Categories
мэдээ цаг-үе

Баартуугийн Зангад: Монголын домогт уран бүтээлчдийн дууг би бараг аялсан даа, аялсан

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Баартуугийн Зангадтай уулзаж хөөрөлдлөө.


-Монголын нийтийн уянгын дууны нэрт мастер, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Жамбалын Шараагийн 80 насны ой сайхан боллоо. Та энэ уран бүтээлчийн олон сайхан дууг дуулсан биз?

-Монгол Улсын консерватори Монголын хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч, хөгжмийн зохиолч Ж.Шараагийн маань 80 насны ой болон “Уянга яруу дэлгэрхэн дэлхий” шинэ номын нээлт, “Эх орны уянга-2” цомгийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэж байгаад уран бүтээлийн хамтран зүтгэгч хүний хувьд би талархалтай хандаж байна. Шараа маань түрүү зууны жараад оноос уран бүтээлийн гараагаа эхэлж, нийтийн дууны ертөнцөд авьяас билгээ сорьж эхэлсэн. Мянга есөн зуун жараад он гэдэг Монголын зохиолын дууны их ургацын жилүүд байсан л даа.

-Урлагийн их тэсрэлт, алтан үеийнхэн гэж яригддаг даа?

-Тийм. Зохиолын дууны их ургацын жилүүд байсан л гэж би хэлнэ. Тэр үед зохиолын дуу бичдэггүй хөгжмийн зохиолч гэж байгаагүй. Агуу их хөгжмийн зохиолч Самбын Гончигсумлаа, Г.Бирваа, Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, Дагвын Лувсаншарав гуай гээд бүгд дууны төрлөөр уран бүтээлээ гайхамшигтай туурвиж байлаа. Тэдэн дотроос хамгийн залуу нь манай Шараа байсан. Онгод цалгилсан цэл залуухан тэр насандаа нийтэд хамгийн их түгсэн “Хавар ирлээ шүү, хүүхнүүдээ”, “Хар ус нуурын шагшуурга”, “Дуучин болов оо, би”, “Гэгээн өглөө сайн байна уу” зэрэг сайхан уран бүтээлүүд туурвисан нь өнөөдөр Монголын дууны урлагт байр сууриа эзэлсэн хүнд хэлэх үгтэй, хүнд сонсгох хөгжим дуутай болгожээ. Намайг яваад ороход охид бүсгүйчүүдийн дунд “Хавар ирлээ шүү, Зангад аа” гэх онигой ч маягийн яриа тархсан л байсан. Бид хоёр Хөгжим бүжгийн сургуулийн намхан шар байшингийн 35, 36 гэсэн зэргэлдээ хоёр өрөөнд ажилладаг байлаа. Шараа Намсрайжавын шүлгээр “Чиний минь хайр” гэсэн дууг 1962 онд зохиосныг би дууллаа. Тэрнээс хойш 1968 он хүртэл зохиосон “Миний ээж”, “Мөрөөсөл”, “Эх орны тухай дуу” гээд бараг бүх дууг нь дуулсан шүү. Тэр сайхан дуунуудын анхны дуулагч болсон би азтай хүн юм даа.

-Шинэ, хуучин он солигдох мөчид таны дуулсан шинэ жилийн дуу эгшиглэх ч бас сайхан шүү?

-Жаран хоёр онд ардын жүжигчин С.Гончигсумлаа гуай “Сүлд модны наадмын дуу”-гаа бичиж, агуу их яруу найрагч Жамцын Бадраа гуай шүлгийг нь бичсэн. Арванхоёрдугаар сарын 29-нд бичлэгт орж 31-нд эх орон даяар араажаваар цацагдаж байлаа. Тэрнээс хойш энэ жил тавин долоо дахь жилдээ дуулагдаж байна даа.

“Сүрлэг Монгол орныхоо

Өлчир жавхааг бадраасан

Сүлд модныхоо наадамд

Өвлийн элчийг тойруулцгаая аа…” гээд сайхан ч үгтэй дуу даа. Хожим энэ дууг соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа хоёртой шинэчлэн дуулсан шүү дээ. Гончигсумлаа гуай, Бадраа гуай нарын энэ дуу аялагдахгүйгээр хоёр он солигдох тухай төсөөлөхийн аргагүй юм. Тийм агуу дуу юм. Шинэ жилийн тухай олон ч уран бүтээлч өрсөлдсөн. Тэднээс ингэж он жилийн хойно шалгарч цолгорч үлдэнэ гэдэг уран бүтээлийн чанарын талаар ярихаас аргагүйд хүргэнэ.

