Categories
мэдээ нийгэм

Нүүрс худалдаж авах хөнгөлөлтөд 8679 иргэн хамрагджээ

Нийгмийн халамжийн сангаас зорилтот бүлгийн иргэдэд орон сууцны хөлс төлөхөд нь, хэрэв нийтийн халаалтгүй сууцанд амьдардаг түлээ нүүрс худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор жилд нэг удаа мөнгөн тусламж олгодог. Уг ажлын хүрээнд түлш худалдан авахад зориулсан мөнгөн тусламжид 2017 оны байдлаар нийслэлийн хэмжээнд ахмад настан 1348, алдар цолтон ахмад настан 376, хөгжлийн бэрхшээлтэй иргэн ба хүүхэд 8679 хамрагдсан байна. Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг “Жил бүр зорилтот бүлгийн иргэдэд олгож түлээ нүүрс худалдан авахад зориулсан бэлэн мөнгөөр өрхүүд хамгийн хямд, чанар муутай нүүрсийг худалдан авч түлэх, зарим нь түлш авахад зарцуулахгүй, хуучин дугуй зэрэг шатааж болох зүйлс авч түлж байгаа тохиолдол байна. Энэ нь агаарын бохирдол бий болоход тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа учир цаашид мөнгөн тусламж бус сайжруулсан түлш хэлбэрээр олгох эсхүл түлээ нүүрс авах эрхийн бичиг хэлбэрээр олгох асуудлыг судалж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Оюуны спортын тамирчид эх орондоо ирлээ

Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах 27 дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцож, багаараа нийт 18 медаль хүртсэн манай баг тамирчид эх орондоо ирлээ. Тэд багийн нийлбэр дүнгээр (19401 оноо) БНХАУ болон БНАСАУ-ын дараа гуравдугаар байрт эрэмбэлэгдэж Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулсан Монголын оюун ухааны академийн шилдэг тамирчид юм. Манай улсыг төлөөлөн оролцсон 22 тамирчин 21 орны 260 гаруй тамирчид 3 өдрийн турш оюун ухааны хурц өрсөлдөөнийг үзүүлж нийт 60 медалиас 4 алт, 3 мөнгө, 11 хүрэл буюу нийт 18 медалийг эх орондоо авчирлаа.

Categories
мэдээ спорт

Эрэгтэй, эмэгтэй тамирчдад дэлхийн чансааны оноог ижил тэмцээнээр олгоно

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос 2018 оноос эхлэн сонгомол барилдаан, чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр дөрвөн өөр тэмцээнээр дэлхийн чансааны оноо олгосон билээ. Тэгвэл ДБНХ арванхоёрдугаар сарын 24-нд болсон хурлаар шинэ журмыг баталж, 2019 оны дэлхийн чансааны оноо олгох чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн ангиллын тэмцээнийг хамтатгах шийдвэр гаргажээ. Ингэснээр Иван Ярыгины “Алтан Гранпри” (I.24-27), Дан Коловын нэрэмжит ОУТ (II.28-III.03), Сассаригийн ОУТ (V.24-25), Яшар Догугийн нэрэмжит ОУТ (VII.12-14)-д дэлхийн чансааны оноо олгохоор болоод байна. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд нэг улсаас нэг жинд гурав тамирчин оролцуулдаг. Дээрх тэмцээнүүдэд түрүүлсэн бөх 8, мөнгө 6, хүрэл 4, тавдугаар байр 2 оноо цуглуулахаас гадна оролцогчийн тоог харгалзан оноо нэмж олгодог юм.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын удирдах зөвлөл хуралдана

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдах тов зарлажээ. Удирдах зөвлөлийн хуралдаанаар нийслэлийн дараагийн Засаг даргад хэнийг нэр дэвшүүлэх эсэхээ шийдэх аж. Учир нь маргааш НИТХ-ын ээлжит хуралдаанаар дараагийн хотын даргыг сонгох юм.

Categories
мэдээ спорт

Ой тогтоолтын дэлхийн аваргаас 18 медаль хүртсэн баг тамирчид эх орондоо ирлээ

Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах 27 дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцож, багаараа нийт 18 медаль хүртсэн манай баг тамирчид эх орондоо ирлээ.

Тэд багийн нийлбэр дүнгээр (19401 оноо) БНХАУ болон БНАСАУ-ын дараа гуравдугаар байрт эрэмбэлэгдэж Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулсан Монголын оюун ухааны академийн шилдэг тамирчид юм.

Манай улсыг төлөөлөн оролцсон 22 тамирчин 21 орны 260 гаруй тамирчид гурван өдрийн турш оюун ухааны хурц өрсөлдөөнийг үзүүлж нийт 60 медалиас 4 алт, 3 мөнгө, 11 хүрэл буюу нийт 18 медалийг эх орондоо авчирлаа.

Categories
мэдээ спорт

Дакар раллид өрсөлдөх тамирчид Перуг зорилоо

Авто спортын олимп гэгддэг Дакар ралли нэгдүгээр сарын 6-17-д Перу Улсад болно. Тус тэмцээнд 40 гаруй орны 534 тамирчин, 334 техник хэрэгсэлтэй оролцохоор техникийн үзлэгт хамрагдаж, хувийн дугааруудаа авчээ. Манай улсаас автомашины SxS болон мотоциклийн ангилалд гурван тамирчин уралдана. Тэд өнөөдөр Перу Улсыг зорилоо.

SxS ангилалд оролцох авто спортын олон улсын хэмжээний мастер Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нар өнгөрсөн арваннэгдүгээр сарын 22-нд Францын Ле Хавред уралдах машинаа өөрсдөө хүргэж өгөн техникийн үзлэгт хамруулж, уралдах эрхээ баталгаажуулсан юм. Автомашины SxS ангилал гэдэг нь олны мэддэгээр дөрвөн дугуйт юм. Энэ ангилалд Монголын тамирчид анх удаа оролцох гэж байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол гэргий: Төрөө мэдье гэвэл эрээ мэдэх

ЭХЛЭЛ. ЖАРГАЛ ХААЧИВ?

Энэ хорвоод хэн жаргалтай вэ? Тэд нар л жаргацан харагдаад байхаас энэ хавьд нэг их жаргааад цэнгээд байгаа юм барагтайхан. Бодоод байхад дээр үед жаргаж байсан ч юм шиг, сайн мэрийвэл ирээдүйд нэг жаргаж болох ч юм шиг төсөөлөгдөнө. Одоогийн жаргал нэг л гарт баригдаж өгөхгүй, амьдралын түг түмэн проблем дотор манантан алдрах бөлгөө. Хүүхэд насаа эргэн бодоход жаргалтай боловч яг хүүхэд байхдаа “Өөртөө сэтгэл хангалуун байсан уу” гээд өөрөөсөө асуухаар их ондоо хариу гарна. Хэзээ дуусах нь бүү мэд 10 жилийн чилийсэн сургалт, багш нарын дарамт, гэрийн даалгавар гэж нэг бөөн лай, эцэг, эх хүссэн мөнгө өгөхгүйн гачлан, биеэр жижгийн зовлон, том хүүхдүүдийн дээрэлхэлт, бушуухан том болоод авбал л нэг хамаг юм шийдэгдээд өгөх аятай төсөөлөгдөнө. Том болоодохсон чинь, хүссэн юм хүнийх байхаас эхлээд аятайхан хань ижил олох ажил гарна, хүсэл хүслээрээ байхдаа сайхан боловч хүзүүгээр татаад ирэхээрээ биш болоод явчихна.

Хүн байна даа, ядахнаа унадаг дугуй авчмаар байдаг. Дугуй авсан чинь “Хүмүүс ядаж мотоцикль унаж байхад ингэж ч явах гэж дээ” гэсэн шүү юм бодогдоно. Энэ үзэгдэл жижиг тэрэгтэй, жийптэй, амины онгоцтой уурхайтай болсон хойно ч үргэлжилж, “Жаргахад нэг л жаахан юм дутагдсаар” байх ажгуу. Ийм зовлонгоос салсан хүн байгаа бол, сайн хэрэг. Үнэндээ бол орчлонгийн хүрдэнд эргэлдэж төрсөн хэвийн эрүүл хүнд энэ үзэгдэл ямар нэгэн хэмжээгээр байх ба Будда түүнийг “хүсэхийн зовлон” гэж нэрлээд энэ түүнээс холдохын хэрээр жаргалд ойртох тухай сургажээ. Будда Шагжамунь бээр бид бүхэнд байдаг жаргах, жаргалдаа хүрэх эрмэлзлийг үнэлээд, хүн бүхэн үндэс угсаа, хөрөнгө чинээнээс үл хамааран аз жаргалдаа буюу гэгээрэлд хүрэх тэгш боломж, эрхтэй болохыг 2500 жилийн өмнө тунхаглан хэлж өгчээ. Буддагийнхаар бол хүн угаасаа л жаргах гэж төрдөг боловч жинхэнэ аз жаргалаа олж хардаггүй, бас өөрөө жаргахын тулд өөр шигээ жаргахыг хүссэн бусдад үгүйдээ л садаа хийж явдаг, ингэснээрээ өөрийн аз жаргалыг сүйтгэх төдийгүй харин ч ирээдүйдээ зовох шалтгаан бүрдүүлдгийг хэлээд “Хамаг амьтан жаргаж байг, жаргах хэрээрээ сайн үйл бүтээж, дараа дараагийнхаа жаргалангийн үрийг тарьж байг” хэмээн ерөөсөн билээ. Энэ ерөөлийн уламжлалт орчуулга нь “Хамаг амьтан жаргалан хийгээд жаргалангийн шалтгаанаас үл хагацах болтугай” бөлгөө.

НЭГ. ДЭМЖЛЭГ БОЛ БАСАМЖЛАЛ

Манай зарим бүсгүйчүүд аз жаргалтай байхад жээндэрийн асуудал нэлээд дутагдаад байгаа бололтой. Энийгээ өөрсдийн хүслээ биелүүлэх гэхээсээ илүү “Ардаа жаргаахад эмэгтэйчүүд хэрэгтэй байгаа” гэсэн утгаар ухуулж байна. Ер нь сэтгэл судлаачдын яриагаар бол нялх хүүхэд, галзуу хүн хоёр л үнэнээ шууд ярьдаг юм гэсэн. Энэ ч яахав. Хүүхнүүд жаргалтай амьдралынхаа төлөө тэмцэх эрхтэй ба тэднийгээ жаргах гэж байхад нь бид ч садаа болох учиргүй. Болтугай. Тэд тухайн намаас нэр дэвшигчдийн 30 орчим хувь нь гэргий нар байх учиртай гэсэн хуулийн төсөл өргөн барьсан билээ. 30-аас доошгүй байна уу, дээшгүй байна уу, надад ямар хамаа. Гэхдээ 30 болгоод харахад тэр бүгдээрээ сонгогдоод гараад ирлээ гэхэд бас л жээндэр шийдэгдээгүй байна. Учир нь цаана нь эрчүүд 70 хувийг эзэлнэ. Ийм тэгш эрх гэж ямар юм байх билээ, 50:50 болгохоос нааш санаа амармааргүй юм болно. Ер нь эмэгтэйчүүд нь парламентын нийт гишүүний 70 хувийг эзэлж байвал л сая жээндэрлэг болох дараагийн дүр зураг харагдана. Энэ хүсэл биелэх боломжгүй шигээ тулах хязгаар байхгүй.

Уул нь тэгш эрхийн төлөө хөнгөлөлт гэж байдаггүй. Аливаа хөнгөлөлт, нийгмээс олгогдсон илүү боломжийн цаана “хүч чадлаар дорд үзэх” санаа нэвт байдаг. Аливаа хөнгөлөлт нь түүний дутуу дулимагийг бататгасан албан ёсны сертификат болдог. Өндөр настанд, ядууст тэтгэмж олгодог нь “Эд бол бусад шигээ амьдрах чадваргүй” гэсэн нийгмийн үнэлгээ л шүү дээ. Хоёр хүн зодоон хийхэд нэгэнд нь муна бариулах байдлаар тэгшитгэж болох уу? Энэ нь рыцарь сэтгэхүйгээр бол шууд л доромжлол, илт ялагдал биз дээ. Ахмад настанд суудал тавьж өгөхийн цаана энэ бол зогсох чадваргүй сул дорой болсон амьтан гэж үзэх үзэл бий. Хүүхдийн эрх ашиг гэдэг нэрийн цаана хүүхэд өөрийгөө хамгаалах чадваргүй, бусдаас дутуу учраас гэсэн санаа бий. Бас эмэгтэйчүүдийн нэр заавал дэвшүүлэх гэдгийн цаана “эд мөрөөрөө яваад гарч ирэх чадваргүй” гэсэн доод үнэлэмж байгаа. Төрөөс л тэтгэж гаргаж ирэхгүй бол ард түмэн эднийг хүн гэж үзэхгүй гэсэн дээрэлхүү санаа бас байгаа.

Эртүүд “манай талын” нэг улс төрч тайлбарлаж байх юм. Эмэгтэйчүүд минь та нар өөрсдийгөө албадан байж 30 хүртэл хувь сонгуулах төсөл барьж яваа нь” ингэхгүй бол бид гарч чадахгүй улс” хэмээн доошлуулан сурталчилж буй хэрэг бус уу гэж байна. Бас “Хүний тал”-ын нэг улс төрч хэлж байна. “Эмэгтэйчүүдийн нэрийг маш олноор нь намаасаа дэвшүүлэх шиг амар юм уг нь алга. Даанч гэр бүлдээ хамгийн их эрх мэдэлтэй хүмүүс болох эмэгтэйчүүд нь өөрснөө хүүхэн-кандидатадаа саналаа өгөх нь бага шүү дээ. Иймээс улс төрийн хувьд намд хохиролтой болоод байгаа юм” гэнэ. Жирийн амьдралтай андын маань жив жирийн гэргий ярьж байна аа “Эртүүд зурагтаар нэг алдарт эмэгтэй гарлаа л даа. Зурагтын сурвалжлагч түүнээс “Та ийм их ажлынхаа хажуугаар гэр орныхоо ажлыг яадаг вэ” гэж асууж байна. Тэрээр “Өө би гэрийн ажилд хавьтдаггүй, Манай нөхөр л нухаж суудаг юм” гэж байна. “Өөрийгөө магтаж болно оо. Харин эр нөхрөө битгий доош нь хий” гэж захимаар санагдсан шүү” хэмээж байна.

ХОЁР. ГЭРЭЭ МЭДДЭГ ГЭРГИЙ НАР

Нүүдэлчин уламжлалт монголчуудын дунд өнөө ч гэсэн эхийн эрхт гэх нь хаашаа юм бэ, ямартаа ч атугаа гэргийн эрх мэдэл ноёлсоор байгаа юм. Жинхэнэ эрх мэдэл бол эдийн засгийн эрх мэдэл гэдэг өнцгөөс харахад ийм байдаг. Хэвийн монголжуу амьдралтай, дундаж харчууд цалин, орлогоо эхнэртээ тушаадаг. Эхнэр нь аймаар шуналтай, нөхрийнхөө мөнгийг хурааж авдаг донтой ч юм биш. Гэр бүлийн төсвийг хамгийн зөв зохиож, ам бүлийнхээ менежмэнтийг хэнээс ч дутуугүй хийгээд явж чаддаг учраас л эрчүүл нь тэдэнд найддаг. Ихэнх харчуул эхнэрийнхээ зарцуулж буй мөнгөнд төдий оролцоод байдаггүй. Хэрвээ ингэх гэвэл ихэнх авгай нөхөртөө “Би энэ мөнгөөр чинь өөртөө юм авчихаагүй. Дуртай юм бол өөрөө энэ мөнгөө барихгүй юу” гэсэн түс тас хариу өгөх нь олонтаа. Цөөнгүй харчуул “Өөрөө эдийн засгаа барих” гээд үзсэн байдаг. Гэвч тун удалгүй эхнэрийнхээ “төсвийн захирагчийн эрх”-ийг сэргээхэд хүрдэг. Учир нь гэргий нар бол гэр бүлийн хамгийн сайн менежер гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болдгоос тэр. Ингээд эрчүүд нь төсвөө бүрдүүлэх, эхнэр нь түүнийг захиран зарцуулах маягтайгаар дундаж монгол айлын амьдрал явдаг.

Мэдээж эрчүүлд найз нөхөдтэйгөө идэж уух, идэхгүй уух гээд л мөнгөний хэрэг гарна. Энэ хөрөнгийг өрхийн төсвөөс гаргаж таарахгүй. Иймээс өөрийн олж буй мөнгөний өчүүхэн хэсгийг “шамшигдуулах” маягаар мөнөөх “нууц сан”-гаа бүрдүүлэхдээ тулна. Ингээд төсөв захиран зарцуулах эрхээр дамжуулан гэр бүлийн эдийн засгийн эрх айлын эхнэрийн гарт төвлөрдөг. Хүн амьтанд өгөх ойр зуурын бэлэг сэлтээс авахуулаад гэрийн төсвийн зарцуулалтад оролцдог эр хүнийг “тулга тойрсон юманд хошуугаа дүрдэг муу эр” гэж нийгэм нь үздэг тул эрчүүл төсвийн зарцуулалтыг хянаад байх ёс суртахууны эрхгүй болоод явчихна. Чухам ийм “төсвийн цоорхой” байдгийг ашиглан нас өндөр болсон хүмүүс хүүгээ бараадахаас илүүтэй, охиноо бараадаж насныхаа сүүлийг үдэх нь элбэг ээ. Хүүгийн талыг дагахаар “бэрийн царай харах” хэцүү гэдэг. Хатуухан гартай төсөв захирагчийн гарт орно гэсэн санаа л даа.

