Categories
мэдээ нийгэм

​МУБИС-ын харьяа ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн бүртгэл дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэнэ

Ерөнхий боловсролын сургуулиудын хаврын элсэлт удахгүй эхлэх гэж байгаабайна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Боловсролын Их сургуулийн харьяа ерөнхий боловсролын сургуулийн ирэх жилийн намар суралцах хүүхдүүдийн элсэлтийн талаар тус сургуулийн бага ангийн менежирП.Болорцэцэгээс тодрууллаа.

-Танай сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл хэзээнээс эхлэх вэ?

-Элсэлтийн талаарх хуваарь гарсан байгаа. Энэ оны дөрөвдүгээр сарын 1-ээс дөрөвдүгээр сарны 30-ны хооронд 1-12-р ангидаа элсэлт авна.

-Бэлтгэл бүлэгийн элсэлт яг хэзээнээс эхлэх юм бол?

-Бэлтгэл бүлэг маань тавдугаар сарын 6-аас тавдугаар сарын 17 хүртэл хичээллэнэ. Дараагаар нь тодорхой хэмжээнд элсэлтийн шалгалт гэж авдаг. Тэгээд сорилд тэнцсэн хүүхдүүддээ ирэх жил нэгдүгээр ангид орох батламжийг нь гардуулж өгдөг.

-Батламжийг хэзээ гардуулах вэ?

-Элсэлтийн батламжийг тавдугаар сарын 20-оос 24-ны хооронд дөрвөн өдөр зохион байгуулахаар тов гарсан.

-Элсэлтээр хэдэн хүүхэд авах вэ?

Гурван бүлэг авна. Нэг ангид стандарт түвшинд заасны дагуу 30-35 хүүхэд элсүүлнэ.

-Нэмэлтээр хүүхэд авах уу?

-Авна. Манай сургуульд элсэх сонирхолтой байгаа бэлтгэл бүлгийн бөгөөд 2-12 ангийн хүүхдүүдээс түвшин тогтоох шалгалт гэж авдаг. Шалгалт тавдугаар сарын 18-ны өдөр болно.

-Одоогийн байдлаар нэгдүгээр анги хэдэн бүлэгтэй байгаа вэ?

-Гурван бүлэгтэй. Тавдугаар анги нэг, зургаадугаар анги хоёр, тэрнээс дээших ангиуд нь тус тус нэг бүлэгтэй.

-Ирэх хичээлийн жилийн төлбөр хэд болох вэ?

-Ирэх жилд нэгдүгээр ангид орох хүүхдийн төлбөр 3 сая төгрөг.

-Сургуулийн онцлог, давуу тал?

-Манай сургууль байгалын ухаан, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай. Байгалын ухааны бүх хичээлүүд нэмэлт цагаар ордог, ангил хэлний хичээл хоёрдугаар ангиас эхэлж орно. Бага ангид шатар, математик сонгоны хичээлүүд нэмэлтээр орж ирнэ. Энэ нь сургалтынхаа хөтөлбөрт орчихсон байдаг.Дээр нь зургаадугаар ангиас эхлээд Хятад хэл, Япон хэл сонголтоор үздэг. Эдгээр гадаад хэлний хичээлүүд нь бүгд гадаад багш нар заадаг. Ер нь багшийн хөгжил тал дээр их анхаарч ажилладаг. Төрөл бүрийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах гэх мэтийн.

-Гадаадын сургууль, байгууллагуудттай хамтарч ажилладаг уу?

-Тэгэлгүй яахав. Гадаад дотоодын харилцаа маш сайтай. Манай сургууль өөрөө их сургуулийн харьяа сургууль болохоор их сургууль ямар хамтын ажиллагаатай орнууд байна, тэд улсуудтай нь бас хамтарч ажилладаг.Энэ хичээлийн жилд БНСАУ, БНХАУ-руу багш болон сурагчид маань очиж туршлага судлах, суралцахүйл ажиллагааг зохион байгуулсан.

М.Сайнзаяа

Categories
мэдээ нийгэм

Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Цас их орсон, өндөр уулсын орчим болон гуу, жалга, суваг, шуудуунд их хэмжээний цас хуримтлагдсан газруудад урин дулааны улирал ирж байгаатай холбогдуулан шар усны үер буух эрсдэлтэй байна. Иймд цас ихтэй уулын ам, бэл дагууд суурьшиж байгаа айл өрхүүд, аж ахуйн нэгж, байгууллага хашаа болон ойр орчмынхоо цасыг зайлуулах, суваг, шуудууг сэргээж, үерийн усны голдрилыг өөрчлөх зэрэг шар усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна. Мөн тээврийн хэрэгслийн жолооч нар газрын гадаргын цасан бүрхүүл, голын цас, мөс хайлах, шар усны үерийн улмаас эвдэрч нурсан зам, гүүр болон гол, нуурын мөс цөмрөх магадлалтай газруудаар зорчиж болохгүйг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна

Иргэд зам товчлох, цаг хожих зэргээр гол мөрний мөсөн дээгүүр мал тууварлаж, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчих тохиолдол гардаг. Гэтэл гол мөрний мөсний зузаан харилцан адилгүйн улмаас мөс цөмөрч, улмаар амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол гардаг юм. Түүнчлэн 02 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Цаашид мөсний зузаарлын эрчим буурч мөс хэврэгших тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Categories
мэдээ улс-төр

Г.Занданшатар: Ард түмний минь гар дулаан, сэтгэл дүүрэн байх ёстой

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар орон нутагт ажиллах анхны томилолтоо төрсөн нутаг Баянхонгор аймгаасаа эхлүүллээ.

Түүнийг аймгийн төвийн “Тусгаар тогтнолын талбай”-д Засаг дарга Г.Батжаргал болон тус аймаг дахь цэргийн хүрээний анги, хууль хүчний байгууллагын ажилтнууд, төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөл хүндэтгэн угтав.

Тэрбээр эхлээд аймгийн төр, захиргааны байгууллагын удирдах ажилтнуудтай уулзсан юм. Тэрбээр энд хэлсэн үгэндээ “Төрийн албан хаагчид ард түмэндээ үйлчлэх цорын ганц үүрэгтэй. Үүний тулд сэтгэл гаргаж л ажиллах шаардлагатай байна. Ард түмэндээ сэтгэлээ зориулж чадахгүй байгаагаас төрийн нэр хүнд унаж, төрд итгэх иргэдийн итгэл алдарч байна. Тиймээс би та бүхэнд ард түмэн юу хүсэж байгааг мэдэрч, олныхоо төлөө гэсэн сэтгэл дээр зүтгэл нэмж ажиллахыг үүрэг болгож байна. Дарга царайлж, ажил хийсэн дүр үзүүлж суухаа больё. Бие биедээ шаардлага тавьдаг, иргэний хүсэлт, саналд эн тэргүүнд анхаарч, заавал хариу өгдөг, шуурхай үйлчилдэг больё.

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгож зарласан. Иргэнээ дээдэлсэн төрийг төлөвшүүлэх энэ зорилтыг хэрэгжүүлэхэд Та бүхэн манлайлж ажиллах ёстой” гэв. Төрөлх аймагт маань болж бүтэж буй зүйл олон бий. Гэхдээ өөрсдийгөө магтаж суух цаг одоо биш. Болохгүй байгаагаа илэн далангүй ярьж, үйл ажиллагаа болон сэтгэлгээгээ хэрхэн шинэчлэх вэ, яаж Монголын нийгэмд шударга ёсыг тогтоож, төрийн албанд хариуцлага, сахилга, ёс зүйг хэвшүүлэх вэ гэдгээ л ярих ёстой гэдгийг тэрбээр онцолсон юм.