-Алтан үеийнхэн маань зохиол бүтээлээ ёстой чин сэтгэлээсээ л туурвидаг байсны шинж дээ?

-Ахмад үеийнхэн маань зохиол бүтээлээ хийхдээ онгод хийморио цалгиулан байж туурвидаг байж. Ахмад үеийнхэн уран бүтээл хийхдээ мөнгөний талаар ярьдаггүй, мөнгөөр цэгнэж уран бүтээл хийдэггүй сэтгэлийн болоод авьяасын уран бүтээл туурвиж байсныг эндээс тодорхой харж болно.

-Та Шараа гуай шиг наяад насны босго алхчихсан хүн. Урлагийнхан тэтгэвэрт гардаггүй гэсэн үг байдаг. Та шинэ уран бүтээл туурвиж байна уу. Мэдээж дуулуулах урилга бол их ирдэг биз ээ?

-Яах вэ, яахав. Олны буянаар урилга ирнэ. Би бол зохиогч, бүтээл туурвидаг хүн биш, гүйцэтгэгч уран бүтээлч учраас олны дэмээр энэ агуу уран бүтээлчдийн бүтээлийг олон түмэнд хүргэх сэтгэлийн хөвч минь алдраагүй байна. Хоёр он солилцох мөчид “Сүлд модны наадмын дуу”-г дуулуулах сонирхол, дуулж өгөөч гэсэн хүсэл тэмүүлэл ирдэг юм. Одоо хүртэл ирж л байна. Саяхан Монголбанкны сүлд модны наадамд очиж дууллаа. Бас Ховд нутгийнхаа залуучуудын сүлд модны наадамд дууллаа. 29-нд Монголын залуучуудынхад, 31-нд “Алтан сарнай” ёслолын ажиллагаанд дуулна. Шараагийнхаа дуунуудыг ч дуулдаг. Тэр дуунуудыг дуулахаар хорин хэдтэй залуу нас минь л их бодогдоно доо. Ная гарсан хүмүүст сэтгэлд үлдсэн бүтээл гэдэг залуу насыг эргүүлж авчрах сэтгэлийн их боломж дурсамжийг нээж өгөх юм даа.

-Ховдын шинэ жил гэснээс нутагтаа ойрд очив уу?

-Ойрын хоёр жилд очсонгүй. Нутгаа сэтгэлдээ байнга тээж л явах юм. Радио телевизийн сувгууд өргөн дэлгэр нээгдэж, зам харгуй сайхан болчихсон. Зориод очъё гэвэл бүрэн боломж бололцоо байж байна. Гэхдээ нутгийн зон олонтойгоо утас цахилгаан, зурагтаар өдөр болгон шахуу л уулзаж байна даа.

-Нутагт чинь таны хамаатан садан олон бий юу?

-Бараг байхгүй дээ. Миний төрсөн дүүгийн дөрөв таван хүүхдүүд л байдаг юм. Тэдэндээ л очно. Очихтой зэрэг таних хүнгүй шахам болчихож. “Чи хэний хүүхэд вэ” гэж аав ээж, удам судрыг нь асууж байж таних жишээний болох юм даа.

-Өнөө ганц дуутай дуучин л цээжээ дэлдэж хөгжмийн зохиолчид, яруу найрагчдаас мөнгө нэхдэг болчихсон цаг үед та “Би зүгээр л нэг гүйцэтгэгч уран бүтээлч” гэж их даруухан загнаад байгаа юм биш үү?

-Монголын агуу домогт яруу найрагч, хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг би бараг аялсан даа, аялсан. Тэднийхээ хийж бүтээснийг түмэн олонд хүргэж нэр хүнд олж авчихаад, тэднийгээ үгүйсгэх, үл тоомсорлох тиймэрхүү ёс суртахуунгүй зүйл яавч байж болохгүй. Тэд маань анхдагчид байхгүй юу даа. Тийм учраас анхдагчдынхаа ач буянаар л өдий зэрэгтэй явж байгаа гэдгээ сэтгэлийнхээ гүнд ухамсарлаж явах нь уран бүтээлч бидэнд ер нь чухал бол уу даа.

-Шинэ оны босгон дээр настан буурал та ямар сайхан ерөөл хэлмээр байна?

-Эх орны дөрвөн зүг найман зовхист ажиллаж амьдарч байгаа сэтгэл сайт ард түмэн минь шинэ ондоо өнгөлөг өөдрөг байг. Ямар ч үед монголчууд бид эв эетэй, эвсэг найрсаг байж, бие биенийхээ хатуу ширүүн үгийг сонсож чаддаг сэтгэлийн тэнхээтэй ард түмэн шүү. Энэ сайхан уламжлалаа битгий умартаарай. Сайн сайхан аж төрж эх орныхоо бүтээн байгуулалтад авьяас хүчин төгөлдөр зүтгэж, юу санасан есөн цагаан хүсэл чинь бүтэж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье ээ!


Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн кабинетүүд ажиллаж байна

Шинэ жилийн баярын өдрүүд буюу өнгөрсөн арванхоёрдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 2019 оны нэгдүгээр сарын 02-ны хооронд дүүргийн эрүүл мэндийн төвийн Гэмтэл, Мэс засал, Дотор, Шүд, хүүхдийн кабинетууд болон Шүд эрүү нүүрний төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10:00-16:00 цагийн хооронд ажиллана.

Хүүхдийн кабинетуудад 10:00-16:00 цагийн хооронд үзлэг хийх бөгөөд дараах утсаар зөвлөгөө, мэдээлэл өгнө.

Байгууллагын нэр Утасны дугаар
(10-16 цаг)
1. Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв 362539 /09:00-22:00/
2. Баянзүрх эрүүл мэндийн төв 70150049
3. Багануур дүүргийн эрүүл мэндийн төв 7021-103
4. Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв 91074545
5. Налайх дүүргийн эрүүл мэндийн төв 70232427
6. Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв 98188851
7. Сүхбаатар Эрүүл мэндийн төв 350793
8. Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв 345903
9. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв 70110278,
314587 /17:00-22:00/
Categories
мэдээ цаг-үе

Б.Сүхбаатар: Хар тамхины гэмт хэрэгтнүүд сэм хий, сэм ав гэсэн аргачлалыг ашиглаж байгаа

Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын Хар тамхины хяналтын албаны дарга Б.Сүхбаатартай ярилцлаа.


-Монгол Улсын хилээр хар тамхины төрлийн бодис хэрхэн нэвтэрч байна вэ. Сүүлийн үед арга нь улам л нарийсаад байна гэх юм?

-Хууль бусаар улсын хил нэвтрүүлж байгаа аргачлалыг нь нарийн яримааргүй байна. Учир нь нөгөө талаараа гэмт хэрэгтнүүдэд аргачлалыг нь зааж өгөх, сэдэлжүүлэх сөрөг нөлөөтэй. Ер нь урьд жилүүдэд өмнөд хөрш рүү эсвэл зүүн өмнөд Азийн зарим улс орнууд руу зорчсон монгол иргэд хувийн эд зүйл, ачаа тээш, гаднын улсаас худалдаж авсан бараа, эд зүйлээ нуувч болгон ашиглаж, хар тамхины төрлийн зүйлийг нууж нэвтрүүлэх хандлага их гардаг байсан бол сүүлийн хоёр жилийн хугацаанд ихэвчлэн биеэс тусдаа ачаа буюу карго илгээмж, олон улсын бухиа шуудан, бичиг захидал ашиглан мансууруулах бодис хилээр нэвтрүүлэх хандлага нэмэгдэж байгаа. Хэдийгээр өөрийн биеэр улсын хилээр тээвэрлэн оруулж ирээгүй ч бичиг, захидлаар дамжуулан гадаад улсаас мансууруулах бодис захиалан түүнийгээ хүлээж авах нь яг адилхан эрүүгийн ял хүлээдэг юм.

-Хар тамхитай холбоотой эрх зүйн орчны тухайд?

-Мансууруулах бодистой холбоотой ялын заалт нь Монгол Улсын Эрүүгийн тухай хуулийн 20.7 дугаар зүйлд тодорхой заагдсан байдаг. Ер нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн буюу нэвтрүүлэхийг завдсан бол 2-8 жил хүртэлх хугацаанд хорих ялтай байдаг.

-Ялын тухайд хэтэрхий хөнгөн байна. Ийм болохоор хар тамхитай холбоотой хэрэг зөрчил гааль дээр илүү нэмэгдээд буй гэдэг зүйл яригдаж байгаа шүү дээ?

