Categories
мэдээ улс-төр

НИТХ: Дахин 10 минутын завсарлага авлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид НИТХ дахь МАН-аас С.Амарсайханыг нэр дэвшүүлж харин С.Мөнхчулуун заалнаас дахин нэр дэвшүүлээд байгаа. Харин НИТХ тооллогын комиссыг томилох асуудлаар санал зөрсний улмаас дахин 10 минутын завсарлага авлаа.

Categories
мэдээ нийгэм

НПГ: Нэр бүхий 6 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй

Нэр бүхий зургаан шүүгчид АТГ-аас энэ сарын 13-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээр хэрэг бүртгэл нээж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг гаргасан билээ. Тэгвэл, шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж Нийслэлийн ерөнхий прокурор үзэж энэ тухайгаа албан бичгээр илгээжээ. Шүүхийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу халдашгүй эрх эдэлж буй зургаан шүүгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна гэх үндэслэлгүй, хангалттай нотлох баримт тогтоогдоогүй байх тул албан үүргийг одоогоор түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзээд АТГ-аас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн хэмээн албан бичигтээ дурьджээ. Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Ц.Амарсайхан, Д.Мөнхтуяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал нарын зургаан шүүгчид АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс ийнхүү хүсэлт гаргаад шалгаж эхэлж байсан юм. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн шүүгчдийн нэгэнтэй холбоотойгоор шалгаж байсан иргэн Б Урьдчилан саатуулах 461 дүгээр ангид амиа егүүтгэсэн харамсалтай явдал гарсан билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Талийгаач Л.Бямбаа цусаараа гэрээслэл бичиж үлдээсэн гэв үү

-ТАЛИЙГААЧ Л.БЯМБАААТГ-ЫНХАНД “БИ ӨНДӨР НАСТАЙ, ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧТЭЙ. ХОРЬЖ ШАЛГАЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ УДАА ДАРАА САНУУЛЖЭЭ-

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид энэ сарын 22-нд гавьяат хуульч, шүүгч асан Л.Бямбаа амь насаа алдсан. Дээрх хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасаг шалгаж байна. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр талийгаач хорих ангийн өрөөндөө ганцаараа хоригдож байсан.

Ингэхдээ дотуур хувцсаараа хоёр давхар орны төмөрнөөс хоолойгоо боож, амь насаа алдсан байдалтай олдсон. Мөн түүний орон дээрээс гурван гэрээслэл олдсон. Ар гэрийнхэн болон, хэргийн талаар тодорхой зүйлс бичиж үлдээсэн гэрээслэл байсан гэдгийг хэлж байв. Иймд талийгаач өөрийнхөө амийг егүүтгэсэн байж болзошгүй байгаа гэнэ. Гэхдээ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс талийгаачийн үхлийн шалтгааныг шинжилж тогтоосны дараа гадны нөлөөтэй байсан уу, үгүй юү гэдэг нь тодорхой болно.

Уг шинжилгээтэй, шинжилгээгүй талийгаач амь насаа алдсан хэрэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн дарга нараас эхлээд ээлжийн ахлагч болон алба хаагчид буруутай нь тодорхой болж байгаа юм.

Хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа сэжигтнүүдийг тэд харж хянах ёстой. Нэгнийгээ дарамталж зодож байгаагаас эхлээд цагдан хоригдож байгаа сэжигтэн амиа хорлох үйлдэл гаргах нь битгий хэл, ямар нэгэн эвгүй үйлдэл үзүүлж байна уу гэдгийг ч тэд маш хянамгай хянаж, шалгах, таслан зогсоох үүрэгтэй. Сэжигтнийг амиа хорлох, бусдад хорлогдохоос сэргийлэх үүднээс тус ангид саатуулан сэргийлж, хамгаалдаг ч гэдэг. Гэтэл тухайн өдөр алба хаагчид ажилдаа хайнга хандсанаас үүдэж 68 настай, шүүхийн байгууллагад олон жил ажилласан эмэгтэй харамсалтайгаар амь насаа алдлаа.

Мөн ШШГЕГ-ынхан талийгаачийг эмчийн үзлэгт хамруулж, сэтгэл зүйчтэй огт уулзуулаагүй гэх мэдээллийг зарим эх сурвалж бидэнд өгч байв.

ТАЛИЙГААЧ БУСДАД АВЛИГА ӨГСӨН ХЭРЭГТ ХАМЖИГЧААР ОРОЛЦСОН ГЭХ ҮНДЭСЛЭЛЭЭР АТГ-Т ШАЛГАГДАЖ БАЙЖЭЭ

Талийгаач шүүхийн байгууллагад олон жил ажиллаж байгаад өндөр насныхаа тэтгэвэрт гарсан. Мөн сүүлийн жилүүдэд “Консент” ХХК буюу хуулийн ферм байгуулан ажиллаж байсан гэнэ.

