Categories
мэдээ цаг-үе

2019 оны хамгийн өндөр хүлээлттэй 10 кино

Холливудад жилд дунджаар 900 гаруй кино шинээр нээлтээ хийж, кино театрт 1.2 тэрбум тасалбар борлуулагдан, Box office-т 10 гаруй тэрбум ам.доллар эргэлддэг. Кино урлаг бол ийм том зах зээл. Жил бүр дээрх тоонууд нэмэгдсээр байна. 2019 он кино уран бүтээлчдийн хувьд завгүй жил байх нь хэдийнэ тодорхой болжээ. Үзэгчид, кино шүүмжлэгчдийн дунд хамгийн өндөр хүлээлт үүсгээд буй арван киног танилцуулж байна.


1. Авенжирс: Тоглоомын төгсгөл

Марвел комексийн супер баатруудын тухай өгүүлэх Авенжирс цувралын эхний анги 2012 онд нээлтээ хийсэн. Энэ нь Марвел синиматек юниверсийн зургаа дахь бүтээл юм. Өнгөрсөн онд нээлтээ хийсэн “Infinity war” кинонд хүч чадлын чулууг өөрийн болгосон Танос үзэгчдийн хайртай супер баатруудыг устгаснаар дараагийн ангийн хүлээлт эхэлсэн.

Түүн дундаа төмөр хүнийг сансар руу илгээсэн нь одоо ч цахим ертөнцөд шуугиан тарьсаар байна. Тус киноны фенүүд Америкийн сансар судлалын хүрээлэн НАСА руу төмөр хүнийг хайж олох тухай хүсэлт илгээсээр байгаа аж. Үүний хариуд НАСА твиттер хуудсаараа дамжуулан хариу мэдэгдэл гаргасан байна. Ингэхдээ “Бид Тони Старкын тухай сонслоо. Алга болсон төмөр хүнийг олохын тулд боломжит бүх хэрэгслийг ашиглах болно” гэсэн байв. Тус киноны дөрөвдүгээр анги “Тоглоомын төгсгөл” нэртэйгээр үзэгчдийн хүртээл болох юм байна.

Ирэх хавар буюу дөрөвдүгээр сарын 26-нд Америк болон Канадын зах зээлд, долоо хоногийн дараа буюу тавдугаар сарын 2-нд дэлхийн бусад оронд нээлтээ хийхээр товлоод байна. Өмнөх анги нь 400 сая ам.доллараар бүтэж, хоёр тэрбум гаруй ам.долларын ашиг олсон ба өнгөрсөн оны хамгийн өндөр ашиг орлоготой кино байсан юм.

2. Тоглоомын түүх-4

Ирэх оны зургадугаар сарын 21-нд энэ жилийн хамгийн их хүлээлт дагуулсан анимейшн болох Тоглоомын түүх киноны дөрөвдүгээр анги нээлтээ хийнэ. Өмнөх ангиа 2010 онд үзэгчдэд хүргэснээс хойш Пиксар студи есөн жилийн хойно ийнхүү дараагийн ангиа нээх гэж байна. Энэ сарын эхээр киноныхоо трейллэрийг олон нийтэд цацаад байгаа бөгөөд энэ удаагийн ангид гарах цоо шинэ дүрүүд хүлээлт үүсгээд байна. Энди коллежид суралцахаар болж, өөрийн хайртай тоглоомнуудаа бяцхан охин Боннид бэлэглэснээр өмнөх анги төгсдөг. Энэ ангид шериф Вүүди шинэ найзуудынхаа хамтаар холын замд гарч, дэлхий ертөнц тоглоомнуудын хувьд ямар том газар болохыг ойлгох болно.

3. IT: хоёрдугаар бүлэг

Стивен Кингийн ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээсэн уран зөгнөлт, аймшгийн IT киноны анхны анги 2017 онд нээлтээ хийсэн. 35 сая ам.долларын төсвөөр бүтээгдэж, бокс оффисоос 700 сая ам.долларын ашиг олсон тус киноны хоёрдугаар ангийг Нью Лайн синема бүтээж байна. Өмнөх ангийн үйл явдлаас хойш 27 жилийн дараа алиалагч эргэн ирж байгаа тухай өгүүлэх тус кино ирэх оны есдүгээр сард нээлтээ хийхээр зэхэж байна.

4. Гайхамшигт эмэгтэй 1984

ДС комиксийн супер баатар гайхамшигт эмэгтэйн тухай өгүүлэх тус киноны шинэчилсэн хувилбар 2017 онд дэлгэцэнд гарсан. Холливудын жүжигчин Гал Гадот гайхамшигт эмэгтэйн дүрийг бүтээсэн ба тус кино дэлхийн зах зээлээс 881 сая ам.долларын ашиг олсон. Тэгвэл 2019 оны арваннэгдүгээр сард тус киноны хоёрдугаар анги болох “Гайхамшигт эмэгтэй 1984” нээлтээ хийх юм байна.

5. Араатны хаан арслан

1994 онд үзэгчдийн хүртээл болсон “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киног Волт Дисней кино компани шинэчлэн уран сайхны кино болгож байна. 2019 оны долдугаар сарын 19-нд нээлтээ хийх бөгөөд дэлхийн зах зээлээс өндөр ашиг олно гэж найдаж байгаа юм.

Холливудын дуучин, жүжигчин Дональд Гловер Симбагийн дүрд дуу оруулах бол алдарт дуучин Беонси Налагийн дүрд сонгогджээ. Дуучин Беонси найруулагчийн анхны сонголт байсан бөгөөд өнгөрөгч оны арваннэгдүгээр сард тэрээр саналыг албан ёсоор хүлээн авсан байна. Дашрамд дурдахад, Диснейн уран бүтээлчид орчин үеийн технологи ашиглан хуучны хүүхэлдэйн кинонуудаа цувралаар шинэчилж байгаа билээ.

6. Жуманжи: Ширэнгэд тавтай морил

Ирэх онд биднийг хамгийн удаан хүлээлгэх кино бол Жуманжигийн дараагийн анги “Ширэнгэд тавтай морил” юм. Ирэх оны арванхоёрдугаар сарын 13-нд буюу шинэ жилийн баярт зориулан нээлтээ хийх тус киноны гол дүрийг Холливудын алдарт жүжигчин Дуэйн Жонсон, Кевин Харт нар бүтээнэ. Тус адал явдалт, инээдмийн кино нь 1995 онд хийгдэж байсан ижил нэрт киноны франчайз хувилбар ба 150 сая ам.долларын төсвөөр бүтээгдэж 961 сая ам.долларын ашиг олсон байна.

7. Алладин

“Мянга нэгэн шөнийн үлгэр” зохиолоос санаа аван Волт Дисней кино компани 1992 онд Алладин хүүхэлдэйн киног олон нийтийн хүртээл болгосон. 1994 онд “Жафар эргэн ирсэн нь” болон 1996 онд “Алладин ба дээрэмчдийн хаан” хэмээх цуврал ангиудаа гаргасан. Үүнээс хойш 23 жилийн дараа тус хүүхэлдэйг шинэчлэн бүрэн хэмжээний уран сайхны кино болгохоор ажиллаж байна. Канадын жүжигчин Мена Масоуд киноны гол дүр болох Алладинд тоглохоор сонгогджээ. Холливудын алдарт жүжигчин Робби Уиллиамс хүүхэлдэйн кинонд шидэт бирдийн дүрд дуу оруулж байсан бол энэ удаад жүжигчин Уилл Смит тоглох болсон нь үзэгчдийн анхаарлыг хамгийн их татаж байна. Диснейн хуучны хүүхэлдэйн кинонуудаа шинэчлэх цувралын дараагийн ажил нь Алладин болж байна. 2014 онд нээлтээ хийсэн “Малифисент” киноны төгсгөл бидний хүүхэд ахуйдаа үзэж байсан “Нойрсож буй гүнж”-ийн түүхийг эрс өөрчилсөн. Технологийн шинэчлэлтээс гадна зохиолын хувьд ч өөрчлөлт хийж байгаа нь диснейн кинонуудын хүлээлтийг нэмэгдүүлж байна.

8. Эрчүүд юу хүсдэг вэ?

Дараа жилийн хамгийн өндөр хүлээлттэй цорын ганц инээдмийн кино бол Адам Шанкмений найруулсан “Эрчүүд юу хүсдэг вэ?” юм. 2000 онд нээлтээ хийж байсан “Бүсгүйчүүд юу хүсдэг вэ?” киноны шинэ хувилбарыг Парамаунт кино компани бүтээсэн аж. Америкийн зах зээлд ирэх хоёрдугаар сард нээлтээ хийх тус кинонд жүжигчин Таражи Хенсон гол дүрийг бүтээсэн байна. Спортын агент Али Дависын эргэн тойронд дандаа эрчүүд ажилладаг. Хачирхалтай тохиолдлоор тэрээр эрэгтэй хүний бодлыг унших онцгой чадвартай болдог байна. Энэхүү чадвараа ашиглан эрчүүдийн ертөнцөд амжилт үзүүлж буй тухай тус кинонд өгүүлэх болно.

9. HAPPY DEATH
DAY 2U

Холливудын залуу жүжигчин Жессика Рот гол дүрд нь тоглосон “Hap­py Death day” аймшгийн киноны хоёрдугаар анги ирэх Валентиний баяраар нээлтээ хийх гэж байна. Коллежийн оюутан охин төрсөн өдрийн баяраа тэмдэглэж байхдаа амиа алддаг. Хачирхалтай нь түүний амиа алдсан өдөр дахин, дахин эхлэх ба баг зүүсэн гэмт этгээдийг хайж буй тухай эхний ангид өгүүлдэг. Дээрх үйл явдлаас хойш хоёр жилийн дараахь үйл явдал шинэ ангид өрнөх аж. Бусад кинонуудтай харьцуулахад маш бага зардлаар буюу 4.8 сая ам.доллараар бүтсэн тус кино 122 сая ам.долларын ашиг олсон байна.

10. Хүн аалз: Far from Home

Авенжирсийн дөрөвдүгээр ангийн дараа нээлтээ хийх Марвелийн ээлжит нэгэн бүтээл бол Хүн аалз киноны франчайз хувилбар юм. Залуу жүжигчин Том Голланд хүн аалзын дүрийг бүтээж байгаа ба өмнөх анги нь 177 сая ам.доллараар бүтэж, 880 сая ам.долларын ашиг олсон байна.

Энэ ангид Петер Паркер зуныхаа амралтаар найзуудтайгаа Европт аялж байхдаа муу санаат Mysterio-гоос өөрийгөө болон найз нараа хамгаалахаар тэмцэж буй тухай өгүүлэх болно. Авенжирсийн шинэ ангийн дараа нээлтээ хийж байгаа тул Марвел комексийн фенүүд зарим нууцлаг асуултынхаа хариуг “Хүн аалз”-ын дараагийн ангиас мэдэж авна хэмээн хүлээж байгаа юм.

Э.МАРАЛМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *