Categories
мэдээ улс-төр

​УИХ дахь МАН, АН-ын бүлэг өнөөдөр хуралдана

Image result for намын бүлгүүд

УИХ дахь МАН, АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар баримтлах байр, сууриа нэгтгэнэ.

Чуулганы энэ долоо хоногийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай, Нотариатын тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх юм. Мөн ЖДҮХС-тай холбоотой асуудлыг шалгах “Түр хороо байгуулах тухай” тогтоол, Боловсролын тухай, Шуудангийн тухай, Хэмжил зүйн тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлосон байна. Түүнчлэн Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Гэмт этгээдийг шилжүүлэх тухай, Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол, Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах асуудлыг хэлэлцэх юм.

Categories
мэдээ цаг-үе

Монголын хөрөг зургийн шинэ цагийн мастер Т.Чингисийн урланд өнжлөө

“Яасан бэлгэшээлтэй өдөр вэ. Өнөөдөр би энэ жилийн хамгийн том бүтээлийнхээ ард гарчихаад сууж байсан юм. Ёстой сайхан учрал боллоо” гэсээр зураач Т.Чингис биднийг урландаа угтлаа. “Эрхэмсэг оршихуй” хэмээх хатны өмсгөлтэй монгол эмэгтэйн, 133х99 см хэмжээтэй, зотон тосон уг хөргийг зурахын тулд тэрээр гурван сарын хугацаа зарцуулжээ.

Түүний урлан хоёр том танхимтай. Нэгэнд нь насанд хүрэгчдэд зориулсан сургалт зохион байгуулдаг бол нөгөөд нь гэргий Ц.Амаржаргал нь хүүхдүүдэд зориулсан “Гүнж кидс арт” сургалтаа амралтын өдрүүдэд ажиллуулдаг юм байна. Зураач Ц.Амаржаргалыг уран зургийн хүрээнийхэн, уран зураг сонирхогчид Гүнж гэдэг нэрээр нь илүүтэй мэддэг билээ. Зураач Т.Чингис, Гүнж хоёрыг олъё гэвэл урланд нь очиход болно. Ажил, амралтын гэлтгүй бүхий л өдрүүдэд энд сургалтаа явуулж, хажуугаар нь уран бүтээлээ туурвицгаана.

Зураач Т.Чингисийг уран зураг сонирхогчид 2010 оноос мэдэх болсон бол 2016 онд АСЕМ-ын үеэр гадны улсуудын төрийн тэргүүн, хаадын хөргийг зурж дэлгэснээр нь дотоод гадаадгүй мэддэг болсон.

Түүний зурсан хөрөг зургуудыг харсан хүмүүс “Фото зураг юм биш үү”, “Принтлээд гаргаад ирсэн юм биш биз” гэж ойртож үзэж, хумсалж байсан гэдэг. Тэр үеэс түүний тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байсан бол уран зургийн хүрээнийхэн нь түүнийг илтэд үгүйсгэж байсан нь анзаарагддаг. Тийм ч болохоор Т.Чингис хөрөг зургуудаа зурахдаа цагаан цаас байхаас нь эхлүүлээд бүхэл бүтэн бүтээл болж гарах хүртэл тэр бүх үйл явцаа зурагжуулж үзүүлдэг болсон. Энэ нь ч Монголын ард түмний сэтгэлд нийцэж юм мэдэх хүмүүс “Орчин үеийн реализмын том төлөөлөгч. Хөрөг зургийн шинэ цагийн мастертай болжээ” гэх болсон.

Гуч дөнгөж гарсан зураач ийм том хүндэтгэлийг ард түмэн, уран зураг сонирхогчид, мэргэжлийн хүмүүсээс хүлээн авч хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг маш ховор хувь тавилан болов уу. Гэхдээ энэ залуу их амжилтад хүрэх хүртлээ асар их зовлон бэрхшээл, няцаалт, зүдгүүр туулж ирснийг хүмүүс бараг мэдэхгүй.

Т.Чингис “Оюутан байхдаа тоолоод баршгүй олон натур зурж байсан. Тэр болгоноос би агаар, гэрэл, сүүдэр гээд бүгдийг сураад авчихсан юм билээ. Тэр сурснаараа л зураад байна гэвэл орчин үеийн энэ нийгэмд хоцрогдоно шүү дээ. Цаг үетэйгээ ч хөл нийлүүлж чадахгүй. Барууны аварга зураачдыг харж байхад бүгд өөр өөрийн гэсэн замналаараа шинэ үетэйгээ хөл нийлүүлж бодит уран зургийг бүтээж байна. Тэр жишгээр би сургуульдаа эзэмшсэн эрдмээ цааш нь хөгжүүлээд техник технологийн ололтыг ашиглаад өөрийнхөө хэмжээнд судалгаанууд хийгээд явж байна” гэлээ.

Т.Чингис, Гүнж хоёр сургуулиа төгсөөд Зуун айлд жижигхэн өрөө түрээсэлж тэндээ амьдарч, уран бүтээлээ туурвидаг байж. Тэр байр нь эдний хувьд анхны гал голомтоо үүсгэсэн газар, анхны урлан нь гэж хэлж болох юм. Хүүхэд шуухадгүй залуу хосын хувьд тэндээ амьдраад байж болох ч удахгүй мэндлэх шинэ хүнээ өөрийн гэсэн байртай болж угтах зорилго тавьж. Байртай болохоор тусдаа урлантай болох шаардлага тулгарна. Тэгээд Зайсанд урлангийн өрөө түрээсэлсэн байна. Тухайн үедээ уран зургийн сургалт ажиллуулж, хүмүүст хичээл заая гэсэн санаа огт төрөөгүй аж. Удахгүй урлангийнхаа өрөөний түрээсийг төлж чадахгүй болж тэндээсээ гарчээ. Ингээд тэр үеэс зургаа зурчих урлан болгочихоор өрөөнүүдийг хэсч өгчээ. Амьдралд хөл тавьсан залуу хүмүүст тохиолддог л бэрхшээл. Дүрслэх урлагийн сургуульд бүтэн нэг жил цалингүйгээр багшилж байхдаа АСЕМ-ын зохион байгуулагчдын захиалгаар гадаадын улс орнуудын төрийн тэргүүнүүдийн хөрөг зургийг зуржээ. “АСЕМ-ын тэр хөргүүдийг зурсны дараа би ёстой дампуурсан шүү дээ. Түрээсэлдэг өрөөнүүд маань жижгэрсээр байгаад тэр үед нэгэн байгууллагын шатны дэргэдэх гурвалжин хэлбэртэй булангийн өрөөнд л зургаа зурж байсан юм. АСЕМ-ын үеэр 55 хөрөг зурсан юм. 10 сарын хугацаанд зурсан. Намайг тэр хөргүүдийг зураад баяжсан гэж ойлгодог. Би АСЕМ-ын хөргүүдийн тухай саяхнаас л ярьж эхэлж байгаа юм. Өмнө нь төдийлөн ярьдаггүй байлаа. Захиалж зуруулсан хүн нь Нямжавын Батбаяр ах. Урьдчилгаа, хөрөнгө мөнгө, санааг нь тэр хүн гаргасан. Би хэлсэн амандаа хүрэхийн тулд нэг ч өдөр амрахгүй зурсан юм. Амарчих л юм бол хоцорчихно. Нэг хөрөг дээрээ удаан нухаж суух цаг байхгүй байсан. Тэр зургуудыг би олон жил уйгагүй зурсан туршлагаараа л зурж дуусгасан юм. Гэртээ очсон ч зургаа зурна. Сургууль дээрээ очсон ч зургаа зурна. Чирээд л явдаг байлаа. Тэгээд л ард нь гарсан даа. Эцсийн эцэст би тэр зургуудыг богино хугацаанд маш шахуу, өндөр хариуцлагын дор зурж дуусгаснаараа өөрийгөө л ялж чадсан. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “АСЕМ гэж энэ гоё үйл хэрэгт хүн болгон оролц. Хүн болгонд нээлттэй” гээд л ярина. Тэгээд л би эх оронч, эх орноо гэсэн сэтгэлээр тэр зургуудыг зурсан. Зурахдаа асар их судалгаа хийж, байнга шинэ мэдээлэл олж авч байсан. Арьс өнгөний үзэл гаргахгүйн тулд хар, цагаанаар зурсан л даа” хэмээлээ. Одоо тэдгээр зургууд нь УИХ-ын гишүүн асан Н.Батбаярт хадгалагддаг юм байна. Т.Чингис АСЕМ-ын үеэр ийм том хэмжээний үзэсгэлэн, шилдэг бүтээлүүд туурвилаа гэж зохион байгуулагчдынх нь зүгээс талархлын бичиг байтугай, “Баярлалаа” гэж үг дуулаагүй ч “Хувь хүнийхээ хувьд зорилгодоо хүрч чадсан. Өөрийгөө ялж чадсан. Тэр бол боломжгүй байхгүй юу. Нэг хүн ганцаараа 55 хөргийг тийм гүйцэтгэлтэйгээр зурна гэдэг. Санаанд багтамгүй. Би үнэхээр их сэтгэлийн хүч гаргаж, өдөр болгон ажиллаж чадсан л даа” хэмээгээд “Аймаар байсан. Дараа нь бодоод яагаад тэр их ажлыг өөр дээрээ авсан юм бол гэж гайхаад байдаг юм” гэлээ.

Ц.Нарангэрэл багш нь Т.Чингисийг оюутан байхаас нь л өөрийгөө залгамжлах багш болгохоор бэлтгэж байжээ. Тийм ч болохоор оюутнууд судалбар зурагт зундаа ганц явдаг бол Т.Чингис багшаа дагаад 3-4 удаа явдаг байж. Бүх хичээлээ нэмэлтээр хийж өөрийгөө багш болгохоор бэлтгэж байсан гэнэ. Багш нь тэтгэвэрт гарах үеэрээ Дүрслэх урлагийн дээд сургуулийнхандаа “Энэ миний ажлыг авах шавь минь шүү” гэж зүсэлж үлдээж. Т.Чингис ч багшийнхаа ажлыг залгах юм чинь гээд бүтэн нэг жил цалин хөлсгүй багшилж байтал сургуулийнх нь захирал өөр хүнийг ажилд авчихаж. Гэсэн ч Т.Чингис өөрийн гэсэн урлангаа өнгөрсөн жил нээгээд хүмүүст хичээл зааж багшийнхаа даалгаврыг биелүүлсэн гэж хэлж болно.

Эртний зураач нар урлан сургалтаар дамжиж, хэн нэгэн зураачийг дагаж зурж байж гарч ирдэг байж. Тэр жаягийг дагаж Монголд оруулж ирсэн нь “Чингис арт” урлан сургалт юм байна. Эдний урланд суралцаж байгаа хүн хүссэн үедээ, хүссэн цагтаа ирээд зургаа зураад суух боломжтой. Багш нь байгаа үедээ чиглүүлнэ, заана. Биеэ дааж суралцах боломжтой, нээлттэй урлан одоогоор “Чингис арт” л гэж хэлж болно.

Т.Чингис “Хүүхдүүдийг авьяасгүй болгож байгаа газар бол ерөнхий боловсролын сургуулиуд. Ангид гурав, дөрвөн хүүхэд л математиктаа сайн. Бусад нь өөрсдийгөө тоонд муу, толгой муутай гээд ойлгочихдог. Тэгээд л урмыг нь хугалчихдаг. Тоо бодоход хурд хэрэгтэй. Тэгвэл эсрэгээрээ дүрслэх урлагт хурд байж болно. Удаан хөдөлгөөнтэй, меланхолик темпераменттай хүүхдүүд байдаг. Тийм хүүхдүүд чинь харин ч суурьтай төвлөрч илүү мундаг, том уран бүтээлч болох магадлал өндөртэй шүү. Айлын таван хүүхдээс сэргэлэн цовоог нь онцлоод “Энэ мундаг шүү. Энэ хол явна” гэдэг мөртлөө дуугүй, ноомойг нь “Энэ яана даа. Яаж амьдарна даа” гэдэг. Үгүй шүү. Тэр ноомой, дуугүй даруу хүүхэд чинь харин хол явна шүү. Тэр хүүхэд илүү төвлөрнө. Орчин үед хэн илүү төвлөрнө. Тэр хүн оюун ухааны салбарт илүү амжилт гаргана. Хүн болгоны авьяасыг нээсэн боловсролын системтэй байвал болж байна” гэж өнөөгийн сургалтын системийн талаарх хувийн бодлоо зураач маань илэрхийлсэн юм.

