Categories
мэдээ нийгэм

Эм, биологийн идэвхит бүтээгдэхүүний сурталчилгааны 45 хувь нь цахим орчинд цацагдаж байна

Мэргэжлийн хяналтын байгууллагаас өнгөрсөн хоёр жилд эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний сурталчилгаанд тандалт судалгаа хийхэд цахим орчин, фэйсбүүкт 45 хувь, телевизээр 35 хувь, богино долгионы радиогоор 15 хувь нь цацагдаж байжээ. МХЕГ-аас энэ төрлийн зар сурталчилгаанд тавих хяналт, зохицуулалтыг эрчимжүүлэн сайжруулах, мэдээллийн үнэн бодит байдлыг хангуулах, хууль бус сурталчилгааг таслан зогсоох, иргэдийг төөрөгдөлд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Оюуны өмчийн газар, Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөл хэлэлцүүлэгт оролцож, энэ төрлийн зар сурталчилгааны талаар хийгдэж буй ажил, тулгамдаж буй асуудлуудаа тодорхойлж, зөвшилцөв.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Энэтхэгийн шинэ Элчин сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Мохиндер Пратап Сингхийг хүлээн авч уулзав.Хоёр орны улс төрийн харилцаа өндөр түвшинд хөгжиж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд түүх, соёлын эртний харилцаатай Энэтхэг Улсыг бүс нутаг дахь гол түнш, тус улстай хөгжүүлж байгаа Стратегийн түншлэлийн харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгдөг гэв.

Цаашид улс төрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлж, дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг нэмэгдүүлэхийн төлөө байна гэлээ. Мөн аюулгүй байдал, батлан хамгаалах, хил хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахын төлөө Элчин сайд идэвх санаачилгатай ажиллана гэдэгт итгэлтэй байна гэв.

Монгол Улс нь Энэтхэг Улсын хувьд чухал анд нөхөр, бүс нутаг дахь түнш орон. Харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө чармайн ажиллана гэдгээ Элчин сайд М.П.Сингх хэлэв.

Уулзалтын үеэр Газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар ярилцлаа. Энэ төсөл нь харилцаа, хамтын ажиллагаанд шинэ хуудас нэмсэн, түүхэнд тэмдэглэгдэн үлдэх бүтээн байгуулалт гэдэгт талууд санал нэгдэв.

Энэтхэгийн тал нэмэлт санхүүжилтийг баталгаажуулах, үйлдвэрт ажиллах монгол инженер, техникийн ажилтнуудыг сургаж бэлтгэх, “Инженерс Индиа Лимитед” компанийн Төлөөлөгчийн газрыг Улаанбаатар хотод нээх, Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлгээр суралцах иргэдийн тоог нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр ажиллаж байгааг Элчин сайд М.П.Сингх хэлэв.

Categories
мэдээ спорт

Мөсөнд авиралтын ДАШТ болно

ОХУ-ын Киров хотноо ирэх гуравдугаар 8-10-нд мөсөнд авиралтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.Энэхүү тэмцээнд манай улсаас хоёр тамирчин өрсөлдөх юм. Тодруулбал, дасгалжуулагч Ц.Хосбаяр, Х.Нямдоо нарын удирдлага дор “Сутайн бор” клубын тамирчин О.Сайханжаргал хурд болон техникийн төрөлд, тамирчин ОУХМ Н.Хэрлэн хурдны төрлөөр өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна. ОУХМ Н.Хэрлэнгийн хувьд өнгөрсөн 7 хоногт АНУ-д Дэлхийн цанын АШТ цувралын дараа ОХУ-ын Москва хотод өнөөдөр ирсэн байна. Тэрээр Киров хотод ирж ДАШТ-ий бэлтгэлээ хийнэ. Монголын уулчдын үндэсний холбооны баг тамирчид ийнхүү дэлхийн шилдгүүдтэй Киров хотноо ур чадвараа сорин өрсөлдөнө.

Categories
мэдээ улс-төр

НИТХ: МАН-ын бүлэг завсарлага авлаа

НИТХ-ын хуралдаан үргэлжилж байна. Ардчилсан намын бүлгээс нэг цагийн завсарлага авсан бөгөөд тооллогын комисс батлах эсэх асуудал дээр маргаан үүсч, ийнхүү Ардчилсан намын бүлэг нэг цагийн завсарлага авсан байсан юм.