Айлын санхүүгийн гол эрх мэдэл авгайдаа байхыг нийгмээрээ хүлээн зөвшөөрдөг. Тухайлбал эрчүүл хоорондоо хийсэн наймаа тохироогоо буцахад хэцүү байдаг. Энд ганц аминд ордог юм бол “Хөгшөөн намайг уучлаарай, ийм наймаа хийнэ гэсэн чинь авгай дургүйцээд ямар ч арга алга” гэхээр хэн ч ойлгон хүлээн авдаг. “Авгай нь тэгж байгаа бол ямар ч аргагүй” гэсэн үг хэмээн хүлээн авдаг даа.

Монгол бүсгүйчүүд “өөрийхөө гэрийг бариач, өрхний чинь оосрыг татъя” хэмээн дуулдаг. Энэ нь “Чи минь өрх тусгаарлаж өөрийн гэр орон, төсөвтэй болооч, би аж ахуйг чинь амжилттай хөтөлнө шүү” гэсэн л санаа шүү дээ.

Монгол гэргий нөхрөө хүндлэн цайныхаа дээжийг барьдаг уламжлалтай. “Жээндэрлэг” өнцгөөс харахад нөхөртөө зарцлагдаж, аягачин шивэгчин хийж байгаа мэт. Хэрэг дээрээ нөхөртөө хэдийн ямар цай өгөхийг мэддэг шийддэг хүн л байхгүй юу даа. Эхнэрийнхээ өгсөн цай хоолыг муу муухай гэж голж буй эр хүн тусгүй харагддаг даа.Харин санхүүгийн эрх мэдлийг эхнэр нь авлаа гээд айлын эр хүний байр суурь унах нь үгүй. Эр хүн төсвөө захирахгүй байлаа гээд хүндлэлээ алдахгүй. Гэр бүлийн голлох шийдвэр нүүж суух, ажил төрөл солих гээд айлын эр хүний мэддэг юм олон байна аа. Яг л Үндсэн хуульт хаант орны төрийн тэргүүн шиг. Хаан төсөв захирдаггүй боловч үлэмж хүндэтгэлтэй ба улсаа төлөөлөх, дайн зарлах эрхтэй байдаг лугаа адил харагддаг. Олон жил хүнд өвчинд нэрвэгдсэн нэгэн эмэгтэйг би таних юм. Тэрээр “Ядаж хөл дээрээ босоод нөхрөө ирэхэд цайг нь чаначихаад сууж байдаг юмсан” гэж мөрөөдөнгүй ярьж байсан. Энэ нэг өрнөдийн жээндэрлэг өнцгөөс харвал “Нөхөртөө бушуухан зарцлагдах”-ыг хүсч буй хоцрогдсон бүдүүлэг эмэгтэйн дүр зураг. Харин бидний уламжлалт өнцгөөс харах юм бол төсөв захирагчийн мэдэлдээ бушуухан эргэж очих хүсэл мөрөөдөл юм аа. Учир нь тэр нөхрийнхөө цайг чанахын тулд цайны орцыг өөрөө бэлдэнэ, ямар цай хэдийг өгөхөө шийднэ. Тэгээд нөхрийнхөө хоол унд хувцас хунарыг, улмаар өрхийн төсвөө мэдэж эхэлнэ шүү дээ.

Мэдээж авгай нь хамаг мөнгөөрөө архи уугаад эсвэл аав ээждээ өгөөд явуулчихвал тэр айл хэцүүдэж нөхөр нь хөндлөнгөөс оролцоход хүрнэ. Ингэх нь тун ховор учраас мянга мянган монгол айл хэвийн жирийн амьдралтай болж бүтээд явж байгаа юм.

Бас муу эхнэр байдгийн нэгэн адил муу нөхөр хаа сайгүй л байгаа хэрэг. Наад зах нь өрх толгойлсон эмэгтэйчүүд олшроод байгаа нь муу. Энэ нь эмэгтэйчүүдэд тулгамдсан асуудал болоод байгаа юу гэвэл тийм. Гэхдээ монгол уламжлалт гэр бүлийн талаас харж үзвэл эрэгтэйчүүдийн санаа илүү зовох зүйл мөн. Учир нь манай эмэгтэйчүүд төсвийн захирагчаас, төсөв бүрдүүлэгчийн эгнээнд орж, монгол эрчүүл гэр бүлээс илүүдэж эхэлж байна гэсэн үг шүү дээ. Их мөнгө олдог, алдар хүндтэй эхнэртэй байх нь сайн хэрэг. Гэхдээ ийм айлыг хүмүүс өрхийн тэргүүнийх нь нэрээр биш, авгайнх нэрээр дуудаад сураад эхэлдэг юм билээ. Хаалга тогшоод, тохиолдлоор өрхийн тэргүүн Дорж нь үүдээ нээхэд “Энэ Цэцэгмаа гуайнх мөн үү” гэж асуудаг болчихдог юм л даа. Ухаандаа Оросын ерөнхийлөгч Путин манайд ирлээ гэж бодъё. Тэгээд онгоцны буудал дээр манай Ерөнхийлөгч Энхбаяр түүнийг угтлаа гэж саная. Тэгтэл Путин түүнээс “ Уучлаарай, Ерөнхий сайд Баяр хаа байна” гэж асуугаад зөрөөд явчихвал ямар байхсан билээ. Иймэрхүү.

ГУРАВ. ТӨР МЭДЭХЭЭР ЭРЭЭ МЭД

Ардын уламжлал, үндэсний философи дуу хуурандаа илрэх нь бий. Монгол ардын дуу шүлэг Өүлэн эх, Мандухай цэцнээсээ авахуулаад гайхамшигт бүсгүйчүүдээ магтан, эхийгээ ачлан хайрлахыг ятган сэхрүүлнэ. Хүүхдүүд анх дуу сурахад “Бөөрөнхий биеийг минь өсгөсөн ээжийнхээн ачийг яанам бэ” гэж асууна. Мэдээ ормогц бурхан шашны номлол сонсох ба хамгийн түрүүнд “Молон тойн эхдээ ач хүргэсэн нэрт судар” судална. Эцгийн тухай дуу шүлэг тун ховор. Хааяа нэг тааралдах боловч “Аав ээж хоёр мину” гэхчлэнгээр “эхийн хавсарга” маягаар орно.

Ийм сэтгэлгээтэй ард түмэн улс төрд цойлон орж ирсэн бүсгүйчүүдийг үнэн халуунаар дэмжин өргөдөг. Одоо ч гэсэн энэ С.Оюун, Т.Ганди энэ тэрээс авахуулаад массаараа хүлээн зөвшөөрдөг улстөрч бүсгүйчүүл бишгүй л байна шүү дээ.

Монгол эмэгтэйчүүд хэдийгээр өөрснөө илээр төрд орж ирдэггүй ч гэсэн улс төрдөө хамгийн их нөлөөтэй улс шүү. Ухаалаг улстөрчид сонгуулийн үеэр айл гэрийн эзэгтэй рүү чиглэсэн, тэдний итгэлийг олж авахыг эрмэлзсэн сурталчилгаа хийдэг. Гэргий нар нөхрийнхөө саналыг эсэргүүцэхгүй, илт буруушаахгүй боловч нэг л мэдэхэд нөхөр нь “Авгайн санал”-тай сууж байх нь олонтаа. Өрх тусгаарлаагүй хүүхдүүд нь эхийн саналыг л ер нь гол болгоно. Ингээд бодохоор цэцэн цэлмэг улстөрчийн зөв болоод ирдэг.

Өөр нэг өнцгөөс харахад эрчүүл төр барих боловч төр баригчийн гэргий үнэн чанартаа “Улсын нууц ноёнтон” болох нь түгээмэл элбэг. Бүр ийм уламжлал ч бий. “Нууц товчоо”-гоо эргэн санацгаая. Хар багадаа өнчирсөн хөвүүн Тэмүүжингээ хаан болтол нь менежмэнт хийсэн хүн бол ээж Өүлэн үжин нь. Өүлэн ээжийн орыг аажмаар хатан Бөртэ эзэлдэг. Чингис хаан түүний “түвэгшээсэн”-ий мөрөөр ажиллан даварсан бөө Тэв тэнгэраас нэгмөсөн сална. Улмаар нэг л гэгээн өглөө хааны өвөрт хэвтэж байсан Бөртэ хатан нь “Жамухыг мурих цаг болсон” гэдгийг ойлгуулж, түүнээ ч хийлгэж байна. Мөн Чингис хаан алс газар дайнд мордохын өмнө хайртай хатныхаа зөвлөсөн дагуу “өв залгамжлагчаа” зарладаг. Их Чингис хааны гол гол шийдвэр, алхам түүний цэцэн мэргэн ээж, ухаант хатадын санаанд эхлээд боловсорч байсныг “Нууц товчоо” бидэнд хэлдэг. Чухам эндээс монгол хүүхнүүдийн “Төрөө мэдье гэвэл эрээ эхлээд мэд” гэсэн философи урган гарч байна.

ТӨГСГӨЛ. ЖАРГАЛ

Хүн бүр жаргаж яваг гэж Будда ерөөсөн юм. Хувь хүний аз жаргал улс нийгмийн үнэт зүйлст гэхээсээ илүү гэр оронд нь, сэтгэл зүрхэнд нь байдаг билээ. Ажил алба хичнээн амжилттай, эх орон нь хичнээн хөгжилтэй байлаа ч авгай ууртай, өөрийн бие нь өвчтэй байвал яахин жаргах билээ. Будда цааш нь сургахдаа “Аливаа зүйлийн сайн муу, сайхан муухай, хүчир хийгээд хялбар нь цаад юмныхаа мөн чанараас хамаарахгүй. Харин чи түүнд яаж хандаж байгаагаас хамаарна” хэмээн захижээ. Өөрийн хүүхэд хойморт шээвэл өхөөрдмөөр билээ. Харин айлын хүүхэд ингэвэл зэвүү их хүргэнэ. Уул нь гарч байгаа зүйл нь ав адилхан мочевин билээ л.

2009.11.17

Categories
мэдээ цаг-үе

Д.Оюунхорол: Зөвшилцөж, ойлголцож хамтран ажиллах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой ярилцлаа.


-Танай намын дотоод хэрүүл тэмцэл төрийн үйл ажиллагааг гацаахад хүргэлээ. Чуулган хуралдахгүй сар шахам болж байна. Энэ янзаараа үргэлжлээд байх юм уу. Ямар гарц байж болох вэ?

-Парламентад 65 суудал авч гарч ирсэн МАН эв эеийг олж хамтран ажиллах ёстой. Ард түмэн манай намыг төр барих туршлагатай хэмээн итгэж хариуцлага үүрүүлсэн. Энэ хариуцлагаа ухамсарлаж өнөөгийн Монголын төрд үүссэн алдаа завхарлыг нэн даруй засч залруулах шаардлагатай байна. Хариуцлагыг эзэнтэй болгоод, шударга ёсоо тогтоож, хэн хэнээ хүндэтгэн ойлголцоод, зарчим дээр суурилсан улс төрийн зөв бодлогоо тодорхойлоод урагшаа хараад алхмаар байна. Өнөөдөр Монголын улс төр хямарснаас хөгжлөө зогсонгишуулж, нийгэм, эдийн засгийн байдлыг гүн хямрал руу татан оруулах нь. Энэ талаар би эрэгтэй гишүүддээ өчнөөн олон удаа хэлж байгаа. УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулж, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эргэлт рүү далдуур хөтлөх буруу мессэжүүд явуулж байгаад анхааралтай хандах ёстой. Өнөөдөр валютын ханш, нефть шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, Улаанбаатар хотын агаар орчны бохирдол, утааны асуудал, иргэдийн амьдрал ахуй, эрүүл мэндтэй холбоотой тулгамдаж буй олон асуудлууд шийдэгдэхгүй байгаад дүгнэлт хийх хэрэгтэй. Инфляцитай уялдуулаад цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжээ нэмэх шаардлагатай. Засгийн газар эдийн засгийн өсөлт 6.4 хувь хүрсэн тухай мэдээллийг хийж байгаа. Харамсалтай нь энэ үр өгөөж иргэдийн амьдралд мэдрэгдэж нөлөөлөхгүй байна. Иргэдийн зүгээс орон сууцны зээлийн хөтөлбөрт хамруулж өгөөч, амьдрах орчны маань нөхцөлийг сайжруулахад дэмжлэг болж дэд бүтцийн шугам татаж өгөөч, шахмал түлш, халаагуур олгооч, гэрийнхээ ойр орчим хүүхдээ сургууль, цэцэрлэгт өгөх боломжийг бүрдүүлж өгөөч гэж хүсч, уламжилж байна. Үүний тулд Засгийн газар маш хариуцлагатай ажиллах ёстой. Гэтэл Засгийн газрын 15 сайд УИХ-ын нэгдсэн чуулгандаа суухгүй байна. Энэ бол Үндсэн хуулийн зөрчил. Цаашид Засгийн газрын гишүүдийн давхар дээлийг дан болгох нь Монголын төрд ч, улсын хөгжилд ч зайлшгүй шаардлагатай юм байна. Энэ мэтчилэн асуудлуудаа Үндсэн хуулийнхаа нэмэлт, өөрчлөлтөөрөө хэлэлцье гээд мөн ч олон удаа хэлж, уриалж байгаа боловч сонсохгүй юм байна шүү дээ.

-Уг нь МАН-ын хоёр бүлэглэл зөвшилцөх гэж хэд хэдэн удаа оролдоод амжилттай болж чадаагүй. Үр дүнд хүрч чадах нь уу?

-Хоёр тийшээ харж зүтгэснээр хэн нь ч сайхан харагдахгүй байгааг харж байгаа биз дээ. Хамтдаа нэг ширээний ард сууж ярилцаж, ойлголцож эв эеэ олж, хамтран ажиллаж байж нийгмийн өмнө тулгамдаад байгаа олон асуудлууддаа гарц шийдлийг олно. Уг нь дөрөв, дөрвөн гишүүнтэй зөвшилцлийн ажлын хэсэг байгуулагдсан. Гурван удаагийн уулзалт хийсэн. Улстөрчид маань эрх ашгаа зөв эрэмбэлээд улс орноо, ард түмнээ гэсэн том эрх ашгаа өмнөө тавиад аль аль талаасаа хичээл зүтгэл, сэтгэл гаргах хэрэгтэй л дээ.

-Ерөөсөө танай нам М.Энхболд, У.Хүрэлсүх гэсэн хоёр хүнээсээ салбал энэ тулаан зогсохгүй юу?

-Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг ардын мэргэн үгээ санаж ухаанаа уралдуулахыг гишүүдээсээ хүсч байна. Парламентын ардчиллаа зөв төгөлдөржүүлж, арчилж, хөгжүүлж авч явах нь бидэнд хамгийн чухлаар тавигдаж байна. Ардчилсан нийгмийн үнэт зүйл болсон сонгуулийн тогтолцоо маань ганхаасай гэж ард түмэн огт хүсэхгүй байгаа. Үүнийг мартах хэрэггүй.

Гучин жилийн алдаа завхарлыг ганцхан хүн дээр овоолох гэсэн увайгүй явуулга явлаа. Намаа болон өөрсдийгөө муухай харагдуулж байна. Гэхдээ энэ их хэрүүл тэмцэл зогсоно гэдэгт найдаж байна. Бидэнд ч, удирдлагуудад маань ч гэр орон дотроо учраа олох, эвлэрэх, намынхаа эв нэгдлийг хангаад явах орон зай бий. Хэзээ болтол гадны шидсэн чулуу болгонд цохигдож, өнхөрөх юм бэ. Хоёулаа ухаантай, хүчтэй, жудагтай хүмүүс шүү дээ. Нэг зүйл ажиглагдаж байгааг энд хэлчихмээр байна. Өчүүхэн эрх ашиг харж, өс хонзон өвөрлөж, дундаас нь улс төрийн ашиг хонжоо хайж, хутгаж байгаа хоёр гурван хүн байна. Тэд мөн ч муухай харагдаж байна даа.

-МАН-ын тулхтай гишүүд намдаа ассан галыг намжаахын оронд энэ хэрүүл тэмцлийг нь улам оройлон манлайлах юм. Тэд сиймхийгээр нь төрийн өндөр сэнтийд санаархаж байна уу даа гэж харагдаад байгаа?

-Үнэндээ тэр, энэ гэж нэр цохож яримааргүй байна. Монголын ард түмний нүдэнд бүгд ил тод байгаа. Ер нь бол манай улстөрчдийн наад захын ёс зүй байх ёстой хэмжээнээсээ хальж үсрээд даваад явчихлаа. Олон түмэн бидний хэн нь ямар үг үйлдэл хийж байгааг харж, дүгнэж цэгнэж байгаа шүү дээ. Улстөрчдийн замбараагүй хийж байгаа мэдэгдэл, улс төрөөс үүдэлтэй энэ олон хөл толгой нь мэдэгдэхгүй байдал Монголын нийгмийг асар их бухимдуулж байна. Энэ бүхэнд олонхын бүлгийн 64 гишүүн дүгнэлт хийх цаг нь болсон. Улстөрчид маань хариуцлагаа ухамсарлаж, нийгмийг зөв чиглүүлж, улс орныхоо хөгжлийн асуудлаар улстөржиж, намчирхалгүй зөвшилцөлд хүрч, ард түмнээ хүндэтгээд, төрийн хүний ёс жудаг гаргаж, нийгмээ айх айдасгүй байлгаж, төрийн тогтвортой байдлыг хангах ёстой. Өнөөдөр Монголын улс төрд холыг харж хөдөлдөг, хувь хүнийхээ хувьд нуруутай, аливаад зарчим барьж асуудлыг шийддэг лидерүүд, төрийн зүтгэлтнүүд хомсджээ. Улс төрийнхөө дотоод нөхцөл байдлыг намжааж чадахгүй, мэдрэмжгүй улс төр хийж, төрийн хямралаасаа гарч чадахгүй байгаадаа Монголын төр дүгнэлт хийх цаг ирээд байна. Улс төрийн намууд ч өөрсдийн хийсэн боловсон хүчний томилгоо, бодлогын алдаагаа залруулах зайлшгүй шаардлага тулгарч байна.

-Төрийн түшээд маань нэг нэгийгээ 60 тэрбумчин, ЖДҮ-чин гээд л зарлаад байх юм. УИХ-ын даргыг огцортол нэр бүхий гишүүд жагсаал цуглаан хийнэ гэж мэдэгдчихлээ…

-Ер нь нэлээд олон гишүүд болон тэдний хамаарал бүхий этгээд ЖДҮДС-гаас зээл авсан асуудал яригдаж байгаа. Өнөөдөр зарим УИХ-ын гишүүд маань ЖДҮ жижиг асуудал, том том асуудлуудаа ярья гэж өөрсдөө холбогдсон асуудлуудаа бүдгэрүүлэх оролдлого хийгээд байх шиг. Хууль зөрчсөн хүмүүс хуулийнхаа дагуу хариуцлагаа хүлээх ёстой. Ард түмнийхээ төлөө ажиллаж, амьдралыг нь сайжруулна гэж гарч ирчихээд зөвхөн өөрсдийгөө бодсон явуургүй үйлдэл гаргаж, иргэдийнхээ хоолны мөнгөнөөс хороож, хоосон хоноход хүргэж байгаа хүмүүс зохих ёсны хариуцлагаа хүлээх нь зөв. Бодвол хууль хяналтын байгууллага 2-3 янзаар авч үзэх байх. Үнэхээр ББСБ-аар дамжуулж мөнгө угаасан, мөнгө хүүлж ард түмнээ шулсан, ийм үйлдэл хийсэн УИХ-ын гишүүд байгаа бол хатуу хариуцлага тооцох хэрэгтэй. Ингэж чадахгүй бол шударга ёсны төлөө сэдвийг бид нар яриад хэрэггүй.

Хэдэн оноос, хэний үеэс бодлогын алдаа завхрал явж эхэлсэн юм. Тэгээд одоо яаж шинэчилж, цэвэрлэж авах юм. Хэзээ үеийн ямар баримтууд батлагдаж нотлогдсон юм. Тэрийгээ тэгээд яаж шийдвэрлэцгээх юм гээд нээлттэй, хоёр үзүүргүй, хутган үймүүлэлтгүй хэлэлцье л дээ. Тэгэхгүй бол одоо бүлгийн 65 гишүүн бүгд л тэр 60 тэрбумтай холбоотой гэж үзээд байгаа юм байна. МАН-ын боловсон хүчний бодлогод гарсан алдаа завхралд олон түмэн бухимдаж байна. Энэ бол бодит зүйл. Тийм учаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байсан шиг тэр ургийн мод гээчийг нь зураад, УИХ-ын гишүүд ямар ажил албан тушаал дээр ямар хүмүүсийг яаж томилсон байна. Үнэхээр мөнгө төгрөг авсан юм уу, аваагүй юм уу гэдгээ ил тод ярих хэрэгтэй.

-Та нэр бүхий гурван гишүүний хамтаар Засгийн газрыг Үндсэн хуулийн Цэцэд өгсөн. Цэц Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзвэл огцрох ёстой. Ер нь засаг солигдох нь ард түмэнд болоод эдийн засагт хохиролтой. Унасан хүмүүс нь шинэ засгаа огцруулах гээд дахиад л бужигнах байх даа?

-УИХ-ын үйл ажиллагаа тасралтгүй явах хуультай. Гэвч доголдож байгааг бүгд мэднэ. УИХ-ын өмнө Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэгтэй Ерөнхий сайд, Засгийн газрын давхар дээлтэй 15 гишүүн УИХ-ын үйл ажиллагааг хууль бусаар хойшлуулж байна.

Энэ бол дахин хэлэхэд Үндсэн хууль зөрчсөн үйлдэл юм. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх үүрэгтэй. Мөн хуульд зааснаар Засгийн газар үйл ажиллагаагаа УИХ-д тайлагнах ёстой байдаг. Түүнчлэн Засгийн газраас санаачилсан хууль, бусад асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд оролцох ёстой.

Чуулганы Дэгийн тухай хуульд зааснаар УИХ, Засгийн газрын гишүүн буюу давхар дээлтэй гишүүд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чуулганы хуралдааныг таслах эрхгүй байдаг. Одоо манай Засгийн газрын гишүүд нь дөрвөн хуулийн заалтыг тус тус зөрчөөд яваад байна. Үндсэн хуулийн хоёр заалтын гурван зүйлийг зөрчсөн байна. Тиймээс бид Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Хэрвээ Үндсэн хуулийн Цэц Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзвэл Засгийн газар тарах хамгийн том үндэслэл болно.

-Та ярилцлагынхаа эхэнд Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг ярих хэрэгтэй гэсэн. Улс төрийн намуудын тухай хууль гэж гацаанд орсон төсөл байна. Эхлээд энэ хуулиа тодорхой болгоод Үндсэн хуулиа барьж авах ёстой гэж эрдэмтэн, судлаачид ярьж байгаа. Харин таны бодлыг сонсъё?

-Улс төрийн намуудын тухай хууль дээр ажлын хэсэг ажиллаж л байна. Сүүлийн үед улс төрийн намууд маань үзэл сурталд тулгуурласан үнэт зүйл байхгүйгээс болж улс орны хөгжлийг дэмжихүйц бодлого үйл ажиллагаа явуулж чадахгүй болчихсон байгаа нь л хамгийн харамсалтай юм даа. Намын дотоод ардчилал хумигдаж, санхүүжилт, эрх зүйн орчны талаарх бодлогууд хаалттай, гаргаж байгаа шийдвэрүүд нь нээлттэй биш байна. Дорвитой шинэчлэлүүдийг хийхгүй бол улс төрийн намын ч, улсын ч хөгжил явахгүй нь. Тийм учраас улс төрийн нам нээлттэй, хариуцлагатай дотоод ардчилалтай байхыг бид шаардаж байгаа. Хүмүүсийн улс төрийн намд итгэх итгэл алдарч, залхаж, намын нэр хүнд унаж байгаа энэ цаг үед эрс шинэчлэлийг хийх зайлшгүй шаардлагатай байна.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гол асуудлуудын нэг нь мэдээж давхар дээлийг тайлах. Удаах нь УИХ-ын гишүүдтэй сахилга хариуцлагын асуудлыг ярьдаг, тооцдог болох хэрэгтэй. Парламентын баталсан хууль тогтоомжоо зөрчвөл эгүүлэн татдаг байх заалтыг ч оруулж өгөх шаардлагатай гэж үзэж байгаа. Мөн Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын гишүүдээ томилдог, хариуцлагаа тооцдог байх, Засгийн газар тогтвортой ажиллах боломжийг олгох асуудлыг хуульчлах ёстой. Дараагийн нэг чухал асуудал бол орон нутагт зохих эрх мэдлийг нэмэгдүүлэх шаардлагатай.

-Ингэхэд намрын чуулганы хугацаанд та ямар хуулийн төслүүд дээр ажиллаж байна вэ?

-2019 улсын төсвийг УИХ-ын нэгдсэн чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг ахалж ажиллалаа. Цаг хугацаатай, хариуцлагатай том ажлын ард гарсан. Мөн Тендерийн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа. Үүнээс гадна Улс төрийн намын тухай, сонгуулийн тухай хуулийг өөрчлөн шинэчлэх ажлын хэсэгт ажиллаж байна. 1990-1995 онд олон хүүхэдтэй гэх үндэслэлээр 35-45 насандаа хөдөлмөрлөх эрхээ хасуулж тэтгэвэрт гарсан 18,6 мянган ээж бий. Өнөөдөр тэтгэврийн нас нь хүрсэн боловч ажилласан жил нь хүрээгүй гэдэг шалтгаанаар эдгээр ээж хувь тэнцүүлсэн буюу 280 орчим мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа юм. Энэ ээжүүдийнхээ тэтгэврийг улсын дундаж тэтгэвэрт хүргэж 340 мянга төгрөг болгуулах хуулийн төслийг эмэгтэй гишүүдийнхээ хамт өргөн барьсан. Түүнчлэн Олон хүүхэд төрүүлж, өндөр насны тэтгэвэрт гарсан эхчүүдэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийг боловсруулж байгаа. 1990-1997 онд дөрөв ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн гэдэг шалтгаанаар хөдөлмөрлөх эрхээ хасуулан наснаасаа эрт тэтгэвэрт гарч, хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч байсан ээжүүдэд Монголын төр нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох ёстой гэж энэ хуулийн төслийг боловсруулсан юм. Уг хуулийн төслийг өөрийн цахим хуудсандаа байршуулж, иргэдээс санал хүсэлт нээлттэй авч байгааг энэ дашрамд дуулгая.

-Таныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд байхдаа шонхор шувууны бизнест гаршсан мэтээр бичээд байдаг. Та үнэхээр 750 идлэг шонхорыг арабуудад зарсан юм уу?

