эрүүл мэнд тун муу. Өвчлөл өндөртэй. Тэр утгаараа хөдөлмөрийн бүтээмж муутай эдийн засаг. Ийм суурин дээр босч чадахгүй л дээ.

Харин уул уурхайгаа түшиж, энэ салбараас олсон орлогоороо уламжлалт мал аж ахуй, газар тариалангаа дэмжиж босгоно илүү бодитой сонсогдоно.

Газар тариалан монголчуудын хувьд шинэлэг үзэгдэл. Жараад онд л анх газар хагалсан. Бид сая 200 мянган га газрыг сарны хөрс болгочихсон улс шүү дээ. Зах зээлд шилжиж байж зарим хэсгийг нь эргэж ашигласан байдалтай яваа. Байгалийн бохирдол үүсгэж, хөрс шороогоо сэндийчиж, үржил шимгүй болгож байж тариагаа бэлдэж суугаа улс шүү дээ. Ийм том үнэ төлж талхаа бэлддэг. Бодит байдлаа ингээд харахаар олон улсын харилцаанд чаддаг юмаа хийж оролцох учиртай. Энэ чиглэлээр хийх ажлууд өчнөөн бий.

Өөрөөр хэлбэл уул уурхайн орлогод түшихээс өөр зам байхгүй. Гэтэл уул уурхайгаа үзэн яддаг сэтгэхүй, хандлага янзаараа байгаа нь харамсалтай санагддаг. Уул уурхайг үнэхээр үзэн ядаад байна уу гэхээр баялгийн сан байгуулъя гэж яриад суух юм.

-Уламжлалт аж ахуй болох мал аж ахуй, газар тариалан нь хөдөлмөрийн бүтээмж муу учраас хүмүүс хотдоо шамбааралдсан гэсэн таны дүгнэлт содон сонсогдсон шүү?

-Хөдөлмөрийн бүтээмж муутай салбараас иргэд хот газар руугаа нүүдэллэдэг л дээ. Байшин барилга нь шавааралдсан, хүн ам ихтэй, эргэн тойрон гэр хорооллоор хүрээлсэн нийслэлтэй болсон шалтгаан ердөө энэ. Өнөөдрийн нийслэлийн зовлон хөдөлмөрийн бүтээмж муутай мал аж ахуйгаа хаячихаад хотод ирсэн хүмүүсээс үүдэлтэй. Хэрвээ тэнд хөдөлмөрийн бүтээмж өндөр, таваарлаг, ашиг өндөр бол хэн ч хот руу нүүдэллэхгүй.

Ийм нөхцөлд хотын бодлого муу хэвээр явбал шавааралдсан хэвээр аж төрнө. Шавааралдана гэдэг утгын цаана эрүүл мэнд, өвчин зовлон, гэмт хэрэг, агаар, хөрсний бохирдол гэсэн асуудал, зовлон бий.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Дэлхийн брэнд KFC Монголын яагуузайд өртжээ

Инээмсэглэсэн, эрвээхэй зангиатай, буурал өвгөний зургийг хараад бид KFC-гийн лого гэж таньдаг болсон. Харленд Сандерс хэмээх эрхэм хэцүүхэн амьдралынхаа туршид хөдөлмөрлөж, олон төрлийн ажил хийсээр эцэст нь цуглуулсан багахан мөнгөөрөө Кентуки мужид төв зам дагуу авто засварын газар нээж үйлчлүүлэгч олонтой болсноор тэдэнд зориулж хоолны жижигхэн гуанз нээжээ. Ингэж л анх KFC гэж бидний мэдэх болсон шарсан тахианы брэндийн үүсэл тавигдаж. Удалгүй хоолны газар нь Кентуки даяар алдаршиж, мужийн амбан захирагч түүнд “Кентуккийн хурандаа“ цол олгож. Тавь гарсан хойноо л бизнесээ эхэлж, жар гарантайд нь түүний өвөрмөц амттай шарсан тахиаг улс даяараа мэддэг болж. Одоо дэлхийн олон оронд 130 гаруй салбар нь бий. Монгол дэлхийн энэ брэндийн франчайзингийн эрхээ авч, 2013 онд нээснээс хойш томчууд төдийгүй залуучууд, хүүхдүүдийн үйлчлүүлэх дуртай газар болов. Үйлчлүүлэгчид эхэндээ ам сайтай, нээлтийн үеэр нь уртаас урт дараалал үүсч байсан цаг өчигдөрхөн мэт. Ингээд байрлал сайтай газруудад салбарууд нэмэгдэв. Иргэдийн гомдол ам дамжин хаа нэг сонсогддог ч энэ удаагийнх шиг ийм олноороо хордож эмнэлэгт ирж байсангүй.

Энэ сарын наймнаас аравны хооронд KFC Зайсан салбараар үйлчлүүлсэн 70 гаруй иргэн хордсон гэж эмнэлэгт хандаж, эхнийх нь тус салбарт үйлчлүүлсэн гэр бүлийн таван хүн байв. Тэд шинжилгээ өгөхөд шигелла буюу гэдэсний суулгат үүсгэдэг нян илэрчээ. Энэ нян бохир хоол хүнс, усаар дамждаг. Мөн хоёр эрэгтэй хүн хамгаалалтгүйгээр бэлгийн харьцаанд орох үед анусаар дамждаг юм байна. Мэдээж хордлоготой ирсэн хүмүүс бүгдээрээ эрэгтэй, тэгээд ижил хүйстэн биш болохоор бэлгийн замаар дамжих магадлал байхгүй. Хордлого авч ирсэн хүмүүсийн дунд хүүхэд олноороо байгааг бас дурдах хэрэгтэй болов уу. Эхний ирсэн хүмүүсийн дараа хордлого авсан хүмүүс олноороо ирсэн бөгөөд эмнэлэг ачаалалаа дийлэхгүй болтлоо нэмэгдэж. Бүгд KFC-гийн Зайсан дахь салбарт тахиа идсэн болж таарлаа. Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газар ч, ХӨСҮТ-ийнхэн ч албан ёсны хариуг одоогоор гараагүй гэж хэлж байгаа. Харин “Таван богд фүүдс” ХХК-ийн маркетингийн албанаас мэдэгдэл гаргаж. Мэдэгдэлд “Олон нийтийн мэдээллийн сүлжээгээр Зайсан дахь салбараар үйлчлүүлсэн иргэд хоолны хордлогод орсон тухай мэдээлэл гарсанд харамсаж байна. Мэргэжлийн байгууллагууд албан ёсны хариу, дүгнэлт гаргасны дараа эргэн мэдэгдэх болно” гэсэн утга бүхий зүйлсийг дурджээ. Харин иргэд хордсонд харамсаж байгаа үг, өгүүлбэр уг мэдэгдэлд байсангүй.

Мэдээж хэн дуртай нь дэлхийд танигдсан франчайз оруулаад ирэхгүй. Нэлээд судалгаа, хөрөнгө хүч зарцуулж оруулж ирсэн байж таараа. Франчайзинг нь хоолны цэс, маркетинг, технологи, стандартаа дамжуулж, эрх өгч байгаа хэрэг. Гэвч KFC–гийн франчайзингийг Монголд ажиллуулж чадахгүй байгаа нь ингэж олон хүн хордсон үйл явдлаас харагдлаа. Юмыг хийж чаддаггүй, стандарт мөрддөггүй, болж л өгвөл бага мөнгөөр их ашиг олохоо л чухалчилдаг, сувдаг сэтгэлтэй монголчуудын араншин ийм л байна. KFC брэндийн эрхийг эзэмшдэг YUM brands жил бүр дэлхийд танигдсан итгэмжит байгууллагыг сонгон улс орон бүрт байгаа KFC ресторануудад шалгалт хийдэг аж.