Тиймээс Баянхонгор аймгийн боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, хөдөлмөр, нийгмийн халамж, хамгааллын салбарт оршиж буй дутагдлыг баримтаар шүүмжилж, энэ байдлыг өөрчлөн сайжруулахыг анхааруулав.Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ өдөр тус аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцаж, санал бодлыг нь сонслоо. Түүний зочилсон эхний газар нь “Торлон” хүнсний үйлдвэр байв.

2001 онд дөрвүүлээ үйл ажиллагаагаа эхэлж байсан тус үйлдвэр одоо 40 ажилчинтай, 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, аймгийнхаа талх, нарийн боовны хэрэглээний 40 хувийг дангаар хангадаг болсныг үйлдвэрийн дарга И.Батдэлгэр танилцууллаа. Тэрбээр ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авах гэж хандаж үзсэн ч олдоогүй, банкны зээлээр үйлдвэрлэлээ өргөтгөж, техник технологио шинэчилсээр өнөөг хүрсэн гэв. Мэргэжлийн ажилчид дутагдалтай, залуус ажилдаа тогтдоггүй, ажил хийх дургүй болсон нь бидэнд тохиолдож буй хамгийн гол бэрхшээл болоод байна. Үүнд нөлөөлж, өөгшүүлж буй хавтгайрсан халамжийг багасгамаар байна гэсэн саналыг И.Батдэлгэр Улсын Их Хурлын даргад тавилаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Буянт Богд” ХХК-ийн байгуулж буй хүнсний захын барилгын ажлын явцтай танилцаад, шинээр олон ажлын байр бий болгож, эрүүл ахуй, стандартын орчин үеийн шаардлага хангасан хүнсний захын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулж буй тус компанийн хамт олонд ажлын амжилт хүсэж, баяр хүргэлээ.

Тус хүнсний захын барилга нь 6000 гаруй ам метр талбайтай, эрүүл ахуйн лаборатори, зориулалтын хөлдөөгчтэй, мах, сүү, цагаан идээний төвлөрсөн зах болох юм байна. Хүнсний захын барилга 4.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй бөгөөд энэ оны 4 дүгээр сард ашиглалтад орж, 600 орчим ажлын байр шинээр бий болгоно гэж компанийн захирал Б.Энхтүвшин ярилаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өөрийн сонгогдсон тойргийн 6 сум, аймгийн төвд арьс, нэхий боловсруулах жижиг үйлдвэр байгуулах ажлыг санаачлан дэмжжээ. Тэдгээрийн нэг “Хөвших” үйлдвэр өдөрт 100 нэхий, 50 хурганы арьс элдэж, нэг бүрийг 25000-40000 төгрөгөөр борлуулдаг, борлуулалт маш сайн байгаа аж. Зөвхөн хонины нэхий, хурганы арьс биш, тугал, унага, чоно, үнэгний арьсыг ямар ч химийн бодис хэрэглэхгүйгээр уламжлалт монгол аргаар шүүлэн идээлж, боловсруулдаг юм байна. Цаашид үйлдвэрлэлийн болон бүтээгдэхүүний нэр төрлөө өргөтгөх эрмэлзэлтэй байгаа талаараа үйлдвэрийн дарга Ц.Жавхланбаяр танилцуулав.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар байгуулагдсан өөр нэг газар бол үйлдвэрлэл, үйлчилгээний “Ажилсаг” төв юм. Бизнес эрхлэгчдийг ажлын хямд байраар хангах, гарааны бизнесийг дэмжих, бизнес эрхлэх хүсэлтэй иргэдэд зөвлөгөө өгөх, сургалт явуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг “инкубатор” болгох зорилгоор байгуулсан. Эхний үр дүндээ хүрч, өнөөдөр энд 50 гаруй иргэн, аж ахйн нэгж үйлдвэрлэл эрхэлж, бизнесийн сургалт явагдаж байна гэж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчидтэй уулзахдаа хэллээ.

Аймгийн Засаг дарга Г.Батжаргал энэ жил жижиг, дунд бизнесийг дэмжих зорилгоор аймгаас 960 сая, сум хөгжүүлэх сангаас 400 сая төгрөгийн зээл олгоно гэв. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ЖДҮ-ийг дэмжих сангаас аймаг бүрт 1.0 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэсэн, түүний 500 саяыг “Ажилсаг” төвийнхөнд үйлдвэрийн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл авахад нь зориулж олгоно гэдгийг дуулгаад, ижил төрлийн бүтээгдэхүүн олноор үйлдвэрлэхээс аль болох татгалзаж, нэгнийхээ боловсруулсан түүхий эдийг нөгөөх нь худалдан авч бүтээгдэхүүн хийх, хөдөлмөрөө хорших замаар кластерийн чиглэлээр ажиллахыг эрмэлзэх, үйлдвэрлэлээ өргөтгөх, техник технологио сайжруулахад гол анхаарлаа хандуулахыг захилаа. Түүнчлэн орон нутгийн удирдлага бизнес эрхлэх хүсэлтэй иргэдийг зээл болон бусад хэлбэрээр дэмжих бодлогыг тууштай баримталж, сургалтад хамруулах, мэдлэг мэдээлэл хүргэх ажлыг тогтмол зохион байгуулж байх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр “Хийж бүтээх эрмэлзэл эрс идэвхжсэн нь анзаарагдаж байна. Иргэдийнхээ шударга ёсны хүсэмжлэлд хариу өгөх, хийж бүтээх эрмэлзлийг дэмжих нь бидний нэр төрийн хэрэг. Ажилсаг хүний гар даардаггүй гэдэг. Ард түмний минь гар дулаан, сэтгэл дүүрэн байх ёстой. Үүний төлөө Улсын Их Хурал ажиллах болно” гэж уулзалтын үеэр хэллээ.

Categories
мэдээ спорт

“Эх орончдын өдөр”-т зориулсан барилдаанд 256 бөх барилдана

“Урвуулагч” хэмээх Шаргачин гахай жилийн эхний барилдаан болох “Эх орончдын өдөр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан 2019 оны гуравдугаар сарын 01-нд Бөхийн өргөөнд болно. Энэхүү барилдаанд хүчээ сорих бөхчүүдийг хоёрдугаар сарын 27, 28-нд 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэнэ. Монголын үндэсний бөхийн холбооноос нийслэлчүүд бөх сонирхогч, дэмжигчид, бөхчүүд та бүхнийг Бөхийн өргөөндөө өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.

Categories
мэдээ улс-төр

Сурах бичгийн түрээсийн тогтолцоог нэвтрүүлэхэд дэмждэг үзүүлэхийг хүсэв

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломментай уулзаж, санал солилцов.

Уулзалтын эхэнд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Азийн хөгжлийн банкны тусламж дэмжлэгээр олон төсөл амжилттай хэрэгжиж байгаад талархал илэрхийллээ. Хөдөө орон нутагт ЕБС-ийн сурагчдын сурах орчин нөхцлийг сайжруулах асуудал тулгамдаж байна. Орон нутаг дахь сургуулиудын олонхи нь модон жорлонтой. Үүнийг сайжруулахад АХБ-наас дэмжлэг үзүүлэх боломжтой эсэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх, жирийн хүүхэдтэй адил бага, дунд боловсрол олгох, тэдэнтэй ажиллах багш, сурган хүмүүжүүлэгч нарт мэдлэг дадлага олгоход чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо. Мөн ЕБС-ийн сурах бичгийн хангамжийг сайжруулах төрийн бодлогын хүрээнд сурах бичгийг түрээсээр хэрэглүүлж туршсаны үр дүнд хуримтлагдсан хөрөнгийг эргэлтэд оруулж, сурах бичгийн түрээсийн тогтолцоог нэвтрүүлж, түрээсийн үйлчилгээг хэвийн тогтвортой зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Энэ зорилтыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд түрээсээр хэрэглүүлэх сурах бичгийн нөөцийг бүрдүүлэхэд анхны санхүүжилт босгох асуудал тулгараад байна. Үүнд АХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжийг судалж үзэхийг хүсэв. Хатагтай Ёланда Ферандез Ломмен, “2019 оны Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн төлөвлөлт тооцоо гарсан. Таны тавьж буй асуудлыг хэрэгжиж буй бусад төсөл хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэн дэмжлэг үзүүлэх боломжтой гэж үзэж байна. Энэ талаар АХБ-ны удирдлагуудад танилцуулж нааштай шийдвэрлэхийг хичээх болно” гэв.