-Манай өмнөд болон хойш хөрш орнууд хар тамхи хэрэглэгч, үүнтэй холбоотой гэмт хэргийнхээ тоогоор дэлхийд дээгүүрт бичигддэг. Эдгээр улсууд хар тамхитай холбоотой гэмт хэрэгтэй тэмцэхэд ял, хариуцлагын бодлогыг чухлаар авч үздэг. Би судлаач хүнийхээ хувьд хэлэхэд, Монгол Улсад хар тамхи хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт оноож байгаа ял харьцангуй хөнгөн. Тийм ч учраас хоёр хөршөөс манай улс руу чиглэсэн хар тамхи, мансууруулах бодисын нийлүүлэлт нэмэгдэж байна. Ганц, хоёр удаагийн явалтаар аз туршаад хар тамхи тээвэрлээд баригдахгүй үлдэж магадгүй гэж хөнгөмсөгөөр найдсан хүмүүс хуулийн заалтыг ашиглан олон удаагийн гэмт хэргээс мултрах боломжтой байдалтай байгаа.

-Нэг жилд хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой хичнээн тооны гэмт хэрэг гааль дээр бүртгэгдэж байгаа вэ?

-2010-2016 оны хугацаанд нийтдээ 9.7 кг мансууруулах бодисыг гаалийн улсын байцаагчид хяналт шалгалтаар илрүүлж, гэмт үйлдлийг нь таслан зогсоосон байдаг. 2017 оны байдлаар нийтдээ 200 гаруй грамм мансууруулах бодисыг хууль бусаар улсын хил нэвтрүүлэхээр завдсан. Энэ нь 19 холбогдогчтой 11 удаагийн үйлдлийг гаалийн байгууллага илрүүлсэн гэсэн үг. Харин энэ оны яг одоогийн байдлаар нийт 15 удаагийн үйлдлийг илрүүлж, 250 гаруй грамм мансууруулах бодис байж болзошгүй сэтгэцэд нөлөөлөх зүйлийг хурааж авсан.

-Хэдэн насныхан хар тамхитай холбоотой гэмт хэргийн холбогдогч болж байна вэ?

-Гааль дээр бүртгэгдэж байгаа зөрчил, гэмт хэргийн байдлаас харахад ихэвчлэн 20-30 насны хүмүүс холбогдогч болоод байна. Харин хүйсийн байдал нь 50:50 хувьтай байгаа.

-Хар тамхи тээвэрлэж яваа хүнийг гаднаас нь хараад мэдэх боломж байдаг уу?

-Гаалийн байгууллагад ашиглаж байгаа арга хэрэгслийн нэг нь эрсдэлийн менежмэнт. Энэ нь биедээ хар тамхи залгичихсан, ачаа тээшиндээ мансууруулах бодис авч яваа зоригчдыг бусад хүмүүсээс ялган таних тухай гэсэн үг. Гаднах байдлаас нь биеэ хэрхэн авч яваа, бусад хүмүүстэй хэрхэн харилцаж, асуулт тавихад хэрхэн хариулж байгаа зэргийг ажиглах нарийн ажиллагаа байдаг.

-Иргэд өөрсдийн мэдэлгүй хар тамхи тээвэрлэгч болчихсон тохиолдол байдаг уу?

-Ер нь бол байдаг. Тиймээс иргэд гадаад улсад зорчихдоо бусдын дайвар ачааг авахгүй байх, авсан тохиолдолд өөрийн биеэр шалгаж үзэх хэрэгтэй. Мөн хар тамхины гэмт хэрэгтнүүд сэм хий, сэм ав гэсэн аргачлалыг ашиглаж байгаа. Өөрөөр хэлбэл, зорчигчдын анхаарал суларсан үеийг далимдуулан цүнх, халаасанд нь сэм хийчихээд гаалийн үзлэг өнгөрөхөд буцаагаад сэмхэн авдаг гэсэн үг. Мөн гадаад худалдаа хийж байгаа аж ахуйн нэгжүүдийн ачаа бараан дунд мансууруулах бодис нууж, хилээр нэвтрүүлэх зөрчил ажиглагдаж байгаа. Иймд гаднын улсаас бараа, бүтээгдэхүүн импортолдог хуулийн этгээд өөрсдийн ачаа барааг чингэлэгээр авч байгаа тохиолдолд нарийн хяналт тавих хэрэгтэй байна гэв.

-Хар тамхи гэдэг нь өөрөө ашигтай бизнес, тиймээс хүчний байгууллагынхан өөрсдөө энэ төрлийн гэмт хэрэгт орооцолддог гэдэг зүйл яригддаг. Ер нь ийм тохиолдол байдаг юм болов уу?

-Хуулийг хэрэгжүүлэгч аль ч байгууллагын алба хаагчид өргөсөн тангарагтаа үнэнч байгаа гэдэгт итгэлтэй байна.

Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал ямархуу байгаа талаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөгч Б.Мандуухайгаас тодрууллаа.

-Хар тамхитай холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал ямархуу байна вэ?

-2018 оны 12 сарын байдлаар нийт 197 хэрэгт 402 хүн холбогдон шалгагдаж байгаа. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 60 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй гарч буй. Гэхдээ тоон үзүүлэлтийн хувьд өссөн нь гэмт хэргийн илрүүлэлт, ажиллагаа ихэссэнтэй мөн холбоотой.

-Монгол Улс дамжин өнгөрөгч орон байсан бол одоо хэрэглэгч орон болсон. Харин цаашдаа донтогч орон болох эрсдэл хэр их байна вэ?

-Одоогоос таван жилийн өмнө дамжин өнгөрөгч оронд тооцогддог байсан бол одоо монгол иргэд өөр улс оронд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон саатуулагдаж, улсын хилээр нэвтрүүлэх гэж оролдож, хэрэглэж, хадгалж, зарж борлуулж байна. Одоогийн байдлаас харахад энэ төрлийн гэмт хэргийг хууль хэрэгжүүлэгч байгууллагууд хяналтдаа байлгаж, чадаж байгаа. Энэ эрчээрээ цаашид ажиллавал хар тамхитай холбоотой гэмт хэргийг хяналтдаа байлгах боломжтой. Гэхдээ бүх зүйл нээлттэй болсон энэ үед залуус интернэтээр хүссэн зүйлээ захиалж, шуудан, илгээмжээр авах боломж бүрдсэн. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчдийн арга улам нарийн болж байна. Үүнийг дагаад алба хаагчдынхаа ур чадварыг сайжруулах хэрэгтэй. Мөн эцэг эхийн оролцоо чухал байна.

-ЕБС-ийн хүүхдүүд хар тамхи хэрэглэдэг болов уу?

-Хэрэглэгчийн дунд дунд, ахлах ангийнхан болон их сургуулийн нэг, хоёрдугаар курсийнхэн байдаг. 16-20 насныхан нь юманд хөнгөн хийсвэр, сониучаар ханддаг. Хар тамхийг кинонд гардаг шигээр төсөөлж, гоё, сайхан таашаал авах юм шиг ойлгодог. Гэтэл бодит байдал дээрээ сэтгэцийг дарангуйлж байдаг бодис. Үүнийг нь ашиглан энэ насны хүүхдүүдийг хар тамхины донтогч болгоход чиглэсэн бүлэг этгээдүүд бий болсон. Тухайлбал, эхний хэдэн удаадаа хүүхдүүдэд хар тамхи, мансууруулах бодисыг үнэгүй өгч, хэрэглүүлдэг. Улмаар донтогч болгож, тэд байнгын худалдан авагчаа болгох сонирхолтой байдаг. Ийм арга ашиглан, хэрэг үйлддэг этгээд байдаг учир эцэг эхчүүд хүүхдээ үгүй гэж хэлж сургахад анхаарах хэрэгтэй.

-Хар тамхи хэрэглэсэн хүнд ямар шинж илэрдэг юм бол?

-Хэрэглэсэн бодисоороо хамааран хүний биед үзүүлэх нөлөөлөл нь ондоо. Тухайлбал, тайвшруулагч каннабисын төрлийн бодис хэрэглэсэн тохиолдолд нойр хүрэх, хэт тайвшрах нөлөө үзүүлдэг бол сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн бол үг яриа ихсэн, сэргэлэн цовоо болох, нойр хүрэхгүй байх шинжтэй. Харин хүний биед гардаг ерөнхий шинжийн тухайд, хар тамхи хэрэглэсэн хүмүүсийн хоолны дуршил огцом өөрчлөгддөг. Заримдаа хэт их хоол идэх, эсвэл ерөөсөө хоол идэхгүй байх зэрэг өөрчлөлт гардаг. Мөн өвдөж, зовсон зүйл байхгүй хэрнээ шалтгаангүй турдаг, магадгүй өдрийн цагаар хэт их унтаад, шөнө нь огт унтахгүй, энэ нь хэдэн шөнө үргэлжилбэл анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хар тамхи хэрэглэсэн даруйд хүүхэн хараа өргөсөх, эсвэл нарийссан байдаг. Мансууруулах бодисыг нэлээн удаан хугацаанд хэрэглэсэн хүмүүсийн царай нь үнсэн саарал болох, нүдний доогуур хөх туяа татаж, арьсан дээр битэг, идээт үрэвсэл гарах шинж илэрдэг. Хар тамхийг удаан хэрэглэвэл удмын санд нөлөөлж, генийн өөрчлөлтөд оруулдаг. Гэхдээ турж эцсэн, хоолноос гараад байгаа хүн болгоныг хар тамхи хэрэглээд байна гэж ойлгож болохгүй.

-Хар тамхины хэрэгт холбогдогсдын дунд донтолтын шинжтэй хэр их хүн байна вэ?

-Манай дээр хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүмүүсийн тодорхой хувь нь донтолттой. Албадан эмчилгээ хийлгэдэг. Мансууруулах сэтгэцэд нөлөөлт бодис хэрэглэсэн, хэрэгт холбогдсдын 70-80 хувь нь идэр насныхан. Хамгийн залуу нь 13 настай бол ахмад нь 60 гаруй насны хүн байсан.

-Биткойноор төлбөрөө хийж, хар тамхи зөөвөрлөж байна гэсэн. Энэ талаар?

-Сүүлийн үед олон улсын шуудан илгээмжийн ашиглан хар тамхийг хил нэвтрүүлэх хэрэг үйлдэгдэж байгаа. Энэ төрлийн гэмт хэргийн онцлог нь худалдагч, худалдан авагч хоёр нэгнийхээ царайг харахгүй байх тохиолдол бий. Гараас гарт бус гуравдагч эсвэл дөрөвдөгч этгээдээр дамжуулагдан наймаалцдаг. Үүнээс гадна экспресс банкаар үйлчлүүлэх үед тань “картаа мартсан” гэх шалтгаар их хэмжээний мөнгө шилжүүлж өгөхийг гуйж байгаа хүний үгэнд хэзээ ч битгий итгээрэй. Мансууруулах бодис, хар тамхи худалдан авч байгаа хүн хэзээ ч өөрийнхөө данс, нэрийг ашигладаггүй. Тиймээс гэмт хэрэгтнүүд ийм арга хэрэглэж, гэмгүй хүнийг хэрэгтэн болгож байгааг үгүйсгэхгүй.

З.МӨНХСУВД

Categories
мэдээ нийгэм

Цэргийн бүртгэл энэ сарын 4-нд эхэлнэ

Нийслэлийн Засаг даргын өнгөрсөн 2018 оны А/1107 дугаар захирамжийн дагуу 2019 оны нэгдүгээр сарын 4-21-ний өдрүүдэд цэргийн бүртгэлийн ажлыг зохион байгуулах гэж байна.

Бүртгэлийн ажлыг хороодын Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулна. Цэргийн бүртгэлд 65 нас хүртэл бэлтгэл офицер, 18-50 нас хүртэл цэргийн үүрэгтэн, цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд 50 нас хүртэл хамрагдах аж. Цэргийн албаны тухай хуульд:

  • Цэргийн бэлтгэл үүрэгтэн нь цэргийн үүрэгтний үнэмлэхтэй байна.
    Цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ.
    Цэрэгт бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд цэргийн бүртгэлд бүртгүүлнэ хэмээн заасан байдаг.

Цэргийн бүртгэлд 65 нас хүртэл бэлтгэл офицер, 18-50 нас хүртэл цэргийн үүрэгтэн, цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд 50 нас хүртэл хамрагдах юм.

Цэргийн бүртгэлд дээрх хуулийн 16.1-д заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн, цэргийн жинхэнэ алба хааж байгаа, ял эдэлж байгаа иргэн хамрагдахгүй гэж заасан байдаг. Тиймээс цэргийн бүртгэлд хамрагдах иргэн нутгийн захиргааны анхан шатны нэгж /баг, хороо/-ийн байранд тогтоосон хугацаанд ирж цэргийн бүртгэлд хамрагдах, цэргийн үүрэгтний үнэмлэхийг хаяж, үрэгдүүлэхгүй байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөж авах, цэрэг татлагын үеэр гурван сараас дээш хугацаагаар гадаад улсад зорчих бол энэ тухайгаа мэдэгдэх, өөр газар шилжин суурьших тохиолдолд тухайн оршин суугаа газрынхаа цэргийн бүртгэлээс хасуулж, шилжин очсон газраа цэргийн бүртгэлд бүртгүүлэх зэрэг үүргийг хүлээдэг байна