Гэхдээ тухайн байгууллагад мэдэгдэхгүйгээр гэнэтийн шалгалт хийдэг. Олон улсын хүнсний аюулгүй байдлын бичиг баримт зөвшөөрөгдсөн эх үүсвэрүүд, сав баглаа боодол түүхий бүтээгдэхүүн, бүтээгдэхүүн хамгаалалт, цэвэрлэгээ ариутгал, бүтээгдэхүүний температурын хяналт, хадгалалт, хугацаа, тоног төхөөрөмжийн хяналт, цэвэрлэгээний бодис, шавьж мэрэгчийн хяналт, бохирын систем, сантехник гээд бүгдийг шалгадаг. Энэ бүгд дэлхийн 130 гаруй салбарт нэг стандарттай. Манай улсад 2015 онд ийм гэнэтийн шалгалт явуулж байж. Тэр үед 100 хувийн үнэлгээ авч байсан байх юм. Харин одоо тэр стандартаа мөрдөж байна уу. Хэрэв мөрдсөн бол ийм олон хүн хордох байсан уу. Нээгдээд удаагүй байх үедээ олон улсын шалгалтыг зуун хувийн үнэлгээтэй давж байсан бол 2017 онд Монголын Мэргэжлийн хяналтынхан төлөвлөгөөт шалгалт явуулахад бага эрсдэлтэй гэж гарч байж.

Өөрөөр хэлбэл, огт эрсдэлгүй гэж гараагүй. Үүний дараа 2018 онд дунд эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарчээ. Өнгөрсөн жилийн шалгалтаар дунд эрсдэлтэй гарсан учраас энэ жил их эрсдэлийн шинжилгээ шалгалт явуулах гэж байтал хэрэг мандаж, олон хүн хордчихлоо. Мөн ийм олон хүн хордчихоод байхад Мэргэжлийн хяналтынхан мэдээлэл хийхдээ зөвхөн хордлого гарсан салбарыг л хааж, шинжилж байгаа, бусад салбарт шалгалт шинжилгээ оруулах боломжгүй гэлээ. Нэг үгээр хэлбэл, заавал хүн хордож байж л шинжлэх юм байх. Үүнийгээ Зөрчлийн тухай хуультай холбож тайлбарлана лээ. Зөрчил гарсан газар л шалгалт явуулах ёстой юм гэнэ. Дэлхийн стандартад долоо хоног түүхий эдийг хадгална гэвэл манайхан хөлдүү байсан юм чинь яавал гэж гээд арав хоног, сар ч хэрэглэж чадах л улс. Тахиа шарах тосоо стандартаас гажиж илүү олон удаа хэрэглэж байж магад. Хэмнэж байгаа ухаан нь тэр. Сувдаг шунахай сэтгэл нь зарлага гарахын нэмэр гээд энэ мэтээр хэмнэж өлхөн чадах биз. Монголчууд шуналтай хэрнээ залхуу. Энийгээ хаацайлаад сүртэй шдээ, яагуузай гэх хандлагаа хэнэггүй монгол зан гэж өөгшүүлдэг. Яагуузай гэдэг нь яавал гэж хэмээн үл тоомсорлохдоо хар ярианд хэрэглэдэг үг. Тэрнээс албан ёсны тайлбар толинд байхгүй.

Монголчууд юмыг үнэн сэтгэлээсээ тууштай хийддэггүй. Нэг цайны газар нээж, орц амт сайтай хоол хийж эхэлдэг, үйлчлүүлэгч олон болоод овоо ашиг олж эхлэхээрээ л амт чанар, орц нь багасаад ирдэг. Ингээд л хар аяндаа үйлчлүүлэгч нь цөөрч, дампуурдаг. Гадныхан нэг чанартай юмаа улам чанаржуулна уу гэхээс муутгахгүй. Тиймдээ ч үйлдвэрлэгч нь үе дамждаг шигээ хэрэглэгч нь бас үе дамжин олон зуун жилийг ардаа орхиж, чанартай брэнд болж чаддаг. Бид харин эсрэгээрээ. Дүр эсгэсэн, хайнга, сувдаг сэтгэл нь дээр доор, том жижиг, дунд шатны бүх бизнест илэрнэ. Хэзээ ч анхны амт чанараа хадгалдаггүй. Хэдэн төгрөг олохоо бодохоос хэтдээ яахыг огт төсөөлөхгүй, өнөөдөр л болж байвал маргаашийн ирээдүй огт хамаагүй мэт аягладаг. KFC түргэн хоол атлаа цагийн дараа хоолоо бэлэн болгох нь бий. Рестораны захиалгын хоолноос удаж гардаг түргэн хоол гэж юу байхав. Гэтэл KFC-г үүсгэн байгуулагч Харленд Сандерс жижигхэн хоолны газрын ачаалал ихэсч хамгийн удаандаа гучин минут үйлчлүүлэгчээ хүлээлгэхэд хүрч байсанд санаа зовж, түргэн буцалгагч авч байжээ. Ингэснээр хамгийн удаандаа л үйлчлүүлэгч 15 минут хүлээдэг болсон гэнэ. Мэдээж тэрнээс хойш төгөлдөржин, тоног төхөөрөмж ч сайжирч, дэлхийгээр нэг салбартай болсон нь тодорхой.

Дэлхийн энэ том франчайзингийн нэр хүндийг унагаж байгаа Монголын салбараа хаах хэрэгтэй болжээ. Нэр төрөө хамгаалмаар юм даа, КFС эзэмшигч дэлхийн компани. Дэлхийн брэндэд буруу байхгүй. Дэлхийн брэнд Монголын яагуузайд л өртөж. Стандарт хангадаггүй, хүний эрүүл мэнд, амь насыг үл хайрладаг сувьдаг монгол компаниас эрхээ авч өөр чаддаг компанид нь өгч ажиллуулахгүй бол брэндийн чинь нэрийг хэнэггүй хэсэг монгол шороотой хутгалаа шүү. Гэрээндээ ч бас үүнийг хатуу заасан л байж таараа.


Categories
мэдээ цаг-үе

Аврагчдаас төрсөн анхны гавьяат Ж.Баяртогтохынх

“Танайд өнжье” булан энэ удаа Онцгой байдлын ерөнхий газрын харьяа хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит, цэргийн гавьяаны улаан тугийн одонт Үндэсний аврах бригадын ахлагч, тэргүүн ахлагч аврагчдаас төрсөн анхны гавьяат Ж.Баяртогтохын гэр бүлийг онцолж байна.

Эднийх Хархорингийн уулзвараар хойшоо эргээд явахад холгүй харагдах “Хилчин” хотхонд амьдардаг ажээ.

Биднийг очиход гэрийн эзэн онцгойгийн бор ногоон дүрэмт хувцастайгаа тоссон юм. Хашаандаа хоёр давхар цэвэрхэн байшин бариад төвхнөчихжээ. Хажууханд нь байрлах авсаархан цагаан байшинг зааж энэ манай аавынх гэв. Ж.Баяртогтохынх өнөр айл ажээ. Босгоор алхахад сургууль, цэцэрлэгт ороод ирсэн юм шиг л мэдрэмж төрөх. Байшингийн зүүн хананд байрлах тавиуртаа дүүрэн ном өрчихөж.

Дээхнэ талд нь сийлбэртэй гоёмсог морин хуураа залчихжээ. Гэрийн эзэн тус хуурыг өөрөө урласан талаар сонирхуулсан юм. Мөн амьдарч буй сууцаа ч өөрөө барьжээ.