Их том, их мундаг, урлагийн нэг хэсэг байх нь сонин биш. Би бүтээсэн шүү, миний хийсэн аяга, миний зурсан зураг, миний хийсэн юм гэж өөрийнхөө гараар, өөрөө юм бүтээх нь хүнд 100 хувь таашаал өгдөг ганц зүйл юм байна. Урлан сургалтад ирж нэг, хоёр зургийн ард гарсан суралцагчид нь өөрийнхөө зурсан зургийг харчихаад тэндээсээ урам авч “Миний зурсан зураг” гэж бахархан ярихыг нь сонсох нь Т.Чингис, Гүнж хоёрт юугаар ч илэрхийлшгүй урам өгнө. 45 наснаас дээш насандаа зураг зурж эхэлбэл хүн илүү сайн төвлөрч, илүү сайн бүтээл гаргадаг гэнэ.

Т.Чингис, Гүнж хоёр урландаа өнжинө. Ялангуяа гэрийн эзэн урландаа өдөр болгон сууж л байна. Өглөө 09 цагт ирээд орой 20 хүртэл сууна. Дундуур нь хүүхдээ хүргэж өгөх, авах ажлаа амжуулна. Сурагчдынхаа зургийн хэрэгсэл, материалыг бэлдэх гэж бас гарна. Өөрөөр бол урлангаасаа гарна аа гэж үгүй. Харин амралтын өдөр эдний урлан хүний хөлд дарагдана. Эхнэр нь, шавь нар нь ирж хүүхдийн урлангаа ажиллуулна.

Байнга тархиа ажиллуулдаг болохоор өглөөд ирээд нэг аяга кофе ууж тархиа сэргээнэ. Ширээний теннисээр олон жил хичээллэж байгаа нь мөн л зураг зурж байгаатай нь холбоотой. Хэр олон цаг ширээний теннис тоглоно. Тэр хэмжээгээрээ олон цаг суух чадвартай болно. Долоон жил энэ спортоор хичээллэж байгаа юм байна.

“Эрхэмсэг оршихуй” шиг ийм том хэмжээтэй, удаан ажиллагаатай бүтээл дээр суухад өндөр цастай уул руу мацаж байгаатай адил гэнэ. Маш их болгоомж хэрэгтэй, сэтгэл зүйн хувьд. Дундуур нь уйлж унжаад хямарч болохгүй. Яг л энэ бүтээл дээр төвлөрч, байнга тэр бүтээлээ бодох хэрэгтэй. Бүтээлээ хийж байсан мэдрэмжээ алдахгүй байх хэрэгтэй. Зургаа зурахын тулд маш болгоомжтойгоор дээшээ өгсөх хэрэгтэй. Хамаагүй буруу хөдөлж, тэсрэх ёсгүй газартаа тэсэрч хайнга ажиллабал нурна. Маш болгоомжтойгоор, нарийн хэсгүүддээ төвлөрч удаан хийснийхээ дараа зарим хэсгүүдэд нь том хэмжээний багс ашиглаж сэтгэл хөдлөлтэйгөөр зурж дуусгадаг гэж Т.Чингис зурах арга барилаасаа хуваалцсан юм.

Т.Чингист төр нийгэм, урлаг, спорт, нийгмийн элитүүд гээд маш олон хүмүүс хөрөг зургийн захиалга өгдөг. Бэлэн болгож нийтэд дэлгэсэн хөрөг бүр нь олон хүний талархлыг хүлээдэг. “Манайхан уран зураг зурж байж 100 метрийн гүйлтэд уралдах гэж байгаа юм шиг бодоод байдаг. Манайхан чинь их уралдаанч шүү дээ. Тийм юманд би их дургүй. Уралдаанч үзэсгэлэнд оролцох дургүй. Хүний хайр, хүний сэтгэлийг уралдуулах боломж байхгүй. Миний зурагтаа өгч байгаа сэтгэлийг өөр нэгний сэтгэлтэй уралдуулах боломжгүй. Олон уран зургаас нэгийг гаргаж ирээд “Энэ шилдэг” гэж байгаа нь утгагүй л дээ. “Болор цом” гэж наадамд олон хүний шүлгийг аваад нэгийг нь шилдгээр шалгаруулж байгаа нь маш буруу. Тэгээд шүүж байгаа хүмүүс нь өөрсдөө бас яруу найрагчид байдаг” гэж уран бүтээлийг шагнал, уралдаанаар хэмждгийг үгүйсгэдгээ хэллээ.

Т.Чингисийн аав Т.Тулгабаатар Увсынх, ээж нь Ховдынх юм байна. Харин эхнэр нь Өвөрхангайнх. Өвөө нь ахад нь зургийн хичээл заадаг байж. Ахаар нь морь зуруулж, зурсан морийг нь дуурайлгаж баримлын шавраар морь хийлгэдэг байсан гэнэ. Т.Чингис хоёр, гуравхан настай ч ахыгаа дуурайж морь зурж морины толгой баримлын шавраар урлачихдаг байжээ. Ээжийнх аав нь тийм их авьяастай хүн байсан болохоор зээ хөвгүүдээ багаас нь гарын ур дүйтэй болгожээ. Энэ нь Т.Чингисийг том зураач болоход үүсгэл, үндэс нь болж өгчээ.