Categories
мэдээ нийгэм

Хоёрдугаар сарын 26-нд болох үйл явдaл

09.00 цагт “Holiday Inn” зочид буудалд “Улаанбаатар Ардчилалын Форум-2019” болно. Утас: 99194455

11.00 цагт ХХААХҮЯ-нд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Итали Улсын Эдийн засгийн хөгжлийн яам нэхмэлийн салбарт хамтран ажиллах Эрмэлзэх бичигт гарын үсэг зурна.

11.00 цагт УИХ-ын Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн ажлын хэсэг “Таван толгой түлш” улсын үйлдвэрийн ажилтай танилцана. Утас: 99078237

11.00 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд НЗДТГ-ын Цэргийн штабаас “Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэлийн талаар мэдээлнэ. Утас: 325044

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Сошиал жагсаал” зохион байгуулагч нар ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнууд зээл авсан асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхийг шаардах жагсаалд нэгдэх талаар мэдээлнэ.

11.30 цагт Спортын төв ордонд Дэлхийн оюутны Универсиад их наадамд оролцох Монголын багийг үдэх ёслол болно. Утас: 88008781

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Эрдэнэс Тавантолгой” компанийн хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлнэ.

11.30 цагт Хангарди ордонд НИТХ-ын ээлжит бус VII хуралдаан болно. Утас: 70119921, 99268461

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Төрийн худалдан авалтууд үндэсний үйлдвэрлэлээ дэмжихэд чиглэх ёстой

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой ярилцлаа.


-Өнгөрсөн долоо хоногт болсон Тендерийн хуулийн хэлэлцүүлэг үр дүнтэй болж байсан. Та өргөн барьсан төсөлд орж байгаа гол, гол өөрчлөлтүүдээ дурдахгүй юу?

-Тендерийн хуулийн хэлэлцүүлэгт 60 гаруй төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөгчид идэвхтэй оролцож хуримт-лагдсан асуудал, шийдвэрлэх арга зам, гарцыг илэн далангүй ярилцлаа. Хэлэлцүүлэгт идэвхтэй оролцлож үнэтэй санал санаачилга гаргасан Монголын Үндэсний худал-даа аж үйлдвэрийн танхим, Худалдан авах ажиллагааны түншлэл ТББ, Засгийн газрын дэргэдэх Аж үйлдвэрийн бодлогын зөвлөл, ААН-үүдийн төлөөлөл, эрдэмтэн судлаачдадаа энэхүү зав-шааныг ашиглан талархалаа илэрхийлье. Тус хэлэлцүүлгээр Тендерийн өрсөлдөөний нэрийн дор худалдан авах ажиллагаанд эрх мэдэлтний эрх ашиг давамгайлж, тендер шалгаруулалтын олон нөхцөл, шаардлага нэрээр хүнд суртал, гох дэгээ үүсгэж хэлбэртэх тал руугаа хазайж байгаа тухай нийгэмд бий болсон хардалт, авлига, ашиг сонирхлын зөрчил, бүлэглэл бий болсон зэрэг нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа бодитой алдааг түргэн засах шаардлага үүссэнийг ярилцлаа.

Өнөөдрийн үйлчилж байгаа хуулийг 2005 онд батлан 2006 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд нийт 23 удаагийн өөрчлөлт оруулсан байдаг. Хуулийг хэрэгжүүлэх явцад худалдан авах ажиллагаанд ил тод, нээлттэй байлгах, авлига ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх, байгаль орчинд ээлтэй бараа бүтээгдэхүүнийг худалдан авах, худалдан авах ажиллагаанд цахим систем ашиглахыг боловсронгуй болгох, үндэсний үйлдвэрлэл, дотоодын бизнесийн орчныг төрөөс дэмжих, түүнчлэн олон улсын байгууллагуудад өргөн хэрэглэж байгаа урьдчилсан худалдан авах тогтолцоог нэвтрүүлэх зэрэг олон шаардлагууд үүсээд байгаа. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд худалдан авах ажиллагааны олон дэвшилттэй шинэлэг алхмуудыг санал болгосон боловч орхигдуулсан асуудлууд байгааг хэлэлцүүлэгт оролцогчид ярилцаж хуулийг шинэчилсэн найруулгын түвшинд ярилцахыг санал болголоо.

-Ээлжит бус чуулганаар тендерийн хуулийг хэлэлцэж батлахаар яригдаж байгаа юу?

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Татварын багц хуулиудыг хэлэлцэж батлахаар ээлжит бус чуулган зарлагдахаар яригдаж байна. Тэгвэл тендерийн хуулийн одоогийн өргөн баригдсан нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн батлах байх. Ингэснээр 2019 оны Төрийн худалдан авах ажиллагаа энэ хуулиар явагдах боломжтой болох юм.

-Үндэсний үйлдвэрлэл, дотоодын бизнесийн орчинг төрөөс дэмжинэ гэлээ. Хэр бодитой дэмжлэг болох бол. Өнгөрсөн жилүүдэд дотоодын худалтан авалтыг дэмжих талаар Засгийн газраас үүрэг даалгавар өгч байсан. Хэр үр дүн гарсан юм бэ?

-Эх оронч худалдан авалтын тухай л яриад байгаа юм. Ажлын байр бий болгохын тулд үндэсний үйлдвэрлэл, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатай. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжихийн тулд төрийн худалдан авалтууд үндэсний үйлдвэрлэлээ дэмжихэд чиглэх ёстой. Татварын хөнгөлөлтөөс өөрөөр дотоодын үйлдвэрлэлийг дэмжих нэг том хөшүүрэг бол Засгийн газрын худалдан авах ажиллагаагаар дамжуулан дотоодын үйлд-вэрлэлд давуу эрх олгох, зөвхөн үнээр бус чанараар нь дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг хооронд нь өрсөлдүүлэх замаар чанар, стандартыг нь сайжруулах явдал юм. Тендер тойрсон авлига, хүнд суртал, шат дамжлагыг бууруулсан нэг тогтолцоотой, худалдан авах ажиллагааны нэг газартай, тэр нь төрийн хяналттай байх зэрэг нэлээд том шинэчлэл хийхээр хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлд дотоодын үйлдвэрээс авах боломжтой барааг импортын бараанаас тусад нь багцлах, чанар стандартын шаардлага хангасан барааг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой тохиолдолд шалгаруулалтад гадаадын нийлүүлэгч оролцохыг хориглохоор тусгасан. Жишээ нь, 2017 онд төсвийн 1.4 их наяд төгрөгийн худалдан авалт хийснээс 46.7 тэрбум төгрөгөөр дотоодын үйлдвэрүүдээс худалдан авалт хийсэн. Өөрөөр хэлбэл, 522 сая доллар буюу 96.7 хувь нь импортын бараа, 46.7 тэрбум төгрөг буюу 3.3 хувь нь үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг худалдан авч Монгол Улсын валютын нөөцийг гадаад улс орнууд руу экспортолж дотоодын бизнесийн орон зайг хумьж, гадаад валютын ханшийг өсгөж, Монголынхоо нийгмийн баялгийг үнэгүйдүүлж байгаа бодит жишээ юм.