Тэрээр нийгэм даяар олны анхаарлын төвд ороод буй Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байх Салхитын алт, мөнгөний уурхайг булаацалдаж байгаа БНХАУ-ын иргэн Вангийн талд өмгөөлөгчөөр өнгөрсөн жилээс ажиллах болжээ. Өөрөөр хэлбэл, тус орд газрыг 100 хувь эзэмшиж байгаа гэгдэх “Амин билигт” компанийн өмгөөлөгчөөр ажиллаж байж. Улмаар дээрх хэргийг шалгаж байсан шүүгч нарт авлига өгсөн байж болзошгүй шалтгаанаар түүнийг шалгаж эхлээд байсан юм байна. Мөн талийгаачийн ажлын өрөөний номон дундаас хэрэгт холбогдолтой байж болзошгүй баримт олдсон гэнэ. Ингээд АТГ-ынхан хойшлуулашгүйгээр цагдан хорьж шалгахаар болсон гэдгийг эх сурвалжууд мэдээлж буй. Талийгаачийг АТГ-т аваачин шалгах үед “Би өндөр настай хүн. Зүрх судасны өвчтэй. Хорьж шалгах таслан сэргийлэхээс өөр төрлийн арга хэмжээ авч шалга. Намайг хорих үндэслэл байхгүй. Та бүхэн хууль зөрчсөн үйлдэл хийж байна” гэж мөрдөн байцаагч нарт удаа дараа хэлсэн гэнэ. Гэвч талийгаачийн гаргасан хүсэлт, гомдлыг хүлээж авалгүй АТГ-аас 48 цаг саатуулан шалгах саналыг Нийслэлийн прокурорын газрынханд хүргүүлж, прокурорынхон таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Салхитын алт, мөнгөний орд газартай холбоотой хоёр хятад иргэний маргаанд Монголын хууль хяналтын байгууллагынхан хоёр хуваагдан оролцож байгаа гэдгийг Ерөнхийлөгч Х.Баттулга мэдэгдэж байсан. Энэ хэрэгт уг орд газрын 60 хувийг эзэмшиж байсан гэгдэх Ш.Мөнгөншагай, хүргэн дүү Г.Жаргалан, ГИХГ-ын дэд дарга асан Б.Цолмон, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн тасгийн дарга Г.Алтан-Очир (ШШҮХ)-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарыг цагдан хорьж шалгасан. Тэгвэл талийгаач Л.Бямбааг “Амин билигт” компанийн захирал БНХАУ-ын иргэн Ван нартай хамтран бусдад авлига өгсөн гэх асуудлаар саяхнаас шалгаж эхэлсэн гэдгийг АТГ-аас мэдэгдсэн юм. Мөн талийгаачийн хүү С.Төмөрбат үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-т таван шүүгчийн хамт шалгагдаж байгаа юм байна.

Хэргийг шалгаж байгаа Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийнхэн ЦЕГ-т хүргүүлсэн хэргийн танилцуулгадаа “Талийгаач Л.Бямбаа гурван хуудас гэрээслэл бичсэн. Тэрбээр гурван ширхэг цаасан дээр цус маягийн улаан зүйлээр гэрээслэл бичсэн байсан. Улаан зүйлийг шинжилгээ хийлгэхээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шижлүүлсэн” гэсэн байсныг баттай эх сурвалж хэлж буй. Өөр нэг эх сурвалжийн хэлж буйгаар “Талийгаач цусаараа гэрээслэл бичсэн. Гэрээслэлдээ “Энэ хэрэгт миний хүү ямар ч холбоогүй гэдгийг өөрийнхөө амиар баталгаажуулж байна. Миний дансанд байгаа мөнгийг тэдгээр хүмүүст өгөөрэй” хэмээн хэд хэдэн хүний нэр бичсэн байсан гэх мэдээлэл өгсөн юм.

