Categories
мэдээ нийгэм

​БСШУС-ын сайд МУИС-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзав

БСШУС-ын сайд МУИС-ийн удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзан, “Өрсөлдөх чадвартай дээд боловсрол” төслийн үйл ажиллагааг идэвхжүүлэх тухай ярилцлаа.

Тэрбээр, тус төслийн хүрээнд барих хичээлийн VI байрны газрын зөвшөөрлийн асуудлаар Хотын захиргаанд уламжилж дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд, Үнэлгээний хороог өргөтгөн, эрчимтэй ажиллуулах чиглэл өгөв.

МУИС-ийн удирдлага дээд боловсролын хүрээнд болон тус сургуулиас цаашид хэрэгжүүлэх шаардлагатай, бодлогын дэмжлэг хүссэн албан хүсэлт, саналыг сайдад танилцуулав. Тухайлбал, Засгийн газраас баталсан Судалгааны их сургуулийн талаар баримтлах бодлого, төрийн өмчит их, дээд сургуульд олгодог тогтмол зардлын санхүүжилтийг сүүлийн жилүүдэд олгоогүй бөгөөд энэхүү зардлыг төсвийн тодотголоор шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Түүнчлэн, Оюутны хөгжлийн зээлийн журмыг эргэн харж зээл олгох голч оноог чухал хэрэгцээтэй байгалийн ухаан, инженер, багш, технологийн салбарын мэргэжлийн оюутанд уян хатан байдлаар өөрчлөх санал тавьсан юм.

Монгол Улсын Засгийн газар 2024 он гэхэд, Монгол Улсын 4 их сургуулийг Азийн шилдэг 100 их сургуулийн тоонд оруулах зорилт тавьсантай холбогдуулан МУИС нь олон улсын их сургуулийн эрэмбэ тогтоодог QS Ranking байгууллагатай хамтран ажиллаж байна. Тус байгууллага өнгөрсөн онд олон улсын эрэмбэ тогтоохтой холбоотой сургалт, зөвлөгөөнийг Монголын төрийн өмчит их, дээд сургуулиудыг оролцуулан зохион байгуулсан юм. МУИС, ШУТИС, СУИС, МУБИС зэрэг сургууль уг байгууллагаар эрэмбэ тогтоолгох хүсэлтээ илгээсэн тул, үүнтэй холбоотой гарах зардлыг цаашид улсын төсөвт суулгах санал гаргалаа.

МУИС-ийг түшиглэн докторын зэрэг олгох 17 зөвлөл ажилладаг бөгөөд зарим их сургуульд ажиллаж буй ийм ижил үйл ажиллагаатай зөвлөлийн давхардлыг арилгах, чанарыг сайжруулах, бүрэлдэхүүнийг өөрчлөхтэй холбоотой санал танилцуулав.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг тэдний саналыг хүлээн авч бодлогоор дэмжихэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Халуун үнс, нурам ил хаяснаас Шадивланд шар өвсний түймэр гарчээ

2019 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэрийн Шадивлан зусланд шар өвсний түймэр гарч, нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчид, нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах 34-р ангитай хамтран шуурхай арга хэмжээ авч түймрийн тархалтыг зогсоож унтраажээ. Түймэр гарсан шалтгааныг тодруулбал иргэдийн анхаарал болгоомжгүйгээс үүдэлтэй байгальд ил задгай халуун үнс, нурам хаяснаас шар өвсний түймэр дэгдсэн байна. 2019 оны 2, 3, 4 дүгээр саруудад ихэнх нутгаар салхитай, хуурайшилт ихтэй, олон жилийн дунджаас илүү дулаан байх төлөвтэй байгааг Ус цаг уур, орчны шинжилгээний газар болон Онцгой байдлын ерөнхий газраас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдэгдэл гаргасаар байгаа билээ. Иймд иргэд анхаарал болгоомжтой байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, ил задгай гал гаргахгүй байхыг Нийслэлийн Байгаль орчны газраас анхаарууллаа.

Categories
мэдээ спорт

Сагсанбөмбөгийн ДАШТ-д өрсөлдөх багуудын нэрийг зарлалаа

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос энэ оны Сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг БНХАУ-д олгосон. Тэгвэл тус тэмцээнд оролцох 32 багийн нэр эцсийн байдлаар тодорлоо.

Тухайлбал, Сагсан бөмбөгийн ДАШТ-2019 тэмцээнд Ази тивээс зохион байгуулагч орон болох БНХАУ-ын шигшээ баг болон Австрали, Иран, Япон, Йордан, БНСУ, Шинэ Зеланд, Филиппин, Африкаас Ангол, Кот Д’ивуар, Нигер, Сенегал, Тунис, Америк тивээс Аргентин, Бразил, Канад, БН Доминикан, Пуэрто Рико, АНУ, Венесуэл, Европоос Чех, Франц, Герман, Грек, Итали, Литва, Монтенегро, Польш, ОХУ, Серби, Испани, Турк улсын шигшээ баг хурд, хүчээ сорих юм байна.