-Ногоон худалдан авалтын тухай яригдаж байгаа. Байгальд ээлтэй технологийг дэмжиж байгаа юм байна, гэхдээ хангалттай сайн тусч чадсан уу?

-Сэргээгдэх эрчим хүч, байгалийн нөөцийн хэмнэлттэй, эдийн засгийн үр ашигтай хэрэглээний тогтвортой байдлыг хангах, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ногоон орчныг бүрдүүлэх асуудлыг төрийн худалдан авах ажиллагаагаар дэмжих бололцоо энэ хуулиар бүрдэх болно. УИХ-аар баталсан “Ногоон хөгжлийн бодлогын баримт бичиг”-т Засгийн газрын ногоон худалдан авалтыг 2020 он гэхэд нийт худалдан авалтын 20 хувьд, 2030 онд 30 хувь болгож өсгөх зорилт тавьсан. Энэ зорилтоо биелүүлэхэд нааштай алхам болно гэж үзэж байна.

-Урьдчилсан худалдан авалтын тухай шинэлэг зүйл орж ирсэн гэл үү. Энэ талаар та сайн тайларлаад өгөхгүй юу?

-Урьдчилсан худалдан авах ажиллагаа гэдэг нь гадаад улс, олон улсын байгууллагын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжих төслийн гэрээг УИХ-аар хэлэлцүүлж батуулахаас өмнөх шатанд худалдан авах ажиллагааг нь урьдчилан зохион байгуулахыг хэлээд байгаа. Засгийн газрын төсөл, хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны төлөвлөлтийг боловсронгуй болгох, шуурхай байдлыг хангах, төсөв хэмнэх боломжийг бүрдүүлнэ. Улсын төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгждэг төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн хугацаа сунжирч, үргүй зардал гардаг. Тухайлбал, Олон улсын байгууллагын хөрөнгөөр хэрэгжсэн төслүүдийн хувьд дунджаар худалдан авах ажиллагааг зохион байгуулахад зургаан сараас нэг жилийн хугацаа алддаг байна. Хугацаа сунгаснаас шалтгаалан 400-500 сая төгрөгийг үргүй урсгал зардал гардаг асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэж байна.

-Цахим худалдан авалт, цахим дэлгүүрийн тухай яригдаж байсан?

-Төрийн худалдан авах ажиллагааг нээлттэй, ил тод, олон нийтийн хяналттай болгох, цаг хугацаа хэмнэх, үргүй зардлыг бууруулах ач холбогдолтой. Ерөнхий гэрээний дагуу худалдан авахаар цахим дэлгүүрт байршуулсан бараа, үйлчилгээг өөр эх сурвалжаас худалдан авахыг хориглож байгаа.

-Ихэнх тендерүүд онлайнаар зарлагддаг болсон. Цахим дээр тендерийн хугацааг өөрчлөх сул талтай. Тендерийг сонинд зарладаг болмоор байна. Яагаад гэвэл дэлхий нийт цаасан хэвлэлийн үнэн гэж хардаг?

-Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулинд Тендерийн урилгыг нийтэд зарлан мэдээлэх тухай 21 дүгээр зүйлд “захиалагч нь тендерийн урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл мэдээлийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ” гэж заасан байгаа. Энэ асуудлыг өөрчлөх зүйл заалт энэ нэмэлт өөрчлөлтөд ороогүй. Тиймээс дээрх заалт хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.

-Хэлэлцүүлгийн эхэнд хэлсэн үгэндээ та дутуу орхигдсон олон саналууд байгаа гэж хэлж байснаа тодруулахгүй юу?

-Хамгийн сайн үнэлэгдсэн тендерийн тухай ойлголтыг тодотгон найруулгыг сайжруулах шаардлага байна. Ингэхдээ чанар, техникийн үзүүлэлтийн үнэлгээгээр шалгарсан шаардлага хангасан тендерүүдийг дараагийн шатанд үнэлэх гол шалгуур нь харьцуулалтын хамгийн бага үнэ. Энэ агуулгаар төслийн заалтыг өөрчлөх саналтай байна. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд тендер шалгаруулалт нь чанарын болон үнийн гэсэн хоёр үе шаттай, чанарыг стандарт, техникийн тодорхойлолтоор нь дүгнэн шалгаруулдаг. Гэвч төрд чанаргүй бараа ажил үйлчилгээ нийлүүлдэг, авлигалын гинжин холбоог таслан зогсоох ёстой.

-Тендерийн сонгон шалгаруулалттай холбоотой гомдол гаргахдаа 20 сая хүртэл барьцаа хөрөнгө байршуулахаар оруулж ирсэнийг та юу гэж үзэж байгаа вэ?

-Засгийн газрын төсөлд худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол гаргахад барьцаа төлбөр авахаар тусгасан нь өрсөлдөөнийг хязгаарласан, харилцан хяналт тавих тогтолцоог сулруулсан, түүнчлэн төрийн байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах иргэний эрхийг хөндсөн Үндсэн хуулийн шинжтэй зөрчил үүсгэж болзошгүй тул барьцаа төлбөр авах заалтыг хасах нь зүйтэй гэж үзэж байгаа. Гэхдээ үндэслэлгүй гомдол гаргаж, бүтээн байгуулалтын ажлыг гацаадаг зохисгүй хандлагыг өөрчлөх, тендерийн баталгаагаар нь дамжуулан хариуцлагажуулах нь зүйтэй гэж үзэж хуулийн холбогдох заалтыг өөрчлөх санал оруулж байна. Энэ асуудлаар Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон Худалдан авах ажиллагааны түншлэл ТББ-аас ирүүлсэн саналтай ажлын хэсэг санал нэг байгаа.

-Тендерийг танил талдаа өгдөг зэрэг хэл ам тасардаггүй. Энэ хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр одоогийн тулгамдаж байгаа асуудлууд шийдэгдэж чадахаар байна уу?

-Нэмэлт өөрчлөлтөөр олон дэвшилттэй, шинэлэг заалтууд орсон ч хангалттай биш байгаа. Тендер нэрээр авлигын сүлжээ бий болгон төрийн ажлыг үнэгүйдүүлж, төрийн албаны нэр хүндийг унагаж хууль бусаар хөрөнгөждөг, тендер дагасан бизнесийн сүлжээг таслан зогсоох хууль, эрх зүйн орчны дорвитой өөрчлөлт үгүйлэгдэж байна. Худалдан авах ажиллагаанд оролцогчдыг сонгон шалгаруулахдаа тухайн компанийн санхүүгийн чадавхаас илүүтэй тухайн бараа, ажил үйлчилгээг үзүүлэх мэргэжлийн багийг сонгон шалгаруулдаг байх хэрэгтэй. Зах зээлд санхүүгийн боломжтой цөөн тооны компани тендерийг ээлжлэн авах, өрсөлдөөнгүй орчинд чанар муутай ажил үйлчилгээг өндөр үнээр шахах, улмаар мэргэжлийн багийг авч туслан гүйцэтгэгчээр оролцуулдаг байдал нь төсвийн хөрөнгө үр ашгийг бууруулах, чанаргүй бараа, ажил үйлчилгээг нийлүүлэх бодит шалтгаан болж байна. Тендерт шалгарсан компанид тавих захиалагчийн хяналт сул байна. Гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээнд тавих явцын хяналт болон хариуцлагын тогтолцоо хангалттай биш учраас чанаргүй бараа ажил үйлчилгээг төрд нийлүүлсээр байна. Зөрчлийн тухай хууль батлагдан гарснаар тендерийн хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагын заалт байхгүй болсон нь тендерийн хуулийн хэрэгжилтийн хуулийн албадлага, үр нөлөөг сулруулсан. Тендерийн хуульд нэмэлт өөрчлөлт орж байгаатай холбоотойгоор Зөрчлийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулиудыг өөрчлөх мөн Мэргэжлийн холбоодын шинэ хууль эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлэх шаардлагатай байна.