ОНЦГОЙД ОРСОН ТҮҮХ

Тэрбээр Увс аймгийн Тэс суманд төрж, өсчээ. “Миний нутаг өвөлдөө 40 градус хүртэл хүйтэрнэ, зундаа тэр хэмжээнд хүрч хална. Эрс тэс уур амьсгалтай. Тэсд өссөн хүн тэвчээр суудаг, Тэс нутгаас олон хүчтэй эрс гардаг учир нь ийм.

Аврагч болсон минь ч өссөн газрын байгалийн онцлогтой салшгүй холбоотой” гэж унасан газар угаасан усныхаа талаар Ж.Баяртогтох ярилаа.Түүний аав Б.Жамсран Хилийн цэрэгт 26 жил ажиллажээ. Хил зөрчигчидтэй тулалдаж байсан удаа олон гэнэ. Биедээ гурван сумны шарх авсан ч нөхдийн хамт хил зөрчигчдийг баривчилж ирж байсан удаа Б.Жамсран гуайд бий. Энэ баатарлаг гавьяаг нь төр засаг үнэлж сар шинийн босгон дээр “Алтан гадас” одонгоор шагнажээ.

Ж.Баяртогтох 2005 онд нийслэлийн аврах тусгай ангиас ажлын гараагаа эхэлж байсан гэнэ. “Тангаргаа өргөчихөөд сууж байх мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй. Наадмын үеэр л санагддаг юм. Ажилдаа ороод хэдхэн цаг болоод л анхны дуудлагаа хүлээн авч Туул голд осолдсон хүнийг аврахаар явж билээ. Айх, догдлох зэрэгцээд л. Даалгавраа гүйцэтгэчихээд багийн нөхдөөрөө бахархаад зогсож байсан нь саяхан л санагдаж байна. Тэрнээс хойш гол төлөв усанд осолдсон дуудлагад явах болсон. Увс, Хяргас нуур, Тэсийн голдоо хужиртталаа сэлж өссөн надад энэ даалгавар илүү ойр байсан” гэж Ж.Баяртогтох хэлсэн юм. Тэрбээр Монголд томоохонд тооцогдох Хөвсгөл далай, Увс нуур, Онон, Туул, Сэлэнгэ зэрэг мөрнүүдэд аврах ажиллагаа явуулж байжээ. “Усанд шумбаад явж байхад хажуугаар загас жараахай эргэлдээд сонирхолтой шүү дээ. Хүн хийж буй ажил мэргэжлээсээ сэтгэл ханамж авч ажиллана гэдэг хамгийн сайхан. Мөсөн доор мэргэжил нэгтнүүдтэйгээ шинэ жилийн баяр тэмдэглэж баярын оргилуун дарс задалж байсан удаа надад бий” гэж ажлынхаа онцлогоос хуваалцсан юм.

2011 онд Хөвсгөл далайд шатахуун тээвэрлэж явсан “Урал” маркийн машин цөмөрсөн. 54 метрийн гүнд унасан хүнд даацын машиныг хурдан хугацаанд гаргаагүй бол шатахуун далайд асгарах аюул нүүрлээд байжээ. Иймд Нийслэлийн аврах тусгай ангийн албан хаагчид очиж осолдсон машиныг уснаас гаргах ажиллагаа явуулсан байна. Энэ тухай Ж.Баяртогтох ярихдаа “Өвөл хоёрдугаар сард тус осол болсон л доо. Цөмөрсөн “Урал”ыг татаж гаргахын тулд 54 метр гүн рүү шумбаж осолдсон машинд тросс холбох даалгавар авч аврагч Б.Дэлгэрсайхан бид хоёр гүйцэтгэсэн. Тухайн үед 2530 метрийн гүнд даалгавар гүйцэтгэхэд зориулагдсан багаж зүүгээд л 54 метр рүү шумбасан. Холболтоо хийж байхад зуны зуултуурын ажиллагаа зогсож амьсгал авч чадахаа больчихож билээ. Холболтоо хурдхан хийгээд л амь тэмцээд дээшээ зүтгэсэн. Цооногоороо гарч ирээд л ухаан алдчихсан гэдэг юм. Сая нэг сэрээд ханиалгахад амнаас цус гарч байсан даа. Хуурай газар дээр хүн нэг дүүрэн амьсгалахад таван литр агаар сорно. 50 метрийн гүн рүү орчихоор литр хүрэхгүй агаар сорно” гэв.

Ж.Баяртогтох дан ганц Монголдоо ч биш, олон улсын аврах ажиллагаанд хэд хэдэн удаа оролцож байсан гэнэ. 2011 оны гуравдугаар сард Японд цунами болоход очиж аврах үйл ажиллагаа явуулжээ. “Цунами гэдэг аюултай юм билээ. Далайн давалгаанд олон мянган хүн сураггүй алга болсон. Барилга байгууламж, машин техникүүд сүйрээд овоорчихсон. Манайхаас 12 хүний бүрэлдэхүүнтэй баг ослын газарт ажилласан. Бусад орны аврагчид цогцос илрүүлэхэд араас нь техник орж ирээд авдаг. Бид нар ч энд ажиллаж сурснаараа гараараа өргөөд л даалгавраа гүйцэтгээд явчихсан. Сүүлд Японы Засгийн газраас “Монголын аврагч нар санаачилгатай сайн ажилласан гэсэн тодорхойлолт ирж байсан. Үүний дагуу шударга журам медалиар шагнуулж байлаа” гэж дурсав.

Тэрбээр 2017 оны аравдугаар сард Отгонтэнгэр хайрханд уулчид осолдоход эрэн хайх ажиллагаанд мөн л гар бие оролцжээ. Энэ талаараа “Уулынхаа баруун тал хадан цохиотой хэсгээр цасан нуранги үүсч уулчид осолдсон байсан. Ийм нурангинаас цогцос хайна гэдэг амаргүй. Нэлээд хайж л зарим нэгийнх нь гар хөл ил гарсан байсныг олсон. Нэгийг нь л илрүүлэхэд дараа дараагийн хүмүүсийн цогцос нь нэг дор байсан даа. Гурван метр орчим цас ухаж зарим хүмүүсийг гаргаж авсан” гэлээ.

ӨНӨР БҮЛИЙН ТЭРГҮҮН Ж.БАЯРТОГТОХ

Баяртогтохын гэргий Т.Долгорсүрэн нийслэлийн 55 дугаар цэцэрлэгт багшаар ажилладаг гэнэ. 2005 онд нэг гэрт орсон тэд өдгөө гурван хүүхэдтэй өнөр бүл болжээ. “Аврагчид гэдэг шаардлагатай үед эх орныхоо төлөө амиа өгөх тангараг өргөсөн улс. Ханийгаа аврах ажиллагаанд явахад нь цай сүүний дээжээ өргөж, сайныг ерөөгөөд залбираад л үлдэнэ. Ард олны аюулгүй байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж буй ханиараа бахархах сэтгэлд төрнө шүү дээ. Төр засаг ч ажил хөдөлмөрийг нь үнэллээ. Ажил дээрээ аврах ажиллагааны бэлтгэл явуулж байхад нь л Ерөнхийлөгчийн тамгын газраас утасдаж Аж үйлдвэрийн гавьяат ажилтан болсон мэдээг дуулгасан гэсэн. Манайхан ч сонсчихоод хөл газар хүрэхгүй л хөөрцгөөсөн” хэмээн гэргий нь ярилаа.