Өөрийнхөө өдий зэрэгтэй яваа нь сайн ханийн түшиг гэж үзнэ. Нөхрөө урландаа зургаа зураад сууж байхад гэр орны ажил, үр хүүхдээ өсгөх үндсэн том ажлыг эхнэр нь нуруундаа үүрнэ. Эхнэр нь зураач болохоор уран бүтээлийн хамтрагч, уран бүтээлийн найз гэж өөр бусадтай нийлж яваад байх шаардлагагүй гэнэ. Т.Чингист оюутан ахуйн хэдэн найзыг нь эс тооцвол найз гэх хүн тун ховор. Өөрийгөө нийгмээсээ тасалж байж хөрөг зурдаг учир нэг талаар зожиг ч гэж нэрлэж болно. Тэгэхгүй бол бүтээлдээ төвлөрч чадахгүй, сайн бүтээл гарахгүй. Т.Чингис “Миний хамгийн сайн найз бол миний эхнэр. Миний хамт олон, хамтран зүтгэгч, миний бүх юм эхнэр минь. Би чинь жинхэнэ мөрөөдлийнхөө охинтой, мөрөөдлийнхөө Гүнжтэйгээ суусан юм чинь” хэмээн ханиа магтахдаа инээмсэглэлээ.

Ах нь хэдэн жилийн өмнө бурхан болжээ. Одоо ганц дүүтэй. Дүүгийнх нь гурав, өөрийнхөө хоёр хүүхдийг баярлуулах нь Т.Чингис зураачийн хувьд хамгийн том баяр гэнэ. Тэмдэглэлт баяруудаас илүүтэй энэ таван хүүхдийг аз жаргалтай байлгах нь энэ айлын хамгийн том баясгалан. Түүнээс биш Т.Чингис ямар нэгэн баяр ёслол тэмдэглэлт өдрүүдэд тун дургүй нэгэн.

Урландаа сууж байхдаа цаг завсраар нь сошиалд идэвхтэй орж, баримтат кино, элдэв мэдээллээс хоцрохгүй. Зураач Т.Чингис эхнэрийнхээ ажиллуулдаг хүүхдийн сургалтад орох дуртай. Хүүхдүүдийг харахаар Монголын ирээдүй гэрэлтэй байгаа нь харагддаг гэнэ. Одооны хүүхдүүд ухаалаг, хэрсүү, илүү энэрэнгүй болж байгаа нь хичээлийн үеэр мэдрэгддэг аж.

Зах зээлийн үед зураач Т.Чингисийн бага нас ч бусад айлын хүүхдүүдийнхтэй адил тарчиг өнгөрчээ. Гуравдугаар ангиасаа л жижиглэнгээр юм зарж наймдугаар ангиасаа зурсан зургуудаа зах дээр аваачиж зарж амьдрал ахуйдаа нэмэрлэдэг байжээ. Аравдугаар ангиа амжилттай төгсөөд конкурстээ нэгдүгээр байрт ороод дээд сургуульд элсэхэд төлбөрийг нь хийх мөнгө ар гэрт нь байсангүй. Төлбөрөө төлөхийн тулд чоно амьтнаас эхлүүлээд багшийнхаа зурсан зургийг хуулбарлаж зурж зарна. Тэгж байж л төлбөрөө арайчүү хийдэг оюутан байжээ. “Тэр ядуу амьдрал чинь намайг зураач болгосон юм. Гэртээ очихгүйгээр сургуулийнхаа урланд хонож ажиллана. Шөнө дөл болтол зургаа зурж байж төлбөрөө хийнэ. Тэр хэцүү амьдралаас л миний мэдрэмж босч ирсэн юм шүү дээ” гэж бага насныхаа тухай ярингаа урлангийнхаа өрөөнүүдийн хананд өлгөсөн бүтээл, шавь нарынхаа зурсан зургуудыг танилцууллаа. Мөн эхнэрийнхээ зурсан “Сакура” зургийн дэргэд очоод “Миний ханийн энэ зуны бүтээл. Ямар гоё цэцэгс зурдаг гэж санана” гэлээ.

13 давхарт, төв зам руу харсан цонхтой урлангийн өрөөнөөс гадаах байдал тэр чигээрээ харагдана. Харин цонхнуудыг түшүүлэн бяцхан шавь нарынхаа зурсан зургуудыг тавьжээ. Тосон будаг олон хонож байж хатдаг учир ийн дэлгэдэг юм байна. Насанд хүрэгчдийн урлангийн өрөөнд зураг зурж суусан шавь нь өрөөгөө түгжээд багшдаа түлхүүрийг нь өгөөд гарлаа. Цаг 20 цаг өнгөрч байна. Т.Чингис зураач “Надад хийж дуусгах ажил байна аа. Энэ жилийн том ажлаа лакдана даа” гэсээр урландаа үлдэв.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Арванхоёрдугаар сарын 31-нд болох үйл явдлын тойм

Арванхоёрдугаар сарын 31-нд болох үйл явдлын тойм:

Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

10.00 цагт ЭХЯ-нд Монгол Улсын Засгийн газар, Оюутолгой компани хооронд Тавантолгойн цахилгаан станц байгуулах “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ”-нд гарын үсэг зурна. Утас: 99127866

11.00 цагт НИТХ-ын ээлжит XXI хуралдаан Хангарди ордонд үргэлжилнэ. Утас: 70119921, 86048200

Categories
мэдээ цаг-үе

К.Номинжин: Дэлхийд алдартай дуунуудыг албан ёсны эрхтэйгээр дуулж байгаа

Дуучин К.Номинжинтэй ярилцлаа.


-Уран бүтээлийн ажилдаа эрч хүчтэйгээр орж ирж байгаа санагдлаа. Ингэхэд одоогоор хаана амьдарч байна вэ?