-Та хар жагсаалтын тухай ярьж байгаа. Энэ хуулиар шийдэж чадах уу?

-Тендерт шалгарсан боловч чанаргүй ажил гүйцэтгэдэг компаниудын хар жагсаалтыг олон нийтэд ил тод, нээлттэй зарлах, худалдан авах ажиллагаанд оролцуулах эрхийг хасах зэрэг хуулийн хэм хэмжээний заалтыг сэргээх шаардлагатай. Түүнчлэн тендерийн үнэлгээний хорооны гишүүдийн хариуцлагыг өндөржүүлэх, тендерийн маргааныг хянан шийдвэрлэх шүүхийн процессыг хялбаршуулах, тендерийн хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг тооцох, холбогдох хуулиудыг өргөн барих шаардлагатай байна.

-Хэлэлцүүлгээс дэвшүүлсэн томоохон саналууд юу юу байв?

-Өнөөгийн хуульд заасан тендер шалгаруулахад харгалзах үзүүлэлтүүд нь техникийн алдаа, дутагдал олоход зориулагдсан, хардаж сэрдсэн шинжтэй эсвэл нэгдмэл сонирхол гэгчээр хайцайлж, хамтын ажиллагааг үгүйсгэсэн байгаа тул бүгдийг хасаж, тухайн ААН-ийн санхүүгийн чадавхаас илүүтэй тухайн бараа, ажил үйлчилгээг үзүүлэх мэргэжлийн багийг, тогтвортой үйл ажиллагаа, техник, технологийн түвшин, чадвар зэрэг цөөхөн ерөнхий нөхцөлийг оруулах нь зөв гэж үзэж байгаа. Өнөөгийн ажилгүйдэл ядуурлын гол шалтгаан нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжихгүй байгаагаас үүдэлтэй гэдэгтэй хүн бүхний санал нэгдэж байсан. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хамгийн том хөшүүргийн нэг нь тендерийн хууль гэж оролцогчид үзэж байлаа. Өргөн барьсан төсөлд туссан ерөнхий гэрээний тухай заалтад ажлын хэсэг анхаарлаа хандуулж ажиллана.

-Тухайлбал?

-Тогтвортой хөгжил гэдэг маань удаан хугацааны турш тэгшхэн, харьцангуй өндөр өсөлттэй хөгжих боломж бүхий салбар, үйлдвэрлэлийг дэмжих явдал юм. Үүний тулд мал аж ахуй болон эрдэс түүхий эдийн нөөцийг зөв ашиглан үйлдвэржих, эхний ээлжинд дотоодын хэрэгцээгээ хангах, улмаар экспортын чиглэлтэй үйлдвэрлэлийг дэд бүтцийн хамт хөгжүүлж, технологийн дэвшлийн агууламж, бүтээмж өндөртэй, байгаль орчинд хал багатай байнгын ажлын байр бий болгох замаар ядуурлыг бууруулах явдал юм. Үүний тулд жил бүр тендердэхгүйгээр үйлдвэрлэгч нийлүүлэгч хоёрын урт хугацааны найдвартай ажиллагааг хангах, төр өөрийн хэрэгцээт зүйлийг эх орныхоо үйлдвэрлэлээс байнга хангах зарчмыг хатуу хуульчилж өгөх ёстой. Иймээс хуулийн төсөлд туссан “Ерөнхий гэрээ”-г таваас доошгүй жилээр байгуулах саналыг ажлын хэсгийн гишүүд гаргаж байгаа. Мөн гэрээнд үнийн дүнг тусгах бус авч өгөлцөх барааны тоо хэмжээ, хугацааг нарийн тусгах нь зүйтэй гэж үзэж байгаа. Ялангуяа хот хөдөөгийн сургууль, цэцэрлэг, эмнэлэгт нийлүүлэх мах сүүний үнэ улирлын чанартай өөрчлөгдөж байдаг шүү дээ. Өөр нэг шинэлэг санаа бол зөвхөн эх орны бараа, ажил үйлчилгээг ерөнхий гэрээгээр зохицуулах боломжтой гэж үзэж байгаа.

-Дүрэмт хувцас, ажлын болон хөдөлмөр хамгааллын хувцас гэдэг томоохон зах зээл байна. Энэ зах зээлийг үндэсний үйлдвэрлэл бүрэн авч чадвал маш их валютын гадагш урсгалыг хаах байх даа?

-Тэгэлгүй яахав. Энэ хувцасанд жилд бараг 70 орчим тэрбум төгрөг зарцуулагддаг тооцоо байсан. Эх орныхоо үйлдвэрлэлийг дэмжихийн тулд зохион байгуулалтын болон ирээдүйг харсан арга хэмжээ ч хэрэг болно. Жишээ нь, дотооддоо үйлдвэрлэх боломжтой бараа, үйлчилгээний жагсаалтыг гарган, тэдгээрийг худалдан авах үүрэг, захиалга өгөх, чанар загварын талаар тавих шаардлагыг боловсруулж, эх орны чанар стандарттай шинэ бүтээгдэхүүнийг дэмжих ажлыг Засгийн газар, холбогдох байгууллагууд зохион байгуулах хэрэгтэй. Энэ талаарх заалтыг УИХ-аас гаргах тогтоолоор зохицуулах боломжтой.

-Тендерийн үнэлгээний хороонд олон нийтийн төлөөлөл хэдэн хувь байхаар орсон юм бол?

-Олон нийтийн төлөөллийг 50 хүртэл хувь гэж төсөлд яваа. Үүнийг 50-иас доошгүй хувь гэж оруулахыг санал болгож байна. Үнэлгээний хорооноос гадна тендерийг бэлтгэх явцад даалгаврыг бэлтгэж гаргахад мэргэжлийн эксперт хүмүүсийг мөн оруулж байхгүй бол тендерийн шалгуур нь бараа бүтээгдэхүүнээ бэлдэж нийлүүлэх хугацаагүй зарлагдах явдал гардаг тухай ярьж байна. Эксперт хүмүүс бол орчин үетэйгээ хөл нийлүүлэхэд, шинэ техник технологи нэвтрүүлэхэд тэр даалгавраа нэлээн чиглүүлэх болов уу. Хуулийг хөрсөн дээр хэрэгжүүлдэг хүмүүс нь бодит амьдрал дээр гардаг асуудал, бэхршээлүүдийг гарц шийдэлтэй нь ярьж байна. Одоогийн өргөн барьсан төсөлд 20 гаруй өөрчлөлтийн хүрээнд тодорхой хэмжээгээр сайжирсан. Гэхдээ энэ нь өнөөгийн түвшинд, манай дотоодын үйлдвэрлэлийг дэмжих хүчтэй дэмжлэг болж чадахгүй байгаад дүгнэлт хийх ёстой. Худалдан авах ажиллагааны нэр хүнд сайнгүй төрийн худалдан авалтын маргаан улам нэмэгдсээр байгаа. Жишээ нь, 2017 онд Сангийн яаманд 813 тендерийн гомдол ирсэний 453 буюу 55 хувь нь хууль зөрчсөн шийдвэр гарсан нь тогтоогдсон. Энэ нь үндэсний үйлдвэрчлэгчдийн борлуулалтын зах зээлийг булаацалдаж шударга бус шийдвэр гарч байгаа бодит жишээ юм.