Эдний том охин долдугаар ангид сурдаг гэнэ. Хичээлийн бус цагаар номноос салдаггүй энэ охин онцгойгийн алба хаагчдын урлагийн наадам болоход очиж аавынхаа хамт олонд багшилдаг гэнэ лээ. “Шавь” нар ч урлагийн наадамдаа түрүүлсэн талаар аав нь онцлов. Дунд охин нь тавдугаар ангид суралцдаг ажээ. Харин аврагчийн гэрийн “атмаан” нь Мөнхболд гэж хоёр настай хүү. Цэцэрлэгт алба хашдаг тэрбээр аавынхаа өврөөс салах дургүй юм билээ.

Ж.Баяртогтох “Гэр бүлдээ тэр бүр цаг зарцуулаад байж чадахгүй юм. Гэрээ орхиод бүтэн сараар ч аврах ажиллагаанд явах тохиолдол бий. Тэр цагт гэр бүлийн хүн минь ард бат зогсдог. Өдий зэрэгтэй явахад ханийн минь түшиг их” хэмээн ярив.

Тэрбээр гавьяатын тэмдгээ сервантныхаа зүүн дээд буланд залжээ. Доохно талд улаан хавтастай сайшаалын үнэмлэхүүдийг ярайтал өрчихөж. Сонирхож үзвэл бүгд л төрийн тэргүүний гарын үсэгтэй үнэ цэнэтэй, нэр хүнтэй шагналууд аж.

2008 онд тухайн үеийн шинэхэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон хүний амь насыг үерийн аюулаас аварсан гавьяаг нь үнэлж “Цэргийн хүндэт медалиар” шагнасан нь ажиллах урам зоригийг илүү хурцалж өгсөн байна. Хүнийг хийж бүтээж буй насанд нь байгуулсан гавьяаг нь үнэлж урамшуулахад цааш бүтээх урам зоригийг нь хурцалж өгдөг хэмээн нэгэн алдартан хэлсэн байдаг. Энэ жишгээр л хийж бүтээсэн ажилдаа урамшиж өнөөдрийн зэрэгт хүрсэн байна. Эдний гэрийг чимэх өөр нэг зүйл нь хананд өлгөөстэй гоёмсог медалиуд. Хүүхдийн урлан бүтээх төвөөс авсан медалиас авахуулаад Энхийн төлөө, Шударга журам, Цэргийн гавьяаны улаан тугийн одон хүртэл өлгөөстэй харагдсан. Тэрбээр хананд авиралтын спортоор хичээллэж чамгүй амжилт үзүүлжээ. Улсын аварга шалгаргуулах тэмцээнээс алт, хүрэл медаль зүүж байсан байна. Баяртогтох хөгжимд сонирхолтой нэгэн ажээ. Тэр дундаа гитар хөгжмөөр ямар ч аяыг тоглочихдог гэнэ. Цэнхэр гитар ханандаа өлгөчихөж. Түүний өөр нэг сонирхол нь монгол бөх гэнэ. Тангарагийн баярын барилдаанд зодоглож их шөвөгт шалгарч байсан зургаа угаалгаад хадчихсан нь сонирхол татсан юм. Моринд хорхойгүй монгол хүн гэж хаа байхав. Хажууханд нь морины хусуур, ташуурыг цэвэрхэн сийлээд өлгөчихсөн нь ч нүдэнд содон туслаа.

АЙДАСТАЙ ГҮЙЦЭТГЭСЭН АВРАХ АЖИЛЛАГАА

Ж.Баяртогтох онцгойн бор ногоон дүрэмт хувцас өмсөөд 15 жилийг үджээ. Энэ хугацаанд олон ч аврах ажиллагаанд оролцож, ард иргэдийнхээ амгалангийн төлөө байгалийн давагдашгүй хүчин зүйлийг ч давах даалгавар авч гүйцэтгэж байсан гэнэ.

“Авсан даалгавар бүр амар биш. 2009 онд юм даа. ГовьАлтайн Тайширын цахилгаан станцад осолдсон иргэнийг аврахаар шумбалт хийхдээ айдастай байсан шүү. Тас харанхуй 44 метрийн гүн рүү ганцаараа л орсон доо. Осолд орсон иргэнийг станцын шүүрэн дээрээс аваад эргэхэд сэнс нь наалдчихсан. Ядахад цоорхой хувцсаар ус ороод даараад хүндрэлтэй байж билээ. Сүүлд бодоход айдас төрдөг юм” гэв. Сэлэнгэд сураггүй болсон ээж, хүүг хайх ажиллагаанд тэрбээр мөн л үүрэг гүйцэтгэжээ.

“Намар оройхон гүйцэтгэсэн ажиллагаа. Сэлэнгэ мөрөн захаасаа хөлдөөд эхэлчихсэн үе. Аврагчид эрэн хайх ажиллагааг Оросын хил гартал хайж байлаа. Хүйтэнд завиар явна гэдэг амар биш. Мөс мөргөвөл завь хөмөрчих гээд л эрсдэлтэй. Аврагчид ийм л орчинд эрэн хайх ажиллагааг явуулдаг. Өнөө цагт аврагчдын хүнд ажиллагааг ойлгож хөдөлмөрийг нь зах зухаас нь үнэлж байгаа нь сайн хэрэг” гэж дурдсан.

Тэрбээр гавьяатын цайллагаа энэ сарын 22,23–ны өдрүүдэд хийхээр төлөвлөсөн гэнэ. Эхний өдөр ажлынхан, дараагийн өдөр нь нь ах дүү нарынхаа хүрээнд хийх юм байна. Энгийн хэрнээ байгуулсан гавьяа нь эгэлгүй гавьяат залуугийнд зочлоход ийм байна.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Хоёрдугаар сарын 25-нд болох үйл явдал

11.00 цагт “Туушин” зочид буудалд “Эрх чөлөө хөдөлгөөн”-өөс “Эрх чөлөөний дуудлага” үйл ажиллагаа зохион байгуулна. Утас: 91114192, 89004192

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Хэвтүүл” хөдөлгөөнөөс ирэх сарын 02-нд жагсаал зохион байгуулах талаар мэдээлнэ.

11.00 цагт АТГ-ын дэргэдэх Олон нийтийн төвд АТГ-ын “Сар бүрийн 25” ээлжит хэвлэлийн бага хурал болно. Утас: 99779310, 80750912

12.00 цагт Засгийн газрын II байрны хойно байрлах Нэг цэгийн үйлчилгээний төвд Гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан нэг цэгийн үйлчилгээний төвийг нээнэ. Утас: 265912, 99062292, 99237770, 99282728

Categories
мэдээ цаг-үе

Б.Өлзийбаяр: Үнэт цаасны хоёр дахь арилжаа цахимжвал “Рио Тинто”-гийн хувьцааг шууд гар утсаараа авна

Түрүүч нь № 025, 026(6126, 6127) дугаарт

Гэрэл зургийг Ц.МЯГМАРҮРЭН

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга Б.Өлзийбаярын үзэж буйгаар монголчуудад мөнгө босгох маш их боломж бий. Тэрээр “Баялгийн сан өгөөжөө өгөхөд улстөрчдийн үзэл чухал нөлөөтэй гэнэ. Дэлхийн хамгийн том баялгийн санг үе үеийн Норвегийн улстөрч Сангийн сайд нар нь удирддаг боловч бүгд өсгөсөөр ирсэн. Өгөөжийг ард түмэн хүртдэг” гэв.


-Үнэт цаасны арилжаа цахимжихгүй байгаа нь хөрөнгийн зах хөгжихгүй байгаа нэг шалтгаан гэж та өмнө нь ярьсан. Манай залуус шаардлагатай программыг хийж чадна гэж бодож байна уу?

-Чадна.

-Хэр их мөнгө орох бол, төр хэзээ ч байгаагүй баян байна шүү дээ.

-Тооцоо хийж байна. Бид бас мөнгө гаргах болов уу гэж найдаж байгаа.