Д.ДАМДИНЦЭРЭН: КАМЕРЫН БИЧЛЭГЭЭС ХАРАХАД ТАЛИЙГААЧИЙН СЭТГЭЛ САНААНЫ БАЙДАЛ АНХААРАЛ ТАТАХААР БАЙГААГҮЙ

Хэргийн талаар ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Дамдинцэрэн тайлбар хийлээ. Тэрбээр “Иргэн Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжиглэн, 48 цагийн хугацаатай баривчилж, холбогдох хууль, журмын хүрээнд 2019 оны хоёрдугаар сарын 22-ны өдрөөс Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байсан. Хоёрдугаар сарын 23-ны өдрийн 21:40 минутын орчимд иргэн Л.Б нь өрөөндөө өөрийн хувцсаар хоолойгоо боон амь насаа алдсан байдалтайгаар олдсон. Болсон үйл явдалд Цагдаагийн байгууллага Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. ШШГЕГ-аас албаны шалгалт явуулж байгаа бөгөөд шалгалтын дүнг үндэслэн буруутай албан хаагчид холбогдох хууль журмын дагуу хариуцлага тооцож, эргэн мэдээлэх болно” гэлээ. Мөн тэрбээр “Хорих ангийн дотоод журам, цагдан хорих байрны дотоод журамд техникийн болон биечилсэн хяналтыг тавьдаг. 461 дүгээр ангид тухайн явдал болох үед ээлжийн бүрэн бүрэлдэхүүн ажиллаж байсан. Хэрэг болсноос хойш албаны дотоод шалгалт явагдаж байгаа. Хяналтын ажилтнууд, давхрын ажилтнууд сонор сэрэмжээ алдсан байхыг үгүйсгэхгүй. Шалгалтын дараа эцэслэгдэж шийдэгдэнэ. Цагдаагийн байгууллага болон ШШГЕГ-аас шалгалтыг хийж байна. Өрөө бүрт камертай. Тухайн давхрын ажилтан нь бүх өрөөний камерт зэрэг хяналт тавьдаг. Өөрөөр хэлбэл, нэг ажилтан 20-30 камерыг ганц дэлгэц дээр хянадаг. Хэрэг гарах үед давхрын харуул болон хяналтын алба хаагч ажлын байран дээрээ байсан. Харин камерын байршлаас хамаарч үзэгдэх орчин хязгаарлагдмал тул нэг камераар аливаа өрөөг бүрэн харах боломжгүй” гэсэн юм. Мөн “Цагдан хорих ангийн дотоод журамд сэжигтнийг тухайн улирлын хувцастай нь оруулахыг зөвшөөрдөг. Камерын бичлэгээс харахад талийгаачийн сэтгэл санааны байдал анхаарал татахаар байгаагүй” гэдгийг нэмж хэллээ. Түүнчлэн “Талийгаачийг саатуулах хугацаа нь дуусаагүй байсан. 21:40 цагийн үед хэрэг гарсан гэж үзэж байгаа. Тогтоолын хугацаа 00:00 цагт дуусахаар байсан” хэмээн мэдэгдсэн юм.

АР ГЭРИЙНХЭН НЬ ТАЛИЙГААЧИЙГ АТГ-ЫНХАН ДАРАМТАЛСАН ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА

АТГ-ын хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч талийгаач эмэгтэйг хүүгийнх нь нэрийг барин айлган сүрдүүлж дарамталсан байж болзошгүй гэнэ. Учир нь АТГ-ын мөрдөн байцаагч хэрэг гардаг өдөр Л.Бямбаагийн хүү Захиргааны хэргийн шүүгч С.Төмөрбатыг “Ээжийг чинь хорьчихсон байгаа” хэмээн дуудаж байцаалт авах гэж оролдсон. Тиймээс мөрдөн байцаагчийн дарамтнаас болж талийгаач амь насаа алдсан байх гэж хохирогчийн тал үзэж байгаа гэнэ.

Мөн талийгаач Л.Бямбаагийн бэр Р.Мөнхзул хэргийн талаар “Миний ээж амиа хорлох сул дорой нэгэн биш” хэмээн цахим сайтад ярилцлага өгсөн юм. Түүний ярьсан зүйлийг уншигч та бүхэнд тоймлон хүргэхэд “Асууж тодруулах зүйл байна гэж хэлээд авч яваад амьгүй болгосон улсуудад гомдолтой байна. 48 цагийн хугацааг сунгая гэвэл амралтын өдөр таарах учраас шүүгчийн захирамж гарахгүйг ээж мэдэж байсан байх. Суллагдана гэдгээ мэдэж байсан гэсэн үг. Ийм учраас амиа хорлох үндэс байхгүй. Шөнө дөрвөн цагийн үед бөөн юм болж байж, манай нөхрийн дүү орж уулзаад “Ээж 21:40 цагийн үед өнгөрсөн байна. 15:00 цагт бүртгэлд хамруулахад зүгээр байж. Хорих ангийн дарга нь согтуу байна” гээд уйлаад гараад ирсэн. Энэ бол яавч амиа хорлолт биш. Сүүлд сонсоход ээжийг амиа алдахаас гурван цагийн өмнө гадуур байцаасан юм билээ. Нэг бол тэр хооронд шахаж дарамталсан, үгүй бол хоолонд нь элдэв зүйл хольсон гэж би хардаж байна. Үнэхээр гомдолтой байна” гэх утга бүхий ярилцлага өгсөн байв.

ШҮҮХ Ш.МӨНГӨНШАГАЙ НАРЫГ ХОРИХООС ТАТГАЛЗЖЭЭ

Талийгаач Л.Бямбаатай хамт Салхитын мөнгөний орд газартай холбоотой хэрэгт шалгагдаж байгаа Ш.Мөнгөншагай нарын дөрвөн хүнийг саатуулан шалгасан гэдгийг АТГ-аас мэдэгдсэн. Тэгвэл өчигдөр Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн шүүхэд Нийслэлийн прокурорын газраас ирсэн цагдан хорих хүсэлтийг хянан хэлэлцжээ. Шүүхээс Ш.Мөнгөншагай нарыг хорих үндэслэлгүй байна хэмээн үзжээ.

Categories
мэдээ нийгэм

МИАТ, Төрийн банк, Монгол шуудангийн хувьчлалыг хойшлуулав

Монгол Улсад 1992 оноос эхлүүлсэн өмч хувьчлалын үр дүнг өнөөг болтол хэн ч дүгнэж, алдаа оноог нь тооцолгүй явж ирсэн байна. Тийм учраас өмч хувьчлалын үр дүнг заавал судалж, дүгнэх ёстой гэж үзээд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсэг томиллоо. Ажлын хэсгийг нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй байгуулж байгаа бөгөөд ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан ахалж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ганбат болон холбогдох бүх байгууллагын төлөөлөл багтжээ. 2018-2020 онд хувьчлах аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад бүрэн хувьчлагдах болон төрийн эзэмшлийн хувийг бууруулахаар Монголын Хөрөнгийн бирж, Төрийн банк, МИАТ, Монгол шуудан, Мэдээлэл холбооны сүлжээ зэрэг нэр бүхий 27 компанийг багтаасан байгаа юм. Үүнийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх товтой байгаа ч ЗГХЭГ-ын даргын томилсон тус ажлын хэсгийн дүгнэлт гартал хэлэлцүүлэхээс түр түдгэлзүүлж байгаа аж. Өмч хувьчлалын үр дүнг тооцсон бодит судалгаанд суурилж, төрийн өмчит компаниудыг хувьчлах дараагийн оновчтой гаргалгаа, эрх зүйн зөв зохицуулалт, бусад орнуудад төрийн өмчөө хэрхэн хувьчилдаг туршлага зэргийг тодорхой болгосны дараа Монгол Улсын төр өмчөө олон нийтэд нээлттэй, иргэдэд ил тод хувьчлах нь зүйтэй гэж Засгийн газраас үзэж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

НИТХ:С.Мөнхчулуун дахин өөрийн нэрийг дэвшүүлж байгаагаа мэдэгдлээ

НИТХ-ын завсарлага дуусч, хуралдаан эхэлж, Э.Бат-Үүл горимын санал дэвшүүллээ.

Үгүй бол нутгийн захиргааны байгууллагад ингэж үл тоож болохгүй.” гэв. Мөн өмнөх нэр дэвшигчийг ямар үндэслэлээр буцаасан юм бэ. Хуульзүйн үндэслэлээ тодорхой тайлбарлах ёстой. НИТХ-ын хуралдаан хуулийн хүрээнд үргэлжлэхгүй бол энэ асуудал шүүх дээр очно шүү гэлээ. Мөн Ерөнхий сайдыг хуралдаанд дуудаж ирүүлэх горимын саналаар санал хураасан ч уг санал дэмжигдсэнгүй. Яг одоо С.Мөнхчулуун дахин өөрийн нэрийг дэвшүүлж байгаагаа мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Маргааш “Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл эхэлнэ

“Оюутан цэрэг” хөтөлбөр 2014-2016 оноос эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачлагаар эхэлж, 2016 оноос эхлэн “Цэргийн албаны тухай Монгол Улсын хууль”-д “Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалт болж, хуулийн дагуу цэргийн алба хаах хэлбэр болсон юм.

Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр оюутан залуусын иргэний цэргийн үүргээ биелүүлэх нөхцлийг олгож, цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийсэн чухал ажил болсон. Мөн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулж, цэргийн алба хаах бололцоог бүрдүүлсэн.

“Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэлд

– Их, дээд сургуулийн бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа нэгдүгээр дамжааны оюутнууд /2.8-аас дээш голч дүнтэй/

– 18 нас нас хүрсэн оюутан, сайн дурын үндсэн дээр алба хаах залуусыг их, дээд сургуулийн сургалтын алба, сургуулийн тодорхойлолтоор харьяа дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб дээр 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 03 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл бүртгэнэ.

– Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу бие бялдар, эрүүл мэндийн үзлэгт хамруулан сонгон шалгаруулна.

“Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутан, залуус дараах бичиг баримт бүртгүүлнэ.