-Энэ ярьсан шиг, хэлэлцсэн шиг бүх асуудлуудаа шийдээд явчихвал сайхан л болох нь. Хэлэлцүүлэг хийгээд сайхан яриад л орхигдчихдог тал бий дээ.

-Бид нар нүглийн нүдийг гурилаар хуурав гэдэг шиг хэлэлцүүлэг хийсэн дүр эсгэх гэж энэ асуудлыг яриагүй. Шийдэхийн тулд ярьж байгаа. Хууль тогтоомжийн тухай хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулахаар өргөн барьсан асуудлын хүрээнд л ярих эрхтэй. Шинэ санал санаачилгыг оруулаад явах боломжгүй л байгаа. Ер нь бол хуулийн шинэчилсэн найруулгаар оруулах зайлшгүй шаардлагатай олон асуудлуудыг хэлэлцүүлэгт оролцсон хүмүүс, эрдэмтэн судлаачид хөндөж байгааг бид анхаарна.

Categories
мэдээ цаг-үе

Д.Баттулга: Нийслэлийн эрх баригчдын хагарал олон ажлыг гацааж байна

Нийслэлийн Ардчилсан намын дарга, НИТХ-ын төлөөлөгч Дашжамцын Баттулгатай ярилцлаа.


-Та Нийслэлийн Ардчилсан нам гэдэг их айлыг авч яваа хүн. Танай намд яг одоо шинэчлэлийн ажил хүчтэй өрнөж байгаа байх?

-Өнгөрсөн 2016 оны сонгуулийн дараа манай намд маш том сорилт тулгарсан. Ард түмэн Ардчилсан намыг шинэчлэгдэх ёстой гэдэг том даалгавар өгсөн. Нэгэнт өвдөг шороодсон улс чинь шороо тоостойгоо зууралдаад орилоод хэвтээд байлтай ч биш хурдхан шиг босоод хувцасаа гөвж аваад дараа дараачийн ажилдаа шамдсан. Манай намд шинэчлэл хүчтэй өрнөсөн. Энэ ажилд гар бие оролцох зорилгоор Нийслэлийн Ардчилсан намын даргад өөрийн нэрийг дэвшүүлж нийт гишүүдээсээ олонхын санал авсан. Ингээд Нийслэлийн Ардчилсан намаа шинэчлэх ажилд орсон. Шинэчлэл гэдэг бол урт хугацаанд үргэлжилдэг үйл явц. Энэ үйл явцыг өөрийнхөө хувьд сайн хийгээд дараа дараагийн улс төрийн сонгуульд амжилттай оролцож намаа ялалтад хүргэчих юмсан гэдэг эрмэлзлээр эрвийх дэрвийхээрээ ажиллаж л байна.

-Та НИТХ-ын төлөөлөгч. Төлөөлөгчийн ажлаа хэр хийж байна вэ?

-Мэдээж төлөөлөгчийн ажил гэдэг бол олон талд анхаарал хандуулахыг шаарддаг амаргүй ажил. НИТХ дахь АН-ын бүлгийн хувьд хариуцсан сөрөг хүчнийхээ ажлыг сайн хийж байна. Яахав, 2016 онд сонгогчид “Аз жаргалтай Улаанбаатар” гэсэн МАН-ын мөрийн хөтөлбөрт итгэл хүлээлгэсэн шүү дээ. НИТХ-ын 45 төлөөлөгчийн 11 төлөөлөгч нь АН, 34 төлөөлөгч нь МАН-аас сонгогдсон. Харамсалтай нь, МАН-ын төлөөлөгчид дотроо хоёр хагарч төрийн ажлыг гацаагаад удаж байна. Юун нөгөө аз жаргалтай Улаанбаатар хот болох. Одоо бол бид дотроо “Ядаж битгий зовлон нэмчихээсэй билээ” гэж залбирч байна.

-Хэд хоногийн өмнө МАН-ын Хяналтын хорооноос Нийслэлийн Засаг даргаар олонхын санал авч ялалт байгуулсан хүнээ намаасаа хөөчихлөө. Нийслэлийн ажил цаашид ч тодорхойгүй хугацаагаар гацах бололтой?

-Тийм. Би дээр хэлсэн дээ. Зовлон нэмчих вий гэж. Бүхэл бүтэн НИТХ-ын 75 хувийг бүрдүүлж байгаа нам нь “ЖДҮ”, “60 тэрбум” гэж хуваагдаад хоёр тийшээ хараад суучихсан нь нийслэлийн ажлыг мөн ч их уяж, хойш нь чангааж байгаа. Уг нь энэ үйлдлээ ухамсарламаар. Гэвч тэдэнд иргэдээ бодох нь бүү хэл улам эсрэг үйлдэл л хийгээд байгаа харагдах юм.

-Нийслэлийн Засаг даргыг томилох асуудал дээр өрнөж байгаа үйл явцаас харахад НИТХ дахь АН-ын бүлэг энэ хагаралд улам тос нэмлээ гэх иргэдийн хардалт байсан шүү дээ. Үүнд та юу гэж хариулах вэ?

-Бид сөрөг хүчин. Засаг даргын хувьд бид нэг л байр суурьтай. Нэгдүгээрт, МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрийг Ардчилсан нам биелүүлэх албагүй. Хоёрдугаарт, сөрөг хүчин бол сөрөг хүчнийхээ байр суурь дээр л байна. Өөрөөр хэлбэл, НИТХ дахь олонхын бүлгийг олонхын бүлэг шиг л байгаасай гэж бодож байна. Энэ бол цөөнхийн араншин. Улс төр ингэж өрнөдөг л үйл явц. Хэрэв цөөнх нь олонхоо дагаад л гараа өргөөд байвал юу болох вэ. Энэ тохиолдолд цөөнх гэж явахын ч шаардлагагүй болно.

-Одоогийн олонх эвээ олж чадахгүй байгаа нь хэр хор хохиролтой вэ. Хоёр талд гарч суучихаад хэрэлдээд байх нь иргэдийн эрх ашгаас ч дээгүүр үзэгдэл боллоо?

-Өнгөрсөн хэдэн сарын хугацаанд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах асуудал үүссэн. Энэ үед юу болов, У.Хүрэлсүх өөрийн намын олонх гишүүдийн итгэл үнэмшил, саналаар биш АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Д.Мурат болон бие дааж УИХ-д сонгогдсон С.Жавхлан нарын гишүүний саналаар огцрохгүй үлдлээ. У.Хүрэлсүхийн хувьд Засгийн газраа тогтвортой ажиллуулахын тулд томоохон ажил санаачлан хийхээсээ урьтаад энэ хэдэн гишүүдээ алдчихгүй юм сан л гэж сэтгэл зовж суугаа байх. Юун шинэ ажил санаачлах. Яг үүн шиг нийслэл дээр эрх баригчид хагарч байгаа нь хотын маш олон ажлыг гацааж байгаа.

-Нийслэлийн удирдлагад АН-ынхан байх үед маш олон сайн нэртэй бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Энэ ажлууд үргэлжилсэн үү?

-2012-2016 онд нийслэлийг бид удирдаж ажилласан. Маш олон бүтээн байгуулалтын ажил хийж байсан. Иргэдэд ээлтэй олон ч хөтөлбөр эхлүүлсэн. Ганцхан жишээ хэлье. Бид 2012-2016 онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлсэн. 2016 оны сон-гуулийн өмнөхөн буюу зургадугаар сар гэхэд бид тодорхой аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн асуудлыг шийдсэн. Хотын төсвөөс 20 тэрбум, банкууд тодорхой хэмжээний зээлийг олгоё гэсэн шийдвэр гарсан байлаа. Нөгөө талдаа иргэдийн дунд орон сууцны эрэлт бий болсон байв. Бүр Засгийн газрын тогтоол гарч гэр хорооллын дахин төлөвлөлттэй хэсэгт баригдсан барилгаас байр худалдаж авбал таван хувийн ипотекийн зээлд хамруулах гэх мэтээр маш олон ажил хийсэн. Хэрвээ тэр ажил тухайн жилдээ үргэлжлээд явсан бол 2016 оны эцэс гэхэд 4700 орчим айл орон сууцанд орох байлаа. Газраа чөлөөлсөн иргэдийг байранд оруулах боломж нь бүрдчихсэн байсан. Энэ ажлыг дэмждэггүй юм гэхэд зүгээр л тухайн үеийн нөөцөөр нь үргэлжлүүлээд явуулчих л байсан. Гэтэл тэд төрийн эрх аваад энэ ажлыг гацаасан. Энэ ажил нэгэнт гацсан учраас газраа чөлөөлөөд байраа хүлээж байгаа иргэдийн бухимдал нэмэгдсэн. Бүх бурууг бидэн рүү тохож жил тойрсон. Тэгээд хэсэг хугацаа өнгөрөхөд зөв дахин төлөвлөнө гэж ярьж эхэлсэн.

Өнгөрсөн оноос эхлээд “Сервис төв” гэж ярьж эхэлсэн ч өнөөдрийн байдлаар яг таг ажил болоод хэрэгжчихсэн зүйл алга. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэг энэ том ажлыг эрх баригчид гацаачихлаа. Бидний хувьд энэ шийдвэр дээр маш эмзэглэдэг. Уг нь маш зөв шийдэлтэй сайхан ажил байсан даа.

-Нийслэлийн асуудлыг ингэсгээд зогсооё. Одоо Ардчилсан намын дотоод улс төр рүү оръё. Өнгөрсөн хэдэн сард УИХ дахь Ардчилсан намын бүлэг хоёр гишүүнээ намаасаа хөөлөө. Одоо бүр бүлэггүй болж байх шиг байна. Ардчилсан нам С.Эрдэнэ, Ц.Туваан нарын гарт амь эрсдэлээ гэж шуугьж байна. Үүн дээр таны бодлыг сонсоё?

-Энэ асуудал дээр миний байр суурь маш тодорхой байдаг. Ер нь өнөөгийн намын удирдлага бол дүрмийн дагуу л ажилласан. Дүрмэн дээр АН-ын улс төрийн зөвлөл тодорхой улс төрийн асуудлаар УИХ дахь намын бүлэгт зөвлөмж өгнө гэсэн заалттай. Тэр дагуу Улс төрийн зөвлөл бүлэгтээ зөвлөмжөө өгсөн. Зөвлөмжийг дэмжээгүй бол намаас хасах асуудлыг намын дарга Үндсэн дүрмийн хорооны шийдвэрийг үндэслээд эцэслэн шийдвэрлэнэ гээд дүрмэндээ заачихсан байдаг. Тэр дагуу л шийдвэр гарсан. Дүрэм муу байж болно. Муу байна гэж байгаа бол бид засах л ёстой.

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж улс төрд ороод ирлээ. Сүүлийн үед хоёр ч удаа лайв хийж олон нийтэд ярилцлага, мэдээлэл өглөө. Үүнээс өмнө Монгол Улсын өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн дээр очоод Ц.Элбэгдоржийг яаралтай шалга гээд 178 хуудас бүхий материал өгсөн. Таны хувьд Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үед ЕТГ-ын даргыг нь хийж гал тогоог нь барьж байсан хүн. Энэ асуудал дээр та ямар бодолтой байдаг вэ?

-Ц.Элбэгдоржийн хувьд 2009-2017 оны үед буюу найман жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан. Ерөнхийлөгч байх хугацаандаа Шүүхийн шийдвэрийг ил тод болгох асуудал, Архидалтын эсрэг аяны ажил, Оюутны тэтгэлэгийн асуудал гээд өргөн хүрээнд олон ажил хийж байлаа. Тухайн үед иргэд маш их дэмжиж, сайшааж байсан. Мөн өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын гадаад бодлогын хүрээнд маш олон сайн ажил хийж байсан шүү дээ. Гэтэл одоо “хойд талын хар овоохой” гэдэг шиг л бүгд муучлаад эхэлчихэж. Сүүлдээ бараг л алуурчин гэж дуудах нь холгүй байх шиг. Монголчууд бидний нэг муухай зан бий. Төрийн тэргүүн байсан ч юм уу, томоохон ажил алба хааж байсан хүмүүсээ өөд уруугүй харддаг. Харж байгаарай. Одоогийн Ерөнхийлөгчийг ч гэсэн буух өдөр бүгд хардана, бүгд харлуулна шүү. Ингээд үнэн худал нь мэдэгдэхгүй хардлагууддаа өөрсдөө итгээд үнэмшээд явчихдаг гэмтэй.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга прокурорын байгууллагад иргэнийхээ хувиар өргөдөл гаргаж өмнөх Ерөнхийлөгчөө шалгуулах хүсэлт өгсөн. Ерөнхийлөгчийн энэ үйлдлийг хараад танд ямар бодол төрөв?

-Би Улсын бага хурлын гишүүн байсан хүн. Үндсэн хуулийг батлалцахад гар бие оролцож явсан хүн л дээ. Тэр үед Үндсэн хуулийн эх баригч Ч.Чимид гуай хэлж байсан үг одоо ч санаанаас гардаггүй юм. Тэрээр “Монголд албан тушаалд очоод иргэний эрхээ эдлэх боломжгүй болдог ганцхан албан тушаал бий. Тэр бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаал” гэж хэлж байсан. Өөрөөр хэлбэл, дараагийн Ерөнхийлөгч тангараг өргөтөл Халтмаагийн Баттулга гэж иргэн Монгол Улсад байхгүй. Ерөнхийлөгчийн энэхүү үйлдэл нь улс төрийн захиалга мэт харагдсан. Энэ бол маш аюултай, дахин давтагдаж болохгүй үйлдэл.

-Тэгээд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яах юм. Шалгуулах хүсэлт өгсөн нь буруу гэж харагдаад байна уу?

-Шалгаж болно шүү дээ. Тэр хууль хяналтынхан нь өөрсдөө энэ нийгэмд байгаа элдэв үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллийг шалгаж нягтлаад гэмтэй бол яллаад, гэмгүй бол “худлаа мэдээлэл шүү” гэдгийг нь олон нийтэд ил зарлаад явах ёстой.

-Та энэ 60 тэрбум, ЖДҮ гэх хэргийн талаар юу хэлэх вэ?

-Би аль аль талыг нь шүүмжилдэг. “60 тэрбум”-ын асуудал хэрэгжсэн эсэхийг хууль хяналтын байгууллага тогтоох байх. Харин төрийн албыг арилжаалахыг завдсан гэдэг нь тогтоогдсон. Нөгөө талаасаа зарим УИХ-ын гишүүд ЖДҮХС-гийн зээлээс хулгай хийж хувьдаа завшсан гэдэг нь бас л тогтоогдсон. Одоогийн МАН-ын удирдлага завдсан хүмүүстээ хариуцлага тооцож эхэлж байх шиг байна. Тэгвэл бас завшсан хүмүүстээ ч хариуцлага тооцох ёстой. Тэгвэл илүү шударга болно.