-Зарцуулсан мөнгөө эргээд олох болов уу?

-Хэд дахин нугалж олно гэдэгт эргэлзэх хэрэггүй. Гэхдээ энд ашиг харахаас илүүтэй, эдийн засагт асар том хөшүүрэг үүсэхийг тооцох хэрэгтэй. Наад зах нь гадныхан сонирхож байгаа хувьцаагаа авахаас гадна хөрөнгө оруулах найдвар төрнө шүү дээ. Цахим гарын үсгийн хууль батлагдсан. Гэхдээ хөгжихгүй байгаа. Үнэт цаасны хоёр дахь арилжаа цахимжихгүй байгаа учраас идэвхжихгүй байгаа байхгүй юу.

-Цахимжих юм бол гаднаас маш их гүйлгээ ирнэ гэж байна. Ямар баталгаа байна?

-Би “Рио Тинто”-гийн хувьцааг одоо шууд гар утсаараа авч чадна. Харин дотоодын ямар ч хувьцааг авах боломжгүй.

-Монголд амилдаггүй хоёр юм байна. Нэг нь хөрөнгийн бирж, нөгөө нь Эрдэнэс Таван толгойн хувьцаа.

-Шууд тэгж болохгүй. Амилж байгаа шүү. (инээв).

-Эрдэнэс Таван толгой хишиг хүртээж үү, та энэ компанийн ТУЗ-ийн дарга байсан бол юу хийх байсан бэ?

-Эхний ээлжинд нэг л асуудал яригдаад байна. Цэвэр ашгаа олон нийтэд тараах уу, хөрөнгө оруулалт хийх үү гэдэг маргаан яваад байна. Надад эрх мэдэл байсан бол би өнөөдөр нэг ч төгрөгийн ногдол ашиг тараахгүй.

-Яагаад?

-750 тэрбумын ашигтай ажилласан. Компани 15 тэрбум ширхэг хувьцаатай. Нэг хувьцаанд 50 төгрөг ногдоно. Нэг иргэн 1072 ширхэг хувьцаанд 53 мянган төгрөг ногдож байна. Тэр иргэнд очсон 53 мянган төгрөг амьдралыг нь өөрчлөх үү. Тэрний оронд төмөр барих хэрэгтэй байхгүй юу. Энэ компанийн 30 хувийг гадны бирж дээр гаргахад асар их зардал орно. Яагаад түүнд зарцуулж болохгүй гэж. Тэгээд ч 50 биш, 20-30 мянган төгрөг л ирнэ.

-Бидэнд хишиг хүртээхгүй гэсэн үг үү?

-Хишиг гэдэг чинь юм амсуулахыг хэлж байгаа юм. Би хувь хүртээх тухай ярьж байна. Хэрэв миний стратегиар явбал нэг иргэн 53 биш 500 мянган төгрөг, түүнээс илүү хувь хүртэж болно. Цаашдаа байнга өсөн нэмэгдэнэ. Том мөнгөний машин болж чадна. Харин өнөөдрийнх шиг ухсан нүүрсээ зарчихаад амсах төдийгөөр тараагаад байвал үнэхээр таны хэлдгээр үхдэггүй, сэхдэггүй хувьцаа байсаар л байх болно.

-Тэгээд яагаад төр ашиг тараах санаачилга гаргаад байна?

-Нэгдүгээрт, энэ компанийг бид ашигтай ажиллуулсан гэсэн пиар хийж байна. Хоёрдугаарт, сонгууль дөхөөд байна шүү дээ.

-Гэхдээ ашиг тараах гэсэн нийгмийн хүлээлтийг таван мянган төгрөгөөр данс нээлгэхийг хүссэн брокерийн компаниуд л өдөөсөн. Үүнээс болж улстөрчид ашиг тараах шахаанд орсон биз дээ?

-Тийм шүү. Гэхдээ юм хоёр талтай. Ашиг тараах нь нийгэмд бас эерэг сэтгэгдэл төрүүлж болно. “Энэ хувьцаа чинь бас ирээдүйтэй юм байна шүү” гээд компанийн хувьцаагаа хамаагүй зарахгүй байж магадгүй л юм.

-Таны стратеги ирээдүйтэй сонсогдож байна. Гэхдээ гадныхан 30-хан хувьд хөрөнгө оруулах болов уу?

-Харин тийм. Сая гадны банкныхантай уулзаж байхад тухайн орныг эхлээд яаж харах вэ гэдэг асуудал яригдаж байсан. Өнгөрсөн хугацаанд бид гадныхны маш их хөрөнгийг шатаагаад, үнэн нүүр царайгаа харуулсан. Тийм учраас хувьцаагаа шатлалтай, эхлээд арав, дараа нь 20, нэмж 30 хүртэл хувиар тандалт хийх маягаар гаргасан нь зөв байх. Яагаад гэвэл гадны банкуудын эргэлзээ арилаагүй байна.

-2011 онд манайд долларын бороо орсон. Бид доллар оруулсан хөрөнгө оруулагчдыг яаж байгаад үргээчихэв ээ?

-Хэлсэн амандаа хүрээгүй. Гэрээ бол гэрээ. Гэхдээ би төрийн хувьд ярьж байгаа юм шүү. Гадны хөрөнгө оруулагчид манай улстөрчдөөс ганцхан зүйл хүсч байгаа юм. “Тоглоно гэчихээд гэнэт больчихдог цэцэрлэгийн хүүхэд шиг битгий улс төр хийгээч ээ” л гээд байгаа юм. Гэнэт нэг өглөө босоод л ухаантай царайлаад хуулиа өөрчилж попордог. Гэхдээ “Ард түмний төлөө” гэсэн уриатай. Харин тэр ард түмний төлөө хийсэн ажил нь хөрөнгө оруулалтыг зогсоож долларын ханшийг галзууруулж, тэр нь ард түмний нуруун дээр л бууж байна. Долларын ханшийн өсөлтөөс хохирсон улстөрч гэж дуулсан уу. Гэтэл ханшийн өөрчлөлтөөс энгийн иргэдийн идэх уух, өмсөх зүйл нь хорогдож байгаа биз дээ.

-Яг Венесуэль шиг хөөгөөд гаргасан уу?

-Арай өөр хэлбэрээр.

-Жишээлбэл?

-Нэг өглөө сэрээд алтанд 68 хувийн татвар ногдуулсан. Маргааш нь Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Хан ресурсын тусгай зөвшөөрлийг цуцалсан. Урт нэртэй хууль гэж гарсан. Байгаль орчноо хамгаалах нь зөв. Гэхдээ тусгай зөвшөөрлөө өгөхдөө ухаанд нь ухна ишиг үхсэн байсан юм уу. Хаа хол байгаа хөрөнгө оруулагчдыг урьж тусгай зөвшөөрөл өгч хөрөнгө оруулчихаад гэнэт нэг өглөө босоод “Байгаль орчин сүйдэж байна” гээд хуулиа өөрчилж болохгүй биз дээ. Доллараар үер буусан үе чинь Рио тинто орж ирсэн үе. Ийм том компани орж байгаа юм чинь бид ороход аюулгүй гээд бусад компани орж ирсэн байхгүй юу.

-Нөхөн төлбөр өгсөн биз дээ?

-Юу ч өгөөгүй, шууд газраа хурааж авсан. Нөгөөдүүл нь шатаад, гараад явсан. Одоо төр дахиад ингэхгүй гэсэн дохио өгөх ёстой байхгүй юу.

-Яаж?