Сонирхуулахад, ДАШТ-д орох шилдэг 32 багийн сугалаа ирэх сарын 16-нд урд хөршийн Шэнжень хотод болох аж.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-Монголын чиглэлд “Asiana” компани нислэг үйлдэхээр болжээ

БНСУ-Монголын чиглэлд нэмэлт нислэг үйлдэх эрхийг агаарын тээврийн “Asiana” компанид олгосон тухай БНСУ-ын Засгийн газраас даваа гарагт мэдээлэв.

Газар, дэд бүтэц, тээврийн яамны мэдэгдэлд тэмдэглэснээр, энэхүү шийдвэрийг тус яамны харьяа нислэгийн хөдөлгөөний хяналтын хороо гаргасан ажээ. Агаарын тээврийн “Asiana” компани нь үйлчилгээний чанараар БНСУ-д хоёрдугаарт жагсдаг бөгөөд энэхүү шийдвэр нь үйлчлүүлэгчдийн сонголтыг өргөжүүлж, тэдний сонирхолд нийцнэ хэмээн үзэж байгаа аж.

Энэ чиглэлд урьд нь “Korean Air” компани монопол байдлаа хадгалсаар ирсэн билээ. Зорчигч тээврийн шинэ үйлчилгээг нэвтрүүлснээр Инчеон олон улсын нисэх буудлаас Улаанбаатар хот руу хийх нислэг долоо хоногт гурваар нэмэгдэх юм.

Categories
мэдээ улс-төр

Гадаад харилцааны сайд ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн удирдлагыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Томас Гарреттийг хоёрдугаар сарын 25-нд ГХЯ-нд хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Монгол Улс тус байгууллагын идэвхтэй гишүүн орны хувьд үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, ойр дотно хамтран ажиллаж ирснийг тэмдэглээд манай ардчиллын ололт амжилт, тулгарч буй сорилтуудын талаар мэдээлж, Монгол Улс сонгосон ардчиллаа улам бэхжүүлэн хөгжүүлэхээ илэрхийлэв.

Ноён Гаррет Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар товч танилцуулж, Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа уулзалтын үеэр тэмдэглэв. Тэрбээр мөн тус байгууллагын 20 жилийн ойг тохиолдуулан Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын хурлыг 2020 онд Бухарест хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа танилцуулав.

Энэ дашрамд ноён Т.Гарретт нь 2000 онд Олон улсын Бүгд найрамдахчуудын хүрээлэнгийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газарт зөвлөхөөр ажиллаж байсан.

Categories
мэдээ нийгэм

“Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварыг илрүүлэх идэвхитэй тандалт” сэдэвт сургалт боллоо

Улсын гуравдугаар төв эмнэлэгт Эрүүл мэндийн яам, “Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр-5” төслөөс үе шаттай хэрэгжүүлж буй эмнэлгийн хог хаягдлын менежмент, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлэх, хянах төслийн хүрээнд “Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварыг илрүүлэх идэвхитэй тандалт” сэдэвт ажлын байран дээрхи дадлага сургалтыг 2019 оны 02 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус сургалтаар эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын хяналтыг илрүүлэх, идэвхитэй тандалтыг хийх арга аргачлал, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын тохиолдлын судалгаа, лабораторийн шалгуур үзүүлэлт, бүртгэх, мэдээллэх, нян судлалын лабораторийн шинжилгээний хариуг тайлбарлах талаар мэдлэг олгох зорилгоор зохион байгуулсан бөгөөд “ЭМСХХ-5” төслийн зөвлөх багийн ахлагч, Канадын Олон улсын эрүүл мэндийн зөвлөх Лүйс Томалти удирдан явууллаа.

Энэхүү сургалтанд УГТЭ-ийн чанарын менежер, эрчимт эмчилгээ, мэс заслын тасгийн эмч, сувилагч, тархвар судлаач, нян судлаач, сувилахуйн арга зүйч нар болон ХУД-ийн Нэгдсэн эмнэлгийн холбогдох эмч, ажилчдын төлөөлөл зэрэг нийт 30 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдлаа.

Categories
мэдээ нийгэм

Харьяа эрүүл мэндийн байгууллагуудын 2018 оны үйл ажиллагааны үр дүнг үнэллээ

НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал энэ сарын 22-нд боллоо. Тус хурлаар эмнэлгийн тусламж, үйлчилгээ болон нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр зохион байгуулж буй ажлууд, мөн цаашид хийхээр төлөвлөсөн томоохон ажлын талаар холбогдох хэлтсүүдийн зүгээс мэдээлэл хүргэсэн юм.

Тухайлбал томуу, томуу төст өвчин болон менингококкт халдвар, сүрьеэгийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, ирэх дөрөвдүгээр сард зохион байгуулагдах “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалт”, телемедицины судалгаа хийх зэрэг мэдээллийг өглөө.