  1. Иргэний үнэмлэх
  2. Цэргийн үүрэгтний үнэмлэх
  3. Оюутны үнэмлэх
  4. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /Сүүлийн нэг жил даатгал төлөгдсөн байх/
  5. Сургуулийн тодорхойлолт /”Оюутан цэрэг” сургалтад хамрагдах зөвшөөрөл/
  6. Сурлагын дүнгийн хүснэгт /гол дүн 2.8аас дээш байх/
  7. Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл

“Оюутан цэрэг” сургалт нь оюутан, залуусыг цэрэг эх оронч үзэл бодолтой, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй залуус болгон төлөвшүүлж, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэж байгаа ач холбогдолтой юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Музейн нээлттэй өдрүүд” 10-аас доош насныханд үйлчлэхгүй

Жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ жилийн тухайд 3 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд тохиож байгаа юм. Халдварт өвчний тархалтаас сэргийлэх зорилгоор музейнүүд 10 аас доош насныханд үйлчлэхгүй байх, үзвэрийн танхимын цэвэрлэгээ үйлчилгээг 2 цаг тутамд хийж, агаар сэлгэх арга хэмжээ авах чиглэлийг БСШУСЯ-наас гаргаад байна.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн Засаг даргын томилгооны асуудлаар АН завсарлага авлаа

Image result for ардчилсан нам

НИТХ-ын ээлжит бус VII хуралдаан төлөөлөгчдийн 60 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар нийслэлийн Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцэх юм. НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлэлцэх асуудлыг танилцуулан баталлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид МАН-ын Удирдах зөвлөлөөс НИТХ-ын дарга С.Амарсайханыг нэр дэвшүүлсэн юм. Харин заалнаас төлөөлөгч С.Мөнхчулуун нэрээ дэвшүүлэхээ мэдэгдээд байгаа. НИТХ-ын ээлжит бус хуралдааныг эхлэхтэй зэрэгцээд хуралдааны танхимын гадна “шударга ёсыг шаардсан иргэдийн төлөөлөл лоозон барьж жагссан байлаа. НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Р.Дагва нийслэлийн Засаг дарга нэр дэвшигчийг танилцуулах юм. Харин НИТХ дахь АН-ын бүлэг нэг цагийн завсарлага авах санал гаргалаа. Тиймээс хуралдаан түр завсарлалаа.

Categories
мэдээ эдийн-засаг

Б.Хаш-Эрдэнэ: Поп улстөрчдөөс болж бизнес эрхлэгчид хохирдогийг болиулахын төлөө бид нэгдэх ёстой

Эдийн засагч Б.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа.


Б.Хаш-Эрдэнэ: Поп улстөрчдөөс болж бизнес эрхлэгчид хохирдогийг болиулахын төлөө бид нэгдэх ёстой

-МҮХАҮТ-ын даргад өрсөлдөх болсон шалтгаанаас яриагаа эхэлье?

-Би танхимын хувьд шинэ хүн биш л дээ. МҮХАҮТ-д 2000 оноос хойш арван жилийн турш мэргэжилтнээс эхлээд газрын дарга хүртэл ажлыг хийж байсан. Тухайлбал, Танхимын зах зээлийн судалгааны төвд мэргэжилтэн, “ Зээлийн зэрэглэлийн агентлаг” гэж байгуулагдахад ахлах мэргэжилтнээр нь ажиллаж байлаа. ТОП-100 аж ахуйн нэгж шалгаруулах шалгуур үзүүлэлтийг анх гаргаж шалгаруулалтыг хийж байсан. Танхим үндсэн хоёр үүрэгтэй. Нэг нь бодлогын өмгөөлөл, нөгөө нь дэмжин урамшуулах. Бодлогын өмгөөллийн тухайд бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр төр засгийн байгууллагуудтай хамтарч ажилладаг юм. Бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллахдаа хувийн хэвшлийнхний өмнө тулгамдсан асуудлыг судалж, шийдлүүдээ гаргаад төр засгийн байгууллагад тодорхой саналууд оруулан шийдвэрлүүлдэг байсан. Тухайн үед төр засгийн байгууллагуудаас гаргаж байсан эдийн засаг, бизнесийн чиглэлийн бодлого, хууль эрх зүйн актуудад гишүүн байгууллагуудынхаа саналыг тусгуулж ажилласан. Гэтэл өмнө нь хийсэн, бүтээсэн зүйлс маань удааширсан, зарим нь зогссон учраас эхлүүлснээ үргэлжлүүлье, бизнесийн орчныг сайжруулъя гэсэн хүсэл, зорилгоор ийм шийдвэр гаргалаа.

-Таныг ажиллаж байхад танхимын нөлөөгөөр бизнест ээлтэй ямар шийдвэрүүд гарч байсан бэ?

-Татварын багц хууль 2008 онд өөрчлөгдөхөд идэвхтэй оролцсон.Бизнесийнхний эрх ашгийг хамгаалах заалтуудыг тусгах гэж үг, үсэг бүр дээр ажиллаж байлаа. Үүний үр дүнд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хэмжээ 10 хувь болж буурсан. Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороог Сангийн яамтай хамтарч байгуулаад ажилласнаа онцолмоор байна. Энэ хорооны ажлын хүрээнд төрийн болон хувийн хэвшлийг төлөөлдөг төрийн бус байгууллагууд өөд өөдөөсөө харж суугаад шийдлээ гаргадаг байсан. Гааль, мэргэжлийн хяналтынхан гэх мэт төрийн байгууллагуудын зүгээс бизнес эрхлэгчдэд маш их хүнд суртал гаргадаг байсан. Иймээс Танхимаас гааль, мэргэжлийн хяналтынхны хүнд суртлыг бууруулах зорилгоор тэдэнтэй тулж ажилласан учраас эдгээр газруудын хүнд суртал, авлигын индекс мэдрэгдэхүйцээр буурсан үр дүн тухайн үед гарч байсан. Гэх мэтчилэн олон асуудлыг шийдэхэд бидний хувь нэмэр нэлээн байсан гэж бодож байна. Үүний үр дүнд МҮХАҮТ гэдэг байгууллагын өнөөгийн имиж нийгэмд бий болсон.

-Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа одоо ямаршуу байна?

-Төр хувийн хэвшлийнхний өмнө тулгарч буй асуудлуудыг сонсож, шийдвэрлэх чиглэлээр ажилладаг механизмууд үндсэндээ зогссон байна. Бид төрийн агентлаг, яамд, УИХ-ын байнгын хороод гээд төрийн байгууллагын бүх шатныхантай нягт хамтарч, тулж ажиллах системийг бий болгочихсон байсан. Харамсалтай нь өнөөдөр тэр систем идэвхтэй ажиллахаа больсон байна. Энэ систем нурснаар хамгийн их хохирох хүмүүс нь бизнесийнхэн шүү дээ.

-Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа нурсан гэдэг дээр тодорхой жишээ дурдаач?

-Сүүлд гэхэд жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн асуудал дуулиан тарилаа. МҮХАҮТ энэ асуудлаар мэдэгдэл гаргаж, шүүмж өрнүүлж, бизнес эрхлэгчдээ өмгөөлсөнгүй. Нэгдүгээр сарын 1-нээс иргэд, байгууллагуудын нийгмийн даатгалын шимтгэл өсч байна. Танхим дуугарсангүй. Бизнесийн орчин хоёр жилийн өмнөхөөс хорин орчим байраар ухарчихаад байхад бизнесийн орчныг сайжруулах талаар дорвитой дуугарч, сайн ажилласангүй. Одоо 2019 онд төрийн худалдан авалт нэмэгдэхтэй холбоотойгоор Монгол Банкнаас мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлвэл бизнесийн орчинд лав л таатай нөлөөлөхгүй. Гэтэл энэ талаар танхим дуугарахгүй хэвээр л байна. Өмнө нь бид дуугарч, бизнесийн өмгөөллөө хийж байсан. Одоо дуугарахгүй байгаа нь танхимын удирдлагуудтай л холбоотой.

– Бизнес эрхлэг ч , баялаг бүтээгчдээ өөлсөн, шүүмжилсэн , адалсан хандлага тод анзаарагдах боллоо. Компаниудыг баялаг бүтээгч талаас нь нийгэмд ойлгуулах нь танхимын үүрэг мөн үү?

-Мөн байлгүй яахав. Энэ бол нийгмийн гажуудал. Нийгмийн гажуудал, сэтгэлгээний ядуурлыг засах хүмүүс нь бидний үеийнхэн гэж харж байгаа. Поп улстөрчдөөс болоод иргэдийн сэтгэлгээ хүртэл ядуурч, өөрчлөгдөж байгаагийн нэг жишээ л дээ. Төрөөс тэтгэмж аваад явахаа илүүд үзсэн бэлэнчлэх сэтгэлгээтэй хүмүүс ихсэх нь сайн зүйл биш. Баялаг бүтээж байгаа, ажиллаж байгаа хүмүүсээ шулаачид, муусайн луйварчид гэж харах нь зөв хандлага биш. Нийгмийн энэ гажуудал поп улстөрчдөд л ашигтай тусаад байна. Нийгмийн энэ гажуудлыг засах хүмүүс нь хувийн хэвшлийнхэн, бидний үеийнхэн. Иймээс бид нэгдэж дуу хоолойгоо гаргаж байж үр дүнд хүрнэ.

-“Ард санхүүгийн нэгдэл”- ийн Ч.Ганхуягтай санаа нийлээд зүтгэх болсон олон шалтгаан бий байх…?

– Бид хоёрын хувьд санал нэгдсэн нэг том өнцөг бий. Бизнесийн орчин муудсан гэдэг дээр санал нэгдэж байгаа. Эрс өөрчлөлт шинэчлэлт хийхгүй бол урагшлахгүй гэж харж байна. Зүгээр нэг татвар ярьчихаад сууж болохгүй л дээ. Бидний үеийнхэн үгээ хэлж, ажиллах цаг ирлээ гэдэг утгаараа Ч.Ганхуягтай нэг баг болж хамтрах шийдвэр гаргасан. Түүнчлэн Ганхуяг захирлын хувьд маш хурдтай, эрч хүчтэй, нийт Монголын бизнес эрхлэгчдийг гадаад, дотоодод бүрэн төлөөлөх чадвартай хүн гэж бодож байгаа учраас бид нэг баг болсон.