Энэ үеэр төлөөлөгч Э.Бат-үүл “Хуралдаан даргалж чадахгүй байгаа Б.Батнасанг өөрчилье. Бүлгийн дарга улс төрийн зорилгоор санал хураах гэж байгааг бид дэмжих юм уу. Бүр ичгүүргүй мэдээлэл хийдэг боллоо” гэв. Тэрбээр хурал даргалагчийг өөрчлөх горимын санал орууллаа. Хурлыг даргалагч Б.Батнасан “Дэгийн дагуу хурлыг явуулах гэж хичээлээ. Би санал хэлэх нэрс аваагүй байхад та нар дайраад байгаа. Би дэгийн дагуу удирдаад явж байна гэж бодож байна” гэсэн тайлбарыг өглөө.

НИТХ-ын хуралдаанаар Хотын даргад өрсөлдөгчдийн санал хураалтыг зохион байгуулах комиссыг томилох эсэх асуудлыг хэлэлцэх гэж байсан ч МАН-ын бүлгийн зүгээс дахин нэг цагийн завсарлага авлаа.

МАН-ын бүлгийн дарга Р.Дагва нэг цагийн завсарлага авах шалтгаанаа ийн тайлбарлалаа. Тэрбээр “Тооллогын комисс нийтдээ гурван субьектээс арван хүний нэр дэвшүүлсэн. Арван нэр дотор нэг нэр хоёр хүний саналаас гараад давхцсан. Давхцсан болохоор нийтдээ есөн хүний нэр тооллогын комисст нэр дэвшээд байгаа юм. Сая таван хүний нэр дэвшсэн асуудал унасан учраас цаана нь дөрвөн хүний нэр үлдээд байна. Толлогын комиссын гишүүдийн тоо нь тав. Тийм учраас нэг цагийн завсарлага авч байна.” хэмээв. Өнөөдрийн хуралдаанаар нийтдээ АН хоёр, МАН нэг удаа, нийтдээ гурван удаагийн нэг цагийн завсарлага аваад байна.

Categories
мэдээ нийгэм

Бүргэдийн баяраар автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

Шувуучлахуйн соёл нь тэртээ 6000 жилийн өмнөөс өнөөг хүртэл харцага, шонхор, бүргэд зэрэг махчин шувууг гаршуулан дасган ан авд сургадаг Төв Азийн нүүдэлчин ард түмний зан заншил юм. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасаар тархан нутагладаг цармын бүргэд нь харцагынхан овгийн хүчирхэг махчин шувуу бөгөөд 2500-3000 метр өндрөөс хулгана, зурам андахгүй хардаг хурц хараатай, үнэг, хярс, туулай, тарвага зэргээр хооллодог ба 30-50 жил насалдаг байна. Анч бүргэдэд голдуу эм бүргэдийг сонгох ба нисэх чадвараа олон идэш тэжээлдээ явж сурсан бүргэдийг барьж авч тэжээхэд харьцангуй номхон, хурдан сурдаг, өөрийн хүчинд тохирсон амьтан руу довтолдог, гэрийн мал руу дайраад байдаггүй. Шувуучлахуйн зан үйлийг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол Монгол Улс юм. Баян-Өлгий аймагт тэжээгдэж буй бүргэдийн 70 хувь нь 1-4 настай бөгөөд 5-6 насанд нь байгальд буцааж тавьдаг. Ийнхүү буцаах нь эргээд нөхөн үржих, тоо толгой өсөхөд хэрэгтэй ажээ. Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх зорилгоор БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо хамтран “Нүүдэлчдийн өвөл 2019 – Бүргэдийн баяр” арга хэмжээг 2019 оны гуравдугаар сарын 3-4ний өдрүүдэд “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулах гэж байна. Бүргэдийн баяр буюу Шувуучлахуйн уламжлалт зан үйлийг 2010 онд ЮНЕСКО-ийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өв”-д албан ёсоор бүртгэн тунхагласан байна.

Мөн баярын өдрүүдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчлэнэ.
Хөдлөх цэг: Сүхбаатрын талбайн урд талын авто зогсоол
Хэзээ: 3-р сарын 3,4-ны өдрүүдэд
Хотоос хөдлөх цаг: 09:00, 10:00
Чингисийн хүрээнээс хөдлөх цаг: 16:00, 17:00

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Буянт: Уулын цанын спортын оноо нь буурч тооцогддог

Дэлхийн оюутны өвлийн универсиад 2019 наадмын үдэн гаргах ёслол боллоо. Уг наадам ОХУ-ын Красноярск хотноо 2019 оны гуравдугаар сарын 2-12-нд өвлийн спортын 11 төрлөөр зохиогдоно. 29 дүгээр Универсиад наадамд 60 орны 3500 гаруй оюутан тамирчид, төлөөлөгчид оролцох юм. Монголын оюутны холбоо, БСШУСЯ, БТСГ-тай хамтран цана, цанын орон зай баримжаалах, шорт трейк, уран гулгалт, фристайлын таван төрөлд 16 тамирчин, зургаан дасгалжуулагчаа илгээж байна.

Ёслолын ажиллагааг нээжМонголын оюутны спортын холбоо (МОСХ)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан үг хэллээ. Тэрбээр “МОСХ, БТСГ-ын хамт олны урилгыг хүлээн авч энэ ёслолд оролцож байгаа та бүхэнд талархал илэрхийлье. Монголын оюутан залуучууд дэлхийн универсиад наадамд 14 дэх удаагаа оролцох гэж байна. Универсиад наадам анх 1960 онд зохион байгуулагдсан түүхтэй. 29 дэх удаагийн наадам эхлэхэд бэлэн болсон байна. Ердөө дөрөв хоногийн хугацаа үлджээ. Монгол Улсаас 16 тамирчин, зургаан дасгалжуулагч, албаны дөрөв нийт 26 хүний баг бүрэлдэхүнийг өнгөрсөн хэдэн сарын турш бэлтгэн, дасгалжуулж бусад асуудлуудыг шийдвэрлэн ажиллаа. Эхний ээлж баасан гаригт явна. Тамирчдыг тосгон нээгдээд, ихэнх орны тамирчид очоод бэлтгэлээ базааж байгаа. МОСХ шинэ спортын төрлийг үүсгэж хөгжүүлэхэд санаачлагч нь байж ирсэн. Одоо ч гэсэн зорьсон чиглэлээрээ ажилласаар байна. Энэ наадамд Япон Улсад суралцаж байгаа нэг оюутныг уран гулгалтын төрөлд оруулахаар бэлтгэсэн. Мөн уулын цанын фристайлын төрлөөр хоёр тамирчин, цанын орон зай баримжаалах тамирчдыг шинээр бэлтгэж, өмнө нь хичээллэж байсан сургагч дасгалжуулагчаар нь заалгаж, бэлтгэлээ. 2017 онд Алматад болсон наадамд хоёр спортын төрлөөр 14 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид явж байсан бол энэ удаа хоёр дахин илүү тамирчдаа илгээж байна. Зөвхөн тамирчид өрсөлдөөд өнгөрөхгүй, таван их дээд сургуулийн арван багш гурван хоногийн турш явагдах эрдэм шинжилгээний хуралд оролцохоор МОСХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, профессор Л.Цэрэнсодномоор ахлуулсан баг явж байна. Универсиад наадамд оролцоход бидэнтэй хамтран ажиллаж дэмжлэг туслалцаа үзүүлсэн БСШУСЯ, БТСГ, Цанын холбоо, Тэшүүрийн холбоо болон нийт дасгалжуулагч, их дээд сургуулиудын багш удирдлагууд та бүхэндээ МОСХ болон универсиад наадамд явах баг тамирчдаа төлөөлөн талархлаа илэрхийлж, спортын өндөр амжилт хүсье” гэв. Үүний дараа БТСГ-ын дарга Ц.Шаравжамц тамирчдад хувцас хэрэглэлийг гардуулан өглөө. Тус хувцас хэрэглэлд төрөөс 50 сая төгрөгийн санхүүжилт хийснийг дурдсан юм. Мөн 29 дүгээр универсиадад оролцох тамирчид тангараг өргөж, дэлхийн оюутны өвлийн универсиадад чин шударга өрсөлдөнө гэдгээ тангараглав. Ёслолын төгсгөлд БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан нар багийн тугч, ОУХМ Б.Ачбадрахад Монгол Улсын төрийн далбааг гардуулан өглөө. Энэ үеэр уулын цана, фристайлын төрөлд оролцох тамирчин Г.Буянттай ярилцлаа.