Хурлын хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас харьяа эрүүл мэндийн байгууллагуудын 2018 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг эмнэлгийн удирдлагуудад танилцуулсан юм. Тус үнэлгээгээр эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны чанар, үзүүлэлтээр тэргүүлсэн, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шинэ арга, технологи нэвтрүүлсэн, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээр тэргүүлсэн байгууллагуудыг шагнаж урамшуулсан байна.

Шилдэг байгууллага:

1.Налайх дүүргийн эрүүл мэндийн төв

2.Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв

3.Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг

4.Нийслэлийн түргэн тусламжийн төв

5.Хонхор тосгоны эрүүл мэндийн төв

Шинэ арга, технологи нэвтрүүлсэн байгууллага:

1.Багануур дүүргийн эрүүл мэндийн төв

2.Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв

3.Нийслэлийн Өргөө амаржих газар

4.Нийслэлийн Амгалан амаржих газар

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээр тэргүүлсэн байгууллага:

1.Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв

2.Налайх дүүргийн эрүүл мэндийн төв

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Цагдаагийн газрын харьяа эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч нарт сургалт хийв

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор жил бүр зохион байгуулагддаг “Архидан согтуурахаас сэргийлэх 10 хоног”-ийн хүрээнд эрүүлжүүлэх байрны ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл, эмнэлгийн үйлчилгээ, ерөнхий шаардлага MNS 5527:2013 стандартын 5.3 дах заалтыг хангах зорилгоор Нийслэлийн Цагдаагийн газрын харьяа эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч нарт эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх аргад сургах танхимын болон гардан үйлдлийн сургалтыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зохион байгууллаа.

Тус сургалтанд Нийслэлийн Цагдаагийн газрын харьяа эрүүлжүүлэх, саатуулах байрны 37 эмч хамрагдаж, сургалтыг НТТТ-ийн үндэсний сургагч багш нар удирдан явуулсан юм.

Сургалтын төгсгөлд НЭМГ-ын мэргэжилтэн Л.Батцэцэг, НЦГ-ын Хэв журмын хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Ш.Батболд, ахлах байцаагч цагдаагийн хошууч Д.Адьяахүү, НТТТ-ийн орлогч дарга С.Ариунболд нар хэлэлцүүлэг хийж, тулгамдаж буй асуудал болон цаашид хийх ажлын талаар ярилцаж, мэдээлэл солилцлоо.

Categories
мэдээ нийгэм

Сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн захидлыг гардууллаа

2019 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Оттава хотноо зохион байгуулагдсан Өвлийн баярын арга хэмжээний үеэр Элчин сайд Я.Ариунболд Канад Улсын Амбан захирагч Жюли Пает-д Монгол Улсын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаагаас ирүүлсэн захидлыг хүндэтгэлтэйгээр гардуулсанд Амбан захирагч талархан хүлээн авав.

Categories
мэдээ соёл-урлаг

“Чингис хааны цагаан үүл”-ийг тайзнаа тавилаа

Чингиз Айтматовын өгүүллэг, Елена Баранчиковагийн жүжгийн зохиолоор Мусалим Кульбаевын найруулсан “Чингис хааны цагаан үүл” жүжгийн нээлтийн тоглолт ОХУ-ын Башкирын Мажита Гафурын нэрэмжит Эрдмийн драмын театрын тайзнаа 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр болов.

Жүжгийн нээлт дээр Башкирын Эрдмийн драмын театрын уран сайхны удирдагч Олег Ханов хэлсэн үгэндээ “манай театрын тайзнаа энэхүү жүжиг тавигдаж буйд ач холбогдол өгч өөрийнхөө төлөөллийг нээлтийн ажиллагаанд оролцуулж, дэмжлэг үзүүлж буй Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаад чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлэхийг хүсч байна” хэмээн онцлон тэмдэглэв.

Хүч чадал, хайр дурлал, нөхөрлөл, чанд сахилга бат, дэг журмын тухай өгүүлсэн энэхүү жүжгийн Чингис хааны дүрийг ОХУ-ын Ардын жүжигчин Хурматулла Утяшев, Бөртэ хатны дүрийг ОХУ-ын Гавьяат жүжигчин Эльвира Юнусова, Эрдэнийн дүрийг Артур Кабиров, Догулангийн дүрийг Зилия Халилова, Алтангийн дүрийг Башкир улсын Ардын жүжигчин Сара Буранбаева нар бүтээжээ.

Жүжгийн нээлтэд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмааг зохиолч болон театрын удирдлагаас урьсан бөгөөд түүнийг төлөөлж, тус яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Баярхүү оролцов. Тоглолтын дараа Ж.Баярхүү Башкирын Мажита Гафурын нэрэмжит эрдмийн драмын театрын дарга И.И.Файзуллин, “Чингис хааны цагаан үүл” жүжгийн зохиолч Е.Баранчикова нартай уулзаж, жүжгийн зохиолч Е.Баранчиковад Элчин сайдын хүргүүлсэн цэцгийн баглааг өргөн барив.