-Нөгөө эцэс төгсгөлгүй сөрөг пиарын нэг жишээ энэ л дээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байхдаа “Арабуудад 750 шонхор шувуу зарж 75 сая долларын авлига авсан гэдгийг Авлигатай тэмцэх газар шалгаж тогтоосон” мэтээр зарим мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр зохион байгуулалттайгаар түгээсээр байгаа. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 101 дүгээр тогтоолоор шонхор шувууг “Үндэсний бахархалт шувуу”-гаар зарлаж, 2013 оны 15 дугаар тогтоолоор идлэг шонхорыг ашиг олох зорилгоор гадаад оронд гаргахыг таван жилийн хугацаагаар хориглосон. Холбогдох хууль, тогтоомжоор энэ шувууг соёлын зориулалтаар экспортолж болох бөгөөд тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоог тогтоосон Засгийн газрын тогтоол бий. Үүнийг үндэслэн төрийн өндөр, дээд хэмжээний айлчлалын үед Засгийн газрын шийдвэрээр зөвшөөрөл олгодог хуулийн зохицуулалттай. Ийм байтал намайг албан тушаалаа урвуулан ашиглаж, шонхор шувуу зарж хувьдаа их хэмжээний ашиг олсон мэтээр гүтгэж, гүжирдэх явдал хэрээс хэтэрч байгаа.


Categories
мэдээ нийгэм

Ё.Баатарбилэг: 2019 оныг “Хүүхэд хамгааллын жил” болгоно

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг энэ сарын 12-ны өдөр улс орон даяар 2019 оныг “Хүүхэд хамгааллын жил” болгон зарлах уриалгыг гаргасан билээ.

Тэрбээр өнөөдөр (2018.12.26) УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн агентлаг зэрэг холбогдох төрийн байгууллагуудын төлөөллийн хамтаар Монгол Улсын хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төв болон хүчирхийлэл, хүний наймааны эсрэг үйл ажиллагаа явуулдаг “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал хөгжлийн төвд тус тус ажиллалаа.

М.Өлзийчимэг: Хүүхдүүдийг амьдрах ухаанд сургахад анхаарч ажилладаг

Монгол Улсын хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвд одоогийн байдлаар 179 хүүхэд байгаагаас 81 эмэгтэй, 98 эрэгтэй хүүхэд байна. Энэ төвөөс нас биед хүрээд гарсан охид, хөвгүүд нийгмийн амьдралд бэлтгэгдээгүй, олны дунд амьдрах чадваргүй, наад захын хоол хүнсээ ч бэлтгэж чаддаггүй байсныг өөрчилж эхэлжээ. Аль болох нийгэмшүүлж, төлөвшүүлэх үүднээс өөрөө өөртөө үйлчлэх хөдөлмөрт сургах өрхийн зохион байгуулалтыг хэрэгжүүлж байгаа юм. Тухайлбал, тус төвд байгаа хүүхдүүдийг сэтгэхүй, насны онцлогт тохируулан арав арваар нь 28 бүл болгожээ. Эдгээр бүлүүд нь өөрсдөө хоол хийх, гэр цэвэрлэх хуваариа гаргадаг байна. Ингэснээр хүүхдүүд наад захын амьдрах ухаанд суралцахын зэрэгцээ өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй хэрхэн харьцахыг сурч эхэлжээ. 28 бүл болгон өөрсдийн өрөө тасалгаа, хөргөгч, телевизор, индүү, будаа агшаагч, плитка, шүүгээ, сандал ширээ зэрэг айл гэрт байдаг бүх л тавилга, өмчийг хэрэглэдэг. Мөн хүүхдүүдийг бэлэн мөнгөтэй харьцаж сургахын тулд сургалтын мөнгийг хэвлэж, нэг хүүхэд сард 20 мянган төгрөг зарцуулж, төв дотроо тохижуулсан дэлгүүрээс худалдан авалт хийх боломжтой болгожээ. Зуны цагт “Хараацай” зусландаа хүүхдүүдээ амраахын хажуугаар хүнсний ногоо тарих, монгол гэр барих, гал түлэх, эсгийн урлал хийх зэргээр хүүхдүүдээ бэлтгэдэг байна. Энэ жил гэхэд 4,6 тонн төмс, 1,6 тонн нарийн ногоо хураан авчээ.

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг улсын болон хувийн төсвөөр санхүүждэг 20 гаруй асрамж, хүүхэд хамгааллын төвд нийт 1044 гаруй хүүхэд өсөж хүмүүжиж байна. Эдгээр төвүүдэд ирж буй хүүхдүүдийн дийлэнх нь хүчирхийлэлд өртөж сэтгэл зүйн хүнд дарамтад орсон, зан харилцааны доголдолтой, насан туршийн асаргаа, сувилгаа шаардагдах хөгжлийн бэрхшээлтэй байдаг байна. Хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвд дан болон хавсарсан хөгжлийн бэрхшээлтэй 40 гаруй хүүхэд байдгаас насанд хүрсэн хэд хэдэн хүүхэд байгааг тус төвийн ерөнхий захирал М.Өлзийчимэг хэлж байсан. Нэгэнт насанд хүрсэн тул асран хамгаалагчдад нь өгөх гэхээр авдаггүй, Батсүмбэрийн асрамжийн газарт шилжүүлэх боломжгүй байдаг зэрэг асуудал тулгардаг байна. Иймд насан туршийн асаргаа, сувилгаа шаардлагатай иргэдийг асрах төвийг байгуулах зайлшгүй шаардлагатай болохыг ч тэрбээр энэ үеэр хөндсөн юм.

Зөв хүн болгон төлөвшүүлэхэд эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээ хамгийн чухал. Энэ төвд шүдний эмнэлэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан сэргээн засах төв, сэтгэл зүйн төвүүд ажиллаж байна. Зураг, сийлбэр, наамал, дуу хөгжим, бүжиг, уран нугаралт, компьютер, сагс зэрэг 11 төрлийн дугуйланг хичээллүүлж, суралцагч хүүхдүүд эхнээсээ амжилт үзүүлж байгааг “Өнөр бүл” төвийн багш нар хэлж байлаа. Сурч мэдсэнээрээ гар доорх материал, хаягдал сав, сонингийн цаасыг ашиглан бүтээл хийж, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцдог юм байна. Тухайлбал, дүүрэг хорооныхоо эмзэг бүлгийн хүүхдүүдэд зориулан урлагийн тоглолт хийж, өөрсдийн бүтээлээсээ бэлэглэдэг болжээ.

Төвлөрсөн асрамжаас татгалзах хэрэгтэй ч нийгмийн амьдрал хүнд байгаагаас асрамжийн төвд ирэх хүүхдийн тоо нэмэгдэх хандлагатай байгааг салбарын мэргэжилтнүүд хэлдэг. Хоёр жилийн өмнөөс тус төвд ирэх хүүхдүүдийг бүртгэж, зорилтот бүлгийн хүүхдүүдийг тухайн хорооны Засаг даргын захирамжаар хүлээн авдаг болсон байна.

Нэг үеэ бодвол мэргэжлийн багш, нийгмийн ажилтан, эмчтэй болсон ч багш ажилчдын нийгмийн асуудал хүндрэлтэй. Нэг багш дундажаар 408 мянган төгрөгийн цалинтай. Багш нарын мэргэшүүлэх, сургалтад хамруулах, нийгмийн баталгааг сайжруулах зайлшгүй шаардлага байгаад Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос анхаарч ажиллахыг тус төвийн ерөнхий захирал М.Өлзийчимэг хүссэн юм. Мөн цахилгаан, сантехник, “Хараацай” зуслангийн барилгын засварын асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Ч.Ганжавхлан: Архины үйлдвэр, асрамжийн газар хоёр адилхан төлбөр төлж байна

Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд байрлах хүчирхийлэл, хүний наймааны эсрэг үйл ажиллагаа явуулдаг “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал хөгжлийн төв өнгөрөгч 2017 онд ашиглалтад орсон. Арав хүрэхгүй сарын хугацаанд энэхүү төслийг “Лантуун дохио” ТББ-аас амжилттай хэрэгжүүлж, 75-80 хүүхдийн багтаамжтай энэхүү төвийг барихын тулд 1 тэрбум 25 сая төгрөгийг хүүхдэд хайртай хүмүүсийн дэмжлэгээр босгосон байна. Үйл ажиллагаагаа тогтмол явуулахын тулд сайн санаат хүмүүс, сайн дурынхны дэмжлэгийг авсаар өдий нэг жилийг ардаа үдсэн ч санхүүгийн болон бусад хүндрэлүүд байсаар байгааг Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэгийг ажиллах үеэр хөндөж байлаа.