Categories
мэдээ цаг-үе

Ө.Үлэмжтөгс: Уран бүтээлчид нь хуучинсаг байж болох ч үзэгч залуус нь биднээс шинийг нэхэж байна

Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, зохиолч Ө.Үлэмжтөгсийн “Амьгүй биет” жүжигчингүй жүжиг тайзнаа тавигдах гэж байна. Түүнтэй уг жүжгийнх нь талаар ярилцлаа.


-Жүжигчингүй жүжиг байдаг байх нь ээ?

-Байгаагүйг л байдаг болгохоор зориглон ажиллаж байна.

-Энэ нь тэгээд ямар төрөл, жанрын жүжиг вэ. Хөндөж буй сэдэв нь?

-Нэн орчин үеийн буюу контемпорари жанрын уран бүтээл. Бид энэ бүтээлээрээ яг тэр гээд оноочихож боломгүй маш өргөн сэдвийг хөндөж байгаа. Тэр бүх өргөн сэдвийг хөндөхөд хүргэж байгаа гол шалтгаан нь хүний хэрэглээ, хэрэгцээ гэдэг зүйл юунд хүргэдэг вэ. Гэтэл хүн төрөлхтний хэрэгцээ амьд орчинд ямар нөлөө үзүүлж байна вэ. Эргээд тэр сөрөг нөлөөгөө бид хэрхэн даван туулах вэ гэдэг асуултыг үзэгчдээсээ эргүүлэн асууж байгаа юм. Ерөнхийдөө бид ДУУ ЧИМЭЭ БОХИРДОЛ хийгээд АМЬГҮЙ БИЕТ буюу амьгүй эд зүйлсийн нөлөө гэдэг цогц утга санаанд бүтээлээ зангилж байгаа юм.

-Гадны орнуудад янз бүрийн шийдэлтэй жүжиг тавигддаг. Харин манайд ийм жүжиг өмнө нь тайзнаа гарч байгаагүй байх. Та ийм жүжиг бичье гэдэг санааг хэрхэн олсон бэ?

-Өмнө нь өөр уран бүтээлчийн олоогүй шинэ санаа гаргаж, АНХ УДАА гэсэн тодотголтой уран бүтээл туурвих нь миний гол зорилго биш л дээ. Хэрэв тийм эрэлд хатвал юу ч хийж чадалгүй тархиа гашилгасаар байгаад өнгөрөх байх.

Харин медиа эрин зуун, технологийн дэвшил гэсэн орчин цагийн сэдвийг хөндсөн зохиол бичье гэсэн санаа надад, миний дотор явсаар байсан. Үүнийг хамгийн оновчтойгоор илэрхийлж болох арга нь хүн биш, эд зүйлсийг гол дүр болгон сонгож хэрэв бид техникийн хэлийг ойлгодог бол тэд бидэнд хандаж юу хэлэх байсан бэ гэдгийг гаргаж ирэхийг зорьсон.

-Уламжлалт хэв маяг, стандартаас гажсан зүйлсийг хүлээж авах хүрээ нь их хязгаарлагдмал байдаг нь аль ч цаг үеийн эмгэнэл гэлтэй. Ийм жүжиг тавигдах гэж буйг хүмүүс харин ч сонирхоод байх шиг байна шүү?

-Бурхан үхчихсэн гэж Ницше аль 1890-ээд онд хэлсэн шүү дээ. Үүнтэй адил сонгодог урлаг үхчихсэн. Хээнцэрлэл, романтизм мөхсөн. Өндөр технологийн эрийн зуун уран бүтээлчдээс тэс өөр сэтгэмжийг нэхэж байна, шаардаж байна. Тэрийг нь ойлгосон гадны сэргэг уран бүтээлчид хэдийнэ боломжгүйг бодит болгох туршилтыг хийгээд эхэлж. Гэтэл энд бид Монголд “Учиртай гурван толгой-“гоо тоглосоор. Эсвэл “Учиртай гурван толгой”-гоос илүү гарахааргүй улиг болсон зохиолтой драмын жүжгүүд тавьж аль зуун жилийн өмнө бичсэн “Миний нутаг” шиг шүлгийг бүх яруу найрагчид хуулж бичсээр байна. Уран бүтээлчид нь хуучинсаг байж болох ч үзэгч залуус нь шинийг биднээс нэхэж байна.

Тэдний эрэлт, шаардлагаас давсан, өөрөө урд гаргаад замчилж чадах бүтээл туурвиж чадахгүй бол МУСТА одон тэмдгээ, Зохиолчдын эвлэлийн шагналын шар төмөртэйгөө зүүгээд урлагийн БАТСҮМБЭР-ийг зорих хэрэгтэй.

-“Beauty and the beast”-д гардаг шиг үйл явдал гарах нь ээ. Сонирхолтой санагдаж байна. Ямар ч байсан үзэгчийн хувиар очиж үзэхээр шийдлээ?

-Уолт Диснейн хүүхэлдэйн кинон дээр гардаг шиг бид цагийг амь оруулж чадахгүй. Харин цахилгаан хэрэгслүүдэд дуугарах эрх чөлөөг нь олгоно.

-Жүжгийн бэлтгэл хэр явж байна вэ?

-Бэлтгэл бүрэн хангагдаж байна. Одоо энэ жүжиг миний мэдлээс хэдийнэ гарсан. Театр бол найруулагчийн, тайзны зураачийн талбар. Үүнээс гадна манай жүжиг шиг контемпорари жүжгийн хувьд хөгжмийн зохиолчийн ажил юу юунаас илүү чухал.

-Аль тайзнаа тавигдах вэ. “Амьгүй биет” жүжигчингүй ч гэлээ тайзны ард олон хүний хүч хөдөлмөр гарч байгаа нь мэдээж. Жүжгийн багийнхнаа танилцуулахгүй юу?

-Багийг шинэ урлагийн голлох төлөөлөгчдөөр бүрдүүлэхийг зорьсон. Найруулагчаар “Ялагчийн цуваа” олон улсын моно драмын уралдааны Үндэсний ялагч Я.Билгүүнсар ажиллаж байгаа бол тайзны зураачаар Монголын нэн шинэ үеийн дүрслэх урлагийн гол төлөөлөгчдийн нэг С.Ганзүг, хөгжмийн зохиолчоор Монголд хөгжмийн livelooping арга барилыг дэлгэрүүлэгч Ата Боргужин ажиллаж байгаа. Мөн продюсераар дуучин Билл, төслийн менежерээр яруу найрагч Б.Батзаяа тус тус ажиллаж байна. Мөн хөгжмийн зохиолчоор Моханик хамтлагийн дуучин, хөгжимчин Ц.Даваажаргал ажиллаж байна.

-Тасалбарыг хаанаас авах вэ?

-Тасалбарыг ticket.mn сайтаар захиалж дуудлагаар авч болохоос гадна манай фэйсбүүк дэх албан ёсны эвент хуудсанд хандаж худалдан авч болно. Бас тэр өдрөө “Анкор” төвд очоод авч ч болно. Тасалбар 10 мянган төгрөгийн үнэтэй.

-Жүжигчид, хамтлаг продакшнууд Монголд сайн зохиол, жүжгийн зохиолч алга гээд байдаг. Үүнтэй санал нэгдэх үү?

-Сайн зохиолчийн хомсдолд орсондоо биш, харин тэдгээр продакшнуудын хүсээд байгаа захиалгын зохиолыг нь сэтгэлд нь нийцтэл бичих сонирхолтой зохиолч бий юу гэж хэлбэл илүү оновчтой болов уу.