-Уулын цанаар хичээллээд хэр удав, ямар амжилтууд гаргасан бэ?

-Уулын цанаар 11 жил хичээллэсэн. Өмнөх дэлхийн оюутны өвлийн универсиадад оролцож байсан. Мөн Азийн наадам, Азийн цом, Азийн универсиад наадамд орсон. Азийн наадамд 26 дугаар байрт орж байсан.

-Уулын цанын спорт тамирчнаас ямар чадвар шаарддаг вэ?

-Бие бялдар, тэсвэр тэвчээр гэх мэт хүчний бүхий л чадварыг шаарддаг. Хурд хүч шаардсан спорт л доо.

-Бэлтгэл сургуулилтаа хаана хийдэг вэ? Монголд бэлтгэл хийх боломж нөхцөл хэр байх уу?

-Монголд скай ресортын цанын баазад бэлтгэлээ хангадаг. Гадаадын тэмцээн болох баазуудыг бодвол жижигхэн л дээ. Гэхдээ боломж нөхцөлдөө тааруулаад бэлтгэлээ хийнэ дээ.

-Энэ удаагийн тэмцээнд анх удаа хоёр төрлөөр зэрэг оролцоно гэсэн үү?

-Тийм. Уулын цана болон фристайлын төрлөөр оролцоно.

-Фристайлын төрөл уулын цанаас хэр ялгаатай вэ? Хослуулан хичээллэхэд хүндрэл гарах уу?

-Уулын цанатай фристайл төрөл ерөнхийдөө адилхан. Агаар дээр харайдаг. Хурдан буудаг. Ер нь бол цанатай снөүбоард гэж ойлгож болно. Хослуулан хичээллэхэд хүндрэл гардаггүй.

-Фристайл Монголд хөгжих боломж нөхцөл хэр вэ?

-Миний хувьд уулын цанаа бодвол фристайл төрөл арай хөгжих магадлалтай юм болов уу гэж боддог. Монгол хүний бие физиологи, тэсвэр тэвчээрт арай ойр санагддаг. Уулын цанын алпинэ скинг төрөл нь хурдтай туг сүлждэг төрөл юм.

-Цаашдын зорилго юу вэ?

-Универсиаддаа амжилттай оролцох, дэлхийн аварга, олимп гээд зорилтууд байна.

-Универсиад нь олимпийн эрхийн оноо олгох уу?

-Дэлхийн цанын холбоо буюу ФИС-ийн катагорид орсон бүх тэмцээнд оролцвол олимпийн эрхийн оноо олгодог. Уулын цанын спортын оноо нь буурч тооцогддог. 5000-аас доош бууж 150 руу орвол олимпийн эрхээ авна. Ер нь ФИС-ийн тэмцээн уралдаанд оролцоод оноогоо цуглуулаад байвал олимпийн эрхээ авах магадлалтай.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн оюутны спортын өвлийн наадамд оролцох тамирчдыг үдлээ

ОХУ-ын Красноярск хотноо 2019 оны 03 дугаар сарын 02-12-нд Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX Универсиад наадам спортын 11 төрөлд болж 60 орны 3500 гаруй төлөөлөгчид оролцоно. Манай улсаас цана, цанын орон зай баримжаалах, шорт трейк, уран гулгалт, фристайлын спортын таван төрөлд 16 тамирчин, 6 дасгалжуулагч, албаны 4 нийт 26 хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор бэлтгэлээ хангаад байна. Баг тамирчдыг үдэн гаргах ёслол Спортын төв ордонд болж БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, ОХУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны 1 дүгээр нарийн бичгийн дарга М.В.Джеваков, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан нарын албаныхан үг хэлж, амжилт хүслээ.