– Юуны өмнө уншигчдадаа ирж буй шинэ оны мэндийг дэвшүүлье. Би 17 настайгаасаа Америкийн Лос Анжелес хотод суурин амьдарч, суралцан, уран бүтээлээ хийж эхэлсэн. Энэ хугацаанд 15 гаруй оронд уригдаж тоглолтоо хийж байлаа. Мөн Америкийн Мэргэжлийн Хөгжмийн Зохиолчдын Холбооны гишүүн болсон. Грамми шагналт хөгжмийн зохиогч нараас суралцан, англи хэл дээр нийтийн дууны бүх жанраар дуу зохиох тал дээр өөрийгөө хөгжүүлж байна. Дэлхийд алдартай Карнеги Холлын Стерн их танхим, Линкольн Төвийн Давид Геффен концертын их танхим зэрэг тайзнаа төрөлх хэлээсээ гадна 5-10 орны хэл дээр дуугаа дууллаа. Мөн “Цас наранд уярна” гэх шүлгийг Граммийн шагналт Кристофер Тин хөгжмийн зохиолчийн аянд зориулан зохиож, Их Британийн Роял Филармонитай “Drop that contained the sea” гэх цомогт зориулан дуулсан. Энэ дуу маань “Billboard”-ийн сонгодог төрөлд нэгдүгээр байранд орсон. Өнгөрсөн жил Английн Ханхүү Чарлзын ивээл дор явагддаг Llangollen Eisted fodd хөгжмийн наадмын Гала Концертонд уригдаж, Кардифф дахь Уэлсийн Үндэсний Дуурийн Театрын Симфони Найрал Хөгжимтэй арван хэл дээр гоцлон дуулж оролцлоо. Энэхүү Гала тоглолтод урьд нь домогaт дуучин Паваротти уригдаж байсан юм билээ. Өөрийн зүгээс маш их хичээл чармайлт гаргаж оролцсон. Хүч сорьсон олон улсын тоглолтуудад оролцсоны дараа олон улсын шүүмж бичигч нараас өндөр үнэлгээ авсан маань маш том амжилт гэж бодож байгаа. Цаашдаа Монголынхоо нэрийг дэлхийд таниулах зорилготой ажиллаж байна даа.

“Мянга ярихаар нэг үз” гэж монголчууд маань ярьдаг. Тиймээс ч би гадаадын тоглолтуудын тухай Монголдоо их сурталчилдаггүй л дээ.

-Саяхан гаргасан шинэ дууныхаа талаар ярихгүй юу?

-Сонсогч, үзэгчдэдээ өөрийн зохиосоaн “Kiss me at midnight” дууныхаа клипийг хүргээд удаагүй байгаа. Энэ дууны нэр маань монголоор “Шөнө дунд болоход намайг үнсээрэй” гэсэн утгатай. Дуу маань латин америк хэмнэлтэй. Хөгжмийн маш олон тооны зэмсэг оруулсан, латин pop-soul гэж миний нэрлээд байгаа найруулгыг хүмүүс маань олж сонсоно гэдэгт итгэлтэй байгаа. Клипээ олны сайн мэдэх сонгодог үлгэрээс сэдэвлэж, орчин үед хувиргасан л даа. Манай сошиалын найзууд титэмтэй хувцсыг маань нэлээн гайхсан. “Би бол титэм зүүж гүйдэг хүн биш л дээ” гэж тайлбарлаад байгаа юм. Зохиолоосоо шалтгаалж титэм зүүх ёстой болсон. Клипний хувьд АНУ-д элсэн цөлд хэдэн арван мянган хүн оролцдог BURNING MAN буюу “Шатаж буй залуу” нэртэй өөрийгөө илэрхийлэх радикал буюу хэт урлагийн наадам, рок-поп, цирк гээд бараг л багт наадам болдог. Мөн тэндээ модон хүн шатаадаг. Тэр наадамд хүмүүс элдэв янзын хувцас өмсдөг. Үүнээс үүдэж клипнийхээ санааг олсон. Америкийн соёлын амьдрал, контр- соёл урлагт том байр суурь эзэлдэг энэ наадам нь бусдыг аялдан дагалдагчдын “Яагаад яагаад?” гэдэг асуултад “Яагаад болохгүй гэж? Яагаад уран бүтээлч хүн, ер нь ямар ч хүн өөрийгөө өөрийнхөөрөө илэрхийлж болохгүй гэж? Яагаад хүн бүхэн нэг хэвэнд цутгасан мэт адилхан харагдах, адилхан амьдрах, адилхан хооллох, цаашлаад адилхан бүжиглэх дуулах ёстой гэж” гэдэг хариултыг өгдөг. “Шөнө дунд болоход намайг үнсээрэй” хэмээх клипийн төгсгөлийг сайн анхааралтай үзээрэй. Үлгэр тэгэхэд л эхэлнэ. Шинэ шинэ уран бүтээлээр үзэгч, сонсогчидтойгоо илүү ойр ойрхон уулзалдаж байх болно гэдгээ хэлмээр байна.

-Сүүлийн үед гадаад дуунуудыг коверлэж дуулж байгаа нь хүмүүст их хүрсэн л дээ. Цаашдаа ковер дуулах төлөвлөгөөтэй байна уу?

-Миний Лос Анжелес дахь менежмэнт шинэхэн You­Tube суваг www.youtube.com/NominjinOfficial нээж өгсөн. Дэлхийд алдартай дуунуудыг албан ёсны эрхтэйгээр дуулж, өөрийн хувилбарыг худалдан борлуулах боломжийг олгож байгаа юм. Миний өөрийн зохиосон дуунуудаас гадна ковер дуунууд албан ёсоор бүх интернэт дэлгүүрүүдэд худалдаалагдаж байгаа. Сонсогчдодоо долоо хоног бүр шинэ ковер хүргэх төлөвлөгөөтэй байна. Мөн 15 орны хэл дээр дуулдаг хүний хувьд, англи хэлнээс гадна өөр хэл дээр дуулж, өөр өөр олон сюрприз барих болно. Тиймээс сонсогчид маань сувгийг маань дэмжээсэй хэмээн хүсч байна.

-Монголдоо сүүлд хэзээ ирсэн бэ?

-Монголдоо хамгийн сүүлд энэ зун очсон. Ер нь ажлын шаардлагаар сүүлийн гурван жилийн хугацаанд маш их ирж, очиж байгаа. 2015 онд Өмнөд Солонгосын Гадаад Хэргийн Сайд Ёюн Бюун Сэ хоёр жилийн хугацаатай Олон Нийтийн Дипломат Найрамдлын Элчээр өргөмжилсөн. Энэ томилолтынхоо хүрээнд Улаанбаатарт хоёр удаа солонгос дууны бүрэн хэмжээний бие даасан тоглолт тавьж, мөн Солонгос К-поп тоглолт, Солонгосын кино наадам зэрэг арга хэмжээнүүдэд оролцсон хоёр орны соёлын харилцаанд бага ч гэсэн хувь нэмэр оруулсан гэж боддог.

-Багаасаа олон орноор аав, ээжийгээ дагаад явж байсан гэдэг. Ямар ямар орноор очиж байв. Хамгийн таалагдсан нь аль орон бол?

-Би есөн сартайгаасаа эхэлж аялсан. Багадаа Оросод гурван жил, Энэтхэгт таван жил мөн Карибийн тэнгист нэг жил амьдарч байсан. Монголдоо 13 настайдаа урлагт хөл тавих гэж буцаж ирсэн. Түүний дараа 17 настайдаа Америкт бүрэн суурьшсан л даа. Мөн 12 настайгаасаа эхэлж дэлхийн олон оронд хүүхдийн болон бусад урлаг, хөгжмийн наадмын шугамаар уригдаж дуулж байлаа. Миний хувьд хамгийн таалагдсан газар гэвэл Карибийн тэнгисийн арал. Номин цэнхэр далайд нь өдөр болгон сэлэх маш их таалагдсан даа.

-К.Номинжин хаана сургууль төгссөн бэ. Дуулахаас гадна өөр мэргэжил эзэмшсэн үү?

-Би мэргэжлийн дуучин, ая, үг зохиогч гэсэн чиглэлээр одоог хүртэл сурч байгаа. Холливуудын алдарт Roger Love багштай багадаа таван жилийн турш ажиллаж поп дуулах урлагт суралцсан. Мөн уртын дуучин Хонгорзул багшаар амьсгааны урлаг заалгасан. Америкт киноны жүжгийн урлагаар 2009 оноос хойш суралцаж байгаа. Урлагийн хүний хувьд бүх талаараа өөрийгөө хөгжүүлэхийн тулд байнга суралцдаг. Монголын Сити Их Сургуулийн дуулаачийн ангид эчнээгээр, мөн мэргэжлийн орчуулагчаар сурч төгссөн. “Содура” уран сайхны киноны дуу, “Монгол дуу дэлхийд” төслийн дуунуудыг монголоос англи хэл рүү орчуулсан, мөн улс үндэсний арга хэмжээний хөтөлбөрийг англиар бичих буюу орчуулсан.

-15 хэлээр дуулна гэдэг үнэхээр биширмээр санагдаж байна л даа. Бүх хэлээр нь ярьдаг гэсэн үг үү?

-Олон оронд амьдарч байхдаа тухайн газрын хэл, соёлыг өөрийн эрхгүй сурсан л даа. Энэтхэгийн 30 сая гаруй хүн ярьдаг малаялам хэлээр багадаа “ус цас” гэдэг шиг л ярьдаг байлаа. Таван настайгаасаа бүх хичээлээ англи хэл дээр үзэж байсан. Багадаа Орос улсад амьдарч байхдаа орос, монгол хэлээр зэрэг хэлд орсон гэдэг. Одоо хамгийн их хэрэглэж байгаа хэл маань англи, монгол хэл учраас бусад хэлээрээ ярих туршлага багасч, мартагнасан байна лээ.

-Номинжингийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Өглөөнөөс орой хүртэл яг л тамирчин хүн шиг байнгын бэлтгэл хийдэг. Хоолойгоо хөгжүүлэх, дуу зохиох, дасгал хийх, шинэ дуу сурах гээд л ар араасаа хөвөрнө. Өөрийгөө тайзан дээр гарахад бэлэн байлгах бэлтгэл тогтмол хийдэг.

-Монголдоо ирж уран бүтээл хийх бодол бий юу?

Одоогийн байдлаар Америкт гэрээтэй ажиллаж байгаа болохоор шинэ дуунууд маань англи хэл дээр зохиогдож байгаа. Монголчууд маань англи хэл дээр дуулдаг дуучдыг байнга сонсож байдаг болохоор намайг ч бас дэмжиж байгаад их баярлаж байна.

-Урлагт хэрхэн орсон талаараа ярихгүй юу?

-Анх 11 настайдаа ээж, аав хоёртоо дуучин болох сонирхолтой байгаагаа хэлж, түүнээс хойш хүүхэд байхдаа ч зуны амралтгүй хөдөлмөрлөсөөр өдий хүрлээ. Багадаа мэргэжлээ сонгож эцэг, эх маань өдийг хүртэл чин сэтгэлээсээ дэмжиж ирсний ачаар өдий зэрэгтэй яваа гэж боддог.

-Урлагт ороход гэр бүлийн тань нөлөөлөл хэр байсан бэ?

-Манай гэрт урлагийн хүн байхгүй. Ээж маань социологич мэргэжилтэй, Монгол Улсын Их Сургуульд багшилж байсан эрдэмтэн хүн. Гэхдээ ээж маань их сайхан хоолойтой. Ер нь ээжээсээ дуулж сурсан гэж хэлж болно. Өнөөдрийн хувьд ээж маань хамтарч дуу зохиохоос гадна дуулалтын продюсерыг маань хийдэг. Миний өвөг дээдэс болох Балданцэрэн гүн маань “Эрүү цагаан болжмор” зэрэг ардын гэгддэг олон дууг зохиосон байдаг юм билээ. Дуу зохиох чадвар бидэнд удамшсан байх гэж боддог. Ээжийн эмэг эх нь Балданцэрэн гүнгийн ач охин байсан гэдэг. Урлагийн зам мөрийг сонгоогүй ч маш олон хөгжмийн зэмсэг тоглодог байсан. Монголд анх радио үүсч байхад Цэрэндорж гуай нарын алдарт хөгжимчидтэй тоглодог байсан гэж ээж маань ярьдаг.

-Өөрийг тань ургамал хоолтон гэж сонссон. Яагаад ургамал хоолтон болсон бэ?

-Би анх 13 настайдаа цэвэр цагаан хоолтон болж, 19 настайдаа веган буюу ургамал хоолтон болсон. Амьтны амь шууд болон шууд бус утгаар хөнөөхгүй, архи, тамхи огт хэрэглэхгүй гэсэн тангараг өргөдөг. Энэ амьдралын хэв маяг маань надад дотоодын их амар амгалан, аз жаргалыг бэлэглэдэг. Би гэрээсээ анх цагаан хоолтон болсон л доо. Дараа нь аав, ээж маань мөн ургамлан хоолтон болсон. Ингэснээр ээж, аав маань эм тан хэрэглэхгүй, элэг цөс, ходоод гэдэс нь өвдөхгүй, даралт нь ихсэхгүй, бие хөнгөн шингэн, эрүүл саруул амьдарч байна.