-Жишээлбэл, Ерөнхий сайдын дэргэд “Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл” гэж байгуулагдсан. Энэ байгууллага тайлангаа тавих ёстой. Хөрөнгө оруулагчдаас ямар гомдол ирээд, яаж эрх ашгийг нь хамгаалсан тухайгаа зарлах хэрэгтэй.

-Эдийн засагчид Оюу толгойн хөрөнгө оруулалтыг их хамгаалдаг. Энэ хөрөнгө оруулалт манай эдийн засагт ямар нөлөө үзүүлсэн бэ?

-Энэ хөрөнгө оруулалт орж ирэхэд манай улс эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж байсан.

-34 биш, 51 хувийг Монгол Улс эзэмших ёстой гээд буруутгаад байгаа шүү дээ?

-34 хувь гэдэг бол тухайн үеийн хуульд нийцүүлэн шийдсэн асуудал. Түүнтэй маргаад байх шаардлага байхгүй. Би байсан бол нэг ч хувь авахгүй байсан.

-Та чинь харин “ангийн дайсан” шиг ярьж байна уу, үгүй юу?

-Тийм байна уу (инээв). Ашгийн 34 хувийг авна гэсэн шийдвэрээс болж хөрөнгө оруулалтын 34 хувийг бид хариуцах болчихож байгаа байхгүй юу. Ингэж түүгээр явсан гайг үүгээр дуудав гэдэг өрөнд орсноос зүгээр татвар, хураамж, рояльтаа аваад сууж байх байсан байхгүй юу.

-34 хувийг эзэмшээгүй байсан бол өнөөдөр ямар ашигтай байсан бэ?

-Рояльтаа өндөр аваад л сууж байх байсан. Гэхдээ гэрээг хоёр тал харилцан тохироод засаж болно. Тухайн үедээ гэрээ хийх боловсон хүчний чадал муу, сонголт буруу байсан байж магадгүй гэж би боддог.

-Сонголт буруу гэдэг нь…

-Гэрээг хөрөнгө оруулалтын мэргэжилтнүүд биш, улстөрчид хийсэн.

-Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдсэн үү?

-Ер нь дажгүй хуультай л даа. Гэхдээ хэрэгжүүлэхдээ л асуудал үүсээд байгаа юм. Хуульчид маань эдийн засаг, хөрөнгө оруулалт, санхүүгийн бүрэн мэдлэгтэй юу гэдэг нь эргэлзээтэй байгаа юм. Угаас нийгмийн хөрөнгө оруулалтын боловсрол бага байгаа. Боловсролын программд суулгаж өгөх хэрэгтэй.

-Та нарт боловсролын хөтөлбөрт суулгах бэлэн санал байна уу?

-Бэлэн байна.

-Дотоодын их, дээд сургуульд үнэт цаасны тухай сургалт бий юу?

-Байхгүй.

-Үнэт цаасны ойлголтгүй эдийн засагчид төгсөж байна гэж ойлгож болох уу?

-Тийм л дээ. Яана аа. Их, дээд сургуулиуд гомдох вий дээ. Хэлж болох ч юм уу, үгүй ч юм уу. Үнэт цаасны ойлголтгүй санхүү, бизнесийн бакалаврын түвшний мэргэжилтнүүд төрөөд байна л даа.

-Монголын хөрөнгийн бирж ийм нөхцөлд сэхэх үү?

-Сэхнэ. Хувьцаат компаниудыг л олшруулах хэрэгтэй байгаа юм.

-Жишээлбэл, Эрдэнэт үйлдвэрийг хувьцаат компани болгож болох уу?

-Болно.

-Зарим улстөрчид, иргэд, ТББ-ууд яагаад уул уурхайн ордуудыг эсэргүүцэж байна вэ?

-Уул уурхайн ордууд төсөвт их юм өгч байгаа ч тэр нь орон нутаг болон нийгэмд мэдрэгдэхгүй байна. Уул уурхай өөрөө ажлын байрыг ихээр гаргадаг салбар биш шүү дээ. Техникийн хүчээр явдаг. Тухайн орд төсөвт хэдэн төгрөг өгөх нь иргэдэд хамаа байхгүй. Өөрт нь юу мэдрэгдэх нь л чухал. Тийм учраас иргэд мэдрэх арга нь хувьцаат компани болох зам.

-Иргэдэд өгөөжөө өгсөн хувьцааны жишээ дурдаж болох уу?

-Монгол шуудангийн 30 гаруй хувийг хувьчлаад ашиг нь эрс өслөө. Гар утас хүнд ямар чухал хэрэгтэй билээ. Гэтэл “Лэнд.мн-ээс зээл авах гээд гар утастай боллоо” гэсэн хошин яриа гарч байна.

-Уул уурхайн сан байгуулж иргэддээ мөнгө өгдөг туршлага дэлхийд цөөнгүй байдаг гэнэ.

-Дэлхийн хамгийн том Баялгийн сан бол Норвегийн сан. Энэ сан байнга өсөн нэмэгдэж, иргэддээ өгөөжөө өгсөөр ирлээ. Сан ашигтай ажиллахад улстөрчдийн үзэл маш чухал нөлөөтэй юм байна. Энэ санг Норвегийн үе үеийн Сангийн сайд нар удирддаг. Гэхдээ тэд байнга өсгөсөөр ирсэн. Өгөөжийг ард түмэн хүртэж байна. Сангийн удирдах зөвлөлд мэргэжилтнүүд байдаг. Сангийн сайд нь санг улстөржүүлэх байх үүргийг хүлээнэ.

-Засгийн газар танай холбоонд Баялгийн сангийн бүтэц, ажиллах зарчмыг хийх захиалга өгвөл та нар гүйцэтгэж чадах уу?

-Асуудалгүй.

-Таны үзэж буйгаар бидний хөлөөр нэг их мөнгө хөглөрч байгаа бололтой юм аа даа.

-Тэгж үзэж болно.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Мэнджаргал: Тогооч хүн гурван зүйлийг эрхэмлэх ёстой

“Мико сүши” рестораны захирал, тогооч Ц.Мэнджаргалтай ярилцлаа.


-Танай ресторан үйл ажиллагаа явуулаад нэлээд хугацаа өнгөрлөө. Тогооч болсон түүхээсээ хуваалцахгүй юу?

-Ерөнхийдөө зах зээлийн шуурганаар л тогооч болчихсон юм л даа. 1990 онд цэргээс халагдаад Америк явсан юм. Гадагшаа явахаасаа өмнө хувьдаа оёдлын жижиг цехтэй, байлаа. Харин хоол хийнэ гэж ерөөсөө төсөөлөөгүй. Америкаас ирээд 20 гаруй жил болчихож дээ. Анх тэнд очоод хэлгүй хүн чинь сүшиний газар аяга угаахаас эхэлж байлаа. Аяга угаана гэдэг нэг талаараа эрдэм шүү дээ. Аягаа угааж байхдаа дуулаад л өөртөө их зугаатай ажлаа хийдэг байсан. Ажлыг зугаатай хийхгүй бол тухайн ажлынхаа боол болчихдог. Цаг харж байгаад минутанд хэдэн аяга угааж байгаагаа ч тооцдог байв. Тэрийг маань эзэн харчихсан. Ингээд л гал тогоо руу дэвшсэн. Удалгүй сүши хийж сурах шавь нь болсон доо. Нэг газраа удаан ажилласны хүчинд сүши хийх, хоол амтлах бүх аргыг сурсан. Монголд далайн бүтээгдэхүүн ховор учраас анх далайн хоол хийвэл зүгээр юм уу гэж бодоод үйл ажиллагаа эхлүүлж байлаа. Одоо энэ салбартаа долоон жил болж байна. Тогтмол үйлчлүүлэгчтэй болчихсон байна.

-Сүши хийж сурахад хэцүү биз дээ?

-Сүшиг маш иртэй хутгаар хийдэг. Ганц л буруу хөдлөхөд гараа эсгэнэ. Тэгээд хүмүү-сийн нүдэн дээр ажилладаг учраас хүн харж байхад гараа эсгэвэл бөөн л юм болно. Америкчууд чинь цуснаас их сэжиглэдэг. Цусаар халддаг өвчин их байдаг болоод тэр байх. Тэгэхээр сүшиг хамгийн гярхай, хурдан хөдөлгөөнтэй хүн хийдэг. Бас хүнтэй сайхан харилцах ёстой. Би Америкт байхдаа ганцхан сүши хийж сураад зогсохгүй бүх хоолыг сайн хийж сурсан. Ер нь өөрийнхөө идэвхээр л сурсан гэж боддог юм.

-Таны хамгийн сайн хийж чаддаг хоол юу вэ?

-Мэргэжлийн хоол сүши л байна даа. Тэгэхдээ бусад бүх хоолыг хийчихнэ ээ. Монгол хоолоо бүгдийг нь л хийчихдэг. Гэхдээ манай эхнэр монгол хоолыг илүү гоё хийдэг юм шиг санагддаг.

-Тогооч хүний баримтлах зарчим юу байдаг вэ?

-Миний бодлоор хамгийн нэгдүгээрт хөдөлмөр аюулгүйн байдал, хүнсний аюулгүй байдал, цаг баримтлахыг эрхэмлэх ёстой гэж боддог.

-Тогоочоос өөр ямар чиглэлээр ажиллахыг боддог вэ?

-Нэгэнт хоолтой холбогдсон учраас энэ чиглэлээрээ дагнасан үйлдвэрлэл хийе гэж боддог. Дэлхий нийтийн хоолны чиг хандлага ч өөрчлөгдчихлөө. Хамгийн гол нь тогоочийн орон тоо хүний нөөц гэдэг зүйл байхгүй болчихоод байна л даа. Энэ тал дээр анхаарч ажилламаар санагддаг юм.

-Хүмүүс эрүүл хоол гэж их ярьдаг болжээ. Эрүүл хоол гэхээр яг юуг хэлээд байна?

-Сүши дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдчихсөн хоол. Энэ хоол Европоор их тархаж байна. Тэндээс ирж ажиллах санал ч их ирж байгаа. Гэхдээ миний хувьд өөрийн гэсэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн учраас ресторанаа илүү сайжруулахаар зүтгэж байна даа. Сүши хамгийн эрүүл хоолны тоонд зүй ёсоор ордог. Хамгийн гол нь хоолыг яаж идэх вэ гэдэг л шүү дээ. Цадталаа идэх биш. Зөвхөн хоолноос хэрхэн сайхан мэдрэмж авч идэх вэ гэдэг юм. Аливаа зүйлийг хольж идэж байж төгс болдог. Ямар нэгэн зүйлийг хамгийн ихээр идэхээр хор л болдог биз дээ. Эрүүл хооллолт гэхээр зарим хүмүүс ерөөсөө ойлгодоггүй. Эрүүл хүмүүс эрүүл чигээрээ явъя гэвэл эрүүл хооллох ёстой. Ямар нэгэн өвчнөөр өвдөхөөс өмнө нь эмчлэх нь эрүүл зөв хооллолт гээд байгаа юм. Бид анхнаасаа л эрүүл хооллож сурах хэрэгтэй. Миний хувьд Япон хоолоо их магтана. Эрүүл зөв хоол бол япон хоол.

-Тогооч бүр өөр өөрийн арга барилтай байдаг шүү дээ.

-Мэдээж өөрийнхөө үнэ цэнийг хадгалж үлдэхийн тулд арга барил бий. Гэхдээ би аль болох тэр бүхнээ заагаад өгчихдөг. Нууцаа хадгалаад байх биш, бусдад түгээхийг зорьдог. Би ажилдаа үнэнч ажилладаг. Америкт байхад эзэд маань надад маш сайн байсан. Итгэл хүлээлгэдэг. Тэр рестораныг би өөрийнх шигээ л аваад явчихдаг байлаа. Аливаа зүйлд сэтгэл гаргаж ажиллахаар яалт ч үгүй тэр хүнийг олж хардаг юм билээ. Одоо үеийн залуучууд ажилд маш хойрго хандаж байгаа зүйл ажиглагддаг. Ажилд ороод л хоёр удаа чөлөө авахад л чи болохгүй юм байна аа гэж хэлээд явуулдаг байсан бол одоо чөлөө авангуут нь шууд л дараачийн хүнээ хайж байх жишээтэй.

-Таны үндсэн мэргэжил юу вэ?

-Би олон мэргэжилтэй. Барилгын техникумд сурч байлаа. Намайг төгсөх жил коллеж болж өөрчлөгдсөнөөр Барилгын коллежийг төгсөж байсан. Барилгын бакалавр зэрэгтэй. Хүнсний технологичоос гадна оёдолын дөрөвдүгээр зэрэгтэй хүн шүү дээ. Одоо оёдолоо хийдэггүй л дээ. Гэхдээ хобби учраас хийх юмсан гэж бодож явдаг.

-Манайд олон улс орны хоолны газар байна. Ерөнхийдөө халуун ногоо их зонхилсон санагддаг?

-Нутаг нутгийн онцлогоосоо хамаарч байгаа юм л даа. Мэдээж манайд бол онцлогоосоо хамаараад мах идэх шаардлагатай болдог. Би Хөх хотод “Миний гал тогоо” нэвтрүүлгийн хөтлөгч тогооч хийж байгаа юм. Жилийн өмнө хийгээд саяхнаас гарч эхэлсэн. Тэднийг хараад байхад өөр байна л даа. Бидний идээд байгаа хятад хоол гэдэг дандаа монголжуулсан нь байдаг. Манайхан хурц тостой, хоолонд дуртай учраас тэрэнд нь тааруулаад хийдэг байна. Солонгос хоол японоос сэдэв авсан байдаг. Манайд зарж байгаа хоолнууд нутагт нь иддэг хоолноос ондоо шүү дээ. Нэгдүгээрт усны бүтэц гэж байдаг. Манай ус хатуулаг өндөртэй. Усны бүтэцээс шалтгаалж тэнд байдаг амт гардаггүй. Уснаас шалтгаалж хоолны амт ч өөрчлөгддөг. Сошиалаар янз бүрийн хоолны мэдээлэл явдаг болж. Хүмүүс тэр мэдээллийг аваад яг тэр чигээр нь явах шаардлагагүй л байхгүй юу. Бид хоолоо хэрхэн зөв хэрэглэх нь л чухал. Америкт л гэхэд ажлын таван өдрөө ямар хоол идэх вэ гээд хуваарилчихсан байх жишээтэй. Бүр тэрийгээ зуршил болгочихсон. Эндээс харахад л долоо хоногт хоёр удаа загас идэхэд байгалийн витамин тэр чигээрээ хүний бие организмд орж байгаа юм. Амралтын өдрөө харин хүнд хоол иддэг. Ажлын өдрүүдэд эрч хүчтэй байхын тулд хөнгөн хооллодог байгаа юм. Хоолны ашиг тусыг мэдэхгүй байж хоолыг мэдэмхийрч ярих хүн олон болчихож дээ.

-Хоол урлаг болчихжээ?

-Тэгэлгүй яахав. Хуучин үнэрлээд ам хамраараа хоолны амт, үнэрийг мэдэрдэг байсан бол одоо нүдээрээ идэх болчихоод байна. Энэ нь юу вэ гэхээр нүдээрээ харж кайф авч байна.