Энэ төвд хүүхэд хамгаалах байр болон хүүхэд хөгжлийн төв тус тус ажилладаг. Хүүхэд хамгааллын байрт өнөөдрийн байдлаар 14 хүүхэд байгаа бөгөөд тухай хүүхдийн нөхцөл байдлаас шалтгаалан байрлуулах хугацаа ч өөр өөр байдаг байна. Дундажаар 144 хоног байрладаг гэсэн тоон үзүүлэлт гарсан байна. Сэтгэл зүйч, нийгмийн ажилтнууд 3 ээлжээр 24 цаг ажиллаж, хүүхдүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Нарийн шинжилгээ, оношилгоо шаардлагатай бол эмнэлэгт үзүүлэх, өмгөөлөгч авах, хоол зэрэг бүхий л зардлыг энэ төвийнхөн өөрсдөө гаргадаг.

“Гурван айлын хашааг нийлүүлж байгуулсан энэ төв нийт 650 мкв талбайтай. Энэ байгууламжийг дулаан цахилгаанаар таслахгүй байхыг хичээдэг. Бид дулаанаа цахилгаанаар шийдсэн. Мөн нарны эх үүсвэр ашигладаг. Төрөөс нэг ч төгрөгийн дэмжлэг авдаггүй. Урсгал зардал жилдээ 364 сая төгрөг болсон. Цахилгааны зардал л гэхэд 9 сая төгрөг болдог. Үүнийгээ төлж чадахгүйгээс болж цахилгаанаа таслуулж байсан удаатай. Шөнийн тарифийн хөнгөлөлтөд хамрагдах гэхээр зөвхөн өрхөд л хамаатай, байгууллага хамрагдах боломжгүй болчихдог. Асуудлыг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад хандаж үзсэн. Ямар ч шийдэл байдаггүй. Үнэндээ архины үйлдвэр, асрамжийн газар хоёр яг адилхан төлбөр төлж байна. Залуучууд нэгдэж, төрийн хийх ёстой ажлыг хийлцэж болж байна. Гэхдээ эхлүүлсэн ажлыг нь төрөөс дэмжээд өгөх хэрэгтэй байна” гэж “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан хэллээ.

Төвийн цэцэрлэгээс юугаар ч дутахааргүй тохижуулсан, амжиргааны төвшнөөс доогуур орлоготой, хөдөө орон нутгаас шилжиж ирээд бүртгэлгүй байгаа, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг аль болох хамруулах зорилготой “Ид шидийн орон”цэцэрлэг 2-5 насны 60 гаруй хүүхэдтэй.

“Ид шидийн орон” төвд 7000 гаруй номтой номын сан ажилладаг. Танхимдаа нэг удаад 40 хүүхдэд үйлчлэх боломжтой бөгөөд хүүхдүүд гэрээр номоо авч уншдаг байна. Мөн дунд сургуулийн сурагчид болон эцэг эхчүүдэд зориулсан боловсрол, хөгжлийн хөтөлбөрүүдийг, гар урлал амьдрах ухааны хөтөлбөртэй гэлээ.

“Лантуун дохио” ТББ-аас 2019 оны дөрөвдүгээр сараас “Ид шидийн орон-2” төвийг Баянзүрх дүүрэгт барьж эхлэхээр бэлтгэл ажилдаа орсон байна.

Хүүхдийн эсрэг гэмт хэргийн 75 хувь нь нийслэлд үйлдэгддэг. Жил ирэх тусам илрүүлэлт нэмэгдэж байгаа учраас хүүхдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах, нэмэгдүүлэх шаардлагатай байгааг энэ үеэр албаныхан хэлж байв.

Энэ үеэр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, салбар хоорондын ажлын уялдааг сайжруулах үүднээс Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг байнгын хорооноос агаарын бохирдлыг бууруулах, хүүхэд хамгааллын чиглэлээр тус тус гаргасан тогтоолуудыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн агентлагийн ажил хариуцсан хүмүүст гардуулж, шахаж ажиллахаа илэрхийлсэн юм.

Мөн тэрбээр, “УИХ-аас холбогдох хууль эрх зүйн орчинг сайжруулахын төлөө ажиллаж байна. Асуудлыг шийдэхэд шаардлагатай бүхий л шийдвэрийг гаргасан. Одоо хэрэгжилтийг хангаж ажиллах нь та бүхний үүрэг. Төрийн бус байгууллага, иргэд төрийн байгууллагуудаас хуулийг хэрэгжүүлэхийг шаардах хэрэгтэй. Шийдэл, боломжууд байна. Хүүхэд хамгааллын төвүүдийн цахилгаан, халаалтын асуудлыг нарийн судалж, нэгтгээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар энэ долоо хоногт Байнгын хороонд албан бичгээр ирүүлээрэй. Мөн хүүхэд хамгааллын чиглэлээр төрийн бус байгууллагуудтай ямар чиглэлээр хамтран ажиллах боломжтой судалгааг гаргаж ирүүлэх хэрэгтэй. Төрийн байгууллагууд бүх газар хүрч ажиллах боломжгүй учраас төрийн бус байгууллагуудын туслалцааг авах зайлшгүй хэрэгтэй. Цагдаагийн ерөнхий газраас хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлэх төслүүдээ бодит ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллаарай. Мөн хүүхэд хамгааллын асуудлаар ирэх онд хийх ажлын төлөвлөгөөгөө нэгдүгээр сард багтаан байнгын хороонд хүргүүлээрэй” хэмээн холбогдох байгууллагуудад тус бүрт нь үүрэг чиглэл өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

Б.Пүрэвдорж: Засгийн газрын тэргүүн “Маскаа сайн зүү” гэж хэлсэн нь л утааны эсрэг хийсэн ганц ажил

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.


-Эрх баригч намын дотоод хагарал УИХ-ын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж байгаад олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ байдал цааш хэрхэх бол?

-МАН-ын дотоод хэрүүл Монгол төрийн хэрүүл болж хувирсан. Өнөөдөр зөвхөн УИХ дахь МАН-ын бүлэг хуваагдаагүй. Яам, анентлаг, аймаг сумдад талцал хуваагдал бий болчихсон. Хоёроос дээш гишүүнтэй аймгуудын МАН-ынхан хуваагдчихсан. Хагарлыг бий болгож байгаа улстөрчдийг дагаж аймаг, сумдынхан нь ч хуваагдчихаад байгаа. МАН-ын энэ дотоод зодоон төрийн зовлон болж, УИХ-ыг гацаанд оруулж байна. Үүнийг шийдэх нь МАН-ын асуудал. Бидний хувьд УИХ-ын чуулгандаа сууж, хуралдуулахын төлөө байна. Бид хуулиа биелүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын Дэгийн тухай хуулиар УИХ-ын гишүүн хүндэтгэх шалтгаангүй бол чуулганы хуралдаандаа сууна гэсэн заалт бий. Энэ заалтыг бид биелүүлж байгаа.

Үүсээд буй нөхцөл байдлыг шийдэх гарц нь Үндсэн хуулийн Цэц болчихлоо. Цэц дээр хэд, хэдэн асуудлууд очсон. Тэр асуудлуудыг шийдэхгүй гацаанд оруулах, Монгол төрийг муухай харагдуулах зорилго Цэцэд байна уу гэж харагдаж байна. Тэгэхээр Цэц доторхой шийдвэрүүдийг хурдан гаргах хэрэгтэй. Мөн аль ч талаасаа бодсон МАН дотроо учраа ололцох нь зөв.

-МАН-ын Бага хурлаас УИХ-ын даргыг өөрөө огцрох нь зөв гэсэн зөвлөмж гаргажээ. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Миний хувьд МАН-ын дарга, цэрэг хэн ч байсан бүгдийг нь огцруулах нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Бүхий л үед, аль ч оронд улс төрийн сөрөг хүчний хийх ёстой үндсэн эрхүүдийн нэг нь бол эрх баригч хүчнийхээ Засгийн газар болон албан тушаалтнуудыг огцруулах байдаг. Тэр эрхийг минь гуйвуулж эрх баригчдыг дэмжигч болгох гэж зарим хүмүүс яваад байх шиг байна. Тиймээс би МАН-аас У.Хүрэлсүх, М.Энхболд болон ямарваа нэгэн албан тушаалтнуудыг огцруулахаар оруулж ирвэл дэмжиж кнопоо дарах болно. Бүгдийг нь огцруулахад бэлэн байгаа.

АН-ын бүлгээс УИХ-ын даргыг огцрох нь зөв гэсэн байр сууриа илэрхийлсэн. Энэ байр суурь хэвээрээ. 60 тэрбумын асуудал дээрээ тодорхой хэмжээний хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа юм. Энэ болж буй үйл явц хоёр хүн ярилцаж суугаад учраа олж болох хэмжээний асуудал. Нэг намд хамт зүтгэж явсан хэрнээ ингэтлээ хоёр тал руугаа харна гэж байхгүй. Тиймээс хүмүүсийг хооронд нь эвлэрүүлэх ажлыг МАН-ын лидерүүд, тодорхой албан тушаалтнууд хийх ёстой. Улмаар М.Энхболд, ажил хийхгүй байгаа У.Хүрэлсүх гээд төрийн ажлыг гацааж буй хүмүүс огцорч, энэ үйлдлээ зогсоох хэрэгтэй.

МАН-ын Бага хурлаар М.Энхболдыг огцор гэсэн утга бүхий тогтоол гарсан гэж ойлгосон. Тогтоол нь албажиж гараагүй байх шиг байна. Хэрвээ тогтоол нь албажиж гарах юм бол улс төрийн өөр нөхцөл байдлууд дахиад үүсэх байх гэж харж байгаа.

-Тухайлбал?

-МАН төрийн дээр гарч суусан гэсэн үг болно. Тэгэхээр энэ асуудал Үндсэн хуулийн зөрчил рүү очно. Шууд Дээд шүүхэд очих ёстой. Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргасан учраас энэ нам татан буугдах эрхээ бүрэн хангасан явдал болно.

-Энэ үймээний хажуугаар АН-д хагарал үүссэн. Нэг намд зүтгэж явсан хүмүүс ингэтлээ хагаралдаж болохгүй талаар та дээр дурдлаа. Тэгэхээр АН энэ асуудлаа цаашид хэрхэн шийдэх вэ?

-Манай намын Улс төрийн шийдвэр гарсан. Улс төрийн шийдвэрээр Засгийн газрыг огцруулах нь зөв гэсэн зөвлөмжийг бүлэгт ирүүлсэн. Үүний хүрээнд бүлэг шийдвэр гаргаж Засгийн газрыг огцруулах талд нэгдэнэ гэсэн шийдвэр гаргасан. Гэсэн ч АН-ын бүлгийн гурван гишүүн бүлгээсээ эсрэг кноп дарсан. Тийм учраас Улс төрийн намын дүрмийн дагуу хариуцлагаа хүлээсэн юм. Харин М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах асуудал дээр Улс төрийн зөвлөлөөс ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Иймд АН-ын гишүүд бид бүхэн өөр, өөрийн байр сууриар хандаж байгаа. Өөрсдийнхөө эрхийн хүрээнд асуудалд хандаж байна гэсэн үг.

-УИХ-ын гишүүд Л.Болд намын гишүүнээсээ гарахаа мэдэгдсэн. Түүнийг намаас гарсан тохиолдолд АН бүлэггүй болох эрсдэлтэй байгаа. АН-аас Л.Болд гишүүнийг намаасаа албан ёсоор хассан уу?

-Л.Болд гишүүн намын дүрмийн дагуу намынхаа анхан болон дунд шатны байгууллагад гишүүнчлэлээсээ хасагдах тухай өргөдлөө өгөх ёстой. Тэрээр өнөөдрийг хүртэл хасагдах өргөдлөө өгөөгүй. Намын даргад л гишүүнээсээ хасагдах өргөдлөө өгсөн. Энэ бол хүлээн авах субьект нь биш. Тиймээс Л.Болд гишүүн намын дүрмийн дагуу дахин өргөдөл бичиж байгууллагад өгөх хэрэгтэй. Тэр хүртэл намын гишүүнээс хасах тухай эсэх асуудал байхгүй. Тиймээс АН-ын бүлэг хэвээрээ байгаа.

-Ц.Элбэгдорж, М.Энхболд нар МАНАН бүлэглэл, шударга бусын хонгилыг бий болгосон гэж УИХ-ын зарим гишүүд хэлж байгаа. Үнэхээр ийм зүйл байдаг юм уу?

-МАНАН бүлэглэл хэзээ үүссэн, хэн байгуулсан бэ гэдэг асуудал өөрөө харьцангуй ойлголт л доо. Хамгийн анхны эвсэлийн Засгийн газар 2004 онд байгуулагдсан юм. 2008 оны долдугаар сарын 1-ны үр дагаврын хүрээнд дахин эвсэлийн Засгийн газар байгуулагдсан. Түүнээс хойш ч хэд хэдэн удаа байгуулагдсан байдаг. Энэ бүхэнд манай намын лидерүүд өөрсдөө явж очиж орцгоосон.

Энэ хүмүүсийг МАНАН гэж ойлгож байгаа. Цаашдаа АН аливаа асуудалд бие даасан байдлаар хандах хэрэгтэй. Эрх барьж байгаа бол эрх баригч шиг дангаараа байх, сөрөг хүчин бол мөн л үүргээ гүйцэтгэж ажиллах ёстой гэсэн байр суурьтай байна.

-Мөн Л.Оюун-Эрдэнэ гишүүн төрийн томоохон албан тушаалтнууд Сингапурт очиж бүхий л хуйвалдаанаа зохиодог гэж ярьсан. Таны хувьд УИХ-ын гишүүн болсноосоо хойш энэ яриад буй шударга бус зүйлтэй нүүр тулж байв уу?

-Би 2016 оны долдугаар сарын 1-ний өдөр анхны чуулгандаа орсон. Тэр өдрөөс эхлээд л би 60 тэрбумын асуудал буюу хууль бус томилгооны талаар шүүмжлэлтэй хандаж эхэлсэн. Мөн бүтэн нэг жилийн турш М.Энхболд гэдэг хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч болгохгүйн төлөө тэмцсэн. Тэр үед надад шүүмжлэлээ зогсоо гэсэн зүйл ирж байгаагүй. М.Энхболд гэдэг хүн Ерөнхийлөгч болж чадаагүй. Тэр үеэс хойш энэ хүн улс төрийн карьерийн хувьд уналтын байдалд орсон гэж хэлж болно. Энэ үед нь хойноос нь өшиглөж байгаа хүмүүс маш олон байна. Шүүмжлэх асуудал бол бий. 60 тэрбум байсан зүйл. Энэ схемийн хүрээнд АН-ыг дэмждэг 30 гаруй мянган төрийн албан хаагч ажлаасаа халагдсан. Энэ хүмүүсийн эрхийн төлөө, тэдгээрийг ажилгүй болгосных нь төлөө би МАН-тай байнга тэмцэнэ, шүүмжилнэ.

-УИХ-ын чуулганы хуралдаан зургаа дахь удаагаа хойшиллоо. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам эзэнгүй байсаар байна. Энэ байдал хэдийд төгсгөл болж төрийн ажил урагшлах бол?

-Өвөлжилт хүндэрч байгаа энэ үед ХХААХҮ-ийн яамыг удирдлагатай болгох ажил хамгийн чухал. Үүний ард олон мянган малчин иргэд, өрх айлууд хохирох хэмжээнд хүрчихээд байна. Мөн оноос өмнө УИХ хуралдаж Алтны тухай хуулийг зайлшгүй хэлэлцэх шаардлагатай. Энэ хуулийг хэлэлцэхгүй бол он гараад алтны нөөц ашигласны төлбөр болох 2.5 хувь тэг болно. Энэ татвар тэг болох юм бол маш олон сөрөг үр дагаврууд гарна. Нэгдүгээрт, оны эцсээр алтаа тушаах гэж байсан компаниуд ирэх онд татваргүй болохоор нь тушаахыг эрмэлзэнэ. Татвараас хуулийн дагуу зугтах боломжийг олгож байгаа юм. Хоёрдугаарт, алтны татвар 2.5 хувиараа байвал ирэх онд бид 50 тэрбум, таван хувь байвал 100 тэрбум төгрөгийн орлого олно. Алтны тухай хуулийг бид оноос өмнө хэлэлцэж чадахгүй бол энэ орлогоосоо татгалзаж байгаа явдал болно.

-Өнөө жил Засгийн газраас утаа бууруулахын эсрэг ямар ажил хийсэн бэ?

-Шинэ Засгийн газар утааг бууруулахын тулд нэг ч зүйл хийгээгүй. 54 тэрбум төгрөгөөр яндангийн шүүлтүүр авч өгөх тухай асуудал ярьсан. Харамсалтай нь энэ нь нийгмийн хүчтэй шүүмжлэлд өртсөн. Дээрээс нь Засгийн газар эрчим хүчний тооцооллоо буруу хийсэн. Нэг шүүлтүүр гурван кВт.цаг эрчим хүч хэрэглэх юм. 100 мянган янданг цагт гурван кВт-аар хангах боломж манай өнөөдрийн эрчим хүчний системд байхгүй. Хэрвээ үүнийг ашиглаад эхлэх юм бол өнгөрсөн намрынх шиг тэг зогсолт хот даяар бий болно. Өвлийн хүйтэнд тэг зогсолт болох юм бол хот нийтээрээ хөлдөнө. Тэд тооцооллоо буруу хийсэн байна гэдгээ хамгийн сүүлд нь мэдсэн. Үүнийгээ хаацайлахын тулд “Олон нийтийн шүүмжлэлд өртсөн учир шүүлтүүрийн асуудлаа зогсоосон” гэж байгаа. Үүний дараа найман тэрбум төгрөгөөр хүүхэд, эмэгтэйчүүдийг цэвэр агаарт гаргах тухай ярилаа. Мөн л шүүмжлэлтэй тулгарснаар энэ асуудал зогссон. Үүнээс өөр ямар ч ажил хийсэнгүй. Харин Засгийн газрын тэргүүн нь “Маскаа сайн зүү” гэж хэлсэн л утааны эсрэг хийсэн ганц ажил нь болж байх шиг байна.