Categories
мэдээ цаг-үе

Михаэль Шумахер “Би өөрийгөө үргэлж дутуу үнэлнэ. Тэгж байж цаашид хөгжих замаа хардаг”

Шумахер орноосоо өндийсөн гэх гэрэлт мэдээг Их Британийн Daily Mail сонин дэлхийд зарлаж авто уралдааны “Формула-1” ангиллын цорын ганц долоон удаагийн аварга нисгэгчийн сая, сая фэнүүдийг баясгалаа.

Сунайсан таван жил. Яг ийм хугацааг цагтаа салхи исгэрүүлэн хурдалж, суух завгүй давхиж явсан хорвоогийн хамгийн “догшин жолооч” хэвтэрт хадагдаж тусгай аппаратаар шахах цэвэршүүлсэн агаар амьсгалж өнгөрүүлсэн. За даа, хүмүүс бараг мартах шахаж буй Германы автоуралдаанч “Улаан барон” хочит Михаэль Шумахерын ослын талаар өнгөц сануулъя.

Осол, аваараар арвин “Формула-1”-ийн уралдааны зам дээр тэр бүдрээгүй. Ер нь хорь гаруй жилийг 300 миллийн хурдтай давхидаг хөлөгний ард сууж өнгөрөөхдөө тогтмол аз хийморьтой байж осол гэмтлээс бултаад л аваргалаад л байсаар өнгөрөөсөн хүн шүү дээ. Харин зодог тайлаад удалгүй Альпийн нуруунд цанаар гулгаж яваад тэгж аймаар гэмтсэн гэхээр тун эмгэнэлтэй.

2013 оны арванхоёрдугаар сарын 29-нд Шумахер Альпийн салбар нуруунуудын нэгэн хэсэгт байрлах цанын баазын хаялгаар уруудаж байлаа. Тэр зориулалтын хоёр цасан замын хоорон дахь хамгаалалтгүй хэсгээр доош уруудан гулгаж байгаад хөл алдаж 30 метр орчмын өндрөөс унаж хамгаалалтын малгайгаа хагартал хад мөргөхдөө тархиндаа асар хүнд гэмтэл авсан. Тэгээд шууд тэндээсээ Греноблийн эмнэлэг рүү нисдэг тэргээр хүргүүлэн тархины маш хүнд хоёр ч мэс засалд орсны дараа хагас жилийг ухаан оролгүй хиймэл амьсгалын аппараттай, ямар ч хөдөлгөөн үгүй комд хэвтэж өнгөрүүлжээ. Дараа жил нь түүнийг Швейцарийн Лозанн хотын их сургуулийн дэргэдэх эмнэлэгт хүргүүлэн эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн эмчилж байгаад хожмоо сэргээн сайжруулах тасаг болгон өөрчилсөн юм билээ. Тэндээ нэг их өөрчлөлт олоогүй тул Женевийн нуурын ойролцоох 30 сая ам.долларын үнэтэй түүний хувийн харшид авчирч уг харшаа муухан эмнэлгээс дутахааргүй тоноглож байгаад эмчилгээгээ үргэлжлүүлж эхэлсэн. Ойр дотных нь хүмүүс түүний биеийн байдлын талаарх сайн, муу мэдээ хэвлэл мэдээлэлд гарахаас чухам их сэргийлж хатуу чанга хамгаалалт дор амьдарч байсан тул тэгсхийгээд л Шумахерийн талаар юу ч сонсогдохоо больсон билээ. Цаст уулын нуруунд хүнд гэмтэл авснаас хойш бүтэн таван жил өнгөрөхөд хэвлэлийн хуудаснаа үнэн бодит мэдээлэл хоёр өгүүлбэрээс хэтрэхээргүй гарлаа гэсэн нь Михаэлийн эхнэр Коринагийн чанга гар нөхрийгөө чадлынхаа хэрээр нуусний гавьяа биз ээ. Энэ хугацаанд зөвхөн ойр дотных нь хүмүүс “мэдээлэл цацахгүй” гэдэг албан амлалттайгаар түүнтэй уулзаж байсан гэх. Олон улсын автоспортын холбооны ерөнхийлөгч Жан Тодт сардаа нэг, хоёр удаа “эргэлт оруулна”. Учир нь тэр бол Шумахерийг “Феррари” багт өнгөлж таван удаа дараалан аваргалах үед уг багийн ерөнхий менежер байсан, ойрынх нь хамтрагч тул. Тэр нөхөр анхлан өнгөрөгч сард Шумахертай хамт “Бразилийн Гран-При “-г үзсэн, Льюис Хэмилтоны ялалтыг үзээд нулимс унагаж байсан гэх жижиг мэдээг нийтэд цацаж Шумахер хорвоог орхих болоогүй, амьд сэрүүн, бүр тийм дээрээ тулбал зарим үйл явдлыг ойлгох хэмжээнд хүрчихээд байна гэдгийг түмэн олон хөгжөөн дэмжигчдэд нь дуулгасан юм.

Дараа нь үргэлжлээд “Daily Mail” сонины “Шумахер орон дээрээсээ боссон, бас хиймэл аппаратаар амьсгалахаа больж ердийн, өөрийнхөөрөө амьсгалдаг болсон, тэргэн дээр суугаад нуур ширтэж, санаагаа бага зэрэг ойлгуулж байгаа” гэдэг мэдээ цацагдлаа. Гэр бүлийнх нь хүмүүс үгүйсгэсэн, няцаасан мэдэгдэл хийхгүй байхыг бодвоос уг мэдээ үнэн бололтой. Долоо хоногт 50 мянган фунт стерлингийн зардалтай эмчилгээ хийгдэж байгаа, хэрвээ энэ чигээрээ бие нь илааршвал Мальоркад байдаг харш руу нь шилжүүлнэ гэж уг сонин бичсэнээс гадна Шумахерийн гэр бүл түүнийг гэмтэхээсээ сарын өмнө өгсөн ярилцлагыг хав дарж байгаад саяхан нийтэлсэн зэрэг нь “улаан барон”-ы хувь заяа өөдрөг харагдах болсны илрэл яах аргагүй мөн буюу. Уг ярилцлагад Шумахер “Рекорд гэдэг юу юм бэ. Тэр бол зөвхөн тоо. Түүнд хүрэх гарц л хамгийн чухал. Хүн заавал эргэлзэж байх хэрэгтэй. Тэр нь мухар итгэлийг хязгаарлаж өгдөг юм. Хүн эргэлзэх тусам өөрийгөө сайжруулах хил хязгаараа тэлдэг. Би лав “ийм хэсэгт муу байна, тиймээс тэр зүгт сайн ажиллах хэрэгтэй” гэж өөрийгөө тогтмол хурцалж байлаа. Тиймээс би өөрийгөө тогтмол дутуу үнэлнэ. Тэгж байж гэмээнэ би хөгжинө. Намайг өдий зэрэгтэй авч яваа эмийн жорыг энэ гэж бодож байна” хэмээн өгүүлсэн байсан. Тэр одоо огт ярьж чадахгүй байгаа ч дотоод сэтгэлдээ өөрийгөө хөгжүүлэн тэмцэж л байгаа даа.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насны хүүхэд өвчлөх нь их байна

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 28-ны байдлаар, амбулаторийн 62489 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3242 тохиолдол оношлогджээ.

Энэ нь нийт үзлэгийн 5.1 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногийн дундаж түвшнээс 0.1 хувиар бага, өнгөрсөн оны мөн үеэс 4.1 хувиар бага байгаа аж.

Нийт өвчлөгсдийн 40.6 хувийг 0-1 нас, 26.1 хувийг 2-4 нас, 15.2 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 1867 дуудлага ирснээс 43.3 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.

Томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдварын үед эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэх хэвших, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна.

Categories
энтертаймент-ертөнц

Баярын ширээгээ чимэх өвөрмөц санаанууд

Шинэ он гарах дөхөж байгаа энэ үед эзэгтэй нарын толгойд баярын ширээгээ хэрхэн засах тухай бодол эргэлдэж буй биз ээ. Жимс, ногоог бүтнээр нь таваглан өрөх нь дэндүү уйтгартай бөгөөд энгийн өдрүүдийн ширээ засалтаас нэг их ялгарахгүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тэгвэл танайхыг зорин ирэх зочид болоод бяцхан үрсдээ зориулж “сонирхолтой” ширээг засаж болох юм шүү. Жимс, ногоогоор “амьтан” урлаж, ширээгээ чимээд үзээрэй. Таны ширээн дээрх “амьтад” зочдыг гайхшруулна гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар автомашин жолоодох зөрчил нэмэгджээ

Улсын хэмжээнд энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэе. Энэ ажлын өдрүүд буюу арванхоёрдугаар сарын 24-28-нд Тээврийн цагдаагийн албанд зам тээврийн осолтой холбоотой нийт 1421 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Ослын улмаас нийслэлд хоёр хүний амь нас хохирч 30 хүн хүнд, хөнгөвтөр байдлаар гэмтсэнээс тав нь бага насны хүүхэд байсан аж. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн есөн жолоочид хэрэг нээсэн байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутаг Алтан-Өлгийн гудамж, Приус маркийн автомашины ард ачаа ачиж байсан явган зорчигч Х-г Приус маркийн автомашин мөргөж, явган зорчигч 22 настай, Х-н амь нас хохирсон хэрэг гарчээ. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн нутаг Баянголын 32-р гудамж Приус маркийн автомашины жолооч нь явган зорчигч 33 настай, эмэгтэй Ц-г мөргөж амь насыг нь хохироосон хэргийг шалгаж байна.

Мөн цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 168 зөрчлийг илрүүлж хариуцлага тооцжээ. Энэ долоо хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 40 хувиар өссөн байна.

Categories
мэдээ нийгэм

Ирэх жил бүх нийтээр амрах өдрүүд

Image result for calendar 2019

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу дараах баяр болон тэмдэглэлт өдрүүдэд бүх нийтээр амардаг билээ. Үүнд:

1.Шинэ жил: Нэгдүгээр сарын 1,

2.Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3,

3.Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: Гуравдугаар сарын 8,

4.Хүүхдийн баяр: Зургадугаар сарын 1,

5.Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: Долдугаар сарын 11, 12, 13, 14, 15,

6.Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: Арваннэгдүгээр сарын 26

7.Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1,

8.Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: Арванхоёрдугаар сарын 29,

2019 онд бүх нийтээр ажлын хэдэн өдөр амрахыг дараах хуанлигаас харвал ажлын арван өдөр таарч байна.

Categories
мэдээ спорт

Хакухо М.Даваажаргалын амжилтыг Гиннесийн номд бүртгэжээ

Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалын амжилтыг Гиннесийн номд бүртгэн авчээ. Хакухо аварга мэргэжлийн сумогийн дээд зиндаанд 35 удаа түрүүлсэн бөгөөд Макүчи зиндаанд хамгийн олон түрүүлсэн, хамгийн олон удаа дараалан түрүүлсэн, хамгийн олон удаа уналгүйгээр түрүүлсэн, нэмэлт барилдаанаар хамгийн олон удаа түрүүлсэн сумогийн аварга гэсэн амжилтыг эзэмшдэг.

Сонирхуулахад, Хакухо М.Даваажаргал мэргэжлийн сумо бөхийн 2015 оны эхний башёд өвдөг шороодолгүй түрүүлс­нээр сумод хамгийн дээд амжилтын эзэн болсон түүхтэй. Тэрээр Сүмогийн их аварга Хакүхо 29 насандаа 33 дахь түрүүгээ авснаар Японы аваргууд болох Чиёнофүжи 32 насандаа 31, Тайхо 35 насандаа 32 дахь түрүүгээ авсан амжилтыг мөн эвдсэн гэдэг.

Хакухо аваргын амжилт Гиннесийн номд бүртгэгдлээ

Энэ оны гуравдугаар сарын Харү башёд 34 дэх түрүү, долоодугаар сарын Нагоя башёд түрүүлж, Японы эзэн хааны цомыг 35 дахь удаагаа гардаж авсан гээд Хакухо М.Даваажаргалын дээд амжилт нэмэгдсэн байна.