Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдөр ХДХВ/ДОХ-той тэмцэх өдөр

Image result for ДОХ

Дэлхий нийтээрээ жил бүрийн XII сарын 1-ний өдрийг ХДХВ/ДОХ-той тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг. Манай улсад ХДХВ/ДОХ-ын тохиолдол 26 жилийн өмнө бүртгэгдсэн бөгөөд уг халдварын улмаас 42 хүн амь нас баржээ. 26 жилийн хугацаанд манай улсад ХДХВ/ДОХ-ын 267 дахь тохиолдол илэрсэн бөгөөд 15-50 насныхан эзэлж буй юм. Уг халдварын нян тээгчдийн дийлэнх хувийг эрчүүд эзэлдэг гэсэн тоо баримт бий.

Дэлхий нийт энэ жил “Know your status” буюу “Яг одоо шинжилгээнд..”гэсэн уриан дор эл өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. 1980-аад оны эхээр дэлхий дахинад ХДХВ-ийг илрүүлсэн бөгөөд ХДХВ/ДОХ нь 39 сая гаруй хүний аминд хүрсэн тоо байна. Өнөөдөр дэлхий дахинд ХДХВ-ийн халдвар тээгч 37.9 сая гаруй хүн амьдарч байна. ДОХ-ын улмаас нас барсан хүний тоо дэлхийд 1.1 саяд хүрчээ. 2018 онд хийсэн ХДХВ-ийн халдварын тархалтын тооцооллоор манай улсад энэ онд 653 хүн ХДХВ-ийн халдвартай байх магадлалтай ба үүний 34.4 хувийг илрүүлээд байгаа Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

ХДХВ-ийн халдвар:

– Бэлгийн замаар буюу ХДХВ/ДОХ-той хүнтэй хамгаалалтгүй /бэлгэвчгүй/ бэлгийн хавьталд орох

– Цусаар буюу халдвартай цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, эд эрхтэн шилжүүлэн суулгах, зүү тариурыг дамжуулан хэрэглэх

– ХДХВ-ийн халдвартай эхээс урагт, хөхний сүүгээр … халдварладаг байна

Шинж тэмдэг:

-ХДХВ нь хүний дархлалын тогтолцоог гэмтээж, дархлааг аажмаар сулруулдаг. Тухайн хүний биеийн эсэргүүцлээс хамааран дархлалын тогтолцоог гэмтээх явц нь 6 сараас 10 гаруй жил үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд тухайн хүнд мэдэгдэхүйц зовиур илрэхгүй, эрүүл хүн шиг байх боловч бусдад халдвар тараах эрсдэлтэй байдаг. Энэ үед вирус зөвхөн дархлалын тогтолцоонд чухал үүрэгтэй Т4 эсийг гэмтээдэг байна.

Дархлалын тогтолцоо сулрах тусам тухайн хүн турж эцэж, амархан ядарч сульдаж, янз бүрийн арьсны өвчинд өртөмтгий болдог. Улмаар уушигний үрэвсэл, хомхой, сүрьеэ, хорт хавдар зэрэг илүү ноцтой хүнд өвчнүүдэд өртөнө. ДОХ өвчний үед Илрэх шинж тэмдгүүд:

– Биеийн жин буурах

– Байнга ядрах

– Шөнө хөлрөх

– Хүзүү, суга, цавины булчирхай томрох

– Амьсгаадах, хий ханиах

ХДХВ хүний дархлааг устгаж, ДОХ өвчний шатанд хүрсэн нөхцөлд өвчтөн 1-2 жилийн дотор нас бардаг байна.

Илрүүлэх арга:

ХДХВ-ийн халдварыг цус, шээс, шүлснээс дээж авч шинжилгээгээр илрүүлдэг. Хүний цусанд эсрэг бие гол төлөв 4-8 долоо хоногийн дараа илэрдэг ч зургаан сар хүртэлх хугацаанд илрэхгүй байж болно. Халдвар авсан цусанд эсрэг бие илрэх хүртэлх хугацааг “цонх үе ” гэнэ.

Эмчилгээ:

ДОХ/ХДХВ-ийн халдвартай хүмүүсийг төгс эмчлэх аргыг дэлхий дахин өнөө хэр нь олж чадаагүй байна. Эмчилгээний арга гэвэл энэ вирусийн хөгжлийн хурдыг саармагжуулах, халдвартай хүмүүсийн дархлааг дэмжих төдий л арга байна. Гэхдээ ДОХ-ын үүсгэгч уг вирусээс урьдчилан сэргийлэх арга замуудыг тогтоогоод байгаа юм.

ХДХВ-ийн халдвараас сэргийлэх арга замууд:

– Хосууд бие биедээ үнэнч байх

-Тохиолдлын бэлгийн хавьтлаас татгалзах,тэвчих

– Бэлгэвчийг зөв, тогтмол хэрэглэ

– Зүү тариурыг дамжуулан хэрэглэхгүй байх

ДОХ нь одоогоор бүрэн эмчлэгдэх аргагүй, үхэлд хүргэдэг өвчин. Гэхдээ ДОХ-оос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

Categories
гадаад мэдээ

Эцэг Буш 94 насандаа таалал төгсчээ

Image result for Жорж Герберт Буш

АНУ-ын 41 дэх ерөнхийлөгч Жорж Герберт Буш XI сарын 30-ны өдөр 94 насандаа таалал төгсчээ. Энэ тухай түүний хүү АНУ-ын 43 дахь ерөнхийлөгч Жорж Уолкер Буш мэдэгджээ. Тэрээр 1989 онд АНУ-ын 41 дэх ерөнхийлөгчөөр сонгогдон 1993 хүртэл ажиллаж байжээ. Мөн түүнээс өмнө найман жилийн хугацаанд дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.

Дэлхийн хоёрдугаар дайнд оролцож нисгэгч байсан аж. Мөн 1964 онд анх улс төрд орохоосоо өмнө газрын тосны бизнес эрхэлж байжээ. Дөрөвдүгээр сард эхнэр Барбара нь 92 насандаа өөд болж, Герберт Буш долоо хоногийн дараа эмнэлэгт хүргэгдэн нас барах хүртлээ эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Зарим аймгуудын авто замын хөдөлгөөнийг түр зогсоолоо

Увс аймгийн ихэнх нутгаар арваннэгдүгээр сарын 30, 12 дугаар сарын 1,2-ний өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангаран улсын болон орон нутгийн чанартай авто зам, даваа хаагдах нөхцөл байдал үүсэж болзошгүй тул иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Улаангом хот, бусад сумдаас гадагш гарах автозамын хөдөлгөөнийг 2018.11.30-ны өдрөөс 2018.12.02-ний 08 цаг хүртэл хугацаанд түр хязгаарлалаа.

Мөн Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газрын А/60 тушаалаар тус аймгаас гарах автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан. Үүнтэй уялдуулан Хо.Ховд – УБ-Хо.Ховд, Бө.Өлгий-УБ-Бө.Өлгий, Го.Есөнбулаг-УБ-Го.Есөнбулаг чиглэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг түр зогсоолоо.


Categories
мэдээ спорт

Жүдо бөхийн “HONG KONG ASIAN OPEN 2018” тэмцээн эхэллээ

Жүдо бөхийн цуврал тэмцээнүүдийн нэг болох “HONG KONG ASIAN OPEN 2018” өнөөдөр албан ёсоор эхлэж байна. Уг тэмцээнд 29 орны 232 жүдочид хүч үзэх ба манай улсаас өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр, ОУХМ Д.Төмөрхүлэг тэргүүтэй 27 залуу жүдоч татамид зодоглохоор мэдүүлгээ өгчээ. Тэмцээн 2018 оны 12 сарын 1-2 өдрүүдэд явагдах бөгөөд өнөөдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаанууд явагдана. Өнөөдөр манай улсаас эрэгтэй 6, эмэгтэй 8 нийт 14 жүдоч татамид гарах хуваарьтай байна. Уг тэмцээн нь Дэлхийн чансааны оноо өгөгддөг тэмцээн тул зөвхөн Ази тивийн жүдочид бус бусад тивүүдээс ч жүдочид олноор хамрагддаг нэр хүндтэй тэмцээн юм. Дашрамд дуулгахад МУГТ М.Бундмаа, ОУХМ Б.Батгэрэл нар 2017 оноос хойш Хонгконгийн шигшээ багт урилгаар дасгалжуулагч хийж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

“Яг одоо шинжилгээнд” уриан дор ДОХ-той тэмцэх өдрийг өнгөрүүлнэ

Дэлхий нийтээрээ жил бүрийн арванхоёрдугаар сарын 01-ний өдрийг ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн тухайд “Know your status” буюу “Яг одоо шинжилгээнд” гэсэн уриан дор өнгөрүүлэх аж. Дэлхий дахинд 37. 9 сая хүн ХДХВ-ийн халдвартай амьдарч байна.Үүний 34.5 сая (28.8-40.2) насанд хүрэгчид, 2.1 сая (1.7-2.6) <15 насны хүүхэд эзэлж байгаа бөгөөд жил бүр 1.8 сая хүн (1.6-2.1) шинээр ХДХВ-ийн халдвар авч байна. Мөн ДОХ-ын улмаас 1.1 сая хүн нас барсан гэсэн мэдээлэл бий. НҮБ-ын ДОХ-ын Нэгдсэн хөтөлбөрөөс 2020 он хүртэл 90:90:90 хөтөлбөр буюу ХДХВ, ДОХ-той хүмүүсийн 90 хувийг илрүүлж, илрүүлсэн хүмүүсийн хувийг РВЭЭ-нд хамруулж, эмчилгээнд хамруулсан хүмүүсийн 90 хувийнх нь вирүсийн ачааллыг бууруулах зорилт дэвшүүлээд байна.

Categories
мэдээ нийгэм

“Unplug 2018” арга хэмжээ зохион байгуулагдана

Шинийг санаачлагчид, тоглоомын дүрмийг өөрчлөгчдийн баяр Шинэ үеийн манлайлагчид, залуу мэргэжилтнүүдийн хамгийн том цугларалт Утга учиртай хэлэлцүүлэг өрнүүлж урам зоригоор тэтгэх зорилготой.

Гурав дахь жилдээ зохиогдож буй Unplug 2018-д нэг талаас амжилттай яваа үүсгэн байгуулагчид, гүйцэтгэх захирлууд, бүтээгч хүмүүс зочноор оролцож, нөгөө талаас тэднээс суралцах, үлгэр дууриал авах хүсэлтэй эрч хүчтэй залуусаас бүрдсэн 1000+ хүн цуглах юм.

Unplug 2018 арга хэмжээ уламжлал ёсоор дараах дөрвөн хэсгээс бүрдэнэ:

UNPLUG CONVERSATIONS – Асар тулгамдсан сэдэв, санаанд оромгүй зочидтойгоор

UNPLUG MARKETPLACE – 20+ онцгой компани/бүтээгдэхүүнтэй, шинэлэг хэлбэртэйгээр

UNPLUG UPDATES – Сэтгэл хөдлөм санаа/төслүүд, илүү том төлөвлөгөөтэйгөөр

UNPLUG AWARDS- Шилдэг санаачилга хэмээх шинэ номинацитайгаар

Энэ жилийн Unplug-ийн онцлог нь орчиндоо ээлтэй эвент хэлбэрээр зохион байгуулагдах юм. Энгийн эвентүүд асар их хуванцар, цаасан хог хаягдал гаргадаг бол бид эдгээрээс зайлсхийж, аль болох дижитал сонголтуудыг ашиглан Unplug 2018-ийг эвент зохион байгуулалтаар шинэ шатанд гаргах болно. Түүнчлэн Unplug Week-ийг зарлан гол арга хэмжээ болох 7 хоногт бид төрөл бүрийн сонирхолтой эвентүүдийг зохион байгуулна гэдгийг дуулгахад таатай байна.

Хүсэн хүлээсэн өдөр айсуй!

ХӨТӨЛБӨР

09:00 Бүртгэл

10:00 Нээлт

10:30 Хэлэлцүүлэг №1: Бизнес

11:30 Цайны завсарлага & Unplug Marketplace

12:00 Хэлэлцүүлэг №2: Технологи

13:00 Өдрийн хоол & Unplug Marketplace

14:00 Unplug Updates

14:30 Хэлэлцүүлэг №3: Хувь хүний хөгжил

15:30 Цайны завсарлага & Unplug Marketplace

16:00 “Би хэрхэн ажилладаг вэ?” ярилцлага

17:00 Unplug Awards

18:00 Хаалт

20:00 PechaKucha Night Ulaanbaatar Vol. 2 #UnplugEdition

Тасалбарын талаарх мэдээллийг: 9117 7722, 9912 6977

Эвентийн сурвалжлахтай холбоотой мэдээллийг: 8808 6391, 8810 4222

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гоёл-2019 наадмын топ моделиор Н.Сарнай шалгарлаа

Гоёл-2019 загварын шоуны шинэ топ моделиор Н.Сарнай шалгарлаа.

Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг Гоёл наадам 31 дэх жилтэйгээ золгож байна. Энэ жилийн наадамд 80 орчим загвар өмсөгч оролцож, дизайнеруудын урласан шинэ брэндүүдийг тайзнаа амилуулсан юм. Монголын шинэ брэндүүд, шинэ дизайнерууд оролцож байгаа нь Гоёл наадмын энэ жилийн онцлог байлаа. Жил жилийн Гоёл наадмаас топ загвар өмсөгч тодруулдаг уламжлалтай. Энэ удаагийн топ моделиор загвар өмсөгч Н.Сарнай шалгарч, шагналыг топ модель Х.Бадамгэрэл гардуулан өгсөн юм.

Бусад номинацид шагнал хүртсэн ШИЛДЭГ загвар, өмсөгч, дизайнер, байгууллагын тухай мэдээллийг хүргэж байна.

Шилдэг эрэгтэй моделиор О.Хэрлэн,
Шилдэг эмэгтэй моделиор Ц.Алтантуяа
Дэд байрын шагналыг загвар өмсөгч О.Ариунзул
Шилдэг фото модель Б.Шүрэнцэцэг

Керасис брэндийн шагнал

  • дизайнер Б.Батзогсоол
  • модель Гэрэлсүрэн, Эрдэнэцэцэг

Cesar’s брэндийн шагнал Болор-Эрдэнэ

Шилдэг make up artist Crystal salon Болор

Тусгай байр дизайнер Б.Гэрэлмаа

Шилдэг ирээдүйтэй залуу дизайнер “Bortua” Б.Балжинням

Өдөр тутмын хувцасны шилдэг дизайнер Б.Гантболор

Гоёлын хувцасны шилдэг дизайнер “GEM” Ч.Болормаа

Үндэсний хувцасны шилдэг дизайнер Ц.Уянга “Black swan” коллекц

Уран сэтгэмжтэй хувцасны шилдэг дизайнер Бажуна

Шилдэг загвар зохион бүтээх товчоо “Дархан минж” компани тус тус тодорлоо.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Баруун аймгуудаар хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурна

Өнөө шөнө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш өдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй салхи, шуурга шуурч, 2-ноос хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 11-16 метр, шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 28-30 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 11-16 градус, Алтайн өвөр говиор 1-6 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Монгол Алтайн нуруу, Тэс голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна. Оройдоо эрс хүйтэрнэ.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 13-15 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 5-10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс өдөртөө секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 17-19 градус, бусад хэсгээр 11-13 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

12 дугаар сарын 02-06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 2-нд ихэнх нутгаар цас, 3-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 8-13 метр, 2-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтний эрч эрс чангарч Завхан голын эх, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.