Ёслолын үеэр баг тамирчид тангараг өргөж, БТСГ, МОСХ-ноос бэлтгэсэн Испаний “КЕЛМЕ” брендийн 8-н иж бүрдэл хувцасыг захиалан хийлгэснээ гардуулан өглөө. Тамирчдад Монгол улсын төрийн далбааг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан багийн тугч цанын тамирчин, ОУХМ Б.Ачбадрахад гардуулан өгч амжилт хүслээ. Өвлийн Универсиад наадамд Монголын баг тамирчид анх 1991 оны Японы Саппоро хотноо болсон арга хэмжээнээс эхлэн оролцож байсан түүхтэй. Түүнээс хойш Монголын оюутан тамирчид 14 дэх удаагаа өвлийн Универсиад наадамд хүчээ сорьж байна. Монголын тамирчид Универсиадаас медаль авч чадаагүй ч гэсэн дэлхийн орнуудтай адил энэхүү том наадамдаа тамирчдаа бэлтгэн оролцуулах, тамирчид хувийн амжилтаа ахиулах, олимпийн оноого нэмэх зорилготой оролцож байна.

Энэ удаагийн наадмаас эхлэн Монголчууд анх удаагаа уран гулгалт, цанын орон зай баримжаалах спорт, фристайлын төрлүүдэд оролцож байна.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж байна

“Тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүэлх хэрэгслийн бүрэн бүтэн байдал” хэсэгчилсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд тээврийн хэрэгслийн хяналтын үзлэгт хамрагдаж байгаа гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим, гэрэлтүүлэх хүч нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохирч байгаа эсэх, тохироогүй зөрчилтэй тээврийн хэрэгслийн зөрчлийг арилгуулах чиглэлд АТҮТ-ийн салбартай хамтран ажиллаж байна. Хяналт шалгалтаар МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт “Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт” мөн MNS 4598:2011 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” стандартыг зөрчсөн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7.41 болон 14.7.14 дэх хэсэгт заасны дагуу тус тус хариуцлага тооцож ажиллаж байна. Техникийн бүрэн бус байдлаас шалтгаалсан ослын 60 орчим хувь нь орон нутгийн замд бүртгэгддэг бөгөөд үүнээс шалтгаалж ослын үед автомашин шатах, дэлбэрэх зэрэг аюултай байдаг. Иймд жолооч та хөдөлгөөн эхлэхээсээ өмнө тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж, бүрэн хангасны дараа хөдөлгөөнд оролцож хэвшихийг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Ойн цэвэрлэгээ арчилгааг хийж байна

Улсын хэмжээнд хаврын хуурайшилт эхлэхээс өмнө ойн цэвэрлэгээний ажил хийгддэг. Энэ оны ойн цэвэрлэгээ арчилгааны ажил эхлээд байгаа бөгөөд ойн цэвэрлэгээ хийх газрын судалгааг гаргуулж мэргэжлийн аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлдэг байна. Өнөөдрийн байдлаар Богдхан уулын тусгай хамгаалалтын бүсэд хэсэгчилсэн ойн цэвэрлэгээний ажлыг зургаан аж ахуйн нэгж байгууллага гүйцэтгэж байгаа юм. БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын даргын түр орлон гүйцэтгэгч Б.Оюунсанаа, “Иргэд ойн цэвэрлэгээ нэрийн дор нойтон, ногоон мод огтолчихвий, далимдуулаад хууль бус бизнес хийчихвий зэрэг асуудалд анхаарал хандуулдаг . Харин мэргэжлийн байгууллагууд болон холбогдох төрийн байгууллагаас ойн цэвэрлэгээний үед нэг ч ногоон мод огтлох ёсгүй гэдгийг хэллээ. Тэр ч үүднээс ойн цэвэрлэгээ хийж байгаа компаниуд хариуцсан хэсэгтээ иргэдэд ойлгомжтой байдлаар мэдээллийг байршуулж Ойн цэвэрлэгээ хийгдэж байгаа талаарх таних тэмдэг нэр хаягтай байгаа гэдгийг онцоллоо. Ойн цэвэрлэгээний ажлыг хаврын хуурайшилт эхлэхээс өмнө хийдэг нь гал түймэр гарахаас урьдчилан сэргийлэхээс гадна хортон шавж бусад мод бут руу тархахаас урьдчилан сэргийлдэг юм байна.

Categories
мэдээ улс-төр

НИТХ: АН нэг цагийн завсарлага авлаа

Нийслэлийн Засаг даргыг томилох хуралдаанд АН-ын бүлгийн зүгээс хоёр цагийн завсарлага хүссэн боловч хурал даргалагч асуудлыг хурдан явуулах нь зүйтэй гэж үзэн тус бүлэгт нэг цагийн завсарлага өглөө. Ийнхүү хуралдаа өнөөдөр гуравдахь удаагаа завсарлаж байна.