Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй ярилцлаа.
-Монгол төрийн үйл ажиллагааг Ман-ын талцал гацаахад хүргэлээ гэсэн шүүмжлэл дагуулж байгаа. Ерөнхий сайд байсан хүний хувьд улс төрд өрнөж буй үйл явдлыг хэрхэн дүгнэж байна?
-Ерөнхийдөө нийгэмд Ардын намын тэмцэл гэсэн ойлголт яваад байгаа юм. Миний бодоход үүнээс арай өргөн хүрээтэй юм. Монголын төр авлига, хээл хахууль, хулгай луйварт нэрвэгдсээр байгаад олон жил боллоо. Өнөөдрийн үйл явдлын эхлэлийг Ерөнхийлөгч УИХ-ыг тараах санал гаргаснаар тавьсан л даа. Одоо Засгийн газрын хувь заяаны асуудал болоод явж байна. ЖДҮ-ээс их хэмжээний зээл авсан төрийн түшээд олон түмэнд ил болж, дургүйцлийг нь төрүүлж, түүнээс улбаалж энэ бүхэн сөхөгдсөн. Засгийн газрыг огцруулах асуудал явц дунд гарч ирсэн гэж хэлж болох юм. Ардын намынхан бүлгийн даргаа солиход л огцорсон, хорссон түшмэл нь Засгийн газрыг огцруулна гээд л гаргаж тавилаа шүү дээ. Хараад байхад авлига хээл хахуулийн сүлжээ нь Их хуралд олонх болж нөлөөтэй болоод байгаа юм чинь Засгийн эрхийг гартаа авъя гэсэн ийм байдлаар асуудал тавьж байна. Өөрөөр хэлбэл, Монголын авлигын сүлжээ гаарах, давхар тал руугаа орж байна. Ардын намынхны сэдсэн төрийн албыг худалдах 60 тэрбумын асуудал бол Үндсэн хуулийн эсрэг, төрийн эсрэг гэмт хэргийн шинжтэй юм л даа. Ер нь Монгол төрд сайхан ярьж, олон түмний толгойг эргүүлдэг мөртлөө жинхэнэдээ байж болохгүй муухай үйлдлүүдийг халхавчилж ирсэн мафиози маягийн бүлэглэлийн үйл ажиллагаа их даамжирчээ. Үүнийг цааш нь явуулж болохгүй болжээ.
-Засгийн газрын хувь заяаг хэлэлцэх хуулийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа. сөрөг хүчин засгийг огцруулах тал дээр байр сууриа нэгтгэсэн байна лээ. Засгийн газар тэсч үлдэж чадах болов уу?
-АН, МАН-ын хоорондын харилцааны түүх их сонин. Нэг талд нь жаахан шударга ёсны асуудал юм уу, зөрчил яригдахад нөгөө тал нь далдганаж очоод засгаа нухдаг байдал нэлээд олон удаа давтагдаж байна. Ардчилсан намынхан сая Монголын ардчиллыг аврахын төлөө, Ардчиллын үнэт зүйлийг хамгаалахын төлөө Засгийн газрыг огцруулахыг дэмжиж байна гэж байсан. Гэтэл Засгийн газрыг огцруулах долоон үндэслэл нь ардчиллын хувь заяатай огт хамаагүй юм. Төр засагт олон жил бүгсэн янз бүрийн үйл явдлыг энэ засагт тохъё гэсэн л асуудал. Гэхдээ энэ засгийн тавьж байгаа асуудал нь “УИХ-ын дарга 60 тэрбумын асуудалд орооцолдсон болохоор зайлах ёстой” гэж байхад УИХ дахь АН-ын бүлэг нь “Ерөнхий сайдыг унагах нь зүйтэй юм” гээд дундуур нь гүйж байна. Энэ үйл явдлыг харахад УИХ-д байгаа АН-ын бүлэг нь, намын удирдлага нь нийгэмдээ эерэг үүргээ гүйцэтгэх чадвараа алдаж байна уу даа гэсэн ойлголтод хүргэж байна л даа. АН-ынхан их сайхан, зөв юм ярьж байна. Ер нь бол үргэлж ингэж л байдаг. Өөрсдөө яг засгийн эрхийг авсан хойноо төр барьсан үедээ Монголыг хэнээс ч илүү хорлож чаддаг шүү дээ. Үүнийгээ АН-ынхан бодох хэрэгтэй болсон байх. 1990 оны ардчилсан хувьсгал мэдээж ардчиллын тугийг өргөж боссон хүмүүсийн гавьяа. Гэхдээ тэр гавьяагаар бүхнийг далдалж болохгүй.
Засгийн газрынхаа хувь заяаг Их хурал нь яаж шийдэх юм байгаа, мэдэх юм алга. Ямар ч байлаа гэсэн энэ бол Монголын төрийг эрүүлжүүлье гэсэн санаанаас хийж байгаа алхам биш.
-Дараагийн Засгийн газар гарч ирлээ гэхэд ажиллах хугацаа тун бага. Шүд сугалах маягаар асуудалтай сайд нараа явуулж, танхимаа авч үлдэх гарц Ерөнхий сайдад бас бий?
-У.Хүрэлсүх шүүх, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа хүмүүс нь нотлогдох юм бол явуулна гэдгээ хэлээд байна лээ. Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарт хэлсэн гэдгээ ч дурдаж байгаа харагдсан. Хууль хяналтын байгууллага нотлох байх.
УИХ-д байгаа Ардын намынхан 32:32-оороо хуваагдчихаад байгаа нь хэнд ч ойлгомжтой. Нэг 32-ыгоо нөгөө 32 нь АН-ын тусламжтайгаар нухах нь л дээ. Оронд нь нөгөө 32 нь гарч ирнэ гэдэг нь ойлгомжтой шүү дээ. ЖДҮ-гаас МАН-ын 65 гишүүний 30, 40-өөд нь зээл авсан гэсэн. Тэд УИХ-д суугаад хууль батлах эрхтэй юм уу. Үнэхээр ёс суртахуунаа бодож байгаа бол энэ хүмүүс “Бид болохоо байсан юм байна. Явъя даа” гээд УИХ нь тараад, сайн дураараа албан тушаалаасаа огцрох ёстой биз дээ. Гэтэл өөрсдөө нам дотроо тэмцэл хийхдээ “Чи үг хэлэх эрхгүй” гэж нэг нэгийгээ хасч хаячихаад чуулгандаа болохоор хууль батлах эрхтэй гээд сууж байна шүү дээ. Нөгөө талдаа Монгол төр цэвэрших, ариусах алхамыг хийж байгаа боловч маш хүнд бэрхшээлийг туулна.
– Засгийн газар нь огцорч, УИХ нь тарлаа гэж бодъё. Дараа нь яах вэ?
-Дараа нь дахиад л нам дамжуулж нэр дэвшүүлдэг 76 хүнийг сонгоно шүү дээ. Бүх юм дахиад л тойргоороо явьна гэсэн үг. Тэгэхээр Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг оновчтой боловсруулж чадаагүй, намуудын тухай хуулийг шинэчилж чадаагүй ийм нөхцөлд эцсийн зөв шийдэлдээ хүрэхэд бэрхшээлтэй. УИХ хариуцлагын талаасаа хэд дахин тарах цаг нь болсон. Одоо энэ УИХ-ыг тараачихлаа гэхэд дахиад олигархуудын нэр дэвшүүлсэн 76 хүнийг сонгож авчираад өөрчлөлт гарахгүй шүү дээ. Үндсэн хуулиа өөрчилж, төрийн эрх мэдлээ ард түмнийхээ гарт өгч, хяналттай парламенттай болсон цагт асуудал өөр байна. Гэтэл Үндсэн хуулийн төсөл нь Монгол төрөө улам сулруулах, хүчгүйдүүлэх, мөхөл рүүгээ хөтлөх л юм яваад байна. Үндсэн хуулийг өөрчлөх асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн тэргүүний хувьд голлох байрыг эзэлж ард түмнийхээ өмнө үгээ хэлэх ёстой. Гэтэл манайхан Ерөнхийлөгчийн засаглал уу, парламентын засаглал уу гэсэн зохиомол асуудлаар олон түмнийгээ хувааж бужигнуулаад худлаа мэдээлэл өгөөд байна. Миний бодоход энэ асуудлыг явцууруулж томьёолно гэдэг бол 15 толгойтой атгаалжийн хар мангас ирчихээд монголчуудыг “Хөлнөөс чинь идэх үү, тархинаас чинь идэх үү” гээд байгаа юм шиг л харагдаад байна. Гэтэл “Парламентын засаглал бол олигархууд чамайг барьж иднэ. Ерөнхийлөгчийн засаглал бол дектатурт чи орно” гээд хоёр тийш нь салгаж хаяад байна л даа. Тэгэхээр Ерөнхийлөгч бол мэдлэгтэй, туршлагатай хуульчдадаа түшиглээд Үндсэн хуулийн цоо шинэ төсөл гаргах хэрэгтэй болж байгаа юм. Намуудын тухай хуулиудыг өөрчлөөгүй байгаа тохиолдолд эндээс өөдтэй юм гарахгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өөр хэн ч намуудын тухай хуулийг шинээр боловсруулж оруулахгүй. Яагаад гэвэл намууд өөрсдийнхөө эрхийг хязгаарлах тухай хууль хийхгүй шүү дээ. Улам лавшруулна уу л гэхээс. Монгол Улсын Төрийн тэргүүн эв нэгдлийг илэрхийлэгч гэдэг утгаараа намуудын тухай хуулийг санаачлах ёстой байх.
-Ерөнхий сайд “Төрийн их цэвэрлэгээ эхэллээ” гэж хэлсэн нь ард түмэнд таалагдах гэсэн шоу мэтээр хүмүүс хүлээж аваад байна. Харин та ямар бодолтой байна вэ?
-Хоморголсон гэдэг утгаар их цэвэрлэгээ гэж хэлж болохгүй. Төрийн үйл ажиллагааны зарчмыг хөндсөн гэж ойлгож байгаа юм. УИХ бол төрийг барих дээд байгууллага гээд Үндсэн хуулиндаа бичсэн. Гэтэл 76 хүнийг сонгоход сонгогчдын өмнө хэн очдог билээ. Энэ намуудын толгой дээр гарсан олигарх бүлэглэлүүд чинь өөрсдийнхөө төлөөлөгчийг л нэр дэвшүүлдэг. Бид сонгогчдыг “Та нарын сонгосон хүн шүү дээ, хохь чинь” гэж хэлэх эрх байхгүй юм даа. Нэр дэвшүүлсэн хүмүүс нь намуудын толгойг барьж байгаа олигарх, авлигын бүлэглэл, мафиози сүлжээний нэр дэвшүүлсэн хүмүүс очдог. Тэгэхээр тогоог нь цэвэрлэх хэрэгтэй болж байгаа юм. Намууд гэдэг бол төр рүү бохир цутгадаг хоолой болж хувирсан байна. Үүнийг л цэвэрлэх хэрэгтэй. Үүгээр дамжсан төрд наалдсан бузар буюу хулгайч, луйварчин, авлигачид чамгүй олон сууж байна.Эднийг цэвэрлэхгүйгээр төр цаашдаа явж чадахгүй. Цэвэрлэнэ гээд бүгдэд нь дөнгө зүүлгээд шоронд хорино гэсэн үг биш. Иргэний хувиараа сайхан амьдраад яваг. Төрд очоод төрийг будлиулж хувааж суух нь хэрэггүй юм л даа. Их цэвэрлэгээ хийнэ гэсний утга нь үүндээ байгаа байх гэж бодож байна.
-Ерөнхийлөгч бол эв нэгдлийг илэрхийлэгч. Тэгтэл У.Хүрэлсүхтэй гар нийлээд УИХ-ын даргыг шахаад байгааг юу гэж ойлгох вэ?
-Эв нэгдлийг хангах ёстой гээд хулгайч, авлигачидтай эв нэгдэлтэй байх тухай асуудал биш. Тийм болохоор УИХ-ыг тар даа, болохоо байчихлаа гэдэг нь эв нэгдлийг бусниулж байгаа хэрэг биш. Харин монгол түмнийг зөв зам дээр нь хөтөлж гаргах гол асуудал юм л даа. Миний бодлоор хулгайч, луйварчин, авлигачид хууль баталж болохгүй. Одоогоор УИХ дахь 40-өөд гишүүн ЖДҮХС-тай холбогдлоо. Цаана нь 20 гаруй сан байгаа. Тэнд юу болж буйг ёстой бурхан л мэдэх байх. Гэхдээ Ерөнхийлөгч Үндсэн хуулийнхаа төслийг маш чанартай хийгээд олон түмэндээ ил гаргасан байх ёстой.
УИХ-ын дарга өөрөө Монгол төрийг, эх орноо худалдах энэ 60 тэрбумын асуудалд орооцолдлоо гэдгийг АН 2016 оны сонгуулийн өмнө хэлсэн. Одоо МАН-ын дарга нь өөрөө үүнд УИХ-ын дарга нь оролцсон нь үнэ” гэж хэллээ шүү дээ. Үүнээс өөр юу хэрэгтэй юм бэ. Гэтэл монгол төрийг өөрийнхөө хувийн эрх ашгаас доогуур тавьж байна шүү дээ.
-УИХ-ын даргыг огцруулъя гэхээр Үндсэн хуульд заасан үндэслэл байхгүй юм биш үү?
-УИХ-ын дарга өөрөө ухамсартай, сэтгэлтэй хүн юм байгаа биз дээ. “Үнэхээр 60 тэрбумын хэрэгтэй холбоотой баримт гараад иржээ, намыг маань, төрийг минь эвгүй байдалд оруулж байна” гээд явах ёстой. Тэрнээс “Хуулинд намайг огцруулах шалтгаан тоочиход 60 тэрбумын хэрэг үйлдвэл огцруулна гэсэн заалт байхгүй” гээд суугаад байж болохгүй. Үндсэн хуульд УИХ-ын дарга, намын дарга төрийн эсрэг гэмт хэрэг хийж болно гэсэн заалт байхгүй.
-Шүүх хяналтын байгууллага шалгаж тогтоож байж УИХ-ын даргыг огцруулах эсэхийг ярих ёстой биз дээ?
-Хяналтын байгууллага нь Их хурлын даргыг өмгөөлж, хамгаалдаг хүмүүс толгойлдог асуудал бий л дээ. Урьд нь Ардчилсан намынхан олон удаа өгсөн. Гэтэл эвлүүлэг байна л гээд байсан. Хамгийн сонин асуудал нь Ардын намынхан өөрсдөө Сундуйгаа “Чи ийм хэрэг хийсэн байна” гээд үүрэгт ажлаас нь чөлөөлөөд явуулсан шүү дээ.
-Та дээр Ерөнхийлөгчийг шинэ Үндсэн хуулийн төсөл оруулж ирэх ёстой гэлээ. Гэтэл шийдвэр гаргах эрх нь УИХ-д байдаг…
-Байдал ерөнхийдөө тодорхой л байгаа юм. Авлигачид, олигархууд гэдэг чинь өөрсдийн зорилготой. Тэр сонирхлоосоо татгалзахгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Үндсэн хуулийн шинэ төсөл гараад ирсэн тохиолдолд Ерөнхийлөгч ард түмэндээ хандаад ард нийтийн санал асуулгаар шийдсэн нөхцөлд УИХ зууралдаад байх юмгүй болно. Үндсэн хуулийг 76 гишүүний олонхын саналаар баталж болохгүй. Төр нь ард түмэнтэйгээ байгуулсан гэрээ нь Үндсэн хууль байдаг. Тэгэхээр төр дангаараа ийм гэрээ хийнэ гээд баталж болохгүй. Үүний төлөө Ерөнхийлөгчийн талаас тодорхой ажил хийх хэрэгтэй.
-Ерөнхийлөгчийн Тамгын газраас Үндсэн хуулийн төслийн ажлын хэсгийнхэнд “Ерөнхийлөгчийн засаглалтай болох эсэх талаар ард түмнээс саналыг нь асууж өгнө үү” гэсэн байна лээ?
-АНУ-д Ерөнхийлөгчийн засаглалтай гэдэг. Ерөнхийлөгч нь Засгийн газраа байгуулаад толгойлоод явж л байгаа. Гэтэл ардчиллын тогтолцооны эхийг тавьсан Франц улс хүчтэй ерөнхийлөгчтэй, засгийн газартай, ерөнхий сайдтай. Засгийн газар нь тусдаа ажиллаад л болоод яваад байгаа шүү дээ. Хоёр хөршөө харахад парламенттай, бас Ерөнхийлөгчтэй яваад байна. Ерөнхийлөгчийн засаглалтай гэхгүй. Тэгэхээр төрийн хэлбэр бол тухайн орных нь амьдралын онцлог, түүх, төрт ёсны уламжлал, соёл иргэншилтэйгээ холбоотой байдаг юм байна. Үүнийг нь хэн нэгнээс хуулах хэрэггүй л дээ. Манайхан сонгодог парламенттай болох ёстой л гээд байгаа. Дэлхийн II дайнд ялагдсан Герман, Япон улсын парламентыг хэлээд байгаа юм уу. Гэтэл Германы Үндсэн хуульд их сонин заалт бий. Канцлерийг ерөнхийлөгч нь дэвшүүлж байгаа. Ерөнхийлөгчийн саналыг бундестаг нь 75 хувийн саналаар хүлээж авахгүй бол буцна. Ерөнхийлөгч дахиад санал оруулна. Бундестаг 51 хувиар хүлээж авахгүй бол тарна. Японы Үндсэн хуульд Японы эзэн хаан засгийн газраа огцруулах асуудлыг парламентад тавьбал шалтгааныг нь тайлбарлахгүй байж болно. Аль ч улсын ерөнхийлөгчөөс давуу эрх байгаа биз дээ. Манай Үндсэн хуулийн хамгийн том гажуудал бол энэ 76 хүнээ бурхан мэт тахичихсан. Гэтэл тэд өөрсдийгөө хамгаалах хууль баталсан. Гэтэл үүнийг үндсэн хуулийн өөрчлөлтөд хөндөөгүй байгаа юм. Миний хувьд өнөөдөр Монголын хувь заяа, ардчиллын хувь заяа төр цэвэр байх уу гэдгээс л хамаарч байна. Монголын түүхэнд анх удаа Ерөнхийлөгч нь УИХ-ыг тар гэж хэллээ. Анх удаа Ерөнхий сайд нь төрөө цэвэрлэе гэж хэллээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нэг байр суурин дор очиж байгаа нь Монголын ард түмэнд итгэл төрүүлэх цорын ганц хүч юм даа.
-Ер нь ард түмэн босоход бэлэн байна гэсэн асуудал байнга тавигдах боллоо. Энэ улстөрчид ард түмнийг өдөөн турхирч байна уу. Үнэхээр ард түмэн босоход бэлэн болчихоод байгаа юм уу?
-УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланг чуулганы хуралдааны үеэр “Хойд хөршөөсөө зэвсэг техник, танк авлаа. Ерөнхий сайд бослогод уриалж байна” гэсэн нь олон түмнийг төөрөгдүүлж, турхирсан асуудал шүү дээ. Авлигачид амь тэмцэхдээ ард түмнийг хагалган бутаргах ямар ч хуурамч мэдээллийг дэлхий нийтээр цацах чадвартай гэдгээ харууллаа. Харин ард түмний дунд долдугаар сарын нэгэн шиг үйл явдал давтагдахгүй байх.