-Танай баг сонгогдлоо гэхэд хамгийн түрүүнд хийх ажлаасаа сонирхуулаач?

-Хамгийн түрүүнд бодлогын өмгөөллийн ажлуудаа эхлүүлнэ. Би хувийн хэвшлийн компаниудад зөвлөгөө өгч ажилладаг. Компаниудтай уулзаж байхад маш олон компани “Танхим руу очихоо больсон. Биднийг сонсохоо больсон учраас очих шаардлага ч алга” гэж байна. Тэгэхээр бодлогын өмгөөллийн ажлуудыг эхлүүлэхийн тулд хамгийн түрүүнд Танхим “чих”- ээ онгойлгох ёстой. Гишүүдээ сонсох учиртай. Бид жижиг, дунд, том бүх компаниудын өмнө тулгарч буй асуудлуудыг ойлгож, эрэлт хэрэгцээг нь мэдэрч байж урагшилна. Иймээс өмнө нь хэрэгжүүлж болдог байсан механизмуудаа эхлээд ажиллуулна. Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо гэсэн бүтцийг ажиллуулахаа больсон байна.

-Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо ажиллахаа больсон гэсэн үг үү?

-Үндэсний хөгжлийн газар ийм хороо байгуулаад, танхим идэвхгүй нэг гишүүн нь болчихсон байгааг мэдээнээс харсан.

-Өмнө нь энэ хороог МҮХАҮТ толгойлж байсан уу?

-Тийм, Танхим удирдаж байсан ю м . Манай баг хэрвээ сонгогдвол энэ хороог идэвхтэй ажиллуулахаас гадна хот, хөдөөгийн нийт хувийн хэвшлийнхний өмнө тулгарч буй асуудлуудад шинжилгээ, дүгнэлт хийж судалгааны үндсэн дээр төрийн байгууллагуудтай ажиллана. Иймээс танхим судалгааны Тинк Танк байгууллага байх ёстой. Жижиг, дунд, том бизнес эрхлэгчдийн өмнө тулгамддаг асуудал, эрэлт хэрэгцээ өөр өөр байдаг учраас бид гишүүн байгууллага бүрийнхээ хэрэгцээ шаардлагад тулгуурласан үйлчилгээг технологийн шинэ шийдэлд тулгуурлан бий болгоно. Түүнчлэн манай гишүүдийн өмнө тулгардаг хөрөнгө оруулалт, санхүүжилт, хүний нөөц, зах зээлээ өргөжүүлж гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах зэрэг олон тулгамдсан асуудал байдаг учраас манай багийнхан эдгээр асуудлуудаа шийдвэрлэхэд нь гишүүн байгууллагууддаа тусалж ажиллана.

-Хямд хүүтэй санхүүжилт татах тал дээр ажиллах бололцоо танхимд бий юу?

– Бизнес эрхлэгчдийг хөгжүүлэх , бизнесээ өргөжүүлэхэд хэрэгтэй хамгийн чухал асуудлуудын нэг нь таны сонирхсон асуудал. Компаниудад юуны түрүүнд хөрөнгө оруулалт, санхүүжилт хэрэгтэй. Гадаад зах зээлийн эх үүсвэрүүдээс хөрөнгө оруулалт татаж хувийн хэвшлийнхнийг холбож өгөх ажлуудыг хийх нь нэн чухал байгаа. Жишээ нь, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн 90 гаруй хувь нь банкны зээл. Банкны зээлийн доод хүү 20 хувь. Тэгэхээр компаниуд доод тал нь 40 хувийн ашигтай бизнес эрхлэх шаардлагатай нүүр тулдаг. Дэлхийд жамаараа хөгжиж яваа бизнесийн хувьд 40 хувийн ашигтай бизнес гэдэг бол супер гэсэн үг. Гэтэл манай компаниуд 40 хувийн ашигтай ажиллахгүй бол эргэлтийн хөрөнгөө ч санхүүжүүлж чадахгүй, маш олон бэрхшээл дунд зүтгэж байна. Энэ бол бизнесийн хамгийн муу орчин. Түүнчлэн Монголын бүтээгдэхүүнийг экспортод гаргах чиглэлд түлхүү анхаарна. Бас нэг том асуудал бол төрийн бизнес. Төр өөрөө бизнес эрхлэгч болоод хувийн хэвшилтэй өрсөлддөгийг багасгахгүй бол бизнесийнхэн жамаараа хөгжиж чадахгүй. Төр өөрөө том бизнес эрхлэгч, том хөрөнгө оруулагч, том худалдан авагч болчихсон учраас компаниуд төрийн тендер рүү зүтгээд байна.

-Сүүлийн дөрвөн жилд танхим сайн ажиллаагүйгээс болж хувийн хэвшлийнхэнд сөрөг нөлөө учирсан гэвэл та юуг онцлох вэ?

– НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлэх зөв шийдлийг гаргаагүй, ЖДҮ эрхлэгчдийг дэмжих сан шиг төрийн сангуудын үйл ажиллагаанд хувийн хэвшлийн хяналтыг хэрэгжүүлж чадаагүй, төрөөс гаргасан олон хууль эрх зүйн актуудад хувийн хэвшлийн эрх ашгийг хамгаалах заалтуудыг оруулж чадаагүй гэх мэт олон зүйл байна.

-Яагаад, НӨАТ-ын хууль харин ч эерэг нөлөө ихтэй гэсэн тайлбар дуулддаг шүү дээ?

-НӨАТ-ын хууль худалдааны татварын нэг хэлбэр бөгөөд үйлдвэр эрхлэгчдэд дарамт болдог хууль л даа. Жишээ н ь , худалдаа эрхлэгч үйлдвэрлэгчээс 100 төгрөгөөр бараа аваад 10 хувь нэмээд 110 төгрөгөөр зарж байна гэж бодъё. НӨАТ-ын хуулийн үндсэн санаа нь худалдаа эрхлэгчдийн нэмсэн 10 төгрөгөөс татвар авах ёстой гэсэн үг юм. Энгийнээр хэлбэл худалдаа эрхлэгчийг үйлдвэрлэгчийн үнэ дээр хэт өндөр үнэ нэмж зарахаас сэргийлэхэд тусалдаг гэж хэлж болно. Гэтэл 110 төгрөгийн бараанаас 11 төгрөгийн татвар авчихаж байна. Үүгээрээ л үйлдвэрлэгчдэд дарамт болж байна. Иймээс үйлдвэрлэл сул хөгжсөн Монгол шиг улсын хувьд НӨАТ-ын хууль үйлдвэр эрхлэгчдэд маш том дарамт. Дээр нь хатуухан хэлэхэд үүгээр дамжуулж төр нэг том луйвар хийж байна. Саяхнаас эхлээд бид НӨАТ-ын баримтуудаа бүртгүүлдэг болсон. Ингэснээр Монголын гурван сая иргэн бүгдээрээ татварын байцаагч болсон. Үр дүнд нь татвараас зайлсхийх үйлдэл нэлээн багассан нь үнэн. Гэхдээ төр татвар гэж 10 хувийг нь авчихаад иргэндээ хоёрхон хувийг буцааж олгож байна. Яг үнэн хэрэгтээ НӨАТ-ыг эцсийн хэрэглэгч иргэн төлж байгаа. Энгийнээр хэлбэл төр нэг гараараа НӨАТ гэж иргэн Доржийн халааснаас 10 төгрөг авчихаад, нөгөө гараараа “Танд буцаагаад өглөө шүү” гээд хоёрхон төгрөг сарвайж байгаа л хэрэг. Үнэхээр иргэддээ хайртай юм бол арван хувийн татвараа бүтнээр нь буцаагаад өгчих хэрэгтэй. Учир нь иргэдийн худалдан авах чадвар муу байна, жилээс жилд иргэдийн бодит орлого багасч байна.

Categories
мэдээ нийгэм

Галзуу өвчнөөс сэргийлье

Он гарсаар галзуу өвчний эрсдэлд өртсөн тохиолдол ГовьАлтай, Дорноговь, Дундговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хэнтий, Завхан аймгийн 16 сум, нийслэлийн 3 дүүргээс галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 37 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс, тэмээнд 1(2.7%), мануулд 3(8.1%), эзэнтэй нохойд 7(18.9%), эзэнгүй нохойд 7(18.9%), үнэгэнд 7(18.9%), чононд 12(32.4%) уруулж ноцуулж вакцин, ийлдэс эмчилгээнд хамрагдсан. Мал, амьтны дунд галуугийн өвчлөл ихсэж буйтай холбогдуулан ЗӨСҮТ-өөс ард иргэдэд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

  • Галзуу өвчний эрсдэлд өртөх аливаа эрсдэлээс сэргийлж, сонор сэрэмжтэй байх
  • Мал,тэжээвэр амьтны зан авирыгажиглаж, өөрчлөлт илэрсэн үед яаралтай мал эмнэлгийн байгууллагад мэдээлэх
  • Гэрийн тэжээвэр амьтныг бүртгэлжүүлж, урьдчилан сэргийлэх үзлэг, дархлаажуулалтад хамруулах
  • Хэрэв галзуугийн сэжигтэй мал, амьтны дайралтад өртсөн тохиолдолд нэн даруй савантай усаар шархыг 10-15 минут сайтар хөөсрүүлэн угаах, эмнэлэгт яаралтай хандаж, вакцины бүрэн тунд хамрагдах
  • Малчид бэлчээрт зэрлэг амьтны дайралтад өртөхөөс сэргийлэх, шалтгаан тодорхоогүй мал, амьтан үхсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна.