Categories
мэдээ нийгэм

“Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд салбар дундын оролцоог нэмэгдүүлье” аяныг тэргүүлсэн байгууллагуудыг шагналаа

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Нийслэлийн Засаг даргын 339 дүгээр захирамжийн дагуу “Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд салбар дундын оролцоог нэмэгдүүлье” аяныг зургаан сарын хугацаатай, НЗД-ын 877 дугаар захирамжийн дагуу “Бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлэх, тусламж, үйлчилгээнд ээлтэй орчин бүрдүүлье” аяныг гурван сарын хугацаатай тус, тус зохион байгуулсан билээ.

Энэхүү хоёр аянд бусдыгаа манлайлан оролцож, тэргүүн байр эзэлсэн дүүргийн ЗДТГ, Эрүүл мэндийн төв, хороо, ӨЭМТ-ийг шалгаруулж, шагнал гардуулах арга хэмжээ өнөөдөр боллоо.

“СҮРЬЕЭ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД САЛБАР ДУНДЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЬЕ” АЯНД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭН:

Дүүргийн тэргүүний ЗДТГ:

-Тэргүүн байр: Чингэлтэй дүүргийн ЗДТГ

-Хоёрдугаар байр: Сүхбаатар дүүргийн ЗДТГ

-Гуравдугаар байр: Баянгол дүүргийн ЗДТГ

Дүүргийн тэргүүний Эрүүл мэндийн төв:

-Тэргүүн байр: Чингэлтэй дүүргийн ЭМТ

-Хоёрдугаар байр: Баянгол дүүргийн ЭМТ

-Гуравдугаар байр: Сүхбаатар дүүргийн ЭМТ

Тэргүүний хороо:

-Тэргүүн байр: Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо

-Хоёрдугаар байр: Чингэлтэй дүүргийн 11-р хороо

-Гуравдугаар байр: Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо

Тэргүүний ӨЭМТ:

-Тэргүүн байр: Сонгинохайрхан дүүргийн 24-р хорооны ӨЭМТ

-Хоёрдугаар байр: Чингэлтэй дүүргийн 11-р хорооны Цэнгэлжаргалхайрхан ӨЭМТ

-Гуравдугаар байр: Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны Эхэнбосго ӨЭМТ

“БЭЛГИЙН ЗАМААР ДАМЖИХ ХАЛДВАРЫГ ИЛРҮҮЛЭХ, ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНД ЭЭЛТЭЙ ОРЧИН БҮРДҮҮЛЬЕ” АЯНД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭН:

Дүүргийн тэргүүний Эрүүл мэндийн төв:

-Тэргүүн байр: Баянгол дүүргийн ЭМТ-ийн БЗДХ, ХДХВ/ДОХ-ын кабинет

-Хоёрдугаар байр: Хан-Уул дүүргийн ЭМТ, БЗДХ, ХДХВ/ДОХ-ын кабинет

-Гуравдугаар байр: Налайх дүүргийн ЭМТ, БЗДХ, ХДХВ/ДОХ-ын кабинет

-Тэргүүний ӨЭМТ:

-Тэргүүн байр: Сонгинохайрхан дүүргийн 24-р хорооны ӨЭМТ

-Хоёрдугаар байр: Баянгол дүүргийн 11-р хорооны Гурвансанчир ӨЭМТ

-Гуравдугаар байр: Хан-Уул дүүргийн 12-р хорооны Био-Асралт ӨЭМТ

Нийслэлд бэлгийн замаар дамжих халдвар, сүрьеэийн өвчлөлийн түвшин дорвитой буурахгүй байгаа нь манай улсын нийгэм эдийн засгийн байдал, хүн амын шигүү суурьшил, нийгмийн стресс, ядуурал, нийт хүн амын БЗДХ, сүрьеэгийн талаарх мэдлэг мэдээлэл, амьдралын зөв дадал хэвшил хангалтгүй байгаа зэрэг олон шалтгаанаас үүдэлтэй юм.

БЗДХ, сүрьеэгийн өвчлөл тасралтгүй нэмэгдэж байгаа учир халдварыг бууруулахад дан ганц эрүүл мэндийн салбарын асуудал биш нийгмийн эрүүл мэндийн асуудал учраас олон салбарын оролцоог нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд бүх талын дэмжлэг үзүүлж хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай байна.

Тиймээс нийслэлийн хэмжээнд БЗДХ, сүрьеэгийн, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж хамт олон, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэргүүн туршлага, бүтээлч, оновчтой санал, санаачлага, хөдөлгөөнийг хөхүүлэн дэмжих, тусламж үйлчилгээ үзүүлэхэд ээлтэй орчин бүрдүүлэх, БЗДХ, сүрьеэгийн халдварт өртөх эрсдлийг бууруулж, сүрьеэгийн идэвхтэй эрт илрүүлэг, БЗДХын илрүүлэг болон хавьтал илрүүлгийг нэмэгдүүлэх зорилгоор эдгээр аяныг зохион байгуулсан билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гагнуурчин охин Э.Уужимсэтгэлд “Шилдэг залуу ажилчин” шагнал гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Шилдэг залуу ажилчинд шагнал олгох тухай” зарлиг гаргаж:

Мэргэжлийн боловсрол, ур чадвар, ажлын бүтээмжээрээ онцгой амжилт гарган, залуу үеийг ажил хөдөлмөр, бүтээлч үйлдвэрлэлд уриалж, хөдөлмөр эрхлэлтийн салбарт үлгэр жишээ хувь нэмэр оруулж буй мэргэшсэн боловсон хүчин, Монгол-Солонгосын хамтарсан политехникийн коллежийн оюутан, гагнуурчин Эрдэнийн Уужимсэтгэлд Шилдэг залуу ажилчинд олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг олголоо.

ШАГНАЛ ГАРДУУЛСНЫ ДАРАА МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

Та бүхний өдрийн амгаланг айлтгая.

Өнөөдөр маш их ач холбогдолтой шагналыг анхлан гардууллаа. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн иргэдтэйгээ уулзах үеэр иргэд “залуучуудад ажил хангалттай олдох ч ажил хийх сонирхолгүй байна” гэсэн шүүмжлэлийг олон хэлж байсан.

Үндэсний статистикийн хорооны судалгаагаар 2018 оны эхний байдлаар зөвхөн бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 25 мянга орчим байна. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь 25-34 насны залуучууд. Гэтэл Хөдөлмөрийн бирж дээр 35 мянган ажлын байрны зар гарсан байдаг юм байна. Ажил хийх хүслээ илэрхийлж бүртгүүлсэн ажилгүйчүүдийн тооноос ажлын байрны тоо даруй 10 мянгаар илүү байна.

Энд гарч байгаа гол бэрхшээл нь мэргэжлийн ур чадвар, хөдөлмөрийн эв дүй юм. Ажил олгогчид мэргэжилтэй ажилтан олдохгүй байгааг байнга хэлдэг. Манай боловсролын тогтолцоо хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн бодлого, төлөвлөлтийг тооцоололгүйгээр жил бүр ажилгүйчүүдийн эгнээг өргөтгөсөөр байгааг өөрчлөх цаг болсон. Үүний тулд мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж байгаа нь үр өгөөжөө өгч байна. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд эрэлттэй мэргэжил эзэмшсэн хүн, дээд сургуулийг хамгийн түгээмэл мэргэжлээр төгссөн хүн хоёрын ажилд орох магадлал 99:1-ийн харьцаатай болжээ” гээд 18 настай Э.Уужимсэтгэлийн нэгэн адилаар эрхэлж байгаа ажил, эзэмшсэн мэргэжилдээ гаргуун болж, ихийг хийж бүтээхийг залуучууддаа уриаллаа.

Categories
мэдээ нийгэм

Өрх, дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд резидэнт эмч нэмэлтээр ажиллаж эхэллээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, АШУҮИС-ийн хооронд байгуулсан санамж бичгийн дагуу тус сургуулийн захирлын тушаал гарч хүүхдийн нарийн мэргэжлийн резидент эмч нар, төгсөх дамжааны оюутнууд нийслэлийн дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллахаар боллоо.

Нийслэлийн 134 өрхийн эрүүл мэндийн төвд АШУҮИС-ийн 6-р дамжааны 392 оюутан 2018 оны арванхоёрдугаар сарын 24-нөөс 2019 оны гуравдугаар сарын 01-нийг хүртэл, төвийн зургаан дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэгт хүүхдийн анагаахын тэнхимийн 22 резидент эмч 2018 оны арванхоёрдугаар сарын 26-наас 2019 оны гуравдугаар сарын 01-нийг хүртэл тус, тус ажиллах юм.

Томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдэж, эмнэлгийн байгууллагын эмч сувилагч нар өдгөө ачаалалтай ажиллаж байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

Хан-Уул дүүрэг өрхийн эрүүл мэндийн төвүүдийнхээ тогтмол зардлыг даана

Хан-Уул дүүргийн Засаг дарга, Хан-Уул Эрүүл мэндийн төвийн дарга нартай байгуулсан гурвалсан гэрээгээр 2018 онд “А” буюу бүрэн хангалттай үнэлгээ авсан зургаан өрхийн эрүүл мэндийн төвийг энэ сарын 25-ны өдөр өдөр шагнаж, батламж гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

Бүрэн хангалттай үнэлгээ авсан II хорооний Тэрмэстий, V хорооны Манал–Үйлс, VIII дугаар хорооны Уясах, IX хорооны Аяут, 15 дугаар хорооны Мэнд-Саруул, 16 дугаар хорооны Энхбуянт-Манал өрхийн эрүүл мэндийн төвүүдийг шагналаа.

Шагналыг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан гардуулж, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тогтмол зардлыг 2019 оноос эхлэн дүүргийн төсвөөс санхүүжүүлэхээр болсныг мэдэгдлээ гэж Хан-Уул дүүргээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Банк хоорондын валют арилжааны цахим талбарыг шинэчиллээ

Монголбанкнаас валютын захын дэд бүтцийг сайжруулах, хүртээмж, мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Блүүмберг терминалийн “Банк хоорондын валют арилжааны цахим талбар”-ыг 2017 оны 4 дүгээр сард нэвтрүүлсэн.

Монголбанкны зүгээс банк хоорондын валют арилжааны цахим талбарыг дотоодын нөөцөд тулгуурлан хөгжүүлж, өмнөх талбарыг сайжруулсан бөгөөд шинэ цахим талбарыг 2018 оны 12 дугаар сарын 21-нээс ашиглаж эхлээд байна. Шинэчилсэн хувилбарыг ашиглаж эхэлснээр үйл ажиллагааны эрсдэлийг бууруулж, мэдээллийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэн дотоодын валют арилжааны захын хөгжилд чухал хувь нэмэр оруулах юм.

Categories
мэдээ спорт

“Final 2018” тэмцээний шилдэг даамчид тодорлоо

Оны шилдэг даамчныг шалгаруулах “Final 2018” шигшээ тэмцээн өнгөрсөн долоо хоногт буюу 2018 оны 12 дугаар сарын 17-23-нд Монголын даамын холбооны байранд болж шилдгүүдээ тодрууллаа. Шувтаргын тэмцээнд 14 тамирчин тойргийн журмаар өрсөлдсөн бөгөөд нийт 13 өрөг тоглон дүнгээ гаргахад ОУИМ Д.Эрдэнэбилэг (Шинэ Монгол) 21 оноогоор тэргүүлж, ОУИМ Г.Ганжаргал (Баянзүрх дүүрэг), ДДХМ Ц.Сүхбат (Хасу-Мегастарс) нар тус бүр 18 оноо авсан амжилтаар удаалав. “Айргийн тав”-д спортын мастер Э.Энх-Эрдэнэ (Баянзүрх дүүрэг), ДДХМ Ц.Хашчулуун (“Дебют” клуб) нар тус бүр 14 оноотой шалгарлаа.

Categories
мэдээ нийгэм

116 дугаар сургуулийн багш нар эсэргүүцлээ илэрхийллээ

Related image

Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийн харааны бэрхшээлтэй багш нар хууль бус үйлдлийнхээ улмаас халагдсан захирлыг ажилд нь буцаан томилсныг эсэргүүцэж мэдээлэл хийлээ. Багш нар, “Бид 116 дугаар сургуулийн төгсөгчид. Мөн энэ сургуульдаа 10-аас дээш жил ажилласан. Эрх ашигтаа ноёлуулсан, хулгайч захирлаа хурдан татаж аваач ээ гэмээр байна. Манай сургуулийн нөхцөл байдал өнөөдрийн байдлаар маш таагүй байна. Багш нарын уур амьсгал, сурагчдын сэтгэл зүй, ажиллах орчин маш хүнд байна.

2014 онд ашиг сонирхлын зөрчилтэй гэж ажлаас халагдаж байсан захирлыг өнөөдөр дахиад үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь ямар учиртай вэ. Дахин хулгай хий, албан тушаалаа урвуулан ашигла гэж байгаа юм болов уу. Эсвэл харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх ашгийг ингэж дорд үзэж байгаа юм уу гэсэн хардлага төрж байна.” гэлээ. Тэдний хүргүүлэх шаардлагыг үл тоон хариу өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг ашиглан харааны бэрхшээлтэй суралцагсад болон багш, ажилчдын эрх ашгийн төлөө тууштай тэмцэхээ мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Богд хааны ордон музей үнэгүй үйлчилж байна

Related image

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойг тохиолдуулан Богд хааны ордон музей зорилтод бүлгийнхэнд үнэ төлбөргүй үйлчилж байна. Богд хааны ордон музей нь ерөнхий боловсролын сурагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 60-аас дээш насны иргэдэд энэ сарын 29-ныг хүртэл төлбөргүй үйлчлэхээр болжээ. Том хүн болон оюутнуудад 50 хувийн хөнгөлөлт эдлэх боломж олгож байна.

Categories
мэдээ нийгэм

“Болор цомд” оролцох яруу найрагчид тодорлоо

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом” наадам нэгдүгээр сарын 5-нд Говьсүмбэр аймагт болно. Наадамд өрсөлдөх найрагчдын бүтээлийг МЗЭ дээр өнгөрсөн хугацаанд хүлээн авч эхний шатанд шалгарсан 36 найрагчийн нэрсийг өнөөдөр зарлалаа.

36 дахь жилдээ зохион байгуулагдаж буй наадамд “Болор цом”-ын эзэд, Монгол туургатны зочин зохиолчид, Говьсүмбэр аймаг дахь МЗЭ-ийн салбар зөвлөлийн төлөөлөл урилгаар оролцох юм байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан зургаа дахь удаагаа хойшиллоо

Image result for УИХ-ын танхим

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдах хуваарьтай. Өвчтэй, чөлөөтэй хүмүүсийг хасаад өнөөдрийн чуулганд 68 гишүүн суух ёстойгоос 32 гишүүн ирсэн ч ирцээ бүрдүүлж чадаагүйгээс чуулганы нэгдсэн хуралдаан зургаа дахь удаагаа хойшиллоо. Чуулганд 36 гишүүн оролцсоноор чуулганы ирц бүрдэх байсан юм. УИХ-ын дэд дарга Б.Энх-Амгалан, “Өнгөрсөн долоо хоногт Үндэсний аюулгүй байдлын асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганд мэдээлэл хийх байсан ч ирц бүрдээгүй шалтгаанаар хойшилсон. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс чуулганы ирцийг бүрдүүлэх тухай албан хүсэлтийг УИХ-ын Тамгын газарт энэ долоо хоногт ирүүлсэн. Энэ бичгийг хуралдаа ирэхгүй байгаа гишүүдэд ч хүргүүлсэн. Харамсалтай нь, гишүүд чуулганы хуралдаа суухгүй, ирц бүрдээгүйгээс чуулган өнөөдөр хуралдаж чадахгүй боллоо. Өнөөдрийн үүссэн асуудлаар ойлголцол, зөвшилцөл, шийдлийг гаргах ёстой. Түүнээс жагсаал цуглуун хийж шийдэл гаргана гэж байхгүй. Тиймээс гишүүд Сүхбаатарын талбай жагсах биш, УИХ-ын танхимдаа орж ирээд үүсээд байгаа асуудлуудаа шийдэх ёстой. Гишүүн бүрт хууль санаачлах эрх нь бий. 40 гишүүн гэдэг бол ямар хуулийг батлах боломжтой кноп. Тиймээс хуулийн дагуу ажиллах ёстой” гэлээ.