-Та өөрийн рестораны үйл ажиллагаа явуулахаас гадна “Гал тогоо” нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж байсан?

-“Гал тогоо” нэвтрүүлэгт анх хоёр хүн хоол хийж байлаа шүү дээ. Тухайн үед 300 гаруй хоол хийсэн байдаг юм билээ. Эдгээр хоолоороо ном гаргаач гэсэн хүсэлт ирдэг. Контент маань өөрчлөгдөөд бид хоёр хоол хийхээ больж, шүүгчийн үүрэг гүйцэтгэсэн. Хүмүүст гал тогооны тавилга бэлэглэж байгаа. Нэг талаараа буянтай ажил гэж боддог юм. 48 айлд гал тогооны тавилга өгснөөс одоо арав гаруй айлд нь гардуулчихаад байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Манай зарим яам, агентлаг түрүүчээсээ ШХАБ-д элсээд эхэлсэн бололтой” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 32 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Манай зарим яам, агентлаг түрүүчээсээ ШХАБ-д элсээд эхэлсэн бололтой” хэмээн өгүүлжээ.

“Улс төр” нүүрт УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Төрийн худалдан авалтууд үндэсний үйлдвэрлэлээ дэмжихэд чиглэх ёстой гэв.

УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл: Чуулганы хуралдааны 50 хувьд суугаагүй бол тухайн гишүүний бүрэн эрхийг автоматаар хасахаар хуульчлах хэрэгтэй хэмээн “Улс төр” нүүрт ярив.

“Баримт, үйл явдал” нүүрт Гавьяат хуульч, шүүгч асан Л.Бямбаа цагдан хорих төвд амь насаа алджээ хэмээв.

Сангийн дэд сайд Х.Булгантуяа: Инфляциа барьж чадвал зээлийн хүү буурах боломжтой хэмээн “Улс төр” нүүрт өгүүллээ.

“Үйл явдал” нүүрт “British school of Ulaanbaatar” сургуулийн хуулийн зөвлөх Э.Билгүүн: Ц.Ариунаа өөрөө үймээн самуун үүсгэчихээд хувьцаа эзэмшигч Ц.Оюунгэрэлийг гүтгэж байна гэв.

Мэргэжилдээ үнэнч Ц.Нямаа гуайнхд “Танайд өнжье” нүүрт саатлаа.

“Баримт, үйл явдал” нүүрт Эцэг, эхчүүд “Хувьцаа эзэмшигчдийн тэмцэл хүүхдүүдийг маань хохироох вий” гэж байлаа хэмээсэн байна.

Популизм улс орныг юунд хүргэдэг вэ? хэмээн “Эдийн засаг” нүүрт бичжээ.

“Кино, кино” нүүрт Зохиолч соёлын гавьяат зүтгэлтэн П.Батсайхан: Бид цөөхүүлээ ч нэгдэж, багцалсан сум шиг байж чадвал эх орноо авч үлдэнэ гэх санааг харуулахыг зорьсон хэмээн ярив.

Доктор Б.Болдсайхан: Ламын гэгээн Лувсанданзанжанцан бол Монголын ууган оточ, оройгүй эрдэмт хүн байсан хэмээн “Тэмдэглэлт ой” нүүрт ярьжээ.

“Спорт” нүүрт Аваргуудын Лигт хаврын хасагдах шатны тоглолтын үе ирлээ хэмээв.

Богдхан уулыг дунд бүслүүрээр нь тойрох явган аяллын маршрут байгуулах боломж бий хэмээн “Завсарлага” нүүрт бичжээ.

“Энэ тухай” нүүрт Соёл амралтын “Зайсан хилл” цогцолбороор аялсан тэмдэглэлийг бичлээ.

“Нийгэм” нүүрт Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн мэргэжил, хяналтын тасгийн дарга, дэд хурандаа Ж.Баярсайхан: Ирэх гуравдугаар сард багтаад жолооны үнэмлэхийн хэвлэлт эхэлнэ гэлээ.

“Дэлхийн мэдээ” нүүрт Ким Жөн Ун Д.Трамптай уулзахаар аялалдаа гарчээ гэв.

Н.Баатаржав: Дэлхийн улсууд халаалт, үйлдвэрлэл, автомашинаас ялгарч буй хорт утааны асуудлаа зөвхөн хийн түлшээр шийдсэн хэмээн “Энэ тухай” нүүрт ярьжээ.

“Бүтээн байгуулалт” нүүрт Голомт банкны орон сууцны санхүүжилт хариуцсан захирал Б.Наранжаргал: Голомт банк “Өндөр зэрэглэлийн орон сууцны өдөрлөг”-ийг хоёр дахь жилдээ зохион байгууллаа гэжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Ломбардуудад шалгалт хийж, 22 сая 800 мянган төгрөгөөр торгожээ

Хулгайн аргаар олсон компьютер, нөүтбүүк, гар утас, зурагт болон бусад үнэд хүрэх эд зүйлсийг барьцаалан зээлдүүлэх газарт бусдын нэрээр тавьдаг зөрчил их байдаг. Үүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэс “Ломбард” арга хэмжээг хариуцсан хороодын нутаг дэвсгэрт зохион байгуулан ажиллаж байна. Тус хэлтсийн хариуцсан хороодын нутаг дэвсгэрт барьцаалан зээлдүүлэх 71 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна.

Алба хаагчид аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, эд зүйл хадгалах хүндрүүлэгчтэй сейф, хяналтын камер, үйлчлүүлсэн иргэдийн бүртгэл зэрэгт хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтын үеэр зөрчил илэрсэн 24 аж ахуй нэгж байгууллагад Зөрчлийн тухай хуулиар нийт 22 сая 800 мянган төгрөгийн торгууль ноогдуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Гавьяат хуульч, шүүгч асан Л.Бямбаа амь насаа алджээ

Image result for шүүгч Л.Бямбаа

Урьдчилсан хорих 461-р хорих ангид хоригдож байсан шүүгч Б амиа хорлож нас барсан гэх мэдээлэл гарсан. Тэгвэл Монгол Улсын гавьяат хуульч, шүүгч Л.Бямбаа саатуулагдсан үедээ амь насаа алджээ. Эх сурвалжуудын өгч байгаа мэдээллээр тэрбээр амиа хорлосон байж болзошгүй аж. Тэрээр 2012-2015 онд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарч “Консент” ХХН-ийг байгуулан хуульчаар ажиллаж байжээ. Ямар хэрэгт холбогдон хоригдсон болон Л.Бямбаагийн амь насаа алдсан асуудлаар ЦЕГазар мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа бөгөөд тэрээр Салхитын мөнгөний ордын хэргээр шалгагдаж байсан гэх мэдээлэл байна.

Categories
мэдээ нийгэм

Мал сүрэг 25.7 мянган тоо толгойгоор хорогджээ

Өнгөрсөн сард улсын хэмжээнд зүй бусаар 25.7 мянган мал хорогджээ. Энэ нь өмнөх жилээс 283 мянгаар буурсан тоо юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны нэгдүгээр сард 309 мянган мал зүй бусаар хорогдсон байдаг.

Хорогдсон малыг ангилбал, ямаа 12.3 мянга, хонь 8.8 мянга, үхэр 2.9 мянга, адуу 1.7 мянгаар, тэмээ 25 байна.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр манай улс 66 сая 400 гаруй мал тоолуулсан. Малын өсөлт бууралтын тухайд авч үзвэл, хонь, тэмээ өсөж, адуу өнгөрсөн оны түвшинд, харин үхэр, ямаа багассан байна. Тухайлбал, энэ онд хонь 30, ямаа 27 сая байгаа бол адуу гурав, үхэр дөрвөн сая байна.